Categories
мэдээ нийгэм

Гадаад харилцааны яамнаас мэдэгдэл гаргажээ

Гадаад харилцааны яамнаас мэдэгдэл гаргалаа. Тус мэдэгдэлд “АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ын нарын энэ оны 6 дугаар сарын 12-ны өдөр Сингапурт хийсэн түүхэн дээд түвшний уулзалтад Монгол Улсын Засгийн газар баяр хүргэж байна.

Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах талаарх энэхүү яриа хэлэлцээ нь бүс нутгийн тогтвортой байдал хийгээд дэлхий нийтийн энх тайвныг бэхжүүлэх үйлсэд бодитой хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байна” гэжээ.

Categories
мэдээ улс-төр

Монгол, Латвийн тээврийн яамны төлөөллүүд уулзав

Монгол Улс өнөөдрийн байдлаар ОХУ, БНХАУ, Украйн, Беларусь, Турк, Казакстан, Латви, БНАСАУ, Кыргыз зэрэг 9 улстай “Олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулан, жилдээ 33 сая тонн ачаа, 190 мянга орчим зорчигч тээвэрлэж байгаа дүн мэдээ бий.

Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд тэргүүтэй албаныхан Латви Улсын Тээврийн яамны Автотээврийн газрын орлогч дарга Ания Новикова тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч, улс хоорондын ачаа, зорчигч тээвэрлэлтийн тоо хэмжээг нэмэгдүүлэх болон зөвшөөрлийн бичгийн ашиглалтын талаар санал солилцлоо. Энэхүү уулзалтаар Монгол, Латвийн хооронд 2019 онд тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрлийн бичгийн тоог тохирч, Азийн автозамын сүлжээгээр олон улсын тээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд дамжин өнгөрөх тээврийг зохион байгуулах, зохицуулах чиглэлээр Латви улсаас туршлага судлах, холбогдох хүмүүсийг сургалтад хамруулах хүсэлтэй байгаагаа Монголын талаас илэрхийллээ.

Монгол, Латви улсууд худалдаа харилцааны хувьд 2016 онд 1619 мянган ам.долларын худалдааны эргэлттэй бөгөөд сүлжмэл хувцас, хувцасны сүлжмэл бэлэн эд анги, тоног хэрэглэл, орны бүтээлэг гэх мэт 32,8 мянган ам.долларын бараа бүтээгдэхүүний экспортложээ. Мөн 1586 мянган ам.долларын лаазалсан бүтээгдэхүүн, хөлдөөсөн ногоо, эм, азотын бордоо, утсан холбооны аппарат зэрэг бүтээгдэхүүн импортлосон мэдээлэл байна.

ЗТХЯ-ны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд уулзалтын үеэр хэлэхдээ “Монгол, Латви хоёр улсын хооронд хийгдэж буй тээвэрлэлтийн хэмжээ бага байгаа ч Монгол талаас Герман, Польш, Литва, Чех, Словак, Унгар зэрэг улстай “Олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулахаар хэлэлцээрийн төслийг харилцан тохиролцож байна. Эдгээр улстай автотээврийн хэлэлцээр байгуулснаар хоёр улсын хооронд хийгдэх тээвэрлэлтийн хэмжээ тодорхой хувиар нэмэгдэнэ” хэмээн хэлэв. Тэрээр Монгол Улсын автотээврийн салбарын талаар танилцуулга хийж, автотээврийн салбар нийт ачаа тээврийн 58 орчим хувийг, зорчигч тээврийн 98 хувийг автотээврийн салбар гүйцэтгэдэг талаар танилцууллаа. Нийт автотээврээр улс хооронд тээвэрлэсэн ачааны 90 гаруй хувийг нүүрс, газрын тос, төмрийн хүдэр, зэс болон цайрын баяжмал буюу уул уурхай, ашигт малтмалын бүтээгдэхүүн эзэлдэг байна. Харин зорчигч тээврийн хувьд өнөөдрийн байдлаар ОХУ, БНХАУ, БНКазУ-тай 10 чиглэлд улс хоорондын байнгын зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд цусны даралт хэмжих аппарат өглөө

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар, “Оном сан”, Швейцарь улсын “Новартис сан”-гаас хамтран хэрэгжүүлж буй “Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр СБД-ийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд цусны даралт хэмжих аппаратыг хүлээлгэж өглөө. Тус арга хэмжээнд НИТХ-ын төлөөлөгч О.Мөнгөншагай, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, СБД-ийн эрүүл мэндийн төвийн дарга Л.Баярхүү, “Оном сан”-гийн гүйцэтгэх захирал Д.Наранжаргал, “Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийн удирдагч Т.Хулан зэрэг зочид төлөөлөгчид оролцсон юм.

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэлд тусгагдсан уг ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх ӨЭМТ-ийг цусны даралт хэмжих автоматжуулсан аппаратаар хангахаар зорьжээ. Энэ дагуу ӨЭМТ-үүдэд өгсөн “Майкролайф” брэндийн цусны даралт хэмжих автомат аппарат нь гурван удаагийн хэмжилтийг дараалан хийж дундаж үзүүлэлтийг гаргах боломжтой, ухаалаг гар утсанд суулгах эрүүл мэндийн аппликейшнтай, Bluetooth холболт ашиглан мэдээллийг шилжүүлж, хянах, зүрхний тосгуурын чичиргээг өндөр нарийвчлалтай мэдэрдэг олон давуу талтай ажээ. Ингэснээр ӨЭМТ-үүд цусны даралт ихсэх өвчнийг эрт илрүүлэх, хянах бүрэн боломжтой болж байгаа юм.

Хүн амын төвлөрөл, хотжилт болон бусад олон хүчин зүйлстэй холбоотойгоор дэлхий дахинд халдварт бус өвчний тохиолдол 2000 оноос хойш тасралтгүй өсч байна. Ялангуяа зүрх судасны өвчний шалтгаант нас баралтын 45 хувь, цус харвалтын шалтгаант нас баралтын 51 хувь нь цусны даралт ихсэлтээс үүдэлтэй. 100.000 хүн амд ногдох цус алдах хэлбэрийн тархины цус харвалтын нас баралтаар манай улс дэлхийд 1-рт бичигдэж, дэлхийн дунджаас бараг 4 дахин их байгаа гэсэн тоо баримт бий.

Энэ асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Швейцарь улсын “Новартис сан” сайн санааны байгууллага “Эрүүл зүрх-Эрүүл хот” хөтөлбөрийг санаачлан гурван тивийн 3 улсад нэгэн зэрэг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Ази тивээс Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг сонгосон билээ. Хөтөлбөр хэрэгжсэнээр нийслэлийн иргэдэд үзүүлэх нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж, үйлчилгээ тэр дундаа, цусны даралт ихсэлттэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажил чанартай, хүртээмжтэй болох юм. Үүний зэрэгцээ Улаанбаатар хот “Цусны даралт ихсэлтийг амжилттай бууруулж, хянаж чадсан” жишиг хот болж, дэлхийн бусад хотод үлгэрлэх боломж бүрдэх юм.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Categories
мэдээ нийгэм

Ж.Анхбаяр: Мисс хүнд байх ёстой арав гаруй шалгуураар өрсөлдүүлнэ

Miss Universeтэмцээнийг NTV телевизийн хамт олон эх орондоо анх удаа зохион байгуулахаар болжээ. Энэ талаарMiss Universe Mongolia шоуны ерөнхий найруулагч, сэтгүүлч Ж.Анхбаяртай ярилцлаа.


-“Miss Universe төслийг анх хэзээ санаачилсан бэ?

-Энэхүү шоу нь 67 жил зохион байгуулагдсан хамгийн нэр хүндтэй, хамгийн олон үзэгчтэй тэмцээн юм. “Miss Universe” тэмцээнд Монгол улсаас нэг ч хүн оролцож байгаагүй. Монгол охид энэ шоунд оролцох бүрэн боломж бий. Уг шоу нь дэлхийн шоу бизнесийн том боломжуудыг нээж өгдөг. Би таван жилийн өмнө анх “Miss Universe”-д санал тавьж байсан. Тухайн үедээ би энэ нэр хүндтэй шоунд Монгол охин оруулмаар байна, намайг улсаа хариуцсан захирал болгооч гэсэн саналуудыг тавьж байсан. Гэвч хүлээж авдаггүй байлаа. Тэдний зүгээс манай шоу жилдээ 80 улс л оруулах боломжтой, Монголыг багтаахгүй гэх мэт зүйлсийг ярьж байсан. Улмаар өнгөрсөн оны төгсгөлд “Miss Universe”-ээс ирэх жилийн шоунд Монгол улсыг оруулья гэсэн захиаг илгээсэн. Тэгээд NTV телевизтэй хамтраад “Miss Universe Mongolia”шоуг хийхээр болсон. Шоуны ялагч нь олон улсын “Miss Universe”-д орно.

-“Miss Universe Mongolia” тэмцээнд зориулж хэдэн төгрөг төсөвлөөд байгаа вэ?

-Төсвийн хувьд шууд ил хэлэх боломжгүй. Гэхдээ бид NTV телевизтэйгээ хамтраад, ивээн тэтгэгч байгууллагуудынхаа тусламжтайгаар энэ төслийг өндөр зэрэглэлд зохион байгуулахыг зорьж ажиллаж байгаа. “Miss Universe” шоуны ард Доналд Трамп байдаг. Тэр утгаараа уг тэмцээн үнэ цэнэтэй байдаг. Тайланд, Венесүэл зэрэг дэлхийн улс орнууд ойролцоогоор 100 мянга орчим доллар төлж оролцогчоо илгээдэг. Монгол улсад харьцангуй бага үнийг санал болгосон. Манай улсын эдийн засгийн байдал, хүн ам зэргийг харгалзан боломжийн үнэ санал болгосон.

-Ямар байгууллагуудтай хамтран ажиллах вэ?

-Одоогийн байдлаар “Sky Их Дэлгүүр” ерөнхий ивээн тэтгэгчээр оролцохоор болсон. Бусад ивээн тэтгэгчүүд хэлэлцээрийн түвшинд явж байна.

-Бусад миссийн тэмцээнүүдээс “Miss Universe Mongolia” юугаараа онцлог вэ?

-“Miss Universe Mongolia” шоуг яагаад зохион байгуулж байгаа вэ гэхээр өмнө нь Монголчуудыг өөрсдөө саналаа өгөөд, өөрсдийнхөө саналаар мисс охиноо сонгодог байсан, Монгол охид бүх төрлийн миссүүдэд байх ёстой шалгууруудыг даваад гарч ирдэг тохиолдол бараг байхгүй. Мэдээж дэлхийн хамгийн нэр хүндтэй тэмцээнд оролцох эрхийг авсан охин өндөр шалгууруудыг давсан байх ёстой. Тийм учраас энэхүү тэмцээнийг Монголд зохион байгуулахаар болсон. Бусад Монголд зохиогддог тэмцээнүүдээс ялгагдах онцлог нь мисс хүнд байх ёстой арав гаруй шалгуураар оролцогчдоо өрсөлдүүлнэ. Тэр шалгууруудаас хамгийн өндөр оноо авсан охин ялах форматтай байгаа.

-Оролцогч нарт ямар шаардлага тавьж байна вэ?

-“Miss Universe Mongolia” шоу нь үдшийн даашинзтай мисс, оюунлаг мисс, хүмүүнлэгийн мисс, спортлог мисс, шилдэг тайзны алхаа, фото мисс гэх мэт хувь хүнийг тодруулсан, гадаад гоо үзэсгэлэн болон оюун ухаанаар нь шалгасан ийм номинацууд оруулж ирнэ.

-Оролцогч гэрлэсэн, эсвэл хүүхэдтэй байж болох уу?

-Өмнө нь гэрлэж байгаагүй, хүүхэдгүй, биедээ ямар нэгэн шарх сорви, шивээсгүй байх ёстой. Манай тэмцээний үүд хаалга 18-28 насны охидод бүрэн нээлттэй. Манайхан загварын агентлагт яваад төгссөн эсвэл өмнө нь загвар өмсөж байсан, олон улсын тэмцээн уралдаанд орж байсан охид орох ёстой гэсэн ойлголттой байдаг. Харин би үүнийг үгүйсгэнэ. Аль болох шинэ дүр төрх гаргамаар байна. Нуугдаж байгаа эрдэнэсийг бид хайж байгаа. Цэвэр гоо үзэсгэлэнтэй тийм охиныг бид хайж байгаа учраас өөрийгөө муу гэж битгий голоорой. Чадахгүй гэж битгий хойш суугаарай. Болж өгвөл нэг ч гэсэн тэмцээнд ороод өөрийгөө сориод, өөрийгөө нээе гэсэн зорилготой орж ирээрэй гэж хэлье.

-Тэмцээн ямар үе шаттай явагдах вэ?

-Тэмцээн реалити шоу маягаар явна. Гурван шүүгчтэй. Дугаар болгон дээр нь өрсөлдөөн харагддаг, хүмүүс үзэхэд өгөөжтэй зүйлстэй. Шалгаруулалт болгоныхоо өмнө шүүгчид болоод зочин шүүгч нарын тусламжтай охидод мэдлэг мэдээлэл олгон, бэлдэж, заавар зөвлөгөө өгөх учраас оролцогч юу ч мэдэхгүй орж ирээд төгс болоод гарах боломжтой. Тэр охины суралцах боломжийг бид олгоно.

-Шүүгч нарын бүрэлдэхүүн тодорхой болсон уу?

-Шүүгч нар тодорхой болсон байгаа. Гэхдээ нууцална. Нэвтрүүлгийг эхлэх үе ес дүгээр сард гурван шүүгчээ ил болгоно.

-Шалгаруулалтанд яаж орох вэ?

-Тэмцээнд 21 аймгаас тус бүр нэг охин, Улаанбаатар хотоос гурван оролцогч нэмж нийтдээ 24 охин шалгаруулж авна. Дорнодын охин Дорнод гэсэн тууз зүүгээд Дорноговийн охин Дорноговь гэсэн туузаа зүүгээд орох боломжийг манай шоу олгож байгаа. Өмнө нь мисс охид аймгаа төлөөлөн тууз зүүгээд өрсөлдөж байсан тохиолдол бараг байдаггүй байх. Хөдөө орон нутгийн охидод бас боломж олгоё. Заавал Улаанбаатар хотод ирж бүртгүүлэх шаардлаггүй. “Miss Universe Mongolia” гэсэн фэйсбүүк пэйж хуудас ажиллаж байгаа. Уг хуудсаар бидэнд хандаад имэйл хаягаа ирүүлвэл бид анкетийг нь явуулна. Мөн өөрийн биеэр NTV телевизийн байранд ирээд бүртгүүлж болно.

-Шоуны ялагчийн шагнал юу вэ?

-“Miss Universe”-д оролцох эрхийн эзэн болно. Мөн ивээн тэтгэгч байгууллагуудын шагналыг хүртэнэ. Бид тийзнээс эхлээд бусад бүх зардлыг хариуцаж оролцогчоо өндөр хэмжээнд бэлтгэх шагналын санг амлаж байгаа. Энэ нь 30 орчим мянган доллартой тэнцэхүйц хэмжээний шагнал юм. “Miss Universe” шоуны ард Доналд Трампаас гадна дэлхийд маш алдартай “IMG” гээд энтертайнмэнт шоу бизнесийн байгууллага байдаг. Энэ байгууллагын “IMG models”-т бидний мэддэг дэлхийн том моделиуд, алдартай жүжигчид байдаг. Тиймээс манай тэмцээнд оролцсоноор тэдгээр хүмүүсийн хараанд өртөж дэлхийн тавцанд гарах боломж, үүд хаалга нээгдэнэ. “Miss Universe”-ийн олон оролцогчид энэ замаар явж байсан. Жишээ нь “Wonder woman” кинондтоглодог Гал Гадот “Miss Universe” тэмцээнд орж байсан. Мөн хөтлөгчөөр нь дэлхийд алдартай хөтлөгч Стив Харвэй ажиллаж байгаа. Олон улсад алдартай “plus size” модел Ашли Грахам тайзны арын хөтлөгчөөр ажилладаг. Финалын үеэр Lady Gaga, CL, Boyz II men зэрэг дэлхийн шоу бизнесийн топ одууд ирдэг.Энэ шоу нь яах аргагүй хамгийн олон үзэгчтэй шоу. 190 оронд нэгэн зэрэг шууд дамжуулагдаж, 1.5 тэрбум гаруй хүн үздэг. Тус шоу нь “Victoria’s secret” шоуны түвшинд зохион байгуулагддаг. Үзэлт нь тэр хэмжээний байдаг гэсэн судалгаа бий.

-Бүртгэл хэзээ дуусах вэ?

-Энэ сарыг дуустал бүртгэл үргэлжилнэ. Одоогийн байдлаар 50 орчим охид бүртгүүлсэн. Зун амралтын байгаа. Зуныг үр бүтээлтэй өнгөрүүлье, өөрийгөө хөгжүүлье гэж бодвол манай манай шоуг зориорой гэж би хүсэж байна. Шоуны журманд өндөр болон биеийн жинд шалгуур тавьдаггүй. Та намхан байж болно. Жаахан махлаг ч байж болно. Трансжендэр ч байж болно. Энэ бол АНУ-аас эхлэлтэй хамгийн ардчилсан шоу. Тиймээс ямар нэгэн байдлаар хүнийг ялгаварладаггүй. Өөрийгөө гоё сайхан гэдгийг хүмүүст нээж харуулж чадах тийм охин энэ тэмцээнд амжилттай оролцдог.

Д.ХУЛАН

Categories
мэдээ нийгэм

“Эрүүл цагдаа” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Цагдаагийн алба хаагч, ажилтанд эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл зөв аж төрөх ёс, зан үйлийг төлөвшүүлэх , эрүүл мэндийг дэмжих замаар эрүүл чийрэг бие бялдар, сэтгэл зүйг бэлтгэх зорилгоор “Эрүүл цагдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.


Энэ үйл ажиллагааны хүрээнд эмч сэтгэл зүйч нарын баг 2018 оны 06 сарын 12-14ны өдрүүдэд Улаанбаатар цагдаагийн хүрээний анги, байгууллагуудад хөтөлбөрийг танилцуулан, энэ сарын 16-26 ны өдрүүдэд хөдөө, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсүүдэд ажиллана.


Эрүүл цагдаа” хөтөлбөр хэрэгжсэнээр алба хаагч, ажилтанд эрүүл зөв хооллолт, хорт зуршлаас татгалзах, багасгах сэдэл төрүүлэх, хөдөлгөөн дутагдлаас сэргийлэх зэрэг хувь хүн эрүүл мэнддээ хандах хандлагыг өөрчлөх үр дүнтэй юм.

Categories
мэдээ нийгэм

Зуслангийн болон шөнийн тээврийн үйлчилгээ эхэлнэ

Зуны улирал эхэлж, зуслан чиглэлийн иргэдийн зорчигч, урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор Зуслангийн чиглэлийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс дараах 3 чиглэлд эхлүүлэхээр төлөвлөөд байна. Үүнд:

  1. ЗҮ:1 “Гүнт-Жигжид-Тэнгис кино театр” чиглэлд их багтаамжийн 3 автобус 35 минут тутамд Тэнгис кино театрын зогсоолоос;
  2. ЗҮ:2 “Гоодой-Тэнгис кино театр” чиглэлд 1 их багтаамжийн автобус 1:30 цаг тутамд Тэнгис кино театрын зогсоолоос;
  3. ЗҮ:3 “Баянбулаг-Тэнгис кино театр” чиглэлд 1 их багтаамжийн автобус 2 цаг тутамдТэнгис кино театрын зогсоолоос өдөр бүр 07:00 цагаас 22:00 цаг хүртэл тус тус үйлчлэхээр боллоо.

Мөн аялал, зугаалгын улирал эхэлж иргэдийн орой, үдшийн цагаар зорчих эрэлтийг хангах зорилгоор одоогийн Энхтайваны өргөн чөлөөний дагуу үйлчилж буй шөнийн нийтийн тээврийн үйлчилгээний ШҮ:1“5 шар-Ботаник” чиглэлээс гадна хотын төвөөс урагшаа ШҮ:2 “МУБИС-Нисэх”, хотын төвөөс хойшоо буюу ШҮ:3 “МУБИС-7 буудал-Зунжин худалдаанытөв” чиглэлүүдийн үйлчилгээг 2017 оны 06 дугаар сарын 15-наас эхлүүлэхээр төлөвлөөд байна. Шөнийн тээврийн үйлчилгээ нь нийтийн тээврийн үйлчилгээ зогссоноос хойш шөнийн 02:00 цаг хүртэл иргэд та бүхэнд үйлчлэх болно.

Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 болон 11323176 дугаарын утсанд 24 цагийн турш мэдэгдэх боломжтой гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Одонтой “ГОО ЭЭЖ” шалгарлаа

Алдарт эхийн одонтой ээжүүдийн дунд “Mrs Mongolia World- 2018” улсын анхдугаар уралдаан боллоо. Уг тэмцээнийг “Алунгоо эх” төрийн бус байгууллага, Монголын эмэгтэйчүүдийн “Хатан эрдэнэ” холбоо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, “Алдарт эх цахим нэгдэл”-ээс хамтран зохион байгуулсан юм.

“Зөв гэр бүл, Зөв хүүхэд, Зөв нийгэм” уриан дор зөв хандлага, зөв үлгэрлэлийг бий болгох зорилготой аж. Энэхүү уралдаанд “Алдарт эх”-ийн одонтой, дөрвөөс дээш хүүхэд төрүүлсэн ээжүүд оролцсон бөгөөд эхний шатны шалгаруулалтад 60 гаруй оролцогч оролцож, сүүлийн шатанд 29 мисс ээж шалгарч үлдсэн юм. Тэднээс А.Дэлгэрцэцэг хэмээх бүсгүй тодорч, тэргүүн байр эзэллээ. Тус тэмцээнд түрүүлснээр олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болж байгаа юм.

Уралдааныг зарлах үед “Бид зөвхөн гадаад төрх бус саруул ухаан, мэдлэг чадвар, эерэг хандлага гэх мэт дотоод гоо үзэсгэлэнг гол шалгуураа болгоно“хэмээн “Алунгоо Эх” ТББ-ын тэргүүн, Алдарт эхийн I,II одонт ээж Л.Гантуяа хэлж байсан юм.

Т.ЭНХНАРАНЖАВ

Categories
мэдээ улс-төр

Д.Мурат: Би огт гэмт хэрэг хийгээгүй, шалгуулахад бэлэн байна

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр УИХ-ын 45-р тогтоолд хориг тавьсан билээ. Энэ хүчирхийллийн хэрэгт нэр холбогдсон гишүүдийг дэмжсэн тогтоол байсан юм. Үүнтэй холбогдуулан гишүүн Д.Мурат мэдэгдэл хийлээ.

Тэрээр “Би Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байгаа. УИХ-ын гишүүн байхаас үл хамаараад бүх иргэн хуулийн өмнө тэгш эрх, үүрэгтэй. Би хуулийн байгууллагаар шалгуулж, гэм буруугүй гэдгээ тогтоолгоод УИХ-д эргэн ирэх болно. Энэ бол зохиомол хэрэг байсан. Би гэмт хэрэг хийгээгүй” хэмээв.

Түүний өмгөөлөгч Л.Батмөнх “Манай үйлчүүлэгчтэй холбоотой асуудал “Бэлгийн дарамт үзүүлсэн” гэх зүйл ангиар шалгагдаагүй. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн “Бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан” гэх зүйл ангиар шалгаж байгаа. Энэ төрлийн хэргийг хуулийн байгууллага маш хурдан шийдвэрлэдэг. Гэвч манай үйлчлүүлэгтэй холбоотой асуудал удаашралтай байгаад гайхаж байна. Энэ нь цаанаа улс төрийн зорилготой байх магадлалтай” гэлээ.

Т.ЭНХНАРАНЖАВ

Categories
мэдээ нийгэм

Морингийн даваанд хог хаягдал боловсруулах үйлдвэр барина

Европын холбооны стандарт шаардлага хангасан, хатуу хог хаягдлыг булшлах цэг болон дахин боловсруулах байгууламжийг Морингийн даваанд барихаар төлөвлөжээ. “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн хүрээнд хог хаягдлын салбарт нэгдсэн тариф нэвтрүүлэх, барилга, барилга нураалтын хог хаягдлын менежментийн зохицуулалт бий болгох аж.

Төсөл хэрэгжсэнээр хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах үйлчилгээ шинэчлэгдэж, хог хаяг цэгүүдийн хүчин чадал дөрвөн сая тонноор нэмэгдэх юм байна. Мөн хотод ялгарч байгаа хүлэмжийн хийн хэмжээ буурч, 100 мянган тонн гаруй барилгын хог хаягдлыг боловсруулж ашиглах боломж бүрдэнэ гэж тооцоолж байна. Европын сэргээн босголт, хөгжлийн банк төслийг хэрэгжүүлэхэд 4.5 сая еврогийн буцалтгүй тусламж, 9.7 сая ам.долларын зээл, төсөл боловсруулах, хэрэгжүүлэхэд ойролцоогоор 1.5 сая еврогийн техник туслалцааны санхүүжилт олгохоор төлөвлөжээ. 9.7 сая ам.долларын зээл нь 15 жилийн хугацаатай, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа гурван жил байх ажээ.

Categories
мэдээ нийгэм

Налайхын мах боловсруулах үйлдвэр энэ намар ашиглалтад орно

НИТХ-ын дарга С.Амарсайхан, НИТХ-ын Тэргүүлэгч Ц.Байгалмаа, П.Баярхүү нар болон НХХААГ,НАЗХГ, НГА, НМХГ-ын албаны хүмүүсийн хамтаар Налайх дүүрэгт баригдаж буй мах боловсруулах үйлдвэр барих төслийн үйл ажиллагааны явцтай танилцлаа.

Энэхүү мах боловсруулах үйлдвэр нь иргэдэд үйлчлэх үйлчилгээний байр, бэлэн болгосон бүтээгдэхүүнийг зарж борлуулах төв, бог, бод малыг төхөөрөх байр гэсэн таван хэсэг барилгаас бүрдэх юм байна. Нийт 6.2 га газарт энэхүү бүтээн байгуулалтын ажил хийгдэхээр төлөвлөгджээ. Тус үйлдвэр нь ашиглалтанд орсноор мал нядлах, мах болон дайвар бүтээгдэхүүнийг боловсруулах, худалдан зарж борлуулах үйлчилгээ үзүүлэх бөгөөд жилийн дөрвөн улиралд ажиллах ажээ. Бүтээн байгуулалтын гүйцэтгэлийг “МБҮ” ХХК хийж байгаа юм. Тус үйлдвэр ашиглалтанд орсон тохиолдолд өдөрт 7500 бог, 1500 бод нядлах хүчин чадалтай, энэ салбарт хамгийн сүүлийн үеийн чанар стандартыг хангасан тоног төхөөрөмжийг байршуулан ажиллуулсан үйлдвэр болно гэдгийг төсөл хэрэгжүүлэгчид хэллээ. Мөн үүнийг дагалдан шинээр 700 ажлын байр бий болно гэж тооцжээ.

“МБҮ” ХХК-ийн ерөнхий захирал С.Бямбасүрэн ”Бид нийслэлийн иргэдийг 100 хувь эрүүл, чанартай махаар хангаж, боломжийн үнээр авах боломжийг бүрдүүлэх зорилготой. Мах бэлтгэх үйлдвэрийг нь, худалдааны захтай нь хамт дэлхийн стандартад нийцүүлэн байгуулахаар ажиллаж байна. Энэ төслийг хувийн хөрөнгө оруулалтаар эхэлсэн. Манай төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хот руу орох махыг лабораторын шинжилгээгээр оруулж, үйлдвэрийн аргаар бэлтгэн зориулалтын машинаар тээвэрлэнэ” гэсэн юм.

Мах боловсруулах үйлдвэрийг хотоос зайдуу барихаар төлөвлөсөн ч Баянзүрх, Налайх дүүргийн хилийн зурвас хэсэгт буюу Налайх дүүрэг рүү зорчих Оргил духалдааны төвийн хойно тус хооронд бүтээн байгуулалтыг эхлүүлсэн байна. Махны үйлдвэрийн дэргэд малын зах баригдахаар төлөвлөгдөж байгаа асуудалтай холбогдуулан дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хэлэхдээ: “Манай дүүрэг зүүн чиглэлийн хэвтээ, босоо тэнхлэгийн авто зам дагуу оршдог. Тиймдээ ч ямар нэг замын гоц болон халдварт өвчнийг нийслэл рүү нэвтрүүлэхгүй байх үүрэг хүлээдэг. Энэ хүрээнд бүх мэргэжлийн байгууллагууднэгдэн 2 талд пост ажиллуулж, энэ асуудалд багагүй хөрөнгө мөнгө зарцуулдаг. Яг энэ байршлыг Баянзүрх дүүрэг гэх боловч Налайх дүүргийн иргэдэд хамгийн түрүүнд хамаарах асуудал. Иймээс дүүрэгтэй уялдаа холбоотой ажиллаж, цаашдын дүүргийн иргэдийг ажлын байраар хангах, сургаж дадлагажуулах, дүүрэгтээ бүртгүүлж татвар хураамжаа төлдөг байх зэргийн олон асуудалд анхааран ажиллах ёстой” гэсэн санал илэрхийллээ.

Энэ үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан “Нийслэлийн иргэдийг эрүүл баталгаатай хүнсний бүтээгдэхүүнээр хангах хөтөлбөр бий. Үүний хүрээнд Налайх дүүргийн нутаг дэвсгэрт махны үйлдвэрийн хөрөнгө оруулалт хийгдэж, дөрөвдүгээр улиралд үйл ажиллагаа нь эхлэхээр төлөвлөгдөж байна. Энэ ажлыг хөрөнгө оруулалтын талаас нь дэмжих шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Нөгөө талаараа нийслэлийн нутаг дэвсгэрт амьд малын зах ажлуулах асуудлыг эргэж харах ёстой. Үүний улмаас малын гоц халдварт элдэв өвчин нийсллэ хотруу орох магадлалтай. Тиймээс нийслэл болон хөрөнгө оруулагч талаас ажлаа уяалдуулж, тулгамдаж буй асуудлаа хамтдаа шийдвэрлэх чиглэл өгч байна” гэсэн юм.

Мөн тэрээр махны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах үеэр тус үйлдвэрийн захиралд хандан Налайх дүүргийн удирдлагуудтай ойлголцож хамтран ажиллах, үйлдвэр баригдах болон баригдсаны дараах ажиллах хүчийг Налайх дүүргийн иргэдээс сонгон шалгаруулж ажиллуулах чиглэлийг өгсөн бол малын захыг үйлдвэрийн дэргэд биш, сууршлын бүсээс зайдуу байршуулах, үүнтэй холбоотой замын постыг шинэчлэн байгуулах үүргийг Нийслэлийн холбогдох агентлагын дарга нарт хандан өглөө.