Categories
мэдээ нийгэм

Шаргаморьтын замыг наадмаас өмнө ашиглалтад оруулах үүрэг өглөө

Нийслэл хотод зам засвар өргөтгөл шинэчлэлийн ажил үргэлжилж байна. Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү өнгөрсөн амралтын өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 19-р хороо, Шаргаморьт зуслангийн чиглэлийн авто замын засвар, шинэчлэлтийн ажлын явцтай танилцав.

Тус чиглэлд шинээр зам тавихаас гадна хуучин шороон замыг хусч, тэгшлэх ажил дуусах шатандаа орсон байна. Удахгүй ашиглалтад оруулж, бүрэн хүлээлгэж өгөх аж. Тус шороон замд ээлжит болон их засвар хийгээгүйн улмаас шороон замын зорчих хэсэг бүхэлдээ бүтцийн эвдрэлд орж, иргэд зорчиход хүндрэл үүсээд олон жилийн нүүр үзээд байсан юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү авто замын засвар, шинэчлэлийн ажлыг наадмаас өмнө бүрэн дуусгаж, нээхийг замын ажил гүйцэтгэгч компанийн удирдлагуудад үүрэг болголоо.

Авто замыг өргөтгөн шинэчлэхэд замын хөдөлгөөнийг бүрэн хаалгүйгээр урсгал тус бүрээр хэсэгчлэн хааж, засварын ажлыг гүйцэтгэж байна.

Categories
мэдээ нийгэм

Гадаадад төгсөгчдийн нэгдсэн анхдугаар чуулга уулзалт боллоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гадаадад сурч, боловсрол эзэмшсэн залуучуудыг эх орондоо хөдөлмөр эрхлэхийг дэмжих төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасны дагуу нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, “Гадаадад Төгсөгчдийн Нэгдсэн Зөвлөл” ТББ-тай хамтран “Монгол оюуныг Монголын төлөө” Гадаадад төгсөгчдийн нэгдсэн анхдугаар чуулга уулзалтыг нийслэлийн Засаг даргын ивээл дор 2018 оны 6-р сарын 30-ны өдөр Шангри-Ла цогцолборт зохион байгууллаа.

Энэхүү чуулга уулзалтаар дэлхийн өнцөг бүрт суралцаж, дээд боловсрол эзэмшсэн, олон талт туршлага хуримтлуулсан залуучууд эвлэлдэн нэгдэж, эх орныхоо хөгжил дэвшилд, түүний дотор нийслэл Улаанбаатар хотын хөгжилд хувь нэмрээ оруулах боломж, бололцоог хамтдаа эрэлхийлж, гадаадад сурч боловсрол эзэмшсэн шилдэг залуучууд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

“Гадаадад төгсөгчдийн нэгдсэн чуулга уулзалт”-д “Юнител” групп, “Говь” ХК, “Петровис” групп, “Монос” групп, “Бишрэлт” групп, “Голомт” банк, “Богд” банк, “Би Эс Би” ХХК, “Монсертф” ХХК зэрэг Монголын шилдэг аж ахуйн нэгжүүд оролцож, гадаад, дотоод худалдаа, эдийн засаг, хүний нөөц, маркетинг, брендинг, мэдээллийн технологийн чиглэлээр 90 орчим нээлттэй ажлын байр зарлалаа.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Энэ чуулга уулзалтаас Монгол орны хөгжилд дорвитой хувь нэмэр болохуйц шинэ санаа, санаачилгууд гарч байна.

Мөн Гадаадад төгсөгч залуучуудыг бодлоготойгоор дэмжих нэгдсэн хөтөлбөр”-ийг нийслэлийн Засаг даргад танилцуулж, хөтөлбөрийн төслийг өргөн барих гэж байгаагаараа онцлогтой үйл ажиллагаа болж байна” хэмээв.

Энэ удаагийн үйл ажиллагаа дараах үр дүнд хүрэх ач холбогдолтой гэж үзэж байна. Үүнд:

Гадаадад төгсөгч залуучуудын дуу хоолойг нэгтгэн, тодорхой төсөл, хөтөлбөрт уриалан оролцуулах, идэвхжүүлэх, үүнийг Нийслэлийн хөгжилд чиглүүлэх,

Өндөр хөгжилтэй орны хөгжсөн, шалгарсан туршлагаас судлах, цаашлаад Нийслэлийн бүтээн байгуулалт, хөгжилд бодитоор хувь нэмэр болох 2 төслийг жил бүр Нийслэлийн удирдлагад танилцуулах, төслүүдийг хамтран хэрэгжүүлэх,

Суралцсан орныхоо чадварлаг боловсон хүчин, мэргэжилтэн, түншүүдийг төрийн болон хувийн хэвшлийн салбарт шаардлагатай ажлын байранд нь холбож, гүүр болсноор хамтын ажиллагааг өндөр түвшинд гаргах,

Хөгжлийн тусламж үзүүлдэг улс орнууд, хандивлагч олон улсын байгууллагуудтай эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллах,

Гадаадад төгсөгч залуучуудын мэдээллийн нэгдсэн санг үүсгэх, улмаар шаардлагатай ажил олгогч болон төсөл хөтөлбөрт оролцуулах боломжийг бүрдүүлэх болно гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.



Categories
мэдээ нийгэм

Шүлхийн голомттой сумд наадам хийхгүй

Аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/311 дугаар захирамжаар сумдын баяр наадмын товыг гаргажээ.

Харин шүлхийн голомттой сумд баяр наадам зохион байгуулахгүй гэсэн үг юм.

Энэхүү захирамж гарсантай холбоотойгоор сумдын Засаг дарга, багийн Засаг дарга нарт сумын баярыг сум дотроо зохион байгуулахыг үүрэг болголоо. Өөрөөр хэлбэл, сумдын уяачдыг сум дамжин хурдан морь уралдуулахыг хориглосон байна.
Дээрх товын дагуу
Ихтамир сум – 2018.07.10-11
Чулуут сум – 2018.07.10-11
Хангай сум – 2018.07.09-10
Тариат сум – 2018.07.08-09
Өндөр-Улаан сум – 2018.07.08-09
Эрдэнэмандал сум – 2018.07.09-10
Жаргалант сум – 2018.07.09-10
Цэцэрлэг сум – 2018.07.09-10
Хайрхан сум – 2018.07.08-09
Булган сум – 2018.07.08-09
Цахир сум – 2018.07.09-10-ны өдрүүдэд наадмаа хийх ажээ.

Харин аймгийн баяр наадмыг хэзээ зохион байгуулах нь тодорхойгүй байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Инстаграмын түүх “Снайпчат”-аас хоёр дахин их хэрэглэгчтэй

Өнгөрсөн жил “Инстаграм”(Instagram)-ыг өдөрт 250 сая хүн ашигладаг гэсэн судалгаа гарчээ. Уг тоо энэ жил 400 сая болон өсжээ. Энэ нь “Снайпчат” (Snapchat)-аас хоёр дахин их хэрэглэгчтэй болохыг харуулж байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр өнгөрсөн улиралд 191 сая хүн снайпчат хэрэглэжээ.

2016 онд “Инстаграм түүх” (Instagram story)-тэй болох үед олон хүмүүс үүнийг Снайпчатын хуулбар хэмээн харж байв. Хуваалцсан зураг, бичлэг нь 24 цагийн дараа устаж, цэцэг, титэм зэрэг өөр бусад тусгай шүүлтүүр дэлгэцэн дээр нэмж харагддаг байна. Снайпчат Фэйсбүүкийг тэргүүлэх үе удаан үргэлжилсэнгүй. Инстаграмын түүх найман сарын дотор Снайпчатын нэг өдрийн идэвхтэй хэрэглэгчдийн тоог давжээ.

Үргэлжлүүлэн, найзуудын нийтлэл дээр “GIF” буюу хөдөлгөөнт зураг нэмэх, найзуудыгаа дурдах зэрэг олон төрлийн үйлдлүүдийг Инстаграм нэмсээр байна.

Нэг сард Инстаграмыг тэрбум хүн идэвхтэйгээр хэрэглэдэг.

“Bloomberg-ийн судлаачдын тооцоолсноор “Инстаграм” бие даасан хувьцаат компани байсан бол 100 тэрбум доллараар үнэлэгдэх байжээ. 2012 онд Фэйсбүүк компани энэхүү програмыг нэг тэрбум доллараар худалдан авсан байна.

Өнгөрсөн дөрөв дэх өдөр “Инстаграмын түүх”-нд шинээр хөгжим нэмж оруулах боломжтой болсныг зарлалаа.

Өнгөрсөн сард “IGTV“ гэх шинэ үйлдлийн инстаграм нэвтрүүлсэн билээ. IGTV-г хүн бүр ашиглах боломжтой. Бичлэг нь 10 минутаар хязгаарлагдсан байдаг. Харин 10 мянгаас дээш дагагчтай хүмүүс нэг цаг хүртэлх бичлэгийг хуваалцах боломжтой ажээ.

Э.АНХМАА

Categories
мэдээ нийгэм

Анхны цахирын үйлдвэр нээлтээ хийлээ

Дорноговь аймгийн Сайхандулаан суманд Японы “Megatech” корпораци цахиур олборлох, баяжуулах үйлдвэр байгуулж нээлтээ хийлээ.

Энэхүү үйлдвэр нь түүхий эдийг боловсруулж, экспортлох анхны үйлдвэр болж байгаа аж. Тус үйлдвэр нь 10 сая ам.долларын хөрөнгө оруулттай бөгөөд сард 200-400 тонныг баяжуулах хүчин чадалтай юм байна. Мөн Сайншанд суманд 20 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг хийж байгаа аж. Ингэснээр “Megatech” корпораци нь Япон дахь өөрийн үйлдвэрийн түүхий эдийг Монголоос бэлтгэн авах боломж бүрдэх юм байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Ээлжит чуулганаар дөрвөн хууль, долоон тогтоолыг батлуулжээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос өнөөдөр УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж, мэдээлэл хийлээ. Уг хуралд тус Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир, Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа нар оролцов.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир мэдээллийн эхэнд тус байнгын хороо 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд байнгын хороо 14 удаа, ажлын хэсгүүд 30 гаруй удаа тус хус хуралдсан болохыг танилцууллаа. Тайлант хугацаанд Байнгын хороо давхардсан тоогоор 30 гаруй асуудал хэлэлцэж, тэдгээр асуудлаар нийтдээ 28 санал дүгнэлт, танилцуулга бэлтгэн, Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлсний зэрэгцээ хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх 10 гаруй ажлын хэсэг байгуулан ажиллуулсан байна. Ийнхүү ээлжит чуулганы хугацаанд нийт 4 хууль, 7 тогтоолыг эцэслэн батлуулж, Олон улсын 4 гэрээ, хэлэлцээрийн төслүүдийг зөвшилцжээ.

Хаврын ээлжит чуулганы хугацаанд Эдийн засгийн байнгын хорооноос 2017 оны эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийн биелэлтийг нэгтгэн дүгнэж, 2019 онд эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулсан байна.

Хүний хөгжлийг дэмжих нийгмийн бодлогын хүрээнд нийгмийн суурь үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг эрчимжүүлж, малын ашиг шимийг нэмэгдүүлэх, хөнгөн, хүнсний салбар, жижиг, дунд үйлдвэрлэлийн бодлогоор дэмжиж, хүнсний эрүүл ахуйн чанарыг сайжруулах, геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарыг хөгжүүлж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, эрчим хүчний хэрэглээг дотоодын эх үүсвэрээр хангах бодлого хэрэгжүүлж, хүчин чадлыг нэмэгдүүлэх, бодит салбарын өсөлтийг дэмжих зам, тээврийн бодлого хэрэгжүүлж, логистикийн сүлжээг өргөжүүлэх талаар тодорхой зорилт, арга хэмжээг үндсэн чиглэлд тусгав.

Ээлжит чуулганы хугацаанд Таван толгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталсан нь эдийн засгийн өсөлтийг дэмжсэн томоохон бодлогын арга хэмжээ болж байна. Уг тогтоолд “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад дотоодын хөрөнгийн биржээр үе шаттайгаар арилжаалж, Таван толгойн ордын үнэ цэнийг өсгөх хүрээнд холбогдох дэд бүтцийн болон шаардлагатай бусад төсөл, хөтөлбөрүүдийн тодорхой хэсгийг санхүүжүүлэх, Таван толгой-Гашуунсухайт, Таван толгой-Зүүнбаян, Таван толгой-Оюутолгой-Ханги, Таван толгой-Барууннаран чиглэлийн авто замын төгсгөлөөс Цагаандэл уул чиглэлийн тусгай зориулалтын авто зам болон Таван толгой-Гашуунсухайт, Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам зэрэг төслийг эхлүүлэх талаар шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэх, Өмнөд бүсийн уул уурхайн төслүүдийн эрчим хүчний хэрэгцээг хангах цахилгаан станцыг Таван толгойн ордыг түшиглэн барих асуудлыг эцэслэн шийдвэрлэх талаар шаардлагатай арга хэмжээ авч ажиллах зэрэг асуудлыг тусгалаа.

Банк, санхүүгийн салбарын чиглэлээр Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хуулийг хэлэлцэж баталсан нь Монгол Улсын санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чухал алхам боллоо. Энэ хууль батлагдсанаар банкуудад өөрийн хөрөнгийн шаардлагыг хангах хугацаа олгох, зайлшгүй тохиолдолд төрөөс банкийг дахин хөрөнгөжүүлэх асуудлыг зохицуулах, дахин хөрөнгөжүүлсэн банканд төрөөс оруулсан хөрөнгийг тодорхой хугацааны дараа төсөвт буцаан төвлөрүүлэх, банканд хийх хяналт шалгалтыг сайжруулах, олон нийтээс банканд итгэх итгэл нэмэгдэх, банкны салбарын тогтвортой байдлыг хангах, харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчин бүрдэж байгаа болно.

Төрийн өмчийн илүүдэлтэй болон ашиглалтгүй эд хөрөнгийг хэрэгцээ шаардлагатай байгаа орон нутагт шилжүүлж зохицуулалт хийх, Төсвийн тухай болон Эрчим хүчний тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, хяналтыг сайжруулах зорилгоор төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай тогтоол гаргасан юм.

Төв банкны тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Монголбанкны бие даасан, хараат бус байдлыг бэхжүүлэх чиглэлээр Монголбанкны мөнгөний бодлогын хорооны бүрэлдэхүүнийг УИХ-аар баталж, үйл ажиллагааг нь эхлүүлж байгаа талаар Байнгын хорооны дарга мэдээллээ. Мөн Дорноговь аймгийн Зүүнбаян өртөөнөөс хилийн Ханги боомт хүртэл, Эрдэнэт өртөөнөөс Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Овоотын нүүрсний орд газар, цаашлаад хилийн Арцсуурь боомт хүртэлх шинэ чиглэлийн төмөр замын төслүүдийг “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д тусгахаар Улсын Их Хурлын тогтоол батлагдсан байна.

УИХ-ын гишүүн Б.Ундармаа, агаарын харилцааг либералчлах, нислэгийн давтамжаар бус, суудлын багтаамжаар тохирох зохицуулалтад хүрэхийг эрмэлзэх замаар хоёр талын агаарын тээвэрлэгч зах зээлд ижил тэгш боломжоор хангагдаж, агаарын хөлгийн багтаамжаас хамаарсан дарамт, хүчин чадлын дутуу байдлыг арилгаж, үндэсний агаарын тээвэрлэгчид ач холбогдолтой, уян хатан зохицуулалтыг бий болгох чиглэлээр төрөөс иргэний нисэхийн салбарт баримтлах бодлогод өөрчлөлт оруулсан талаар сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэв. Монгол Улсын Засгийн газар макро Эдийн засгийн бодлогын хүрээнд 2019 онд татварын орчныг шинэчлэх замаар хөрөнгө оруулалтыг дэмжиж, эдийн засгийн өсөлтийг 8 хувьд хүргэх, инфляцийг зорилтот түвшинд буюу 8 хувьд барих, ажлын байрыг нэмэгдүүлж, ажилгүйдлийн түвшинг 7.5 хувиас ихгүй байлгах, нэгдсэн төсвийн тэнцлийн алдагдлыг өмнөх оны түвшнээс бууруулах, эдийн засгийн суурь үзүүлэлтүүд болон хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, хөрөнгө оруулалт татах, хөрөнгийн зах зээлийг идэвхжүүлж, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах зэрэг зорилт, арга хэмжээг Үндсэн чиглэлд тусгажээ. Эдийн засгийн өсөлтийг салбаруудаар авч үзвэл 2019 онд уул уурхайн салбар 6.3 хувиар, уул уурхайн бус салбар 8.4 хувиар, барилгын салбар 14 хувиар, үйлчилгээний салбар 8.6 хувиар тус тус өсөхөөр байгаа талаар УИХ-ын гишүүн Б.Ундармаар танилцууллаа. Мөн тэрбээр ерөнхий боловсролын бага ангийн сурагчдын “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгохоор нэр бүхий гишүүдээс холбогдох хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж эхэлсэн талаар дэлгэрэнгүй мэдээлсэн.

Ээлжит чуулганы хугацаанд төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэлийн төсөл, Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болох Мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөл, Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэж, төслүүдийг анхны хэлэлцүүлгийн шатанд шилжүүлээд байгаа юм байна.

Үүний дараа Эдийн засгийн байнгын хорооны хяналт, шалгалтын чиглэлээр хийсэн ажлуудын талаар дэлгэрэнгүй танилцуулаад, хэвлэлийн бага хурлын төгсгөлд Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир, УИХ-ын гишүүн Б.Ундармаа нар Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон зээлийн хүүг хязгаарлах бодлогын зохицуулалтын талаарх сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ спорт

Өсвөрийн бөхчүүд дэлхийн аваргын төлөө Загреб хотын дэвжээнд хүч сорьж байна

Бөхийн төрлүүдийн 2018 оны өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Хорватын Загреб хотын “Дом Спортова” спортын ордонд эхэлж байна.

Хөвгүүдийн 24, охидын 12 дахь удаагийн тэмцээнд манай улсаас 18 тамирчин оролцохоор Хорватын нийслэлд очоод байгаа юм. Энэхүү ДАШТ нь чөлөөт бөхийн хөвгүүдийн ангиллаар эхлэх бөгөөд 48 кг-д СХД-ийн тамирчин Б.Цэндсайхан, 55 кг-д “Хас-Мегастарс” клубын тамирчин Э.Төгсжаргал, О.Сүлдхүү, Баянхонгор аймгийн тамирчин Э.Батмагнай, БТСДуС-ийн Н.Алтанбагана нар манай баг тамирчдын салхийг хагална.

Монголын чөлөөт бөхийн холбооноос “Загреб-2018” өсвөр үеийн ДАШТ-ий хуваарийг /манай цагаар/ танилцуулж байна.
Долдугаар сарын 2

14:30-15:00 Хөвгүүдийн 48, 55, 65, 80, 110 кг-ын эхний өдрийн жин үзэлт, эмчийн үзлэг
16:30-20:00 Хөвгүүдийн 48, 55, 65, 80, 110 кг-ын жингийн урьдчилсан барилдаан
20:00 Хөвгүүдийн 45, 51, 60, 71, 92 кг-ын жингийн сугалаа
00:00-01:30 Хөвгүүдийн 48, 55, 65, 80, 110 кг-ын жингийн хагас шигшээ барилдаан

Долдугаар сарын 3

14:30-14:45 Хөвгүүдийн 48, 55, 65, 80, 110 кг-ын хоёр дахь өдрийн жин үзэлт, эмчийн үзлэг
14:45-15:15 Хөвгүүдийн 45, 51, 60, 71, 92 кг-ын эхний өдрийн жин үзэлт, эмчийн үзлэг
16:30-20:00 Хөвгүүдийн 45, 51, 60, 71, 92 кг-ын жингийн урьдчилсан, 48, 55, 65, 80, 110 кг-ын жингийн дагах барилдаан
20:00 Охидын 43, 49, 57, 65, 73 кг-ын жингийн сугалаа
23:00-23:30 Нээлтийн ажиллагаа
23:30-00:00 Хөвгүүдийн 45, 51, 60, 71, 92 кг-ын жингийн хагас шигшээ барилдаан
00:00-02:00 Хөвгүүдийн 48, 55, 65, 80, 110 кг-ын шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа

Долдугаар сарын 4

14:30-14:45 Хөвгүүдийн 45, 51, 60, 71, 92 кг-ын хоёр дахь өдрийн жин үзэлт
14:45-15:15 Охидын 43, 49, 57, 65, 73 кг-ын жин үзэлт, эмчийн үзлэг
16:30-20:00 Охидын 43, 49, 57, 65, 73 кг-ын урьдчилсан, хөвгүүдийн 45, 51, 60, 71, 92 кг-ын дагах барилдаан
20:00 Охидын 40, 46, 53, 61, 69 кг-ын жингийн сугалаа
23:30-00:00: Охидын 43, 49, 57, 65, 73 кг-ын хагас шигшээ барилдаан
00:00-02:00: Хөвгүүдийн 45, 51, 60, 71, 92 кг-ын шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа

Долдугаар сарын 5

14:30-14:45 Охидын 43, 49, 57, 65, 73 кг-ын хоёр дахь өдрийн жин үзэлт
14:45-15:15 Охидын 40, 46, 53, 61, 69 кг-ын эхний өдрийн жин үзэлт
16:30-20:00 Охидын 40, 46, 53, 61, 69 кг-ын урьдчилсан, 43, 49, 57, 65, 73 кг-ын дагах барилдаан
23:30-00:00 Охидын 40, 46, 53, 61, 69 кг-ын хагас шигшээ барилдаан
00:00-02:00 Охидын 43, 49, 57, 65, 73 кг-ын шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа

Долдугаар сарын 6

14:30-14:45 Охидын 40, 46, 53, 61, 69 кг-ын хоёр дахь өдрийн жин үзэлт
16:30-20:00 Охидын 40, 46, 53, 61, 69 кг-ын жингийн дагах барилдаан
00:00-02:00 Охидын 40, 46, 53, 61, 69 кг-ын шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа тус тус болох юм.

Categories
мэдээ нийгэм

Иогийн спортын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн өндөрлөлөө

Монгол Улсын Иогийн Спортын Аварга шалгаруулах анхдугаар тэмцээн өчигдөр амжилттай зохион байгуулагдаж 4 алт, 7 мөнгө, 9 хүрэл медалийн эзэн тодорлоо.

Насанд хүрэгчдийн ангилалд Пүрэвсүрэнгийн Элбэгсүрэн, Даваажамцын Норжин нар, өсвөр нас (11-17)-ны ангилалд Тэнгисийн Ялгуун, Мөнхбаатарын Бүжмаа нар алтан медаль хүртлээ.

Насанд хүрэгчдийн ангилалд Гансүхийн Номин-Эрдэнэ, Өлзийсайханы Уянга, Сүхбаатарын Батзаяа, Балдангийн Мөнхбаяр нар, ахмад (50+) насны ангилалд Хорлоогийн Үржинсүрэн, өсвөр насны ангилалд Батмөнхийн Мөнх-Ундрам, Цогтсайханы Энхжин нар тус тус мөнгөн медалийн эзэн боллоо.

Хүрэл медалийг Самданжамцын Уламбаяр, Тортвойн Туул, Тувааны Оюунгэрэл, Уртнасангийн Насанбаяр, Цогтын Ундрал, Панигын Гантуяа нар, өсвөр насны ангилалд Цэдэн-Ишийн Очирхүү, Ганбатын Өлзийсайхан, Бадарсангийн Нарангоо нар тус тус хүртлээ.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн гаалийн байгууллагын чуулганд оролцов

Дэлхийн 182 орныг эгнээндээ нэгтгэн, үйл ажиллагаа явуулдаг Дэлхийн Гаалийн байгууллагад Монгол Улс 1991 онд 111 дэх гишүүнээр элсэн орсноос хойш тус байгууллагаас хэрэгжүүлж буй бодлого, чиглэлийг үйл ажиллагаандаа тусган ажиллаж иржээ.
Тэгвэл тус байгууллагын гишүүн улсуудын Гаалийн байгууллагын дарга нар жил бүрийн 6 дугаар сард дээд хэмжээний чуулганаа зохион байгуулж, өөрийн хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, цаашдын чиглэлээ хэлэлцэн, тодорхойлдог байна.
Дэлхийн гаалийн байгууллагын гишүүн орнуудын гаалийн байгууллагын дарга нарын 132 дугаар чуулганд Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт тэргүүтэй Монголын гаалийн төлөөлөгчид өнгөрсөн сарын 28-30-ны өдөр оролцжээ. Энэ удаагийн чуулганд дэлхийн 182 орны гаалийн байгууллагын дарга, төлөөлөгч, олон улсын байгууллагын нийт 700 гаруй төлөөлөгч тулгамдаж буй олон чухал асуудлыг хэлэлцэв. Чуулганы гол онцлог нь Дэлхийн гаалийн байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын ээлжит сонгууль, Аудитын хороо, Бодлогын хороо, Дэлхийн гаалийн байгууллагын ирэх жилийн Чуулган даргалагчийн зэрэг 8 сонгууль явуулав. Түүнчлэн гаалийн хөгжил, цаашдын үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох бодлогын баримт бичгийг батлах, Дэлхийн банктай “Бизнес эрхлэхүй дүгнэлт”, бусад олон улсын байгууллагатай хууль бус санхүүгийн урсгал, дүн шинжилгээний чадавхыг бэхжүүлэх замаар мэдээллийн чанарт анхаарах, цахим худалдааны орчин, кибер аюулгүй байдал болон бусад чиглэлээр хамтран ажилласан үр дүн, цаашдын хамтын ажиллагаа, агаарын тээврийн аюулгүй байдал, худалдааг хөнгөвчлөх зэрэг олон асуудлын хүрээнд харилцан санал солилцож, цаашдын үйл ажиллагаагаа уялдуулан төлөвлөжээ.
Монголын төлөөлөл чуулганд оролцохын зэрэгцээ, гаалийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх хүрээнд Нарийн бичгийн дарга нарын чиглэл хариуцсан удирдлага, ажилтнуудтай худалдааны аюулгүй байдлыг хангах, худалдааг хөнгөвчлөх үйл ажиллагаа, гаалийн байгууллагын гүйцэтгэлийг хэмжих арга зам, их хэмжээний тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийх арга зүй, хил дамнасан хууль бус худалдааны урсгалтай тэмцэх чиглэлээр Дэлхийн гаалийн байгууллагаас хэрэгжүүлж буй санаачилга, агаарын тээврийн аюулгүй байдал, түүнд үр дүнтэй гаалийн хяналт тавих боломж чиглэлээр уулзаж, харилцан санал солилцлоо.Гаалийн гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр БНХАУ, Унгар, Япон, Киргиз, ХБНГУ, БНСУ-ын гаалийн байгууллагын удирдлагуудтай уулзаж хамтын ажиллагаа, харилцан туслалцах өргөн хүрээтэй асуудлаар санал солилцов.
Энэ удаагийн Чуулган ирэх 5 жилд Дэлхийн гаалийн байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын газрын тэргүүнийг сонгохоос гадна, Гаалийн байгууллагууд, Гааль-Бизнес, Гааль-Засгийн газар хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх бодлогын асуудлыг оновчтой хэлбэрээр хэрэгжүүлэхэд харилцан санал бодлоо хуваалцахад чиглэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Гэндэнгийн гудамж, Сүхбаатарын гудамжийн замуудыг хэсэгчлэн хаана

Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Замын цагдаагийн албатай хамтран цаг үеийн асуудлаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хуралд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, ЦЕГ-ын олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын дарга, дэд хурандаа Ц.Цэрэнпунцаг, Замын цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбат нар оролцож, долдугаар сарын 3-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын талаар мэдээлэл хийсэн юм.

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран зохион байгуулах Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн Сайд нарын бага хуралдаанд Ази, Номхон далайн бүс нутгийн 50 гаруй улс, орны өндөр дээд хэмжээний төлөөлөгчид оролцоно. Хурлын үеэр үүсэх замын ачаалалыг бууруулах зорилгоор Замын цагдаагийн албатай зөвшилцсөний дагуу Гэндэнгийн гудамж, Сүхбаатарын гудамжийн замуудыг хэсэгчлэн хаах юм байна. Иймд тус хамгаалалтын бүсэд орших айл, өрх, аж ахуйн нэгжүүд аль болох хувийн тээврийн хэрэгслээс татгалзаж, нийтийн тээврийн хэрэгслээр зорчихыг ЦЕГ, Замын цагдаагийн албанаас зөвлөлөө.


Азийн сайд нарын хурлын үеэр Ази, Номхон далайн бүс нутгийн улс орны төлөөлөгчид “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийн эхний гурван жилийн үйл ажиллагаа, Азийн бүсийн төлөвлөгөөний хэрэгжилт, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр бүс нутгийн улс орнуудын хүлээсэн үүрэг, амлалт, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний ахиц, дэвшлийг үнэлж дүгнэн бодлогын гурван томоохон баримт бичгийг батлан гаргана. Үндэсний болон орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах стратегитай улс орны тоог нэмэгдүүлэх 2018-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Оролцогч талуудын сайн дурын мэдэгдэл, Улаанбаатарын тунхаглалыг батлан гаргах юм.

Харин Монгол Улсын Засгийн газар “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц, хот суурин газрын гамшигтай тэмцэх чадавхыг сайжруулах нь”, “Гамшгийн эрсдэлийг бууруулахад төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь” сэдэвт хоёр онцлох хуралдааныг удирдан зохион байгуулж буйгаар ихээхэн онцлог ач холбогдолтой юм. Энэ хуралдаанаар бүс нутгийн хэмжээнд шинэ эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор нэн тэргүүнд анхаарах асуудлын талаар хэлэлцэж үндэсний болон гадаад улс орны төлөөлөгчид илтгэл тавьж хэлэлцүүлэх бөгөөд бүс нутагт авч хэрэгжүүлэх арга хэмжээнд зөвлөмж болон хүргэгдэнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.