Categories
мэдээ нийгэм

Алслагдсан болон эмзэг бүлгийн хүн амын эрүүл мэндэд хүрч ажиллана

“Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ болон олон нийтийн түвшинд мобайл технологийг нэвтрүүлэх нь” төслийн нээлт өнөөдөр боллоо. Уг төсөл нь орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх үзэл баримтлалын хүрээнд эрүүл мэндийн анхан шатны болон олон нийтийн түвшинд мобайл эрүүл мэндийн технологийг нэвтрүүлэх замаар хүн амын, ялангуяа эмзэг бүлгийнхний эрүүл мэндийн байдлыг сайжруулах зорилготой юм.

3 дахь жилдээ хэрэгжиж буй төслийн хүрээнд 13000 гаруй хүн халдварт бус өвчний эрт илрүүлэг, эх, хүүхдийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, эрүүл мэндийн боловсрол олгох хөтөлбөрт хамрагдсан бөгөөд явуулын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шаардлагатай машин, тоног төхөөрөмж /зөөврийн ЭКГ, ЭХО, цусны даралт хэмжигч, хурдавчилсан оношлуур, ухаалаг таблет гэх мэт/-ийг нийлүүлж, эрүүл мэндийн ажилтнуудад мобайл тоног төхөөрөмжүүдийг ашиглах мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалтуудыг зохион байгуулж, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулаад байна.

Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь төсөл”—ийг 2015 оноос ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр Халдварт бус өвчний эрт илрүүлэгийн чиглэлээр 12 аймгийн 14 сум, 3 дүүргийн 3 хороонд, 2016-2017 онд 11 аймгийн 13 сум, нийслэлийн 3 дүүргийн 4 хороонд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Солонгосын олон улсын эрүүл мэндийн сан, Солонгосын иргэдийн сангийн дэмжлэгтэйгээр эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээний чиглэлээр амжилттай хэрэгжүүлсэн. Монгол улсын газар нутгийн байдалд тохирсон, алслагдсан хүн амд хүрсэн, нэг ч хүнийг орхигдуулахгүйгээр эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэх мобайл технологи нь аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлдгийг хийж хэвшихэд суурийг нь тавьж байна гэлээ.

Энэ онд Баян-Өлгий Улаан хус, Ховд аймгийн Чандмань сум, Завхан аймгийн Баянтэс сумын, Нийслэлийн Багануур дүүргийн 2, 4-р хорооны өрхийн эрүүл мэндийн төв, Баянгол дүүргийн 21-р хорооны Өрхийн эрүүл мэндийн төв, Баянзүрх дүүргийн 21-р хорооны, Хан-Уул дүүргийн 12-р хорооны өрхийн эрүүл мэндийн төвд дээрхи төсөл хэрэгжинэ. Энэ хүрээнд нийт 40 эмч, мэргэжилтнүүдэд чадавхижуулах 7 хоногийн сургалтыг хийгээд байна.
Төслийн нээлтийн үйл ажиллагааг ЭМЯ, ДЭМБ, Олон улсын түншлэгч байгууллага, НЭМГ, аймгийн ЭМГ, АШУҮИС-ийн АУС-ын Өрхийн анагаах ухааны тэнхим, Нийгмийн эрүүл мэндийн сургууль, төсөл хэрэгжих нэгжийн төлөөллийг оролцуулан зохион байгууллаа. Нээлтийн үеэр ДЭМБ суурийн төлөөлөгч Сергей Диордица, Солонгосын КОЙКА-ийн зөвлөх профессор Чой нар үг хэлж, төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудад амжилт хүслээ.

Төслийн хүрээнд олгож буй тоног төхөөрөмжүүд:

  • Зөөврийн ЭКГ,
  • зөөврийн ЭХО,
  • Даралт хэмжигч аппарат,
  • цусан дахь сахар, холестерин хэмжигч
  • зөөврийн биеийн өндөр, жин хэмжигч
  • Samsung tablet
  • iPad
  • Зөөврийн компьютер,
  • ДОХ, тэмбүү, хепатит Б, С, хеликобактерийг тодорхойлох хурдавчилсан оношлуурууд, бусад ашиглагдах хэрэгслүүд багтаж байна

Нэг байгууллагад дунджаар 12000-13000 ам. Долларын үнэ бүхий тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, урвалж, хурдавчилсан оношлуураар хангалаа.

  • Мөн төслийн хүрээнд GenExpert 2 байгууллагад, 5 байгууллагад цемтрифугаар хангасан юм.


Categories
мэдээ нийгэм

Чихрийн шижний хамгийн сайн эм бол хөдөлгөөн

2018 оны 06 дугаар сарын 19-ны өдөр Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг, Монгол Эм Импекс Концерн, Бүгд найрамдах Куба Улсын Монгол улс дахь Элчин Сайдын яам хамтран Монгол улсад чихрийн шижингийн мэдрэлийн хүндрэлийн үед үүссэн хөлний шархны эмчилгээний орчин үеийн дэвшилтэд технологи нутагшуулах зорилгоор “Чихрийн шижинийн үеийн хөлний шархны эмчилгээний орчин үеийн ололт, амжилт” сэдэвт 10 хоногийн дадлага сургалтыг эхлүүллээ.

Дэлхий нийтэд Чихрийн шижин өвчний тархалт хурдацтай нэмэгдэж 2015 оны байдлаар 20-79 насны 390 орчим сая буюу 12 хүн тутмын нэг нь уг өвчинд нэрвэгдээд байна. Нийт өвчлөлийн 70 гаруй хувийг дунд ба түүнээс доош орлоготой хөгжиж буй буурай орнуудын хүн ам эзэлж байгаа бөгөөд эрүүл мэндийн нийт зардлын 9 ам доллар тутмын нэгийг чихрийн шижингийн эмчилгээнд зарцуулж байна. Судалгаагаар чихрийн шижинтэй өвчтөнүүдийн 15-20 хувь нь хөлийн хүндрэлд өртдөг болох нь тогтоогдсон бол хөлийн хүндрэл буюу шинжингийн шалтгаант мэдрэлийн эмгэг нь хөлийн арьсны мэдрэхүй буурч бага зэргийн өвдөлт илрэх, тайван үед шөнийн цагаар бадайрч халуун оргих зэрэг шинжээр илэрдэг ба хувь хүнд эдгээр шинж тэмдэгүүд нь төдийлэн анзаарагддагүй учраас хожуу оношлогдож, хөл тайрагдах эрсдэлд хүргэдэг. Дэлхий нийтэд хөл тайруулах мэс засал хийлгэж буй тохиолдлын 70 орчим хувь нь чихрийн шижинтэй холбоотой бөгөөд судлаачдын үзэж буйгаар үүний 85 хувийг эрт илрүүлж, урьдчилан сэргийлэх боломжтой гэж үздэг байна.

Чихрийн шижингийн үеийн хөлний шархны орчин үеийн дэвшилтэд эмчилгээ болох Heberprot-P буюу хүний рекомбинант эпидермийн өсөлтийн факторын эмчилгээг Монгол улсын эрүүл мэндийн салбарт нутагшуулснаар чихрийн шижинтэй өвчтөний доод мөч тайруулах тохиолдлын тоог 70-80 хувьд хүргэж бууруулах боломж бүрдэх юм.

Энэхүү сургалт нь чихрийн шижингийн шалтгаант хөл тайрах мэс заслын хамгийн олон тохиолдол хийгддэг Улсын гуравдугаар төв эмнэлгийг түшиглэн 10 хоногийн хугацаанд дээрх Heberprot-P буюу хүний рекомбинант эпидермийн өсөлтийн факторын эмчилгээний аргыг дотоод шүүрэл, судасны мэс засал, ерөнхий мэс заслын эмч нарт гардан зааж сургах замаар уг бүтээгдэхүүнийг хэрэглэх технологийг нутагшуулах юм. Монгол улсад анх удаа нэвтрүүлж байгаа уг технологийн сургалтыг Бүгд Найрамдах Куба Улсын Чихрийн шижингийн хөлний хүндрэл судлалын үндэсний багийн гишүүн, Судасны мэс засал, Нийгмийн эрүүл мэндийн тэргүүлэх зэргийн мэргэжилтэн, АУ-ны доктор, Профессор Янисбел Ортиз Пена удирдан явуулж байна.

Categories
гадаад мэдээ

Хакерчид их хэмжээний криптовалют хулгайлжээ

Өмнөд Солонгосын криптовалютын томоохон “Bithumb” бирж хакерчдын халдлагад өртсөн тухай лхагва гарагт тус биржийн мэдэгдлийг иш татан Ёнхап агентлаг мэдээлэв.

Тус агентлагийн мэдээлснээр, мягмар гарагаас лхагва гарагт шилжих шөнө үйлдсэн халдлагаараа хакерчид 35 тэрбум воны /31,5 сая ам.доллар/ криптовалют хулгайлсан байна.

Сүүлийн хоёр долоо хоногт тус улсад үйлдсэн хоёр дахь халдлага нь энэ аж. Өмнө нь “Coinrail” хэмээх бирж хакерчдын халдлагад өртсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Төл бойжилт 96,8 хувьтай байна

6 дугаар сарын 15-ны байдлаар улсын хэмжээнд төллөвөл зохих 28,1 сая толгой эх малын 98,2 хувь буюу 19,2 сая эх мал төллөж, 18,2 сая толгой төл хүлээн авлаа. Төл бойжилт 96,8 хувьтай байна.

Малын халдварт, гоц халдварт, малаас хүнд дамжин халдварлах өвчний гаралт, тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг устгах, ариутгал халдваваргүйжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэх сарын аяныг орон даяар өрнүүлж байна. Аяныг хэрэгжүүлэхэд мэргэжлийн зөвлөмж хүргүүлж, хяналтын байгууллагатай хамтран ажиллаж байгаа юм. Одоогоор 21 аймаг, нийслэлийн хэмжээнд 418,4 мянган сэг зэмийг устгаж, 14,5 тн халдваргүйжүүлэлтийн бэлдмэлээр 12 сая м/кв талбайд халдваргүйжүүлэлт хийлээ. Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Увс, Хэнтий аймагт сэг зэм устгалын ажил үргэлжилж байна.

2018 оны 6 дугаар сарын 15-ны байдлаар Архангай аймгийн дөрвөн суманд шүлхий өвчний хорио цээрийн дэглэм хэрэгжиж байгаа бөгөөд тус бүс нутгийн мал сүргийг урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад бүрэн хамруулжээ.

Улсын хэмжээнд 2018 оны хаврын шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын явц дунджаар 83,6 хувьтай явагдаж байна.

Categories
мэдээ нийгэм

Мах, махан бүтээгдэхүүний экспортын үйлдвэр нээгдлээ

13 дахь жилдээ зайдас, хиам, нөөшилсөн махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын зах зээлийн 25-30 хувийг хангаж буй “Очир Дагинас” ХХК нь Налайх дүүрэгт экспортын шинэ үйлдвэр байгуулж, нээлтээ хийлээ.

Нээлтийн арга хэмжээнд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, “Очир Дагинас” компанийн гүйцэтгэх захирал Х.Тэмүүжин нар оролцсон.

86 ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа тус үйлдвэр хүчин чадлын хувьд өмнөх үйлдвэрээс гурван дахин их бөгөөд өдөрт 5-6 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой. Үйлдвэрийн шугам, тоног төхөөрөмжүүд олон улсын стандартад бүрэн нийцсэн бөгөөд 80 хувь нь автомат, 20 хувь нь гар ажиллагаатай.

Энэхүү экcпортын үйлдвэрийн нээлтийн үеэр “Очир Дагинас” ХХК, БНСУ-ын “The O” корпорацитай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Ийнхүү хамтран ажилласнаар БНСУ руу энэ онд гэхэд үхэр, хонь, адууны лаазалсан мах зэрэг 4 төрлийн 160 тонн бүтээгдэхүүн нийлүүлэхээр болж байна.

Categories
мэдээ нийгэм

Хаврын тариалалт 90 хувьтай байна

2018 оны 6 дугаар сарын 19-ний байдлаар улсын хэмжээнд 343 мянган га-д үр тариа, 11.6 мянган га-д төмс, 6.6 мянган га-д хүнсний ногоо, 56.8 мянган га-д тосны ургамал, нийтдээ 446.7 мянган га-д тариалалт хийгээд байна. Энэ нь одоогоор үр тарианы тариалалт 83.9 хувь, төмс 74.7 хувь, хүнсний ногоо 78.5 хувь, тосны ургамал 135.4 хувьтай тус тус явагдаж байна гэсэн үг. Нийт дүнгээр хаврын тариалалт 90 хувьтай байна гэж Тариалалтын штабаас мэдээллээ.

Энэ жилийн тухайд 408.9 мянган га-д үр тариа (үүнээс 390.4 мянган га-д улаанбуудай), 15.5 мянган га-д төмс, 8.5 мянган га-д хүнсний ногоо, 32 мянган га-д тэжээлийн таримал, 41.9 мянган га-д тосны ургамал, 6.5 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 513.2 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөсөн юм.

Хаврын тариалалт дуусах шатандаа орсон энэ үед ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв байдлын мэдээг хүргэе.

20-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар болон говь, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд төвийн аймгуудын нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 21-26 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. 21, 23-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ гэж Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж байна.

Categories
мэдээ улс-төр

Элчин сайд Л.Пүрэвсүрэн НҮБ-ын худалдаа, хөгжлийн бага хурлын ерөнхий нарийн бичгийн даргатай уулзав

Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суугаа Элчин сайд, Женев дэх НҮБ болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Л.Пүрэвсүрэн НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Мукхиса Китуитэй 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр уулзаж, хамтын ажиллагаа болон 2018 оны 10 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд Женев хотноо болох Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын талаар санал солилцов.

Уулзалтаар НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлаас манай улсыг далайд гарцгүй, түүхий эдээс хамааралтай хөгжиж байгаа орны хувьд дэмжин хамтран ажиллаж ирсэн тухай болон цаашдын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Ялангуяа, Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааг цаашид дэмжих, хөрөнгө оруулалтын хэлэлцээрүүдийг шинэчлэхэд хөндлөнгийн шинжилгээ хийх, зөвлөмж өгөх, зарим тодорхой салбарыг бүсийн болон дэлхийн өртгийн сулжээнд нэгтгэхэд хамтран ажиллах зэргийн талаар ярилцав.

Түүнчлэн, Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт болохтой холбогдуулж, Монгол Улсын оролцооны талаар санал солилцов. Хоёр жил тутам болдог энэхүү чуулга уулзалтад 5000 гаруй төлөөлөгч 50 гаруй арга хэмжээнд оролцох төлөвтэй байна.

Categories
мэдээ улс-төр

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар финланд улсын элчин сайд Ярно Сирялаг хүлээн авч уулзлаа

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Финланд Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Ярно Сирялаг 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, бүс нутгийн болон олон улсын харилцааны харилцан сонирхсон зарим асуудлаар санал солилцов.

Сайд Д.Цогтбаатар Монгол, Финландын харилцаа, хамтын ажиллагааг хөдөө аж ахуй, ойн аж ахуй зэрэг харилцан сонирхсон салбарт өргөжүүлэх, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хамтарсан бизнес уулзалтыг зохион байгуулах сонирхлоо илэрхийлэв. Элчин сайд Ярно Сиряла энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож буйг тэмдэглээд Элчин сайдаар ажиллах хугацаандаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллахаа мэдэгдэв. Мөн эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Финландын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааныг 2018 оны 9 дүгээр сард Хельсинки хотноо зохион байгуулах бэлтгэлийг ханган ажиллаж буйгаа дурдав.

Categories
мэдээ нийгэм

Иогийн спортын тэмцээн болно

Монголд анх удаа мэргэжлийн иогийн спортын аварга шалгаруулах тэмцээн ирэх долдугаар сарын 1-нд Шангри Ла Cпортс клyбт болно.

Энэхүү тэмцээнийг олон улсаас Монгол Улсад мэргэжлийн тэмцээн зохион явуулах эрхийг авсан Монголын мэргэжлийн иогийн спортын холбооноос зохион байгуулна. Тус тэмцээн өсвөр нас, насанд хүрэгчид, ахмад настан гэсэн ангиллаар шилдгүүдээ тодруулах бөгөөд тэргүүн байрын ялагч нь эх орноо төлөөлөн 2018 оны тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барив.

Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Валютын зохицуулалтын тухай, Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Монголбанк валютын гүйлгээг зохицуулах, улсын гадаад валютын нөөцийг эзэмшин, удирдах үйл ажиллагаа явуулж байгаа боловч гадаад валютын их хэмжээний орлого бүхий хуулийн этгээдтэй валют худалдан авахаас бусад хэлцэл хийх эрхгүй байгаа нь хуулийн төсөл боловсруулах үндэслэл болсон гэж хууль санаачлагч үзэж байгаа юм.

Улмаар төгрөгийн тогтвортой байдлыг хангах, гадаад валютын улсын нөөцийг эзэмшин удирдах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиг үүргийн хүрээнд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглаж валютын орлого олдог хуулийн этгээдийн мөнгөн гүйлгээ, төлбөр тооцоог Монголбанк гүйцэтгэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох зорилгоор Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төслийг боловсруулахдаа Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашигладаг, Монголбанкнаас тодорхойлсон хэмжээний экспортын гадаад валютын орлого олдог хуулийн этгээдийн төлбөр тооцооны дансыг Монголбанк өөр дээрээ байршуулж болохоор тусгав.

Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан ёсны www.president.mn сайтаар дамжуулан 2018 оны 5-р сарын 11-ний өдрөөс 2018 оны зургадугаар сарын 18-ны өдөр хүртэл иргэдээс санал авсан юм.