Categories
мэдээ нийгэм

Д.Сосорбарам : ТҮЦ эрхлэгч иргэдийг ажилгүй, ядуу тарчиг амьдрал руу түлхэж байна

Монголын худалдаачдын холбоо төрийн бус байгууллагаас өнөөдөр Нийслэлийн удирдлагуудын буруу шийдвэрийг эсэргүүцэж байгаа талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд тус холбооны гүйцэтгэх захирал В.Мөнхтуяа Хотын ерөнхий менежер Т.Гантөмөрийг Авлигатай тэмцэх газарт өгнө гэдгээ мэдэгдсэн юм. Учир нь одоо үйл ажиллагаа явуулж байгаа Түргэн үйлчилгээний цэгүүдийг ачиж холдуулан оронд нь автобусны карт зарах нэрээр найман сая төгрөгийн үнэ бүхий шилэн ТҮЦ байршуулах гэж байгаа гэнэ. Энэ ажлыг хийх гэж улайрч байгаа үйлдэл, ярьж байгаа зүйлсийнх нь ард ямар нэгэн эрх ашиг нуугдаж байгаа гэж тэд үзэж буй ажээ.

Мөн энэ үеэр тэдхэлэхдээ “Худалдаачдыг төр засгийн өндөрлөгүүд маш ихээр хавчиж, шахаж байна. Шүүхийн шийдвэр гараагүй байхад шүүх хамаагүй гээд ачих гээд байдаг. Шүүхээс илүү давуу эрх мэдэлтэй төрийн албан хаагчид гэж байдаг юм уу?. Шүүх засаглалыг үл хүндэтгэж байна гэдэг чинь газрын наймаанд улайран дайрч байна гэсэн үг. Т.Гантөмөр өөрийнхөө бизнесийг хөгжүүлэхийн тулд худалдаачдын амьдралыг улан доороо гишгэж байна. Гэнэт ухаалаг ТҮЦ гэж яриад байгаа юм. Тиймээс энэ хүнийг АТГ-д шалгуулна. Т.Гантөмөр энэ увайгүй үйлдлээ зогсоож худалдаачдаас уучлалт гуйхгүй бол төрийн эсрэг бид нар хатуу тэмцэнэ. Бид нар Монгол Улсын иргэн. Эх орондоо сайн сайхан амьдрах эрхтэй. Үндсэн хуульд заасан эрхээ эдэлмээр байна. Бид эндээс гараад Монгол Ардын намын байрны гадаа очиж тэмцэл хийнэ шаардлага хүргүүлнэ. Тэд гарч ирээд бидэнтэй улайн нүүрээрээ тулж уулзах хэрэгтэй. Хүлээх тусам тэд худлаа хэлдэг’ гэв.

Энэ үеэр иргэн н.Нарантуяа “Үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа ТҮЦ-ийг маань гурав хоногийн өмнө Баянзүрх захын газрын албаныхан ачсан. Дотор нь 2-3 хүн байхад ТҮЦ-ийн шалыг ховхлоод ачсан. Эргээд ТҮЦ -ээ авья гэсэн чинь ‘Баянзүрх дүүрэгт дахиж ТҮЦ тавихгүй ‘гэсэн гарын үсгээ өг, дараа нь хоёр удаагийн ачилтын 320.000 мянган төгрөг тушаа гэсэн. Надад тэр мөнгө нь өнөөдөртөө алга. Энгийн иргэд амьдрах арга алга’ хэмээлээ.

Монголын худалдаачдын холбооны гишүүн Д.Сосорбарам “Би Үндэсний цэцэрлэг хүрээлэнгийн гадаа зогсож, наймаа эрхэлдэг. Ерөнхийдөө тэнд байгаа наймаачид өдөр болгон эрх нь зөрчигддөг. Бид долоон жил болоход нэг өдөр амгалан тайван ажиллаж үзээгүй. Төр засаг нийслэлийн дарамт маш их ирдэг. Цэцэрлэгт хүрээлэнд өрх толгойлсон ээжүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд амьдрал нь дорой улсууд л байдаг. МАН -ын бодлого нь мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг байна гэж бид үзэж байгаа. Тиймээс энэ намд бид шаардлага хүргүүлнэ. Мөрийн хөтөлбөрөө эргэж хар, ард түмнийг сайхан амьдруулна ажилгүйдэл, ядуурлыг бууруулах гэж байгаа боловч иргэдийг ажилгүй, ядуу тарчиг амьдрал руу түлхэж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Экспортын зориулалтаар хадлан бэлтгэхгүй

ХХААХҮЯ-наас аймаг нийслэлийн ХХАА-н газар, сумдын мал эмнэлэг, үржлийн тасгийн албан хаагч, мэргэжилтний зөвлөгөөнийг дөрвөн бүсэд 21 аймаг, нийслэлийг хамруулан зохион байгуулж байна.

Аймаг, нийслэлийн ХХАА-н газар, сумдын мал эмнэлэг, үржлийн тасгийн албан хаагчид, мэргэжилтнүүдийн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, хамтран ажиллах зорилготой “ХХААХҮ-ийн салбарын бүсийн зөвлөгөөн” наймдугаар сарын 2-3-нд зүүн бүс Сүхбаатар аймагт эхэллээ. Зөвлөгөөний үеэр ХХААХҮ-ийн салбарын зорилт, хэрэгжиж буй бодлогын бичиг баримтын хэрэгжилт, аймгуудын санаачлан хэрэгжүүлж буй ажил-арга хэмжээ зэрэг асуудлыг хэлэлцэж, мал угаалгын зөөврийн тоног төхөөрөмжийн үзүүлэх сургалт болж байна.

Зүүн бүсийн зөвлөгөөний үеэр ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг салбарт явуулж байгаа бодлого, шийдвэр, хэрэгжилтийн талаар мэдээлэл хийж ХАА-н салбар өвөлжилтийн бэлтгэлээ хангахын тулд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах үүрэг өглөө. Яамны хувьд долдугаар сарын 30-наас эхлэн бүрэн бүрэлдэхүүнээрээ өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж эхэлсэн. Цаг агаарын давагдашгүй хүчин зүйлээс урьдчилан сэргийлэх зорилгоор өвөлжилтийн бэлтгэлээ хангах, орон нутгийн түвшинд үйл ажиллагаагаа эрчимжүүлэхийг салбарын сайд онцлон хэллээ. Засгийн газрын ээлжит хуралдаанаар гаргасан “ХАА-н салбарын 2018-2019 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” тогтоолтой холбогдуулан ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг нийслэлийн ХХАА-н газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, малчид, мал бүхий иргэдэд хандсан зөвлөмжийг мөн гаргасан. Үүнийг удирдлага болгосон тодорхой ажлууд орон нутагт эхэлсний нэг нь, Сүхбаатар аймгийн Засаг дарга аймгийн ХХАА-н мэргэжилтнүүд болон сум багийн Засаг дарга, малчид иргэдтэйгээ ХАА-н зөвлөгөөн хийж өвөлжилт хүндэрвэл бэлтгэл ажлаа хэрхэн хангах тухай хэлэлцүүлэг өрнүүлж, ажлын төлөвлөгөө гаргажээ. Тус аймгийн хувьд хэдийгээр зуншлага оройтсон ч өвсний гарц харьцангуй сайжирч, улсын болон аймаг орон нутгийн өвс тэжээлийн нөөцөө хангалттай бэлтгэх үүднээс экспортын зориулалтаар хадлан бэлтгүүлэхгүй байх шийдвэр гарган ажиллаж байна. Мөн Хэнтий аймгийн хувьд ХХААХҮ-ийн сайдын зөвлөмжийн дагуу сум бүртээ 100 тонн өвс, 30 тонн тэжээл бэлтгэх албан даалгаврыг аймгийнхаа Засаг даргын захирамж болгож эртнээс бэлтгэхээр зохион байгуулалтад оржээ.

Тодруулга: ХХАА-н салбарын бүсчилсэн зөвлөгөөний Төвийн бүсийнх энэ наймдугаар сарын 9-10-нд Өвөрхангай аймагт, Хангайн бүсийнх наймдугаар сарын 16,17-нд Өмнөговь, Баруун бүсийн зөвлөгөөн наймдугаар сарын 23-24-нд Увс аймагт тус тус болох юм.

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асран хамгаалагчийг чадавхжуулна

Монгол Улсын хэмжээнд 11400 хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаа шаардлагатай хүүхэд байна. Нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар зөв ойлголт, хандлагыг бий болгох, тэдэнд ээлтэй тэгш хүртээмжтэй нийгмийг байгуулах, төрийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай байгаа хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Ээлтэй ертөнц” ТББ-тай хамтран “ХАМТДАА ИНЭЭМСЭГЛЭЕ” хөтөлбөрийг 8-р сарын 3–8-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Тус хөтөлбөрт нийслэл, орон нутгаас нийт 150 хүүхэд болон тэдний асран хамгаалагчид хамрагдаж байна.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нэг бүр өөрийн чадварт тохирсон арга барилаар хөгжих боломжтой бөгөөд тэдэнд итгэл нэмж, урам өгсөнөөр хүүхдийн чадвар нэмэгдэж, цаашлаад бие даасан иргэн болон төлөвшдөг тухай ойлголтыг асран хамгаалагчдад өгөх юм.

Уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаа шаардлагатай хүүхдүүд болон тэдний эцэг эхчүүдийн нийгмийн амьдралд оролцох боломж бүрдэх, эцэг эх хүүхэдтэйгээ хэрхэн ажиллах, хөгжүүлэх талаар мэргэжлийн байгууллагуудаас зөв мэдлэг, ур чадвар эзэмшихээс гадна хүүхдийн хөгжлийн түвшин тодорхойлогдоно гэж албаныхан үзэж байна.

Categories
мэдээ нийгэм

Төлөвлөсөн хэмжээний ургацаа хурааж дотоодынхоо хэрэгцээгээ хангах боломжтой байна

Өнөөдрийн байдлаар ургац боломжийн хэмжээнд байгаа учраас төлөвлөсөн хэмжээний ургацаа хураан, дотоодынхоо хэрэгцээгээ хангах боломжтой байна гэж ХХААХҮЯ-наас мэдээлж байна. Энэ жил 538.4 мянган тонн үр тариа, үүнээс 518.7 мянган тонн улаанбуудай, 171.2 мянган тонн төмс, 101.9 мянган тонн хүнсний ногоо, 64 мянган тонн малын тэжээл, 34.2 мянган тонн тосны ургамал, 3 мянган тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авч, дотоодынхоо хэрэгцээг хангах зорилт дэвшүүлээд байна.

Өнгөрсөн тавдугаар сарын 3-наас эхлүүлсэн энэ жилийн хаврын тариалалтыг цаг агаарын төлөв байдалтай уялдуулан зургадугаар сарын 27-ны байдлаар нийт 494.3 мянган га талбайд тариалалт хийгээд байна. Үүнээс улаанбуудай 342 мянган га-д, төмс 12.7 мянган га-д, хүнсний ногоо 8.1 мянган га-д, тосны ургамал 69.7 мянган га-д, тэжээлийн ургамал 36.6 мянган га-д, эмийн ургамал 947 га-д, жимс, жимсгэнэ 386 га-д тус тус тариалаад байна. Ургац хураалтын үед аймаг бүрт Ургацын штаб байгуулж, Улсын ургацын штабтай хамтран шуурхай ажиллана.

Ургацын урьдчилсан балансаар тогтоосон ургацаа амжилттай хураан авахын тулд ургац хураалтын үед болон хураалтын дараах үтрэмийн ажилд цаг агаарын болзошгүй эрсдэл гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, туршлагатай тариаланчидтай хамтран ургац хураалтын технологийн зөвлөмж боловсруулах чиглэлийг ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт өгөөд байгаа билээ. Мөн ургац хураалтад шаардлагатай бүхий л бэлтгэл ажил тэр дундаа хүн хүч, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж, ургацын талбайд борооны ус орохоос сэргийлж хамгаалалт хийхийг анхаарууллаа. Түүнчлэн үтрэмийн талбайг цэвэрлэж, ургац хүлээн авах шаардлагад нийцүүлэх, ургац хураалтын үед гарах хүнсний ногооны иш навчийг талбайд хаялгүй тэжээлд нөөцлөх, даршлах нь зүйтэйг сануулж байна.

Наймдугаар сарын 20-ноос энэ намрын ургацын баланс гарна.

Categories
мэдээ нийгэм

Ж.Золзаяа: Шилдэг гарааны бизнес тэмцээнд мал аж ахуйн чиглэлээр бизнесээ эхлүүлсэн залуучууд оролцож болно

Өнөөдөр шилдэг гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих зорилго бүхий “Seedstars World” олон улсын тэмцээний талаар мэдээлэл хийлээ.

Энэ талаар “Стартап Маркетинг Стэйс” төвийг үүсгэн байгуулагчЖ.Золзаяагаас тодрууллаа.

-“Seedstars World олон улсын тэмцээний талаар дэлгэрэнгүй тайлбарлаач?

-“Seedstars World” олон улсын тэмцээн нь дэлхийн 80 Улсад зохион байгуулагддаг.Гарааны бизнесийг дэмжиж нэг сая ам.доллар хүртэлх хөрөнгө оруулалт хийдэг. Тухайн 80 гаруй улсаас нэг сая ам.долларыг шилдгийн шилдэг нэг баг авна. Улаанбаатар хотод “Стартап Маркетинг Стэйс” төв зохиож байна. “Seedstars World” олон улсын тэмцээн нь зөвхөн хөгжингүй улс хооронд болдогоороо онцлогтой юм.

Хөгжингүй орнуудаас жинхэнэ кристал алмазыг олох зорилготойгоор Майкрософт, Амазон гэсэн компаниудтай хамтарч нэг сая ам.долларын санхүүжилтийг хийдэг.

Монголд хоёр дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Нийт бүртгүүлсэн багуудаас арвыг сонгон шалгаруулж. Үүнээс дахин сонгон шалгаруулалт хийж шилдэг нэг seedstars Швейцар Улсад болох дэлхийн тэмцээнд оролцох эрхтэй болно гэв.

-Энэ жилийн тэмцээний онцлог юу вэ?

-Энэ жилийн хувьд оролцох компаниуд заавал технологийн компани байх шаардлагагүй. Харин эмэгтэй бизнес эрхлэгчид болон монголын онцлог органик, хөдөө аж ахуй, мал аж ахуйн чиглэлээр гарааны бизнес эхлүүлж байгаа залуучуудыг оролцохыг уриалж байгаа.

Энэ тэмцээнд оролцсноороо түрүүлэхгүй ч байж болно. Хамгийн гол нь туршлага хуримтлуулж, дараа дараагийн тэмцээндээ оролцох, гаднаас хөрөнгө оруулалт татах маш том туршлага болох юм. Тиймээс залуучууд зоригтой байж, өөртэй итгэлтэйгээр энэ тэмцээнд оролцохыг уриалж байна.

-Тэмцээнд хэрхэн бүртгүүлж оролцох вэ?

Тэмцээнд оролцогч Стартапын бүртгэл: https://seedsta.rs/ulaan18_apply энэ хаягаар явагдаж байна. Тэмцээнд оролцох хүсэлтэй багуудын бүртгэл наймдугаар сарын 10-ыг дуустал онлайнаар явагдана. Нийт бүртгүүлсэн багуудаас шүүгчдийн бүрэлдэхүүн арван гарааны бизнесийг сонгон авч хоёр өдрийн эрчимжүүлсэн сургалтанд хамруулан гурав дахь өдөр нь шилдгүүдийг тодруулна гэв.

Дэлхий дахинаа хөгжиж буй орнууд дахь гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих зорилго бүхий “Seedstars World” тэмцээн Монгол Улсад хоёр дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Уг тэмцээн дэлхийн олон оронд зохион байгуулагдаж шинэ үеийн залуу бизнес эрхлэгчдийг хөрөнгө оруулагчидтай холбон зуучлах, шилдэг бизнэсүүдийн туршлагаас суралцах, өөрсдийгөө хөгжүүлэх, танилын хүрээгээ тэлэх, бизнесээ танилцуулах боломжоор хангадаг дэлхийн тэмцээн юм.

Энэхүү тэмцээнд оролцогчид улс орныхоо, бүс нутгийн шилдэг гарааны бизнесүүдтэй өрсөлдөж шилдгээр шалгарсан нэг баг нь нэг сая ам долларын хөрөнгө оруулалт авах эрхийн төлөө Швейцарт өрсөлдөхөөр явах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Дархан хотод салхилж явсан эмэгтэйг дээрэмдэн, хүчиндэхийг завджээ

Энэ сарын гуравны оройн 22 цагийн үед салхилж явсан иргэнийг дээрэмдэж, хүчиндэхийг завдсан хэрэг Дархан хотод гарсан байна. Гурван залуу бүлэглэн иргэн Э-г зодож, дээрэмдэн, хүчиндэхийг завджээ. Эмэгтэй гэмт этгээдүүдээс зугтаж, Петровис компанийн Нефть хангамжийн салбарын хамгаалалтын бүсэд нэвтэрч, тусламж авснаар аврагдсан байна. Тус байгууллагын хамгаалалтын ажилчид гэмт этгээдүүдийг хөөн барьж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Уг хэргийг Дархан Уул аймгийн Цагдаагийн газар шалгаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Цэргийн тогоочид цомын эзэн баг боллоо

“Цэргийн наадам-2018” олон улсын тэмцээний “Хээрийн гал тогоо” төрөлд нийт 12 улсын тогооч нар автоматын буудлага, 50 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр 1, 2 дугаар хоол, зууш, хүйтэн ундаа, талх нарийн боов, биеийн тамир гэсэн төрлүүдэд өрсөлдлөө.

Монгол Улсын Зэвсэгт хүчний тогооч нар сугалаа ёсоороо Азербайджан, Өмнөд Африкийн бүгд найрамдах улс, БНХАУ, Ангола, Беларусь улстай эн тэнцүү өрсөлдсөн бөгөөд тэмцээний гуравдугаар хэсэг болох талх нарийн боовны төрөлд Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн ээлжийн тогооч, ахлагч О.Батцэцэг, Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн … дугаар салбарын тогооч, дэд ахлагч Ц.Цэцэгсүрэн нар 13 нэр төрлийн талх нарийн боовыг 20 хүнд хүртээмжтэйгээр 4 цагийн дотор үйлдвэрлэн 300 оноо авахаас 292 оноог авч тэргүүлсэн амжилт үзүүллээ.

Мөн багаараа биеийн тамирын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож дэлхийн 10 орныг ардаа орхин 2 дугаар байр эзлэн цомын эзэн болов. Ийнхүү “Хээрийн гал тогоо” тэмцээний нийлбэр дүн гарч хурандаа Б.Батнямаар ахлуулсан баг дөрөвдүгээр байрт шалгарч тэмцээнээ амжилттай өндөрлөлөө.

Categories
мэдээ нийгэм

Хөрөнгө санхүүтэй холбогдох хууль бус хууран мэхлэх үйлдлийн талаар АХБ-наас хийх мэдэгдэл

УЛААНБААТАР ХОТ, МОНГОЛ УЛС (2018 оны 8 дугаар сарын 2) — Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Авлигын эсрэг, шударга байдлыг дэмжих албаны зүгээс тус банкны нэрийг барин иргэдээс хууль бусаар мөнгө хөрөнгө завшихыг оролдож буй залилангийн үйлдлээс болгоомжлохыг иргэдэд сануулж байна.

АХБ-д ажилладаг хэмээн, аль эсхүл АХБ-ны албан ёсны хаягийг ашиглан зээл болон бусад зүйлсийг амлан хүмүүсээс мөнгө залилан авч буй этгээдүүдийн талаарх мэдээллийг АХБ хүлээн авсан бөгөөд уг хэргийг одоо мөрдөн шалгаж байна. Иргэдийг дансны болон хувийн мэдээллээ сэжигтэй байгууллага, хувь хүмүүст биеэр болон цахимаар өгөхгүй байхыг АХБ-наас сануулж байна. Залилан мэхлэлтэд өртсөн эсвэл өртөх магадлалтай аливаа сэжиг төрсөн бол дотоодын хууль сахиулах байгууллагуудад цаг алдалгүй хандахыг зөвлөж байна.

Хөгжлийг дэмжигч байгууллага болох АХБ нь иргэд олон нийтээс хөрөнгө мөнгө хэзээ ч нэхэмжилдэггүй учир хэлцлийн төлбөр хураамж, зохицуулалтын төлбөр, гадаад төлбөр тооцооны шимтгэл гэх мэт аливаа нэхэмжлэл байх үндэслэлгүй юм. Түүнчлэн, АХБ тус байгууллагад ажиллахыг хүссэн хүмүүсээс хувийн болон банкны мэдээллийг авдаггүй болно. Үүний зэрэгцээ, тус байгууллага нь албан ёсны харилцаандаа “@adb.org.” домэйнаас өөр домэйныг хэзээ ч ашигладаггүй гэдгийг анхаарна уу.

АХБ-ыг оролцуулсан залилан, авлига хээл хахууль үйлдэж болзошгүй хувь хүмүүс, хуулийн этгээдүүдийн талаар АХБ-ны Авлигын эсрэг, шударга байдлыг дэмжих албаны integrity@adb.org(link sends e-mail)имэйл хаягаар мэдэгдэнэ үү. Мөн https://www.adb.org/countries/main болон https://www.adb.org/news/features/beware-business-scams-using-adb-s-name зэрэг линкүүдэд заасан хаягаар АХБ-тай утсаар шууд холбогдон тус банкны дэмжлэгтэй төсөл хөтөлбөр, төлөөлөгчийн газруудын талаарх үнэн бодитой мэдээллийг авах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Технологит суурилсан санхүүгийн үйлчилгээний танилцуулга боллоо

Монголбанк технологийн компаниудыг оролцуулсан “Технологийн дэвшил, шинэ ололтод суурилсан санхүүгийн, бүтээгдэхүүн үйлчилгээний цаашдын төлөв ба шаардлагатай зохицуулалт” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг Монголбанкны Мөнгөний бодлогын газар удирдан And global, Mobi finance, Lab fintech Mongolia, KK TT, Itools, компаниуд болон Монголын банкны холбоо оролцож өөрийн нэвтрүүлж буй шинэлэг технологийн шийдлүүдийн талаар танилцуулж, санал солилцон мэдээллээ хэлэлцүүлэв.

Энэхүү хэлэлцүүлгээр санхүүгийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, түргэн шуурхай бас аюулгүй найдвартай байдлыг хангахад төдийгүй зардал багатай хүргэхэд технологийн шинэ ололтод тулгуурласан бүтээгдэхүүнийг хэрхэн бий болгох тухай яригдлаа. Мөн үеэр хэдийгээр Монгол Улсын технологийн компаниуд хөгжил дэвшилд суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг дэлхийн хөгжилтэй зэрэгцэн нэвтрүүлэхээр зорьж байгаа төдийгүй дэлхийн зах зээлд эхнээсээ гарч эхэлж байгаа ч цаашид тулгарч болох асуудлуудын талаар төвлөрч санал солилцлоо.

Монголбанк зохицуулагч байгууллагын хувьд өнөөдрийн хэлэлцүүлгээр санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэгч байгууллага, технологийн байгууллага хооронд мэдээлэл солилцох бололцоог бүрдүүлсэн төдийгүй тэдэнд үйл ажиллагаа явуулах хууль эрх зүйн зохицуулалтыг хөгжлийн хурдтай нийцүүлж байх шаардлагын талаарх санал хүсэлтийг нь сонсч харилцан зөвлөлдлөө.

Үүний цаад ач холбогдол нь хэрэглэгч санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг технологи ашиглан хурдан шуурхай, аюулгүй найдвартай авах боломжоор хангагдаж хүртээмж нь нэмэгдэх төдийгүй үйлчилгээ үзүүлж байгаа банкуудад үйл ажиллагааны зардал хэмнэгдэх юм. Олон улсад хийгдсэн судалгаагаар хадгаламж, зээл, автомат бэлэн мөнгөний машин зэрэг бидний хүртэж байгаа санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх аргачлалыг илүү хялбаршуулж, технологийн дэвшилтэй уях шаардлага бий болсныг нэгэнтэй дүгнэжээ. Манай улсын хувьд ч мөн дэлхийтэй хөл зэрэгцэх алхамаа тавихаар төрийн болон хувийн хэвшлийнхэн ийнхүү хамтран ажиллаж эхэллээ.

Categories
мэдээ нийгэм

Дотоодын цэрэгт гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдыг татна

Дотоодын цэрэг нь цагдаагийн байгууллагатай өдөр тутам хамтран ажиллаж, хууль сахиулах байгууллагын шинжийг агуулдаг онцлогтой. Анх байгуулагдсан цагаасаа эхлэн түүхийн хугацаанд Дотоодыг хамгаалах газар, Нийгмийн аюулаас хамгаалах яамны Хилийн ба дотоодын цэргийн удирдах газар, Улсын цагдан сэргийлэх ерөнхий газар (хуучин нэрээр), Цагдаагийн ерөнхий газрын харьяанд алба-ажиллагаагаа явуулж байгаа юм.

Мөн Монгол Улсын Засгийн газраас тогтоосон улсын онц чухал обьект (Төр, Засгийн тэргүүний байр, гяндан, онцгой ба чанга дэглэмтэй колони, дулааны станцууд, ус хангамжийн эх үүсвэр, хүн малын гоц халдварт өвчний лабораториуд гэх зэрэг) газруудыг хамгаалах, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг тээврийн замд харгалзан хүргэх үүргийг өдөр тутам бие даан гүйцэтгэдэг. Шаардлагатай үеүдэд шуурхай бэлэн байдлыг хангаж, цагдаа, онцгой байдлын байгууллагын хүч хэрэгсэл хүрэлцэхгүй нөхцөлд тэдэнд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж ирсэн байдаг.

Тиймээс хамгаалж байгаа улсын онц чухал обьектуудын хамгаалалтад болзошгүй аюул учирч, нөхцөл байдал хүндэрсэн үед тухайн үүссэн нөхцөл байдлыг таслан зогсоох, обьектын аюулгүй байдлыг шуурхай хангах бэлтгэл нөөц хүчийг бүрдүүлэх зорилгоор 2019 онд Дотоодын цэрэгт гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдыг татан авахаар боллоо. Ийнхүү цэргийн жинхэнэ албыг хаалгуулахаар төлөвлөн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа юм байна.

УИХ-ын шийдвэрээр өнгөрсөн 2014 онд 90 гаруй жилийн түүхтэй Дотоодын цэргийг татан буулгаж, гүйцэтгэж байсан чиг үүрэг, бие бүрэлдэхүүнийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Гэвч Монгол Улсын Их Хурлаас өнгөрсөн оны хоёрдугаар сард “Дотоодын цэргийн тухай хууль”-ийг шинээр баталж, Дотоодын цэргийг дахин байгуулсан юм.

Хуульд зааснаар Дотоодын цэрэг нь тайван цагт Зэвсэгт хүчний бүтцэд хамаарахгүйгээр мэргэжлийн бие даасан үйл ажиллагаа явуулж, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Дотоодын цэрэг нь Улаанбаатар хот, орон нутгийн зургаан аймагт харьяа нэгжтэйгээр албаны үйл ажиллагаа явуулж байна.