Categories
гадаад мэдээ

Үүрэн телефоны үйлчилгээ үзүүлэгч AT&T компани Time Warner компанийг худалдан авлаа

“Time Warner” компанийг 85.4 тэрбум ам.доллароор худалдан авсан “AT&T”-ын хэлцлийг холбооны шүүгч хууль ёсны хэмээн дүгнэжээ. Энтертайнмент ертөнцийг мобайл үйлчилгээтэй нэгтгэн үзэгчдийг татах медиа акул болохоос гадна олон төрлийн эх үүсвэрээс орлого олох зорилгоор анх 2016 оны 10 сард “Time Warner”-ыг худалдан авах санал тавьсан билээ. Ийнхүү АНУ-ын хоёр дахь томоохон үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэгч “AT&T” компани “HBO”, “CNN” гэх мэт төлбөрт кабелын телевизүүд болон “Warner Bros” кино студийн эзэмшигч болж байна. Энэ талаар цагдаагийн ахлагч Рандалл Стефенсон “Энэ гэрээ нь “AT&T” компанид “Amazon” болон “Neftlix” гэх мэт томоохон контент үйлдвэрлэгч технологийн компаниудтай өрсөлдөхөд дэмжлэг болж болох юм.” гэв.

Э.АНУДАРЬ

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авахаас татгалзлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 08 дугаар дүгнэлтийг хэлэлцэв.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт “төлбөрт гаргуулсан боловч худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагч авахаас татгалзсан нөхцөлд гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцааж, түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй байна” хэмээн заасан нь Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэснийг зөрчсөн хэмээн дүгнэсэн байна. Уг асуудлыг Хууль зүйн байнгын хорр өчигдөр буюу энэ сарын 13-нд хянан хэлэлцсэн бөгөөд цэцийн дүгнэлтийг хүлээн авахаас татгалзсан юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Ц.Мөнх-Оргил гишүүн, “Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороо дахин нягтлах шаардлагатай. Дээрх хуулийн заалтаас үүдэн 2017 онд 18 иргэн эд хөрөнгөөрөө хохирсон гэсэн судалгаа бий. Тиймээс Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэхийг хойшлуулах хэрэгтэй” гэлээ. Гэвч хуулийн хүрээнд горимын санал гаргаж, хэлэлцүүлгийг хойшлуулах боломжгүй гэдгийг УИХ-ын дарга тайлбарлав.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авахаас татгалзлаа.

Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүргийн хэмжээнд гэр хорооллын замыг хусч, тэгшлэх ажил явагдаж байна

Баянзүрх дүүргээс иргэдийн эрүүл, ая тухтай, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд багагүй ажлыг санаачлан зохион байгуулдаг билээ. Тэгвэл орон нутгийн төсвийн хөрөнгөөр дүүргийн хэмжээнд 22 хорооны нутаг дэвсгэрийн нийт 120.000 м.кв талбайг хусч, тэгшлэх ажил явагдаж буй юм. Тухайлбал дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар-1 ОНӨААТҮГ дүүргийн 10 дугаар хорооны 6.000 м.кв талбайн замыг тэгшлэхээр төлөвлөж ажлаа эхлүүллээ хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Сонгуульд ашиглах техник,технологийг бэлтгэж байна

Энэ сарын 24-ний өдөр болох Орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын нөхөн болон дахин сонгууль 11 аймгийн 30 сумын 44 хэсэгт болно.

Энэ ажлын бэлтгэл, зохион байгуулалтыг хангах хүрээнд сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж, баталгаажуулан гэрчилгээ олгох ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Ажлын хэсгийг СЕХ-ны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирал Ж.Эрдэнэбат ахалж, бүрэлдэхүүнд нь тус төвийн ажилтнууд болон Тагнуулын Ерөнхий газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын мэргэжилтнүүд оржээ.

Categories
мэдээ спорт

Б.Гангаамаа “Алуурчин” К2 оргилыг зорилоо

Б.Гангаамаа "Алуурчин" К2 оргилыг зорьж өнөөдөр мордлоо

Монгол Улсын гавьяат тамирчин Б.Гангаамаа дэлхийн хоёр дахь ноён оргил “К2” уулын оргилд төрийн далбаагаа мандуулахаар өнөөдөр эх орноосоо мордлоо.

Тэрбээр энэ сарын 15-нд Сланабад, 16-нд захын тосгон Скардод очих юм байна. Харин авиралт энэ сарын 18-наас эхэлж нийт хоёр сарын хугацаанд үргэлжлэх аж.

Б.Гангаамаа энэ авиралтынхаа талаар “Энэ авиралтад 2013 оноос хойш таван жил бэлдлээ. Учир мэддэггүй ганц нэг хүмүүс үгний алдаа гаргаж хобби хэмээн хэлж байсныг би тод санаж байна. Тэгвэл ямар ч уулчин хобби хөөж энэ ууланд авирдаггүй юм шүү гэдгийг хатуу хэлье” гэжээ.

Пакистаны К2 оргилыг уулчид “Алуурчин” уул гэдэг. Догшин, сүрлэг энэ оргил Хятад, Пакистаны хилийн заагт, далайн төвшнөөс дээш 8611 метрийн өндөрт оршдог юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Гантулга гишүүнийг чөлөөлөхийг 75 хувиар дэмжлээ

УИХ-ын чуулганаар Д.Гантулга гишүүнийг чөлөөлөх эсэхийг хэлэлцлээ. Ж.Батзандан гишүүн хэлэхдээ “Д.Гантулгаар далимдуулж Үндсэн хуулинд өөрчлөлт оруулахаар оролдож байна. Хүний эрхийг боймлох, 30-аас доош насны залуусын эрх ашгийг хөндөж байна” гэв. Чуулганаар гишүүнийг чөлөөлөх эсэхийг нууц санал хураалтаар шийдэж, олонх нь дэмжив. Нийт гишүүдийн ирц 78.9 хувь. Үүнээс 75 хувь нь чөлөөлөхийг дэмжиж, 25 хувь татгалзсан юм.

Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд цусны даралт хэмжих аппарат өглөө

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар, “Оном сан”, Швейцарь улсын “Новартис сан”-гаас хамтран хэрэгжүүлж буй “Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр СБД-ийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд цусны даралт хэмжих аппаратыг хүлээлгэж өглөө. Тус арга хэмжээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, НИТХ-ын төлөөлөгч О.Мөнгөншагай, СБД-ийн эрүүл мэндийн төвийн дарга Л.Баярхүү, “Оном сан”-гийн гүйцэтгэх захирал Д.Наранжаргал, “Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийн удирдагч Т.Хулан зэрэг зочид төлөөлөгчид оролцсон юм.

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэлд тусгагдсан уг ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх ӨЭМТ-ийг цусны даралт хэмжих автоматжуулсан аппаратаар хангахаар зорьжээ. Энэ дагуу ӨЭМТ-үүдэд өгсөн “Майкролайф” брэндийн цусны даралт хэмжих автомат аппарат нь гурван удаагийн хэмжилтийг дараалан хийж дундаж үзүүлэлтийг гаргах боломжтой, ухаалаг гар утсанд суулгах эрүүл мэндийн аппликейшнтай, Bluetooth холболт ашиглан мэдээллийг шилжүүлж, хянах, зүрхний тосгуурын чичиргээг өндөр нарийвчлалтай мэдэрдэг олон давуу талтай ажээ. Ингэснээр ӨЭМТ-үүд цусны даралт ихсэх өвчнийг эрт илрүүлэх, хянах бүрэн боломжтой болж байгаа юм.

Хүн амын төвлөрөл, хотжилт болон бусад олон хүчин зүйлстэй холбоотойгоор дэлхий дахинд халдварт бус өвчний тохиолдол 2000 оноос хойш тасралтгүй өсч байна. Ялангуяа зүрх судасны өвчний шалтгаант нас баралтын 45 хувь, цус харвалтын шалтгаант нас баралтын 51 хувь нь цусны даралт ихсэлтээс үүдэлтэй. 100.000 хүн амд ногдох цус алдах хэлбэрийн тархины цус харвалтын нас баралтаар манай улс дэлхийд 1-рт бичигдэж, дэлхийн дунджаас бараг 4 дахин их байгаа гэсэн тоо баримт бий.

Энэ асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Швейцарь улсын “Новартис сан” сайн санааны байгууллага “Эрүүл зүрх-Эрүүл хот” хөтөлбөрийг санаачлан гурван тивийн 3 улсад нэгэн зэрэг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Ази тивээс Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг сонгосон билээ. Хөтөлбөр хэрэгжсэнээр нийслэлийн иргэдэд үзүүлэх нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж, үйлчилгээ тэр дундаа, цусны даралт ихсэлттэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажил чанартай, хүртээмжтэй болох юм. Үүний зэрэгцээ Улаанбаатар хот “Цусны даралт ихсэлтийг амжилттай бууруулж, хянаж чадсан” жишиг хот болж, дэлхийн бусад хотод үлгэрлэх боломж бүрдэх юм.

Categories
мэдээ улс-төр

Зөрчлийн хууль нь Үндсэн хуулийг зөрчөөгүй байна гэв

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг өчигдөр хянан хэлэлцлээ.

“Аливаа хэрэг, маргаан болон гомдлын онцлогоос хамааран тусгай журмаар хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээр зохицуулж ямар шүүх эцсийн шийдвэр гаргахыг хуулиар тогтоох боломжтой юм. Иймд зөрчлийн хэргийн мөн чанар, түүний эрүүгийн хэргээс ялгагдах онцлог болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тусгай журамтай уялдуулан хууль тогтоогчоос Зөрчил шалган шийдвэрлэх хуулиар Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх доод шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж эцэслэн шийдвэрлэхээр зохицуулсан нь Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулаагүй байна гэсэн дүгнэлтийг Цэцийн хуралдаанаас гаргалаа.

Харин Зөрчлийн тухай хууль тогтоомжийг батлан мөрдүүлэхдээ салбар эрх зүйн зарчмыг хэлбэрэлтгүй сахих, төрөлжүүлэн системчлэх, хүний үндсэн эрхийг хангахуйц эрх зүйн зохицуулалтыг бий болгох зэрэг хуулийг боловсронгуй болгох шаардлага байгааг Цэц дүгнэлтдээ дурдсан тухай Цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 15-ны өдрөөс зуслангийн болон шөнийн тээврийн үйлчилгээ эхэлнэ

Зуны улирал эхэлж, зуслан чиглэлийн иргэдийн зорчигч, урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор Зуслангийн чиглэлийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс дараах 3 чиглэлд эхлүүлэхээр төлөвлөөд байна. Үүнд:

  1. ЗҮ:1 “Гүнт-Жигжид-Тэнгис кино театр” чиглэлд их багтаамжийн 3 автобус 35 минут тутамд Тэнгис кино театрын зогсоолоос;
  2. ЗҮ:2 “Гоодой-Тэнгис кино театр” чиглэлд 1 их багтаамжийн автобус 1:30 цаг тутамд Тэнгис кино театрын зогсоолоос;
  3. ЗҮ:3 “Баянбулаг-Тэнгис кино театр” чиглэлд 1 их багтаамжийн автобус 2 цаг тутамдТэнгис кино театрын зогсоолоос өдөр бүр 07:00 цагаас 22:00 цаг хүртэл тус тус үйлчлэхээр боллоо.

Мөн аялал, зугаалгын улирал эхэлж иргэдийн орой, үдшийн цагаар зорчих эрэлтийг хангах зорилгоор одоогийн Энхтайваны өргөн чөлөөний дагуу үйлчилж буй шөнийн нийтийн тээврийн үйлчилгээний ШҮ:1“5 шар-Ботаник” чиглэлээс гадна хотын төвөөс урагшаа ШҮ:2 “МУБИС-Нисэх”, хотын төвөөс хойшоо буюу ШҮ:3 “МУБИС-7 буудал-Зунжин худалдаанытөв” чиглэлүүдийн үйлчилгээг 2017 оны 06 дугаар сарын 15-наас эхлүүлэхээр төлөвлөөд байна. Шөнийн тээврийн үйлчилгээ нь нийтийн тээврийн үйлчилгээ зогссоноос хойш шөнийн 02:00 цаг хүртэл иргэд та бүхэнд үйлчлэх болно.

Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 болон 11323176 дугаарын утсанд 24 цагийн турш мэдэгдэх боломжтой гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Д.Трампыг Нобелын шагналд нэр дэвшүүлжээ

Норвегийн Засгийн газрын эвсэлд ордог Хөгжил дэвшлийн намын депутатууд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг Нобелийн шагналд нэр дэвшүүлжээ. Солонгосын хойгийн цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг энхийн замаар шийдвэрлэхэд чиглэсэн хүчин чармайлт гаргаснаараа АНУ-ын төрийн тэргүүнийг энэхүү шагналыг хүртэх эрхтэй гэж тус намын гишүүд үзэж байгаа аж.

“Одоо болж буй үйл явдал түүхэн ач холбогдолтой. Дэлхийд энх тайван ирээдүйг бий болгох үйл явц эхэлсэн. Одоохондоо энэ үйл явц тун тогтворгүй байгаа хэдий ч сайн үр дүнд хүргэхийн тулд бид чадах бүхнээ хийх хэрэгтэй. Бид байр сууриа тодорхой илэрхийлж, Д.Трампт энх тайвны шагнал олгосноор ийм үр дүнд хүрнэ гэж үзэж байна” гэж тус санаачлагыг гаргасан хүмүүсийн нэг Норвегийн Хууль зүйн яамны сайд асан Пер-Вилли Амунсен хэлжээ.

Энэ сарын 12-нд Сингапурт АНУ-Умард Солонгосын түүхэн дэх анхны дээд хэмжээний уулзалт болсон билээ. Уулзалтын дүнд Д.Трамп болон Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нар Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах тухай баримт бичигт гарын үсэг зурсан юм. Гэсэн хэдий ч уг баримт бичиг нь тодорхой, нарийн ширийн зүйлийг агуулаагүй юм.