Categories
мэдээ нийгэм

Шинээр тавих 1.5 км авто зам төсвийг улсын төсөвт тусгахаар болжээ

Шинэ, хуучин Дарханыг холбосон 8 км авто замын эхний үе шат болох 2.4 км авто замыг Орон нутгийн төсвөөр 2016 онд ашиглалтад оруулсан. Энэхүү авто замын үргэлжлэл нь Олон улсын худалдааны төвийн арын авто замын уулзвараас Хабитат хорооллын чиглэлд тавигдах 1.5 км авто зам юм.

Тус авто замын ажил иргэдийн хувьд ихээхэн хүлээлттэй учир аймаг, орон нутгийн удирдлагууд анхаарал хандуулан ажилласны үр дүнд 2019 оны Улсын төсөвт 1.2 тэрбум төгрөгийг суулгахаар Зам тээврийн хөгжлийн яаманд дэмжигджээ. Харин Сангийн яам, Төсвийн байнгын хороогоор хэлэлцэгдэж эцсийн шийдвэр гарах талаар ажлын албаныхан мэдээлж байна.

Дархан сумын 15 дугаар багт хийгдэж буй авто замын ажлууд алсыг харсан төлөвлөгөөтэйгөөр шат дараалан хийгдэж байгааг иргэдийн төлөөллүүдэд аймгийн Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга П.Батсүх хэлж байв. Түүнчлэн дээрх авто замын ажил Дархан хотын “Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-нд багтсан төлөвлөгөөт ажил юм.

Categories
мэдээ улс-төр

Нөхөн сонгуульд өрсөлдөх намууд өнөөдрийн дотор хүсэлтээ ирүүлэх ёстой

УИХ-ын 42-р тойрогт явуулах нөхөн сонгуульд АН, МАН, ИЗНН, Үнэн ба зөв нам төлөөллийн байгууллагаараа дамжуулан гаргасан. Мөн өчигдөр МАХН нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн.

Хэнтий аймгаас сонгогдсон Д.Гантулгын оронд хэн байх вэ гэдгийг шийдэх тус сонгуульд улс төрийн бусад намууд албан ёсны хүсэлтээ өнөөдрийн дотор Сонгуулийн төв хороонд хүргүүлэх ёстой юм. Сонгуулийн ерөнхий хороо нь тав хоногт багтааж сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана. Ингэснээр ирэх сарын дөрвөн гэхэд хэн нэр дэвших нь тодорхой болох юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийслэлийн хэмжээнд нийт арван мянган метр квадрат авто зам эвдэрчээ

Ойрын өдрүүдэд усархаг бороо орсны улмаас нийслэлийн авто замуудад эвдрэл үүсээд байна. Нийслэлийн авто замын хөгжлийн газрын судалгаагаар энэ зун авто замд 10 мянган метр квадрат нүхэн эвдрэл үүссэн аж. Үерийн улмаас эвдрэл үүссэн авто замуудад нөхцөл байдал ямар байгааг бид сурвалжиллаа.

ДАРЬ ЭХИЙН ЗАМ ЭВДЭРСЭН НЬ ИРГЭДИЙН БУРУУТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНААС ҮҮДЭЛТЭЙ ГЭВ

Нийслэлийн хэмжээнд ноцтой нүхэн эвдрэл үүссэн газар нь Дарь-Эхийн уулзвараас, Монелийн уулзвар хүртэлх авто зам юм. Дарь-Эхийн дундын буудал орчимд биднийг очиход хэд хоногийн өмнө орсон борооны улмаас үүссэн ус авто зам дээгүүр урссаар байв. Энэ хавийн замд завсар зайгүй нүхэн эвдрэл үүсчээ. Борооны ус замын нүхийг бүрхэж урсч байгаа учраас жолооч нарт хүндрэлтэй байв. Зарим автомашинууд замын нүхнээс гарч чадахгүй гацсанаар түгжрэл үүсгэж байв. Жолоочдын ярьж байгаагаар Дарь-Эхийн замаас Станцын буудал хүртэл хоёроос гурван минут явдаг байжээ. Харин одоо 30 орчим минут түгжирдэг болсон гэнэ.

Энэ талаар Нийслэлийн авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра “Дарь- Эхийн уулзвараас Монелийн уулзвар хүртэл гадна тойруугийн гурав дөрөвдүгээр хэсгийн замыг энэ жил тавьсан. Гадна тойруугийн гуравдугаар хэсгийн зам, Дарь-Эхийн замтай холбогдох нэг километр орчим зам бол 2012 онд ашиглалтад орсон. Уг өндөр насжилттай авто замын хажуугаар иргэд, аж ахуйн нэгжүүд дугуй засвар, хүнсний дэлгүүр байгуулчихсан. Тиймээс тэр хавийн ус зайлуулах жалгууд шороогоор дүүрч үерийн ус зам руугаа орж эвдрэл үүсгээд байна” гэж тайлбарлав.

Нийслэлээс явуулж буй зам засварын ажлууд сүүлийн өдрүүдэд орсон хүчтэй аадар борооны улмаас зогсоод байгаа гэнэ. Энэ жил сүүлийн 40 жил тохиолдоогүй их хэмжээний бороо оржээ. Үүний улмаас ихэнхдээ насжилт өндөртэй замууд эвдэрчээ. Нийслэлийн авто зам хөгжлийн газраас тэдгээр замд гарсан нүхэн эвдрэлийг хайрга дайргаар бөглөж, дүүргэлт хийж байгаа гэнэ. Гэвч энэ ажил нь бороо орсны улмаас урсаж алга болчихоод байгаа аж.

Дарь-Эхийн орчим такси үйлчилгээ эрхэлдэг жолооч Д.Баттулга “Зам дээрх нүхэн эвдрэлд машинууд орж гацсанаар түгжрээ үүсээд байгаад сэтгэл дундуур байна. Удахгүй сургууль орж, хүмүүс зуслангаасаа ирнэ. Тэрнээс өмнө нийслэлийн зүгээс энэ хэсгийн замыг нөхөх арга хэмжээ авахгүй бол хэцүүднэ.

Ил байгаа нүхийг тойроод гарч болж байгаа. Харин үерийн усан доор байгаа нүхийг харах боломжгүй. Тиймээс урдах машинаа харж байгаад аль болох гайгүй замыг нь харж гарч байгаа. Энэ нүхнүүд машинд их халтай юм. Саяхан би нүхээр гарч байгаад машиныхаа буферийг эвдэлчихсэн. Монелын зам үүнээс дутахгүй муудчихсан байна лээ” гэсэн юм.

Дарь-Эхийн орчимд үүссэн нөхцөл байдал иргэдийн буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гэж Нийслэлийн авто замын газрын мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Авто замуудын эвдрэлийн шалтгааныг Мэргэжлийн хяналт, ОБЕГ, Газрын алба, НАЗХГ-ын хамтарсан баг судалж үзсэн аж. Нийслэлийн өндөрлөг газраас урсаж буй ус доош урсахдаа жалга, ус зайлуулах хоолой, шуудуугаар дамжин голын устай нийлдэг байна. Гэвч иргэд үерийн ус зайлуулах байгууламжуудыг шороогоор хааж, тагтаршуулж байшин, барилга барин нөхцөл байдлыг хүндрүүлж байгаа гэж тэд тайлбарлав. Ийнхүү үерийн ус гол руу биш зам руу урсаж байгаа аж. Улмаар борооны усанд авто замууд эвдэрсээр байна.

Тухайлбал, Монелийн уулзварт дөрвөн ус зайлуулах хоолой байдаг аж. Гэвч тэнд нь иргэд дугуй, кузов засвар байгуулан ажилласан байна. Үүний улмаас Монелийн уулзварын авто замын эвдрэл нэмэгджээ. Улмаар тус газар үйл ажиллагаа явуулж байсан байгууламжийг албадан буулгасан аж. Түүнчлэн Нийслэлийн Газрын албанаас жалга, шуудууг таглаж буусан айлуудыг албадан буулгах ажиллагааг зохион байгуулсан байна. Зарим мэргэжилтнүүд Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын ажил нь зам эвдрэх гол шалтгааныг үүсгэдэг гэсэн юм.

Тодруулбал, барилга барьж байгаа компаниуд тээвэрлэж байгаа бараа материалынхаа нэг дугуйн дээр ирэх жин даацаа хэтрүүлж 40 тонн, 60 тонн, 80 тоннын тээвэр хийснээс болоод өндөр насжилттай авто замуудад эвдрэл их үүсч байна гэв.

ЗАМЫН ЦАГДААГИЙН ГҮҮРЭН ГАРЦЫН БАРИЛГЫН АЖИЛ 30 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Өнгөрсөн сарын дундуур Их сургуулийн гудамж, Герман элчингийн уулзвараас Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрийн уулзвар хүртэлх зорчих хэсгийн хоёр эгнээг дулааны шугам өргөтгөх, шинэчлэх зорилгоор хаасан. Энэхүү ажил дуусч одоогоор зам нээгдээд байгаа юм.

Гэвч дулааны шугамыг засах явцад замын баруун эгнээний асфальтыг хуулсан байна. Энэ талаар албаны хүмүүс “Тэр замыг засах гэхээр бороо зогсохгүй ороод байна. Зам засварын технологийн хувьд ч энэ нь боломжгүй юм. Норсон замыг хучиж болдоггүй шүү дээ. Ямар нэг ажил хийвэл үргүй зардал болсонтой ялгаагүй.

Байгалийн давагдашгүй хүчин зүйлийг хүлээгээд суухаас өөр арга байхгүй” гэлээ. Бид Их сургуулийн гудамжийн урд зам дээр очлоо. Тус замын нэг талын эгнээ асфальтгүй, дан хайрга учраас машинууд урсгал сөрөн хоорондоо мөргөлдөх шахан зөрнө. Тэнд нэг машин замын хажууд зогссон харагдана. Хайрга тойрч яваад замын хашилт мөргөн дугуйгаа хагалжээ. Аюул үүсэх эрсдэлтэй замуудыг хэзээ засах талаар Нийслэлийн авто зам хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра “Наймдугаар сарын 15 гэхэд авто замуудад борооны улмаас үүссэн бүх эвдрэлийг засна” гэж хэллээ.

Түүнээс авто замын бүтээн байгуулалтуудын талаар тодруулахад “Замын цагдаагийн гүүрэн гарцын шугам, сүлжээ, өрмийн ажлууд хийгдээд явж байна. Ирэх арваннэгдүгээр сар гэхэд үндсэн 96 тулгуур баганаа дан нурууртай нь суурилуулж дуусна. Тус ажил төлөвлөгөөний дагуу явж байна. Замын цагдаагийн гүүрэн гарц одоогоор 30 хувьтай байгаа. Төлөвлөсөн хугацааны дагуу ирэх жил дуусч ашиглалтад орно. Үргэлжилсэн бороо арав гаруй хоног орж буй энэ үед барилгын ажил зогсохоос өөр арга байхгүй.

Түүнчлэн Баянзүрх дүүргийн VI хороо Сэлбэ гол дээгүүр түр гүүр тавьсан. Энэ нь Натурын замын ачааллыг бууруулж байгаа. Сонсголонгийн гүүрний барилгын ажил эд явагдаж байна. Яармагийн гүүрний үндсэн гүүр нь хөдөлгөөнөө нэвтрүүлж эхэлсэн. Арваннэгдүгээр сард үлдсэн дөрвөн гүүрийг нь ашиглалтад оруулна.

Мөн Улаанбаатар хотын дулааны төв шугамд хийгдэх засварын ажил болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажлууд нь батлагдсан графикийн дагуу хийгдэж байна” гэлээ.


Categories
мэдээ нийгэм

Дархан хотод “Гэрэлт гудамж”-ийг ногоон байгууламжийн хамтаар байгуулж байна

Иргэдийн төлөөлөл болох аймгийн Ахмадын зөвлөх багийнхан энэ сарын 3-ны өдөр “ГЭРЭЛТ ГУДАМЖ” байгуулах ажлын явцтай танилцаж, хяналт тавилаа. Үйлчилгээний төв-Эрдэнэс плазагаас Номингийн уулзвар хүртэлх авто зам дагуу Дархан хотын “Гэрэлт гудамж”-ийг ногоон байгууламжийн хамтаар байгуулж байгаа юм.

Бүтээн байгуулалтын гүйцэтгэл 85 хувьтай явагдаж байна. Тус ажил 8 дугаар сарын 20-ны өдөр бүрэн дуусах мэдээллийг гүйцэтгэгч байгууллага болох “Некст стандарт” ХХК-иас өгч байна. Дархан хотод “Гэрэлт гудамж” бий болсноор хотын өнгө үзэмж нэмэгдэхээс гадна зуны улиралд иргэд амарч тухлах аятай нөхцөлийг бүрдүүлэх юм. “Гэрэлт гудамж” төслийн хүрээнд хийгдсэн ногоон байгууламж, зүлэгжүүлэлтэд иргэд сайшаалтай хандаж байна.

Categories
гадаад мэдээ

Өвөр Монголд өмнө нь тохиож байгаагүй маш хүчтэй суй салхи болжээ

Өвөр Монголд өмнө нь бүртгэгдээгүй маш хүчтэй хуй салхи энэ сарын 4-ний өдрийн 12:47 цагийн үед болсон талаар CCTV мэдээлсэн байна. Салхины эрчтэй үе нь есөн минут үргэлжилжээ. Салхи Баяннуур аймгийн Урдын хойд хошууны Хайлаас сумаас зүүн тийш таван км-ийн зайд орших эзгүй газарт болсон тул байгалийн гамшигт эл үзэгдэлд хүн, амьтан осолдоогүй байна.

Цаг агаарын шинжилгээний төвийн тус хошуун дахь мэргэжилтэн Сарнаа хуй салхийг дэгдэхээс намдах хүртэл бүх явцыг дүрс бичлэгээр баримтжуулж авчээ. Энэхүү бичлэг болон гамшигт үзэгдлийн явцын талаарх тэмдэглэлээ Баяннуур аймгийн Цаг уур судлалын хүрээлэнд хүргүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн ACEM-ийн бүсийн чуулганд оролцлоо

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Бүгд Найрамдах Сингапур Улсад 2018 оны 8 дугаар сарын 4-ний өдөр зохион байгуулсан Зүүн Өмнөд Азийн орнуудын хамтын нийгэмлэг (АСЕАН)-ийн Бүсийн чуулганы Сайд нарын 25 дугаар уулзалтад оролцов.

Энэхүү уулзалт нь АСЕАН-ны Гадаад хэргийн сайд нарын 51 дүгээр хурал болон дагалдах уулзалт, хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй арга хэмжээ бөгөөд АСЕАН-ны гишүүн 10 улсын Гадаад хэргийн сайд нараас гадна ОХУ, БНХАУ, АНУ, Бүгд Найрамдах Солонгос Улс, БНАСАУ, Европын Холбоо, Аргентин, Турк, Япон зэрэг нийтдээ 20 гаруй улсын Гадаад хэргийн сайд нар оролцов. Бүсийн чуулганы арга хэмжээ нь Ази, Номхон далайн бүс нутагт итгэлцлийг бэхжүүлэх, сөргөлдөөн үүсэхээс урьдчилан сэргийлэх механизмыг бүрэлдүүлэх замаар терроризм, үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх, эх далайн аюулгүй байдлыг хангах, үй олноор хөнөөх зэвсэг үл дэлгэрүүлэх, зэвсэг хураах болон энхийг сахиулах, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой болно.

Бүсийн чуулганы Сайд нарын уулзалтын 25 жилийн ойн арга хэмжээний хүрээнд бүс нутаг дахь аюулгүй байдлыг бататган бэхжүүлэх үйл хэрэгт хувь нэмрээ оруулсан тухайн он жилүүдийг талууд онцлон тэмдэглэв. Энэ удаагийн уулзалтаар хоёр сарын өмнө Сингапур хотноо болсон АНУ, БНАСАУ-ын төрийн тэргүүн дээд хэмжээний уулзалт, энэхүү уулзалтын ололт, амжилт, Умард Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах хөтөлбөрийн асуудал, Солонгосын хойгийн нөхцөл байдал, Мьянмар, Бангладешийн хооронд буй Рохинджагийн дүрвэгсдийн зэрэг асуудлыг хэлэлцэв. Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн уулзалтад оролцох үеэрээ Ази, Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар Монгол Улсын хийж, хэрэгжүүлж буй арга хэмжээ, баримталж буй байр суурийг илэрхийлж, үг хэлэв.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Бүгд Найрамдах Сингапур Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын Ази, номхон далайн орнуудын асуудал хариуцсан орлогч Нг Тек Хеан-тай хоёр талт уулзалт хийж, Монгол-Сингапур хоёр улсын өнөөгийн улс төр, эдийн засгийн харилцаа, цаашид авч хэрэгжүүлэх хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Талууд Монгол-Сингапурын Бодлогын зөвлөлдөх уулзалтыг энэ оны 9 дүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тохиролцов. Түүнчлэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, Япон Улсын Гадаад хэргийн сайд Таро Коно, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Гадаад хэргийн сайд Ри Ен Хо, ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд И.В.Моргулов нартай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Categories
мэдээ нийгэм

БНХАУ-д суралцах оюутан визээ эрт мэдүүлэхийг сануулж байна

Хичээлийн шинэ жил эхлэх дөхөж байгаатай холбогдуулан БНХАУ-ын их дээд сургуулиудад суралцахаар Улаанбаатар дахь БНХАУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлэхээр хандах иргэдийн тоо, дараалал жил бүрийн 8 дугаар сард огцом өсч, улмаар ЭСЯ-ны визийн үйлчилгээний ачааллыг үлэмж нэмэгдүүлдэг тул БНХАУ-д суралцах оюутан залуучуудыг цагийг нь тулгалгүйгээр аль болох эртнээс визээ мэдүүлэхийг Гадаад харилцааны яамны Консулын газраас зөвлөж байна.

БНХАУ-ын ЭСЯ нь 7 хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан гарагуудын 9:30-12:00 цагийн хооронд визийн материал хүлээн авдаг болно.

Categories
мэдээ нийгэм

Теннисний насанд хүрэгчдийн УАШТ-ны шагналт байрын эзэд тодорлоо

Улсын аварга шалгаруулах Насанд хүрэгчдийн теннисний тэмцээн энэ сарын 4-5-нд Улаанбаатар хотноо Яармагийн теннисний талбайд Монголын Теннисний холбоо зохион байгуулж явууллаа. “Эвсэг” ХХК-ийн нэрэмжит энэ тэмцээнд Улаанбаатар хот, Дархан-Уул аймаг, Орхон аймгийн нийт 50 гаруй тамирчид эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан болон хос тоглолтоор ур чадвар, авхаалж самбаагаа сорилоо.

Теннисний УАШТ болж, шилдгүүдээ тодрууллаа

Тэмцээний дүн

Эрэгтэй ганцаарчилсан төрөлд:

1-р байр СМ.Д.Эрдэнэбаяр

2-р байр СМ.С.Сүхжаргал

3-р байр ОУХМ.Б.Оюунбат

3-р байр СМ.Б.Оюунболд

Эмэгтэй ганцаарчилсан төрөлд:

1-р байр Э.Болор

2-р байр Х.Номин

3-р байр СМ.Н.Жигжидсүрэн

3-р байр Э.Ариун-Эрдэнэ

Эрэгтэй хосын төрөлд:

1-р байр СМ.Д.Эрдэнэбаяр, Б.Энхжин

2-р байр СМ.Б.Алтангэрэл, СМ.Д.Баярцогт

3-р байр ОУХМ.Б.Оюунбат, СМ.Б.Оюунболд

3-р байр Л.Чогсомжав, Э.Эрдэнэтөгс

Эмэгтэй хосын төрөлд:

1-р байр Э.Ариун-Эрдэнэ, Б.Норовсүрэн

2-р байр Э.Болор, Д.Гэрэл

3-р байр СМ.Н.Жигжидсүрэн, Г.Дөлгөөнжаргал

3-р байр СМ.Д.Оюу, Ц.Анударь

Тэмцээний ерөнхий шүүгч: Олон улсын хэмжээний мастер, Улсын шүүгч Д.Эрдэнэбилиг

Теннисний УАШТ болж, шилдгүүдээ тодрууллаа

Categories
мэдээ нийгэм

Гамшгаас хамгаалах, урьдчилсан сэргийлэх сургалт зохион байгуулагдлаа

Нийслэлийн Онцгой байдлын газраас нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран “Цаг уурын ѳѳрчлѳлтѳд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны тѳлѳвлѳгѳѳ” сэдэвт сургалтыг Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн тѳвд зохион байгуулж байна.

Сургалтад Нийслэлийн Захирагчийн ажлын алба, хэрэгжүүлэгч агентлагууд, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын 30 гаруй алба хаагч хамрагдаж байгаа. Сургалтад оролцогчид нийслэлийн гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэх чадавхыг бэхжүүлэх, дэмжлэг үзүүлэх, хүний амь нас, эд хѳрѳнгѳ, хүрээлэн буй орчныг болзошгүй гамшгийн аюулаас хамгаалахад авч хэрэгжүүлэх, цаг уурын өөрчлөлтийг тэсвэрлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг боловсруулах юм.

Categories
мэдээ нийгэм

Гэмт хэргийн гаралт 2.6 хувиар буурчээ

Нийслэлийн Цагдаагийн газраас өнгөрсөн 14 хоногийн гэмт хэргийн гаралт, өсөлт, бууралтын талаар танилцуулав. Гэмт хэргийн тоо өмнөх 14 хоногтой харьцуулахад 2.6 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.

Нийслэлийн Цагдаагийн газрын дэд дарга К.Нямдаваа “Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас баталсан удирдамжийн дагуу “Хараа хяналтгүй хүүхдүүдийг илрүүлэх, хамгаалан байршуулах, хариу үйлчилгээ үзүүлэх” нэгдсэн арга хэмжээний хүрээнд нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Налайх дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран Налайх дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бутай” “Хун хуа” “Хонг-Да” “Цагаан ташаа” нийт 4 тоосгоны үйлдвэрийг шалгахад насанд хүрээгүй этгээд хөдөлмөр эрхэлсэн зөрчил илрээгүй боловч эрсдэлд өртөж болзошгүй орчин, нөхцөлд хараа хяналт сул амьдарч байсан зөрчил илэрсэн. Зөрчлийн дагуу тоосгоны үйлдвэрүүдийн захирал, хуулийн зөвлөх нартай биечлэн уулзаж, үйлдвэрлэл явагдаж буй эрсдэлтэй орчин нөхцөлд ажилчдын хүүхдүүдийг нэвтрүүлэхгүй байх, хараа хяналтыг сайжруулах чиглэлээр сануулж, албан мэдэгдэл, шаардлага хүргүүлсэн.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дээрэмдэх, хулгайлах зэрэг тодорхой төрлийн гэмт хэрэг, мөн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, гол усны аюул зэргээс урьдчилан сэргийлэх, зөрчлийн тухай хуулийг сурталчлах чиглэлээр нийт 9 төрлийн богино хэмжээний видео мэдээлэл, сэрэмжлүүлэг бэлтгэж интернэт сайт, телевиз, цахим хуудсанд байршуулсан.

Эргүүл хяналтын чиглэлээр нийслэлийн хэмжээнд “Эмзэг цэг-Хяналт шалгалт” арга хэмжээний хүрээнд 76 офицер, 120 цагдаа хяналт шалгалт хийж, давхардсан тоогоор нийт 329 иргэн, 1817 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьж, нийт 54 зөрчил илрүүлэн 26 зөрчилд 4270000 төгрөгийн торгууль ногдуулсан. 26 зөрчлийг Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шалгаж байна” хэмээв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.