Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн Газрын албанаас 39 байршилд газар чөлөөлөлтийн ажил хийж байна

Хотын даргаар ахлуулсан ажлын хэсэг Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд баригдах бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын газар чөлөөлөлттэй газар дээр нь очиж танилцлаа.

МУ-ын 2018 оны Төсвийн тухай хуулиар барилга барих хөрөнгө батлагдсан, 39 байршилд сургууль цэцэрлэг төлөвлөн нөхөх олговортойгоор газар чөлөөлөх ажлыг гүйцэтгэж байгаа юм. Чингэлтэй дүүргийн тус хороонд баригдах бага, сургууль цэцэрлэгийн цогцолборын газар нь 20 нэгж талбар /9000м2/ юм.

Нийслэлийн Газрын албаны орлогч дарга Д.Нямдаваа “Нийслэлийн Газрын албанаас 39 байршилд газар чөлөөлөлт хийж байна. Үүнээс 23 байршилд захирамж нь гарсан. 16 байршлыг 100 хувь чөлөөлөөд байна. Газар чөлөөлөх ажил 80 хувьтай явж байна. 14-р хорооны бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын газар 100 хувь чөлөөлөгдсөн” гэв.

Үүний дараа Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны 19 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажилтай танилцав. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 150 хүүхдийн ор бүхий цэцэрлэгийн өргөтгөлийн барилга угсралтын ажил 2017 оноос эхлэн он дамжин хэрэгжиж байгаа юм. Энэ хичээлийн шинэ жилээр бүрэн ашиглалтад орох юм байна.

Мөн Улаанбаатар Цэвэр агаар төслийн хүрээнд уурын зуухаар халдаг төрийн өмчийн цэцэрлэг болон зарим айл өрхийн дулаалгыг хийж байна. 2018 онд дулаалж буй төрийн өмчийн 5 цэцэрлэгээс 51 дүгээр цэцэрлэгийн дулаалгын ажлын явцтай танилцсан. Энэхүү ажил нь хэрэгжсэнээр тухайн барилгаас үүсч буй агаарын бохирдлыг 50 хүртэл хувиар бууруулах боломжтойгоос гадна тухайн цэцэрлэгт хүмүүжиж буй хүүхдэд тав тухтай орчин нөхцөл бүрдэх юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Энэ жил Улаанбаатар хотод боловсролын салбарын бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж байна. УИХ, ЗГ-аас тавьсан зорилтын хүрээнд нийслэлийн бүх сургуулийг хоёр ээлжинд шилжүүлэх, цэцэрлэгийн хүүхдийн хамрагдалтыг олон улсын стандарт буюу 85 хувьд хүргэх зорилт тавьсан. 34 сургууль, 52 цэцэрлэгийн барилгын ажлыг шинээр эхлээд байна. Энэ бүх барилгууд 2019 оны хичээлийн жилд ашиглалтад орох учиртай. Хамгийн хүндрэлтэй асуудал газар болоод байна. Газрыг нөхөн олговортойгоор иргэдээс худалдан авч байна. Газар чөлөөлөлтийн зардлыг нийслэлийн төсөвт тусгаад явж байна. Ирэх жилээс газар чөлөөлөлтийн зардлыг сургууль, цэцэрлэгийн барих төсөвт нь цуг тавих хүсэлтийг Сангийн яаманд хүргээд байгаа.

Энэ оны хувьд нийслэлийн хэмжээнд 18 цэцэрлэг ашиглалтад оруулна эхний тав нь ашиглалтад орсон, тав нь хичээлийн шинэ жилээс өмнө, үлдсэн нь энэ ондоо багтаад ашиглалтад орно” хэмээв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийг олон улсад уриаллаа

Олон улсын эрдэмтдийн баг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нэгдсэн арга хэмжээ авахыг олон улсад уриаллаа. Парисын хэлэлцээрээр тогтоосон нүүрстөрөгчийн ялгарлын хэмжээ нь дэлхийн дулаарлыг тогтоон барихад хангалтгүй гэж тэд үзжээ.

АНУ-ын Шинжлэх ухааны үндэсний академи уг судалгааг даваа гарагт олон нийтэд танилцуулсан байна.

Дэлхийн агаарын дундаж хэм аж үйлдвэрлэлийн өмнөх үеийн түвшингээс Цельсийн нэг хэмээр илүү байгаа юм.

Гэвч агаарын дундаж хэм Цельсийн хоёр болон түүнээс илүү хэмээр нэмэгдвэл Арктик болон Антарктикийн мөс хайлж болзошгүй гэж эрдэмтэд анхааруулав. Ингэснээр далайн усны түвшин 60 метр хүртэл нэмэгдэх ажээ.

Үүнтэй холбогдуулан нүүрстөрөгчийн давхар ислийг газрын гүнд булж, мод тарих зэрэг арга хэмжээг яаралтай авахыг эрдэмтэд уриаллаа.

Categories
мэдээ нийгэм

Орон нутгийн замд нэг хүний амь эрстжээ

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн “Хустайн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 147 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 20 км-т/ өчигдөр зам тээврийн осол гарч, нэг хүн амиа алджээ. Тодруулбал, Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлд зорчиж явсан “СОНАТА-6” загварын суудлын автомашин, “ХОНДА CРВ” загварын суудлын автомашинууд мөргөлджээ. Ослын дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн долоон алба хаагч 20 км замыг туулан очиход 69 настай, эмэгтэй Х амиа алдсан байсныг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Нүүдэлчин Монгол” наадмаар соёлын биет бус өвийг сурталчлан таниулна

“Нүүдэлчин Монгол” наадам баасан гарагт Хүй долоон худгийн “Монгол наадам” цогцолборт болно. Наадамд 21 аймаг, есөн дүүрэг, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч 700 гаруй ардын авьяастан, гар урчууд, үндэсний спортын 2000 гаруй тамирчин оролцон өөрсдийн авьяас билэг, ур чадвараараа өрсөлдөнө.

Уг наадам нь Монгол түмний олон зуун жил өвлөн уламжилж ирсэн соёлын биет бус өвийг хамгаалах, судлан сурталчлах, өв уламжлагчдыг тодруулах, соёлын өвийн бүртгэл, мэдээллийн сантай болох гол зорилготой аж. Мөн эх хэл аман уламжлал, ардын язгуур урлаг, гар урлал, байгалийн болон сав ертөнцийн тухай мэдлэг заншил уламжлалт арга технологи, уламжлалт зан үйл, ёслол гэсэн таван ай савын хүрээнд зохиохоор болжээ.

Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат “Юнескогийн конвенцод нэгдсэнээрээ соёлын биет бус өвийг хамгаалах, сурталчлах, өвлөн уламжлуулах, түгээн дэлгэрүүлнэ. Ингэж байж даяаршиж байгаа нийгэмд бид бусдаас ялгарч чадна. Иймээс энэ том наадмыг өндөр зохион байгуулалттай бэлдсэн. Энэ наадам маань залуучууддаа соёлын биет бус өвийг танин мэдүүлэх, байгаль экологио хайрлан хамгаалахад сургах юм. Мөн эндээс эрт үеийн нүүдэлчин соёлын харах боломжтой” гэлээ.

“Нүүдэлчин Монгол” наадмыг төрөөс соёлын талаар баримтлах бодлого, Юнескогийн 2003 оны “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” конвенцийн тушаалуудад үндэслэн зохиохоор болсон.

С.ОЮУНЖАРГАЛ


Categories
мэдээ нийгэм

Оюутны зээлийг Боловсролын зээлийн сангаар дамжуулан олгоно

Энэ жилийн “Оюутны хөгжлийн зээл”-ийг есдүгээр сарын 1-нээс олгох аж. Их, дээд сургуулийн оюутнуудад “Оюутны хөгжлийн зээл”-ийг олгохдоо банкны барьцаа, хамтран зээлдэгчтэй байхыг шаарддаг байсан. Мөн зээлсэн мөнгөнд хүү тооцдог байсныг Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмын дагуу шинэчилсэн юм. “Боловсролын зээлийн сан”-гаар дамжуулан оюутнуудад хүүгүй, барьцаагүй зээл олгохоор журам тогтоож, өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлсэн.

Оюутны зээлд хамрагдсан сурагчид төгссөнийхөө хойш 6-10 жилийн хугацаанд цалингаасаа зээлээ төлөх боломжтой байдаг ажээ.

Зээлд хамрагдахыг хүссэн бакалаврт суралцаж байгаа оюутны голч дүн 2.8 болон түүнээс дээш байх ёстой бол магистр, докторын зэрэг горилогчдын голч дүн 3.2 болон түүнээс дээш байх гэнэ. Мөн зээлд хамрагдах оюутан хичээлийн жилийн нэг улирад 10-аас доошгүй цагийн хичээл судалж, дүгнүүлсэн байх ёстой. Хангалтгүй үнэлгээ авсан хичээлийг давтан суралцсан тохиолдолд тухайн багц цагийн хичээлийн төлбөрт зээл олгохгүй байхаар журамлажээ. Их, дээд сургуулиудаас зээл хүссэн оюутнуудын материалыг Боловсролын зээлийн сан хүлээж авч байгаа аж. Бүх их, дээд сургуулийн материал бүрдсэний дараа мэргэжилтэн нэг бүрчлэн танилцсан шаардлага хангасан оюутнуудад зээл олгогдох юм байна.

Бүртгэлийн материалаа бүрдүүлэхдээ, иргэний үнэмлэхийн хуулбар, ЭЕШ-ын онооны хуулбар, сургуулийн тодорхойлолт, төлбөрийн нэхэмжлэх, судлах хичээлийн жагсаалт, сургуульд зохих журмын дагуу элссэнийг нотлох баримт, ирээдүйн орлогоо тодорхойлсон эсээ бичлэгийг өгөх ажээ.

З.МӨНХСУВД

Categories
булангууд мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

“Токио-2020” олимпийн тоглолтын үеэр хүний нүүр царайг таних технологийг ашиглана

Аюулгүй байдлыг хангах зорилгоор 2020 онд Японы Токио хотод болох олимпийн болон паралимпийн тоглолтуудын үеэр хүмүүсийг нүүр царайгаар нь таних технологийг ашиглах гэж байна. Энэ тухай Токио-2020 зохион байгуулах хорооны мэдээллээс иш татан манай сурвалжлагч уламжиллаа.

Ийм системийг олимпийн тоглолтын үеэр анх удаа хэрэглэнэ гэж уг технологийг зохион бүтээсэн Японы харилцаа холбооны “NECCorp” компани мэдээлжээ.

Шинэ технологийг ашигласнаар хулгайд алдагдсан болон гээсэн бичиг баримт, үнэмлэхийг ашиглах, хуурамчаар хийх зэрэг үйлдлийг таслан зогсоож, ингэснээр Токио-2020 олимпийн наадмын үеэр аюулгүй байдлын түвшнийг эрс дээшлүүлж чадах юм. Нүүр царай таних үйл явц автоматаар хэдхэн хоромд явагдах учраас уг технологийг олон улсын томоохон тэмцээн уралдааны үеэр ашиглах боломжтой.

Токио-2020-ийн Аюулгүй байдлын асуудал эрхэлсэн гүйцэтгэх захирал Цүёши Ивашита хэлэхдээ “Олимпийн тоглолтын аюулгүй байдлын баталгаа бол зөвшөөрөлгүй хүмүүс болон хориглосон эд зүйлсийг нэвтрүүлэхгүй байх явдал юм” гэлээ.

Categories
гадаад мэдээ

Грек зөвшөөрөлгүй барилгуудаа нураана

Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас хууль бус, зөвшөөрөлгүй баригдсан барилгуудаа нураах шийдвэрийг гаргалаа.

Учир нь өнгөрсөн долдугаар сард гарсан гал түймрээс болж 91 хүн амиа алдсан. Барилгууд ямар ч төлөвлөлтгүй, хоорондын зай нь шигүү баригдснаас эрэг рүү явах зам хаагдаж иргэд цаг алдан улмаар амиа алдахад хүрсэн гэж үзэж байгаа юм байна. Зарим гудамж руу гал командын машин, бусад хэрэгслүүдийг оруулах боломжгүй, гал сөнөөгчид ажлаа хийхэд хүртэл хүндрэл учирч байсныг онцолж байсан аж.

Үүний дагуу Грекийн эрх баригчид Аттика мужид зөвшөөрөлгүй баригдсан 3200 барилгыг даруй нураах даалгаврыг өгсөн байна. Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас ‘Зөвшөөрөлгүй баригдсан барилгууд гарц, орцыг хааснаар хүний алтан амь үрэгдсэнд харамсаж байна. Бид энэ асуудлыг шийдвэрлэнэ” гэж мэдэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Сургууль, цэцэрлэгийн “хүүхдийн автобус”-нд үзлэг шалгалт хийнэ

Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн “Хүүхдийн автобус”-ны стандарт хангалт, хүүхдийг нэгдсэн зохион байгуулалтаар техникийн шаардлага хангасан автобусаар тав тухтай, аюулгүй тээвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нэгдсэн үзлэг шалгалтыг энэ сарын 13-17-ны өдрүүдэд Нийслэлийн Тээврийн газар, Замын цагдаагийн алба, Нийслэлийн Боловсролын газартай хамтран явуулна.

“Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавигдах шаардлага” MNS 6440:2014 стандартад хүүхдийн автобус нь 12-аас доош жилийн насжилттай, зүүн гар талдаа жолооны хүрдтэй, хүүхдийг баруун гар тал руугаа буулгаж, суулгах нөхцөлийг хангасан, шар өнгөтэй, суудал бүр нь хамгаалалтын бүстэй, жолооч нь тухайн ангиллын, мэргэшсэн жолооч байх зэрэг шаардлагуудыг зааж өгсөн байдаг.

Хэрэглээний стандартын шаардлага хангаагүй зөрчил дутагдал илэрвэл сургууль, цэцэрлэгүүдэд албан мэдэгдэл, улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлж холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ тооцно гэж Нийслэлийн тээврийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Цахим шилжилт хийх ажлын хэсэг ажиллаж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилготой Нийслэлийн Засаг даргын А/107 дугаар захирамжаар төрийн үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлж, үйлчилгээний шат дамжлагыг багасгах, хороодоос үзүүлэх төрийн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын хооронд мэдээлэл солилцох шинэ технологи бүхий цогц системийг нэвтрүүлэх ажлыг хариуцан зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан.

Орчин үеийн хурдацтай өсөн нэмэгдэж байгаа цахим мэдээллийн хэрэгцээг хангах, төрийн байгууллагуудын мэдээллийг хурдан шуурхай солилцох, боловсруулахад нийслэлийн байгууллагуудад мэдээллийн технологийн цогц шийдлийг оновчтой ашиглах асуудал тулгараад байгаад билээ.

Нийслэлийн төрийн байгууллагуудын мэдээлэл солилцоо ихэнх нь цаасан суурьтай, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйлчилгээний чиг үүргийн систем түүний бодлого, стандарт, цахим архивын тухай хууль тогтоомж болон холбогдох журам дутмагаас үүдэн үйлчилгээний шат дарааллыг багасгах төрийн үйлчилгээг цахимжуулахад хүндрэл үүсээд байна.

Төрөөс мэдээллийн технологийн талаар баримтлах бодлого болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас төрийн байгууллагуудад дижитал шилжилт хийх зөвлөмж, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан нийслэлээс иргэдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээг шат дараатай цахимжуулах бодлогыг хэрэгжүүлэхэд цахим мэдээлэл солилцооны технологийн суурь бүтцийг тавих, холбогдох журмыг боловсруулах ажлыг эрчимтэй хийж байна.

Иймд дээрх мэдээллийг цахимаар солилцох технологийн суурь бүтцийг оновчтой зөв тодорхойлон нэвтрүүлж байж төрийн үйлчилгээг шат дараатай цахимд шилжүүлэн, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах боломж бүрдэх юм.

Энэ үйл ажиллагаа нь технологийн шийдэл байхаас гадна байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагаанд суурилсан нэгдсэн удирдлага, зохион байгуулалт шаардсан цогц ажил юм гэж ажлын хэсгээс мэдээллэв.

Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэгийн бүртгэл дуусахад 15 хоног үлдлээ

Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн 2018-2019 оны хичээлийн жилийн бүртгэл, элсэлтийн үйл ажиллагааг цахимаар зохион байгуулахаар болсон. Интернетийн орчинд ажиллах боломжгүй иргэдэд дүүрэг тус бүрт 2018 оны долдугаар сарын 25-аас наймдугаар сарын 23-ны өдрүүдэд ажлын цагаар тогтмол бүтгэж байгаа юм.

Шинээр элссэн болон системд бүртгэлээ баталгаажуулсан үргэлжлэн суралцах хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчтай гэрээ байгуулах болон сунгах асуудлыг 2018 оны наймдугаар сарын 27-29-ний өдөрт багтаан дуусгахаар төлөвлөжээ.

Мөн 2016 онд төрсөн хүүхдүүдийг шинээр элсүүлэх ба хэрэв тухайн оны 9-12 сард төрсөн хүүхдүүд элсэн орох эрх авсан тохиолдолд хоёр нас хүртэлх хугацаанд цэцэрлэгт явах эсэх асуудлыг зохицуулна. Тодруулбал, хоёр нас хүрэх хугацаа хүртэл цэцэрлэгт яваагүй тохиолдолд орон тоо нь хадгалагдахаар зохицуулалт хийх юм байна. Цэцэрлэгийн үйл ажиллагааны онцлог, эрэлт хэрэгцээнд нийцүүлэн нэг бүлэгт байх хүүхдийн тоог 40-өөс ихгүй байхаар тооцжээ. Түүнчлэн “Бага” бүлэгт 30-аас ихгүй байхаар тус тус тооцсон байна.

Элсэлт авах хүүхдийн тоо хэтэрсэн цэцэрлэгүүд дээр наймдугаар сарын 25-ны өдөр 10 цагт санамсаргүй сонголтын аргаар онлайнаар элсэлтийг зохион байгуулна. Санамсаргүй сонголтын аргаар тухайн хүүхэд сонгогдсон, эс сонгогдсон талаарх мэдээллийг эцэг, эхчүүдийн бүртгүүлсэн гар утсанд мессежээр хариу илгээх юм. Эцэг, эхчүүд хүүхдээ элсэж орсон эсэхийг цэцэрлэг дээр нь очиж, лавлах шаардлагагүйгээр цахим системээс харах боломжтой аж. Өмнөх хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдсан болон тухайн цэцэрлэг нь 3-5 насны хүүхдийг шинээр элсүүлэн авах бол бүртгэлийг энэ сарын 21-24-нийг хүртэл уламжлалт аргаар цэцэрлэг тус бүр дээр зохион байгуулна. Түүнчлэн тухайн цэцэрлэгийн онцлог, ачаалал зэргийг харгалзан зорилтот бүлгийн хүүхдийн бүртгэлийг энэ сарын 21-24-ний өдрүүдэд мөн уламжлалт аргаар зохион байгуулахаар болжээ.