Categories
мэдээ улс-төр

“Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг эрчимжүүлэх” асуудлыг хэлэлцлээ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг эрчимжүүлэх” асуудлыг хэлэлцэн баталсан байна. Энэ талаар ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ мэдээлэл хийв.

Уг төслийг хэрэгжүүлэх зорилгоор “Монголын төмөр зам” компани 279 сая ам.доллар зарцуулаад буй юм. Уг хөрөнгө дууссаны дараа буюу 2015 онд санхүүгийн хүндрэлийн улмаас төслийн үйл ажиллагаа зогсоод буй юм. Засгийн газрын энэ оны долдугаар сарын 09-ны хуралдаанаар төрийн өмчийн 51, гадны 49 хувийн санхүүжилттэй “Тавантолгой төмөр зам” компани байгуулах шийдвэр гаргасан. “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл”-ийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг дээрх компаниар дамжуулан босгохоор төлөвлөснийг Зам тээврийн сайд дурьдлаа. Мөн “Тавантолгой төмөр зам” компанийн Монголын талын 51 хувийн 17-34 хувьд “Эрдэнэс Тавантолгой” компани хөрөнгө оруулахаар төлөвлөснийг дурьдсан юм.

Тэрбээр мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-“Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл”-д хэдэн төгрөгийн санхүүжилт шаардлагатай вэ?

-Одоогоор “Монголын төмөр зам” компани 279 сая ам.доллар зарцуулсан. Төмөр замын төслийг эрчимжүүлэх ажлын хүрээнд эхний ээлжинд 100-200 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа.

-“Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хувьд IPO гаргах ажил ямар шатандаа явж байна вэ?
-Бэлтгэл ажил хэвийн үргэлжилж байгаа. “Эрдэнэс Тавантолгой” компани “Тавантолгой төмөр зам” компанид хөрөнгө оруулалт хийснээр IPO-ийн үнэлгээ өсөх боломжтой.

Categories
гадаад мэдээ

18 сая хүн амтай хотыг зам тээврийн осол донсолголоо

Сүүлийн долоо хоногийн турш хэдэн мянган оюутан залуус авто тээврийн аюулгүй байдлыг сайжруулахын эрх баригчдаас шаардан, Бангладешийн нийслэлд жагсаал хйиж байна.

Уг жагсаал нь долдугаар сарын 29-ний өдөр хурд хэтрүүлэн давхисан автобус сургуулийн насны хоёр хүүхдийн аминд хүрснээр эхэлжээ.

Бангладешд ховор тохиолддог эсэргүүцлийн жагсаалд олон арван мянган сурагчид оролцон, Дака хотын гудамж, авто тээврийн хөдөлгөөнийг хааж эсэргүүцлээ илэрхийлжээ. Иймд нийслэлийн автобусны үйлчилгээ болон улсын аль ч газар уруу чиглэсэн маршрут цуцлагдсан байна.

Жагсагчдыг зогсоохын тулд цагдаа нар нулимс асгаруулагч, үрлэн сумтай буу хэрэглэсэн бөгөөд 40 гаруй хүн гэмтсэний дийлэнх нь оюутнууд байжээ.

Даваа гаригт Бангладешийн хууль зүйн сайд Анисул Хук нь автын осол гаргаж хүний аминд хүрсэн этгээдийн уг үйлдэл нь мөрдөн байцаалтын үеэр санаатай хэрэг болох нь нотлогдвол цаазын ял онооно хэмээн мэдэгджээ.

Уг тэмцлийг зогсоохын тулд засгийн газраас 3G, 4G интернет сүлжээг хаахад хүргэжээ.

НҮБ-ын суурин зохицуулагч Миа Сеппо “Бид хүч хэрэглэсэн тухайд маш ихээр эмзэглэж байгаа бөгөөд бүгд тайван байхыг уриалж байна ” хэмээжээ.

А.АНУЖИН


Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүргийн ажлын хэсэг хуралдлаа

Иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Цайз зах орчимд нийтийн эзэмшлийн зам талбайд худалдаа үйлчилгээ эрхлэн, орчныг бохирдуулж оршин суугч, иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй байдлыг газар дээр нь шалгах, илэрсэн зөрчлийг арилгуулах, цэгцлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.

Тус ажлын хэсэгт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Газрын харилцааны алба, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн нэгдүгээр хэлтэс болон Замын цагдаагийн хэлтэс ажиллаж байна. Ажлын хэсэг өнөөдөр үүсээд буй нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцаж, зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж буй иргэдэд шаардлага тавьж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нар хиртэлт Улаанбаатар хотоос 29.84 хувьтай харагдана

Наймдугаар сарын 11-нд нар хиртэнэ. Уг нар хиртэлт өглөөний 5.58 цагт эхэлж, 7.23 цагт дуусах аж.

Нар бүтэн хиртэхгүй бөгөөд дэлхийн олон оронд хэсэгчилсэн байдалтай харагдах гэнэ.

Европын хойд болон зүүн хэсэг, Хойд Америкийн хойд хэсэг, Азийн хойд болон баруун хэсгийн орнуудад тод харагдана.

Өнгөрсөн долдугаар сарын 13-нд нар хагас хиртэж, 27-нд сар бүтэн хиртсэн байна.

Харин Улаанбаатар хотод энэ удаагийн нар хиртэлт 29.84 хувьтай харагдах ба нарны хиртэлт 1цаг 26 минут 49 секунд үргэлжилнэ гэж үзэж байгаа аж. Хиртэлийн хамгийн дээд түвшин 6.40 цагт ажиглагдана гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Зүрх судасны өвчтэй хүмүүс дасгал хөдөлгөөнийг тогтмол хийх хэрэгтэй

Зүрх судасны өвчтэй болон артерийн даралт ихтэй хүмүүст зориулсан дасгал хөдөлгөөний тухай Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс бэлтгэсэн мэдээллийг хүргэж байна.

-Бие халаалт хийх-

ЗӨВЛӨГӨӨ: Зүрх судасны өвчтэй хүмүүст зориулсан дасгал, хөдөлгөөн

5-10 минутын бага хүч шаардах аэроб, хөдөлгөөн (алхах, дугуй унах…,) хийнэ. Бие халаалт нь биеийн булчин үе мөч, зүрх, уушгийг ачаалалт хөдөлгөөнд бэлтгэж байгаа явдал юм. Богино хугацааны бие халаалтын дараа булчин сунгах дасгалыг мөн 5-10 минут хийнэ. Биеийн идэвхитэй хөдөлгөөний үед булчин сунахын зэрэгцээ бүх бие халах байдал үүснэ. Үүний дараа дулаанаа аажим алдах (хөргөх) үйл явц болох бөгөөд энэ нь бие халаалттай адил механизмтай. Энэ нь мөн 5-10 минут үргэлжлэх ба зүрхний цохилтыг хэвийн хэмжээнд болгоход чиглэнэ.

Хөдөлгөөн хийхээс өмнө ус хэрэглэх нь дасгалын явцад жин хасагдаж хөлрөх үед дасан зохицоход нэн шаардлагатай зүйл билээ.

Дасгалын үед ус их чухал бөгөөд усгүйжил нь бие махбодийн глюкозийн түвшинг ихэсгэж улмаар зүрхний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө. Идэвхтэй хөдөлгөөн болон дулаан зарцуулалтын үед ус нь амин чухал хэрэгцээ байдаг. Хангалттай усны хэмжээг бий болгохын тулд идэвхитэй хөдөлгөөнөөс ойролцоогоор 2 цагийн өмнө 0.5 литр орчим ус уусан байвал зохино. Хөдөлгөөн хийхээс өмнө ус хэрэглэх нь дасгалын явцад жин хасагдаж хөлрөх үед дасан зохицоход нэн шаардлагатай зүйл билээ.

-Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх дасгал хөдөлгөөний хувилбарууд-

ЗӨВЛӨГӨӨ: Зүрх судасны өвчтэй хүмүүст зориулсан дасгал, хөдөлгөөн

Тогтмол идэвхтэй хөдөлгөөн хийх нь зүрх судасны өвчний эрсдэл, цусан дахь холестрины хэмжээг бууруулахад туслана. Явган явах нь зүрх судасны өвчтэй хүмүүст хамгийн тохиромжтой хөдөлгөөн юм. Түүнээс гадна бусад төрлийн дасгал хийхдээ эмчийн зөвлөгөөний дагуу ачааллаа зөв тохируулах шаардлагатай байдаг. Дасгалыг бие халаалтаар эхэлж, намдуу зөөлөн хөдөлгөөнөөс аажим эрчимтэй хөдөлгөөнд шилжин, бие махбодод хэт ачаалал өгөхгүй байх нь чухал.

Анхааруулга: Дасгалын зарчмыг зүрх судасны өвчтэй хүмүүст байнга зөвлөж сануулж байх нь зүйтэй. Дасгалын явцад судасны лугшилт хэт түргэсэх, амьсгал давчдах, цээжээр өвдөх буюу ерөнхийдөө ядрах зэрэг шинжүүд илэрвэл дасгалын эрчмийг бууруулах эсвэл зогсоох хүртэл арга хэмжээ авна.

-Дасгалын хэлбэрүүд-

Аэроб дасгал хөдөлгөөн: алхах, гүйх, дугуй унах, усанд сэлэх, шатаар өгсөх,

Аэроб дасгал: Алхах хөдөлгөөн хамгийн чухал. Алхах нь хүний биеийн бүтэц бие махбодын үйл ажиллагаанд хамгийн тохиромжтой бөгөөд хөгшин, залуу ялгаагүй л бүх хүмүүс сайн муу ямар ч орчинд хийж болох хөдөлгөөн юм.

Биеийн байдалдаа тохируулан удаанаас хурдан дэс дараалалтай алхах хөдөлгөөнийг нэмэгдүүлэх явдал юм. Удаан хугацаанд алхаж дадсан хүн аажимдаа шогших, улмаар гүйж биеэ хөгжүүлж болно.

Дасгалын хэлбэр: Өглөөний цэвэр агаарт алхах,

Давтамж: Өдөр бүр

Эрчим: Багаас дунд эрчимтэй

Хугацаа: 3 минутаас аажмаар 60 минут хүртэл нэмэгдүүлэх

-Цусны даралт ихдэх өвчний үед хийх дасгал хөдөлгөөн-

ЗӨВЛӨГӨӨ: Зүрх судасны өвчтэй хүмүүст зориулсан дасгал, хөдөлгөөн

Аэроб дасгал: Өгсөж, уруудаж алхах

Алхалт нь цусны даралт бууруулж тогтмолжуулан цус харвалтад өртөх эрсдэлийг бууруулдаг. Явган алхах нь тусгайлсан тоног төхөөрмж шаарддаггүй мөн жилийн ямар ч улиралд ямар ч цаг агаарт өөрийн тохиромжтой үед хийх боломжтой юм.

Алхалтын хэлбэрүүд:

-Удаанаас түргэн

-Ухарч алхах

-Алхалтан дундаа эргэж алхах

-Алхалтаас аажим зөөлөн шогших

-Түргэн алхалтаас шогших

-Өгсөж, уруудаж алхах

-Агаар салхинд явж байхдаа 4 алхам тутамд амьсгал авч 4 алхам тутамд амьсгал гарган амьсгалж сурах хэрэгтэй.

Categories
мэдээ нийгэм

Монголын зэвсэгт хүчин амжилтаа ахиулахыг зорьж байна

ОХУ-ын Батлан хамгаалах яамны санаачлагаар дэлхийн 7 оронд нэгэн зэрэг зохиогдож буй Цэргийн дөрөвдүгээр их наадамд Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчид амжилттай оролцож байна. Уг наадамд оролцож буй монголын дайчдын амжилтын мэдээг бид мэдээлсээр байгаа. “Танкийн биатлон”, “Мэргэн буудагчийн зааг”, “Хээрийн гал тогоо” гэсэн төрлүүдэд оролцож буй баг тамирчид улс эх орныхоо нэр хүндийг өсгөж чадлаа.

“Хээрийн гал тогоо” тэмцээнд манай улсын тогооч нар дэлхийн 12 орноос дөрөвдүгээр байрт шалгарчээ. Харин ” Танкийн биатлон”, “Мэргэн буудагчийн зааг” тэмцээнд оролцож буй баг тамирчид хагас шигшээд шалгаран дараагийн шатны бэлтгэлээ хангаж байна. “Танкийн биатлон” тэмцээнд дэлхийн 22 орны тус бүр 3 экипаж, нийт 66 экипаж эхний шатанд өрсөлдсөнөөс хагас шигшээ уралдаанд 12 орон шалгарснаас Монгол Улсын баг тамирчид зургадугаар байранд үлдэн өмнөх жилүүдийнхээ амжилтаа ахиулсан юм. Монгол Улсын Зэвсэгт хүчний зургаан ангийн шилдэг танкчдаас бүрдсэн 4 экипаж тэмцээн эхэлсэн өдрөөс л Ангола, Лаос, Венесуэль улсын багуудтай уралдаж гараа бүр дээр түрүүлсээр хагас шигшээ тэмцээнд шалгарч үлдээд байгаа. Өнөөдөр дараагийн шатанд өрсөлдөнө.

Categories
мэдээ цаг-үе

М.Даваасүрэн: Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаа гаргаж байж улс хөгжинө

Үндэсний үйлдвэрлэгч “Ган хийц” ХК-ийн Ерөнхий захирал, Монгол Улсын шилдэг зохион бүтээгч, зөвлөх инженер, аж үйлдвэрийн гавьяат М.Даваасүрэнтэй ярилцлаа.


-Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих төрийн бодлого хэр оновтой байна вэ.?

-Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн 28 жилийн хугацаанд үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлогыг тууштай цогцоор нь хэрэгжүүлж ирсэнгүй. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэдэг чинь Монгол Улсын гарал үүслийн гэрчилгээтэй, дэлхийд танигдах бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа тэр дотроо нэмүү өртөг бүтээж байгаа компаниудын бүтээгдэхүүнийг худалдан авах, дотоодын нөөц бололцоог дотооддоо шингээхийг хэлээд байгаа юм. Засгийн газрын 2016 оны долдугаар сард гарсан 336 дугаар тогтоолоор Монгол Улсад үйлдвэрлэж байгаа зарим бүтээгдэхүүний нэрсийг гаргасан. Гэтэл дотоодод үйлдвэрлэж болж байгаа бүтээгдэхүүнийг хямд үнэтэйгээр хил гаалиар татвар бага төлж оруулж ирж байна. Үндэснийхээ эрх ашгийг бодохгүй байна. Ингэж төрийн бодлого хэрэгжүүлэх дунд шатан дээрээ ирэхээрээ замхарч байна. Манай улсад эрчим хүчний тулгуурын хувьд гэхэд урд хөршөөс хамгийн муу материалаар хямд өртөгтэй үйлдвэрлэснийг нь Монголд оруулж ирдэг. Гадаад улс орнууд Монголоос бүтээгдэхүүн авах тухай ярьж, авч байгаа бол манай монголчууд өөрсдөө ажил хийх болохоороо хамгийн түрүүнд гаднаас худалдаж авах бодлогыг барьчихдаг. Засгийн газар, яам, тамгын газрууд нь тендер нэрээр гадаад зах зээл рүү мөнгө урсгадаг. Тендер гэдгийн ард авлигал хээл хахууль байгаа нь тодорхой. Хэрвээ манай улс төр засгийн бодлогоороо үндэсний үйлдвэрлэлээ дэмжих аваас дэлхийн түвшинд өрсөлдөх бүтээгдэхүүнийг бид хийж чадаж байна. Төмөр замын хувьд гэхэд Зүүн бүсийн төмөр замын бетон дэрний хэрэгцээг хангах үйлдвэрийг дотооддоо байгуулчихсан, бетон дэр үйлдвэрлэх үйлдвэр ашиглалтад орсноор 10 гаруй тэрбум төгрөгийн валютын гадагшлах урсгалыг дотооддоо шингээх боломж нь байна. “Таван толгой”-гоос Дорнод хүртэл барьж байгуулах 1100 км урттай төмөр замд хоёр сая гаруй бетон дэр шаардлагатай гэсэн тооцоолол байгаа. Хэрвээ үүнийг импортоор худалдаж авбал хэдэн арван тэрбум төгрөг зарцуулна. Хөгжлийн хувьд зүүн бүсийг хангасан бодлого явуулах аваас Дорнод, Сүхбаатар аймгийн дагуух бүх төмөр замын бетон дэрийг үйлдвэрлэж болж байна. Энэ төрлийн манай компани хөрөнгө оруулалт татаж, техник технологио сайжруулж хамгийн сүүлийн ноу хауг оруулж ирэн олон улсын стандартын дагуу бүтээгдэхүүн үйлдвэрлэж ажиллаж байна. Цаашлаад ч төмөр замаа модоор хийж буй Орос руу төмөр замын дэр мод гаргах бололцоо нь ч байна. ОХУ-ын Чит муж, Иркутск, Алтай чиглэлийн Монголын хилийн залгаа Оросын төмөр зам бүгд модоороо байгаа. Төмөр замын хүнд даацын хурдны галт тэрэг тавиад эхлэх юм бол төмөр замын бетон дэр зайлшгүй шаардлагатай болно. Манай компани энэ тухай оросуудтай, гэрээ хэлэлцээрийг эхлүүлсэн байгаа. “Ган хийц” ХК Дорнодод яагаад үйлдвэр байгуулсан бэ гэвэл эх орондоо хийж бүтээж чадах зүйлээ өөрсдөө хийцгээе, эх оронд минь хэрэгтэй юм шүү гэсэн сэтгэлгээгээр хөрөнгө оруулалт хийж үйлдвэрээ байгуулсан. Гэтэл төр засгийн бодлого нь яавал гаднаас зөөж авчрах тухай бодлого тувт баримтлах гээд байдаг талтай.

-Дотоодын үйлдвэрлэлээ дэмжье гэхээр чанарын бөгөөд үнийн хувьд өндөр байдаг гэдэг шалтгааны улмаас дотоодын нийлүүлэлт хийгдэх бололцоо хумигдмал байдаг гэж тайлбарладаг шүү дээ?

-“Ган хийц” ХК эрчим хүчний бүх төрлийн тулгуур баганыг үйлдвэрлэж байна. Лав манай компанийн хийсэн бүтээгдэхүүн дэлхийд өрсөлдөх чадвартай, чанартай. Биднээс ав л даа. Бидэнд итгэж үз л дээ. Гэтэл тендерийн хорооноос нэг комисс байгуулагдаж, жинхэнэ үйлдвэрлэл явуулж нэмүү өртөг бүтээж буй аж ахуйн нэгжүүдээ ерөөсөө олж хардаггүй. Сая Засгийн газар зоримог шийдвэр гаргаж нефтийн үйлдвэр байгуулахаар болчихлоо. Нефтийн үйлдвэр байгуулахад тухайн үйлдвэрт шаардлагатай эрчим хүч, барилгын олон ажлууд хийгдэнэ. 27 км төмөр зам барина гэж байна. Энэ бүхэндээ дотоодын нөөц бололцоог ашиглах вэ гэдгээ бодох л хэрэгтэй. Манай улс яг ямар стандартаар явах вэ гэдгээ тодорхой болгоогүйгээс асуудал үүсдэг. Жишээ нь, төмөр замын стандартыг евро стандартаар мөрдөнө гэж заасан байхад урд, хойд хоёр хөршийн стандарттай таарна, таарахгүй тухай яригддаг. Евро стандартыг Монголд нутагшуулах гэж байгаа бол хоёр их гүрний стандартад нийцүүлсэн аль аль талдаа хэрэглэж болохуйц боломжоор хангаж өгөөгүй нь хөгжлийн бас нэгэн чөдөр тушаа болж байна.

-Барилгын салбар царцанги байдалд орчихсон байна. Аж ахуйн нэгжүүд нь ч өртэй, худалдан авах чадвар ч буурчихлаа. Энэ салбарын хөгжлийн бодлогыг хэрхэн явуулах нь зүйтэй байв?

-Аливаа нэг улсын хөгжлийг бүтээн байгуулалтаар нь тодорхойлдог. Бүтээн байгуулна гэдэг өөрөө барилгын материалаа үйлдвэрлэх, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээрээ байшин барьж бүтээн байгуулалт хийхийг хэлж байгаа юм. Барилга гэхээр зөвхөн орон сууц барьснаар төсөөлөөд байдаг. Монголын хөгжил, бүтээн байгуулалтын асуудлыг барилгын салбараас салгаж ойлгож болдоггүй. Барилга гэдэг том бүтцийг дотор нь аж үйлдвэрийн, хөдөө аж ахуйн, эрчим хүчний, замын барилга гэх мэтээр ангилж үзэж болно. Монгол Улсыг хөгжүүлье гэвэл барилгын бүтцийг бүх яамдууддаа тараан хуваан авч байршуулдгаа больчих хэрэгтэй. Өнөөдөр Боловсролын яам барилга барьдаг. Боловсролын газар нь боловсролынхоо ажлыг хий л дээ. Сургуулийн барилга барих асуудал ер нь боловсролын яаманд ямар хамаатай юм бэ. Эрүүл мэндийн яам нь эмнэлэг барих асуудлаа хариуцсан барилгын чиглэлийн яамаар хийлгэ. У.Хүрэлсүхийн Засгийн газар алсыг харсан хөгжлийн бодлоготой явъя гэвэл салбар хариуцсан яамдыг үндсэн ажилд нь оруулж, хариуцсан ажлыг нь л хийлгэхээс эхлэх хэрэгтэй. Одоо орон сууцны стандартыг баталж, мөрдүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Хүн тав тухтай амьдрахын нөхцөлгүй орон сууж барьж, зах зээлийн өртгөөс өндөр үнэтэй, ипотекийн зээлэнд хамруулж ард иргэддээ дарамт үзүүлж болохгүй. Дотооддоо чанартай дээд зэргийн барилгын материал үйлдвэрлэж, хамгийн сүүлийн үеийн ноу хау, технологийг оруулж ирэн, хамгийн хямд өртөгтэй орон сууц барихыг төрөөс дэмжчих хэрэгтэй. Тэгээд урт хугацаатай бага хүүтэй зээл олгочих аваас иргэд өөрсдөө барилгаа барьчихна. 1 м.кв талбайг 1.1 сая төгрөгийн өртгөөр барих бололцоо байхад 2.5 сая төгрөгөөс дээш өндөр үнээр борлуулж байна. Ингэж мөнгө угаах бодлого манайд хэрэгжиж байна. Өнөөдөр Монголд сайд болсон хүн сургуулийн ч юм уу, барилга барих тендер зарлах ажил л хийдэг. Уг нь яамд, сайд нар чинь хөгжлийг цогцоор нь харсан, иргэдээ дэмжсэн бодлогыг яаж хэрэгжүүлэх вэ гэдгийг хийх хэрэгтэй байхгүй юу. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаа гаргаж байж үүний дараа улс хөгжинө. Үндсэн хуульдаа бүсчилэн хөгжүүлнэ гэсэн нэгхэн өгүүлбэрийг оруулчих. Тухайлбал, Хэнтий аймгийг аялал жуучлалын бүс болгочихъё. Сүхбаатар аймгийг хүнд үйлдвэрийн хөгжлийн хот, Дорнодыг хөнгөн, хүнсний үйлдвэрийн төв болгоё. Ингэж бүсчилэн хөгжүүлж, жалга довны яриагаа больчихвол яасан юм бэ.

-Агаарын бохирдлыг бууруулахад их л мөнгө зарцууллаа. Үр дүн гарсангүй. Агаарын бохирдлыг бууруулах гарцыг та хэрхэн харж байна вэ?

-Өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлыг бууруулахаар олон төсөл хөтөлбөр, арга замыг хэрэгжүүлж үзлээ. Ирэх оны тавдугаар сарын 1-нээс эхлэн түүхий нүүрсийг түлэхгүй байх тухай шийдвэр гарсан. Энэ буруу гэж бодож байна. Энэ шийдвэрээ эргэж харах тухай бас яригдаж байгаа юм билээ. Хятадууд 15 жилийн өмнө агаарын бохирдлоо бууруулах гээд орон даяараа шахмал түлшийг хэрэглэх бодлогыг хэрэгжүүлж үзсэн. хятадын бүх аймаг, хотуудад шахмал түлшний үйлдвэрийг олноор байгуулсан. Тэгтэл хятад өнөөдөр шахмал түлшнээсээ бүрэн татгалзаж, эрчим хүчээр бүх асуудлаа шийдвэрлэхээр болчихлоо. Сүүлийн үеийн технологид найдаж байна. Жишээлбэл, 17 литр цэвэр усаар орон сууцыг халаадаг технологийг хэрэглэх болсон. Сүүлийн хоёр жилд Бээжингийн агаарын бохирдлын хувь тэг хэмжээнд зааж байна. Бусад улс орнуудад ч шахмал түлш хийдэг асуудал зогсонги байна. Яагаад вэ гэвэл аливаа улс оронд шударгаар ажил хийдэг хүмүүс цөөн байдаг юм байна л даа. Яг стандартынх нь дагуу шахмал түлш үйлдвэрлэж байгааг нь бүрэн хянаж чаддаггүй гэсэн үг. Дээд зэргийн утаагүй шахмал түлшийг гаргахын тулд илчлэгтэй коксжих нүүрсийг хэрэглэдэг. Коксжих нүүрсийг багахан хэмжээний муу нүүрстэйгээ хольж, наад зах нь 120 кг даах хүчин чадалтай хатуу бодис болгож түлш гэх мэт хатуу стандарт баримтлах ёстой байдаг.

-Тэгвэл Монголд ямар арга тохиромжтой вэ?

-Өвлийн улиралд цахилгаан эрчим хүчийг тэглэх хэрэгтэй. Улаанбаатар хотыг төр ялгаварлан гадуурхаж хамгийн утаа ихтэй хэсгийг шөнийн тарифт оруулчихаж байна л даа. Эрчим хүчний даац ачаалал хэтрэх эрсдэл байна гэсэн тайлбарыг хэлдэг ч яг үүнд л төр бодлогоор зохицуулж ажиллах ёстой. Агаарын бохирдлыг бууруулах эцсийн шийд бол эрчим хүч, мөн газ байж болно. Улаанбаатарт нүүрсээ түлдэг 220 мянга айл өрх бий. 220 мянган айл өрхийг жилдээ нэг өрхийн хэрэглээг таван мянган килограммаар тооцоход 1.2 сая тонн шахмал түлш хэрэгтэй болох нь. Шахмал түлш нүүрсний хэрэглээнээс хамаагүй хэмнэлттэй гэж тооцохоор ядаж 600 мянган тонн шахмал түлш жилдээ хэрэгцээтэй байгаа юм. Олон улсын жишигт нийцсэн, стандартын дагуу шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэр манайд үнэндээ хэд байгаа билээ. Байхгүй шүү дээ. Шахмал түлш нэрээр л явж байгаа болохоос биш стандарт хэмжээний хувьд нийцэхгүйг үйлдвэрлэн гаргаж байна. Агаарын бохирдлыг бууруулахад зуух, яндан, шахмал түлш гурвыг цогцоор нь шийдвэрлэж байж үр дүнд хүрнэ. Зуух, яндан, хатуу түлш стандарттай байх ёстой. Манайд цогцоор нь шийдээгүйгээс болж өнгөрсөн хугацаанд үр дүн гарсангүй. Мөн хувь хүн хариуцлага хүлээдэг байх хэрэгтэй байна.

-Та салбартаа 35 жил тасралтгүй ажиллаж, олон ч үйлдвэр байгуулсан. Төр өнөөдөр ажил хийх болохоор зовлон, шалтаг ер мундахгүй гарах юм. Төрд яг юу дутуу байгаагаас хөгжил урагшаа ахихгүй байна вэ?

-Монгол Улсын хөгжлийн ирээдүйг харах аваас хөгжих боломж нь бүрэн байна. Даанч төр, засагт ажиллаж буй боловсон хүчин нь чадваргүй, төр нь замбараагүй, хариуцлагагүй байна. Засаг солигдох болгонд л өмнөх Засгийн газрын хийж байсан хэрэгтэй бодлогыг тогтвортой үргэлжлүүлэн хийдэггүй, хаягддаг. Сая Дарханд төмөр зам салж галт тэрэг унахад буруутан нь дэр мод ялзарснаас болчихсноос биш хариуцлагын асуудал яригдаагүй. Өнгөрсөн 27 жил Монгол Улсын барилгын салбарт ажиллаж ирсний хувьд барилгын салбарт үйлдвэрлэдэг бүх бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэж өгье гэж зорьж ажилласан, үйлдвэрүүдээ байгуулсан. Зорьсондоо ч хүрсэн. Ажлыг хийе, бүтээе гэсэн сэтгэлгээгээр хийхэд ажил урагшаа явдаг. Төр дорвитой ажил хийе гэхээр мөнгө байхгүй гэдэг шалтгааныг хэлдэг л дээ. Үе үеийн УИХ-аас хөгжлийн маш олон сайн хөтөлбөрийг гаргасан байдаг боловч зөвхөн цаасан дээр буучихаад амьдрал дээр хэрэгждэггүй. Ажил хийх гэхээр яам, тамгын газрын боловсон хүчний мэдлэг боловсрол нь хүрдэггүй. Ажил хийсэн болж харагдаад дөрвөн жилийг бардаг. Чадварлаг боловсон хүчинтэй төр тулгамдсан шийдвэрлэх ёстой асуудлыг шийддэг. Дөрвөн жилийн настай, сонгуульд ялсан намын ажиллах хүчнээр бүрдсэн төрд бодлого хэрэгжүүлэх чадвар үнэхээр байхгүй болчихож. Жишээ нь гэхэд АН засаг барьж байх үед Үнэ тогтворжулуах хөтөлбөр хэрэгжүүлж, техник технологийн шинэчлэлийг олон үйлдвэрүүдэд хийсэн гэсэн. Дараачийн Засгийн газар гарч ирэхдээ үр дүнг нь шалгаж, зээлийг богино хугацаанд төлүүлэх гэх мэт тогтвортой бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх ёстой байсан.

Өнөөдөр арилжааны банкны хүү өндөр байгаа нь баялаг бүтээж байгаа хүмүүст маш хүнд тусдаг. Аж ахуйн нэгжүүд авсан зээлийнхээ хүүг төлөхдөө арилжааны банкинд мөнгөө хадгалуулсан хүмүүсийн хүүг төлдөг, банкны ажилчдын цалинг төлнө, цаана нь үлдэх ашгийг төлж байна. Банкууд нь хадгаламжаар хүний мөнгийг авчихсан учраас зээл гаргаж ингэхдээ үйл ажиллагаа явуулж буй хэдэн компаниудаа шулаад л амьдарч байна. Ингэж байж бид хөгжихгүй. Уг нь социализмын үед манай улс чинь хөгжлийн 10, 20 жилийн дараах хөгжлийн төлөвлөгөөтэй, яг тэрнийхээ дагуу бодлоготойгоор хэрэгжүүлдэг байлаа. Боловсон хүчнээ бэлддэг байлаа. Энэ хуучин системийг хариуцлагатайгаар хэрэгжүүлж болно. Төр боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг бүх иргэддээ үнэгүй авах боломжийг хангах хэрэгтэй. Ингэхэд л ард түмний амьдрал дээшилнэ. Гэтэл ажил хийх ёстой дарга нар нь хувийнхаа оффшор данс руу төрийн мөнгийг хийгээд байхаар чинь Монгол Улс яаж хөгжих юм бэ.

-Хариуцлагын тогтолцоо алдагдсанаас уруудах шалтгаан болж байгаа гэдэгтэй санал нэг байна?

-Монгол Улсад хүн болгон татвар төлдөг байх хэрэгтэй. Хүн болгон хариуцлага хүлээдэг хуулиа дээдэлдэг байх хэрэгтэй. Тэгш эрх үүрэгтэй байх ёстой. Энэ бүхэн хэрэгждэг байхыг төрөөс хангаад өгчих. Гэтэл өнөөдөр манайд бүх зүйл эсрэгээрээ байна. Хуулиа дээдэлдэггүй, хариуцлага хүлээдэггүй. Улс орнууд хариуцлагын системийг хэрхэн хэрэгжүүлж байгааг Сингапур, Солонгосоос харж жишээ авч болно. Гэхдээ зөвхөн төрд бүх бурууг чихэлтгүй юм. Сүүлийн үеийн залуучууд их, дээд сургуулиа төгсчихөөд яаж бэлэн зүгээр сууж байгаад мөнгө олох вэ гэдэг дээр анхаарлаа их хандуулдаг болчихож. Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө оюун санаагаа чилээж, өдөр шөнөгүй ном үзэж, эрдмийн зэрэг хамгаалж, ажил голохгүй хийдэг хүн олон биш болжээ. Манай монголчууд даанч залхуу хүмүүс. Миний аав “Монгол хүнийг залхуугийн өвчнөөс нь салгахгүй бол хэзээ ч Монгол Улс хөгжихгүй шүү” гэж хэлдэг байж билээ.

Б.ДОЛЗОДМАА

Categories
мэдээ нийгэм

Завьт эргүүлийн ажилчид голоос есөн хүний амийг аварчээ

Нийслэлийн Аврах ангийн завьт эргүүлийнхэн цагдаагийн байгууллагатай хамтран “Завьт эргүүл” арга хэмжээг Баянзүрх дүүргийн Хар усан тохойгоос Яармагийн гүүр хүртэлх Туул голд зохион байгуулж байна.

Завьт эргүүл зургаадугаар сарын 10-аас эхэлснээс өнөөдрийг хүртэл Туул гол дагуу эргүүл хийхдээ нийт есөн хүний /6 том хүн, 3 хүүхэд/ амь насыг авран хамгаалж, усанд суусан нэг автомашиныг татан гаргажээ. “Завьт эргүүл” арга хэмжээг 2010 оноос хойш Туул голд зохион байгуулж, гол усны осол, уер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг ард иргэдэд хүргэн, голын усанд осолдохоос урьдчилан сэргийлэн ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

БСШУС-ын сад Ц.Цогзолмаа МУГТ Б.Гангаамааг хүлээн авч уулзан, талархлаа илэрхийллээ

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа МУГТ, Уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Гангаамааг хүлээн авч уулзан баяр хүргэлээ.

Тэрбээр уулын төдийгүй бүх спортыг бодлогын төвшинд дэмжихээ уулзалтын үеэр мэдэгдэв. К2 уул дэлхийн хамгийн хүнд 10 авиралтын нэгдүгээрт ордог учраас авирахад хүнд байсан ч гэлээ амжилттай дуусгаж, К2 уулын оргилд Монголынхоо далбааг мандуулсанд баяртай байгаагаа уулзалтын үеэр хэллээ.

МУГТ Б.Гангаамаа дэлхийн ноён оргил Эверестийн дараа орох К2 ууланд амжилттай авирч, эх орондоо ирээд байгаа билээ. Б.Гангаамаа өнгөрсөн сарын 21-нд К2 ууланд 31 уулчны хамт авирсан бөгөөд энэ нь тус ууланд авирсан хамгийн олон хүнтэй баг аж. Б.Гангаамаа Пакистан улсын цагаар 08.30, Монголын цагаар 10.30 минутад К2 уулын оргилд гарчээ.

Дашрамд дурдахад, 1954 оноос хойш 60 гаруй жилийн хугацаанд К2 ууланд 336 хүн оргилд гарчээ.

Categories
мэдээ спорт

UFC-гийн аварга тодорлоо

“Бээжин-2008” олимпийн наадмын чөлөөт бөхийн 55 кг-ын жинд аваргалж, тухайн үед томоохон шуугиан тарьж байсан Хенри Сехудо UFC буюу холимог тулаанд хүч үзэж байгаа билээ. Мексик гаралтай, америк эр наймдугаар сарын Калифорни мужийн Лос-Анжелес хотод “UFC 227” тэмцээнд Flyweight буюу хөнгөн жинд зургаан жил аваргын бүсийг эзэмшсэн “Хүчирхэг хулгана” хочит Деметрус Жонсоныг ялж UFC-гийн аварга болов. Өдгөө 31 настай Сехудо олимпийн аварга болсноос хойш яг 10 жилийн дараа холимог тулааны аварга болжээ. Түүнчлэн тэрбээр олимпийн алтан медаль хүртсэн анхны UFC-гийн аварга тамирчин болж байна.