Categories
мэдээ нийгэм

Усчин аврагчдын дадлага сургалт болов

Усчин аврагчдын бэлтгэл бэлэн байдлыг хангах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор НОБГ-ын харьяа Нийслэлийн аврах анги-105-аас “Урсгал усанд эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт дадлага сургуулийг Гачуурт тосгон, Туул голын Хар усан тохойд зохион байгууллаа.

Дадлага cургуульд нийслэлийн Аврах анги-105, Гал түймэр унтраах, аврах ангийн 60 орчим алба хаагч оролцсон юм.

Аврагчид дадлага, сургуулиар уснаас аврах ажиллагаа явуулахад ашиглагдах багаж хэрэгслийг хэрэглэх заавар, гүний шумбалт, завь жолоодох болон иргэдийг тээвэрлэх зэрэг сургалт, дадлагыг хийж, мэргэжлийн ур чадвараа бататгалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Орчин цагийн Дэнзэн Засгийн газарт дахин мэндэлжээ

Монгол Улсын Төрийн алба ялангуяа Засгийн газрын гал тогоог барьж байгаа Хэрэг эрхлэх газар олны анхаарал татсан томилгоог 2018 оны эхээр нууцаар хийсэн нь хэвлэл мэдээллийнхний анхааралд өртөөд байна.

Төрийн албыг даргын цүнх барьж хийдэг гэдгийн сонгодог жишээ нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Бат-Эрдэнэ хэмээх азтай, зальтай, ахын сайн дүү залуу тодорлоо.

Өөрөөр хэлбэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинэ цагийн Дэнзэнг өөрөө тодруулсан байна. Ерөнхий сайд хуулийг чанд баримтлах хатуу зарчмаар ажиллана гэдгээ ард түмэндээ зарласан цаг саяхан, ард түмэн ч мартаагүй байна. Гэвч тэрээр хүслээ биелүүлмэгц Хувилгаан тодруулдаг Богд болон хувираад байна.

Ямар ид шидээр “шинэ Дэнзэн” тодров гэдгийг хуулийн байгууллага, ард түмний сонорт хүргэхийг хичээе.

Юуны ӨМНӨ ШИНЭ Дэнзэнгийн өмнө ажиллаж байгаад тодорхойгүй шалтгаанаар Богдын таалалд нийцээгүй Төрийн жинхэнэ албан хаагч ямар шалгуураар ажиллаж байсаныг сонирхуулья.

Өмнөх Засгийн газрын Хэрэг эрхпэх газрын дэд дарга асан Б.Даажамба нь Сангийн яаманд мэргэжилтнээс газрын дарга хүртэл арав гаруй жил ажилласан, ИБУИНВУ-д суугаа ЭСЯ-нд зөвлөх, Санхүүгийн зохицуулах хорооны дэд даргааар ажиллаж байгаад дээрх шалгуурт нийцэж байсан тул нэр хүндтэй, төрийн ендөр албан тушаалд томилогдонажиллажбайсан. Гэвч Богдын таалалд нийцээгүй тул ажлаа өгчээ.

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 35 дугаар зүйлийн 35.1.6 болон Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Тсрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам’’-ын 14-ийн “б”-д заасныг тус тус баримталж, төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах комиссын дүгнэлтүүдийг үндэслэн Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж, Монгол Улсын Засгийн газарт санал болгох тухай Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн тогтоол гардаг юм байна.

За тэгвэл Шинэ цагийн Дэнзэнгээр тодроод байгаа Б.Бат-Эрдэнийн мэргэжил, төрийн албанд ажилласан жилийг авч үзье.

Шинэ цагийн Дэнзэнг тодруулсаныг хамгийн ихээр эсэргүүцэн тэмцэж байгаа газар нь Монгол Улсын Төрийн албаны зөвлөл гэх мэдээлэл байгаа бөгөөд даан ч Хэвлэлээр байлдахгүй нь харамсалтай. Наанаа инээвч цаанаа уйлав гэдгийг үлгэр Төрийн албаны зөвлөлд тулаад байгаа сурагтай.

Төрийн албаны зөвлөлөөс Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд дарга гэдэг Төрийн өндөр албан тушаалд шинэ Дэнзэнг баталгаажуулахгүй гэж гэдийн 5 удаа хууль зөрчсөн томилгоогоо зогсоохыг Еренхий сайдад сануулсан байна. Гэвч буруу дуулахгүй бол буцахгүй гэдгээр Шинэ Дэнзэн, Богд ахын нэрийг барин Төрийн албаны зөвлөлийг дарамталж яваа сурагтай. Төрийн албаны зөвлөлийн байгаагаараа байхыг л харах үлдлээ дээ.

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн Дэд дарга асан Ш.Солонгыг Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр дэмшүүлэн томилсон нь цаанаа учир жанцантай болж таарах нь, Монгол Улсын Төрийн албаны урдаа барьдаг хуульч шинэ Дэнзэнг тодруулахад ихэд уурлан Ажлын байрны тодорхойлолтыг нь шинэ Дэнзэнд тааруулан засч өгөөгүй сурагтай.

Харин чоно борооноор гэгчээр Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Засгийн газрын гишүүн Г.Зандан шатар Дэд даргынхаа ажлын байрны тодорхойлолтыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ажиллаж байгаа мэргэжилтнүүдээс дордуулан Төрийн албаны зөвлөлд мөн хүргүүлээд байгаа гэнэ.

2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Төрийн албаны шинэ хуулиар тухайн байгууллагын чиг үүрэгт хууль тогтоомжоор өөрчлөлт орсноос бусад тохиолдолд албан тушаалын тусгай шаардлага болон албан тушаалын тодорхойлолтод өөрчлөлт оруулахыг хориглосон бөгөөд батлах эрхийг нь Төрийн албаны зөвлөлд өгсөн байна.

Энэ хуулийг хэрэгжиж эхлээс өмнө шинэ цагийн Дэнзэнгүүд Төрийн өндөр албан тушаалд жургалахаар оролдож байгааг энэ 6 сарын хугацаанд хууль хяналтын байгууллага анхааралдаа авахыг хүсч байна. АТГ-ыг шинэ Дэнзэнг ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг мөн шалгасан байх гэж найдахаас даа.

Шинэ цагиин цээж баян Шинэ Дэнзэн 2020 онд Эрдэнэтээс сонгогдсон мэтээр сайрхаж байгаа нь хуучин Дэнзэнгийнтүүхийгсанагдуулж байна. Хуучин Дэнзэн УИХ-ын гишүүн болсон мэтээр цээжээ дэлдэж явсан цаг саяханыг бид мартаагүй.

Шинэ Дэнзэн айсуй цаана чинь.

Ардтүмэн Шинэ Дэнзэнгхараад ширээнийхээ бүтээлгийг солилдог цаг аль хэдийнээ ард хоцорсон шүү.

ТӨРИЙН АЛБАТҮВШИН, ТҮМЭН ОЛОН, ТӨРИЙН АЛБЫГ БУЖИГНУУЛАХГҮЙ БАЙХ БОЛТУГАЙ.

ШИНЭ ЦАГИЙН ДЭНЗЭНГҮҮДТЭЙ ТЭМЦЭХИЙН ОРОНД ШИНЭЭР ТӨРҮҮЛЭЭД БАЙГАА ЧИНЬ ШУДАРГА ЁС МӨН ҮҮ ЕРӨНХИЙ САЙДАА.

ТА ӨӨРӨӨ ХУУЛЬ ЁС, ШУДАРГА ЖУРМЫГ САХИХТҮН.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газраас дөрвөн хуулийн төсөл өргөн барив

Монгол Улсын Засгийн газраас санаачилсан “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.

Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал ашиглалтад орсноор зээлийн хөрөнгөөр баригдсан нисэх буудлын ашиглалтыг сайжруулахын тулд агаарын харилцааг либералчлах шаардлага зүй ёсоор гарч ирж байгаа бөгөөд энэ нь Монгол Улсын Засгийн газрын хүлээх үүрэг юм.

Агаарын харилцааны үе шаттай либералчлалын бодлогыг хэрэгжүүлэх, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн агаарын тээврийн үйлчилгээг тэлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, олон улсын нислэгийн үнэ, тарифыг бууруулахад чиглэсэн бодлогын шийдвэр гарган хэрэгжүүлэх зорилгоор дээрх бодлогод өөрчлөлт оруулах тогтоолын төслийг боловсруулжээ.

“Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын 3.8, 3.9 дэх заалтыг “Агаарын харилцаанд чөлөөт өрсөлдөөнийг дэмжиж, нислэгийн давтамжийг суудлын багтаамжтай уялдуулан үе шаттай нэмэгдүүлэх зарчмаар олон улсын нислэгийн шугамыг хуваарилах, агаарын тээврийг эдийн засгийн хувьд зохицуулах чиглэл баримтлах”, “Гадаад улсаас Монгол Улс руу хуваарьт нислэг үйлдэх тээвэрлэгчийн тухайд үндэсний компанийн өрсөлдөх чадварыг харгалзан, ижил тэнцүү орчинд өрсөлдөх бодлого баримтлах”-аар өөрчлөн найруулахаар тусгасан байна.

УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ мөн Монгол Улсын Засгийн газраас санаачилсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барьсан юм.

Манай орны эдийн засагт уул уурхайн салбарын оролцоо өндөр боловч экспортын зах зээлд үнийн ба үнийн бус хүчин зүйлсээс шалтгаалан өрсөлдөх чадвар төдийлэн сайн биш байна. Үүний нэг том шалтгаан нь Монгол Улс далайд гарцгүй, дэд бүтэц, тэр дундаа төмөр замын сүлжээ, нэвтрүүлэх чадвар сул байгаагаас үүдэж байгаа юм.

Иймд төмрийн хүдэр, нүүрсний болон бусад эрдэс баялгийн экспортыг дэмжих, төмөр замын дэд бүтцийн сүлжээг өргөтгөх зорилгоор Дорноговь аймгийн Зүүнбаян өртөөнөөс хилийн Ханги боомт хүртэл, Эрдэнэт өртөөнөөс Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Овоотын нүүрсний орд газар, цаашлаад хилийн Арцсуурь боомт хүртэлх шинэ чиглэлийн төмөр замын төслүүдийг “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д тусгахаар Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам баригдсанаар БНХАУ-ын ӨМӨЗО-ны аж үйлдвэрийн төв болох Бугат хот руу нийлүүлэх Монгол Улсын экспортын түүхий эд, бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар, бараа эргэлт, төмрийн хүдэр, зэсийн баяжмалын экспортын нэгжээс олох орлого нэмэгдэж, өртөг зардал буурснаар Монгол Улсын эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулах шинэ чиглэлийн төмөр зам болно гэж төслийн танилцуулгад дурдсан байна.

Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор Хөвсгөл, Булган, Орхон аймгийн ашигт малтмалын орд газруудын бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, үр өгөөжийг нь дээшлүүлэх, тухайн бүс нутгийн худалдааны тээврийг хөнгөвчилснөөр Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд томоохон түлхэц болох ажээ.

Мөн өдөр УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.

Танилцуулгад улсын төсвийн 31 ерөнхийлөн захирагчийн 1646 төсөвт байгууллага, нийслэл, дүүргүүд болон 21 аймгийн 5058 төсөвт байгууллагууд, Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сан болон Нийгмийн даатгалын сангуудын төсвийн гүйцэтгэл хамрагдсан байна. Түүнчлэн төсвийн тухай хуулийн дагуу төсвийн гүйцэтгэлийн тайланд татварын зарлагын тайлан, худалдан авсан ажил үйлчилгээний тайлан, хөтөлбөр арга хэмжээнд зарцуулсан төсөв, үр дүнгийн танилцуулга, нэмэлт төсвийн гүйцэтгэл зэргийг нэгтгэн ирүүлжээ.

Нэгдсэн төсвийн гүйцэтгэл:

Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн орлогын гүйцэтгэл 7.3 их наяд төгрөгт хүрч, төлөвлөснөөс 591.1 тэрбум төгрөгөөр давж, нэгдсэн төсвийн зарлага 9.0 их наяд төгрөгт хүрч, төлөвлөснөөс 477.1 тэрбум төгрөгөөр дутуу гүйцэтгэлтэй байна. Нэгдсэн төсвийн тэнцэл 1 их наяд 742.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, Дотоодын нийт бүтээгдэхүүн1 – ний 6.4 хувьтай тэнцэж байна.

Улсын төсвийн гүйцэтгэл:

Монгол Улсын 2017 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 5.2 их наяд төгрөгт хүрч, төлөвлөснөөс 446.4 тэрбум төгрөгөөр буюу 9.4 хувиар давж, улсын төсвийн зарлага 7.1 их наяд төгрөгт хүрч, төлөвлөснөөс 281.0 тэрбум төгрөгөөр буюу 3.8 хувиар бага байна.

Тогтворжуулалтын сан:

Зэсийн зах зээлийн үнийн гүйцэтгэл 2017 оны турш тэнцвэржүүлсэн үнээс дээгүүр байсан тул Төсвийн тогтворжуулалтын санд 325.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна.

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын Засгийн газраас санаачилсан Олон улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэх тухай 1907 оны конвенцийг соёрхон батлах тухай хуулийн төслийг мөн өргөн барилаа.

Танилцуулгад дурдсанаар Нидерланд Улсын Гаага хотноо байрладаг олон улсын маргаан шийдвэрлэдэг Засгийн газар хоорондын байгууллага болох Арбитрын байнгын шүүхэд одоогоор 121 улс гишүүнээр элсжээ.

Арбитрын байнгын шүүхийн Олон улсын товчоо нь гишүүн улсуудтайгаа хамтран олон улсын арбитр болон маргаан шийдвэрлэх чиглэлээр төрийн албан хаагч, хуульч болон бусад мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулж, тухайн орнуудад хөрөнгө оруулалтын орчин, хууль тогтоомжийг боловсронгуй болгоход туслалцаа дэмжлэг үзүүлдэг тул Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, гадаад худалдаа өргөжиж байгаа өнөө үед аливаа маргааныг хямд өртгөөр зохицуулах арбитрын байнгын шүүхийн гишүүнээр элсэх нь зүйтэй гэж Монгол Улсын Засгийн газар үзсэн байна.

Тиймээс Олон улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэх тухай Гаагийн 1899 оны конвенцийг соёрхон батлах тухай асуудлыг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхээр уг төслийг өргөн мэдүүлжээ.

Categories
мэдээ улс-төр

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийг хэлэлцэнэ

УИХ-ын гурван байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.

Тухайлбал, 10.00 цагт болох Төсвийн байнгын хорооны хуралдаанаар “Монгол, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төсөл, “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийн хэлэлцэнэ. Мөн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Хүнсний тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай, Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай, Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Мөн Мал аж ахуй болон тариалангийн бүс нутгийн ган, хуурайшилтын нөхцөл байдал, малыг цаг агаарын гэнэтийн аюулаас хамгаалах бодлогын талаарх ХХААХҮ-ийн сайдын мэдээллийг сонсохоор төлөвлөжээ.

Харин үдээс хойш буюу 14.00 цагт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо Боловсролын тухай, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай, Нийгмийн даатгалын тухай, Нийгмийн халамжийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товложээ. Мөн Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах ажлын хэсэг,Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, санал дүгнэлт гаргах ажлын хэсгийн тайланг сонсох аж.

Categories
мэдээ нийгэм

Сороптимист холбооны төлөөлөгчид боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийнэ

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Японы Кансай мужийн Сороптимист холбооны ерөнхийлөгч, Анагаахын их сургуулийн ТУЗ-ийн гишүүн Эгава Такако тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Дэлхийн 122 орны 75 мянган гишүүнтэй Сороптимист холбооны гишүүдтэй уулзсандаа баяртай байгаагаа салбарын сайд уулзалтын эхэнд хэлээд, Монгол Улсын боловсролын салбарын хөгжилд анхаарал хандуулж, хөрөнгө оруулалт хийхээр эрэлхийлж байгаа явдалд талархаж буйгаа илэрхийлэв.

Японы Кансай мужийн Сороптимист холбооны төлөөлөгчид боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийх зайлшгүй шаардлагатай, ялангуяа өнчин, нэн ядуу, эмзэг бүлгийн хүүхдэд чиглэсэн тодорхой ажил хэрэгжүүлэх саналтай буйгаа салбарын сайдад уламжиллаа.

Тэдний энэхүү хүсэлтэд салбарын сайд хариулахдаа, “Хүнд нөхцөлд амьдарч байгаа зорилтот бүлгийн буюу хөгжлийн бэрхшээлтэй болон эцэг эхийн хараа хяналтгүй хүүхдүүдэд туслах та бүхний санаачилгыг яамны зүгээс бүрэн дүүрэн дэмжиж ажиллана. Монгол Улсад 100 орчим мянган иргэн хөгжлийн бэрхшээлтэй байгаагаас 10 мянга орчим нь хүүхэд. Эдгээр хүүхдэд туслахын зэрэгцээ тэдэнтэй ажилладаг багш нарт мөн дэмжлэг, туслалцаа үзүүлж, Япон улсын туршлагаас судлах, суралцах чиглэлд хамтран ажиллаж болно. Мөн 380 хүүхэд суралцаж буй сонсголын бэрхшээлтэй хүүхдийн сургуульд төдий тооны сонсголын аппарат хандив, тусламжаар өгөх гарц хайж буйгаа дуулгая. Басхүү харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн уншдаг брайль номын хүрэлцээ дутмаг, элэгдэлд орсон нь тэмтэрч уншихад хүндрэлтэй болсон тул дахин хэвлэх шаардлага тулгарч байгаа. Тиймээс ном хэвлэх машин нийлүүлэх туслалцаа бидэнд юу юунаас илүү хэрэгтэй байна. Та бүхэн магадгүй энэ чиглэлд хөрөнгө мөнгөний дэмжлэг, туслалцаа үзүүлж болох юм” гэв. Сороптимист холбооны төлөөлөгчид салбарын сайдын санал болгосон дээрх ажлуудыг юун түрүүнд нутагтаа буцан очиж, хэлэлцээд бүхий л талаар дэмжиж болох гарц, шийдэл хайна гэдгээ илэрхийллээ.

Дашрамд мэдээлэхэд, Сороптимист байгууллага нь 1921 онд АНУ-ын Калифорний мужийн Окленд хотод байгуулагдсан. Байгууллагын нэрийг Латин хэлнээс орчуулахад “Сайн бүхнийг эмэгтэйчүүдэд” гэсэн утгатай. Олон улсын статустай болсон сайн дурын дөрвөн холбооны нэг Сороптимистудын зорилго нь эмэгтэйчүүд, охидод хүсэл, мөрөөдлөө биелүүлэх бүрэн боломжийг олгох, тэдний хүсэл эрмэлзлийг дэмжихэд оршино. Кансай мужийн Сороптимист холбоо нь хоёр жилийн өмнөөс боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийж эхэлсэн юм.

Categories
мэдээ спорт

Н.Эрхэмбаяр дэлхийн аварга боллоо

ОХУ-ын Владимир хотноо сонсголын бэрхшээлтэй иргэдийн буюу дифлимпийн бөхийн төрлүүдийн ДАШТ энэ сарын 12-18-нд болж, манай залуу тамирчин Н.Эрхэмбаяр дэлхийн аваргын алтан медаль хүртлээ.

Сүүлийн өдөр буюу даваа гарагт чөлөөт бөхийн залуучуудын 61 кг-д “Самсун-2017” дифлимпийн наадмын мөнгөн медальт, 2016 оны өсвөр үеийн дэлхийн аварга, Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн” дэвжээний тамирчин Н.Эрхэмбаяр дөрвөн барилдаан хийж бүх өрсөлдөгчөө оноогоор цэвэр ялж Дэлхийн аварга боллоо.

Өмнөх өдөр нь насанд хүрэгчдийн ангилалд хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдсан байна. Харин энэ удаа хэсгийн барилдаанд Болгарын Дилиан Димитров, Туркийн Махирсан Юурт, хагас шигшээд Казахстаны Йершат Жанабил, алтан медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын Магомед Магомедов нарыг тус бүр оноогоор цэвэр ялжээ.

Ийнхүү 19 настай Н.Эрхэмбаяр дифлимпийн ДАШТ-ээс өсвөр үе, залуучуудын ангилалд түрүүлж буй амжилтаараа Монголын чөлөөт бөхийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээлээ.

Categories
гадаад мэдээ

Ким Жөн Ун Хятад улсад айлчилна

Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун өнөөдөр Хятад улсад айлчилж, тус улсын дарга Си Жиньпинтэй яриа хэлэлцээ хийх бодолтой байна. Энэ тухай “Nikkei Asian Review со” сонин мэдээлэв.

Уулзалтын үеэр Ким Жөн Ун энэ сарын 12-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийсэн дээд хэмжээний уулзалт болон цаашдын яриа хэлэлцээний стратегийг хэлэлцэх төлөвтэй байна.

“Nikkei Asian Review” сонины мэдээлснээр, Умард Солонгосын удирдагч Бээжин хотод очих гэнэ. Одоогоор түүний аюулгүй байдлыг хангах бэлтгэл ажлыг хийж байгаа аж.

Си Жиньпиний урилгаар Ким Жөн Ун өнгөрсөнгуравдугаар сарын 25-28-нд Хятад улсад албан бус айлчлал хийсэн юм. Энэ нь түүний 2011 онд Умард Солонгосын удирдагч болсноосоо хойш гадаад улсад хийсэн анхны айлчлал байсан. Түүнчлэн тэрбээр өнгөрсөн тавдугаар сард Хятад улсад хоёр дахь удаагаа айлчилж, Си Жиньпинтэй яриа хэлэлцээ хийсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Олимпийн аваргуудын хувцас сэлтийг Үндэсний түүхийн музейд тавина

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, дэд сайд Г.Ганбаяр, сайдын ахлах зөвлөх С.Мөнхбат тэргүүтэй яамны удирдлагууд “Олимпийн медальтнуудын холбоо”-ны ЕНБД, 1992 оны Барселона олимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Н.Баярсайхан тэргүүтэй олимпийн наадмаас медаль хүртсэн үе үеийн тамирчдыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад 1968 оны олимпийн наадмын анхны хүрэл медальт, Ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав,1968 оны олимпийн наадмын анхны хүрэл медальт, Ардын багш, гавьяат тамирчин Д.Сэрээтэр, 1976 оны олимпийн наадмын мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин З.Ойдов, 1988 оны олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин Н.Энхбат, 1996 оны олимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Нармандах нарын ахмад тамирчид ирсэн юм. Мөн 2008 оны олимпийн наадмын алтан медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган, 2008 оны олимпийн наадмын мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамба, 2016 оны олимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай нарын залуу тамирчид оролцлоо.

Монгол Улсын түүхэнд 1968 онд олимпийн наадмаас анхны медаль хүртсэнээс хойш энэ онд 50 жилийн ой тохиож буй. Тиймээс “Олимпийн медальтнуудын холбоо”-ноос 50 жилийн ойн арга хэмжээний хүрээнд хэд хэдэн ажил зохион байгуулахаар төлөвлөснөө салбарын сайдад танилцуулав. Тухайлбал, олимпийн наадмыг ирдээдүй хойч үедээ сурталчлан таниулах ажлын хүрээнд олимпийн наадмаас медаль хүртсэн тамирчдын хөргөөр зоосон мөнгө хийх, цуврал маркыг худалдаанд гаргах, олимп, дэлхийн аваргын медальтнууд болон дасгалжуулагч багш нарын тухай ном хэвлэх, олимпийн аваргуудын хувцас сэлтийг Үндэсний түүхийн музейд тавьж, гадна, дотнын жуулчдад сурталчлах зэрэг ажлыг танилцууллаа.

Салбарын сайд Ц.Цогзолмаа тэдний тавьсан саналыг бүрэн дүүрэн дэмжиж ажиллахаа илэрхийлээд, “Улсын баяр наадмаас өмнө олимп, тив дэлхийн аваргуудтай Ерөнхий сайд, яамны удирдлагууд уулзалт зохион байгуулна. Токиогийн 2020 оны олимпт бэлтгэх, үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг хэрхэн хангах гээд олон чиглэлд ажиллаж эхлэх хэрэгтэй байна. Түүнчлэн Ерөнхий сайдын дэргэд ажиллах орон тооны бус Үндэсний зөвлөлийг байгуулах цаг нь ирлээ. Өнгөрсөн жил батлагдсан Спортын тухай хууль ирэх жилээс хэрэгжинэ. Хууль хэрэгжсэнээр анх удаа биеийн тамирын арга зүйч улс даяар ажиллана. Гэтэл зургаан сарын дараа хууль хэрэгжих гэж байхад ажил эхлээгүй явна. Тиймээс та бүхэн энэ мэт бидний ажлыг дэмжиж, саналаа хэлээрэй” хэмээсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Агаарын чанарыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг Сөүл хот дэмжинэ

БНСУ-ын Сөүл хотын орлогч дарга Юн Жүн Бён тэргүүтэй төлөөлөгчид Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдтой уулзаж, гурав дахь удаагаа Сөүл хотын даргаар сонгогдон ажиллаж байгаа ноён Пак Вонсүны мэндчилгээг гардуулан өгч, хотуудын харилцааны талаар санал солилцлоо.

“Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум нь хүлэмжийн хийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэж буй туршлагаа хуваалцаж, бүс нутгийн хэмжээнд хамтран шийдвэрлэх асуудлаар санал солилцож, зөвлөмж гарна. Сөүл хотын захиргаа форумд “Сөүл хотын агаарын чанарын хяналтын бодлогууд” сэдвээр илтгэл тавьж, өөрийн хотын сайн туршлагаас хуваалцаж байгаад талархаж байна. Энэ удаагийн форум амжилттай болж, бүс нутгийн хотууд хамтдаа хүлэмжийн хийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэллээ. Улаанбаатар хот цаашид тус форумын үйл ажиллагааг тогтмолжуулан Нарийн бичгийн дарга нарын газрыг хотдоо байгуулах санал гаргаж байгаагаа ч онцолсон юм.

“Эгч дүү хотуудын харилцаа өргөжин тэлж байгаагийн зэрэгцээ хоёр хотын хамтарсан ажлын хэсгийн судалгаа, шинжилгээнд тулгуурлан төсөл, хөтөлбөрүүд олон салбарт хэрэгжүүлж байна. Сайшаалтай нь дээрх хөтөлбөрүүд үр дүнтэй, ажил хэрэг болж байгаад Сөүл хотын зүгээс талархаж байгаагаа илэрхийлье. Есдүгээр сард Сөүл хотод болдог урлаг соёлын нэр хүндтэй фестивальд Улаанбаатар хотын өргөн бүрэлдэхүүнтэй баг, уран бүтээлчдийг оролцуулах хүсэлтийг Сөүл хотын дарга Пак Вонсүн танд уламжилсан. Учир нь Улаанбаатарын уран бүтээлчдийн дэглэсэн тоглолтууд үзэгчдийн таашаалд нийцэж, өндрөөр үнэлэгддэг” гэдгийг БНСУ-ын Сөүл хотын орлогч Юн Жүн Бён хэллээ. Энэ удаагийн форумд Сөүл хот өндөр ач холбогдол өгч байгаагийн зэрэгцээ Зүүн хойд Азийн дөрөв дэх удаагийн форумыг зохион байгуулах эрх авахаар өрсөлдөнө гэдгээ хэлсэн юм. Агаарын чанарыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх Улаанбаатар хотын шинэ технологи бүхий төслийг Сөүл хот дэмжин ажиллана гэдгээ мөн илэрхийллээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Тээврийн хэрэгслийн хяналтын үзлэг, шалгалтын ажлыг хийж байна

Нийслэлийн Татварын газар, Замын цагдаагийн албатай хамтран нийслэл хотын хэмжээнд тээврийн хэрэгслийн хяналтын үзлэг, шалгалтын ажлыг энэ сарын 15-наас эхлэн зохион байгуулж байна. Тус ажлын хүрээнд нийслэлийн замын цагдаагийн албан хаагчид, дүүргийн татварын хэлтсийн ажилтан нар хамтран хяналтын цэг болон хөдөлгөөнт байдлаар уулзвар, замд хуулийн хэрэгжилтийн хангалтад хяналт тавин ажиллаж байна. Хуулийн дагуу тогтоосон хугацаанд албан татвар, төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч, өмчлөгчийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг хураан авч, зөрчил илэрсэн дүүргийн татварын хэлтэст төвлөрүүлэн, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу арга хэмжээ авч, бичиг баримтыг буцаан олгож байна гэж нийслэлийн Татварын газраас мэдээллээ.