Categories
мэдээ нийгэм

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилт эхэллээ

Нийслэлийн Засаг даргын 2018 оны гамшгаас хамгаалах дадлага сургууль, бэлэн байдлын үзлэг зохион байгуулах тухай 41 дүгээр захирамжийг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны А/211 дүгээр захирамжаар “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль, дадлага”-ыг өчигдөр, өнөөдөр хоёр өдөр зохион байгуулж байна.

Гамшгаас хамгаалах алба, шуурхай команд, мэргэжлийн анги аж ахуй нэгж байгууллагууд буюу нийт 40 гаруй байгууллага оролцсон тус арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын орлогч бөгөөд Нийслэлийн онцгой комиссийн орлогч дарга П.Баярхүү, Нийслэлийн онцгой комиссын орлогч бөгөөд НОБГ-ын дарга хурандаа Ж.Чүлтэмсүрэн, НОБГ-ын дэд дарга, Гамшгаас хамгаалах хэлтсийн дарга хошууч Б.Мягмардорж, Баянзүрх дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Т.Баясах, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга н.Батсайхан болон дүүргийн онцгой комиссын гишүүд, алба хаагчид, гамшгаас хамгаалах алба, шуурхай команд, аж ахуй нэгж байгууллагууд оролцлоо.

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын орлогч бөгөөд Нийслэлийн онцгой комиссийн орлогч дарга П.Баярхүү хэлсэн үгэндээ “Нийслэлийнхээ иргэдийн аюулгүй орчинд амьдрах нэр төртэй, хариуцлагатай үүрэгт мөр зэрэгцэн ажиллаж байгаа та бүхэнд энэ амжилт хүсье. Иргэд маань гамшиг осол тохиолдсон үед хамгийн түрүүнд эмх замбараагүй байдал үүсгэнэ. Энэ үед хүчний болон төрийн байгууллагуудын удирдлага арга барил дор иргэд маань гамшигийг даван гарахад бид бүгдийн заавар, зөвлөгөө их чухал. Та бүхэн энхийн цагт илүү их дадлага сургуулилт хийх хэрэгтэй. Энхийн цагт хөлс сайн цуглуулна эрсдэл тулгарсан цагт цус бага урсах болно. Бэлтгэл сургуулийг өндөр хэмжээнд зохион байгуулж байгаа Баянзүрх дүүргийн Засаг дарга, бие бүрэлдэхүүн, НОБГ-ын бие бүрэлдэхүүн удирдлагууд болон та бүхэнд баярлаж байгаагаа илэрхийлье” хэмээлээ.

Баянзүрх дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Т.Баясах “Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу дөрвөн жилд нэг удаа гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгуулдаг. Бид анх 2014 онд тус сургуулийг хийж байсан. Гамшиг гэдэг хэлж ирэхгүй хийсч ирдэг. Бид байгалийн гамшгийн өмнө байнгын бэлэн байдалтай байх үүрэгтэй. Хоёр өдөр болох уг сургалтанд зохион байгуулалттайгаар идэвхитэй оролцож байгаа нийт байгууллагуудад талархал илэрхийлье” хэмээв.

Гамшгаас хамгаалах эрхзүйн тогтолцоонд өөрчлөлт их орсон бөгөөд энэ тогтолцоонд тулгуурлан дүүргийн онцгой комисс, албадууд, мэргэжлийн ангиуд их идэвхи зүтгэл гаргаж оролцож байгааг тэд хэлж байлаа.

Эхний өдрийн сургалт штаб дээр цагийн байдалд дүгнэлт хийсэн бол өнөөдөр халдварт өвчний үед үзүүлэх сургууль, үерийн үед ажиллах үзүүлэх сургалт, ой хээрийн түймэр унтраах үзүүлэх сургуулиудыг хийх юм.

Categories
мэдээ улс-төр

Иргэдийн хандив болон төсвийн хөрөнгөөр Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулах санал гаргав

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10.15 цагт эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулав. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил Төрийн ордны арын цэцэрлэгт хүрээлэнг олон нийтэд нээлттэй болгох хэрэгтэй гэлээ. Тэрбээр, “Зуны гурван сардаа Төрийн ордны арын цэцэрлэгт хүрээлэнг нээж, хүүхэд багачууд, ахмад настнуудыг чөлөөт цагаа өнгөрөөх боломжийг бүрдүүлэх асуудлыг хаврын чуулган завсарлахаас өмнө шийдвэрлэх хэрэгтэй. Монгол Төрийн ордон хашаагаар хүрээлүүлчихээд хаалттай байх нь буруу” хэмээв. Төрийн ордны арын цэцэрлэгт хүрээлэнг нээлттэй бологох асуудлыг шийдвэрлэхэд УИХ-ын Тамгын газар анхаарахыг УИХ-ын дарга сануулав.

Мөн Л.Болд гишүүн, “ОХУ-д хөлбөмбөгийн ДАШТ амжилттай эхэллээ. Мөнхийн хөрш орны хувьд Монголдчуудын хувьд ч энэ үйл явдал чухал. Нөгөөтэйгүүр Монгол Улсад хөлбөмбөгийн томоохон цэнгэлдэх хүрээлэн байгуулах хэрэгтэй. Монголын төр ард түмний хандив, тусламж цуглуулан түүнд нь төсвөөс мөнгө нэмэрлэж бүтээн байгуулалт хийсэн тохиолдол олон бий. Тиймээс энэ ажлыг санаачлан эхлүүлэхийг УИХ-д уриалж байна” гэв.

Түүнчлэн Ж.Батзандан гишүүн хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан Банкыг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төслийг нээлттэй хэлэлцэх хэрэгтэй гэсэн санал хэллээ. Мөн энэ хуулийн хүрээнд 500 тэрбум төгрөгийг хоёр банкинд хуваарилж өгөхөөр санаархаж байна гэсэн юм. УИХ-ын даргын зүгээс уг хуулийн төслийг Засгийн газар анх өргөн барихдаа хаалттай горимоор хэлэлцэхээр өргөн барьсан тул хууль зөрчиж нээлттэй болгох боломжгүй хэмээн тайлбарлав. Гэхдээ Засгийн газраас хуулийн төслийг эгүүлэн татаж, нээлттэйгээр дахин өргөн барих боломж байгаа гэлээ.

Мөн үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, “Засгийн газар Татварын багц хуулийн төслийг эгүүлэн татах хэрэгтэй. Энэ хуульд гадаадын компаниудыг дэмжсэн заалт орсныг гишүүд хэлж байна. Оюутолгой төслийн хэрэгжилт, хөрөнгө оруулалтыг хянах чиглэлд УИХ-ын ажлын хэсэг ажиллаж байгаа. Ажлын хэсгийн дүгнэлт гарахаас өмнө Татварын хуулийг өөрчилж болохгүй” гэв. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төслийг өчигдөр буюу энэ сарын 14-нд Засгийн газарт буцаасныг УИХ-ын дарга хэллээ.

Ийнхүү чуулганаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ.

Categories
мэдээ спорт

Орос Саудын Арабыг буулгаж авав

ОХУ-д болж буй хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн тоглолтод учраа таарсан Орос болон Саудын Арабын шигшээ багуудын тоглолт 5:0 харьцаатай оросуудын хожлоор өндөрлөв.

ОХУ-ын шигшээ баг ийнхүү эхний өрсөлдөгчөө бут ниргэснээр анхны гурван оноогоо авлаа. “Бид ямар ч байсан оноо цуглуулж хэсгээсээ гарах зорилготой байгаа” гэж Оросын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Станислав Черчесов багийнхаа тоглолтыг дүгнэн хэлжээ.

Categories
мэдээ спорт

​Хөл бөмбөгийн “ДАШТ-2018”-ын нээлтийн ёслол

Хөл бөмбөгийн “ДАШТ-2018”-ын нээлтийн ёслол Москва хотын “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр эхэллээ. ОХУ-д анх удаа зохион байгуулагдаж буй Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тус улсын 11 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд болох билээ.

Нээлтийн ёслолд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Их Британийн дуучин Робби Уильямс, Оросын дуурийн дуучин Аида Гарифуллина болон Бразилийн шигшээ багийн тамирчин Рональдо нар оролцжээ. Нээлтийн ёслолыг үзэхээр цэнгэлдэх хүрээлэнд 800 орчим хүн хуран цугласан байна.


ДАШТ-ыг нээж үг хэлсэн В.Путин тэмцээнд оролцож буй бүх багт амжилт хүсчээ.

Categories
мэдээ нийгэм

НЗДТГ-аас Наркологийн эмнэлэгт иж бүрэн таван ханатай гэр хүлээлгэж өглөө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 онд үйл ажиллагааны хөтөлбөр, “Нийслэлийн эрүүл мэнд” дэд хөтөлбөр, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн төлөвлөгөөнд сэтгэцийн болон донтох эмгэг, ялангуяа хар тамхи, мансууруулах бодис, архинд хамааралтай иргэдэд эмийн бус эмчилгээ хийх, өөртөө туслах бүлгэм байгуулахад дэмжлэг үзүүлэхээр тусгагдсан билээ.

Энэхүү ажлын хүрээнд НЭМГ-ын харьяа Наркологийн эмнэлэгт өнөөдөр НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал иж бүрэн таван ханатай гэрийг хүлээлгэж өглөө. Тус үйл ажиллагаанд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Наркологийн эмнэлгийн дарга Д.Ганбат болон тус эмнэлгийн ажилтнууд оролцсон байна.

Наркологийн эмнэлэгт эмчлүүлээд гарсан иргэдийн эдгэрэлтийн байдлыг уртасгах, эмчилгээг баталгаажуулахад зориулж өөртөө туслах бүлгэм, сэтгэл засал эмчилгээ, мэдээлэл, сургалт сурталчилгаа явуулахад нь дэмжлэг болгох үүднээс энэхүү иж бүрэн таван ханатай гэрийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс шийдэж өгчээ гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Эрх мэдлийн парадокс

Хэнийг ч донтуулдаг эрх мэдэл гээчийн тухай шинжлэх ухаанч мэдлэг тань хэр зузаан бэ? Эрх мэдэл гэж юу болох, эрх мэдлээ удаан хугацаанд хадгалж үлдэхийн тулд яах ёстой, эрх мэдэлгүйчүүдэд илрэх сөрөг нөлөө, эрх мэдлээ алддаг шалтгаануудыг мэдэхийг хүсч байна уу? Нөлөөтэй, мэдэлтэй байхын учир шалтгааныг сонирхогчдод Америкийн нэртэй социологич Дачер Келтнерийн “Эрх мэдлийн парадокс” номыг зөвлөе. Б.Одсүрэнгийн орчуулгаар “Пийк паблиншинг” хэвлэсэн энэ номын зохиогч Дачер Келтнер бол Беркли дэх Калифорнийн их сургуулийн эрдэм шинжилгээний төвийн орлогч захирал, сэтгэл зүйч, профессор хүн юм.

Эрх мэдэл буруу зүг рүүгээ эргэхээр ямар байдалд хүргэдгийг зурагласан хэсгүүд нь их сонирхолтой. “Эрх мэдэлд толгойгоо мэдүүлснээр хүн бусдыг чин сэтгэлээсээ ойлгохоо больж, эргэн тойрныхоо хүмүүсийн бодол санаа мэдрэмжийг хайхрахаа больдог”, “Эрх мэдэлтнүүд өөрийнх нь талаар бусад хүн юу гэж боддогийг мартсан цагт нийгмийн сайн сайханд хор учруулахаар үйлдлүүд хийж эхэлдэг, эцэст нь эрх мэдлээ алддаг. Харалган байдал эрх мэдлийг дагалдах нь энгийн л зүйл”, “Эрх мэдэлтэй байх тусам өөрийнх нь үйлдэл бусдад хэрхэн тусч байгааг үл тоож ёс зүйгүй аашилдаг”, “Эрх мэдлийг хадгалж үлдэхдээ бусдыг хүндэтгэхээ мартаж болохгүй. Ямар ч хүн өгөөмөр зангийнхаа ачаар л эрх мэдэлд хүрдэг. Харин дараа нь шунахай сувдаг авир, амин хувийн хэрэгцээгээ хангах эрмэлзэлдээ бууж өгдөг. Талархаж, бусдыг хүндлэхийн оронд бүдүүлэг түрэмгий болдог” гэх мэт нээрээ л тэгдэг дээ гэж толгой дохимоор эшлэлүүд энэ номд цөөнгүй таарна.

Мэдээж эрх мэдэл хүнд зайлшгүй хэрэгтэй. Эрх мэдэлгүйгээ мэдрэх мэдрэмж наад зах нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг юм байна. Эрх мэдэл эрүүл мэндэд хамаатай гэх сонирхолтой нээлтийг аль ерээд онд хэсэг эрдэмтэд хийчихэж. Хүний нийгэм дэх байр суурь, боловсрол, эд баялаг, нэр хүнд зэрэг нь өвчинд нэрвэгдэх магадлалыг нэмэгдүүлдэг гэнэ. Амьдралынхаа эхний 25 жилийг ядуу зүдүү байдалд өнгөрөөсөн хүмүүсийн наслалт зургаан жилээр богиносдгийг мөн л судлаад нотолчихож. Амьдралаа ялж, баян чинээлэг боллоо ч насаа нэмэх ямар ч боломжгүйг баримт нотолгоотойгоор тогтоосныг “Эрх мэдлийн парадокс”-оос сонирхоорой. Амьдралын түвшин доогуур, эрх мэдэлгүй хүмүүс савны хорт хавдар, үе мөчний болон бусад архаг өвчний улмаас шаналдаг гэнэ. Судалгаанд хамрагдсан эрх мэдэлгүйчүүд эрх мэдэлтэйчүүдтэйгээ яг адилхан эмнэлгийн үйлчилгээ авч байсан хэр нь ийм үр дүн гарчээ. Эрх мэдэлгүйдэл, хүчин мөхөсдөл ямар нэг байдлаар мэдрэлийн эсийг эвдэж гэмтээдэг гэх мэт анагаахын судалгаа, нотолгоо ч энэ номд бий.

Дачер Келтнерын энэхүү номд эрх мэдлээ удаан хадгалах жор ч багтжээ. Түүний жор их энгийн. Бусдын зовлонг ойлгож, өгөөмөр хандаж, талархал илэрхийлж, эвлэрүүлэн нэгтгэсэн түүх ярих нь эрх мэдлийн маш том дархлаа. Даруу зантай хүн эрх мэдлээ удаан хадгалдаг гэж Дачер Келтнер хэлж байна. “Түүх намтар ярина гэдэг эрх мэдлээ хадгалах арга зам. Амьдралынхаа түүх намтрыг тодорхой ярьж, бусдыг уриалсан хүсэл тэмүүлэл өгсөн түүх ярьдаг хүмүүс ихэвчлэн илүү эрүүл чийрэг бие махбодтой байдаг. Өндөр настай болсон хойноо ч амьдралын зорилгоо гээдэггүй” гэх мэт санаж сэрмээр үг, өгүүлбэрүүдээр дүүрэн “Эрх мэдлийн парадокс” танд эрх мэдлийн утга учрыг таних ухаан өгнө гэдэгт итгэлтэй байна. Эцэст нь онцлоход эрх мэдлийг зөвөөр таньсан удирдагчтай улс орон хөгждөг, эрх мэдлийг буруу таньсан удирдагчтай улс ядуу буурай хэвээр аж төрдөг юм байна. “Эрх мэдлийн парадокс”-ыг уншаад хийсэн дүгнэлт маань энэ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Маргааш ЭЕШ эхэлнэ

Элсэлтийн ерөнхий шалгалт маргааш 10:00 цагаас монгол хэлбичгийн шалгалтаар орон даяар эхэлнэ.

Энэ жил нийт 43.846 шалгуулагч ЭЕШ өгөх бөгөөд 87 хувь нь буюу 37.950 нь энэ жилийн төгсөгч, 5.896 нь өмнөх оны төгсөгч байгаа юм.

Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2018 онд бүрэн дунд боловсрол эзэмшин төгсөх иргэн, 2018 оноос өмнө бүрэн дунд боловсрол эзэмшсэн болон түүнээс дээш боловсролтой иргэн өгнө. Их, дээд сургуульд суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь МУ-ын ЗГ-ын 37 дугаар тогтоолын дагуу Монгол хэлбичгийн шалгалтад хамрагдсан байна.

Шалгуулагч шалгалтад ирэхдээ дараах дөрвөн бичиг баримттай ирнэ.

  • Бүртгэлийн хуудас /Энэ онд ЕБС төгсөж буй шалгуулагч нь бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сургуулийн захирлаараа гарын үсэг зуруулж, тамга даруулж баталгаажуулна. 2018 оноос өмнөх оны шалгуулагчийн бүртгэлийн хуудас нь QR кодоор баталгаажсан тул шууд хэвлэн авна./
  • Суудлын хуваарь
  • Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ болон түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг бүрдүүлэн ирнэ.

Монгол хэлбичгийн шалгалт болон Элсэлтийн ерөнхий шалгалтын гүйцэтгэх хугацаа:

Даалгаврын гүйцэтгэх хугацаа 100 минут:

  • Монгол хэлбичгийн шалгалт
  • Математик
  • Физик
  • Хими

Даалгаврын гүйцэтгэх хугацаа 80 минут:

  • Монгол хэл
  • Орос хэл
  • Англи хэл
  • Газарзүй
  • Биологи
  • Монгол улсын түүх
  • Нийгмийн тухай мэдлэг

Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн оноо, жагсаалтыг долдугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mn цахим хуудсанд байршуулан нийтэд зарлана. Шалгуулагч шалгалтын дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар, болон нууц код ашиглан www.eec.mn цахим хуудаснаас үзэж болно.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 16 асуудал хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхэлж, нийт 16 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ.

Чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл багтжээ. Мөн Шүүх байгуулах тухай хууль, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай, Нийгмийн халамжийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

Түүнчлэн Бүртгэлийн ерөнхий хууль, Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөл болон “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Мөн үдээс хойш 15.00 цагийн хуралдаанаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээс Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан “Зээлийн хүүг бууруулах асуудлын хүрээнд Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар” асуулгын хариуг сонсох юм.

Categories
мэдээ нийгэм

Зургадугаар сарын 15-нд болох үйл явдал

09.00 цагт МУИС-ийн хичээлийн V байранд “TRANSITIONS IN NORTHEAST ASIAN POLITICS” сэдэвт олон улсын болно. Утас: 99002019

09.00 цагт “Бишрэлт” зочид буудалд “Үг хэлэх эрх чөлөө: Түүхэн ач холбогдол ба Одоо үе”олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно.

09.00 цагт ЗТХЯ-нд Зам тээврийн ослын бүртгэлийн системийн серверийг ЗЦА-нд хүлээлгэн өгөх арга хэмжээ болно.

09.00 цагт “Кемпински” зочид буудалд Монгол, Франц эмч нарын II чуулга уулзалт болно. Утас:99179899, 86885060

09.00 цагт “Blue Sky” зочид буудалд Эрүүл мэндийн салбарын Мастер төлөвлөгөө боловсруулах төслийн нээлт болно. Утас:99179899, 86885060

09.00 цагт “Сити” их сургуулийн хурлын танхимд НМХГ, Бүх нийтийн боловсролын төлөө иргэний нийгмийн үндэсний эвсэл хамтран Ерөнхий боловсролын сургуулиудын удирдлагуудад зориулан “Миний хөгжил байгууллагын амжилт” сургалт зохион байгуулна. Утас:91887887, 99113354

09.30 цагт Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан болно.

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт МҮХАҮТ-нд “Барилгын ажлын зөвшөөрөл, лиценз. Хөгжлийн чиг хандлага” олон улсын дугуй ширээний уулзалт болно. Утас: 99085635

10.00 цагт Төрийн ордонд “Завхан аймгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо” зөвлөгөөн болно.

10.00 цагт “Blue Sky” зочид буудалд “Чихэрлэг ундаанд онцгой татвар ногдуулах эрүүл мэнд, эдийн засгийн ач холбогдол” хэлэлцүүлэг болно.

10.00 цагт “Khuvsgul lake” зочид буудалд “Дэлхийн цөлжилттэй тэмцэх өдөр”-т зориулсан БОАЖ-ын салбарын хэлэлцүүлэг болно.Утас: 99041612

10.00 цагт Сүхбаатарын талбайд “Сити-Тур” буюу Хотын автобустай аяллын нээлт болно. Утас:99039442

10.00 цагт Төрийн ордонд Монголын Сурагчдын Холбооноос санаачилан хэрэгжүүлж буй “Өсвөрийн 333 сургагч багш-2018” үндэсний хөтөлбөрийн нээлт болно.

11.00 цагт Санхүүгийн зохицуулах хороонд Монголын банкуудын холбоо, Даатгалын салбарын мэргэжлийн холбоо болон Санхүүгийн зохицуулах хороо хамтран ажиллах гэрээ байгуулна.

11.00 цагт Үндэсний түүхийн музейд Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Ерөнхий сайд асан Б.Цэрэндоржийн мэндэлсний 150 жилийн ойд зориулсан “Монгол төрийн зүтгэлтэн, Ерөнхий сайд Б.Цэрэндорж-150” үзэсгэлэнг, “Хичээнгүй сайдынхан” номын нээлт болно.

11.30 цагт УДЭТ-т “Мэдээлэл Холбооны Сүлжээ” компанийн “Монголын хөгжлийн сүлжээ-2021” стратеги төлөвлөгөөг танилцуулах арга хэмжээ болно.

11.30 цагт Төр засгийн үйлчилгээний Элит төвд “Шүүх эрх мэдлийн болон Хууль сахиулах байгууллагуудын мэдээллийн нэгдсэн сан” болон “e-justice.mn” цахим хуудсын нээлт болно. Утас:99107986

12.00 цагт “Маршал арт галерей”-д “Хаадын гэр” компани зураач М.Отгонтуулын Монголын түүх соёл, нандин өв уламжлалыг дэлхий нийтэд таниулах зорилго бүхий үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 88838666

13.00 цагт ХНХЯ-нд МСҮТ, политехник коллежыг төгсөгчид, тэдний ажлын байрын талаар мэдээлэл хийнэ. Утас:91915349, 88844482

13.00 цагт “Чингис” зочид буудалд НЗДТГ, НЭМГ-тай хамтран “Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” зөвлөгөөн зохион байгуулна.

16.00 цагт Спортын төв ордонд БТСГ-ын Спортын анагаах ухааны алба, Үндсэний шигшээ баг болон БНСУ-ын Бусан хотын “Камдон” эмнэлэг хооронд хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурна.

17.30 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд FIBA 3×3 тэмцээнд амжилттай оролцсон Монголын баг мэдээлэл хийнэ.

Categories
мэдээ цаг-үе

Г.Дугаржав: Засгийн газарт УИХ-ын гишүүд орж ажиллаж байгаа нь парламентаас тавих хяналтыг сулруулж байна

Төрийн удирдлагын доктор, судлаач Г.Дугаржавтай Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд ярилцлаа.


-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар Их хурал хоёр дахь жилдээ ажиллаж байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий талаар хүмүүс ярьдаг. Таны хувьд докторын бүтээлээ Үндсэн хуулийн сэдвээр хамгаалсан. Тиймээс таны байр суурь ямар байгааг сонирхох гэсэн юм?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт яалт ч үгүй өнөөдөр олны анхаарлыг татсан сэдвийн нэг болчихоод байна. Иргэд улстөрчдөөс болоод амьдрал муу байна гэдэг бол улстөрчид Үндсэн хуулиас болоод ажиллаж болохгүй байна гэж тайлбарладаг. Монгол Улсын Үндсэн хууль бол төрийн эрх мэдлийн бүхий л хуваарилалтыг зааж тунхагласан эх хууль. “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” гэж Б.Чимид агсан хэлсэн байдаг. Тиймээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхдээ тун ч хянуур, нягт нямбай, ул суурьтай, судалгаа шинжилгээтэй, үндэслэлтэй хандах ёстой юм. Монгол Улс 1924 онд анхны Үндсэн хуулиа баталснаас хойш 1940, 1960, 1992 онуудад шинэчлэн баталсан байдаг. Тэгвэл Монгол Улсын Үндсэн хуульд тодорхой асуудал, хүрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг 2000, 2011, 2012, 2015 онуудад УИХ-д өргөн мэдүүлсэн. Үүнээс 2000 онд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь улсын төрийн практикт нэгэнтээ туршигдаад байгааг бид мэднэ. Харин түүнээс хойших хугацаанд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал тодорхой хүрээнд хөндөгдсөөр ирсэн ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн шийдэлд хүрээгүй.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлага бий эсэх талаар гол дүгнэлт өгсөн баримт бичиг бол УИХ болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хамтран хэрэгжүүлсэн “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслийн багийн 2015 онд боловсруулсан “Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэхэд Үндсэн хуулийн гүйцэтгэсэн үүрэг: дүн шинжилгээ” мөн 2016 оны “Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн хэрэгжилтийн байдалд хийсэн дүн шинжилгээ” судалгааны тайлангууд бий. Түүнчлэн 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “эрх мэдлийн харилцан хяналттай, тогтвортой, хариуцлагатай төрийг бий болгохын төлөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өнөөгийн хэрэгцээ, шаардлагыг харгалзан ард түмнээс асууж шийдвэрлэнэ” гэсэн байна.

-Ноднин зөвлөлдөх санал асуулга явуулсан. Санал асуулгын хүрээнд хэд хэдэн нэмэлт, өөрчлөлт хийхээр төслөө боловсруулаад дуусч байгаа гэсэн. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд таны оруулах санал юу байгаа бол?

-УИХ-аас Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг 2017 оны хоёрдугаар сарын есний өдөр баталж байсан. Үндсэн хуулийн аливаа нэмэлт, өөрчлөлтийг хувь хүн, байгууллага, нийгмийн нийтлэг саналыг харгалзах харилцааг тус хуулиар зохицуулсан л даа. Энэ хүрээнд судлаачийн хувиар өөрийн хийж гүйцэтгэсэн судалгааны ажлын үр дүнд тулгуурлан Үндсэн хуульд хэд хэдэн нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой гэж харж байгаа.

УИХ-ын зарим бүрэн эрхийг хязгаарлаж, Засгийн газрын эрх мэдлийг нэмэгдүүлэх замаар эрх мэдлийн тэнцвэрт байдлыг хангах ёстой. Одоогийн мөрдөж буй хуулиар Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй ч Засгийн газрын гишүүнийг томилох эрхгүй байгаа. Энэ нь Ерөнхий сайдын танхимаар ажиллах, кабинетийн гишүүнд хариуцлага хүлээлгэх чадамжгүй болгож байгаа юм. УИХ, Засгийн газрын чиг үүрэгт зааг гаргаж, хууль тогтоох ажлын чанарыг сайжруулах, УИХ-аас Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих ажлыг сайжруулах, давхар ажил эрхэлж хийдэл гарах эрсдэлээс сэргийлэх зорилгоор УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллах бол хувьчилж хязгаар тогтоох шаардлагатай байна. Мөн Засгийн газар, Ерөнхий сайдыг огцруулах босгыг өндөрсгөх замаар Засгийн тогвортой ажиллах нөхцлийг хангах шаардлагатай бий болоод байна.

-Тэгээд яг юу гэж өөрчлөх ёстой юм бэ?

-Маш ойлгомжтой хэлье. 1.1-д УИХ сайд нарыг нэг бүрчлэн хүн тус бүрээр томилдог эрх мэдлээсээ татгалзаж Үндсэн хуулийн 25.6 дахь хэсэгт “Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайдын оруулж ирснээр танхимаар нь батлах эсэхээр шийдвэр гаргана” гэж өөрчлөх. 1.2-т Үндсэн хуулийн 39.1 дэхь хэсгийг “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс дээшгүй хувь нь Улсын Их Хурлын гишүүн байж болно” гэж өөрчлөх боломжтой. Мөн 1.3-т Үндсэн хуулийн 43.4 дэх хэсэгт “УИХ-ын нийт гишүүдийн олонх нь (39 гишүүн) Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжсэн бол шинэ Ерөнхий сайдыг томилох асуудлыг долоо хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэнэ”, 1.4-т Засгийн газрын бүтцийг Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоож, бүтцийн хувьд төрийн бодлогын залгамж чанар, тогтвортой байдлыг хангах зорилгоор яамдын нэрийг хуульд заан тусгах гэж байгаа юм.

Түүнчлэн УИХ нь улсын нэгдсэн төсвийг батлахдаа Засгийн газрын саналыг авахгүйгээр зардлын шинэ төрөл үүсгэж, зардал нэмэгдүүлж төсвийн сахилга батыг алдагдуулдаг буруу жишгийг зогсоох шаардлагатай. 2.1-т Үндсэн хуулийн 25.7 дахь хэсэгт “улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах” гэснийг “УИХ нь улсын төсвийг батлахдаа Сангийн яам, Засгийн газрын оруулж ирсэн нэгдсэн дүнгээр нь батална” гэж өөрчлөх шаардлагатай.

-Гишүүдийг хариуцлагажуулах тал дээр та ямар байр суурьтай байгаа бол?

-УИХ, түүний гишүүний хариуцлага, сахилга батыг сайжруулах зорилгоор дараахь заалтуудыг Үндсэн хуульд нэмж оруулах саналтай байна. УИХ-ын гишүүн чуулганы болон байнгын хорооны хуралдаанд биеэр оролцож санал өгнө. УИХ-ын гишүүн бусад гишүүнийг төлөөлж санал өгөхийг хориглоно. УИХ-ын гишүүн чуулганы болон байнгын хорооны хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй нийт цаг нь тухайн ээлжит чуулганы дөрөвний нэгээс хэтэрсэн бол УИХ түүнийг гишүүнээс нь эгүүлэн татах ёстой. УИХ-ын гишүүнээр Монгол Улсын 35 нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно гэж өөрчилмөөр байна.

Түүнчлэн байнгын ажиллагаатай парламентын тасралтгүй ажиллах нөхцөлийг хангах, ажлын чанар, хариуцлагыг сайжруулах зорилгоор (Үндсэн хуулийн 27.2 дахь хэсэгт) УИХ-ын ээлжит чуулган хагас жил тутам 50-иас доошгүй ажлын өдөр чуулна гэснийг 75-аас доошгүй ажлын өдөр чуулна гэж өөрчлөх хэрэгтэй. Асуудлыг олонхоор шийдэх ардчиллын зарчмыг хангах, төлөөллийн үүрэг, ач холбогдлыг нэмэгдүүлэх зорилгоор гишүүдийн ердийн олонх бус “УИХ-ын нийт гишүүдийн дийлэнх олонх буюу дор хаяж 51 гишүүн хүрэлцэн ирснээр чуулганыг хүчинтэйд үзэж, чуулганд оролцсон нийт гишүүний олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ” гэж өөрчлөх шаардлагатай. Үндсэн хуулийн 22.2 дахь хэсэгт УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн нийт гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь үзсэн, эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах шийдвэр гаргаж болно гэснийг “УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн нийт гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь үзсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ыг тараах шийдвэр гаргана” гэж өөрчлөх санал байна. Шүүгчийн томилгоо, төрийн албан хаагчтай холбоотой өөрчлөлтийг ч оруулах цаг нь болсон.

-Тухайлбал, яаж нэмэлт, өөрчлөлт оруулж болох вэ. Манайхан шүүгчдийн томилгооны талаар байнга ярьдаг л даа…

-Шүүгчийн томилгоог улс төрөөс хараат бус байлгах, шүүгчийн хариуцлага, шүүхийн бие даасан байдлыг бэхжүүлэх зорилгоор бүх шатны Ерөнхий шүүгч нарын насны доод хязгаарыг 45 болгох хэрэгтэй. Ингэхдээ томилгоог ил тод болгож, хугацаажуулж, Ерөнхийлөгч томилох болон татгалзах, хариуцлага тооцсон үндэслэлээ олон нийтэд мэдээлдэг байх ёстой.

Төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах болон сонгуулийн үр дүнгээр болон хуульд зааснаас бусад үндэслэлээр халж солихыг хориглох заалтыг Үндсэн хуульд суулгах саналтай байгаа. Түүнчлэн орон нутаг дахь улс төрийн намын талцал, хэт улстөржсөн хуваагдлыг багасгах зорилгоор “аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-д улс төрийн намууд нэр дэвшүүлж оролцохгүй байх, зөвхөн иргэд бие даан нэрээ дэвшүүлж, улмаар иргэдийн төлөөллийн үүргийг нэмэгдүүлэх заалт оруулах, аймаг, нийслэлийн засаг даргыг Ерөнхий сайд, баг, хорооны Засаг даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга дөрвөн жилийн хугацаатайгаар шууд томилж, чөлөөлдөг болох” гэсэн заалтуудыг тус тус нэмэх буюу өөрчлөлт хийх нь зүйтэй байна. Эдгээр тулгамдсан асуудлыг Үндсэн хуулийн түвшинд шийдвэрлэх нь Монгол Улсын төрийн тогтолцоог тогтвортой болгох, төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэгч дээд байгууллагын харилцааг парламентын засаглалын сонгодог жишгээр зохицуулахад эерэг нөлөөтэй байх болно.

-Яамдын нэрийг Үндсэн хуульд суулгах шаардлага тийм их байгаа юм уу. Тэртээ тэргүй Засгийн газар бүр өөрсдийн бүтцийг бий болгоод явдаг шүү дээ. Гэнэтхэн л зайлшгүй шаардлагатай яам гээд яамдын тоог нэмж, хасдаг. Боломжгүй юм шиг санагдах юм л даа…

-Үндсэн хууль нь хууль зүйн хувьд удаан тогтвортой үйлчлэх чадвар, хууль ёсны хүлээн зөвшөөрөгдсөн байдал бий болгох чадвар, улс төрийн институци хоорондын зөрчлийг зохицуулах чадавх, төр засгийн зоргоор аашлах хязгаарлах чадвараар бусад хуулиас дээгүүр хүчин чадалтай байдаг учраас органик хуулиар биш, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хийх хэрэгцээ, шаардлага урган гарч байна. Яамдын нэрийг Үндсэн хуульд оруулан батлахгүй бол УИХ-ын сонгууль бүрийн дараа, эсхүл Засгийн газар огцорч шинээр байгуулагдах бүрт Засгийн газрын бүтцийн хуулийг шинэчлэн баталж, яам, агентлагуудын тоо, нэр, чиг үүргийг үндэслэлгүйгээр өөрчлөх явдал өнгөрсөн 26 жилийн хугацаанд аль ч Засгийн газрын үед түгээмэл байж ирсэн.

Засгийн газрын үндсэн бүтцийн өөрчлөлт, харахад, 1992 онд 16 яамтай, 1996 онд есөн яам, 59 агентлаг, 2000 онд 11 яам, 48 агентлаг, 2004 онд 13 яам, 37 агентлаг, 2008 онд 11 яам, 37 агентлагтай байсан. 2012 онд 16 яам, 28 агентлагтай байсан бол энэ удаагийн Засгийн газар 13 яам, 27 агентлагтай үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр өөрчлөлтийг хийхдээ тухайн сонгуулийн үр дүнгээр УИХ-ын олонхыг бүрдүүлсэн улс төрийн нам, улстөрчдийн хүсэл сонирхол, зөвшилцөл, зарим талаар дур зоргын шинжтэйгээр хийдэг. Түүнчлэн яамдын бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчлөх нь төрийн албан хаагчийн тогтвор суурьшилд сөргөөр нөлөөлж, төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байдал алдагдахад хүргэдэг л дээ.

-Ер нь УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүнээр давхар ажиллах нь хэр оновчтой юм бол. Өнөөдрийн жишгийг харахад Ерөнхий сайд нь гаднаас бусад сайдууд нь парламент дотроосоо томилогдсон. Парламент Засгийн газартаа тавих хяналт сулрах нэг хөшүүрэг нь мөн биз…

-Өнөөгийн мөрдөж буй хуулиар эрх мэдлийн дотоод тэнцвэр УИХ руу нэлээд хэвийсэн байдалтай байсан. 2000 онд Үндсэн хуульд хийсэн нэмэлт, өөрчлөлтийн дараа энэ тэнцвэргүй байдал улам нэмэгдсэн. Ерөнхийлөгч 2000 оноос өмнө эрх мэдлийн хуваарилалтад жинхэнэ ёсоор оролцогч байсан бол одоо үндсэн эрх мэдэл нь хориг тавих, зарим томилгоо хийх, хууль санаачилах эрхээрээ дамжуулан улс төрийн түвшинд шийдвэрлэвэл зохих асуудлыг гаргаж тавих зэрэг үүрэгтэйгээр улс төрийн үйл явцад оролцож байна. Бусад байгууллагад нөлөөлөх, цаашилбал шахалт үзүүлэх өргөн боломж УИХ-д байгаа бол харин үүнийг сөрж хариу арга хэмжээ авах, шахалт үзүүлэх, эсхүл УИХ-д хяналт тавих боломж Ерөнхийлөгч болон Засгийн газарт хомс байгаа юм. УИХ Засгийн газрыг хяналтандаа байлгахын зэрэгцээ тараах эсэхийг шийддэг л дээ. Улс төрийн тогтворгүй байдлын үндсийг Ерөнхий сайд, түүний кабинетын гишүүдийг сонгож, томилох УИХ-ын давуу эрхтэй холбож үзсэн нь ялангуяа Засгийн газрын гишүүдийг сонгож, томилох эрх мэдлийг Ерөнхий сайдад өөрт нь шилжүүлэх замаар түүний улс төрийн эрх мэдлийг нэмэгдүүлэх нь зүйтэй. Нөгөөтэйгүүр, Засгийн газарт УИХ-ын гишүүд орж ажиллаж байгаа нь Засгийн газарт парламентаас тавих хяналтыг сулруулж байна. Энэ бүхэн нь одоогийн тогтолцоонд хяналт-тэнцвэрийн олон механизм үгүйлэгдсэн төдийгүй, эрх мэдэл УИХ руу хэт хэвийсэн нь тодорхой байгаа юм.