Categories
мэдээ нийгэм

Даншиг наадмын үеэр хоёр хүүхэд төөрчээ

Хүй долоон худагт зохиогдож буй “Даншиг наадам-Хүрээ цам” арга хэмжээний хүрээнд цагдаагийн байгууллагын 1200 гаруй алба хаагчид наадамчин олны аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэв журмын явган, автомашинтай, нохойт, морьт эргүүлүүдийг ажиллуулж байна.

Наадмын үеэр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Хүй долоон худгийн радио узель ашиглан наадамчин олонд 30 минут тутам 2-3 удаагийн давтамжтайгаар сэрэмжлүүлэг хүргэж, бага насны хүүхдийг төөрөхөөс сэргийлж, эцэг, эхийн утасны дугаартай бугуйвчийг тараасан аж. Мөн наадмын үеэр хоёр хүүхэд төөрснийг цагдаагийн алба хаагчид эцэг, эх асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч ажиллажээ.

Categories
мэдээ нийгэм

“Баргажин” олон улсын наадам Дорнод аймагт болж байна

Барга түмний уламжлалт соёлын санг баяжуулах, Барга зан үйлийн давтагдашгүй өвийг сэргээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилго бүхий “Баргажин-IV” олон улсын наадам өчигдөр/08.04/ Дорнод аймгийн Чойбалсан хотод эхэллээ.

Уг наадамд ОХУ-ын Буриад улсын Курумкан, Баргужин аймаг, ӨМӨЗО-ны Шинэ барга баруун хошуу, Шинэ барга зүүн хошуу, Хуучин барга хошууны барга угсаатнууд, зочид төлөөлөгчид урилгаар оролцож байна.

Зүүн бүсийн Зөвлөлийн дарга бөгөөд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн: “Дорнод Монголын уудам тал нутагт амьдарч ирсэн Халх, Барга, Буриад, Үзэмчин, Хамниган зэрэг угсаатны бүлгүүд өөр өөрийн ахуйн соёл, зан үйлийн өвөрмөц онцлогоо он цагийн уртад тээсээр өнөөг хүрч ирлээ. Энэ XXI зуунд үндэсний уламжлалт түүх, соёл урлаг, зан заншлын баялаг өв сангаа сэргээх, хадгалах, хойч үедээ өвлүүлэх хэрэгцээ шаардлага тулгарч байна. Тиймээс анх 2007 онд Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд “Баргажин” наадмыг зохион байгуулсан бөгөөд өдгөө дөрөв дэх удаагаа Дорнод аймгийн төв Чойбалсан хотод зохион байгуулсандаа талархаж буйгаа илэрхийлж, Барга түмэн бол Монгол Улсынхаа үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн Монгол угсаатан юм” хэмээн баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд зориулан хэлсэн үгэндээ онцлон дурьдлаа.
Наадмын эхний өдөр буюу өчигдөр/08.04/ Их нас, соёолон насны морьдын уралдаан, Түнх сурын харваа болон Толиот бөхийн барилдаан Барга ардын дуу, Барга түмний сэдэвт зохиолын дууны уралдаан, “Баргажин-2018” хувцас загварын уралдаан тус тус зохион байгуулагдсан. Тэгвэл сүүлийн өдөр буюу өнөөдөр “Барга судлалд орчин үеийн тулгамдаж буй асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, “Баргажин-I, II, III” фото зургийн уралдаан, хүндэтгэлийн тоглолт тус тус болно.

Categories
мэдээ нийгэм

Ихэнх нутгаар өвсний гарц сайтай байна

ХХААХҮЯ-наас өвөлжилтийн бэлтгэл хангах нарийвчилсан төлөвлөгөө гарган, аймаг, нийслэл, сум дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг заасан хэмжээнд бүрдүүлэхээр ажиллаж байна. Энэ жилийн тухайд аймаг, нийслэл, сум, дүүргийн зайлшгүй бэлтгэх өвс, тэжээлийн аюулгүйн нөөц болгож, 25915 тонн өвс, 14735 тонн тэжээл бэлтгэнэ. Өөрөөр хэлбэл, аймаг тус бүрт 30-100 тонн өвс, 25-50 тонн тэжээл, бэлтгэх албан даалгавар ногдсон юм. 2017 онд улсын хэмжээнд 935 мянган тонн хадлан бэлтгэсэн бөгөөд манай улс жилд 1 сая тонн хадлан бэлтгэвэл дотоодын хэрэгцээг бүрэн хангана гэж үздэг.

Зургадугаар сарын 30-ны байдлаар нийт нутгийн 30 хувь нь зуншлага хэвийн, 30 хувь нь дунд зэрэг, 40 хувь нь муу буюу бэлчээр тааруу, зуншлага муу гэсэн үнэлгээтэй байсан. Долдугаар сард орсон бороо ган тайлсан учраас ихэнх нутгаар хадлан бэлтгэх таатай боломж бүрджээ. Хадлангийн төв нь газар тариалангийн бүс нутгууд болох Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Хэнтий, Өвөрхангай, Архангай болон Булган, Дорнод, Сүхбаатар аймаг, 9 отрын бүс, хилийн зурвас юм.

Наймдугаар сарын 1-ний байдлаар Баян-Өлгий зэрэг зарим аймгийн иргэд хадлангаа авч эхэлсэн. Тус аймаг энэ онд 62800 тонн өвс, 6670 тонн гар тэжээл, 7345,3 тонн эрдэст тэжээл бэлтгэхээр төлөвлөн баталсан байна. Харин Ховд аймгийн тухайд зуншлага оройтож болсонтой холбогдуулан хадлан хадах хугацааг 08 дугаар сарын 10-ны өдрөөс хойш зохион байгуулах юм. Ховд аймаг гэхэд 60 000 тонн хадлан бэлтгэнэ.

Аймгууд хадлангийнхаа дийлэнхийг наймдугаар сардаа багтаан авдаг. Зарим тохиолдолд есдүгээр сарын эхээр хадлан бэлтгэлийн ажил явагдаж, есдүгээр сарын 15-н гэхэд хадлангийн ажлын дүн гарна гэж тооцлоо. Өнөөдрийн байдлаар 36 мянган га талбайд малын тэжээл тариалсан. Орон нутгийн иргэд, бэлчээр ашиглагчдын хэсгүүдэд тэжээл тариалах боломжоор хангаж байгаа юм.

Хадлан, тэжээлээ амжилттай авч, өвөлжилт, хаваржилтыг эрсдэл багатай даван туулахын тулд орон нутаг дахь улсын тусгай хамгаалалттай газар болон хилийн зурвас газраас хадлан хадах, өвөл, хавар отор нүүдэл хийх тухай зөвшөөрлийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хил хамгаалах ерөнхий газраас авахыг Аймгийн Засаг дарга нарт зөвлөж байна. Мөн аймаг, сум, багийн түвшинд бэлчээр ашиглалтын хуваарилалт, хязгаарлалт, худгийн ашиглалт, хамгаалалтын тогтолцоо бүрдүүлэх, тэжээл бэлтгэх зэрэг ажлыг нягт уялдаатай зохион байгуулах ажлыг аймгийн Засаг даргын тамгын газар хариуцна.

Түүнчлэн хадлан бэлтгэх газар, нутгийг малчид, иргэд, аж ахуйн нэгжүүдэд тэгш хуваарилан, говийн болон бусад аймагт хадлан бэлтгэх газар, нутаг олгоход дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Аймаг, сум бүр дотоодын хэрэгцээний өвс, тэжээлийг бэлтгэхээс гадна улсын аюулгүйн нөөцийг бэлтгэхэд оролцох үүрэгтэй. Өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд худалдан авах өвсний чанар, жин, нягт зэрэгт онцгой анхаарч, ногоон буюу 1 дүгээр зэргийн, 18-20 кг-аас доошгүй жинтэй, өндөр нягтралтай боосон өвсийг нөөцлөх нь зүйтэй юм.

Малчид, мал бүхий иргэдэдийн тухайд өвөлжих, хаваржих бэлчээрийн малдаа зориулж, өөрсдийн хүч боломжоороо хадлан, тэжээл бэлтгэн, малаа ус, хашаа байраар хангаж, байгалийн болзошгүй эрсдэлээс хамгаалах орчин нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай. Малын арчилгаа, маллагаандаа онцгой анхаарч, тэжээллэгийн технологийг мөрдөж ажиллахыг уриалж байна.

1961 онд 100 га бэлчээр, хадлангийн талбайд ногдох хонин толгойд шилжүүлсэн малын тоо 32 байсан бол 2017 онд 99 болж бэлчээрт үзүүлэх ачаалал 3.1 дахин нэмэгдсэн байна. Тиймээс үүссэн нөхцөл байдлын улмаас өвөл, хаврын улиралд мал өлдөх эрсдэлтэй тул тогтоосон хэмжээний өвс, тэжээлээр хангах ёстой. Адуу өдөрт биеийн жингийн 2, үхэр 3, хонь 3.75, ямаа 3.5 хувьтай тэнцэх хэмжээний өвс идэж байх шаардлагатай бөгөөд энэ жишгээр тооцвол 400 кг жинтэй адуу өдөрт 9 кг, 300 кг жинтэй үхэр 10.5 кг, 30 кг жинтэй хонь 1.3 кг, мөн жинтэй ямаа 1.2 кг хуурай өвс идэх шаардлагатайг Аймаг, нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газрууд анхаарч, тооцоолох хэрэгтэй.

Аймаг, сумын түвшинд хонь, ямаа, үхрийн 25-30 хувь, тэмээний 5 хувь, адууны 3 хувийг нэмэгдэл тэжээлд оруулах нь зүйтэй. “Гар аргаар тэжээл бэлтгэх аян” өрнүүлж, бэлтгэсэн тэжээлийг чанар аюулгүй байдлыг алдагдуулахгүй, горимын дагуу зөв хадгалж, хамгаалахад мэргэжил арга зүйн зөвлөгөө үзүүлэх үүргийг Аймаг, нийслэлийн ХХААГ хүлээж байна.

Categories
мэдээ нийгэм

Нэрс-Эрүүлжүүлэх үйлдэлтэй

Манай орны Хөвсгөл, Хэнтий, Хангайн уулархаг нутгаар, Хойд Америк, Европ, Азийн уулархаг, модтой нутгаар байгалийн зэрлэг нэрс элбэг ургадаг бөгөөд сүүлийн хагас зуун жилд Канад, АНУ-д ихээр тармилжуулах болжээ. Өвслөг ургамлын төрөлд хамаарах энэхүү жимсгэнэ нь уугуул Америкчуудын хүнсний үндсэн хэрэгцээ болж байж. Харин Европт зэрлэгээр ургадаг нэрс ховор ч тарималжуулан хэрэглээнд нэвтрүүлсэн байна.

Хамгийн сүүлд хэрэглээндээ тарималжуулж нэвтрүүлсэн улс бол Австрали тивийнхэн юм. Шинжлэх ухаан хөгжихөөс өмнө хэрэглээнд нэвтэрсэн байсан жимсгэнийг орчин цагт судалж, шинжилж, илрүүлсэн эрүүл мэндийн ашиг тусыг танилцуулъя.

Нэрс эрүүлжүүлэх үйлдэлтэй

Илчлэг бага, шим тэжээл өндөр хоол хүнсийг их идэхдээ бус илчлэг багатай шимт бодис өндөртэй хүнсийг өдөр тутмын хэрэглээндээ нэвтрүүлэхийг шим тэжээл судлаачид санал болгодог. Нэрс жимс нь 100 граммдаа 57 ккал илчгэг, 14 гр эслэгийн агууламжтай нүүрс-ус, 0.7 гр уураг агуулна. Харин өөх тос, холестролын агууламжгүй. Амин дэм А, С, В-6, К-ийн агууламж өндөртэй. Илчлэг бага шим тэжээл их агуулах учир илүүдэл жингээ хасаж байгаа хүмүүст хамгийн зохистой хүнс юм

Цусан дахь глюкозын хэмжээг бууруулдаг

Эд эсэд бодисын солилцоо явагдах энергийн эх үүсвэрийг хоол хүнснээс авдаг. Бидний идсэн хоол хүнс (нүүрс-ус) нь хоол боловсруулах замаар задарсаар цусанд глюкоз хэлбэрээр очно. Цусан дахь глюкоз нь эсэд нэвтэрч энергийн эх үүсвэрийн үүргээ гүйцэтгэдэг. Цусанд байх глюкоз шууд эс рүү нэвтэрч чаддаггүй.Глюкозыг эс рүү нэвтрүүлдэг гол түлхүүр нь нойр булчирхайн бета эсээс ялгарах инсулин хэмээх дотоод шүүрлийн даавар юм. Инсулин нь эсийн мембран дээрх инсулины рецептортой холбогдсоноор глюкозыг эс рүү нэвтрүүлэх GLUT4 хэмээх хаалга нээгдэнэ. Ингэснээр глюкоз эс дотор орж бодисын солилцоонд оролцдог юм.Чихрийн шижин II хэв шинжийн үед инсулины дутагдал, инсулин мэдрэг чанар буурах гэсэн 2 ойлголт гарч ирдэг. Инсулины дутагдал гэдэг нь нойр булчирхайгаас инсулин ялгарахгүй болсноор цусан дахь глюкоз эс рүү нэвтрэн орж бодисын солилцоонд оролцож чадахгүй болж цусанд идэвхгүй хэлбэрээр эргэлдэхийг хэлнэ. Харин инсулин мэдрэг чанар буурах гэдэг нь эсийн мембран дээр байх инсулины рецептор нь инсулиныг таньж чадахгүй болж улмаар глюкозыг эсэд нэвтрүүлдэг GLUT4 хаалга нээгдэхгүй болохыг хэлж байгаа юм.Нэрс жимсгэнэд агуулагдах хамгийн онцгой биологийн идэвхт нэгдэл нь антоцианин хэмээх бодис юм.Энэхүү бодис нь эсийн мембран дээр байрлах идэвхгүй, дөжирсөн инсулины рецепторыг сэргээж өгдөг үйлдэлтэй болох талаар эрдэм шинжилгээний өгүүллүүд нийтлэгдсэн байна. Антоцианин нь инсулин мэдрэг байдлыг нэмэгдүүлснээр цусан дахь глюкозыг бууруулах үйлдэлтэй байна. Энэ чанараараа чихрийн шижин II хэв шинжийг үед үр дүнгээ өгөхөөс гадна урьдчилан сэргийлэх өндөр ач холбогдолтой юм.

Бөөр шээсний замын үрэвсэл

Бөөр шээсний замыг үрэвсүүлдэг гол бактери нь E.Coli юм. Нэрс жимсгэнийн шүүс тогтмол хэрэглэдэг хүмүүст энэхүү бактерийн гаралтай бөөр шээсний замын үрэвсэл бага тохиолддог болохыг судалгаагаар тогтоосон байна. Нэрсэнд агуулагдах биологийн идэвхт нэгдэл нь бөөр шээсний замын хучуур эд дээр E.Coli бактери холбогдох үйл явцыг дарангуйлдаг хэмээн судлаачид үзэж байна.

Мөөгөнцрийн эсрэг үйлдэлтэй

Нэрс жимсгэнэд агуулагддаг Галликийн хүчил нь мөөгөнцрийн эсрэг үйлдэл үзүүлдэг болохыг Бразил, Хятадын судлаачид туршилтаар нотолжээ. Бөөр шээсний замын мөөгөнцрийг үүсгэдэг Candida Albicans-ийн үйлдлийг Галликийн хүчил дарангуйлдаг байна.II. НЭРСНИЙ ХОЛИМОГ (BLUEBERRY SMOOTHIE)

Үйлдэл: Эрүүлжүүлэх, залуужуулах, урт наслуулах бүрэн үйлчлэлтэй. Эсийн гэмтлээс хамгаалах, цусан дахь өөх тос багасгах, илүүдэл жин бууруулах үйлдэл нь судалгаагаар баталгаажсан.

Орц: Нэрс /байгалийн зэрлэг/ – 100 гр

Банана – 1 ширхэг

Бууцай – 20 гр

Цагаан гаа – нимгэн 3 зүсэм

Тараг – 100 гр

Хийх аргачлал: Дээрх орцоо автомат холигчинд хийгээд жигд холигдтол нь эргүүлнэ. Хэрэглэх тун, хэмжээ: Өдөр бүр 1 аяга нэрсний холимог ууж байх нь эрүүл мэндэд тустай.

Categories
мэдээ нийгэм

Адуутай, сульхиртай, Их Монгол элстэй Хөхморьт

Гурван аймгийн залгаа, гурван их ай савын уулзвар, гурван их усны хаяа Их Монголын элсний ар, өвөр хормой, Завхан гол, Хүйсийн говь дагасан Таван гүний уудам нутагт оршдог сум бол Говь-Алтай аймгийн Хөхморьт сум.

Говь- Алтай аймгийн Хөхморьт сумын гурван “брэнд”-ийг Монгол даяар андахгүй. Онцолж дурдах учиртай нэгэн гайхамшиг нь Их Монголын элс. Хөхморьтынхон Их Монгол элсээ дээдэлсээр ирсэн юм. Алтан хараацайн даль шүргэх төдийд л эмсийчихдэг элсэн манхадын хурц ирмэг бүр харц булаахаар өвөрмөц тогтоцтой. Дэлхийн аль ч улсын уран барилгач эргүүлж үл нөхөх уран тогтоц энд л оршдог. Урлаач салхины бүтээсэн гайхамшиг гэж л энэ байх гэж дуу алдмаар орчныг харсан хэнд ч бишрэл төрнө. Энэ их элсэнд ургадаг хоёр ургамал мөн л сумын маань брэнд. Хөхморьтын суль, сульхир гэхээр мэдэхгүй хүн үгүй дээ. Хөхморьтынхон суль, сулхираа намрын намарт түүж хүнсэндээ хэрэглэсээр өдгөөг хүрсэн юм. Хүнсний ч, эмчилгээ сувилгааны ч ач холбогдол ихтэй энэ хоёр амуугаараа сум маань тойрсон аймаг сумандаа, бүр нийслэлд ч алдраа түгээсээр байна. Энэ онцлогуудаа тодруулж, тордож сумаа аялал жуулчлал, элсний спортын өлгий болгох боломж бидэнд бий.

Хөхморьтыг адуугүйгээр төсөөлөх аргагүй. Нутгийн адуун сүрэг маань сүүлийн жилүүдэд түм, түмээр тоологдож, хурдан хүлгүүд нь улс, аймаг, сум, бүсийн уралдаануудын түрүү, айраг хүртэж сум орон нутгийнхаа нэр алдрыг дуурсгаж явна. Бүр тодруулж хэлбэл Говь- Алтай аймгийн Хөхморьт сумын адуун сүрэг маань сүүлийн хоёр жил дараалан түмээр тоологдлоо. Сумаас маань анх удаа Монгол Улсын алдарт уяач цолыг нутгийн унаган хүү Т.Ганзориг хүртлээ. Чихэнд сонсголонтой сайхан мэдээ. Эдгээр баярт үйл явдлуудыг тохиолдуулан энэ оны наймдугаар сарын 08-11-ний өдрүүдэд Хөхморьт сумын “Түмэн адууны баяр”, “Монгол Улсын алдарт уяач Т.Ганзоригийн цолны мялаалга наадам”-аа нутгийн зон олонтойгоо нар хур тэгширсэн дэлгэр зуны сайхан өдрүүдэд сумын ИТХ, Засаг дарга, Тамгын газар, Улаанбаатар хот дахь Хөхморьт сумын нутгийн зөвлөл, Морь-Галуут уяачдын галаас хамтран санаачлан зохион байгуулж ёслол төгөлдөр тэмдэглэхээр бэлтгэл ажлуудаа зохион байгуулж байна.

Адуу маллах, өсгөн үржүүлэх, сааль сүүг нь бэлдэх, эмнэг хангал сургаж хүлгийн шандсыг сорих зэрэг адуу тойрсон их өв соёлоо төдийгөөс өдий хүртэл уламжилж ирсэн нь манай сумын үнэ цэнэ билээ. Хөхморьт сумын адуун сүрэг нь нутгийн монгол адууны угшилтай. Монголын их элс, Завхан гол, Хөхморьтын адуу Хүйсийн говийн ай сав дагасан бэлчээр нутгийн эрс тэс уур амьсгалд дасан зохицсон, бие дунд зэрэг, махлагдуу, уналгын чадвар сайн, цээж болон хөлийн бяд сайтай зэрэг чанаруудаараа бусад аймаг сумдын адуун сүргээс онцгой. Монголын их элс, Завхан голын сав газар, Хүйсийн говийн байгаль, цаг уур тун өвөрмөц. Өвөлдөө -40 хэм хүртэл хүйтэрнэ, зун нь хэт их хална. Хөх морьтын адуу ийм уур амьсгалд, элсэрхэг зөөлөн хөрстэй нутагт зохицсон урт өтгөн дэл сүүлтэй, том далбагар туурайтай. Манай нутгийн хурдан морьдыг түрүүлж, айрагдахаар “элсний майзагууд” хэцүү шүү гэцгээдэг нь ийм учиртай.

Хөхморьтын нэг брэнд нь адуу болсон түүхийг сонирхуулъя. Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын хөдөө аж ахуйн өвөрмөц нэртэй нэгдэл байлаа. Нэгдлийн маань нэр “35 жил”. Нэгдлийн захиргааны зүгээс 1968 оноос нутгийн адуунд анхаарч эхэлж. Өөр дотор нь шилэн сонголт явуулж шилмэл адуунаас шинээр азарга тавьжээ. Үржил селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэстэйгээр эрчимтэй явуулсан гэдэг юм. Тухайн үед хөдөө аж ахуйн нэгдэл гэдэг аж ахуй бүрэн утгаараа хөгжиж эхэлж байсан цаг л даа.

“35 жил“ нэгдлийнхэн нэгдлийнхээ сүрэгт шинээр азарга тавихдаа сонгож шилэх гэж нэлээд юм болдог байж. Нэгдлийн гишүүдийн амины адуунаас үржил, бие бялдар сайтай гүүнээс гарсан үр төлийг судалж шүдлэн, хязаалан наснаас нь нэгдэлдээ худалдан авч азарга тавьж байсан гэдэг. Сүргийн чанараа ингэж сайжруулсан нь өнөөдөр ч Хөхморьтын адууг брэнд болгож байна. Наад захын жишээ гэхэд л Улсын хошой аварга малчин, адуучин Б.Гомбын суурийн ”дааяа халтар” азарга, Сангийн далай бригадын адуучин Б.Сандуйжавын суурийн “дэлгүй хээр” гэх мэт бие цогцос сайтай шилмэл азаргуудыг сайжруулагчаар ашиглаж үр төлийг нь удамшуулж байжээ. Аймгийн аварга малчин, алдарт уяач Р.Номбол 1963 оноос өөрийн болон зэргэлдээ сум аймгийн баяр наадамд олон хурдан хүлэг уяж уралдуулан айрагдуулж “Алдарт уяач” цол хүртсэн юм. Р.Номбол 1999 онд 210 адуу, 85 унага тоолуулж адуугаараа аймгаасаа шалгаран IV байр эзэлж байжээ.

Нутгийн адууныхаа үүлдэрлэг байдлыг сайжруулж цус сэлбэх аргыг хэрэглэж, Завхан аймгийн Дөрвөлжин сумаас азарган үрээ худалдан авч адуучдын суурьт хүлээлгэн өгч байв. Энэ ажлыг тухайн үед сум нэгдлийн даргаар ажиллаж байсан Г.Гончигсүрэн, Д.Лхагвасүрэн нар биечлэн зохион байгуулж ихээхэн үүрэг гүйцэтгэж байжээ. Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын “35 жил” нэгдлийг ажил үйлсээрээ манлайлан улс орон даяар нэр алдраа цуурайтуулж, адуун сүргийнхээ хишиг буяныг дээдэлж явсан ахмад ажилтан Я.Мягмарсүрэн, ерөнхий мал зүйч, ЗДТГ-ын дарга асан Л.Жалба, малын эмч, сумын ИТХ-ын дарга асан Ц.Төмөрт, мал зүйч В.Даваадорж, С.Жигмэд, Х.Нацагдорж, малын эмч Н.Бямбацогт, Н.Даржаабуу нарын ахмад ажилтнуудаараа ирээдүй хойч үеийн залуус бид бахархаж явдаг.

Адуун сүргийнхээ хөдөлмөрийн

үр шимээр мандаж, нутаг орныхоо бахархал болж ирсэн адуучдын нэг бол Монгол Улсын хошой аварга малчин, адуучин Базарын Гомбо. Манай сумын адуун сүргийн үржил, ашиг шим, үүлдэрлэг байдалтай танилцаж, Б.Гомбо аваргын ажлын туршлагыг нэвтрүүлэх ажил Говь-Алтай аймгийн хөдөө аж ахуйн нэгдлүүдийн дунд өрнөж байсан бахархам түүх бий. Говь-Алтай аймгийн адуучдын зөвлөгөөн 1988 онд болсон юм. Тэр үерээ зохион байгуулсан уралдаан, тэмцээнд манай сумын адуучин залуус эр зориг, авхаалж самбаагаар тэргүүлэн, хурдан морьдоороо түрүүлж айрагдан адууны хийморь тогтсон, хурдны өлгий нутаг гэдгээ батлан харуулсан юм. Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд хурдаараа гайхагдаж, улс аймаг, сум, бүсийн наадмаас айраг түрүү хүртэж алдар цолоо дуудуулж явсан олон сайхан хурдан буян байжээ. 1950-иад оны үед “дуран хээр” (өрөөсөн нэг нүд нь сохор) гэдэг хурдан морь байлаа. Энэ хурдан морийг шар Гүржав гэдэг хүн уяж сойдог байсан гэдэг. Хожим нь Гүржав бэлтгэлийн мал тууж Улаанбаатар хот явахдаа хээр морио аваад явж. Тэгээд хотод суурьшихаар болж хээр морио улсын наадамд уралдуулахаар сойжээ. Хээр морь үсэргээ наадамд гойд сайн хурдалж байсан тул атаархуу, хар муу санаат хүмүүс баяр наадмын үед шөрмөсийг нь огтолж хорлосон гунигт түүх байдаг юм. Манай Хөхморьтоос 1970, 1980-аад оны үед аймаг болон тойргийн сумдад түрүүлж, айрагдсан нэртэй хурдан хүлгүүд олон байлаа. Д.Даваагийн том толгойт хээр, Н.Хуушааны хээр, Г.Дагвын хээр, М.Гонгорын шарга, Ё.Ширнэнгийн халтар, Г.Самбуугийн хүрэн гээд яривал нэлээд урт жагсаалт гарна. Энэ хурдан ажнайнууд 1950-1980 онуудад нутгийнхаа нэр алдрыг дуурсгаснаар “Хөхморьтын морьд хурдтай” гэсэн яриа гарч байлаа. Тэдгээрийн дунд Нямсүрэнгийн бор, Шаравын их, бага хоёр цэнхэр, Баасангийн гурван хул, Ё.Ширнэнгийн хүрэн, А.Арцадын хүрэн, Д.Жадамбаагийн хул, саарал, З.Содномдоржийн бор, хул морьд, Д.Аюурзанын саарал, Д.Самданхүүгийн жаахан халтар, Д.Гүндсамбын хул соёолон, хээр хязаалан, хүрэн халзан морьд, Д.Лхасүрэнгийн борлог, Д.Пушкагийн хээр, Дэндэвийн цагаан, Д.Шагдарын хүрэн, У.Цамбын хонгор, Г.Бадарчийн улаан бор, З.Баасандоржийн халтар, Б.Хүүхэний хүрэн халзан, М.Энхтөрийн “шодон хэмээх” халтар морь зэрэг олон сайхан зартай хурдан хүлгүүд тогтмол хурдалж сум нутгийнхаа бахархал болж байв.

Хөхморьт сумын “35 жил” нэгдлийн адуун сүргийг 1960-аад оноос хойш 1992 он хүртэл маллаж байсан адуучдын бүрэлдэхүүнийг сурвалжлан үзвэл “35 жил” нэгдлийн анхны адуучдаар Сангийн далай бригадад Рэнжавын Өндөг, Минжүүрийн Гонгор нар ажиллаж байжээ.

Мөн нэгдэлжих хөдөлгөөний үед тус сумд Баян-Оргил, Хүйсийн говь зэрэг нэгдэл байгуулагдахад адуун сүрэг маллаж байсан адуучдын түүх ч балраагүй байна. Цоохор нуур бригадад Жадамбын Доржсүрэн, Магнайн Давааням, Базарын Гомбо /Улсын хошой аварга малчин/, Рэнцэндоржийн Аюуш, Намсрайн Намжилдорж, Рэнцэндоржийн Жадамбаа, Завхан гол бригадад Дарьсүрэнгийн Бадарч/БНМАУ-ын эмнэг сургалтын анхны спортын мастер/, Дамиранжавын Дашзэвгэ, Дамиранжавын Гончиг, Доржбүрэхмийн Гүнсэндорж, Омбоо Гунгаа, Дамиранжавын Лхасүрэн, Жанчивын Хүүхэнхүү, Вангаагийн Нарангэрэл, Шаравын Санжжав, Шаравын Омбодорж, Шагдарын Норолхоо, Гүнсэндоржийн Бадарч, Дэмчигийн Батчулуун, Дашзэвэгийн Пушка, Бадарчийн Бизъяа, Санжжавын Даваажав, Сангийн далай бригадад Гүнчинбурам, Минжүүрийн Гонгор, Бэгзийн Сандуйжав, Гүнчингийн Дагваа, Нямжавын Сумъяа, Авидын Түмээ, Дагвасүрэнгийн Гүндсамбуу/ МХЗЭ-ийн XIV их хурлын төлөөлөгч/, Дэндэвийн Бямба, Дүйнхэржавын Баатар, Хүйсийн говь бригадад Данзангийн Жадамбаа (АИХ-ын депутат асан, Улсын аварга малчин), Наянбуугийн Түдэв, Минжүүр (мийеэ панз хэмээн нутгийнхан нэрлэдэг байсан) нарын ахмад үеийнхэн ажиллаж байжээ.

Батчулууны Бямбаа, Гомбын Пүрэвнорсон, Чогжирсүрэнгийн Лувсан, Зулын Баянмөнх, Хүүхэнхүүгийн Довчинсүрэн, Анандын Гайтав, Лхасүрэнгийн Агваан, Дашнямын Нарангэрэл, Загдсүрэнгийн Дамдинсүрэн, Сандуйжавын Аварзэд нарын олон арван адуучид үе залгамжлан “35 жил” нэгдлийн адуун сүргийг адуулан маллаж байв. Тэд бага балчир, залуу наснаасаа адуунд л хорхойсч, хүлгийн дэлэн дээр, адууны салхин дунд явахыг хүсч, адуугаар амьсгалж амьдарсан монгол эрс билээ.

Монголын Биеийн тамир, спортын эвлэлийн төв зөвлөл /МБТСЭ-ийн төв зөвлөл/ 1966 оноос эхлэн эмнэг хангал сургасан залууст БНМАУ-ын “Спортын мастер” цол олгож байхаар шийдсэн нь адуунд дуртай залууст урам өгсөн юм. Уралдаанд түрүүлээд ийм том цолтой болох нь залуусын хувьд том боломж байсан хэрэг л дээ. Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын ”35 жил” нэгдлийн зөвлөл, сумын БТСЭ-ийн үүрээс энэ болзлыг биелүүлэх гэж 1967 оноос эмнэг хангал сургагч, малчин залуучуудын анхдугаар зөвлөгөөн хийж байжээ. Манай орны нийт малчин залуучуудад эмнэг хангал сургаж ердийн хөсөгт өргөн хэрэглэхийг уриалж “эмнэг хангалгүй сум нэгдэл” болох талаар үүрэг авчээ.

Нэгдлийн зөвлөл, БТСЭ-ийн үүр уг ажлыг зохион байгуулахдаа болзолт уралдаан зарласан байна. Энэхүү болзолт уралдаан нь эмнэг сургагчдын хүрээг өргөтгөн тэндний материаллаг сонирхлыг татаж чадахуйц чухал арга хэмжээ болсон байна. Эмнэг хангал сургах ажилд өөрсдийн санаачилга хүсэлтийн дагуу бүртгэн авч 28-44 малчин гишүүдийн бүрэлдэхүүнтэй эмнэг сургагчдын секцийг мал аж ауйн бригад бүрт байгуулан ажиллуулжээ.

Энэ секцийн ажил тогтмолжсоноор эмнэг сургагч залуучуудын тоо нэмэгдэж ажлын арга барил, зохион байгуулалт улам сайжирч тэргүүний гишүүд залуучууд олноор төрөн гарчээ. Завхан гол бригадын секцийн ахлагч Д.Бадарч эмнэг сургалтаар анх удаа “БНМАУ-ын спортын мастер” цол авч, секцийн гишүүн Ц.Шагж, В.Жүгдэр, Ц.Шар, З.Содномдорж нарын зэрэг гишүүд жил тутам 20-92 эмнэг сургаж аймаг, сумын хөдөлмөрийн аваргууд болж тэд МХЗЭ-ийн Төв хорооны “Алтан медаль”-иар шагнагдаж, улмаар В.Жүгдэр, З.Содномдорж, Д.Гүндсамба нар МХЗЭ-ийн их хурлуудад төлөөлөгчөөр оролцож байжээ.

Эмнэг тэмээ, адууг уналга, эдэлгээ, саалинд сургах ажлыг цааш нь үргэлжлүүлэн нэгдлийн гишүүдийг манлайлан Сангийн далай бригадын малчин Д.Аюурзана малч ухаан, өөрийн хичээл зүтгэлийн дагуу “эмнэг сургалтын спортын мастер”-ийн болзлыг биелүүлэхэд удаа дараа амжилттай оролцож, улмаар “35 жил” нэгдлээсээ шагнал авчээ. Мөн Ц.Шар, Ц.Шагж, Г.Уртнасан, Б.Доржпалам нарын олон залуус эмнэг хангал сургалтын болзлыг биелүүлж, аймаг сумынхаа хөдөдмөрийн аваргаар шалгарч байжээ.

Эмнэг тэмээ, адууг сургаж уналгаа эдэлгээнд оруулах ажил өргөн далайцтай өрнөж эвлэлийн гишүүд залуучуудын санаачилгаар Цоохор нуур бригадад “Залуучууд гавшгайч бригад” байгуулагдаж Цоохорын голын давсны ордоос давс хужир бэлтгэх ажлыг дагнан хариуцаж, улсын хэмжээнд бригадаараа амлалт үүрэг авч 1989 он хүртэл тус бригадын ажилсаг залуучууд гүйцэтгэж байлаа.

Адууныхаа соёлын дархлааг нутаг усандаа нандигнан хадгалан уламжилж, чухамхүү тэргүүний адуучид, манлай уяачид хэмээх алдрыг нутаг нугийнхаа олон түмэн, сум нэгдлийнхээ удирдах байгууллагаас удаа дараа соёрхон хүртсэн олон алдар хүндтэй үе үеийн хүмүүсийн нөр их хөдөлмөр, бүтээл дундаршгүй билээ. Адууны сүлд хийморь улам дэлгэрэн бадарч, морин эрдэнийн хишиг үеийн үед, үрийн үрд далай мэт арвин байхыг бэлгэдэн ерөөе.

В.ДАВААДОРЖ Л.ЖАЛБА Г.ДАРЖАА

Categories
мэдээ нийгэм

Улиастайн гол дагуух хур хогийг цэвэрлэлээ

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд их цэвэрлэгээг тогтмол зохион байгуулдаг. Дүүргийн Тохижилт,нийтийн аж ахуйн хэлтэс, Үндэсний батлан хамгаалах их сургуулийн Шархад дах хээрийн сургалтын төв болон 9 дүгээр хороо хамтран Улиастайн гол дагуу үерийн үед үүссэн хур хогийг цэвэрлэлээ. Энэхүү цэвэрлэгээнд тус хээрийн сургалтын төвийн оюутан цэргүүд болон дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар-3 ОНӨААТҮГ-ын 1100 орчим хүн оролцлоо.

Categories
мэдээ нийгэм

Стивен Сигалыг АНУ-д ажиллах ОХУ-ын хүмүүнлэгийн элчээр томиллоо

2016 онд ОХУ-ын иргэн болж байсан Холливүүдийн тулаант киноны од Стивен Сигалыг АНУ дахь Москвагийн хүмүүнлэгийн элчээр томилжээ.

Түүний үүрэг нь “Хүмүүнлэгийн салбар дахь Орос-Америкийн харилцааг хөгжүүлэх”, үүнд “Урлаг, соёл, иргэдийн болон залуу үеийнхний солилцоо” багтана гэдгийг ОХУ-ын гадаад хэргийн яамны фэйсбүүк хуудсанд мэдээлсэн байна.

Нийтдээ 60 гаруй кинонд дүр бүтээсэн 66 настай Сигал “Би Орос-Америкийн харилцааг сайжруулахын тулд чадах бүхнээ хийсээр ирсэн. Энэ ажлыг би ямар нэг албан ёсны статусгүйгээр гүйцэтгэж ирсэн бол одоо албан ёсоор хийх болсон нь миний хувьд нэр төрийн хэрэг юм” хэмээн ярьжээ.

Өөрийн удам судрыг Оросоос гаралтай гэж ярьдаг Сигал одоо АНУ, ОХУ-ын давхар иргэншилтэй. Крымьд болсон концертод оролцсон түүнийг Украин улс өнгөрсөн тавдугаар сард 5 жилийн хугацаанд нутаг дэвсгэртээ нэвтрэхийг хориглож байв. Тухайн үед Сигал “хар бүснээс гадна би хар жагсаалттай болов” хэмээн хошигнож байжээ.

Categories
мэдээ нийгэм

Цацраг хэмжигч багаж хүлээлгэн өглөө

Цөмийн энергийн комиссоос Цагдаагийн ерөнхий газарт цацраг идэвхт материалыг хууль бусаар ашиглах, хадгалах, шилжүүлэх, тээвэрлэх болон цацрагийн террорист аюул заналаас сэргийлэх ашиглах зориулалттай багажнуудыг хүлээлгэн өглөө.

Үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав, Цөмийн энергийн комиссын ажлын албаны дарга Г.Манлайбаяр, Бодлогын газрын дарга Э.Нямдаваа нар оролцлоо.

Categories
мэдээ нийгэм

Өндөгний хальсны ашиг тус

Өндөгний хальсны гайхамшгийг та бүхэнд хүргэж байна. Насанд хүрэгчдэд жилдээ хоёр удаа өндөгний хальс хэрэглэх хэрэгтэй бөгөөд курс нь 15-20 хоног байх ёстой аж. Харин 1-6 настай хүүхдэд өдөр бүр өндөгтай хальс хэрэглэх нь зүйтэй.

Өндөгний хальсыг нунтаглахын өмнө өндгийг бүлээн усаар сайтар угааж зайлаад буцалгасан усанд таван минут орчим байлган ууранд нүдэн нунтаглана. Нунтагласан хальсаа өглөөний хоолны үеэр хүнсэндээ нэг чимэхийг нэмэрлэн хэрэглэдэг гэнэ. Тараг, будааны чанамалд нэмэрлэх хэрэгтэй аж.

Эмийн журмаар хэрэглэх:

Шүд хорхойтох, нурууны өвчин, буйлнаас цус гарах, стресс, харшлын үед өндөгний хальс нунтаглаж хэрэглэдэгбайна. Мөн астматай хүмүүс хэрэглэх нь зүйтэй. Ардын эмчилгээнд арван хоёр нугалаа гэдэсний шархыг эдгээхэд ч ашигладаг байна. Мөн суулгалт, ходоодны шарх, түлэнхийд тустайгаас гадна бөөр давсагны чулуу хайлуулах зорилгоор уудаг байна.

Кальци нөхөх:

-Өндөгний хальс нь байгалийн кальциар баялаг. Сода, шохой, гипсэнд байгалийн кальци агуулагддаг боловч хүний биед өндөгний хальсны кальци л бүрэн шимэгддэг аж. Учир нь, өндөгний хальсны бүтэц нь бидний яс, шүдтэй бараг ижил юм.

Хүүхдийн яс бэхжих:

-Үйрүүлж нунтагласан өндөгний хальсыг хүүхдийн хоолонд маш бага хэмжээгээр хольж өгөхийг зөвлөдөг. Бүр нунтаг /гурил шиг/ болтол нь нухаж хэрэглэх ёстой. Диатез, рахит, цус багадалтын үед тун тустай аж.

Үс, хумс бэхжүүлэх:

Эрүүл үс, хумстай болоход кальци шаардлагатайг хүн болгон мэднэ. Харин кальцийн гол эх үүсвэр нь энгийн өндөгний хальс юм. Нунтагласан өндөгний хальсыг долоо хоногт 1/3 цайны халбагаар, хоёр капсул загасны тостой ууж байгаарай.

Цагаан хэрэглэл цайруулах:

Цагаан өндөгний хальс нь цайруулах үйлчилгээтэй. Үйрүүлсэн хальсаа жижиг даавуунд зангидаад угаалгын машинд цагаан хэрэглэлтэй хамт хийхэд болно.

Categories
мэдээ нийгэм

Байгалийн дурсгалт, цогцолбор газруудын аялалын маршрутыг танилцуулж байна

Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын аялалын маршрут /Гүнжийн сүм, Мэлхий хад, Арьяабалын хийд/

Богдхан уулын дархан цаазат газрын
аялалын маршрут

Дарьгангын байгалийн цогцолборт газрын аялалын маршрут /Алтан овоо/


ИХ ГАЗРЫН ЧУЛУУНЫ БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН АЯЛАЛЫН МАРШРУТ /ЭХИЙН УМАЙ АГУЙ, ЗАДГАЙ ТЕАТР, ТООНОТЫН АГУЙ/


ТАРВАГАТАЙН НУРУУНЫ БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН АЯЛАЛЫН МАРШРУТ /МУХАРТЫН АМ, ГЭСЭР ЛАМЫН БУНХАН/

ХАН ХЭНТИЙН УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫН АЯЛАЛЫН МАРШРУТ /ХАГИЙН ХАР НУУР, ЮҮДЭГИЙН ДАВАА/