Categories
мэдээ нийгэм

Автозамын барилгын ажлын нээлт боллоо

Булган- Хишиг.Өндөр- Гурванбулаг чиглэлийн 133.7 км авто замын эхлэлийн 22 км хатуу хучилттай автозамын барилгын ажлын нээлтийн үйл ажиллагаа өчигдөр Булган аймагт боллоо.

Нээлтэнд ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Булган аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбат, засаг дарга З.Батзориг, ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Зам, ашиглалт засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ, “Эйч Кэ Би Интернэйшнл Холдинг” ХХК-ийн орлогч захирал Х.Мамбет болон орон нутгийн удирдлагууд иргэдийн төлөөлөл оролцлоо.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй энэхүү авто замын барилгын ажлын гүйцэтгэгчээр “Эйч Кэ Би Интернэйшнл Холдинг” ХХК, техник технологийн хяналтын зөвлөхөөр “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ тус тус ажиллаж байна. Гүйцэтгэгч компани нь барилгын ажлыг гүйцэтгэх 20.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий гэрээг Зам, тээврийн хөгжлийн яамтай 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан ба гэрээний дагуу 2019 оны 10 дугаар сарын нэгний өдөр бүрэн дуусгаж ашиглалтад оруулах бөгөөд өмнө нь Булган-Тариалан чиглэлийн авто замын барилгын ажлыг гүйцэтгэж байсан туршлагатай компани юм.

ЗТХЯамны зүгээс авто замын чанарт онцгойлон анхаарч ажиллаж байгаа бөгөөд энэхүү авто замыг чанартай гүйцэтгүүлэх талаар гүйцэтгэгч болон техник технологийн хяналтын зөвлөх байгууллагуудтай хамтран шаардлагатай арга хэмжээг авч хяналт тавин ажиллах юм.

Булган-Гурванбулаг-Хишиг-Өндөр чиглэлийн энэхүү авто зам ашиглалтад орсноор эдийн засгийн үр өгөөж бүхий аялал жуулчлалын гол зам болно гэдгээрээ иргэдийн хувьд олон жил хүлээсэн хөгжлийн зам гэж нэрлэж болно. Ийнхүү эхний 22 км замын барилгын ажил албан ёсоор өчигдөр эхэллээ, харин үлдсэн 111,7 км зам улсын төсөв болон цаг хугацаанаас шалтгаалан 2-3 жилийн дараа бүрэн ашиглалтанд орно гэсэн төлөвлөгөөтэй байгааг ЗТХ-ийн сайд хэлсэн үгэндээ онцоллоо.

Зам дагаж хөгжил ирнэ гэдэг сайхан билэгшээлээр нээлтээ хийсэн энэхүү үйл ажиллагаанд хот хөдөөгийн уран бүтээлчид ая дуугаа өргөж, булган нутгийн иргэд сүүн цацлаар ерөөл өргөн замынхнаа ажилд нь үдлээ.

Categories
мэдээ нийгэм

Наадмын тасалбарыг ирэх сарын 7-ноос борлуулна

Үндэсний их баяр наадмын тасалбарыг баярын өмнөх амралтын өдрүүдийг тааруулан нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвүүдээр дамжуулан худалдахаар болжээ. Тасалбарыг онлайнаар худалдах боломжгүй гэж баяр наадмыг зохион байгуулах хорооныхон үзсэн байна.

Үндэсний их баяр наадмыг Төв цэнгэлдэхэд үзэх тасалбар гурван төрлийн багцаас бүрдэнэ. Өөрөөр хэлбэл өнгөрсөн жилийн наадмын тасалбартай ижил наадмын нээлт, бөхийн барилдаан, наадмын хаалт гэсэн гурван төрөл байна. Тасалбарыг Дүнжингарав, Драгон, Мишээл, Зургаан буудлын Оргил төв дэх нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвүүдээр дамжуулан долоодугаар сарын 7-ноос борлуулах шийдвэрийг баяр наадам зохион байгуулах хорооноос гаргажээ.

Наадмын тасалбарын үнэ нэмэгдэхгүй 24 мянган төгрөг байх бөгөөд нэг хүнд хоёр л тасалбар борлуулах юм байна.

Categories
гадаад мэдээ

​Мексикчүүдийн баяр хөөр газар хөдлөхөд хүргэжээ

ОХУ-д болж буй хөлбөмбөгийн ДАШТ-ний F хэсгийн нээлтийн тоглолтын үеэр, 2014 оны дэлхийн аварга Германы багийг Мексикийн баг тамирчид түүхэндээ анх удаа 1-0-оор хожин үзэгчдийг гайхшрууллаа. Мексикийн нийслэлийг ч давхар доргиосон юм. Тухайлбал Мексик хотын газар хөдлөлт хэмжигч байгууллага (SIMSSA) мэдээлсэнээр 11 цаг 32 минутанд чичирхийлэл мэдрэгдсэн байна. Энэ ньМексикийн хөгжөөн дэмжигчид баярлаж дэвхцсэний улмаас “хиймэл газар хөдлөлт”-ийг бий болгосон ажээ. Мексикийн удаан хүлээсэн хожлыг авчирсан“Тахиа” хочот Лозано тоглолтын 35 минутанд гоол оруулж ДАШТ-ий шинэ түүхийг бичсэн юм.

Дашрамд дурдахад 17-нд болсон С хэсгийн Перугийн эсрэг Денмаркийн тоглолтын үеэр Перугийн шигшээ баг торгуулийн цохилт авах үед тус улсад мөн чичирхийлэл мэдрэгджээ.

Ц.Уранболор

Хан-Мөнх

Categories
мэдээ улс-төр

Лаос улс Монголоос хонины мах импортлохыг сонирхож байна

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Лаосын бүлгийн дарга Ё.Баатарбилэг өнөөдөр (2018.06.18) манай улсад ажлын айлчлал хийж байгаа БНАЛАУ-ын Үндэсний Асссамблейн гишүүн, Хөдөө аж ахуйн орлогч сайд, Үндэсний Асссамблей дахь Лаос-Монголын парламентын бүлгийн орлогч дарга Бунг Куанг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Улсын Их Хурал дахь Монгол-Лаосын бүлгийн дарга Ё.Баатарбилэг парламент дахь найрамдлын бүлгүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлснээр хоёр орны нийгэм, соёл, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байгаагаа хэлсэн. Түүнчлэн, эрүүл мэнд, аялал жуулчлалын салбарт хамтарч ажиллахад таатай байгаагаа илэрхийлээд олон жил ярьж буй Монгол Улсад Лаосын дэмжлэгээр цагаан будаа тариалах, импортлох асуудлыг ажил болгож явах талаар онцлон тэмдэглэлээ. Цаашид парламент хоорондын харилцааг хөгжүүлэх төслүүдийг хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа мөн илэрхийлэв. Энэ үеэр БНАЛАУ-ын Үндэсний Асссамблейн гишүүн, Хөдөө аж ахуйн орлогч сайд, Үндэсний Асссамблей дахь Лаос-Монголын парламентын бүлгийн орлогч дарга Бунг Куанг Монголоос Лаос руу хонины хөлдөөсөн мах экспортлох асуудал айчлалын үеэр ажил хэрэг болж байгааг тэмдэглээд химийн бордоогоор бордоогүй цэвэр цагаан будааг удахгүй Монголд нийлүүлэх бололцоо бүрдэнэ гэж бодож байна хэмээлээ. Уулзалтаар парламентын бүлгүүд хамтарч ажилласнаар хоёр улсын парламентын харилцааг улам өргөжүүлэхэд хичээж ажиллахад санал нэгдэв. Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Лаосын бүлгийн гишүүн Б.Ундармаа, Г.Мөнхцэцэг, А.Сүхбат, Н.Оюундарь нар байлцаж, санал бодлоо илэрхийлсэн. Мөн уулзалтад БНАЛАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Сиалунгон Сэнг-Үнтон байлцлаа. БНАЛАУ-ын Үндэсний Асссамблейн гишүүн, Хөдөө аж ахуйн орлогч сайд Бунг Куанг тэргүүтэй төлөөлөгчид манай улсад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны урилгаар ажлын айлчлал хийж буй юм байна.

Categories
мэдээ нийгэм

​Худалдаа эрхлэгчдийн дарамт өдөр ирэх тусам өсөж байна гэв

Монгол худалдаачдын холбоо, ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо хамтран худалдаа наймаа эрхэлдэг иргэдийн эрх зөрчигдөж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

“Худалдаа эрхлэгчдэд тулгарч байгаа нэн тулгамдсан асуудал бол ТҮЦ ачилт. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Су.Батболд зөвшөөрөлгүй нийтийн эзэмшлийн талбайд тавьсан ТҮЦ-ийг ачна гэж ярьж байгаа. Зөвшөөрлийг нь түтгэлзүүлчихээд, энэ талаараа иргэдэд тайлбар өгдөггүй” хэмээн Монгол худалдаачдын холбооны тэргүүн З.Пунцалдулам хэлэв.

Монголын худалдаачдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Н.Энхцэцэг ярихдаа “Төр иргэнийхээ өмнө нийгэм, эдийн засаг, хууль зүйн болон бусад баталгааг хангах үүрэгтэй. Гэтэл төр үүргээ гүйцэтгэхгүй байна. Худалдаа эрхлэгчдийн дарамт өдөр ирэх тусам өсөж байна. Ажиллаж, амьдрах гэж хичээж байгаа иргэдээ битгий дарамтлаач. Үндсэн хуульд хүн бүхэн адил тэгш эрхтэй гэж заасан байдаг. Амжиргааны түвшин доогуур иргэдэд хууль, шүүх хатуу үйлчилж байна” гэв.

Мөн Худалдаа, үйлчилгээний нийтлэг журам батлагдах хүртэл нийслэлийн хэмжээнд ТҮЦ ачихгүй гэсэн боловч ачаад явчихсан талаар худалдаа эрхлэгч иргэд хэлж байв.

Тэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, НИТХ-ын дарга О.Амарсайхан, НИТХ-ын төлөөлөгч нарт ил захидал илгээжээ.

Уг захидалд “Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам”-ыг батлахаас өмнө худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн эрхийг хамгаалах, тэднийг дэмжих талаар журманд тусгаж өгөхийг хүссэн байна. Мөн нээлттэй санал асуулгыг зохион байгуулах хүсэлтийг гаргаж байгаа аж.

Д.ХУЛАН


Categories
мэдээ нийгэм

Орон нутагт газ түгээх станцтай боллоо

“Ундарга-Увс” компани Увс аймагт анх удаагаа “Ундарга газ” шатахуун түгээх станцыг ашиглалтад оруулж, нээлтээ өчигдөр хийлээ. Энэ үеэр газын автомашин хэрэглэгч үйлчлүүлэгч нартаа урамшуулал олгосон юм.

“Авто газ нь бензинтэй харьцуулахад дунджаар 20-30 хувь хямд үнэтэй тул литр тутамд 500-600 төгрөг хэмнэх боломжтой. Мөн бүрэн шаталт явагддаг учир таны автомашины эд анги, тоног төхөөрөмж, моторын эдэлгээг уртасгаж хүчин чадлыг нэмэгдүүлдэг. Түүнчлэн, бензин хөдөлгүүртэй нэг автомашин 1 минутын дотор 1500-2500 литр агаарыг бохирдуулдаг. Иймд та газын автомашиныг хэрэглээндээ нэвтрүүлснээр ялгарах хорт бодисын хэмжээг 65 хувиар бууруулдаг зэрэг ач холбогдолтой. Сүүлийн жилүүдэд иргэдийн газын автошины хэрэглээ нэмэгдэж байгаа энэ цаг үед “Ундарга-Увс” компаниас газын ШТС-ыг ашиглалтад оруулсан нь өндөр ач холбогдолтой ажил боллоо” хэмээн тус компанийн менежер Я.Шижирболд хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Гэр хорооллын дахин төлөвлөлт яагаад хоёр жил зогссон талаар асуулга тавьжээ

Нийслэлийн хүн амын 56.7 хувь нь гэр хороололд амьдарч байгаа өнөө үед “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийг шийдвэрлэхгүйгээр хотын хөгжлийн талаар хөндөх боломжгүй. Хотын иргэд, оршин суугчдын хамгийн их хүсэн хүлээсэн уг асуудлыг шийдвэрлэхээр тодорхой төсөв, төлөвлөгөөт ажлуудыг хийж эхэлсэн боловч сүүлийн хоёр жил ямар ажил явагдаж байгаа нь тодорхойгүй байгаа.

Үүнтэй холбогдуулан НИТХ дахь АН-ын бүлэг Нийслэлийн Засаг даргад асуулга тавьж, энэ сарын НИТХ-ын хуралдаан дээр хариуг сонсохыг хүссэн байна.

Үүнд зургаан асуулт тавьжээ.

  • Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 10/38 тоот тогтоолоор Нийслэл хотыг нэг төвөөс олон төвт хот болгон хөгжүүлэхээр дэд төвүүдийн байршлыг тогтоох шийдвэр гаргаж, бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Эдгээрээс эхний ээлжинд хийгдэх Сэлбэ, Баянхошуу дэд төвийн дэд бүтэц, Яармаг, Дамбадаржаа, Дэнжийн мянга дэд төвийн ажил өнөөдөр ямар шатанд явж байна вэ?
  • Нийслэлийн Засаг дарга 2018 оны 01 дүгээр сарын 22-ний өдөр гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчидтэй уулзаж, 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө тайлангуудыг авч дүгнэн, ажлыг эрчимжүүлэхээр болсон байна. Тэдгээр компаниудын өмнө тулгамдсан ямар асуудлыг хэрхэн шийдвэрлэж, ямар дэмжлэг үзүүлж ажилласан бэ?
  • Нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгчдийн 2016/06/10-ны өдрийн 120 дугаар тогтоолоор баталсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн орон сууцны барилгын санхүүжилтийг зарцуулах журам”-ыг яагаад хэрэгжүүлэхгүй байгаа вэ? Барилгын ажил дуусах шатандаа яваа / гүйцэтгэл 90 хувиас дээш/ дахин төлөвлөлтийн ажилд зориулж 20 тэрбум төгрөгийг тусгасныг яагаад цуцалсан бэ?
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх “Аз жаргалтай хот” үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.3.2—т “Дагуул болон хаяа хот, тосгон, дэд төвүүд, шинэ суурьшлын бүсийг цогцоор нь хөгжүүлж, орлогод нийцсэн орон сууц, түрээсийн орон сууцыг хөгжүүлэх, залуучууд, залуу гэр бүлийг орон сууцжуулах, ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ” гэж тусгажээ. Энэ зорилтын хүрээнд ямар үр дүн гарсан бэ?
  • Мөн үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.3.5-д “Гэр хорооллыг шинэ үзэл баримтлалын дагуу хөгжүүлж, иргэдэд боломжийн өртөгтэй орон сууцтай болох “Зөв шийдэлтэй” дахин төлөвлөлтийг системтэйгээр хийнэ” гэж тусгасан байна. Энэ хүрээнд зөв шийдэлтэй дахин төлөвлөлтийн ажил эхэлсэн үү, иргэд төлбөрийн чадварт нийцсэн өртөгтэй орон сууцтай болж чадсан уу?
  • Үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.3.6-д “Газар шинэчлэн зохион байгуулах төслийг хэрэгжүүлж, инженерийн шугам сүлжээнд холбогдсон, тохилог орон сууц барих ажлыг дэмжинэ” гэж заасан байна. Уг зорилтын дагуу хичнээн орон сууц баригдаад байна вэ, ямар дэмжлэг үзүүлсэн бэ?
Categories
мэдээ улс-төр

Чита хотын даргыг хүлээн авч уулзлаа

Улаанбаатар хотноо чуулж буй Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ОХУ-ын Чита хотын дарга Кузнецов Олег Васильевичийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр хотын хамтын ажиллагаа, цаашид аль аль салбарт хамтран хэрэгжүүлэх боломж байгаа талаар санал солилцов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Бидний урилгыг хүлээн авч Улаанбаатар хотноо зохион байгуулж буй Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумд оролцож, Чита хотын агаарын бохирдлын асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа арга замуудыг танилцуулж, туршлагаасаа хуваалцаж байгаад талархлаа илэрхийлье” хэмээв. Мөн тэрбээр “Манай хоёр улс, ард түмэн, хотууд нь дэлхийд ховор нандин харилцаа, хамтын ажиллагааны түүхтэй. Энэхүү харилцааг Улаанбаатар Чита хотууд үргэлжлүүлж, нийгэм эдийн засаг, соёл урлаг, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хотын удирдлагууд анхаарч ажиллах нь зүйтэй болов уу. 2014 оноос хоёр улсын иргэд харилцан визгүй зорчих болсон нь ААН, байгууллага хоорондын харилцаа идэвхижиж, аялал жуулчлал, харилцан айлчлалын тоо нэмэгдсээр байна. Үүнийг амжилттай хөгжүүлэхэд манай хоёр хотын удирдлагуудын оролцоо чухал үүрэгтэй билээ. Түүнчлэн Улаанбаатар хот нь харилцаа холбоотой ажилладаг хотуудтай сурагч солилцооны хөтөлбөрийг уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ чиглэлээр хамтран ажиллах үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжтой юм” хэмээв.

Чита хотын дарга О.В.Кузнецов “Таны хэлсэн саналууд дээр хамтран ажиллах бүрэн боломжтой. Таныг хотын даргаар ажиллаж байгаа энэ цаг үед манай хоёр хотын харилцаа, хамтын ажиллагаанд ахиц, дэвшил гарна гэдэгт итгэлтэй байна. Ингэхийн тулд манай хоёр хот харилцан хамтын ажиллагааны гэрээг үзэглэх хэрэгтэй байх. Сурагч солилцооны хөтөлбөрийн хувьд бүрэн боломжтой. Манай хотын их дээд сургуулиудад ч Монгол оюутнууд ихээр суралцдаг” хэмээн хэллээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Газрын тос боловсруулах үйлдвэрийн шавь тавих ёслол болно

Дорнод аймагт Газрын тос боловсруулах үйлдвэр барихаар шавь тавих ёслол энэ сарын 22-нд болно.

Энэ арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд болон бусад албаныхан, Энэтхэг улсын төлөөлөл оролцох юм байна.

Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн жил дотоодын түүхий эдэд түшиглэн газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулж, эдийн засгийг түлш шатахуунаар хангах, нефть-химийн үйлдвэрийн суурийг бий болгох зорилгоор “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийг байгуулсан.

Тосны олборлолтын хэмжээнд нийцүүлэн жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг түүхий тос дамжуулах хоолойн хамт байгуулахаар төлөвлөж байгаа юм.

Нээлтийн дараа 18 км салаа төмөр зам, авто зам болон бусад дэд бүтцийг үе шаттай хийхээр төлөвлөжээ. Үйлдвэрийг 2022 оны сүүлээр ашиглалтад оруулахаар ажиллаж эхэлсэн байна. Үйлдвэрийг Энэтхэг улсын нэг тэрбум ам.долларын урт хугацааны санхүүжилтээр барихаар тохиролцоод буй.

Categories
мэдээ нийгэм

Сум зургаан сая төгрөгийн нөөцтэй, энэ нь хаанаа ч хүрдэггүй

УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ үерийн улмаас гамшгийн нөхцөл үүсээд буй Булган аймгийн Хутаг-Өндөр суманд ажиллаж сэргээн босгох ажилд нэн шаардлагатай байгаа дэмжлэгийг үзүүлжээ.

Нөхцөл байдлыг тодруулбал тус сумын 1-р багийн төвд 2018 оны 06 дугаар сарын 14 –ны орой 20 цаг 18 минутаас эхлэн 20 цаг 48 минутын хооронд хүчтэй аадар бороо орж үер буусны улмаас 128 өрхийн 397 хүн өртөж, 1 хүүхдийн амь нас хохирч, 67 айлын хашаа, 18 гэр, өвлийн сууцны байшин 4, зуны байшин 17 үерт урсаж эвдэрч сүйрчээ. Мөн хоёр өрхийн 388 бог мал, үхэр 2, нийт 390 малын сэгзэмийг устгалд оруулан булшилсан байна.

Бүх айлын бохир дүүрч хальсан нь халдвар тархах, өвчний голомт үүсгэх магадлалтай тул халдваргүйтгэл ариутгалын бодис их хэмжээгээр шаардлагатай байна.

Өчигдрийн байдлаар гудамж талбайг чөлөөлөн зам гаргах, сэргээн босгох, лаг шавар, эвдэрч сүйдсэн барилга байшин, хог хаягдлыг зөөж цэвэрлэх ажлууд хийгдэж байгаа бөгөөд хохирлын хэмжээ урьдчилсан байдлаар 86 өрх, 6 төрийн байгууллагад нийтдээ 368,038,500 төгрөгийн хохирол учраад байгааг сумын засаг дарга П.Итгэлбаяр энэ үеэр танилцууллаа.

Сумын хувьд зургаан сая төгрөгийн нөөцтэй, энэ нь хаанаа ч хүрэхгүй тул бензин шатахуунаа зээлээр авч сэргээн босголтын ажлыг явуулж байна. Хохирлын хэмжээ эцэслэн тогтоогдоогүй байна гэдгийг энэ үеэр онцолж байлаа.

УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ Хутаг-Өндөр суманд ажиллах үеэрээ үерт урсаж амь гарсан иргэд, тэдний гэр бүлтэй уулзан эмгэнэл илэрхийлж, сэтгэлийн дэм өгчээ.

Мөн тэрээр шаардлагатай байгаа зарим техник хэрэгслийг сэргээн босгох ажилд туслуулахаар Орхон АЗЗА-тай ярьж тохирон замд гаргасан бөгөөд аймаг, сум орон нутгийн удирдлагууд, мөн тухайн нөхцөл байдалд тусламж үзүүлэн ажиллаж буй Булган АЗЗА компаний удирдлагатай цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож,үүрэг чиглэл өгсөн байна.