Categories
мэдээ нийгэм

Дарь-Эхийн замыг засварлаж байна

Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дарь-Эхийн төв зам сүүлийн өдрүүдэд орсон аадар борооны улмаас эвдрэлтэй болсон. Иймд Нийслэлийн авто замын хөгжлийн газар дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар-1 ОНӨААТҮГ хороотойгоо хамтран хариуцсан зам талбайг сэргээн засварлаж эхлээд байна.

Categories
мэдээ нийгэм

Үерийн улмаас эвдэрсэн хот хоорондын замыг засч байна

Сүүлийн өдрүүдэд Говь-Алтай аймгийн ихэнх нутгаар усархаг бороо үргэлжлэн орж улсын хэмжээний авто замууд эвдрэл үүссэн билээ. Тодруулбал, 2018 оны долдугаар сарын 31, наймдугаар сарын 1-ний өдөр орсон ширүүн аадар борооны улмаас тус аймгийн Дэлгэр сумыг дайран өнгөрдөг А0303 дугаартай Алтай-Баянхонгор чиглэлийн 128 км хатуу хучилттай авто зам дагуу 12 хэсэгт эвдрэл гарч, хот хоорондын тээврийн үйлчилгээнд хүндрэл үүсгэсэн юм.

Тус автозамын эвдрэл гэмтлийг арилгахаар Говь-Алтай аймгийн авто зам засвар арчилгааны “АЗЗА” ТӨХК ажиллаж байна. Мөн ойрын өдрүүдэд бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа учир тус чиглэлд зорчиж буй жолооч нарыг анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг холбогдох албаныхан зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Хурд хэмжигч ажиллаж байна

Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс, Улаан загалмайн хороо хамтран замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг шат дараатай амжилттай зохион байгуулж байгаа билээ. Нийслэл хотоос зүүн тийшээ гарч буй зам тээврийн ослын дийлэнх хувийг замын хөдөлгөөнд хурдаа зөв тохируулан оролцож чадаагүй болон гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийснээс гарсан зам тээврийн осол эзэлж байна. Иймд дүүргийн 11 дүгээр хороо Хонхор тосгон руу эргэх замд дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн албан хаагчид 24 цагаар эргүүл хийн, хурдны зөрчил илрүүлэх зөөврийн төхөөрөмжийг байрлуулан зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж байна.

Дашрамд хөдөлгөөнд оролцож буй жолооч та бүхнийг ‘’Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан, хамгаалах бүсийг хэрэглэн’’ замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байна.

Categories
мэдээ нийгэм

БНХАУ-д суралцах виз мэдүүлэх иргэдийн анхааралд

Хичээлийн шинэ жил эхлэх дөхөж байгаатай холбогдуулан БНХАУ-ын их дээд сургуулиудад суралцахаар Улаанбаатар дахь БНХАУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлэхээр хандах иргэдийн тоо, дараалал жил бүрийн наймдугаар сард огцом өсдөг.

Улмаар ЭСЯ-ны визийн үйлчилгээний ачааллыг үлэмж нэмэгдүүлдэг тул БНХАУ-д суралцах оюутан залуучуудыг цагийг нь тулгалгүйгээр аль болох эртнээс визээ мэдүүлэхийг Гадаад харилцааны яамны Консулын газраас зөвлөж байна. БНХАУ-ын ЭСЯ нь долоо хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан гарагуудын 9:30-12:00 цагийн хооронд визийн материал хүлээн авдаг юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Амьдралын ухаарал сэхээрэл, танин мэдэхүйг өгүүлэх Алхимич

Пауло Коэльогийн “Алхимич” номыг энэ удаагийн ном ярьж өгье буландаа онцолж байна. Хэдэн сар дараалан номын дэлгүүрүүдээр бестселлер болоод байсан уг бүтээл нь дэлхийн сонгодог уран зохиолын санд багтдаг, хамгийн олон хэлээр орчуулагдсан орчин цагийн өнгө аясаар бичигдсэн зохиол билээ. Зохиолын гол баатар Сантьяго бол хоньчин залуу. Тэрээр өөрийн эх орон болох Испани улсыг орхин хаа холын аялалдаа гарна. Зарим хэсэгт нь хонио тууж, цөхрөнгөө барахдаа замдаа хонио зарж, эрдэнэс олж авна. Эргээд хонь л түүний хань нөхөр болохыг ойлгож, дахин хонь худалдан авна. Сайн муу, сайхан муухай олон хүнтэй тааралдан нөхөрлөж, адал явдалтай аян замын сонин хачинтайгаар зохиол өрнөдөг. Тодруулбал, тэрээр Африк тивийн баруун хойд өнцгөөс Египетийг зорьж Сахарын элсэн цөлийг гатлан явахдаа хүн аливаа зүйлийг хүсэх юм бол орчлон хорвоо хүртэл тусалдаг, болохгүй зүйл гэж байдаггүй болохыг ухаарна. Угаас энэ номыг нэрлэсэн “Алхими” гэдэг нь хүн аливаа зүйлсийн бүтцийг ойлгож, түүнийгээ задлаад дахин бүтээдэг шинжлэх ухаан гэнэ. Холын мөрөөдөл хүнд олон зүйлийг таниулдаг. Амьдрал бол танин мэдэхүй, аялал, адал явдал юм гэдгийг зохиолд тусгажээ. Энэ номыг уншсанаар, амьдралд сайн муу зүйлд тохиолдоно, алдаж бас ононо. Хүмүүний амьдралд алдаа оноо бол зүгээр л байх ёстой зүйл гэдгийг ойлгуулна. Бас хэн нэгэн хүнд мэхлэгдэн хууртагдсан байлаа ч тэвчээртэй байвал юуг ч алт болгон хувиргаж болно хэмээх санааг илэрхийлжээ. Тодруулбал, Сантего өөрийн алдсан алдаагаар дараагийн ололтыг олж, ойлгоогүйгээ ухаарч, сайн хүнийг сургаалийг сонсдог. Ер нь юунд ч тэгтлээ битгий яар, болох ёстой зүйл болдгоороо болно, идэх цагаа болохоор ид, явах цагаа болохоор яв. Юм бүхэн цаг хугацаатай гэдгийг өгүүлсэн байна. Бид амжилтад хүрэхээр явж байх үедээ зарим чухал деталиудыг алгасдаг. Заримдаа бидний хайгаад олоогүй зүйл хажууханд минь байдаг. Эхлээд бид дотоод зохицлыг олж авсны дараа материаллаг зүйл рүү тэмүүлэх хэрэгтэй.Бид бүгдэд хүсэл мөрөөдөл, зорилго хэрэгтэй. Өөрийн хийж буй зүйлдээ үнэнч шударгаар тэмүүлж буйгаа мэдэж байгаа үед бидний ирээдүй илүү гэрэл гэгээтэй болдог.Та ямар нэгэн цэгт хүрэхээс өмнө маш олон азгүйтэлтэй учрах хэрэг гарна. Эдгээр боломжуудад талархах хэрэгтэй. Та тэдгээр азгүйтлүүдийг хүсэж буй зүйлдээ хүрэх хаалга гэж бод. Та зүгээр л тэдгээр хаалгаар орж, зорилгынхоо дараагийн хэсэг рүү нэвтэрч байна гэсэн үг. Азгүйтэлтэй тулгараагүй бол амжилтад хүрэхгүй гэх мэт сайхан санаануудыг ухаалгаар зохиолд тусгажээ.

Categories
мэдээ нийгэм

Хүрээ цамын ёслол эхэллээ

Хүй долоон худагт болж байгаа “Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадмын гол үйл ажиллагаа буюу цам харайх ёслол эхэллээ.

Цам нь буддын шашныг дэлгэрүүлэх, газар лусын эздийн уур хилэнг намжаах, хүн ардад учирсан гай зовлон, ад зэтгэрийг арилгах зорилгоор нууц тарнийн ёсонд тулгуурлан үйлддэг шашны томоохон зан үйл юм. Цам нь төвд хэлээр бол нам дарах гэсэн утгатай үг бөгөөд буддын шашны үлгэр домгийн дүрүүдийг биетээр үзүүлэн бурхан чөтгөр, буян нүглийн утга учрыг сүсэгтэн олонд таниулах зорилготой. Нууц тарнийн ёсны дэг сахилга хатуу учир цамын Чойжин сахиусны бясалгалыг хийж, дотоод санаа бодол нь номын зүгт бүрэн хандсан, номын абшиг санваар хүртсэн лам хуврагууд л цамд цамнадаг бөгөөд ёслол болохоос 1-2 сарын өмнөөс бэлтгэл хийдэг байна. Цам харайх ёслолын нэг гол хэсэг нь Цагаан өвгөн бүжих ёслол юм. Урт цагаан сахалтай, цагаан дээлтэй өвгөн урт нас, удаан жаргал, өлзий хутга, буян хишгийг олон түмэнд түгээн элгэмсүү дотноор цамнан бүжиж хишиг буянаа хайрлан сүсэгтэн олонд идээ будаа тараана.
Үүний дараагаар Үхээрийн эзэд буюу хохимой нар цамнана. Тэднийг хон хэрээ дагасан байх ба хэрээ ариун тахилд хүрч бузарлахыг оролдох бөгөөд хохимой түүнийг хамгаалж буй дүр үзүүлэн бүжиглэдэг.
Энэ үед хөгжим улам чанга сүртэй болж Хуушин хаан найман хүүхдийн хамтаар гарч ирнэ. Тэд хуран цугласан олныг баясгагч дүрүүд юм. Тэдний дараа шашны хамгаалагч бурхад буюу зовлонгоос гэтэлгэгч Гомбо, эд баялгаар хангагч Намсрай, шашны хамгаалагч эм бурхан Лхам, дайчин тэнгэр Жамсран, тэдгээрийг дагалдагч Буга толгойт Шива, Үхэр толгойт Махиа нар гарч ирнэ. Тэдний бүжиг маш хурц ширүүн байдаг.

Үүний дараа цамын бүжигт баг зүүдэггүй дүр болох Хар малгайт шанагууд цамнаж, шашныг үүрд хамгаалах ам тангараг өргөсөн таван хааныг урин зална. Таван хааны богинохон маш ширүүн бүжгийн дараагаар Эрлэг номун хаан буюу Дамдинчойжоо гарч ирнэ. Бухын толгой бүхий багтай бөгөөд нэг гартаа тэрсүүтнийг барих цалам, нөгөө гартаа дүүрэн цустай гавал аяга барьсан байна. Түүнийг гарч ирснээр цам бүжгийн хамгийн оргил хэсэг эхлэх бөгөөд цамын талбайн голд байрлах сорыг тойрсон 2 тойрог үүсгэн бүжиглэнэ. Дотор тойрогт гол догшин бурхад, гаднах тойрогт шанага малгайтнууд бусад дагалдагч бурхад байх агаад бүх сорыг гурван удаа тойрч эргээд “Ансол” хэмээх ном уншина. Үүний дараа анх гарч ирсэн эрмбээрээ анх гарч ирсэн дугандаа залрах бөгөөд лам нар сорыг дүрэлзэж буй гал руу хийн шатааснаар ёслол өндөрлөх юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрт ёс хийгээд монгол бөхийн аварга цолны эрэмбийг хадгалж яваа хүчтэн Сүхбаатарын Мөнхбат

Төрт ёсны их баяр наадмын дараа бөхчүүдээ үзэж чадахаа байдаг уламжлал бидэнд хэдийн тогтсон. “Авлига, найраагаар дүүрсэн наадам”, “Бөхчүүд гэж махан толгойтой юмнууд”, “Улс орны хөгжилд огтхон ч нэмэр болоогүй хэр нь байр, машинаар хахлаа” гээд л амтай бүхэн элдэв хоёроор хэлж, үзэж чадахаа байдаг. Сүүлд гэхэд энэ жилийн наадамд түрүүлсэн шинэ аваргад Онцгой байдлын газраас хурандаа цол өгсөнд олон түмэн жигтэйхэн дургүйцэж байна. Үнэхээр ч бөхийн нэр хүнд жил ирэх тусам унаад байгаа. Бөхчүүд нь өөрсдөө унагаад байгаа. Энэ хавар, зун юу болов. Төр засаг нь хүртэл эвий халаг болон хүлээж аваад түр эвлэрүүлсэн болоод наадмаа хийсэн. Одоо удахгүй хөгшин аваргууд нь бусдыгаа түрхрээд өнөө “сирийн дайн”-даа мордоцгоох юм байгаа биз. Төрийн суудал сандайлж суусан зарим нэг ойворгон бөх тэгэх нь “Одоо монгол бөх надад хамаагүй. Би хийдгээ хийж авдгаа авсан” гэх увайгүй зангаар бөхөө устгах гэж гүйлдэж байна. “Бөх бол төр юм” гээд амьтны элэг доог болж сууна. Ийм л дүр зураг монгол бөхөд тод харагдаад байгаа.

Гэтэл монгол бөхийн жудаг ёсыг хадгалахын төлөө тэмцдэг, монгол бөхийн дээд цол болох аварга цолны нэр хүнд, эрэмбэ дархлааг сэвтээлгүй авч явахыг эрхэмлэдэг бөхчүүд байна аа. Бүгд ч шуналын тулам болчихоогүй нь мэдээж. Тэдний нэгэн нь Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат улсын идэр залуу аварга Сүхбаатарын Мөнхбат юм. Ердөө гуравхан жил улсын наадамд барилдаад монгол бөхийн дээд цол болох аварга цолонд хүрсэн гэдэг. Тодруулбал, 2009 оны улсын наадмын өмнөхөн болсон Бүх цэргийн наадамд түрүүлж цэргийн арслан цол хүртээд тэр жилийнхээ наадамд Ховдын Ч.Батзориг заанаар тав давж улсын начин цол хүртсэн удаатай. Энэ тухайгаа аварга “Юм гэдэг их сайхан ерөөлтэй. Би Монгол Улсын заан Ч.Батзоригоор тав давж Монгол Улсын начин цол хүртсэн юм. Шинжлэх ухаан, технологийн их сургуульд сурч байхдаа нэгдүгээр курсээ төгсчихөөд амралтаараа гэртээ харьчихсан байлаа. Тэр үед Ж.Алтансүх начин цолоо хүртээд удаагүй байсан юм. Сум руугаа явах үедээ манайхаар дайрлаа. Зүүнговь сум руу нь би хүргэж өгөхөөр болсон юм. Тэгтэл Хяргас суманд Кёкүшюзан Д.Батбаярын нэрэмжит барилдаан болж таараад оролцлоо. Гурвын даваанд Ч.Батзориг заан намайг амладаг юм байна. Ч.Батзориг зааныг татаад хавирах гэхээр нь хутгаад давахаа алдлаа. Хүмүүс ч юу болов гэж шуугиад. Хэдий унасан ч тахимаа өгөхдөө би их бэлгэшээж билээ. Өөртөө бол “Яасан гоё юм, өөр шигээ том бөх болгоорой” гэж бодож байсан. Тэр ерөөлөөр ч юм уу, Монгол Улсын начин гэх эрхэм цолыг тэр хүнийг давж хүртсэн дээ. Тэр үеэс хойш хүн сайн сайхныг хүсэж явбал бүтдэг юм байна гэж их итгэсэн” хэмээн нэгэнтээ ярьж байсан.

Начин цол авсныхаа дараа жил тавын даваанд одоогийн аварга Г.Эрхэмбаярыг, зургаагийн даваанд тухайн үед түрүү бөхийн тааварт нэр нь зүй ёсоор бичигдэж байсан, арал, чацтай, хүчтэй гарьд М.Баяржавхлан нарыг өвдөг шороодуулж улсын харцага цолонд хүрсэн байдаг. Тэгвэл 2011 оны ардын хувьсгалын түүхт 90 жилийн төрт ёсны их баярыг ард түмэн санаж байгаа. Тэр жил Өсөхөө аварга наймын даваанд Говь-Алтайн Ж.Бат-Эрдэнэд хөлөө алдан ар гэдэргээ савж хүчтэй унасан юмдаг. Энэ мэтчилэн аварга, арслан, гарьдууд толгой дараалан нурснаар 1024 бөхийн түрүү үзүүрт улсын харцага С.Мөнхбат, улсын начин Г.Эрхэмбаяр нар үлдэж байсан. С.Мөнхбат аварга наймын даваанд шинээр заан цол хүртээд байсан Ч.Санжаадамбыг хоёр сугаар нь тэвэрч, өөр лүүгээ хүчтэй татаад уран гоё хутгах мэхээр давж үзэгч олныг баярлуулж байсан. Ч.Санжаадамба долоогийн даваанд Ц.Содномдоржтой тунаад, тэр хоёрын заан цолны төлөөх барилдаан бантан болсон. Хоёр ч удаа барьц сонгож барилдахад засуул цэцүүд оролцоод юу ч болов. Тэр жилийн наадмыг хамгийн их уяж, үзэгчдийг залхаасан барилдаан тэр. Цэнгэлдэх дүүрэн цугласан наадамчид “Санжааг хас, Санжааг хас” хэмээн дуу нэгтэй орилж, Ц.Содномдорж хөлийн цэц нарын дэргэд уйлж зогссон ийм л дуулиан дунд наймын даваа эхэлсэн. Удаа ч үгүй байтал С.Мөнхбат Ч.Санжаадамбыг харцагадаж тэврээд омогтойхон хутгасан. Үзэгчдийн нүдэнд үзүүрлэгдсэн Ч.Санжаадамба сэтгэл зүйн хувьд нэг л сонин болчихсон байсан нь С.Мөнхбатын далбаанаас хүүхэд шиг зүүгдээд босоод ирснээс мэдрэгдэнэ. Яах учраа олохгүй, яагаад уначихснаа мэдэхгүй, хэсэгтээ л маанагтаж зогссон юм даг. Ингэж л С.Мөнхбат аварга шинэхэн заан Ч.Санжаадамбаар найм давж гарьд цолны болзол хангалаа. Есийн даваанд Өсөхөө аваргыг айхтар чанга хаясан уран барилдаанд Ж.Бат-Эрдэнийг илүүрхэн хаяж, арвын даваанд Сэлэнгийн Эрхэмбаярыг хүчийг нь дагуулан гар ачих мэхээр сөхрүүлж, Монгол Улсын аварга хэмээх эрхэм дээд цолонд хүрсэн юм. Гуравхан жилийн хугацаанд бөхийн дээд цолонд хүрсэн гэдэг нь ийм учиртай.

С.Мөнхбат аварга Г.Эрхэмбаяр аваргаар арав давсан түүхэн барилдаанаа ийн дурсдаг юм. “Аль аль нь ес давчихсан. Би Г.Эрхэмбаяр руу хэд хэдэн удаа мэх хийх гэж үзээд маш их цуцсан. Хоёр талдаа харцагадаж сугадаж аваад, баахан шигшлээ, мушгилаа. Янз бүрээр л үзлээ. Нэлээд цуцлаа. Г.Эрхэмбаяр маань миний элэг бүсийг түрүүлээд авчихлаа. Харин би авч чаддаггүй. Сэнжиг дээрээс нэг зайлах гэж байна. Яг тэр үед миний улсын начин цолтой байхдаа хийж байсан мэх тархинд гялсхийн орж ирээд давтан хийсэн юм. Г.Эрхэмбаяр тэр мэхээ ахиад хийдэггүй юм болов уу гэж бодлоо. Элэг бүс авах гээд ухасхийхэд ахиад л хийлээ дээ. Тэр үед дагаж ороод л өвдөг шороодуулсан. Хүн бүр л түрүүлснийхээ дараа ямар мэдрэмж төрж байв гэж асуух дуртай. Надад түрүүлчихээд явж байхдаа болох ёстой юм болсон юм шиг л бодогдоод байдаг. Өөртөө итгэхгүй яагаад ингэж бодоод байна аа гэж өөрөөсөө асууж ч үзэв. Түрүүлснийхээ дараа үзүүр түрүүний бөх зураг авахуулахад Г.Эрхэмбаярыг би татаж авчраад өөрийнхөө дээд талд зогсоосон байдаг юм. Г.Эрхэмбаяр надад уначихаад уурлаад босч ирэх болов уу гэж гэж бодсон чинь инээгээд босч ирж билээ. Үүнд нь баярласан. Дотроо бэлгэшээн аварга болоосой гэж хүссэн юм даа. Эдүгээ би “Миний чин сэтгэлийн хүсэл сайхан биеллээ. Хүндлэл дээдлэл болсон Г.Эрхэмбаяр маань аварга болсноор биелжээ” гэж бэлгэшээж явдаг. Түүнийг аварга болоход үнэхээр баярлаж билээ. Улсын наадамд хоёр жил дараалан надад унасан юм. Тухайн үед өөрт нь би “Хоёр жил дараалан таныг давж хоёуланд нь том цол авлаа. Маш их баярлалаа” гэж хэлж байсан. Монгол эр хүний, бөх хүний сэтгэл ийм байх ёстой юм болов уу гэж бодож явдаг. Монгол бөх гэдэг нь эрчүүдийн дундаас бие сэтгэлийн хувьд арай өөрөөр хатуужсан, сэтгэлгээ нь уужим учраас бөх хэмээх эрхэм алдрын эзэн болж явдаг болов уу. Энэ ёс жудаг жилээс жилд алдагдсаар байгаад аварга бөхийн хувьд эмзэглэн харж явдаг” хэмээн аварга хэлсэн. Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, “Гэгээн Муза”-гийн эзэн Б.Цогнэмэх зохиолчтой хийсэн аваргын ярилцлага нэг л сайхан сэтгэгдэл төрүүлдэг. Хуучны домогт их хүчтэнүүдийн яриа хөөрөөг сонсож байгаа ч юм шиг.

Ер нь аваргын ярианаас бодол сэтгэл нь нэвт шувт уншигддаг л даа. Тэрээр хоёр жилийн өмнө байна уу даа, П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва хоёрын өнөө дуулиантай, Санжаадамбын түрүүлдэг наадмын дараа манай сонинд ярилцлага өгсөн. Наймын даваанд С.Мөнхбат аварга эрэмбээрээ хамгийн түрүүнд ам авахдаа Г.Эрхэмбаяр аваргыг амласан. Энэ нь баахан хэл ам, шүүмжлэл дагуулж, нөгөө л улигт Увс, халхын хуваагдал, жалга довны жижигхэн үзлийг дэвэргээд авалгүй хаачихав. Тэр тухайгаа “Монголчууд тусгаар тогтнол, эв нэгдлийнхээ баярыг Үндэсний их баяр наадмаараа тэмдэглэдэг гэж ойлгодог юм. Наадмаас хойш энэ талаарх яриа чих дэлсэж л байна. Гэхдээ үндэсний бөх гэдэг бол хувь хүний спорт, амжилт байдаг. Тиймээс би өөрийнхөө амжилтыг бодож л ийм ам авсан. Ганцхан би ч биш дархан аваргууд гурвын даваанд нэгнийгээ амлаж л байдаг. Г.Эрхэмбаяр аварга бид хоёрын барилдаан хариуцлагатай даваа байсан.

Тухайн үеийн нөхцөл байдлаас харж амлаж байгаа болохоос заавал аваргыг амалъя гэж төлөвлөөгүй. Бас наадмын өмнөхөн аваргуудын нэрэмжит барилдаанаар Г.Эрхэмбаяр аварга бид хоёр үзүүр түрүүнд үлдсэн юм. Би их амархан хаясан. Тэгээд ч тэр үү болчих юм шиг л сэтгэл зүйтэй байлаа. Гэтэл Г.Эрхэмбаяр аваргын маань бэлтгэл наадмаар нэлээн чамбайрч, сайн болж орж ирсэн. Би бол сайхан л барилдаан болсон гэж боддог. Унасандаа харамсдаггүй. Бөх хүн унаж, хаях гэж л бөх болдог. Гэхдээ наадам болгонд түрүүлнэ гэж бодож барилддаг даа” гэж хэлж хэлсэн.

Залуу аварга С.Мөнхбатын яриа хөөрөөнд философи шингээстэй байдаг. Яриа бүрийг нь анзаарахад эрхгүй тэгж санагддаг. “Миний бие ёс заншил, нандин зүйлийг шингээсэн үндэсний бөх минь цэвэр байж улам хөгжөөсэй, олон үзэгчтэй, барилдахыг хүссэн залуучуудаар дүүрэн, бөхийн цол үнэ, хүндтэй байгаасай гэж хүсдэг хүний нэг. Бөх хүнд л Монгол Улсын аварга гэсэн сайхан цол бий. Үүнийгээ хадгалж сайхан л барилдъя гэж боддог. Надад Тува, Өмнөд Монголоос маш их үнэ өртөг бүхий бооцоотой барилдаанд хүч үзэх санал ирдэг. Би давна гэдэгтээ мэдээж итгэлтэй байна. Өөрийнхөө ахуй амьдралыг бодвол өндөр бай шагналтай тэр барилдаануудад очих нь надад ашигтай. Гэхдээ би Монгол Улсын аварга цолтой бөх хүн. Тийм байж тэнд очоод уналаа гэхэд Монголын нэр сүр цуг унана. Энэ цолны үнэ хүнд ч гэсэн. Тэгэхээр аварга боллоо ч үүнийг дааж явна гэдэг их том үүрэг хариуцлага байдаг юм шүү дээ. Ийм болохоор бас аймгуудын наадамд ч зодоглодоггүй. Үргэлж зөв байж, үлгэр жишээ байх юмсан гэж хичээдэг юм”. Энэ бол төрт ёс хийгээд монгол бөхийн аварга цолны эрэмбийг хадгалж яваа хүчнээс л гарах үг.

Тэрээр 2009 онд улсын начин цол хүртсэнээсээ хойш Монгол төрийн наадамд найман удаа шөвгөрөөд байна. Бүр тодруулбал, гурван удаа долоо, хоёр удаа зургаа давсан байна. 2013 оны улсын наадамд С.Мөнхбат аварга долоогийн даваанд олимпийн аварга, хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярыг өвдөглүүлж байсан. Н.Түвшинбаярын хувьд Д.Рагчаа гарьдаар тав, Өсөхөө аваргаар зургаа даваад байлаа. Гэвч “улааныг харж урвалгүй, шарыг харж шарвалгүй” С.Мөнхбат аварга л долоогийн даваанд Н.Түвшинбаярыг амлаад хаяж байсан. Өсөхөө аварга шиг Н.Түвшинбаярт элэг бүсээ тайлчих болох ч талтай, гэвч өнөө л худлаа барилдахгүй, ард түмэн, төрт ёс, аварга цолныхоо эрэмбэ зиндааг хүндэтгэх хүндэтгэл нь түүнийг долоо давуулж байсан. 2016 онд залуу заан Нэгдэлийн Жаргалбаяраар мөн л долоо давж шөвгөрсөн. “Увс нуур” дэвжээний Н.Жаргалбаярт худлаа барилдаад унаж болно. Гэвч тэгээгүй. Харин өнгөрсөн жилийн наадамд зургаа даваад долоогийн даваанд унаган багын найз Өлзийтогтохын Бат-Оршихдоо тахимаа өгсөн. С.Мөнхбат аваргаар долоо давсан Ө.Бат-Орших Н.Түвшинбаяр аваргаар найм давж түрүү үзүүрт шалгарсан юм. “Ноднин жилийн наадамд харин огтоос бэртэлгүй байлаа. Дээгүүр барилдах сэтгэл зүй ч өндөртэй. Харин Ө.Бат-Орших бид хоёр бол хар багаасаа биенээ хурцалж ирсэн найзууд л даа. Намайг цэргийн арслан ч болгосон. Аварга болоход маань бэлтгэл хангагч байсан бөх. Түүний бүхий л зүтгэл миний амжилтыг өргөсөн юм. Бэлэн гоймонгоо хувааж идсэн олон өдөр бий. Найздаа нөхрийн чанар харуулж байгаагаа олон түмэнд харуулсан. Өөрийгөө бодвол өөр ам авна шүү дээ. Энэ үүднээс л хандсан даа. Өмнөх жилийн наадмуудад авсан амыг минь ажиглаарай. Том цолны найраа явагдах гэж байхад нь би амлаж таслан зогсоогоод байсан юм шүү. Монгол бөхөд шударга ёс байгаасай гэдэг үүднээс ам авсан хэрэг. Аварга гэдэг алдар хүндийг ингэж л хамгаалах гэж бөхийн гал тогоогоо цэвэрлэх гэж тэр л дээ. Ард түмэн энэ учрыг мэдэж байгаа даа” гэсэн. Аваргын найздаа тахимаа өгч заан цолны босго алхуулчихаад уйлаад алхаж буй зураг тодхон байна. Тэгвэл С.Мөнхбат аварга энэ жилийн наадмаар мөн л аваргын буйр зааж, эрэмбэ хадгалж төрийн наадамд долоо даван их шөвөгт шалгарч Ч.Санжаадамба аваргад өвдөг шороодсон. Аваргыг тавын даваанд унаад өгчихөөч төчнөөн зуун саяыг өгье гэсэн хүмүүс олон байсан нь мэдээж. “Би тэр найрааны асуудалд орооцолддоггүй. Ёстой өөрөөсөө хол өнгөрүүлж ирсэн. Надад ийм санал ирж л байдаг юм. Үгүй ээ, чадахгүй л гэдэг. Төрийн өндөр албан тушаалтнуудаар ч над руу яриулж байсан удаа бий” гэж нэгэнтээ хэлсэн. Тавын даваанд больё гэхэд долоогийн даваанд өгчихөөч гэсэн гуйлт байгаа. Дам сураг сонсох нь ээ, энэ жилийн долоогийн даваанд С.Мөнхбат аваргад хэчнээн зуун саяын тоотой мөнгө дуулдаж л байсан. Гэтэл аварга өгсөнгүй. Хөдөлмөрийн баатар жудогийн нэрт тамирчин Х.Цагаанбаатарын хэлснээр мөнгөнд бууж өгөөгүй. Улсын наадамд хоёр удаа шөвгөрч чадалгүй унасан нь 2012 оны дөрвийн даваанд тэр жилийн түрүү бөх Пүрэвийн Бүрэнтөгсөд, нөгөө нэг нь 2015 онд Дундговийн Алтанхуягт тавын даваанд унасан. Энэ бүхэн найраагүй, үнэн хүчийг үзээд унасан гэдгийг олон түмэн мэднэ.

Өнгөрөгч хавар Монголын домогт их аварга Жигжидийн Мөнхбат бурхны оронд одсон. Тэгвэл их аваргын нэртэй Сүхбаатарын Мөнхбат гэж хүчтэн бөхийн дэвжээнд ийм л сайхан бодолтой, эрэмбэ жудагтай, хэдэн халтар төгрөгөөр төрт ёсны их уламжлалаа үгүй хийхийг бодолгүй, эв эеийг хичээхийн төлөө зүтгэж яваа нь сайхан юм даа.


Categories
мэдээ нийгэм

З.Батбаярын хээр морь түрүү магнайд хурдаллаа

“Даншиг наадам- Хүрээ цам 2018” шашин соёлын наадмын хурдан их насны морьдын уралдаанд Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач З.Батбаярын хээр морь түрүү магнайд хурдалж, торгон жолоо өргүүлэв.
Аман хүзүүнд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харъяат Д.Амармэндийн зээр морь, айргийн гуравт Говь-Алтай аймгийн Дарви сумын уяач Ц.Гончигсүрэнгийн хээр морь хурдлав. Харин айргийн дөрөвт Төв аймгийн Эрдэнэсант сумын уяач Ө.Өлзий-Оршихын зээрд, айргийн тавьд Говь-Алтай аймгийн Шарга сумын харъяат Н.Даваанямын бор морь тус тус хурдаллаа.
Хурдан их насны морьдын уралдаанд 108 морь бүртгүүлж, 104 хурдан хүлэг шандас сорьсон юм. Уралдааны үеэр хүүхэд унасан, морь бахардсан тохиолдол байхгүй гэдгийг Хурдан морины комиссоос мэдээллээ.

Categories
булангууд мэдээ өд-бэх

Нэгэн их нууц буюу Цэвээний ЦЭНД

-СОДОН ХҮНИЙ ТУХАЙ-

Яруу найрагч Цэвээний Цэнд гэж нэг “содон” нөхөр бий. САЛДАН ДОЛООН ОВОГТ түүний дотоод ертөнцөд нэвтэрнэ гэдэг тийм ч амар хялбар хэрэг бус. Ямар ч энгийн санааг тултал нь орооцолдуулж орхино. Ээдрээ төвөгтэй болгочихно. Юмыг ээдрүүлж байж сая сэтгэл ханана. Тэр нь сэрэхүйн нарийн гижиг хөдөлгөх нь бүүр ч жигтэй. Шүлгүүдийг нь анх уншихад “энэ лав гажиг нөхөр байх” гэж бодмоор. Юутай ч түүний шүлгүүдийг Г.Бадамсамбуу “имперссионист” гэж оношилсон юм даг. Монголын яруу найрагт ай тэмдэглэх оролдлогыг тууштай хийж яваа хүн бол Ц.Цэнд юм. Бас номынхоо шүлгүүдийг өөрийн зурсан таталбаруудаар дүрсжүүлсэн найрагч.

Ц.Цэндээс гэнэ гэнэ хачин авир гарна. Хамтдаа алхаж явснаа уулын бэлд идэшлэх үхрийг хараад, “Хүмүүс, жишээ нь, тэр үхрийг өвс идэж байна гэх байх. Би бол үхэр өвс идэж байгаа нь үхрийн хэлэнд байна гэж хэлнэ. Өвсийг ороож аваад тасдаж байгаа тэр хэлэнд л үхрийн мөн чанар байна” гэх юм уу, “Ээждээ хурдан очихыг сумтай зүйрлээд байх юм. Сум гэдэг чинь мөн чанар нь үхэл” гэж уулгална. Нэг удаа Г.Бадамсамбуутай хотын гудамжаар явж байснаа утааны сүүдэр газар унасныг хараад “Хөөе, энэ утаа чинь сүүдэртэй юм гээч” гэж олзуурхан хөөрөлхсөн гэх. Тэгээд Г.Бадамсамбуу “Утааны сүүдэр” нэртэй ойллого түүнд зориулж бичсэн удаатай.

Түүний 1988 оны өвөл Увс аймгийн “Тэргүүний малчин” сонинд нийтлүүлсэн “Цочино гэдэг агшны хорвоо” шүлэг тухайн үедээ л “эвэртэй туулай” байв. Мөн “Сүүдэр”, “Дэлхийн агаар” зэрэг шүлгүүд нь ч бусдаас онцгой ялгарч байсан юм. Яруу найрагч Б.Лхагвасүрэн 1980-аад оны сүүлээр Дарханд ирэхдээ “Залуучууд” театрын гэрлийн техникч Ц.Цэндийн шүлгүүдийг уншуулж сонсоод “Ямар хуцдаг бацаан бэ?” гэж дуу алдсан гэдэг. Тэгээд хэдэн шүлгийг нь радиод бичиж аваад явжээ. Тэр үе бол Б.Лхагвасүрэн найрагчийн ид босоо үе нь шүү дээ. Одоо бол Ц.Цэнд театрын дулаан хариуцсан инженер. Нэгэнт танигдсан яруу найрагч.

Ц.Цэндийн энэрэхүй үзэл Д.Урианхай багшийнхаа хөг, агаартай нэг гэж болно. Тэр бас талийгаач анд Б.Пүрэвсүрэнтэй уулын даяанд суусан хүн. Нүсэр хүнд юм шиг бодогдох шүлгүүд нь асар их дотоод хүчтэй. Тэсрэлттэй. Тэгсэн мөртлөө тэнд итгэхэд бэрх уян зөөлөн ай, хөдөлгөөнүүд бий. “Өвсний жавар” хэмээх бяцхан ойллого гэхэд л тэр чигтээ энэрэхүйн зөөлөн ай. Их мөсөн цавтах дуу цээжнээ түрэн ирэхэд загасны нүд жиндэхийг сонсон халаглах дотогш орь дуу. Ийм зөөлөн айтай мөртлөө хүн нь өөрөө адгуу, тэрслүү, цочмог нэгэн. “Насны эрхээр өтөлнө” гэдэг шиг одоо л жамаа дагаад зөөлөрч яваа болохоос. Гэхдээ л төрөлх зангаа амар тавихгүй нь мэдээж.

Хаврын адгуус

цээж нүцгэн!

Ороо удирдах

тарлан газар

Сар бөгтөр харайн

Хоосон дуу гишгэлээ…

* * *

Буга урамдаж өвс зуув уу?

Бүсгүй зүүдэлж хөхөө дарав уу?

* * *

Ичээнд унтах хулгана

Исгэрэн өвслөх сонсдоод…

Ц.Цэнд ийм л тод содон мэдрэмжтэй найрагч.

Түүний тэрслүү зангийн нэг жишээг Ж.Баяржаргал найрагч хөгжилтэй ярьдаг юм. Тэр нь юу гэхээр Дархан хотын Утга зохиолын нэгдлийн нэг удаагийн цуглаан дээр Ц.Цэнд О.Дашбалбар найрагчийн шинэхэн хэвлэгдсэн “Оддын аялгуу” түүврийг цоохор болтол нь засчихсан аваад иржээ. Нэгдлийн эрхлэгч П.Авирмэд гуай түүнийг үзээд бөөн уур болж, Цэндийг зад загнаж. Мань эр ч амар бууж өгсөнгүй. Өөдөөс нь мөчөөрхөж. Түүнээс болж бөөн маргаан дэгдсэн юм байх. Тухайн үедээ энэ нь сэтгэлгээний эрх чөлөө эрмэлзсэн тэмцлийн “хурц” хэлбэр байж.

Согтоод ирэхээрээ тэр ганцхан дуутай:

Нүд чинь талимаараад

даанч сайхан

Нүглийн шүд хүрээгүй

алиман дээр суусан

Хар цоохор эрвээхэй

Хатан сормуусаа билүүднэ

Б.Лхагвасүрэнгийн шүлэг.

Үг, ая нь яг Цэндэд тохирсон дуу.

Алтан хуа цэцэг нь хар илтэстэй яа…

Энэ бол түүний надад үзүүлсэн дууны шүлгийн нэг шад.

Ийм шүлэгт ая тааруулахад чамгүй нарийн ухаан шаардах байх.

Увс нутгийн уулс

Уур хүрэм өндөр…

Нутгийнхаа уулсыг тэр ингэж “магтах” жишээтэй.

Жүнз жингэнүүлье!

Зүрхээ баясгая…

Хөнгөхөн шүлэг нь.

Г.Бямбажав найрагч их дуртай.

Хөмсөг нийлье!

Нэг мөрт шүлэг нь.

Шувуу, шувуу…

….увуу, увуу…

…вууд вууд…

“Шувууд” шүлгээс нь.

Тэр бас “Улисс”-т модерн шүүмж бичсэн гэж байгаа.

Судлаач, шүүмжлэгчид Ц.Цэндийг үгүйсгэж зүрхэлдэггүй юм. Гэсэн мөртлөө одоо болтол түүний тухай өөртөө бүрэн итгэлтэй дуугарсан нь үгүй. Энэ нь Ц.Цэндийн уран бүтээлийн ертөнц хэнд ч хөндөгдөөгүй, атар зэлүүдээрээ байгаа гэсэн үг. Түүний бүтээлийн нарийвчилсан судалгааг “ИРЭЭДҮЙ ЦАГТ” итгэж даатгаад орхино гэхэд дэндүү харамсмаар. Утга зохиолын шүүмж судлалд өөрийгөө зориулж, шинэ хуудас нээхийг хүссэн, ид оргилж яваа залуусын хувьд гэвэл хүч сорих томоохон талбар уг нь энд л байгаа юм даа.

Ц.Цэнд ид залуу насандаа яруу найрагт өөрийн дотоод цөмөөс нэгэн их нууцыг үүтгэжээ. Номын санаа шинэ содон юмгүй, хэвшмэл бол уйтгартай. Хэрэв уншигчийн бодолтой яг таг давхцаж байвал толгой дохин зөвшөөх, сайшаахаас хэтрэхгүй. Харин шал өөр байвал тэндээс шинийг танин мэдэж, мэдсэнээ цааш лавшруулах хүсэл төрнө. Тиймээс л бүх цаг үеийн өдөөгч, уриалагч, турхирагч хүч нь БУСДААС ӨӨР СЭТГЭХ явдал байсаар ирсэн байна.

Ц.Цэнд амьдралаас хэт тасархай мэт этгээд сэтгэлгээтэй мөртлөө амьдралыг маш сайн мэднэ. Сайн аав. Сайн хань. Бас сайн өвөө. Зах зээл эхлэхэд тэр бидэн шиг алмай суугаагүй. Дампуу загнаж, дэмий тэнээгүй. Цээжээ дэлдэж хийрхээгүй. Нам гүмхэн байсан. Бүтээлээ хийхийн зэрэгцээ янз бүрээр хөдөлж үзсэн. Наймаа ч хийсэн. Уух архиныхаа мөнгө олох гэж (өөрийнх нь хэлснээр) бөхийн зодог шуудаг хүртэл ширж сурсан. Аливаад няхуур, цэвэр цэмцгэр нэгэн.

Ийм л нэгэн найрагч чимээгүйхэн аж төрсөөр л…

МЗЭ-ийн шагналт, яруу найрагч М.УЯНСҮХ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.ЭРДЭНЭБУЛГАН: Эцэг, эх хүүхдээсээ илүү технологийн мэдлэгтэй байж, тэднийг цахим гэмт хэргээс хамгаална

ХҮҮХДҮҮДИЙГ АМИА ХОРЛОЛТОД УРИАЛАН ДУУДДАГ “ЭМО” ГРУППЫН АДМИНЫГ ОЛЖ, ГРУППЫГ ХААЖЭЭ

Насанд хүрээгүй хүүхэд, залуучуудыг амиа хорлох, цэнхэр халим тоглоом тоглох зэргээр буруу зан үйлд уриалан дуудаж, уруу татдаг “ЭМО” нэртэй фэйсбүүк группын үйл ажиллагааг таслан зогсоох хүсэлтийг иргэд Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ирүүлжээ. Уг фэйсбүүк группын админ 15 настай “М” гэх охин байжээ. “М” нь “ЭМО” нэртэй группыг яагаад нээх болсон талаараа ийн ярьжээ. Тэрээр “Энэ группыг гурван сарын өмнө нээсэн. Эхний нэг сар ашиглаад сүүлийн хоёр сар ашиглаж чадаагүй. Нийгмээс өөрийгөө тусгаарладаг хүүхдүүдийг нэгтгэх зорилгоор группыг нээсэн. “ЭМО” группт 3500 гаруй фэйсбүүк хэрэглэгч байгаа. Би тэдгээр хүүхдүүдээс хоёроос гурвыг нь танина. Группт тавьдаг зургуудаа ихэнхийг нь интернэтээс олж, цуглуулж авдаг. Уг зургуудыг харахад үнэмшилтэй харагдуулах зорилгоор оруулдаг байсан. Зарим хүүхдүүд нь зургийг хараад надад таалагдаж байна гээд шууд туршихыг хүсдэг. Харин зарим нь уншаад өнгөрчихдөг болохоор би нэг их юм бодоогүй. Анхандаа надад зөв юм шиг л санагддаг байсан. Яваандаа найзууд, том хүмүүс буруу гэж хэлдэг байсан. Би өөрийгөө буруу зүйл хийсэн гэж бодож байна. Үеийнхэндээ хандаж хэлэхэд өөрсдөдөө тулгарсан хэцүү асуудлыг бусадтай ярилцаад, өөртөө болон бусдад ямар нэг гэм хор учруулахгүйгээр сэтгэл хөдлөлөө дарж байгаарай гэж хэлмээр байна. Сургуулиас надад анхааруулга өгсөн. Бас манай нэг найз надад энэ буруу гэдгийг байнга хэлдэг байсан. Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ илүү ойлголцох хэрэгтэй гэж бодож байна. Өөрөөс нь юу нуугаад байгааг нээлттэй ярилцаж, ойлголцох хэрэгтэй гэж боддог” гэж ярьжээ. Улмаар “ЭМО” нэртэй группыг холбогдох албаныхан хаах арга хэмжээ авсан байна.

ИНТЕРНЭТ ОРЧИН ГЭМТ ЭТГЭЭДИЙН
ХОХИРОГЧОО ОЛЖ АВАХТААТАЙ ТАЛБАР НЬ БАЙДАГ

Интернэт орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдлын талаар Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөгч, ахмад Д.Эрдэнэбулгантай ярилцлаа.


-Насанд хүрээгүй хүүхэд, залуучуудыг буруу зан үйлд уриалан дуудаж, уруу татдаг “Эмо” гэх фэйсбүүк групп хэзээ нээгдсэн бэ?

-Өнгөрсөн жилээс эхлэн хүүхэд, залуучуудын дунд нэлээд идэвхтэй фэйсбүүк групп болсон юм байна лээ. Энэ группын гишүүд янз бүрийн даалгавар биелүүлдэг. Тодруулбал, гараа зүсэхээс даалгавар нь эхлэх гэх мэт.

-Тухайн фэйсбүүк группын админд хуулийн ямар хариуцлга хүлээлгэсэн бэ?

-“ЭМО” фэйсбүүк группыг ажиллуулж байсан хүн нь насанд хүрээгүй хүүхэд байсан. Иймээс тухайн хүүхэд сануулга өгсөн байгаа.

-Хүүхдийг буруу зүйлд уруу татсан фэйсбүүк хаяг, группууд маш олон байна. Цаг тухайн үед нь блоклох гэх мэтээр олон нийтэд тархахаас өмнө урьдчилан сэргийлэн хааж болдоггүй хэрэг үү?

-Дэлхийд учруулах заналхийллээрээ нэгд нь кибер гэмт хэрэг, хоёрт нь терроризм орж байна. Манай улсад интернэтэд тавигдах хяналт гэж байдаггүй. Ихэвчлэн гадаад сервертэй вэб сайтуудыг хэрэглээндээ ашигладаг. Иймээс бид шууд зохицуулах боломжгүй. Аль улсын сервер хэрэглэж байна. Тэр улсаас нь тухайн сайтыг шалгаж өгөх, мэдээлэл авах хүсэлтийг явуулдаг. Фэйсбүүк, твиттер нь АНУ-д бүртгэлтэй компани. Эдгээрт бүртгүүлсэн хэрэглэгчийн мэдээлэл Америкийн хуулиар хамгаалагддаг. Манай улсын хуулиар зохицуулагдах боломжгүй. Иймд бид хариуцсан чиглэлийн гэмт хэргийн хувьд фэйсбүүк, твиттертэй холбоотой бол иргэдээс мэдээлэл авч шалгалтын үйл ажиллагаа явуулдаг. Түүнээс биш ямар нэгэн байдлаар мониторинг хийж, цахимаар үйлдэгдэж байгаа гэмт хэргийн мэдээллийг автоматаар олж авах технологийн боломж дэлхийн аль ч улсад хязгаарлагдмал байдаг. Тэгэхээр гомдлын дагуу, эсвэл мэдээллийн дагуу хяналт шалгалт хийдэг гэсэн үг.

-Кибер гэмт хэргийг хэдэн насны хүмүүс ихэвчлэн үйлдэж байна вэ?

-Дэлхий хавтгай тавцан болчихлоо шүү дээ. Ямар ч хуульгүй, цагийн зөрүүгүйгээр гэмт хэрэг үйлдэж байна. Кибер гэмт хэргийн төрлөөс хамаараад янз бүрийн насны хүмүүс байдаг. Гэхдээ ихэвчлэн залуучууд кибер гэмт хэргийг үйлддэг. Сүүлийн үед хүний фэйсбүүк рүү хууль бусаар нэвтэрч найз нөхөд ойр харилцаатай хүмүүсээс нь мөнгө авах гэмт хэрэг их гарч байгаа. Уг гэмт хэргийг үйлдсэн шалгагдаж байгаа хүмүүсийн дунд насанд хүрээгүй 2-3 хүүхэд байсан. Ер нь найз нөхдийн хүрээлэлд хүний фэйсбүүк рүү хууль бусаар хэрхэн нэвтрэх талаар бие биеэсээ суралцдаг. Ингээд тухайн гэмт хэргээ давтан үйлдэх тохиолдол хэд хэдэн удаа бүртгэгдсэн.

-Хувь хүний фэйсбүүк рүү гаднаас хэн нэгэн яагаад нэвтрэх бололцоотой болж байгаа вэ. иргэд юунаас болж мэдээллээ алдаад байгаа гэж үздэг вэ?

-Фэйсбүүкийг хэрэглэж байгаа хэрэглэгч та аюулгүй байдлаа хангахад сайн анхаарах хэрэгтэй. Манай улсын иргэд мэдээллийн аюулгүй байдал гэдэг зүйлийг тэр болгон чухалчилж үздэггүй. Жишээлбэл, фэйсбүүкт нэвтрэх нэр нь утасны дугаар, нэвтрэх код нь бас утасны дугаар байх жишээтэй. Энэ мэтчилэн аюулгүй байдлаа хангах наад захын сэрэмж байхгүй байна. Мөн ямар нэгэн мэдээлэл тавигддаг. Ингээд дээрх мэдээллийг доорх линкээр орж үзнэ үү гэсэн хүсэлт ирдэг. Линкээр ороход нь таны фэйсбүүкийн нэвтрэх нэр, нууц үг нэхсэн хуудас гарч ирдэг. Уг мэдээллийг та фэйсбүүк хаягаараа нэвтэрч байж үзэх боломжтой гэсэн үг. Энэ мэт байдлаар мэдээлэл хулгайлагдаж, фэйсбүүк хаягийнхаа мэдээллийг алдах нь бий. Онцын шаардлагагүй бол мэдээлэл бүр лүү нэвтэрч орохгүй байх хэрэгтэй. Фэйсбүүк ашиглалтын аюулгүй байдлыг хангах хэрэгтэй.

-Өсвөр насны хүүхдүүд өөрийн зургаа цахим хуудаст байршуулснаас болж бусдад дарамтлуулж сэтгэл гутралд орох, цаашлаад амиа хорлох зэргээр эрсдэлд өртдөг гэгддэг. үүнд эцэг, эх хэрхэн анхаарах ёстой вэ?

-Энэ бол маш чухал асуудал. Өсвөр насны хүүхдийг хаана юу хийж яваа, хэнтэй найзалж нөхөрлөж байгааг нь эцэг, эх, сурган хүмүүжүүлэгч нар анхаарч, хяналт тавих ёстой. Эцэг, эх нь хүүхдээсээ илүү технологийн мэдлэгтэй байж, тэднийг хянах боломжтой. Нэг хүүхэд ойролцоогоор 2-3 фэйсбүүк хаягтай байх жишээтэй. Найз нөхөд, гэр бүлтэйгээ харилцдаг хаягийг нь ээж, аав нь мэддэг байлаа гэхэд үүний цаана өөр хүмүүстэй харилцдаг хаяг дахиад байдаг. Интернэт ертөнц бол гэмт этгээд хохирогчоо олж авах хамгийн таатай талбар шүү дээ. Зүсээ хувиргах боломжтой учир хүүхдийн гэнэн итгэмтгий байдлыг ашиглаж бүх мэдээллийг цуглуулж авдаг.Эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ ойр дотноор ярилцдаг байх хэрэгтэй. Юу хүсч, юунд тэмүүлж байгааг нь ойлгоогүй байж хүүхдээ эрсдлээс бүрэн хамгаалж чадахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Эцэг, эхчүүд хүүхдэдээ зайлшгүй анхааруулах ёстой хэд хэдэн зүйл байна. Тодруулбал, бодит амьдрал дээр таньж мэдэхгүй, гоё зурагтай, нэртэй фэйсбүүк хаягийн хэрэглэгчидтэй харилцахгүй, өөрийнхөө талаарх хувийн мэдээллээ өгч болохгүй гэдгийг байнга хэлж сануулж байх. Түүнчлэн өөрийн зургаа танихгүй хүндээ явуулж болохгүй гэдгийг сайн захих хэрэгтэй. Интернэт хараа хяналтгүй орчин учраас хүүхдэд учрах аюул, заналхийлэл маш олон байгаа.

-Хүүхдийн гэнэн итгэмтгий занг ашиглан цахим орчинд садар самуунд уруу татах гэмт хэрэг хэр их гарч байна вэ?

-Ийм төрлийн гэмт хэрэг манай улсад их гарч байна. Хүүхэд өөрөө хуурамч хаяг нээх нь түгээмэл. Тухайн хуурамч хаягаараа бас өөр нэг хуурамч хаяг нээсэн хүнтэй фэйсбүүк найз болдог. Түүнтэйгээ удаан хугацаагаар харилцсанаас бие биедээ ойр дотно, хайртай болох жишээтэй. Гэтэл тухайн хуурамч хаягын ард насанд хүрсэн том залуу байдаг. Тэрээр тухайн хүүхдээс зургаа явуулчих, унтаж байгаа зургаа өгөөч гэх мэтээр тухайн хүүхдийн нүцгэн эсвэл цээж хэсэг нь ил гарсан зургийг авдаг. Ингээд дараа нь тухайн зургаараа нөгөө хүүхдийг дарамталж эхэлдэг. Чиний жинхэнэ хаягийг олсон. Над руу өөр зураг, бичлэг явуулахгүй бол найзууд руу чинь үүнийг явууллаа гэх мэтээр дарамталдаг. Ийм тохиолдолд тухайн хүүхэд сэтгэл санааны дарамтад орж амиа хорлох үйлдэл хийхийг оролддог. Иймэрхүү төрлийн гэмт хэрэг 2014 онд Сүхбаатар аймагт болж байсан. Тухайн аймгийн харьяат нэгэн иргэн хуурамч хаяг ашиглаад охидын зургийг цуглуулдаг, дарамталж мөнгө авдаг, зарим охидтой нь бэлгийн харилцаанд орсон байдаг.

Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд бодлогоор авч үзэх ёстой. Боловсролын яамтай хамтарч мэдээллийн аюулгүй байдлыг хангах хичээлийг хүүхдүүдэд заах хэрэгтэй байна. Мөн энэ дашрамд хэлэхэд гадаад худалдаа эрхэлдэг байгууллагууд төлбөр тооцоо хийхдээ хянамгай байгаарай. “Данс өөрчлөгдлөө, шалгалт орсон” зэрэг захидал ирвэл утсаар лавлаж асуухад гэмгүй гэдгийг анхааруулъя. Мөн иргэдийн хувьд “Сугалаанд хожлоо, мөнгө шилжүүлэх гэсэн юм, дансаа өг” гэх мэт зүйлд битгий итгээрэй. “Үнэгүй юм зөвхөн хавханд л байдаг” гэдгийг санах хэрэгтэй.