Categories
мэдээ нийгэм

Удо Хаазег “Хангарди” одонгоор шагналаа

Монгол Герман улсын хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмрийг үнэлэн Холбооны Бүгд найрамдах Герман улсын иргэн Бранденбург мужийн Шонофелд дүүргийн Засаг дарга Удо Хаазег нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонгоор шагналаа. Шагналыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан гардуулан өгч баяр хүргэлээ.

ХБНГУ-ын Бранденбург мужийн Шонофелд дүүргийн Засаг дарга Удо Хаазе “Бид өнгөрсөн 20 жилийн хугацаанд ялангуяа Баянгол дүүрэгтэй хамтарч олон ажил хийж хэрэгжүүлсэн. Цаашид бидэнд хийх ажил их байна. Бид хамтын ажиллагааныхаа хүрээнд Агропаркаар өргөн бүрэлдэхүүнтэй очиж зочиллоо. Тус паркад ажиллах хүмүүсийг сургах, тоног төхөөрөмжөөр хангах, тус паркын жижиг музейг тохижуулах ажлыг бүрэн хийнэ гэдгээ амлаж байна” гэлээ. Холбооны Бүгд найрамдах Герман улсын Бранденбург мужийн Шонофелд дүүрэг нийслэлийн Баянгол дүүрэгтэй хамтын ажиллагаа тогтоож олон ажлыг амжилттай хийж хэрэгжүүлсээр иржээ.

Categories
мэдээ нийгэм

Нөхөн сонгуульд оролцохоор 14 нам хүсэлт хүргүүлэв

УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд оролцохоор нийт 14 нам хүсэлт хүргүүлсэн талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэв.

Энэ сарын 06-нд Ардчилсан нам, МАХН, ХҮН, Дэлхийн Монголчууд нам, Үнэн ба Зөв нам хүсэлтээ хүргүүлсэн. Харин өчигдөр буюу энэ сарын 07-нд МАН, МҮАН, ИЗНН, Монголын Ногоон Нам, Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам, Зон Олны Нам, Монгол Консерватив Нам, Ард Түмнээ Хайрлая Нам, Бүгд Найрамдах Нам баримт бичгээ ирүүлжээ.

Ийнхүү нөхөн сонгуульд оролцох намын хүсэлтийг хүлээж авах хуулийн хугацаа дууслаа. Сонгуулийн Ерөнхий Хороо нам, эвслийн баримт бичгийг хүлээн авах, нягтлан шалгах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулан ажиллуулж буй бөгөөд сонгуульд оролцох тухай нам, эвслийн баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан тэднийг бүртгэх эсэх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

Categories
мэдээ цаг-үе

Ш.Батсайхан: Нүүрсний экспорт өнгөрсөн оныхтой харьцуулахад 20 орчим хувиар буурсан

Авто тээврийн Үндэсний төвийн дэд захирал Ш.Батсайхантай ярилцлаа.


-Энэ зун бороо хур ихтэй байлаа. Үүнээс үүдэн нүүрс тээвэрлэлтэд ч багагүй саад учирч байна. Энэхүү асуудлыг Авто тээврийн үндэсний төв хэрхэн шийдвэрлэж байгаа бол?

-Ойрын өдрүүдэд орсон их хэмжээний борооны улмаас замын эвдрэл үүсч, зам дагуу тогтoол ус ихээр үүссэн нь Цагаан хад орчимд тээвэрлэлт саатах нэг шалтгаан болж байна. Үүнтэй холбоотойгоор Авто тээврийн Үндэсний төвийн захирал П.Дэлгэрнарангаар ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймгийн Таван толгой Ухаа худгийн уурхайгаас Гашуунсухайт хилийн боомт чиглэлийн нүүрс тээвэрлэлтэд үүсч буй хүндрэлтэй нөхцөл байдалтай очиж танилцсан. Ямартаа ч Гашуунсухайт болон Цагаан хадны чиглэлийн авто замын хөдөлгөөн зохион байгуулалтыг цагийн зохицуулалтад оруулах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Мөн Уурхайнууд болон тээврийн 110 гаруй аж ахуйн нэгж байгууллагын тээвэрлэлт гүйцэтгэн дараалал хүлээж байгаа жолооч нарын эрүүл мэндэд анхаарах, хоол хүнс, ундны цэвэр усаар ханган ажиллахад хяналт тавин ажиллаж байна. Хяналтын улсын байцаагч нар ч нэмэлтээр томилогдоод байгаа.

-Ихэвчлэн ачаалалтай байдаг Гашуунсухайт боомтын нэвтрэх чадамж ямар байгаа вэ?

– 2016 оноос хойш нүүрсний экспорт нэмэгдсэнтэй холбоотойгоор зарим нэг боомтууд дээр хүндрэл үүсдэг байсан. Бусад боомтууд дээр байсан бүхий л тээврийн хэрэгсэл нэг боомт дээр төвлөрөх зэрэг хүндрэлүүд гарч байлаа. Одоо бол хилийн нэвтрэх чадвартай уялдуулж гаалийн лацны олголт хийгдэж байгаа. Мөн тухайн уурхай өөрийн экспортын даацандаа тохируулж тээвэр зохион байгуулалтаа хариуцдаг болсон.

Одоогоор Ханги Мандалын боомтоор өдөрт 70-100 машин нэвтэрч байгаа. Шивээ Хүрэнгийн боомтоор тогтмол 500-600 машин гарч байна. Зарим тохиолдолд л энэ тоо 800 хүрдэг. Гашуунсухайтын боомт дээр өдөрт хилээр нэвтрэх машины тоо 800-аас буухгүй байна. Гэхдээ энэ нь нодлингийн мөн үетэй харьцуулахад харьцангуй бага тоо юм. Өнгөрсөн жил 1300-аас буугаагүй. Зургадугаар сард нь 1600-д хүрч байсан ч тохиолдол бий. Тэгэхээр өмнөх жилийнхээс нөхцөл байдал харьцангуй сайжирсан гэж ойлгож болно. Гэхдээ хяналт шалгалтыг сайжруулах зорилгоор Цогтцэций сумын Авто тээврийн үндэсний төвийн салбар 24 цагаар ажиллаж байна.

-Хилээр нэвтрэх машины тоо буурч байгаа нь нүүрсний экспортод хэрхэн нөлөөлдөг вэ?

-Нүүрсний экспорт өнгөрсөн оныхтой харьцуулахад 20 орчим хувиар буурсан. Өдөрт 1200 орчим машин нүүрс тээвэрлэж байх үед сардаа 2-2.5 сая тонн нүүрс экспортолж байсан. Энэ жилийн тухайд дунджаар 1.5-1.8 сая тонн нүүрс л экспортолж амжиж байна. Зарим үедээ энэ тоонд хүрэхгүй байх тохиолдол ч бий. Үүнд мэдээж олон талын шалтгаанууд бий. Ямартаа ч бид нүүрсний экспортоо нэмэгдүүлэхийн тулд зорилт тавин ажиллаж байна. Уул уурхайн яамтай ч багагүй холбоотой ажиллаж байгаа.

-Дамжин өнгөрөх тээвэрлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр хийгдэж байгаа ажлууд бий юү?

-Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрүүдийг өргөтгөх шаардлага байгаа. Бид өнгөрсөн зургадугаар сард Латвитай уулзалт хийлээ. Есдүгээр сард Хятад, Монгол хоорондын 32 дугаар хэлэлцээрийг Увс аймагт хийх гэж байна. Мөн Беларусь, Польш, Унгар зэрэг улсуудтай хэлэлцээрүүдийг эхлүүлэхээр ажиллаж байгаа. Дамжин өнгөрөх тээвэрлэлтийг эрчимжүүлэх чиглэлээр дээрх ажлуудыг зохион байгуулж байна.

-Авто тээврийн Үндэсний төвийн улсын байцаагчидтай холбоотой гомдол санал гарах нь бий. Үүнд хэрхэн хяналт тавин ажилладаг вэ?

– Авто тээврийн Үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн байцаагч нар 980 гаруй нийтийн тээврийн хэрэгсэлд 24 цагийн турш хяналт тавин ажилладаг. Байцаагч нар шугам замын хяналт шалгалтыг хийхээс гадна хууль бус тээвэрлэлт, зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах үйлчилгээг тогтмол үзүүлдэг юм. Хяналт шалгалтын үед зөрчил гаргавал хялбаршуулсан журмаар шийдэх, эсвэл Зөрчлийн хуулийн дагуу хэрэг үүсгээд явдаг. Гэхдээ улсын байцаагч нар маань эрх зүйн мэдлэг багатайгаас үүдэн буруу зүйлчилж, хамаарахгүй зүйл ангиар торгосон тохиолдлууд гарах нь бий. Иймд бид арга зүйн зөвлөгөө өгөх сургалтуудыг шат дараатай зохион байгуулж байгаа.

Ер нь бол байцаагч нар зам тээврийн хяналт шалгалтыг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу Замын цагдаагийн албатай хамтарч, уялдаа холбоотой ажилладаг. Энэ жил бид Замын цагдаагийн албатай хамтран орон нутагт хяналт шалгалт хийх 27 посттой болох юм. Хууль зүйн сайдын төсвийн багцад пост барих төсвийг суулгаж, орон нутаг руу нь хуваарилснаар хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдэж байгаа. Пост нэмэгдснээр дамжин өнгөрөх хяналт шалтгалтын ажлыг эрчимжүүлэх, гэрээний бус тээвэрлэлтийн үйл ажиллагааг таслах зогсоох боломж бүрдэнэ.

Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн хамт олон хяналт шалгалт тавихаас гадна замын нөхцөл байдал хүндэрсэн үед иргэдийн осол саатлаас хамгаалах арга хэмжээ авдаг. Зорчигчдыг даатгалын байгууллагатайгаа хамтарч замд нь амраах, галт тэрэгтэй ойролцоо газар байсан тохиолдолд шилжин суух боломжийг олгодог. Дээрээс нь шуурхай мэдээллийг сонсох лавлах утаснууд тогтмол ажиллаж байна. Шугам хүрэлцээгүйгээс хамаараад дуудлага алдах тохиолдлууд байгаа. Иймд бид шугамаа нэмэгдүүлэх, зарим мэдээллүүдийг автомат хариулагчаасаа өгдөг байх зэрэг боломжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

-Авто тээврийн Үндэсний төв уул уурхайн компаниудад хилээр нэвтрэх тусгай зөвшөөрлийн хуудас өгдөг. Энэхүү зөвшөөрлийг уул уурхайн компаниуд ихээр нь олж авах эрмэлзэлтэй юм шиг санагддаг…

-Хоёр улс хоорондын хэлэлцээрээр олгогддог зөвшөөрлийн бичгүүдийг Авто тээврийн Үндэсний төв хариуцаж, шаардлагатай боомтууд дээр тараадаг. Бид Гашуунсухайт л гэж голчлон ярьдаг, үндсэндээ нийт найман боомт бий. БНХАУ-тай хиллэдэг боомтуудад бид тухайн ачааны онцлогоос хамаарсан зөвшөөрлийн бичгүүдийг олгож байна. Өмнөд хөрштэй хийсэн хэлэлцээрээр бол улс хоорондын байнгын ачаа, тээврийн гэрээтэй аж ахуйн нэгж, байгууллагад шууд өгөх ёстой юм. Гэхдээ тээвэр зохион байгуулалтын чиглэлээр зарим нэг боомтууд дээр тодорхой зохицуулалтыг хийх шаардлагатай байдаг. Иймд зөвшөөрөл олгох асуудал дээр онцгой анхаарч хяналт тавих нь зүйн хэрэг. Мөн замын хяналт шалгалтын ажлыг сайжруулах шаардлага ч бий. Тээвэр зохион байгуулалтынхаа ажилд энэ чиглэлийг илүүтэй тусгаж байна. Мөн боомт болгоны онцлогт таарсан төлөвлөгөө гаргаж ажиллах нь зүйтэй гэж үзэж байгаа.

-Авто үйлчилгээний байгууллага болон сэлбэг хэрэгсэлд тохирлын үнэлгээ өгч эхэлжээ. Энэ тухай тодруулаач?

-Одоогоор манай улсад зарагдаж байгаа сэлбэг хэрэгслүүдийн гарал үүсэл нь тодорхойгүй байдаг. Задалчихсан, угсарсан сэлбэг хэрэгслүүдийг ихэвчлэн зарах нь бий. Техникийн баталгааг гаргадаг тогтолцоо хэвшээгүй байна гэсэн үг. Харин манай Авто үйлчилгээний хэлтэс нь засвар угаалга, дугуй засвар, техник үйлчилгээ, агрегат үйлчилгээ болгонд тохирлын үнэлгээ өгч ажиллаж эхэлж байгаа. Мөн авто үйлчилгээний байгууллагуудад төдийгүй сэлбэг хэрэгсэлд тохирлын гэрчилээ олгож байгаа юм. Дээрээс нь манай autobox.mn цахим хуудсанд тээврийн хэрэгслийн мэдээллийн сан бүрдээд явж байна. Одоогоор 1400 гаруй тээврийн хэрэгслийн бүхий л мэдээллийг тэндээс харж болно. Уг цахим хуудсанд тухайн машины улсын дугаарыг хийхэд л өмнө нь осол аваар, эвдрэл гэмтэлд өртөж байсан эсэх, мөн цаг тухай бүртээ засвар үйлчилгээг нь хийж байсан талаар мэдэж болно. Орон нутаг дахь тээврийн хэрэгслийн мэдээллийн санг бүрдүүлэх ажлыг Зам тээврийн хөгжлийн яамтай гэрээ байгуулсны дагуу Авто тээврийн Үндэсний төв хариуцаж байна. Харин нийслэлийнхийг Нийслэлийн нийтийн тээврийн газар хийх юм.Мөн цаашдаа торгууль болон авто үйлчилгээ авахдаа апплейкшн ашиглаж төлбөрөө төлөх боломжийг эрэлхийлж байна.

-Дотоодын ачаа тээвэрлэлтийн нэгдсэн системтэй болохоор ажиллаж байгаа гэсэн үү?

-Дотоодын ачаа тээвэр гэх салбар орхигдсон байсан. Энэ чиглэлд хэд хэдэн зүйлийг анхаарах шаардлага байдаг юм. Одоогоор төвлөрсөн зах, худалдааны төвүүдээс орон нутгийн чиглэлд ачаа хөдөлж байгаа. Энэ ачаа эргэлтийн судалгааг бид хийсэн. Одоо “Тэсо” компанитай хамтраад дотоодын ачаа тээврийн нэгдсэн программыг хийж байгаа. Ингэснээр жолоочийг ачаа олгогчтой нь онлайнаар холбож өгөх боломж бүрдэж байгаа юм. Намраас бид энэ ажлыг туршиж үзэх юм. Ерөнхийдөө олон улсад ачаа тээвэрлэхэд үнэ хэмжээ, овор зэргээ тооцсон нэгдсэн тарифтай байдаг. Одоогоор манайд жолоочийн хэлсэн ханшаар л ачаагаа тээвэрлүүлдэг байдалтай байна.

О.Ариунцэцэг

Categories
мэдээ цаг-үе

Ж.Дэлгэрсайхан: Цалин нэмэх нь зөв ч эдийн засгийн бололцоогоо харах хэрэгтэй

Эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.


-ОУВС-тай өрнүүлж буй хэлэлцээрийн талаар та ямар бодолтой байгаа вэ. Ер нь Валютын сангийн хөтөлбөрийн хэрэгжилт эдийн засагт хэр нөлөө үзүүлж байна вэ. Анх зорьсон зорилго, төлөвлөгөөндөө хүрч чадаж байна уу?

-ОУВС-гийн хөтөлбөрийг ярихын тулд бид яагаад энэ хөтөлбөрт хамрагдах болсноо байнга санаж байх хэрэгтэй гэж боддогоо хэлэх нь зүйтэй байх. Монгол Улсын эдийн засаг тодорхой шалтгааны улмаас 2016 оны төгсгөлд маш хүнд байдалд орсон байсан. Үүний гол шалтгаан нь дотоодод эдийн засгийн буруу бодлого болон төсөв, мөнгөний бодлогын алдаа байсан гэж би хувьдаа үздэг. Төлөвлөгөөгүй их хэмжээний дотоод, гадаад эх үүсвэрийг эдийн засагт буруу нийлүүлснээс үүдэлтэй эдийн засгийн хямрал гүнзгийрсэн. Гадаад зах зээл дэх түүхий эдийн үнийн бууралт үүнд нөлөөлсөн боловч 2008 оны хямралтай харьцуулахад энэ хямрал ихэнх нь биднээс шалтгаалсан. Үүнээс үр дагаварт өмнө гаргасан төлөх хугацаа нь дөхсөн өрийг төлөх ямар чадамж эдийн засагт байгаагүй. Мөн Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн байдалтай холбоотой улсын санхүүгийн нэр хүндийн илэрхийлэл болсон зээлжих зэрэглэл муудсанаас хэн нэгний дэмжлэггүй эдийн засгийг бие даан сэргээх боломж бага байсныг дурдах нь зөв байх.

Иймээс бид ОУВС-гийн хөтөлбөрт тодорхой нөхцөлтэйгөөр орох нь тухайн нөхцөл байдалд харьцангуй зөв хувилбар байсан гэж үздэг. Тухайн хөтөлбөр нь хэрэгжсэн цагаасаа эерэг нөлөө үзүүлж байгаа гэж харж байна. Анхны нөлөө нь гадаад зах зээлд Монгол Улсын нэр хүнд дээшилж цаг нь тулсан өрийг төлөх боломж бий болсон явдал юм. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад төсөв, мөнгөний бодлогын шинэчлэл, эрх зүйн орчны шинэчлэлийг хэрэгжүүлж байгаа нь нэлээд үр дүнтэй болж байна гэж харж байна.

ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд тохиролцсон үндсэн чиглэлүүдээс дээр дурдсан санхүүгийн сектор болон төсвийн шинэчлэлээс гадна эдийн засгийн диверсификаци болон нийгмийн эмзэг давхаргыг хамгаалах асуудлуудад одоо анхаарах шаардлагатай гэж үзэж байна. Эдгээрийг хөтөлбөрийн үлдсэн хугацаанд хангах, засаглалын чадамжийг сайжруулах тал дээр анхаарч чадвал хөтөлбөр улам илүү үр дүнтэй болох боломжтой юм.

-Сангийнхантай тохиролцсоны дагуу цалин тэтгэврийн нэмэгдэл яригдаж байна. Эдийн засагт цалин, тэтгэвэр нэмэх боломж хэр байна вэ. ОУВС энэ тал дээр үнэхээр толгой дохисон болов уу?

-Сүүлийн жилүүдэд иргэдийн орлого хямралын нөлөөгөөр буурч иргэдийн амьжиргаа доройтож байгаа нь цалин тэтгэврийн асуудлыг хөндөх зайлшгүй шалтгаан болж байна. 2014-2016 онд өрхийн орлого, цалин хөлс тасралтгүй буурч ирсэн байдаг. Нөгөө талд бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт нь иргэдийн амьжиргаанд сөрөг нөлөөлж байна. Иймээс иргэдийн талаас харахад цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх асуудал нь зайлшгүй гэж хэлж болох юм. Харин нөгөө талаас Монгол Улсын эдийн засаг бүрэн сэргэсэн эсэх, цалин тэтгэврийг нэмэгдүүлэх санхүүгийн боломж бүрдсэн эсэх болон өнөөдөр цалин тэтгэврийг нэмэх нь эдийн засгийн хувьд зөв шийдвэр болж чадах уу, үгүй юу зэрэг олон асуудал бидний өмнө байна. 2017 оноос эдийн засаг сэргэж таван улирал дараалан өндөр өсөлттэй гарсан, төсвийн болон төлбөрийн тэнцлийн нөхцөл байдал эерэг байгаа зэрэг нааштай үзүүлэлт олон байгаа боловч би хувьдаа эдийн засаг бүрэн сэргэж хараахан амжаагүй байгаа гэж үзэж байгаа. Цалин тэтгэврийн нэмж болох боловч нийгмийн хүлээлтийн түвшинд их хэмжээгээр нэмэгдүүлэх боломж байхгүй хэвээр байгаа. Иймээс энэ асуудлыг ОУВС хүлээн авсан ч бодит нөхцөл байдлыг харгалзан шийдвэрлэх нь зүйтэй юм. Үүнийг зөвхөн улс төрийн шийдвэр талаас нь харж шийдвэрлэвэл алдаатай шийдвэр болж болох юм.

-Валютын сангийн хөтөлбөр хэрэгжиж байгаагийн нэг зорилго нь төсвийн алдагдлыг багасгах. Төсөв рүү чиглэсэн бодлогын хэрэгжилт нь ямархуу байгаа гэж та харж байна вэ?

-2017 оноос төсвийн үзүүлэлтүүд харьцангуй сайжирсан гэж үзэж байна. Өмнө байсан олон төсвийг нэг болгосон нь эрх баригчдын хамгийн түрүүн хийсэн зөв алхам байсан гэж харж байна. Төсвийн алдагдлын хувьд жил дараалан буурч байгаа нь төсвийн нөхцөл байдал сайжирч байгааг харуулж байна. Гэхдээ бидэнд нэн чухал байгаа болон ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд тавигдсан төсвийн бодлогын шинэчлэл, хариуцлага, сахилга батыг сайжруулах асуудал биднийг хүлээсээр байгааг хэлэх нь зүйтэй байх. Товчхондоо төсвийн нөхцөл байдал сайжирч байгаа боловч төсвийн бодлого, чанарын хувьд сайжруулах шаардлагатай байна.

-Төсөв дээр бид юуг анхаарвал эдийн засагт өгөөжтэй гэж та харж байна вэ?

-Төсвийн хувьд дээрх дээр нэмж хэлэхэд бид төсвийн иж бүрэн шинэчлэлийг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Үүнд хамгийн чухал нь төсвийн зорилго, төлөвлөлтийг нийгэм, эдийн засгийн үр ашигт байдалд нийцүүлэн хийх асуудал юм. Одоогоор төсөв нь эдийн засгийн өсөлт болон төсвийн болон төсвийн тогтвортой байдлыг тухай хуулийн хэдэн шаардлагыг хангах хэлбэрээр хийгдэж байгаа нь учир дутагдалтай юм.

-Долларын ханшийг тогтворжуулах нь валютын сантай хэрэгжүүлж буй хөтөлбөрийн нэг зорилго. Энэ зорилго хэр биелж байгаа гэж харж байна вэ?

-Валютын ханш буурахгүй байгаа нь бидний хувьд гол асуудал болж байна. Учир нь эдийн засаг идэвхжихийн хэрээр импортын нөхцөл байдал нэмэгдэх хандлага болж байна. Мөн бидний эдийн засгийг төрөлжүүлэх, эдийн засгийн суурийг сайжруулах гол зорилтууд гадаадын хөрөнгө оруулалт, гадаад санхүүжилт, импортод суурилж хийгдэх нь тодорхой юм. Иймээс валютын ханшийн хувьд бид цаашид тодорхой хэмжээнд анхаарах хэрэгтэй. Ханшийн өнөөгийн байдлын хувьд хэдийгээр ханш буурахгүй жилийн үзүүлэлтээр өсөлттэй гарч байгаа боловч хөтөлбөр хэрэгжээгүй бол гэсэн хувилбартай харьцуулахад мэдээж сайн үзүүлэлт бөгөөд энэ агуулгаараа тухайн зорилт зохих түвшинд хэрэгжиж байна гэж үзэж байна.

-Долларын ханшийн сүүлийн үеийн өсөлтийн шалтгаан таныхаар юу вэ?

-Төсөв, санхүүгийн нөхцөл байдлыг харахад валютын ханшийн сүүлийн үеийн өсөлт нь нь цаг зуурын шинжтэй гэж үзэж болохоор байна. Гэхдээ үүний гол шалтгааныг би хувьдаа эдийн засгийн идэвхжлээс шалтгаалж байна гэж үзэж байгаа. Гадаад худалдааны нөхцөл байдлыг харахад эдийн засгийн идэвхжлийг илэрхийлэх импортын өсөлт ажиглагдаж байна гэж харж байна. Иймээс валютын ханш хэрхэх вэ гэдэг нь цаашид эдийн засгийн нөхцөл байдал, гадаад валютын урсгалын нөхцөл байдлаас шалтгаална гэж хэлж болох юм.

-Таван толгойн төсөл Засгийн газрын төлөвлөснөөр хөдөлж чадвал долларын ханш өнөөдрийнхөөс буурах боломжтой юу?

-Таван толгойн төслийн хувьд улстөржилт хэтэрсэний улмаас өнөөг хүртэл зохих түвшинд хүртэл ажиллаж чадсангүй. Уг нь боломжтой бол цаг алдалгүй хөдөлгөх хэрэгтэй байна. Хэрвээ энэ төсөл яригдаж буй хувилбараар хэрэгжиж чадвал богино, урт хугацаанд валютын ханшид эерэгээр нөлөөлөх нь тодорхой юм.

-Инфляци төв банкны зорьсон найман хувьдаа баригдахгүй гэж үзэх эдийн засагч цөөнгүй байна. Инфляци өсөх ямар нэг эрсдэл анзаарагдаж байна уу?

-Монгол Улсын хувьд эдийн засгийн нөхцөл байдал инфляци нь харьцангуй эерэг хамааралтай байсаар ирсэн. Эдийн засаг идэвхжиж сэргэхийн хэрээр инфляци нэмэгдэх хандлага ажиглагдаж байдаг. Хөгжиж буй орны хувьд энэ нь байх үзэгдэл юм. Иймээс миний хувьд тийм магадлал бий гэдэгтэй санал нэг байна. Үүнийг хавраас хойш боломжоороо сануулахыг оролдож байна. Хэдийгээр цалин, тэтгэвэр зохих хэмжээнд нэмэгдэж чадахгүй байгаа боловч эдийн засгийн өсөлтөөс бий болсон нөлөөлөл нийгмийн тодорхой хэсэг нь эерэг нөлөө үзүүлэх, эдийн засаг сэргэж байгаатай холбоотой инфляцийг нэмэгдүүлэх нөлөө байх боломжтой юм.

-Монголбанкны мөнгөний бодлого дээр таны санаа оноог сонсмоор байна. Олзуурхах зүйл нь юу байна, анзаарахаас аргагүй асуудал нь юу байгаа бол?

-Мөнгөний бодлогын хувьд миний байр суурь эерэг байгааг хэлэх хэрэгтэй байх. Төсөв мөнгөний бодлогын хувьд энэхүү эерэг байр суурь маань өмнөхтэй нь харьцуулсан байдлаар гараад байгаа хэрэг л дээ. 2012-2016 онд мөнгөниий бодлого, төсвийн нэгэн адил олон урсгалаар хэрэгжиж байсан нь мөнгөний удирдлагыг алдагдуулсан гэж үздэг. 2017 оны мөнгөний бодлогоос эхлэн тэдгээр “Уламжлалт бус” мөнгөний бодлогыг зогсоох, Монголбанк төсвийн шинжтэй санхүүжилт хийх зэрэг асуудлыг зогсоосон зэргийг онцлох хэрэгтэй байх. Ингэснээр мөнгөний нийлүүлэлт буураагүй. Харин ч сүүлийн үед нэмэгдэж байгаа байдал нь мөнгөний хэт хатуу бодлого барьсан үзэх боломжгүйг харуулж байна. Мөнгөний бодлогын хүрээнд анхаарах гол асуудал нь мөнгөний бодлого нь эдийн засгийн өсөлтөд хэрхэн нөлөө үзүүлж байгаа болон инфляцийн зорилт болон байгаа түвшин нь эдийн засгийн бодит нөхцөл байдалтай нийцэж байгаа эсэх зэрэг чанарын асуудлуудыг авч үзэх хэрэгтэй байх. Одоо бол бид төсөв мөнгөний бодлогын хүрээнд тоон гэхээсээ бодлогын шинэчлэлүүдийг хийх шаардлагатай байна. Мөн Монголбанкнаас саяхан гаргасан өрхийн орлого болон зээлийн харьцааг тогтоож өгсөн явдал нь хэрэглээ болон өрхөд ирэх зээлийн дарамтаас гадна эдийн засаг дахь мөнгөний удирдлагад ихээхэн ач холбогдолтой гэж харж байна.

-Зээлийн хүүг бууруулахын тулд хамгийн түрүүнд хийх алхам гэвэл та юуг онцлох вэ?

-Энэ асуудлыг сүүлийн жил гаруй бараг нийгмээрээ хэлэлцсэн тул товч хариулт өгье. Зээлийн хүүг бууруулах тулд эдийн засгаа сайжруулах л шаардлагатай. Өнөөдөр бид дан үр дүн, шинж чанарыг харж, ярьсаар цаг алдаж байна гэж би хувьдаа үздэг. Одоо зээлийн хүү яагаад өндөр байгаа гэдэг шалтгааныг нь олж түүнийг залруулах шаардлагатай. Үүний хамгийн гол шалтгаан нь эдийн засгийн сул дорой байдал, иргэдийн амьжиргаа муу байгаа байдал юм. Түүнчлэн эдийн засгийн хамт цогц хэрэгжүүлэх бусад зүйлсийг анхаарах шаардлагатай. Сүүлийн үед яригдаад байгаа зээлийн хүүг бууруулах цогц стратеги арга хэмжээ хэрэгтэй гэдэгтэй санал нэг байна.


Categories
мэдээ цаг-үе

Л.Цэрэндолгор: Газ, бензин үнэрлэж мансуурсан хүүхдэд солиорлын шинж тэмдэг илэрдэг

-АЛИВАА ДОНТОХ ЭМГЭГТЭМЧИЛГЭЭ ХИЙГЭЭГҮЙ ТОХИОЛДОЛД ӨӨР ТӨРЛИЙН ДОНГООР ӨВЧЛӨХ ЭРСДЭЛТЭЙ-

НИТХ-ын 2012 онд гаргасан “Худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-д худалдааны газрууд 21 нас хүрээгүй хүнд тамхи, архи согтууруулах ундаа, газ худалдахыг хориглоно. Мөн баллонтой хийг орон сууц, сургууль цэцэрлэг, ахуйн үйлчилгээ зэрэг хүн олноор цуглардаг газруудад гурваас дээш ширхэгийг хадгалахыг хориглоно” гэсэн заалт бий. Хэрэв бага насны хүүхдэд газ худалдсан бол тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авдаг аж. Харамсалтай нь энэ журам үйлчлэхгүй, эцэг эхийн хараа хяналт муу зэргээс үүдэн ахуйн газ үнэртэж хүүхэд амь насаараа хохирсоор байгаа юм. Тодруулбал, Хан-Уул дүүрэгт 14 настай хүү гэрийнхээ хашаанд ахуйн хэрэглээний газ үнэртэж, мансуурсны улмаас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 24-нд газар дээрээ амиа алдсан байдаг. Талийгаач хүү нас барахаасаа арав хоногийн өмнө газ үнэртэж байгаад ээждээ баригдаж байсан гэнэ. Иймээс эцэг, эхчүүд хүүхдэд илэрч буй зан ааш, дуу хоолойны өөрчлөлт, биеийн байдалд нь байнга анхаарч байх хэрэгтэй гэдгийг холбогдох албанаас анхааруулж байгаа. Энэ талаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхэд, өсвөр үеийн клиникийн их эмч Л.Цэрэндолгортой ярилцлаа.


-Сүүлийн үед хүүхдүүдийн дунд шингэрүүлсэн хий, газ үнэрлэж, мансуурах тохиолдол их гарах болсон. Үүний улмаас хүүхэд амь насаа алдсан тохиолдол ч цөөнгүй бий. Газ, бензиний найрлагад донтуулах бодис агуулагддаг уу?

-Газ, бензин, будаг шингэлэгч үнэрлэх эмгэгийг дэгдэмтгий уусгагч бодист донтох гэнэ. Эдгээр нь донтуулах төрлийн бодист ордог. Газны химийн найрлагад ямар бодис багтдагийг мэргэжлийн хүмүүсээс бусад нь анзаардаггүй. Шингэрүүлсэн шатдаг хий буюу газ нь пропан бутаны холимог нэгдлийг агуулдаг. Тухайн хүн газ үнэртсэн үед сэтгэл нь хөөрч нойрмог байдалтай болдог. Иймээс сүүлийн үед хүүхэд энэ төрлийн бодист донтоод байгаа юм. Шингэрүүлсэн нүүрс-устөрөгчийн пропан бутаны холимог нэгдлийг амьсгалснаар сэтгэл хэт ихээр хөөрөх, нойрмог байдалтай болох, амьсгал боогдох, зүрхний хэм алдагдах, санах ой түр зуур алдагддаг хор нөлөөтэй. Хамгийн аюултай нь газны хий алдагдахад шууд залгиур хоолой руу ордог. Тиймээс амьсгал боогдож үхэлд хүргэх аюултай. Тухайлбал, хоёр найз хүүхэд газ үнэрлэсэн юм билээ. Нэг нь газар дээрээ амиа алдаж, нөгөө нь хордлогод орж эмнэлэгт эмчлүүлсэн тохиолдол бий. Тухайн амьд үлдсэн хүүхэд нөгөөхөө уруу татаж хэрэглэсэн байсан. Иймд тухайн хүүхдэд хуулийн хариуцлага хүлээлгэсэн байгаа. Хүүхэд газ үнэрлэж байхдаа хэзээ ч хэмжээ тааруулан сорно гэж байдаггүй. Уг бодис нь хүний биед орох ёсгүй. Тиймээс зарим хүүхэд газ үнэрлэж эхлээд амь насаа алддаг. Харин зарим нь их хэмжээгээр үнэрлээд мансуурч үлддэг. Хүн хэрэглэж болохгүй бодис учраас маш их эрсдэлийг дагуулж байдаг.

-Буруу зуршилтай хүүхэд найз нарыгаа ганц л удаа хэрэглээд үзчихье гэж уруу татдаг. Нэг удаа газ, бензин үнэртсэн бол донтох эрсдэлтэй юу?

-Дэгдэмтгий уусгагч бодис үнэрлэсэн хүүхэд бүрт өөр өөр шинж тэмдэг илэрдэг. Ахуйн газ үнэрлэсэн хүүхэд эхлээд манардаг. Тухайн хүүхдийн биеийн онцлогоос шалтгаалж манралт янз бүрийн хугацаатай байдаг. Нэг л удаа үнэрлэхэд сэтгэхүйн өөрчлөлтүүд илэрч эхэлдэг. Тодруулбал, хэсэг хугацаанд манарна, ухаан санаагаа болон тэнцвэрт байдлаа алдана, хий юм харна, гажуу тусгал үүснэ, хажуу орчин дахь юмс өөрчлөгдөж, аймшигтай зүйл болж харагддаг. Мөн мэдрэл сэрэхүйн өөрчлөлт гардаг. Тухайлбал, биеэр нь амьтан гүйж буй мэдрэмж төрөх, хий юм сонсох, өөрийг нь заналхийлсэн дуу авиа сонсогдох гэх мэт. Анх удаа бага тунгаар үнэрлээд амь насаа алдсан тохиолдол ч олон бий. Ингээд газ үнэртсэн хүүхэд манарчихаад хэсэг хугацааны хэвийн байдалдаа ордог. Тэд өөрийгөө зүгээр боллоо гэж боддог. Гэтэл тийм биш юм. Архинд донтсон хүн архины цагаан солиотой болдог. Тэгвэл газ, бензин анх удаа хэрэглэхэд л тухайн хүнд солиорлын шинэ тэмдэг илэрдэг. Иймээс газ, бензин үнэрлэхэд зохистой хэрэглээ гэж огт байхгүй. Эдгээр бодисууд нь хүний биед огт орох ёсгүй зүйл.

-Хүүхэд өөртөө таалагдсан зүйлийг даган дуурайх, үүнийг хэрэглээд үзвэл яах бол гэсэн сониуч зантай байдаг. Зөвхөн ийм шалтгаанаар хүүхдүүд газ, бензин үнэрлээд байна уу. Хүүхдүүд яагаад, юунаас болж газ, бензин үнэртэх нь ихсээд байгаа юм бол?

-Хорт зуршилтай болоход зөв хүмүүжлээр хүмүүжсэн үү, үгүй юу гэдэг нь л чухал. Хүүхэд гэр бүлээсээ авсан хүмүүжлээсээ шалтгаалж, ямар нэг хүний зөв зүйлийг, эсвэл буруу зуршлыг даган дуурайдаг гэсэн үг. Иймд ар гэрийн хараа хяналтгүй, хүмүүжлийн асуудалтай, өв тэгш бус гэр бүлд өсөж хүмүүжсэн өсвөр насны хүүхдүүд буруу хорт зуршлыг даган дуурайх нь их байдаг. Зарим хүүхэд сэтгэл санааны таагүй байдлаа засах, тайвшрах, муухай дурсамжаа мартах шалтгаанаар мансууруулах бодисыг хэрэглэх нь бий. Гэхдээ зөв хүмүүжилтэй, гэр бүл, асран хамгаалагчийн хараа хяналттай хүүхдүүдийн дунд ийм асуудал байдаггүй. Мөн газ, бензин үнэрлэж мансуурдаг хүүхдийн тоо жил бүр нэмэгдээд байгаа. Үүний бас нэг гол шалтгаан нь энэ төрлийн бараа хямд үнэтэй байгаа нь нөлөөлдөг. Дээр нь эцэг, эхийн хайхрамжгүй байдал, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжийн хариуцлагагүй байдлаас үүдэлтэй. Жишээлбэл, 220 миллметрийн багтаамжтай газ 1000 гаруй төгрөгийн үнэтэй борлуулагддаг.

-Архинаас хамааралтай хүмүүс их догшин, сэтгэл санааны хувьд тогтворгүй гэх зэрэг сөрөг харилцаа ажиглагддаг. Харин газ, бензиний донтолтын үед хүний биед ямар өөрчлөлт ордог вэ?

-Оюун ухаан талаас нь ой тогтоолт муудна, анхаарал төвлөрөл сулардаг, орчин тойрныхоо юмыг анхаарч чадахгүй, аливаа зүйлийг амархан мартах гэх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Мөн донтуулагч бодис хүний уураг тархины бүтцийн үйл ажиллагаанд өөрчлөлт оруулдаг. Хамгийн их өөрчлөлт ордог хэсэг нь уураг тархины духны дэлбэнх хэсэг байдаг. Уг хэсэг нь хүний зан авир, зан үйлийг хариуцдаг. Энэ нь нийгэмд хэрхэн биеэ авч явах, хүнтэй хэрхэн зөв харьцах, хаана яаж дасан зохицож байх вэ гэдгийг хариуцдаг хэсэг гэсэн үг. Ямар ч хүүхэд нэг төрлийн донтуулагч бодис хэрэглэснээр зан араншинд нь аажимдаа маш их өөрчлөлт бий болдог. Тэд ууртай, ширүүн, хөндий хүйтэн цэвдэг, хүнийг сэтгэлээсээ хайрлаж, энэрэх чадваргүй болдог. Ингээд тухайн хүүхэд насанд хүрсний дараа хүнтэй харьцах, хэвийн харилцаа тогтоох байдал нь алдагдсан байдаг юм. Үүнээс гэр бүлийн хэрүүл, маргаан, салалт гэх зэрэг тулгамдах асуудлууд хөвөрдөг.

-Ямар нэг донтолтын эмгэгээр өвчилсөн хүн өөр төрлийн донтолтоор өвчилдөг үү?

-Хавсарч донтох тохиолдол бий. Хамгийн их хавсарч донтдог зүйл тамхины дон байдаг. Манай улсын хүн амын дийлэнх нь тамхи татаж байгаа учраас байдаг л зүйл шиг санагддаг. Гэвч энэ нь донтох эмгэг юм. Нэг ёсондоо тухайн хүн тамхиа татахгүй байя ч гэсэн өөрийн мэдэлгүй татмаар санагддаг. Энэ бол тамхины донтолт. Тэгэхээр газ, бензин үнэртэж мансуурах донгоос гадна бусад бүх төрлийн донтох эмгэгт тамхи татах дон хавсарч байдаг. Нэг зуршил нөгөө зуршлыг бий болгодог.

-Зарим хүн бензин, будаг үнэртэхээр гоё байдаг гэж ярьдаг юм билээ. Ийм хүмүүс газ, бензин үнэрлэх донгоор өвчлөх эрсдэлтэй гэсэн үг үү?

-Энэ бол дон биш. Зарим нэг өвөрмөц үнэрт дуртай хүмүүс байдаг. Өвөрмөц үнэрт дуртай гээд тухайн зүйлээ эрж хайж, зорьж очиж, үнэрлэдэггүй. Үүгээрээ донгоос ялгарч байгаа юм. Харин аливаа нэг дон нь тухайн зүйлээ эрж хайна, хэрэглэнэ хэрэглэхгүй бол байж ядна, заавал хэрэглэх ёстой гэсэн бодол тухайн хүний оюун санааг тэр чигээр нь эзэмдчихдэг. Харин хааяа нэг тохиолдлоор үнэрлэчхээд, үүнийг үнэрлэх гоё гэдэг нь донтолтод орохгүй.

-Архины хамааралтай хүнийг архинаас гаргачихаад дахиж хэзээ ч амсуулж болдоггүй гэдэг. Тухайн хүн архи уух л юм бол архинд илүү хурц хэлбэрээр донтдог гэх юм билээ. Харин газ, бензиний донтолтын үед яадаг юм бол?

-Газ үнэрлэдэг хүүхэд эмчилгээ хийлгээд сайжирч байгаад жилийн дараа давтан хэрэглэсэн тохиолдол бий. Ямар ч донтох эмгэг нэг эмчлүүлээд зүгээр болдог зүйл биш. Донтох эмгэгээр өвчилсөн л бол насан туршдаа тухайн донгоо барих, хянах гэсэн асуудал яригддаг. Хүүхэд эмчилгээ хийлгэж байхдаа газ хараад үнэрлээд эхэлдэг. Тухайн дон сэдэрч байна гэсэн үг юм. Энэ нь тархинд үүссэн бүтэцийн өөрчлөлт ерөөсөө эдгэрээгүй, хэвийн байдалдаа ороогүй байгаа гэсэн үг. Тархины бүтцийн өөрчлөлт нь унтаа горимтой байгаа. Хэзээ ч сэрэхэд бэлэн хүлээгээд байж байна гэсэн үг. Тэгэхээр хамгийн зөв арга бол хүүхдээ газ үнэрлэхээс урьдчилан сэргийлэх ёстой. Хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй. Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ нээлттэй харилцаж, стрессийг даван туулах аргад сургах хэрэгтэй байна. Үүнийг ойлгуулахын тулд эцэг, эх хүүхдээ цэцэрлэгт орохоос нь өмнө анхааруулж хэлэх ёстой. Өөрөөр хэлбэл, хүүхдээсээ хараа хяналтаа салгахгүй байх нь чухал. Хүүхэд нэг зөв хэвшлээр хүмүүжих юм бол сайныг бүтээж хийхийг оролддог болно. Харин тэднийг өсвөр насанд хүрсэн хойно нь ойлгуулна гэдэг худал юм. Өсвөр насны хүүхдэд эцэг, эхчүүд нь уурлаж, загнаж, ойлгуулах нь сөрөг үр дагавартай. Учир нь өсвөр насныхан эцэг, эхчүүдийн хэлсэн үгийг үглэж байна гэх байдлаар хүлээж авдаг тал бий. Иймээс хүүхдийг өсвөр насанд хүрэхээс нь өмнө зөв аргаар хүмүүжүүлэх нь чухал байдаг юм.

-Аливаа донтолтын үед сэтгэл заслын эмчилгээ чухал гэдэг юм билээ. Газ, бензин үнэрлээд мансуурсан хүүхдэд ямар эмчилгээ хийдэг юм бэ?

-Дэгдэмтгий уусгагч бодист донтох эмгэг гэлтгүй бусад бүх төрлийн донтолтод хамгийн чухал нь сэтгэл заслын эмчилгээ чухал үүрэгтэй. Танин мэдэхүйн зан үйлийн сэтгэл заслын эмчилгээ гэсэн үг. Нэг ёсондоо тухайн хүүхдийн зан үйлийн, танин мэдэхүйг өөрчлөх буюу хүний биед хортой гэдгийг ойлгуулж өгөх нь чухал эмчилгээ болдог. Сэтгэл зүй болон оюун ухаанд нь маш сайн хадаж өгөх хэрэгтэй учраас ойр ойр давтамжтайгаар сэтгэл заслын эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Газ харсан үедээ хүүхдэд үнэрлэх юмсан гэдэг мэдрэмжээс илүү энэ чинь хортой, хүний амь насанд аюултай гэсэн бодлыг танин мэдэхүй талаас нь суулгаж өгөх ёстой. Мөн зан үйлийг өөрчлөх, газ хэрэглэхийг хүссэн дур хүслээ яаж дарж сурах вэ, яаж өөрийгөө зөв хэв маягт хэвшүүлэх вэ гэх зэрэг аргад сургах нь сэтгэл заслын эмчилгээ юм. Энэ эмчилгээ их хийгддэг. Эмнэлэгт хийлгэсэн сэтгэл заслын эмчилгээгээ үргэлжлүүлэн гэрээр ч хийх ёстой. Гэтэл манайд хараахан ийм боломж алга. Улмаар сэтгэл заслын эмчилгээ тууштай хийгдээгүйгээс болж дон сэдрэх асуудал гараад байгаа. Эмнэлгээс гарсан хүүхэд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд дахин дахин ирээд байх боломжгүй байдаг. Иймээс хүүхдийн хамгийн ойр орчин болох сургууль, өрхийн эмнэлэгт сэтгэл зүйч байх хэрэгтэй байна. Манайхаас гарсан тэдгээр хүүхдүүдийг хариуцсан өрхийн эмнэлэг, сургууль нь хүлээж аваад үргэлжлүүлэн танин мэдэхүйн хичээлээ ордог. Хараа хяналтыг нийгмийн ажилтан, эцэг, эх нь хамтран тавих хэрэгтэй. Байнга тухайн хүүхэдтэй ярилцаж, сэтгэл зүйн асуудлын хуваалцдаг байх хэрэгтэй. Ийнхүү сэтгэл зүйн тусламжийг үргэлжлүүлээд хийгээд байвал тухайн хүүхэд засрах, эдгэрэх боломжтой байдаг. Манай эмнэлгийн хувьд уг асуудалд хүн хүч хүрэхгүй байгаа.

-Эцэг, эхчүүд буруу зуршилтай хүүхдийг эмчлүүлэхээр мэргэжлийн байгууллагад хандахаас илүүтэй тухайн зүйлээс нь хүчээр холдуулах гэж үздэг. Энэ нь хэр сөрөг үр дагавартай вэ?

-Ийм тохиолдол их байдаг. Нэг айлын хүүхэд интернэт тоглоом тоглох донтой байдаг. Энэ байдлаас нь холдуулъя гэхэд эцэг, эх нь хотод сурдаг хүүхдийг сургуулиас нь гаргаад хөдөө явуулчихдаг. Ингээд хөдөө очоод интернэт тоглоом байхгүй учраас нөгөө хүүхэд тухайн донтолтын дур хүслээ дарахын тулд өөр төрлийн хорт зуршлаар тухайн зүйлээ орлуулдаг. Нэг донтолтын төрлийн өвчнөө эмчлээгүй учраас өөр төрлийн донгоор дур хүслээ дарж байна гэсэн үг. Иймээс эмчилгээ л хийлгэхгүй бол өөр төрлийн донгоор өвчлөх эрсдэлтэй. Сэтгэл зүйн тусламж үзүүлэхгүй хүчээр дур хүслийг нь дараад байна гэдэг бол тухайн хүүхдийг байж ядах байдалд оруулдаг. Улмаар тухайн хүүхэд гэрээсээ оргодог, дайждаг эсвэл өөр хорт зуршил руу бүрэн автдаг тал ч бий. Бүр хүүхэд дур хүслээ дарахын тулд гараа өнгөц зүсэж тайвширсан ч тохиолдол бий. Тиймээс мэргэжлийн тусламж үйлчилгээг авах нь хамгийн чухал. Сэтгэцийн эмч гэлтгүй сэтгэл зүйч нар ч ийм эмчилгээ үзүүлж чадна. Харин эм тариа хийж, хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байгаа тохиолдолд сэтгэцийн эмчид хандах ёстой.


Categories
мэдээ нийгэм

Д.Муратыг хаалттай шүүж байна

УИХ-ын гишүүн Д.Муратад холбогдох шүүх хурал өнөө өглөө Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэйн шүүхэд эхлээд байна. Түүнийг Эрүүгийн хуулийн 11.6.1, 21.2.1-д зааснаар буруутган шүүж буй бөгөөд Эрүүгийн хуулийн 11.6.1-д Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

Мөн Эрүүгийн хуулийн 21.2.1-д Гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн бол гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ хэмээн заажээ.

Түүнийг Г.Бахытгүл гэгч эмэгтэйн биед хөнгөн гэмтэл учруулсан хэмээн буруутган хаалттайгаар шүүж байна. Шүүх хурлаас гарах шийдвэрийг бид эргэн мэдээлнэ.

Categories
мэдээ нийгэм

Цэргийн дөрөвдүгээр их наадам болж байна

ОХУ-ын Батлан хамгаалах яамны санаачлагаар дэлхийн 7 оронд нэгэн зэрэг зохиогдож буй Цэргийн дөрөвдүгээр их наадамд Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчид амжилттай оролцож байна. Уг наадамд оролцож буй монголын дайчдын амжилтын мэдээг бид мэдээлсээр байгаа. “Танкийн биатлон”, “Мэргэн буудагчийн зааг”, “Хээрийн гал тогоо” гэсэн төрлүүдэд оролцож буй баг тамирчид улс эх орныхоо нэр хүндийг өсгөж чадлаа.

“Хээрийн гал тогоо” тэмцээнд манай улсын тогооч нар дэлхийн 12 орноос дөрөвдүгээр байрт шалгарчээ. Харин ” Танкийн биатлон”, “Мэргэн буудагчийн зааг” тэмцээнд оролцож буй баг тамирчид хагас шигшээд шалгаран дараагийн шатны бэлтгэлээ хангаж байна. “Танкийн биатлон” тэмцээнд дэлхийн 22 орны тус бүр 3 экипаж, нийт 66 экипаж эхний шатанд өрсөлдсөнөөс хагас шигшээ уралдаанд 12 орон шалгарснаас Монгол Улсын баг тамирчид зургадугаар байранд үлдэн өмнөх жилүүдийнхээ амжилтаа ахиулсан юм. Монгол Улсын Зэвсэгт хүчний зургаан ангийн шилдэг танкчдаас бүрдсэн 4 экипаж тэмцээн эхэлсэн өдрөөс л Ангола, Лаос, Венесуэль улсын багуудтай уралдаж гараа бүр дээр түрүүлсээр хагас шигшээ тэмцээнд шалгарч үлдээд байгаа. Өнөөдөр дараагийн шатанд өрсөлдөнө.

Categories
мэдээ нийгэм

​Тарваган тахлын байгалийн голомттой 130 гаруй сум байдаг

Он гарснаас хойш тарваган тахлын сэжигтэй гурван тохиолдол бүртгэгдсэн байна. Тарваган тахлын эсрэг вакцинжуулалтыг орон даяар өрнүүлж, ажил 90 гаруй хувьтай явагдаж байгаа ч саяхан дахин нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн юм. Тодруулбал, найман настай хүү тарваганы түүхий давсаг залгисны улмаас тахлын сэжиг илэрсэн ч тахлын халдварын шинж илрээгүй байна.

Эдгээр нь хууль бус ангийн мах нууж нийслэлд оруулж ирэх, улмаар бусдад зарж худалдаалах, өөрсдөө хорхог боодог хийж идэх тохиолдол гарсаар байгаа нь энэ төрлийн сэжигтэй тохиолдлыг нэмэгдүүлж байгаа гэж мэргэжилтнүүд хэлсээр байгаа.
Улсын хэмжээнд 17 аймгийн 130 гаруй суманд тарваган тахлын байгалийн голомттой тул нийслэл рүү орж ирэх зорчигч хөдөлгөөнд тавих хяналт шалгалтыг 24 цагаар хийж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Цахилгааны хэрэглээгээ хянах боломжтой

Цахилгааны төлбөр нь тухайн өрхийн хэрэглээтэй тохирч байгаа, эсэхэд зарим иргэд эргэлздэг. Ийм тохиолдолд цахилгааны хэрэглээ, төлбөрийн зөрүүг олох цөөнгүй арга бий.

Тухайлбал, нийслэлийн цахилгаан хэрэглэгчдийн онлайн бүртгэл бүхий mytog.mn сайтад хандаж, цахилгаан хэрэгслийнхээ мэдээллийг оруулж, сарын төлбөрөө ойролцоогоор тооцох боломжтой. Мөн Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн лавлах утас 7004-7004-т хандаж, мэргэжилтнээр шалгуулж болно.

Төлбөрийн бичилт хэрэглээнээс зөрж буй эсэхийг шалгуулахад үнэ төлбөргүй. Харин гэр хорооллын өрхүүдийн шугамаас өөр айл хэрэглэж буйг шалгуулахад үнэ төлбөргүй. Харин гэр хорооллын өрхүүдийн шугамаас өөр айл хэрэглэж буйг шалгуулахад 5000 төгрөгөөр хураамж авдаг юм байна. Мөн хэрэглэгчдийн долоон оронтой кодоо 137004 дугаарт илгээж төлбөрийн үлдэгдлээ шалгах боломжтой юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Салан тусгаарлах санаархал

БААБАР ИНГЭЖ ХЭЛЭВ


-МОНГОЛ ТҮҮХ ДӨРВӨН БОТЬ БҮТЭЭЛИЙН ХЭСГЭЭС-

Намын VII их хуралд эргэлт хийхээр Москвагаас дуудагдаж ирсэн КУТВ-ынхны нэг нь Золбины Шижээ байлаа. Тэрээр Шиньжаанд төрсөн, Сумъяа бээсийг дагаж Монголд ирэн туслах нь байжээ. 1923 оноос Төв Хороонд ажиллаж байлаа. МАН-ын эсрэг шинэ залуусын бүлэг байгуулахад хамгийн залуу, хамгийн шийдэмгий хэсэгт Шижээ багтаж байв. Удалгүй Ринчиногийн дараа нам, төрийн дээд эрхийг хууччуул авч хөөргөн залуусын ихэнхийг Дорно дахины коммунист Их сургуульд (КУТВ) сургахаар Москва явуулахад Шижээ тэнд багтсан.

Энэ үед Шиньжааний байдал хурцадмал байлаа. Циньхайн хувьсгалаас хойш Шиньжаан нь үнэн хэрэгтээ бие даасан байдалтай, нөгөө талаас Зөвлөлтийн нөлөө ихтэй, тэгсэн мөртөө Оросын цагаантны дүрвэгсэд олонтой, ёстой холион бантан болсон газар байлаа. Тэнд амьдрах олон үндэстэн болгон өөр өөрийн сонирхолтой. Зөвлөлтийн зүгээс тэнд бас нэг улаан улс байгуулах сонирхолтой, улаан өнгийг хятадын лалууд гэгдэх хотон (hui) үндэстэн илүү шохоорхоно. Гучаад оны үед хотонгуудыг ах дүү дөрвөн Ма толгойлж байсан учир тэднийг Магийн бүлэг (Mа clique) гэж нэрлэдэг байлаа. Ма-гийнхан марксизм ленинзмд их үнэнч, Ялангуяа Карл Марксыг ихэд шүтнэ, “сахалт Ма” гэж нэрлэнэ[1]. КУТВ-д тэд олон оюутан сургахаар илгээсэн байлаа.

Зөвлөлтүүд Шиньжаанд хоёр удаа Дорнод Туркестаны бүгд найрамдах улс гэдгийг байгуулсан юм. Эхнийх нь 1933-1934 онд, дараагийнх нь 1944-1949 онд тогтсон. Эхнийх нь “лалын”, дараагийнх нь “хувьсгалт” гэсэн тодотголтой. Хориод оны дундуур Коминтерноос эзэнгүй болчихсон Шиньжаанд бас нэг хувьсгалт улаан улс үүсгэхээр зэхэж байлаа. Дунгаан, уйгар, хотон оюутнуудыг КУТВ-д коммунист-террорист онолд сурган бэлтгэж байхад мөн л Шиньжаанаас гаралтай, аль хэдийнэ туршлагатай хувьсгалч болчихсон монгол үндэстэн Золбины Шижээ тэнд мэргэжил дээшлүүлж байлаа.

Шижээ Коминтерний даалгавраар Шиньжаанаас ирсэн хотон оюутнуудад хувьсгалт ятгалга хийх үүрэг аван гүйцэтгэнэ. Мөн Шиньжаан руу зөвлөлтийн зэвсэг нууцаар зөөх ажиллагааг ч зохион байгуулж байсан бололтой. Тэнд байхдаа Ө.Бадрахтай танилцжээ. Бадрах бол Увсаас гаралтай дөрвөд хүн. Мань хоёр ярилцаж байгаад Монголд халх бус ястнаас бүрдсэн автономи муж шинээр байгуулах санаа төрүүлэн хөгжүүлжээ. Шинэ санаа явсаар төсөөллийн шинэ улсад нь Монголоос Ховд, Увс аймаг, Тагна Тува улс тэр чигээрээ, Шиньжаанаас уйгар бус үндэстнүүд багтах юм боллоо[2]. Гэхдээ санаа энэ хоёр залуугаас анхлан гарсан гэдэг юу л бол. Нэгэнт улаан хувьсгал ялуулахад оролцон туршлагажчихсан энэ хийрхүү фанат монгол залуучуудаар Ойрд, Туваг салгаад Шиньжааны жижиг үндэстнүүдтэй нийлүүлэх ажиллагааг удирдуулах, КУТВ-т ирсэн Шиньжааны цөөнхийг тэднээр уруу татуулах авантюр санааг коминтернийхэн л бодож олоо болов уу.

Ер нь ч тэгсэн байж таараа, юу гэвэл коминтернийхэн 1928 онд Монголд төрийн эргэлт хийхдээ мань хоёр залууг дагуулж ирснээр барахгүй намын шинэ удирдлагад Бадрахыг Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга гэсэн хамгийн өндөр албан тушаалд томилж, Шижээг Үйлдвэрчний төв зөвлөлийн даргаар тавьжээ. Үүнээс хойш дөрвөн жил үргэлжилсэн “зүүнтний нугалаа” гэж нэрлэгддэг коммунист хийрхлийг ерөнхийдөө энэ хоёр удирдсан юм. 1930 онд болсон МАХН-ын VIII их хурлаар Шижээ нь бүр Төв Хорооны гурван нарийн бичгийн даргын нэгээр сонгогдов.

Намын дарга болсон Ө.Бадрах “Намаас баруун бөөрөнхийчүүд лүгээ тэмцсэн амжилттай их тэмцлийн туршлага” гэсэн нэлээд зузаан ном бичиж хэвлүүлсэндээ монгол үндэстнийг нэгтгэх нармай Монголын бодлого явуулсан хэмээн Цэрэндорж, Дамбадорж, Цэвээн нарыг бут авчээ:

…Хятад, Японы эсэргүү нарын гарын сарвайлт, сэтгэлийн шунахай ба улс төрийн өнгөлзлөгөө хийгээд мөн Тагна Тува, Дотоод Монгол, Баргын зэрэг улс орнууд дахь хувьсгалт намуудын доторх Панмонголизм хэмээх монгол үндэстнийг нэгтгэж хөрөнгөтний замаар хөгжүүлэх хэмээсэн баруун этгээдийн хүсэл эрмэлзлийг хамтаар тас цохиж чадсанаар манай намын VII их хурал гайхамшигт түүхтэй явдлыг бүтээсэн болой[3].

Тэрээр монгол угсаатнууд нэгдэх биш, харин өөр өөрийн онцлогоор бие даасан эрх бүхий автономи болох ёстой гэж үздэг аж.

Коминтерноос Шижээгийн Монгол дахь нэр хүндийг өргөхийн тулд түүнд 1928 оны наймдугаар сард “Форд М” маркийн 16 машин бэлэглэсэн гэж Оросын түүхч В.Нефедров бичжээ. Шижээ, Бадрах нар 1929 онд Чандмань уулын аймаг, Увс нуур аймаг хоёрыг нийлүүлэн Дөрвөдийн автономи байгуулах санал гарган Төв Хороонд оруулжээ. Чухам энд Халх-Ойрдын олон жилийн зөрчил дахин сэдэрлээ. 1930 оны нэгдүгээр сард хуралдсан Төв Хорооны хуралд оролцсон 35 гишүүний 27 нь халхчууд байв.

1931 онд хийгдсэн засаг захиргааны шинэчлэлээр 13 аймаг шинээр байгуулсны дотор Ховд, Увс гэсэн хоёр аймаг багтав. Эдгээрийн аль алинд нь Хантайшир аймгийн халх хошуудаас нэмж нэгтгэв. Энэ ажлыг намын Төв Хорооны нөгөө нэг нарийн бичгийн дарга болох Гэндэн толгойлжээ. Нэг талаас Шижээ-Бадрахын, нөгөө талаас Гэндэн-Дэмидийн гэсэн бүлэг үүсч хоорондоо муудалцан биенээ үзэхээ больсон юм.

Гэндэнгийн талд Ерөнхий сайд Жигжиджав, цаашлаад Элдэв-Очир, Содном, Чойжил, Гомбосүрэн, Дэмид, Мэнд, Нанзад, Цэдэн-Иш, Дамдинсүрэн гэсэн халхчууд багтаж байсан бол Ө.Бадрахын талд Шижээ, Лааган, Загд, Борбанди, Заяат, Өлзийтогтох, Чимид, Нацагдорж, Цэндсүрэн, Жамсран гэсэн голдуу ойрдууд нэгдэж байлаа.

Намын нарийн бичгийн дарга болсноор Бадрахын зохион байгуулах, уран илтгэх чадвар нь гойд илрэх болов. Биеэ тоосон, шургуу хүний хувьд бусад удирдагчидтай нийцэхээ больжээ. Дөрвөд хүн гэдгээрээ үндэсний асуудалд эмзэг, өөрийгөө хавчигдсан мэт санадаг болжээ.[4] МАХН-ын VII их хурлаас адилхан намын нарийн бичгийн дарга болсон Гэндэн, Бадрах хоёр хэн нь голлон тэргүүлэх вэ гэдэг асуудлаар өрсөлдсөнөөр маргаан эхэлсэн юм. Улам лавшран хураасан феодалын хөрөнгийг хэрхэн зарцуулах, лам нарын асуудлыг хэрхэн зохицуулах гээд олон асуудлаар зөрөлдөж гарлаа. З.Шижээ хожим мэдүүлэг өгөхдөө:

Гэндэн, Бадрах нарын гол зөрчилдөөн нь Дөрвөдийг тусгаарлаад Туватай нэгтгэж автономи эрхтэй Холбооны улс болгох гэсэн Ө,Бадрахын бодлыг П.Гэндэн эсэргүүцсэнд оршиж байлаа. Гэндэн бол монгол үндэстний нэгдсэн улс байгуулах үзэл баримтлалтай.[5]

1930 оны гуравдугаар сард хуралдсан Намын Төв хорооны бүгд хурал дээр хоёр бүлгийнхний маргаан хурцдаж Бадрахыг ТХ-ы нарийн бичгийн даргаас өөрчилсөн боловч оронд нь Шижээг томиллоо. Засгийн газрын бүрэлдэхүүнд тэднийхээс олон хүн орсноос гадна УБХ-ын даргаар Бадрахын гол холбоотон Л.Лааган сонгогдов. Ингээд Бадрахын бүлэг нам, төрийн удирдлагад давамгайлах шинжийг олжээ. “Намын VIII их хурлаас хойш Бадрах солигдож, энэ бүлгийг Шижээ толгойлж, Бадрах ард нь сууж, голлон хатгаж явуулах болжээ” хэмээн III онц бүгд хурал дээр Гэндэн шүүмжилсэн байдаг.

Гэвч засаг захиргааны шинэчлэлийн үеэр хуучнаар Засагт хан, 1923 оноос Хан Тайшир аймагт харьяалагдаж байсан халхын 6 сумдыг 1926 онд байгуулагдсан Увс аймаг болон 1923 онд байгуулагдсан Ховд аймагт гурав гураваар нь нийлүүлжээ. Энэ нь тусгаарлах санаархлын эсрэг авсан арга хэмжээ бололтой.

1932 оны тавдугаар сард Намын ТХ, Хянан шалгах төв комиссын хамтарсан хурал болж Шижээ, Бадрах нарыг бут авчээ. Бадрах хэлэхдээ зарчмын бүх асуудлаар Коминтерний зөвлөх Чёрномордюк, Кучумов нартай байнга зөвлөлдөж байсан, өөрөөр хэлбэл бие дааж зөрчилдсөн зүйлгүй гэж мэдүүлжээ. Хурлаас Бадрахыг намын удирдлагаас гаргасан боловч 1934 он хүртэл Эрүүл мэндийн яамны сайдаар ажиллуулсан нь ихээхэн учир битүүлэг явдал юм.

1932 онд Монголд Иргэний дайн дэгдлээ. Энэ бол хэдэн жилийн турш Шижээ, Бадрах нарын Монголд туршсан коммунизм байгуулах хийрхсэн туршилтын жинхэнэ үр дүн юм. Сталин Монголоос Коминтернийг татаж авав. Мөн тэдний гарын төлөөлөгч болох Шижээ, Бадрах нарыг ч татаж авлаа. Сталинд хэсэглэн хуваагдсан Монгол биш, харин Алс Дорнодод нь улам бүр аюул учруулах болсон япончуудаас СССР-ийг жийрэглэн хаах бүхэл Монгол хэрэгтэй байлаа. 1937 онд хоёуланг нь баривчилж хувьсгалын эсэргүүгээр зарлав. Урьд нь НКВД-гийн дарга Ягодагийн зуслан байгаад, дараа нь Зөвлөлтийн нам, төрийн томчуудыг цаазалдаг газар болсон Москвагийн ойролцоох Коммунарка хэмээх дүүрэгт Шижээг 1941 оны долдугаар сарын 27-нд буудан хороов. Түүнтэй хамт Монгол Улсын Ерөнхий сайд А.Амар, Улсын бага хурлын дарга Д.Догсом, МАХН-ын нарийн бичгийн дарга Д.Лувсаншарав, Сангийн сайд С.Довчин, Дотоод яамны дэд сайд Насантогтох нар хамт буудуулсан юм. Бадрахыг үүнээс гурав хоногийн дараа өөр бусад монголчуудын хамтаар цаазалжээ[6].