Categories
гадаад мэдээ

Хөгжмийн наадамд оролцогч эмэгтэйчүүдийн тал хувь нь хүчирхийлэлд өртдөг

Хөгжмийн наадмыг үзэх, оролцохоор очсон 40-өөс доош насны эмэгтэйчүүдийн 43 хувь нь ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртдөг гэсэн судалгааны дүн гарчээ. Английн нэгэн сайн дурын байгууллагаас явуулсан уг судалгааны дүнгээс харвал тус улсын 16 хүртэлх насны 5 эмэгтэй тутмын 1 нь хөгжмийн наадмын үеэр хүчирхийллийн золиос болдог аж. Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн 22 хувь нь нүүрэндээ цохиулах, хэл амаар доромжлуулах, бүжиглэх үед нь биед нь дураараа хүрэх зэргээр олны нүдэн дээр эвгүй байдалд оруулсан үйлдэлд өртөж байсан гэдгээ хэлжээ. Хамгийн харамсалтай нь хөгжмийн наадмын үеэр ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртсөн гэх эмэгтэйчүүдийн ердөө 2 хувь нь сэжигтэн этгээдийг цагдаад мэдэгдэж байсан аж.

Хөгжмийн наадамд оролцогч эмэгтэйчүүдийн тал хувь нь хүчирхийлэлд өртдөг

The Press Association-оос Их Британид жил бүр уламжлал болон зохиогддог 21 хөгжмийн наамдын зохион байгуулагчидтай холбогдон хүчирхийлэл, бэлгийн дарамт үзүүлэх явдлын талаар хийсэн судалгаагаа танилцуулжээ. Ингэж танилцуулсныхаа дараа хөгжмийн наадмыг зохион байгуулагчидтай энэ талаар авч буй арга хэмжээ, баримтлаж буй бодлого, бодит нөхцөл байдлыг нь ярилцсан байна. Тэгэхэд тэдний 5 нь буюу Glastonbury, Reading and Leeds, Creamfields, Latitude, RiZE, Wireless наадмыг зохион байгуулагчдаас л нааштай хариу хүлээн авчээ.

Өнгөрсөн жил Glastonbury-ийн хөгжмийн наадмын үеэр 2 хүчингийн хэрэг, мөн 2 бэлгийн хүчирхийллийн тохиолдол бүртгэн авсан гэдгийг Сомерсэтийн Цагдаагийн албаныхан мэдэгджээ.

Хөгжмийн наадамд оролцогч эмэгтэйчүүдийн тал хувь нь хүчирхийлэлд өртдөг

The Green Man хөгжмийн наадмын хэвлэлийн төлөөлөгч “Хөгжмийн наадмын үеэр аюулгүй байдлын ажилтнууд наадам болох газраар тархан байрлаж ажилладаг. Үүнээс өмнө бэлгийн дарамт, хүчирхийллийг мэдээлэх сургалтанд хамрагддаг. Жолооч, үйлчилгээний ажилтнууд бэлгийн дарамт шахалт үзүүлэх талаар ойлголт өгөх сургалтанд хамрагдаж, ийм байдалд орсон оролцогчдод ямар тусламж үзүүлэх, хэнд хандах зэргийн талаар анхан шатны мэдлэгтэй болсон байдаг ” гэжээ. Харин Bestival-ийн төлөөлөгч: “Бид Цагдаагийн болон бусад агентлагуудтай иймэрхүү асуудлыг шийдэх, хор хєнєєлийг бууруулах протоколтойгоор хамтран ажилладаг” хэмээн тайлбарласан байна.

Хүчирхийллийн хэрэг олноор бүртгэгдэх болсон өнөө цагт хөгжмийн наадамд оролцогч охид эмэгтэйчүүд хүчирхийлэгчдийн өгөөш болж буйг анхааралдаа авах цаг болжээ.

Categories
гадаад мэдээ

Дотоод хэргийн сайд нь А.Меркельтай хамтран ажиллаж чадахгүй гэлээ

Дүрвэгсдийн асуудлаар Холбооны канцлер Ангела Меркельтэй тохиролцож чадахгүй байгаагаа Германы ДХЯ-ны тэргүүн бөгөөд Баварийн Христийн нийгмийн холбооны тэргүүн Хорст Зеехофер Welt am Sonntag сонинд ярьжээ.

“Би энэ эмэгтэйтэй цаашид ажиллаж чадахгүй нь” хэмээн Зеехофер намынхаа орон нутгийн хэсгийнхний зөвөлгөөн дээр хоёр ч удаа хэлээд амжсан юм.Тус намынхан зургаадугаар сарын 14-нд зөвлөлгөөний хийжээ.

Христийн нийгмийн холбоо болон Ангела Меркелийн тэргүүлдэг Христийн ардчилсан холбоо нь дүрвэгсдийн асуудлаар санал зөрөлдөөд удаж байна. Канцлер дээрх асуудлаар нийт Европын байр суурийг барьж байгаа бол Дотоод хэргийн сайд бичиг баримтгүй дүрвэгчид эсвэл нэг удаа зөвшөөрөл өгөхөөс татгалзсан цагаачдыг хил дээрээс буцаах хэрэгтэй гэж үздэг ажээ.

Германы улс төрийн томоохон эвслийг бүрдүүлэгч намын хагарал нь засаглалын хямралд хүргэж болзошгүй юм. Зургаадугаар сарын 15-нд хоёр намын хагарал үүслээ гэсэн мэдээллийг Гессен мужийн Hessischer Rundfunk телевиз түгээжээ. Үүнтэй зэрэгцээд Австрийн канцлер Себастьян Курц, хууль бус цагаачдын эсрэг Вена- Берлин- Ром гэсэн тэнхлэг байгуулахыг уриалсан байна. Европын холбооны олон орон Венийн саналыг дэмжиж байгаа юм.

2015 оноос хойш Герман 1,5 сая гаруй дүрвэгч хүлээн аваад байна.

Categories
мэдээ нийгэм

“Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-ийг танилцууллаа

Монгол хэлэнд хамгийн өргөн хэрэглэгддэг 38 мянган толгой үгийг багтаасан “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-ийн нээлт өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Монгол Улс 1946 оноос крилл бичгийг албан ёсоор хэрэглэж эхэлснээр шинэ үсгийн хэрэглээ, соёл нэвтэрсэн ч зөв бичих дүрмийг журамлах асуудал хоцорч байгааг Ерөнхийлөгч Х.Баттулга толь бичгийн нээлтийн үеэр онцлов.

Тэрбээр, “1983 онд академич Ц.Дамдинсүрэн, Б.Осор нар 18 мянган толгой үгийг журамласан “Монгол үсгийн дүрмийн толь”-ийг бүтээсэн. Үүнээс хойш 35 жил өнгөрсөн ч уг толь бичигт тусгаагүй, журамлаагүй үг олон байна. Үсгийн дүрэм ямар байвал зохилтой талаар дурын хүн зааж, зарим үсгийг хасах талаар уриалах үзэгдэл ч гарах боллоо. Энэ нь цахим сүлжээгээр дамжин улам бүр даамжирч байна. Хүн бүрийн санаа, үзэл бодлыг харгалзан үзнэ гэвэл зөв бичих дүрмийн тол хэзээ ч бүрэн дуусахгүй төдийгүй маргаан үргэлжилсээр байх болно. Хэл бол хэн нэгний хүсэл сонирхол, үзэл бодлоос хамааралгүйгээр улс даяараа нэгэн дүрмээр жигдрэх ёстой юм. Монгол хэлний зөв бичих дүрэм бол Үндсэн хууль адил заавал дагаж мөрдөх баримт. Тиймээс энэхүү толь бичгийг өнөөдрөөс эхлэн Монгол Улсын нийт иргэд, төрийн албан хаагч, эрдэмтэн судлаачид, сонин, хэвлэлийнхэн үйл ажиллагаандаа мөрдлөг болгох учиртай” хэмээв.

Аливаа улс төрийн эв нэгдэл нь бичиг соёлоос эхэлдэг байх ёстой хэмээн Хэлний бодлогын зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, доктор, профессор, Ардын багш С.Дулам онцлов. Ажлын хэсгийн журамласан 38 мянган толгой үгийг нэр, үйл үгээр хувиргасан тохиолдолд хамгийн багадаа 200 сая болох бөгөөд энэ хэмжээний толь бүтээх боломжгүй гэдгийг мөн дурьдсан юм.

Энэхүү толийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга, доктрант Н.Нарангэрэл, Хэлбичгийн шинжлэх ухааны доктор, профессор Л.Болд, М.Базаррагчаа, Ардын багш Ц.Өнөрбаян, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сонины эрхлэгч, Хэлбичгийн ухааны магистр Б.Элбэгзаяа нарын 28 хүний бүрэлдэхүүнтэй баг боловсруулсан байна. Толийг боловсруулахад хоёр жилийн хугацаа зарцуулсан бөгөөд дээрх ажлын хэсэг Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт судалгаа явуулж, хамгийн их хэрэглэгддэг 38 мянган үгийг сонгон журамлажээ. Мөн дохионы хэлний цагаан толгой, ургамал амьтан, хуучирсан үг, шашны үг хэллэг зэргийг багтааснаас гадна ГХЯ-тай хамтран дипломат харилцаатай улс орнуудын нэр, тэдгээрийн нийслэлийн нэр, өргөн хэрэглэдэг 1000 гадаад үгийг оруулжээ. Ажлын хэсгийн гишүүд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 60 удаа, техникийн хэсэг 110 удаа хуралдаж, нийслэл, аймгуудын 7000 мянга гаруй Монгол хэл, уран зохиолын багш нарын саналыг авч, тусгасан байна.

Толь бичгийг Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн энэ сарын 06-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор баталж, нийтээр дагаж мөрдөхөөр болжээ. Энэхүү толь бичгийг https://president.mn болон http://toli.gov.mnцахим хуудсаас татан авч ашиглах бүрэн боломжтой аж. Мөн толь бичгийг бүх ерөнхий боловсролын болон их, дээд сургууль, яам, тамгын газруудад хүргүүлэх юм.

Categories
мэдээ спорт

Тунис-Английн шигшээ багуудын тоглолт дээд амжилт эвдлээ

Волгоград хотын “Волгоград арена” цэнгэлдэхэд болсон Тунис-Английн шигшээ багуудын тоглолтыг үзэхээр 41064 үзэгч цугласан нь дээд амжилт тогтоожээ.

“Волгоград арена” цэнгэлдэхийг хөлбөмбөгийн ДАШТ-д зориулан Ижил мөрний эрэг дээр, хуучин Центральны буюу “Төв” цэнгэлдэхийн суурин дээр шинээр барьсан юм. Цэнгэлдэх 43713 үзэгч багтаах хүчин чадалтай аж.

Тунис-Английн тоглолт дээд амжилт тогтоогджээ

Categories
мэдээ спорт

Х.Пекерман: Хамес Родригес эмчийн үзлэгт орсны дараа тоглох эсэх нь шийдэгдэнэ

“Советский спорт” сонины сэтгүүлч Колумбийн шигшээ багийн лидер Хамес Родригес Японтой хийх тоглолтод оролцох эсэх асуудлаар ерөнхий дасгалжуулагч Хосе Пекерманаас тодруулга авчээ.

Х.Пекерман асуултад “Бид эмчийн үзлэгийг хүлээж байна. маргааш /өнөөдөр/ тоглогчид эмчийн үзлэгт хамрагдана. Японтой хийх тоглолтод оролцох эсэх нь тэр үед л тодорхой болно” хэмээн хариулсан байна.

“Н” хэсгийн Колумби, Японы тоглолт өнөөдөр Саранск хотноо болно.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дэлхий эвлэрэл өөд, харин бид эвдрэлцэл өөд мацсаар

Хүн төрөлхтөн бүхий л цаг үедээ эвлэрэл буюу дундын гарц олох гэж явж ирсэн. Одоо ч тийм. Алдах нь бий ч онох нь дийлэнх байдаг. Орчин үед илүүтэй эвлэрлийн төлөө зүтгэх болж. Хамгийн сүүлд дэлхийгээрээ анхаарал хандуулсан эвлэрэл бол Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Ун, АНУ-ын ерөнхийлөгч Трамп хоёрын уулзалт байна. Хагас жилийн өмнө цөмийн дайн хийх юм ярьцгааж, кноп дарахад бэлэн гэж ил цагаан хэлж байсан. Хэзээ ч эвлэрэхгүй юм шиг байсан Трамп, Ким Жөн Ун хоёр өнөөдөр хэлэлцээ хийгээд сууж байна. Энэ үйл явдлыг сүүлийн тавин жилд болж буй хамгийн том эвлэрлийн нэг гэж ажиглагчид үзэж байгаа юм билээ. Ким Жөн Ун үүний дараа “Японтой хэлэлцээ хийхэд бэлэн” гэж мэдэгдлээ. Дайны ирмэг дээр дэнжигнэж байсан улс орнууд ингэж эвлэрлийн гараа сунгалцаж байна. Дахин уулзаж ярилцана гэж байна. Колумбын партизанууд ширэнгэн ой руугаа гарч, Засагтайгаа зөрчилдөн тавин жил үймээн дэгдээж байснаа сая бууж өгч, эвлэрлээ. Пёнчаны өвлийн олимпоор Хойд, Өмнөд Солонгос нэг туган дор жагсав. ОХУ-д болж байгаа Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн үеэр ОХУ-ын тэргүүн В.Путин Горбачевын үеэс мөргөлдөөнтэй байж ирсэн Азербайджан, Армений ерөнхийлөгч, ерөнхий сайдыг гар барилцуулж харагдана лээ. Талибанчууд Афганы Засгийн газрын тэргүүнүүдэд хандаж армадан сарын үед ямар нэг зэвсэгт мөргөлдөөн хийхгүй гэдгээ мэдэгдэж хэлсэндээ хүрсэн. Хэзээ ч эвлэрэхгүй мэт дайсагналцаж, дайтаж байсан улс орнууд эвлэрэл рүү явж байна.

Харин түүхээс харахад талцал хуваагдал хэзээ ч сайн сайхныг авчирч байсангүй. Үүнд Монголынх ч, дэлхийнх ч хамаатай. Монголд шашин хоорондын мөргөлдөөн гээд байх юм алга. Үндэстэн ястны мөргөлдөөн гэх юм алга. Тэгсэн мөртлөө байнгын хэрүүл тэмцэл Монголоор нэг өрнөж байна. Бүх л салбарт шүү. Бүр гэр гэртээ талцаад үзэж тарна. Саяхан УИХ дахь олонхын бүлгийн гишүүн М.Оюунчимэг, А.Ундраа гишүүн хоёр сошиалаар муудалцав. Гишүүн асан М.Зоригт одоогийн “УИХ дахь хүүхнүүд бандаашны асуудлаар тодрох гэж байна. Бид сохор биш шүү” гээд сошиалд жиргэтэл гишүүн А.Ундраа “УИХ дахь эмэгтэй гишүүдийг энд доромжилж, ёс зүйгүй юм ярьж байхынхаа оронд АН-ынхаа бүсгүйчүүдийг уриалж, Муратынхаа өргөдлийг өгүүл” гэв. Тэгээд ч болоогүй “Ам нээвэл уушги нээе” гэж байгаад экс гишүүн М.Зоригтыг эмэгтэй хүний зураг жиргэдгийг шүүмжилтэл төд удалгүй М.Оюунчимэг гишүүн “Ундраа гишүүнээ наад шоугаа боль. Ам нээвэл уушги нээе гэж та хэллээ. Охид бүсгүйчүүдийн хүчирхийллийн аймшигт тохиолдлууд, Дүнжингаравын морин уралдаанд хохирсон хүүхдүүдийн талаар юу ч дуугараагүй биз дээ” гэж хошуу нэмэн жиргэснээр хүмүүс өлгөж аваад шаагилаа. МАН-ын фракцуудын хагарлын илрэл, 33, 32-ын бүлгийн талцал уу гэлцэв. Нэг намыг дангаар шахуу ялуулаад байхад дотроо ингээд 32, 33-аар талцаад өөрөө өөрсдийнхөө Засгийг унагачихна. Унасан хэд нь шинэ засгаа ажил хийлгэхгүй байнга хэрүүл тэмцэл хийж, хор хутгана. Тэрний, энэний фракц гэдэг нь бүр тоймоо алдсан. Арав хориороо бүлэг, фракц болоод нөгөө хэдээ ажил хийлгэхгүй. Зөв байна уу, буруу байна уу, алиныг нь ч харгалзахгүй байнга эсэргүүцнэ.

Улс төрийн хэрүүл талцал эвдрэлцлээ дагаад ард түмэн нь цэнхэр, улаанаараа хуваагдах юм. Хоёр том нам нь талцах энүүхэнд. МАХН нь Н.Энхбаяр, О.Баасанхүү гэж хоёр талцав. Ид насны шижигнэсэн, боловсролтой залуус ХҮН гэж нам байгуулаадахлаа. Сонгуулийн өмнөх судалгаагаар өнөөх шинэ нам нь овоо рейтингтэй гарчихсан чинь алаагүй баавгайн арьсыг хуваах дээрээ тулж, хагаралдан тойрог булаацалдаад, дунд нь ах намуудын тоглолт орж, Босоо С.Ганбаатар давхиж Очиж хачир нэмээд аль ч үгүй болгож орхисон доо.

Дээр нь нутаг хошуугаараа талцана. Ядуус нь баянаа үзэн ядаж, баян нь ядуугаа дорд үзнэ. Хөгшчүүл нь залуусаа шүүмжилж, залуус нь ахмадаа хүндлэхгүй. Спорт нь төрөл төрөлдөө хоёр хуваагдчихсан. Эхний жишээ сагсан бөмбөг, хоёр хуваагдаад хөгжихөө байсан. Тэмцээн уралдаанаа хоёр талд хийнэ. Бөхчүүд нь бөмбөгөр оройтой, дугуй байшингаа тойроод хоёр талцчихсан. Бас тэрүүхэндээ жалга довны хуваагдалтай, барууныхан, зүүнийхэн болцгоочихсон байх жишээтэй. Наадмаар түр эвлэрээд буцаад талцах юм яриад сууж байх. Зохиолчид нь чөлөөт, хүлээтээрээ хоёр хуваагдаад, тусдаа найргийн наадам хийнэ. Анх удирдлагуудаа, ахмад зохиолчдоо, хуучинсаг, шударга биш байгааг, танил тал харж, шагнал урамшуулал өгдөг, авьяасыг дардаг, Болор цом наадмын шагналын эзэд түрүүлж тодордог зэргийг шүүмжилж, гарч ирсэн. Хуучин зохиолчдоо шүүмжилж, шинэчлэл өөрчлөлт хийхээр ардчилсан үзэлтэйнүүд нь хэлээд нэмэр болохгүй болохоор тусдаа Чөлөөт зохиолчдын холбоо байгуулаад гарсан. Үүсгэн байгуулсан хэд нь бурхны оронд очих нь очоод бусад нь ингэс тэгэсхийгээд л явж байна. Энэ хэдийгээ Зохиолчдын хорооныхон нь нэг нүдээрээ үзэхгүй. Угтаа бол аль аль нь Монголын зохиолчид. Бөхчүүд нь үнэхээр Монгол бөхийн хөгжилд санаа тавьдаг бол дундын хувилбараа олох хэрэгтэй шүү дээ. Хэрэлдэж байгаа хоёр талын хэнийг ч гэлгүй эвлэлдэн нэгдэх алхам хий л дээ. Заавал хэрэлдэж байгаа талууд Монголын бөхийн холбоог авч явах ёстой ч юм биш шүү дээ. Том улстөрчид, бизнесмэнүүд нь хэзээ ч эвлэрэхгүйгээр биесээ зууна. Нэг нь гайгүй бизнес эрхлэх гэхээр нь заавал садаа тээг болдог. Х.Баттулга, MCS-ийн Ж.Оджаргал хоёр бол аль аль нь хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс. Дагагчтай, шүтэн бишрэгчтэй, дайсантай, муу сайнаар хэлдэг түмэн олонтой. Нэг нутаг усны, нас жигдэрсэн энэ хоёрын хэрүүл мөн ч олон хөгжлийн чагт болж байна. Нэг нь өөр юм яриад тээг болчихно. Энэ хоёр хүн ширээний ард өөд өөдөөсөө харж суугаад дундын хувилбараа яримаар байна шүү дээ. Оюу толгойгоо чи ингэ, Таван толгойгоо би ингэе, төмөр замаа би ингэе, хар замаа чи ингээд тавьчих гээд ярьчихаж болмоор юм. Таван толгойгоос болж тэд анх муудалцсан. Ингээд тэр нь сүүлдээ Монголын эдийн засаг, улс төрийг ч хувааж нөлөөлөөд эхэлсэн дээ. Эдийн засаг макро түвшинд харьцангуй сэргэж байгаа ч микро түвшинд ерөөсөө ахихгүй байгаа. Энэ нь бизнесмэнүүдийн зөрчилдөөнтэй холбоотой. Монголын эдийн засгийн форум төрийн бус байгууллага нь бас дотроо хуваагдчихсан. Овоо нэг бизнесийнхэн нь нэгдэж, ухаалаг алхам ярих нь гэсэн тэгсэнгүй. Хуваагдаагүй салбар гэж байхгүй. Багш, эмч нар хүртэл хуваагдчихсан. Ажил хаяна гэж нэг хэсэг нь хэлэхээр эрх баригч намыг дагадаг хэд нь дэмждэггүй, нөгөө талдаа суучихдаг. Ингээд нэгдэж өгдөггүй.

Ингэж аль аль нь нөгөөгөө хүлээн зөвшөөрөхгүй, баруун зүүний орой дээр гарч суучихаад танайх, манайх, АН-ынх, МАН-ынх гээд энэ сайхан тайван амгалан эх орондоо өдөр шөнөгүй талцаж байх юм. Ингэж хоёр үзүүртэй байж болохгүй ээ. Дундын орой дээрээсээ гарч хараад үз. Юм өөр харагдана.Харж байгаа сууж байгаа газраасаа хараад байвал энэ байдал хэзээ ч өөрчлөгдөхгүй ээ. Би л биш бол чи биш шүү. Би сонгуульд ялаагүй бол чамайг ялсны дараа татаж унагана. Чи тэр том төслийг авч байгаа бол би чамайг мөн ч хийлгэх байх даа гээд л үзэж тараад байна. Би муу байвал бусад нь адилхан муу байх ёстой гэж бусдыгаа үргэлж хорлож байдаг. Надаас бусад нь хохирч байх ёстой гэсэн би гэсэн үзлээ бид болгомоор байна.Би хохирсон бол надтай өрсөлдөгч Дорж, Дондог бүүр их хохирох ёстой гэнэ. Намууд нь зөвхөн улс төр хийнэ. Улсынхаа төлөө нэг ч сайн юм хийхгүй. Хэн нэг нь сайн зүйл хийвэл дараа сонгуульд ард түмнээс оноо авчихна гээд өнөөхийг нь ёстой баллуурдаж өгнө. Эсвэл тээг болоод хэвтчихнэ. Хэн нэг нь муу үйл хийж байвал өөгшүүлнэ гэж жигтэйхэн. Энэ бүхэн нийгэмд маш хортой тусч байна. Монголчууд бүгдээрээ нийгэмших хэрэгтэй байна. Суурин соёлд суралцах хэрэгтэй байна. Нэгэнт суурин иргэншлээр амьдрах замыг сонгочихоод нүүдэлчин сэтгэхүйгээрээ байгаад байвал энэ бүхэн хэзээ ч өөрчлөгдөхгүй. Би хожихгүй бол тэд хожихгүй гэдэг үзлээсээ салж нийтээр хожъё гэсэн бодолтой болохгүй бол болохгүй нь ээ.Нийгэм сайхан бол, нийтээрээ сайхан байх гэж хичээвэл өөрт нь ч гэсэн ашигтай байдаг. Ертөнцөд ганцаараа хождог гэсэн ойлголт байдаггүй. Дийлэнх нь хожсон тохиолдолд иргэншсэн нийгэм оршин тогтнодог. Манайд хоёр том баян нь биесээ үзэхгүй. Тэр хоёрын муудалцаанаас нийгэм нь ядуурдаг. Ядуурсан нийгэмдээ өнөөх баян амьдрахын аргагүй болдог. Яг өнөөдрийн Монгол ийм л байгаа. Баян хүнд дуртай хүн нэг ч байхгүй. Харсан болгон харааж, эдэлж хэрэглэж байгаа, сайн сайхан явааг нь шүүмжилнэ. Угтаа хийсэн бүтээснийг хүлээн зөвшөөрдөг, дундын хувилбараа олох хэрэгтэй. Дэлхий эвлэрэл өөд явж байхад бид эвдрэлцлийн замаар энэ янзаараа явбал өөд нар харахын эцэсгүй болно. Зөвхөн чиний л зөв гэж байдаггүй. Хоёр туйл болж, эвдрэлцэл өөд мацахынхаа оронд дундын хувилбараа олж, эвлэрэл өөд мацъя.

Categories
мэдээ улс-төр

Д.Мурат гишүүний асуудлыг Ёс зүйн дэд хороогоор хэлэлцэнэ

УИХ-ын Ес зүйн дэд хороо өнөөдөр 14.00 цагаас хуралдахаар болжээ. С.Бямбацогт гишүүний даргалдаг тус дэд хороо өнөөдрийн хуралдаанаараа Д.Мурат гишүүний асуудлыг хэлэлцэх бололтой. Учир нь, түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын ерөнхий прокурорын саналыг хүлээж авахаас татгалзсан УИХ-ын тогтоолын төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавиад байгаа юм. Ерөнхийлөгчийн хоригийг маргааш Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ.

Categories
мэдээ нийгэм

Алтны хоёрдогч зах зээлийг хөгжүүлэх санал дэвшүүлэв

Монголбанкинд алтны салбарт хэрэгжиж буй бодлого, үйл ажиллагаа түүний хэрэгжилт мөн тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцүүлэг уулзалт болов. Уулзалтад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Үнэт металлын сорьцын хяналтын газар, Швейцарын хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл, Алт үйлдвэрлэгчдийн холбоо, Арилжааны банкны төлөөлөл оролцлоо.

Тус уулзалтын эхэнд Монголбанкны дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Монголбанкнаас санаачлан хэрэгжүүлж эхлээд буй “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяны хүрээнд хийх үйл ажиллагааны талаар танилцуулж, аяны хүрээнд хамтран ажиллах төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хэрхэн хамтарч ажиллах, аяны хүрээнд тулгамдаж буй асуудлуудаа шийдвэрлэх боломжийн талаар оролцогчдын саналыг сонслоо.

Таван сарын хугацаанд хэрэгжих аяны хугацаанд Үнэт металлын сорьцын лабораторийг Баянхонгор, Дархан-Уул аймагт байгуулж, алт худалдан авах үйл ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсын хилээр алтыг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийн нөлөөллийг бууруулахад тууштай ажиллах, хариуцлагатай уул уурхайг дэмжиж, төрийн болон төрийн бус байгууллагын уялдаа холбоог сайжруулах, Үнэт металлын сорьцын хяналтын газраас алтны сорьцыг онлайн горимд хүлээн авах, алтны олборлолт, сорьц тогтоолт, үнэ ханшийн тооцооллын талаарх мэдээллийг иргэдэд хүргэж ажиллахаар тус тус зорьж буй талаар Монголбанкны Дэд Ерөнхийлөгч мэдээлэлдээ танилцуулсан юм.

Уулзалтын үеэр Монголбанкны Эрдэнэсийн сангаас Монголбанкны алт худалдан авах үйл ажиллагааг боловсронгуй болгоход чиглэсэн хэд хэдэн санаачлагыг дэвшүүлж буй тухай танилцууллаа. Тухайлбал, алтны гарал үүслийг тодорхой болгох тал дээр холбогдох төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж, хууль эрх зүйн баримт бичгийг боловсруулах, эко алтыг худалдан авч экспортлох боломжийг турших, цаашид хэрхэн ажиллах талаар судлах, алт олборлогч, худалдан авагчийн нэгдсэн платформ програм хангамжийг Ашигт малтмал, газрын тосны газар болон холбогдох төрийн байгууллагуудтай хамтран судлан боловсруулах, Үнэт металлын сорьцын хяналтын газраас алтны сорьцын шинжилгээний бичгийг онлайн горимд хүлээн авах гэх зэрэг болно.

Түүнчлэн арилжааны банкуудын зүгээс алтны худалдан авалтад идэвхтэй оролцохоор шинэ санаачлагууд дэвшүүлэн ажиллаж байгаа тухай мэдээлэл өгсөн ба Голомт банк Монголынхоо алтыг Монголдоо үлдээхийг уриалж, алтны албан арилжааг идэвхжүүлэхийн тулд алтны хоёрдогч зах зээлийг хөгжүүлэх санал дэвшүүлж буйгаа танилцууллаа.

Уулзалтад тавигдсан санал хүсэлт, санаачлагыг хэлэлцүүлж, аяны үйл ажиллагаанд тусгах төдийгүй бодлогын шийдвэр гаргалтад санал оруулж ажиллах юм.

Categories
мэдээ нийгэм

ЭЕШ өгч буй сурагчдын анхааралд

Өнөөдөр ЭЕШ дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. 09:00-10:20 цаг хүртэл Монгол хэлний шалгалт явагдах бол 13:30-14:50 цаг хүртэл Нийгмийн тухай мэдлэгийн шалгалт эхлэнэ.

Маргааш буюу зургадугаар сарын 20-нд 09:00-10:40 цагт Хими, 13:00-14:20 цагт Орос хэлний шалгалт явагдах юм.

Өнөөдөр Яармагийн гүүрэн дээр осол гарч, ЭЕШ өгөх хүүхдүүд шалгалтаасаа хоцорчээ. Иймд шалгуулагч хүүхдүүд цагаа төлөвлөн эрт очих, холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн, мартахгүй авч явахыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Хөлбөмбөгийн талбайд тоглож байсан хүү амиа алдав

БЗД-ийн 79-р сургуулийн хөлбөмбөгийн талбайн хаалга унаж тэнд тоглож байсан хүү амиа алдсан хэрэг өчигдөр буюу энэ сарын 18-ны өдөр гарсан. Хүү тус сургуулийн тавдугаар ангийн сурагч байсан аж.

Хэргийн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад “Уг хэргийн дуудлага өчигдөр 19:20 минутад Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст ирсэн. 11 настай эрэгтэй хүүхэд осолдсон. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна. Одоогоор хяналт, шалгалт хийгдэж байгаа учраас амиа алдсан шалтгаан нь тогтоогдоогүй байна” гэв.

Харин 79-р дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэ “Өчигдөр орой 19:00 цагийн үед хөлбөмбөгийн талбайд хүүхэд амиа алдсан харамсалтай зүйл боллоо. Хөлбөмбөгийн хаалганы нэг шон нь алга болчихсон байсан. Цагдаагийн байгууллага шалтгааныг тогтоохоор шалгаж байна” гэлээ.