Categories
мэдээ цаг-үе

Ахмад үеийнхээрээ бахархнам

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Т.Гэндэн, дүү Т.Оросоогийн хамт

Миний бие амьдралын богино биш /бүтэн хагас жаран/ хугацаанд үзэж харсан, туулж өнгөрүүлснээ эргэн харж, ажил, мэргэжлийн чиглэлээр ахмад буурлуудтай ярилцаж, архивын сан хөмрөгийн материалд хараа чилээж байлаа.

Манай ус нутаг урьдын Түшээт хан аймгийн Говь түшээ гүний хошуу /1924 оноос Богд хан уулын Дэлгэрхангай уулын хошуу/ одоогийн Өмнөговь аймгийн Цогтцэций, ЦогтОвоо зэрэг суманд Манж чин улс, Богд хаант Монгол Улс, Ардын засаггурван төрийн үед хүчин зүтгэж ард олны дунд нэр алдар нь түгсэн тийм лут хүн цөөнгүй. Тэдний дотроос цөөн хүний талаар энд өгүүлье.

БҮТЭМЖ ХАВАН-ХУУЧИН ЦАГИЙН СЭХЭЭТЭН, СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭГЧ

Би бага залуугаасаа Бүтэмж хаван гэдэг эрдэм номтой, түүнийгээ хүн ард, хүүхэд багачуудад зааж сургадаг, тохитой томоотой хүн байсан тухай ахмад настнуудын амнаас бишгүй сонсож байсан юм. Сүүлд өндөр насны тэтгэвэрт гарч өдөр тутмын цаг наргүй ажлаас жаахан хөндийрч үүх түүх судалж, хэд гурван жижиг ном бичих болсон. Чухам энэ үеэс эртээс санаанд байсан тэр хүний тухай судалсан юм.

Хошууны тамгын газарт хиа, хиа нарын ахлагч, бичээчээр ажиллаж байсан үеэс Бүтэмж хаван /ноёдын хиа нарыг даргалагч, харуулын өртөөний дарга/ нэрээр алдаршжээ. Уул овог нэр нь Сэнгэдоржийн Бүтэмж. Улс аймгийн архиваас түүний тухай олон зүйл олж мэдсэн. Улсын архивт байгаа Дэлгэрхангай уулын хошууны Цогт сумын /одоогийн Өмнөговь аймгийн ЦогтОвоо/ 1926 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолд түүнийг сумын даргаар сонгосон тухай бичсэн байдаг. Үүнээс үзвэл хошуу тамгын газраас 1920иод оны эхээр хөдөө ирж сумын дарга болсон байна. Мөн хурлын тогтоолд багуудаас хүүхэд ирүүлэх, түр сургууль хийлгэх, нас үл заах хүмүүсийг зохисоор ирүүлж сургагчаар Бүтэмжийг томилон суулгахаар тогтоосон байдаг. Тэрбээр үнэхээр хуучин цагийн сэхээтэн, соён гэгээрүүлэгч байлаа.

Аймгийн улсын архивын 1935 оны материалд Сэнгэдоржийн Бүтэмж 55 настай, монгол бичгийг энгийн сурсан, бичих, уншихад сайн, сумын дарга байсан гэж бичжээ. 1933 оны хүн амын тооллогын бүртгэлд Бүтэмж 53, эх Цэрэнпил 71, эхнэр Дарьсүрэн 47 настай гэжээ. Харамсалтай нь С.Бүтэмж жар хүрч жаргаж суух насандаа 1938 онд баривчлагдан хэлмэгдэж, 1993 онд цагаатгагдсан. Миний бие түүний нэрэмжит газар бий болгох, хөшөө дурсгал босгох зэргээр алдар нэрийг мөнхжүүлэх саналаа Өмнөговь аймгийн ИТХ, Засаг даргын тамгын газарт тавьж байгаа.

Цогт сумын 1933 оны хүн амын тооллогын бүртгэлд хүү Балдандорж 18 настай, охин Цэвэгдулам 14 настай гэсэн байна. Бусад материал,ахмад хүмүүсийн яриагаар өөрийн үр хүүхдүүдээс гадна Баатар, Маам нарыг өргөж авсан байжээ. Эдний үр хүүхэд ажилч хөдөлмөрч, эрдэм номтой хүмүүс байдаг. Хүү Б.Баатар Улсын сайн малчдын зөвлөгөөнд шалгаран оролцож Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан. Эсэргүү гэдэг нэр, элдэв хавчлагын улмаас Бүтэмжээр овоглож байснаа гэргий Дарьсүрэн, эцэст нь төрсөн эх Гүнсэнгээр сольж байсан Маам нь хошууны танхимд сууж, хавангаар монгол бичиг заалгаж 1930аад оны эхнээс худалдагч, багийн даргаас эхлээд багш, захирал, аймгийн намын хорооны даргын туслахаар ажиллаж байжээ. Бүүр 1945 оны VI сард түүний зургаан жил багшилж ирсэн ажилд дүгнэлт өгсөн аймгийн гэгээрлийн хэлтсийн тодорхойлолт байдаг. Тэнд жил бүр сурагчдын элсэлтийг 100 хувь хангасан, сургуулиа аймгийн хэмжээнд хамгийн түрүүнд барилгатай болгосон, ард түмэн түүнд үнэхээр хайртай гэхчлэн бичжээ. Г.Маам ХАА нэгдлийн дарга нарын курсэд сураад 15 жил ажиллахдаа Ардын Их хурлын депутатаар хоёр удаа сонгогдсон, Хөдөлмөрийн гавьяа, Алтан гадас /хоёр удаа/ одонгоор шагнуулсан хүн байв.

Олноо алдаршсанаар Дорж мэйрэн буюу Буньбазарын Дорж /18781943 он/ бол айл зэргэлдээ БаянОвоо сумын харьяат цогт эх оронч, төр, нийгмийн зүтгэлтэн, зохиолч зэрэг тал талын их авьяас билигтэн байсныг бид мэднэ.Сумынх нь дунд сургууль түүний нэрэмжит болсон.

Дорж мэйрэн Ардын хувьсгалаар хиар цохигдон нутаг буцахдаа аллага таллага үйлдэж байсан хятад гамин цэргүүдтэй баг цэрэг зохион байгуулан тэмцэж, олон гамин устгаж, булаан авсан мал хөрөнгийг ард түмэнд эргүүлэн өгч байснаас эхлээд манай сумтай амьдрал тэмцэл нь холбогджээ. Түүний тэмцэлд тус сумынхан ч оролцож туслалцаж явсан байдаг. Дараа нь эх нутгаараа удаа дараа ирж, нэг үе манай суманд гэр бүлээрээ амьдарч мал аж ахуй эрхэлж байжээ.

Тус сумын Хацрын хэц, Найз, Шинэ ус зэргийн газраар нутаглаж, монгол хүн малынхаа буянаар өег цатгалан амьдарч болно гэж үздэг, тэгээд мал сүргээ өсгөн олшруулж байжээ. Гэвч 1930аад онд олон малтай хүмүүсийг феодал хөрөнгөтөн гэж хурааж хумьж байсан нь Мэйрэнг тойрч гараагүй бөгөөд дараа нь эсэргүү гэж баривчлан хэлмэгдүүлжээ. Малд, тэр дундаа адуу, моринд хайртай, уяач, уургач, дууч, хуурч хүн байсан. Мэйрэнгийн хээр гэдэг зартай хурдан морь байв.

Бид Мэйрэнгийн гэргий, зарим үр хүүхэд, зээ нартай нь нилээд эртнээс танил байсан юм. Гомбожаагийн гурван хүүхэн гэж байсны нэг Мэйрэнгийн гэргий Чимэдрэгзэн буюу олны авгайлдгаар Додго нас ахисан үедээ манай сумын төвд охин Д.Цэенпил, хүргэн Б.Ёндонжамцын хамт амьдарч байсан. Ээж минь түүнтэй танил байснаас тэднийхээр очдог, яриа хөөрөө өрүүлдэг, би хамт очиж, хөгшний хишиг, бэлэг хүртдэг байснаа санаж байна. Сүүлд ээж намайг Аж үйлдвэрийн комбинатад ажиллаж байхад эргэж очихдоо охин Цэрэнхандынхаар очсон. Хорь ч хүрээгүй насандаа Д.Намдаг, Л.Намхайцэрэн, Б.Доржсүрэн нарын ирээдүйн алдартай хүмүүсийн хамт Герман улсад явж сураад Номын сангийн ажилтан байсан тэр сайхан эмэгтэй надад ном их уншиж, кино үзэж байгаарай гэж сургаж байсан.

ТӨР, НИЙГМИЙН ЗҮТГЭЛТЭН

Жирийн ядуу малчны хүү Тогоочийн Гэндэн манай шинэ цагийн сэхээтэн, төр, нийгмийн зүтгэлтэн том хүн байлаа. Бурхан ухаантай дархан, уран хүмүүсээс ажлын дөр олж, артелийн ажилчин болсон тэрбээр удалгүй Улаанбаатарт худалдааны дунд сургуулийн түргэвчилсэн сургалттай ангид сурч нягтлан бодогч, шатахуун түгээгүүрийн станцын эрхлэгчийн хос мэргэжлийн үнэмлэх гарджээ. Эндээс эхлэн угийн ухаалаг сэргэлэн, авхаалжтай тэр ёстой ногоон гэрлээр дэвшиж аймгийн банкны нягтлан бодогч, төлөвлөгөөний комиссын дарга, улмаар аймгийн дарга, Засгийн газрын зохион зааварлах хэлтсийн дарга болжээ.

Ажил зохион байгуулах авьяастай, улс төр, эдийн засгийн мэдлэг, санаачилгатай, өсөх ирээдүйтэй, төлөв томоотой гэж үнэлэгддэг Гэндэн Намын хянан шалгах хорооны даргын өндөр албанд томилогджээ. Энэ үед улсын аюулаас хамгаалах газрын улс төрийн хэргийг мөрдөн байцааж, таслан шийтгэх үйл ажиллагааг шалгах ажлыг түүний толгойлсон комисс, явуулжээ. Шалгагдсан 20 жилийн хугацаанд /1933-1953 он/ хувьсгалын эсэргүү, гадаадын тагнуул гэсэн улс төрийн хилс хэрэгт 29 мянга гаруй хүнийг баривчлан 21 мянга гаруйг буудан алсны дотор нам төрийн удирдагчид, үүсгэн байгуулагчид, ардын хувьсгалын партизан, энгийн номхон олон эмэгтэйчүүд, тэр ч байтугай хэд хэдэн жирэмсэн эмэгтэй байжээ. Сүүлд Румын Улсад суух Элчин сайдаар 10 жил, Нийтийн аж ахуйн Яамны нэгдүгээр орлогч сайдаар 15 жил ажиллаж улс нийгмийнхээ үйлст хүч чадал, эрдэм мэдлэгээ харамгүй зориулж Румын улсын тусламжтайгаар Мебелийн үйлдвэр, Улсын цирк байгуулах, Таван толгойн нүүрсний орд газрыг өргөтгөн хөгжүүлэхэд түүний оруулсан хувь нэмэр их гэдэг.

Миний хувьд нэг нутгийн Гэндэн гуайтай Намын дээд сургуульд сурч байсан /1949-1954 он/ үеэс танилцан, нэг бус уулзаж байсны дотор 2002 онд ярилцсан нь сүүлчийнх байж дээ. Өндөр нуруутай, өргөн магнайтай, дөлгөөн тайван, том алаг нүдтэй сайхан хүн байлаа.

ЗОЛИГ ДАМБА-ЭМЧ ДАМБА

“Золиг” Дамба гэх хоч, нэрийг нь дуудахад таатай биш санагдаж болох авч намтар түүх арвин, сонирхолтой энэхүү ахмадын тухай өгүүлмээр! Урьдын цагт сүм хийдийн том лам хувраг ч юм уу хошууны ноёд, хатадын бие чилээрхэхэд гай барцдыг зайлуулна гэж хүний дүрс байтугай амьд хүнийг золигт гаргах гэдэг харгис бүдүүлэг зан үйл байдаг байжээ. Тийнхүү золиослогдсон хүн хэнийд ч орохгүй, хэнтэй ч ойр байх ёсгүй, ёсыг дагахгүй бол гай түйтгэр, өвчин зовлон дэлгэрнэ гэж хөөж туудаг байжээ.

Шанхай уулын өвөр Хээрийн булагт байнга нутагладгаас хээрийн гэж нэрлэгдсэн Хандын хүү ийнхүү хээрээр гэр, хэцээр дэр хийж явсан ч олны газар, гүрний нийслэлд хүрч ажил, амьдралын замд оржээ. Эхлээд Аж үйлдвэрийн комбинатад, дараа нь эх орны умард хилийн Алтанбулагийн Булигарын заводад ажилчин болж явав. Тэгээд зогссонгүй, хилийн чанадад хуучин нэрээр Зөвлөлт Холбоот Улсад цэргийн эмнэлгийн сургуульд явж төгсгөжээ. Захан дээр нь ВМУ /Военное медицинское училише/ гэсэн таних тэмдэг бүхий гимнастёрк цамцтай залуухан эрийн зургийг нутгийнхан нь харсан бол 10 гаруй жилийн өмнө золигт гарч сураггүй болсон Дамба гэдгийг лав танихгүй байсан биз. Энэ үеэс тэрбээр хэрэн тэнэгч биш, эх орны хязгаар нутгаар хүн ардын эрүүл энхийн үйлсэд хүчин зүтгэгч болжээ.

Хэвлэл, мэдээллийн байгууллагын ахмад ажилтан, сэтгүүлч Б.АМГАЛАН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол орон ямар азаар ардчиллын баянбүрд юм бэ?

Монгол Улс бол дарангуйлал, диктатуртай урд, хойд гэсэн хоёр агуу том хөршийн дунд оршин байдаг ардчилсан “жижиг” улс орон. Ардчилсан улс орон гэдгээ саяхан болсон нэгэн үйл явдлаар дэлхий нийтэд батлан харууллаа. Монгол дахь Турк сургуулийн захирал, Турк улсын иргэн Вейсел Акчай гэх хүнийг олон улсын хэвлэлийнхний мэдээлж буйгаар Монголын нутаг дэвсгэр дээрээс улс төрийн зорилгоор Туркийн тагнуулынхны оролцоотойгоор хулгайлан баривчлах гэж байсныг таслан зогсоож чадлаа. Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган болон лалын номлогч Фетхулла Гюлен нарын хооронд үүссэн зөрчилтэйгээр холбоотойгоор дэлхийн 150 гаруй оронд салбартай Туркийн сургуулийн хамааралтай зарим нэг хүмүүсийг баривчлан авч яваад буй хэрэг өмнө нь өөр улс оронд гараад байгаа билээ. Өнгөрсөн өдрүүдэд УИХ-ын гишүүд, салбар хариуцсан сайд, сөрөг хүчний намаасаа эхлээд хүн “хулгайлах” гэсэн энэ явдалд анхаарлаа хандуулж, оролцож байр сууриа илэрхийлж, хууль зөрчсөн үйлдэл гаргахгүй байхыг дор бүрнээ сануулж ажиллав.

Эрх баригчид, төр засгийн анхаарал сэрэмжтэйдээ гол нь ч биш Монголын ард түмэн хууль бус үйлдлийн эсрэг зогсч, хүний эрхийн төлөө тэмцэж чадна, чаддаг гэдгээ харуулсан юм. Турк сургуулийн багшийг баривчлагдаад явлаа, нутаг руу нь хүчээр буцаах нь гэсэн мэдээлэл анх ирсэн даруйд “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал дээр хэсэг иргэд цугларч, самбар лоозон барьчихсан зогсч байв. Энэ тухай ч гадны хэвлэлүүд хэдийнээ онцлон бичээд эхэлж. Тухайлбал, Туркийн хэд хэдэн хэвлэлд Турк улсын иргэн Вейсел Акчайг Монголын тагнуулын байгууллагын тусламжтайгаар хулгайлж эх оронд нь буцаах гэж байсан тухай мэдээлсэн бол “Ройтерс”, “Дэйли мэйл” зэрэг гадны томоохон хэвлэлүүд дээр “Монгол Улсын Засгийн газар олон улсын гэрээ конвенцид нэгдэн орсон үүргээ биелүүлж ийнхүү Турк багшийг эх орондоо үлдээж чадлаа” хэмээн бахархан бичжээ. Туркийн өдөр тутмын томоохон сонин болох Сабах цахим хуудсанаа “Туркийн Үндэсний Тагнуулын газар Фетуллах Гюллений сүлжээнд багтдаг сургуулиудын удирдлагыг баривчлах ээлжит ажиллагаагаа найман мянган километрийн цаана явууллаа. Вейсел Акчай нь Улаанбаатар дахь Турк сургуулийн захирал бөгөөд Монголын тагнуулын байгууллагын дэмжлэгтэйгээр баривчлахыг завдлаа” хэмээн мэдээлжээ. Турк багшийг Монголд үлдээсэнд нь талархсан үгсийг гадаадын олон иргэн жиргэжээ. Үүнд “Монгол тусгаар тогтносон, ардчилсан улс гэдгээ жинхэнэ утгаар нь баталлаа” гэсэн агуулга бүхий жиргээ зонхилж байна. Мөн бусад улс оронд байгаа турк багш нар “Монгол Улсад баярлалаа” хэмээн олон нийтийн сүлжээгээр талархлаа илэрхийлсээр байна.

Турк улсад улс төрийн асуудал бол байгаа. Эрдагон өөрийнхээ диктатурыг тогтоохын тулд өөрийн өрсөлдөгч Гюлленийн эрх мэдлийг боомилох, хязгаарлах үйл ажиллагаа явуулах болсон. Европын орнууд Эрдагонын хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг хэрээс хэтэрлээ гэж эсэргүүцэж байгаа. Дэлхий нийт ч тэгж харж байгаа. Энэ удаагийн үйл явдал ч түүнтэй холбоотой гэж үзэж байна. Өмнө нь Косово улсаас зургаан багшийг ийм маягаар хулгайлж, үүндээ тагнуулын байгууллагатай нь хамтарсан гэж мэдээлснээр Косово олон улсын өмнө ихээхэн хэцүү байдалд орж байсан удаатай. Косовогийн Ерөнхий сайд энэ талаар ямар ч мэдээлэлгүй байснаа хэлж, харин туркууд хамтарсан гэсэн мэдээлэл гаргаж байсан юм. Монголын хувьд салбар, салбарын сайдууд нь сайн ажилласан. Хэрэв нөхцөл байдал өөрөөр эргэсэн бол өнөөдөр Монгол Улс олон улсын өмнө ихээхэн эвгүй байдалд орох байсан. Харин энэ хэргээр Монгол Улс дэлхийд бүрэн утгаараа ардчилсан, иргэд нь хүний эрхийн мэдрэмжтэй, хүнлэг ард түмэн гэдгээ харууллаа хэмээн судлаачид дүгнэж байна. Ер нь Монгол Улс ямар азаар Ази дахь ардчиллын баян бүрд гэсэн тодорхойлолтыг авах болтлоо ардчилалд элгэмсэж, хоёр их гүрний дунд ардчиллын өлгий нутаг, тусгаар бие даасан улс гэдгээрээ бардамхан оршино вэ. Манай улсын хувьд ардчилал гэдэг нь хүний эрх, эрх чөлөө, сонгох, сонгогдох эрхээс гадна үндэсний аюулгүй байдал, бүрэн эрхт тусгаар улсын чухал сэдэв юм. Манай улсын хилээр Өмнөд Монгол, Буриад, Хойд Солонгос зэрэг улс төрийн нөхцөл байдлаас улбаалж дүрвэж ирдэг хүмүүс цөөнгүй бий. Хэрэв ингэж ирж байгаа тохиолдолд тэднийг эх оронд нь заавал албадан буцааж өгөхгүй байх хэрэгтэй юм. Монгол орон бол үндэстнийхээ хувьд диваажин гэх утгаар “Ар Монгол буюу Төв Монгол нь Өмнөд, Хойд монголчуудынхаа хувьд диваажин нь байх ёстой” гэсэн нийтлэлийг манай “Өдрийн сонин” өмнө нь бичиж байсан билээ. Энэ сэдвийг дахин дахин хөндөж буй нь санууштай юм. Монгол Улс Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц, Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай олон улсын конвенцид нэгдэн орсон орон. Үүн дотор “Тухайн улсын хуульд зааснаар цаазаар авах ял оногдуулах, эрүү шүүлт тулгах хангалттай үндэслэл байгаа тохиолдолд гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг тухайн улсад гэмт хэрэгт мөрдөн шалгуулах, ял шийтгүүлэхээр шилжүүлэн өгөхгүй” хэмээн тодорхой заасан байгаа. Тиймээс нутагтаа очоод эрүүдэн шүүлтэд орох магадлал өндөр байгааг нь мэдсээр байж зорьж тэмүүлж ирсэн дүрвэгчдийг албадан буцаахгүй байх нь хүн ёсны хувьд ч хүндэг, ардчилсан улсын хүлээх үүргийн нэг болж байна гэдгээ санацгаая. Гадаадад гарсан гэмт хэрэг, улс төрийн үзэл бодлоор гадуурхагдсан бол энэ нь Монгол оронд хууль ёс сахин амьдарч суугаа хүнийг буруутан болгоод байх шаардлагагүйг харуулна. Тэр тусмаа Монгол үндэстнүүд өлгий нутгаадаа зориод ирэхэд хил давуулан оруулах ёстой. Монголчууд бид нутгаадаа гүйсэн морийг замд нь зогсоодоггүй гэж эртнээсээ хэлж ярьж ирсэн ард түмэн. Монгол өөрөө ардчилсан улс байж гэмээнэ бусдын сонирхлыг татаж байдаг. Хэрэв тийм биш байсан бол биднийг өнөөдөр хэн сонирхож, тоох юм бэ? Бие даасан тусгаар улс учраас ардчилсан байгаа юм.

Ардчилсан байгаа учраас олон улсын эдийн засаг, глобал зах зээлтэй ойлголцож чадаж байгаа юм. Бидэнд хоёр хөршөөсөө илүү боломж ардчилал гэх үнэт зүйл бий. Ардчилал дээр суурилж хүнлэг зарчмыг бий болгох найдвар үргэлж төрж байдаг. Хүний нийгэм хүн дээр л, хүн хоорондын хүнлэг зарчим дээр л оршин тогтнодог. Өнөөдрийн дэлхийд тэргүүлэх орнуудын хөгжлийн нууц нь хүний хөгжлийн үзүүлэлтүүд нь давуу байдагт оршдог. Хүний хөгжил нь хүн төвтэй төр улсад, хүнлэг нийгэмд л хамгийн өндөр байдаг. Жишээ дурдахад тэд л дэлхий ертөнцөд хамгийн түрүүнд боловсролыг үнэгүй, бүх нийтийн хамарсан болгож, ардчилсан хууль, төр гэх зэрэг хүнээ дээдэлсэн ёсыг тавьж байна. Ийм үнэт зүйлс бидэнд байна. Цаашид ардчилалыг улам бүр төгөлдөржүүлэн хөхиүлэн дэмжих хэрэгтэй юм. Харин үүний дэргэд нэг хүний хэмжээгүй эрхт засаглал дарангуйлал болон хувирах нь алга урвуулахын төдий зүйл гэдгийг түүхийн хуудас нотолдог. Олон улсын тавцанд хүний эрх, эрх чөлөөг дээдлэх асуудал дээр харин ч сайн үлгэр жишээ болон үлдэж буй Туркийн иргэн Вейсел Акчайгийн явдал Монголын ардчиллыг батлан харуулж байна.

Уг үйл явдалтай холбоотойгоор нийтлэлч Баабар твиттер хуудаснаа “Түрэгийн түрүүний элчин сайд намайг элчин дээрээ урьж уулзаад түрэг сургуулийг хаах, захирлыг нь баривчлан шилжүүлэхэд тусалбал хувь хүний минь хувьд багагүй мөнгөөр урамшуулан шагнана гэж гуйж байлаа. Намайг юм бичиж олон түмний толгойг эргүүлж өгөөч гээд буй хэрэг л дээ. Түрэг сургуулийн захирлыг баривчилж Түрэгээс хоёр тийрэлтэт онгоц түүнийг ачихаар ирж. Түүнийг хулгайлаагүй бид хүлээлгэж өгч буй бололтой. Улс төрийн хэрэгтнийг баривчлан дарангуйлагчид нь хүлээлгэж өгдөг шившгийн орон болж хувирлаа л даа. Мөнгийг нь өгвөл ямар ч бузар юм хийхээс буцдаггүй шившгийн улс оронд бид тооцогдоно. Гэхдээ мөнгийг нь хэн авав. Юу гэж тайлбарлан бүлтрэх бол.

Харсаар байтал манай оролцоот ажиллагаа. Султан Эрдагоны хаан ширээнд суух ёслолд Ерөнхийлөгчийн төлөөлөгч оролцсон нь ийм учиртай байж” хэмээн жиргэсэн байсан. Турк сургуулийн багшийг маск зүүсэн гурван хүн гэрийнх нь гаднаас баривчлан авч явахыг завдсан хэрэгт Монголын тагнуулынхан оролцсон байх магадлалтай эсэх тухай ид яригдаж байгаа. Тагнуул хэрэв оролцсон бол төр засгийнхан дээгүүрээ оролцоотой гэсэн үг. Манай төр засгийн тэргүүнүүд Турк улс руу айлчлал ойрмогхон нэлээд хэд хийгээд ирсэн. Сурснаараа бадар барьж зээл, туслалцаа “хайж” явсан нь тодорхой байх. Тэр үеэрээ мөнгөн туслалцаа, дэмжлэг өгье гэсний төлөө аманд нь багтаж манай тагнуулынхан хүн хулгайлах энэхүү хэрэгт арай оролцчихсон юм биш байгаа гэж “хардаж” байна. Ямар турж үхэх гэж байгаа биш дээ. Халтар хэдэн төгрөгөөр ардчиллын амин сүнс хүний эрх, цаашилбал амьд явах эрхийг худалдаж болохгүй ээ. Монголчууд бид бие биенээ муулаад ч болов бий болгосон ардчилал ямар их үнэ цэнэтэй, ямар зөв замаар явсны баталгаа саяны үйл явдал болсон. Иргэдийн сонор сэрэмж, бяцхан тэмцэл бүхэл бүтэн улсын нууц ажиллагааг ил болгож, таслан зогсоож чадаж байна. Гадны нэг нөхрийг аварсандаа ч гол утга нь биш, хүний эрхэнд халдсан хууль зөрчсөн ямар ч үйлдлийн эсрэг жирийн иргэд зогсч, тэмцэж чадна гэдэг нь бидний үнэт зүйл, бахархал. Олны анхааралд орсон Вейсел Акчай гэгч өөрийн твиттер хуудсаараа дамжуулан монголчуудад баярласнаа илэрхийлсэн харагдсан. Тэрээр “Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас эхлээд хууль хяналтын байгууллагууд маш их ажилласан байна. Та бүхэнд маш их баярлалаа. Үүний зэрэгцээ хэвлэл мэдээллийн байгууллагууд, зурагчид, манай сургуулийн төгсөгчид, эцэг, эхчүүд бүгдээрээ сэтгэл гаргаж орой болтол хөөцөлдөж, ажилласан байна. Өнгөрсөн 24 жилийн турш Монгол Улсын боловсролын салбарт юуны төлөө ажилласнаа илүү сайн ойлголоо. Цаашид миний уух ус, идэх талх, хийх ажил минь энд байна. Монгол ахан дүүстээ маш их баярлалаа” гэсэн юм.

Чин сэтгэл ханхалсан талархлын энэ үг ардчилал ямар их хэрэгтэйг харуулсан, бас ардчилал байгааг баталсан. Монгол Улс ардчилсан том улс орон гэдгээ ч дэлхий тавцанд ахин дахин батлан харууллаа.


Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-д “Эдийн засгийг унагасан шийдвэрүүдийг санаачлагчаар нь овоглож байя” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүртМАНын Бага хурал хоёр асуудал хэлэлцэж, нөхөн сонгуульд оролцохоо зарлав” хэмээн нийтэлжээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрнээс “Эдийн засгийг унагасан шийдвэрүүдийг санаачлагчаар нь овоглож байя” хэмээх нийтлэлийг уншина уу.

“Улс төр” нүүрт “Сөрөг хүчин УИХ-ын 42 дугаар тойрогт нэр дэвшигчээ намын гишүүдийнхээ саналаар тодруулна” хэмээв.

“Ц.Дуламсүрэн: Богд ууланд аялах таван чиглэлд машины зогсоол, био бие засах газрууд байгуулсан” хэмээн “Нийгэм” нүүрт өгүүлжээ.

“Баримт, үйл явдал” нүүрнээс “Нийслэлийн хэмжээнд нийт арван мянган метр квадрат авто зам эвдэрчээ” нийтлэлийг уншна уу.

“Хэт халалт нь Токиогийн олимпт нөлөөлөх үү?” хэмээн “Дэлхийн мэдээ” нүүрт нийтлэв.

“Шинэ ногооны үнэ буурчээ” гэж “Өдрийн сурвалжлага” нүүрт бичжээ.

“Эмч” нүүрт “Д.Наранбаатар: Элэгний В, Д вирусээс болж өдөрт дөрвөн хүн нас барж байна” хэмээн ярьжээ.

“Завханы мэдээ” нүүрт “Үндэсний их баяр наадмаа бүтээн байгуулалтаар угтаж өргөн дэлгэр наадлаа”, “Аймгийн засаг даргын ажлын товч тайлан”, “Түүхт 95 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэлээ” хэмээн бичжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Зарим сумдын малчид хадландаа гарч эхэллээ

Булган аймгийн Тэшиг сумынхан энэ жилийн хадлан бэлтгэх ажилдаа гарч эхэлж байна.
– Жилийн жилд ямар ч шахалт, шаардлагагүйгээр хадлан бэлтгэж нөөцөлдөг уламжлалтай манай сумынхан хадлан бэлтгэх ажилдаа энэ сарын 10-наас жигдрэн орно. Зарим хүмүүс хадландаа гарч эхэлж байгаа. Энэ жил сумын хэмжээгээр нийтдээ 20 шахам мянган тонн өвс бэлтгэх зорилготой байна гэж сумын Засаг даргын Тамгын газрын дарга А.Эрдэнэдалай ярилаа.
Энэ жил зуншлага сайхан, газрын гарц гайгүй байгаа учир сумын аюулгүйн нөөц болон малчдын бэлтгэхээр төлөвлөсөн хадланг сумаасаа бэлтгэх бололцоотой байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Хэрлэн голын усны түвшин байх ёстой хэмжээнээсээ 10 см-аар ихэсчээ

Хэрлэн голын усны түвшин өнөө өглөөний байдлаар 188 см-т хүрсэн гэж Дорнод аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ. Энэ нь үерийн түвшинг арван см-ээр давсан гэсэн үг. Чойбалсан хот орчимд усны түвшин их гүндээ 2 м 30 см-т хүрчээ. Иймд голын эргийн дагуу суурьшин нутаглаж буй малчид, тариаланчид, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүсийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Энэ зун бороо хур ахиу орсноор Хэрлэн гол үерлээд байгаа ч Халх гол, Буйр нуур, Улзын голын усны түвшин олон жилийн дунджаас бага хэвээр байгаа юм. Тухайлбал, Халх гол сумын орчимд 153 см, Ялалт баг орчимд 419 см байгаа нь олон жилийн дунджаас 6-17 см-ээр бага байгаа бол Улзын гол Баян-Уул сум орчимд 122 см, Дашбалбар сум орчимд 72 см байна.
Дашрамд дуулгахад, өнгөрсөн сарын сүүлээр тус аймгийн Цагаан-Овоо сумын нутаг дахь Гүнцэнгэлэг нууранд живж байсан гурван охины амийг хэсэг залуус аварсан бол мөн энэ үеэр бага насны эрэгтэй хүүхэд осолдож амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Энэ жил эрэн хайх, аврах ажиллагааны дуудлага гурав дахин өсчээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, хошууч Б.Мягмардорж өнгөрсөн 14 хоногийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийв.

Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд долоодугаар сарын 20-ны өдрөөс наймдугаар сарын 3-ны өдрийг хүртэлх хугацаанд аврах ажиллагаа, техникийн холбогдолтой ослын 24, объектын гал түймрийн 63, нийт 87 удаагийн дуудлагын дагуу үүрэг гүйцэтгэж, 92 иргэнийг авран хамгаалж ажилласан. Дээрх дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад эрэн хайх, аврах ажиллагааны дуудлага 3 дахин, объектын гал түймрийн дуудлага 28,5 хувиар, нийт аюулт үзэгдэл, ослын тоо 55,3 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн байгууллагатай хамтарсан нийслэлийн Аврах анги 105-ын завьт эргүүл, Баянзүрх, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн нийт 115 алба хаагч, 11 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, үер усны ослоос урьдчилан сэргийлэх 7447 ширхэг санамж, сэрэмжлүүлэг материал тарааж ажиллалаа. Мөн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, нийслэлийн Онцгой комиссын дарга, Улсын Онцгой комиссоос өгсөн үүргийн дагуу дараах ажлыг зохион байгуулан ажилласан” хэмээв.

Онцгой байдлын газраас үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан газар эзэмших, ашиглах эрхийн зөвшөөрөлтэй 1697, зөвшөөрөлгүй 1071, нийт 2768 айл өрх, 13 хуулийн этгээдийн судалгааг гаргаж яаралтай нүүх тухай хугацаатай албан шаардлага, мэдэгдлийг Баянгол дүүрэг 9, Баянзүрх дүүрэг 55, Сонгинохайрхан дүүрэг 300, Сүхбаатар дүүрэг 131, Хан-Уул дүүрэг 94, Чингэлтэй дүүрэг 3, нийт 592 айл өрхөд хүргүүлж, Баянзүрх дүүрэг 5 айл өрх, 1 хуулийн этгээдийг албадан нүүлгэсэн байна.

Мөн үерийн хамгаалалтын далан суваг, борооны ус зайлуулах ил, далд шугам сүлжээний цэвэрлэгээ хийх, ус нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор БЗД-ийн 21-р хорооны 1,8 км, СБД-ийн18 дугаар хорооны 1,4 км, ЧД-ийн 7-16 дугаар хороонуудын даланг тус тус цэвэрлэх, ХУД-ийн 11, 14 дүгээр хорооны сэтэрсэн даланг сэргээн засварлах, 12-р хорооны далангийн тунгаагуур хэсэгт дүүрсэн шороог гаргах зэрэг ажлуудыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран гүйцэтгэсэн байна.

Categories
мэдээ спорт

“Үндэсний цом”-ын аваргууд тодорлоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогдсон 16 насныхны хөлбөмбөгийн “Үндэсний цом” анхдугаар тэмцээний медалийн эзэд болон шилдэг тоглогчид өнөөдөр тодорлоо.

Хожсон нь медалийн оосроос атгах гурав дугаар байрын төлөөх чухал хариуцлагатай тоглолтод Баян-Өлгий аймгийн баг Сүхбаатар аймгийг 4:1-ээр буулган авч хүрэл медалийг энгэртээ гялалзуулав.

Аваргын алтан төлөөх тоглолт Дархан-Уул, Ховд аймгийн багуудын хооронд болоход Ховд аймгийн залуу хөлбөмбөгчид хоёр бөмбөгний зөрүүгээр хожигдож яваад эргэн ирэлт хийж, үндсэн цагт 3:2-оор хожлоо. Ингэснээр анхны 16 насны “Үндэсний цом”-ын аваргын цомыг Ховд аймгийн шигшээ багийн хөвгүүд өргөсөн юм.

Баянхонгор аймагт наймдугаар сарын 01-06-ны хооронд болсон 16 насны “Үндэсний цом”-ын шилдгүүдийг тодруулахад:

Шилдэг хаалгач: Т.Серлан /Баян-Өлгий аймаг/

Шилдэг хамгаалагч: Н.Бямбадорж /Ховд аймаг/

Шилдэг хагас хамгаалагч: С.Цэрэндорж /Дархан-Уул аймаг/

Шилдэг довтлогч: Е.Ерханат /Баян-Өлгий аймаг/ нар тус тус нэрлэгдлээ.

Ийнхүү Монгол улсын 21 аймагт хөлбөмбөгийн спортыг жигд хөгжүүлэх бодлогоор зохион байгуулдаг үндэсний цом тэмцээн энэ жил анх удаа 16 насныхны дунд Баянхонгор аймагт амжилттай боллоо.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанкны Ерөнхийлөгч ОУВС-ын төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан ОУВС-ийн Монгол Улсыг хариуцсан гүйцэтгэх захирал ноён Хохюн Жаныг албаны дагалдах хүмүүсийн хамт хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтаар ноён Хохюн Жанд шинэ албан тушаалд томилогдсонд нь баяр хүргэхийн сацуу Монгол Улсад хэрэгжиж байгаа Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв. Гүйцэтгэх захирал ноён Хохюн Жанын зүгээс хөтөлбөрийн хэрэгжилтэд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглээд 5 дахь шатны үнэлгээний үр дүнг удахгүй Захирлуудын зөвлөлөөр хэлэлцэхээ мэдэгдсэн.

Монголбанкны зүгээс Монгол Улсад тулгамдсан хүнд цаг үед ОУВС хөтөлбөртөө хамруулж, дэмжлэг үзүүлсэнд талархаад Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй энэхүү хөтөлбөрийн хүрээнд банкны салбарын тогтвортой байдлыг хангах эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоог бий болгохоор ажиллаж байгааг мэдэгдлээ. Мөн Монголбанкнаас гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор өргөн хүрээнд ажиллаж байгааг дурдсан.

Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэгийн цахим бүртгэлд 60000 орчим хүүхэд бүртгэгдээд байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Эхлээд НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Мөнх-Оргил өнгөрсөн 14 хоногт Засаг даргын зүгээс өгсөн үүрэг, даалгаварын биелэлт, хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө. Мөн нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Боловсролын газрууд мэдээлэл хийв.

Нийслэлийн Боловсролын газраас 2018-2019 оны хичээлийн жилд цэцэрлэг, сургуулийн элсэт, боловсролын салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл өглөө.

Өнгөрсөн хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн 661 цэцэрлэгт 113521 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгт хамрагдсан байна. Энэ нь нийт цэцэрлэгт хамрагдах хүүхдийн 77.6 хувь юм. 2018-2019 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд төрийн болон төрийн бус өмчийн нийт 672 цэцэрлэгт 114252 хүүхэд хамрагдах төлөвтэй байгаа аж.

Өмнөх хичээлийн жилд зөвхөн хоёр настай хүүхдийг цахимаар бүртгэж байсан бол энэ жилээс эхлэн 2-5 насны бүх хүүхэд бүртгүүлж, бүртгэлээ баталгаажуулах юм байна. Цахим бүртгэл долоодугаар сарын 25-наас наймдугаар сарын 23-ныг дуустал үргэлжлэх аж. Өнөөдрийн байдлаар цахимаар 59891 хүүхэд бүргүүлсэн байна.

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагаа наймдугаар сарын 24-ний БААСАН гаригийн 09:00 цагт нийслэлийн хэмжээнд нэгэн зэрэг явагдана. Шинээр элсэх хүүхдийн бүртгэлийн тоо нь хяналтын тооноос хэтэрсэн тохиолдолд тухайн цэцэрлэгийн элсэлтийн комисс систем дээр санамсаргүй түүврийн аргаар “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагааг иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулна” хэмээлээ.

Энэ жил төрийн өмчийн 18 цэцэрлэг шинээр ашиглалтад оруулахаар төлөвлөснөөс тав нь бүрэн ашиглалтад орсон тав нь хичээлийн шинэ жилээс өмнө ашиглалтад орох аж. Үлдсэн найм нь энэ ондоо багтаж ашиглалтад орох юм байна. Мөн Улаанбаатар хотод 18 шинэ сургууль, 27 сургуулийн өргөтгөл, нийт 45 сургуулийн барилга энэ онд баригдаж эхлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Гэр хороолол дунд тавьсан замын ажил дуусжээ

Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Хорооны цогцолбор байрны баруун талын 320 метр чулуун замын ажил дуусчээ. Гэр хорооллын доторх авто замын засвар, холбоос шинэ зам барих ажлын хүрээнд тус зам хийгдсэн аж. Уг авто замыг “Саруул харгуй” ХХК гүйцэтгэж, байнгын ашиглалтад оруулахаар комиссын бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.