Categories
гадаад мэдээ

ДАШТ-д зориулсан сонгодог урлагийн тоглолт болов

2018 оны Хөл бөмбөгийн ДАШТ эхлэхэд хэдхэн цаг үлдлээ. Тэгвэл энэ сарын 13-ны өдөр ДАШТ-д зориулсан сонгодог урлагийн тоглолт Москва хотын Улаан талбайд болж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин тэргүүтэй хүндэт зочид тоглолтыг үзэж сонирхлоо.

Сонгодог тоглолтыг ОХУ-ын төгөлдөр хуурч, хөл бөмбөгийн хорхойтон Денис Мацуев хөталж, дэлхийд данстай сонгодог уран бүтээлчид оролцсон юм. Тодруулбал В.Гергиева удирдаачтай алдарт Мариинский театрын симфони оркестр, ОХУ-ын дуурийн дуучин Анна Нетребко, Ильдар Абдразаков, испанийн тенор дуучин Пассидо Доминго зэрэг дуучид оролцож оросын болон барууны шилдэг зохиолуудыг эгшиглүүлсэн юм.
Сонгодог тоглолтыг үзэж сонирхохоор ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинээс гадна Дэлхийн Хөл бөмбөгийн холбооны тэргүүн Джанни Инфантино, Болив улсын төрийн тэргүүн Эво Моралис, Молдавийн Ерөнхийлөгч Игорь Додон нар хүрэлцэн ирсэн байв.

2018 оны Хөл бөмбөгийн ДАШТ өнөөдөр буюу Москвагийн цагаар 6 дугаар сарын 14-ний 18:00 /Улаанбаатрын цагаар 23:00/ цагт тус хотын Лужники цэнгэлдэх хүрээлэнд ОХУ болон Саудын Арабын шигшээ багийн тоглолтоор эхэлнэ.

Categories
гадаад мэдээ

Македон улсын нэрийг өөрчлөхийг эсэргүүцэн жагсав

Македон улсын нэрийг өөрчлөх тухай хэлэлцээр болон Засгийн газрын бодлогыг эсэргүүцсэн ажиллагаа тус улсын нийслэл Скопье хотод болжээ. Энэ тухай үндэсний “МИА” агентлаг мэдээлэв.
Жагсаал цуглаанд хэдэн мянган хүн оролцсон бөгөөд эсэргүүцлээ илэрхийлэхээр засгийн газрын байрны өмнө цугларч, “Нэг нэр- Македон” гэсэн уриа хашгиран Засгийн газрыг огцрохыг шаарджээ.
Македон улсын нэрийг өөрчлөх талаархи тохиролцоонд хүрсэн тухайгаа тус улсын Ерөнхий сайд Зоран Заев өнгөрсөн мягмар гарагт мэдэгдсэн юм. Харин тус хэлэлцээрт гарын үсэг зурахаас татгалзаж байгаагаа Македоны Ерөнхийлөгч Георге Иванов мэдэгдсэн байна.
Нэрний асуудлаархи маргаан Грек болон Македон улсын хооронд 25 жил үргэлжилж байгаа юм. Македон улсын нэрийг Грекийн Македон мужийн нэртэй давхцуулахгүйн тулд Грекчүүд тус улсыг нэрээ өөрчлөхийг шаардсаар ирсэн юм.

Categories
гадаад мэдээ

Анжелина Жоли хүүхдүүдээ асран хамгаалах эрхээ алдаж магадгүй

Бред Питт, Анжелина Жоли нарын гэрлэлтээ цуцлах асуудлаарх шүүхийн бичиг баримтууд ил болжээ.Нэгэн цагт “Холливуудын хамгийн төгс хос”-оор нэрлэгдэж байсан жүжигчид зургаан хүүхдээ асран хүмүүжүүлэх тал дээр тохиролцоонд хүрч чадахгүй байгаа юм.Тэгвэл Лос-Анжелос хотын шүүх Бред Питтийн талд шийдвэр гаргаж, Анжелина Жоли цаашид түүнийг хүүхдүүдтэйгээ уулзахыг хориглож чадахгүй болж байна. Шүүхээс Бредийг хүүхдүүдээ асран хамгаалахад оролцох эрхтэй төдийгүй сэтгэлзүйчийн хяналтан дор өдөрт 4 цагийг тэдэнтэй хамт өнгөрөөх ёстой гэж үзжээ.

16 настай Мэддоксийн хувьд асуудлыг тусгайлан авч үзэж, эцэг эхтэйгээ уулзах цагийг өөрөө сонгох эрхтэй гэжээ. Мөн Жоли хүүхдүүдийнхээ утасны дугаарыг хуучин нөхөртөө өгч хүссэн цагтаа тэдэнтэй харилцах боломж олгоно.

Шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд Анжелина Жоли зургаан хүүхдээ асран халамжлах эрхээ хасуулах юм. Энэ тохиолдолд хүүхдүүдийг эцэг Бред Питт хүмүүжүүлэх болж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын депутат, Ардын Дээд Хурал дахь БНАСАУ-Монголын парламентын бүлгийн дарга, БНАСАУ-ын Дээд боловсролын сайд, Ким Ир Сений нэрэмжит их сургуулийн захирал Тэ Хён Чөл тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

БНАСАУ-ын төлөөлөгчид УИХ-ын даргын урилгаар манай улсад айлчилж байгаа юм.

УИХ-ын дарга М.Энхболд хэд хоногийн өмнө Сингапурт БНАСАУ, АНУ-ын Төрийн тэргүүн нарын уулзалт амжилттай болсонд баяр хүргэж байгаагаа уулзалтын эхэнд илэрхийллээ. Тэрбээр уулзалт амжилттай болсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга баяр хүргэж, цахилгаан утас илгээснийг тэмдэглээд, “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын ээлжит бага хурал эхэлж буй энэ өдөр найрамдалт БНАСАУ-ын төлөөлөгчидтэй уулзаж байгаадаа баяртай байна” гэв.

Түүнчлэн Сингапурын уулзалт болон өнгөрсөн 4-р сард болсон Умард, Өмнөдийн дээд хэмжээний уулзалт, тэдгээрээр хэлэлцэн тохирсон асуудал нь БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун-ий Солонгосын хойгт энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх талаарх энх тайванч, зоримог, шийдэмгий үйл ажиллагааны үр дүн юм гэдгийг онцлон тэмдэглэлээ.

УИХ-ын дарга М.Энхболд 70 жилийн түүхтэй хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж байгааг онцлоод, хоёр улсын хууль тогтоох байгууллага, Парламент дахь бүлгүүдийн харилцан айлчлал нь хамтын ажиллагааг тууштай үргэлжлүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр “Өнгөрсөн оны сүүлчээр Солонгосын хойгт нөхцөл байдал таагүй байх үед миний бие захирамж гаргаж, УИХ дахь Монгол-БНАСАУ-ын парламентын бүлгийн дарга О.Баасанхүүг БНАСАУ-д албан айлчлал хийлгэсэн. Мөн манай Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНАСАУ-д албан ёсоор айлчиллаа. Эдгээр нь Монгол Улс бүх түвшинд БНАСАУ-тай хөгжүүлж буй харилцаанд ач холбогдол өгч, уламжлалт найрсаг харилцаагаа хөгжүүлэхийн төлөө тууштай байр суурь баримталж ирсний нотолгоо юм” гэлээ.

Ноён Тэ Хён Чөл хүлээн авч уулзаж, Солонгосын хойгт энхийг сахиулах талаар БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун-ы гаргаж буй хүчин чармайлтыг өндрөөр үнэлж, баяр хүргэсэнд талархал илэрхийлээд “Энэ онд БНАСАУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жил, манай хайрт удирдагч Ким Ир Сений Монгол Улсад айлчилсны 30 жилийн ой тохиож байна. Эдгээр ойн хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээнүүд харилцаагаа цаашид гүнзгийрүүлэх, улам идэвхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Тэрбээр эдийн засгийн хүндрэлийг даван туулж, улс орноо хөгжүүлэх, ард түмнийхээ амьдралыг сайжруулах чиглэлээр Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээ, хүчин чармайлтыг дэмжиж байгаагаа илэрхийлж, тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүлэхийг хүсэн ерөөгөөд, “Энэ оны 4-р сард Пёньян хотноо БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ын-ий удирдлага дор болсон Солонгосын Хөдөлмөрийн Намын бүгд хурлаас улс орныхоо эдийн засгийг хөгжүүлэхэд бүхий л хүч, анхаарлаа төвлөрүүлэх шийдвэрийг гаргасан. Манай ард түмэн өөрийн хүчинд тулгуурлан эдийн засгаа эрчмтэй хөгжүүлэхийн зэрэгцээ боловсрол, шинжлэх ухаан, техникийн салбарт томоохон ололт амжилтад хүрэхийн төлөө хөдөлмөрлөж байна” гэв.

Ноён Тэ Хён Чөл “Солонгосын хойгт нааштай, өөдрөг өөрчлөлт гарч байгаа нь бүс нутагтаа төдийгүй дэлхий дахинд энх тайвныг эрхэмлэдэг манай удирдагч Ким Жөн Ын-ий тууштай хүчин зүтгэлтэй салшгүй холбоотой юм” гэж тэмдэглэлээ.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга М.Энхболд боловсролын салбарын уламжлалт харилцаагаа идэвхжүүлж монгол, солонгос залуусыг харилцан сургах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд экспорт, импортыг нэмэгдүүлэх, хамтарсан үйлдвэрлэл, аялал жуулчлалыг хөгжүүлэх, Пёньян-Улаанбаатарын хооронд 16 жилийн өмнө тогтоосон “Найрамдалт харилцаат хотууд”-ын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Ноён Тэ Хён Чөл хамтын ажиллагааг бодит агуулгаар баяжуулах талаар УИХ-ын дарга М.Энхболдын гаргаж буй санаачилгыг дэмжиж буйгаа илэрхийлж, боловсролын салбар, нийслэл хотуудын хамтын ажиллагааны хүрээнд ойрын үед хэрэгжүүлэх гэж байгаа арга хэмжээний талаар танилцууллаа.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

​Д.Гантулга: Би жирийн иргэн болсон тул цаашид Гантулгыг эрхтэн дархтан мэт битгий үзэж, хандаасай гэж хүсье


УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Гантулгын чөлөөлсөн билээ. УИХ-ын гишүүн асан Д.Гантулгатай уулзаж ярилцлаа.


-Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар таныг УИХ-ын гишүүнээс чөлөөллөө. Та өөрийн хүсэлтээр гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Цаашид ямар процесс өрнөх бол..

-Миний хувьд Төрийн ордонд хэвлэлийн хурал хийх эрхгүй болсон. УИХ-ын гишүүний бүрэн эрх маань миний өөрийн хүсэлтээр өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар цуцлагдаж байна. Тиймээс цаашид УИХ-ын нөхөн сонгуулийн асуудал Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт яригдаж таарна.

Би өөрийгөө Монголын улс төрд нийгмийн шинэ захиалга байсан гэж боддог. Шинэчлэл өөрчлөлтийг хийх залуу хүнийг хүссэн хүсэлтийн илэрхийлэл нь 2016 оны сонгуульд 28 настай Гантулга нэр дэвшин ялалт байгуулж байлаа. Энэ нь Монголын улс төрийн амьдралд шинэчлэл, өөрчлөлт болсон. Энэ удаагийн парламентад 41 гишүүн шинээр сонгогдон орж ирсэн.

Харамсалтай нь үүнийг эсэргүүцдэг нийгэмд олон жил бугшсан давалгаа, зохион байгуулалттай бүлэглэл байгаа юм. Үүний эсрэг амжилттай ажилласан. Тэр шинэчлэл өөрчлөлтийг хийх залуучуудын нэг нь байхыг хичээсэн. Мэдээж энэ цаг хугацаанд гарсан хэл амтай холбогдуулаад УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх, түдгэлзэх хоёр салаа замын эхэнд ирээд чөлөөлөгдөх хүсэлтэй байсан. Би түдгэлзэхийн эсрэг байсан. Сонгосон төлөөлөгчдөөс илүүтэй парламентын төлөөллийн зарчим алагдаж, шүүх хуулийнханы цаг хугацаа маш их орох байсан. Энэ хугацаанд ямар нэгэн ямар нэгэн нөхөн сонгууль, ямар нэгэн төлөөлөлгүйгээр Их хурал явж болохгүй. Тиймээс би чөлөөлөгдөх хүсэлтээ удаа гаргаж байсан. Харамсалтай нь үүнийг хэлэлцэх боломжтой, боломжгүй гээд явсан.

-Өмнө нь та яагаад чөлөөгдөх хүсэлтээ өгөөд асуудлыг шийдэж болоогүй юм бэ?

-Аргагүйн эрхэнд би дөрөвдүгээр сарын тавны өдөр түдгэлзэх саналаа УИХ-д танилцуулж байсан. Тэр хүсэлтийг маань та харсан байх. Даанч хэлэлцэх хууль эрх зүйн орчин байгаагүй тул хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан тавдугаар сарын тавнаас хууль эрх зүйн орчин бүрдсэн. Өнгөрөгч долоо хоногт Их хурал хэлэлцээд шийдвэрээ гаргасан. УИХ-ын гишүүд тэр дундаа бүлэг фракцын шийдвэр байгаагүй гэж боддог. Их хурлын гишүүд өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд саналаа өгөөд явсан. Тиймээс цаашид парламентын дархлаа, гишүүний бүрэн эрхээс илүүтэй гэм буруутай нь хууль шүүхийн байгууллагаас гараагүй байхад энэ бүхнийг ярих нь зохисгүй гэдэг итгэл үнэмшлээр гишүүд асуудалд хандсан байх.

Энэ долоо хоног эхэлсэн боловч харамсалтай нь эдгээр асуудал дуусаагүй. Тиймээс энэ байдлыг цаашид үргэлжлүүлэхийг хүсээгүй тул өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгч чуулганы хуралдаанаар шийдвэр гарлаа. Тиймээс цаашид би жирийн иргэний хувиар асуудлаа шийдүүлнэ. Одоо би жирийн иргэн болсон тул Гантулгыг цаашид эрхтэн дархтан мэт үзэж, хандаасай гэж хүсье. Хэнтий аймгийн сонгогчдоосоо хүлцэл өчье.

-Нэр холбогдоод буй асуудлаа хуулийн байгууллагаар шийдүүлээд улс төрд та эргэн ирэх үү. Залуу хүний хувьд цаашид юу хийхээр төлөвлөөд байна вэ?

-Улс төрд ирж буцахын тухайд улстөрч хүн Их хуралд байснаар хэмжигддэг зүйл гэж бодохгүй байна. Тэр дундаа нийгэмд хийж бүтээе гэсэн санаж, сэдсэн бүхнээ хийгээд явах болно.

-Намын зүгээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгөхийн шахсан уу?

-Энэ миний шийдвэр.

-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд та ямар ажил амжуулав?

-Их хурлын гишүүн гэдэг бол зөвхөн тойргийг төлөөлдөг, тойргийнхоо иргэдийн үзэл баримтлалын дагуу заавал ажиллах ёсгүй гэдэг хатуу байр суурьтай байдаг. Тийм ч байгаа учраас өнөөдөр парламент дээр том бодлогууд гацаж, тойргийн хэмжээний жижиг зүйлс шийдэгддэг, бүлэг фракц болдог асуудлууд бий. Би тойргийн гишүүн биш УИХ-ын гишүүний хувьд асуудлыг том хүрээнд нь бүтэн хардаг байхыг хичээдэг байсан. Өнгөрөсөн хугацаанд 21 аймгаа бүтэн тойрч, Төрийн албаны болон Залуучуудын хөгжлийн асуудлыг шийдүүлж байлаа. Монгол Улс 26 жилийн дараа Хүүхэд залуучуудын хөгжлийн төрийн агентлагтай болсон. Үүнийг Засгийн газар дэмжсэнд хувиасаа талархаж явдаг. Өнөөдөр Монгол Улс залуучуудын хуультай болсон. Залуу гишүүний хувьд хийсэн гол алхамуудын нэг энэ байсан.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

Допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийг улсын наадамд барилдуулахгүй

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Үндэсний бөхийн долоон аваргыг хүлээн авч уулзжээ. Монголын ард түмний Үндэсний их баяр наадам болох гэж байна. Төр, түмнээ хүндэтгэж баяр наадмын үеэр маргаан хийхгүй байхыг анхааруулаад Бөхийн холбооны маргаан баяр наадамд нөлөөлөх учиргүй гэдгийг сануулав.
Аваргууд ч Шадар сайдтай санал нэг байгаагаа илэрхийлж, маргаан будилаангүй сайхан наадам болно гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв. Уулзалтаар хөндсөн бас нэгэн сэдэв нь допингийн шинжилгээ байв. Допинг хэрэглэхгүй байх, хяналт тавих, шударга барилдаан явуулахад анхаарч ажиллана. Сурталчилгаа, зөвлөгөө мэдээллээр бөхчүүдийг хангахах нь зүйтэй гэв. Допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийг улсын баяр наадамд барилдуулахгүй байх, мөн оноолт, ам авахад найраа хийдэг явдлыг таслан зогсоох нь зүйтэй гэжээ.

Categories
мэдээ нийгэм

“Эрүүл цагдаа” хөтөлбөр хэрэгжиж эхлэлээ

Цагдаагийн алба хаагч, ажилтанд эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл зөв аж төрөх ёс, зан үйлийг төлөвшүүлэх , эрүүл мэндийг дэмжих замаар эрүүл чийрэг бие бялдар, сэтгэл зүйг бэлтгэх зорилгоор “Эрүүл цагдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Энэхүү хөтөлбөр нь алба хаагч, ажилтанд эрүүл зөв хоололт, хорт зуршлаас татгалзах, багасгах сэдэл төрүүлэх , хөдөлгөөн дутагдлаас сэргийлэх зэрэг хувь хүн эрүүл мэнддээ хандах хандлагыг өөрчлөх зорилготой. Мөн цагдаагийн байгууллага нь төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран алба хаагчийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах, эрүүлжүүлэх боломж нөхцөлийг бий болгох. Алба хаагч, ажилтны сэтгэл санааны байдлын түвшин, стресс үүсгэхэд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох сэтгэл зүйн цогц судалгаа авч, тус бүр сэтгэл зүйн тодорхойлолт алба хаагч нэг бүрчлэн танилцуулж, нэгдсэн дүнгийн боловсруулалт хийх ач холбогдолтой юм.

Хөтөлбөр хэрэгжсэнээр сургалт, соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх, стресс тайлах аргыг эзэмшүүлснээр ажлын бүтээмж дээшлэн алба хаагч, ажилтан эрүүл зөв амьдрах дадал хэвшилтэй болно.

“Эрүүл цагдаа” хөтөлбөрийг танилцуулах арга хэмжээг Улаанбаатар цагдаагийн хүрээний анги, байгууллагуудад 2018 оны 06 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд, орон нутагт 06 дугаар сарын 16-26-ны өдрүүдэд эмч, сэтгэл зүйч нарын баг зохион байгуулж байна.

Categories
мэдээ спорт

Нийслэлийн Аврах анги 105-ын аврагч Ө.Батзул мөнгөн медаль хүртжээ

Дэлхийн Бөхийн Холбооны дэлхийн чансааны оноо олгох “Mongolia Open” олон улсын чөлөөт бөхийн тэмцээний 97кг-ийн жинд НОБГ-ын харьяа нийслэлийн Аврах анги 105-ын аврагч Ө.Батзул мөнгөн медаль хүртжээ.

Тус тэмцээнд Монгол, ОХУ, Хятад, АНУ, Канад, Казахстан, Кыргызстан, БНСУ, Австрали, Нигери, Гватемал зэрэг улсын 300 орчим тамирчин өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Орон зайн мэдээлэл, технологийн тасаг байгуулагдлаа

Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын туршлага, шинэ техник, технологийг нэвтрүүлэх замаар Онцгой байдлын байгууллагад орон зайн мэдээнд суурилсан гамшгийн урт хугацааны мэдээллийг системтэйгээр бүрдүүлэх, гамшгийн үеийн удирдлага, олон нийтийг үнэн бодит мэдээллээр түргэн шуурхай хангах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газар “Орон зайн мэдээлэл, технологийн тасаг” байгууллаа.

Тус тасаг нь орон зайн мэдээлэлд суурилсан гамшгийн сэдэвчилсэн зураг, орон зайн мэдээллийг өгөгдлийн сангийн нэгдсэн стандартын дагуу нэгтгэж гамшгийн орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах зорилготой юм.

Түүнчлэн Онцгой байдлын байгуулагад мэдээллийн технологи, газар зүйн мэдээллийн системийн дэвшилтэт шийдлийг нэвтрүүлэх замаар байгууллага болон орон нутагт гамшгийн орон зайн мэдээллийн систем, техник, программ хангамжийн хэвийн, аюулгүй, найдвартай үйл ажиллагаанд хяналт тавин ажиллана.

Цаашид Ази, Номхон далайн бүс нутаг, улс орны хэмжээнд газрын гадаргуу дээрх өөрчлөлт, байгалийн гамшгийн мониторонг хийх зорилгоор сансрын технологид суурилсан гамшгийн орон зайн мэдээллийн системийг байгуулах, хөгжүүлэх, бүс нутгийн орнуудтай харилцан мэдээлэл солилцох зорилт тавин ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Гамшгаас урьдчилан сэргийлэх мэдээллийг шуурхай дамжуулах аргад суралцав

Улаанбаатар хотноо ирэх долоодугаар сарын 03-06-ны өдрүүдэд болох Азийн сайд нарын II бага хурлыг угтан Азийн гамшгийн бэлэн байдлын төв, Тайландын олон нийтийн телевиз хамтран Тайландын Вант улсад тавдугаар сарын 28-наас зургадугаар сарын 10-ны өдрүүдэд сэтгүүлчдэд зориулсан сургалтыг зохион байгууллаа.

Гамшигтай тэмцэх гадаад орны тэргүүн туршлагыг нүдээр харах боломж олгож, гамшгийн аюулын талаар олон нийтэд үнэн бодит, нэгдсэн мэдээлэл өгөх үүрэгтэй хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн ач холбогдлын талаар нэгдсэн системтэй мэдлэг олгосон тус сургалтад ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын ОНХТ-ийн ахлах мэргэжилтэн, дэслэгч Ш.Анхтуяа болон МҮОНТ-ийн “ММ агентлаг”-ийн сурвалжлагч Ц.Анхбаяр, “Зууны мэдээ” сонины сэтгүүлч С.Уянга нар оролцсон юм.

Сургалтын 14 хоногийн хугацаанд ганцаараа дүрстэй мэдээллийг гар утас ашиглан чанарын өндөр түвшинд бэлтгэн, шуурхай дамжуулах чадварт суралцаж, тус улсын гамшигт өртсөн мужуудад очиж практик дадлага хийснээр маш үр дүнтэй, өгөөжтэй сургалт болсон.

Түүнчлэн сургалтын үеэр Тайландын олон нийтийн THAI PBS телевизийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцлоо.

Энэ төсөлд 20 гаруй орон хамрагдахаас Монгол Улс цаг алдалгүй сэтгүүлчдээ хамруулсанд талархалтай байгаагаа Азийн гамшгийн бэлэн байдлын төвийнхөн онцолж байлаа.

Мөн Азийн гамшгийн бэлэн байдлын төв, Тайландын олон нийтийн телевиз, сургалтад хамрагдагсад хамтран Азийн сайд нарын II бага хурлын өмнө энэхүү сургалтыг Монгол Улсад, монголын сэтгүүлчдийн дунд дахин зохион байгуулах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.