Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Чингис хааны тал нутаг-Монголын нүүдэлчид” үзэсгэлэн нээгдлээ

Данийн Үндэсний Музей, Аархус хотын Угсаатны зүйн “Моосгард” музей хамтран зохион байгуулсан “Чингис Хааны тал нутаг-Монголын нүүдэлчид” тусгай үзэсгэлэн энэ сарын 18-ны өдөр нээлтээ хийлээ.

Уг үзэсгэлэнд Данийн аялагч, угсаатан судлаач Хэнинг Хаслунд Кристенсений 1920-30-аад онуудад хийсэн судалгаа, угсаатны эд өлгийн цуглуулгын дээж болох 1240 орчим үзмэр, Монголын Үндэсний музей, ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнгийн 13-р зууны эд хэрэгсэл, түүхэн олдворуудыг багтааж, орчин үеийн дижитал технологийг ашиглан олон нийтэд сонирхолтой байдлаар Монголын нүүдэлчдийн соёл иргэншил, Чингис Хааны дэлхийг эзэлсэн түүхэн үйл явдлыг дэлгэн харуулжээ.

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Данийн Моосгард музейн захирал Mads Kähler Holst хэлсэн үгэндээ “Монгол Улс-Данийн Вант Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн босгон дээр дэлхийг байлдан дагуулагч Чингис Хааны тал нутаг, нүүдэлчдийн аж амьдралын талаар, эдгээрийг одоог хүртэл хадгалан өвлөж ирсэн ард түмний түүхэн, сонирхолтой үзэсгэлэнг Нордикийн оронд анх удаа гаргаж байгаадаа нэн таатай байгаагаа илэрхийлээд цаашид хамтарч ажиллах, судалгааны чиглэлээр хамтын ажиллагааг өрнүүлэх чухал алхам боллоо” гэж цохон тэмдэглэв. Мөн тэрбээр энэхүү үзэсгэлэнг зохион байгуулахад гүн туслалцаа, дэмжлэг үзүүлсэн Монгол Улсаас Шведийн Вант улсад суугаа ЭСЯ-ны хамт олон, БСШУСЯ, Монголын Үндэсний музей, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн зэрэг хамтран оролцсон талуудад талархаж байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсаас Шведийн Вант улсад суугаа Элчин сайд М.Энхсайхан тус үзэсгэлэнгийн нээлтэнд хэлсэн үгэндээ “Өнгөрөгч хугацаанд Монгол Улсыг бүхий л талаар дэмжиж ирсэн Данийн Вант Улсын Засгийн газар, Данийн нийт ард түмэнд гүн талархлаа илэрхийлье. Данийн Вант Улс нь Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон анхны Өрнөдийн ардчилсан улсуудын нэг бөгөөд Монгол, Дани хоёр улс нь ардчилал, хүний эрх, хуулийн засаглал, тогтвортой хөгжлийн зорилт зэрэг нийтлэг үнэт зүйлс дээр суурилсан баялаг түүхэн харилцаатай улсуудын нэг билээ.

Түүхэн баримтуудаас харахад “The Great Northern Telegraph” нэртэй Данийн компанийн барьж байгуулсан телеграфийн шугам нь Бээжин, Их Хүрээ, Санкт-Петербургийг холбон Лондон хүрсэн байдаг бөгөөд үүний ачаар Нью Йорк Таймс сонины 1911 оны 12 дугаар сарын 28-ны дугаарт “маргааш Богд хаан тэргүүтэй Монгол нь тусгаар тогтнолоо зарлан тунхаглах гэж байна” гэсэн жижигхэн нийтлэл гарч байсан нь тохиолдлын зүйл яав ч биш юм. “Чингис Хааны тал нутаг-Монголын нүүдэлчид” үзэсгэлэнг зохион байгуулахад сэтгэл зүтгэлээ нэгтгэсэн Moesgaard музейн удирдлага, эрдэмтэд судлаачид, нийт хамт олонд чин сэтгэлийн халуун баяр хүргэе” гэв.

Мөн тус үзэсгэлэнд Монгол Улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгээс түрээслэн Данийн музейд анх удаагаа дэлгэн, олны хүртээл болгож буй 13-р зууны үеийн морьтон цэргийн булш /сүлжээтэй үс, хумс, шүд, нум сум, тухайн үед хэрэглэж байсан эд хэрэглэлтэйгээ олдсон/ олны анхаарлыг ихэд татаж, Даний музейн удирдлагын зүгээс ихээр олзуурхан цаашид мумиг судлах, судалгаанд хамтран оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Categories
мэдээ нийгэм

Тахийн сүрэг дөрвөөр нэмэгдлээ

“Монголд Тахь эргэн нутагшуулах, хамгаалах” төслийн хүрээнд энэ сарын 20-ны өдөр Чех улсын Прага хотын Амьтны хүрээлэнгээс дөрвөн тахийг (гүү) авчирч унаган байгальд нь буюу Говь-Алтай аймгийн Бугат сум дахь Говийн Их Дархан Цаазат газрын “Б” хэсэг, Тахийн тал, Тахийн усанд нутагшууллаа.

Ингэхдээ дөрвөн тахийг Чех улсын цэргийн нисэх хүчний “CASA” агаарын хөлөг онгоцоор Монгол руу 20 гаруй цаг тээвэрлэж, Ховд аймгийн Булган суманд авч ирсэн бөгөөд Говь-Алтай аймгийн Бугат сум дахь Говийн Их Дархан Цаазат газрын “Б” хэсэг, Тахийн талд ачааны машинаар тээвэрлэн хүргэсэн юм.

Энэ удаагийн тахь нутагшуулах үйл ажиллагаанд Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ийржи Бродский, Прага хотын Амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек , тус амьтны хүрээлэнгийн ажилтнууд болон Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, Говийн Их Дархан Цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын захиргаа, Говь-Алтай аймаг, сумдын төлөөлөгчид оролцлоо.

Говийн Их Дархан Цаазат газрын “Б” хэсэгт Монгол орны Зүүнгарын говийн ихэнх нутаг буюу Говь-Алтай аймгийн Бугат, Тонхил, Ховд аймгийн Алтай, Үенч сумын нийт 927.111.8 мянган га талбай, Алагхайрхан уулын БНГ-т 36400 га талбай хамрагдах агаад Монгол Алтайн нуруу, түүний салбар уулс, улсын хилийн дагуу орших Тахийн шар нуруу, Тахийн хөх өндөр, Хавтагийн уулсаар хүрээлэгдсэн хонхор тогооны хэлбэртэй, одой заган ой бүхий хужир мараалаг цайдам хотгор тогтоцтой нутаг юм.

Говийн Их Дархан Цаазат газрын “Б” хэсэгт 42 овгийн 135 төрөлд хамаарах 204 зүйлийн ургамал, 213 зүйл сээр нуруутан амьтан бүртгэгджээ. Түүнчлэн тахь, цоохор ирвэс, зүүнгарын даахай, сухайн чичүүл, давжаа алагдаага зэрэг нэн ховор амьтан болон хар сүүлт, зээр, аргаль, янгир, шилүүс зэрэг ховор амьтан тархан нутагшиж байна.

Categories
мэдээ нийгэм

“Төв Азид тээврийн холболтыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хамтран ажиллана

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ)-ын Евроазийн хэлтсийн дарга ноён Виллиам Томсон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг төлөөлөгчдөд Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар болон жижиг, дунд үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, тэр дундаа УИХ-аар хэлэлцэж буй Жижиг дунд үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн.

ЭЗХАХБ-аас 2015-2017 онд “Төв Азид өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь” төслийг хэрэгжүүлсэн бөгөөд ийнхүү өнөөдөр төслийн тайлангаа танилцуулж, 2018 онд шинээр “Төв Азид тээврийн холболтыг сайжруулах төсөл” хэрэгжүүлнэ гэдгээ Евроазийн хэлтсийн дарга ноён Виллиам Томсон хэллээ.

Тэрбээр, ЖДҮ-ийн салбарын үйл ажиллагааг дэмжих төслийн хүрээнд банк санхүүгийн байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлэх, энэ салбарын зээлийн батлан даалтын системийг сайжруулах, зээл авах процессийг хөнгөлөх, бизнес эрхлэгчдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх гэсэн нийт дөрвөн чиглэлээр зөвлөмж боловсруулсан талаараа дурдсан юм.

Танилцуулга, зөвлөмжийн хариуд, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг манай улсын ЖДҮ-ийн салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж байгаа Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагад талархал илэрхийлээд, цаашид энэ салбарын бизнес эрхлэгчдийн эрэлтэд нийцсэн зээлийн бүтээгдэхүүн бий болгох, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ЖДҮ-г хөгжүүлэх сангийн засаглал, үйл ажиллагааг сайжруулах, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх санал тавьсан.

Талууд хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд худалдаа тээвэрлэлтийн асуудал нэн чухал болохыг онцлоод 2018 онд тус байгууллагаас хэрэгжүүлэх “Төв Азид тээврийн холболтыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хамтран ажиллахаар тохиролцлоо.

Categories
мэдээ нийгэм

Хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүдээ гурван улсын санхүүгийн төлөөлөгчдөд танилцууллаа

“Их Түмэн Санаачилга” хөтөлбөр (GTI)-ийн Зөвлөлдөх комиссийн 18 дугаар уулзалт 6 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд Монгол Улсад анх удаа зохион байгуулж байна. 18 дугаар уулзалтад хөтөлбөрийн гишүүн орнууд болох Монгол Улс, ОХУ, БНХАУ, БНСУ-ын Сангийн яам, Худалдаа, эдийн засгийн яам, Эксим банкуудын удирдах албан тушаалтан, орон нутгийн засаг захиргааны нэгжийн удирдлагууд, судалгааны байгууллагын төлөөлөл нийт 100 гаруй хүн оролцож байгаа юм. Өнөөдөр нээлтээ хийсэн Зөвлөлдөх уулзалт бүхэлдээ Зүүн хойд Азийн эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, тэргүүлэх чиглэл болон цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөгөө тодорхойлоход чиглэнэ.

Уулзалтын үеэр Монгол Улсын Сангийн яам, Хөгжлийн банкнаас хөгжлийн тэргүүлэх чиглэлийн хөтөлбөрүүдээ танилцуулж, санхүүгийн хамтын ажиллагааны талаар дээд хэмжээний хэлэлцүүлэг өрнүүллээ. Тэр дундаа хөдөө аж ахуй, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн боломжийн талаар хэлэлцэж байгааг онцлон тэмдэглэх нь зүйтэй. Энэ ч үүднээс ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат “Их түмэн санаачилга” хөтөлбөрийн Зөвлөлдөх комиссийн уулзалтад урилгаар оролцож, тус яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (ГТБХЗГ)-ын дарга Ц.Болорчулуун салбар хуралдаанд илтгэл хэлэлцүүлсэн юм.

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат

ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун

ХХААХҮЯ-ны зүгээс, хөрөнгө оруулалт татах, хамтран ажиллах боломж эрэлхийлж, хүнс, газар тариалан, хөнгөн үйлдвэрийн салбар, малчдад чиглэсэн, тэргүүн ээлжинд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүдээ ОХУ, БНХАУ, БНСУ-ын санхүүгийн төлөөлөгчдөд танилцууллаа.

Тухайлбал, Газар тариалангийн салбарын үйлдвэрлэлийг тогтворжуулах хүрээнд ойрын 2-5 жилд хугацаанд “Тариалангийн бүс нутагт түшиглэн сүүний үхрийн эрчимжсэн аж ахуй байгуулах”, “Өвлийн хүлэмжийн аж ахуй”, “Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, махны хадгалалт, борлуулалтын цогцолбор”, “Усалгаатай тариаланг хөгжүүлэх”, “Тариалангийн талбайд ойн зурвас байгуулах” төслийг тус тус хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Эдгээр төслийг хэрэгжүүлэхэд 207 сая ам.доллар шаардлагатай гэдгийг ХХААХҮЯ-ны ГТБХЗГ-ын дарга Ц.Болорчулуун илтгэлдээ дурдсан.

ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох, Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү

Мөн мах, сүү боловсруулах үйлдвэрлэлд суурилсан кластер төслүүд, ноолууран бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлж, боловсруулалтын түвшинг 60 хувьд хүргэх, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилготой төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Түүнчлэн хөдөө, орон нутгийн 5000 өрхийг амины орон сууцаар хангах төслийг 2019-2025 онд Монгол Улсын найман аймагт хэрэгжүүлэхэд дэмжлэг хэрэгтэй байгааг гурван улсын Сангийн яам болон Худалдаа, эдийн засгийн яамд, Эксим банкуудын төлөөлөл болон холбогдох бусад албаныханд мэдээлсэн юм.

Уулзалтын төлөөлөгчид

“Их түмэн санаачилга хөтөлбөр” нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр 1995 онд байгуулагдсан Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны механизм юм. Монгол Улс, ОХУ, БНХАУ, БНСУ зэрэг орны эдийн засгийн хамтын ажиллагааны суурь болж, Зүүн Хойд Азийн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Налайхын Төмөрлөгийн үйлдвэрийг нүүлгэн шилжүүлнэ

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөө батлах тухай, Зарим ӨНӨҮГ-ын Төлөөлөн удирдах зөвлөл, төслийн нэгжийн Удирдах хорооны гишүүдийг томилох тухай, Тогтоол хүчингүй болгох тухай, Налайхад байрлах Төмөрлөгийн үйлдвэрийн үйл ажиллагааны талаар авах арга хэмжээний тухай, Төрийн шагналд уламжлах тухай болон Бусад асуудал гэсэн зургаан асуудлыг хэлэлцэв.

Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөөний танилцуулгыг тус хөтөлбөрийн гишүүн МУИС-ийн багш доктор /Ph.D/, дэд профессор С.Эрдэнэсүх танилцууллаа. Энэхүү мастер төлөвлөгөөг цаг уур, газар төлөвлөлтийн мэргэжилтэн, эрдэмтдээс бүрдсэн “Экотайкүүн” компани сонгон шалгаруултанд тэнцсэний дагуу боловсруулж, зөвлөх үйлчилгээг мөн хэрэгжүүлжээ.

Мастер төлөвлөгөөг 2017-2025 он хүртэлх хугацаанд хэрэгжүүлэхэд нийслэлийн агаарын бохирдолд 30-70 хувь буурах боломжтой бөгөөд нийтдээ 9.5 их наяд төгрөг шаардлагатай гэв.Түүний хүргэсэн танилцуулгатай холбогдуулан тэргүүлэгчид тус хөтөлбөрт шүүмжлэлттэй хандан, асуулт асууж, саналаа хэллээ.

Тухайлбал, Хурлын дарга С.Амарсайхан “Нийслэл 9 дүүрэгтэй, гэтэл таны танилцуулга материалд нийслэлийн 6 дүүрэг гээд бичиж яриад байх юм. Захын гурван дүүргийг бодлого хөтөлбөрөөс орхигдуулж болохгүй” гэсэн бол тэргүүлэгч Б.Батнасан “Та бүхэн энэ баримт бичиг дэх Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах төлөвлөгөө юм уу эсвэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах юм уу гэдгээ тодорхой болгох хэрэгтэй байна. Энэ хоёр ойлголт чинь хоёр өөр утгатай. Хэрвээ нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах гэж ярьж байгаа бол Багануур, Багахангай, Налайх дүүргүүдэд төсөл хөтөлбөр нь адилхан хэрэгжээд явах ёстой” гэв.

Тэргүүлэгч С.Мөнхчулуун “Агаарын бохирдолтой байгаа тухай танилцуулах шаардлагагүй. Үүнийг хүн бүхэн мэдэж байгаа. Харин та бүхэн энэ бохирдлыг хэрхэн бууруулах, ямар арга хэмжээг яаж авч хэрэгжүүлэх ёстой вэ гэдгээ тодорхой болгож, танилцуулгадаа тусгах хэрэгтэй. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 9.2 их наяд төгрөг хэрэгтэй гэлээ. Ийм хэмжээний төсвийг нийслэлээс байтугай улсын төсвөөс гаргах боломжгүй.

Тиймээс ажилдаа илүү бүтээлч байдлаар хандаж, ажлаа явуулах нь зүйтэй” гэсэн саналыг тус тус илэрхийлжээ.Саналын төгсгөлд Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөө батлах тухай хөтөлбөрийг НИТХ-ын нэгдсэн XVII хуралдаанаар оруулж шийдвэрлүүлэхээр болж тогтоолын төсөл дэмжигдлээ.

Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Зарим ОНӨҮГ-ын Төлөөлөн удирдах зөвлөл, төслийн нэгжийн Удирдах хорооны гишүүдийг томилох тухай, Тогтоол хүчингүй болгох тухай танилцуулгыг НӨХГ-ын дарга Ч.Однасан танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан ОНӨҮГ-ын ТУЗ болон Удирдах хорооны гишүүдийг томилохтой холбоотой санал хэлж, оруулж ирсэн саналыг дэмжиж тогтоол гаргахаар боллоо. Мөн НИТХ-ын тэргүүлэгчдийн 2014 оны 107, 2017 оны 18 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай асуудлыг дэмжлээ.

Налайх дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах БНХАУ-ын иргэний хөрөнгө оруулалттай Төмөрлөгийн үйлдвэрийн үйл ажиллагаа нь байгаль орчинд төдийгүй Налайх дүүргийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлд сөрөг нөлөө үзүүлж байгаа учраас иргэд тус үйлдвэрийг нүүлгэн шилжүүлж өгөх хүсэлтийг гаргасан гэдгийг Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар танилцуулав. Тэргүүлэгчид Төмөрлөгийн үйлдвэрийг Налайхын Үйлдвэр технологийн парк руу нүүлгэн шилжүүлэх асуудлыг дэмжиж тогтоол гаргахаар боллоо.

Нийслэлийн хөгжилд өндөр хувь нэмэр оруулсан нэр бүхий иргэнийг “Хангарди” одонгоор шагнах, Тулгар төр үүссэний 2227 жил, Их монгол улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан иргэдийг Нийслэлийн ИТХ-ын шагналаар шагнах мөн Төрийн шагналд тодорхойлж уламжлахыг дэмжиж тогтоол гаргав.

Бусад асуудлын хүрээнд 100 айлын уулзвараас 32-ын тойрог хүртэлх 1.6 км авто зам болон Налайх-Чойрын төв замаас Налайх дүүргийн Үйлдвэр технологийн парк хүртэлх 3.5 км авто замыг барих хөрөнгийн эх үүсвэрийг шийдэх асуудлаар танилцуулга сонсож, хууль эрх зүйн зохицуулалтын дагуу шийдвэрлүүлэхийн тулд холбогдох уулзалт арга хэмжээг зохион байгуулж, саналаа нэгтгэн дахин боловсруулж оруулж ирэх үүргийг 100 айлын нүүлгэх асуудлыг судлан хэрэгжүүлэх ажлын хэсгийн ахлагч Ч.Гантулгад өгч, тухайн асуудлыг буцааж, дараагийн Тэргүүлэгчдийн хурлаар дахин оруулж хэлэлцүүлэхээр болсноор өнөөдрийн Тэргүүлэгчдийн хурал өндөрлөлөө.

Тэргүүлэгчдийн зүгээс хуралд оруулж ирж байгаа төсөл хөтөлбөр, танилцуулгын албан бичгийн боловсруулалт дутагдалтай, агуулгын болон найруулгын алдаа ихтэй, холбогдох албан тушаалтан, газрын санал дүгнэлтийг аваагүй байгаад шүүмжлэлттэй хандаж, цаашид НЗДТГ-ын холбогдох хэлтэс болон НИТХ-ын Ажлын алба анхаарч ажиллахыг үүрэг болгов.

Categories
мэдээ нийгэм

Газрын тосны боловсруулах үйлдвэрийн шав тавигдлаа

ЗурагДорноговь аймгийн Алтанширээ суманд Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлж, дэд бүтцийн барилгын ажлын суурийг тавилаа.

Монгол Улс, БНЭУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад газрын тосны боловсруулах үйлдвэрийг барьж байна. БНЭУ-ын Засгийн газрын Монгол Улсад олгож буй нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр баригдах энэхүү Газрын тосны боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт хоёр үе шаттай хийгдэнэ.

Газрын тосны боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар БНЭУ-ын Дотоод хэргийн сайд Ражна Сингх манай оронд айлчлан ирж, биечлэн оролцож байна.

Тэрбээр, “Жар гаруй жилийн дипломат хамтын ажиллагааны түүхтэй манай хоёр орны хувьд энэхүү төсөл нь шинэ түүх болж байна. Харилцаа хамтын ажиллагаа, найрамдалт харилцааны хөгжилд үсрэнгүй дэвшил авчирч, стратегийн түншлэлийг бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ, “Монголчуудын хувьд олон жил хүсэн хүлээсэн газрын тосны үйлдвэртэй болох хүсэл бодит биеллээ олж, өнөөдөр үйлдвэрийн дэд бүтцийн барилгын ажлыг эхлүүлж, БНЭУ-ын Дотоод хэргийн сайд Ражна Сингх биечлэн оролцож байгаад талархал илэрхийлье. Монгол Улс газрын тосны үйлдвэртэй болж байгаа нь түүхэн шийдвэр. Хоёр орны харилцаа хамтын ажиллагааны хөгжлийг шинэ шатанд гаргаж байгаа үйл явдал болж байна. Монголын ард түмэн, Дорноговийн иргэд, Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлж, баяр хүргэе” гэлээ.

Энэхүү газрын тосны боловсруулах үйлдвэр нь Дорноговь аймгийн Сайншанд сумаас зүүн хойд зүгт 18 км-т Алтанширээ сумын нутаг дэвсгэрт 150 га талбайд эзлэн баригдаж байна. Жилд 1,5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай. Санхүүжилтийн өртгөө ашиглалтад орсноос хойших эхний 10 жилд бүрэн нөхөх боломжтой. Эхний тогтоогдсон түүхий эдийн нөөц 40 жил юм. Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг Монгол Улсын Засгийн газраас 2017 оны 09 дүгээр сард эхлүүлсэн бөгөөд 2022 онд бүрэн ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна гэж Засгийн газрын хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд төрийн худалдан авалт, гаалийн татварын бодлогоор дэмжиж байна

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас хэрэгжүүлсэн болон хэрэгжих төслүүдийн талаарх семинар өнөөдөр (2018.06.21) Гадаад харилцааны яамны Зөвшилцлийн танхимд боллоо. Семинараар “Төв Азид өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь” төслийн тайлангийн танилцуулгыг хийсэн.

Семинарын нээлтэд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат оролцож, жижиг, дунд үйлдвэрийн салбарт хамтран ажиллаж буй олон улсын байгууллагын төлөөлөгчдөд хандан үг хэлсэн юм. Тэрбээр, “ХХААХҮЯ нь жижиг, дунд үйлдвэрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэхдээ олон улсын байгууллагуудын хийсэн судалгаа, өгсөн үнэлгээ, зөвлөмжийг тусгадаг. Цаашид жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн чадавхийг дээшлүүлэх, инноваци, технологи нэвтрүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зэрэгт хамтран ажиллахыг хүсч байна” гэлээ.

Өнөөгийн байдлаар Монгол Улсад 78 000 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас 77 хувь буюу 60,630 нь жижиг, дунд үйлдвэрийн салбарт хамаарч байна. Статистикийн үзүүлэлтээс харахад жижиг, дунд үйлдвэрийн салбарт 719,172 хүн ажиллаж байгаа нь нийт ажиллах хүчний 67 хувийг эзэлж байна гэсэн үг. ДНБ-ий 17,8 хувь, экспортын бүтээгдэхүүний 2,3 хувийг үйлдвэрлэж буй жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхийн тулд төрийн худалдан авалт, импортын гаалийн татвар, тарифын бодлогоор дэмжиж байна. Мөн чөлөөт худалдааны гэрээ байгуулсан орнуудад бүтээгдэхүүн экспортлоход нь дэмжлэг үзүүлж, олон улсын үзэсгэлэн худалдаанд оролцох бололцоогоор хангаж өгдөг. Түүнчлэн бизнес эрхлэгчдийн ур чадварыг дээшлүүлэх, үндэсний томоохон үйлдвэрлэлийг түшиглэсэн жижиг, дунд үйлдвэрийн кластерыг бий болгоход чиглэсэн тодорхой ажлууд хийж хэрэгжүүлж байгаа юм.

Categories
мэдээ спорт

Сагсан бөмбөг, волейболын дугуйлангуудын бүртгэл эхэлжээ

Сурагчдын зун амралтаар үйл ажиллагаа явуулах сагс бөмбөгийн болон гар бөмбөгийн сургалтууд бүртгэл эхэлжээ. МУБИС, “Этүгэн” сургууль, “Мон-Алтиус” БТДС зэрэг сургуулиуд сагссан бөмбөг, гар бөмбөгийн сургалтуудын бүртгэл явагдаж байгаа аж. Дунджаар нэг сарын төлбөр нь 50 000-199 000 төгрөгийн хооронд байна. Харин ерөнхий боловсролын сургуулийн хувьд Баянзүрх дүүргийн 33 дугаар сургууль дээр сагсан бөмбөг болон гар бөмбөгийн секцүүд хичээллэж байгаа. Харин төлбөрийн хувьд 60 000 төгрөг. Мөн “Алтайн барс” клуб, Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт байрлах “Медальд хүрэх зам” гар бөмбөгийн сургалтын төвүүд зуны турш ажиллана. “Медальд хүрэх зам” сургалтыг УБТЗ-ийн багийн холбогч Ч.Отгонбаяр удирдан явуулдаг юм.

Э.АНХМАА

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг Тавантолгой төслийг хэлэлцэж байна

Яг одоо УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж, Засгийн газраас өргөн барьсан Тавантолгойг эргэлтэд оруулах төслийг хэлэлцэж, байр сууриа нэгтгэж байгаа байна. Өнгөрсөн пүрэв гаригт Засгийн газраас Тавантолгойг эргэлтэд оруулах төслийг УИХ-д өргөн барьсан билээ. Энэ хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын Хөрөнгийн биржээр үе шаттай арилжиж шаардлагатай хөрөнгө оруулалт татах юм.

Салбарын сайд Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Оюутолгой-Ханги чиглэлийн тусгай зориулалтын автозам, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийг шуурхай хэрэгжүүлэх, хөрш орнуудтай дамжин өнгөрөх тээвэр, угтуулан тавих нөхцөл, урьдчилгаа төлбөр, боомт ашиглалт, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, борлуулалтын нөхцөлийн талаар хэлэлцээ хийж, ордыг түшиглэн цахилгаан станц барихаар төлөвлөж буйгаа дуулгасан билээ.

Categories
мэдээ нийгэм

Жолооч нарт хилийн зурваст танхайрахгүй байхыг хатуу анхаарууллаа

Монгол Улсын Ерөнхий сайдын Дорноговь аймаг дахь албан томилолт өчигдөр/06.21/ Замын-Үүд суманд үргэлжиллээ. Тэрбээр энэ үеэр Замын-Үүд сумын иргэдтэй тус сумын спорт танхимд уулзаж, хилийн цогцолборын үйл ажиллагаатай танилцлаа. Сумын иргэд Ерөнхий сайд болон Дорноговь аймгийн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд, аймаг, сумын удирдлагуудад санал бодлоо илэрхийлж, асуулт асууж, хариулт авав.

Сүүлийн өдрүүдэд Замын-Үүд суманд зорчигч, ачаа тээвэр эрхэлдэг иргэдийн дунд “гаальтай машин” хэмээн нэрлэгддэг “УАЗ-469” автомашин эзэмшигч, жолооч нарыг БНХАУ-ын Эрээн хилийн боомтоор нэвтрүүлэхгүй байгаагаас үүдэн жолооч нар болон хил, гаалийн ажилчид, хэв журам сахиулах цагдаагийн ажилчдын дунд үл ойлголцол үүсээд байгаа талаар олон иргэд ярьж оновчтой гарц, шийдэл гаргахыг Ерөнхий сайдаас хүссэн юм.

Ерөнхий сайд жолооч нарыг Хятадын талаас тавьж буй шаардлагыг биелүүлж, автомашины бүрэн бүтэн байдлыг хангаж, өнгө, үзэмжээ сайжруулж, зорчигчдын аюулгүй байдлыг хангасан, олон улсын стандартад нийцсэн тээвэр эрхлэхийг уриалж, Зам Тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэд ажлын хэсэг байгуулж богино хугацаанд арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо.

Иргэд, жолооч нарыг хилийн зурвас, улсын онцгой бүсэд танхайрахгүй байхыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хатуу анхаарууллаа. Хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байж, хуулийн хүрээнд ажиллаж амьдрах үүргээ биелүүлж, эс дагаж мөрдсөн тохиолдолд цагдаа хариуцлага тооцож дэг журам сахиж ажиллахыг санууллаа гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.