Categories
мэдээ соёл-урлаг

“Хүүхдийн ертөнц” гар зургийн уралдаан зарлалаа

Соёл, урлагийн газар, Хүүхдийн төлөө үндэсний газар, “Болд” ХХК, Монголын зураачдын эвлэл, “Эх Монгол” сан ТББ хамтран зохион байгуулж буй “Хүүхдийн ертөнц” гурав дахь удаагийн уралдаан зарлалаа.
Монгол эх орон, хүн ардын амьдрал ахуйг хүүхдийн нүдээр тольдон харуулсан энэхүү уралдааныг сэргээн 2014, 2016 онд зохион байгуулсан юм.
Уралдаан нь Монголын түүх, өв соёл, монгол судлал, хэл, уран зургийн бүтээлийг дэмжих, хүүхэд багачуудын ертөнцийг үзэх үзэл, байгаль дэлхийгээ хайрлах, эх орон, ээж аав, ахан дүүсээ хайрлах, түүгээрээ бахархах, хүүхэд багачуудын дүрслэн зурах идэвхийг өрнүүлэх, зурах авьяастай, бүтээлч сэтгэлгээтэй хүүхдүүдийг нээн илрүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилготой.
Уралдаанд 21 аймаг, 9 дүүргийн ЕБС-ийн 6-18 насны сурагчид хамрагдах боломжтой бөгөөд шалгаруулалтыг 6-9, 10-14, 15-18 гэсэн насны ангиллаар зохион явуулна. Уралдаанд оролцох сурагчдын бүтээлийг 2018 оны 09 сарын 01-нээс 11 дүгээр сарын 01-нийг хүртэл сургуулиуд дээрээ зохион байгуулна. Шалгарсан сурагчдын бүтээлийг Аймаг, дүүргийн боловсролын газраар уламжлан “Эх Монгол сан” ТББ-ын хаягаар хүлээн авч, шилдэг бүтээлийг тусгай комисс шалгаруулж, 2018 оны 12 дугаар сарын 15-ны дотор дүгнэн, шагнал гардуулах юм.

Бүтээлийг А2 /42см*60см/ хэмжээтэй ватум цаас болон зургийн зориулалтын цаасан дээр усан будаг, тосон харандаа /пастель/, өнгийн харандаа, гуашь /шороон будаг/ гэсэн зориулалтын материалаар зурна.
Уралдаанд ирэх бүтээлд сэдэв заахгүй бөгөөд монгол орны дахин давтагдашгүй онцлог бүхий байгаль орчин, цаг уур, монгол үндэсний уламжлалт хэв шинж, ахуй амьдралыг илүү тусгасан, Монгол бахархлыг төрүүлэхүйц, хүүхдийн задгай сэтгэлгээ, чөлөөт арга ажиллагааг эрхэмлэн дотоод ертөнцийг нь нээж хүсэл мөрөөдөл, бодол санааг нь илүү гаргасан байх шаардлагатай.

Уралдаанд нэг хүүхэд нэг бүтээлээр оролцоно. Уралдаанд оролцож байгаа сурагчид нь овог нэр, нас, хүйс, регистрийн дугаар, сургууль, ангийн хаяг, холбоо барих утсаа зөв бичиж, 6х9 хэмжээтэй өнгөт цээж зургийн хамт зарласан хугацаанд зургийн хамт ирүүлнэ.
Уралдааны шалгаруулалтыг 6-9, 10-14, 15-18 гэсэн гурван насны ангилал тус бүрт Гранпри нэгдүгээр байр нэг сурагч, дэд байр хоёр сурагч, гутгаар байр гурван сурагч, тусгай байранд 15 сурагч шалгарна.
Эхний 3 байранд шалгарсан 9 сурагчид Өргөмжлөл, Мөнгөн шагнал, “Авьяас” алтан медаль гардуулж, Төрийн ордон, Төрийн түүхийн музейтэй танилцуулж, кино үзүүлнэ. Шагналт байрт шалгарсан 15 сурагчид өргөмжлөл, каталогийг сургуулийн хаягаар нь хүргүүлэн олгоно. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг буцааж олгохгүй бөгөөд шагналт байрт шалгарсан шилдэг бүтээлүүдийг Олон улсын хүүхдийн гар зургийн үзэсгэлэнд оролцуулна.

Бүтээлийг “Эх Монгол” сан ТББ, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Business Tower, 10 дугаар давхар 1001 тоот хаягаар хүлээн авна.
Уралдааны шалгаруулалтыг доорх журмаар байр эзлүүлнэ. Үүнд:
6-9 нас:
Гранпри 1-р байр нэг сурагч 500.000 төгрөг, өргөмжлөл
2-р байр хоёр сурагч тус бүр 300.000 төгрөг, өргөмжлөл
3-р байр гурван сурагч тус бүр 150.000 төгрөг, өргөмжлөл
Тусгай байр эзэлсэн 5 сурагчид өргөмжлөл, дурсгалын зүйл олгоно.
10-14 нас:
Гранпри 1-р байр нэг сурагч 500.000 төгрөг, өргөмжлөл
2-р байр хоёр сурагч тус бүр 300.000 төгрөг, өргөмжлөл
3-р байр гурван сурагч тус бүр 150.000 төгрөг, өргөмжлөл
Тусгай байр эзэлсэн 5 сурагчид өргөмжлөл, дурсгалын зүйл олгоно.
15-18 нас:
Гранпри 1-р байр нэг сурагч 500.000 төгрөг, өргөмжлөл
2-р байр хоёр сурагч тус бүр 300.000 төгрөг, өргөмжлөл
3-р байр гурван сурагч тус бүр 150.000 төгрөг, өргөмжлөл

Тусгай байр эзэлсэн 5 сурагчид өргөмжлөл, дурсгалын зүйл олгоно. Улсын уралдааны шагналт байрт шалгарсан 15 сурагчид өргөмжлөл, каталогийг сургуулийн хаягаар нь хүргүүлнэ. Мөн сурагчдаа сайн зохион байгуулан оролцуулж, байр эзлүүлсэн гурван багшид уралдаан шалгаруулах комисс дотоод журмаар тусгай шагнал олгох юм. Үүнд:
Нэгдүгээр байр нэг, 300.000 төгрөг, өргөмжлөл
Хоёрдугаар байр нэг, 200.000 төгрөг, өргөмжлөл
Гуравдугаар байр нэг, 100.000 төгрөг, өргөмжлөл

Categories
мэдээ спорт

Цахим спорт олимпийн төрөлд орно

2018 оны Жакартагийн Азийн наадмын цахим спортын тэмцээнд найман улсын баг оролцох аж. Азийн цахим спортын холбооны тэргүүн Хүө Чиган “Цахим спортын төрлийг анх 2018 оны Жакартагийн Палембаны Азийн наадмын үзүүлбэрийн төрөлд оруулсан нь цахим спортын түүхэн дэх том дэвшил болсон юм. Тус спорт 2022 онд Ханжөүгийн Азийн наадмын албан ёсны төрөл болох үндэс суурь тавигдлаа. Азийн цахим спортын холбоо уг спортыг дэмжиж, олимпын спортын төрөлд оруулахаар хичээн зүтгэнэ” гэжээ.

Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн Хууль тогтоох хорооны гишүүн Гэ Пэйфань “Цахим спорт ирээдүйн Хонконгийн шинэ эдийн засгийн хөгжлийн нэг чухал салбар болно. Хонконг олон улсын цахим спортын төв болон хөгжих боломжтой юм” гэжээ.

Тэмцээнд оролцох найман багийн долоо нь Азийн сонгон шалгаруулах тэмцээнд тодрох юм. Зохион байгуулагч орон болох Индонези үлдсэн нэг багийг бүрдүүлнэ. Азийн бүсийн эрх авах тэмцээн Өмнөд, Зүүн, Төв, Баруун, Зүүн Өмнөд Азид болно. Одоо 27 орон, бүс нутаг Азийн сонгон шалгаруулах тэмцээнд оролцохоор бүртгүүлээд байна. Зүүн Азийн эрх авах тэмцээний гол талбар нь Хонконг болох ажээ.

Т.ЭНХНАРАНЖАВ

Categories
мэдээ нийгэм

БНСУ-д зорчих болон оршин сууж буй иргэдэд зөвлөж байна

Гадаад харилцааны яам, Консулын газраас БНСУ-д зорчих болон оршин сууж буй Монгол иргэдэд өгөх зөвлөмж шинэчлэгджээ. Зөвлөмжийг бүрэн эхээр нь хүргэж байна.

БНСУ-ын хилээр нэвтрэхэд анхаарах зүйл

БНСУ-ын хилийн шалган нэвтрүүлэх боомт дээр Хил, гаалийн албаны байцаагч нар тус улсад нэвтрэх зөвшөөрлийг олгодог. Хилээр нэвтрэх хуудсанд уригч талын мэдээлэл болон байрлах хаягаа үнэн зөв бөглөн, буцах онгоцны тасалбар, зочид буудлын захиалгын баталгааг биедээ авч явахаас гадна аяллын зорилгоо сандарч, мэгдэлгүй үнэн зөв тайлбарлах.
Нисэх онгоцны буудал дээр ачаа солигдох, алдагдах тохиолдол гардаг тул тээшин дээрээ нэр, утас, хаяг зэргээ тодорхой бичиж байх,

БНСУ-ын хувьд олон улсын жишгээр хар тамхи, мансууруулах бодис, галт зэвсэг, түүх дурсгал, соёлын үнэт зүйлсийг хилээр оруулахыг хориглосон байдаг. БНСУ-ын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эд зүйлс, бараа, бүтээгдэхүүн, тухайлбал, мах, махан бүтээгдэхүүн, жимс, ногоо, ургамлын үр, цагаан идээ зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг авчирж ирэхгүй байх, бусдын захиасыг авахгүй байх,

Хил нэвтрэх мэдүүлэг болон гаалийн мэдүүлгийн хуудсыг хил нэвтрэхээс өмнө бөглөсөн байх,

Хилээр нэвтрүүлэхэд тодорхой хязгаарлалт тавьдаг эд зүйлс, бараа, бүтээгдэхүүнийг зөвшөөрсөн тоо, хэмжээнээс их хэмжээгээр авч орж ирэх тохиолдолд татвар, хураамж ногдуулдаг. Тухайлбал,

Согтууруулах төрлийн ундаа 1 литр (21 насанд хүрээгүй зорчигч согтууруулах ундаа авч орж илэхийг зөвшөөрдөггүй),

Янжуур тамхи 200 ширхэг,
Сигар, навчин тамхи 100 ширхэг,
Хувийн хэрэглээний эм авч явах бол эмийн сав боодол, эмчийн жор, тодорхойлолтыг үзүүлэх шаардлагатай. (мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, судсаар сэлбэх шингэн зэрэг эмийг хилээр нэвтрүүлэхийг завдсан бол эмийг хураан авч, торгодог);

10,000-аас дээш ам.доллар бэлнээр, эсхүл түүнтэй тэнцэх үнэт цаас (personal or cashier’s check, traveler’s checks, money orders, stocks, bonds) авч яваа бол гаалийн мэдүүлэгт заавал мэдүүлэх. Мэдүүлээгүй тохиолдолд гаалийн хууль зөрчсөн гэж үзэн, хураадаг.

БНСУ-д оршин суух хугацааны талаар анхаарах зүйл

БНСУ-д оршин суух хугацаагаа нягтлан шалгаж, суугаа улсын хууль тогтоомж, дүрэм журмыг нь дагаж мөрдөх, гэмт хэрэг, зөрчилд холбогдохооc сэргийлж, суугаа орны ёс заншилд хүндэтгэлтэй хандаж, баяр ёслолын арга хэмжээнд оролцохдоо архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, олон нийтийн газар биеэ зөв авч явахад анхаарах,

БНСУ-д хууль ёсны зөвшөөрөлтэй ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэд шинээр Гадаад паспорт захиалж авсан, оршин сууж буй хаягаа өөрчилсөн гэх мэт хувийн мэдээлэлд өөрчлөлт орсон бол тухай бүр БНСУ-ын Цагаачлалын албанд 14 хоногийн дотор мэдэгдэж, бүртгүүлж байх,

Гадаад паспорт, иргэний цахим үнэмлэхийн хүчинтэй хугацаагаа шалгаж байх, хугацаа нь дууссан бол цаг тухайд нь шинээр авах,

Гадаад паспорт, иргэний үнэмлэх зэрэг баримт бичгийг бусдад ашиглуулах, худалдах, барьцаалах, хуурамчаар үйлдэхийг хатуу хориглоно. Бичиг баримтаа гээж үрэгдүүлсэн тохиолдолд нэн даруй цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тодорхойлолт авч, ЭСЯ-нд мэдэгдэн шинээр захиалах,

Нутаг буцаж буй иргэд банк, гар утас, авто тээвэр, даатгал зэрэг үйлчилгээний байгууллагатай байгуулсан гэрээгээ дуусгавар болгож, төлбөр тооцоогоо эцэслэх,

Утасны дугаар болон оршин суугаа хаягаа итгэмжит найз нөхөд болон ар гэрийнхэндээ мэдэгдэж, байнга холбоотой байх. Эдгээрийг өөрчилсөн, гэр орноосоо удаан хугацаагаар явах тохиолдолд ойр дотнынхондоо заавал мэдэгдэх,

Цагдаагийн байгууллагад баривчлагдсан, саатуулагдсан тохиолдолд суугаа орны “Хувь хүний нууцын тухай хууль”-ийн дагуу тухайн байгууллагаас ЭСЯ-нд мэдэгдэх үүрэггүй байдаг тул иргэн өөрөө ЭСЯ-ндаа мэдэгдэж, консулын ажилтантай уулзах хүсэлтээ илэрхийлэх,

Иргэд шаардлагагүй үед бичиг баримтынхаа эх хувийг биедээ авч явахгүй байх, бичиг баримтуудынхаа хуулбар болон зургийг гар утас, цахим шуудандаа хадгалж байх,

Үл таних хүмүүстэй олон нийтийн сүлжээгээр танилцах, харилцахдаа анхаарал болгоомжтой хандаж, албан ёсны баталгаатай мэдээлэл аваагүй тохиолдолд санхүүгийн асуудлаар харилцахгүй байх, зэрэг болно.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн цусны донорын өдөр тохиож байна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн зургадугаар сарын 14-ний өдрийг Цусны донорын Дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг. 2004 оноос эхлэн жил бүр тодорхой нэг уриан дор зохиосоор иржээ. Энэ жил “Эрүүл мэндийн яам”, “Цус сэлбэлт судлалын үндэсний төв”, “Монголын улаан загалмайн нийгэмлэг”–ээс хамтран “Бусдын төлөө цусаа өгч, амьдрал бэлэглэе” уриан дор Сүхбаатарын талбайд өдөрлөг зохиов.

Цусны доноруудын тоо жил бүр өссөөр байгаа. 2016 онд Монгол Улсын хэмжээнд нийт 32966 донор цусаа бэлэглэсэн бол 2017 онд 33407 болж өсчээ. Цусны нөөцийн хувьд 2018 оны тавдугаар сарын нэгний байдлаар өмнөх оноос 36,1 хувиар нэмэгджээ.

70-аас дээш цусаа өгсөн хүмүүсийг “Хүрэл”, 100 –аас дээш “Мөнгөн”, 150–иас дээш удаа цусаа өгсөн бол “Алтан” донор цол тэмдэгээр алдаршуулан шагнадаг байна. Одоогийн байдлаар улсын хэмжээнд таван “Алтан”, 20 –н “Мөнгөн”, 63–н “Хүрэл” донор байгаа юм. 2018 онд улсын хэмжээнд 35 –аас дээш удаа цусаа бэлэглэсэн “Хүндэт” донор 100 гаруй төрснөөс 62 нь нийслэл хотоос тодорлоо. Тэдгээрээс хамгийн залуу “Хүндэт” донороор О. Ганбаяр, хамгийн олон өгөлттэй “Хүндэт” донороор З.Баяртсайхан нарыг алдаршуулав.

Хөдөө орон нутагт 56 -н цусны салбар төв ашиглалтанд орсон байна.

Цусны донорын дэлхийн өдрийн хүрээнд байгууллага хамт олноороо донорын эгнээнд нэгдсэн ШУТИС –ын эрүүл мэндийн төв, оюутны соёл үйлчилгээний алба, Зэвсэгт хүчний 013 –р анги болон Бурханы сүмийг “Донор хамт олон”–оор өргөмжиллөө. Цусны донорын үйлсийг сурталчлагч шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагаар МҮОНРТ, Zaluu.com сайт тус тус шалгарлаа.

Энэ удаагийн арга хэмжээнд JCI капитал, “Талх Чихэр” ХК, “Витафит” групп, DXN компани, Юнител групп, Худалдаа хөгжлийн банк, “Сүү” ХК, “Монгол шуудан” зэрэг байгууллагууд хамтран ажиллав. Мөн улаан загалмайн нийгэмлэг, ивээн тэтгэгч DXN компанийн монгол дахь салбар DAXEN компани, УБ Сонгдо эмнэлэг, болон төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг хүмүүст үйлчилгээ, зөвлөгөө өгөн цусны бүлгийг нь тогтоож өглөө.

Манай улсад 2015 оны дөрөвдүгээр сарын 3 –наас эхлэн сар бүрийн гуравны өдрийг цусаа бэлэглэх өдөр болгон зарласан билээ.

Ц.УЯНГА

Categories
гадаад мэдээ

Шинзо Абэ болон Ким Жөн Ун нар уулзаж магадгүй

ОХУ-ын Владивосток хотод ирэх 9 дүгээр сард болох Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд Японы Ерөнхий сайд Шинзо Абэ болон Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нарын уулзалтыг зохион байгуулах асуудлыг Японы Засгийн газар зөвшилцөж эхэлжээ. Энэ тухай “Киодо” агентлаг мэдээлэв.

Орос улс Умард Солонгосын удирдагчийг Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохыг урьсантай холбоотойгоор Ш.Абэ болон Ким Жөн Ун нарын уулзалт болж магадгүй байна.

Япон болон Умард Солонгосын удирдагчдын уулзалтыг зохион байгуулах асуудлаар хоёр улс нууц яриа хэлэлцээ хийж байгаа тухай олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээд байгаа юм. Хоёр улсын удирдагчдын уулзалт Ш.Абэг Пхеньянд айлчилвал 8 дугаар сард аль эсвэл Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр буюу 9 дүгээр сард болж магадгүй байна. Яриа хэлэлцээний үеэр талууд Умард Солонгост хулгайлагдсан Япон иргэдийн асуудлыг шийдвэрлэх арга замуудыг авч хэлэлцэх аж. Энэ асуудлыг Ким Жөн Унтай шууд хэлэлцэх бодолтой байгаагаа Ш.Абэ өмнө нь нэг бус удаа мэдэгдэж байсан юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Х.Баттулга ШЕЗ-ийн 25 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэв

Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөл /ШЕЗ/-ийн 25 жилийн ойд зориулсан “Шүүхийн захиргааны хөгжлийн чиг хандлага: Чиг үүрэг ба загвар” сэдэвт олон улсын онол-практикийн бага хурал өнөөдөр боллоо. Олон улсын онол-практикийн бага хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүрэлцэн очиж шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад мэндчилгээ дэвшүүлэн, үг хэлэв. Тэрээр хэлэхдээ

“Юуны өмнө Та бүхэнд Шүүхийн ерөнхий зөвлөл байгуулагдсаны 25 жилийн ойн мэндийг дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол Улсын Үндсэн хуулиар шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах үүрэг хүлээсэн Шүүхийн ерөнхий зөвлөл байгуулагдан ажилласан 25 жилийн хугацаандаа дэлхий нийтэд түгээмэл хэрэглэгддэг шүүхийн захиргааны хоёр загварыг туршиж, тэдгээрийн алдаа, онооноос сургамж авсны үндсэн дээр бие даасан шүүхийн захиргааны загварыг хэрэгжүүлж эхлэснээс хойш таван жил өнгөрчээ.

Ардчилсан нийгмийн үнэт зүйлсийн тулгуур нь болсон хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах үндсэн хэрэгсэл бол шударга шүүх юм. Монгол Улсад шүүхийн нээлттэй, ил тод байдал, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг бэхжүүлэх болон иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангахад шүүх, шүүхийн захиргааны байгууллагын хийх ажил дэндүү их байна.

Шүүх эрх мэдэл нь хараат бус, хариуцлагатай, шударга улс оронд л иргэд амар тайван, эрх чөлөөтэй, сэтгэл хангалуун аж төрдөг. Шүүх эрх мэдлийг шударга ёсонд нийцүүлэн хэрэгжүүлэхийн төлөө шүүхийн захиргааны байгууллага хүний эрхийг дээдэлж, өндөр хариуцлага, ёс зүйтэйгээр бие даан ажиллах ёстой.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 25 жилийн ойгоо ажил хэрэгчээр зохион байгуулж хуримтлуулсан туршлага, алдаа оноогоо хэлэлцэн, олон улсын туршлагаас судалж, ирээдүйн чиг хандлага, бодлого зорилтоо тодорхойлох онол – практикийн бага хурал зохион байгуулж байгаад би тун баяртай байна. Туулсан замаа дүгнэж цэгнэх нь ирээдүйн алдаанаас зайлсхийх шалгарсан арга юм. Өнөөдөр монголын ард түмэн шүүх болон шүүгчдээс шударга ёс, тэгш ялгаварлалгүй хандлагыг юу юунаас ч ихээр хүсэж, шаардаж байгаа. Ард түмнийхээ шаардлагад тэнцэж, өндөр ёс зүйтэй ажиллах, гагцхүү хуульд захирагдах тийм шударга шүүгчийг шалгаруулж, сургаж, дадлагажуулах нь Шүүхийн Ерөнхий зөвлөлийн мөнхийн зорилт байх болно.

Шүүх, шүүхийн захиргааны байгууллагын нийт ажилтан, албан хаагч Та бүхэнд дахин баяр хүргэе! Шударга ёс цэцэглэн, сайн үйлс дэлгэртүгэй!” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Бямба гаригт Налайх дүүрэгт зөвлөлдөх санал асуулга болно

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын тушаал, Нийслэлийн Засаг даргын захирамжаар Налайх дүүргийн нутаг дэвсгэрт хийгдэж буй хууль бус нүүрс олборлолт, түүнээс иргэдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах зорилгоор тус дүүргийн оршин суугч иргэдийн дунд Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж байна. Зөвлөлдөх санал асуулга бол ардчилсан тогтолцооны дэвшилтэт хувилбар бөгөөд аливаа нэг асуудлын шийдлийг тухайн нутаг дэвсгэрийн ард иргэдийн саналд үндэслэн шийдвэрлэх явдал юм. Нэг дэх үеийн санал асуулгыг энэ сарын 8-10-ны өдрүүдэд зохион байгуулсан бол хоёр дахь шатыг ирэх бямба гарагт Налайх дүүрэгт зохион байгуулах юм.

Санал зохион байгуулах ажлын хэсгээс зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь хэлэлцүүлэгт ажиллах мэргэжлийн судлаач, чиглүүлэгч нар зориулсан сургалтыг өчигдөр зохион байгууллаа. Зөвлөлдөх санал асуулгын хууль, зорилго, ач холбогдлыг танилцуулах сургалтад Зөвлөлдөх санал асуулгын ажлын хэсгийн ахлагч, НЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, зөвлөлдөх зөвлөлийн дарга, ШУТИС-ийн ГУУС-ийн захирал Б.Чинзориг, ҮСХ-ны ХАНСГ-ын дарга А.Амарбал нар оролцлоо.

Categories
мэдээ улс-төр

Хуралдаанд суудаггүй гишүүдийг эгүүлэн татах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хоёр хуулийн төслийг хэлэлцлээ.

Д.Хаянхярваа нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд чуулганы хуралдааны ирцийг сайжруулах, хуралдааны дэг сахиулах, гишүүн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд оролцоогүй, бусад гишүүний өмнөөс санал өгсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэхтэй холбоотой зохицуулалтыг тусгажээ. Тодруулбал, УИХ гишүүн хүндэтгэх шалтгаангүйгээр хуралд суугаагүй цаг ээлжит чуулганы хуралдааны нийт хугацааны гуравны нэгд хүрсэн бол гишүүнийг эгүүлэн татна хэмээн заажээ.
Харин С.Бямбацогт нарын 14 гишүүний өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд бусад гишүүдийн өмнөөс кноп дарахыг таслан зогсоох, гишүүд хурууны хээгээр ирцээ бүртгүүлдэг болох, Ерөнхий сайд, Засгийн газар, Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг нийт гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэх зэрэг өөрчлөлтийг тусгасан байна.
Дээрх хуулийн төслүүдэд гишүүнийг эгүүлэн татах асуудлыг тусгасан нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болно гэдгийг хэллээ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд гишүүнийг эгүүлэн татах заалт байхад дэгийн тухай хуульд нэмэлт заалт оруулах шаардлагагүй гэдгийг Н.Учрал гишүүн дурьдлаа.
Мөн Ц.Мөнх-Оргил гишүүн УИХ-ын байнгын хороодын хуралдааныг хаалттай горимоор явуулдаг болох чиглэлд зохицуулалт оруулсан эсэхийг тодрууллаа. Хаалттай хэлэлцэх асуудлыг хуулийн төсөлд оруулах эсэхийг хэлэлцүүлгийн явцад судлах боломжтой гэдгийг Д.Хаянхярваа гишүүн тайлбарлав.
Түүнчлэн гишүүдийн зүгээс иргэдийн өмнөөс Монгол төрийн дээд байгууллагад ажиллаж байгаа хүн өөрийн ёс зүйгээр хуралдаа тогтмол суудаг байх хэрэгтэй. Тиймээс заавал хуульчлах шаардлагагүй гэсэн санал хэлж байлаа. Аливаа зүйл дэг журамтай байх хэрэгтэй тул хуульчлах нь зөв гэдгийг хууль санаачлагчид хэлсэн юм.
Мөн хуралдааны үеэр Л.Болд гишүүн, “УИХ-ын гишүүн хурал тасалсан тохиолдолд ял, шийтгэл ногдуулах асуудлыг Эрүүгийн хуулиар, бусдын өмнөөс кноп дарах асуудлыг Зөрчлийн хуулиар шийдвэрлэдэг болох хэрэгтэй. Үндсэн хуульд заасан гишүүнийг түдгэлзүүлэх асуудлыг энэ хуульд давхар оруулах шаардлагагүй” гэлээ.
Энгийн төрийн албан хаагч 3 удаа ажлаасаа хоцроход л халагддаг. Тиймээс төрийн дээд байгууллагад ажиллаж байгаа гишүүдэд мөн хариуцлага тооцох асуудлыг ярих шаардлагатай тул хуулийн төслийг дэмжиж буйгаа Ж.Мөнхбат, Ж.Энхбаяр, М.Билэгт нарын гишүүд хэлэв.
Мөн Л.Энх-Амгалан гишүүн, “2016-2018 онд УИХ-ын гишүүдийн нийт таслалт 1012 цаг болсон байна. Тиймээс гишүүд өөрсдөөсөө шударга ёс, хариуцлага нэхэх цаг болсон” гэв. Мөн чуулганы хуралдааныг хамгийн их тасалдаг гишүүдийн нэрийг олон нийтэд нээлттэй зарлах ёстой гэсэн байр суурийг илэрхийллээ.
Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ. Мөн дээрх хоёр хуулийн төслийг нэгтгэх ажлын хэсэг байгуулахаар тогтов.
Categories
мэдээ нийгэм

С.Соёлмаа: Бид чадсан. Сэтгэлийн шарх минь арай л нимгэрээд байна

“Алдарт эх” цахим нэгдлийн идэвхтэн гишүүн С.Соёлмаатай уулзаж ярилцлаа.

-Та өөрийгөө танилцуулаач?

-Намайг Соёлтын Соёлмаа гэдэг. Дөрвөн хүүхэдтэй.Барилга угсралт болон хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдагкомпанийн захирлын алба хашдаг. Алдарт эх цахим нэгдлийн идэвхтэн гишүүн.

-Саяхан танай цахим нэгдлийнхэн хамтдаа нэгэн хандивын ажлыг зохиожээ. Энэ тухай яриач?

-“Алдарт эх” цахим нэгдэл нь 3000 гишүүнтэй. Өнгөрсөн оны гуравдугаар сарын зургаанд үүсэн байгуулагдсан.Саяхан манай нэгдлийн ээжүүдийн хувьд маш харамсалтай үйл явдал болж өнгөрсөн. Нэгдлийн бүх үйл ажиллагаанд маань маш идэвхтэй оролцдог байсан, бидний дотны дүү маань зургаа дахь хүүхдээ төрүүлэх гэж байгаад төрөхийн хүндрэлээр өөд болсон. Биднийг буянынх нь ажил дээр очиход нөхцөл байдал хүнд байсан. Хамгийн том хүүхэд нь арван настай, бага нь сая төрсөн нярай. Гэр нь уулын энгэрт байдаг учраас том охин нь дөчин литр ус гэрлүүгээ зөөдөг, хүүхдүүдийн аав нь амьдралаа залгуулахын тулд таксинд явж байсан. Бид нэг удаа туслаад усыг нь авч өгөөд явж болох ч маргааш нь охин тэр замаараа дахиад л явна гэж бодохоор үнэхээр зүрх шимширч, орон сууцанд амьдардаг болгоё хэмээн шийдээд энэхүү аяныг эхлүүлсэн.

-Нийт хэр их хандив цугларч, ямар үр дүн гарсан бэ?

Хандивын хүрээнд цугларсан мөнгөөр бид хоёр өрөө байр авч Төмөртогоогийнхоо гэр бүлд уржигдар түлхүүрийг нь гардуулж өглөө.

-Хэр хугацаанд хандивын аян зохиож, хэчнээн хүн оролцов?

Бид анх тавдугаар сарын 25-наас долдугаар сарын тавныг хүртэл хандивын аянаа төлөвлөж байсан. Гэсэн ч бид хугацаанаасаа өмнө маш том үр дүнд хүрч чадлаа. Оролцсон хүмүүсийн тоог сайн мэдэхгүй юм. Манай группын 600 идэвхтэн ээжүүд, цаашлаад тэдний албан газар бидэнд маш их туслалцаа үзүүлсэн. Ялангуяа Онцгой Байдлын Ерөнхий газрын эмэгтэй ажилчид, Оюу толгой, Монгол эм импекс, гадаадад байгаа ээжүүдийн нэгдэл гэх мэт байгууллагуудад маш их баярлаж байна.

-Маш богино хугацаанд яаж ийм үр дүнд хүрч чадав аа?

Манай ээжүүдийн чин сэтгэлээсээ тусалъя гэсэн хүсэл эрмэлзэл, зөв менежмент их нөлөөлсөн. Бид ээжүүдээ багт хуваагаад хандивын үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Ингэхдээ бид цахим ертөнцийг бараг ашиглаагүй. 49 хоног нь ч дуусаагүй байсан учраас хэт их зарлаад яахав гэж бодсон. Бидний нэрийг барьсан залилагчид иргэдийг төөрөлдүүлэх вий гэсэн эрсдэлийг тооцоолсон. Мөн дээрээс нь цахим нэгдлийнхээ нэр хүндийг бодсон. Энэ “Алдарт эх”-чүүд дандаа л мөнгө гуйж байх юм гэсэн ярианаас бид айсан. Мэдээж би өөрөө ч маш их айж байсан. Бид чадах болов уу гээд. Өнөөдөр бид чадсан сэтгэлийн шарх маань арай л нимгэрээд сууж байна даа.

Өмнө нь та бүхэн хандивын аян хий байв уу?

-Манай ээжүүд нэг л нийтлэг талаараа нэгдсэн.Олон хүүхэд гаргасан учраас гэртээ суудаг, тэрнийхээ хэрээр найз нөхөд, нийгмийн байр сууриа бага багаар алдсан байсан. Иймээс бид биенээ маш сайн ойлгож, дэмжиж ирсэн. Бидний үйл ажиллагаа хандив гэхээсээ илүү нийгэмд ээжүүдийнхээ дуу хоолойг хүргье гэсэн чиглэлтэй байсан. Үнэндээ бид улсынхаа хүн амын тоо, тэднийг сайн иргэн болгож өсгөж хүмүүжүүлэх маш том үүргийг биелүүлж яваа хүмүүс. Харин сая болсон хандивын ажлын тухайд гэвэл талийгаач маань бидний хувьд хамгийн дотны, мөн өөрөө сайхан ааштай болохоор нэгдэл дотроо их нэр хүндтэй олон найз нөхөдтэй бүсгүй байсан. Тиймээс бид зүгээр хараад сууж чадаагүй.

-Цаашдаа өөр төлөвлөсөн ажил бий юу?

-Одоогоор бид хоёр өрөө байрандаа засвар хийгээд зарим нэг шаардлагатай тавилгыг авч өгөхөөр төлөвлөж байна. Долоон сарын таванд талийгаачийн маань төрсөн өдөр нь болдог. Энэ үеэр бид “Нарны цацрагууд” хандивын аянаа хаахболно.Нэгдлийнхээ ээжүүдийг төрсөн сараар нь багт хуваадаг. Цаашдаа энэ хуваагдсан багууд маань сая төрсөн нярайг хоёр нас хүртэл нь асран хамгаалах, өсгөхөд нь ээлжлэн туслах юм. Нэг сард төрсөн ээжүүдийн баг нэгдүгээр сарын хэрэглээ ч гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар явна. Хамгийн гол нь бид үүнийг чин сэтгэлээсээ хийхээр зорьсон. Байнга хандив цуглуулах нь бидний үйл ажиллагааны чиглэл биш учраас бүр шаардлагатай нөхцөлд магадгүй дараа жил ч юм уу дахин хандивын аян зохиохыг үгүйсгэхгүй. Шаардлагатай тохиолдол гэдэг нь манай багууд хуваагдан очиж, нөхцөл байдалтай танилцан, судалгаа хийхийг хэлж байгаа юм.

-“Алдарт эх” цахим нэгдлийн идэвхтэй гишүүдийн тоо хэд вэ?

-Идэвхтэй 600 ээж байдаг. Манайхтай ижил зорилгоор үүссэн олон нэгдлүүд байдаг юм билээ. Одонтой ээжүүд, Одонтой ээжүүдийн нэгдэл гэх мэт.Зарим нэг нь зарын групп шиг болчихсон байх жишээний. Манайх тийм биш. Хэрэгтэй зүйлээ хуваалцдаг, олныг хамарсан ажил их болдог. Гишүүд маань ч идэвхтэй оролцдог. Маш сайхан уур амьсгалтай. Манай бизнесийн групп тусдаа байдаг. Тэнд ээжүүд хоорондоо хэрэгтэй зүйлсээ солилцдог, боломжтой бол аль болох бие биедээ орлого оруулахыг хичээдэг.

-Энэ хугацаанд ямар ажлуудыг хийв ?

-Өнгөрсөн наадмаар одонтой 80 ээж бүжиглэсэн. Энэ цагаас хойш бид нэгдсэн. Үүнээс хойш “Слава- Мисс”, Славагийн бүтээгдэхүүнээр хэн сайн хоол хийж чадах вэ хэмээх тэмцээнүүдийг зохиосон. Тэсо корпорацитай хамтарч нийслэлийн бүх өрхийн эмнэлгийг утлагын аппараттай болгосон. Нийслэлийн тамгын газартай хамтран 555 одонтой ээжийг төрийн ордонд хүлээж аван, одонг гардуулах ёслолыг зохиож, урлагийн тоглолт үзүүлсэн. Өмнө нь бидний энэ хүндтэй шагналыг хорооны засаг дарга ширээнээсээ гаргаад л өгчихдөг байсан.

-Та бүхний энэхүү буянтай ажилд маш их талархаж байна. Цаашдын үйл ажиллагаанд нь амжилт хүсье.

Баярлалаа. Бид хэвлэл мэдээллийн байгууллагаар өөрсдийн үйл ажиллагаагаа сурталчилъя, нэгдлээ хүмүүст таниулая гэж хандаж байсан удаагүй. Гэхдээ цөөхөн ч гэсэн, хүмүүс бид сэтгэл зүрхээрээ нэгдэж чадвал ямар үр дүнд хүрч болдог вэ гэдгийг нийгэмд харуулж, эерэг дуу хоолойг хүргэхийг хүссэндээ энэхүү ярилцлагыг өглөө. Та бүхэнд ч мөн ажлын амжилт хүсье.

Ярилцсан: Л.Анударь


Categories
гадаад мэдээ

​Их Британийн хатан хаан албан ёсны арга хэмжээнд оролцоно

Их Британийн хатан хаан Элизавета эзэн хааны гэр бүлийн шинэ гишүүн, Суссексийн гүнгийн ахайтан Меган Марклын хамтаар пүрэв гарагт тус улсад болох албан ёсны арга хэмжээнүүдэд оролцохоор болсон тухай “Ройтерс” агентлаг мэдээлэв.

Меган Маркл өөрийн нөхөр хунтайжаас тусдаа албан ёсны арга хэмжээнд анх удаа оролцох гэж байгаа нь энэ юм. Их Британийн 92 настай хатан хаан болон 36 настай Меган нар тус улсад сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн дэд бүтцийн томоохон төслүүдийн нэг болох Мерси гол дээр тавьсан гүүрийн албан ёсны нээлтийн ёслолд оролцох аж.
Дараа нь тэд Честер хотод шинээр байгуулж буй номын сан, кино театр болон театрын цогцолборын нээлтийн ажиллагаанд оролцож, сургуулийн сурагчдын тоглолтыг үзэж сонирхох гэнэ.
Хунтайж Харригийн ажлын албанаас өмнө нь мэдээлснээр, “Энэ оны сүүлээр Хунтайж, эхнэрийн хамтаар Австрали, Фижи арал, Тонга болон Шинэ Зеланд зэрэг орноор аялахаар төлөвлөж байгаа” ажээ.