Categories
мэдээ нийгэм

Албан байгууллагуудын даргыг томилоход эрх барьж буй улс төрийн хүчин ихээхэн нөлөөлдөг гэв

( Өнөөдөр “Шударга Бизнес Монгол улсын хөтөлбөр” үнэлгээний тайланг танилцууллаа )

БИКА ( Бизнесийн ёс суртахууны улсын хөтөлбөр ) нь Транспэрэнси Интернэшнл байгууллагын санаачилсан бизнесийн салбар дахь авлигыг бууруулах, шудрага байдлыг үнэлсэн хөтөлбөрюм. Энэхүү хөтөлбөр нь Монголоос гадна хэд хэдэн оронд хэрэгжиж байна. Хөтөлбөрийн хүрээнд иргэний нийгмийн байгууллагын оролцоо, төрийн байгууллагын нөлөө ба хувийн хэвшлийн шударга байдлыг үнэлсэн байна. Үнэлгээг хийхдээ төрийн байгууллагуудыг есөн үндсэн индикатор, хувийн салбарыг таван үндсэн индикатор, иргэний нийгмийг нэг үндсэн индикатороор үнэлжээ.

Төрийн байгууллагын хувьд : Хуулийн орчин бүрдсэн боловч хэрэгжилт асуудалтай. Төрийн байгууллагаас зарласан тендерийн шалгаруулалтад улс төр, гэр бүлийн холбоо сүлбээ ихээхэн нөлөөлдөг. Нягтлан бодох бүртгэл, аудитын стандартыг мөрдөхтэй холбогдох хуулийн хэрэгжилтийн мэдээлэл олон нийтэд нээлттэй бус гэсэн үнэлгээ гарчээ.

Хувийн хэвшлийн хувьд : Хэрэгжиж буй хөтөлбөрүүд бизнесийн онцлогийг тусгаагүй. Энэ чиглэлээр идэхтэй, нөлөө бүхий холбоодын тоо хангалтгүй. Авлигын эсрэг тэмцэх хамтарсан төсөл, санаачилгууд тодорхой биш. Компаниуд ашиг хүртэгч эцсийн эзэмшигчийг зарладаггүй, улс төрийн хандивийн мэдээллээ нээлттэй болгодоггүй гэсэн үнэлгээ гарсан байна.

Иргэний нийгмийн хувьд : Олон нийтийн зүгээс төрийн өмчийн худалдан авалтын явцад авлига өгөх магадлал өндөр. Авлигын хэргүүдийг шийдэх асуудлыг зогсооход чиглэсэн үйл ажиллагааны хүчин чармайлт хангалтгүй. Хувийн хэвшлийн бизнес эрхэлэгчдийн ёс зүйд хяналт тавихад бэрхшээлтэй. Дийлэнх хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд аливаа нам, улс төрийн хүчнээс хамааралтай гэх үнэлгээ гарсан байна.

Н.ЭНХТЭНГЭР

Categories
мэдээ улс-төр

Багахангай дүүрэгт Иргэний хэргийн анхан шатны шүүх байгуулна

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар баталлаа.

Хууль зүйн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа дээрх хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд хэлэлцүүлгийн явцад гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжжээ.
Иймээс Байнгын хорооны горимын саналаар хууль, тогтоомжийн төслийг бүхэлд нь батлахыг гишүүдийн 73.9-82.6 хувь нь дэмжсэнээр Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл, Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслүүд батлагдлаа.
Ингэснээр нийслэлийн Багахангай дүүрэгт Иргэний хэргийн анхан шатны шүүх, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэсэн хоёр шүүх шинээр байгуулах, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийг өөрчлөн байгуулахаар болж байгаа юм.
Categories
мэдээ нийгэм

Зорилтот бүлгийн 220 мянган хүнд дархлаажуулалт хийжээ

Монгол Улсад 2017-2018 оны томуугийн улиралд хийсэн вакцинжуулалтын үр дүнгийн талаар ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжээс уулзалт ярилцлагыг Контенинтал зочид буудалд зохион байгууллаа.

Монгол Улс 2017-2018 оны томуугийн улиралд Засгийн газрын шугамаар 45 мянган хүн/тун, Даян Дэлхийн Эрүүл мэндийн Төвийн шугамаар 175 мянган хүн/тун вакцин хүлээн авч зорилтот бүлгийн 220 мянган хүнд дархлаажуулалт хийжээ. Дархлаажуулалтад хамрагдсан иргэдийн 21 хувь нь нийслэлийн, 79 хувь нь хөдөө орон нутгийн иргэд байсан бөгөөд 3.4 хувь нь жирэмсэн эмэгтэйчүүд, 20 хувь нь 5 хүртэлх насны хүүхэд байжээ.

2017-2018 оны томуугийн улиралд 8000 жирэмсэн эмэгтэйд дархлаажуулалт хийсэн нь өмнөх оныхоос 27 дахин олон байсан бөгөөд тэднээс 1876 хүнд судалгаа хийхэд 89.7 хувь анх удаагаа томуугийн вакцинд хамрагдсан гэсэн дүн гарчээ. Дархлаажуулалтын дараа хэсэг газрын урвал маш бага байсан бөгөөд системийн хэмжээний урвал огт гараагүй байна. Энэ нь олон улсын вакцины аюулгүй байдлын дундаж үзүүлэлтээс доогуур гарсныг ХӨСҮТ-ийн Талбарын тархвар судлалын албаны дарга, анагаах ухааны доктор Ж.Байгальмаа онцлон тэмдэглэлээ.

Уулзалт ярилцлагад Даян Дэлхийн Эрүүл мэндийн Төвийн мэргэжилтэн, доктор Маленбэ Сандра Эбима оролцож, Даян Дэлхийн Эрүүл мэндийн Төвөөс дэлхийн улс орнуудад хэрэгжүүлж байгаа “Томуугийн вакцин нэвтрүүлэх төсөл”-ийн хүрээнд хийж байгаа үйл ажиллагааны талаар танилцуулав.

Манай улсын хувьд 2 дахь жилдээ энэ төсөлд хамрагдаж байгаа бөгөөд жилээс жилд авч байгаа урьдчилан сэргийлэх вакцины хэмжээ нэмэгдэж ирсэн. Энэ жилийн хувьд ч тодорхой хэмжээний вакцин хүлээж авахаар яриа хэлэлцээ өрнөж байгаа аж. Ер нь Монгол Улс “Томуугийн вакцин нэвтрүүлэх төсөл”-д идэвх санаачилгатай оролцож, богино хугацаанд үр дүнтэй ажиллаж байгааг доктор Маленбэ Сандра Эбима дурдлаа.

Үнэхээр Монгол Улс 2017-2018 оны томуугийн улирлыг өвчлөл багатай даван туулж, хүндрэл бэрхшээл харьцангуй бага байсан нь урьдчилан сэргийлэх вакцинд зорилтот бүлгийн хүн амыг идэвхтэй хамруулсны үр дүн байсныг судалгааны дүн харуулж байгаа ажээ.

Уулзалт ярилцлагад нийслэлийн дүүргүүд, бусад аймгуудын дархлаажуулалт хариуцсан эмч, мэргэжилтнууд оролцов.

Categories
мэдээ нийгэм

Увс аймагт алим, чавга тарьж байна

Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас Увс аймагт тариалж байгаа жимс жимсгэний нэр төрлийг олшруулах зорилгоор 650 ш алим, 600 ш чавганы суулгацыг хойд хөршөөс оруулж ирсэн байна. Уг суулгацыг 18 иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан тариалиад байгаа юм.

Увс аймгийн Эрдэм шинжилгээний төв нь дээхэн үед төрөл бүрийн жимс жимсгэнэ тариалж байсан бөгөөд газар тариалангийн салбараас төрсөн эрдэмтэн мэргэд Улаангомын газрыг хөх өвс хөндлөн хаяхад ургахаар хөрстэй хэмээн дүгнэсэн байдаг аж. Иймээс алим, чавганы суулгац ургахгүй байхын зовлонгүй хэмээн мэргэжлийн байгууллага үзэж байна. Одоогоор суулгац авсан хүмүүст мэргэжлийн зөвлөгөөг цаг тухайд нь өгч байгаа ажээ.

Categories
мэдээ нийгэм

Төмөр замын 74 тусгай зөвшөөрөл олгожээ

Одоогийн байдлаар 2015-2018 оны хугацаанд төмөр замын тээврийн салбарт аюулгүй байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллагааны гэрчилгээжүүлэлт, тусгай зөвшөөрөл олгожээ.

Төмөр замын аюулгүй байдалтай холбоотой обьектийн 826 гэрчилгээ, үйл ажиллагааны 303 гэрчилгээ олгосон. Мөн 74 тусгай зөвшөөрөл олгожээ. Үүнээс 2018 онд дагнасан хэрэглээний салбар замд 37, ачааны вагонд 40, төмөр замын тээвэр жуучлалын үйл ажиллагаанд 21, төмөр замын зураг төсөл боловсруулах үйл ажиллагаанд гурав, нийт 105 төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой гурван жилийн хугацаатай гэрчилгээг 53 хуулийн этгээдэд олгоод байна. Нийт 57 хуулийн этгээд 74 тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд орон нутгаар аялаад ирлээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих зорилгоор эхлүүлсэн “Try Mongolia 2018” нөлөөллийн аялал өнөөдөр өндөрлөлөө. Манай улсад 2011 оноос эхэлсэн энэхүү “Try” аян нь 1980 онд Азийн улс орнуудаас гараагаа эхэлжээ. Арван өдрийн хугацаанд Улаанбаатар-Төв-Дундговь-Өмнөговь аймгуудыг хамран, Түгээмэл хөгжил бие даан амьдрах төвөөс зохион байгуулсан байна.

Улаанбаатар хот, найман аймаг мөн Япон улсын иргэнээс бүрдсэн хөгжлийн бэрхшээлтэй 15 иргэн, мөн туслах ажилтнууд аялалд оролцсон байна.

Уг аялал Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг таниулах, хүртээмжийг сайжруулах зорилготой байна. Аяллын хүрээнд үйлчилгээний байгууллага, төрийн байгууллагын стандартад хүртээмжийн үнэлгээ хийжээ.

Улаанбаатар хотоос оролцсон Т.Урантөгс “Биднийг Өмнөговь аймагт явж байх үед маш их бороо орсон. Оройдоо цэцэрлэгт хоноглож байсан. Гэсэн ч бид нөлөөллийн ийм том ажлыг өрнүүлэн, хөгжлийнбэрхшээлтэй иргэд ч гэсэн бусадтай адил тэгш эрхтэй гэдгийг сурталчлан явсандаа баяртай байна” гэлээ.

Аяллын явцад орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төрийн бус байгууллагынхантай уулзсан байна.

“Try Mongolia 2018” аялалд туслах ажилтнаар оролцсон МУИС-ийн оюутан А.Номундарь “Гурван аймгаар аялах хугацаанд олон нийтийн байгууллагуудаар явж үнэлгээ хийсэн. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ариун цэврийн өрөө, налуу замын стандарт зэргийг хэмжилтийн багаж ашиглан бид өөрсдөө хэмжсэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань өөрсдөө стандартаа сайн мэддэг юм байна лээ” гэв.

Энэхүү аялалын үр дүн цаашид орон нутгийн бодлого, төлөвлөгөөг боловсруулахад эерэгээр нөлөөлнө хэмээн найдаж буйгаа Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны (ХНХЯ) Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн дарга С.Рэгзэн илэрхийллээ.

Уг ажлыг ХНХЯ, аймаг, орон нутаг, аж ахуйн нэгж байгууллагын төлөөллүүд дэмжин ажиллажээ.

Э.АНХМАА

Categories
мэдээ нийгэм

Эмч сувилагчийн ёс зүй, харилцааны талаар гомдол санал их гарч байна гэв

ЭМЯ-наас санаачлан эрүүл мэндийн салбарт сувилагч бэлтгэн гаргадаг төрийн болон хувийн хэвшлийн 11 сургуулийн сувилахуйн шинжлэх ухааны багш нарын анхдугаар чуулганыг өнөөдөр зохион байгууллаа.

Уг чуулганд сувилахуйн 11 сургуулийн 50 орчим багш сувилахуйн боловсролын төлөвлөгөө, цаашдын хөгжил, чадвартай мэргэжилтнүүд бэлтгэх зэрэг асуудлыг хэлэлцсэн юм.

ДЭМБ-ын тооцоогоор ойролцоогоор 35 сая сувилагч, эх баригч нар дэлхий дээр ажилладаг бөгөөд энэ нь эрүүл мэндийн байгууллагын голлох нөөцийг бүрдүүлдэг байна. Судалгаагаар өндөр боловсролтой сувилагч нар өвчтөний аюулгүй байдал, тусламжийн чанарыг сайжруулж, амьдралын түвшинг дээшлүүлдэг болохыг тогтоосон аж. Иймд сувилахуйн боловсролын баримтлах бодлого, агуулга, арга зүйд шинэчлэл хийх зорилгоор тус чуулганыг зохион байгуулав.
ЭМ-ийн дэд сайд Л.Бямбасүрэн тус чуулганд оролцож, үг хэлэхдээ, “Сувилахуйн сургууль нь ёс зүйтэй, харилцааны ур чадвартай, яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх болон сэтгэн бодох, зөвлөгөө өгөх, удирдан чиглүүлэх чадварыг эзэмшүүлсэн эмч, сувилагч нарыг бэлтгэх хэрэгтэй. Учир нь эрүүл мэндийн салбарт эмч сувилагчийн ёс зүй, харилцааны талаар гомдол санал их гарч байна” гэсэн юм.

Чуулганы үеэр Монгол Улсад сувилагч мэргэжлээр ажиллахад ачаалал их, ажиллах орчин нөхцөл муугаас гадна цалин нийгмийн хангамж тааруу учир энэ мэргэжлийг сонгон суралцах хүмүүсийн тоо буурах чиг хандлагатай байгааг хэлж байв. Гэтэл дэлхийн жишигт сувилагч мэргэжилтэн хамгийн эрэлттэй, нэр хүндтэй байдаг аж.

“Дэлхийн бусад улс орны эрүүл мэндийн байгууллагуудын дундаж жишгээс харахад нэг сувилагчид насанд хүрсэн 4-5 өвчтөн, нэг хүүхэд ногддог бол манайд энэ жишигт хүрэхэд нэлээн цаг хугацаа шаардана. Тиймээс ачааллыг хэрхэн зохицуулах вэ гэдэгт анхаарч ажиллах нь илүү үр дүнтэй” гэж сувилахуйн ухааны багш Т.Даваахүү хэллээ.

Дашрамд дурдахад, АШУҮИС болон сувилахуйн сургуулийн сувилагч мэргэжлийн төгсөгч нар 63 мэдлэг, 174 чадвар, 62 хандлагыг эзэмшиж гардаг гэсэн судалгаа байдаг ажээ.

Categories
гадаад мэдээ

Орос улсад шар айргийн эрэлт нэмэгджээ

ОХУ-д зуны аагим халуун өдрүүд үргэлжилсээр байна. Үүний сацуу “ДАШТ-2018”-ын үзэгч олныг дэврээсэн хөл бөмбөгийн тоглолтуудтай холбоотойгоор Орос улсад шар айргийн эрэлт нэмэгджээ.

Хөлбөмбөгийн “ДАШТ-2018” энэ сарын 14-нөөс долоодугаар сарын 15-ныг хүртэл Оросын 11 хотод болох билээ. Сүүлийн өдрүүдэд Орост шар айрагны эрэлт хэрэгцээ ихээхэн нэмэгдэж байна. Зарим үйлдвэрийн шар айргийн нийлүүлэлтэд хүндрэл учраад байгаа аж.

Хэд хэдэн баар, зоогийн газруудад зарим нэр төрлийн шар айргийг захиалах боломжгүй болоод байгааг үйлчлэгчид ДАШТ-тэй холбоотойгоор шар айрагны худалдан авалт нэмэгдэх болсонтой холбон үзэж байна. Гэсэн хэдий ч хөлбөмбөгийн тэмцээн хийгээд цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор эрэлт нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байсан Оросын шар айрагны томоохон компаниуд энэ асуудалд бүрэн бэлтгэлтэй байснаа дурдсан нь тус шингэн бүтээгдэхүүн хомсдохгүй нь тодорхой байгааг харуулж байна гэж “Риа Новости” агентлаг мэдээлсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Санхүүжилт нь царцсан барилгуудаас буулгах нь зүйтэй гэв

Өмнөх жилүүдэд эдийн засгийн байдал муудсантай холбоотойгоор төсвийн хөрөнгөөр баригдаж буй зарим барилга байгууламжийн санхүүжилтийг нь түр зогсоож царцаасан. Зарим бүтээн байгуулалтын анх төлөвлөсөн санхүүжилт нь хэд дахин хэтэрсэн гэдэг үндэслэлээр зогсоож байсан юм. Санхүүжилтийг нь царцаасан барилгуудаас гүйцээж бариагүй 38 барилга улсын хэмжээнд байгаа аж. Үндэсний аудитын газар эдгээр барилгуудад аудит хийгээд хоёрыг нь буулгах нь зүйтэй гэдгийг УИХ-ын чуулганд мэдээлээл хийж буй ерөнхий аудитор хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Хууль бусаар олгосон газруудыг цэгцэлж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын авч хэрэгжүүлсэн нийтийн зориулалттай орон сууцны хороолол дунд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар олгохыг хориглосон захирамж иргэдийн талархлыг хүлээгээд байна. Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ухаалаг төлөвлөлт, ил тод газрын харилцаа” зорилт тусгагдсан. Эзэмшил газраа хуулийн хугацаанд ашиглаагүй, газар эзэмших эрх олгохдоо хууль тогтоомж зөрчсөн нь газрын наймаа дэлгэрэх, авилга, хээл хахуулийн үндэс болж байгааг хотын дарга анхааралдаа авч, хууль бус олгосон газруудыг цэгцлэх ажлыг шат дараатайгаар авч хэрэгжүүлж байна. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд 219 иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг цуцалсан. Үүний дотор Нийслэлийн 29 болон 33 дугаар дунд сургуулийн хашаанд хууль бусаар олгосон газар, Богд хааны Ордон музейн хойд талд хууль бусаар олгосон газар гэх мэт ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн талбай дээр хууль бусаар олгосон газар эзэмших зөвшөөрлүүдийг хүчингүй болгосон юм.

Харин өнөөдөр Сүхбаатар дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэр, “Өгөөж Чихэр боов” ХК-ийн замын урд талын талбай буюу нийслэлчүүдийн нэрлэдгээр “Унагатай хөшөө”-тэй ногоон байгууламж дээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2010 оны 410 дугаар захирамжаар 1522м2 газрыг “Жи жи эй” ХХК-д үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 21.2.3, 33.1.1 мөн Хот байгуулалтын тухай хуулийн 24.1.6 дахь заалтыг тус тус зөрчсөн тул хотын дарга С.Батболд уг компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Нийслэлийн Газрын албанд даалгалаа.

Цаашид Хотын дарга 2020 хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгагдсан нийслэлийн нутаг дэвсгэрийн газрын ашиглалт, хуваарилалттай холбоотой зорилтуудыг хэрэгжүүлэх үүднээс хууль бус газар олголттой тэмцэх үйл ажиллагаагаа эрчимтэй үргэлжлүүлэхээ илэрхийлээд, энэхүү үйл ажиллагаанд нийслэлийн иргэдийг хамтран ажиллахыг уриаллаа.