Categories
мэдээ нийгэм

“Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” хэвлэгдлээ

Монгол хэлний тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд ажилладаг Хэлний бодлогын үндэсний зөвлөл “Монгол хэлний зөв бичих дүрмийн толь” номыг хоёр жилийн хугацаанд бүтээж дуусчээ. Төрийн хэлний зөвлөлөөс гаргасан “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” хэвлэгдэн гарсан байна. Хамгийн сүүлийн хувилбар болох энэ толинд бичигдсэнээр цаашид зөв бичгийн дүрмийг баримтлах юм.

“Монгол хэлний зөв бичих дүрмийн толь” номыг бүтээхэд нийт 20 гаруй эрдэмтнээс бүрдэх ажлын хэсэг ажиллаж, хэл шинжлэлийн академич, шинжлэх ухааны докторууд хувь нэмрээ оруулжээ. Монгол Улс нь 1983 оноос хойш Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын “Монгол үсгийн дүрмийн толь”, 18 мянган үгтэй толь бичгийг хэрэглэж хэвшсэн юм.

Харин Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс гарч буй Монгол хэлний зөв бичих дүрмийн толь” номд 37486 үг орсон бөгөөд 6000 орчим гадаад үгсээс шигшиж 1000 гадаад үгийг номонд оруулжээ. Энэ номыг Монгол хэлний тухай хуульд зааснаар хэвлэх шийдвэр энэ тавдугаар сард гарсан.

Номыг монгол хэл, уран зохиолын хичээл заадаг 9600 гаруй багш болон төрийн албан хаагчдад үнэгүй тарааж өгөх юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын гишүүн А.Сүхбат, Б.Бат-Эрдэнэ аварга нар харилцан мэдэгдэл хийв

Үндэсний их баяр наадам ойртсонтой холбогдуулан бөхчүүдийн маргааны асуудлаар УИХ-ын гишүүн, дархан аварга А.Сүхбат мэдээлэл хийлээ. Тэрбээр “МҮБХ-ны асуудлаар хоёр тал уулзаж, ярилцсан. Монгол бөх цэвэр ариун байвал монголын төр цэвэр ариун байна гэдэгт санал нэгдэж, эвлэлдсэн. Хоёр тал санал нэгдэж, гарын үсэг зурах хэмжээнд хүрсэн. Дархан аварга Г.Өсөхбаяр нарын бөхчүүд уулзалтын талаар Б.Бат-Эрдэнэ аваргад хэлээд, маргааш гарын үсгээ зуръя гээд явсан. Харамсалтай нь өглөө нь Б.Бат-Эрдэнэ аварга зөвшөөрөөгүй, баяр наадмын дараа болъё гэсэн хариу хэлсэн. Б.Бат-Эрдэнэ аварга нүүрэн дээрээ зөвшөөрсөн мэт боловч цаагуураа хагарган бутаргаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, Хууль зүйн сайд, Шадар сайд хүртэл анхаарал тавьж, хүлээн авч уулзсан. Ганцхан хүлээн зөвшөөрөхгүй байгаа хүн нь Б.Бат-Эрдэнэ аварга. Улс, аймаг, сумын цолтой бөхчүүд эвлэлдэн нэгдье. Г.Өсөхбаяр дархан аварга, Ц.Мягмарсүрэн заан нар бидэнтэй нэгдэхэд санал нэг гэдгээ илэрхийлсэн. МҮБХ гэдэг Р.Нямдорж, Д.Данзан, Б.Бат-Эрдэнэ нарын өмч биш. Улсын баяр наадам эмх замбараагүй болох, томоохон цолтой гол бөхчүүд барилдахгүй болох вий гэдэгт санаа зовж байна. Бөхчүүдийн, монголын ард түмнийг хагалган бутаргагч нь Б.Бат-Эрдэнэ болчихоод байгааг албан ёсоор мэдэгдэж байна” гэсэн юм.

Дархан аварга, УИХ-ын гишүүн А.Сүхбат мэдээлэл хийсний дараа УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ мөн мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Намайг нэр дэвшүүлэхгүй гэсэн учраас би нэрээ татна гэдгээ хэлсэн. Үүний дараа Бөхийн өргөө рүү дайрсан, хамгаалалтын ажилтнуудыг хөлслөн ажилласан зүйл болсон. Бид Захиргааны хэргийн шүүхэд хандсан. “2002 оны дүрэм, 2002 оны Цэцдийн зөвлөл үнэн байна” гэж Х.Баянмөнх аварга хэлсэн. Бид үүнийг нь дэмжсэн. Буулт хийгээд, дэмжээд явсан. Тавдугаар сарын 3-нд Цэцдийн зөвлөлийн хурлаа хийсэн. Ж.Ганболд заанаар даргалуулаад, “Их эе”-ийн товоо гаргасан. Гэтэл Ж.Ганболд зааныгаа өөрсдөө хүлээн зөвшөөрөхөө больсон. Л.Чинбат гэдэг хүн аварга Г.Өсөхбаяртай уулзсан. Цэцдийн зөвлөлийн даргаар Ү.Хүрэлбаатарыг сонгох санал тавьсныг нь бид хүлээж авсан. Дараа нь нөгөө саналаа дахин өөрчилсөн. Х.Баянмөнх аваргыг тэргүүн болгож, Ү.Хүрэлбаатарыг Цэцдийн зөвлөлийн даргаар сонгоно гэснийг нь бас л дэмжсэн. Тэдний дотоодын хагарлын улмаас бөхчүүд нэгдэж чадахгүй байна. Бүхий л саналыг нь дэмжихээс өөрөөр яах ёстойгоо би мэдэхгүй байна. Бөхчүүд бутарсан хагарсан зүйл байхгүй. Тэд яагаад ийм яриа гаргаад байгааг ойлгохгүй байна гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Завхан аймгийн эмэгтэйчүүдийн уулзалт зөвлөгөөн боллоо

“Завхан аймгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт уулзалт, зөвлөгөөн боллоо. Тус зөвлөгөөнд нийгэм соёлын зүтгэлтнүүд, салбар салбарын судлаач, эрдэмтэд, бизнес эрхлэгчид зэрэг тус аймгаас төрөн гарсан эмэгтэйчүүдийг хамруулжээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Д.Оюунхорол, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн асан, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, МУГЖ О.Ичинхорлоо, Тэргүүн хатагтай асан Ш.Цэвэлмаа, Монгол Улсын гавьяат эмч Б.Үйлст, МУГЖ Н.Батцэцэг, МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал М.Оюунчимэг нарын эмэгтэйчүүд оролцон илтгэл тавьж, мэдээлэл солилцсон байна. Мөн Завхан аймгийн төв болон 24 сумын 60 гаруй эмэгтэй хүрэлцэн ирж дуу хоолойгоо илэрхийлсэн аж.

Уг уулзалтын үеэр УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Завханчуудын өмнө тулгамдаж буй ядуурал, ажилгүйдлыг бууруулах, хувь хүний хөгжлийг дэмжих чиглэлд нутгийн иргэдийн хамтын ажиллагааг чиглүүлэх зорилт тавьж байна” хэмээн онцолжээ.

Categories
гадаад мэдээ

Такси олон хүн гэмтээсэн хэрэг гарчээ

Өнгөрсөн бямба гаригт Москва хотын төвд такси явган хүний зам руу орж, олон хүн гэмтээсэн хэрэг гарчээ.

Евроньюс агентлагийн дамжуулснаар, хэргийн улмаас найман хүн гэмтсний дунд Мексикээс ДАШТ-ийг үзэхээр ирсэн хоёр иргэн байсан гэнэ. Мексикийн хоёр иргэн, Украины нэг иргэн, Оросын хоёр иргэн гээд нийтдээ таван хүн эмнэлэгт хэвтсэн бөгөөд бусад гурван хүнд эмнэлгийн тусламж үзүүлэн, хэвтүүлэх шаардлагагүй гэж үзжээ.

Хэрэг үйлдсэн жолоочийг баривчилсан бөгөөд урьдчилсан мэдээллээр тэрбээр жолоодлогоо алдан, явган хүний зам руу орсон гэнэ. Тэрбээр шөнөөр ажиллаж байсан тул ядарч, жолооны ард зүүрмэглэсний улмаас энэ хэрэг гарчээ. Хэрэг гарсны дараа Москва хотын дарга Сергей Собянин мэдэгдэл хийж, ДАШт-ий хөгжөөн дэмжигчдийг дайрсан, Узбекистаны 28 настай иргэнтэй холбоотой хэрэгт биечлэн хяналт тавьж байгаа хэмээн мэдэгдсэн байна.

“Ильинка гудамжинд такситай холбоотой таагүй үйл явдал гарлаа. Жолооч жолоодлогоо алдсан. Үүний улмаас хэд хэдэн хүн гэмтсэн, тэдэнд шаардлагатай тусламж үзүүлсэн.Нөхцөл байдлыг хяналтандаа авлаа” хэмээн Собянин Твиттер хуудсандаа бичжээ.

Categories
мэдээ улс-төр

“ИМПАКТ-5” сургалт АНУ-д болно

Ардчилсан нам, “Америк-Азийн хүрээлэн”-тэй хамтран “ИМПАКТ-5” цогц сургалтыг АНУ-ын Вашингтон хотноо ирэх долдугаар сард зохион байгуулах болжээ.

Тус намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид “Олон улсын Бүгд найрамдахчуудын хүрээлэн”-гийн урилгаар энэ оны хоёрдугаар сард АНУ-ын Вашингтон хотноо ажлын айлчлах үеэрээ АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын гишүүд, Конгресс дахь Монголын бүлгийн хамтран даргалагч Дон Яанг, Дина Тайтус, Конгрессын гишүүн, төлөөлөгчдийн танхимын Ардчиллын түншлэлийн дарга Питер Роскам албаны бусад хүмүүстэй уулзалт хийсэн. Ингэхдээ АНУ-ын Бүгд Найрамдах нам, Монгол Улсын Ардчилсан нам хоорондын холбоо харилцааг өрөгжүүлэх талаар харилцан санал солилцсон бөгөөд Элчин сайд асан Ш.Батцэцэг “Америк-Азийн Хүрээлэн”-гийн Дэд ерөнхийлөгч Рачель Макнит болон гүйцэтгэх захирал Мери Шью нарын урилгаар “Америк-Азийн хүрээлэн”-д ажиллаж, цогц сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон байна. Улмаар “ИМПАКТ-5” цогц сургалтыг ирэх сард эхлүүлэхээр бэлтгэж буй аж.

Categories
мэдээ спорт

Мексикчүүд Германыг буулган авлаа

Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий F хэсгийн эхний тоглолт Герман-Мексикийн халз тулаанаар эхэлж мексикчүүдийн гайхамшигтай ялалтаар өндөрлөв.

Мексикийн шигшээ багийн шинэ үеийн найдвар болсон 22 дугаартай, 22 настай Х.Лозанна 35 дахь минутад гоол оруулснаар дэлхийн дөрвөн удаагийн аварга Германы шигшээг хожиж, энэ удаагийн ДАШТ-ий хамгийн том шуугианыг тарилаа.

Герман машин бүтэн цагийн турш юу ч хийж чадалгүй хожигдол хүлээснээр 2018 оны ДАШТ-ийг улам сонирхолтой болголоо.

Categories
мэдээ нийгэм

Авто замд хөдөлгөөнт эргүүлүүд 24 цагаар ажиллаж байна

Булган аймгийн Замын цагдаагийн тасгаас Булган-Түлүүгийн даваа хүртэлх авто замд хөдөлгөөнт эргүүлийг 24 цагаар ажиллуулан хяналт шалгалт явуулж байна. Иймд орон нутгийн замд хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар:

– Зам орчны нөхцөл байдалд хурдаа тохируулах

– Жолооч болон зорчигчид хамгаалах бүс хэрэглэх

– Бага насны хүүхдийг хамгаалалтын суудалд суулгаж тээвэрлэх

– Үзэгдэх орчин хязгаарлагдсан болон тээврийн хэрэгсэл ойртон ирсэн үед гүйцэж түрүүлэх тойрон гарах үйлдэл хийхгүй байх

– Мотоцикль жолоодож замын хөдөлгөөнд оролцох үед хамгаалах малгай хэрэглэж хэвших, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Морин хуурч Н.Жигжиддорж тоглолтоо хийнэ

Монгол Улсын Филармонийн Морин хуур чуулгын концейртмейстр, удирдаач хуурч Н.Жигжиддорж ирэх долдугаар сарын 4-нд 19.00 цагт Улсын филармонийн концертын тахимд шинэ цомгийн нээлтийн тоглолтоо хийх гэж байна.

Тоглолтын талаар Урлаг судлалын ухааны доктор, профессор Н.Жанцанноров “Хуурч Н.Жигжиддоржийн шинэ цомогт орчин цагийн монголын мэргэжлийн хөгжмийн сор бүтээлүүдийн дээжсээс оржээ. Ш.Өлзийбаярын морин хуур найрал хөгжмийн хоёрдугаар концерт нь хуурчийн уран чадварыг шавхсан, найрал хөгжмийн дуурьслын нэн сонирхолтой, сонгодог хэлбэрийн бүтээл юм. Хөгжмийн зохиолч энэ бүтээлээ хуурч Жигжиддоржид зориулан туурвиж Жигжиддорж анхлан хуурдсан юм. Б.Шарав, Х.Билэгжаргал нарын хийл, морин хийл, төгөлдөр хуурын гурвалууд монголын хөгжмийн 20-р зууны ололтыг бүрнээ илэрхийлэх бүтээлүүд. Хийлийг морин хуураар орлуулан хөгжимдсөн нь Жигжиддоржийн зориг бас чадварыг илэрхийлж байгаа хэрэг. Миний “Саруул талын дээгүүр” гэх гурвалыг энэ цомогт оруулсанд талархахын ялдамд уг бүтээлийг шинэ сэргэг дуурьсал, уран чадварын сайхан охь оргилуулан хөгжимдсөнд баярлууштай. Жигжиддорж хуурчийн хөгжимдөх өндөр эрэмбэ, хуурынх нь өрнүүн эрчимт дуурьсалыг сонссон хэний ч сэтгэл хөдлөж, баяр баясал, ухаарал гэгээрэл өгнө гэдэгт итгэнэм” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

Дашрамд дуулгахад, тэрээр 25 нас хүрэхдээ тэрээр Бээжингийн Их театр, Солонгосын Үндэсний их театр, Оросын Большой театр, Франц дахь Юнескогийн танхим, Нью-Йорк дахь НҮБ-ын хурлын их танхим зэрэг дэлхийн гурван тивийн том тайзнаа гарч хуурдаж байжээ.

Categories
мэдээ нийгэм

Иван Дуке ялалт байгууллаа

Колумбийн “Ардчилсан төв” барууны үзэлт намаас нэр дэвшигч Иван Дуке ерөнхийлөгчийн хоёрдугаар шатны сонгуульд ялалт байгуулжээ.

И.Дуке сонгогчдын 53,97 хувийн санал авсан бол түүний өрсөлдөгч, Колумбийн нийслэл Богота хотын дарга асан, зүүний үзэлт эвслээс нэр дэвшигч Густаво Петро 41,81 хувийн санал авсан байна. Сонгуулийн ирц 53 хувьтай байжээ.

И.Дукегийн ялалтыг хүлээн зөвшөөрч байгаагаа Г.Петро “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ. “Колумбийн 8 сая оршин суугч намайг дэмжинэ гэдэг нь ялагдал биш юм” гэж тэрбээр тэмдэглэсэн байна.

Categories
мэдээ спорт

М-Си-Эс Групп сагсчдад 20 сая төгрөгийн шагнал гардуулжээ

Филиппин улсын Манила хотод зохион байгуулагдсан ФИБА 3х3 ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцож, улмаар шилдэг наймд Ази тивээ төлөөлсөн цор ганц баг болж чадсан Монгол Улсын шигшээ “Улаанбаатар Хангарьд” багийн тамирчид /2018.06.15/ эх орондоо ирлээ. Дэлхийн 3×3 сагсан бөмбөгийн түүхэнд эх орныхоо нэрийг анх удаа гаргаж, Монгол Улсын багийн спортын түүхэнд цоо шинэ хуудас нээсэн бахархам амжилтыг үзүүлсэн шигшээ багийн хамт олонд баяр хүргэн, М-Си-Эс Групп, М-Си-Эс Кока-Кола ХХК 20 сая төгрөгийн шагнал гардуулжээ.

М-Си-Эс Групп, ялангуяа М-Си-Эс Кока-Кола ХХК 2006 оноос өнөөдрийг хүртэл Монгол Улсад сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх үйлсийг тасралтгүй дэмжин өнгөрсөн хугацаанд нийт 3,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг сагсан бөмбөгийн спортод оруулсан билээ. “Сагсан бөмбөгийн 3х3 төрлийг Спрайт брэнд анх дэмжиж, Монголд үүсч хөгжих нөхцөлийг бүрдүүлж байсан бөгөөд өнөөдөр Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо дэлхийд чансаагаараа 4-т бичигдэж, Азийн аварга, Дэлхийн аваргын шилдэг найман багийн нэг хэмээх хүндтэй алдрыг хүртэхэд тулгуур болж, үнэтэй хувь нэмэр оруулсандаа баяртай байна.

Монгол Улсын шигшээ багт 2020 оны Токиогийн олимпт оролцох бүрэн боломж бий. Шигшээ багийн тамирчин Готовын Цэнгүүнбаяр дэлхийд эрэмбээрээ 38-д, Даваасамбуугийн Дэлгэрням 39-т, Энхтайваны Цэрэнбаатар 47-д, Энхбатын Дөлгөөн 53-т тус тус бичигдэж, багаараа дэлхийн чансааны 5 дугаарт бичигдэж байна. Дашрамд сонирхуулахад, Монгол Улсын шигшээ багийг буулгаж авсан Сербийн шигшээ нь дэлхийд багийн эрэмбээрээ 1-т, тамирчин тус бүрийн эрэмбээр эхний 4-т бичигдэж буй хүчирхэг баг юм.