Categories
мэдээ нийгэм

Гэмт хэргийн тоо буурчээ

Нийслэлийн Онцгой байдлын газраас болон нийслэлийн Цагдаагийн газраас өнгөрсөн 14 хоногийн гэмт хэрэг, гамшиг, ослын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн сарын 20-ны өдрөөс энэ сарын 3-ны өдрийг хүртэлх хугацаанд аврах ажиллагаа, техникийн холбогдолтой ослын 24, объектын гал түймрийн 63, нийт 87 удаагийн дуудлага бүртгэгджээ. Дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад эрэн хайх, аврах ажиллагааны дуудлага гурав дахин, объектын гал түймрийн дуудлага 28.5 хувиар, нийт аюулт үзэгдэл, ослын тоо 55.3 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй гарсан бол гэмт хэргийн тоо өмнөх 14 хоногтой харьцуулахад 2.6 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.

Онцгой байдлын газраас үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан газар эзэмших, ашиглах эрхийн зөвшөөрөлтэй 1,697, зөвшөөрөлгүй 1.071, нийт 2.768 айл өрх, 13 хуулийн этгээдийн судалгааг гаргаж яаралтай нүүх тухай хугацаатай албан шаардлага, мэдэгдлийг Баянгол дүүрэг ес, Баянзүрх дүүрэг 55, Сонгинохайрхан дүүрэг 300, Сүхбаатар дүүрэг 131, Хан-Уул дүүрэг 94, Чингэлтэй дүүрэг гурав, нийт 592 айл өрхөд хүргүүлж, Баянзүрх дүүрэг таван айл өрх, нэг хуулийн этгээдийг албадан нүүлгэсэн байна.

Харин нийслэлийн Цагдаагийн газар эргүүл хяналтын чиглэлээр “Эмзэг цэг-Хяналт шалгалт” арга хэмжээний хүрээнд 76 офицер, 120 цагдаа хяналт шалгалт хийж, давхардсан тоогоор нийт 329 иргэн, 1,817 ААН-ийн үйл ажиллагаанд хяналт тавин 54 зөрчил илрүүлэн 26 зөрчилд нь нийт 4,270,000 төгрөгийн торгууль ногдуулсан байна. Мөн тус 26 зөрчлийг Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шалгаж байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

CACCI-ны ерөнхийлөгч манай улсад айлчилна

Ази, Номхон далайн Бүс нутгийн ХАҮТ-уудын Нэгдсэн холбоо (CACCI)-ны ерөнхийлөгч Жемал Инайшвили манай улсад ирэх есдүгээр сарын 5-9-нд айлчилна.
Дэлхийн 28 орон, 47 үндэсний болон орон нутгийн Худалдаа, аж үйлдвэрийн Танхим (ХАҮТ)-уудыг эгнээндээ нэгтгэсэн, бүсийн хэмжээнд бизнес, эдийн засгийн хөгжлийг хангахад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг нэр хүндтэй байгууллага Ази, Номхон далайн Бүс нутгийн ХАҮТ-уудын Нэгдсэн холбооны Ерөнхийлөгч Жемал Инайшвили болон тус холбооны төлөөлөгчид Монгол Улсад хийх айлчлалын хүрээнд манай улсын холбогдох албан тушаалтан, бизнесменүүдтэй уулзаж, Монголд худалдаа эрхлэх боломж, нөхцөл байдалтай танилцаж холбогдох мэдээллийг авах юм. Айлчлалын хүрээнд “Бизнес форум” болох бөгөөд төлөөлөгчид МҮХАҮТ-аас зохион байгуулдаг B2B уулзалтад оролцож, Засгийн газрын болон томоохон бизнесменүүдтэй уулзахаас гадна нэг өдрийг эмэгтэй бизнес эрхлэгчидтэй зөвлөлдөх хурлыг хийхээр төлөвлөж байна. Түүнчлэн CACCI-н төлөөлөгчид Монголын аялал жуулчлалын гол бүсүүдээр айлчилж, Монгол соёл уламжлалтай танилцана.

Ази Номхон Далайн орнуудын ХАҮТ-аас тив, бүс нутгийн гишүүн улс орнуудын чанартай бизнес эрхлэгч, шилдэг Энтрепрёнеруудыг шалгаруулж “Алтан цом” хүртээдэг бөгөөд манай улсаас “Туушин”, “Бриж групп”, “Өгөөж чихэр боов”, “Номин Холдинг”, “Бишрэлт Холдинг”, “Таван богд”, “Петровис”, “Ган хийц”, “Монполимет” зэрэг Монголын шилдэг 16 компани авсан юм. Өнгөрсөн онд энэхүү шагналыг “Ай Ти Зон” компани авсан юм. Тус компанийн хувьд 2010 оноос боловсруулж эхэлсэн GREEN ERP байгууллагын нөөц төлөвлөлтийн систем, түүний анхны үндсэн модуль болох Green HRM хүний нөөцийн системийн клауд хувилбарыг Мьянмар, Шри-Ланка зэрэг улсад хүргэхээр зорин ажилласныг нь үнэлж тус шагналыг гардуулжээ.
Тодруулга: МҮХАҮТ нь Ази Номхон Далайн Бүс нутгийн ХАҮТ-уудын Нэгдсэн Холбоо (CACCI)-нд 2002 онд үндсэн гишүүнээр элссэн бөгөөд тус холбооны үйл ажиллагааг Монголын бизнес эрхлэгчдэд хүргэн ажилладаг юм.

Categories
мэдээ нийгэм

Улиастайн гол дагуух хогийг цэвэрлэжээ

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэдийн эрүүл, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд долоо хоног бүр хог хаягдлын цэвэрлэх ажлыг тогтмол зохион байгуулж байгаа билээ.

Тухайлбал дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Үндэсний батлан хамгаалах их сургуулийн Шар хад дахь хээрийн сургалтын бааз, Нийтлэг үйлчилгээний газар-3 ОНӨААТҮГ хамтран үерийн үед үүссэн болон урсаж ирсэн Улиастайн гол дагуух хог цэвэрлэх ажлыг амжилттай хийжээ. Цэвэрлэгээнд дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар-1,2,3-ын ажилчид болон хээрийн сургалтын төвийн оюутан цэргүүд оролцож Улиастайн гол орчмын 32.200 тонн хог хаягдлыг цэвэрлэсэн байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ц.Цогзолмаа: Нарны хороололд шинээр баригдсан сургуулийг улсын сургууль болгож, хүүхдүүдийг үнэгүй сургана

Өнөөдөр Боловсрол Соёл, Шинжлэх Ухаан, Спортын яамны сайд Ц.Цогзолмаа Нарны хорооллын сургуулийн бүтээн байгуулалттай танилцлаа.

Энэ үеэр цэцэрлэг сургуулийн ажлыг гүйцэтгэсэн компаний удирдлагууд болон тус хороололд оршин суудаг эцэг эхийн төлөөлөлтэй уулзлаа.Маргааш болохЗасгийн газрын хуралдаанаар нарны хорооллын сургууль цэцэрлэгийн цогцолборыг төрийн өмчийнх болгон хүлээж авах ажлыг танилцуулахад бэлэн болсон тухайгаа мэдээллэв.

Дөрвөн давхар орчин үеийн сургуулийн гадна сайдыг ирэх сургаар оршин суугчид цугларсан байв. Хүмүүсийн дунд хүүхдээ тэвэрсэн, асуулт асуусан, баярласан, эргэлзсэн олон хүн байлаа. Эргэлзэх шалтгаан бол маргаашийн Засгийн газрын хуралдаанаар төрийн өмчийн сургууль болгох болов уу үгүй юу гэдэгт оршино. Хэрвээ улсын сургууль болчихвол иргэд үр хүүхдээ шинээр баригдсансургууль цэцэрлэгт үнэгүй явуулах боломжтой болно.Харин Боловсролын сайд улсын өмч болгох болно гэж хэлсэнд иргэд баярлаж алга ташлаа.

Сайд Ц.Цогзолмаа хэлэхдээ “Өнгөрсөн дөрөвдүгээр сараас эцэг эхийн төлөөллүүдсанал тавьсан. Шинээр баригдаж байгаа сургуулийг төрийн өмчийн сургууль болгож хүүхдүүдийг үнэгүй суралцуулах талаар. Монгол улсад сургууль цэцэрлэгийн хүрэлцээ хангалтгүй .МУ-ын Засгийн газар 2018 онд сүүлийн 20 жилд байгаагүй хөрөнгө оруулалт хийж хүүхдийн сурах орчинг сайжруулах, сургалтын чанар бүтээмжийг дээшлүүлэх чиглэлд анхаарал тавин ажиллаж байгаа.

Нарны хорооллын шинэ баригдсан сургууль нь 960 хүүхдийн суудалтай, орчин үеийн стандартаар хийгдсэн, хүүхдийг ая тухтай сурах бүхий л бололцоог хангасан жишиг сургууль болсон гэж үзэж байна. Үүнийг Барилга хөгжлийн төв, Боловсролын яам, Сангийн яамнаас оролцсон хоёр удаа ажлын хэсэг ажиллаж шалгасан. Гүйцэтгэгч компаний хувьд сүүлийн үеийн дэвшилтэт технологи, хүүхдэд аюулгүй ээлтэй орчинг бүрдүүлсэн. Тийм учраас энэ есдүгээр сарын нэгэн гэхэдэндхийн оршин суугчдын хүүхдүүдийг сургуульд сурах бүрэн боломжийг хангахын тулд боловсролын яам анхаарч ажиллаж байна гэв.

Иргэд Ц.Цогзолмаа сайдаас барьсан байгуулсан нь гол биш үр дүн л чухал. Хамгийн гол нь шинээр барьсан сургуулиа улсад хүлээж аваач ээ хэмээх саналаа дуу нэгтээ хэлцгээнэ.

Нарны хорооллын оршин суугчА. Гэрэлмаа сайдад хандаж хэлэхдээ “маргааш Засгийн газрын тогтоол гарсныг бид нар тамга тэмдэгтэйг нь цаасаар хармаар байна.Өнгөрсөн намраас хойш сургуульдаа бүртгэл эхэлсэн гэж ярьсан. Одоо болтол ашиглалтанд ороогүй. Бид аргаа барахдаа 1200 хүний гарын үсэг цуглуулаад А.Ундраа гишүүнээр дамжуулж холбогдох бүх шатанд нийслэл, УИХ, Ерөнхий сайдадасуудлаа хүргүүлсэн. Бид үнэхээр хаширч байна.Тиймээс маргаашийн Засгийн газрын шийдвэрээ ил тод нээлттэй мэдээллэхийг хүсэж байна гэв.

Түүнчлэн Иргэд энэ асуудлаар наймдугаар сарын 10 нд жагсан гэж байж. Хэрвээ сургуулийн асуудлыг шийдээд нарны хорооллын хүүхдүүдийг улсын сургуульд сургах юм бол жагсах шаардлага байхгүй гэцгээв.

Сайд иргэдийн асуултанд хариулахдаа “бид жагсаал гэхээсээ илүү ярилцаж ойлголцоод асуудлаа шийдэх хэрэгтэй. Тийм учраас би өөрийн биеэр ирж оршин суугчид, эцэг эхчүүд та бүхэнтэй уулзаж байна.Энэ сургуулийг улсынх болгох шийдвэрээ өөрийн биеэр танилцуулахаар ирсэн. Яагаад гэвэл цаашдаа монголын бүх сургуулиудыг ийм болгомоор байна. Бид хүүхдүүдэд сурах таатай орчин, сайн боловсрол эзэмшүүлэхийг зорьдог. Энэ боловсролын орчноос ирээдүйн монгол улсямар байх нь харагдана. Тийм учраас орчин үеийн стандартаар олон сургууль барих хэрэгтэй.Тендер зарлагддаг. Хамгийн муу үнийн саналтай компани ороод чанаргүй сургууль барьж хүндрэл үүсгэдэг. Хэрвээ сургууль барих юм бол ийм сургууль барь гэсэн жишиг сургууль болсон. Үүнийг аймаг орон нутгийн Засаг дарга, сургуулийн захиралуудадтанилцуулж сургуулийнхаа орчныг ийм болгооч ээ гэж үзүүлэхээр төлөвлөсөн. Та бүхэн засгийн газрын шийдвэрт та эргэлзэх хэрэггүй. Монгол Улсын Ерөнхий сайд хэлэхдээ: түрүүчийн засгийн газрын хуралдаан дээр иргэдээс надад мессеж ирсэн. Тийм болохоор Сангийн яам, Боловсролын яам, Барилга хөгжлийн төв гүйцэтгэгч компанитайгаа хамтраад шийдвэрээ гаргаж ажиллаарай гэж үүрэг өгсөн байгаа. Иймээс эцсийн шийдвэр гарахад бэлэн болсон. Төр сургуулийг өөрийн мэдэлдээ авч хүүхдүүдийг төлбөргүй сургах болно. Асуудлыг хүүхэд дээр төлбөр болгохгүйн тулд их цаг хугацаа зарцуулсан” гэв.

Маргаашийн Засгийн газрын хуралдааны шийдвэрийг үндэслэн сургуулийн захирал эрхлэгчийг хуулийн хүрээнд томилох юм байна. Сургуулийн бүртгэл наймдугаар сарын 15-аас эхлэн бүртгэх аж.

Б.ОЮУНЖАРГАЛ


Categories
мэдээ нийгэм

Өвөлжилтийн бэлтгэл ажлын гүйцэтгэл 62 хувьтай байна

Орхон аймгийн Засаг даргын ээлжит шуурхай зөвлөгөөн хуралдлаа. Энэ удаагийн хуралдааныг Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал удирдан явуулав.

Бичил хорооллуудын зарим байруудын подвальд нохой бөөс үржсэн байгаа тул удалгүй устгал хийх ажлыг эхлүүлэхээр боллоо. Хотын захирагчийн албанаас хотын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахаар 59 нэр төрлийн ажил төлөвлөсөн бөгөөд ажлын гүйцэтгэл 62 орчим хувийн явцтай байгаа аж. Баян-Өндөр сумын зүгээс хотын төвд орж ирсэн малыг хотоос тууж гаргахад мотоциклтой хүн ажиллуулж байгаа аж. Өнгөрөгч 7 хоногт хотын төвд орж ирсэн 460 гаруй тооны малыг хотоос гаргаж ажилласан байна. Харамсалтай нь Замын цагдаа нар ажил үүргээ гүйцэтгэж явахад нь торгоод байгаа учир хүндрэлтэй байгаа талаар сумын Засаг дарга мэдээллээ.

Орхон аймгийн ИТХын 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 63 дугаар тогтоолоор жил бүрийн 8 дугаар сарын 12-ны өдрийг “Анхдагч, илгээлтийн эздийн өдөр” болгон орон нутгийн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтоосон. Энэ жил 8 дугаар сарын 12-ны өдөр Жаргалант суманд тэмдэглэхээр болжээ.

Шуурхайн төгсгөлд Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал үүрэг өглөө. Тухайлбал, хөрөнгө оруулалт, их засварын ажлуудыг яаралтай дуусгах, 2019 оны төсөв, 2020-2021 оны төсвийн төсөөллийг Сангийн яаманд хянуулж батлуулах, 2018-2019 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын хүрээнд цэцэрлэгийн хүүхдийн шинжилгээний хуваарийг гаргах, сургууль цэцэрлэгүүдийн засварын ажлыг дуусгах зэрэг үүрэг чиглэлийг холбогдох байгууллага, агентлагийн удирдлагуудад өглөө.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүн хулгайлах хамтарсан операциа нуухаар шийдэв үү

-ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛ БАЙГАА ЮУ? ГАЗАР НУТАГ ДЭЭГҮҮРЭЭ ХҮНИЙ ХУЛГАЙЧИД БҮТЭН ӨДӨР ДУРААРАА СҮЛЖИХЭД ТАГ ДУУГҮЙ-

“Улаанбаатар эмпати” сургуулийн захирал, Турк улсын иргэн Вейсел Акчайг долдугаар сарын 27–ны өглөө гэрийнх нь гаднаас хулгайлсан хэрэг хэсэг шуугиулснаа, “хоёр орны найрамдалт харилцаанд цөв суулгаж болзошгүй” гэдэг үндэслэлээр чимээгүйхэн дарагдах бололтой. Энэ бол маш эртнээс, дээд түвшинд бэлтгэгдсэн операци гэж олон түмэн үзэж байгаа. Хоёр орны төрийн эрх барих томоохон албаны хүмүүс зохион байгуулж, тагнуул хүчний байгууллагууд хамсан оролцсон үйл ажиллагаа гэж үзэх хүмүүс ч давамгайлж байна. Туркийн тал “Манайд хамаагүй. Бид оролцоогүй гэж янз бүрийн түвшинд мэдэгдчихлээ.Манай эх сурвалжуудыг ч буруутгах янзтай. Тэгвэл “Ройтерс”,”Дейли мэйл” зэрэг гадны томоохон хэвлэлүүд энэ үйл явдлын талаар мэдээлсэн. Тэр битгий хэл Туркийн өөрийнх нь өдөр тутмын томоохон сонин “Сабах: ”Туркийн үндэсний тагнуулын газар Фетуллах Гюллений сүлжээнд багтдаг сургуулиудын удирдлагыг баривчлах ээлжит ажиллагаагаа найман мянган км–ийн цаана явууллаа. Вейсел Акчай нь Улаанбаатар дахь Турк сургуулийн захирал бөгөөд өнөөдөр түүнийг Монголын тагнуулын байгууллагын дэмжлэгтэй баривчилжээ” гэж мэдээлсэн байгаа. Энэ чинь бултах газаргүй болгож байгаа биздээ?!Манай хууль хүчний байгууллагууд ч бид оролцоогүй гээд л гүрийгээд байгаа. Тэгвэл гэгээн цагаан өдрөөр гадаадын иргэнийг хулгайлахыг завдсан энэ аймшигт халдлагыг хэн зохион байгуулж, хэн маш нарийн холбож, хэн хулгайлсан болж таарав?!

БНТУ–ын ерөнхийлөгч Режен Тайил Эрдоган нь энэ өндөр албанд очсоноосоо хойш 80-аад мянган хүнийг баривчилж, 170 гаруй мянган хүнийг ажлаас нь халсан, хүчтэй дарангуйлагч гэдгээ дэлхий нийтэд таниулаад байгаа хүн. Тэрээр сүүлийн үед гадаад улсуудад ажиллаж байгаа Турк сургуулийн багш нарыг яг л өнөөгийнх шиг тусгай албаны нууц ажиллагаагаар хулгайлан аваачиж, гэсгээн цээрлүүлж байгаа нь нууц биш. Энэ дансанд орсон хүний нэг нь В.Акчай. Улаанбаатар дахь Турк сургуулийг хаах, захирлыг нь баривчлах талаар тусламж дэмжлэг хүссэн Туркийн түрүүчийн элчин сайдын гуйлт та бүхэнд сонин байх. Манай төр нийгмийн нэрт зүтгэлтэн сэтгүүлч Б.Батбаяр (Баабар)твиттер хуудсандаа”Түрэгийн түрүүний элчин сайд намайг Элчин дээрээ урьж уулзаад түрэг сургуулийг хаах, захирлыг нь баривчлан шилжүүлэхэд туславал хувь хүний хувьд багагүй мөнгөөр урамшуулан шагнана гэж гуйж байлаа… Түүнийг хулгайлаагүй, бид хүлээлгэж өгч буй бололтой. Улс төрийн хэрэгтнийг баривчлан дарангуйлагчид нь хүлээлгэж өгдөг шившгийн орон болж хувирлаа л даа. Мөнгийг нь өгвөл ямар ч бузар юм хийхээс буцдаггүй шившгийн улс оронд бид тооцогдоно… Харсаар байтал манай оролцоот ажиллагаа. Султан Эрдоганы хаан ширээнд суух ёслолд Ерөнхийлөгчийн төлөөлөгч оролцсон нь ийм учиртай байж” хэмээн жиргэсэн юм.

Энэ бол ганцхан хүнд хандсан нь. Өөр хичнээн хүнд ингэж их мөнгө амлан гуйсныг бүү мэд. Юутай ч В.Акчайг баривчлах гэсэн санаа бодол БНТУ–ын удирдлагад нэлээн дээрээс байжээ. Тэр үйл ажиллагаа сая болоод өнгөрлөө гэхэд хилсдэхгүй болов уу. Харин манай талаас хэн их мөнгө авч, энэ хүн хулгайлахыг завдсан операцид оролцов гэдэг л сонин байгаа юм.

В.Акчайг өглөө 10 цагийн үед багтай гурван хүн баривчилж саарал өнгийн суудлын тэргэнд чихэж аваад зугтахад өдөр 13 цаг 50 минутад Туркийн тусгай үүргийн “ТТ4010” онгоц “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардаж байгаа юм. Энэ онгоц нь Туркийн ерөнхийлөгчийн тамгын газарт бүртгэлтэй, дипломат паспорттай байсан аж. Экипажаас гадна дөрвөн хүн байсан нь манайханд шалгуулалгүй эсэргүүцсэн гэсэн. Эрдоган гуайн тамгын газрын онгоц Монголоор юу хийж хонон өнжин явсан нь сонин байгаа юм. Онгоцны буудал дээр манай талын хэсэг хүн ажилласан юм билээ. УИХ–ын хүний эрхийн дэд хорооны дарга Л.Болд л нэлээн нухацтай тайлбар хийсэн байна. Тэр онгоц манай нийслэлд хүрч ирсэн талаар “дипломат шуудан хүргэж ирсэн”, “нэг хүн аваад явна” гэхчлэн яриа гарсан л даа. Гишүүн Л.Болд “Ачаа бол дипломат шугамаар орж гарч болох байх. Харин амьд хүнийг ачаа мэтээр явуулж болохгүй” гэсэн шаардлага тавиад “Ээлжит бус чуулган эхлэхээр”УИХ–ын хүний эрхийн дэд хороо, хууль зүйн байнгын хороогоор энэ асуудлыг ярина. Бүх зүйлийг тодорхой болгох ёстой гэсэн байна билээ. Уг онгоц орой болтол нисэх буудлын талбайд байсан. Хүн хулгайлах ажиллагаа бүтэлгүйтэж, онгоцны буудалд олон хүн эсэргүүцлээ илэрхийлэн цугласнаас онгоц арга буюу буцсан л даа. Тус онгоцоор өмнө нь Казахстан Косово болон Африкийн хэд хэдэн улсаас хүн хулгайлсан гэх бүртгэлтэй талаар эх сурвалжууд мэдээлж байсан юм. Юутай ч Туркийн тусгай үүргийн онгоц Улаанбаатарын олон улсын нисэх буудалд газардсан, яг энэ үеэр Турк сургуулийн багшийг хулгайлж явсан нь жирийн нэг тохиолдлын хэрэг биш байх. Их урьдаас бэлтгэсэн хүн хулгайлах хамтарсан операци нь олон түмний сонор сэрэмж, шаргуу үйл ажиллагаанаас бүтэлгүйтлээ гэж үзэхэд буруудахгүй болов уу.

Энэ хүн хулгайлахыг завдсан хэрэгт Монголын талын оролцоо ямар түвшинд байсан ямар байгууллагаас хэн үүрэг өгч, хэн холбож, баривчлах ажиллагаанд оролцсон талаар олон түмэн машид сонирхож, нууцлах тутам нь янз бүрийн хардлага төрүүлсээр байна.

Миний хувьд Монгол Туркийн хамтын ажиллагаа бэхжээсэй, ард түмнүүд нь ахан дүүгийн холбоотой яваасай хэмээн хүсэж мөрөөдөж явдаг хүн. Гэтэл ийм учир битүүлэг явдал болчихлоо. Үүнийг яаж ч булзаарууллаа, нууцаллаа гэсэн өндөр дээд хэмжээнд зохион байгуулагдсан нь маргаангүй үнэн.

Гадаадын иргэнийг багтай хүмүүс хулгайлаад, суудлын тэргээр бүтэн өдөр Монголын газар нутаг дээгүүр явж байхад өнөөх Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хаа байв? Монголын тагнуул, цагдаа, замын цагдаа, прокурор хаа байв? Монгол Улсын Батлан хамгааалах яам, хилийн цэрэг, хил гаалийнхан хаана байв? Энэ чинь, юм юмтай, тусгаар тогтносон улс юм байгаа биз дээ. Хүн хулгайлсан, хуурамч номертой машин Монгол газар нутаг дээгүүр есөн цаг давхиж байхад илрүүлээд, бариад авч чаддаггүй, ийм хууль хүчний байгууллагууд байдаг бол Монголын хамаг мөнгийг хүртэж суугаа энэ байгууллагуудаа татан буулгавал яасан юм. Уул нь мэдээлэл авангуутаа л өнөөх хэдэн цагдаагаа замын уулзвар болгонд тавьчихаад л есөн цаг байтугай есөн минутанд илрүүлчих, барьчих ажил шүү дээ. Тэгсэнгүй. Их дээрээс хүлээлт үүсгэж, хүн хулгайлагчдыг дархан эрхтэй, далдалж байсан гэж ямар ч тэнэг толгой бодно биз дээ. Манай тагнуулын байгууллага чинь түрүү олон улс дамжуулаад хүн хулгайлж байсан, тэгээд зүгээр өнгөрцгөөсөн их л “туршлагатай” газар даа.

“Чингис хаан” нисэх онгоцны буудал дээр олон хүн очсоны дотор УИХ–ын гишүүн, манай шударга түшээ Л.Болд байсанд олзуурхмаар. Тэр л нэлээд зүйлийг ард түмэндээ тодруулж өгч байгаа. Бас УИХ–ын ээлжит бус чуулганд мэдээлнэ гэсэн. Олон түмэн үүнийг л хүсэн хүлээж байна. Эрх баригчдын зүгээс бол нууц хэлэлцээд чимээгүйхэн дарахыг бодох биз. Гэхдээ УИХ-ын шудрага гишүүд олон байгаа. Хүлээх л үлдлээ.

Энэ, хүн хулгайлахыг завдсан хэрэгтэй холбогдуулаад, миний хувьд тодруулж өгөөч гэсэн хэдэн зүйл байна.

-“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардан удаан хугацаагаар зогссон Турк улсын тусгай үүргийн онгоцыг шалгах эрх байдаг юм уу, үгүй юм уу. Манай улсын дипломат паспорттай хүмүүсийг, унаж явсан машиныг нь шалгасан, янз бүрийн хориотой зүйл илрүүлсэн тохиолдол гадаадад зөндөө л байдаг. Харин онгоцны хувьд яадаг юм? Туркийн онгоцонд явсан хүмүүс эсэргүүцсэн гэнэ. Энэ чинь нэг юм хэлээд байнаа даа! Миний бодлоор бол өөрийнхөө газар нутаг дээр, эрх бүхий хүмүүс нь ямар ч тээврийн хэрэгсэл, хүмүүсийг шалгаж болмоорл санагдах юм. Ер нь энэ, тусгай үүргийн онгоцыг өөрийнхөө буудал дээр хэний зөвшөөрлөөр буулгаж, хэний зөвшөөрлөөр явуулсан юм бэ?

-Гадаадын иргэнийг хулгайлаад газар нутаг дээгүүрээ бараг бүтэн өдөр давхиж байхад хүчний байгууллагууд яагаад анхаарал тавилгүй, зөнд нь орхисон бэ? Ямар байгууллага, хэн гэж хүн, үүнийг ард нь зохион байгуулж, хяналт тавьж байв? Наад машинаа битгий саатуул. Яаж ийгээд тэр хулгайлагдсан хүнийг онгоцонд нь суулгачих гэж, дээрээс хэн нэгэн үүрэгдээд байгаа юм шиг бодогдож байгаа биз дээ. Яах аргагүй сэжиглэмээр зүйл.

-“Хоёр орны найрамдал, хамтын ажиллагаа” гэдэг нэрээр чимээгүйхэн дарж өнгөрөөх, жинхэнэ эздийг олох хариуцлага тооцох сонирхолгүй байгаа юм биш үү?!

-Хүн хулгайлах гэмт хэрэг бол, олон улсын анхаарлын төвд байгаа маш ноцтой асуудал. Зарим улс оронд үүрэг тавьсан, гүйцэтгэсэн хүмүүст ялын дээд хэмжээ ч оногдуулсан байдаг юм билээ. Өнөөдрийн үүсээд байгаа байдлыг ажиглавал буруутнаар нь, элчин сайдын яамны нэг орчуулагч ч юм уу, хэн нэгнийг тодруулаад жинхэнэ эзэд нь “арыг нь дааж” үлдэхээр болж байгаа юм биш үү.

-Уул нь гадаадын иргэнийг хулгайлахыг завдсан ийм ноцтой асуудал үүсээд байхад Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаад, ажлын хэсэг ч юмуу, тусгай комисс томилж шалгаад дүнг нь ард түмэндээ мэдээлэх ёстой биз дээ. Энэ янзаар бол тусгаар тогтносон Монгол улсын нутаг дэвсгэр дээр хэн ч, ямар ч гэмт үйлдлийг хэдий хугацаагаар ч хийж болмоор нөхцөл байдал үүсчихлээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, түүний гурван гишүүн яаж дуугарахыг ард түмэн тэсэн ядан хүлээж байна.

-Турк багш В.Акчайг гэр бүлээр нь хамгаалалтанд авсан. Уул нь энэ хүнээс л чөлөөтэй мэдээлэл авмаар байгаа юм. Өөрийг нь ямар байдлаар авч явсан, есөн цаг хамт явсан хүмүүсээ гадарлаж ярилцлага өгмөөр юм. Эмнэлэг рүү аваачсаныг бодоход зовоож тарчилаасан л байж таараа. Харин яагаад алчихаагүй юм бол?! Цагдаад өөрөө ирсэн үү? Ямар байдлаар цагдаад ирэх болов гэхчлэн олон асуулт, хариулт хүлээж байна. Энэ хүний яриаг нийтэд дэлгэж тавибал илүү ойлгомжтой болно доо. Бас л нууц уу?!

-Туркийн Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хами Аксойгийн мэдэгдсэнээр бол Монголд “Фето” гэдэг террорист байгууллага байдаг, тэр нь өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг гэнэ. Турк улс үүнээс болгоомжил гэж манай эрх баригчидтай байнга ярилцаж байсан болоод байна. Байдал цааш нь нэлээд эвгүй байдлаар үргэлжлэх төлөвтэй болчихлоо.

Энэ асуудлаар УИХ нээлттэй сонсгол явуулахыг ард түмэн хүсэн хүлээж байгаа шүү.

Г.ЖАМЬЯН (Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн, зохиолч сэтгүүлч)

Categories
гадаад мэдээ

Улаанбаатар хотод нар хиртэлт 30-аад хувь харагдана

Наймдугаар сарын 11-нд нар хиртэнэ гэж “dailymail.co.uk” сайт мэдээллээ. Уг нар хиртэлт 5.58 цагт эхэлж, 7.23 цагт дуусах аж. Нар бүтэн хиртэхгүй бөгөөд дэлхийн олон оронд хэсэгчилсэн байдалтай харагдах гэнэ. Европын хойд болон зүүн хэсэг, Хойд Америкийн хойд хэсэг, Азийн хойд болон баруун хэсгийн орнуудад тод харагдана.

Өнгөрсөн долдугаар сарын 13-нд нар хагас хиртэж, 27-нд сар бүтэн хиртсэн.

Наймдугаар сарын 11-нд нар хиртэнэ

Улаанбаатар хотод нар хиртэлт 29.84 хувьтай харагдах ба нарны хиртэлт нэг цаг 26 минут 49 секунд үргэлжилнэ гэж үзэж байгаа аж. Нар хиртэлт наймдугаар сарын 11-ний үдээс хойш 5:56 цагт эхэлж 7:23 цагт дуусна гэжээ. Хиртэлийн хамгийн дээд түвшин 6.40 цагт ажиглагдана гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Хохирлын хэмжээг тодорхойлж, хор уршгийг арилгах ажлыг эрчимжүүлэв

Ойрын өдрүүдэд Өмнөговь аймгийн Баяндалай, Хүрмэн, Сэврэй, Даланзадгад сумдад олон жилийн дунджаас 2-3 дахин их хур тунадас орсон. Усархаг бороо, үерийн улмаас Баяндалай-Даланзадгад чиглэлийн хатуу хучилттай авто замын зарим хэсэг эвдэрсэн, нийт 7 метр өндөртэй аймгийн үерийн нэмэлт далан сэтэрсэн болон малчид иргэд, зарим айл өрхүүд усанд автсан гарз хохирол үүссэн. Аймгийн онцгой комисс, Онцгой байдлын газар цаг тухайд нь шуурхай арга хэмжээг авч байна.

2018 наймдугаар сарын 6-ны өдрийн аймгийн Онцгой комиссын хурлаар үер усны аюулаас үүдсэн хохирлын хэмжээг тодорхойлж, хор уршгийг арилгах арга хэмжээг эрчимжүүлж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ. Эхний ээлжинд үерийн даланг нэмж байгуулах, үер усны аюулаас үүдсэн хохиролын үнэлгээг яаралтай гаргах, баруун сумд руу чиглэсэн авто зам, аймгийн төв доторх замыг цэвэрлэхээр холбогдох байгууллагын удирдлагад үүрэг даалгавар өглөө.

Categories
мэдээ нийгэм

Дархан хотод “Гэрэлт гудамж” байгуулна

Иргэдийн төлөөлөл болох аймгийн Ахмадын зөвлөх багийнхан энэ сарын 3-ны өдөр “ГЭРЭЛТ ГУДАМЖ” байгуулах ажлын явцтай танилцаж, хяналт тавилаа. Үйлчилгээний төв-Эрдэнэс плазагаас Номингийн уулзвар хүртэлх авто зам дагуу Дархан хотын “Гэрэлт гудамж”-ийг ногоон байгууламжийн хамтаар байгуулж байгаа юм.

Бүтээн байгуулалтын гүйцэтгэл 85 хувьтай явагдаж байна. Тус ажил 8 дугаар сарын 20-ны өдөр бүрэн дуусах мэдээллийг гүйцэтгэгч байгууллага болох “Некст стандарт” ХХК-иас өгч байна. Дархан хотод “Гэрэлт гудамж” бий болсноор хотын өнгө үзэмж нэмэгдэхээс гадна зуны улиралд иргэд амарч тухлах аятай нөхцөлийг бүрдүүлэх юм. “Гэрэлт гудамж” төслийн хүрээнд хийгдсэн ногоон байгууламж, зүлэгжүүлэлтэд иргэд сайшаалтай хандаж байна.

Categories
мэдээ нийгэм

Хууль бус компаниудыг эсэргүүцлээ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын 3-р багийн малчин, ‘Байдраг нутаг усаа хайрлан хамгаалъя’ ТББ-ийн тэргүүн А.Энхтөр өнөөдөр /2018.08.07/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр Баянхонгор аймгийн Жаргалант суманд хууль бусаар алт олборлож байгаагаас байгаль орчинд ихээхэн хохирол учирч байна. Мөн тус сумын Засаг дарга уг компаниудад ямар нэгэн хариуцлага тооцохгүй, даврааж байгаа гэлээ. А.Энхтөр ярихдаа “Сумын байгаль орчны нөхөн сэргээлт нэрийн дор 2013 оноос хойш хууль бусаар алт олборлож, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж уул, ус гол горхийг бохирдуулж байна. Манай сумын иргэд энэ хууль бус үйл ажиллагааг таслан зогсоохын тулд “Байдар нутаг усаа хайрлан хамгаалъя’ ТББ-ийг байгуулж тэмцсээр ирсэн. Байдрагийн гол бол 300-аад километр урсдаг, Монгол Улсдаа томд тооцогддог. Үүнээс болж 5 сумын иргэдийн эрх ашгийг зөрчигдөж байна” гэв.

Тус төрийн бус байгууллагын гишүүн А.Энхдөлгөөн ‘Баянхонгор суманд хууль бусаар 2-3 компани алт олборлолт хийдэг. Эдгээр компани нөхөн сэргээлт огт хийдэгүй, сумын удирлагуудад ханддаг боловч ямар ч хариуцлага тооцдоггүй, сум хөгжүүлэх санд 100 сая төгрөг төлдөг боловч уг мөнгийг орон нутгийн удирдлагууд нь өөрсдөө захиран зарцуулж байна. Бид дөрвөн жилийн хугацаанд тухайн байгууллагуудтай тэмцсээр ирсэн, цаашдаа ч тэмцэх болно” гэлээ.

Жаргалант сумын Мандлын бөөрөг хэмээх газар 2013 оноос хууль бусаар алт олборлож эхэлсэн бөгөөд жил болгон нөхөн сэргээлт хийнэ гэдэг ч огт хэлсэндээ хүрдэггүй аж. Мөн тус сумын байгаль орчны хяналтын байцаагчийн зүгээс “Агь хаарвист” ХХК болон “Оргил моунт” ХХК гэх компаниудад үйл ажиллагаагаа зогсоох шаардлага өгсөн боловч одоог хүртэл ямар нэгэн хариу өгөлгүй хууль бусаар олборлолт хийсээр байгааг ч тэд шүүмжиллээ.