Categories
мэдээ нийгэм

“Хуульчдын форум-2018” болно

Монголын Хуульчдын холбооноос хоёр дахь жилдээ “Хуульчдын форум”-ыг “Тогтвортой хөгжлийн зорилтууд-Хуульчдын оролцоо” уриан дор 2018 оны зургадугаар сарын 19-нд “Корпорейт конвеншн центр”-т зохион байгуулах гэж байна.

Монгол Улс 2030 он гэхэд нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд хүрч, тогтвортой өсч байгаа эдийн засгийн олон салбарта¬й, нийгмийн хүрээнд дундаж болон чинээлэг дундаж давхарга давамгайлсан, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалсан, тогтвортой ардчилсан засаглалтай улс болох зорилт тавьсан. Монгол Улс тогтвортой хөгжихөд хуульчдын үүрэг, оролцоо зайлшгүй чухал зүйл юм.

Монголын Хуульчдын холбооноос нийгэм, иргэдийн амьдралд тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийн хууль зүйн зохицуулалтыг мэргэжлийн түвшинд хэлэлцүүлж, санал, зөвлөмж гаргах, хуульчдын дуу хоолойг нийгэм болон бодлого тодорхойлогчдод хүргэх, хуульчдын нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх зорилготойгоор “Хуульчдын форум”-ыг зохион байгуулдаг уламжлал тогтоод буй.

Энэ удаагийн форумын үндсэн хуралдааныг “Үндсэн хуулийн эрх зүй ба цаашдын чиг хандлага” гэсэн сэдвээр явуулах бөгөөд “Хараат бус шүүх ба хууль дээдлэх ёс”, “Хуульчийн ёс зүй ба хариуцлага”, “Хүний эрх ба цахим ертөнц”, “Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал”, “Үндэстэн дамнасан хууль зүйн туслалцаа”, “Чанартай хууль зүйн боловсрол: магадлан итгэмжлэл ба үргэлжилсэн сургалт”, “Хөрөнгийн ба санхүүгийн зах зээлийн эрх зүйн хөгжил”, “Хариуцлагатай уул уурхай – Нөхөн сэргээх асуудал” гэсэн найман салбар хуралдааныг зохион байгуулна.

Хараат бус, шударга шүүхтэй, ёс зүй, хариуцлага өндөр хуульчидтай, эрхээ бүрэн дүүрэн эдэлдэг, чинээлэг дундаж амьдралтай иргэдтэй, хүний эрх болон байгаль орчны тэнцэлд нийцсэн эдийн засгийн болон тогтвортой хөгжлийг Монгол Улсын иргэн бүхэн хүсч буй. Иймд Монголын Хуульчдын холбоо дээрх сэдвүүдийг сонгон, нийт хуульчдынхаа төлөөллөөр хэлэлцүүлж, тодорхой гарц шийдлийг эрэлхийлж буй юм. Энэхүү “Хуульчдын форум”-аас гарсан санал санаачилга тус бүрийг нэгтгэн зөвлөмж болгон хууль тогтоогч, шийдвэр гаргагч нарт хүргүүлэхийн зэрэгцээ олон нийтэд танилцуулахыг зорьж байна.

“Хуульчдын Форум-2018”-ын хүндэт зочноор Гадаад явдлын сайд асан Ц.Гомбосүрэн уригдаж, Эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайхан болон форумын оролцогчидтой сонирхолтой ярилцлага өрнүүлэх бол хууль зүйн салбарт нэр хүндтэй, тухайн чиглэлээрээ мэргэшсэн хуульч, эрдэмтэд форумын илтгэгчээр оролцоно. Тухайлбал, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн шинжлэх ухааны доктор Ц.Сарантуяа, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзориг, Хууль зүйн доктор Б.Гүнбилэг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, хууль зүйн доктор Ц.Цогт нарын 40 гаруй хуульч, эрдэмтэд энэ форумын илтгэгч, хэлэлцүүлэгчээр оролцож буй юм. Мөн шүүгч, прокурор, өмгөөлөгч, бусад хуульчдын төлөөлөл болсон 400 орчим хуульч оролцож байна.

Форумын үеэр шинэ гарсан болон сонирхолтой номын худалдаа зохион байгуулахын зэрэгцээ Монголын Хуульчдын холбооны хороод, Тамгын газрын мэргэжилтнүүд ажиллаж, хуульчдад татвар, нэгдсэн бүртгэлийн талаар лавлагаа, мэдээлэл өгч үйлчлэх юм.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Австралийн SBS радио монгол хэлээр хөтөлбөрүүд нэвтрүүлж эхэлжээ

Австрали улсын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох SBS радио монголчуудад зориулсан мэдээ мэдээлэл түгээх платформ үүсгэн нэвтрүүлж эхэлснээ албан ёсоор зарлажээ. Уг радиогоор Австрали улсад амьдарч буй монголчуудын туршлага болоод үндэсний ёс заншлаа тэмдэглэн уламжлахаас гадна улсынхаа түүхийг харилцан ярилцах зорилготой аж.

Шинэ хөтөлбөрүүд энэ оны тавдугаар сарын 28-наас цацагдаж эхэлсэн байна. Энэхүү хөтөлбөрөөр шинээр ирсэн болон оршин сууж буй хүмүүст тулгардаг Австралийн өдөр тутмын амьдралын хэв маягтай холбоотой үйл явдлуудын цогц мэдээллийг хүргэдгээрээ давуу талтай юм байна.

SBS Радиогийн Аудио болон Гадаад Хэлний Контент хариуцсан захирал, Mandi Wicks хэлэхдээ “Хүмүүс англиас бусад хэлээр мэдээлэл авах нэн хэрэгцээтэй байна. Бид үйлчилгээгээ улам тэлж байгаадаа маш их баяртай байгаа. Манай нэвтрүүлгийг үзэгч, сонсогчид дижитал платформоор хүлээн авах нь ихэссэн тул бид контентийг хэрэгцээтэй үедээ, хүссэн цагтаа хүлээн авах боломжтой цахим хэлбэрээр хүргэж байна. Энэ нь залуу үзэгч, сонсогчдод хүрэх хамгийн үр дүнтэй арга гэж бодож байна” гэсэн юм. SBS радиогийн монгол хэл дээрх хөтөлбөрийг Батцогийн Долгион (Danny Battsog) бэлтгэн хүргэх ба тэрээр Сиднэй хотноо Австарлийн засгийн газрын “Аусгид” (Ausgrid) компанид ажилладаг аж. Б.Долгион нь Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгсөн, NTV телевизийн Олон улсын мэдээний хэлтэст ажиллаж байсан туршлагатай гэнэ.


Бүх контент нь дижитал буюу хэзээ ч, хаанаас ч сонсох боломжтой подкаст хэлбэрээр sbs.com.au/mongolian болон SBS Радио апп дээр нээлттэй байгаа тул SBS Радио апп-г iTunes App Store болон Google Play дээрээс хэзээд үнэгүй татаж аваад, хаана ч явсан мэдээллээ хүлээн аваарай.

Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын албан хаагчид “Ulaanbaatar city tour” автобусаар аялав

Нийслэлийн онцгой байдлын албан хаагчид өчигдөр буюу энэ сарын 17-нд “Ulaanbaatar city tour” автобусаар аяллаа. Албан үүргээ нэр төртэй биелүүлж, ажил үйлсээрээ бусдыгаа хошуучлан манлайлсан нийт 90 албан хаагч нийслэл хотынхоо түүх дурсгалт газар, музейг үзэхээр хотын аялалд гарсан юм.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Онцгой байдлын газар хамтран энэ өдрийн арга хэмжээг зохион байгуулав. Арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Ж.Чүлтэмсүрэн, Аялал жуулчлалын газрын дарга Б.Батсүх нар оролцлоо.

Аяллын нээлтийн арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан хэлсэн үгэндээ “Нийслэл хотын хамгийн ачаалал ихтэй, чухал хариуцлагатай алба хашдаг хүмүүс бол онцгой байдлын албан хаагч та бүхэн билээ. Та бүхэн нийслэл хотынхоо бүтээн байгуулалтад гар бие оролцож, ард иргэдийг гамшиг осол, гал түймрийн аливаа аюулаас үргэлж аварч байдаг онцгой албыг хашдаг.

Тиймээс нэг өдөр ч гэсэн алжаалаа тайлж нийслэл хотынхоо түүхэн дурсгалт газруудаас аялж түүх дурсгалыг мэдэж авах аялалд урьж байна. Хэдий нийслэл хот хүрээлэл багатай ч гэлээ амьдарч байгаа газар, нийслэл хотынхоо түүх дурсгалт газрын түүхийг мэдэх ач холбогдолтой чухал үйл явдал юм. Улаанбаатар хотын түүх дурсгалыг гадаад дотоодын жуулчдад сурталчлан таниулах үүднээс шинээр нэвтрүүлсэн Ulaanbaatar city tour аяллын автобусаар сайхан аялаарай” гэлээ хэмээн Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

​Хатанбулаг суманд иргэдийн эрх ашиг зөрчигдөж байна гэв

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт Хилийн хууль зөрчигдөж, үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байна хэмээн иргэдийн төлөөлөл, “Нутаг амь”, Ногоон хоолой” ТББ-уудаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ талаар “Нутаг амь” ТББ-ын тэргүүн Ц.Баттулга ярихдаа “Хатанбулаг суманд 2010 оноос хойш ашигт малтмалын үйл ажиллагаа явуулдаг хайгуулын 11, ашиглалтын таван аж ахуй нэгж байдаг. Бусад аймаг, сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниуд, Ханги хилийн боомт хүртэл тээвэрлэлт хийж замууд гаргаад байна. Энэ нь тоосжилтыг нэмэгдүүлж, нутгийн ард иргэд, малын эрүүл мэндэд хохирол учруулж байгаа юм. Салбарын хариуцлагагүй байдал, төрийн хууль хяналт сул байгаагаас иргэдийн Үндсэн хуулиар хамгаалагдсан эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, байгалийн тэнцвэрт байдал алдагдахаас хамгаалуулах эрх зөрчигдөж байна. Энэ байдалд хүргэсний төлөө хууль бус үйл ажиллагаа явуулж буй, шийдвэр гарсан компаниудыг Ашигт малтмалын тухай хуулийн 41-р зүйлийн дагуу нөхөн төлбөр төлөх, 44-р зүйлд заасан иргэдийн аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлэхийг шаардаж байна” гэв.

Нутгийн иргэд ТББ-ууд хамтран сум, аймгийн удирдлагууд, холбогдох байгууллагуудад удаа дараа шаардлага, мэдэгдэл хүргүүлсэн. Гэвч өнөөдрийн хүртэл тодорхой арга хэмжээ авалгүй, улам бүр дордсоор байгааг ИТХ-ын төлөөлөгч А.Баярсайхан хэлэв.

Мөн “Сулинхээрийн отрядаас хоёр км-ын орчимд алт угааж, мөнгөн усны бохирдол бий болгож, иргэдийн эрхийг ноцтой зөрчиж байна” хэмээн тус сумын иргэн Б.Батбаатар хэлж байв.

Э.АНУДАРЬ

Categories
мэдээ нийгэм

“Нүүрс төрөгч багатай хотуудын хөгжил: Агаарын чанарыг сайжруулж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нь” сэдвийн дор чуулж байна

Улаанбаатар хотноо “Нүүрс төрөгч багатай хотуудын хөгжил: Агаарын чанарыг сайжруулж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нь” сэдвийн дор Зүүн Хойд Азийн хотын дарга нар чуулж байна. Форумд оролцогчдод хандан оролцогч хотуудын төлөөлөл БНХАУ-ын Бээжин хотын Ардын төлөөлөгчдийн хурлын Байнгын хорооны орлогч дарга Жан Чин, БНСУ-ын Сөүл хотын Захиргааны асуудал хариуцсан дэд дарга Юн Жун Бён, ОХУ-ын Улаан-Үд хотын дарга Александр М.Голков, БНАСАУ-ын Солонгос-Ази, Номхон далайн орнуудын хамтын ажиллагааны нийгэмлэгийн нарийн бичгийн дарга Юү Жү Ёон, Япон улсын Токио хотын Байгаль орчны газрын Уур амьсгалын өөрчлөлт ба эрчим хүчний хэлтсийн дарга Хигашикава Наобүм нар мэндчилгээ дэвшүүллээ. Үүний дараа форумд оролцогч зочид төлөөлөгчид дурсгалын зургаа татуулсан юм.

Гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа энэхүү форумд Зүүн хойд Азийн бүс нутгийн 6 улсын, 18 хотын дарга, шийдвэр гаргагчид, олон улсын байгууллагын 300 гаруй төлөөлөгч дэлхий нийтийн өмнө тулгарч буй уур амьсгалын өөрчлөлт, түүний үндсэн шалтгаан болсон хүлэмжийн хийн ялгарлыг хотуудын төвшинд бууруулах арга замуудаа хэлэлцэж, туршлагаа хуваалцахаар хуран цуглараад байгаа юм.

Форумд оролцогчид өнөөдөр “Нүүрстөрөгч багатай ногоон хөгжлийг бий болгох чиглэлээр хотуудын баримталж буй бодлого, тулгарч буй бэрхшээлүүд”, “Нүүрстөрөгч багатай хотуудын технологийн шийдлүүд ба сайн туршлагууд” сэдвийн хүрээнд салбар хуралдаан хийх юм. Салбар хуралдаанаар оролцогч хотын төлөөллүүд илтгэл тавьж хэлэлцүүлнэ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Шварцманы тэтгэлэгт оюутнуудыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Шварцманы магистрын хөтөлбөрт тэнцэн суралцаж байгаа оюутнуудыг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзав.

Бээжингийн Цинхуа Их сургуулийн Шварцманы магистрын хөтөлбөр нь дэлхийн хамгийн өндөр шалгууртай хөтөлбөрт тооцогддог бөгөөд энэ удаагийн хөтөлбөрт нь Харвард, Оксфорд, Йел, Колумбын зэрэг их сургуулийг төгссөн найман орны 24 оюутан тэнцэн суралцаж байгаа дотор МУИС-ийг төгссөн Монгол оюутан мөн багтжээ.

Уулзалтын эхэнд оюутнууд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан цаг гарган хүлээн авч уулзсанд нь талархаад, хөтөлбөрийн хүрээнд Азийн орнуудаар аялж, тухайн орны бизнес, Засгийн газар болон хууль тогтоох дээд байгууллагын төлөөлөгчидтэй уулзаж туршлага судалж байгаа талаараа танилцуулсан юм. Мөн тэд Монголд ирэхийн өмнө ОУВС-гийн захирал Кристин Лагард, Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Лю Яньдун, Сингапурын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүн зэрэг албан тушаалтнуудтай уулзаад ирсэн талаараа танилцуулав.

Мөн Шварцманы магистрын хөтөлбөрт тэнцэн суралцаж байгаа оюутнууд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас Монголын эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуйн бодлогын талаар түлхүү сонирхон асууж, дэлгэрэнгүй хариулт авсан юм.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэдэнд амжилт хүсч, суралцаж буй салбартаа манлайлахыг хүсэн ерөөв.

Categories
мэдээ нийгэм

Налайх дүүргийн өрхийн эмнэлэгүүдэд даралтын аппарат бэлэглэлээ

НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Швейцарь улсын “Новартис сан, ”Оном сан“ хамтарч Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар” төслийн хүрээнд Налайх, Багахангай дүүргийн бүх өрхийн эмнэлэгт 8 багц цусны даралт хэмжих аппарат гардууллаа.

НИТХ-ын дарга С.Амарсайхан: ” Налайх дүүрэгт эрүүл мэндийн салбарт тулгамдсан, ээдрээтэй олон асуудал бий. Гэхдээ бид олон асуудлыг газар дээр нь шийдэж байгаа. Өнгөрсөн жил бид маш олон ажил амжуулсан. Түүний нэг нь иж бүрэн 50 ортой хүүхдийн эмнэлэгтэй болсон явдал. Энэ мэтчилэн ажлууд үргэлжилсээр байна. Тэр дундаа иргэдэд хамгийн түрүүнд хүрч ажилладаг өрхийн эмнэлгүүдийн үйл ажиллагааг сайжруулах асуудал бол нэн чухал юм. Зүрх судасны өвчин бол хорт хавдар эсвэл халдварт өвчин биш учраас урьдчилан сэргийлэх боломжтой. Тиймээс манай эрүүл мэндийн төвүүд энэ өвчинг оношлох цусны даралтын шинэ аппаратуудтай болж байгад баяртай байна. “Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар” төсөл манай хотод маш үр дүнтэй, эрчимтэй хэрэгжиж буй нь сайшаалтай. Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө энхийн манаанд зогсож буй та бүхнийхээ ажил, амьдралд сайн сайхан бүхнийг хүсье” гэлээ.

Дэлхийн 3 хүн тутмын нэг нь зүрх судасны өвчнөөр амь насаа алдаж байна гэсэн судалгаа бий. Манай улсын хувьд зүрх судасны өвчин нь нас баралтын шалтгааны гуравт бичигддэг. Энэ үзүүлэлтийг бууруулах зорилгоор Швейцарь улсын “Новартис сан”-гаас санаачлан “Эрүүл зүрх-Эрүүл хот” төслийг санаачлан гурван тивийн 3 улсад хэрэгжүүлж эхэлжээ. Ази тивээс Улаанбаатар хотыг сонгосон байна. Уг төсөл хэрэгжснээр нийслэлийн иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж, үйлчилгээ, тэр дундаа цусны даралт ихсэлттэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажил чанартай, хүртээмжтэй болох юм.

“Майкролайф” брэндийн цусны даралт хэмжих автомат аппарат нь гурван удаагийн хэмжилтийг дараалан хийж дундаж үзүүлэлтийг гаргах боломжтой. Ухаалаг гар утсанд суулгах эрүүл мэндийн аппликейшн, Bluetooth холболт ашиглан мэдээллээ хянах, зүрхний тосгуурын чичиргээг өндөр нарийвчлалтай мэдэрдэг олон давуу талтай аж. Тиймээс ӨЭМТ-үүд цусны даралт ихсэх өвчнийг эрт илрүүлэх, хянах бүрэн боломжтой болж байна.

Categories
мэдээ спорт

Удахгүй номер 1 болно оо гэв

Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, МУГТ Н.Төгсцогт мэргэжлийн боксын дөрвөн том холбооны нэг WBC-ийн чансаанд тавдугаарт бичигджээ. Тэрээр хамгийн сүүлд Колумбийн Оскар Эскандоныг ялсан билээ. Чансаа өгссөн мэдээллээ тэрээр фэйсбүүк хуудсандаа оруулж, “WBC холбоонд тавдугаарт орж ирлээ, удахгүй №1 болно оо” хэмээн бичжээ.


Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлэг намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг хэлэлцжээ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн хуралдаанааар Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн төсөл, 2018 оны Намрын ээлжит чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийн талаар санал солилцсон байна.

Бүлгийн зүгээс намрын чуулганаар хэлэлцэх Татварын багц хуулийн шинэчлэл, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болон Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдэд гол анхаарлаа хандуулан ажиллах нь зүйтэй гэдэгт санал нэгджээ.

Бүлгийн өнөөдрийн хуралдааны талаар мэдээлэл хийсэнгүй. Харин ирэх долоо хоногийн даваа гарагт УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцсэн асуудлуудын талаар хэвлэлийнхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр тогтсон байна.

Categories
гадаад мэдээ

Шанхайн олон улсын кино наадам эхэллээ

Шанхайн олон улсын 21-р кино наадам өнгөрсөн бямба гаригт нээлтээ хийжээ. БНХАУ-д зохион байгуулагддаг цорын ганц олон улсын А зэрэглэлийн энэхүү кино наадмыг энэ жил “Нэг бүс нэг зам” сэдвиын дор зохион байгуулж байгаагаараа онцлог болж байгаа ажээ.

Шанхайн олон улсын кино наадам энэ онд анх удаагаа “Нэг бүс нэг зам” кино долоо хоногийн арга хэмжээ зохиож, “Нэг бүс нэг зам” дагуух орнуудын киног дэлгэцнээ тавьж, форум зэрэг арга хэмжээ зохиох юм байна. “Нэг бүс нэг зам” дагуу байдаг 50 шахам улс орон бүс нутгийн 1300 гаруй кино уг үзэсгэлэнд орохоор бүртгүүлж, 154 киног шалган авч уг кино наадмын хугацаанд дэлгэцнээ тавихаар болжээ. Энэхүү наадамд 108 улс орон бүс нутгийн 3447 кино оролцохоор бүртгүүлсэн нь 2007 оны хамгийн олон буюу 2528 кино бүтгүүлж байснаас хол давжээ. 1993 оноос зохион байгуулж эхэлсэн уг кино наадам нь Азидаа хамгийн том цар хүрээтэй олон улсын кино наадам болжээ. Шанхайн кино наадам энэ сарын 25 хүртэл үргэлжилнэ.