Categories
мэдээ нийгэм

“Эрдэнэт үйлдвэр”-ийн ажилчдын цалинг нэмүүлэхийг шаардав

Өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга П.Баттөр тус үйлдвэрт үүсээд буй асуудлын талаар мэдэгдэл хийлээ.Эрдэнэт үйлдвэр нь хоногт 5.3 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 1.6 тэрбум төгрөгийн татварыг улсын төсөвт төлдөг. Энэ баялагийг үйлдвэрийн 6000 гаруй уурхайчид, ажилчид бүтээдэг. Эрдэнэт үйлдвэрийн ажилчны дундаж цалин нь нэг сая гаруй төгрөг байдаг бол “Оюу Толгой” ХХК-ийн ажилчны цалин дөрвөөс таван сая байдаг аж. Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын хөдөлмөрийн бүтээмж жилээс жилд нэмэгдэж байгаа юм. Өнгөрсөн онд уурхайчид улсын төсөвт 600 гаруй тэрбум төгрөгийн татвар төлж 320.8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажилчдын хамтын гэрээ дуусгавар болж, шинээр гэрээ байгуулах ажил явагдаж байна. Үүнтэй холбогдуулан уурхайчид цалин хөлсөө нэмэгдүүлэх шаардлагыг хүргүүлээд байгаа аж.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга П.Баттөрөөс энэ талаар тодруулахад “Бид үйлдвэрийн ажилчдын цалинг шатлалтайгаар 40 хувь хүртэл нэмэгдүүлье, жилиийн эцсийн ноогдол ашгийг хоёр сараар олгоё, орон сууцны хөнгөлөлт найман сая төгрөгийг нэмэгдүүлье гэсэн шаардлагыг тавьсан. Гэвч “Эрдэнэт үйлдвэр”-ийн захиргаа энэ шаардлагыг биелүүлэхгүй, ҮЭ-ийн холбооны ажилчдыг ажлын байр руу нэвтрүүлэхгүй гэсэн. “Үндсэн хууль”, “Үйлдвэрчний эрхийн тухай хууль”, “Хөдөлмөрийн тухай хууль” зэргийг зөрчсөн ноцтой шийдвэрийг үйлдвэрийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Бадамсүрэн гаргаж, ажилчдын эсрэг турхирч байна. “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь цалин нэмж болох хангалттай үндэслэл тооцоо бий. Энэ тооцоог ҮЭ-ийн зүгээс гаргасан. Гэвч энэ тооцоог үл хойшоосон. ҮЭ-ийн холбоог дотор нь хагаралдуулах, өөрсдийн хүмүүсийг хууль бусаар томилох үйл ажиллагааг явуулж байна.Төрийн өмчийн хороо, Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ, захирал зэрэг албан тушаалыг албан ёсны томилгоогүйгээр солихыг шүүхийн шийдвэрээр хориглосон. Гэтэл энэ үйлдвэрт олон жил ажилласан 60 ажилчдыг бүтцийн өөрчлөлт нэрийдлээр халах оролдлого хийсэн ч бүтэлгүй болсон. Ажилчдын хөдөлмөрийн гэрээг ямар үндэслэлээр цуцалсанг мэдэх эрх үүрэг ҮЭ-ийн байгууллагад бий” гэв. Тэрээр үргэлжлүүлэн ярихдаа:

“Цалин хөлсийг нэмэгдүүлэх, Стандарт банкны өрийг төлөхгүй хэмээн ҮЭ-ийн хорооноос ажилчидтай хамтарсан цуглаан зохион байгуулсан. Гэвч зохион байгуулсан ҮЭ-ийн байгууллагын ажлын байрыг битүүмжлэх, сейф, түгжээг эвдэх, тамга тэмдгийг авахыг оролдох зэргээр хууль бус үйл ажиллагаа хийж эхэлсэн гэнэ. Үйлдвэрийн ажилчид энэ өр бол луйварчдын тарьсан хэрэг. Тиймээс тэр хүмүүс өөрсдөө үүрэх ёстой гэсэн байр суурийг ҮЭ-ийн байгууллагаараа дамжуулан илэрхийлж байгаа аж. Эрдэнэт үйлдвэр 100 гаруй тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн барьцаалсан зээлтэй ажиллаж байна. 40 жил ажилласан учраас тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх шаардлагатай. Стандарт банкны өрийг төлөх юм бол тоног төхөөрөмжөө шинэчлэх боломжгүй болно. Энэ нь үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явагдахад саад учруулна. Эрдэнэт үйлдвэрийн хууль бус томилгооны албан тушаалтнуудын тансаглал хэрээс хэтэрч байна” гэв.

Л.АНУДАРЬ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Уранчимэг: Үзэсгэлэнгийн дараа тухайн үеийн санал хүсэлтийн дэвтэрт “Эднийг шоронд хорих хэрэгтэй” гэж бичиж байлаа

Монголын уран зургийн галерейд бямба гаригт “Эхлэл” үзэсгэлэн нээлтээ хийв. Монголын контемпорари урлагийн “Эхлэл”-ийг харуулсан уг үзэсгэлэнгийн куратораар Ардын зураач Н.Цүлтэмийн бага охин, урлаг судлалын ухааны доктор М.Уранчимэг ажилласан юм. Уг үзэсгэлэн түүний кураторын 25 жилийн ойтой давхацжээ. “Эхлэл” үзэсгэлэнгийн зохион байгуулагчаар ажилласан Ц.Уранчимэгтэй ийнхүү ярилцлаа.


-Та 25 жил үзэсгэлэн зохион байгуулжээ. Монголын уран зургийн галерейд гарч байгаа “Эхлэл” үзэсгэлэнгийн куратороор ажиллалаа. Та бүхэн хүмүүст юу харуулахыг хичээж байна вэ?

-“Эхлэл” үзэсгэлэнгээрээ энэ гайхалтай уран бүтээлчдийн бүтээлийг толилуулъя гэж бодсон маань учиртай. Контемпорари урлаг хүчээ авч байна. Энэ залуус контемпорари гэж нэр томьёо монгол хэлэнд ороогүй байхад 1989 онд энэ урсгалыг эхлүүлж байсан юм. Энэ түүхийг залуус мэдэхгүй байна. Би судлаач хүн учраас энэ мартагдсан түүхийг үзэгчдэд сануулах, танилцуулах хэрэгтэй гэж бодсон юм. Та бидний гучаад жил үзээгүй эдгээр уран бүтээлийг дахин дэлгэн харуулж байгаадаа баяртай байна. Ардчилсан хувьсгал Монголд зөвхөн улс төр эдийн засгийн хүрээнд явсан юм биш. Улс төртэй огт холбоогүй, чөлөөт сэтгэхүй, болон өөрийн үзэл бодлоороо ялгарч, урлагийн талаарх ойлголт (концепци) нь тухайн нийгмийнхээ хүлээсэнд баригдахгүй болсон хэдэн залуу уран бүтээлчид Монголын комтемпорари урлагийн эхлэлийг тавьсан юм. Г.Эрдэнэбилэг, Ё.Далх-Очир, Б.Гансүх, С.Машбат, С.Баянмөнх, Б.Вандан, З.Өсөхбаяр, М.Хуяг-Очир нар 1989-1990 оны үед “Ногоон морь” гэж анхны нийгэмлэгээс гадна “Тэнгэр”, “Сита арт”, “Эго арт”, “Шинэ урлагийн холбоо” үүсгэн байгуулж, урлагийн шинэ тунхаг зарлаж явсан түүхтэй. Үзэсгэлэнд есөн уран бүтээлч оролцож байгаа. Найман зураач, нэг урлаг судлаач, тус бүр нь нэг нийгэмлэгийг төлөөлөх юм.

Тэдний анхны үзэсгэлэн нь 1989 онд Театрын музейд, дараа нь Уран зургийн галерейд гарсан. Зарим үзэсгэлэнг Соросын сан ивээн тэтгэсэн удаа бий.

Ерээд онд энэ урсгалыг тайлбарлаж олон нийтлэл бичих шаардлага тулгарсан. “Энэ юу юм бэ”, “Энийг яагаад урлаг гэж байгаа юм” гэсэн асуулт их ирдэг. Одоо эргээд харахад контемпорари урлаг Монголд байр сууриа олсон. Хүмүүс ч гайхахаа байж. 2015 оноос л ийм үзэсгэлэн гаргах тухай бодож эхэлсэн. Урлаг гэдэг хүмүүст заавал хүлээн зөвшөөрөгдөх ёстой биш гэдгийг тэд харуулсан юм. Тухайн үедээ “Явц”, “Эрэл” нэртэй үзэсгэлэн гаргаж байлаа. Энэ хүмүүсийн 1989, ерээд оны бүтээлүүдийн тухай сэтгэгдлээ “Санал, хүсэлтийн дэвтэр”-т хүмүүс янз бүрээр илэрхийлсэн байдаг. Зарим нь “Та нар ямар хачин юм хийдэг юм бэ” гэж байхад өөр нэг нь “Эднийг шоронд хорих хэрэгтэй” гэж бичсэн байсан. “Хөөх, ямар сонин юм бэ” гэх байдлаар ч хүлээж авсан. Тэр дэвтрийг “Эхлэл” үзэсгэлэнд тавьж хүмүүст харуулж байгаа.

-Үзэсгэлэн хэд хоног үргэлжлэх вэ?

-Монголын Уран зургийн галерейд 16-нд нээлтээ хийлээ, долоо хоног үргэлжилнэ. Ерээд оноос 25 жилийн турш Монголын урлагийн талаар олон өгүүлэл нийтлүүлсэн. Тэр үеийн “Засгийн газрын мэдээ”, “Үнэн”, “Ням гариг” сонин одоо олдохоо байсан. Тэр нийтлэлүүдээ цуглуулаад, ном болгосон юм. Тухайн үед ямар чиг хандлага нийгэмд байсан нь эндээс мэдрэгдэж байгаа юм. Энэ ном маань бас үзэсгэлэнгийн үеэр гарлаа.

-Монголын уран бүтээлчид дэлхийд хэр хүлээн зөвшөөрөгдөж байна вэ?

-Танигдаж эхэлж байна. Гадаадын нэртэй том үзэсгэлэн, арга хэмжээнд манай уран бүтээлчид оролцож байна. Жишээ нь, Венецийн биеннальд хоёр удаа үзэсгэлэн, “Документа” гэж дэлхийд алдартай орчин үеийн урлагийн арга хэмжээнд манай Ц.Ариунтөгс, Б.Номин нар оролцсон. Солонгост манай үзэсгэлэнгүүд тогтмол гарч байна. Гадаадын хувийн галерейнууд, музейд манай уран бүтээлчдийн бүтээлийг худалдаж авах хандлага байна. Энэ нь зөвхөн тухайн уран бүтээлчид бус Монголд ашигтай. Монгол урлагийг сонирхох нь эндээс эхэлдэг. Нэг уран бүтээлчийн бүтээл музейд очиход “Монгол гэж ямар орон бэ” гэж сонирхоно. Сүүлийн жишээ гэхэд Америкийн Миннесота мужийн том музейд Б.Баатарзоригийн бүтээлийг худалдаж авсан. Тэр музейгээс надад хандаж “Монголын урлагийн тухай ойлголт бидэнд байхгүй байна. Бид Монгол явах хүсэлтэй байна” гэсэн. Нааштай хандлагууд бий. Монголын урлаг гадаадад танигдсан гэж хэлэхэд эрт. Гэхдээ сайхан эхлэл бий.

-Та Америкт амьдарч байгаа гэсэн үү?

-Би Калифорнийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан. Монгол судлалыг Америкт түгээх нь миний бас нэг том зорилго. Манай сургууль 1935 оноос эхлээд монгол хэл зааж байсан түүхтэй. Монгол хэлний толь бичиг гаргаж байсан. Ерөнхий сайд А.Амарын “Монгол Улсын товч түүх”-ийг Калифорнийн их сургууль 1962 онд хэвлэсэн. Ийм түүхтэй сургууль учраас эргээд Монгол судлалын хөтөлбөрийг нээе гэж хөөцөлдөж, Монгол, Америкийн Засгийн газар дэмжлэг үзүүлж, гурав дахь жилдээ монгол хэл зааж байна. Орчин үеийн ярианы монгол хэл, уйгаржин монгол бичиг, Монголын түүх, соёлын сэдэвтэй хичээлүүдийг бид заадаг. Хоёр багштай. Цаашдаа Монгол судлалын төв байгуулах бодолтой байгаа.

-Та Ардын зураач Н.Цүлтэм гуайн бага охин, зураач Ц.Энхжин, Ц.Мөнхжин нарын дүү. Энэ зураачдын уран бүтээлийг хадгалдаг уу?

-Би өөрийн цуглуулгатай болохыг мөрөөддөг. Гэхдээ бэнчин байхгүй. Боломжоороо цуглуулахыг хичээдэг. Би аль болохоор зураач нарт туслах байдлаар үзэсгэлэнгээ зохион байгуулдаг. Миний үзэсгэлэн дээр ямар ч уран бүтээлч мөнгө төлдөггүй. Менежмэнт, урлаг хоёрыг би салгаж ойлгодог. Уран бүтээлчид үүнийг ойлгож, талархдаг. Өөрсдөө надад бэлэглэсэн бүтээлүүд бий. Бяцхан цуглуулгатай гэж болно. Ц.Мөнхжин ахын том ажил бий. Би гуйж байгаад авсан юм.

-Зураач Ц.Энхжин, Ц.Мөнхжин хоёрыг хүмүүс андуурдаг. Харин ихэр зураачдыг танай гэр бүлийнхэн андуурсан тохиолдол байдаг уу?

-Адилхан юм шиг мөртлөө их өөр л дөө. Дуу хоолой нь адилгүй. Харектер нь тэс ондоо шүү дээ. Нэг нь дуу цөөтэй, нөгөө нь яриа. Ээж, аав хоёр маань их өөр араншинтай хүмүүс. Ц.Мөнхжин ах бид хоёр яриа. Ээжийг дуурайсан. Чанга чанга ярина. Ц.Энхжин ах, эгч, аав бол дуу цөөтэй хүмүүс. Намуухан дуутай. Хүүхдүүд нь багадаа холоос харчихаад “Аав аа” гэж гүйж очоод, цочиж зогтусаад уйлж байсан удаа бий.

-Зураач аавын хүүхдүүд бүгд л багадаа зураг зурж байсан биз. Та зураач болох магадлал байсан уу?

-Зураач болох нөхцөл надад байлаа. Тэр үед урлан гэж байсан биш. Аав гэртээ зургаа зурдаг. Ц.Энхжин ах Германаас ирээд бас гэртээ зураг зурдаг. Би “Яагаад ногоон нүүртэй хүн зурчихав” гэж хардаг байсан. “Урнаа хойшоо, би зургаа зурж байна. Уранхай хувцас байвал бийрээ арчина шүү, хувцсаа битгий хаяарай” гэдэг сэн. Урлагийн талаар хоорондоо нэг их яриад байхгүй мөртлөө ийм уур амьсгал дунд өссөн. Ц.Энхжин ах урлагийн түүх ярьдаг байсан нь нөлөөлсөн байх. Би 15-16-тай байхдаа урлагийн талаар уншиж эхэлсэн. Харин зургийн авьяасгүй. Зургийн хичээл дээр тааруу дүн авдаг, зурах дургүй байлаа. Бичих, хэл сурах дуртай. Англи хэлийг ном уншиж, дуулж сурсан. “Битлз” сонсч дагаж дуулдаг байв. “Инээмсэглэл”-ийн Н.Ганхуяг ах манай бэр эгчийн дүү. Хуягаа ахаас англи хэлний дүрэм асуудаг байсан.

-Н.Цүлтэм гуайд ямар нэг өвөрмөц зуршил байсан уу?

-Аав хөгжимд их дуртай. Анх аав зураач болно гэж бодоо ч үгүй. Бөмбөгөр театр гэж байхад аав баянхуур тоглодог, Л.Цогзолмаа эгч бүжиглэдэг байсан гэдэг. Аав “Цогт тайж” кинонд туслах зураачаар явсан. Л.Гаваа гуай ахлах зураач нь байжээ. Кинотеатрын сандлуудыг дугаарлаж, анх бийр барьсан гэж өөрөө ярьдаг байлаа. Түүнээс хойш зурахаар шийдсэн юм билээ. Зураг зурахдаа хөгжим их сонсдог. С.Гончигсумлаа гуайнх яг манай дээд давхарт байсан. Түүний төгөлдөр хуурын аялгуу манайд сонсогддог. Одоо бодоход их сайхан байж дээ. Аав С.Гончигсумлаа гуайтай дотно. Ц.Энхжин ах ярихдаа “С.Гончигсумлаа гуай хөгжмийн хүн ч модерн урлагийг ойлгодог байсан” гэдэг. Ц.Энхжин ахын бүтээлийг тэр бүр хүн ойлгодоггүй байхад С.Гончигсумлаа гуай их дэмждэг байж л дээ. Унгарт сурч байхад маань аав “Шинэ гоё хөгжим байна уу” гэдэг. Наян хэдэн онд Унгарт байхдаа “Dire straits” гэж английн хамтлагийн дууг аавд өгч байснаа санадаг. Аав дуртай сонссон.

Аав үндсэрхэг үзэлтэй хүн байлаа. Монгол буурай ч урлаг нь хэзээ ч буурай байгаагүй гэдэг аавын санаатай би ч санал нийлдэг. Аав мах голлосон хоолонд дуртай. Шар тос, цагаан идээ их хэрэглэдэг байлаа. Сүүлийн үеийн судалгаагаар ургамалын тос муу, шар тос илүү болох тухай ярьцгааж байна шүү дээ. Аав сар болгон мацаг барьдаг. Мацаг барихдаа цагаан идээ иддэг. Хатуу ааруул, ээзгий хүлхэж явдаг байлаа.

Аав хамгийн сүүлд надад захисан үг нь мартагддаггүй. Тухайн үед аав эмнэлэгт байсан юм. Намайг эргэж очиход “Монгол орныг тэр чигээр нь галерей гэж хэлж болно шүү” гэсэн. Монголд хадны сүг зураг байхгүй газар үгүй. Тэр чигээр нь галерей гэж нэрлэмээр байна. Чи тэрийг л судалбал дундаршгүй далай гэсэн үг. Монголын бас нэг гайхалтай эрдэнэ бол Занабазар. Үнэхээрийн сонгодог бүтээлүүд. Үүнийг судлах хэрэгтэй гэсэн юм. Бараг эцсийн үгээ надад хэлж байж.

Үнэхээр л миний баруунд гаргах гэж байгаа ном маань Занабазарын тухай байна. Би “Монголын хүрээ хийдийн шашны урлаг” гэж ном 2016 онд гаргасан.Тэр ном маань Америкт гарахаар болсонд баяртай яваа.

Занабазарыг уран бүтээлчээс гадна тухайн үеийн улс төрийн золиос болсон гэж үздэг. Тэр үед Далай лам хүчээ аваагүй байхад манай Чингис хааны удмыг Далай ламын шавь болгочихож байсан юм. Тэр бол бидний ч буруу биш Манж, Түвдийн Монголыг эрхшээлдээ авах, алтан ургийн хүмүүсийг шашинтай холбох улс төрийн тоглоом байсан гэж боддог.

-Бурхны шашны урлаг судлаач хүний хувьд өөртөө шинэ нээлт хийсэн үү?

-Сүүлийн үед түвд хэл гадарлаад, ном уншдаг болоод байна. Монголын эрдэмтэй лам нарын Буддын шашныг монгол ухаанаар хүлээж авч, ойлгож байгаа нь гайхалтай санагдсан. Энэ миний хувьд нээлт. Бурхны шашиныг монголчууд өөрийн болгож, бөөгийн шашинтай зохицуулан, байгаль шүтлэгтэйгээ тохируулах ажлыг эрдэмтэн лам нар маань хийж байжээ. Монголын буддизм гэж бид нэрлээд байна.

-Та гадаадад Монголынхоо соёлыг түгээж яваа. Монголд амьдрахсан гэсэн бодол байдаг уу?

-Монголд амьдрах бодол надад байнга байдаг. Би тэгж хичээсэн. Сургуулиа төгсчихөөд Монголдоо ирсэн. МУИС-д багшаар орсон. Хоёр жилийн дараа байх аргагүй болоод нөхцөл байдал нь тохирохгүй явсан. Америкт амаргүй. Би бол Монгол Улсын иргэн. Ямар ч тохиолдолд иргэншлээ солихгүй. Үүнийг нөхөр ч дэмждэг. Хүү маань ч Монгол Улсын иргэн. Би Монголын урлаг судалдаг эрдэмтэн. Хаана амьдрах нь чухал биш гэж өөртөө хэлдэг. Монголын урлагийн тухай миний бичиж, бодож байгаа зүйлс хүнд хүрч байгаа цагт учир нь олдоно л гэж найддаг.








Categories
мэдээ нийгэм

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатарт шаардлага хүргүүллээ

Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны гишүүн байгууллага болох Монголын хувийн хэвшил, жижиг, дунд үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, аялал жуулчлалын холбооны гишүүд өнөөдөр “Монгол ньюс” төвд мэдээлэл хийлээ.

МҮЭХ-оос Монгол улсын Засгийн газар болон, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой байгуулдаг хөдөлмөр,нийгмийн зөвшлийг хангах гурван талт хэлэлцээр хангалтгүй, төрийн үйлчилгээний албан хаагчид, хувийн хэвшил, албан бус салбарын ажилтнуудын цалин, орлогын хэмжээ нэмэгдээгүй учир орон нутгийн иргэдийн худалдан авах чадварт нөлөөлж ард иргэд төдийгүй ҮЭ-ийн гишүүд, ажилтнууд, хөдөлмөрчдийн амьжиргаа доройтож байна.

Түүнчлэн МҮЭХ-оос сүүлийн жилүүдэд явуулж буй үйл ажиллагаа хангалтгүй хэрэгжсэний улмаас үйлдвэрчний эвлэлд итгэх итгэл алдарч байгаагаас үүдэн МҮЭХ-г шинэчлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэн МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатарт шаардлага хүргүүлсэн ажээ.

Тус шаардлага нь Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхий зөвлөлийн хурлыг 2018 оны 06-р сарын 21-ны дотор хуралдуулж, ээлжит бус XXIII их хурлыг 2018 оны 9-сарын 18-ны дотор хуралдуулах товыг тогтоож, уг хурлаар МҮЭХ-ны ерөнхийлөгчийн сонгуулийг явуулах аж.

Дээрх шаардлагыг хэрэгжүүлэх хүртэл 2018 оны 6-р сарын 17-ны өдрөөс эхлэн МҮЭХ-нд төлөх гишүүнчлэлийн татварыг албан ёсоор зогсоож, улмаар шаардлагыг хэрэгжүүлээгүй тохиолдолд гишүүн байгууллагууд, анхан шатны ҮЭ-ийн хороод нь Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны гишүүнчлэлээс татгалзахаа албан ёсоор мэдэгдлээ.

Энэхүү хөдөлгөөнд Ховд, Дорнод,Увс аймгийн ҮЭ-ийн холбоод болон эрүүл мэнд, шинжлэх ухаан, хот байгуулалт Эрдэнэт үйлдвэрийн ҮЭ-ийн холбоод болон анхан шатны ҮЭ-ийн хороод, түүний гишүүд нэгдээд байна.

Ц.УРАНБОЛОР

Categories
мэдээ улс-төр

Л.Оюун-Эрдэнэ гишүүнд М.Энхболд даргын зөвлөх 60 тэрбумын асуудлаар мэдээлэл илгээв

Авлигатай тэмцэх газрын үүдэнд хийсэн мэдэгдэлтэй нь холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболдын улс төрийн бодлогын зөвлөх, Ажлын албаны ахлагч Б.Гүнбилэг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэд мэдээлэл хүргүүлжээ.

Мэдээлэлд “…Таны мэдэгдэлд дурдсан “60 тэрбумын” гэх асуудал нь 2016 оны сонгуулийн өмнө тодорхой зорилготойгоор урьдчилан бэлтгэсэн, 2017 оны сонгуульд ашиглагдсан гүтгэлгийн шинжтэй материал юм. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд хуулийн байгууллагууд уг асуудлыг өргөн хүрээнд хамтарсан ажлын хэсэг байгуулан удаа дараа шалгаад, Нийслэлийн прокуророос гэмт хэрэг биш гэсэн дүгнэлтийг албан ёсоор гаргасан” хэмээн дурдаад, холбогдох байгууллагуудын албан бичгийг хавсаргасан байна.

Хавсралт баримт бичгүүдэд Нийслэлийн Прокурорын газрын Прокурорын тогтоол, Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газрын албан тоотууд багтсан байна.

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Д.Ширэндэв, ахлах прокурор, Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ж.Сандагсүрэн нарын 2017 оны 9-р сарын 4-нд ирүүлсэн 25 дугаар тогтоолд гэрч М.Энхболд, Г.Доржзодов, Б.Пүрэвдулам нарын зэрэг хүмүүсийн мэдүүлэг, бусад холбогдох баримтуудаас дүгнэж үзэхэд “…төрийн албан тушаалыг үнэлж, бусдаас хахууль авч, төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан, сонгуулийн үйл ажиллагаа, үр дүнд хууль бусаар нөлөөлсөн гэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна” гээд, хэрэг бүртгэлтийн хэргийг хаах нь зүйтэй гэж үзэж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн байна.

Цагдаагийн ерөнхий газраас Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарт 2018 оны 4-р сарын 2-ны өдөр ирүүлсэн 01/248 тоот “Мэдээлэл хүргүүлэх тухай” албан бичигт “Монгол Ардын Намын дарга, нэр бүхий гишүүд Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн өмнө төрийн эрх мэдлийг хууль бусаар авах тухай яриа тохироо хийж, 60.0 тэрбум төгрөг босгосон тухай” мэдээлэлд АТГ-ын Мөрдөн байцаах албанаас 2017 оны 7-р сарын 25-ны өдөр хэрэг бүртгэлтийн 170200016 дугаартай хэрэг нээж, АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулсан болохыг дурдсан байна.

Авлигатай тэмцэх газраас Г.Занданшатар сайдад 2018 оны 4-р сарын 3-ны өдөр мөн мэдээлэл хүргүүлжээ. Уг мэдээлэлд хамтарсан ажлын хэсгээс хийж гүйцэтгэсэн ажлын талаар танилцуулаад, “Бичлэгтэй холбогдуулан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс 6 удаагийн шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур өөр шинжээчдийн бүрэлдэхүүнтэй 1 удаагийн шинжээчийн дүгнэлт гаргасан. Олон нийтэд цахим сүлжээ ашиглан тараагдсан М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарын зургийг оруулсан, мөн бичгийн хэлбэрээр текст оруулсан дуу, дүрсний бичлэгийн хувьд эвлүүлэг, монтаж хийгдсэн байна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан.

Бичлэг хийсэн тоног төхөөрөмж, бичлэгийн эх хувийг шаардахад Г.Доржзодов бичлэг хийсэн тоног төхөөрөмжөөс бичлэгийг устгасан, бичлэг хийсэн тоног төхөөрөмж эвдэрсэн, бичлэгийн эх хувь байхгүй гэсэн тайлбар хийсэн. Бичлэг хийсэн гэх тоног төхөөрөмжийг түр хураан авч, шинжилгээний байгууллагад хүргүүлэхэд бичлэгийн эх хувь тухайн тоног төхөөрөмж дээр хадгалагдаагүй байсан болно.

Интернэт орчинд байгаа бичлэг, гомдол гаргагч нараас ирүүлсэн бичлэгүүдийн хувьд дуу авианыбичлэгт засвар хийж, фото зураг оруулж, хүн бүрийн яриаг текст хэлбэрээр бичлэгт оруулсан, дуу авианы бичлэгийг дуу, дүрсний бичлэг болгон засвар хийсэн, 162 минутын бичлэгийг 2 мин, 2 мин 40 сек, 40 мин, 90 мин хэмжээтэй болгон зассан, өөрчлөлт оруулсан болох нь тогтоогдсон” хэмээн дурджээ.

Түүнчлэн 2016 оны 7-р сараас хойших хугацаанд төрийн албанд шинээр болон дэвшин томилогдсон, ахлах мэргэжилтэн, түүнээс дээд шатны албан тушаалтны нэрсийг гарган, эдгээрээс 1500 төрийн албан хаагчдаас гэрчээр мэдүүлэг авсан болохыг тэмдэглэсэн байна.

Улмаар нэр бүхий хүмүүс төрийн албантушаалыг үнэлж, бусдаас хахууль авч, төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан, сонгуулийн үйл ажиллагаа, үр дүнд хууль бусаар нөлөөлсөн гэх нөхцөл байдлууд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй болохыг тэмдэглэжээ.

Л.Оюун-Эрдэнэ гишүүнд илгээсэн баримтуудын нэг болох Тагнуулын ерөнхийгазрын албан тоотод “Л.Оюун-Эрдэнээс 2018 оны 6-р сарын 15-ны өдөр хийсэн мэдэгдэлд дурдсан асуудалд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.2 дугаар зүйлд заасан Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах гэмт хэргийн шинж тогтоогдоогүй байна” гэжээ.

60 тэрбумтай холбоотой асуудлын баримтуудыг Л.Оюун-Эрдэнэ гишүүнд хүргүүлжээ

60 тэрбумтай холбоотой асуудлын баримтуудыг Л.Оюун-Эрдэнэ гишүүнд хүргүүлжээ

Categories
мэдээ нийгэм

Цаг агаарын гэнэтийн аюулаас хамгаалах бодлогын талаар Б.Батзориг сайд мэдээллээ

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2018.06.19) хуралдаан 57.9 хувийн ирцтэйгээр 10 цаг 17 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Эхлээд Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд өмнө авч хэрэгжүүлж байсан арга хэмжээнийүргэлжлэл болгон орон нутагт мэргэжлийн байгууллагын удирдлагын томилгооны асуудлаар холбогдох хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэн Ус цаг уур,орчны хяналт шинжилгээнийтухай хуульд өөрчлөлтийг оруулсан хуулийн төслийг боловсруулж УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүн 2018 тавдугаар сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн юм. Төслөөр орон нутагт мэргэжлийн байгууллагын удирлагыг томилохдоо дээд шатны байгууллагын даргатай зөвшилцөн тухайн шатны Засаг дарга нь томилж байх зарчимыг баримтлан дараах заалтуудад өөрчлөлт оруулсан. Тодруулбал, Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухайхуулийн “Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх” гэсэн6 дугаар зүйлийн6.2 дахь хэсгийг “Ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын сүлжээний нэгжийн албан хаагчийг мэргэжлийн удирдлагаар хангах үүрэг бүхий байгууллагын даргатай зөвшилцөн тухайн шатны Засаг дарга Төрийн албаны тухай хуулиар тогтоосон шаардлагыг хангасан иргэнийг сонгон шалгаруулж томилж, чөлөөлнө.”гэж өөрчлөх аж.

Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Д.Эрдэнэбат, А.Сүхбат нар салбарын сайд Н.Цэрэнбат, Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин, Байнгын хорооны даргаас тайлбар, мэдээлэл авав. Цаг уурын байгууллагын онцлогийн заримаас дурдвал 137 суманд 5 хүнтэй цаг уурын өртөө, 183 суманд нэг хүнтэй цаг уурын харуул ажилладаг бөгөөд эдгээрийн үйл ажиллагааны стандарт, тоног төхөөрөмж нь Дэлхийн цаг уурын байгууллагын гишүүн бусад орны түвшинд ажилладаг. Бусад орны энэ төрлийн байгууллагын тогтолцоо нь босоо байдаг ба манай улс 94 жилийн түүхтэй тус байгууллагын тогтолцоо 1990-ээд оны сүүлээс 2001 он хүртэл хэвтээ тогтолцоотой байсан гэдгийг С.Энхтүвшин дарга тайлбарласан. Энэ байгууллагын бэлтгэж буй мэдээ, мэдээлэл зөвхөн Монгол орны цаг агаарын талаар биш, бүс нутгийн хэмжээний мэдээ, мэдээлэлтэй уялддаг, мөн тус байгууллагын мэдээ мэдээлэл дээр тулгуурлан улс орны хэмжээнд мал аж ахуй, хөдөө аж ахуй, онцгой байдлын үйл ажиллагаа явагддаг гэдгийг Н.Цэрэнбат сайд тайлбарлаад иймд удирдлагын болон хариуцлагын тогтолцоо одоо мөрдөгдөж буйгаараа зохистой гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн энэ үеэр ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын мэргэжлийн боловсон хүчний асуудал, техник тоног төхөөрөмжийн хүрэлцээ, төсвийн хуваарилалт, цаашдын хандлага, төлөвлөгөөний талаар тодруулж, хариулт авсан.

Дараа нь УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулан шийдвэрлээд төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Малын генетик нөөцийн тухай болон Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн зарим заалтын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсов

Хуралдаанаар үргэлжүүлэн Малын генетик нөөцийн тухай болон Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн зарим заалтын хэрэгжилтийн талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсов. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжүүлэх бэлтгэлийг хангахаар 7 чиглэлийн 146 арга хэмжээ, Малын генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжүүлэх бэлтгэл хангахаар 12 чиглэлийн 95 арга хэмжээг тус тус хэрэгжүүлж байна. Хуулийг хэрэгжүүлэх бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлттэй холбоотойгоор Мал эмнэлгийн үржлийн газрын нэрийг Мал эмнэлгийн ерөнхий газар гэж өөрчлөхөөр, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэх, батлах тухай” УИХ-ын 2016 оны12 дугаарын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын үзэл баримтлал, төслийг боловсруулж, холбогдох бэлтгэл ажлыг гүйцэтгээд байгаа талаараа Б.Батзориг сайд танилцууллаа. Мөн бүтэц, зохион байгуулалттай холбоотой Засгийн газрын тогтоолын 9 төслийг боловсруулаад байгаагаа дуулгав. Мөн дээрх хуулиудын хэрэгжилтийн хүрээнд зарим хуулийн давхардал, зөрчил гарч байгааг өөрчлөх, эрх зүйн орчны холбогдох өөрчлөлтийг хийхээр төслүүдийг боловсруулж байгаа гэлээ.


Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, О.Батнасан, Г.Тэмүүлэн, Ж.Энхбаяр, Г.Мөнхцэцэг нар эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлийн бодлого, арга хэмжээ, Мал эмнэлгийн хүрээлэн, энэ төрлийн судалгаа, эрдэм шинжилгээний бүтцийн байгууллагууд малын өвчинтэй тэмцэх шинэ төрлийн био бэлдмэл, сорьцыг бэлтгэж буй эсэх, импортын вакцин, био бэлдмэлийг орлох бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх боломжийн талаар тодрууллаа. Засгийн газраас тариалангийн бүс нутгаа зарласан нь олон талын ач холбогдолтой. Ингэснээр нэн тэргүүнд газар тариалангийн салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэх, үүнийг түшиглэсэн эрчимжсэн мал аж ахуйн хөгжил, малын тэжээлийн үйлдвэрлэл, нөөцтэй холбоотой арга хэмжээнүүдийг тодорхойлон хэрэгжүүлэх боломж бүрдээд байгааг салбарын сайд хэлсэн. Монгол Улсын мал сүргийг эрүүлжүүлэхэд “Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газраас 60 гаруй нэр төрлийн оношлуур, вакцин үйлдвэрлэн, дотоодын хэрэгцээний 90 хувийг хангаж байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Алтангэрэл хариуллаа. Импортоор хоёр нэр төрлийн вакцин авч байгаа юм байна. Мал эмнэлгийн хүрээлэн сүүлийн 10 гаруй жилийн судалгааны үр дүнд 6 нэрийн вакцины технологи бий болгосон ч үйл ажиллагааны байгууллагуудын харъяалал өөр байдгаас үүдэн үйлдвэрлэлд нэвтрүүлж чадаагүй гэдгийг хэллээ. Дээрх хуулиудын хэрэгжүүлэх бэлтгэл хангах хүрээнд салбарын байгууллагуудыг нэгтгэх ажлуудыг гүйцэтгэж байгааг хэлж байсан. Мал эмнэлгийн үйлчилгээ тогтсон хэлбэрээрээ үргэлжилж байгаа бөгөөд 2018 оны байдлаар мал эмнэлгийн арга хэмжээ нийтдээ 21 тэрбум төгрөгийн вакцин, үйлчилгээ, ариутгал, халдваргүйжүүлэлт, лабораторийн тандалт үйлчилгээний ажлууд төлөвлөсөн хугацааны дагуу гүйцэтгэгдэж байгааг дуулгав. Говийн аймгууд дахь худаг усны хангамжийг нэмэгдүүлэх талаар тодруулсан Г.Мөнхцэцэг гишүүний асуултад хариулт өглөө. Яамны зүгээс улсын хэмжээнд худаг усны хэрэгцээ, шаардлагын талаар нэгдсэн судалгаа гаргахад 5000 орчим худаг шинээр бий болгох шаардлагатай. Гэхдээ төсвийн нөхцөл байдлаас шалтгаалан шат дараалалтайгаар хэрэгжүүлэх, 2018 оны төсөв дэх 1.7 тэрбум төгрөгөөр 17 аймагт инженерийн хийц бүхий 133 худаг хийхээр тендэр нь зарлагдан, холбогдох ажлууд гүйцэтгээд явж буйг Б.Батзориг сайд дуулгасан. Мөн худаг усны хангамжийг сайжруулахтай холбоотойгоор технологийн дэвшлийг нэвтрүүлэх, нарны эх үүсвэр бүхий худгийг байгуулах технолгийг хэрэгжүүлэн, хэрэглээг өргөтгөх шаардлага бий, салбарын яамнаас энэ төрлийн санал, төсвөө Сангийн яаманд хүргүүлсээр ирснийг тайлбарлаж байв. 2019 оноос энэ чиглэлээр техникийн даалгавар гаргаж, төсөв хөрөнгийн асуудлыг нарийвчлан тусгасан саналыг харъяалах Байнгын хороонд танилцуулан ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж байлаа.

Мэдээлэлтэй холбогдуулан Ж.Энхбаяр гишүүн үг хэллээ. Дэлхийн цаг уурын өөрчлөлтөд хамгийн их нэрвэгдэж байгаа улс орны хувьд уламжлалт мал аж ахуйгаа хэрхэн зохицуулах, нөхцөл байдалд тохируулан эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх талаар гарц, шийдлийг олох шаардлага бий. Иймд эрдэмтэн, судлаачид, бодлого тодорхойлогчид, шийдвэр гаргачид хамтран цаг уур, орчны өөрчлөлтийн нөлөө, нийгэм, эдийн засаг, аж ахуй, хөдөлмөр эрхлэлт, хүнсний хангамжид нь үзүүлэх нөлөөллөөс энэ улс орон, хүн амыг хэрхэн хамгаалах, сэргийлэх, урьдчилж авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаар бодлогын түвшинд зөвшилцөх шаардлага бий гэдгийг хэлж байв. Дэлхийн хэмжээнд хүнс, хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарын хөгжил нэн хурдацтайгаар хөгжиж байхад Монгол Улсын хувьд хоцрогдсон байгаадаа дүн шинжилгээ хийх шаардлага тулгараад байгааг анхааруулсан. Мөн тэрбээр газар нутгийн хэмжээгээр Дархан, Сэлэнгийн газар тариалангийн бүс нутагтай дүйцэх Бүгд Найрамдах Беларус Улсын хөдөө аж ахуйн салбарын хөгжил, экспортын дүн мэдээтэй харьцуулан тайлбарлалаа. Сэлэнгэ аймаг бол хүнсний стратегийн онцгой ач холбогдол бүхий бүс нутаг учир бодлогын түвшинд уг асуудлыг хэлэлцэн, хөрөнгө оруулалтыг татахуйц бодлого, шийдвэрийг салбарын яам болон Засгийн газар авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг Д.Эрдэнэбат гишүүн хэлээд “2019 оны Монголын хүнсний бодлоготой холбоотой стратегийн гол бодлогыг тодорхойлох хөрөнгө оруулалтын асуудлаар чуулганыг энэ наймдугаар сард Сэлэнгэ аймагт зохион байгуулахад салбарын яам санаачилж, зохион байгуулах талаар судалж үзнэ үү” гэдэг хүсэлтийг хэллээ. Салбарын яам уг санал, санаачилгыг дэмжих боломжтой гэдэг дээр Б.Батзориг сайд илэрхийллээ.

Цаг агаарын гэнэтийн аюулаас хамгаалах бодлогын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд мэдээлэл хийлээ

Дараа нь мал аж ахуй болон тариалангийн бүс нутгийн ган, хуурайшилтын нөхцөл байдал, малыг цаг агаарын гэнэтийн аюулаас хамгаалах бодлогын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонссон. Мал аж ахуйн салбар 2018 оны 06 дугаар сарын15-ны байдлаар 20.0 орчим сая төл хүлээн авч, 1.8 сая том малын зүй бусын хорогдолтой байгааг Б.Батзориг сайд мэдээллийн эхэнд танилцууллаа. Бэлчээрийн төлөв 6 дугаар сарын 10-ны байдлаар, нийт газар нутгийн 30 хувь нь хэвийн, 30 хувь нь дунд, 40 хувь нь муу үнэлгээтэй байгаа аж. Тухайлбал, Баянхонгор, Өмнөговь, Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Архангай, Төв, Говь сүмбэр, Хэнтий, Сүхбаатар аймгуудын зарим суманд хур бороо муутай, байдал хүнд байгаа гэв.


Энэ онд бэлчээрийн усан хангамжийг сайжруулахад 1.7 тэрбум төгрөгөөр 17 аймагт 133 инженерийн хийцтэй худаг гаргахаар тендер зарлан гэрээ байгуулсан, аймаг, орон нутагт ажилявагдаж байна. Мөн бэлчээрийн хөнөөлт мэрэгчидтэй тэмцэх ажлыг энэ онд 650.0 мянган га-д хийж гүйцэтгэхээр ажиллаж байгаа гэв. Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг 5 дугаар сарын 1-нээс орон даяар эхэлсэн бөгөөд төлөвлөгөөт ажлууд үргэлжил байгаа аж.

Газар тариалангийн хувьд 6 дугаар сарын 15-ны байдлаар улсын хэмжээгээр 342.1 мянган га-д үр тариа, 11.5 мянган га-д төмс, 6.4 мянган га-д хүнсний ногоо, 26.5 мянган га-д малын тэжээлийн ургамал, 54.6 мянган га-д тосны ургамал, нийтдээ 441.5 мянган га-д тариалалт хийгээд байгаа юм байна.

Засгийн газрын зүгээс тариалангийн бүс нутгийг зарлан, олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа нь салбарынханы хувьд ихээхэн дэмжлэг болж байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд онцлоод “Ирэх жилд газар тариалангийн салбар үүсч хөгжсөний 60 жилийн ой тохиох юм. Ойг угтан бүтээлч ажлуудыг хийхээр төлөвлөөд байгаа. Цаг уурын нөхцөл байдлын өөрчлөлттэй холбоотойгоор усалгаатай газар тариаланг нэмэгдүүлэх шаардлага бий. Манай улс 1.5 сая га тариалангийн талбайтай. Үүний 5000 га нь усалгаатай. Яамнаас үүнийг нэмэгдүүлж 80000 га болгох зорилт тавин ажиллаж байна” гэв. Мөн хөрс хамгаалах, ойн зурвас тавих, газар тариалангийн бүс нутгаа хашаалж, хамгаалах ажлын талаарх зохион байгуулалтыг яаман дээр бэлтгэж байна. Салбарын техник шинэчлэлд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, үр сортын шинэчлэлд яамнаас бодлогоор дэмжлэг үзүүлэх ажлуудыг хийж байгаагаа хэллээ. Үүний зэрэгцээ цаг агаарт зориудаар нөлөөлж мөндөрийн үүлийг сарниулах, нийслэл орчимд үүлэнд зориудаар нөлөөлж хөрсний чийгийн тэтгэх, хуурайшилтын нөлөөг бууруурлах, ой хээрийн түймэр гарахаас урьдчилан сэргийлэх, гарсан түймрийг унтраахад дэмжлэг үзүүлэх зорилгоор тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа талаараа дэлгэрэнгүй мэдээллээ.


Мэдээлэлтэй холбогдуулан Ж.Энхбаяр гишүүн малын тэжээл импортлох ажлыг гүйцэтгэлийг тодруулж, өвөлжилтийн бэлтгэл ханган малын тэжээл тариалах асуудлыг эрчимжүүлэх, цаг уурын нөхцөл байдлын өөрчлөлтэй уламжлалт мал аж ахуйг хэрхэн уялдуулах талаар, усан хангамжийг ашиглах талаар асууж, тодорхой саналууд хэлсэн. Хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарыг шинжлэх ухаанд тулгуурлан хөгжүүлэх бодлогыг гарган хэрэгжүүлж чадвал улс орны эдийн засаг, нийгмийн олон асуудлыг шийдвэрлэх тулгуур болох бололцоо бий гэдгийг хэллээ. Үүний тулд шийдвэртэй ажлуудыг хийх, жил бүр нэг чиглэлд бодлого, төсвөө бүрэн төвлөрүүлж үр дүнтэй арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллах нь зүйтэй гэдэг саналыг хэллээ. Салбарын хүний нөөцийн асуудлыг мөн онцгойлон анхаарч, олон улсын жишгийг нэвтрүүлэх, шаардлагатай бол гаднын экспертийн багтай хамтран ажиллах шийдлийг ч хэрэгжүүлж болно гэдгийг хэлж байлаа. Мэдээллүүдтэй холбогдуулан гишүүдээс гаргасан санал, санаачилгыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хамт олон анхаарч, авч хэрэгжүүлэх тал дээр ажиллах нь зүйтэй гэдэг чиглэлийгхуралдаан даргалагчаас өгснөөрБайнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

“Айтүүлс” ХК-ийн Дархан-Уул аймагт байрлах дата парк 60 хувийн гүйцэтгэлтэй байна

Өнөөдөр “Айтүүлс” ХК залуу судлаачдад зориулан “Төр, хувийн хэвшлийн – 2018: Аж үйлдвэрийн инноваци- оюуны өмч” сэдвээрхэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Тус компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч нь “ICT” групп юм.“Айтүүлс” компанийн хувьцаа худалдаанд гарснаар олон нийттэй нээлттэй харилцах мөн хөрөнгийн бирж дээр чөлөөтэй арилждаг болсон. Олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгөөрөө төслийнхөө хүрээнд хийж буй ажлуудаа явуулж байна. “Айтүүлс” ХК-ийн Дархан-Уул аймагт байрлах дата парк нь одоогоор 60 хувийн гүйцэтгэлтэй,VIII сард ашиглалтад оруулах зорилготойгоор ажиллаж байна. Уг хэлэлцүүлгээр технологийн салбарт төр, хувийн хэвшлийн хамтын үйл ажиллагааг дэмжих, эрдэмтдийн эрдэм шинжилгээ, судалгааг хөгжүүлж, бизнесийн салбарт нэвтрүүлэх, салбар дундын хамтын түншлэлийн үр дүнд инноваци- мэдээллийн технологи аж үйлдвэрлэл хосолсон хөгжлийг түргэсгэх зорилготойгоор зохион байгууллаа. Арга хэмжээнд “Нанотехнологи Монголд: Одоо ба ирээдүй” сэдвээр “Шинэ Монгол” технологийн дээд сургуулийн захирал Ч. Ганзориг (Ph.D) “Дата бизнесийн үнэт суурь болох нь” сэдвээр “Айтүүлс” ХК төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, “ICT” группын ХК технологи хариуцсан захирал А. Баттамир, “Оюуны өмчийг эдийнзасгийн эргэлтэнд оруулах гарц” сэдвээр Японы “Кловер патент” фирмийн Монгол дахь салбар оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. Дамдинбазар нар илтгэл тавилаа.

Б. Алтантуяа

Categories
мэдээ нийгэм

МҮБХ-ноос УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэд шаардлага хүргүүллээ

Тус шаардлагадаа “Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн гуравдугаар сарын 14-ний өдөр захирамж гаргаж, МҮБХ-ны тэргүүн асан Р.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ нарыг МҮБХ-ны тамга тэмдэгийг ашиглахгүй байх, 20-ний өдөр элдэв хурал цуглаан, үйл ажиллагаа явуулахгүй байхыг даалгасан.

Гэвч тэд шүүгчийн захирамжийг зөрчиж, элдэв хурал цуглаан, үйл ажиллагаа зохион байгуулж, МҮХБ-ны тамга тэмдэгийг ашигласаар байсан тул өнгөрсөн дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн ОӨУБЕГ-аас тэдний хэрэглэж байсан тамга, гэрчилгээг хүчингүй болгосон байдаг. Гэтэл тэд өнөөдрийг хүртэл хүчингүй болсон тамга тэмдэг ашиглаж элдэв үйл ажиллагаа явуулсаар байгаа тул МҮБХ-ноос УИХ-ын гишүүн, Дархан аврага Б.Бат-Эрдэнэд шаардлага хүргүүлж байна” гэжээ.

Мөн “Монголын Үндэсний Бөхийн Холбоо” ТББ-ын үйл ажиллагаанд саад учруулж, хүчингүй болсон хуурамч тамга, гэрчилгээ ашиглаж, бөхчүүдийг Баруун, Зуун, Увс, Халхаар нь талцуулан хувааж, өөрийн мэдлийн “Аварга” Дээд Сургуулийн багш ажилчдаар бүрдүүлсэн “Допингийн Үндэсний Төв”-өөрөө залуу, ид барилдах насан дээрээ байгаа бөхчүүдийг хууль бусаар допингчин болгон зарлаж, нэр төрд нь халдаж, хуурамч дүгнэлт гаргуулж, шинжилгээний хариуг будлиулж, шантаажилж хууль бус мөнгө, бохир бизнес хийж байгаа үйлдлээ нэн даруй зогсоохыг танаас шаардаж байна” гэжээ.

Сануулахад, МҮБХ эвлэлдэн нэгдэж, учир зүйгээ олох гэсэн боловч УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ татгалзсанаас болж эвлэрлийн гэрээ байгуулж чадаагүй тухай УИХ-ын гишүүн, Дархан аварга А.Сүхбат мэдээлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Ч.Чимэдбат: Бага насны хүүхдийг буруу тээвэрлэж буй жолоочийг замын хөдөлгөөнд оролцуулахгүйсадан

Замын цагдаагийн албанаас орон нутгийн замд гарч буй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилго бүхий “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” аяны талаар мэдээлэл хийлээ. Он гарсаар улсын хэмжээнд 163 хүн авто замын ослоор амь нас нь хохирсон байна. Ослын 76 хувь нь орон нутгийн замд бүртгэгджээ. Орон нутгийн замд гарч буй осол нь дийлэнхдээ жолооч аюулгүй байдлыг хангаагүйгээс үүдэлтэй гардаг гэлээ. Энэ талаар Замын цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Ч.Чимэдбатаас тодрууллаа.


-Урин дулаан цагаар авто тээврийн осол нэмэгддэг. Ихэвчлэн ямар шалтгаанаас зам тээврийн осол гардаг вэ?

-Урин дулаан цаг иржээ. Энэ үеэр орон нутгийн замд зам тээврийн осол тодорхой хэмжээнд бүртгэгдээд эхэлдэг. Хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарт жолоочийн хариуцлага гэдэг зүйл дутагдаж байгаа нь зам тээврийн ослын гол шалтгаан болж байна. Мөн жолооч, эцэг, эхчүүд бага насны хүүхдийг буруугаар тээвэрлэх тохиолдол их байдаг. Зөвхөн 2017 онд бага насны 1058 хүүхэд зам тээврийн ослоос шалтгаалан гэмтэж, 55 хүүхэд амь насаа алдсан тоо баримт байна. Уг 55 хүүхдийн 47 нь эцэг, эх, ойр дотны хамаатан садан, ах, эгчийнхээ яг хажууд нь тээвэрлэгдэж явсан. Хүүхдүүд томчуудын дүрэмд, бус хариуцлагагүй үйлдлийн золиос болж амь насаа алдсаар байна. Хөдөлгөөнд оролцож байхдаа хамгаалалтын суудлын бүсээ хэрэглэхгүй, онгорхой цонхтой бага насны хүүхдийг тээвэрлэх тохиолдол их байна. Дүрэм журмын дагуу хөдөлгөөнд оролцоогүйгээс болж бүхэл бүтэн ерөнхий боловсролын нэг сургуулийн нэг ангийн хүүхдүүд амь насаа алдсан харамсалтай мэдээ байгаа. Бид энэ тоон мэдээг тодорхой хэмжээгээр буулгах, аль болох байхгүй болгохоор хичээж ажиллаж байгаа. Орон нутагт очоод үзэхэд мотоцикльтой холбоотой зөрчил маш их бий. Мотоциклийн дөрөөнд ч хөл нь хүрэхгүй хүүхдээс эхлээд хөгшин настай хүмүүс дураараа мотоцикль унаж өдөр тутамдаа хэрэглэдэг болсон. Тэд улсын бүртгэлгүй, каск, хамгаалах малгайгүй хөдөлгөөнд оролцож байна. Урин дулаан цаг ирсэн энэ үед архи согтууруулах ундаа хэрэглэн жолоо барьж буй зөрчлүүдээс болж амь нас эрсдэх тоо нэмэгдэх болсон. Тус нөхцөл байдалтай тааруулан энэхүү аяныг зохион байгуулж байна. Манай арга хэмжээнд Гэмтэл согог судлалын үндэсний төв, Авто тээврийн үндэсний төв, Онцгой байдлын ерөнхий газар, төрийн болон төрийн бус байгууллагууд, Дрифт, Пажэро холбоонууд нэгдэж байгаа. Энэ арга хэмжээг дэмжиж клуб, баг тамирчид, залуучуудаараа нэгдэж дэмжиж байгаа.

-Энэхүү аяны хүрээнд ямар үйл ажиллагаанууд болох вэ?

-Аяны хүрээнд ухуулга суртчилгаа хийж самбар байршуулна. Тус аян энэ сарын 20-ны өдөр улс орон даяар нээлтээ хийнэ. 21 аймагт болон Драгон төв дээр нээлтүүд нэгэн зэрэг эхлэх байгаа. Гудамж болон орон нутгийн замд хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарт хяналт шалгалт тавих ажиллагааг эрчимжүүлэн явуулна. Бид тээврийн хэрэгслийнхээ хурдыг хэтрүүлж, бага насны хүүхдийг буруу тээвэрлэж буй жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэж шийдсэн. Маш олон удаа сануулсан. Одоо таслан зогсоох цаг нь болсон гэж үзэж байна.

-Хөдөө орон нутагт гарч буй ослуудаас хэрхэн сэргийлэх вэ ?

-Жолоо барина гэдэг тоглооом биш. Өөрийнхөө болон зорчигчдынхоо амь насыг хамгаалж, дүрэм журмын дагуу хөдөлгөөнд оролцох жолооч хүний үүрэг. Урин дулаан цаг эхлэхээр хүмүүс ихэвчлэн аялал зугаалгаар хөдөө орон нутгийн замд зорчдог. Мэдээж аяллаар явж байгаа учир ойр дотны ах дүү гэр бүлтэйгээ явна. Жолооч нар хүний амийг атгаж яваагаа ухамсарлах хэрэгтэй. Олуулаа, найз нөхдөөрөө явж байхдаа хурд хэтрүүлэн, онгирч, дарвиж, хөдөө цагдаа байхгүй гэсэн ахархан бодлоор согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэж, тээврийн хэрэгсэл жолооддог, энэ зүйлсийг яаралтай таслан зогсоох шаардлагатай байна.

-Орон нутгийн замд бараг л хяналт, шалгалт байхгүй шүү дээ. Хот хоорондын автобус гэхэд 80-аас дээш хурдтай зорчиж болохгүй. Гэтэл 100 гаруй км цагийн хурдтай давхиж байна. Үүнийг хэрхэн таслан зогсоох вэ?

-Үүнийг нийтийн тээврийн үйлчилгээ буюу орон нутгийн чанартай Авто тээврийн үндэсний төв, Цагдаагийн байгууллагатай хамтран GPS-ээр давхар хяналт тавиад хурд хэтрүүлсэн компани болон жолооч нартай шууд утсаар холбогдон хөдөлгөөний хязгаар, хөдөлгөөнийг хэвийн хэмжээнд явуулах болон эргүүлэн арга хэмжээ тооцох ажлуудыг эрчимжүүлэн ажиллаж байгаа. Орон нутгийн замд байнгын болон түр посуудыг нэлээдгүй хэмжээгээр байршуулан нэмэлт хүчээр ажиллуулах төлөвлөгөөтэй байна. Зуны амралт зугаалга эхэлсэн байгаа энэ мөчид Замын цагдаагийн албан хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ээлжийн амралтаа авахгүйгээр ажиллах төлөвлөгөөтэй байна.

-Өнгөрсөн жилийн мөн үеэс өнөө жилийн мөн үе хүртэл зам тээврийн осол гэмтэл буурсан уу?

-Өнгөрсөн оны нэгдүгээр улирлыг энэ жилтэй харьцуулахад улсын хэмжээнд зам тээврийн осол 19,6 хувиар буурсан. Энэ жил зам тээврийн осол харьцангуй буурсан нь нэг бодлын маш сайшаалтай. Тус үр дүн нь иргэдийн хөдөлгөөнд оролцож буй соёл, цагдаагийн байгууллага болон бусад байгууллагуудын хяналт сайн тавьж байгаатай шууд холбоотой гэж үзэж байна. Иргэд хөдөлгөөнд оролцох чиг хандлагаа өөрчлөхгүй бол хичнээн Цагдаагийн байгууллага хяналтаа эрчимжүүлсэн ч бодитой үр дүнд хүрч чадахгүй. Зам тээврийн ослоос улбаалан амь эрсдэх тоо сэтгэлд хүртэл буурч чадахгүй л байна. Жишээлбэл, жолоочид согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох үзэгдэл их байна. Шалгаад үзэхээр хаанаас хаа хүртэл явсанаа санахгүй болтлоо уусан байдаг. Тийм жолоочтой цуг хоёр гуравхан настай охин нь цуг зорчиж байх жишээтэй. Иймэрхүү жишээнүүд маш их бий.

Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ нийгэм

ДЭМБ-аас “компьютер тоглоомын өвчин”-ийг шинээр бүртгэж авчээ

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) “gaming disorder” буюу компьютер, тоглоомын өвчин гэгчийг албан ёсоор өвчний ангилалд оруулж бүртгэж авлаа..

Энэ өвчний илрэх гол шинж тэмдэг нь

  • Компьютер, видео тоглоомонд хяналтаа алдан донтох
  • Бусад зүйлсийг сонирхох, өдөр тутмын үйл ажиллагаанаасаа компьютер тоглоомыг илүүд тавих
  • Гарах сөрөг үр дагаврыг нь үл тоомсорлон тоглоомоо үргэлжлүүлсээр байх хэмээн тодорхойлжээ.

ДЭМБ-аас гаргадаг Олон Улсын Өвчний Ангилал буюу International Classification of Disorders жагсаалтын шинэчлэгдсэн хувилбарт “компьютер тоглоомын өвчин”-ийг багтаажээ.

Categories
мэдээ нийгэм

10 зорчигчтой явсан “Приүс-20” автомашин онхолджээ

Нийслэлийн Багахангай дүүргийн хоёрдугаар хороонд Улаанбаатар хотоос Говьсүмбэр аймгийн чиглэлд 10 зорчигчтой явсан “Приүс-20” загварын автомашин энэ сарын 17-нд онхолджээ. Уг дуудлагын дагуу ослын газарт очиходавтомашины төмөр эд ангид нэг хүн хавчуулагдсан байсныг тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн есөн алба хаагч, нэг автомашинтай ажиллаж иргэн 62 настай, эмэгтэ Ц-г эсэн мэнд гаргаж авсанбайна. Тэрээр автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн байсан учир дүүргийн Эрүүл мэндийн төвд хүргэж өгсөн байна.