Categories
мэдээ нийгэм

10 эмэгтэй тутмын нэг нь 15 нас хүрэхээсээ өмнө хүчирхийлэлд өртдөг гэв

НҮБ-ын Хүн амын сан болон Үндэсний статистикийн хороо /ҮСХ/ хамтран 2017 онд явуулсан “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл” сэдэвт үндэсний хэмжээний анхны судалгаагаар 10 эмэгтэй тутмын нэг нь 15 нас хүрэхээсээ өмнө хүчирхийлэлд өртдөг гэдгийг өнөөдөр “Blue Sky” зочид буудлын танхимд болсон Хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллээ.
Тус судалгаанд хүчирхийлэлд өртсөн 15-64 насны 7300 гаруй эмэгтэй хамарсан бөгөөд Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргийн 7860 өрхөөс нийт 95 судлаач эмэгтэй 15 баг болж, мэдээлэл цуглуулжээ. Түүнчлэн 392 иргэнээс зорилтот бүлгийн 64, гүнзгийрүүлсэн 87, хүчирхийлэлтэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг байгууллагын 59 мэргэжилтэнтэй ярилцлага хийсэн байна. Мөн хүчирхийлэлтэй холбоотой сэдвээр бэлгийн цөөнх, ахмад настнуудтай ч ярилцлага хийж судалгаанд ашиглажээ.
Судалгаагаар монголд ойр дотны хамтрагч болон гадны нөлөөлөөс эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэж буй хүчирхийллийн түвшин хэт өндөр байгааг тогтоожээ.
Энэхүү өргөн судалгааны ажил нь жендерт суурилсан хүчирхийллийн талаарх тоон болон чанарын мэдээлэлтэй болсон төдийгүй мэдээллийн мөрөөр үйл ажиллагаагаа эрчимжүүлэх, хүчирхийллийн үйлдлүүдийг нийтэд ил болгох зэрэг чухал ач холбогдолтой хэмээн зохион байгуулагчид хэллээ.

Судалгаанд оролцогчдын 23.6 хувь нь сүүлийн 12 сард бие махбод, бэлгийн болон сэтгэл санааны хүчирхийлэлд өртөж байснаас дийлэнх нь 30-34 насныхан байв. Мөн 15 хүртэлх насны эмэгтэй хүүхдийн 29.5 хувь нь гэр бүлийн гишүүндээ, 19 хувь найздаа, 18.7 хувь танихгүй хүний бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан бол 10 эмэгтэй тутмын нэг нь 15 нас хүрэхээсээ өмнө хүчирхийлэлд өртсөн нь илэрчээ. Мөн аливаа хэлбэрийн хүчирхийлэлд өртөж байсан эмэгтэйчүүдийн эзлэх хувь Хэнтий, Дархан-Уул, Өмнөговь, Говьсүмбэр, Улаанбаатар хотод өндөр байсан бол бэлгийн болон биемахбодын хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд Дархан-Уул, Өмнөговь, Говьсүмбэр, Булган, Ховд аймагт хамгийн их байна гэсэн статистик мэдээлэл гарчээ.
НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китархара, “Хүчирхийллийн улмаас эмэгтэйчүүд нийгэм, эдийн засгийн амьдралд бүрэн оролцох эрхээ эдэлж чадахгүй байна. Энэ нь бие махбодын болон сэтгэцийн эрүүл мэндийн маш олон хүндрэлийг үүсгэж, зарим тохиолдолд хохирогчид амиа алдах ч байдал үүсч буйг хэллээ. Иймд жендерт суурилсан хүчирхийллийг таслан зогсоохын төлөө бид чадах бүхнээ хийх ёстой” хэмээв.
Судалгааг явуулахад НҮБ-ын Хүн амын сан, Швейцарийн Хөгжлийн агентлаг, Австралийн Гадаад хэрэг, Худалдааны яам санхүүгийн дэмжлэг үзүүлжээ.

Categories
мэдээ улс-төр

“Улаанбаатарын яриа хэлэлцээ” Олон улсын V бага хурал эхлэлээ

Зүүн хойд Азийн (ЗХА) аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлцээ” (Ulaanbaatar Dialogue on Northeast Asian Security) олон улсын V бага хурал 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд эхэллээ. Монгол Улс Ази, Номхон далайн бүс нутагт олон талт хамтын ажиллагаанд оролцох, Зүүн хойд Азийн стратегийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, аюулгүй байдлын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн бодлого, үйл ажиллагааг дэмжиж оролцоход чиглэсэн гадаад бодлогын үйл ажиллагааны хүрээнд хүрээнд Гадаад харилцааны яам энэ олон улсын бага хурлыг 2014 оноос хойш ҮАБЗ-ийн Стратеги судалгааны хүрээлэнтэй хамтран зохион байгуулж ирсэн.

Зүүн хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдал, хамтын ажиллагааны асуудлаар эрдэмтэн судлаачид саналаа солилцох хэлбэрээр анх эхэлсэн яриа хэлцээний энэ талбар нь 2017 оноос эхлэн түвшингээ дээшлүүлж, бүс нутгийн улсуудын засгийн газрын албан ёсны төлөөлөгчдийг хамруулах болсноор ач холбогдол нь өсч, агуулга, оролцоо нь нэмэгдэж байна. Хоёр өдөр үргэлжлэх энэ удаагийн 5 дугаар бага хурал нь сүүлийн саруудад Зүүн хойд Азид өрнөж буй нааштай өөрчлөлтүүдтэй давхцаж байгаагаараа онцлог болж байна.

Тавдугаар бага хуралд АНУ, БНХАУ, БНЭУ, БНСУ, БНАСАУ, БНФУ, ОХУ, ХБНГУ, Монгол Улс, Япон Улсын мэргэжилтэн, судлаачид болон НҮБ, Европын холбоо, Олон улсын Улаан загалмайн нийгэмлэг, Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа (АПЕК) зэрэг олон улсын байгууллагын 150 гаруй төлөөлөгч оролцож байна.

Энэ бага хурлаар 2025 он хүртэлх ЗХА-ийн аюулгүй байдлын орчны тухай төсөөлөл, хэтийн төлөв, сорилт ба боломжийг тодорхойлох, эрчим хүч, байгаль орчин, хүмүүнлэгийн салбарын өнөөгийн байдал, хамтын ажиллагааны боломж зэрэг асуудлыг хэлэлцэнэ

Categories
мэдээ нийгэм

Зөрчлийн тухай хуулиар сургалт зохион байгуулав

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас нийслэлийн Прокурорын газартай хамтран Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудаар нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын офицер, ахлагч нарт энэ сарын 13-ны өдөр сургалт зохион байгуулав.

Сургалтад “Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ойлголт, Цэргийн албаны тухай хуулийн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа”-ны талаар Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Чинзориг, “Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу цэргийн бүртгэл, цэрэг татлагаас хоцорсон иргэдийн зөрчлийг шалган шийдвэрлэж буй байдал” сэдвээр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Г.Ялалт нар хичээл орлоо гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Команд штабын сургуульд өмнөд бүсийн 50 гаруй офицер хамрагдлаа

Онцгой байдлын ерөнхий газраас Өмнөд бүсийн Онцгой байдлын газрын офицер бүрэлдэхүүнийг хамруулан “Гамшгийн нөхцөл байдал үүссэн үеийн бүсийн төвийн удирдлага, зохицуулалт, хариу арга хэмжээ, харилцан ажиллагаа” сэдэвт гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг Өмнөд бүсийн төв Өмнөговь аймагт зохион байгууллаа.

Команд штабын сургуульд Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын нийт 50 гаруй офицер хамрагдсан юм.

Гамшгаас хамгаалах менежментийн хөгжлийн чиг хандлага, бүс, бүсийн төвийн удирдлага зохицуулалт, гамшгийн үеийн харилцан ажиллагаа, удирдлага зохион байгуулалт, үүссэн цагийн байдлыг үнэлж, шийдвэр гаргах, офицер бүрэлдэхүүний штабын жигдрэлтийг хангах зорилготой тус команд штабын сургуулийг астрономийн 48 цаг, оперативын 168 цагийн багтаамжтай гурван үе шаттайгаар зохион байгууллаа.

Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн удирдагчаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр ажилласан бөгөөд команд штабын сургуулийг дүүрэн хангалттай дүгнэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

​Баянзүрх дүүргийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна​

Нийслэлийн Засаг даргын 2018 оны “Гамшгаас хамгаалах дадлага, сургууль, бэлэн байдлын үзлэг зохион байгуулах тухай” 41 дүгээр захирамжийг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг дарга А/211 дүгээр захирамж гаргаж дүүргийн хэмжээнд “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль, дадлага”-ыг зохион байгуулахаар болсон.

Тэгвэл Баянзүрх дүүргийн гамшгийн үед үүрэг гүйцэтгэх хүч хэрэгсэл, болзошгүй гамшгийн үед хэрхэн хамтран ажиллахталаар туршлага солилцож,мэдээлэл авах гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр эхэллээ.

Энэхүү гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нээлтийн арга хэмжээндНийслэлийн дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч П.Баярхүү, Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Ж.Чүлтэмсүрэн,Баянзүрх дүүргийн Онцгой комиссын дарга Т.Баясах болон дүүргийн онцгой комиссын гишүүд, албан хаагчид,дүүргийн гамшгаас хамгаалах алба, шуурхай команд, мэргэжлийн анги, аж ахуй нэгж байгууллагууд оролцсон юм.

Тус иж бүрэн сургууль нь гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үеийн удирдлага, гамшгаас хамгаалах алба, хороо, аж ахуй нэгж байгууллага мэргэжлийн ангиудын харилцан ажиллагааг уялдуулан зохицуулах, мэдлэг дадлага олгох үүрэг гүйцэтгэх чадавхыг сайжруулах зэрэг ач холбогдолтой.

Гамшгаас хамгаалах дадлага сургуультай холбогдуулан Засаг даргын захирамжаардүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги болон аж ахуйн нэгж байгууллагуудөндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна.

Түүнчлэн өнөөдөр гамшгаас хамгаалах сургуулийн Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг Дүнжингарав худалдааны төвийн өмнөх талбайд зохион байгуулсан бол штабын дадлага 14 дүгээр сургуулийн спорт зааланд үргэлжилж байна гэж Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Сэтгүүлчид гамшгаас хамгаалах мэдлэг, чадвараа сорьлоо

Нийслэлийн Онцгой байдлын газраас “Гамшгаас урьдчилан сэргийлэхэд хэвлэл мэдээллийн хэрэгслийн оролцоо” сэдэвт сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.

Гамшгийн эрсдэлийг бууруулахад хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, гамшгийн нөхцөл байдлыг олон нийтэд хүргэх, гамшгаас хамгаалах мэдээ мэдээллийг олон нийтэд шуурхай хүргэхэд сэтгүүлчдийг мэдээллээр хангах, хамтран ажиллах зорилготой тус сургалтад төвийн хэвлэл мэдээллийн 30 орчим сэтгүүлч хамрагдсан юм.

Мөн сургалтын үеэр зохион байгуулагдсан гамшгаас хамгаалах мэдлэг, чадвар олгох “Хэн ч, хаана ч, хэзээ ч БЭЛЭН” буухиа тэмцээнд сэтгүүлчид авьяас чадвараа сорин өрсөлдлөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

​Телевизэд дохионы орчуулга, үсгэн тайлбар зэргийг гаргах боломжтой​

Өнөөдөр Монгол японы төвд Хөдөлмөр Нийгэм Хамгааллын Яам, Япон улсын ЖАЙКА байгууллагатай хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сургалтыг хийв. Уг сургалт семинараар дохионы орчуулга, үсгэн тайлбар, дуут тайлбарыг Монголд нэвтрүүлэх талаарх асуудлыг хөндсөн юм.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд “мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээ үзүүлж, олон нийтийн байгууллагын цахим хуудсыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ шаардлагад тохируулах“ талаар туссан байдаг. Гэвч бодит байдал дээр уг хуулийг хэрэгжүүлэх стандарт, дүрэм журам хангалтгүй, авч байгаа арга хэмжээ нь хоцрогдмол байна.

Энэ хүрээнд тус төслөөс цуврал семинарыг зохион байгуулсан ба 2016 оны 10 дугаар сарын 13-нд анхны семинарыг зохиож байжээ. Уг цуврал семинарын үр дүнд харааны бэрхшээлтэй иргэд “телевизийн дүрс бичлэгийн талаарх дуут тайлбар байхгүй”, сонсголын бэрхшээлтэй иргэд “Телевизийн мэдээндээ дохионы хэлмэрчтэй ганцхан телевизтэй, хэлмэрчийн дүрс жижигхэн учир харахад хэцүү, үсгэн тайлбар байдаггүй” гэсэн асуудлуудыг гаргаж тавьсан байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эдгээр асуудлуудад шийдэл болгож Япон улсаас зөвлөх Кавамур Хироши,Кейо их сургуулийн профессор Кавамори Масахито болон “ASTEM” ХХК-ны төлөөлөл нар хүрэлцэн ирж, Японд хэрэгжиж байгаа телевизийн нэвтрүүлэгт дохионы орчуулга болон үсгэн тайлбар оруулдаг “Set Top Box” төхөөрөмжийн танилцуулгыг хийжээ.

“Энэ төхөөрөмжийг хэрэглэснээр монголын телевизэд дохионы орчуулга, үсгэн тайлбар зэргийг гаргах боломжтой болно. Монголын засгийн газар мөн адил мэдээллийн хүртээмжтэй байдал дээр анхаарч байгаа нь харагдаж байна” гэж ЖАЙКО байгууллагын Монгол дахь төлөөлөгч Танака онцолж байв.

Тус семинараар дохионы орчуулга, үсгэн тайлбар, дуут тайлбарыг монголд нэвтрүүлэхийн тулд хэрхэн арга хэмжээ авах талаар, орчин цагийн уг технологийг бодитоор туршиж үзүүлэв. Уг төхөөрөмжийн танилцуулыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, Юнивишн болон Монголын Үндэсний Телевиз зэрэг байгууллагуудад хийжээ.

Д.ХУЛАН

Categories
мэдээ нийгэм

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас жил бүр Үндэсний соёл амралтын хүрээлэнд хяналт шалгалт явуулж зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж ажилладаг. Хамгийн сүүлд 2018 оны тавдугаар сарын 22-ны өдөр зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, осол аваараас урьдчилан сэргийлэх тухай зөвлөмж хүргүүлжээ.

Тус зөвлөмжинд Үндэсний Соёл амралтын хүрээлэнд буй барилга байгууламж, 22 тоглоомын техник, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангаж, засвар үйлчилгээг тогтмол хийх зэрэг асуудлуудыг зөвлөжээ.
Паркийн сансрын хөлөг тоглоомонд гарсан ослын учир шалтгааныг тодруулахаар НМХГ-ын улсын байцаагчид ажиллаж байна. Урьдчилсан байдлаар техникийн аюулгүй байдлыг хангаагүй , тоглоомын гар буюу суманд ан цав гарсны улмаас ачаалал дийлэлгүй осол гарсан, өдөр тутмын дотоодын хяналт шалгалт, цэвэрлэгээг хангалтгүй хийснээс шалтгаалсан гэсэн дүгнэлтийг хийгээд байна.
Одоогоор Үндэсний Соёл Амралтын хүрээлэнгийн ажиллагааг түр хаасан бөгөөд паркийн бүх тоглоомонд аюулгүй байдлыг хангах үүднээс бүх тоглоомонд хяналт, шалгалтын ажлыг эхлүүлээд байна. Осол гарсан тоглоомыг актлах шийдвэр гаргасан. Хэрэв осол эрүүгийн шинжтэй гэж үзвэл цагдаагийн байгууллагад шилжинэ, харин зөрчлийн шинжтэй гэж үзвэл НМХГ-аас захиргааны арга хэмжээ авах юм.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны хамтарсан сургуулийн нээлтэд оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсад уламжлал болгон зохион байгуулагддаг “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын хамтарсан сургуулийн нээлтэд хүрэлцэн очлоо.

Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Даваа, “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын хамтарсан сургуульд оролцож буй орнуудын Элчин сайд нар зэрэг албаны хүмүүс оролцсон юм.

Нээлтийн ёслолын эхэнд “Хааны эрэлд”-2018 энхийг дэмжих ажиллагааны олон улсын хамтарсан сургуульд оролцох бие бүрэлдэхүүн бэлэн жагсаж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 26 улсын цэргийн баг, бие бүрэлдэхүүнтэй мэндчилж, улс бүрийн төлөөлөгчидтэй гар барин мэндчилэв.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын 16 дахь удаагийн хамтарсан сургуулийг албан ёсоор нээж үг хэллээ.

Тэрбээр хэлэхдээ “Энхийг сахиулагчид аа, Ахмад дайчид аа, офицер, ахлагч, генералууд аа Эрхэм зочид, хатагтай, ноёд оо Та бүхний амрыг эрж, Монголд тавтай морилохыг хүсье.

Хүн төрөлхтний хөгжил дэвшлийн үндэс нь энх тайван, амар амгалан байдал бөгөөд түүхийн туршид амар амгаланг тогтоож байсан цагтаа хүний нийгэм үсрэнгүй дэвшлүүдэд хүрч байжээ. Олон зууны тэртээ монголчууд евроазийг бараг бүхэлд нь хамарсан амар амгаланг тогтоон сахиулж, орчин үеийн ертөнцийн суурийг цутгаж явсан юм. Монголын амар амгалангийн жилүүдэд евроазийг дамнасан худалдааны сүлжээ сэргэж, улс хоорондын өртөө, шуудан харилцаа тогтож, соёл мэдлэгийн солилцоо нэн эрчимтэй явагддаг байлаа. Чухам энэ үест худалдаа болон банк, буухиа шуудангийн инновациуд дэлгэрч, өрнө дорнын технологи мэдлэгийн солилцоо өргөжиж, улс хоорондын харилцааг илүү шуурхай, илүү үр дүнтэй болгож байсныг эрдэмтэд судлаачид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг.

Өнөө цагт дэлхий нийтийг хамарсан амар амгаланг тогтоох нь нэг үндэстэн, нэг улсын биш нийт хүн төрөлхтөн, улс орон бүрийн хүчин чармайлтыг шаардах үйлс юм. Тийм ч учраас Монгол улс НҮБ-ын гишүүн орны хувьд энхийг сахиулах үйлст бодитоор оролцож, энэ дэлхийн өнцөг булан бүрт үүрэг гүйцэтгэхэд бэлэн байдгаа өнгөрсөн жилүүдэд хангалттай нотлон харуулсан.

Мөргөлдөөн, зөрчилтэй бүс нутагт энхийг сахиулах нь цэрэг эрсээс бэлтгэл сургуулилт, тэвчээр, эр зориг, ур чадвар шаардсан хүнд ажил байдаг. Энэ бол энх тайвныг тогтоох, амар амгаланг сахиулах хүчтэй эрмэлзэл, албаны ухамсар, хариуцлагыг ихээр шаарддаг үйлс. Монголын энхийг сахиулагчид томилогдсон, үүрэг гүйцэтгэсэн газар бүртээ Монгол цэргийн чадвар, сахилга хариуцлагыг нотлон харуулж, эх орноо нүүр бардам төлөөлж ирсэнд Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд би бахархал дүүрэн байдаг.

Монголчууд энхийг сахиулах ажиллагаанд оролцох үүд хаалгыг өнөөдөр эхлэж байгаа 16 дахь удаагийн Хааны эрэлд олон улсын сургуулилт анхлан нээснийг энд би нэхэн сануулж байна. Хааны эрэлд олон улсын сургуулилт нь анх явагдсан мөчөөсөө бодит цагийн байдалд хамгийн ихээр ойртуулсан нөхцөлд, сургалтын шинэлэг арга барилаар явагдаж ирсний хүчинд манай цэрэг дайчид хүнд нөхцөлд, үүрэг гүйцэтгэх өндөр чадавхитай болсон юм” хэмээсэн юм.

Categories
мэдээ нийгэм

​Үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулав​

2018 оны зургадугаар сарын 14-ний байдлаар Алтай нуруунаас ихтэй Ховд, Буянт, Харбут, Увс нуурын сав Хархираа, Хариг зэрэг голууд үерийн түвшинг 10-30 см даван үерлэж байна. Иймд дээрх голын сав дагуу суурьшиж, зусаж буй малчид тариаланчид, аж ахуйн нэгж, байгууллага ард иргэдийг үер усны аюулаас болгоомжлохыг Ус цаг уур орчин шинжилгээний хүрээлэнгээс анхаарууллаа.

Э.АНУДАРЬ