Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Морин хуурын олон улсын VI наадам болно

Нийслэлийн Соёл урлагийн газар, Дэлхийн Морин хуурын холбоо хамтран зохион байгуулж буй Морин хуурын олон улсын VI наадам-уралдаан энэ сарын 30-наас ирэх сарын 05-нд Улаанбаатар хотноо болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны “Морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх тухай” 17 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд 2008 онд “Дэлхийн Морин хуурын холбоо” ТББ байгуулагдаж олон төрлийн арга хэмжээ зохион байгуулсны нэг нь Улаанбаатар хотод хоёр жил тутам болдог “Морин хуурын олон улсын наадам” юм.
Наадмын хүрээнд 2008, 2012, 2016 онд наадам-симпозиум, 2010, 2014 онд наадам-уралдааныг тус тус зохион байгуулсан. Дээрх арга хэмжээнд ОХУ, БНХАУ, Япон, АНУ, БНСУ, ХБНГУ, БНФУ-ын нийт 600 гаруй морин хуур суралцагсад болон багш, судлаач, урлаач, хамтлаг, чуулга оролцсон байна.
Наадам, симпозиум, уралдааны уран сайхан, эрдэм судлалын цар хүрээ улам бүр өргөжиж монгол үндэсний морин хуур дэлхийн олон орны иргэдийн шимтэн суралцдаг, судлан шинжилдэг хөгжим болсоор байгаа нь улс орныхоо соёлын нэр хүндийг дэлхий дахинд ахиулахад чухал хувь нэмэр болж буйг зохион байгуулагчид хэллээ.
Наадмын хүрээнд морин хуур сонирхогчдын уралдаан, Мэргэжлийн хуур урлаачдын уралдаан, Гадаад оролцогчдын тоглолт, уулзалт хэлэлцүүлэг, үзэсгэлэн тус тус болох юм. Морин хуурын олон улсын VI наадмын нээлт энэ сарын 05-нд Улсын Филармонийн тайзнаа болно. Тоглолтын тасалбар нь 15 мянган төгрөгийн үнэтэй байх аж.

Categories
мэдээ нийгэм

Элсэлтийн ерөнхий шалгалт орон даяар үргэлжилж байна

Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалт өнгөрсөн бямба гаригт эхэллээ. Улсын хэмжээнд 43846 шалгуулагч бүртгүүлсэн байна. Тэд нийтдээ 11 төрлийн хичээлээр шалгалт өгөх аж.

Шалгалт энэ сарын 16-наас 20-ны өдрүүдэд үргэлжилж байгаа юм. Тодруулбал, энэ сарын 16-ны 10:00 цагт Монгол хэл бичгийн шалгалт, 15:00 цагm Физик, 17-ны 09:00 цагт Монгол Улсын түүх, 13:00 цагт Англи хэл, 17:00 цагт Газар зүй, 18-ны 09:00 цагт Биологи, 13:00 цагт Математик, 19-ны 09:00 цагт Монгол хэл, 13:30 цагт Нийгмийн тухай мэдлэг, 20-ны 09:00 цагт Хими, 13:00 цагт Орос хэлний шалгалтуудыг тус тус өгнө.

Харин Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн оноо, жагсаалтыг ирэх долдугаар сарын 1-ний 09:00 цагт Боловсролын үнэлгээний төвийн ECC.mn сайт дээр тавигдана гэв.

Шалгуулагчид өөрсдийн бүртгэлийн дугаар нууц үгээрээ ECC.mn сайт руу орж харах бүрэн боломжтой. Өмнөх оны шалгуулагчид долдугаар сарын 2-5-ны өдрүүдийн хооронд Боловсролын үнэлгээний төв дээр, Арванхоёрдугаар анги төгсөгчид тухайн өөрсдийн төгсөж байгаа сургууль дээрээсээ очиж батламжаа авах ажээ.

Элсэлтийн ерөнхий шалгалтыг тодорхой заасан, тохижуулсан анги танхимуудад явагдаж байгаа юм. Бид өглөөний 08.00 цагт Улсын тэргүүний 84 дүгээр сургууль дээр очиход сурагчид шалгалтдаа орохоор аль хэдийн ирсэн байв. Тэдний бичиг баримтыг шалгаж хуваарилагдсан анги танхим руу нь оруулж байлаа. Энд 84, 87, 88, 97, 111, 120 дугаар сургуулиуд болон хувийн сургуулиудын төгсөгчид шалгалтаа өгч байгаа гэнэ.

84 дүгээр сургуульд 690 гаруй хүүхэд шалгалт өгөхөөр хуваарилагджээ

Энэ үеэр шалгалтын материалыг задлахаар шалгалтын комисс болон гурван эцэг, эхийн төлөөлөл сургууль руу орлоо. 84 дүгээр сургуульд 690 гаруй хүүхэд шалгалт өгөхөөр хуваарилагджээ. 08.10 цагаас эхлэн Элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулах комиссын гишүүд болон багийн ахлагч байр байраа эзлэн төгсөгчдийг нэг эгнээнд жагсаан оруулж эхэллээ. Сургуулийн үүдэнд зогссон зохион байгуулагчид сурагчдыг гар утас, цүнхээ ар гэрийнхэндээ үлдээхийг шаардаж байв. Бичиг баримт бүрэн, гар утасгүй хүүхдүүд суудлын дугаарын дагуу хуваарилагдсан анги руугаа зохион байгуулагчдаар заалган орж байсан юм. Ангидаа орсон хүүхдүүдийг нэг нэгээр нь суулгаж байлаа. Улмаар 10.00 цагт Монгол хэл, бичгийн шалгалт эхэлсэн юм. Элсэгчид шалгалтын материалаа хөх өнгийн үзгэн балаар бөглөх журамтай билээ. Гэтэл холбогдох мэдээллээ дутуу авснаас болж, олон хүүхэд харандаатай ирсэн харагдана. Шалгалт эхлэхээс өмнө сургуулиас хэд хэдэн хүүхэд үзгэн бал авахаар гарч байв. Шалгалтын хугацаа 80 минут учир эцэг эхчүүд хүүхдүүдээ хүлээж байсан юм. Хүүхдүүдээ шалгалтаас гарч ирэхийг хүлээн суух цөөн эцэг эхээс зарим зүйлийг тодрууллаа. Эцэг эхчүүд нь тэр бүр Элсэлтийн ерөнхий шалгалт явагдахад гадаа нь хүлээгээд суугаад байдаггүй бололтой. Зарим нь ажилдаа явчихаад, гарч ирэхийнх нь үед ирдэг гэнэ. Энэ үеэр Баянзүрх дүүргийн иргэн Г.Батболд “Манай охин энэ жил арванхоёрдугаар анги төгсөж байгаа. Өнгөрсөн хугацаанд хичээлийг нь сайтар бэлдүүлж, шамдуулж байсан үр дүнгээ одоо л үзнэ дээ. Өөрөө жүжигчин болох сонирхолтой. Гэхдээ хичээлдээ их сайн. Матетамик, эсвэл химийн хичээлээр гүнзгийрүүлэн судлаад явбал, зүгээр гэж зөвлөөд сууж байна. Ажлын байр ч элбэг байдаг. Гараад ирэхээр нь охинтойгоо хоолонд орно. Тэгээд Физикт нь оруулна” гэв.

Төд удалгүй шалгалтад орсон хүүхдүүд гарч ирлээ. Элсэлтийн шалгалтад орсон сурагч О.Батзаяа “Монгол хэл, бичгийн шалгалт хүнд байлаа. Одоо Физикийн хичээлийн шалгалттай. Нийт зургаан шалгалт өгч байгаа. Хими, Биологийн хичээлдээ түлхүү анхаарлаа хандуулж, бэлдсэн. Ээж ажлаасаа чөлөө аваад надтай хамт ирсэн. Гэхдээ эцэг эхчүүдийг оруулахгүй болохоор гадаа хүлээгээд сууж байсан. Надад монгол хэл, бичгийн даалгавар нь жаахан эргэлзээтэй хэцүү санагдлаа. Бидний хувьд хамгийн хэцүү хичээл бараг л Монгол хэл, бичиг шүү дээ. Бусдыг нь гайгүй хийчихсэн байх гэж бодож байгаа. Анагаах ухааны их сургуульд орох хүсэл бий. Эмч болох мөрөөдөлтэй. Олон хүний амь насыг авардаг буянтай мэргэжил. Гэхдээ ээж, аав хоёр “Эмч гэдэг хэцүү ажил юм биш үү” гээд байдаг болсон. Тэд “их хатуу, чи тэвчиж суралцаж төгсөөд амжилттай ажиллаж чадах юм уу” гэж бас зааж зөвлөсөн. Аав маань харин “өөрөө чадна гэж байгаа учраас чадах байлгүй дээ. Өөрөө мэддээ” гэдэг хэмээн ярилаа.

Улсын тэргүүний 84 дүгээр сургуульд шалгалт өгч байсан хүүхдүүдээс, эрүүл мэндийн шалтгаан болон бичиг баримтаа мартаж бүтэлгүйтсэн зэрэг зөрчил хэд хэд гарлаа. Гэхдээ тэр дор нь зохион байгуулагчид нь уг асуудлыг шийдэж байсан юм. Харин Нийслэлийн зарим сургуулийн танхимд шалгалт өгөх ёстой сурагчдаас буруу бичиг баримт авчирсан, бүртгэлийн хуудсаа баталгаажуулаагүй зэрэг зөрчил ганц, хоёр бүртгэгдэж шалгалтын танхимд орж чадалгүй буцчихсан гэнэ. Тус сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд шалгуулж байгаа аж.

Бичиг баримтын зөрчилтэй 50 гаруй элсэгч байжээ

Энэ онд 43846 шалгуулагч Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлснээс 87 хувь буюу 37950 нь энэ жилийн төгсөгч, 5896 нь өмнөх оны төгсөгч юм байна. Тэгвэл өмнөх оны шалгуулагчид Улсын тэргүүний 24 дүгээр сургуульд шалгалтаа өгч байгаа юм. 17.00 цагт тус сургууль дээр очлоо. Энэ үеэр Физикийн шалгалт дөнгөж дуусч, элсэгчид гарч ирж байв. 24 дүгээр сургуулийн шалгалтын төвийн Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтэн н.Цолмонгоос шалгалтын явцын талаар асуулаа. Тэрээр “Өмнөх оны шалгуулагчид манай сургууль дээр шалгалт өгч байна. Монгол хэл, бичгийн шалгалтад 709 шалгуулагч хамрагдах ёстойгоос 392 шалгуулагч ирсэн. Шалгалтад ороогүй 317 хүүхэд байна гэсэн үг. Физикийн шалгалтад 159 шалгуулагч орох байснаас 123 нь ирсэн. 36 шалгуулагч огт ирээгүй. Манай төв дээр томоохон зөрчил гараагүй. Сэдэв даалгавар болон өөр ноцтой асуудал гарсангүй. Гэхдээ өмнөх оны шалгуулагчийн хувьд бичиг баримтын зөрчил дийлэнх хувийг эзэлж байсан. Одоогоор бараг 50 гаруй элсэгч бичиг баримтын зөрчилтэй байлаа. Тус элсэгчдийн асуудлыг дор нь шийдээд шалгалтад хүүхдүүдийг аль болох хохиролгүй оруулсан байгаа. Монгол Улсын түүхийн хичээлийн шалгалт манай сургуульд болно” гэв.

24 дүгээр сургуулийн шалгалтын төвд Физикийн шалгалтад орсон Политехникийн коллежийн сурагч Н.Даваажаргал “Өнгөрсөн жилүүдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын материалаас ажиллаад нэлээн бэлтгэж байсан болохоор харьцангуй гайгүй санагдлаа. Аав, ээж хөдөө явчихсан эзгүй байгаа. Ахтайгаа ирсэн. Утас болон ямар нэг эд зүйл авч орох хориотой учраас манай ах хадгалаад сууж байсан юм. Тэгээд саяхан явсан. Монгол хэл, бичгийн шалгалт арван асуулттай, тус бүртээ хоёр оноотой байсан. Тэгээд нэг эх өгөөд монгол бичиг рүү хөрвүүлэх даалгавар байсан. Надад монгол бичгийн даалгавар тийм ч хэцүү санагдаагүй. Харин физик нэлээн хэцүү байсан. Дөрвөн хэсэг 45 асуулттай. Хоёрдугаар хэсэг нь тэр чигтээ бодлого байна лээ. Би барилгын инженер болох сонирхолтой. Нэг ёсондоо ШУТИС-д орно гэсэн үг. Барилгын компанид инженерийн туслахаар ажиллаж байсан” гэсэн юм.

Тавдугаар сургуулийн шалгалтын төвд ажиллаж буй хянагч багшаас зарим зүйлсийг тодрууллаа. Тэрээр “Энэ жилийн ирц хангалтгүй байна. Өнөө өглөөний Монгол хэл, бичгийн шалгалтад манай зааланд 24 хүүхэд орох ёстойгоос ердөө арван элсэгч л оролцсон. 15 хүүхэд нь ирээгүй. Физикийн шалгалтад мөн 13 хүүхэд огт ирсэнгүй. Долоон хүүхэд л танхимд хүлээж байна. Өнөөдөр ямар нэг зөрчил гараагүй. Үнэлгээний төвөөс гарсан журмын дагуу бид ажиллаж байна. Хүүхдүүд журмаа харьцангуй сайн судалсан байна. Ямар нэг хууль бус үйлдэл гаргахгүй байгаа. Бүх зүйл ном журмын дагуу явагдаж байна” гэлээ.

Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ спорт

Кавай Леонард багаа солих хүсэлтээ өгчээ

Кавай Леонард багаа солих хүсэлтээ өгснөөр НБА-н ертөнцөд дуулиан дэгдлээ. Мэргэжилтнүүд энэ зун маш сонирхолтой болох боломжтой хэмээн шуугицгааж байна.

Кавай-н очих багуудын жагсаалтын эхэнд манайх байгаа талаар зарим сурвалжууд мэдэгдээд байгаа нь сонирхол татаж байна.

Мөн зарим хүмүүс зурган дээрх 3 эрхэм манайд нэгдэх боломжтой бүр тэгж тохирсон байх гэсэн юм ярьж байна.

Ямартай ч та бүхэндээ сурвалжуудын хэлж буйгаар Спөрс баг гол ривал болох манайд түүнийг өгөхгүйгээр эсрэг бүсийн баг болох Бостонтой наймаа хийх өндөр магадлалтай хэмээн үзээд байна. Бостон ч тэдэнд илүү өгөх хөзөртэй юм. Гэхдээ Ирвинг эсвэл Хэйвард дээр ямар нэгэн юм нэмж байж цалингийн хэмжээ нь дүйнэ.
Гэхдээ хэрэв Кавай ирэх зунд би танайхтай гэрээгээ сунгахгүй ээ хэмээн Бостонд хэлвэл солилцоо болохгүй байх өндөр магадлалтай.

Солилцоо: Boston Celtics
Celtics-ээс: Kawhi Leonard
Spurs-рүү: Kyrie Irving and Boston’s 2018 түрүүлж солилцох

Солилцоо: Boston Celtics
Celtics-ээс: Kawhi Leonard and Patty Mills
Spurs-рүү: Gordon Hayward and Terry Rozier

Харин Кавай зөвхөн манайх руу солигдоно хэмээн шаардсан тохиолдолд манайх түүнийг солилцоогоор авах боломжтой аж.
Манайх цалингийн хэмжээг дүйцүүлэхийн тулд Денгийг өгч таарах нь. Нэмээд Кузма батаараа яваад мөн Инграм эсвэл Лонзо 2ын нэг нь явна. Инграм, Лонзог хэрхэн ирээдүйг нь харахаа шийдэж Спөрс сонголтоо хийнэ гэсэн үг. Мөн ямар нэгэн цалингийн сул зай өндөртэй нэг баг хэрэг болно. Энэ нь Орландо байх боломжтой.

Солилцоо: Los Angeles Lakers
Lakers-ээс: Kawhi Leonard
Spurs-рүү: Lonzo Ball, Luol Deng, Kyle Kuzma
Magic-рүү: Joffrey Lauvergne, 2020 Lakers 1.7 сая ам доллараар үнэлсэн (Лакерс)

Хэрвээ энэ солилцоо бүтвэл ПЖ13 болон Леброн нар нэмээд ирэх болно гэнэ дээ.
Ингэснээр Инграм холбогчоор гараад +Кавай+Леброн+ПЖ13+ямар нэгэн төв гэсэн гарааны 5т гарах нь.

Эхний 4 нь үндсэн байрлал нь жижиг довтлогч ч дөрвүүлээ 1-4 байрлал дээр хамгаалах чадвартай нь свитч хийж эсрэг багтаа мисматч үүсгэх боломжгүй болгож хамгаалалтын бат бөх шугамыг үүсгэхээр байна.

Төвийн байрлал дээр манайх мөн свитч хийх чадвартай Ноел-ийг дундаж түвшиний цалингаар авах боломжтой талаар мөн дурдсан байна. Учир нь түүний агент нь Лебронтой мөн хамтран ажилладаг юм байна.

Нэмээд 76, Миами, Клипперс, Кингс, Торонто, Портлэнд гэсэн багууд Кавайг солилцоогоор авах боломжтой байна.

Categories
мэдээ спорт

10 хүртэлх насны Улсын аваргууд тодорлоо

Монголын Хөлбөмбөгийн Холбооноос жил бүр уламжлал зохион байгуулдаг 10 хүртэлх насны охид, хөвгүүдийн УАШТ-ий медалийн эзэн багууд болон шилдэг тоглогчдын нэрс тодорлоо.

Хөвгүүдийн төрөлд алтан медалийг “Дэрэн” баг авсан бол охидын төрөлд “Арвис” клубийн охид түрүүлж, аваргын тавцанд гарцгаав. Хөвгүүдийн мөнгөн медалийг “Андууд сити”, хүрэл медалийг “ДМЮ-1” хүртсэн юм. Охидын төрөлд Б.Болд дасгалжуулагчтай Хан-Уул дүүргийн баг аман хүзүүдэж, алс холоос хүрэлцэн ирсэн Архангай аймгийн охид хүрэл медалийг энгэртээ гялалзууллаа.

Шагналт байрын багууд тодорсны дараа тэмцээний хаалтын ажиллагаа болж, шилдэг тоглогчдын шагналыг гардуулав. Хөвгүүдийн төрөлд А.Билгүүн /шилдэг хаалгач/, Волф Ким /Дэрэн/ шилдэг хамгаалагч, Н.Наранбаяр /Андууд сити/ шилдэг хагас хамгаалагч, Г.Чилүгэн /ДМЮ-1/ шилдэг довтлогчийн шагналыг хүртлээ. Харин охидын төрөлд Б.Лхагвасүрэн /Архангай аймаг/ шилдэг хаалгач, С.Ганцэцэг /Арвис/ шилдэг хамгаалагч, Б.Халиунаа /Хан-Уул дүүрэг/ шилдэг хагас хамгаалагч, Б.Янжинлхам /Арвис/ шилдэг довтлогч гэсэн шагналыг тус тус хүртэж, УАШТ-ий 10 хүртэлх насныхны тэмцээн амжилттай өндөрлөлөө.

Categories
мэдээ нийгэм

Улаан Цутгалан урсаж эхэлжээ

Орхоны хөндийн үзэсгэлэнт Улаан Цутгалан урсахаа больсон талаар өмнө бид мэдээлж байсан билээ. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум энэ жил хур бороо багатай, байгаль экологийн тэнцвэрт байдал нь алдагдсанаас болж Улаан Цутгалан тасарч урсахгүй байгаа талаар тус сумын Засаг дарга М.Жамъяаншарав бидэнд мэдээлэл өгч байсан. Тэрбээр “Ер нь сүүлийн жилүүдэд яг өдийд ингэж тасарчхаад байгаа юм. Таван сарын 20-д гараад бороо хур элбэгшээд ирэхээр хэвийн болдог. Энэ жил бороо орох тун дургүй байна. Ганц хоёр дуслахаар үүлээ салхиараа хөөчхөөд хүйтрээд, чийг өгч чадахгүй байна. Жаахан л бороо орчих юм бол нэг хоногийн дараа л Улаан Цутгалан хүрээд ирдэг юм” гэсэн.

Өнгөрсөн өдрүүдэд Бат-Өлзий суманд хур бороо орж Улаан Цутгалан амь орж урсаж эхэлжээ. Одоогоор хүрхрээний ус бага бууж байна, дахин хур бороо орвол урьд жилүүдийнх шигээ урсах байх гэж нутгийн иргэд мэдээллээ. 24 метрийн өндрөөс буух Улаан Цутгалангийн хүрхрээг зуны дэлгэр цагт гадаад, дотоодын жуулчид ихээр зорьж очдог монгол орны үзэсгэлэнт газруудын нэг юм. Байгал цаг уурын өөрчлөлтөөс болж уг хүрхрээ жил бүрийн хавар тасарч хур бороо орсны дараа усаар тэжээгдэн дахин урсдаг үзэгдэл сүүлийн жилүүдэд давтагдаж байгаа.

Categories
мэдээ спорт

100 буудалт даамын насанд хүрэгчдийн УАШТ болно

Зуун буудалт даамын 2018 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-27-нд нийслэл хотноо МУИС Номын санд болно.

Энэ удаагийн тэмцээнд хагас шигшээ шатнаас шалгарсан эрэгтэй, эмэгтэй тус бүр 12 даамчин тойргийн журмаар өрсөлдөх юм. Шигшээ тэмцээнд өрсөлдөх эрх авсан тамирчид ирэх лхагва гараг (2018.6.20)-ийн 11.30-д МУИС-ийн Номын санд цугларахыг МДХ-ноос зарлажээ.

УАШТ-д оролцох эрх авсан тамирчдыг танилцуулахад, Эрэгтэйчүүдээс ОУИМ Д.Эрдэнэбилэг, Г.Ганжаргал, П.Лхагвасүрэн, Р.Манлай, Ц.Сүхбат, Л.Гансүх, Б.Мөнхжин, М.Шийравжамц, Д.Ганболд, Ц.Отгонбилэг, Э.Энх-Эрдэнэ, С.Даваадорж нар оюун ухаанаа уралдуулна.

Харин эмэгтэй даамчдаас Е.Ариунзаяа, Г.Хэрлэнмөрөн, М.Нямжаргал, Э.Мандахнаран, Б.Отгон-Эрдэнэ, Б.Есүй, Б.Мөнхжин, Б.Анужин, Г.Буяндэлгэр, Г.Энхтуяа, Б.Нандинцэцэг, Б.Мишээл нар улсын аваргын төлөө өрсөлдөнө.

Categories
мэдээ нийгэм

Хийжүүлсэн ундааны хэрэглээ сүүлийн 5 жилд 5 дахин өсчээ

Чихэрлэг, хийжүүлсэн ундааны татварыг 20 хувиар нэмэгдүүлэхэд 1 хүний хэрэглээ 22,8 литрээр буурна. Улсын төсөвт 97 тэрбум төгрөг төвлөрнө гэж АШИҮС-ийн судлаачид тооцоолол гаргажээ. Ингэснээр хүн амын дундах чихэрлэг, хийжүүлсэн ундааны хэрэглээг багасгаж чадах юм.

Хүн амын дундах хоол тэжээлийн 5-р судалгаанаас үзэхэд таргалалт 7-11 насныхны дунд 7 дахин нэмэгджээ. Насанд хүрэгчдийн дунд ч таргалалт, зүрх судасны өвчний тархалт түгээмэл байна. Иймээс ч би энэ төрлийн өвчлөлөөр дэлхийд дээгүүрт бичигджээ. Гэтэл Зүрх судасны өвчлөлийг анагаах оншолоход жилдээ 57 тэрбум төгррөгийг зарцуулдаг байна. Таргалалт, чихрийн шижин , зүрх судасны өвчлөлийг нэмэгдүүлэхэд нөлөөлөх хүчин зүйлсийн нэг болох хийжүүлсэн ундааны хэрэглээ сүүлийн 5 жилд 5 дахин өссөн учраас ийм зохицуулалт хийх шаардлагатай байгааг Эрүүл мэндийн яам онцолж байна

Судалгаагаар манай улсын хот суурин газар амьдарч байгаа 5 хүүхэд тутмын нэг нь хагас литр чихэрлэг ундааг өдөр бүр уудаг. Бусад хоол хүнснээс илүүтэйгээр чихэрлэг ундааны хэрэглээг бууруулах нь хүүхэд , өсвөр үеийнхнийг илүүдэл жин таргалалт, 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчнөөс сэргийлэх үр дүнтэй гэлээ. Иймээс татварын зохицуулалт хийх нь чухал гэдгийг судлаачид учирлаж байна

500 мл хийжүүлсэн ундаанд 12 цайны халбага элсэн чихэр, 240 ккал илчлэг агууллагддаг. Харин өдөр бүр 330 мл чихэрлэг ундаа уух нь хүүхдийн таргалах эрсдэлийг 2,8 дахин нэмэгдүүлдэг байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Пянзан “RED” альбом

1984 онд хамгийн сүүлийн Монгол уран бүтээлчдийн пянз ЗХУ-д хэвлэгдсэн гэдэг. Тэгвэл түүнээс хойш Монгол пянзны тэсрэлтийг “Лемонс”-чууд эхэллээ. Уг нь хэдэн жилийн өмнө “Хурд” хамтлаг алтан пянз гаргасан. Алтаар хийсэн өндөр үнэтэй пянзыг үнэнч фэнүүд нь эрэл сурал болж авдаг гэсэн.

2006 онд гарсан даруйдаа залуусын шүтээн болсон, “The Lemons” хамтлагийн анхны цомог “Red Album” бидний гар дээр пянз болж ирэх нь. Пянз хэвлэлтийн жишгээр тэд цомгийн мастерингийг дахин хийсэн байна. Хамтлагийн гитарчин А.Энхтулга “Red Album цомог зарагдаж дуусаад хэвлүүлээгүй их удсан болохоор пянзаар хэвлүүлэхээр шийдсэн. Хүмүүс бас их асуудаг гэсэн. Цомгийн дизайныг улаанаар хийж байгаа, гоё харагдах байх аа” хэмээв. Пянзаа 500 хувь хэвлэж 300-г нь худалдаанд гаргах аж.

Лемонс хамтлагийн хамгийн анхны хит “Хайртай” дуу “Рэд” цомогт байдаг. Энэ дууг пянзаар сонсох нь ээ. Монголын анхны панк рок “Мэлхий гүнж”, “Элэг бөөр” зэрэг сагсуу мэт боловч үнэн үгтэй дуунууд ч багтдаг. Өөр гоё гоё дуунууд ч байгаа.

Categories
мэдээ спорт

“Интер”-ийн герман гурвал. Зүүн гар талаас Л.Маттеус, Ю.Клинсманн, А.Бреме.

1990 онд Германы бүрэлдэхүүнд тоглон дэлхийн аварга болж байсан нэрт хөлбөмбөгч Андреас Бреме шигшээ баг нь Мексикт хожигдсоны дараа сэтгэгдлээ илэрхийлжээ. “Мексик үеийн үед л жирийн бус өрсөлдөгч байсаар ирсэн. Тиймээс тэдэнд хожигдсонд гайхаад байх юм алга. Мексикчүүд энэ ДАШТ-д дахиад ч шуугиан тарина гэдэгт итгэлтэй байна. Харин Германы хувьд, Швед БНСУ-тай хийх тоглолт гэхэд сэргэлт авч амжих байх. Тэднийг ч үнэлэхгүй байх аргагүй” хэмээн А.Бреме өгүүлжээ.

Categories
гадаад мэдээ

Японд хүчтэй газар хөдлөв

Өнөөдөр өглөө Японы баруун хэсэг, Осака мужийн нутагт 6.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсноос гурван хүн амь үрэгдэж, олон арван хүн бэртэж гэмтжээ.

Ид ачааллын үед нийтийн тээврийн сүлжээнд саатал гарч, эрчим хүч тасалдсан байна. Газар хөдлөлтийн төв цэг Осака мужийн хойд хэсэгт газрын гадаргаас 13 км гүнд байжээ.

Усан сангийн хана нурснаас Такацукид 9 настай охин дарагдаж амиа алдсан байна. Мөн ижил шалтгаанаар Осакагийн Хигашиёдогавад, Ибаракид тус тус 80 гаруй настай хоёр хүн амь үрэгджээ.

Осака, Хёго, Киото, Мие мужуудад олон арван хүн бэртэж гэмтсэн байна. 1923 онд газар хөдлөлтийг Японд бүртгэдэг болсноос хойш тус мужид гарсан хамгийн хүчтэй газар хөдлөлт энэ болсон байна.

60 гаруй хурдан галт тэрэгний аялал цуцлагдаж, зарим хурдны замууд хаагджээ. Канзай, Кобегийн нисэх буудлууд түр хаагдсаны дараа буцаад хэвийн ажиллаж эхэлсэн байна.

Осакагийн 108,000 айл өрхийн хийн хангамж тасалдсан бол мөн Осака болон хөрш Хёго мужийн 170,000 айл өрхийн цахилгаан тасарчээ.

Сүүлийн өдрүүдэд Японд цуврал газар хөдлөлтүүд үргэлжилж байгаа. Өнгөрсөн Бямба гарагт Токиогийн ойролцоо Чибад 4.5 магнитудын хөдлөлт, Ням гарагт Токиогийн хойд хэсэг, өмнөд Гунмад 4.6 магнитудын хөдлөлт тус тус болсон юм.