Categories
мэдээ нийгэм

“Мэргэжлийн боловсрол сургалт-Ажилсаг Монгол” зөвлөгөөн болж өнгөрлөө

Монгол Улсын Засгийн газар, Герман улсын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтарсанүндэсний зөвлөгөөн хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Мэргэжлийн боловсрол сургалтын салбар Монгол Улсын хөгжлийн хөдөлгөгч хүч болсон мэргэжилтэй, ур чадвартай боловсон хүчнийг бэлтгэдэг голцөм учраас Засгийн газраас энэ салбарт онцгой анхаарал хандуулан “Мэргэжлийн боловсрол сургалт-Ажилсаг Монгол” үндэсний зөвлөгөөнийг санаачлан зохион байгуулж буй юм.

Зөвлөгөөний өнөөдрийн арга хэмжээнд “Мэргэжлийн боловсрол сургалт-Ажилсаг Монгол” үндэсний зөвлөгөөнийг Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүх, УИХ-ын, Засгийн газрын гишүүд оролцож мэргэжлийн байгууллагын багш судлаачид, ажил олгогчид, оюутан суралцагчид, олон улсын байгууллагынхантай хамтран салбарын бодлогын талаар хэлэлцсэн.

Нээлттэй өдөрлөгт “Техник технологийн политехник коллеж”, “Герман-Монголын МСҮТ”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв”, “Төв аймаг дахь Эрдэнэ МСҮТ”, “Ражив Гандийн нэрэмжит үйлдвэрлэл урлалын политехник коллеж” гэх зэрэг 92 албан байгууллагууд оролцсон Хөдөлмөрийн биржийн үйл ажиллагаа зохион байгуулагдсан. Өдөрлөгт МСҮТ, политехник коллежууд өөрсдийн бүтээсэн бүтээлийн үзэсгэлэнг, суралцагчдын авъяас чадвар, өөрсдийн сургуулиа сурталчиллаа.

“Ажилсаг Монгол” хөтөлбөрийг санаачлагч УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: “Манай улсад ерөнхий боловсролын сургууль төгсч байгаа хүүхдүүдийн 80 хувь нь их, дээд сургуульд орж байгаа ч төгсөөд 79 хувь нь мэргэжлээрээ ажиллаж чадахгүй байгаа бөгөөдүйлдвэрт нарийн мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байгаа юм. “Мэргэжлийн боловсрол-Ажилсаг Монгол” хөтөлбөрийн хүрээнд 2030 хүртэл 30 мянган залууг өндөр мэргэжлийн боловсон хүчин болгож бэлтгэнэ.үүний үр дүнд үйлдвэр аж ахуйн газрууд хөгжинө” хэмээв.

Тус өдөрлөгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг, Герман улсын нэгдүгээр нарийн бичгийн дарга Кристиан Гласс тэргүүтэй Герман улсын төлөөллүүд, Налайх дүүргийн засаг дарга зэрэг албан хүмүүс оролцсон юм.

Ц. УЯНГА



Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Самади үзэсгэлэн нээлтээ хийлээ

Зураач Б.Баярцэнгэлийн гурав дахь бие даасан үзэсгэлэн нь “Самади” нэртэйгээр олны хүртээл болж байна. Үзэсгэлэн энэ сарын 16-нд “Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн музейд” нээлтээ хийсэн юм. Үзэсгэлэн энэ сарын 22-ныг хүртэл гарах юм. “Дагжиж бээрсэн хүн л хүйтний тухай жихүүцэн даартал ярьж чадах байх… Яг түүн шиг юмсыг сэрэл мэдрэмжээрээ тэмтрэн таних нь шинэ сэдэл санаа, шинэ туршилт, шинэ боломж гэх мэт шинэ бүхэнд хүргэж өгдөг. Хил хязгааргүй эрх чөлөөт нөхцлийг урлаг бидэнд өгдөг” хэмээн зураач Б.Баярцэнгэл ярьж байв.

Түүний бүтээлүүдэд бурхны дүр голчилдог бөгөөд шинэ залуу зураачдын сэтгэхүйн онцлог, уран бүтээлчийн зурагт туссан орчин цагийн нийгмийн нөлөөлөлт хүчин зүйлсийн тухай олон гаргалгааг үзэгчид өөртөө бий болгож болно. Угаас “Урлагт “эрх чөлөө” хамгийн чухал” гэх ойлголт нэн шинэ үеийн давалгаанд хамаарагддаг.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Болд” шинэ цомог гарлаа

Төрийн соёрхолт, дуучин, продюсер Д.Болдын соло уран бүтээлийн шинэ цомог мэндэллээ. Тэрээр бие даасан 12 дахь цомгоо “Болд” нэрээр гаргажээ. “Болд” шинэ цомогт “Торгон мэдрэмж”, “Зүрхний дагина”, “Мартахаасаа өмнө”, “Даам” зэрэг 15 дуу багтжээ. Цомгийн хөгжмийн найруулгыг “Ocean Grey”, Л.Сибастиан, Н.Баярхүү, С.Гантөр хийн дууны үгийг DNK, Ria, ZZ, реппер Цэцэ, Х.Соёмбо, Д.Ган-Очир нар бичин гитарчин Атка, Д.Өлзий-Орших нар хамтран ажиллажээ.


Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Өмнөд Солонгосчуудын 58 хувь нь подкаст сонсдог

Мэдлэг мэдээлэл олж авах хамгийн хялбар бөгөөд үр дүнтэй аргад подкаст тооцогдох болжээ. Ихэвчлэн залуус тэр дундаа гар утас, дижитал бүтээгдэхүүн хэрэглэгчид подкаст илүүтэй сонсож төрөл бүрийн мэдээлэл авч байна. Подкаст нь радио нэвтрүүлгийг бодвол илүү олон нийтэд чиглэсэн, ярилцлага, хэлэлцүүлэг, бодол эргэцүүллээс бүтэхээс гадна илүү чөлөөтэй шинжтэй.Мөн радио нэвтрүүлгээс илүү урт хугацаатай байдаг.Хамгийн олзуурхууштай нь нэг удаа татаж аваад хадгалахад дахин сонсох боломжтой.

Reuters Institute-ийн сүүлийн үеийн тоон мэдээллээс харахад 22 орны иргэдийн гуравны нэгээс илүү хувь нь сарын турш олон төрлийн мэдээллийн подкаст сонсжээ. Дараах графикт харуулснаар хамгийн их подкаст сонсдог орноор Өмнөд Солонгос улс шалгарлаа. Солонгосын подкаст хэрэглэгчид мэдээний болон хөгжөөнт подкастыг өргөнөөр сонсдог байна.

Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын албаны өдрийг тэмдэглэн өнгөрүүлнэ

Маргааш буюу 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Онцгой байдлын албаны өдөр тохиож байна.

2003 оны энэ өдөр Монгол Улсын Их хурлаас Гамшгаас хамгаалах тухай хуулийг батлан гаргаснаар орчин цагийн Онцгой байдлын алба байгуулагдах үндэс суурь тавигдаж Гамшгаас хамгаалах ерөнхий газрыг байгуулсан. Харин 2004 оны Засгийн газрын хуралдааны нэгдүгээр тогтоолоор Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 1 дүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газруудыг нэгтгэж гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чиг зорилго бүхий Онцгой байдлын албыг байгуулсан юм.

Улмаар 2005 онд Гамшгаас хамгаалах тухай хуулинд нэмэлт өөрчлөлт орсноор Онцгой байдлын ерөнхий газар болж өөрчлөн зохион байгуулагдсан юм. Төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын хүрээнд алба сурталчлах болон гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, өдөрлөгийг зохион байгуулан албаны өдрийг тэмдэглэн өнгөрүүлнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраасэм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, хууль бус худалдаалалтын байдалд улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг тавдугаар сарын 07-11-ний өдрүүдэд хийлээ.

Хяналт шалгалтад тусгай зөвшөөрөл бүхий 194 эмийн сан, 17 эм ханган нийлүүлэх байгууллага,14 эмнэлэг хамрагдаж, шалгалтаар улсын бүртгэлд бүртгэгдээгүй болон бүртгэлийн загвараас зөрүүтэй, хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан 79 нэрийн, 2,5 сая төгрөгийн эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг илрүүлэн, хурааж устгалын комисст шилжүүлсэн байна.

Зөрчил гаргасан байгууллага,албан тушаалтанд нийт 4,6 сая төгрөгийн шийтгэвэр ногдуулж, 80450 төгрөгийн нөхөн төлбөр тавьжээ.

Мөн хяналт шалгалтанд хамрагдсан байгууллага, аж ахуйн нэгжийн мэргэжилтэн, ажилтнуудад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг танилцууллаа

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Хуралд НАЗХГ-ын дарга Ж.Тогтохбаяр, нийслэлийн Зураг төслийн хүрээлэн НӨҮГ-ийн мэргэжилтнүүд болон бусад албаны холбогдох хүмүүс оролцож, нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх мастер төлөвлөгөөний судалгааны ажлын явцыг танилцуулав.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү авто замын сүлжээг хөгжүүлэх, түгжрэлийг бууруулах мастер төлөвлөгөөний хүрээнд хэд хэдэн тусгах санал байгаа талаар холбогдох албаныханд хэллээ. Тэрбээр “Авто замын хоёр түвшний уулзварын ажлуудыг тусгаж өгөх, нийслэлийн хэмжээнд төлөвлөгөөний дагуу нэгдүгээр зэрэглэл, хоёрдугаар зэрэглэлийн нийт хэдэн төрлийн замын ажил хийгдэхийг нарийвчлан оруулах, тунелийн тэмдэглэгээнүүдийг хийж өгч одоо байгаа уулзваруудыг яаж үр дүнтэйгээр замын хөдөлгөөний урсгалыг тасралтгүй явуулах талаас нь сайн боловсруулах хэрэгтэй” гэв.

Мөн хуралдааны сүүлд нийслэлийн авто замын сүлжээний мастер төлөвлөгөөг хийхдээ одоо хийгдэж байгаа, цаашид хийгдэх авто замын ажлуудтай уялдаа холбоотой гаргаж, замаа өргөтгөх, зам тавих уламжлалт аргаас илүүтэйгээр орчин үеийн шийдлүүдийг гаргаж, такси үйлчилгээ, тусгай автобусны зам зэрэг цогц төлөвлөгөөг гаргаж, хэд хэдэн хувилбартай сайжруулахыг үүрэг болголоо.

“Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөө”-ний ажлын хүрээнд хийгдэж буй энэхүү судалгааны ажил нь Улаанбаатар хотын авто зам, тээврийн сүлжээнд гарч буй хүндрэл бэрхшээл, тулгарч буй асуудлуудыг анхдагч ба хоёрдогч эх үүсвэрээс судалж улмаар ард иргэд, төрийн ба мэргэжлийн байгууллагуудын төлөвлөлтийн хүсэл эрмэлзлэлүүдийг тодорхойлж төлөвлөлтийн ажлыг хийхэд шаардлагатай мэдээллийг бүрэн гүйцэд гаргаж ирэх зорилготой юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага нэн ядуу өрхөд чиглэсэн төсөл хэрэгжүүлж байна

ХНХЯ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар /ХХҮЕГ/ болон “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага хамтран “Ядуурал, гарц ба арга зам” зөвлөгөөн зохион байгууллаа. “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагаас “Зорилтот бүлгийн 3500 өрхийг ядуурлаас гаргаж, амьжиргааг нь дээшлүүлнэ” хэмээн зөвлөгөөний үеэр тодотгов.

Энэ үеэр “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын техникийн дэмжлэг туслалцааны салбарын үндэсний зохицуулагч Т.Энхцэцэг ярихдаа “Ядуурал, гарц ба арга зам” төслийн хүрээнд 2017-2019 онд зорилтот бүлгийн 3500 өрхийг ядуурлаас гаргахаар төлөвлөсөн. Уг төсөл 2017 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн бөгөөд одоогоор 600 гаруй өрх ядуурлаас гараад байна. Мөн бид туршилтын төслийг 2016 онд Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн 250 өрхийн дунд хэрэгжүүлсэн. Үүнээс нийт 249 нь ядуурлаас амжилттай гарч чадсан. Эдгээр айл өрхийн 50 хувь нь 3-4 хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэйчүүд байсан бол 50 хувь нь бүрэн дунд боловсролтой, цөөн хувь нь дээд боловсролтой байсан. Бид өрхийн орлого доогуур амьдарч буй өрхүүдэд чиглэж ажилладаг. Хамгийн эмзэг өрхөд ч хүүхдүүд амьдарч байна. Ганц хоёр төрлийн арга хэмжээ зохион байгуулаад хүмүүсийг ядуурлаас гаргах боломжгүй. Олон улсад туршигдсан нэн эмзэг нөхцөл байдлаас гаргах төслийг анх 2015 оноос туршсан. Энэ төсөлд нийтдээ 600 өрх хамрагдаж, амжилттай төгссөн. Амжилттай төгсөнө гэдэг ядуурлын шугамаас доогуур байсан өрхүүд шугамаас дээгүүр болж байгаа юм. Төсөлд хамрагдсан өрхүүдийн орлого нэмэгдэж, нэгээс хоёр орлогын эх үүсвэртэй болон бичил жижиг бизнес хийж эхлээд байна. Тэдгээр хүмүүс өөртөө итгэлтэй болж нийгмийн ажилд идэвхтэй оролцдог болсон. Төслийн хүрээнд маш олон үр дүн гарсан. Өнөөдрийн арга хэмжээгээр хэрэгжүүлсэн ажил, туршлагаа бусад зорилтот бүлгийнхнийг сайжруулах чиглэлээр ажиллаж буй төрийн болон төрийн бус байгууллагуудад таниулах, харилцан туршлага солилцох зорилготой юм. Цаашилбал ядуурлаас богино хугацаанд гаргах цогц арга хэмжээг хэрэгжүүлснээр олон өрхийг ядуурлаас гаргах боломж харагдаж байгаа. Эмзэг өрхүүд хамгийн түрүүнд халамждаа бүрэн хамрагдах шаардлагатай. Ямар үйлчилгээг хаанаас яаж авахаа мэддэггүй. Нийгмээс хол хөндий амьдарч байгаа юм. Өрхийн суурь хэрэгцээ хангагдаагүй байдаг учраас төрөөс өгөгдөж буй халамж зөв өрхдөө хүрэх ёстой. Энэ талаас бид өрхтэйгөө хамтарч ажиллаж байна.

600 өрхийг ямар шалгуураар сонгож авсан бэ?

Нийслэлийн сонгино хайрхан, баян зүрх дүүргүүдээс өрхүүд сонгон авч төслөө эхлүүлсэн. Энэ оноос эхлэн туршлагадаа суурилан үргэлжлүүлж нийтдээ 14 аймаг нийслэлийн зургаан дүүргээс нийт 3000 өрхийг хамруулан ажиллаж байна. Сонгон шалгаруулалтын хувьд тухайн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ядуурлын хэмжээ өндөртэй орон нутаг, хороог сонгодог.

Судалгаанаас харахад ядуурлын зурааснаас доош амьдарч буй өрх хэр байна вэ?

Нийтдээ 900 мянга гаруй иргэн Монгол Улсын татсан ядуурлын шугамаас доогуур байна гэх 2016 оны үндэсний статистикийн тоо баримт бий. Энэ нь 2014 оноос ядуурлын түвшин найман функтээр дээшилсэн байгаа юм. Тогтвортой хөгжлийн зорилтод ядуурлыг тэглэнэ гэсэн зорилттой ажиллаж байгаа. Үүнд хүрэхэд маш их хүчин чармайлт шаардана. Ядуурлаас гарахад бүх талын оролцоо чухал. Зөвхөн материаллаг зүйлсээр дэмжлэг өгөөд зогсохгүй бүх талаар нь дэмжих хэрэгтэй. Эдгээр хүмүүс нийгмээс алслагдчихсан байдаг. Нийгмийн янз бүрийн албан ба албан бус үйл ажиллагаанд хамрагддаггүй. Энэ байдал нь хүмүүсийг өөртөө улам итгэлгүй болгодог. Тиймээс бид нийгэмд тэдгээр хүмүүсийг идэвхтэй байлгах, хөгжүүлэх, өөртөө итгэлтэй болгох замаар цогц үйл ажиллагаагаа явуулж байна” гэв.

Мөн “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын Суурин төлөөлөгч Филип Ийвэрт ярихдаа “Манай байгууллагын үндсэн ажил нь хүүхдийн сайн сайхны төлөө чиглэсэн байдаг. Өнөөдөр ядуурал ярихад хэцүү, шийдлийг нь олоход ч маш хэцүү. Төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагууд хамтарч ажиллаач ээ гэсэн үүднээс энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байна. Бидний хувьд төгсөлтийн аргачлал гэх төслийг хэрэгжүүлээд явж байна. Төслийн хүрээнд бид айл өрхүүдийн амжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн ажлууд хийдэг. Өнөөдөр уг төслөө танилцуулж байгаа юм. Ядуурал маш олон зүйлсээс шалтгаалдаг. Юуны түрүүнд ядуурлын шалтгаанаа тодорхойлох хэрэгтэй. Богино хугацааны ажил ядуурлыг бууруулахгүй. Ядуурлаас гарахад урт хугацааны төсөл хөтөлбөр хэрэгтэй. Тогтвортой удаан хугацаанд хийх төслүүд хэрэгжүүлэхдээ төрийн болон төрийн бус байгууллага хамтран ажиллаж байж шийдвэрт хүрнэ” гэв.

Төсөлд хамрагдсан иргэн Ц.Лхагвасүрэн ярихдаа “Би төрөөс өгдөг халамжийн тухай мэддэггүй байсан. 2015 оны наймдугаар сард хорооны хэсгийн ахлагч өрхийн амьжиргааны судалгаанд хамрагдах санал тавьсан юм. Төсөлд өрхийн амжиргааны түвшин доогуур иргэдийг сонгосон. Тэдгээр хүмүүсийг хийж чаддаг зүйлээр нь 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр багуудад хуваасан. Баг тус бүр дундын хуримтлал үүсгэсэн. Мөн “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагаас 45 хоногийн мэргэшүүлэх сургалтад биднийг хамруулсан юм. Төслийн хүрээнд хоёр ширхэг оёдлын машин өгснөөр гэрээр оёдол хийж эхэлсэн. Хорооны хэсгүүдэд борлуулж, захиалга авах зэргээр ажиллаж байлаа. Дараа нь дундын хуримтлалаас 200 мянган төгрөгийн зээл авч лангуу түрээслэн ажиллаж байна. Төсөлд хамрагдсанаар манай өрхийн амьжиргааны түвшин дээшиллээ.” гэв.


Э.АНУДАРЬ

Categories
мэдээ нийгэм

Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын талаар сургалт явуулав

МХЕГ-аас есөн дүүргийн ЗДТГ-ын соёл хариуцсан мэргэжилтэн, түүх соёлын үл хөдлөх дурсгал байрладаг 20 хорооны Засаг дарга, соёлын ордны мэргэжилтнүүдэд “Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын эрх зүйн орчин” сэдэвт сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.

Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт хамгаалалт, аюулгүй байдлыг хангаж ажиллах талаарх мэдлэг чадварыг дээшлүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хорооны Засаг дарга, соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн нарын үүрэг оролцоог нэмэгдүүлэх зорилгоор хийгдэж буй тус сургалтаар нийслэл хотын түүх, соёлын дурсгал, соёлын өвийн тухай ойлголт, хадгалалт хамгаалалтад тулгамдаж буй асуудал, шийдэл, бүртгэл судалгаа, хууль эрх зүйн орчин зэрэг сэдвээр холбогдох байгууллагуудын мэргэжилтэн, эрдэм шинжилгээний ажилтан, улсын байцаагч сургалт явуулсан байна.

Categories
мэдээ улс-төр

Шадар сайд Ө.Энхтүвшин хоргос чөлөөт бүсэд ажиллалаа

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин тэргүүтэй ажлын хэсэг Бүгд Найрамдах Казахстан Улс, БНХАУ-ын хилийн хамтын ажиллагааны олон улсын Хоргос төвийн үйл ажиллагаатай өчигдөр танилцаж, дэлхийд анх түрүүн хоёр улсын санаачилгаар байгуулагдан амжилттай үйл ажиллагаа үйл явуулж буй тус чөлөөт бүсийн эрх зүйн орчин, үйл ажиллагааны зохицуулалт, тусгай дэглэм, төлөвлөлт, хөрөнгө оруулалт, хэтийн төлвийн талаар бүсийн захиргааны дэлгэрэнгүй мэдээлэл сонслоо.

2005 онд байгуулсан хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу анх хоёр талдаа 560 га талбайтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан Хоргос чөлөөт бүс сүүлийн 10 жилд эрчимтэй хөгжиж, эдүгээ 764 га хил дамнасан нутаг дэвсгэр бүхий, зорчигч, тээврийн хэрэгсэл, ачаа бараа чөлөөтэй солилцдог, бизнес, худалдаа, хөрөнгө оруулалтын үлгэр жишээ төв болон хувирчээ. Чөлөөт бүсийн Казахстаны талын, Хятадын талын нутаг дэвсгэрт нэгэн адил томоохон бүтээн байгуулалтын ажил хийгдэж, худалдааны төвүүд, үйлчилгээний газрууд олноор байгуулагдан, хөрөнгө оруулалтын олон ирээдүйтэй төсөл төлөвлөгдөн хэрэгжиж байгаа юм байна. Хоорондоо замаар холбогдсон, татваргүй, хилийн болон хөдөлмөр эрхлэлтийн хялбаршуулсан дэглэмтэй хоёр талын нутаг дэвсгэрт өглөө 7 цагаас орой 19 цаг хүртэл өдөр бүр Казахстаны талаас 4000, хятадын талаас 7000 хүртэл хүн чөлөөтэй зорчиж худалдаа бизнес эрхэлдэг ажээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүхийн БНХАУ-д өнгөрсөн 4 дүгээр сард хийсэн айлчлалын үеэр хоёр талын харилцан тохиролцсоны дагуу Замын-Үүд, Эрээнийг түшиглэсэн эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах Засгийн газар хоорондын хэлэлцээрийн бэлтгэл ажлын хүрээнд чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Ө.Энхтүвшин ийнхүү Хоргос бүсийн туршлагыг газар дээр нь судаллаа. Түүний ахалсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хошууч генерал Ц.Сэргэлэн, Шадар сайдын ажлын алба, Гадаад харилцааны яамны төлөөлөл ажиллав. Мөн Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Л. Баттулга ажиллалаа гэж Шадар сайдын ажлын алба мэдээлэв.