Хар хорхой, хүр эрвээхэйнээс сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.
Хар хорхой, хүр эрвээхэйнээс сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.
Амралтын өдрүүдэд хөдөө, орон нутгийн зам болон Улаанбаатар хотоос гарах чиглэл, зуслангийн замд хөдөлгөөний ачаалал их байсан бөгөөд хяналт шалгалтыг байнгын болон хөдөлгөөнт эргүүл хэлбэрээр зохион байгууллаа. Гарсан зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 12 осол, мөргөлдөх хэлбэрээр найман осол бүртгэгдсэн байна. Дээрх тоон үзүүлэлтүүдээс харахад орон нутгийн замд онхолдох хэлбэрээр, нийслэл хотод явган зорчигч мөргөж гэмтээх осол дийлэнх хувийг эзэлж байна.
Хэрвээ жолооч та аялал, амралт зугаалгаар хөдөө, орон нутгийг зорих гэж байгаа бол тээврийн хэрэгслийг хурдыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэлгүй, анхаарал болгоомжтой зорчих, мөн хамгаалах бүсийг хэрэглэж хэвших, явган зорчигч та хөдөлгөөнд оролцохдоо гарц, гарамтай хэсгээр зам хөндлөн гарах, тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйхгүй байх, жолооч та явган зорчигч нараа хүндлэн гарц, гарамтай хэсэгт хурдаа сааруулж зам тавьж өгснөөр энэ төрлийн осол, хэрэг буурах боломжтой гэдгийг байнга санаж хөдөлгөөнд оролцоорой.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн 16-ийн тоглолтууд өнгөрсөн шөнө явагдлаа.
Дэлхийн таван удаагийн аварга Бразилийн шигшээ энэ удаа нэг тивийн төлөөлөл Мексикийг 2:0-ээр сөхрүүлж аяллаа цааш үргэлжлүүлэхээр болов. Тоглолтын эхний үед “Самба” илүүрхэж Коутино, Нэемар нар гоолын боломж үүсгэж байсан ч Мексикийн Гилермо Очоа хаалгаа найдвартай манаж эхнй үе тэнцээгээр өндөрлөсөн. Харин хоёрдугаар үеийн эхэнд Уиллиан баруун жигүүрээр довтолгоо өрнүүлж төврүү дамжуулсан бөмбөгийг Нэемар чихэж тоглолтын тооны харьцааг нээсэн юм. Гоол алдсан Мексик довтлох боломж хайж байсан ч Бразилийн хамгаалалтыг сэтэлж хараахан чадсангүй. Тоглолтын төгсгөлд сэлгээгээр орж ирсэн Роберто Фирмино Нэемарын дамжуулалтаар гоол оруулж эцсийн цэгийг тавьсан юм.
Бразил их шөвөгт шалгарахын төлөөх тоглолтоо Эдэн Азар, Ромелу Лукаку нараар ахлуулсан Белгийн шигшээтэй хийнэ.
О.ДАШНЯМ
УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазартай ярилцлаа.
-УИХ-ын хаврын чуулган хаалтаа хийлээ. Энэ удаагийн чуулганы нэг онцлог нь Засгийн газраас оруулж ирсэн Эрдэнэс Таван толгой төслийн эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд 30 хувийг нь дотоодын болон гадаадын хөрөнгийн биржээр арилжаалах асуудлыг шийдлээ. Өргөн баригдсан төсөл явцын дунд өөрчлөгдөхөөр байсан. Оруулж ирсэн хэлбэрээрээ батлагдаж чадсан уу?
-Засгийн газраас Таван толгойн орд газрыг эрчимжүүлэх, эргэлтэд оруулах тогтоолын төслийг өргөн барьсан. Үүнийг Их хурал маань баталлаа. УИХ-ын тогтоол маш чухал эрх зүйн баримт бичиг л дээ. Таван толгой төслөө эргэлтэд оруулъя гэж бид маш олон жил ярьсан. Одоо олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс хөрөнгө босгох ажил хийгдэх боломж бүрдлээ. Энэ ажлыг ард түмнийхээ өмнө нэр төртэй гүйцэтгэх үүрэг Засгийн газарт оногдож байна.
-Эдийн засгийн урьдчилсан тооцоог танилцуулахгүй юу. 1.5 тэрбумаас зургаан тэрбум ам.доллар босгоно гэж яриад байгаа л даа. Босгосон хөрөнгөө ямар үйл ажиллагаанд зарцуулах вэ?
-Таван толгойг тойрсон дэд бүтэц бүтээн байгуулалтаас эхлээд бид нөөцийн нэгдсэн тайлан, уурхайн ТЭЗҮг зайлшгүй шинэчлэх шаардлагатай болсон. Үүн дээр түшиглэн баяжуулах үйлдвэрээ барьж, жилдээ 30 хүртэл сая тонн баяжуулсан нүүрсээ олон улсын зах зээл дээр гаргах юм. Таван толгойн төмөр замыг бид олон жил ярьсан. Таван толгойЗүүнбаян чиглэлийн 420, Таван толгойГашуун сухайтын 259 км төмөр зам, хүчитгэсэн суурьтай Таван толгойГашуун сухайт чиглэлийн хүнд даацын авто машин тээвэр хийх 260 орчим км авто зам, Таван толгой-Оюу толгойХанги мандалын чиглэлийн авто замаас эхлээд дагалдах төслүүд хийгдэнэ. Таван толгой төслийн эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлснээр манай улсын эдийн засагт үлэмж нэмэр болно. Урьдчилсан тооцоог Сангийн яамныхантай хамтарч гаргасан.
Таван толгой төсөл хэрэгжиж эхэлснээр жилдээ 400-1.1 тэрбум ам.долларын орлого орно. Экспортоос орж ирэх орлого жилдээ 2.8 тэрбум ам.доллараар нэмэгдэх тооцооллыг хийсэн. Таван толгойн бүлэг орд 7.4 тэрбум тоннын нөөцтэй гэсэн судалгаа бий. Үүнээс 5.1 тэрбум тонн нь коксжих нүүрсний үндсэн нөөц эзэлж байгаа бол 1.9 тэрбум тонн нь эрчим хүчний өндөр чанарын нүүрс гэдэг тооцоог 2011 онд гаргасан байдаг.
Бидний хийх гэж буй IPO маань олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс 30 сая тонн нүүрс баяжуулах үйлдвэрийн үнэ цэнэд оршиж байгаа. Урьдчилсан тооцооллыг УИХ дээр нэлээд ярьсан. Хамгийн багаар бодоход бид 1.5-аас эхлээд зургаан тэрбум хүртэлх тэрбум ам.доллар босгох эх үүсвэр байна гэдгийг манай яамныхан, Сангийн яамныхантай тооцож гаргасан. Гишүүдийн зүгээс 7.4 тэрбум тонны нөөцтэй нүүрсний ордыг хэтэрхий бага үнээр үнэлж байна гэдэг зүйлийг ярьсан. Энэ тийм биш. Газрын доор байгаа нүүрс ямар үнэ цэнэтэй байх вэ, газрын дээр гарч ирээд ямар үнэ цэнэтэй байх вэ. Бид 30 сая тонн баяжуулсан нүүрсэн дээр суурилсан эдийн засгийн тооцоо явж байгаа гэдгийг бодох ёстой л доо.
Манайхан нөөцөөр нь бодоод байгаа юм. Олон улсын хөрөнгийн үнэлгээ хийдэг байгууллагууд 30 жилээс цаашихыг үр өгөөжтэй гэж хардаггүй. 30 жил дотор тооцооллоо хийж гаргаж, тодорхойлдог. Манай уул уурхайн компаниудын үнэ цэнэ яагаад олон улсын дундажаас доогуур байна гэхээр дэд бүтцийн асуудлууд шийдэгдээгүй тул эрсдэл өндөр гэж үздэг. Тиймээс үнэлгээ бага, үнэ цэнэ буураад байгаа юм. Бид дэд бүтцийн асуудлаа шийдэх хүрээнд төмөр зам, авто зам, баяжуулах үйлдвэрээ бариад, уурхайнхаа ТЭЗҮ-г шинэчилбэл олон улсын зохих түвшиндээ удахгүй хүрнэ.
-Таван толгой төслийн тогтоолыг Их хурал баталсан. Нүүрсний үнэ өндөр байгаа энэ цонх үеэ ашиглаад даруйхан хөдөлгөх үү. Цаг хугацаа хэр шаардаж байна вэ?
-Мега төслүүд эрх баригч, сөрөг хүчин, бие даагчидтай ярилцаж, ойлголцож байж явах ёстой. Ойлголтын зөрүүгээс болж хэн нэгэн ташаа мэдээлэл тарааж, блок тавьж, асуудлыг өөр өнцгөөс хараад эхлэхээр төсөл урагшлахаа байдаг. Их эмзэг шүү дээ. Аль болох ойлголцож, аль болох бүгдийнх нь оролцоо, санаа оноог тусгаж байж явах ёстой гэдэг суурь зарчимыг барьсан. Энэ нь төсөл амжилттай хэрэгжих суурь нь болох юм. Таван толгойн бүлэг ордод олон улсын зах зээлд IPO босгох ажил өнөөдрөөс эхэлж байна гэж ойлгож болно. 180 хоногийн дотор дотоод бэлтгэл ажлаа хангаад 2018 оны төгсгөлд УИХ-д оруулж танилцуулна. Шаардлагатай бол намрын чуулганд явцын байдлаар мэдээлэл өгнө. Ер нь маш богино хугацаанд энэ ажлыг хийж хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ өссөн, дотоодын улс төрийн нөхцөл байдал таатай, нийгмийн дэмжлэг асар их байгаа энэ үед цаг алдалгүй эхлэх ёстой.
39 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг маань зургаа гаргаж, нарийвлан задлан ярилцана. Хөрөнгийн зах зээл, арилжаа эрхлэгч нарын холбоодыг хамруулан Засгийн газар дээр өргөтгөсөн ажлын хэсэг гарах ёстой. Зам тээврийн хөгжлийн яам замын дэд бүтцийн төслүүд дээр маш сайн ажиллаж байгаа. Зам тээврийн хөгжлийн яамныхан дэд бүтэц дээр сайн ажиллаж байгаа. Сангийн яамныхан IPO босгоход голлож ажиллах ёстой гэж бодож байна. Сайд, дэд сайд хоёр энэ тал дээр нэлээд туршлагатай. Манай яамнаас ТЭЗҮ-г боловсруулж, нөөцийн нэгдсэн тайланг шинэчилнэ. Баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-г боловсруулах ажлыг удахгүй эхлүүлнэ. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар тогтоолын төсөл оруулах бодолтой байгаа. Мөн гол хийх ажлуудын нэг нь олон улсын хөрөнгийн зах зээл дээр голлох байр суурьтай банкуудыг урих явдал. Одоогоор нэлээд олон банк саналаа өгсөн.
Дотооддоо хийх ажил бол “Эрдэнэс Таван толгой” компанийн бүрдүүлэлтийн ажлын явцыг түргэтгэх. Одоогийн байдлаар бэлтгэл ажил 37 хувьтай байна. Гол нь “Эрдэнэс Таван толгой” компанийн засаглал, хүний нөөц, үйл ажиллагааг цэгцтэй, зөв байдлаар шийдэх ёстой. Хөрөнгөө оруулж байгаа хүмүүсийн хөрөнгийг зав удирдаж, цаашлаад Монгол Улсын нэр хүнд, төсөл хөтөлбөрийг доголдуулалгүй авч явах чадвартай сор болсон залуусаар удирдуулах нь зүйтэй гэж боддог. Бүх л салбарыг хамруулсан бүтээн байгуулалтын том ажил эхэлж байна гэж шууд утгаар нь ойлгож болно.
-Компанийн 30 хувийн хувьцааг олон улсын зах зээлд арилжаалах нь ойлгомжтой боллоо. Хувийг яаж тогтоож байгаа юм бэ?
-Дотоодын болон гадаадын хөрөнгийн биржээр гарна. Гадныханд санал болгох хувьцаа маань 30 хувь юм. Одоогоор төр компанийн 78.9 хувийг эзэмшиж байгаа. Харин иргэд 21, 486 аж ахуйн нэгж 0.05 орчим хувийг нь эзэмшдэг юм. Иргэдийн хувьцааг шууд эргэлтэд гаргахгүй. Төрд байгаа хувьтай хамт багцад байрлаж байна. 30 хувийг худалдаанд гаргахаар иргэдэд эзэмшлийн хувьцаагаа борлуулах эрх нээгдэх ёстой. Үүний тулд Монголын хөрөнгийн бирж зэрэг холбогдох албаныхны үгийг сонсож, шийдвэр гаргана гэж төлөвлөж байгаа.
Дотоодын хөрөнгийн зах зээлийг ойрын хугацаанд их зөв голдиролд оруулах ёстой. Уул уурхайн салбарын үйл ажиллагааг санхүүтэй зөв уялдуулбал амжилттай урагшилдаг.
Урьд өмнө нь хосолж ажиллах арга, барил нь дутмаг байснаас амжилттай алхам хийж байгаагүй. Энэ жилийн хувьд олон улсад хөрөнгийн биржэд бүртгэлтэй “Эрдэнэ ресурс” дотоодын хөрөнгийн биржид хувьцаа гаргалаа. Канадын зах зээл дэх, олон улсын хөрөнгө оруулалттай “Степ голд” компани Монгол Улсын хөрөнгийн биржид хувьцаагаа гаргахаа илэрхийлж байна. Энэ мэтээр хөдөлгөөнд орлоо. “Эрдэнэс Таван толгой” гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, Монгол руу татна.
-Хувьцааны нэрлэсэн үнийг зарим хүн шүүмжилж байсан. 1072 ширхэг хувьцааны үнийг унагачих юм биш биз дээ гэдэг байр суурь илэрхийлсэн. Та үүнийг хэрхэн харж байна вэ. Хувьцаа арилжаалах хөрөнгийн биржээ хэрхэн сонгох юм бол?
-Хамгийн доод үнэ нь 933 төгрөг байгаа. Тухайн үеийн 2.2 сая иргэндээ 5.7 тэрбум төгрөгийн үнэлгээг хувааж, гаргаж ирсэн тооцоо юм билээ. Тэгэхээс 933 төгрөгөөс доош оруулж болохгүй. Сайн ТЭЗҮ боловсруулж, компанийн засаглалыг сайжруулах зэрэг ажлыг хийсний үр дүнд олон улсын зөвлөх болон холбогдох хүмүүстэй ярилцаж Монгол Улсад хамгийн таатай нөхцөл санал болгосон хөрөнгийн захад орох ёстой. Улмаар УИХ-д танилцуулж, орд болон хувьцааны үнийг тогтоох нь зүй ёсны асуудал.
Гадаадын хөрөнгийн биржүүдээс бид санал авна. Хонгконг, Нью-Йорк, Шанхай, Токио, Торонтогийн хөрөнгийн биржүүд Таван толгойд ямар үнэлгээ, санал өгөхийг харна. Хэрэглэгч, зах зээл нь хаана байгаа билээ гэдгийг бодолцож үзэх ёстой. Нью-Йоркийн хөрөнгийн биржээс манай “Чингис бонд”-ын 1.5 тэрбум ам.долларын 80 хувь нь босч байсан түүхтэй. Хонгконгийн бирж дээр ч маш олон үйл ажиллагаа явуулж, харилцаж байгаа. Бидний харж буйгаар энэ хоёр хөрөнгийн бирж илүү өгөөжтэй, илүү үнэлэх нөхцлийг тавих боломжтой юм байна гэж анхан шатанд ярьж байгаа. Мөн олон улсын нэр хүндтэй, томоохон хөрөнгө оруулалтын банкуудтай хэлцэлд орж, албан даалгавар өгч, богино хугацаанд хөрөнгийн зах зээлийг судлах зэрэгт дотоод гадаадын зөвлөхүүдтэй хамтарч ажиллана.
-Хүмүүс “Одоо “Эрдэнэс Таван толгой” ашигтай ажиллаж байгаа. Ийм компанийнхаа хувьцааг зах зээлд гаргах шаардлага байна уу. Нүүрсээ өндөр үнээр борлуулах боломж байхад нэрлэсэн үнээр худалдах гээд байна” гэсэн ойлголттой байгаа?
-Одоо гаргаж байгаа нүүрсээ 10 ам.доллараар үржүүлээд байгаа юм. Одоогийн байгаа нэгж хувьцааны үнэ болох 933 төгрөгийг өсгөх ажлыг л хийнэ шүү дээ. Дотоод ажлаа зохион байгуулалттай хийж байж л үнэ цэнийн асуудал яригдана. Өнөөдрийн байдлаар бид уурхайн аман дээрээс нүүрсээ 70.1 ам.доллараар борлуулж байгаа. Үүн дээр тээвэрлэлтийн зардал болох 14 ам.долларыг нэмэхээр Цагаан хадны боомтод 91 орчим доллараар очиж байгаа юм. Үүнээс цааш Ганц мод руу очиход 119 доллар болох жишээтэй. Үүнээс харахад бид богинын тээвэрт 28-30 ам.доллар төлж байна гэсэн үг. Энэ нь “Эрдэнэс Таван толгой”-н өрсөлдөх чадварыг бууруулдаг. Орж ирэх орлогын дийлэнх нь тээвэрлэлтийн зардалд явж байгаа биз. Тэгэхээр үүнийг бууруулах хэрэгтэй. Төмөр зам барьснаар энэ зардал эрс буурч, улсад үлдэх ашиг нэмэгдэнэ. Нэгж хувьцааны үнийг 933 төгрөгөөс доош оруулж болохгүй. Сайн ажиллаж, нэг ам.долларт хүргэх боломжийг ирэлхийлэх ёстой.
-Засгийн газар, УИХ-аас энэ ордтой холбоотой маш олон тогтоол, шийдвэр гарч байсан. Хүмүүс 39 дүгээр тогтоолыг их ярьдаг. Стратегийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, үйл ажиллагааг нь эрчимжүүлэх зорилготой уг тогтоол шүү дээ. Гэтэл байнга нэмэлт, өөрчлөлт оруулдаг. Их хурлын баталсан шийдвэр хэрэгжих болов уу?
-2010 оны долдугаар сарын 7-нд баталсан уг тогтоолыг сайн болсон гэж ярьдаг. Харамсалтай нь, тогтоолд тусгаж өгсөн үйл ажиллагаа төдийлөн амжилттай болоогүй. Тухайн үеийн улстөрийн нөхцөл байдлаас болоод хэрэгжүүлэх боломж ч хомс байсан болов уу. Ер нь бол “Эрдэнэс Таван толгой”-н асуудал зургаан удаа Их хуралд орж, буцсан. Харин өнөө жил долоо дахиа оруулж, УИХ бидэнд итгэл үзүүлж, тогтоол баталлаа. Засгийн газрын ажлын чиг үүрэг гээд энэ удаагийн тогтоолыг сайн боловсруулсан гэж бодож байгаа. Тогтоолын хүрээнд ажиллах бүхий л боломжийг Их хурлаас өгсөн. Шаардлагатай тохиолдолд зарим нэг хууль, тогтоомжид өөрчлөлт оруулахыг эрхийг ч тус тогтоолд оруулсан. Үүнтэй уялдуулан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зарим хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах чиглэл өгсөн. Ер нь бол Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс олгосон зөвлөмжийн дагуу энэ тогтоол гарч байгаа юм. Ингээд “Эрдэнэс Таван толгой” олон улсын стандартад нийцсэн, ард түмэнд үр өгөөжөө өгсөн төсөл болж байна. Одоо ёстой л нөгөө нойр, хоолгүй зүтгэж, зуны саруудыг алдалгүй бүтээн байгуулалтаа эхлүүлэх төлөвлөгөө гаргаж ажиллана. Ард түмний итгэлийг алдахгүй байна гэдэг сайхан ч их амаргүй. Энэ ажил нэлээд их хүч, зохион байгуулалт, ухаан шаардсан ажил.
-Төмөр замын ажил хэзээ эхлэх вэ?
-Таван толгойг эрчимжүүлэх ажлын томоохон үндэс суурь бол төмөр зам. Тиймээс төмөр замын ажлыг нэн даруй эхлүүлнэ. Мөн гурван чиглэлийн авто зам байна. Сонирхож байгаа ААН-үүдтэй дэд бүтцийн төслүүдэд гэрээ хэлцэл хийж яаралтай ажилд нь оруулна. Ингэснээр хөдөлмөрийн зах зээлд 31 мянга орчим ажлын байр бий болно. Эдийн засагт үзүүлэх шууд болон шууд бус үр нөлөө асар их. Уул уурхайн салбарт орж ирж буй 100 ам.доллар тутмын 90 ам.доллар нь өөр салбаруудаар дамждаг. Тиймээс уул уурхай нь бусад салбараа дагуулан хөгждөг гэдгийг энд тодотгож хэлмээр байна.
Хоёр төмөр замын ажлыг бас энэ зун эхлүүлэхээр ярилцаж байна. Бид 180 хоногт багтаж дотоод ажлаа эхлүүлнэ гэдэгтэй бүрэн итгэлтэй байгаа. Үүний дараа гадаадын хөрөнгийн бирж дээр гарах ажлуудаа үе шаттай хийнэ. Их ажил бий ч “Эрдэнэс Таван толгой” жил орчмын дотор гадаадын хөрөнгийн биржид гарна гэдэгт эргэлзэхгүй байгаа.
-“Эрдэнэс Монгол”-ын 34 хувийг иргэдэд эзэмшүүлэх, худалдах асуудлыг оруулж ирсэн нь сая хэлэлцүүлгээр дэмжигдсэнгүй. Ардчилсан намынхан зөв зүйл дээрээ МАН-ынхан хаалт хийлээ гээд байгаа?
-“Эрдэнэс Монгол” бол стратегийн 16 ордын нэгдэл. Цаашлаад 39 орд орно. Тиймээс Монголын хамгийн том компаниудын нэгдэл байх ёстой. Энэ бол дараагийн бидний хийх ажлын нэг байх нь зайлшгүй. Судалгаа тооцоог гаргаж, орд тус бүрээр үнэлэх нь зөв. 34 хувийг иргэдэд эзэмшүүлнэ гэсэн АН-ын бүлгийн саналыг судалж үзээд эргээд намрын чуулганд танилцуулж болно. Аль аль талдаа зөв. Зөвхөн намын бүлгүүд бус улс орны эрх ашиг учир гишүүд хамтраад намрын чуулганд тогтоолын төсөл боловсруулаад хэлэлцэх боломжтой.
Энэ тулаанд хүчирхэг Белгүүд Азийн төлөөлөл Японыг хялбархан аргалж шөвгийн наймд шалгарна гэж мэргэжилтнүүд таамаглаж байсан. Гэсэн ч салбар бүрт адтай “Самурай”-нууд гэнэтийн бэлэг Белгийг барьц алдуулсан.
Тоглолтын эхний үед Япон нягт хамгаалж Белгид довтлох боломж олгосонгүй. Харин хоёрдугаар үеийн 48 дэх минутад талбайн төвөөс сулхан дамжуулсан бөмбөгийг Ян Вертонген цэвэрлэж чадсангүй. Үүнийг нь Япон довтлогч Харигучи өршөөсөнгүй. Тэргүүлэл авсан Японууд хамгаалж урьтал болгосонгүй. 52 дахь минутад Такаши Ину багийнхаа тэргүүллийг баталгаажуулсан.
Энэ дэлхийнхожигдол амсаагүй байсан Улаан чөтгөрүүдэд гэртээ харих аюул нүүрлэв. Гэхдээ шилдэг бүрэлдэхүүнтэй Оросд газардсан Белгийн шигшээ амар бууж өгөхийг хүссэнгүй. 64 дэх минутад төвийн хамгаалагч Ян Вертонген гоол оруулж “хонгилын үзүүрт гэрэл асаасан”. Тэнцээний гоолын төлөө багтаа хагас хамгаалагч Феллани 74 дэх минутад авчирсан. Энэ үеэс Японы багийн эмх цэгц алдагдаж эхлэв. Тоглолтын үндсэн цаг өндөрлөж шүүгч ийн мэдлийн цаг үргэлжилж байхад Белгийн багийн сөрөг довтолгоог Насер Чадли гүйцээж баатарлаг гавьяа байгуулсан юм.
Белгийн шигшээгийн дараагийн өрсөлдөгч нь Бразилчууд байх болно
О.ДАШНЯМ
Дүүргийн хэмжээнд 3200 гаруй жижиг дунд бизнес эрхлэгчид үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр иргэдийн үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, бүтээгдэхүүн үйлчилгээг гадаад зах зээлд сурталчлан таниулах, дэмжин урамшуулах зорилгоор БНХАУ-ын Хөлөнбуйр аймгийн Хайлаар хотын төв Лүмбэн их дэлгүүрт 2400 м2 худалдааны талбайг байнгын борлуулалтын цэг болгон ашиглах гэрээ байгуулсан. Үүний хүрээнд дүүргийн жижиг дунд бизнес эрхлэгчид бүтээгдэхүүнээ хамгийн хямд зардлаар, татваргүйгээр борлуулах боломж бүрдэж байгаа юм.
Хайлаар хот нь 350 мянга гаруй хүн амтай ч БНХАУ-ын дотоодын жуулчдын тоо их. Тиймээс монгол үндэсний бараа бүтээгдэхүүний эрэлт ихтэй хот юм. Сонгинохайрхан дүүргийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчидирэх 8 дугаар сараас тогтмол худалдаа хийж онлайн захиалга авах боломжтой болж байна.
Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны шинжлэх ухаан, технологийн ололт амжилт, үр дүнг түгээн дэлгэрүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд зорилготой бөгөөд хоёр орны эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээ судалгааны ажлын үр дүнгээр бий болсон шинэ технологи, инновацийн бүтээл, бүтээгдэхүүнийг олон нийтэд хүргэхэд оршино.
Мөн тус үзэсгэлэнд Монгол Улсын талаас 20 компани, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны талаас 20 компани, аж ахуйн нэгж байгууллага оролцох бөгөөд хөдөө аж ахуйн салбар түүн дотроо мал аж ахуй, газар тариалан, уламжлалт анагаах ухааны салбар, соёл урлагийн салбар, мэдээлэл технологийн салбар, арьсан урлагийн салбар зэрэг салбарууд оролцож байгаагаараа онцлог юм.
Үзэсгэлэн 2018 оны 7 дугаар сарын 4-5 өдрүүдэд Улаанбаатар хотноо Монголын Худалдаа Аж үйлдвэрийн Тэнхимийн хурлын заал, үзэсгэлэнгийн танхимд болно.
Монгол Улсын талаас зохион байгуулж буй байгууллага:
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Шинжлэх ухаан технологийн бодлогын газар, Шинжлэх ухааны академи, Шинжлэх ухаан технологийн сан, Их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд
БНХАУ-ын ӨМӨЗО–ны талаас зохион байгуулж буй байгууллага:
Өвөр Монголын Шинжлэх ухаан, технологийн газар, Өвөр Монголын технологийн Зах зээлийн удирдлагын газар, Өвөр Монголын бамбар өндөр технологийн аж үйлдвэрийн төв, Өвөр Монголын Шинжлэх ухаан, технологийн солилцооны төв, Өвөр Монголын Төмөрлөгийн эрдэм шинжилгээний хүрээлэн, Өвөр Монголын Шинжлэх ухаан, технологийн үзэсгэлэнгйин төв, Өвөр Монгол дахь салбар хурлын үйлчилгээ Co., Ltd., Бээжин Zhongguancun Бээжин Мэн Transtech үйлчилгээ Бизнес Инкубатор Co., Ltd Компани
БНХАУ-ын ӨМӨЗО–ны талаас үзэсгэлэнд оролцогчид:
1. Баяннайн Сити Rui’an Сүлжээний Аюулгүй Байдал ХХК
2. Шилийн голийн Abagaqi баялаг эдийн засаг, худалдааны хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дагуу (Бага морь исгэлэн гүүний сүү)
3. Шилийн гол лигийн хээрийн эко үйлдвэрлэл Мал аж ахуйн хүрээлэн (орчин үеийн мал аж ахуй, аж ахуйн технологи систем ашиглах)
4. Ким Baldwin Хөх хот Biopharmaceutical ХХК (шүлхийн вакцин түдгэлзүүлсэн соёл арга)
5. Wuhai Hansen Wine Group ХХК (“3 + 1” олон улсын вино үйлдвэрлэлийн загвар)
6. Өвөр монголын “Минфэн Үрийн” ХХК (төмс, овъёос тариалах тариалалтын суурь)
7. Өвөр Монгол дахь салбар Co., Ltd Zhiyuan литр (тавцан хонь салбарын нийлүүлэлтийн гинжин хэлхээний мэдээллийн менежментийн үйлчилгээ үүл сүлжээний технологи дээр суурилсан)
8. Өвөр Монгол Mengke Beidou Electronic Technology ХХК (Beidou хиймэл дагуулын бэлчээрийн системийг дэмжих жагсаалтын технологи)
9. Өвөр Монголын Мэн Элементал Соёл Аж Ахуйн Үйлдвэр ХХК
10. Өвөр Монголын сэтгэгдэл Монгол Соёл Харилцаа Холбоо ХХК
11. Өвөр Монголын Замби соёлын аж үйлдвэрийн хөгжил ХХК
12. Өвөр Монголын Huaxun Software ХХК
13. Өвөр Монголын Mai мэдээллийн технологи ХХК
14. Өвөр Монголын Гавилын арьсан урлаг
15. Өвөр Монголын Та Соёл хэвлэл мэдээллийн хэрэгсэл ХХК
16. Өвөр Монголын Maixun Culture Media ХХК
17. Гидравлик судалгааны Өвөр Монголын хүрээлэн (усалгаатай газар болон илүү их ус үр ашигтай ус хэмнэх усжуулалтын гол технологийн судалгаа)
18. Өвөр Монголын Рэнчуан цөлийн нөөцийн судалгааны институт (ус нэвтрүүлэх тоосго, хөвөн хот, Breathable цэцгийн сав)
19. Өвөр Монголын Jiuhe Energy ХХК (том салхин турбин, түүний бүрэлдэхүүн хэсгүүдийн R & D)
20. Өвөр Монголын Kun Rui Шилэн Аж үйлдвэрийн ХХК (электрохромик сум тэсвэртэй, шилэн Дижитал хэвлэх, байгаль орчны өөрийгөө цэвэрлэх цагаан толь)
Монголын талаас үзэсгэлэнд оролцогчид:
1. Шинжлэх ухаан, технологийн сан
2. Шинжлэх ухааны паркийн захиргаа
3. Анагаах ухааны хүрээлэн
4. Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэн
5. Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн
6. Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэн
7. Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэн
8. Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн /Гарааны төгс титэм ХХК/
9. Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн
10. Мал эмнэлгийн хүрээлэн
11. Одон орон, геофизикийн хүрээлэн
12. Олон улсын харилцааны хүрээлэн
13. Хими, химийн технологийн хүрээлэн
14. Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн
15. Эм судлалын хүрээлэн
16. АШУҮИС Гарааны Наномед ХХК
17. Монгол Улсын их сургууль
18. Шинэ анагаах ухааны их сургууль
19. Хөдөө аж ахуйн их сургууль
20. Шинжлэх ухаан, технологийн их сургууль
21. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв
22. “Армоно” корпораци
23. Монос косметикс ХХК
24. Хүнсний эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн “САМО” институт
25. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв ТӨААТҮГ
26. Одь тан ХХК
27. Монголын технологи дамжуулах төв
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц. Ням-Осортой ярилцлаа.
-“Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг УИХ дэмжсэн. Ямар компаниудын хичнээн хувийг хувьчлахаар болоод байгаа вэ?
-Үе, үеийн Засгийн газар дөрвөн жилд өмч хувьчлалын хөтөлбөр хэрэгжүүлдэг. Компанийн засаглал, менежмэнт, төрийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх чиглэлийн хүрээнд шаталсан хэд, хэдэн арга хэмжээ авдаг юм. Төрийн өмчит нийт 105 компани байсан. Үүнээс бид үр ашиггүй гэж үзээд таван компанийг татан буулгасан. Дараа нь хоёр ч компанийг шүүхийн шийдвэрээр өрөнд нь шилжүүллээ. Одоо төрийн өмчийн 98 компани бий. Эдгээрээс Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт 86 нь харьяалагдаж байна. Үлдсэн компаниуд Сангийн яам болон “Эрдэнэс MGL” компанид харьяалагдаж байгаа. Гэхдээ Төрийн болон орон нутгийн тухай өмчийн хуулиараа өмч хувьчлалын үндсэн чиглэлийн саналыг авч, нэгтгэж, зохион байгуулах үүрэг нь манай газарт байдаг юм. Энэ асуудлын хүрээнд 2017 оны хоёрдугаар сард Засгийн газарт өмч хувьчлалын үндсэн чиглэлийг оруулсан. Үүнд 40 гаруй компани орсон. Улмаар дахин тандалт, судалгаа хийснээр мөн оны аравдугаар сард дахин өргөн барьсан юм. Гэсэн ч Засгийн газар өөрчлөгдсөн учир энэ оны гуравдугаар сард өргөн барьснаар одоо хэлэлцэгдээд явж буй нь энэ юм. Бид сүүлийн төслөөр 37 компанийн нэрийг Засгийн газарт оруулсан. Мэдээж Засгийн газарт оруулахаас өмнө бүх мэргэжлийн газрууд, салбар яамдаас санал авсан. Засгийн газрын хуралдааны өмнө Засгийн газраас ч гэсэн яамдаас санал авдаг. Засгийн газрын санал авах хүрээнд эрчим хүчний 10 компанийг хувьчлах шаардлагагүй гэж салбарын сайд нь үзсэн. Дулааны II, III, IV цахилгаан станц, Эрдэнэт, Булган, баруун, зүүн бүсийн цахилгаан түгээх станцуудын тодорхой хувийг хувьчилна гэсэн чиглэл байсан. Дээрээс нь нийслэлийг нүүрсээр хангадаг “Шивээ Овоо”, “Багануур”-ын уурхайн 34 хувийг хувьчлах чиглэлийг мөн хассан. Ингээд нийт 27 компанийг хувьчлахаар болсон юм. Хөдөө аж ахуйн бирж, МИАТ-ийг 49 хувь, Мэдээлэл, холбоо сүлжээний компанийг 49 хувь хүртэл, Арилжаа төлбөр тооцооны төв, Төрийн банк, Хөрөнгийн биржийг тус тус 100 хувь хувьчлах юм. Монгол шуудан компанийг 34 хувь хүртэл хувьчилсан. Эдийн засгийн үр ашиг нь сайжирсан тул дахин 49 хувь хүртэл хувьчлахаар саналын төсөл оруулсан. Үлдсэн 20 нь авто зам засвар ашиглалтын компаниуд юм. АЗЗА-ын компаниуд бол 20-30 ажилчинтай, жилд 300-600 сая төгрөгийн орлоготой. Тэр мөнгийг яамнаас зам засварын үед гэрээгээр өгдөг. Эдийн засгийн хувьд багагүй суларсан компаниуд юм.
-Гишүүд өмч хувьчлалыг дэмжиж байгаа боловч үнэлгээ нь алдаатай байгаад шүүмжлэлтэй хандаж байна. Үндсэн чиглэлд тусгасан үнэлгээг хэрхэн тооцсон юм бэ?
-Үнэлгээний асуудал дээр ташаа зөрүү ойлголт гараад байна. Хууль тогтоомжийн тухай хуулийн хүрээнд байгууллагын худалдааны үнийг тавина гээд заачихсан байдаг юм. Бид үнэлээгүй компанийг үнэлж болохгүй, хуулиар хориотой. Тиймээс балансын үнэ тавьсан. Үүнийг л зөв, буруу гээд яриад байгаа юм. Энэ бол зөв. Учир нь энэ чинь балансын л үнэ. Одоо бол бид эдгээр компанийг хувьчлах уу, үгүй юу л гэж асуугаад байгаа. Хувьчилна гээд шийдчих юм бол үнэлдэг. Хувьчлаагүй байхад энэ их компанийг үнэлүүлье гэвэл хувийн хөрөнгийн үнэлгээний газар асар их мөнгө төлнө. Хувьчлах үгүйг нь мэдэхгүй байж компанийг үнэлүүлж мөнгө төлж болохгүй. Тийм санхүүгийн эх үүсвэр төсөв ч байхгүй. Үнэлэхээр болбол Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиар Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авсан хөндлөнгийн үнэлгээний компани хийнэ. Хөндлөнгийн үнэлгээний компани хуулиараа гурван чиглэлээр үнэлнэ. Бизнесийн болон хөрөнгийн үнэлгээ, мөн тухайн компанийн жишиг бүхий компанийн зах зээл дээрх үнэлгээг харгалзан үзнэ. Эдгээрийн дүнгээс тухайн компанийн үнэлгээг тогтоодог. Уг үнэлгээг хөндлөнгийн аудит шалгана. Шалгаад болжээ гэж үзвэл Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлтэйгөөр Хөрөнгийн бирж дээр бүртгүүлнэ. Бүртгүүлж, нэгж хувьцааны үнэ ханш тогтсоны дараа брокер компаниудаар дамжуулж зарна. Тэр үед л үнэ тогтоно. Бид одоо болоогүй үнийг таагаад хэлчих юм бол асуудал гарна шүү дээ. “Та нар 20 тэрбум хүрнэ гэсэн. Энэ чинь зах зээл дээр 10 тэрбум хүрчихлээ. 10 тэрбумыг нь хэн идсэн бэ” гэх хүн олон. Хөрөнгийн бирж дээр ч үнэ савладаг. Мөн бирж дээр Монгол шуудан компанийн нэгж хувьцааг 180 төгрөгөөр үнэлсэн байдаг. Хоёр жилийн дараа гэхэд 580 төгрөг болчихсон байна. Зах зээл дээр л үнэлгээ нь тогтдог. Ордны зүүн талын хэвлэх үйлдвэрийн газрыг анх 7. 2 тэрбум төгрөгөөр үнэлж дуудсан юм. Гэтэл 24 тэрбумд хүрсэн. “Оргил” рашаан сувиллыг долоон тэрбум төгрөгөөр үнэлэхэд дуудлага худалдаагаар 15. 2 тэрбумаар зарсан. Үнэлгээ зах зээл дээр тогтдогийн жишээ нь энэ. Үнэлгээн дээр мэргэжлийн ойлголтын зөрүү их гараад байна. Бид аль болох зөв талаас нь л тайлбарлахыг хичээж байгаа.
Ер нь УИХ шийдэнгүүт хувьчилчихдаг ч юм биш. УИХ шийдвэрлэсний дараа өмч хувьчлалыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Засгийн газрын тогтоол гардаг. Хөрөнгийн биржээр худалдах бэлтгэл ажилд л гэхэд дор хаяж зургаан сар хэрэгтэй. Том компанид нэг жилийн хугацаа ч шаардагдана.
-“Төрийн банкийг Ц. Нямдоржийн бүлэглэлийнхэн авна. Ер нь эдгээр компаниудыг авах эзэд нь тодорхой болчихсон” гэж гишүүд яриад байна л даа?
-Хөрөнгийн биржээр худалдах нь одоогоор дэлхийн хамгийн сонгодог хувилбар байна. Хүн болгонд авах нь нээлттэй. Дэлгүүрт бараа тавиад зарж байгаатай л адил. Үүнийг хардаж болохгүй. Өөр замаар явах юм бол жинхэнэ хулгайн замаар орно. Менежмэнтийн аргаар гэвэл сайн баг бүрдүүлсэн нь, дуудлага худалдаагаар бол хамгийн мөнгөтэй нь л авчихна. Монгол Улс арав гаруй банк зарсан. Бүгдийг нь дуудлага худалдаагаар зарчихсан юм. Энэ Засгийн газар анх удаа л Хөрөнгийн биржээр заръя гэж хэлээд байгаа. Тийм байхад хардаад л хэн авах гээд байна, захиалагч нь хэн юм бэ гээд байх юм. Дээрх 27 компаниас АЗЗА компаниудыг дуудлагаар худалдахаас өөр арга байхгүй. Учир нь жижиг компаниудыг Хөрөнгийн биржээр хүн авахгүй, худалдагдахгүй. Дампууралд хүрэх эрсдэлтэй. Төрийн АЗЗА компаниудыг хувьчилчихаар хайрган болон хар замууд эзэнгүй болно гэсэн саналыг зарим гишүүд хэлж байна лээ. Үгүй юм аа. Төрийн бүх байшинг засах шаардлагатай. Түүнийг засах төрийн барилгын компани гэж байхгүй. Хувийн компанид мөнгөө өгөөд л хийлгэдэг. Зам ч гэсэн түүнтэй адил. Төр мөнгийг нь өгөөд л хийлгэчихэж болно.
-Хөрөнгийн биржээр худалдахаар мөнгөгүй иргэд авч чадах уу. Бас л өнөөх мөнгөтэй хэсэг бүлэг нь аваад эзэмшчих юм биш үү?
-Засгийн газар төлөвлөгөө гаргаад, энэ жил арван хувийг нь хувьчилна гэх зэргээр ажлыг нь эхлүүлээд үе шаттай явж байж болно. Хөрөнгийн зах зээл дээр нийт иргэдийн 20-иод хувь нь тоглоод байдаг юм. Ер нь дэлхийн жишигт ч тийм. Тиймээс эхлээд тэр 20 хувийн дөрөв юм уу, таван хувийг татаад оруулчих хэрэгтэй. Бүгдийг нь мөнгөтэй болохыг хүлээвэл хугацаа алдана. Бүх л иргэн мөнгөгүй гээд хараад байж болохгүй. 7. 5 их наядын хадгаламж байгаад байдаг юм. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлээд зөв явах юм бол хадгаламжид байгаа 7. 5 их наядаас гарч ирэх магадлалтай.
Түүнчлэн хөрөнгийн биржээр нээлттэй зарж байгаа хувьцааг нэг хэсэг хүмүүс багцалж авах тохиолдол байдаг. Түүнд хязгаарлалт тавьж болдог. УИХ-аас тогтоол гаргахдаа “Эдийн засгийн ашиг сонирхол бүхий нэг бүлэглэл нийт компанийн тодорхой хувийг л авна. Хэрэв заасан хэмжээнээс илүү авах юм бол төр шууд хурааж авна” гээд заагаад өгчихөж болно шүү дээ. Тэр эрх нь УИХ-д байгаа. Хөрөнгийн бирж дээр “Макс”, “Монгол базальт” зэрэг хувийн компаниуд хөрөнгө босгосон байна лээ. Үнэхээр асуудалтай юм бол хувийнхан хөрөнгөө оруулахгүй шүү дээ. Хувийнхан орж байна гэхээр Хөрөнгийн бирж шилдэг нь биш юм аа гэхэд зөв зам л байж таараа. Хөрөнгийн биржээр худалдаалах нь ард түмэнд хамгийн боломжтой, хэрэгтэй хувилбар нь.
-МИАТ, Хөрөнгийн бирж, Төрийн банк зэргийг ашигтай ажиллаад эхлэхээр хувьчлах гэлээ гээд байна. Яг одоо хувьчлах цаг нь мөн үү?
-Миний хувьд 2016 оны есдүгээр сард ажил авсан. Төрийн өмчийн 105 компанийн 75 хувь нь алдагдалтай. 506 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан. 2017 оны хоёрдугаар сард өмчлөх тухай санал оруулахад “Бүх компанийг үнэгүй байхад худалдах гэлээ” гээд бөөн хэл ам болсон. Улмаар Засгийн газар “Компаниудын үнэ цэнийг өсгө. Өндийлгөж байгаад хувьчлалын тухай ярья” гэсэн үүрэг өгсөн. Ажил авснаас жилийн дараа гэхэд нийт компаниудын 72 хувь нь ашигтай, нийт ашиг нь 880 тэрбум төгрөг болсон. Нийтдээ 10. 8 их наядын өртэй байснаас 3. 9 их наяд болж буурсан. Өндийлгөж ирчихээд одоо хувьчлах гэхээр ашигтай болохоор нь хувьчлах гэлээ гээд байгаа юм. Туйлшрал байгаа биз. Үзэл бодлын туйлшралтайгаар төрийн ажлыг ярьж болохгүй л дээ. Харин МИАТ-ийн хувьд хоёр асуудал байгаа юм. Салбарын зүгээс хувьчилна гэдгээ хэлж байна. Гэхдээ гадны жишгээс харахад монополь зах зээлийг хувьчилдаггүй. Тэгэхээр МИАТ дээр болгоомжтой хандах нь зүйтэй. МИАТ бол түүхэндээ байгаагүйгээр буюу анх удаа 50 тэрбумын ашигтай ажилласан.
Заавал энэ компаниудыг оруулж ирлээ гээд байгаа юм. 2015 онд Засгийн газраас УИХ-ын 60 дугаар тогтоолыг гаргаад АЗЗА-ын компаниудаас бусад дээрх компаниудыг хувьчлахаар оруулсан. 2016 онд ч мөн адил. Өмнө нь УИХ-ын тогтоол хоёр удаа гарчихсан байсан гэсэн үг. Иймд бид УИХ-ын тогтоолын дагуу шинэ Засгийн газрын хүрээнд хувьчлах уу гэж дахин асуугаад байгаа л хэрэг. Тэгэхээр гишүүд маань өмнөх шийдвэрүүдээ гаргаж харах, унших хэрэгтэй байна.
-Хувьчилснаар ямар давуу тал бий болох юм бэ?
-Энэ том компаниудад олон нийтийн оролцоо, хяналтыг оруулснаар компанийн засаглал, үр ашиг сайжирна. Удирдлага томилдог, орон тоо бий болгодог, бараа шахдаг, эдийн засгийн ямар ч үр ашиггүй хөрөнгө оруулалт хийдэг үйлдлүүд зогсоно. Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай хуулийг Засгийн газарт хоёр дахиа оруулаад байгаа. Компанийн удирдлага, орон тоог дээрээс нь шийддэгийг болиулах тогтолцоог оруулаад өгөөч гэж гуйгаад байгаа юм. Улс төрөөс хараат бус тусгай хуулийн зохицуулалттай л болгочих хэрэгтэй байна.
-Авто зам засварын ашиглалтын компаниудын ажилчид ажилгүй болох нь гэх хүмүүс байсан. Энэ тухайд?
-АЗЗА-ын компаниудын ажилчдыг “Та нарыг бөөнөөр нь халах нь” гэж турхирч байгаа хүмүүс бий. АЗЗА-ын компаниудыг даргаар суух, өөрийнхөө хүнийг ажиллуулах сонирхолтой хүмүүс л тэгж улс төр хийгээд байгаа юм. Хэрэв хувийн хэвшилд очих юм бол хөрөнгө оруулалт хийгээд л яваад өгнө. Хувийн хэвшлийнхэн “Манайх тэр замыг тавьж чадахгүй. Хайрган замыг сайжруулж чадахгүй” гэж хэлэхгүй. “Ажил байна уу. Хийе” л гэж асууна. Яахав хувьчлахгүй байя гэвэл болно л доо. Төр хөрөнгө оруулалт хийе, сайжруулаад аваад явъя гэвэл болохгүй зүйл байхгүй. Гэхдээ саяхан л гэхэд авто замын тоног төхөөрөмжийн түрээсийн компанийг татан буулгасан. Мөн л АЗЗА-ын компаниудтай адилхан өрөнд орчихсон байсан. 670 гаруй сая төгрөгийн өрийг нь төр төлсөн. Тэгэхээр ажилчдыг турхираад байгаа хүмүүс солигдоод яваад өгнө. Өр үүснэ, төр л хариуцна.
-Өмч хувьчлалаар төсөвт хичнээн хэмжээний мөнгө суух вэ?
-Олон жил төсөвт мөнгө оруулна гэж хувьчилж байсан. Энэ удаагийн хувьчлал тийм биш. Төрийн банкийг худалдагдвал 300 гаруй тэрбум төгрөгт хүрнэ гэж бодож байна. Төсөөллөөр хэлэхэд шүү дээ. Хуучин Сангийн яамны ийм төсөөлөл, тооцоолол ч байсан юм. Үүний 75 тэрбумыг нь төсөвт суулгана гэж тооцож байсан юм билээ. Өнөөх худалдах нь гэж яриад байгаа 75 тэрбум төгрөг гэдэг чинь тэр. Тухайн үед дуудлагаар худалдах гэж байсан. Одоо Хөрөнгийн биржээр явах гэж байгаа учир үнэлгээ нь тусдаа хуулиар явна.
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Тамгын газраас хэвлэлийн бага хурал зохион байгуулж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн боловсруулалтын явц байдлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Хэвлэлийн хуралд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Д.Тогтохсүрэн, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн ажлын дэд хэсгийн гишүүд оролцлоо.
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан энэ үеэр хэлсэн үгэндээ, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг 2017 оны 05 дугаар сарын 25-нд Улсын Их Хурлын даргын 78 дугаарр захирамжаар байгуулагдсан. Энэ үндсэн дээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлагын талаар олон нийт, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгуулагууд, эрдэмтэн судлаачдыг оролцуулан хэд хэдэн үе шаттай хэлэлцүүлэг, судалгаа хийж, асуудал тус бүрт ажлын дэд хэсгүүд ажиллан долоон чиглэлээр 42 заалт бүхий төслийг боловсруулаад байна. 1992 онд батлагдсан ардчилсан шинэ Үндсэн хуульд 2000 онд нэмэлт, өөрчлөлт оруулснаас хойш Улсын Их Хурлаас 2010 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг баталсан. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай асуудал сүүлийн гурван удаагийн парламент дамжин яригдаж, тусгай комисс, ажлын хэсгүүд гарч ажиллан тодорхой судалгаа тооцоо хийж, энэ үндсэн дээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй нөхцөл шаардлага байна гэж үзсэн байдаг. Улсын Их Хурлын гишүүдээс ч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг 2000, 2011, 2012, 2015 онуудад өргөн мэдүүлж ирсэн байдаг.
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд “Улсын Их Хурал, хууль санаачлагч нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл ажиллагааны бүх үе шатанд ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах”, “бодитой, ил тод байх” гэж заасны дагуу 2017 оны 4 дүгээр сард Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар Зөвлөлдөх санал асуулгыг анх удаа зохион байгуулсан. Улмаар “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай” Улсын Их Хурлын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 39 дүгээр тогтоол гарч, уг тогтоолын дагуу Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг улс, орон нутгийн хэмжээнд олон нийтээр хэлэлцүүлэх ажлыг 2017 оны 7-9 дүгээр сард орон даяар зохион байгуулахад 320 мянга гаруй иргэн саналаа ирүүлснийг Тамгын газрын ажилтнууд нэгбүрчлэн бүртгэж цахим мэдээллийн сан үүсгэн архивын нэгж болгоод байна. Энэ нь Улсын Их Хурлын нэг бүрэн эрхийн хугацаанд хийдэг ажилтай дүйцэхээр томоохон ажил болсон.
Нэгтгэн боловсруулсан энэ бүх мэдээллийг ажлын дэд хэсэг судалж нягталсны үндсэн дээр хамгийн их давтамжтай саналуудад тулгуурлан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулаад байна.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл нь төрийн эрх мэдлийн хуваарилалтыг оновчтой болгох, засаглал хоорондын тэнцвэрийг хангах, бүх шатанд хариуцлага сахилга, хяналтыг дээшлүүлэх, орон нутгийн бие даасан байдлыг сайжруулах зэрэгт үндсэндээ чиглэж байгаа. Энэ үндсэн дээр Улсын Их Хурлын болон гишүүний үүрэг, хариуцлагыг сайжруулах үүднээс Улсын Их Хурлын гишүүн санал хураалтад өөрийн биеэр оролцох, бусдын өмнөөс санал өгөхийг хориглох, хүндэтгэх шалтгаангүйгээр хуралдаанд оролцоогүй гишүүнийг эгүүлэн татах, Улсын Их Хурлын гишүүний насны доод хязгаарыг 30 болгож нэмэх, ээлжит чуулган чуулах өдрийн тоог нэмэгдүүлэх, хууль батлагдах саналын босгыг өндөрсгөх заалтуудыг оруулсан байгаа. Мөн Улсын Их Хурал хяналтын чиг үүргээ үр нөлөөтэй хэрэгжүүлэх нөхцөлийг хангаж үүднээс тодорхой асуудлууд дээр Хянан шалгах түр хороог байгуулж болохоор төсөлд тусгалаа.
Төрийн эрх мэдлийн хуваарилалтыг тэнцвэржүүлэх хүрээнд Улсын Их Хурал зарим бүрэн эрхээсээ татгалзаж Засгийн газрын танхим бие даан ажиллах нөхцөлийг бүрдүүлж Ерөнхий сайд өөрийн танхимын сайд нарыг томилж, чөлөөлж, огцруулах, Улсын Их Хурлаар улсын төсөв хэлэлцэж батлах явцдаа Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр зардлын шинэ төрөл үүсгэх, зарлага нэмэгдүүлэхийг хориглох, Улсын Их Хурлын бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох, Засгийн газрын танхим дахь Улсын Их Хурлын гишүүдийн тоог хязгаарлахтай холбогдсон заалтуудыг орууллаа.
Шүүх засаглалын хараат бус байдлыг баталгаажуулахад анхаарч шүүгчийн томилгоог ил тод болгох, хариуцлага тооцох тогтолцоог бий болгох, үүний зэрэгцээ шүүх нь засаглалынхаа хувьд аль ч институциэс хараат бус бие даасан байх заалтууд төсөлд тусгагдсан. Тухайлбал, Ерөнхийлөгч шүүгчийг батламжлахаас татгалзах үндэслэлээ олон нийтэд мэдээлэх, бүх шатны Ерөнхий шүүгчийг шүүгчид өөрсдөө сонгох, шүүгчээр ажиллах хугацаа, насны доод хязгаарыг тогтоосноос гадна Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүн, эрх зүйн байдал, чиг үүргийг тодорхой болгож, улс төрийн нөлөөллөөс ангид байлгахаар тусгалаа.
Мөн улс төрөөс хараат бус төрийн албыг бэхжүүлэхийн тулд төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаан, сонгуулийн үр дүнгээс хамааран ажлаас халахгүй байх, томилгоо хийх, албан тушаалд дэвшүүлэхдээ ил тод, шударга байдлыг хангаж, чадахуйн зарчим баримтлахыг Үндсэн хуулиар баталгаажуулахаар зааж өгсөн. Түүнчлэн Улс төрийн намын үйл ажиллагаа, санхүүжилт, хариуцлагыг тодорхой болгож, сонгуулийн тогтолцоог хуулиар тогтоохоор төсөлд тусгалаа.
Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох хүрээнд улсын чанартай хотыг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, аймгийн төвүүдийг орон нутгийн харьяалалтай хот болгохоор тусгасан. Сум дүүрэг, орон нутгийн харьяалалтай хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд улс төрийн намуудын оролцоог хязгаарлаж, зөвхөн иргэн өөрийн нэрийг дэвшүүлж өрсөлдөхөөр, аймаг, нийслэл, хот (улсын чанартай), баг хорооны Засаг даргыг дээд шатны Засаг дарга нь томилох бол сум, хот (орон нутгийн харьялалтай) дүүргийн Засаг даргыг тухайн нутаг дэвсгэрийн иргэд сонгохоор зохицуулж байгаа. Түүнчлэн орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын эрх мэдлийн хяналт, тэнцлийг хангахын тулд Засаг даргыг огцруулах нөхцөлийг төсөлд тодорхой зааж өгсөн гэдгийг дурдлаа.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах ажлын хэсэг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайд, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл, Хүний эрхийн Үндэсний комисс, Монголбанк, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс саналыг нь авахаар төслөө илгээгээд байгаа аж. Энэхүү төслийг Улсын Их Хурлын нэр бүхий 67 гишүүн дэмжиж, хууль санаачлагчаар гарын үсгээ зурсан байна.
Мөн төслийг Улсын Их Хурал дахь хоёр намын бүлгийн хурлаар хэлэлцүүлж, санал солилцжээ. Дээрх эрх бүхий субъектүүд хуульд заасны дагуу саналаа ирүүлсний дараа ажлын хэсэг төслийг дахин авч үзэж, нягталж боловсруулан өргөн барихад бэлтгэх юм байна.
Хэвлэлийн хуралд оролцсон Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт төрийн бодлого тодорхой, баталж гаргасан хууль тогтоомж, бодлого шийдвэр нь хэрэгждэг байх ёстой. Мөн Улсын Их Хурал, түүний гишүүд хариуцлагатай, сахилгатай, ёс зүйтэй, түүнийгээ дээдэлдэг, бас өөрийн дэгтэй, түүнийгээ мөрддөг байх шаардлагатай. Энэ үүднээс төрийн эрх мэдлийн хуваарилалтыг оновчтой болгох, засаглалын тогтолцоог боловсронгуй болгож хяналт, тэнцвэрийг хангах шаардлага зүй ёсоор тулгарч байгаа тул энэ чиглэлээр Үндсэн хуульд зохих нэмэлт, өөрчлөлт оруулах нь чухал байна гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ.
Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
10.00 цагт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Мишээл” салбарт Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэсээс “Ажилтай-Орлоготой иргэн” ажлын байрны өдөрлөг зохион байгуулна. Утас: 99154003
10.00 цагт ЦССҮТ-д “Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр” арга хэмжээ зохион байгуулна.
11.00 цагт Төрийн ордны “Жанжин Сүхбаатар” танхимд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нар 2018 оны хаврын ээлжит чуулганы үр дүнгийн талаар мэдээлэл хийнэ.
11.30 цагт Төрийн ордны “Жанжин Сүхбаатар” танхимд УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын тайлангаа танилцуулна.
Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын хүрээнд:
09.00 цагт Туушин зочид буудалд “Хурлын өмнөх оролцогч талуудын зөвлөлдөх уулзалт” болно.
16.00 цагт Төрийн ордонд Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын албан ёсны нээлт болно.
18.00 цагт Төрийн ордонд Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.