Categories
мэдээ нийгэм

Иргэдэд алт олборолтын талаар зөв ойлголт өгнө

“Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа аян”-ы хүрээнд Монголбанкны дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Алт үйлдвэрлэгчдийн холбоо”-ны төлөөлөлтэй уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр алт үйлдвэрлэгчдийн холбооны төлөөлөл дараах хүндрэлүүдийг онцолж байв. Тухайлбал, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17.1-д “3,0 тэрбум төгрөгөөс дээш албан татвар ногдуулах жилийн орлого олсон бол 300,0 сая төгрөг, 3,0 тэрбум төгрөгөөс дээш давсан орлогын дүнгийн 25 хувиар нэмж албан татвар ногдуулна.” гэж заасан нь алт олборлогч компаниудад татварын дарамтыг нэмэгдүүлдэг, мөн зарим тохиолдолд лицензийг хүчингүй болгосоноор алт олборлолтын үйл ажиллагаа удааширдаг, холбогдох газруудын зүгээс олон удаа шаардлагагүй хяналт шалгалт хийдэг, иргэд, төрийн албан хаагчдад алт, алт олборлолтын талаар зөв ойлголттой болгох зэрэг асуудлуудыг дурдлаа.
Монголбанкны дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн алт үйлдвэрлэгчдэд тулгарч байгаа асуудлыг судлан үзэж, дараах арга хэмжээг авч ажиллахаар төлөвлөж буйгаа энэ үеэр онцоллоо. Тэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 47.3.3-т “Монголбанк, түүнээс эрх олгосон банкинд худалдсан алтанд энэ хуулийн 47.3.2-т заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ 2,5 хувь, энэ хуулийн 47.5-д заасан нэмэлт төлбөрийн хэмжээ 0 хувьтай тэнцүү.” гэсэн заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл сунгахаар хуулийн төсөл боловсруулан төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Мөн аймаг, сумын удирдлага, мэргэжлийн хяналтын газар, байгаль орчны байцаагч, цагдаагийн байгууллагаас алт олборлогч компаниудад хийдэг давхардсан хяналт шалгалтын талаар холбогдох төрийн байгууллагатай уулзалт хийж, шат дамжлагыг багасгах, хариуцагатай уул уурхайг дэмжиж хамтран ажиллана. Түүнчлэн ЭКО алтны олборлолт, экспортыг дэмжих, орон нутаг үнэт металл сорьцлох лаборатори байгуулах, алт худалдан авах ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа зэргийг онцоллоо.
“Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа аян”-ы хүрээнд төрийн байгууллагын холбогдох ажилтнууд, орон нутгийн удирдлага, иргэдэд алт олборлолтын талаар зөв ойлголт, мэдээллийг өгөх зорилгоор хамтарсан уулзалт, өдөрлөгийг ирэх 10 дугаар сард хамтран зохион байгуулахаар боллоо.

Categories
мэдээ улс-төр

Ц. Нямдорж “Хүрэлсүхийн Засгийн газраас гарна” гэжээ

Ѳчигдѳр болсон МАН-ын Бага хурлаас хойш тус намд нэлээд бужигнаан үүсээд байна. Шалтгаан нь Ерѳнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх УИХ-ын дарга М.Энхболд хоёр “эвлэлдсэн”-тэй холбоотой бололтой. Тус Бага хурлын дараа УИХ-ын 30 гишүүн Ээлжит бус чуулганыг зарлуулах шаардлагад гарын үсэг зурсан гэсэн мэдээлэл хэвлэлүүдээр явж байна.
Үүнээс гадна, ѳчигдѳр орой Ерѳнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх намынхаа Бага хуралд зориулж Их тэнгэрт хүлээн авалт зохион байгуулжээ. Тэр үеэр УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нэр бүхий гишүүдтэй ярилцаж, “Хүрэлсүхийн Засгийн газраас гарна” гэж хэлсэн байна.
Тэрбээр намрын чуулганаас ѳмнѳ шийдвэрээ гаргах бололтой. Учир нь эрхэм сайд Ерѳнхий сайдынхаа хийж буй алхамд сэтгэл дундуур байгаа бѳгѳѳд “Хүрэлсүхээс юм хүлээх хэрэггүй боллоо. Энэ янзаараа Эрдэнэтийн 49 хувийг ч тавиад туучих бололтой” гэх зэргээр ярьсан байна.

Categories
мэдээ спорт

Оюутны улсын аваргууд тодорлоо

Монгол Улсын 2018 оны Оюутны улсын аваргын тэмцээнийг Монголын оюутны спортын холбоо /МОСХ/ их дээд сургуулиудтай хамтран хоёр сар гаруйн хугацаанд зохион байгууллаа.

Тус тэмцээнд сагсан бөмбөг, гар бөмбөг, чирлидинг, жүдо бөх, гандбол, шатар, футзал, ширээний теннис, таэквондо, модон бөмбөг, хөнгөн атлетикийн 13 төрлөөр 35 их, дээд сургуулийн 2165 тамирчин /үүнээс эрэгтэй 1281, эмэгтэй тамирчин 884/, 189 дасгалжуулагч, 106 шүүгч нийт 2460 хүн оролцов.
Энэ жил тэмцээнийг их, дээд сургуулиуд өөрийн сургуулийн нэрэмжит болгон зохион байгуулснаараа онцлогтой. Сагсан бөмбөг, волейбол, чирлидингийн тэмцээнийг МУИС-ийн Биеийн тамирын тэнхимийн 75 жилийн ойн хүрээнд тус сургууль хариуцан явуулсан бол жүдо бөх, гандболыг МУБИС, шатар, футзалыг “Мон-Алтиус” БТДС, чөлөөт бөх, ширээний теннисийг ҮБТДС, таэквондог ҮБХИС, модон бөмбөгийг ХААИС, хөнгөн атлетикийг ШУТИС, олс таталтыг “Аварга” дээд сургууль тус тус удирдан МОСХ-той хамтран ажиллажээ.
Мөн оролцсон их, дээд сургуулиудын дүнг анх удаа медалийн чанараар гарган дүгнэсэн юм. Энэхүү шалгаруулалтаар багийн нэгдсэн дүнгээр МУБИС-ийн баг тамирчид 15 алт, 14 мөнгө, 16 хүрэл медалийн амжилтаар тэргүүн байрт шалгарлаа. Харин дэд байрыг ҮБТДС-ийн баг тамирчид 13 алт, 22 мөнгө, 33 хүрэл медалийн амжилтаар, ШУТИС-ийн баг тамирчид 11 алт, 5 мөнгө, 5 хүрэл медалиар удаах байрыг эзлэв. Эхний 4 байрт “Аварга” дээд сургуулийн баг 8 алт, 5 хүрэл медалиар шалгарсан бол 5 дугаар байрт ХААИС-ийн баг тамирчид 7 алт, 7 мөнгө, 7 хүрэл медалийн амжилтаар айргийн тавдугаар байрт орлоо.
Нийт төв, орон нутгийн 24 их дээд сургуулийн баг тамирчид алт 79, мөнгө 79, хүрэл 116 нийт 274 багц медалийг хуваан хүртэж өндөр амжилт үзүүлэв.
Шалгарсан баг тамирчдыг Азийн оюутны аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнд БНХАУ-ын Жиньжиан хотноо ирэх 10 дугаар сард болох тэмцээнд оролцох эрхээр шагнаж урамшуулсан юм.
Categories
мэдээ нийгэм

ОХУ-аас 200 орчим шинэ техник, тоног төхөөрөмж хүлээн авлаа

Монгол Улсын Хөгжлийн банк болон ОХУ-ын Внешэконом банк хооронд байгуулсан хөнгөлөлттэй зээлийн гэрээний хүрээнд ОХУ-аас Монгол Улсад нийлүүлж буй хөдөө аж ахуйн эхний ээлжийн техник тоног төхөөрөмжийг Хүнс, хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих санд хүлээлгэн өгөх ажиллагаа боллоо.

ОХУ-аас оруулж ирсэн 21 төрлийн 196 ширхэг газар тариалангийн зориулалттай техник тоног төхөөрөмж хүлээн авах ажиллагаанд ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, ОХУ-аас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн М.В.Васильев, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирал В.Үнэнбат, ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун болон албаны бусад хүмүүс, тариаланчид оролцсон юм.

Арга хэмжээг нээж, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг нээж хэлсэн үгэндээ, “2019 онд Монгол Улс атар газар эзэмшиж, газар тариаланг бие даан хөгжүүлсний түүхт 60 жилийн ой тохионо. Уг түүхт ойн босгон дээр Монгол Улсын Засгийн газар түүхэн шийдвэр гаргаж, 7 аймаг, 60 сум, 113 багийг газар тариалангийн бүс нутгаар тогтоосон. Газар тариалангийн салбарт хөгжлийн шинэ жаран эхэлж байна. Тиймээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас “Атар 60” бүтээлч аян өрнүүлж байна. Аяны хүрээнд ойн зурвас татах, тариалангийн талбайг хашаажуулах, үр, сорт, техник, технологийн шинэчлэл хийх зэргээр тодорхой ажлууд хийхээр төлөвлөсөн.

Бид атар газар эзэмшсэн цагаасаа эхлээд ОХУ-тай нягт хамтран ажиллаж ирсэн. Үрийн шинэчлэлд ОХУ-аас 8000 тонн элит үр авч, тариаланчиддаа олгосон, энэ намар ургацаа хураана. Өнөөдөр 10 мянган ам.долларын өртөг бүхий 20 гаруй төрлийн 200 орчим техник тоног төхөөрөмжийг нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр авч байна. Энэ бол газар тариалангийн техник технологийн шинэчлэлд чухал хөрөнгө оруулалт боллоо. Ийнхүү энэ намар ургацаа амжилттай хураан авахад бидэнд хэрэгтэй чанартай техник тоног төхөөрөмжийг өнөөдөр хүлээн авлаа” гэв.

Өвс хуйлан боогч, үр тариа хураах комбайн, трактор, тэжээл хураагч, хадуур зэрэг техник тоног төхөөрөмжүүдийг Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан тариалан эрхлэгч иргэд, аж ахуй нэгж, байгууллагад жилийн 4,62 хувийн хүүтэй, урьдчилгаа төлбөртэй, 60 сарын хугацаанд түрээсийн гэрээ байгуулан олгохоор болсон юм. Энэ үеэр тариаланчдыг төлөөлөн Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавъяат агрономич Шаравын Мардаан хэлэхдээ, “Энэ бол тариаланчдад олдож байгаа алтан боломж. Тийм учраас бид энэхүү олдож байгаа боломжоо ард иргэдээ экологийн цэвэр хүнсээр хүртээмжтэй хангахад зориулахын тулд бүх чадлаараа хичээн зүтгэх ёстой” гэлээ.

ЗАРИМ ТЕХНИК ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН НЭР, МАРК, ХҮЧИН ЧАДАЛ, ТОО ХЭМЖЭЭ

Марк: Versatile 375

Техникийн нэр: Хөдөө аж ахуйн дугуйт трактор

Хүчин чадал: 375 м.х.давхар дугуйт

Тоо хэмжээ: 5 ширхэг

Марк: Акрос 595

Техникийн нэр: Үр тариа хураах комбайн

Хүчин чадал: 280 м.х.9 м жатка

Тоо хэмжээ: 5 ширхэг

Марк: Sterh 2000

Техникийн нэр: Тэжээл хураагч чиргүүлийн комбайн

Хүчин чадал: 38 тн/цаг, 2 м

Тоо хэмжээ: 8 ширхэг

Марк: АГС-14-2У, АГС-22-2У

Техникийн нэр: Борной

Хүчин чадал: 150м.х 14 мм, 300 м.х 22 мм

Тоо хэмжээ: 10 ширхэг

Марк: Вектор 410

Техникийн нэр: Үр тариа хураах комбайн

Хүчин чадал: 210 м.х 7 м жатка подборщикны хамт

Тоо хэмжээ: 25 ширхэг

ДАМЖУУЛАХ ТҮРЭЭСИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АВАХЫГ ХҮСЭГЧИД ТАВИХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТҮҮД:

  • Сүүлийн 2-оос доошгүй үйл ажиллагааг явуулсан байх
  • Урьдчилгаа төлбөр
  • Түрээсийн зүйлийг Дамжуулан түрээслүүлэгчийн санал болгосон даатгалын компанид даатгуулах санхүүгийн чадвартай байх
  • Үндсэн түрээсийн хөтөлбөр, хүүгийн төлбөрийг төлөх чадвартай байх

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ:

  • Санхүүгийн түрээсийн үйлчилгээ авахыг хүссэн албан хүсэлт
  • Санхүүгийн түрээсийн үйлчилгээ авахыг зөвшөөрсөн тухай эрх бүхий удирдлагын шийдвэр, тогтоол
  • Тухайн аж ахуйн нэгж, иргэний талаарх тухайн орон нутгийн Засаг даргын тамгын газрын тодорхойлолт
  • Удирдах албан тушаалтан, хариуцсан этгээдийн анкет, иргэний үнэмлэхний хуулбар
  • Аж ахуйн нэгжийн гэрчилгээ, дүрмийн хуулбар /нотариатаар баталгаажуулсан/
  • Урьдчилгаа төлбөрийг төлсөн тухай нотлох санхүүгийн баримт
  • Нэмэлт барьцаа болгон барьцаалуулах үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн гэрчилгээний эх хувь
  • Гэрээний хугацаанд түрээсийн зүйлийг Дамжуулан түрээслүүлэгчийн санал болгосон даатгалын компанид даатгалд хамрагдах үүргийг зөвшөөрсөн, мөн тоног төхөөрөмжийн сервес, үйлчилгээний зардлыг хариуцахыг зөвшөөрсөн тухай албан бичиг
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өр төлбөргүй тухай тодорхойлолт
  • Түрээсийн төлбөрийг хэрхэн гүйцэтгэх талаарх төлөвлөгөө, төлбөрийн чадвартайг нотлох баримт
Categories
мэдээ нийгэм

Доройтсон малын бэлчээрийг сэргээх боломжтой гэв

Сүхбаатар аймагт болсон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бүсийн зөвлөгөөний үеэр “Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах замаар мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангах нь” сургалт, семинар боллоо.

Тус сургалт, семинарын үеэр илэрхийлсэн талуудын байр суурийг хүргэе. Мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой эрхэлж, малчдын амьдралын баталгааг хангах нэг баталгаа нь бэлчээр. 2015 онд гаргасан “Бэлчээрийн төлөв байдлын үнэлгээ” тайлангаас харахад нийт бэлчээрийн 65 хувь доройтжээ. Сайн мэдээ гэвэл одооноос малын бэлчээрт үзүүлэх ачааллыг зөв тохируулж чадвал 10 хүртэл жилийн дотор доройтсон бэлчээрийг сэргээх боломжтой гэж мэргэжлийн байгууллага үзэж байна.

Бэлчээрийн менежментийг сайжруулахын тулд малчид нэгдсэн зохион байгуулалтад орж, дундын бэлчээрээ ашиглах төлөвлөгөө гарган ажиллаж байгаа нь сайн хэрэг. Малчдын энэхүү санал, санаачилгыг дэмжиж, хадлан, тэжээл бэлтгэх тал дээр технологийн зөвлөмж өгч ажиллахыг орон нутгийн удирдлагууд дэмжих хэрэгтэй. Нөгөөтэйгүүр асуудлыг том агуулгаар нь харж, отор нүүдлийг зөв зохион байгуулах, бэлчээрээ сэлгэх, амраах, бэлчээр ашиглагчдыг хариуцлагажуулахын тулд Бэлчээрийн тухай хуультай болох нь зүйтэй гэдгийг “Ногоон алт, малын эрүүл мэнд” төслийнхөн хэлж байна.

Монгол орны зүүн бүс Сүхбаатар, Дорноговь аймгийн зарим сумдын бэлчээр хүчтэй доройтсон. Говьсүмбэр аймгийн тухайд 466,3 мянган га бэлчээрийн талбайтай, 438 мянга гаруй толгой малтай. Жил бүр бэлчээрийн менежментийн төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж байна. 2018 онд гэхэд 10 га-д олон наст ургамал тариалж, хоёр инженерийн хийцтэй худаг ашиглалтад оруулж, бэлчээрийн мэрэгчидтэй тэмцэж байна. Улсын төсвийн болон төслийн санхүүжилтаар хийж буй эдгээр ажлыг илүү өргөн цар хүрээтэй зохион байгуулах, улмаар бэлчээрийг сайжруулах, нөхөн сэргээх дорвитой арга хэмжээ авахын тулд малын хөлийн татвартай болохыг малчид дэмжиж байгаа гэдгийг Говьсүмбэр аймгийн ХХААГ-ын дарга Ч.Отгонсүрэн илэрхийллээ.

Бэлчээрийн даацад тохирсон мал аж ахуй эрхлэх шаардлага өдөр ирэх бүр зүй ёсоор тулгарч буй өнөөгийн нөхцөлд нийгэмд хүлээлт үүсгэсэн Бэлчээрийн тухай хуулийн төсөлд мэргэжлийн байгууллага, холбоод, эрдэмтэн судлаачид, малчдаас санал авч, эцэслэн боловсруулж, батлуулахаар салбар яам ажиллаж байна. Малчдаас малын хөлийн татвар авах асуудлыг хуульчиллаа гэхэд татварын орлогыг эргээд малчдын амьдралыг сайжруулах, бэлчээрээ хамгаалах, хадлан, тэжээл бэлтгэх, худаг гаргах зэрэг тодорхой ажлуудад зарцуулах болно гэдгийг ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг онцоллоо.

Categories
мэдээ нийгэм

Тусгай сургуулийн багш нарыг чадваржуулах сургалт болж байна

БНСУ-ын “Green teachers” ТББ нь 2018 оноос БСШУСЯ-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулан ажиллаж байна.

Энэ хүрээнд тусгай боловсролын багш нарыг чадваржуулах сургалтыг тус улсын тусгай боловсролын их, дээд сургуулийн эрдэмтэн багш нар, тусгай боловсролын зөвлөх багш нараас бүрдсэн мэргэжлийн баг энэ сарын 06-14-нд хараа, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийг сургадаг багш нарт сургалт зохион байгуулж байна.
Сургалтад 116 дугаар сургуулийн 25 багш, 29 дүгээр сургуулийн 25 багш, Өмнөговь аймгаас 1 багш, МУБИС-ийн тусгай хэрэгцээт боловсролын ангийн 5 оюутан, нийт 56 хүн хамрагдаж байгаа бөгөөд харааны бэрхшээлтэй 3 багшид сургалтын гарын авлагыг брайлаар хэвлэж, сонсголын бэрхшээлтэй 5 багшид дохионы орчуулагчаар дамжуулан сургалтын дэмжлэг үзүүлж байна. Сургалтад хамрагдсан 56 багш 2019 оны нэгдүгээр сард хоёр дахь шатны буюу ахисан түвшний сургалтад хамрагдаж батламжаа гардан авах юм.
Тус сургалтын нээлтэд БСШУСЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Гарди, Тэгш хамруулан суралцуулах боловсролын бодлого, хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Б.Гэрэлтуяа, Нийслэлийн Боловсролын газрын тусгай боловсрол хариуцсан мэргэжилтэн Г.Амарсанаа, МУБИС-ийн Тусгай боловсролын тэнхимийн эрхлэгч Ц.Батцэнгэл нар оролцов.

Categories
мэдээ нийгэм

Ямашита Маморү: Тэтгэвэр авагчдын тоо нэмэгдэх учраас даатгалын тогтолцоогоо шинэчлэх хэрэгтэй

Японы “Жайка” байгууллагын шугмаар манай улсад хэрэгжүүлж буй Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх “Шинрай” төслийн ахлах зөвлөх Ямашита Маморү манай улсад ажиллалаа.
Японы нийгмийн хамгааллын салбарт 20 гаруй жил ажиллаж буй тэрээр сэтгүүлчидтэй уулзах үеэр хэлэхдээ, “Нийгмийн хамгааллын тогтолцоо нь тодорхой бүлэг хүний эрх ашгийг хамгаалах бус, нийт иргэдийг төр дэмжиж хамгаалах үндсэн зорилготой байдаг. Нийгмийн хамгааллын салбар хөгжиж сайжрахын хэрээр тэгш байдал бий болж, улс орон хөгждөг. Үүнд манай төсөл хувь нэмрээ оруулах юм. Одоо Монгол Улсад 20 хүн тутмын нэг нь 65-аас дээш насных байна. 50 жилийн дараа таван хүн тутмын нэг нь 65-аас дээш настай болно. Тиймээс ирээдүйгээ харж, даатгалын тогтолцоогоо шинэчлэх хэрэгтэй. Нийт хүн амд тэтгэвэр авагчдын тоо нэмэгдэх учраас одооноос бэлтгэлээ хангах нь зүйтэй. Япон улс ч ялгаагүй 60-аад жилийн өмнө залуучуудын орон байсан бол өнөөдөр дөрвөн хүний нэг нь 65-аас дээш буюу тэтгэврийн насных болсон. Ийм нөхцөл байдал үүссэн үед тэтгэврийн тогтолцоогоо сайжруулж, шинэчилнэ гэвэл амжихгүй учир асуудал үүсэхийг урьдчилан тооцоолсон учраас Япон улс хүн амын насжилт хараахан эхлээгүй 60 жилийн өмнөөс иргэдээ тэтгэврийн даатгалд хамруулах системд шилжсэн. Ирээдүйд Монголд өндөр настнуудын тоо нэмэгдэх учраас одооноос үүнд тохирсон бодлого хэрэгжүүлэх, залуучууд олон байгаа энэ үед НДС-нд хуримтлал үүсгэх, дундаж давхаргын тоог нэмж, улс орны хөгжилд хувь нэмэр оруулах гэсэн үндсэн гурван чиглэлээр зөвлөгөө өгч байгаа. Тэтгэврийн даатгалын сан зарлагаа нөхөхөөс гадна хуримтлал үүссэн байх ёстой. 50 жилийн дараа Монголын хүн ам зүйн өөрчлөлтийг тооцох боломжтой.

Монголд хүн амын огцом өсөлт ажиглагдахгүй байна. Тиймээс иргэн бүрийг тэтгэврийн даатгалд хамруулах нь чухал. Даатгалын тогтолцоо гэдэг тухайн орны онцлог, ёс заншилтай холбоотой байдаг. Үндсэн зарчмын дагуу л явах ёстой. Японы даатгалын тогтолцооны гол зарчим нь бүх хүнийг албан журмаар даатгалд хамруулдаг үндсэн зарчмыг Монгол Улс хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна. Малчин болон хөдөлмөр эрхэлдэггүй хүмүүс өөрийнхөө амьдралыг болгоод явах хэмжээнд байх юм бол заавал даатгалд хамруулах шаардлагагүй. Гэвч хөдөлмөрлөх боломжгүй тохиолдолд орлогын эх үүсвэр нь юу байх вэ гэдгийг бодох хэрэгтэй. Хэрэв даатгалд хамрагдсан бол нийгмийн даатгалын сангаас эрсдэлээ даалгах боломж бүрдэнэ.
Япон хөгжиж буй үедээ хуримтлалын мөнгийг банкинд зүгээр хадгалах бус, ажлын байр нэмэгдүүлэхэд ашиглаж, аж үйлдвэрийн том бүс байгуулж, үйлдвэрлэлээ дэмжсэн. Газар тариаланд ажиллаж байсан залуус тэнд ажиллах болсон. Хуримтлалын сангийн мөнгөө бага багаар тэтгэвэрт авагчдад зарцуулж байна. 50 жилийн дараа залуучууд тэтгэвэр авагчид болно. Иймд одоогоос хуримтлалын сан үүсгэх хэрэгтэй. Японы туршлагаас харвал мөнгийг хадгалаад байх бус, хөрөнгө оруулах замаар өсгөж болно. Мөн дундаж орлоготой өрхийн тоог нийгмийн хамгааллын тогтолцоогоор дамжуулан нэмэгдүүлэх нь чухал. Манай улс орлого багатай өрхийн орлогыг нэмэх тал дээр ихээхэн анхаарч ажилласан. Дундаж орлоготой давхарга нэмэгдэхээр худалдан авалт өсөж, дагаад үйлдвэрлэл хөгжиж, үйлдвэрлэл нэмэгдэхээр ажлын байртай болж, иргэдийн орлого өснө. Японд ажилгүй иргэдийн хувьд Тэтгэврийн байгууллагадаа хүсэлт гаргаснаар төрөөс шимтгэлийн 50 хувийг хариуцдаг. Японы даатгалын системийн онцлог нь тухайн үед авч байсан цалингийн хэмжээг өнөө үед шилжүүлж тооцдог. Тухайн үед мөнгөө төлсөн хүн одоо 50 хувийн тэтгэвэр авах нь шударга бус. Тиймээс цалингийн дундаж хэмжээг жил бүр тооцон одоогийн тэтгэврийн хэмжээг тогтоодог. Улмаар цалин нэмэх, амьжиргааны түвшин дээшлэхтэй уялдуулан тэтгэврийн хэмжээг өөрчилдөг. Монголд дундаж цалингийн хэмжээг өөрчлөж байгааг тэтгэврийн хэмжээнд тусгахгүй болохоор тухайн үед төлсөн шимтгэлийн үнэ цэнээ алдаж байна. Мөн улстөрийн сонгуулийн үеэр тэтгэвэр нэмэх, шимтгэл бууруулах арга хэмжээ авч байгаа нь үнийн хөөргөдөл үүсгэхээс тэтгэврийн бодит хэмжээг бий болгож чадахгүй. Японд үнийн өсөлттэй уялдуулж тэтгэвэр олгодог. Жилийн дундаж цалинг тооцон тэтгэврийн хэмжээтэй уялдуулж тооцох боловсон хүчин, мэргэжлийн баг Монголд хэрэгтэй” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Алтанцөгц суманд 10 гаруй айл усанд автжээ

Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын төв буюу Цагаан түнгэ багийн нутаг дэвсгэрт өчигдөр өдрийн 16:40 цагийн орчимд орсон хүчтэй аадар борооны улмаас үер буужээ. Үерийн улмаас сумын төвийн 10 гаруй айл усанд автсан байна.

Тус сумын Засаг дарга С.Бекет “Бид сумын Онцгой комиссыг шуурхай хуралдуулж, шөнийн 23 цагаас эхлэн үерийн голомтод ажиллаж байна. Айлуудаар нэг бүрчлэн орж байгаа. Урьдчилсан байдлаар 10 гаруй айлын байшин, хашаа, хүнсний дэлгүүр усанд автсан, худаг, ариун цэврийн байгууламжид ус, шороо дүүрсэн мэдээтэй байна. Одоогоор хохирлын хэмжээг хэлэх боломжгүй” хэмээн мэдээлжээ. Алтанцөгц сум Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотоос 44 км зайд оршдог. Нийтдээ 230 өрхийн 900 гаруй иргэн амьдардаг байна.

Categories
мэдээ нийгэм

Говийн нутгаар болгоомжтой аялахыг анхааруулж байна

Говийн нутгаар их хэмжээний бороо үргэлжлэн орсны улмаас зарим газарт үер бууж, борооны дараах шавар шалбааг аялал зугаалгаар явж байгаа аялагчдад ихээхэн саад учруулж байна.

Ялангуяа Өмнөговь аймгийн нутгаар үргэлжлэн орсон борооны улмаас зарим газраар уулын үер буусан аюултай үзэгдэл болжээ.

Мөн шаварт суусан машин олон байгаа бөгөөд онцгой байдлын албанаас шаварт суусан машинуудыг гаргаж байгаа талаар аялагчид хэлж байна. Тиймээс говиор аялж зугаалахдаа болгоомжтой явахгүй бол үер усны аюул учирч болзошгүйг анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр

МАН нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүргүүлжээ

Монгол Ардын Намын бага хурлын хоёрдугаар хуралдаан өчигдөр Тусгаар тогтнолын ордонд хуралдаж УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд оролцох эсэх, мөн нэр дэвшүүлэх журмыг хэлэлцэн баталсан юм. Хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар Монгол Ардын Нам УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн нөхөн сонгуульд оролцохоор шийдвэрлэсэн. Нөхөн сонгуульд оролцох нам, эвсэл наймдугаар сарын 8-наас өмнө хуульд заасан бичиг баримтуудыг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх хуулийн заалттай.

Өнөөдөр 11:40 цагт Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн гишүүн Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, Я.Содбаатар МАН-ын гишүүн Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба, МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар, МАН-ын Хууль Эрх Зүйн газрын дарга Р.Саруул нар УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ холбогдох бичиг баримтын хамт Сонгуулийн Ерөнхий Хороонд гардуулан өглөө.

Сонгуулийн Ерөнхий Хороо нам, эвслийн баримт бичгийг хүлээн авах, нягтлан шалгах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулан ажиллуулж буй бөгөөд сонгуульд оролцох тухай нам, эвслийн баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан тэднийг бүртгэх эсэх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм.