Categories
мэдээ нийгэм

66.2 сая толгой малыг угааж, эрүүлжүүлэх аян эхэллээ

ХХААХҮЯ-наас Монгол Улсын хэмжээнд нийт мал сүргээ угааж, эрүүлжүүлэх аян эхлүүлжээ. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль 2018 оны зургаадугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийн дагуу Засгийн газар ХХААХҮЯ-наас 66 сая толгой малаа угаах аян өрнүүлж, энэ ажлаа зүүн аймгуудаас эхлүүлсэн байна.

“Социализмын үед хийж байгаад мартагдсан энэ ажлыг сэргээснээр малыг хачиг, хувалз, маажуур хамуунаас сэргийлнэ” хэмээн малчид талархалтай хандаж байна.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг “Бүх малаа угааснаар малын ашиг шим нэмэгдэнэ. Манай нийт малын 70 хувь арьс ширний өвчлөлтэй байгаа, жил болгон угаалгад хамрагдсанаар өвчлөл 100 хувь арилна гэсэн тооцоотой байна. 66.2 сая малаа угаах ажил зүүн аймгуудаас эхэлж байна. Малчид их талархалтай хүлээн авч байна” гэж ярилаа.

Мал угаах төхөөрөмжийг ДЭМБ-аас гаргасан стандартын дагуу Монголын нөхцөлд тохируулж, монгол инженерүүдийн бүтээжээ. Уг төхөөрөмжөө малчны хотонд аваачин малыг угаагаад, усыг цэвэршүүлэн дахин дахин ашиглах боломжтой юм байна.

Categories
мэдээ нийгэм

Гамшгийн аюулаас сэргийлэхийн тул нисгэгчгүй нисэх төхөөрөмж туршлаа

Жайка олон улсын байгууллагын “Өвсний үндэс хөтөлбөр”-ийн хүрээнд “Гамшгийн аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх үндэсний чадавхыг бэхжүүлэх” төслийг Японы Нагоя их сургууль санаачлан МУИС, ОБЕГ-тай хамтран Ховд аймагт хэрэгжүүлэхээр болсон юм.

Уг хөтөлбөр нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр иргэд, орон нутгийн удирдлагыг чадавхжуулах зорилготой аж. Тиймээс тус төслийн багийнхан Баруун бүсийн төв Ховд аймгийн Онцгой байдлын газарт ажиллан, холбогдох судалгааг хийж байна.

Энэ үеэр орон нутгийн хүн ардын амь нас, өмч хөрөнгө, байгаль орчныг тохиолдож болзошгүй гамшиг, аюул, ослоос хамгаалах, урьдчилан сэргийлэх бүхий л үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг (дрон) хүлээлгэн өгсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

146 дугаар цэцэрлэг энэ хичээлийн жил ашиглалтад орно

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд , дүүргийн Засаг дарга Т.Баясах болон албаны бусад хүмүүс дүүргийн хэмжээнд засвар үйлчилгээнд хамрагдаж буй сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.

Тухайлбал Баянзүрх цогцолбор сургуулийн төвлөрсөн дулаан хангамжид холбох асуудал болон 280 хүүхдийн ортой 146 дугаар цэцэрлэгийн барилга угсралтын ажилтай танилцсан юм. Тус цэцэрлэг нь энэ хичээлийн жилд ашиглалтад орж хүүхэд багачуудаа хүлээж авах юм байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Наранбаатар: Элэгний хепатит Д вирусийг Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлүүлэх хүсэлт гаргасан

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжиж эхлээд жил гаруй хугацаа өнгөрч, хоёр дахь шатны ажлыг өнгөрсөн долоо хоногоос эхлүүлсэн. Хөтөлбөрт элэгний хепатит Д вирустэй өвчтөнүүдийг орхигдуулж, тэдэнд чиглэсэн арга хэмжээ авахгүй байна гэсэн гомдол иргэдээс ирсэн байна. Үүний дагуу элэгний хепатитаар үүсгэгддэг Д вирусийн шинжилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаар хөнгөлүүлэх хүсэлтийг “Оном” сангийн зүгээс ЭМЯ болон холбогдох байгууллагуудад хүргүүлж байгаа аж. Энэ талаар тус сангийн ТУЗ-ын дарга Шинжлэх ухааны доктор Д.Наранбаатараас тодрууллаа.


-“Элэг бүтэн монгол” хөтөлбөрийн эхний шатны үр дүнгийн талаар тодруулна уу?

-“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг манай сангаас анхлан санаачилж байсан. Өнгөрсөн жилийн тавдугаар сараас 2018 оны тавдугаар сарыг хүртэл эхний ээлжийн аянг хэрэгжүүлсэн. Аянд 40-65 насны иргэдийг хамруулсан. Улсын хэмжээнд дээрх насны 750 мянган хүмүүс бий. Эрт илрүүлэгт хамрагдсан 350 мянга иргэнээс 310 мянга нь элэгний C вирустэй гэж оношлогдсон. Харин 2188 иргэнээс элэгний В вирус илэрсэн. Өвчлөлтэй хүмүүсийн хэрэглэх эм бэлдмэлийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 60-100 хувийн хөнгөлөлт үзүүлж, эмчилж байна. Эмчилгээний үр дүн 75 хувьтай байна. Энэ онд 30-аад тэрбум төгрөгийг энэ төрлийн үйлчилгээнд зарцуулахаар төсөвлөсөн. В вирусийг бүрэн устгах эмийн тухайд, манай улсад энэ төрлийн таван эм 60 хувийн хөнгөлөлттэй худалдаалагдаж байгаа. Мөн С вирусийг устгах таван төрлийн эм байгаагаас хүмүүсийн сайн мэдэж буй нь “Харвони” юм. Уг эм хайрцаг тутамдаа 210 мянган төгрөгөөр хөнгөлөгдсөн. Өөрөөр хэлбэл нэг курс тутамд иргэдэд 630 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлдэг гэсэн үг. Харин Д вирусийн эсрэг вакцин, эмчлэх эм бэлдмэл дэлхий нийтэд хараахан гараагүй.

-Шинээр халдвар авах хүмүүсийн тоог хэрхэн бууруулах вэ?

-Хэрэв хүмүүс шинэ халдвар аваад байх юм бол вирус тээгч нэмэгдээд л байна гэсэн үг. Тиймээс шинэ халдвар тээгчийг дахин бий болгохгүй байх арга хэмжээг шуурхайлан авна. Хөтөлбөрийн хамгийн гол зүйлсийн нэг нь урьдчилан сэргийлэх үзлэг оношлгоонд иргэдийг яаралтай хамруулж, үйлчилгээг сайжруулж, иргэдийг вакцинжуулах ажлыг нэгдүгээрт тавьж байна.

-Иргэдээ халдвар тээгч болгохгүйн тулд юунд анхаарах ёстой юм бэ?

-Хүмүүс гадны хүчин зүйлээс үүсэх нөлөөллийг сайтар анхаарах хэрэгтэй. Жишээ нь шүдний эмнэлэгт очиж үйлчлүүлэхдээ эрүүл ахуйн байдлыг нь хянаж үзээгүйгээс болоод халдвар авч байна. Эмнэлгийн нэг хэрэглээний багажийг шинээр задалж байгаа эсэх, ариутган дахин хэрэглэдэг багажийг сайтар цэвэрлэж, халдваргүйжүүлэлт хийсэн эсэхийг маш сайн хянах хэрэгтэй. Эдгээрийг харж, хянах нь бас урьдчилан сэргийлэлтдээ орж байгаа юм. Мөн хүмүүс мэдээлэл муутайгаас үүдэн өвчлөлд өртөж байна. Хэрэв мэдээлэлтэй бол өөрсдийгөө хамгаалж чадна. Залуучууд ихэвчлэн шивээс хийлгэх, хөмсөг шивүүлэх, контур шивүүлэх, гоо сайхны хагалгаа, батга шахуулах зэрэг багахан хэмжээний цус гарсан, арьс салст гэмтээж байгаа зүйлсээс халдвар авч байдаг. Бүр үс засуулахад хүртэл вирус авах магадлалтай. Яагаад гэвэл нэг л эвгүй зүсэлт үүсч, арьс гэмтвэл ариутгаагүй багажид үлдсэн элдэв вирус таны биед орох нөхцөлийг бүрдүүлж байгаа хэрэг. Мөн хүмүүс шүдний сойзоо дамжуулж хэрэглэхгүй, хумсны болон сахлын хутгаа бусадтай солихгүйг анхаарах нь чухал. Бас залуучуудыг дахин вакцинжуулалтад хамруулах хэрэгтэй байна. В вирусийн эсрэг маш сайн вакцинийг манай улсад хийдэг шүү дээ. Үүнийг хийлгэчихвэл В вирусийн халдвар авахгүй. В вирусийн халдвар аваагүй тохиолдолд Д вирусийн халдвараар өвчлөхгүй. Д вирус зөвхөн В вирустэй хүнд л халддаг. Элэгний хепатитийн вирус зөвхөн арьс салст гэмтээсэн тохиолдолд бус бас бэлгийн замаар халддаг тул бэлгийн идэвхтэй насан дээрээ байгаа залуусыг дахин вирусийн вакцинд хамруулах хэрэгтэй байна. Өмнө нь нярай байхдаа энэ төрлийн вакцинд хамрагдаж байсан бол энэ нь 15 жилийн хугацаанд л биеийг хамгаалж, үүнээс цааш дархлаажуулалт сулардаг юм. Тиймээс одоо бэлгийн идэвхтэй үе дээрээ байгаа хүмүүс буюу 18-25 насны залуусыг В вирусийн вакцинд дахин хамруулах учиртай юм.

-Д вирусийн тухайд?

-В вирустэй хүмүүсийн 60 хувь нь Д вирусийн давхар халдвартай гэж оношлогдсон. Д вирус нь эрүүл хүнд халддаггүй зөвхөн В вирустэй хүнд л халддаг согогтой вирус гэж түрүүн хэлсэн. Тиймээс В вирусээр дамжин тэжээгддэг гэсэн үг. Одоогоор 140000 хүн Д вирусийн халдвартай гэж оношлогдоод байгаа.

-Д вирусийн эсрэг ямар арга хэмжээ авч байна вэ?

-Өнгөрсөн долоо хоногт элэгний В, Д вирустэй нэгдэн тэмцэх хэлэлцүүлэг зохиосон. Элэгний хепатитын Д вирус нь эмчилгээ муутай, анагаах эм бэлдмэл ховор байдаг. Одоогоор зөвхөн нитерприон гэж тариаг л Д вирусийн эсрэг ашиглаж байна. Гэвч эмчилгээний үр дүн 30-аас доош хувьтай, сөрөг нөлөө маш ихтэй. Мөн нэг тун нь л гэхэд 500 гаруй мянган төгрөгийн үнэтэй. Үүнийг бүтэн жил хэрэглэх ёстой байдаг. Долоо хоногтоо нэг удаа тарьдаг. Тэгэхээр нэг сарын эмчилгээ нь 1.600.000 төгрөг болдог. Үүнийг нэг жил хийлгэхээр 20 гаруй сая төгрөг болж байгаа юм. Энэ төрлийн вирус нь элэгний вирус дундаа хамгийн хүнд хэлбэрийнх нь байдаг. 20-оодхон настай залуучууд энэ вирусээс болоод ертөнцийн мөнх бусыг үзүүлж байна. Монгол Улсад 50 гаруй элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэсэн 90 хувь нь Д төрлийн вирусийн халдвартай байсан. Тиймээс хамгийн хүнд, хамгийн хурдан тархацтай элэгний хепатитын вирус гэж үздэг. Хүн залуу байх тусмаа эдгэхэд хэцүү идэвхжил хурдан. Ер нь В эсвэл С вирус дангаараа байвал 20-25 жилийн дараа элэгний хатуурал хорт хавдарт хүрдэг бол энэ вирусээр өвчилсөн хүн 5-8 жилийн дотор үхэх аюултай. Тиймээс эмчилгээг нэн даруй хийлгэх шаардлагатай байдаг. Харамсалтай нь эмчилгээ муутай учраас энэ асуудлыг зохицуулахад төвөгтэй болж байгаа юм. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш Д вирусийг орхигдууллаа гэсэн гомдол их ирсэн. Тиймээс Д-ийн төрлийн вирусийн эмчилгээнд зориулан ажил эхлүүлэхээр болсон. Дэлхийд дөрвөн төрлийн эм судалгааныхаа шатанд туршигдаж байна. Энэ эмүүдээс нь монгол хүнийг эмчлэхэд хэрэглэх хэрэгтэй. Нээлттэй хэлэлцүүлгийн гол зорилго нь энэ байсан юм. Монголын төр засаг юу хийх хэрэгтэй байгаа, гадны эрдэмтдээс бид юуг хүсэх вэ гэдгээ ярилцсан. Энэ өвчний тархалт өндөр хөгжилтэй орнуудад маш бага. Жишээ нь АНУ-ын иргэдийн таван хувь нь В вирусийн халдвартай байдаг. Гэтэл Монголд илрүүлэг шинжилгээнд хамрагдсан иргэдийн 60 хувь нь ийм халдвартай байна. Насанд хүрэгчдийн 11 хувь нь халдвар тээгч болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, 100 хүн тутмын 10-11 нь В вирусийн халдвартай. Тэр 10-11 хүний 5-6 нь Д вирусийн давхар халдвартай. Иймд ганц нэг байгууллага зүтгээд хүчгүйдэж байна. Монгол Улс ч мөн дангаараа хүчин мөхөстөж байна. Тэгэхээр дэлхийн тэргүүлэгч эрдэмтэд, техник технологитой хамтарч байж үр дүнтэй ажиллах хэрэгтэй.

-Эрүүл мэндийн даатгалын сангаас Д вирусийг хөнгөлүүлэх санал хүргүүлэхээр болсон гэсэн?

-Элэгний өвчлөлөөс болж хоногт долоон хүн нас барьж байна. Эдгээрийн талаас илүү хувь нь элэгний В, Д вирусээс болж нас барсан байдаг. Тиймээс бид ЭМЯ, Сангийн яам, ХНХЯ-дад хүсэлт хүргүүлж байна. Үүнд өвчтэй хүмүүсийн оношилгоонд анхаарах, Д вирусийг тоолох шинжилгээг даатгалаас хөнгөлөх асуудлыг тусгасан. Мөн клиникийн шинээр гарч байгаа эмчилгээ, эм бэлдмэлүүдэд гар бие оролцох нөхцөлөөр нь хангах хэрэгтэй байна. Олон улсад клиникийн судалгаагаар хөгжүүлж, туршигдаж байгаа эм нь манай улс руу орж ирэхээрээ 250-300 мянган долларын үнэтэй болж, үнэ нь хэд дахин нэмэгддэг. Энэ өвчлөлд тохирсон тархалт багатай эмийг 100 дахин хямдруулаад ч хамаагүй эх орондоо оруулж ирмээр байгаа юм. Ингэхийн тулд тэдгээр туршилт хийж байгаа компаниудад тусалж, хамтран ажиллах ёстой. Дэлхий нийтээрээ элэгний өвчлөлд санаа зовж байхад энэ өвчлөлийн голомт нь болсон Монгол Улс хойш сууж болохгүй.

-Хамгийн аюултай гэгдэх Д вируст өмнө нь хэрхэн анхаарал хандуулдаг байсан юм бол?

-Тохирсон эмчилгээ одоо ч гараагүй байгаа болохоор хэцүүхэн байдаг. Хэрвээ олон улсад зөвшөөрөгдсөн эм бэлдмэл, эмчилгээ байвал төр засагтай хамтраад, яаж ийж байгаад оруулаад ирж болно. Гэвч тийм зүйл даанч алга. Залуу үедээ мэдээлэл сайн түгээж, өөрсдийгөө вирус тээгч болгохгүй байхыг сануулах шаардлагатай байна. Энэ өвчин нь зөвхөн салстаар халдах бус бэлгийн замаар болон эхээс урагт гэсэн замаар халддаг гэдгийг хүмүүс төдийлөн сайн мэддэггүй.

-Ер нь хүмүүс ихэвчлэн хаанаас халдвар авч байна вэ?

-1991 оноос өмнөх үеийн хүмүүс В вирусийн вакцин хийлгэж байгаагүй болохоор ихэвчлэн хүүхэд байхдаа авсан байдаг. Харин 1991 оноос хойших, вакцинд хамрагдсан хүмүүсийн халдвар авсан шалтгаан нь тодорхойгүй байдаг. Хүмүүс ихэнхдээ амьдралын буруу хэв маягаас үүдсэн гэж боддог болов ч ихэвчлэн гадны хүчин зүйлээс болсон байдаг. Гэхдээ нярайг төрмөгц нь В вирусийн тарилга хийгдэж байгаа ч тэдгээр хүүхдүүдийн дунд элэгний вирус нэг хувьтай байна. Уг нь энэ тохиолдолд 0 эсвэл 0.5 хувьтай байх ёстой. Мөн 20-24 насныхны дунд 5.9 хувьтай, 24-с дээш насныхны дунд энэ өвчний тархалт бүр өндөр хувьтай байна. Хөдөө орон нутагт буюу баруун тав, зүүн гурван аймагт болон говийн аймгуудад судалгаа хийж үзэхэд хамгийн их өвчлөлтэй нь Ховд, Сүхбаатар бол хамгийн бага нь Баян-Өлгийн аймаг байсан.

З.МӨНХСУВД

Categories
мэдээ нийгэм

“Цаг уурын ѳѳрчлѳлт, гамшгийн эрсдэлийг бууруулах тѳлѳвлѳгѳѳ” сэдэвт сургалт болж байна

Нийслэлийн Онцгой байдлын газраас нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран “Цаг уурын ѳѳрчлѳлтѳд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны тѳлѳвлѳгѳѳ” сэдэвт сургалтыг Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн тѳвд зохион байгуулж байна.

Сургалтад Нийслэлийн Захирагчийн ажлын алба, хэрэгжүүлэгч агентлагууд, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын 30 гаруй алба хаагч хамрагдаж байгаа юм.

Сургалтад оролцогчид нийслэлийн гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэх чадавхыг бэхжүүлэх, дэмжлэг үзүүлэх, хүний амь нас, эд хѳрѳнгѳ, хүрээлэн буй орчныг болзошгүй гамшгийн аюулаас хамгаалахад авч хэрэгжүүлэх, цаг уурын өөрчлөлтийг тэсвэрлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг боловсруулах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Ховд аймагт ажиллаж байна

Жайка олон улсын байгууллагын “Өвсний үндэс хөтөлбөр”-ийн хүрээнд “Гамшгийн аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх үндэсний чадавхыг бэхжүүлэх” төслийг Японы Нагоя их сургууль санаачлан МУИС, ОБЕГ-тай хамтран Ховд аймагт хэрэгжүүлэхээр болсон.

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр иргэд, орон нутгийн удирдлагыг чадавхжуулах зорилготой тус төслийн багийнхан Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газарт ажиллан, холбогдох судалгааг хийж байна.

Энэ үеэр орон нутгийн хүн ардын амь нас, өмч хөрөнгө, байгаль орчныг тохиолдож болзошгүй гамшиг, аюул, ослоос хамгаалах, урьдчилан сэргийлэх бүхий л үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг (дрон) хүлээлгэн өгсөн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Нөхөн сонгуульд оролцох намууд хүсэлтээ ирүүллээ

Улс төрийн намууд Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, энэ оны 10 дугаар сарын 07-нд болох УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох тухайгаа Сонгуулийн Ерөнхий Хороонд албан ёсоор уламжилж байна.

Одоогоор Ардчилсан нам, МАХН, ХҮН, Дэлхийн Монголчууд нам, Үнэн ба Зөв нам Сонгуулийн тухай хуулийн 121 дүгээр зүйлд заасны дагуу сонгуульд оролцох тухай шийдвэрээ бусад баримт бичгийн хамт Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэв.
Нам, эвслүүд сонгуульд оролцох тухай хүсэлтээ хуульд заасан хугацаанд буюу 2018 оны наймдугаар сарын 08-ны өдрөөс өмнө Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэх юм. Сонгуулийн ерөнхий хороо нам, эвслийн баримт бичгийг хүлээн авах, нягтлан шалгах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулан ажиллуулж байгаа бөгөөд сонгуульд оролцох тухай нам, эвслийн баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай асуудлыг Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаар хэлэлцэн шийдвэр гаргана.
Categories
мэдээ нийгэм

Наймдугаар сарын 07-нд болох үйл явдал

09.00 цагт Нийслэлийн Засаг дарга С.Батболд Улаанбаатар хотод шинээр барьж буй болон өргөтгөн шинэчилж буй сургуулиудын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцана. 11325044, 88080750, 91113191

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д “Хаппи Веритас” төвөөс элэгний үрэвслийн маркер, асат, алатын шинжилгээг үнэ төлбөргүй хийх болсон талаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт Замын цагдаагийн албанаас өөрийн байрандаа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
“Монгол ньюс” мэдээллийн төвд
11.00 цагт “Байдраг нутаг усаа хайрлан хамгаалъя” ТББ-аас Баянхонгор аймгийн Засаг даргын хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны иргэд тус хороонд хууль зөрчин барилга барьж буй компанийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.
Categories
мэдээ цаг-үе

Н.Удвал: Хэн дуртай нь газар шороо ухаж, гол ус ширгээж байгаад ямар ч хяналт алга

-АРХЕОЛОГИЙН ШИНЖИЛГЭЭ НЭРИЙН ДОР МЕТАЛЛ ХАЙД АГ БОЛСОН БАЙНА-

Эрүүл мэндийн сайд асан, доктор Н.Удвалтай ярилцлаа. Тэрбээр “Хааны гол” төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн дарга юм.

-Та нутаг усныхаа төлөө тэмцэж байгаа юм байна. Яагаад энэ асуудалд анхаарах болов?

-“Хааны гол” төрийн бус байгууллага байгуулсан маань санамсаргүй хэрэг. Төрсөн нутаг Архангайн Эрдэнэмандал сумандаа очиход Хануйн голын маань ойр орчим алтны эрэл хийгээд, Хар хул хааны балгасанд металл хайгаад явж байгаа хүнтэй таарсан. Аав, ээжийн маань өвөлжөөг хүртэл ухаж үзсэн байна лээ. Очих нутаггүй болох нь байна шүү дээ. Үүнд эмзэглээд төрийн бус байгууллага байгуулж, нутаг усаа хамгаалъя гэсэн санаа төрсөн. Хотод ирж, байгууллагаа бүртгүүлээд, эргэж нутагтаа очоод, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль гээд энэ олон хуулийн заалтыг хүмүүст танилцуулж, ТББ-ынхаа бүтцийг нутагтаа бий болгоод ирсэн. Энэ байгууллага ганцхан Архангайн Эрдэнэмандал сумын нутгийг хамгаалах гээгүй. Монгол орны гол горхи, нуур цөөрмийн урсац, ундаргыг хамгаалах, бохирдлоос сэргийлэх, Байгаль орчны тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих зорилготой юм. Нутгийн иргэдийг нутаг усаа байгалиа, соёлын дурсгалаа хамгаалж чаддаг болоход нь тусалж дэмжих юм.

-Таны төрж өссөн нутаг ямар түүхтэй вэ, нутгаа сахиж үлдсэн хүмүүс хэр олон бэ?

-Эрдэнэмандал сум Хануй, Хүнүй голын бэлчирт байдаг нутаг. Хүннү гүрний төв байсан газар. Язгуурын монголчууд энд бүрэлдсэн гэдэг. Гол модны дурсгал манай сумын зааг нутгаас олдсон. Маш түүхтэй нутаг. Хар хул хааны балгас дотор тоглож өссөн, би. Ийм түүхтэй нутагт маань эрэл хайгуул хийгээд байхаар эмзэг хүлээж авдаг юм байна. Ингэж өөр дээрээ мэдэрсэн болохоор бусад газар ямар байгаа бол гэж анхаарч эхэлсэн.

-Нутгийн иргэд танд хандсан л байх?

-Нутгийн иргэд хүчин мөхөсдөж байна. Археологийн судалгаа, малтлага хийж байхтай таарсан хоёр, гурван хүн байна лээ. Нутгийн иргэдэд мэдээлэл өгдөггүй, үгийг нь сонсдоггүй. Урт нэртэй гэгдэх хуулиар Гол мөрний урсац бүрдэх эх, Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн зааг, Ойн сан бүхий газрын хилийн зааг газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглосон. Гэтэл одоо археологийн малтлага нэрээр орж ирж байна. Булш, бунханыг нь ухаад, голыг нь ширгээх байдал руу оруулж байна. Тамирын гол, Өгий нуур ч ийм эрсдэлд байна. Янз бүрийн нэрээр, гадаадын хөрөнгө оруулалтаар ямар ч хяналтгүй үйл ажиллагаа явуулж байна. Олдвор нь яасан талаар нутгийн иргэд ямар ч мэдээлэлгүй. Ийм маягаар эзэнгүй байгаа учраас улсын хэмжээнд хяналт тогтоох, нэгтгэж дүгнэх зайлшгүй шаардлага бий.

-Та нутагтаа хэр их очдог вэ?

-Нутагтаа ажлын шаардлагаар хэд хэд очлоо. Нутгийнхан маань мэдээлэлгүй байна. Тэдний үгийг тоохгүй байна. Хар хул хааны туурийг сахиж хамгаалдаг иргэн байдаг. Тэр хүн хэлж ярьсан ч хүчин мөхөсдөөд байгаа юм. Намайг дэмжихээр тэд маань урам, хүч орж байгаа юм. Саяхан бид Сэлэнгэ аймгийн Баянгол сум руу яваад ирлээ. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Тариатын гол ширгэсэн байна. Ширгээд удсан юм байна. Тариатын гол эх авдаг Бага мухрын ам гэж байна. Бага мухрын аманд алт ухахаар хоёр компани голынхоо хоёр талд гарчихсан. Алт угаахад зориулаад нуур үүсгэдэг юм байна.

Зарим тоног төхөөрөмжөө байрлуулаад, алт угаахад бэлтгэж байна. Бид Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газарт хандаж, зөвшөөрөлтэй эсэхийг нь лавласан. Удирдлагууд нь эзгүй, ажилтнууд нь мэдэхгүй гэж байна. Нэг хүнтэй яриулсан. Тэр нь “Танд ямар хамаатай юм бэ, наадахыг чинь сумынхан мэдэж байгаа” гэсэн. Сумын иргэдийн хурлын дарга урьд нь алтны нинжа байсан хүн гэж сонссон. Төвд байсан газар, лицензийн наймаа орон нутагт оччихсон. Уул ус, ам, голыг худалддаг байдал руу орсон байх магадлал байна.

Эрчимтэй ажиллах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Одоо бид Дорнод аймгийн Цагаан-Овоо явах гэж байна. Цагаан-Овоод газрын дайн болж байна. “Стик гоулд” гэдэг компани алт ухах гээд бэлчээрийн газрыг нь авчихаад, нутгийн иргэд ширүүн эсэргүүцэл өрнүүлж байгаа юм билээ.

Бид тэнд очиж сургалт явуулна. Ашигт малтмалын улайрсан дайнд малчдын эрх ихээр зөрчигдөж байна. Бэлчээрээ алдаж байна, уух усгүй болж байна. Өвөлжөө, хаваржаа, хадлангийн талбайгаа алдаж байна. Малчид бол газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг хамгаалж, хоточ нохойн үүрэг гүйцэтгэдэг хүмүүс. Тэд бас байгаль хамгаалагчид. Малчид органик хүнс ханган нийлүүлэгчид шүү дээ. Тэд соёл, уламжлалыг тээж, дамжуулж байгаа хүмүүс. Нүүдлийн соёл иргэншлийг тээж яваа хүмүүс бол малчид. Энэ хүмүүсийнхээ эрхийг зөрчөөд, дайн зарлаад байна. Малчдыг хамгаалах зайлшгүй шаардлага тулгарлаа. Хөдөө амьдарч байгаагүй хүмүүс нүүдлийн соёлыг мэддэггүй, хамгаалдаггүй юм байна. Бид бол газар гишгэсэн ч өвс, ургамлыг хайрладаг. Суурин соёлтой хүмүүс бол ашиглаж, сүйтгэх нь их юм. Уул ухаж, усыг ширгээж, хөрсийг бохирдуулан, алт ухаж байгаа нь хүн, байгалийн эсрэг гэмт хэрэг гэж үзэж байна. Энэ асуудлыг хөндөж тавина.

-Нутгийн иргэдийн оролцоотойгоор байгаль хамгаалах тухай ярьдаг. Тэдэнд зүй зохистой эзэмшиж ашиглах эрх мэдэл өгөөд, байгаль хамгаалах үүрэг хүлээлгэх бололцоо хэр байгаа бол?

-Уг нь хуулиараа ийм боломж бий. Харамсалтай нь ингэж чадахгүй байна. Иргэд үнэхээр хүчин мөхөсдөж байна. Хамгаалагч нэртэй булиа залууст нутгийн иргэд зодуулж байна. Нутаг усыг нь булааж байна. Олон газарт ийм үзэгдэл болж байна. Баянхонгорт, Хөвсгөлд, Хэнтий, Сэлэнгэ, Дорнодод ийм явдал болж байна. Бид энэ бүх газраар явж сургалт явуулна. Нутгийн иргэдэд хуулийн боломж, эрхээ хамгаалах мэдлэг олгоно.

-Танай нутгийн хувьд түүхэн газар учраас тусгай хамгаалалтттай газар нутаг юм байна шүү дээ. Яагаад эрэл хайгуул хийсэн хүмүүс яваад байгаа юм бол?

-Хоёр герман сууж байгааг би хараад очсон юм. Юу хийж байгаа юм бэ гэж асуусан чинь “Металл хайж байна” гэсэн юм. 100 метрийн цаана булш ухаж байсан. “Энд археологийн шинжилгээ хийж байгаа юм” гэж хэллээ. Одоо ерөөсөө археологийн шинжилгээ гээд металл хайдаг болсон байна шүү дээ. Нутгийн төр захиргааны байгууллага ард иргэдээ хамгаалахгүй байна. Төр нь ч дэмжихгүй. Нутаг нутагтаа л тэмцээд байна.

Нутгийн иргэд хүчгүй байна, яаж тэмцэхээ ч мэдэхгүй байна. Нүүдлийн соёл иргэншлээ бид хамгаална. Сая Засгийн газрын нэг муухай тогтоол гарсан. Газар тариалангийн бүс нутгийг зарласнаар манай өвөлжөө бас тэр хэсэгт нь орчихсон.

-Архангай газар тариалангийн бүс нутаг юм уу?

-Биш. Архангайд бэлчээрийн даац хэтэрсэн мөртлөө тариалангийн газар болгоно гээд нүүлгэх хэсэгт манай баг орчихсон. Хайрхан, манай сум хоёр тариалангийн талбайтай байсан, биднийг хүүхэд байхад. Гэхдээ атаршчихсан.

-Та нэг хэсэг лекц уншиж байсан. Нийгмээ соён гэгээрүүлэх гэдэг чухал ажил шүү, сүүлийн үед ямар лекц уншиж байна?

-“Дайнаа зогсооё” лекц уншиж, сонсдог ном гаргахаар зэхэж байгаа. Төрийн бус байгууллагыг санхүүжүүлэх хэцүү. Ямар нэг хараат байдалд орохгүй байх нь чухал. Ард түмний дундаас санхүүжилтээ босгохоор зорьж байна. Зүгээр хандив гуйх бус “Дайнаа зогсооё” лекцээрээ санхүүжилт босгох юм. Яагаад бид ийм байдалд орчихов, яаж гарах вэ? Монгол хүн нутагтаа яаж эзэн шиг амьдрах вэ гэдэг арга замыг заах юм.

-“Дайнаа зогсооё” гэж яагаад нэрлэсэн юм бэ?

– Өнөөдөр бид эдийн засаг, санхүүгийн дайн, оюун санааны дайн, экологийн дайн, химийн дайн гээд олон дайны хөлд нэрвэгдээд байна. Энэ дайнаа зогсооё гэсэн хэрэг. Энэ бүхэн хаанаас яаж бий болоод байна, яаж бид энд яваад орчихов гэдгийг хүмүүст мэдүүлэхийг хүссэн юм. Иргэдээ сэрээгээд сэхээрүүлээд, эргээд бүгдээрээ нэгдэж, эх орон, газар шороо, ард түмнээ хамгаалъя гэсэн гол зорилготой.

Аж үйлдвэрийн хувьсгал гэж боллоо. Энэ хувьсгал олон сайн зүйлсийг авчирсан. Маш их баялаг, бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн. Гэхдээ бас дэлхийн дулаарлаас эхлээд олон муу үр дагавар учруулсан. Хэчнээн гол горхи ширгэв. Дэлхий чинь бараг хайлах гээд байна. Дэлхийн мөсөн бүрхүүл нимгэрч байна. Нэг хайлчихвал дэлхий үерт автаад, эргэлт буцалтгүй болох прогнозыг гаргасан юм билээ. Дэлхийн дулаарлын тухай маш олон судалгаанууд бий. Дэлхийн дулаарлын 90 хувь нь хүний хүчин зүйлтэй холбоотой гэж үздэг. Бас цөлжилтийн асуудал байна. Цөлжчихвөл мод амьтан ургамал, хүн яаж амьдрах вэ. Хүн, амьтан, малын амьдралын эх үүсвэр ус, ургамал, хөрс, байгаль дэлхий чинь шүү дээ. Энэ бүхэн эргээд газар шороогоо ухаж, сүйтгэж байгаатай холбоотой. Дараагийн нэг анхаарах зүйл ус. Дэлхий усны хомсдолд орж байна. XXI зууны гол дайн усны дайн гэж тодорхойлдог. Усыг XXI зууны газрын тос гэж нэрлээд байгаа. Хүнс бол зэр зэвсэг юм гэж аль хэдийнэ тодорхойлчихсон. Хүнсээр дамжуулж үй олноор нь өвчлүүлж, хөнөөж болно. Хүнсний аюулгүй байдал өнөөдөр ямар түвшинд байгаа билээ. Монголчууд хэзээ ийм их хорт хавдартай байлаа. Бид юу идэж, хэрэглэж байна. Түүний чинь үр дүн.

-Хүнс зэвсэг гэж үзвэл хаанаас хүнсээ аваад байна гэдэг том асуудал болж хувирах юм байна?

-Генетикийн өөрчлөлттэй хүнсийг бид идэж байгаа. Маш их ашиг олохын тулд дэлхийн хүнсийг ингэж үйлдвэрлэдэг. Тэгэхээр байгалийн гаралтай органик хүнсээ хадгалах, хамгаалах, аривжуулах, хэрэглэх чиглэлээр бодлого явуулахгүй бол горьгүй нь. Саяхан Америк яваад ирсэн манай нэг эрдэмтэн ярьж байна лээ. Америкт тостой кофе гаргахаар туршилт хийж байна гэнэ. Монголчууд өрөм тос цайндаа хийж уудаг байсан шүү дээ. Бидний уламжлалт хоол хүнс цэвэр, экологийн гаралтай байж. Байгаль орчин нь цэвэр, идэж байгаа хүнс нь цэвэр, агаар нь цэвэр, оюун санаа нь цэвэр үед өссөн учраас бид харьцангуй эрүүл байна. Одоо бол хүнсээр дамжаад маш олон өвчин үүсч байна. Ургийн гажиг хөгжил ихэсч байна. Монгол элэг, ходоодны хорт хавдраар дэлхийд тэргүүлж байна шүү дээ.

-Германы нэг улстөр судлаачийн яриаг уншлаа. Тэд Марксаа, “Капитал”-аа эргэж судлаад, шинэ онол хайгаад байгаа юм билээ. Та бас “Капитал”-ыг судалсан гэсэн үү?

– Францын эдийн засагч Томас Пикетти гэдэг хүн “XXI зууны капитал” гэдэг ном бичсэн юм. Энэ номоо 2013 онд хэвлүүлсэн. “Капитал”-д юу гэж бичсэн гэхээр дэлхийн хүмүүс асар их капитал үйлдвэрлэсэн байна. Баялгаа буруу хуваарилсан. Баян хэсэгт нь асар их баялаг очдог, ядуу хэсэгт нь баялаг бараг хүртэхгүй байгаа нь дэлхий нийтийн асуудал болсон байна. Үүнийг засахын тулд дэлхий нийтийн татвар гэдэг концепцийг санал болгосон юм. Марксийн “Капитал”-д таваарт шүтэх үзлийн тухай бий. Манай монголчууд ч эд баялгийг хэт их шүтэж байна. Хүн ёс суртахууны доройтолд орж, хүн хүнээ барихад хүргэнэ. Мөн чанар нь өмч, мөнгийг шүтэх. Бид хүсэл шуналынхаа боол болчихсон. Шуналдаа автаад нэг нэгэндээ дайсан болчихсон. Сонгуулийг будлиантуулж, төрийн эрх мэдлийг мөнгөөр худалдаж аваад байдаг нь эрх мэдлээ алдахгүйн тулд юм шүү дээ. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах замаар манайхан төрөө байгуулж байгаа. Тийм төрөөс хууль бус л юм гарахаас биш өөр юу хүлээх вэ.

-Та улстөрч хүн. Намдаа юу хийж байна вэ?

-Би МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн. Намынхаа үйл ажиллагаанд оролцоод явж байгаа. Би нэг зүйл дээр хатуу байдаг хүн. Монголын төрийг сонгуулийн аргаар байгуулах боломжгүй болсон. Тийм учраас эвийн аргаар энэ төрийг эмхлэн цэгцлэх шаардлагатай гэж үздэг.


Categories
мэдээ цаг-үе

Б.Энхмаа: Манай улсад цус ойртолтын асуудал аюулын харанга дэлдэх хэмжээнд байна

-ЦУС ОЙРТСОН ХҮНИЙ СЭТГЭЛГЭЭ НЬ ЗӨВХӨН ХАР АМИА БОДОХ, БУСДЫГ ҮЛ ТООМСОРЛОХОД ХҮРГЭДЭГ-

Сэтгэл судлалын ухааны доктор Б.Энхмаатай ярилцлаа.


-Манай улсад сүүлийн үед сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай хүмүүс их болсон гэдгийг зарим судлаачид хэлж байсан. Энэ талаар яриагаа эхэлье?

-Аливаа улсын хөгжил болон үндэсний аюулгүй байдлыг хангахад нийгмийн сэтгэл зүй нь тулгуур болж өгдөг. Иймээс нийгмийн сэтгэл зүйг төлөвшүүлэхэд төрийн зүгээс ухаалаг, үр дүнтэй бодлого боловсруулж, оролцох шаардлага тулгарч байна. Нийгэм, эдийн засаг, амьдралын нөхцөл байдлаас шалтгаалж, түр зуурын дасан зохицох чадвараа алдах, хямралд өртөх, биеэ барих чадвараа түр зуур алдах, түгших нь сэтгэл зүйн тулгамдсан асуудлын наад захын ойлголт юм. Сэтгэл зүйн асуудал гэдэгт сэтгэл санааны болон эрүүл мэндийн асуудлууд багтана. Сүүлийн үед хүмүүс төрөл бүрийн мэдээлэл дунд төөрч, бие биедээ таагүй үг хэлэх, сэтгэл эмзэглүүлсэн үйлдлүүд гаргах нь хүний сэтгэл зүйд маш их сөргөөр нөлөөлж байна. Ядуурал, ажилгүйдэл, тухайн хүн хөдөлмөрөө бодитой үнэлүүлж чадахгүй байгаа зэрэг нь яах аргагүй сэтгэл зүйн тогтворгүй байдлыг бий болгодог гэсэн үг. Тухайлбал, төрийн байгууллагын ажилтан, албан хаагчдын ажлын байрны асуудал анхаарал татахуйц хэмжээнд хүрч байгаа. Учир нь улс төрийн тавцанд тухайн салбарын талаар мэдэхгүй залуус ирж, самарч хаяад явдаг. Харин мэддэг чаддаг олон жил ажилласан албан тушаалтнууд нь шүүсийг нь шахаад ч юм гарахааргүй өөрийгөө хайрцаглачихсан. Ямар ч салхи ороод нэмэргүй дагтаршчихсан. Тэд шинэчлэл хийх гэсэн залуусын сэтгэлийг нь мохоож, ажиллах эрч хүч, урам өгөх нь байтугай, ууцыг нь хугалж гаргана гэгчээр ханддаг болжээ. Эсвэл өөрсдийн адил хөгждөггүй хайрцагандаа залуусыг булшлах өнгө аястайгаар харилцаж буй нь илт байгаа юм. Энэ бол төрийн албанд шинээр орсон залуус болон шинэчлэлийн салхийг эрэлхийлсэн мэргэжилтнүүдэд тулгамдаад байгаа хамгийн түгээмэл сэтгэл зүйн асуудал болсон.

Мөн “Бүрэг эрийг эмд тооцвол эм олон” гэдэг шиг эр эм нь мэдэгдэхгүй, мэдэхгүйгээ мэддэггүй хүмүүс олшроод байгаа болохоор сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай хүн олон болсон.

-Сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай хүнийг дотор нь хэд ангилдаг вэ?

-Сэтгэл зүйн асуудлууд нь ил, нуугдмал, сэтгэлийн гүний гэсэн хэлбэртэй байдаг. Үүсч буй нөхцөл байдлаасаа хамааран гэр бүлийн, харилцааны, нийгмийн, хувь хүний гэх зэргээр ангилж болно. Энд нэг зүйлийг тодруулъя. Сэтгэл зүйн тулгамдсан асуудлууд (психологические проблемы) болон сэтгэцийн тулгамдсан асуудлууд нь (психические проблемы) хоёр өөр ойлголт.

-Хөгжлийн хэрээр хүмүүс аливаа зүйлээс шалтгаалж, стресстэх нь ихэсч байна. Тухайлбал, замын түгжрэлээс болж, иргэд нэгийгээ ёс бусаар хараах, хүлээцтэй хандаж чадахгүй байх тохиолдол олон гардаг. Мөн гэр бүлийн хүчирхийлэл их болсон гэсэн. Энэ нь цус ойртолттой холбоотой юу. Нэг ёсондоо монголчуудын цус ойртолт ямар хэмжээнд байгаа юм бэ?

-Манай улсад цус ойртолтын асуудал аюулын харанга дэлдсэн хэмжээнд байгаа. Үүнийг эрдэмтэн, судлаачдын хийсэн судалгааны үр дүнгээс харж болно. Таны асуултыг ёс суртахуунтай холбоотой асуудал хэмээн үзэж байна.

-Аминч үзэл, өөрийгөө дөвийлгөх үзэл сэтгэлзүйн нэг төрлийн өвчин үү?

“…Чимхээр эс бол нэг савтай хоолонд

Чихэр давс хоёрыг ханатал нь хийж болдоггүй…” гэдэг шиг тунг нь тааруулбал өвчин болтлоо даамжрахгүй.

-Өөрийгөө бодох, аминч үзэл цус ойртолтын шинж тэмдгийн нэгт орно гэдгийг судалгаагаар тогтоосон…

-Анагаах ухааны доктор Э.Энхмаа “Цус ойртолтын улмаас хүн амын дотор аминчхан, амиа аргацаах сэтгэлгээтэй хүмүүсийн эзлэх хувь байнга нэмэгддэг” гэсэн байдаг. Я.Цэвэлийн тайлбар толиноос “Аминчхан: ганцагчин, хань болоогүй, зөвхөн амин хувиа бодогч. Амиа аргацаах: Амиа борлуулж довоо шарлуулах” хэмээсэн нь бий. Тодруулбал, “Цус ойртсон бие махбод, бие бялдрын хувьд дорой, өвчинд өртөмтгий байдаг. Иймээс байнга өөрийгөө тойглож байх хэрэгтэй болдог. Мөн байнгын дотогшоо чиглэсэн сэтгэлгээ нь зөвхөн хар амиа бодох, бусдыг үл тоомсорлоход хүргэдэг байна” гэж бичсэн байсан. Би үүнтэй санал нэг байна. Манайд монгол хүний удам судар, угийн бичиг, генетикийн хөгжлийг судалдаг томоохон эрдэмтэд олон бий. Тэдгээр эрдэмтэд сайн тайлбарласан байдаг юм.

-Монголчууд улам л амиа бодож, шуналтай болоод байгааг зарим сэтгэл судлаачид хэлдэг. Энэ нь юутай холбоотой вэ?

-Нийгэм, эдийн засгийн байдалтай холбоотой. Амиа бодож довоо шарлуулаад, миний эрх бусдын эрхээр хязгаарлагддаг гэдгийг мэддэг бол өвчин болтлоо хүндрэхгүй л дээ.

-Сэтгэл зүйд аминч үзлийг юунаас эхтэй гэж үздэг вэ. Аминч үзэл сэтгэлзүйн хэвийн үзэгдэл мөн үү?

-Аминч үзэл, амиа бодохуй буюу эгоизм нь хүний зан төлөвийн нэгэн хэлбэр. Тухайлбал, тухайн хүн өөрийн төлөө бусдыг ашиглах, тэднийг өөрийнхөө амжилтад хүрэх, дэвшин дээшилж мандан бадрахад хэрэглэх арга хэрэгслүүрээ болгох явдал юм. Миний хэрэг бүтвэл бусдын явдал бүтнэ гэдгийг мэдэхгүй. Нэг тийм “би л” болж байвал бусад нь яадаг юм гэх зэргээр хандаж байгааг амиа бодсон хүмүүс хэмээн нэрлээд орчуулж хэрэглээд дасчихжээ. Бас арга ч үгүй юм уу даа. (инээв) 1990-ээд оноос өмнөхөн ард түмний дунд хувиа бодох, амиа аргацаах нь социалист иргэн бие хүнд байж боломгүй чанар хэмээн үздэг байв. Нэг ёсондоо нийгмийн тогтолцоотой хүн ардынх нь сэтгэлгээнд одоо хүртэл хадаастай байдаг зүйл юм билээ.

-Гадаа гудамжинд ил бие засах, шүлс нусаа хаях, нэгнийхээ урдуур дайрах зэрэг үйлдлүүд манайхан дунд их ажиглагддаг. Тэнэгрэлийн шинж тэмдэг нь ичиж зовохоо болих гэдэг. Мэдээлэл, хөгжлийн эрин зуунд бид яагаад тэнэг бүдүүлэг хэвээрээ байгаа юм бол?

-Биднийг багад сэтгүүлийн мэдээгээр ухаан тэлж, оюун хөгжихгүй. Тиймээс ном унш гэдэг байлаа. гэтэл одоо манайхан иргэний нийгмийн байгууллагуудаар дамжуулан маш олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. Санхүүжүүлэгч тал нь тэнэг хүн ч уншаад ойлгохоор хялбархан, зураг түлхүү оруулсан гарын авлага хэвлүүлэхийг шаарддаг юм шиг байна. Жаахан бүдүүлэг мэт боловч үнэнд ойр үүднээс ингэж хэллээ. Энэ бол маш том эмгэнэл. Юмыг хялбарчлах тусам хүнд үлдэх нь бага болдог.

Ёс зүйн тухай, ёс суртахууны хүмүүжилгүй хүмүүсийн асуудал л даа. Тэнэгрэл өвчний улмаас хүний оюун ухаанд засаршгүй өөрчлөлт орж, сэтгэлгээний чадвар буурч сулрах нь сэтгэцийн өвчин юм. Түүнээс биш ичих булчирхайгүй байх нь ийм өвчин үүсгэх шалтгаан гэж хэлж болохгүй.

Уг нь монголчууд аливаад дасан зохицох чадвар маш сайтай ард түмэн шүү дээ. Дэлхийд “Төрөө дээдэлдэг ард түмэн монголчуудаас өөр үгүй билээ” гэж ярьж байсан цаг саяхан. Харин сүүлийн үед “Унхиагүй ноён Урагшгүй ард” гэдэг шиг л чадамжгүй түшээдийг сонгон чадамжгүй төрийг бий болгочихоо юу даа гэж халаглах юм. Гэхдээ бүх зүйл өөрчлөгдөөд сайхан болно гэдэгт итгэж байна. Төрийн хууль хатуу чанга, жинхэнэ утгаараа хэрэгждэг болбол ийм асуудал үүсэхгүй байх.

-Монголчуудаас адгууслаг араншин илрэх нь түлхүү болоод байгааг зарим сэтгэл судлаачид хэлсэн байдаг. Энэ талаар ярихгүй юу?

-Нийгэм, эдийн засаг, амьдралын нөхцөл байдлаас шалтгаалан хүн чанар, ёс суртахууны байдал доройтсон тал бий. Энэ нь гэр бүл төлөвлөлт, гэрийн хүмүүжил, хүмүүс хоорондын харилцаатай холбоотой.

-Бидний өвөг дээдсээс монгол ухаан хүмүүжлээр байгаль дэлхий, хүний жам ёсны харилцааг амьдрал дээр энгийнээр зааж сургаж ирсэн. Энэ хүмүүжил, сургаал яагаад алдагдаж байна…

-Нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг монголын ард түмэн суурьшмал иргэншилд шилжсэнтэй холбоотой хэмээн бодож байна. Иймээс уламжлалт сэтгэлгээ, ахуй соёлоосоо нэлээд алсарч дагаж мөрддөг ёс зүйн наад захын хэм хэмжээ үгүй болсон.

-Боловсролыг багаас нь олгох ёстой гэдэг маргаангүй үнэн. Монгол хүний онцлог, ёс суртахуунд тохирсон боловсрол олгоход одоогоор юун дээр анхаарах хэрэгтэй вэ. Цаашид хувь хүний сэтгэл зүйтэй холбогдолтой хичээл ордог болвол, үр дүн гарах уу?

-Орон нутгийн газар зүйн байрлал бүтэцтэй холбоотойгоор энэ асуудлыг яривал арай л дээр болов уу гэж бодож байна. Мэдээж боловсролыг системтэйгээр бүх нийтийг хамруулан олгох нь хамгийн зөв. гэхдээ нас зүйн хувьд ялангуяа зургаан наснаас нь дунд сургуульд хамруулан сургахдаа хөдөө орон нутаг, хот гэж арай өөр бодлогоор боловсролыг олговол гэр бүл салалт, хүүхдийн сэтгэл зүйг гэмтээхгүй байж болох юм шиг санагддаг. Миний бодлоор хот, аймгийн төвийн суурин амьдралтай хүүхдүүдийг зургаан наснаас нь дунд сургуульд хамруулан сургахад асуудал багатай. Харин сум, багт амьдардаг, мал дээр буй иргэдийн хүүхдийг долоон наснаас нь эхлэн сургах нь үр дүнтэй. Учир нь тэд ээжийнхээ мөөмнөөс салаагүй, гэрээсээ хол ганцаараа байж чадахгүй байх нь ч бий. Ингээд сургуулийн байранд орно, эсвэл танил айл, хамаатан, төрөл садан нь тухайн хүүхдийг авч, сургуульд сургахаар төв барааддаг юм билээ. Үүний улмаас дээр дурдсан асуудал үүсч эхэлдэг. Дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрүүдэд сэтгэл зүйн шинжлэх ухааны холбогдолтой асуудлууд тусгайлан хичээл болж ордоггүй. гэвч зарим нэг хичээлүүдэд үндсэн ойлголтууд орсон байдаг. Ер нь бол барууны өндөр хөгжилтэй орнуудын дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт тавдугаар ангиас нь эхлэн төгсөх хүртлээ “Сэтгэл судлал” гэсэн хичээлийг сурагчид судалдаг. Манайд ч гэсэн цаашид тусгай хичээл ордог болно байх.

-Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад тухайн хувь хүний сэтгэл зүйн тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг юм бэ?

-Ихэвчлэн иргэний нийгмийн байгууллагуудад ханддаг. Ер нь бүх байгууллагад 2-3 сэтгэл зүйч ажилладаг.

-Нутгархдаг, жалга довны үзэл сэтгэл зүйн талаасаа өнөөдөр хэвийн үзэгдэлд орох уу?

-Хэрвээ хүмүүс бусдын хийсэн зүйлээс сайныг нь харж чаддаг бол, бусдын хийсэн муу үйлээс сургамж авдаг бол, бусдын гаргасан санаачилгыг дэмжин тусалж, харилцан мэдээлэл солилцон, хамтран ажиллаж чаддаг бол иймэрхүү тулга тойрсон жижиг сажиг зүйл ярьж явахгүй байсан болов уу хэмээн бодож байна. Юм үзэж нүд тайлаагүй хүмүүс амиа хоохойлох гэсэн башир аргатай холбоотой ч юм шиг санагдаад байдаг юм.

-Энэ нь явсаар юунд хүргэх вэ. Энэ бүхэн яаж зөв чиглэлдээ орох ёстой юм бэ?

-Манайхан тулгамдаж буй олон асуудлыг яриад л байдаг. Тэгээд олон гарц бий гээд л ярина. зангууны үлгэр шиг манайхан нэг тойргоосоо гарч чадахгүй байгаа шиг санагддаг. өөрөөр хэлбэл, томоор сэтгэж, мөрөөдөх хэрэгтэй юм болов уу. Аливаад хандаж буй хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Хэрхэн, яаж гэдгийг мэдмээр байвал томоор хар, сэтгэ, мөрөөд, бод, бясалгал хийхэд цаг гаргах ёстой. Нэг ёсондоо хүн бүр зовлон тоочихгүй байх шаардлагатай. зовлон тоочих нь тухайн хүн өөрийгөө улам л сул дорой болгоод байна гэсэн үг. Нүцгэн ирээд нүцгэн буцах хорвоо шүү дээ. Сэтгэлийн амар амгалан, өөртөө үнэнч байх, бусдын эрхийг хүндэтгэн тэдэнд саад болохгүйгээр хандлагаа өөрчлөн амьдрах нь хамгийн зөв сонголт.

-Монголчууд стрессээ тайлахын тулд архи ууж, сүүлдээ донтож байна гэдгийг Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээлсэн. Мөн залуучууд архи, хар тамхины хамааралд орох гээд байдаг болсон. Тиймээс тухайн хүн сэтгэл зүйн тулгамдсан асуудлаа хэрхэн зөв шийдвэрлэх хэрэгтэй юм бол?

-Ажиглаад байхад манайхан сэтгэл бухимдалтай, стресстэй байгаагаа мэддэггүй. зөв хооллож, сайн унтаж амарч, өөрт хамаатай зүйлдээ л ач холбогдол өгч сурах хэрэгтэй. Бодож бясалгахад цаг зав гаргахыг хичээх ёстой. Чөлөөт цаг гаргаж юу ч бодохгүйгээр хөгжилд, эрүүл байя гэж хүсвэл хөдөлгөөнтэй байх нь зүйтэй.

-Сэтгэцийн өвчин, цус ойртолтоос урьдчилан сэргийлэхийн тулд бид юу хийх ёстой вэ?

-Эрт унтаж эрт босвол бие эрүүл, сэтгэл тайван байна. Мөн зөв хооллолт чухал байр суурийг эзэлнэ. Хүн өөрийгөө ажиглаад байхад их л мундаг зүйл яриад байдаг. Харин хэрэг дээрээ хэрэгжүүлж, хэвшүүлж чаддаггүй тал ч бий.

Тиймээс аль болох өөртөө үнэнч байж, эртхэн унтаж эртхэн босоод сурчих хэрэгтэй юм. Бага насны хүүхдүүдэд эцэг, эхчүүд нь анхаарал халамжтай хандах ёстой. Мөн Угийн бичгийг сайтар хөтөлж, есөн үеэ нэрлэж чаддаг, мэддэг бол цус ойртолтын тухай асуудал сөхөгдөхгүй байж болно.

-Манай улсад сэтгэл судлалын төв болон сэтгэл судлаачдын хүрэлцээ ямар байгаа бол. Үүнд төр, засгаас хэрхэн анхаарах шаардлагатай байна вэ?

-Төрийн бодлого зохицуулалт ихээхэн үгүйлэгдэж буй салбар. Сэтгэл зүйчдийн эрх ашгийг хамгаалдаг, хөдөлмөрийг нь бодитой үнэлдэг, үйл ажиллагаа, үйлдэлд нь хариуцлага тооцох, албан ёсны дүрэм журамтай нэг том байгууллага үүсч байгуулагдах хэрэгцээ бий.

Мөн мэргэжлийн нэгдсэн нэр томьёотой болох хэрэгтэй байна. Энэ асуудал ганц сэтгэл судлалынхан биш нэлээдгүй байгууллагуудад тулгамдаад байгаа асуудал болсон. Иймээс цогц бодлогоор авч үзэх хэрэгтэй юм.

Б.УРАНЧИМЭГ