Categories
мэдээ улс-төр

Шадар сайд Ө.Энхтүвшин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын төлөөлөгчтэй уулзлаа

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр Азийн сайд нарын II бага хуралд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг төлөөлөн хүрэлцэн ирсэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлаарх Тусгай төлөөлөгч Мами Мизуторитой уулзлаа.

Шадар сайд “Монгол Улс Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага
хурлыг эх орондоо зохион байгуулж байгаа нь нэр төрийн хэрэг” хэмээгээд, бүс
нутгийн 50 гаруй орны 3000 шахам төлөөлөгч оролцож буй тус бага хурлыг зохион
байгуулахад НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар болон түүний бүсийн
төвөөс үзүүлж буй тусламж, дэмжлэгт талархлаа илэрхийлэв. Түүнчлэн Монгол Улс
НҮБ-ын гишүүн орны хувьд Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхээр
“Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”, “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”
зэрэг хөгжлийн томоохон баримт бичгийг батлан хэрэгжүүлж байгааг дурдлаа.
Монгол Улсын Тогтвортой хөгжлийн хүрээний үйл ажиллагааны дотор “Сендайн үйл
ажиллагааны хүрээ”, түүнийг хэрэгжүүлэх Азийн бүсийн төлөвлөгөөний
хэрэгжилтэд онцгой анхаарал хандуулж, гамшгийн удирдлагын тогтолцоог
боловсронгуй болгох, хууль эрхзүйн орчныг шинэчлэх, гамшгийн эрсдэлийг
бууруулахад олон нийтийн оролцоог дэмжих чиглэлээр нэлээдгүй ажил хийснийг
тэмдэглэн хэлэв. Тухайлбал, 2017 онд УИХ-аас Гамшгаас хамгаалах хуулийг
шинэчлэн найруулж, үндэсний болон орон нутгийн түвшний гамшгийн эрсдэлийг
бууруулах тогтолцоог бүрдүүлж, оролцогч талуудын үүрэг, оролцоог тодорхойлж,
онцгой байдлын албаны хүмүүсийн эрхзүйн байдал ба нийгмийн халамжийг сайжруулж,
гамшгийн үеийн хүмүүнлэгийн тусламжийн зохицуулалтыг боловсронгуй болгох зэрэг
шинэ заалтыг тусган батлуулсан билээ. 2018 онд Засгийн газраас “Гамшгийн
эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээг Монгол Улсад хэрэгжүүлэх
дунд хугацааны стратеги”, улмаар эл стратегийг хэрэгжүүлэх арга хэмжээний
төлөвлөгөөг тус тус баталсан. Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд төр,
хувийн хэвшлийн болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах,
бодлогын зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус Гамшгийн эрсдэлийг
бууруулах үндэсний зөвлөл байгуулав. Монгол Улс НҮБ-ын “Гамшигт тэсвэртэй,
аюулгүй хот” хөтөлбөрт бүх хот нь нэгдсэн Азийн анхны орон болсон билээ.

Шадар сайд Ө.Энхтүвшин гамшгийн эрсдэлийг бууруулах Монгол Улсын
стратегийг “Гамшиг болсны дараа хохирлыг арилгахад бус, харин урьдчилан
сэргийлэхэд чиглэнэ” хэмээн тодорхойлоод, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын
төлөөлөгчид хандан Азийн сайд нарын бага хурлаас үр ашигтай, өндөр ач
холбогдолтой үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах
асуудлаарх Тусгай төлөөлөгч Мами Мизутори “Тогтвортой хөгжлийг хангахын тулд
гамшгийн эрсдэлийг бууруулах нь” сэдэвт энэ удаагийн Азийн сайд нарын бага
хурал Монгол Улсад зохион байгуулагдаж байгаа нь дээрх хүчин чармайлтын илрэл
гэдгийг онцлов. Тэрбээр Сендайн хүрээний хэрэгжилтийг бүс нутгийн түвшинд
эрчимжүүлэх, бүс нутгийн орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд онцгой ач
холбогдол бүхий үр дүн гарна гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа хэлэв.

Монгол Улсын Шадар сайд тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 16-18-нд Нью-Йорк
хотноо болох Тогтвортой хөгжлийн асуудлаарх Улс төрийн өндөр түвшний уулзалтын
Сайд нарын сегментэд оролцон, НҮБ-ын гишүүн орнуудад Азийн сайд нарын II бага
хурлын дүнг илтгэх, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Монгол Улсын ололтыг
хуваалцах, тэднээс туршлага судлахаар зэхэж буйд баяр хүргэн, амжилт
хүслээ гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

ЭЕШ-ын монгол хэл, бичгийн хичээлээр18 хүүхэд 800 оноо авчээ

Элсэлтийн Ерөнхий Шалгалт орон даяар өнгөрсөн сарын 20-нд дууссан билээ. Шалгалтын дүн гарч Боловсролын үнэлгээний төвийн сайтад нийтлэгдсэн байна. ЭЕШ-ын хариугаа ЭНД дарж харна уу.

Үүнээс эх хэлний шалгалтын дүнг авч үзэхэд, хамгийн дээд оноо болох 800 оноог Улаанбаатар хотын гурван хүүхэд авсан бол орон нутагт нийт 15 хүүхэд авчээ.

Тодруулбал, Говь-Алтай аймагт гурав, Сэлэнгэ аймагт хоёр, Дорноговьд нэг, Увс аймагт хоёр, Хэнтийд гурав, Хөвсгөлд гурав, Өвөрхангай аймагт нэг хүүхэд байна.

Элсэгчид Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг тогтоох, сайжруулах зорилготойгоор монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгөх ёстой байдаг.

Энэ онд 43,846 шалгуулагч ЭЕШ-д бүртгүүлснээс 87 хувь нь буюу 37,950 нь энэ жилийн төгсөгч, 5,896 нь өмнөх оны төгсөгч байсан юм.

Categories
мэдээ нийгэм

“Бид давтагдашгүй” фэйшн шоу болно

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн амьдралд оролцох идэвхийг нэмэгдүүлэх, тэдний гоо зүйн үнэлэмжийг дээшлүүлэх, нийгмийн бусад гишүүдийн хандлагыг өөрчлөх зорилго бүхий “Бид давтагдашгүй” фэйшн шоу энэ сарын 07-нд “Blue sky” зочид буудалд болно.

“Бид чадна” ТББ-аас тэргэнцэртэй иргэдийн загварын шоуг өмнө нь зохион байгуулж байсан бөгөөд энэ удаад мэргэжлийн загвар өмсөгчид болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулж буйгаараа онцлог юм.

Шоуг санаачлагч “Бид чадна эм эн нэгдэл” ТББ, дэмжигч байгууллагаар Хүүхэд залуучуудын хөгжлийн “Эра” төв, санхүүгийн дэмжигчээр БСШУСЯ ажиллаж байгаа юм.

Дэлхийн олон оронд “Wheel chair fashion show” буюу тэргэнцэртэй иргэдийн загварын шоу тогтмол зохиогддог аж.

Categories
мэдээ нийгэм

Азийн Сайд нарын II бага хурал өнөөдөр эхэлнэ

“Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийг хамгаалах нь” уриатай Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн Сайд нарын II бага хурал өнөөдөр эхэлнэ.

Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, ОБЕГ-тай хамтран энэ сарын 03-06-нд Улаанбаатар хотноо зохион байгуулж буй уг хурал өнөөдөр 09.00 цагт Туушин зочид буудалд болох “Хурлын өмнөх оролцогч талуудын зөвлөлдөх уулзалт”-аар эхлэх юм. Харин албан ёсны нээлт 16.00 цагт Төрийн ордонд болно.

Тус хуралд Ази, Номхон далайн бүс нутгийн 50 гаруй улс, орны өндөр дээд хэмжээний төлөөлөгчдөөс гадна олон улс, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, хувийн хэвшлийн байгууллага болон хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эрдэмтэн судлаачид зэрэг 3000 гаруй зочин төлөөлөгч оролцоно. Хурлаар “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийн эхний 3 жилийн Азийн бүсийн төлөвлөгөөний хэрэгжилт, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр бүс нутгийн улс орнуудын хүлээсэн үүрэг, амлалт, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний ахиц дэвшлийг дүгнэх юм. Мөн “Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг хэрэгжүүлэх Азийн бүсийн 2018-2020 оны төлөвлөгөө” “Улаанбаатарын тунхаглал”, “Оролцогч талуудын сайн дурын мэдэгдэл” зэрэг баримт бичгүүдийг батална. Энэ үеэр Монгол Улсын Засгийн газраас “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц, хот суурин газрын гамшигтай тэмцэх чадавхыг сайжруулах нь”, “Гамшгийн эрсдэлийг бууруулахад төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь” гэсэн хоёр онцлох сэдвээр хуралдааныг удирдан зохион байгуулах аж.

Categories
мэдээ нийгэм

“МӨНХ ТЭНГЭР” Монгол туургатны соёл, урлагийн их наадам болно

БСШУС-ын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хамтарсан шийдвэрээр “Мөнх тэнгэр” Монгол туургатны соёл, урлагийн их наадмыг энэ сарын 6-наас 8-ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Наадамд Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО, Шиньжян Уйгарын Өөртөө засах орон, Хөх нуур муж, ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, Алтай, Сахагийн Бүгд найрамдах улсын нийт 200 гаруй төлөөлөгчид, Монгол Улсын мэргэжлийн урлагийн уран бүтээлчид болон соёлын биет бус өвийн өвлөн тээгчид, соёлын үйлдвэрлэл эрхлэгчид оролцоно.

Монгол туургат угсаатан өдгөө хэд хэдэн улсын хилийг дамнан хүн, байгалийн төгс зохицол болсон соёлын өв, ёс заншил, уламжлалт урлагийн төрөл зүйлсээ хойч үедээ өвлүүлсээр оршин байна. Дэлхий дахин даяаршиж олон соёл сүлэлдэн, зарим нь устан үгүй болж, сарнин задарч, мөн нэгдэн нягтарч буй энэ үед Монгол туургатны соёлын өв, уламжлал, орон зайг хадгалж үлдэх, өвлүүлэн уламжлуулах, сурталчлан таниулах нь Монгол туургатан хэн бүхний ариун үүрэг хэмээх үзэл санаанд тулгуурлан уг наадмыг зохион байгуулж байна. Соёлд суурилсан шинэ ололтоос харилцан суралцах, аялал жуулчлал, эрдэм шинжилгээ, танин мэдэхүйн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд энэхүү наадам ач холбогдлоо өгөх юм.

“Мөнх тэнгэр” наадмын хүрээнд монгол туургатны соёл, урлагийн олон төрөл зүйлийг сурталчилсан нэгдсэн үйл ажиллагаа, “Монгол өв соёл-Тогтвортой хөгжилд” эрдэм шинжилгээний хурал, соёлын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, уран бүтээлчдийн нэгдсэн тоглолтууд явагдана.

Наадмын хөтөлбөр:

2018.07.06

09:00 “Монгол өв соёл-Тогтвортой хөгжилд” Эрдэм шинжилгээний хурал

Гадаад харилцааны Яамны “Зөвшилцөл” танхимд

09:00-21:00 Соёлын бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа

Д.Сүхбаатарын талбайд

10:00-16:00 Монголын их хаадын үзэсгэлэн

Төрийн түүхийн музейд

21:00 Нээлтийн ёслол

Д.Сүхбаатарын талбайд

2018.07.07

09:00-21:00 Соёлын бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа

Д.Сүхбаатарын талбайд

10:00-16:00 Монголын их хаадын үзэсгэлэн

Төрийн түүхийн музейд

21:00 Этно урлагийн тоглолт – Үндэсний хувцасны загварын шоу

Д.Сүхбаатарын талбайд

2018.07.08

09:00-21:00 Соёлын бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа

Д.Сүхбаатарын талбайд

10:00-16:00 Монголын их хаадын үзэсгэлэн

Төрийн түүхийн музейд

21:00 Хаалтын ёслол

Д.Сүхбаатарын талбайд

Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд хууль бусаар алт олборлож байсан иргэдийн техник хэрэгслийг нь хураажээ

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт хэсэг иргэн хууль бусаар алт олборлож байна гэсэн мэдээллийн мөрөөр тус сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Энхтүвшин, хэсгийн төлөөлөгч Н.Эрдэнэбаатараар ахлуулсан ажлын хэсэг Хүдэр гол дагуух газруудыг өнгөрсөн амралтын өдрүүдэд шалгаад, хэд хэдэн ноцтой зөрчил илрүүлжээ.

Тодруулбал, иргэн Н.Монгол алт хэмээх газарт Хүдэр гол дотор “Huyndai IC-33600”, “Huyndai IC-73000” маркийн экскаватор, бусад тоног төхөөрөмж ашиглан хууль бусаар алт олборлож байсныг таслан зогсоож, техник хэрэгслийг нь хураажээ.

Мөн Улаанбаатар хотын харьяат иргэн А,Н,У нар Хүдэр болон Цагаан Зүрийн голд “Doosan” маркийн экскаватор ажиллуулан, олборлолт явуулж байсан гэнэ. Сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн хэлж буйгаар иргэд жижиг оврын экскаватор ашиглан алт хууль бусаар олборлох нь ихэссэн бөгөөд өнгөрсөн сард гэхэд ийм зөрчил зургааг илрүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

ЭЕШ-ын батламж хуудас 2.5 жилийн хугацаанд хүчинтэй

ЭЕШ-ын дүн оноо, жагсаалтыг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mn цахим хуудсанд байршуулан нийтэд зарлана. Шалгуулагч шалгалтын дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар, болон нууц код ашиглан www.eec.mn цахим хуудаснаас үзэж болно. Шалгуулагчдын батламж хуудсыг 07-р сарын 05-наас өмнө тарааж дуусна.

Улаанбаатар хотын энэ онд төгссөн шалгуулагчид ЭЕШ-ын болон МХБШ-ын дүнгийн батламж хуудсыг өөрийн төгссөн сургуулийн захиргаанаас томилогдсон багш, ажилтнаас хүлээн авна.

Орон нутгийн шалгуулагчид ЭЕШ-ын болон МХБШ-ын дүнгийн батламж хуудсыг аймгийн Боловсрол, Соёл,Урлагийн Газрын ЭЕШ хариуцсан ажилтнаас авна.

Улаанбаатар хотод шалгалт өгсөн өмнөх оны шалгуулагч ЭЕШ-ын болон МХБШ-ын дүнгийн батламж хуудсыг БҮТ-ийн олон нийттэй харилцах ажилтнаас хүлээн авна.

ЭЕШ-ын болон МХБШ-ын дүнгийн батламж хуудас нь шалгалт өгснөөс хойш 2,5 жил /30 сар/-ийн хугацаанд хүчин төгөлдөр байна. Үрэгдүүлсэн тохиолдолд дахин олгохгүй бөгөөд БҮТ-д хандан дүнгийн тодорхойлолт авч болно.

Categories
мэдээ нийгэм

Буудалд хэрцгийгээр амиа алдсан 13 настай охины дурсгалд зориулж хөшөө бүтээнэ

Буудалд хэрцгийгээр амиа алдсан 13 настай охиныг өдөр бүр сануулж байх зорилгоор хөшөө бүтээж байгаа юм байна. Тус хөшөө нь хүүхдийн хүчирхийллийн эсрэг билэгдэл болж сүндэрлэх монгол охины хөшөө ажээ. Одоогийн байдлаар цутгалтын ажил дутуу байгаа тухай холбогдох хүмүүс мэдээлж буй юм.

Эргэн сануулахад, өнгөрсөн долоо хоногт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-д “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” гэх үндэслэлээр уг хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан юм. Шүүгдэгч нар хохирогч охинд архи уулган согтоож, согтуурсны улмаас биеэ хамгаалах чадваргүй байгааг далимдуулан хурьцал үйлдсэн, улмаар хохирогч нь архины цочмог хордлогын улмаас нас барсан үйл баримт тогтоосон билээ.

Categories
мэдээ нийгэм

Дорноговь аймагт “соёлын биет бус өвийн их наадам”-ын анхан шатны шалгаруулалт боллоо

Дорноговь аймаг “Соёлын биет бус өвийн их наадам”ын анхан шатны үзлэгийг аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/484 тоот захирамжийн дагуу 06 дугаар сарын 20-25-ны өдрүүдэд сум бүр өөрийн сум, багууддаа зохион байгуулж, шалгарсан шилдэг өвлөн уламжлагчдын наадмыг 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр “Саран хөхөө театр”-т амжилттай зохион байгууллаа.

Наадамд Даланжаргалан, Иххэт, Өргөн, Сайхандулаан, Хөвсгөл, Эрдэнэ, Сайншанд зэрэг 7 сумдын 41 өвлөн уламжлагчид соёлын биет бус өвийн таван ай савын 25 төрлөөр оролцлоо.

  • Тэргүүн байранд Ардын язгуур урлаг ай сав-Морин хуур хөгжмөөр Х.Болдбаатар /Сайхандулаан сум/,
  • Дэд байранд Эх хэл болон аман уламжлал, илэрхийллүүд ай сав- Магтаал, тууль төрлөөр МУСТА, Төрийн өргөмжлөлт ерөөлч магтаалч З.Чулуунбаатарын шавь нар Г.Мөнхзаяа, Х.Данзанравжаа, О.Ууганбаяр нар,
  • Гутгаар байранд Ардын язгуур урлаг ай сав- Ардын цохилуур хөгжмийн төрөлд өөрийн хийсэн чулуун хөгжмөөр Д.Дөлгөөн /Сайхандулаан сум/,
  • Тусгай байранд Эх хэл болон аман уламжлал, илэрхийллүүд ай сав- Тонгоргон зөрүү яриагаар Т.Улаан-Өвгөн /Сайншанд сум/, тэмээний магтаалаар С.Лхагвасүрэн /Сайншанд сум/ нар тус тус шалгарлаа.

Шагналт байруудаас гадна онооны эрэмбээр дараагийн 10 оролцогч уламжлалт гар урлал, байгалийн болон сав ертөнцийн тухай мэдлэг, арга ухаан ай савд үндэсний хувцас урлал, цагаан идээ бэлтгэх, боловсруулах уламжлалт арга, уран хатгамал, монгол дархны урлал, чулуун сийлбэр, уран бичмэл, арьс ширэн урлал, даалин урлал төрлүүдээр 10 оролцогч, нийт 25 оролцогч 2018 оны 08 сарын 11-15нд Улаанбаатар хот “Хүй долоон худаг”-т зохион байгуулагдах “Нүүдэлчин Монгол-2018” их наадмын шалгаруулалтанд оролцох эрхээ авлаа.

Categories
мэдээ нийгэм

Катарын гадаад хэргийн төрийн сайдыг хүлээн авч уулзлаа

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өчигдөр Катар Улсын Гадаад хэргийн асуудал эрхэлсэн Төрийн сайд Солтан Бин Саад Ал-Мурайхигийг хүлээн авч уулзав.

Гадаад харилцааны сайд хоёр орны харилцаа идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, хоёр талын харилцааны болон олон талт хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.

Катарын Төрийн сайд 2018 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож байгааг дурдан, энэ хугацаанд тогтсон харилцан ойлголцол итгэлцэлд түшиглэн хамтын ажиллагаагаа хөгжүүлэх өргөн боломжтойг тэмдэглэв. Тэрбээр Монгол, Катарын Гадаад яамд хоорондын зөвлөлдөх механизмыг байгуулж, хамтын ажиллагааны бүхий л чиглэлээр ярилцахын чухлыг онцлов.

Төрийн сайд Улаанбаатар хотноо маргааш эхлэх Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын 2 дугаар хуралд Катарын төлөөлөгчдийг тэргүүлэн оролцоно.