Categories
мэдээ нийгэм

“Очир” төвд амиа алдсан охины гэр бүлд 30 сая төгрөг хандивлана

Одоогоос сарын өмнө Б.Ундрах хэмээх бүсгүй “Очир” төвд амиа алдсан охины ар гэрийнхэнд туслалцаа үзүүлэх зорилгоор фэйсбүүк хуудсаараа дамжуулан хандивын аян эхлүүлжээ. Тэрбээр өнөөдөр тус хандивын аяны хүрээнд цугларсан 30 сая төгрөгийн талийгаач охины ар гэрийнхэнд хүлээлгэн өгөх юм байна.

Тэрбээр фэйсбүүк хуудастаа “Чадах болов уу, яах бол гэж эхэлж байсан аян маань та бүхний нэгдмэл сэтгэлийн хүчээр ийм амжилттай явж иржээ. Бидний зорилго бол зүй бусаар бусдын гарт амиа алдсан бяцхан охиноосоо хойш 11 сарын турш өдөр бүр цаг, минут бүрийг шар махтайгаа хатан байж, үнэн шударгын хойноос явахын тулд ажлаасаа гаран идэх хоол амьдрах газраа хүртэл төлөөсөнд нь өгч, өөрсдөө айлд хоргодон, хохирсон дээрээ хохироод ядруухан яваа ар гэрийнхэнд нь туслахыг зорьж, ядаж орох оронтой болоосой, дахин хөөрхөн охинтой болоод, сэтгэлээ дэвтээж амьдраасай гэж сэтгэл шулуудан нэгдсэн билээ” хэмээн бичжээ.

Өнгөрсөн оны наймдугаар сарын 22-ноос 23-ны шилжих шөнө Баянзүрх дүүргийн 21-р хороонд байрлах, “Очир төв” зочид буудалд 13 настай охин бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Орхон суманд малын галзуу өвчний тохиолдол илэрлээ

Энэ сарын 2-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон сумын Бүрэн толгой буюу Энхтал багийн малчин Б-н хоёр үхэр галзуугийн шинж тэмдгээр өвчилсөн байна. Өвчилсөн малаас аймгийн мал эмнэлгийн лаборатори, улсын Мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторид дээж өгч, наймдугаар сарын 6-ны өдөр малын галзуу өвчин болох нь тогтоогджээ.

ХХАА-н яамны Сайдын зааврын дагуу хязгаарлалтын дэглэм тогтоох талаар Орхон сумын Онцгой комисс хуралдаж захирамж гаргасан юм. Захирамжийн хүрээнд Энхтал багийн тодорхой бүсэд хязгаарлалтын дэглэм тогтоосон байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга Б.Ганхүү галзуу өвчин туссан малыг устгаж, халдваргүйжүүлэлт, ариутгал хийсэн талаар мэдээлэв. Тэрээр малчид мал хариулга дээрээ нохой, чоно, хярс, үнэг зэрэг галзуу өвчин тусч болзошгүй амьтад ойртсон эсэхэд тандалт хийж байхыг анхааруулжээ.

Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газраас малчид, иргэдэд зөвлөмж, сэрэмжлүүлэг, гарын авлага тараах, малын гаралтай түүхий эд худалдан борлуулж буй ААН, иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх зэрэг холбогдох арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна.

Энэ хүрээнд Сэлэнгэ аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн эмч, мэргэжилтнүүдтэй хамтарч хүнсний дэлгүүр, хиамны цех зэрэг нийт 67 ААН-ийн малын гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдээс дээж авч шинжилгээнд явуулсан байна. Цаашид өвчин гарсан бүсэд иргэд зорчихгүй байх, малын гаралтай бүтээгдэхүүнийг гарал үүсэл нь тодорхой, баталгаат шинжилгээтэй газраас авахыг тус аймгийн Мэргэжлийн хяналтын газраас анхааруулжээ.

Categories
мэдээ улс-төр

Гамшгийн голомтод ажилласан албан хаагчдад Засгийн газрын нөөц сангаас томилолтын мөнгө олгоно

Энэ оны эхний хагас жилд улсын хэмжээнд тохиолдсон гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн Онцгой байдлын байгууллагын албан хаагчдын томилолт, урамшуулал, болон зардалд шаардагдах 448 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.

Мөн Дорнод, Дорноговь, Говьсүмбэр, Сүхбаатар, Сэлэнгэ, Хэнтий, Төв, Орхон, Өмнөговь аймагт гарсан мал, амьтны гоц халдварт өвчний хорио цээрийн дэглэмийн үеэр ажилласан үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын албан хаагчдын томилолтын мөнгө болох 470 сая төгрөгийг нөөц сангаас санхүүжүүлэхээр тогтсон байна.

Өнгөрсөн сард орсон аадар бороо, хүчтэй салхины улмаас Өвөрхангай аймгийн Хархорин, Архангай аймгийн Өндөр-Улаан, Хотонт, Хашаат сумын цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур хугарсан. Мөн Баян-Өлгий, Булган, Говьсүмбэр, Дорноговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, төв аймгийн нутаг дахь автозам, замын байгууламж эвдэрсэн юм. Эдгээр хохирлыг арилгах, сэргээн засварлахад шаардагдах 742 сая төгрөгийг нөөцийн сангаас гаргах шийдвэрийг өнөөдөр Засгийн газар ээлжит хуралдаанаараа гаргасан байна.

Categories
мэдээ нийгэм

Азийн орнууд хамтарсан цэргийн сургуулилт хийнэ

Филиппиний Гадаад хэргийн нарийн бичгийн дарга Алан Питер Кэинэкано Зүүн өмнөд Азийн Үндэстний Байгууллага (АСЕАН), Өмнөд Хятадын тэнгис дэх хамтарсан тэнгисийн цэргийн ажиллагаа явуулах нь маш чухал гэж мэдэгджээ.

Түүнчлэн БНХАУ болон АСЕАН-ы гишүүн орнууд аравдугаар сард хамтарсан тэнгисийн цэргийн сургуулилт хийх гэж байгаа тухай Хятадын Гадаад харилцааны сайд Ван И хэлсэн байна.

1967 онд байгуулагдсан АСЕАН-ы гишүүн оронд Бруней, Камбож, Индонези, Лаос, Малайз, Мьянмар, Филиппин, Сингапур, Тайланд, Вьетнам зэрэг улсууд багтдаг байна.

Categories
мэдээ улс-төр

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбилцлыг батлав


Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбилцлыг батлав.

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл сонгон шалгаруулалтаар олгох талбай нь үнэт, өнгөт, ховор, хүнд металл болон нүүрс гэсэн хэтийн төлөвтэй байх нь. Энэ нь уул уурхайн тогтвортой үйл ажиллагааг хангах, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, түүхий эдийн нөөц, баялгийг өсгөх, дотоод, гадаадын хөрөнгө оруулалт татах боломжийг бүрдүүлж байна.
Талбайн солбилцлыг баталснаар энэ онд 170 орчим талбайд сонгон шалгаруулалт зарлах юм. Өөрөөр хэлбэл сард хоёр удаа 25-30 орчим /талбайн дундаж хэмжээ 5000 гектар/ талбайд сонгон шалгаруулалт явуулж улсын төсөвт 25 орчим тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэж тооцоолжээ.
Сонгон шалгаруулалтаар олгох 8.48 сая гектар талбай нь нийт нутаг дэвсгэрийн 5.56 хувь бөгөөд хүчин төгөлдөр байгаа тусгай зөвшөөрөл, тусгай хэрэгцээний болон тусгай хамгаалалттай газар, улсын нөөцөд авсан талбайтай давхцаагүй байна.
Categories
мэдээ нийгэм

Ц.Хасбаатар, К.Байкалов нарын дурсгалт хөшөөг сэргээн засварлав

Баян-Өлгий аймгийн Толбо сум байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан Х.Аманбол, Х.Сүлеймен нарын хэсэг залуусын санаачилгаар тус сумын төвд байрлах Ц.Хасбаатар, К.Байкалов нарын дурсгалт хөшөөг сэргээн засварлажээ.

Уг дурсгалт хөшөөний загварыг Зөвлөлт Холбоот Улсын архитектор В.В.Казаринов, уран барималч К.Г.Чумичёв нар 1981 онд Барнаул хотод хийж, 1984 оны намар босгож байжээ. Холбогдох санхүүжилтийн тухайн үеийн Зөвлөлт-Монголын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Ф.С.Торхов шийдвэрлэн өгсөн аж.

Анх байгуулагдсанаас хойш засвар хийгдээгүй элэгдсэн дурсгалт хөшөөг засварлахад нийтдээ 12 сая төгрөг зарцуулжээ. Тэрээр шинэ хамгаалалтын хашаа, гэрэлтүүлэг тавьж, эргэн тойрны орчныг тохижуулж саяхан ашиглалтад өгсөн байна. Сэргэн засварлалтын ажилд аймаг болон сумын удирдлага, орон нутгийн иргэд санхүүгийн болон холбогдох бусад дэмжлэг үзүүлжээ.

Ц.Хасбаатар, К.Байкалов нар нь 1921 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр эхэлсэн Толбо нуурын тулалдаан буюу тусгаар тогтнолын түүхэнд мөнхөрсөн цагаантны 3000 орчим цэргийн 43 хоногийн бүслэлтийг монголчуудын ялалтаар өндөрлүүлсэн цэргийн жанжин юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Жолоочид арваннэгдүгээр сараас эхлэн замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийг мөрдөнө

Дүрэмд зам, тээврийн осол, хэрэг, тээврийн хэрэгслийн хурдаас шалтгаалсан ослыг бууруулах, жолооч, явган зорчигчийн амь насыг хамгаалах, хүүхдийг зам, тээврийн осолд өртөхөөс хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд замын хөдөлгөөнд аюул, бэрхшээлгүй оролцох нөхцөлийг хангах, түгжрэлийг багасгах зэрэг чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Тухайлбал хурдаас шалтгаалсан ослыг бууруулах үүднээс “Замын зэргэлдээх нутаг дэвсгэр, ялангуяа явган хүний хөл хөдөлгөөн ихтэй үзвэр, худалдаа, үйлчилгээний талбай зэрэг газарт цагт 20 км-ээс илүү хурдтай явахыг хориглоно” гэж тусгасан байна.

Мөн хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд ноцтой хохирол учирсан байж болзошгүй ослын үед тусламж үзүүлэх, цагдаагийн байгууллагад мэдэгдэх, осол, байгалийн гамшиг болон бусад аюул, эрсдэлд өртөж болзошгүй нь илэрхий байдалтай зогссон жолоочийн дохиогоор зогсож, тусламж үзүүлэхийг бүх жолоочид үүрэг болгожээ.

Сүүлийн үед хүүхэд залуус замын хөдөлгөөнд оролцохдоо чихэвч зүүх, гар утсаар ярих, тоглох, дугуйт тэшүүр, түүнтэй ижил төстэй, биеийн тамир, спорт, тоглоомын зориулалттай хэрэгслээр явснаас осолд өртөх нь ихсэх хандлагатай байна. Иймээс зорчих хэсгээр явж байхдаа дээрх үйлдэл хийхийг хориглосон байна.

Хүүхдийг зохион байгуулалттай тээвэрлэхэд зөвхөн автобус ашиглах, суудал бүр хамгаалах бүстэй байх, “Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл” гэсэн таних тэмдэг бүхий автобусны жолооч хүүхэд буулгах, суулгах үед ослын дохионы гэрэл асаах, энэ үед бусад жолооч хурдаа хасч, анхаарал болгоомжтой явах, хүүхдүүд зам хөндлөн гарч байвал зогсож өнгөрүүлэхийг дүрэмд тусгажээ. Мөн 10 хүртэлх насны хүүхдийг авч явахдаа зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглах, 10 нас хүрээгүй хүүхдийг харгалзах хүнгүйгээр автомашиндаа үлдээхийг хориглов.

Харааны бэрхшээлтэй хүн зам хөндлөн гарахдаа цагаан таяг барьсан байх, баримжаа алдах, гарцын байршил, ямар гэрлэн дохио асч байгааг мэдэхгүй үед бусдаас тусламж авах, цагаан таяг нь харанхуйд гэрэл ойлгодог гадаргуутай байх ёстой гэж дүрэмд заасан байна.Тээврийн хэрэгслийн эгнээгээр бусад тээврийн хэрэгсэл явахыг хориглосон заалтыг “Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн” гэсэн таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэлд хамаарахгүй байхаар тусгажээ. Ийм таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэлд “Хөдөлгөөн хориотой”, “Механикжсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хориотой”,”Удаан зогсох хориотой” тэмдэг үйлчлэхгүй юм байна.

“Сонсголын бэрхшээлтэй жолооч”-ийн таних тэмдгийн дүрсийг “цэнхэр дэвсгэртэй дөрвөлжин дотор цагаан өнгөөр сонсголын бэрхшээлийг илэрхийлэх олон улсын дүрсэн тэмдэглэгээ зурна” гэж өөрчилжээ. Энэ нь ийм таних тэмдэгтэй тээврийн хэрэгслийг бусад хөдөлгөөнд оролцогч таньж мэдэх давуу талтай гэж үзсэн байна.

Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

Ж.Харрисоны эдэлж байсан гитар 518 мянган доллар хүрэв

Домогт “Биттлз” хамтлагийн хөгжимчин Жорж Харрисоны эдэлж хэрэглэж байсан гитарыг “Gardiner Houlgate” дуудлага худалдааны төвд 400 мянган фунт стерлингээр /518 мянган доллар/ худалдахаар тавьжээ.

Өөрийнх нь гитарыг засч байх үед Австралид хийсэн уг хөгжмийн зэмсгээр Харрисон түр тоглож байсан аж. Тэрбээр уг гитараар хэд хэдэн концертонд оролцон тоглосны дотор хамгийн сүүлчийн тоглолт нь 1963 оны 8 дугаар сарын 3-нд Ливерпуль хотын “The Cavern Club” клубт болж байжээ.

Дуудлага худалдааг зохион байгуулагч Люк Хоббс ярихдаа “энэ гитар нь битломания буюу “Биттлз”-ийг шүтэн бишрэх үзэгдэл дэлхий дахиныг хамарч байсан тэр үетэй шууд холбоотой” гэлээ.

Өмнө нь АНУ-д болсон Julien’s Auctions-ийн дуудлага худалдааны үеэр Харрисоны анх тоглож байсан цахилгаан гитарыг 200-300 мянган ам.доллароор үнэлж байжээ.

“Hoffner Club 40” гэдэг урланд хийсэн уг гитараар Харрисон The Quarrymen хамтлагт байхдаа тоглож байв.

Categories
мэдээ спорт

Харцага Ш.Мөнгөнбаатарын цолны мялаалга наадам болно

Өнөө жил Улсын баяр наадамд амжилттай барилдаж харцага цол хүртсэн Сүхбаатар аймгийн Онгон Сумын харьяат Ш.Мөнгөнбаатарын цолны мялаалга наадам наймдугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар аймгийн Онгон сумын төвд болох гэж байна.

Тус наадамд их насны морьдын уралдаан, бөхийн барилдаан, шагайн харвааны тэмцээн тус тус болно.Наадмын ерөнхий зохион байгуулагч Онгон сумын Засаг даргын тамгын газар, Улсын харцага Ш.Мөнгөнбаатарын төрөл төрөгсөд.

Categories
мэдээ нийгэм

“Хөдөлгөөнт удирдлагын байр”-нд тохижилт хийж байна

Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас аливаа гамшиг, ослын үед удирдлага, зохион байгуулалтын ажлыг газар дээр нь түргэн шуурхай хугацаанд үр дүнтэй явуулах “Хөдөлгөөнт удирдлагын байр”-ыг тохижуулж байна.

Тус “Хөдөлгөөнт удирдлагын байр”-ыг өнгөрсөн жил Онцгой байдлын Ерөнхий газраас олгосон туулах чадвар сайтай ЗИЛ-131 машиныг төхөөрөмжлөн ашиглах юм.

Харин “Дэлхийн зөн-Монгол” олон улсын байгууллагын орон нутгийн хөтөлбөрөөс уг ажилд зориулж дөрвөн сая төгрөгийн өртөг бүхий богино холбоо, лед дэлгэц, дуу өсгөгч, халаалт зэргийн эхний ээлжийн төхөөрөмжүүдийг хүлээлгэж өгсөн байна” хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.