Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Тэ Хён Чөл тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзав

Улсын Их Хурлын гишүүн, Монгол, БНАСАУ-ын парламентын бүлгийн дарга О.Баасанхүү өнөөдөр (2018.06.14) БНАСАУ-ын Ардын дээд хурлын депутат, БНАСАУ, Монголын парламентын бүлгийн дарга, Ким Ир Сений нэрэмжит их сургуулийн захирал Тэ Хён Чөл тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.

Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү Монгол, БНАСАУ-ын уламжлалт найрсаг харилцаа тогтвортой хөгжиж байгааг онцлоод цаашид танай улстай хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүд, хүмүүнлэгийн чиглэлээр болон хоёр улсын парламент олон улсын тавцанд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн төлөө байна гэв.
Ноён Тэ Хён Чөл Монгол-БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, их удирдагч Ким Ир Сен Монгол Улсад айлчилсны 30 жилийн ой 2018 онд тохиож байна. Эдгээр ойн төлөвлөгөөний хүрээнд танай сайхан оронд айлчилж, хоёр орны хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож буйдаа баяртай байна. Энэ он гарснаар Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, мөн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар манай улсад айлчилсан нь бидний харилцаа өргөжин тэлэхэд дөхөмтэй алхмууд боллоо. Дайны байдалтай байсан Солонгосын хойгийн хурцадмал нөхцөл өдрөөс өдөрт сайжирч, энх тайван байдал тогтворжиж байгаад бид баяртай байна. Энэ бүхэнд хүлээцтэй хандаж, манай ард түмнийг дэмжиж байсан Монголын төр засаг, ард түмэнд талархаж байна гэлээ.

Уулзалтад Монголын талаас УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Б.Саранчимэг нар, БНАСАУ-ын талаас тус улсын Ардын дээд хурлын депутат, Пхеньян хотын чихэр, боовны үйлдвэрийн дарга Пак Хён Рёл болон холбогдох албаны хүмүүс байлцав гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харицлах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Д.Гантулгын УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг шийдвэрлэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлнэ. Хуралдаанаар дараах хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

-Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 08 дугаар дүгнэлт;

-Улсын Их Хурлын гишүүнийг чөлөөлөх тухай асуудал;

-Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар нарын 3 гишүүн 2018.02.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-“Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.05.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Иргэний улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-“Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.05.24-ний өдөр өргөн мэдүүлсэн,анхны хэлэлцүүлэг/;

-Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.05.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.05.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-“Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

-Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан нарын 3 гишүүн 2018.05.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

-Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ 2018.04.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

-Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүн 2018.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

-Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүн 2018.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

-Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүн 2018.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

-Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2018.06.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

-Бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүн 2018.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

-Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

-Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

-Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүн 2018.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

-Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нарын 8 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/Улсын Их Хурлын гишүүн Л.Элдэв-Очир нарын 3 гишүүн 2018.06.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

-Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүн 2018.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

-Статистикийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүн 2018.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

-Төрийн хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүн 2018.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

-“Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

-Компанийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбат 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн,төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

-Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа 2018.02.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

-Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 16 гишүүн 2018.06.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэнэ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ-ын уулзалтыг сурвалжилсан сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны зургадугаар сарын 9-10-ны өдрүүдэд БНХАУ-ын Дарга Ши Жиньпиний урилгаар БНХАУ-ын Чиндао хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 18 дахь удаагийн өргөтгөсөн хуралдаанд оролцсон юм.

Энэ удаагийн ШХАБ-ын уулзалтыг Монгол Улсаас хэвлэл, мэдээллийн байгууллагын 20 гаруй сэтгүүлч, зураглаач сурвалжилсан бөгөөд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ-ын уулзалтыг сурвалжилсан сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулж, ярилцлага өгөв.

Ярилцлагын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

“Монгол Улс ШХАБ-ын ажиглагч улс болоод 14 жил болж байннэг а. Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар анх удаагаа энэ уулзалтад оролцлоо. Олон давуу талуудыг олж харлаа. Та бүхэн мөн ажигласан байх.

ОХУ, БНХАУ, Беларусь, Киргиз, Казахстан болон Иран улсын Ерөнхийлөгч, Энэтхэг улсын Ерөнхий сайдтай хоёр талын уулзалтуудыг хийсэн. Хамгийн чухал асуудал нь БНХАУ-ОХУ-Монгол Улсын гурван талт уулзалт байлаа. Уулзалтын үеэр олон жил яригдсан эдийн засгийн коридор буюу хоёр хөршийн худалдааны эргэлтийг улсаараа дамжин өнгөрөөх асуудал байв. Бид энэ саналаа маш тодорхой илэрхийлсэн бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин анх удаагаа энэ төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Мөн “Монгол-Оросын санаачилга-2018” ажил хэргийн хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад айлчилсан Эрхүү мужийн Амбан захирагч Сергей Георгиевич Левченко эдийн засгийн коридор байгуулах төслөө бидэнд танилцуулсан юм. Тэр төслийг нь мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд гардуулж өгсөн.

Би ОХУ-ын Ерөнхийлөгчтэй хоёр удаа уулзаж байснаас бусадтай нь анх удаагаа уулзаж “нүүр хагарлаа”. Хөрш улс болох Казахстан, Киргиз болон далайд гарцгүй гэдэг утгаараа бидэнтэй хамтарч, саналаа илэрхийлдэг, ШХАБ-ын ажиглагч улс болох Беларусь улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенкотой ойр дотно яриа өрнүүлсэн. Мөн Киргизийн Ерөнхийлөгч Сооронбай Шарипович Жээнбеков шинээр сонгогдсон хүн байсан тул баяр хүргэсэн. Ираны Ерөнхийлөгч Хассан Руханитай мөн уулзаж, Монгол-Ираны хооронд байгаа тодорхой ажлуудыг дэмжиж ажиллана гэсэн асуудлыг ярилцсан” гэлээ.

-Энэ удаагийн ШХАБ-ын уулзалтын хүрээнд гол анхаарал татсан асуудал нь яах аргагүй Эдийн засгийн коридор байгуулах асуудал байсан. 2016 онд Эдийн засгийн коридор байгуулах баримт бичигт гарын үсэг зурж, баталгаажуулсан. Түүнээс хойш бодит ажил хийгдээгүй. Энэ удаашралтай байгаа асуудлыг хэрхэн харж байгаа вэ. Бидний талаас санхүүжилтийн асуудал байх шиг байна?

-Мэдээж санхүүжилтийн асуудал бий. Бид ШХАБ-т 14 жил ажиглагчаар явж байна. Хашир байх нь зөв. Гэхдээ өнөөгийн ШХАБ-ын нөхцөл байдал өөр болсон. Өнгөрсөн жил 1.3 тэрбум хүн амтай Энэтхэг, 200 сая хүн амтай Пакистан улс ШХАБ-т элссэн. Энэ бол ШХАБ-ын анх байгуулагдахдаа яригдаж байсан нөхцөл байдлыг өөрчилсөн томоохон хүчин зүйл юм. Илүү эдийн засгийн асуудлыг ярьдаг болсон. Та бүхний анзаарсанчлан Өргөтгөсөн хурал дээр үг хэлж буй төлөөлөгчид бүгд эдийн засгийн асуудлыг шүүмжилж, бодит алхам хийх ёстой гэсэн байр суурь илэрхийлж байсан. Үүний хариу болгож энэ жил ШХАБ-ыг удирдаж байгаа БНХАУ-ын дарга Ши Жиньпин ШХАБ-ын гишүүн орнуудад зориулан 30 тэрбум юанийн шугам нээхээ зарласан. Энэ мөнгө нь яригдаад байгаа дэд бүтцийг холбох ажилд зориулагдах юм. Өөрөөр хэлбэл, үүсгэн байгуулагдаад 22 жил болсон ШХАБ-д Энэтхэг, Пакистан элссэнээр нөхцөл байдал, чиглэл нь өөрчлөгдсөн. Шанхайд байгуулагдсан гэдэг утгаар нь Шанхайн байгууллага гэж үзээд буруу ойлгогдохоор зүйлсийг олон нийтийн сүлжээнд олноор ярьж байна. Мөн энэ жил ШХАБ-ыг БНХАУ даргалж байгаа. Ирэх жил Киргиз улс даргалахаар болсон. Жил бүр ШХАБ-ын орнууд ээлжилж даргалаад явдаг юм.

-БНХАУ-ын дарга Ши Жиньпин 30 тэрбум юанийн шугам нээх болсон хэдий ч үүнийг ШХАБ-ын гишүүн орнууддаа өгөх асуудал яригдаж байна. Бид хэдий ажиглагчийн байр суурьтай ч тээвэр, тэр дундаа төмөр замын тээвэрт хөрөнгө оруулалт татах боломж бий юу. Мөн УИХ ШХАБ-д элсэх асуудлаар хаалттай хуралдаж нийгэм тодорхой мэдээлэлгүй байна. Эдгээр асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?

-БНХАУ-ын дарга Ши Жиньпин “ШХАБ-ын гишүүн орнуудад зориулан гаргаж байгаа…” талаар маш тодорхой ярьсан. Тэдгээр улсууддаа л зарцуулагдах байх. Харин ШХАБ-д Монгол Улс элсэх асуудлаар олон янзын байр суурь байгаа ч УИХ-ын гишүүд маань хүртэл энэ байгууллагын бүтэц, түүх, одоогийн байдал, дараагийн зорилго зэргийг мэдэхгүй байна.

Дэлхийн эдийн засаг АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш хөдөлгөөнд орсон. Мэдээж бид энэ хөдөлгөөний эерэг, сайн талыг нь тусгаж авах ёстой бөгөөд эдийн засгийн энэ хөдөлгөөнөөс хоцорч болохгүй. Хоёр том хөрштэй, далайд гарцгүй орны хувьд бараа таваар, бүтээгдэхүүн борлуулах боломж харьцангуй хомс байна. Бид ОХУ болон БНХАУ-руу экспортын бүтээгдэхүүн гаргахдаа 20-35 хувийн гаалийн татвар төлдөг. 20-35 хувийн өндөр үнэтэй хил давсан бараа, бүтээгдэхүүн мэдээж үнээр өрсөлдөх боломжгүй болно гэдгийг хүн бүр л мэднэ. Гэтэл бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүйгээр улс орон хөгжихгүй, харин үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн зарагдахгүй бол үйлдвэр дампуурна. Ийм энгийн зүйлсээ УИХ-ын гишүүд анхаарах ёстой.

Та бүхэн санаж байгаа бол би нэн тэргүүнд хоёр хөршийн тэргүүнтэй уулзаж гаалийн татвар тэглэх санал тавина гэдгээ хэлж байсан. Ингэж байж бидний бүтээгдэхүүн өрсөлдөөнд орно. Яг үнэндээ цаасан дээр л буугаагүй болохоос 1990 оноос хойш бид эдийн засгийн хоригт орчихоод л яваад байгаа. Тиймээс гаалийн татварыг буулгах, тэглэх нь Засгийн газрын, Төрийн тэргүүнүүдийн үүрэг юм. Ажил эндээс эхлэх ёстой.

Сүүлийн долоо хоногийн дотор ярихад л дэлхий даяар маш олон үйл явдал болж байна. АНУ-ын Ерөнхийлөгч бизнесийн салбараас гарч ирсэн учраас улс төрөө хоёрдугаарт тавьдаг хүн болов уу. Мөн АНУ эдийн засаг болоод бусад бодлогоор дэлхийд тэргүүлдэг учраас АНУ-ын Ерөнхийлөгчөөс хамаарч бүс нутгуудад эдийн засгийн хөдөлгөөн гарч байгаа. Энэ хөдөлгөөнөөс бид хоцрох ёсгүй. Оролцдоггүй юм гэхэд сонсоод, дүгнэлт гаргах ёстой юм. Дүгнэлтээ яаж гаргаснаас шалтгаалж бид цаашдын оролцоо, бодлогоо гаргах ёстой. Тэгэхгүй бол бид 19-р зууных шиг хөмөрсөн тогоонд буцаад орчихлоо. Хулгана хүртэл саван дотор байвал бие, биенээ хэмлэдэг шиг бид олон нийтийн сүлжээ гэдэг зүйлээр бие, биенээ хэмлэхээс өөр зүйлийг хийж чадахгүй болчихсон. Дэлхий нийтэд болоод буй эдийн засаг болон улстөрийн хөдөлгөөнд идэвхтэй оролцдог Монгол Улсыг бий болгомоор байна. Бид байгалийн баялагтай, мал түүхий эдээ хөгжүүлнэ гэдэг ч хил, гаалийн бодлого одоогийнхоороо байвал бид яаж ч чадахгүй. Том гүрнүүд гаалийн татварыг л онцлон ярьж байна. Энэ татварын бодлого нь хөгжлийн бодлоготой уялдаатай тул бид ч гэсэн хоёр хөршөөсөө эхлэн энэ асуудлыг ярьж эхэлсэн.

Манай газар нутгаар дамжин өнгөрөхөд 1000 гаруйхан км байдаг. Энэ бол том газар нутагтай БНХАУ болон ОХУ-ын хувьд бага тоо юм. 2020 он гэхэд манай хоёр хөрш гадаад худалдааны эргэлтээ 200 тэрбум ам.долларт хүргэх гэж байгаа. Тиймээс бид боломжоо сурталчилж, ажил хэрэг болгох шаардлагатай.

-ОХУ-ын талаас судалгаагаа сайтар гаргаарай гэсэн байна. Мөн БНХАУ-ын удирдагч шинэ цикл эхэллээ гэж хэлсэн. Шинэ цикл гэдгийг та хэрхэн харж байна?

-ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль энэ оны гуравдугаар сард болсон. Нөгөө талдаа БНХАУ-ын дарга дахин сонгогдсон. Монгол Улсад найман жилийн дараа Ерөнхийлөгч нь өөрчлөгдсөн. Үүнийг шинэ цикл гэж нэрлээд байгаа юм болов уу. Ингээд шинэ циклийг идэвхтэй алхам хийж эхлүүлэх нь зүйтэй, үүнийгээ ШХАБ-ын уулзалтын үеэр зарлана гэсэн.

Харин Эдийн засгийн коридор байгуулах судалгаа байдаг. Саяхан манай улсад ирсэн Эрхүү мужийн Амбан захирагч Сергей Георгиевич Левченко эдийн засгийн коридор байгуулах төслийг надад өгснийг би ОХУ-ын Ерөнхийлөгчид өөрт нь гардуулсан. Танайхны судалгаа шүү гэсэн баримт болгож өгсөн. Мөн би Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байх хугацаандаа баг, хамт олонтойгоо нийлээд энэ судалгааг хийж байсан. Ямар ч тохиолдолд Сибирь, Манжуур зэрэг өөр замаар бараа бүтээгдэхүүн дамжихаас илүүтэй манай улсаар дамжих нь худалдан авагч болоод борлуулагч талдаа ашигтай. Одоо ажлын хэсэг байгуулагдаж хоёр тал хамтарсан судалгаа хийж, маш богино хугацаанд боловсруулаад хоёр улсын Ерөнхийлөгчид судалгаа очих юм.

-Хоёр талын уулзалтуудаар цаашдаа ажил хэрэг болгоод явах ямар асуудлууд яригдсан бэ. Ялангуяа, Энэтхэг, Киргиз, Казахстаны уулзалтын талаар тийм ч их мэдээлэл байхгүй байна.

-Казахстан улсын Ерөнхийлөгч Н.А.Назарбаев улсынхаа Ерөнхийлөгчөөр удаан ажиллаж байгаа. Цаашдаа тогтвортой ажиллах байх. Тус улсын зүгээс хөрш орны харилцаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаа гэдгээ хэлсэн. Би түүнд нийслэлээ нүүлгэж байгаа бодлого болоод 100 алхам зэрэг хөтөлбөрийнх нь талаар хэлсэн. Тэд биднийг дээрх туршлагуудаас нь судлах хэрэгтэй гэж байсан. Харин Энэтхэгээс нэг тэрбум ам.доллар авах асуудал Засгийн газрын түвшинд идэвхтэй яригдаж байгаа юм билээ. Кино урлаг, түүхийн салбарт хамтарч ажиллах боломжтой гээд улсдаа урьсан.

-Монгол болоод БНХАУ нийлээд дэлхийн түүхий ноолуурны зах зээлийн 95 хувийг бүрдүүлдэг гэсэн асуудал мөн уулзалтын үеэр яригдсан. Энэ салбарын цаашдын хамтын ажиллагааг хэрхэн төсөөлж байна вэ?

-Ноолуурын салбар нь Монгол Улсын экспортын голлох бүтээгдэхүүнүүдийн нэг. Малчид ноолуураар амьжиргаагаа залгуулдаг. Харамсалтай нь бид ноолуураа бүтээгдэхүүн болгож чадахгүй байгаа. БНХАУ-тай буюу Өвөр Монголтой нийлээд бид дэлхийн ноолуурын 90-95 орчим хувийн түүхий эдийг бүрдүүлж байна. Хятад улс, АНУ-ын худалдааны дайн гэж яригдаад байгаа гаалийн татвартай холбоотой асуудалд оёмол бүтээгдэхүүний татвар нэмэгдэх асуудал яригдаж байгаа юм.

Харин манай улс АНУ-ын Конгресст Монгол Улсын оёмол бүтээгдэхүүн, ноолуурыг татваргүй оруулж өгөөч гэсэн хүсэлт тавиад, тус улсын Конгресст лобби бүлэг байгуулагдсан байгаа. Мөн би АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад захидал бичихдээ энэ асуудлаар дэмжлэг хүссэн гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Ингээд манай бүтээгдэхүүн АНУ болон Европ руу татваргүй экспортод гардаг болчихвол бид түүхий эдээрээ нэгдэж, нэг бүтээгдэхүүн гаргаад дэлхийд экспортлож болохгүй вэ, гэдэг санаа л явж байгаа юм.

-ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцох үеэрээ та терроризмтой тэмцэх асуудлыг хөндөн ярьсан. Бусад улсын Төрийн тэргүүнүүд ч Афганистаны асуудлаар тусламж дэмжлэг үзүүлэх ёстой байр суурийг илэрхийлсэн. Энэ чиглэлд бидэнд хамтарч ажиллах ямар боломж байгаа юм бэ?

-ШХАБ-ын гишүүн орнууд Афганистаныг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. Афганистан улс ШХАБ-д элсэх өргөдлөө өгөөд жил гаруйн хугацаа болж байгаа ч ШХАБ-д орох асуудал яригдаагүй байна. Гэсэн ч тус улсад болж байгаа асуудлыг шийдвэрлэхийн тулд ШХАБ-ын улсууд анхаарал хандуулахаа хэлсэн. Харин терроризм гэдэг зүйл манай улсад байхгүй байж болох ч бүс нутагт байгаа тохиолдолд бид хамтарч ажиллах ёстой. Кибер халдлага гэхэд манай улсад хэдийн ороод ирчихсэн. Мөн хар тамхины наймаатай тэмцэх зэрэг асуудлаар бид бусад улсаас дэмжлэг тусламж авах ёстой.

Categories
гадаад мэдээ

Д.Трампт итгэхгүй байхыг Иран улс Умард Солонгост анхааруулжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампт итгэхгүй байхыг Иран улс Умард Солонгост анхааруулжээ. Энэ тухай “Эн-Эйч-Кэй” телевиз мэдээлэв.

Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах тухай хамтарсан мэдэгдэлд Дональд Трамп болон Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нар өнгөрсөн мягмар гарагт гарын үсэг зурсан билээ. Энэ талаар Ираны засгийн газрын албан ёсны төлөөлөгч Мохаммад Багер Нобахт сэтгүүлчдэд ярихдаа “Ким Жөн Уныг гэртээ ч харьж амжаагүй байхад Д.Трамп байгуулсан хэлэлцээрээ цуцалж чадах хүн” гэжээ.

Түүнчлэн тэрбээр Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрээс АНУ-ыг гаргаж, Ираны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээг сэргээхээр шийдсэнээ Д.Трамп зарлаад удаагүй байгаа тухай цохон тэмдэглэжээ. АНУ-ын хийсэн алхам нь тус улсын явуулж буй дипломат бодлогод итгэх итгэлийг алдагдуулж, Умард Солонгостой хийж буй яриа хэлэлцээнд нөлөөлнө гэж шүүмжлэгчид үзэж байгаа аж.

Categories
мэдээ цаг-үе

О.Баасанхүү: Д.Гантулга зөв шийдвэр гаргалаа

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.


-УИХ-ын гишүүн Д.Гантулга өөрийн хүсэлтээр гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх саналаа гаргалаа. Уг шийдвэрийг та юу гэж дүгнэж байна?

-Бүгд харж байгаа. УИХ-ын үндсэн үүрэг гэдэг бол тэгш эрхийг тогтоох ёстой. Нэг талд нь жирийн иргэн, нөгөө талд нь УИХ-ын гишүүн. Шүүхэд орлоо гэхэд нэг нь албан тушаалтай, нөгөөх нь албан тушаалгүй байх юм бол хэцүү. Түүнээс шударга ёсыг шүүх тогтооно. Тэгш байдлыг УИХ тогтооно. УИХ-ын гишүүд хавтаст хэргийг уншаагүй учраас тэгсэн, ингэсэн гэж дүгнэлт хийхэд тун хүнд. Би нэг зүйлд хатуу байр суурьтай байгаа. Хүн эхнэрээ хуурч, бохир заваан зүйл хийж явсан гэх хэл ам гарч байгаа тохиолдолд энэ асуудлаа эртхэн цэгцэлж, нэг талдаа гаргах ёстой байсан. Д.Гантулга бол залуухан хүүхэд шүү дээ. Цаашдаа маш олон даваа, ирээдүй байгаа гэдэг утгаараа зөв шийдвэр гаргалаа л гэж бодож байна.

-УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг УИХ-ын чуулганаар хэлэлцсэн. УИХ дээрх гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн. Таны хувьд ямар байр суурьтай байв?

-Би гишүүдийг татах ёстой гэдэг хатуу байр суурьтай байсан. Учир нь УИХ гэм буруутайг нь тогтоож байгаа юм биш. Тэгш байдлыг л тогтоож байгаа. Гэтэл МАН, АН-ын бүлэг хоорондоо тохиролцоод энэ залууг татаж авсан. Авч үлдсэн. Бүр миний хажууд “Танайх яахын. Үнэн биз дээ” гэхэд нөгөөдүүл нь “Манайх яг хэлсэндээ” гэж ярьж байсан. Энэ бол надад таалагдаагүй. Би хэдий энэ хэдтэйгээ мөр зэрэгцээд сууж байгаа ч гэсэн ёс зүйн асуудал дээр хатуу байна. Би хамгийн анх хүчирхийллийн эсрэг лобби бүлэг байгуулж гаргасан. Лобби бүлгийнхээ шугамаар гэр бүлийн хүчирхийлэл тэр дундаа хүчингийн хэрэгтэй холбоотой хөнгөрүүлсэн заалт, ажлын байрны бэлгийн дарамт, биеэ үнэлэлтийг орон байраар хангасан асуудлыг хүчингүй хэмээн үзчихсэн заалтуудыг эсэргүүцсэн. Энэ асуудлыг оруулж ир гээд одоо ч ажлын хэсгийнх нь ахлагчтай нь муудалцаад явж байна. Тэр утгаараа иймэрхүү асуудал дээр хатуу байр суурьтай байгаа. Харамсалтай нь би 74 хүний эсрэг зогсож чадахгүй.

-32, 33-ын бүлгийнхэн Д.Гантулга гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхт санал зөрөлдсөн гэж яриад байна л даа. 33 бүлгийн зүгээс залуу гишүүнээ авч үлдэхийн төлөө багагүй хичээсэн гээд байгаа?

-МАН, АН хуйвалдсан байхгүй юу. АН-аас орж ирсэн гишүүд нь МАН-ыг дэмжээд л гаргасан санал шүү дээ. Дотор нь байгаа хүний хувьд би бүгдийг мэдэж байна. Харамсалтай нь нууц санал хураалтын үеэр цахим хуудсаараа шууд бичлэг хийж болохгүй. Ард түмэн бодит байдлыг ажиглаж, хэн нь үнэн, худал яриад байна гэдгийг мэдэж байгаа байх гэж найдаж байна. Би 2012 оны зургадугаар сарын 29-нд тангараг өргөснөөсөө хойш үргэлж гүтгүүлж явна. “Жи тайм” дампуурсан ч, Засгийн газар огцруулахад ч Баасанхүүтэй холбоно, буруутгана. “Номхон морийг ноолж болдог” гэдэг шиг л байна. Тиймдээ ч би сүүлийн хоёр жил шударга ёсыг тогтоохын тулд хэвлэл мэдээллийн байгууллагын зохион байгуулалттай гүтгэлэг, хүний нэр төрд халддаг өөрсдийгөө улстөрчид гэж нэрлээд байгаа хүмүүсийн эсрэг ч явж байна. Улстөрч хүн шүүмжлүүлж, хардуулалгүй л яахав. Гэхдээ үнэндээ Д.Гантулгын энэ асуудал бол МАН, АН-ын хоёр бүлгийн л ажил. Тэр бол баталгаатай. Наймаалцаад л хоёр бүлэг саналаа нэгтгээд ороод ирсэн. 32, 33-даа ч биш.

-Дээрх гишүүдийн эрхийг түдгэлзүүлээгүйд иргэд ихээхэн бухимдалтай байгаа нь анзаарагдлаа. Үүнээс үүдэн энэ удаагийн парламент ёс зүйгүй, чадамжгүй байна гэж дүгнэх хүмүүс ч байна. Таны хувьд юу гэж дүгнэж байна вэ?

-Энэ парламент маш сайн чадамжтай байгаа. Нэг нам 65 гишүүнтэй, бараг коммунизм тогтоосон ч болохоор үнэмлэхүй ялалттай байгаа шүү дээ. Тэгэхээр чадамжийн хувьд маргаад хэрэггүй. Хүсвэл дуртай үедээ хурлаа хийнэ, хуулиа батална. Үүн шиг давуу эрх гэж байхгүй. Зүгээр л хуучин ах нарын хийж байгаа тэмцэл өнөөдөр дуусахгүй байна. Өмнөх Засгийн газрыг хэн унагаасан гэж та бүхэн бодож байна. Би л лав Сү.Батболдыг гэж бодож байгаа. Учир нь мань хүн юун дээр ч очоогүй хэрнээ улс төрд хамгийн их нөлөөтэй. Тэр утгаараа Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагаагаад У.Хүрэлсүхийнхийг гаргаж ирсэн. Одоо У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагаагаад өөрийнхөө Засгийн газрыг гаргах гэж байна уу гэж харж байна. Яасан ч дуусдаггүй шунал, эрх мэдэл юм. Монголын ирээдүйг сайхан байлгая гэвэл зарим нэг улстөрчид зайгаа тавьж өгөх болсон. Тэгж байж гэмээнэ дараагийн үеийнхэн нь ажлаа зөв хийж явна.

-ШХАБ-д нэгдэх эсэх асуудал мөн л иргэдийн дунд маргаантай хэвээр байна. Та юу гэж бодож байгаа вэ?

-Мэддэггүй сэдвээрээ мэддэг юм шиг ярьдаг хүн дэндүү олон болжээ. Ер нь гадаад бодлогоо Монгол шиг илэн далангүй шүүмжлээд байдаг орон байхгүй. Эхлээд ШХАБ-д элсэх эсэх нь ямар үр дагавартай талаар мэргэжлийн хүмүүс, судлаачид нь дуугарах хэрэгтэй. Гадаад яам нь судалгаа мэдээллээ ч өгөг. Гишүүд 50 гаруй конвенцийг уншиж үзье. Ер нь бол Монголоо л бодох хэрэгтэй. Өмнөх болон энэ удаагийн парламентад 10-15 хувь нь л Монголоо бодож байна. Бусад нь цаг хугацаа нөгцөөсөн, улс орноороо тоглож өөрийгөө нэр алдартай болгох гэсэн л хүмүүс болжээ.

Би гайхаж байна. Эрдэнэтийн 49 хувийг Монголд оруулаад ирсэн. Оруулж ирэх процесс тийм амархан биш шүү дээ. Маш хэцүү. Одоо үүнийг нь төр авах хэрэгтэй. Үүнийг дахиад л тэр 65 шийднэ. Хүний өмчийг тогтоолоор бус хуулиар авдаг. Тэр хуулийн төслийг нь өргөн барьж байхад унагаасан. Надтай 51 хувийн ТУЗ-ын гишүүн орж ирээд уулзсан. “Одоо яах вэ. Гарцгүй болчихлоо. Мухардчихлаа” гэж байна. УИХ-ын тогтоолоо засах хэрэгтэй. Өөрсдөө гацаанд орж, олигархжчихаад хамгийн сул дорой юм шиг, үнэн зөв ярьж байгаа нөхөр дээр нь тохдог. Өөрсдөө хөшигний ард “Гэрээгээ хувааж идье. Гэзэгтийг баяжуулъя” гээд суугаад байгаа юм. Гэзэгтийг гэж байгаа шүү бүр. Хэнийг хэлж байна вэ гэдгийг олигархууд сайн мэднэ.

-Хаврын чуулган өндөрлөхөд сар хүрэхгүй хугацаа үлджээ. Таны зүгээс амжиж батлагдаасай гэж хүлээж буй хуулийн төсөл байгаа юу?

-Би бол аль болох бага л хууль орж ирээсэй гэж хүсэж байгаа. Одоо татварын хууль гэж аймшгийн хууль орж ирж байна. Хуулийн байгууллагынхан хүнийг шантаажилж баяждаг. Хэрэг тохно, шалгана. Сүүлдээ бизнес рүү нь орно. Нэг ширхэг цаас ч гэсэн олддог юм. “Чи татварынхаа тайлангаа санаатайгаар буруу өгсөн байна” гээд 10 жилийн ял өгдөг. Түүнийг болиулчихсан байсан чинь орлого нь багассан юм уу хаашаа юм, дахиад л орж ирж байна. Бизнесмэн гишүүддээ анхаараарай, хянаарай гэж хэлсэн.

Ганц гишүүн бол хуулиа батлуулахын тулд лобби бүлэг байгуулдаг. Гэтэл манай 65 намайг дуурайгаад зөндөө лобби бүлэгтэй болчихсон. Энэ бол парламентийн гажуудал. Дэлхийн жишигт бүлэггүй бол өөрийнхөө санаачилсан хуулийг лоббидож батлуулдаг. Тэтгэвэр, үйлдвэр үйлчилгээ, ажилгүйдэл, нийгмийн асуудлаар тодорхой хууль санаачлаад өөр намын арай ойр дотно гишүүндээ өргөн барьчихаач ээ гээд өгнө. Хэрэв тэр хууль батлагдвал Баасанхүүгийн ажил биш. Тухайн гишүүний л ажил болох юм. Хамгийн гол нь ард түмэнд л хэрэгтэй байх нь чухал.

-Ази, Номхон далайн бүсийн орнуудыг парламентчид болон олон улсын хүн ам зүйн бодлогын мэргэжилтнүүд төрийн ордноо чуулаад байна. Уг арга хэмжээний талаар тодруулаач?

-Би Ази, Номхон далайн парламентийн холбооны дэд ерөнхийлөгч юм. Үүнийхээ хүрээнд Ази, Номхон далайн бүсийн орнуудыг парламентчид болон олон улсын хүн ам зүйн бодлогын мэргэжилтнүүдийн зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд парламентийн гишүүдийн чадавхыг бэхжүүлэх, насжилт, төрөлт ба залуучуудыг эрх мэдэлжүүлэх сэдвээр зөвлөгөөн болж байна. Хойд Солонгосын парламентийн бүлгийн даргын хувьд энэ хуралд Хойд Солонгосын төлөөллүүдийг оруулсан. Мөн Хятад, Япон, Өмнөд Солонгосын төлөөлөл хамрагдаж байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сайн монгол

-ЭСЭЭ-

Хэдэн жилийн өмнөхөн. Солонгост хараар ажиллаж байсан залуус гал түймэр рүү амь өрсөн ороод олон хүний амь аварчээ. Төрөлхийн хүнлэг зөнгөөрөө улаан гал руу орсон залуус бүх юм болоод өнгөрсөн хойно сая “өөрсдөө оршин суух зөвшөөрөлгүй”-гээ санаж зугтаасан байна. Хүн алчихаад зугтаадаг этгээдтэй хөөцөлддөг солонгос цагдаа энэ удаа хүний амь аварчихаад “хэргийн газраас зугтаасан” нөхдийг эрэх сонин ажилтай болжээ. Тэдний цагдаа эрсэн юмаа олдог онцлогтой тул монгол залуусыг газрын гаваас олоод иржээ.

Саяхан даа. Герман улсад цагаанаар сууж байсан монгол залуус дээрэмчнийг барьжээ. Хөөрхий ядарсан эмгэнийг нэгэн балмад этгээд гэгээн цагаан өдрөөр дээрэмдээд зугтаасан байна. Мөн л төрөлх совиндоо хөтлөгдсөн монгол залуус дээрэмчнийг хөөн барьж аваад цагдаад тушаажээ. Өөрснөө цагдаагаас нуугдах шалтгаангүй байсан тул гэмт этгээдийг чихдээд очсон байна. Өрнө, дорногүй бидний хүн чанар, сайхан сэтгэлийг гайхаж байна.

Бидэнд сайн сайхан юм юутай олон. Хэдийгээр гадаадад энхийг сахиулахаар явуулсан дайчид нь нэгнийхээ юм зорж байсан тонгорогон дээр гурав, дөрөв дахиж уначихаад ирдэг ч гэсэн. Дарга удирдагч нар нь андуурамтгай, улсын ба амынхаа түрүүвчийг ялгахаа больчихдог ч гэсэн хүн амын үндсэн натур нь гэгээн болоод өгөөмөр. Тал нутагтаа эрх дураараа өссөн монголчууд бид ядуу дорой нэгэндээ дээрэлхэхийг үнэхээр тэвчдэггүй. Бас хэн нэгнийг үхлийн аман дээр орхиод мөрөө хөөдөггүй. Уудам тэнүүн нутагтаа бие биеэсээ болоод засаг захиргаанаасаа, шүүхээсээ, мөрдөн, шоронгоосоо хол амьдардаг хүмүүс аливаа асуудлыг газар дээр нь шийдээд явах нь амьдралд илүү нийцтэй байснаас үүдэлтэй байж мэднэ. Хэн нэгнийг гомдоож байгаа этгээдийг дор нь залхаагаад, өмгөөлөл хэрэгтэйд нь тэр даруй өмгөөлөл үзүүлээд, тайтгарал хэрэгтэй нэгийг нь газар дээр нь тайтгаруулаад явж байна гэсэн үг. Хэрүүл маргаан, гомдол, нэхлийг засаг захиргааны журмаар шийднэ гэвэл наанадаж орон зайн, цаанадаж цаг хугацааны бэрхшээл гарна. Хятадын нэг кино байдаг даа. Чан Имоугийнх билүү дээ. Нэг эмэгтэй тосгоныхоо даргатай заргалдаад явдаг. Байн байн хот, мужийн төв ороод, асуудал нь шийдэгдэхгүй чирэгдээд өчнөөн уддаг. Гэтэл явцын дунд заргалдагч талууд хоорондоо сайндаад бараг эжий ахай болоод байтал гэнэт зарга шийдэгдээд тосгоны даргыг нь барьж аваад явчихдаг юм. Иймэрхүү юм ч болдог л байсан биз.

Том нутагтаа тоо нь цөөхүүлээ явсан монголчуудад хүн хамгийн үнэтэй капитал байсан. Хүнийг хэзээ ч удам гарал, бутач, хууль бус төрснөөр нь гадуурхдаггүй. Хүнийг үргэлж эн тэгш үзэн “эрдэнэт хүмүүн” хэмээн дээдлэн нэрлэдэг. Хэдийгээр дундын бизнес, дундын эрх гэхээр юм хотынхныг бодвол хамаагүй багатай нүүдэлчид харилцан хамаарлаар багатай нь үнэн боловч бие биедээ тусламтгай чанар нь гээгдсэнгүй. Хүн хүчний тусламж, дэмжлэг үргэлж тэдэнд хэрэг болдог байж. Гэрээ ачаалж, малаа хяргаж байгаа айлын гадуур зүгээр өнгөрөөд явчихыг ёс бус гэж үзнэ. Заавал ачаа таталцаж, үгүйдээ ганц хонь хяргаж өгөөд мордохыг үүргээ гэж үзнэ. Бие биеэсээ үл хамааран мөрөө хөөж амьдардаг тул эрх ашгийн нэгдэлтэй байж чаддаггүй сул талтай ч хүнийг гэсэн хүний унаган энэ чанараа бид одоо ч хадгалсаар байгаа.

Хүч дорой нэгнээ зөнгөөрөө хамгаалдаг хүний хамгийн нандин чанар нь хотшин иргэншихийн хэрээр хувиран өөрчлөгддөг байна. Огт алга болчихож байгаа ч юм биш. Дорой буурайг өмгөөлөх, цадиггүй амьтасыг залхаах хуультай болж, түүнийгээ гүйцэтгэх байгууллага ч бодож олжээ. Хүн зодсон этгээдийг газар дээр нь нэвширтэл балбах замаар шударга ёсыг хэрэгжүүлээд цөмөөрөө уужуу амьсгалан харихаа больсон байна. Зодсон зодуулсан талын гэм бурууг нарийн шүүх ба хэрэгтнийг залхаан хохирогчийн бах тавыг хангах талаас илүү учирсан хохирлыг барагдуулах талыг чухалчлах болж гэхчлэнгээр өөрчлөгджээ.

Ингээд ирэхээр хүмүүсийн бие биеэ өмөөрөх арга барилд бас хувирал гарчээ. Хүнийг өмөөрөх, шийтгэх, гэмт этгээдийг барих үүргийг жирийн хүмүүс биедээ хүлээх нь наанадаж тогтоосон хууль ёсоо цалгардуулах үүд хаалгыг нээж байгааг ч анзаарсан байна. Ингээд цагдаа, мөрдөн, шүүх,шорон хөгжжээ.

Нөгөө талаас хотшин иргэнших явцад хувь хүмүүс өмч хөрөнгөтэй болж хүчирхэгжжээ. Иргэншил гэдэг нь ерөөсөө хувь хүнийг нийгмээс илүү хүчирхэг болгодог механизм ажгуу. Хувь хүн хүчирхэг, халдашгүй үлгэрлэвэл тусгаар улсын байдалтай болоод ирэхийн хэрээр бие биеэсээ зайгаа барьдаг аж.

Хэрвээ хээр талд нэг хүн хэвтэж байвал тааралдсан нэгэн заавал очиж түүнд тусламж хэрэгтэй эсэхийг асууна. Асуугаад зогсохгүй хээр ганцаар нь хэвтүүлэхгүй байх бүхий л арга хэмжээг авна. Харин хот газар тэгэхгүй. Хүн муухай болсондоо ч биш. Өөрийнх нь эрх ашгийг зөрчилгүйгээр гудманд унтаж байгаа хүнийг оролдох, яагаад ингэж байгааг асуух нь наад зах нь тэрхүү хэвтэгчийн дотоод асуудалд хөндлөнгөөс оролцсон хэрэг болно. Яг л тусгаар улсын хэрэгт оролцож байгаа аятай. Хэрвээ манай оронд зуд боллоо гэхэд “яав ийв,та нар” гээд Орос юмуу, Хятадын цэрэг өвс ачаад ороод ирвэл ямар байх вэ? Яг л түүн шиг.

Хот өөрийн хүнлэг үзэлтэй, арга барилтай. Харамсалтай нь удаан бөгөөд хүнд сурталтай. Харин бид иргэн суурьшиж байгаа ч гэсэн ядуу доройгоо шууд өмгөөлөн хамгаалах, шударга ёсыг газар дээр нь биечлэн сэргээх халуун дулаан сэтгэлээ хадгалсаар яваа билээ. Саяхан даа, Америкт нэгэн монгол залуу зэвсэгт дээрэмчинд буудуулжээ. Сургийг нь дуулахнээ эхлээд дээрэмдүүлсэн байна. Дараа нь зэвсэгт дээрэмчнийг барих, улмаар хохирлоо барагдуулах үүргийг өөртөө хүлээн араас хөөж яваад буудуулжээ. Өрнө дорногүй бидний хүнч, өгөөмөр халуун сэтгэлийг бахдаж байна. Гэхдээ бидний гэнэн хонгорыг хамтад нь гайхах бөлгөө.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улс-БНХАУ-ын Консулын зөвлөлдөх уулзалт Бээжин хотноо болно

Монгол Улс-БНХАУ-ын ГХЯ-д хоорондын Консулын 19 дэх удаагийн зөвлөлдөх уулзалт Бээжин хотноо 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр болов.
Уулзалтад монголын талаас ГХЯ-ны Консулын газрын захирал Я.Ариунболд, БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Д.Ганхуяг, ХЗДХЯ-ны Гэрээ эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга Т.Бат-Өлзий, УДШ, УЕПГ, ГИХГ, ЦЕГ-ын төлөөлөл болон Монгол Улсаас БНХАУ-д суугаа ДТГ-ын тэргүүн нар, хятадын талаас ГХЯ-ны ГХЯ-ны Консулын газрын дарга Гуо Шяочун тэргүүтэй төлөөлөгчид оролцсон бөгөөд цаашид консулын харилцааг дунд болон зорилтот урт хугацаанд хөгжүүлэх, Монгол Улс – БНХАУ-ын ГХЯ-д хоорондын Консулын зөвлөлдөх уулзалт болон Хууль зүйн яамд хоорондын зөвлөлдөх уулзалтын механизмыг хамтатгах, иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах, ялангуяа хулгай, цахим залилангийн гэмт хэрэг, хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллах, консулын хамгаалалт буюу иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, асуудлаар тус тус ярилцаж, Шанхай, Манжуур хотуудад Монгол Улсын консулын төлөөлөл байгуулах асуудлаар санал солилцов.
Энэхүү Зөвлөлдөх уулзалт нь Монгол Улс, БНХАУ-ын тэргүүн нарын уулзалтын дараа зохион байгуулагдаж буй хоёр талын анхны уулзалт гэдгийг онцлон тэмдэглэж, харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг болох консулын харилцааг Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан шинэ шатанд гаргахаар тохиролцов.
Уулзалтаар Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын “Ялтан шилжүүлэх”, “Иргэний болон эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх” хэлэлцээрүүдийн хэрэгжилтийг идэвхижүүлж ахиц гаргахаар болов. Мөн иргэдийн эрх ашгийг хамгаалах ажлын хүрээнд тулгамдаж буй асуудлуудыг нэг бүрчлэн ярилцаж тодорхой арга хэмжээ авахаар талууд тохиролцоонд хүрэв.
Зөвлөлдөх уулзалтын хүрээнд манай төлөөлөгчид БНХАУ-ын ХЗЯ, Ардын дээд шүүх, Ардын дээд прокурор, НАХЯ-ны Хар тамхитай тэмцэх газар, Цагаачлалын алба зэрэг байгууллагуудын удирдлагатай уулзана.
Монгол Улс-БНХАУ-ын ГХЯ-д хоорондын Консулын зөвлөлдөх уулзалт анх 1994 онд болж байсан бөгөөд 20 дахь удаагийн уулзалтыг 2019 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болов.
Categories
мэдээ улс-төр

Д.Гантулга гишүүний өргөдлийг хүлээж авах эсэхийг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхэлнэ.

Чуулганы хуралдаанаар энэ долоо хоногт Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 08 дугаар дүгнэлт болон УИХ-ын гишүүнийг чөлөөлөх тухай буюу Д.Гантулга гишүүний өргөдлийг хүлээж авах эсэхийг хэлэлцэнэ. Мөн “Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” тогтоол, Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төсөл, болон Улсын бүртгэлийн багц хуулийн төслийг хэлэлцэхээр тогтсон байна. Түүнчлэн Орон нутгийн хамгаалалтын тухай, Дайчилгааны тухай, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Татварын багц хуулийн төсөл, Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл зэрэг 33 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр товложээ.
Categories
мэдээ нийгэм

Зургадугаар сарын 14-нд болох үйл явдал

Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

09.00 цагт ГХЯ-нд Зүүн хойд Азийн аюулгүй байдлын тухай “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын V бага хурал болно.

09.00 цагт АТГ-ын дэргэдэх “Олон нийтийн төв”-д АТГ, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага хамтран “Оффшор бүс нутгийг ашиглан мөнгө угаахтай тэмцэх олон улсын туршлага” сургалт зохион байгуулна.

09.00 цагт “Blue Sky” зочид буудалд Монгол дахь НҮБ-ын Хүн амын сан, Үндэсний статистикийн хороо хамтран явуулсан “Жендэрт суурилсан хүчирхийллийн тархалтын судалгаа”-г танилцуулна.

09.00 цагт Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт “Шүүхийн захиргааны хөгжлийн чиг хандлага: Чиг үүрэг ба загвар” онол-практикийн олон улсын бага хурал болно.

09.00 цагт “Blue Sky” зочид буудалд Азийн хөгжлийн банк, ЗТХЯ хамтран хэрэгжүүлсэн “ROAD SAFETY TA-9137 MON WORKHOP” төслийн тайлангийн хурал болно.

09.00 цагт Корпорейт зочид буудалд “Монгол орны байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээ” төслийн хаалтын семинар болно.

09.30 цагт МҮХАҮТ-д Европын Холбооны зах зээлд бараагаа нийлүүлж буй дотоодын аж ахуйн нэгжүүдийг танилцуулах, бүтээгдэхүүн экспортлох хүсэлтэй компани, хувь хүмүүст мэдээлэл өгөх зорилготой өдөрлөг болно.

10.00 цагт “MN Tower”-т “Үндсэн хууль ба Боловсролын эрс шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлэг болно. Утас. 88182571

10.00 цагт Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт “Төрийн тусгай албан хаагчдын нийгэм, сэтгэл зүйн тулгамдсан асуудал”, “Хөдөлмөрийн чадвар алдалтыг бууруулах түүнээс урьдчилан сэргийлэх” хэлэлцүүлэг хэлэлцүүлэг болно.

10.00 цагт Дамбадаржаад байрлах “Монголын ойн аж ахуйн сургалтын төв”-д БОАЖЯ-наас “Дэлхийн цөлжилттэй тэмцэх” өдрийг тохиолдуулан “Байгаль орчны Форум” зохион байгуулна. Утас:89152088

10.00 цагт МУИС-ийн Номын санд “Хүнд хортой металлын бохирдолтой газар зохицон ургадаг ургамлууд” олон улсын симпозиум болно.

11.00 цагт Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд “Хааны эрэлд-2018” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн нээлт болно.

11.00 цагт Сүхбаатарын талбайд “Цусны донорын дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний нээлт болно.

11.00 цагт 21 дүгээр хороололд Сонгинохайрхан дүүрэгт Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр барьж буй Жишиг нэгдсэн эмнэлгийн барилга, угсралт бүтээн байгуулалтын нээлт болно. 99179899, 86885060

13.00 цагт Монгол-Япон төвд ХНХЯ, Япон улсын ЖАЙКА байгууллагатай хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дохионы орчуулга, үсгэн тайлбар, дуут тайлбарыг Монголд нэвтрүүлэх семинар зохион байгуулна. Утас:99556825

14.00 цагт Нээлттэй нийгэм форумд Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болно.

Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсын төрийн соёрхолт түүхч О.Батсайхан: Хятадад дагаар орж тусгаар тогтнолоо алдсан зурвас үе Монголд бий

ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэмтэн, Монгол Улсын төрийн соёрхолт, түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайхантай ярилцлаа.


-Тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн түүхээс нэг үйл явдал анхаарал татдаг. 1915 онд Орос, Хятадын шахалтаар Монгол Улсыг Хятадын бүрэлдэхүүн дэх автономит буюу өөртөө засах эрхэт улс болгосноос дөрвөн жилийн дараа урд хөршийн цэргүүд Өргөөг эзэлж тусгаар тогтнолоо алдсан зурвас үе Монголын түүхэнд бий. Богдын засаг унасан гол шалтгаан нь юу байсан бэ?

-Түүхээс сургамж аваагүйн тод жишээ байх. Хоёр зуун жил харийн эрхшээлд байснаа тийм амархан мартаж, хүний урхинд орж Чин И-гийн хятадаар бичсэн 64 зүйлийг монголчлон дотроосоо засаг төрөө устгах атгаг санаа гаргасан л даа. Үүнийг мэдсэн Богд хаан ихэд хилэгнэн уурлаж, хятад элчин Чин И-г Монголын засгийн зарим эрх баригчидтай нам нийлж, хуйвалдав хэмээн зэмлэн буруушаасан тухай Магсар хурц тодорхой бичсэн байдаг. Нөгөө талаас тусгаар тогтнол, эрх чөлөө маш эмзэг шүү гэдгийг сануулсан хэрэг гэж хардаг.

Тусгаар тогтнол мэдээж улс орны хил хязгаар доторх газар нутаг, бүрэн эрхт байдлын халдашгүй байдал дээр тогтдог. Үүнээс гадна бүс нутаг, олон улсын орчины нөхцөл байдал ч нөлөөлөх нь бий. Тухайн үед манай хойд хөршид 1917 оны хувьсгал дэгдэж, дотооддоо самуунтай болсон юм. Үүнийг далимдуулан хятадууд түрэмгий бодлого явуулсан нь Чин И –гийн 64 зүйл, Сюй Шү Жаний цэргийн түрэмгийллээр илэрсэн хэрэг.

-Тухайн үед өрнөсөн үйл явдлыг та хэрхэн хардаг вэ. Тусгаар тогтнолоо алдахад Монголын лам, ноёдоос ямар хүмүүс голлох нөлөө үзүүлсэн бол?

-Ерөнхий сайд байсан Бадамдоржийг ихээр муучлан хэлэх нь бий. Хятад боловсролтой, Хятадын талыг баримталсан бодлогыг тухайн үед илүү дэмжсэн учраас тэр хүн Сюй генералын хятадаар бичсэнийг монгол хэл рүү хөрвүүлсэн байх. Хятадад дагаар орох тэр бичигт Засгийн газрын Ерөнхий сайд Бадамдорж тэргүүтэй бүх сайд нар гарын үсэг зурсан гэсэн утгатай өгүүлбэр сурвалжид бий. Гэхдээ Богд хаан гарын үсэг зураагүй, мөн тамгаа дарж батламжлаагүй юм.

-Автономит засгийг устгаж тусгаар тогтнолоо алдахад манай зарим ноёд, лам нар урд хөршөөс илүүгээр оройлон оролцсон гэх нь бий. Та энэ байр суурьтай санал нийлэх үү?

-Санал нийлэхгүй. Монгол ноёд, лам нар оройлон оролцоогүй. Хүрээнд сууж байсан хятад сайд Чин И эхэлж, хятадаар бичиг бичээд зарим хүмүүсийг өөртөө татаж, нам нийлж, сэм хуйвалдах ажил зохион байгуулсан байх. Дараа нь харин Сюй генерал Чин Игээс өрсөж нэр төр олж авахын тулд цэрэг дайчлан, улаанаас хамгаалах нэрийн дор уг үйл явдлыг хүчээр хийсэн хэрэг. Богд хаан, Бадамдорж хоёрыг Бээжинд хүргэж, хэрэг шийтгэнэ хэмээн айлган, Богд хааны заларч байсан ордонг тойруулан зэвсэг бүхий хятад цэргүүд жагсааж сүрийг үзүүлсэн гэж түүхэн эх сурвалжид бичсэн байдаг.

-Шанзав Бадамдорж анх удаа тусгаар тогтнох хүсэлтийг хойд хөршид тавьсан гавьяатай ч 1919 онд “Монгол хэцүү, ядуу учраас том улсын нөмөр бараадъя” гэж хүчтэй дуугарсан хүмүүсийн нэгд багтдаг. Тухайн үед Бадамдоржоос өөр хэн хэн Хятадад дагаар орох байр суурьтай байсан бэ?

-1900 онд Богд гэгээнтэн Оросын эзэн баатар Цагаан хаанаас мөнгө гуйх нэрийн дор “Үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцэл өрнүүлмээр байна, тусална уу” гэсэн хүсэлтийг нууцаар илгээсэн байдаг. Богд гэгээний нууц элч төлөөлөгчдийн нэг нь Шанзавын яамны тэргүүн түшмэл Бадамдорж, нөгөөх нь хутагтын сойвон Цэрэн-Осор лам. 1911 онд Манжаас салж, тусгаар тогтнол, төр улсаа сэргээх үндэсний тэмцэлд ч Бадамдорж өөрийн хувь нэмрээ оруулсан нэгэн. Хожим Монгол Улсын Ерөнхий сайдын алба хашиж байхдаа 1919 онд Хятадад дагаар орох бичигт гарын үсэг зурсан тухай дээр ярьсан. Уг бичигт Засгийн газрын бүх сайдууд гарын үсэг зурсан гэдэг юм.

-Бадамдоржийг авлига авдгаараа зартай байсан гэх нь бий. Авлига ихэссэн, төрд зүтгэсэн ноёд мөнгөнд дуртай болсон нь тусгаар тогтнолоо алдах гол шалтгаануудын нэг байсан гэдэгтэй та санал нийлэх үү?

-Энэ үед “Богц богц мөнгөөр Богдоо худалдсан сайдууд гуай. Дэнс дэнс мөнгөөр дээдсээ худалдсан сайдууд гуай” гэсэн үгтэй дуу хүртэл гарч байсан. Тодорхой үндэслэл байсан учраас л ийм дуу гарсан байж таарна. Өөрөөр хэлбэл мөнгөнд дуртай ноёд, түшмэд цөөнгүй байсан хэрэг л дээ.

-Монголын автономит засгийг устгасныг нотолсон Хятадын ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонсгосон генерал Сюй Шү Жан яаж яваад Монголтой холбогдов, ямар үзэл, байр суурьтай хүн байв?

-Автономи хэмээх үгийг хэрэглэхгүй байх нь зөв байх. 1911 онд тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан Монгол Улсын Засгийн газар үргэлжлэн оршиж байсан юм шүү. Гадаадын үг хэллэг хэрэглэх нь гадаад улс, гүрнүүдийн нүдээр өөрийн түүхийг харж, тэдний хүссэнээр өөрийн тусгаар тогтнон оршиж байснаа үгүйсгэсэн хандлага юм. Тиймээс би хувьдаа Автономит Монгол гэсэн нэрийг хэрэглэх дургүй. Эл үед Богд хаантай Монгол Улсын Засгийн газар оршиж байсан нь бодит зүйл. Хятадын цэргийн эрхтэн генерал Сюй-Шү-Жан 1919 оны зургадугаар сард Хятадын баруун хойд хязгаарыг тохинуулах сайдаар томилогдож, Нийслэл Хүрээнд ирээд Монголын Засгийн газраас засгийн эрхийг хүчээр булаасан.

-Богдын засгийг унагаахын эсрэг тэмцэж явсан ноёдын түүхээр ярилцлагаа үргэлжлүүлье. Тэдний хувь заяа хэрхсэн бол?

-Богд хаан Монголын тусгаар тогтнолын төлөө тууштай байсан. Барон Унгернтэй холбогдсон учраас Гамингийн шоронд тавь гаруй хоног хоригдож байлаа. Манлай ван Дамдинсүрэн, Хатанбаатар ван Магсаржав, гүн Жамьян, Гомбо –Идшин, бэйс Лувсанжанцан, бэйс Магсаржав, Дара эх лам Чойжинжанцан нарыг хятадууд баривчлан гамингийн шоронд хорьж, Манлай ван Дамдинсүрэн босоогоороо нас барсан гэдэг. Богд хаан хийгээд эдгээр ноёд, түшмэдийг гамингийн гараас Барон Унгерн чөлөөлсөн нь мөн л түүхэн үнэн.

-Монгол Улс автономит байгаагүй, Хятадад дагаар орох бичгийг Богд хаан эцэслэн батламжлаагүй учраас тусгаар тогтнолоо алдсан гэхэд хэцүү гэсэн утгатай үгийг та сая хэллээ. Гэхдээ л манай улс тухайн үед тусгаар тогтнолоо зурвас хугацаанд алдсан нь гашуун ч гэлээ бодитой үнэн шүү дээ…?

-Хэлэхэд хүнд байгаа ч 1919 оны арваннэгдүгээр сарын 22-ноос 1921 оны хоёрдугаар сар хүртэлх зурвас хугацаанд тусгаар тогтнолоо алдаж байсан гашуун түүх бий. Эл зурвас үед хятадуудын монголчуудыг дарлан зовоох хэрээс хэтэрч, хаа сайгүй хараа, хяналт, дарамтанд орж, их зовлон амсаж, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдгийг мэдэрч байсан гэдгийг Магсар хурц бичсэн байдаг.

-Ер нь 1919 оноос өмнө ба хойно Монголын тусгаар тогтнолд сөргөөр нөлөөлсөн оролдлогуудаас онцлооч гэвэл та ямар үйл явдлуудыг нэрлэх вэ?

-Бидний түүх бол тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө тэмцлийн түүх шүү дээ, тэр чигээрээ. 1911 онд монголчууд Манжийн эрхшээлээс салж, тусгаар тогтнол, эрх чөлөөгөө олсон. Богд Монгол Улсын эзэн хааны ширээнд 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд суугаад маргааш нь Манжийн Засгийн газарт бичиг явуулж, “Бид өмнө байгуулсан холбоотны гэрээнээс гарч өөрийн төр улсаа сэргээн газар нутагтаа эзэн суулаа. Үүнээс хойш хоёр улсын хооронд найрсаг харилцаа тогтооё” хэмээсэн түүхтэй. Харин Монгол тусгаар тогтнолоо тунхаглан зарласнаас хойш гурав хоногийн дараа Манжийн эзэн хаан суудлаас бууж, улмаар шинэ тутам байгуулагдсан Дундад Иргэн Улс Манжийн төрийг өвлөн авахыг санаархах болсон. Өөрөөр хэлбэл Манжийн эрхшээлд байсан бүхэн Дундад Иргэн улсын эрхшээлд багтах учиртай, Монгол тусгаар тогтнох учиргүй хэмээн шууд Богд хаанд элдэвээр нөлөөлөхийг оролдсон юм. Дундад иргэн улсын ерөнхийлөгч Юан Ши Кай Монгол Улсын эзэн хаан Богд Жавзандамба хутагтын нэр дээр ирүүлсэн удаа дараагийн цахилгаандаа Богдыг айлган сүрдүүлэх, хахуулдах зэргээр хичээн оролдсон ч Богд Монголынхоо тусгаар тогтнол, бие даасан байдлыг тууштай хамгаалж, өөрийн байр сууриндаа хатуу зогсож чадсан юм. Ингэж тэмцсэний үр дүнд 1912 оны арваннэгдүгээр сард Орос Монголын хооронд гэрээ байгуулж, Оросын эзэнт гүрнээр Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлсэн. Харин Оросын Засгийн газар Япон улстай байгуулсан нууц гэрээ ёсоор Монгол гэдэг нэрийн дор зөвхөн Халх дөрвөн аймаг, Ховдын хязгаарын нутгийг багтааж, Өвөр Монголыг Монголын Засгийн газарт оруулахгүй байх бодлого баримталсан юм.

-Манжийн эрхшээлээс гарсан цаг руу оръё?

-Энэ бол тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөөгөө олж авсан, 1911 оны түүхэн үйл явдал гарцаагүй мөн. Монгол үндэстэн багаар бодоход 150 гаруй жилийн дараа, ихээр бодвол 1636 онд Өмнөд Монгол Манжид дагаар орсоноос хойш 275 жилийн дараа үндэсний эрх чөлөөгөө олж, тусгаар тогтнолоо сэргээсэн хэрэг шүү дээ. Тиймээс 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Нийслэл Хүрээнд монголчууд хар шар, ар, өвөр, барга, урианхай, буриад гээд нийт монгол овогтоны төлөөлөл оролцсон томоохон төрийн ёслол болсон юм. Энэ өдөр настан буурлууд магнай тэнийтэл баярлан нүдэндээ баярын нулимстай байсан талаар гадна дотны хүмүүсийн эх сурвалжид бичсэн байдаг. Агуу түүхтэй үндэстэн доройтож, тусгаар тогтнол, төр улсын эрхээ алдсан үе байсан учраас ингэж баярлах нь аргагүй л дээ. Өнөөгийн монголчууд тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөөнийхээ үнэ цэнийг ч мэдрэхгүй шахам болсон шиг байна. Өвөр Монголоос ирсэн нэгэн хүн “Дархан Монголдоо ирэхэд ямар сайхан юм бэ, та нар чинь бүгд нар өөд харж, толгой дээгүүр явах юм” гэж хэлж байна. “Та нар яаж явдаг болж байна” гэсэн чинь “Бид нар дандаа газар харж явдаг юмаа” гэж билээ. Нэгийг бодогдуулахаар л үг.

-Хүрээний төв талбайд Богдыг хаан ширээнд залах ёслол баяр хөөрөөр дүүрэн болсон гэдэг шүү. Яагаад ч юм тусгаар тогтнолоо олж авсан тэр үеийн монголчуудын мэдрэмж, ой санамж өнөө цагт арилсан юм шиг санагддаг…?

-Энэ өдөр буюу одоогоос зуу гаруй жилийн тэртээ өвлийн ес тачигнаж байсан жавартай өдөр монголчууд тусгаар тогтнол, төр улсаа сэргээж, Манжийн эрхшээлээс гарсны баяраа хийсэн байдаг юм. Богдыг Монгол Улсын эзэн хаанд өргөмжилсөн төрийн их ёслол сая таны хэлсэнчлэн Хүрээний төв талбайд болсон л доо. Бидний ой санамж ажиллахгүй болсноос болоод зуун жилийн өмнөх бүү хэл хэдхэн жилийн өмнөхөө ч санахгүй юм уу, санахыг хүсэхгүй болсон шиг анзаарагддаг. Монголчууд зуу гаруй жилийн тэртээ үндэстнээрээ ингэж хөдөлсөн шүү гэж хэлмээр, сануулмаар санагддаг. Яг тэр үеийнх шиг үндэстнээрээ баярласантай арай дөхүү үйл явдал гэвэл олимпийн аваргатай болсон өдөр. Бүгдээрээ гудамжинд гарч баярлацгаасан. Үндэстэн өөрийгөө таньж, бие биеэ ойлгох учиртай. Үндэстэн өөрийгөө хамгаалах чадвар, үндэсний дархлаа бидэнд чухал байна.

-Чухам яагаад бидний ой санамж ажиллахаа байчихав аа?

-Асуудал энд л байгаа юм. Ой санамж гэдэг бол тэр үндэстний түүх шүү дээ. Бидний ой санамж хэзээнээс ажиллахаа байчихав гэдгийг бодох хэрэгтэй. Хүний тархи ажиллахгүй бол хүн хэн ч биш болно. Өнгөрснөө санахгүй бол тэр хүн хэн ч биш. Үндэстэн өнгөрсөн түүхээ мэдэхгүй бол мөхөх аюултай. Тийм аюул бидэнд тулгарч байгаа гэдгийг санах хэрэгтэй.

-Тэгвэл хэзээнээс бид ийм байдалд хүрэв? Шалтгаан нь юу вэ?

-Эргээд түүхээ нэг харъя. Үндсэндээ монголчууд бид гурван зуун орчим жил гадны нөлөөнд хүчтэй автаж байсан. Манжийн эрхшээл, Оросын гэдэг юмуу социализмын үзэл суртлын нөлөөн дор байлаа.Галыг нь юутай ч бүр мөсөн тасалчихалгүйгээр ХХ зууны эхтэй золгож, үндэстэн сэргэсэн. Энэ бол 1911 он. Богд хааны зарлигаар монголчууд үндэсний хувцас өмсөж, харийн бүх зүйлийг хэрэггүй гэж үзсэн. Монголын төрийн тамга, төрийн бүхий л зүйлс заавал монгол бичгээр бичигдэхийг зарлигдсан. Богд хааны тамганд зөвхөн монгол бичиг хэрэглэсэн. Хааны хувцас, төрийн түшмэдийн өмссөн зүүсэн бүхэн монгол байхыг зарлиг буулгасан. Бүгд ёсоор болсон. Алтан ургийн хэлхээ тасраагүй явж ирснийг түүх шастирт бич хэмээн зарлиг буулгасан нь бас энэ үеийн түүх. Мөн л ёсоор болсон. Богдын зарлигаар бүтээсэн ноёдын уг шастир Эзэн Чингисээс ХХ зууны хориод он хүртэл хэдэн үе дамжин ирснийг шастирт буулгаж үлдээсэн юм.

1919 онд түүхэнд сургамж үлдээсэн үйл явдал болсон юм. Энэ үйл явдлыг та бид хоёр ярианыхаа эхэнд онцолсон. Сюй генералын цэрэг улааны үзлийн аюулаас хамгаалах нэрийдлээр Хүрээнд орж ирж төрийн эрхийг цэргийн хүчээр айлган байж булаан авсан түүхтэй. Богд хаан ганцаар эсэргүүцээд нэмэр болоогүй хүчинд автсан л даа. Харин тусгаар тогтнолыг маань цуцалсан бичгийг Богд хаан батламжлаагүй гэдгийг дахин онцолъё. Ердөө хэдхэн сарын дараа Богд хаан зүүн хилээр Барон Унгернийг урьж залан Монголд оруулсан юм. Барон Унгерний орос, монгол, япон зэрэг олон үндэстэний цэргүүд Сюй генералын арван мянган хүнтэй армийг Хүрээнээс үлдэн хөөж, Богд гэгээнтэнийг Монгол Улсын эзэн хааны ширээнд дахин залсан түүхтэй.

1920 –иод он гарахад Богд хааныг хэрэггүй гэж үзсэн. Ардын Засгийн газрын шийдвэрээр монголчууд овог хэрэглэж болохгүй болсон. Монголд гадны үзэл суртал, тодруулж хэлбэл улаан коммунизмын үзэл хүч түрэн орж ирсэн л дээ. Монголоо гэсэн үндэсний үзэлтнүүд, тухайлбал, Ерөнхий сайд Бодоо нэг жил хүрэхгүй хугацааны дараа цаазлуулсныг бид мэднэ. Жанжин Данзан хоёр гуравхан жилийн дараа буудуулсан. Богд хаан 1924 онд цаг бусыг үзүүлсэн. Чингисийн алтан ургийн ноёд цугаараа алга болсныг мөн л бүгдээрээ мэднэ. Бурханы шашны номтой лам нарыг хөнөөсөн. 1930-аад онд бүр хэдэн арван мянгаар нь цаазалсан гашуун түүх өнгөрсөнд бий. Ийм явдал Орост ч яг адилхан болсон. Үндсэндээ Орост болж байсан бүхэн Монголд давтагдсан юм. Энэ үед ангийн тэмцлийн онол, ангичлан ялгаварлах үзэл суртал маш хүчтэйгээр бидний тархинд суусан л даа Өөр бас бус шалтгаан бий байх, гэвч энэ бол нэг үндсэн шалтгаан нь.

– Түүх ямар үүрэгтэй байдаг вэ, зарим хүмүүс түүх рүү их хандаж зууралдах нь уруудахын шинж гэж ярьдаг?

-Түүх гэдэг бол чиглүүлэгчийн үүрэгтэй. Түүх бол үндэстний хувьд уламжлал болгон авч явдаг чиглүүлэгч. Тиймээс үндэстэн улсын хувьд түүхээ мэдэх явдал онц чухал. Хэрэв та монгол бол эх түүхээ заавал мэдэж байх учиртай. Ямар учгаар Монголтой холбогдсоноо мэдэж байх нь монгол хүн бүрийн үүрэг. Бидний бусдаас ялгарах онцлог бол ерөөсөө л энэ. Түүхээ мэдэхгүй байх нь үндэстэн сөнөх аюулыг дагуулдаг. Түүхийн талаар ингэж ярьдаг хүмүүс түүхгүй л ард түмэн байх. Түүнээс бус Английн хатан хаан, Японы эзэн хаан гээд үзвэл бараг л биеэрээ түүх, уламжлалаа тээж яваа хэрэг биз дээ.

-Түүхийг жаахан урагшлуулъя. Монгол, Хятад, Оросын гурван улсын Хиагтын хэлэлцээрээр тусгаар тогтнолын статусыг эвдэж Хятадын автономит улс болгосон. Хиагтын хэлэлцээрт Монголын удирдагчид ямар байр суурь барьж, хэн нь юу гэж ярьж байсан нь өнөөдөр олон хүнд сонин санагдах байх…?

-Хиагтын гурван улсын гэрээнд Монголын Засгийн газрын бүрэн эрх барих сайдаар Дотоод яамны тэргүүн сайд Да лам Дашжав, Сангийн яамны тэргүүн сайд Г.Чагдаржав нар томилогдсон юм. Харин хэлэлцээрийн явцад тусгаар тогтнолын төлөө тууштай зогсож, өөрийн байр сууринаас ухрахгүй байсан тул Да лам Дашжавыг “улс төрийн талаар мөчид” хэмээн буцааж, оронд нь Шүүх яамны дэд сайд, эрдэнэ жонон бэйс Ширнэндамдинг Богд хааны зарлигаар томилсон байдаг. Өөрөөр хэлбэл Ширнэндамдин, Чагдаржав нар албан ёсоор Монголын Засгийн газрыг төлөөлөх бүрэн эрхтэй байж, Хиагтын гэрээнд гарын үсэг зурсан. Харин Монголын талын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Б.Цэрэндорж, Удай ноён, Жигжиджав, Манлай ван Дамдинсүрэн, Ж.Цэвээн, Цогт Бадамжав, Санжмятав гүн, Цэнд гүн нар багтсан байдаг.

Ерөнхийдөө, 1911-1919 он хүртэл Монгол бие даан оршиж байсан хэмээн үзэх нь зүйтэй гэсэн саналтай байдаг, тиймээс элдэв автономит хэмээх нэр зүүхийг хүлээн зөвшөөрдөггүй юм. Харин Өвөр Монголын тухайд бол Монголын хил хязгаараас тусдаа байх асуудал Хиагтын гэрээгээр нэгэнт тогтсон хэрэг байсан. Үүнийг зөвшөөрөхгүй хэмээн Шударга баатар Бавуужав “Өвөр монголчууд бид чинь үнсэнд хаясан шалз шиг болно” хэмээн босон харайж тэмцсээр дууссан түүхтэй.

-Түүхч, улстөрчид монголчуудын тусгаар тогтнолын төлөөх төдийгөөс өдий хүртэлх тэмцлийн цор ганц зорилго нь гуравдагч хөрштэй болох хүсэл байсан гэж хардаг.Энэ хүсэл хэзээ биелсэн гэж та хардаг вэ?

1912 оны Орос Монголын гэрээний дараа Монгол Улсын Засгийн газраас АНУ, Англи, Дани, Япон зэрэг дэлхийн есөн гүрэнд хандан нот бичиг илгээж, тусгаар тогтнол, төр улсаа сэргээн мандуулсан Монгол Улсын Засгийн газартай харилцаа тогтоохыг хүссэн юм. Үүгээр одоо бидний яриад байгаа гурав дахь хөршийн бодлогын эх үүсвэр тавигдсан хэмээн үзэж болох байх. 1923 онд МАН-ын их хурлаас баталсан Эдийн засгийн үндсэн бодлого хэмээх баримт бичигт Монгол Улсын гадаад бодлогыг тодорхойлохдоо дээр дурьдсан улсуудтай харилцахаар тогтоосон байдаг. Хожим 1994 онд Гадаад бодлогын үзэл баримтлалд гурав дахь хөршийн бодлогыг мөн иймэрхүү агуулгаар тодорхойлсон хэмээн бид ойлгодог. Энэ бол хоёр хөршийн дунд орших манай Монгол Улсын гадаад бодлогын үндсэн чиг баримтлал. Гэхдээ эхний ээлжид хоёр хөршийн харилцаа, түүний дараа гурав дахь хөршийн харилцаа орж буй байх.

-ХХ зууны Монголын түүхийн гол сургамж юу вэ?

Уг нь бид бол нэгдмэл улс шүү дээ, нэг түүхтэй, нэг бурханы шашин давамгайлсан соёл, уламжлалтай. Тийм болохоор улс үндэстнийхээ хөрс сууринд таарч нийцсэн бодлого явуулах нь чухал гэдгийг хэлмээр байна. Хөрснөөсөө тасарч явахаар таарахгүй, өөр хоорондоо заавал эсрэг тэсрэг болох нь жам шүү дээ. Өнөөгийн Монголыг сэндвич гэж барууныхан нэрлэдэг. Орос, Хятадын дундах жийргэвч гэсэн үг байх. Үнэндээ 1911 оны дараахь Монгол ийм геополитикийн байрлалд тогтсон хэрэг. Өөрөөр хэлбэл Орос, Хятадын ашиг сонирхлын уулзвар дээр Монголын тусгаар тогтнол тогтож ирсэн байх. Монголчууд бидний тусгаар тогтнох, улс үндсээ гэсэн сэтгэл, тэмүүлэл, тэмцэл нэн тэргүүнд байсан нь гарцаагүй л дээ. Гэвч бидний оршин тогтноход олон хүчин зүйлс нөлөөлсөн гэдгийг байнга бодож, түүхээсээ сурч, мэдэж байх нь чухал юм.