Categories
мэдээ цаг-үе

Ч.Баттуул: Аль ХХ зууны үеийн мэдлэгийг одоогийн сурагчдад хүчээр чихээд байж болохгүй

Энэ удаагийн “Багш” буландаа өнгөрөгч 2017 оны хавар шинээр ашиглалтад орж сурагчдаа хүлээж авсан Баянзүрх дүүргийн 127 дугаар сургуулийн физикийн багш Ч.Баттуулыг урьж ярилцлаа.


-Таны хувьд багш мэргэжлээр хичнээн жил ажиллав. Яагаад багш гэх мэргэжлийг сонгох болсон бэ. Ажил мэргэжлийнхээ сайн сайхнаас хуваалцаач?

-Би физик гэх сонирхолтой хичээлийн багш болоод зургаа дахь хавраа үдэж байна. Анх Хэнтий аймгийн дунд сургуульд суралцаж байхдаа л багш болно гэж зорилго тавьж шалгалтандаа бэлдэж байлаа. Зорилгодоо ч хүрсэн. МУБИС-ийн Физик математик хосолсон ангийг сонгосноор миний багш болох үүд нээгдсэн. Харин ажлын гараагаа Баянзүрх дүүргийн 102 дугаар сургуулиас эхэлж өдгөө 127 дугаар сургуульд багшилж байна. Манай сургууль өнгөрсөн 2017 оны хавар дөрөвдүгээр сард шинээр ашиглалтад орж будаг нь ханхалсан шинэ сургуульдаа хүүхдүүдээ хүлээн авч хичээлийн үйл ажиллагаагаа эхлүүлж байлаа. Дээр хэлсэнчлэн багш болно гэдэг миний хүсэж мөрөөдөж ирсэн ажил. Гэхдээ хариуцлага үүрээд хүүхдэд хичээл ойлгуулна гэдэг чадвар шаардах ажил. Хичээлийн танхимд янз бүрийн ааш авиртай, өөр өөр орчинд өссөн 35-40 хүүхэд бий. Хэрэв чи багшийн ажилд орсон л бол тэдгээр хүүхдүүдийн цагийг хий дэмий юм уу, ямар нэгэн байдлаар ойлгомжгүй, эргэлзээ төрүүлж болохгүйгээр хичээлээ заах ёстой. ХХI зуунд цаг хугацаа бол алт. Цагийг маш зөв зохистой зарцуулж байж л тэр хүүхдийн сэтгэхүйд юм үлдээх болно. Ер нь бидний мэргэжил нийгмийн сэтгэлгээнд өндөр ёс зүйг үлдээж байдаг юм болов уу гэж хардаг. Би ч мөн адил сурагч байх үеийнхээ багш, сурган хүмүүжүүлэгчдийн зан авир, хэл яриа, үйл хөдлөл багшийн гаргаж байгаа үйлдэл бүрийг харж ажиглаж, бас даган дуурайж ирсэн. Тийм болохоор миний ажил хүүхдийн ирээдүйг чиглүүлж өгөх “гүүр” гэдэг утгаараа өндөр хариуцлага, тэр хэмжээний ёс суртахууныг надаас нэхнэ. Гэхдээ заасан хичээлийнхээ үр дүнг мэдэрч сурагчдынхаа их, бага гэлтгүй өсөн дээшилж байгаа амжилтыг харах багш хүний хамгийн сайхан мэдрэмж. Хичээлийн төгсгөлд сурагчийн нүднээс эргэлзээ тээнэгэлзэл тодрохгүй байвал тэр хичээлийн үр дүн сайн болжээ гэж ойлгох жишээний. Гэхдээ бүх хичээл төгс байна ч гэж юу байхав. Зарим үед эргэлзсэн нүднүүд өөдөөс ширтэж байх тохиолдол ч бий. Харин тэр өдрийн Таталцлын хүч ч гэдэг юм уу, эсвэл Цахилгаан соронзон орон ч гэдэг юм уу энэ бүлэг сэдвийг сурагчид ойлгосонгүй гэдгийг мэдэрвэл тухайн бүлгээ эхнээс нь нягтлан хичээлийн хөтөлбөрүүдээ засаад сэлбээд, сайжруулаад явах нь хамгийн чухал.

-Физикийн хичээлийг хэрхэн сонирхолтой заах вэ. Энэ төрлийн хичээлийг лаборатори болон ямар бааз дээр түшиглэн явуулдаг талаар уншигчдад сонирхуулаач?

-“Хүн болгон адилгүй хүлэг болгон жороогүй” гэж үг байдаг даа. Үүнтэй адил сурагч болгон онц сурна ч гэдэг юм уу, муу дүн авч болохгүй гэх ойлголт нь бас өрөөсгөл. Тийм болохоор суралцагчдын түвшинг бага, дунд, ахлах гэсэн түвшинээр нь ялган хичээл тус бүрийг төлөвлөх нь маш чухал. Ер нь физик гэдэг маань бидний хүрээлэн байгаа орчин, тэдний учир зүйн холбоо. Тэгэхээр хичээлээ амьдрал дээр байдаг физик үзэгдэл дээр тулгуурлан орвол илүү үр дүнтэй юм шиг санагддаг. Жишээ нь, та яг одоо таталцалын хүч үйлчилж байгаа учраас сонин уншаад сууж чадаж байна ч гэдэг юм уу, эсвэл машин явж байгаа нь бүгд үрэлтийн хүчнээс хамаарч байгаач гэдэг юм уу. Гэхдээ энэ бүхнийг лабораторийн аргаар сурагчдын хажууд нь тайлбарлаж өгвөл үр дүн нь бүр илүү нэмэгдэх нь ойлгомжтой. Харин манай орны хувьд гадны өндөр хөгжилтэй орнууд шиг олон төрлийн багаж хэрэгсэл олдох нь ховор. Ялангуяа манай сургууль шиг захын гэр хорооллын шинээр нээгдсэн сургуульд багаж тоног төхөөрөмж нь ирэх нь ховор. Ирсэн ч дор хаяж хоёр, гурван жилээс наашгүй.

-Таны хичээлээ заах гол арга чинь юу вэ. Мөн сурагчдыг хичээлдээ сонирхолтой болгох талаас нь яаж анхаардаг вэ?

-Хичээл заана гэдэг хэдэн томьёо теором эрээчиж, онолын өгүүлбэр хуулуулахыг хэлэхгүй байх аа. Миний бодлоор одооны эцэг эхчүүд амьдрахын эрхэнд өглөө гараад орой орж ирж байна. Эцэг эхчүүд маань хүүхдүүдтэйгээ яг тулж ярилцаад амьдралын хатуу үнэн, болох болохгүй зүйл, цаашлаад биеэ хэрхэн авч явах гэх мэт амьдралд хандах хандлага, хүмүүстэй харилцах харьцаанаас авахуулаад одоогийн хүүхдүүдэд тулгамдаад буй асуудлуудыг аль болохоор өөрийнхөө мэдэх, чадах хэмжээндээ хэлж өгч байна. Тодруулбал, хүүхдийг сурган хүмүүмүүлэх тал дээр нь эхлээд түлхүү анхаарч байж цаашлаад хүүхдүүдэд онол, парактик заах ёстой юм болов уу. “Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ” гэдэгчлэн сурагчдыг “Чи чадахгүй байна. Чи сурахгүй байна.” гэхээсээ илүү яавал чадаж болох вэ, ингэж хийвэл үүний учир амархан тайлагдана гэдэг хандлагаар хичээлээ заахыг эрмэлздэг. Энэ үүднээсээ би “Хавтас” аяныг тав дахь жилдээ хичээлдээ хэрэгжүүлж байна. “Хавтас” аяны зорилго бол хүүхдүүдийг хооронд нь өрсөлдөөн бий болгох зорилгоор хэрэгжүүлж эхэлсэн. Сурагчдын дунд өрсөлдөөн би болгосноор хичээл хийх идэвх нэмэгдэнэ. Идэвх нэмэгдэхээр дагаад чанар сайжирна. Давхардсан тоогоор 1876 сурагчид энэхүү “Хавтас” аянд хамрагдсан байна.

Хичээлийн идэвх оролцоо 15-25 хувиар нэмэгддэг болох нь дээрх таван жилийн хугацаанд мэдрэгдсэн. Энэхүү сайн туршлагыг 6-12 дугаар анги буюу дунд бүлгээс сургууль төгстөл нь хэрэгжүүлэх боломжтой. Хавтасны өнгийг та сурагчдын сонирхлоор сонгож болно. Багшийн анхааралд явцын онооны даалгаврыг ээлжит хичээл тус бүр дээр тодорхой бэлдэж өгөх шаардлагатай. Дээрээс нь дэвтрийг стандартын дагуу хавтаслаад сурчих нь.

-Таны бодлоор физикийн хичээл хүний амьдралд ямар нөлөө үзүүлдэг вэ?

-Биднийг хүрээлэн буй бүх л зүйлс тэр чигтээ физик шинж чанарт байдаг. Энэхүү учир шалтгааныг сурагчид хичээл дээрээ мэдээд авчихвал багш бид нарыг ажлын амжилт гэж дүгнэж болно.

-Жил ирэх бүр нарийн мэргэжил үнэ цэнтэй болж байна. Физикийн хичээл бол нарийн мэргэжил сонгох суурийн нэг мөн үү. Та багшийн хувьд энэ төрлийн мэргэжлийн онцлог, давуу талыг хэлэхгүй юу?

-Физик орохгүй нарийн мэргэжил тун ховор. Ихэнх нарийн мэргэжилүүдэд физикийн хичээл давхар орно. Физикийн хичээлээр ЭЕШ өгч мэргэжил сонгосон бол тухайн мэргэжил танаас өндөр хариуцлага, ёс зүй шаарддаг. Физикийн хичээлээр ЭЕШ өгснөөр Батлан хамгаалах сургууль, Хууль сахиулах сургууль, Шинжлэх ухаан технологийн Их сургууль, Төмөр замын их сургууль гэх мэт сургуулиудад элсэн орох боломжтой. Тийм учир одоо хүртэл физикийн хичээлээр ЭЕШ өгөх сурагчдын тоо буурахгүй хэвээр байна.

-Энэ мэргэжлийг сонгон суралцах гэж байгаа хүүхдүүд болон түүний эцэг, эхэд өгөх зөвлөгөө…?

-Суурь боловсролын үед буюу дунд сургуульдаа ирээдүйд хэн болох, цаашлаад ямар ямар хичээлүүдийг дагнан судлах вэ гэдгээ эхлээд сайн төлөвлөх хэрэгтэй. Тэгж байж л таны хүүхэд, та ирээдүйд сайн боловсон хүчин болж эх орныхоо ирээдүйг бүтээлцэх хүчирхэг хувь хүн болон төлөвших болов уу. Улс орны хөгжлийг урагшаа татах хүмүүс бол инженер сэтгэлгээнд суурилсан бүтээн байгуулалт байдаг. Тийм болохоор нарийн мэргэжлийг сонгох, ингэхэд физикийн хичээл үүний нэгд орох нь дамжиггүй юм.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Сайн МОНГОЛ” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гарагийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт “Компаниуд маркетинг хийдэггүй учраас өрхийн аж ахуйн хэлбэрээс ахисан түвшинд гарч чадахгүй байна гэв” хэмээн ярьжээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс Сайн МОНГОЛ”хэмээх нийтлэлийг хүлээн авч үзээрэй.

“Улс төр” нүүрт Ерөнхийлөгчийн хориг улс төрийн шинэ нөхцөл байдал үүсгэх үү? хэмээн өгүүлжээ.

Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэн: Компаниудыг ногдол ашгаа тараадаг болгоход хувьцаа эзэмшигчдийн санаачилга дутаад байна хэмээн “Эдийн засаг” нүүрт ярьсан байна.

Солонгос судлаач доктор Б.Лхагваа: Ким Жөн Ун аав, өвөө хоёроосоо өөр зам сонголоо хэмээн “Улс төр” нүүрт ярьжээ.

Мал эмнэлэг хөгжлийн газрын мэргэжилтэн Л.Даваасүрэн: Чанартай мах хэрэглэх боломж бүрдэж байна хэмээн “Цаг үе үйл явдал” нүүрт ярьсан байна.

“Өдрийн сонин”-ы “Дэвжээ” нүүрт “Талын хөх чоно” Сейро А.Өнөболд хуримаа хийв хэмээн өгүүлсэн байна.

Хөлбөмбөгийн ДАШТ өнөөдөр эхэлнэ хэмээн “Спорт” нүүрт өгүүлжээ.

Мексикт нэг жилийн хугацаанд 112 улстөрчийг хөнөөжээ хэмээн “Дэлхий мэдээ” нүүрт өгүүлжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Дотуур байрны орчин нөхцөлийг сайжруулах сургалт явуулж байна

Дотуур байрны орчин нөхцөлийг сайжруулах сургалт явуулж байна

Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй “Баруун бүсийн сургуулийн бага ангийн сурагчдын дотуур байрны нөхцөлийг сайжруулах” төслийн хүрээнд дотуур байрны удирдах ажилтнуудад зориулсан “Санхүү, хүний нөөц, эд хөрөнгийн удирдлага болон усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хэрэгжүүлэх нь” сэдэвт сургалтыг энэ сарын 11-17-нд МУИС-ийн IV байранд зохион байгуулж байна.

Сургалтад Говь-Алтай, Увс, Завхан аймгийн дотуур байр бүхий сургуулийн 150 гаруй удирдлага болон санхүүгийн албаныхан хамрагдаж байна. Сургалтыг агуулгынх нь хувьд хоёр хуваан явуулж буй. Тодруулбал, санхүү, хүний нөөц, биет хөрөнгийн удирдлага болон дотуур байрны ундны ус, ариун цэврийн байгууламжийн орчин нөхцөлийг сайжруулах гэсэн сэдвийн дор удирдлага арга зүйгээр ханган сургаж байна.

Орон нутгийн 12 дотуур байранд их засвар хийнэ

БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй “Баруун бүсийн сургуулийн бага ангийн сурагчдын дотуур байрны нөхцөлийг сайжруулах” төслийн зохицуулагч А.Баярмаа:

-Баруун бүсийн нэр дурдсан гурван аймагт жишиг болохуйц дотуур байрны орчин нөхцөлийг сайжруулах зорилготой уг төслийг 2016 оноос хэрэгжүүлж байна. Гурван аймагт байх ерөнхий боловсролын сургуулийн нийт 70 дотуур байранд 2000 гаруй хүүхэд амьдарч, суралцаж байгаа. Төслөөс гурван үр дүн хүлээж байгаа.

Нэгдүгээрт, дотуур байрны орчин нөхцөлийг сайжруулах. Үүнд, барилгын их засварын ажил багтана. Одоогоор төслийн хүрээнд гурван аймгийн 12 дотуур байранд их засварын ажил хийхээр тендер зарлаж, сонгон шалгаруулалт хийгээд байна. Хоёрдугаарт, мөн аймгийн 30 дотуур байранд тавилга, тоног, төхөөрөмж нийлүүлэх ажил дуусах шатандаа явж байна. Эцэст нь, дотуур байрны үйлчилгээг сайжруулахад анхаарч байна.

Эдгээр үр дүнд хүрэхийн тулд чадавхи бэхжүүлэх сургалтыг зохион байгуулж буй. Мөн хүүхдийн зөв хоололт, түүний эрүүл мэндийг хамгаалах талаарх сургалтыг тогооч нарын дунд ирэх наймдугаар сард явуулахаар төлөвлөсөн. Үүнээс гадна төслийн хүрээнд дотуур байр хөгжүүлэх цогц стандартын төслийн хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөөд байна. Энэ удаагийн сургалтад хамрагдаж буй 150 гаруй хүнээс санал авч, төсөлд тусгана. Цогц стандарт гэдэг нь үйлчилгээ болон орчны стандартыг хэлж байгаа юм.

Дотуур байрны стандарт батлах нь зөв

Говь-Алтай аймгийн нэгдүгээр сургуулийн захирал Ш.Болдбаатар:-Цаг үеэ олсон, зөв зүйтэй сургалт болж байна. Дотуур байрны хүүхдийн орчин нөхцөлийн асуудал нэлээд хүнд байна. Манай дотуур байр 240 хүүхдийн хүчин чадалтай. Өнөөдрийн байдлаар 180 хүүхэд суралцаж, амьдарч байна. Дийлэнх нь ахлах ангийн сурагчид. Аймгийн төвийн дөрвөн 10 жилийн сургууль дундын дотуур байр. Манай дотуур байрны тоног төхөөрөмж, тавилга нэлээд хуучирсан байр байдалтай байна. Сүүлийн үед дотуур байранд амьдрах хүүхдийн тоо цөөрч байгаа. Хоёр шалтгаантай. Учир нь эцэг, эхчүүдийн амьдрал ахуй сайжирсантай холбоотой. Нөгөөтэйгүүр, дотуур байр нь тав тухгүй, ахуй хангамж, үйлчилгээний чанар тааруу байгаатай холбоорой. Хүүхдийн амьдрах орчин, ялангуяа 24 цагийн турш байх газар бол дотуур байр. Тиймээс орон гэртэй нь дөхөж очих хэмжээнд орчин нөхцөлийг нь бүрдүүлсэн байх ёстой. Энэ төслөөр дотуур байрны орчин нөхцөл сайжирч, жишиг дотуур байртай болгож, хамгийн гол нь стандарт баталж байгааг маш зөв ажил гэж харж байна.

Хүүхдүүдийн сурлага сайжирч байна

Увс аймгийн Завхан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал М.Энхтуяа:

-Дотуур байрны ариун цэвэр байгууламж, цэвэр бохир усны хангамжийг хэрхэн сайжруулах, тэнд ажиллаж байгаа багш ажилтнууд хүүхэд хамгааллыг сайжруулж, хүүхэд бүрт эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэхэд хамтран ажиллах нь төслийн гол зорилго. Манай сургуулийн тухайд энгийн гадна бие засах газартай, зөөврийн устай, угаалтуурыг гар аргаар шийдсэн. Өөрөөр хэлбэл, дотуур байрны хүүхдүүд маань жижиг ваннд ус зөөж ариун цэвэр сахидаг гэсэн үг. Сумын хэмжээнд халуун ус байдаг ч зөвхөн өвлийн улиралд, тодорхой цагт ирдэг юм. Тиймээс манай сургуулийн хувьд нэн тэргүүнд, дотуур байрныхаа цэвэр, бохир усны хангамжийг шийдвэрлүүлэх асуудал чухалд тооцогдож байна.

БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй энэхүү төслийн үр дүнд бохир, цэвэр усны хангамжийн асуудал шийдэгдэнэ гэж итгэж байгаа. Манайх 75 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд энэ хичээлийн жилд 70 орчим хүүхэд, нэг багш, гурван жижүүр, хоёр тогоочийн хамт үйл ажиллагаа явууллаа. Энэхүү сургалтаас гэрээсээ хол есөн сарын хугацаанд дотуур байранд амьдарч байгаа хүүхдүүдийн сурлагын чанар, зөв дадал хэвшилтэй, зөв хүн болж төлөвшихөд дотуур байранд ажиллаж байгаа хүмүүсийн үүрэг оролцоо их байдгийг мэдлээ. Аймгийн хэмжээнд “6-11” гэсэн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Энэ нь бямба гараг бүрийн 11.00 цагаас хойш сургуулийн удирдлага, нийгмийн ажилтан, номын санч гээд бүх шатны ажилтнууд дотуур байранд хүүхэдтэй ажиллаж, шаардлагатай арга хэмжээг авч байна. Ингэснээр дотуур байранд амьдарч буй хүүхдийн сурлага сайжрах гэх мэт эерэг хандлага илэрсэн. Дотуур байрны хүүхдийн чөлөөт цагийг зөв өнгөрөөж, сурч боловсроход нь анхаарал хандуулах нь бидний үүрэг.

Categories
мэдээ нийгэм

Хөдөлмөрийн хуулийн сүүлийн хэлэлцүүлэг боллоо

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, МҮЭ-ийн холбооны хамтарсан “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийн уулзалт хэлэлцүүлэг өнөөдөр /06.13/ Чингэлтэй дүүрэгт боллоо.

Хэлэлцүүлэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын Ажлын хэсгийн гишүүн М.Оюунчимэг, Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар, ҮЭ-ийн гишүүд, идэвхтэн сонгуультнууд, иргэд хөдөлмөрчдийн төлөөлөл оролцов.

Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын Ажлын хэсгийн гишүүн М.Оюунчимэг удирдан явуулсан ба ХНХЯ-ны газрын дарга Б.Алимаа хуулийн төслийг танилцуулсан юм.

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нээлтэд үг хэлэхдээ,

-Хөдөлмөрийн тухай хуульд шинэчлэл өөрчлөлт хийхээр талууд хамтарч ажиллаад олон жил болж байна. Ажилтан хүний эрх ашигт нийцсэн сайн хууль гаргахын төлөө бид мэдээж нэгдэнэ. Цөөн тооны зарчмын зөрүүтэй асуудал байгаа. Аливаа шинэчлэл хөгжил дагуулсан байх ёстой. Үйлдвэрчний эвлэлд нэгдэх, хамтын гэрээ байгуулах, хөдөлмөрийн гэрээ хамтын гэрээгээр ажил олгогч хүлээсэн үүргээ биелүүлэхгүй тохиолдолд ажил хаях зэрэг гурван эрхийг өмнөхөөс дордуулахгүй байлгахын төлөө бид бат зогсоно гэлээ.

МҮЭ-ийн холбооны ЕНБД Г.Адъяа, МАОЭНХ-ны Гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нарын илтгэлийн дараа оролцогчид санал, асуулт хэлж, М.Оюунчимэг, Б.Алимаа нар хариулт өгснөөр энэхүү хэлэлцүүлэг өндөрлөлөө.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.БАЯРЦОГТ, Б. БЯМБАСАЙХАН НАРЫГ БАТЛАН ДААЛТАД ГАРГАЛАА

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн хорьж шалгах шаардлагатай эсэхийг шийдэх шүүх хурал өнөөдөр 15:00 цагт боллоо.

Шүүхээс тэднийг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих буюу хязгаарлалт тогтоох тухай прокурорын хүсэлтийг хангасан шийдвэр гаргав. Өнгөрсөн мягмар гаригт буюу зургадугаар сарын 12-нд Нийслэлийн прокуророос С.Баярцогт, Б.Бямбасайхан нарт хязгаарлалт тогтоох /батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих/ хүсэлт ирүүлжээ. Өнгөрсөн тавдугаар сарын 15-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг хорьж шалгах хугацааг 30 хоногоор сунгах захирамж гаргаж, ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид дахин саатуулсан. Харин өнөөдөр шүүх тэднийг батлан даалтад гаргалаа.

Categories
мэдээ нийгэм

Гэр хорооллын замыг хусч, тэгшлэх ажил эхэллээ

Дүүргийн хэмжээнд гэр хорооллын замыг хусч, тэгшлэх ажил эхэллээБаянзүрх дүүргээс иргэдийн эрүүл, ая тухтай, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд багагүй ажлыг санаачлан зохион байгуулдаг билээ.

Тэгвэл өнөөдөр орон нутгийн төсвийн хөрөнгөөр дүүргийн хэмжээнд 22 хорооны нутаг дэвсгэрийн нийт 120.000 м.кв талбайг хусч, тэгшлэх ажил эхэлсэн юм. Тухайлбал дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар-1 ОНӨААТҮГ дүүргийн 10 дугаар хорооны 6.000 м.кв талбайн замыг тэгшлэхээр төлөвлөж ажлаа эхлүүллээ хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Шүүх байгуулах, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2018.06.13) хуралдаан 72.2 хувийн ирцтэйгээр 10 цаг 04 минутад эхэлж, таван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Засгийн газар 2016 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил ажлын хэсгийн санал дүгнэлтийг танилцуулав. Ажлын хэсэг хуралдаад төслийг дараах байдлаар анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн байна. Улсын бүртгэлийн байгууллагатай гэрээ байгуулсны үндсэн дээр улсын бүртгэлийн мэдээллийн сангаас мэдээлэл авах, нийлүүлэх эрх бүхий этгээдэийн жагсаалтаас банк болон үл хөдлөх эд хөрөнгийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдийн хасаж, нотриатчдыг үлдээх, үүнтэй холбогдуулан төслийн нэр томъёо, холбогдох зохицуулалтыг өөрчлөхөөр тусгасан байна. Мөн төслийн зохицуулалтыг Иргэний хуульд нийцүүлэх үүднээс үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх, улсын бүртгэлд бүртгэснээр үүсэхээр өөрчилж, улсын бүртгэлийн байгууллагаас өмчлөх эрхийг бүртгэснийг нотлох гэрчилгээг өмчлөгчид олгох, мөн гэрчилгээг дахин олгохтой холбоотой зохицуулалтыг нэмэх нь зүйтэй хэмээн үзжээ. Газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх асуудлыг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн төсөлд заасан дундын мэдээллийн санг ашиглан, иргэнд аль болох хүнд суртал, чиргэдэл үүсгэхгүй байх үүднээс төслийн 28 дугаар зүйлийг өөрчлөн найруулсан байна. Эрхийн улсын бүртгэлд холбогдох өөрчлөлтийг улсын бүртгэлийн байгууллагын даргын шийдвэрээр оруулахаар тусгасан байсныг улсын байцаагчийн шийдвэрээр өөрчлөх нь зүйтэй хэмээн үзсэн гэв. Төсөлд туссан зарим нэр томъёо ижил утгыг агуулж байгаа хэдий ч өөр өөрөөр бичигдсэнийг агуулгад нь тохируулж жигдлэх, хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль дахь зохицуулалтыг давхардуулан тусгасныг хасах, эрхийн улсын бүртгэлд тусгах үнийн талаарх зохицуулалтыг нарийвчилж, тодорхой болгох, хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлагын заалтыг нэмэх зэрэг асуудлыг тусган зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудыг нэгтгэн танилцуулж байгааг ажлын хэсгийн ахлагч танилцуулав.

УИХ-ын гишүүн М.Билэгт, Н.Оюундарь, О.Батнасан нар асуулт асууж, ажлын хэсгийн ахлагч болон Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаас хариулт авлаа. Ингээд ажлын хэсгээс бэлтгэн томъёолсон зарчмын зөрүүтэй 25 санал тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэв. Тухайлбал, төслийн “эцэг, /эх/-ийн нэр” гэсний дараа “өөрийн нэр” гэж нэмж, 1 дүгээр зүйлийн “бүртгэж баталгаажуулахтай” гэснийг “бүртгэхтэй” гэж, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтын “эрхийг улсын бүртгэлд бүртгэсэн цаасан болон цахим хэлбэртэй” гэснийг “эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд байгаа цаасан болон цахим” гэж өөрчилж, 3.1.5 дахь заалтын “улсын бүртгэлийн” гэсний өмнө “эд хөрөнгийн эрхийн” гэж нэмж, 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийн “төрийн нууцад” гэснийг “төрийн болон албаны нууцад” гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн төслийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь заалтыг хасахыг гишүүд 76.9 хувийн саналаар дэмжсэн. Түүнчлэн эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх үүсэх 5 дугаар зүйлийн зарим заалтыг өөрчлөн найруулахын хамт 5.3-5.8 дахь хэсгийг нэмэхийг, газар эзэмших, ашиглах эрхийн улсын бүртгэлтэй холбоотой зохицуулалт бүхий төслийн 28 дугаар зүйлийг өөрчлөн найруулахыг гишүүд олонхийн саналаар дэмжин шийдвэрлэсэн. Дараа нь гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлээд, энэ талаарх санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасахтай холбоотой зохицуулалтыг төсөлд тусгахыг дэмжлээ

Үүний дараа Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил ажлын хэсгийн санал, дүгнэлтийг танилцуулсан. Хуулийн этгээдийн нэртэй холбоотой асуудлыг нарийвчлан зохицуулах журмыг Засгийн газрын журмаар батлах, хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой асуудлаар шүүх, арбитрын шийдвэр гарсан бол хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт үндэслэн улсын бүртгэлийг хийх зохицуулалт нэмэх нь зүйтэй хэмээн ажлын хэсэг үзсэн байна. Мөн бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн нь гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл эрх бүхий байгууллагад шалгуулахаар шилжүүлэх заалтыг нэмэх талаар төсөлд тусгахаар саналын томъёоллыг бэлтгэсэн байна. Хуулийн этгээд санхүүгийн тайлангаа 8 буюу түүнээс дээш сараар дараалан гаргаагүй бол санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасах талаар нийтэд зарлах, ийнхүү зарласнаас хойш 6 сарын дотор хуулийн этгээдээс бичгээр санал гомдол гаргаагүй, дампуурлын хэрэг үүсгээгүй, санхүүгийн тайлангаа гаргаагүй, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр төлбөргүй бол уг хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасах талаарх зүйлийг шинээр нэмж оруулсан гэв. Үүний зэрэгцээ төслийн нэр томъёог бусад хуультай нийцүүлэн жигдлэх, зарим зохицуулалтыг тодруулах зэрэг зарчмын зөрүүтэй нийт 22 саналын томъёоллыг ажлын хэсгээс бэлтгэсэн байна.


Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн үзсэн тул саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэв. Ингээд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив

Дараа нь УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүнээс 2018 оны тавдугаар сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн Бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулсан. УИХ-ын даргын 2018 оны 76 дугаар захирамжаар төвлөрлийг сааруулах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсэг орон нутгийн иргэд, судлаачдын саналаас гадна урьд УИХ-аас авч хэрэгжүүлж байсан арга хэмжээнүүдийн үргэлжлэл болгон нэн тэргүүн төрийн орон нутаг дахь удирдлагын босоо тогтолцоог хэвтээ чиглэлд нь оруулах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Энэ үүднээс 8 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлжээ. Одоо хэрэгжиж буй хуулиар босоо тогтолцоотой байгааг хэвтээ тогтолцоонд оруулах буюу улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь салбар, нэгжийн дарга, улсын бүртгэгчийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргатайзөвшилцөн тухайн шатны Засаг дарга Төрийн албаны тухай хуулиар тогтоосон шаардлагыг хангасан иргэнийг сонгон шалгаруулж томилж, чөлөөлөх тухай зохицуулалтыг нэмэхээр төслийг боловсруулжээ. Хуулийн төсөл батлагдсанаар өмнө нь УИХ-аас төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээнийүргэлжлэл болох бөгөөдорон нутгийн мэргэжлийн байгууллагын удирдлагыг томилохтой холбогдсон зохицуулалт нэг ижил зарчмаар мөрдөгдөх боломжтой хэмээн үзсэн байна. Ингэснээр төвлөрлийг сааруулах үйл явцын дараагийн шатны арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд чухалсуурь болох талаар танилцуулгад дурдав.


Төсөлтэй холбогдуулан асуулт асууж, тодруулга хийх гишүүн гараагүй, харин УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил санал хэлсэн. Төслийн үзэл баримтлалыг дэмжиж буйгаа тэмдэглээд, энэ төслийг Улсын бүртгэлийн багц хуулийн төслүүдтэй нэгтгэх нь зүйтэй гэдэг саналыг илэрхийллээ. Төвлөрлийг сааруулах бодлогын ажлын эхлэл нь эдгээр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, цаашдаа төрөөс иргэдэд үзүүлж буй үйлчилгээ, чиг үүргийг засаг захиргааны нэгж, шатлал, байгууллага, албан тушаалтнуудаар нь ангилж, нарийвчлан зохицуулах шаардлага бий. Үүнтэй уялдан татварын багц хуулийн төслүүд болон Төсвийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэх ёстой гэдгийг тэрбээр хэлж байв. Нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэх, орон нутаг бүр төсөвтэй, эрх үүргийн хуваарилалттай, хууль хэрэгжүүлэх нарийн зохицуулалттай болгох ажлыг УИХ хийх учир холбогдох талууд анхаарал хандуулан ажиллахыг хүслээ. Ийнхүү санал хураалт явуулахад гишүүдийн 75 хувь нь Бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжсэн.

Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 08 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ

Үүний дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 08 дугаар дүгнэлтийг хэлэлцэв. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалт, мөн зүйлийн 31.4 дэх хэсэг, 73 дугаар зүйлийн 73.1, 73.4 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн байна. Тус хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Н.Учрал оролцжээ. Хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт төлбөрт гаргуулсан боловч худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагч төлбөрт тооцон авахаас татгалзсан нөхцөлд гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцааж, түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй байхаар хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэснийг зөрчсөн байна хэмээн дүгнэж холбогдох зохицуулалтыг тус өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалт, 73 дугаар зүйлийн 73.1, 73.4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчөөгүй гэж үзсэн байна. Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохтой холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгох, хууль зүйн техникийн хувьд засаж залруулах шаардлага байгаа талаар Үндсэн хуулийн цэц дүгнэлтэд дурдсан байна.

Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил асуулт асууж, Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн дунд суудлын хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Н.Учралаас хариулт авлаа. Ингээд Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 08 дугаар дүгнэлтэд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт “Гүйцэтгэх баримт бичгийг энэ хуулийн … 31.1.2-т заасан үндэслэлээр төлбөр авагчид буцаасан тохиолдолд түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй.” гэж заасны “… 31.1.2 …” гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн … баталгааг бүрдүүлэх, … хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг зөрчсөн байна” гэснийг хүлээн зөвшөөрөх эсэхээр санал хураалт явууллаа. Ингэхэд хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь татгалзсан бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Шүүх байгуулах тухай хуулийн 2 дугаар зүйлд “Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх”, “Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх” гэж хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 1994 оны 02, 2015 оны 01, 2016 оны 01 дүгээр тогтоолоор хүчингүй болсон Шүүх байгуулах тухай хуулийн холбогдох заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн гэж үзэн дээрх заалтуудыг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болгохоор шийдвэрлэсэн юм. Иймд Шүүх байгуулах тухай хуулийн дээрх заалтыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт нийцүүлэхээр энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.

Үндсэн хуулийн холбогдох заалтыг үндэслэн Багахангай дүүрэгт дүүргийн шүүх байгуулахдаа Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэсэн хоёр шүүх шинээр байгуулахаар төсөлд тусгасан байна. Мөн Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн дагуу Налайх дүүрэгт хууль зүйн хувьд шүүх байгуулах шаардлага үүссэн тул Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийг өөрчлөн байгуулах юм. Төсөл батлагдсанаар Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх байгуулахад 4 шүүгч, 4 ажилтан нийт 8 орон тоо нэмэгдэж, шүүгч, ажилтны цалин хөлс, нийгмийн даатгалын зардал, шүүхийн тамга, тэмдэг, хаяг хийлгэх, тавилга, тоног төхөөрөмж, шүүхийн байрны түрээс, ашиглалтын зардал зэрэг шүүн таслах ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулахад 2018 оны сүүлийн хагас жилд нийт 323,2 сая төгрөгийн нэмэлт зардал шаардлагатай бөгөөд Засгийн газрын нөөц сангаас санхүүжүүлэхээр төсөлд тусгажээ.

Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“Сансрын хөлөг” тоглоом унаж, хүүхдүүд гэмтжээ

Үндэсний соёл амралтын хүрээлэнд эргэлддэг пуужин буюу “Сансрын хөлөг” тоглоом өнөөдөр доош унаж, хүүхдүүд гэмтсэн байна.

Тоглоом дээр байсан хүүхдүүдэд эрүүл мэндийн яаралтай тулсамж үзүүлсэн бөгөөд хүүхдийн амь нас эрсдээгүй болохыг Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Энэхүү ослын улмаас дөрвөн хүүхэд гэмтэж, тэднийг ГССҮТ-д шилжүүлжээ. Одоогоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллага болон Цагдаагийн байгууллагаас хамтарсан шалгалтыг хийж байна. Урьдчилсан байдлаар уг тоглоом нь насжилт өндөртэй, хуучирсан гэдэг дүгнэлт хийжээ.

Үндэсний соёл амралтын хүрээлэн нийт 22 тоглоомтой. Үүнээс “Сансрын хөлөг” тоглоом нь найман хүний багтаамжтай аж. Тоглоом эвдэрч, доош унах үед бүхээгт хэдэн хүүхэд байсныг одоогоор тогтоогоогүй байна.

Сүхбаатар дүүргийн мэргэжлийн хяналтын газраас хэргийн газарт шалгалт хийж, маргааш албан ёсны тайлбар хийнэ хэмээн мэдэгдлээ.

Categories
мэдээ улс-төр

Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний хуульд өөрчлөлт оруулах төслийг дэмжсэнгүй

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2018.06.13/ хуралдаанаар Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хуулийн төслийн үзэл баримтлалын талаар төсөл санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцууллаа.

Орон нутгийн түвшинд төрийн үйлчилгээний үр ашиг, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, анхан шатанд үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий төрийн байгууллагын хүний нөөц, түүний чадавхийг бэхжүүлэх, чиг үүрэг, эрх мэдлийг оновчтой хуваарилах, шилжүүлэх ажлыг дэс дараатай, тогтвортой, тодорхой үе шаттай хийж төвлөрлийг сааруулах үйл явцыг эрчимжүүлэх шаардлага байсаар байгаа аж.

Иймд төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд өмнө авч хэрэгжүүлж байсан арга хэмжээний үргэлжлэл болгон орон нутагт мэргэжлийн байгууллагын удирдлагын томилгооны асуудлаар холбогдох хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэн Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуульд өөрчлөлтийг оруулсан хуулийн төслийг боловсруулжээ.

Орон нутагт мэргэжлийн байгууллагын удирлагыг томилохдоо дээд шатны байгууллагын даргатай зөвшилцөн тухайн шатны Засаг дарга нь томилж байх зарчмыг баримтлан дараах өөрчлөлтийг оруулахаар төсөлд тусгажээ.

Ингэхдээ Ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын сүлжээний нэгжийн албан хаагчийг мэргэжлийн удирдлагаар хангах үүрэг бүхийбайгууллагын даргатай зөвшилцөн тухайн шатны Засаг дарга Төрийн албаны тухай хуулиар тогтоосон шаардлагыг хангасан иргэнийг сонгон шалгаруулж томилж, чөлөөлөхөөр тусгасан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, хуулийг өөрчилснөөр улсын хэмжээнд цаг уурын мэргэжлийн хэчнээн хүний асуудал яригдах вэ хэмээн тодруулсан.

Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин, тус газар нийтдээ 1893 хүнтэй ажиллаж байгаа гэлээ. Нийт 316 суманд 1-5 хүнтэй нэгж ажиллаж байгаа бөгөөд нэгжийн албан хаагчийг тухайн шатны Засаг дарга томилж, чөлөөлөх болбол 1500-1600 хүний асуудал яригдана гэж хэлсэн.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Г.Мөнхцэцэг нар төвлөрлийг сааруулах зарчмыг дэмжиж байгаа ч цаг уурын байгууллагын хувьд онцлогтой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Сүүлийн үед газрын доройтол цөлжилт эрчимтэй явагдаж, нийт газар нутгийн 76.8 хувь нь цөлжилтөд нэрвэгдэн, 774 булаг шанд, 263 гол горхи ширгэсэн гэсэн тоо гараад байгаа энэ үед цаг уурын мэргэжлийн байгууллагыг илүү бэхжүүлж, төрийн бодлогоор дэмжиж байж тулгараад байгаа асуудлыг шийднэ хэмээлээ. 94 жилийн түүхтэй цаг уурын байгууллагын хувьд боловсон хүчнээ бэлтгэхэд ихээхэн цаг хугацаа орсон гэдгийг гишүүд онцлоод олон улсын түвшинд ойртож яваа, өвөрмөц онцлогтой, улсын хэмжээнд цаг уурын мэдээ бэлтгэдэг энэ байгууллагыг хөндөлгүй орхих нь зүйтэй гэж үзэж байна хэмээсэн.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, өргөн мэдүүлсэн хуулийн төсөл нь боловсруулалтын шаардлага хангахгүй байгаа учир төсөл санаачлагчид нь буцаах нь зүйтэй гэсэн горимын саналыг гаргасан бөгөөд тэрхүү горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь дэмжлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Орон нутгийн нөхөн болон дахин сонгуулийн саналын хуудсыг хэвлэж байна

Энэ сарын 24-ний өдөр болох Аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийн бэлтгэл, зохион байгуулалтын ажлын хүрээнд саналын хуудас хэвлүүлэх ажил явагдаж байна. Энэхүү сонгуульд хэрэглэх нийт 30 төрлийн 27 мянга гаруй саналын хуудсыг хэвлүүлэх, хүргүүлэх, хүлээлцэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг ажиллаж байна.

Саналын хуудас хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх үйл ажиллагааны хамгаалалтыг цагдаагийн байгууллага хариуцаж, намын ажиглагчид болон тагнуулын асуудал эрхэлсэн байгууллага хяналт тавьж ажиллаж байна. Хуульд заасны дагуу, саналын хуудсыг санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө санал авах байранд хүргүүлэх ёстой байдаг.