Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Лүндээжанцан: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг энэ онд багтаан шийднэ

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-ын 67 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан байна. Энэ талаар өнөөдөр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан мэдээлэл хийв.

УИХ-аас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Ажлын хэсгийг өнгөрсөн оны тавдугаар сарын 25-нд байгуулсан. Ажлын хэсэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийн хэрэгцээ шаардлагын талаар олон нийт, улс төрйн намууд, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачдыг оролцуулан үе шаттай хэлэлцүүлэг, санал асуулга явуулж, 42 заалт бүхий төслийг боловсруулжээ. Хуулийн төсөлд УИХ-ын гишүүд хууль, тогтоолын төслийн санал хураалтад өөрийн биеэр оролцох, бусдын өмнөөс санал өгөхийг хориглох, Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа гишүүнийг эгүүлэн татах, насны доод хязгаарыг нэмэх, хууль батлах саналын босгыг өндөрсгөх зэрэг заалтыг тусгасан гэдгийг Ажлын хэсгийн ахлагч мэдээллийнхээ эхэнд онцлов.

Тэрбээр, “Эрх мэдлийн хуваарилалтыг тэнцвэржүүлэхийн тулд УИХ зарим бүрэн эрхээсээ татгалзах, Ерөнхий сайд өөрийн танхимын сайд нарыг томилж, чөлөөлж, огцруулах, улсын төсөв батлахдаа Засгийн газар зөвшөөрөөгүй бусад зардлыг хэлэлцүүлгийн шатанд нэмэхгүй байх зэрэг заалтыг оруулсан. Харин шүүх засаглалын хараат бус байдлыг баталгаажуулах чиглэлээр шүүгчийн томилгоог ил тод болгох, хариуцлага тооцох тогтолцоог бий болгохоор төсөлд тусгасан. Тухайлбал, Ерөнхийлөгч шүүгчийг батламжлахаас татгалзах үндэслэлээ олон нийтэд мэдээлэх, шүүгчээр ажиллах хугацаа, насны доод хязгаарлыг тогтоохоор тусгасан байна. Мөн сонгууль бүрийн дараа төрийн албанд хийдэг халаа, сэлгээг хязгаарлах, албан тушаалтныг томилохдоо ил тод шударга байдлыг хангах, улс төрийн намын үйл ажиллагаа, санхүүжилт, хариуцлагыг тодорхой болгох Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тодорхой тусгаж байгаа. Ажлын хэсгээс боловсруулсан Үндсэн хуулийн төсөлд Засгийн газар болон бусад холбогдох байгууллагуудын саналыг тусгахаар ажиллаж байгаа аж. Холбогдох байгууллагуудын саналыг 30 хоногийн дотор хүлээн авч, хуулийн төслийг дахин боловсруулан УИХ-д өргөн барихаар төлөвлөж байгаа аж. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг тооцоо, судалгаатай боловсруулах зарчмыг баримталж байгаа. Зарим хүмүүс нэмэлт, өөрчлөлтийн төслийг удааж болохгүй гэсэн байр суурь илэрхийлж байгаа. Үндсэн хууль бол Монголын нийгэмд маш том үүрэг гүйцэтгэх тул болгоомжтой хандах хэрэгтэй. Үүнд АН-ын гишүүд идэвхтэй оролцож байгаа. Намрын чуулганы үед зарим нэг асуудлаар тохиролцох, зөвшилцөх асуудал гарах байх. Нэмэлт, өөрчлөлтийн төслийг намрын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан. Ямартай ч энэ онд багтаан шийдвэрлэнэ гэлээ”.

Categories
мэдээ нийгэм

Аялал зугаалгаар явахдаа “Түүхийн дурсгалт газар, соёлын өв”-өө хүндэтгэн хамгаална уу

Иргэн та аялал зугаалгаар явахдаа

Categories
мэдээ нийгэм

“Бүтээлч, ухаалаг, байгальд ээлтэй тээвэр” сэдэвт олон улсын зөвлөгөөн боллоо

Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн Зүүн өмнөд азийн тээврийн судалгааны нийгэмлэг, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Механик, тээврийн сургууль, Монголын тээвэр судлаачдын нийгэмлэгтэй хамтран “Бүтээлч, ухаалаг, байгальд ээлтэй тээвэр” сэдэвт олон улсын зөвлөгөөнийг өнгөрсөн сарын 30-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Зөвлөгөөнд Зүүн өмнөд азийн тээврийн судалгааны нийгэмлэгийн ерөнхийлөгч Доктор Тэцүо Яа, дэд ерөнхийлөгч, Өмнөд Солонгосын тээврийн институтын дарга Доктор Жейхак О болон бусад 20 орны 30 гаруй эрдэмтэн судлаачид, тээврийн салбарын удирдлагууд оролцлоо. Тус Хүрээлэн Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөөг боловсруулж байгаатай холбогдуулан уг ажлаа дээрх эрдэмтэн судлаачдын дунд хэлэлцүүлж, хот төлөвлөлт болон тээврийн салбарын бодлогын хэмжээний үнэтэй зөвлөгөө авч, цаашид хамтын ажиллагаа өргөжүүлэх талаар харилцан тохиролцов гэж нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс нийтийн тээврийн таван чиглэлд өөрчлөлт орлоо

1Зарим дүүрэг, хороодын иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийн дагуу өнөөдрөөс эхлэн нийтийн тээврийн үйлчилгээний таван чиглэлд дараах өөрчлөлтийг оруулжээ. Үүнд:

1. Чингэлтэй дүүргийн 13, 14, 15, 16 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, зорчих эрэлтэд үндэслэн Ч:8 “Зайсан-Цэцэг төв-Хайлааст” чиглэлийн замналыг богиносгон Ч:8 “Хайлааст – МУБИС – Цэцэг төв” болгон өөрчилж автобус хоорондын хүлээгдлийн хугацааг бууруулж байна.

2. Баянзүрх дүүргийн 19, 22 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, зорчих эрэлтэд үндэслэн Ч:64 “Цагаан даваа-Офицеруудын ордон-Монгол кино үйлдвэр” чиглэлийн замналыг Халдвартын эмнэлэг хүртэл сунгаж байна.

3. Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, зорчих эрэлтэд үндэслэн Нарны замд шинээр хийгдсэн “Хермес худалдааны төв” зогсоолоор Ч:46 “Улаан чулуут-Их наран-Вокзал” чиглэлийн замналыгдайруулж явуулах өөрчлөлтийг хийж байна.

4. Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооболон Налайх дүүргийн иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, зорчих эрэлт, замын хөдөлгөөний ачаалалд хийсэн судалгааг үндэслэн ХО:5 “Налайх-Зүүн 4 зам-МУБИС”чиглэлийн үйлчилгээг Токиогийн гудамжаар ордог хэсгийг өөрчилж Бээжингийн гудамж буюу Хөгжим бүжгийн коллежийн уулзвараар буцааж эргүүлэх төлөвлөлтийг хийв.

5. Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, зорчих эрэлтэд үндэслэн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах зорилгоор Ч:36 “Гачуурт-Офицеруудын ордон-Зайсан” чиглэлийн замналыг хоёр хувааж Ч:36“Гачуурт-Офицеруудын ордон-Жуковын музей”, Ч:65 “Зайсан-Офицеруудын ордон” болгон тус тус өөрчлөлт оруулаад байна.

Categories
мэдээ нийгэм

Нэг шүүгчид ногдох хэрэг 7.4 хувиар өсчээ

Улсын Дээд шүүх 2018 оны эхний хагас жилийн байдлаар эрүү, иргэн, захиргааны нийт 2103 хэрэг хүлээн авч, шүүх хуралдаанаар 1607 хэрэг хянан шийдвэрлэжээ. Шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн хэргийн 64.9 хувь нь иргэний, 17.5 хувь нь эрүүгийн, 17.6 хувь нь захиргааны хэрэг байна.

Эрүүгийн шүүн таслах ажиллагааны талаар

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим нийт 462 хэрэг хүлээн авч, 281 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, 74 хэргийг шүүгчийн захирамжаар буцааж, 46 хэргийг Ерөнхий шүүгчийн ажлын албанд шилжүүлжээ. Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаан нийт 40 өдөр хуралдаж, өдөрт дунджаар 7 хэрэг хэлэлцэж, нэг шүүгчид дунджаар 103 хэрэг ногдож байна.

Хяналтын журмаар шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн 281 хэргийн 48 хувь буюу 135 хэргийн тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, 22.8 хувь буюу 64 хэргийн тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, 29.1 хувь буюу 82 хэргийн тогтоол, магадлалыг хүчингүй болгожээ. Хүчингүй болгосон 82 хэргийн 57.3 хувь буюу 47 хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, 2.4 хувь буюу 2 хэргийг хэрэгсэхгүй болгож, 40.2 хувь буюу 33 хэргийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгожээ.

2018 оны эхний хагас жилийн байдлаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн төрөл садан болон Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссуудаар дамжуулан 65 өргөдөл, хүсэлтийг хүлээн авч, нийтдээ 23 цагаатгалын үнэмлэх олгосноос 11 үнэмлэх шинээр, 12 үнэмлэх нөхөн олгосон байна.

Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэргийн 79 хувь буюу 222 хэргийг ялтан, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлоор, 1.4 хувь буюу 4 хэргийг иргэний хариуцагчийн гомдлоор, 18.8 хувь буюу 53 хэргийг улсын яллагчийн эсэргүүцлээр, 0.7 хувь буюу 2 хэргийг прокурорын дүгнэлтээр хэлэлцжээ.

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар хянан шийдвэрлэгдсэн 7 хэргийн 42.8 хувь буюу 3 хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож, 28.5 хувь буюу 2 хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолд өөрчлөлт оруулж, 28.5 хувь буюу 2 хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолыг хүчингүй болгосон байна. Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэсэн хэргийн 42.8 хувь буюу 3 хэргийг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн дүгнэлтээр, 14.3 хувь буюу 1 хэргийг хоёр шүүгчийн тусгай санал гаргасан үндэслэлээр, 14.3 хувь буюу 1 хэргийг Улсын ерөнхий прокурорын эсэргүүцлээр, 28.5 хувь буюу 2 хэргийг ялтны өмгөөлөгчийн гомдлоор хэлэлцжээ. Өмнөх онтой харьцуулахад хүлээн авсан эрүүгийн хэрэг 219-өөр буюу 90.1 хувиар, хяналтын шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэрэг 103-аар буюу 57.9 хувиар, нэг шүүгчид ногдох хэрэг 55-аар буюу 2.1 дахин өсчээ.

Иргэний шүүн таслах ажиллагааны талаар

Иргэний хэргийн танхим нийт 1204 хэрэг хүлээн авч, 1043 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, 29 хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцуулахаар хэлэлцэж, 30 хэргийг хяналтын журмаар хэлэлцэхээс татгалзаж, 5 хэргийн харьяаллыг тогтоосон байна.

Иргэний хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан нийт 51 өдөр хуралдаж, өдөрт дунджаар 20 хэрэг хэлэлцжээ. Иргэний хэргийн танхимд хяналтын шатны журмаар ирүүлсэн 1171 хэргээс нэг шүүгчид 167 хэрэг ногдож байна.

Хяналтын журмаар хэлэлцэгдсэн иргэний 1043 хэргийн 55.7 хувь буюу 581 хэргийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж, 10.5 хувь буюу 110 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж, 19.7 хувь буюу 205 хэргийн шийдвэр, магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулж, 10.7 хувь буюу 112 хэргийн магадлалыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх буюу өөрчилж, 3.4 хувь буюу 35 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ. Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэргийн 398 нэхэмжлэгчийн, 631 хариуцагчийн, 10 гуравдагч этгээдийн, 4 прокурорын гомдлоор хянан хэлэлцэгджээ.

Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн 1043 хэргийг эрх зүйн төрлөөр авч үзвэл Иргэний хуулиар 627, Хөдөлмөрийн тухай хуулиар 253, Гэр бүлийн тухай хуулиар 26, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар 123, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар 8, бусад хуулиар 6 хэргийг хянан шийдвэрлэжээ. Өмнөх онтой харьцуулахад хүлээн авсан иргэний хэрэг 221-ээр буюу 22.5 хувиар, нэг шүүгчид ногдох хэрэг 32-оор буюу 23.7 хувиар тус тус өссөн байна.

Захиргааны шүүн таслах ажиллагааны талаар

Захиргааны хэргийн танхим нийт 437 хэрэг хүлээн авч, 283 хэргийг хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар, 35 хэргийг хуралдаанд оруулахгүйгээр, гомдлыг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжид гомдол гаргасан 15 хэргийг, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай 22 хүсэлтийг шийдвэрлэж, 57 хэргийг Ерөнхий шүүгчийн ажлын албанаас хариу өгчээ.

Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан нийт 36 өдөр хуралдаж, өдөрт дунджаар 7.8 хэрэг хэлэлцжээ. Захиргааны хэргийн танхимд хяналтын шатны журмаар ирүүлсэн 376 хэргээс нэг шүүгчид 53.7 хэрэг ногдож байна.

Хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 283 хэргийн 67.4 хувь буюу 191 хэргийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж, 10 хувь буюу 28 хэргийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, 22.6 хувь буюу 64 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгожээ. Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай 22 хэргийн 21 хэргийн хүсэлтийг хангаагүй, 1 хэргийн оролцогч хүсэлтээсээ татгалзсан байна.

Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн нийт 283 хэргийн 64 нэхэмжлэгчийн, 54 хариуцагчийн, 26 гуравдагч этгээдийн, 95 хэргийн оролцогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн, 41 өмгөөлөгчийн, 3 гомдол гаргагчийн гомдлоор хянан хэлэлцэгджээ. Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн 283 хэргийг эрх зүйн төрлөөр авч үзвэл Төрийн албаны маргаан 84, Газрын маргаан 62, Ашигт малтмалын маргаан 40, Татварын маргаан 20, Эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой маргаан 14, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай маргаан 4, Шүүхийн Ёс зүйн хорооны магадлалтай 3, бусад маргаан 56 байна.

Хүлээн авсан болон хяналтын шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн захиргааны хэрэг өмнөх оны мөн үетэй адил байгаа бол нэг шүүгчид ногдох хэрэг 4-өөр буюу 7.4 хувиар өсчээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн 79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайг шинээр барьж өгнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Азийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Шейх Салман Бин Ибрахим Аль Халифаг хүлээн авч уулзлаа. Уулзалтад НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, АХБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Дато Виндзор Жон, АХБХ-ны Гадаад харилцааны захирал Рави Кумар, Монголын ХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар нар байлцав.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Манай улс цаг агаарын хувьд хөлбөмбөгийн задгай стадион байгуулахад тохиромжтой бус. Бид энэ спортыг хөгжүүлэх, дэмжих, дунд сургуулиудын орчинд хөлбөмбөгийн талбай байгуулах боломжуудын талаар хөлбөмбөгийн холбоотойгоо ярилцаж байгаа. Ирэх есдүгээр сард Улаанбаатар хотод зохион байгуулагдах Зүүн Азийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнд хотын зүгээс дэмжлэг үзүүлж, бэлтгэл ажил дээр хамтран ажиллах болно” хэмээн хэллээ.

Азийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Шейх Салман Бин Ибрахим Аль Халифа “Хамтын ажиллагааг төрийн байгууллагын зүгээс дэмжиж буйд талархал илэрхийлье. Хөлбөмбөгийн спорт нь залууучуудад олон эерэг нөлөөг үзүүлдэг. Бидний зүгээс Монголын хөлбөмбөгийн холбоо сүүлийн гурван жилд маш сайн ажилласан гэж үзэж байгаа. Ирэх оны нэгдүгээр сараас бид багшлах мэргэжлийн хүмүүсээс гадна техник, төхөөрөмжийн тал дээр дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах болно. Өнгөрсөн сард сургуулийнхаа хөлбөмбөгийн талбайд бяцхан хүү амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Бидний зүгээс тус сургуулийн хөлбөмбөгийн талбайг шинэчлэн, шинээр барьж өгөхөөр ярилцаж байна” хэмээв.

Хоёр тал Улаанбаатар хотод дэлхийн стандартад нийцсэн, орчин үеийн шинэлэг хөлбөмбөгийн стадион барих боломжийн талаар санал солилцов гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Увс аймагт гэр цэцэрлэг ажиллаж байна

Увс аймгийн 19 сумын 73 багт гэр цэцэрлэг ажиллаж байна. Зуны хувилбарт сургалтаар 1980 хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох юм. Тус аймгийн хэмжээнд цэцэрлэгийн насны 8150 хүүхэд байгаагийн 11 хувь нь сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байна.

СӨБ-ын үйлчилгээнээс гадуур байгаа эдгээр хүүхдийн 65 хувь нь Улаангом суманд, үлдсэн нь алслагдмал суурьшилтай малчдын хүүхдүүд юм. Тэдэнд СӨБ-ыг зуны улиралд эзэмшүүлэх зорилгоор хувилбарт сургалтын хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч 2017-2018 оны хичээлийн жил өндөрлөсөн энэ цаг үед хөдөө сумдад гэр цэцэрлэгүүд сургалтын үйл ажиллагаа явуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Бөхчүүд Ерөнхийлөгчид дахин ханджээ

МҮБХ-ныхон хоёр дахь удаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандлаа. Ингэхдээ гурван шатны шүүх болон ОӨУБЕГ-аас МҮБХ-ны тэргүүнээр Л.Чинбатыг томилж, албан ёсоор бүртгэсэн байтал МАН-ын гишүүн, УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ нь хүчингүй болсон тамга, гэрчилгээ ашиглаж, өөрийгөө МҮБХ-ны тэргүүн хэмээн нийт бөхчүүд, бөх сонирхогчид, ард түмнийг төөрөгдүүлж, сүүлийн 20 орчим жил МҮБХ-ны нэр хүндийг унагааж, өөрийн өмчийн “Аварга” Дээд Сургуулийн багш ажилчдаас бүрдсэн допингийн төвөөрөө шантааж, хууль бус бизнес хийж, өөрийн талын бөхчүүдэд цол авч өгөх, бусад бөчхүүдийг хохироож цолыг нь хураах арга хэрэгсэл болгож, улсын баяр наадмаар ард түмний нүдэн дээр зориудаар унаж өгөх бизнес буюу найраа хийх, ашиг сонирхлын зөрчилтэй илт буруу шүүлтээр бөхчүүдийг хохироох байдал хэрээс хэтэрч, олон хууль бус ажиллагаа явуулж байна” гэж үзэн Ерөнхийлөгчид ханджээ.

Мөн “Дархан аварга Б.Бат-Эрдэнийн шавь, Хэнтий аймгийн харьяат, улсын арслан Э.Оюунболд нь 2017 оны Улсын Баяр наадмын тавын даваанд ам авахдаа наадамчин олны, телевизийн камерын өмнө даваа наймаалцсан явдал болсон бөгөөд үүнд тухайн үед МҮБХ-ыг удирдаж байсан болоод баяр наадам зохион байгуулж байсан ХЗДХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, С.Гантөр, Б.Цогтбаатар, Р.Даваацэрэн нарын хүмүүс ямар ч хариуцлага тооцоогүй, хамтран оролцсон байдал нь Монгол бөхөд найраа, даваа унааны бизнес цэцэглэн хөгжсөний тод жишээ юм” гэжээ. Түүний найраа хийн, хуруу гараараа үнэ ханшаа тохирч буй бичлэгийг хүргэж байна.

Түүнчлэн “Баяр Наадмыг Зохион байгуулах комисст УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнийн гар хөл болсон С.Гантөр, Б.Цогтбаатар, Р.Даваацэрэн нарын хүмүүс жил бүр орж баяр наадмыг будлиантуулж, ашиг олдог байдал хэрээс хэтэрсэн. Хамгийн сүүлд 2016 оны Улсын баяр наадамд өрсөлдөгч бөхөө давсан улсын арслан П.Бүрэнтөгс, 2017 оны Улсын баяр наадамд өрсөлдөгч бөхөө давсан улсын аварга Ч.Санжаадамба нарын барилдааныг ашиг сонирхлын зөрчилтэй илт буруу шүүлт явуулж баяр наадмыг будлиантуулсан” гэжээ.

Хүсэлтийнхээ төгсгөлд “УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнийн мэдлийн “Аварга” дээд сургуулийн багш Адъяасүрэнхүүгийн хүргэн Ц.Магалжав гэгчийг долоо даваагүй байхад Улсын Заан цол олгосон. Ийнхүү цол олгохдоо “Аварга” пээд сургуулийн захирал, багш ажилчид, эхнэр нөхрөөс бүрдсэн “Допингийн Эсрэг Төв” ТББ гэгчээрээ улсын гарьд Д.Рагчааг допинг хэрэглэсэн гэсэн дүгнэлт гаргуулж хүргэндээ заан цол хууль зөрчин авч өгсөн” хэмэн дурджээ.

Улмаар хууль зөрчин цол авсан “Аварга” дээд сургуулийн багшийн хүргэн Ц.Магалжавын улсын заан цолыг хурааж, жил бүл Улсын баяр наадмыг будиантуулж ашиг олдог УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнийн гар хөл болсон ХЗДХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, С.Гантөр, Б.Цогтбаатар, Р.Даваацэрэн нарыг Баяр Наадмыг Зохион Байгуулах Комиссын гишүүнээс хасч, зориудаар унаж өгөх бизнес хийж байгаа Улсын арслан, Хэнтий аймгийн бөх Э.Оюунболдод хариуцлага тооцож өгнө үү гэжээ.

Ийнхүү Ерөнхийлөгчид хандсан хүсэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Categories
мэдээ улс-төр

Элчин сайд Чон Жэ Намыг хүлээн авч уулзлаа

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж 6 дугаар сарын 28-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чон Жэ Намыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд хоёр тал Монгол Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улс хоорондын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлж буйд сэтгэл хангалуун байгаа харилцан илэрхийлсэн юм. Хоёр орны хооронд байгуулсан гэрээ, баримт бичгүүд амжилттай хэрэгжиж буйг онцлон дурдаж, цаашид хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар харилцан санал солилцлоо.

Мөн сүүлийн жилүүдэд хоёр орны хооронд зорчин явах иргэдийн тоо улам нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэдэд виз олгох журмыг хөнгөвчлөх, олон удаагийн виз олгох, оршин суух эрхийн сунгалтын асуудлаар харилцан мэдээлэл солилцож, цаашид хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тохиролцов.

Categories
мэдээ нийгэм

Гагнуурчин хүү Д.Нямрагчаа: Надад гурван сая төгрөгийн цалин амласан

БНХАУ-ын Хунан хотод болсон “ARC CUP-2018” олон улсын гагнуурчдын тэмцээнд Герман Монголын хамтарсан мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн гагнуурчин Д.Нямрагчаа амжилттай оролцож, “Хагас автомат гагнуур” төрөлд нэгдүгээр байр, “Цахилгаан нуман гагнуур” төрөлд гуравдугаар байр эзэлсэн. Энэ талаар Гагнуурын дэлхийн аварга Д.Нямрагчаатай ярилцлаа.

-Энэ сургуулийн босгыг алхаж орж ирсэн үеэс чинь хоёулаа яриагаа эхлэх үү?

-Би 2015 онд Ерөнхий боловсролын сургуулийн есдүгээр ангийг дүүргэж байлаа. Манай нагац эгч “Герман Монголын хамтарсан МСҮТ-ийн гагнуурчны ангид орооч ээ” гэж хамгийн анх зөвлөсөн хүн. Тухайн үед надтай хамт 30 гаруй хүүхэд гагнуурчны ангид элсэн суралцсан. Анх энэ сургуульд орж ирэхэд сургалтын төвийн хашаанаас токарын хяхарсан чимээ хангинаж, өрөөнүүдээс нь гагнуурын гялсхийх гэрэл анивчиж байсан тодхон санагддаг. Тэгээд л дараа жил нь сургуулийнхаа гагнуурын тэмцээнд түрүүлж байлаа. Тэр жилдээ мөн гагнуурын аварга шалгаруулах тэмцээнд, шилдэг тавт шалгарч байсан. Одоо чадварлаг боловсон хүчин болоод төгсөж байгаа даа баяртай байна. Энэ мэргэжлийг эзэмшээд бага зэрэг амжилт гаргаад эхэлсэн чинь зарим найзууд маань би чамтай хамт гагнуурчин болох минь яав даа гэж хэлэх болсон.

-Чамайг багадаа гагнуур хийдэг байсан гэж сонссон. Энэ мэргэжлийг багаасаа сонгосон уу?

-Миний аав хол, ойрын тээвэрт ЗИЛ-130 автомашинаар тээвэр хийдэг байсан. Багаасаа л аавдаа тусалж байна гээд төмөртэй ноцолдож эхэлсэн дээ. Тийм болохоор угсарч эвлүүлэх зүйл сонирхолтой байсан. Хамгийн анх аавынхаа машины тэвшийг гагнаж байжээ. Хүн ер нь дуртай зүйлдээ их цаг гаргадаг шүү дээ. Би багаасаа ямар нэг зүйлс бүтээх сонирхолтой байсан. Гагнуурчин хүн төмрүүдийг хооронд нь гагнаж бүтээл хийнэ. Эндээс л би кайф авдаг даа. Гэвч хэцүү тал бий. Нүд өвдсөнөөс болж шөнө унтахгүй байсан үе надад зөндөө бий. Хөл гар, үс түлэгдэж байсан ч хамаагүй би гангнуураа л хийдэг.

-Гагнуурын аварга шалгаруулах тэмцээний шилдэг бүтээлүүд ямар стандарттай байдаг вэ?

-Гагнаасны мөр нь оёдлын машины мөр шиг жигдхэн мөртлөө шулуун, төмөр бэлдэцийг нэгэн жигд хайлуулж салахааргүй бат бэх холбож оноо авдаг. Т хэлбэрийн бэлдэцийг хугалахад гагнуурын ором нь хоёр талынхаа төмрийг жигд ухаж, яг голоороо хугарах хамгийн чухал стандарт шүү дээ. Модуль гагнах төрөл миний ур чадварыг хамгийн их шалгаж байлаа. Нэг см-ийн зузаантай 25 жижиг бэлдэц, хоёр хоолойг хооронд нь дөрвөн өөр төрлийн гагнуураар гагнаж жижигхэн зуух шиг хэлбэртэй, хоёр талдаа цорготой модуль болгодог.

-Чи мэргэжлийнхээ хамгийн дээд зэрэгт ердөө 18-хан насандаа хүрлээ. Томоохон ажлын саналууд ирж байна уу?

-Энэ тэмцээнд амжилт үзүүлсний дараа гурван компаниас ажлын урилга ирсэн. Нэг нь гурван сая төгрөгийн цалин амласан. Гэсэн ч тэр компаниудад ажиллая гэж бодохгүй байгаа. Суръя, хөдөлмөрлөе. Цаашдаа Хасу мегаватт компанидаа ажиллах бодолтой байна. Эндээс л би бүх мэргэжлийн ур чадваруудаа суралцсан. Миний аав, ээж хоёр “миний хүү биеэ тоож болохгүй шүү. Хүний итгэл сэтгэлийг дааж ажиллаарай” гэж захисан.

-“ARC CUP-2018” тэмцээний талаар хоёулаа ярилцах уу?

-Тус тэмцээнд 21 орны 388 шилдэг тамирчин хүрэлцэн ирсэн. Манай орноос 15 тамирчин, гурван багшийн бүрэлдэхүүнтэй оролцлоо. Бид дөрвөн алт, зургаан мөнгө, гурван хүрэл медалийг эх орондоо авчирсан. Уг тэмцээнд орохын тулд маш их бэлдэж, шаргуу хөдөлмөрлөж байлаа. Баг тамирчдаараа манай сургууль дээр нэгдсэн бэлтгэл хийсэн. Миний гаргасан энэ амжилт уг тэмцээнд бэлдсэн нэг жилийн шаргуу хөдөлмөрийн минь үр шим. “ARC CUP-2018” тэмцээн орон орноос ирсэн гагнуурчдын дунд хийдэг шалгалт л гэсэн үг. Шалгалтын материалаа гагнаж шугам хоолой, хавтан, тулгасан холболтыг хоёр цаг 30 минутын хугацаанд амжиж гагнана. Нэг ёсондоо хугацаандаа багтаж чанартай, өө сэвгүй гагнуур хийх мэргэшсэн гагнуурчдын хоорондох ур чадварын тулаан юм. Гагнуур төрөл бүр л байдаг. Аргон гагнуур, хагас автомат гагнуур, цахилгаан гагнуур, хийн гагнуур тус тусдаа хийцийг нь өөр өөр шалгуураар дүгнэнэ. Мөн бүгд өөр өөрийн хугацаатай.

-Өөрийн гаргасан амжилтуудынхаа талаар хуучилаач?

-Би 2016 оны Монгол ур чадвар гагнуурчдын улсын уралдаанд тэргүүн байр эзэлж байлаа. Мөн 2017 оны зургадугаар сард Шанхай хотод болсон “Arc cup” гагнуурчдын тэмцээнд хүрэл медаль хүртэж багаараа хоёрдугаар эзэлсэн. Мөн оны аравдугаар сард Бээжин хотод болсон тэмцээн миний мэдэх хамгийн гайхалтай уур амьсгал дунд болж өнгөрсөн. Мөнгөн медаль хүртэж байлаа. Саяны тэмцээнд хагас автомат төрөлд тэргүүн байр хүртлээ. Мөн хийцийн төрөлд гуравдугаар байр хүртлээ. Энэ тэмцээнд бэлдэх хугацаанд миний чадвар огцом сайжирсан гэж бодож байгаа. Өмнөх тэмцээнд аман хүзүүдсэн учраас илүү хичээж тэргүүлэгч болохын тулд маш их хөдөлмөрлөсөн дөө. Миний хамт олон намайг өдий зэрэгтээ гагнуурчин болоход маш өндөр үүрэг гүйцэтгэсэн. Тэмцээнд цуг оролцсон ах нар их тусалж дэмжсэн. Гагнуурын талаас үүнийг ингээд хийчихдэг шүү, чиний алдаа чинь энэ тийм болохоор ингээд хийчихвэл зүгээр гэх мэт олон зөвлөмжүүдийг надад өгсөн. Энэ дашрамыг ашиглан намайг өдий зэрэгтээ хүмүүжүүлсэн гэр бүлийнхэндээ баярлалаа гэж хэлмээр байна.

Б.АМАРТҮВШИН