Categories
мэдээ нийгэм

Амралтын өдрүүдэд дараах замууд түр хаагдана

Энэ амралтын өдрүүдэд буюу 2018.06.23-24-ний хооронд Улаанбаатар хотод инженерийн шугам сүлжээ шинээр татах, засварлах, өргөтгөн шинэчлэх зорилгоор дээрх автозамууд түр хугацаагаар хаагдана.

Мөн Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Дотоод хэргийн сайд ноён Ражнат Синхг 2018 оны 6 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Энэ үеэр нийслэлийн гудамж, замуудын хөдөлгөөнийг хэсэгчлэн буюу тухайн хэсгээр зочин явж өнгөрөх хугацаанд хаах тул иргэд замын ачааллыг бодолцон ажлаа зохицуулах, хөдөлгөөнд хүлээцтэй, хүндэтгэлтэй оролцож, зохицуулагчийн дохио, зааврын дагуу оролцохыг зөвлөж байна.

Categories
мэдээ спорт

Лео Месси өөрт нь ирж байгаа шүүмжлэлүүдээс болж уйлдаг

Лео Месси өөрт нь ирж байгаа шүүмжлэлүүдээс болж уйлдаг гэнэ. Леогийн ээж Селия Куччитини “AS” сонинд өгсөн ярилцлагадаа үүнийг нь илчилжээ.

Тэрээр “Хүмүүс Леог шүүмжлэлд ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй, хариуцлагаа ухамсарлахгүй байна гэж ярьж байгаа нь худлаа. Үнэн хэрэгтээ бол тэр талбай дээр харагдаж байгаа шигээ биш. Ялагдлаас болж шаналж уйлдаг шигээ шүүмжлэлээс болж шаналж, уйлдаг. Шүүмжлэл түүнийг ч биднийг ч адилхан шархлуулж байна” хэмээн ярьжээ.

Аргентиний шигшээ энэ сарын 16-нд Исландтай тоглоход Л.Месси 64 дэх минутад 11 метрийн торгуулийн цохилт алдсан. Харин өнгөрсөн шөнө Хорватад 0:3-аар хожигдож, хэсгээсээ гарч чадахгүй байх магадлалтай болсон билээ.

Categories
мэдээ нийгэм

Дуудлага худалдаагаар валютын захад ам.доллар нийлүүллээ

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлд заасны дагуу Монголбанк 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр ээлжит бус гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа. Дуудлага худалдаанд банкууд 2454.87 төгрөгийн жигнэсэн дундаж ханштайгаар 130.7 сая ам.доллар худалдан авах санал ирүүлснээс Монголбанк 2451.00 төгрөгийн ханштайгаар 88.7 сая ам.долларыг нийлүүллээ.

МОНГОЛБАНК

Categories
мэдээ нийгэм

ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл тэргүүтэй төлөөлөгчид Астана хотод ажиллав

Монгол Улсын ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, Монгол Улсын Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулуун, тус хүрээлэнгийн археологч, доктор А.Энхтөр тэргүүтэй төлөөлөгчид Астана хотноо болсон Хүмүүнлэгийн ухааны олон улсын гуравдугаар форумд оролцлоо.

Уг форумыг Олон улсын Түрэг академи (TWESCO) гурав дахь жилдээ зохион байгуулж буй. Форумын нээлтэнд Казахстан Улсын Төрийн нарийн бичгийн дарга Гулшара Абдикалыкова болон ЮНЕСКО, ИСЕСКО, ECO Science Foundation, Түрэгийн зөвлөл, ТүркПА зэрэг олон улсын байгууллагуудын тэргүүн, төлөөлөгчид оролцов.
Азербайжан, Герман, Киргизстан, Молдов, Монгол, Узбекстан, Польш, ОХУ, Тажикстан, Турк зэрэг улсаас 250 гаруй эрдэмтэн судлаачид, шинжээчид оролцсон энэхүү чуулганыг нээж Казахстан Улсын Төрийн нарийн бичгийн дарга Гулшара Абдикалыкова мэндчилгээний үг хэлсэн юм. Хурлын завсарлагаанаар Монгол Улсын ШУА-ын ерөнхийлөгч, академич Д.Рэгдэлийг хүлээн авч уулзлаа.
Форумын хөтөлбөрийн дагуу Олон улсын Түрэг академийн ерөнхийлөгч Д.Кыдырали ба Олон улсын Монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Чулуун нар хамтын үйл ажиллагааны тухай санамж бичиг үзэглэв. Тус санамж бичгийн үр дүнд цаашдаа Олон Улсын Түрэг академийн дэргэд Монгол судлалын төв нээх эрх зүйн үндэс бүрдэж байна.
Мөн Олон улсын Түрэг академийн дэргэд Алтай судлал, түрэг судлал, монгол судлалын холбоог байгуулах тухай шийдвэрт Олон улсын Түрэг академийн ерөнхийлөгч Дархан Кыдырали, Монгол Улсын ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, ОХУ-ын ШУА-ийн Түүх-хэл шинжлэлийн салбарын харьяа Оросын Түрэг судлалын хорооны даргын орлогч Олег Алексеевич Мудрак, Турк улсын хэлний нийгэмлэгийн дарга Мустафа Качалин нар гарын үсэг зурлаа.

Энэхүү шинэ холбоо нь алтай судлал, түрэг судлал, монгол судлалтай холбоотой олон улсын чуулган, их, бага хурал, семинар, үзэсгэлэн, ном хэвлэлийн нээлт, танилцуулга, хамтарсан экспедицүүд зохион байгуулах, түүхэн үйл явдлуудыг тэмдэглэн өнгөрүүлэх зэрэг хамтын үйл ажиллагааг зохицуулах, дэмжих үүрэгтэй. «Алтай судлал, түрэг судлал, монгол судлал» сэтгүүлийг, мэдээлэл солилцооны интернет порталыг тогтмол нээн ажиллуулахаар зорьжээ.
Форумын үеэр Монгол Улсын ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэлийг Олон Улсын Түрэг академийн алтан медалиар, Монгол улсын Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулууныг В.Томсений нэрэмжит медалиар тус тус шагнасан байна.


Мөн Л.Н.Гумилевийн нэрэмжит Евразийн их сургуулийн захирал, академич Е.Б.Сыдыков Монгол Улсын эрдэмтдийн багийг их сургуулийн Эрдмийн зөвлөлийн хуралд оролцуулж хүлээн авсан бөгөөд тус хурлын шийдвэрийн дагуу ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэлд хүндэт профессор цол олгожээ.

Мөн ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл Казахстаны Н.А.Назарбаевын их сургууль дээр “Биохимийн шинжлэх ухааны тэргүүлэх чиглэл ба бусад асуудал” сэдвээр лекц уншив.
Олон улсын Түрэг академи Монгол Улсын ШУА хооронд хамтран ажиллах тухай 2014 онд анх санамж бичиг байгуулсан байна. Мөн тус академи Монгол Улсын Түүх, археологийн хүрээлэн, Монгол Улсын Архивын ерөнхий газар, Монголын Үндэсний музей, Монгол Улсын Уламжлалт анагаах ухааны музейтэй хамтын ажилгааг идэвхтэй явуулдаг аж. Олон улсын Түрэг академи Монгол Улсын Түүх, археологийн хүрээлэнтэй хамтарч Булган аймгийн нутагт оршдог Шивээт улааны тахилын онгонд гурван жил дараалан археологийн судалгаа үр дүнтэй явуулж байна. Академи энэ жил Монгол Улсын Түүх, археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музейтэй хамтарч Монгол Улсын нутагт оршдог дундад зууны дөрвөн тахилын онгонд археологийн судалгаа явуулах гэрээг мөн үзэглэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

МУИС 2020 онд Азийн шилдэг сургууль болохоор зорьж байна

МУИС-ийн 73 дахь удаагийн төгсөлтийн Эрдмийн баяр өнөөдөр болж өнгөрлөө. Тус сургуулийг докторын зэргээг 13, магистрын зэргээр 323, бакалаврын зэргээр 1990, нийтдээ 2235 оюутан төгсөж байна.Ёслолын үеэр шилдэг 100 төгсөгчид диплом, энгэрийн тэмдэгийг гардуулсан юм.Эдгээрээс докторын зэргээр 11, магистрын зэргээр 13, бакалаврын зэргээр 75 хүн тус тус шилдэгээр шалгарчээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Нийгмийн бодлого боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, МУИС-ийн салбар сургуулиудын захирал, Ардын уран зохиолч Т.Галсан нар ёслолын ажилд хүндэт зочиноор ирсэн байв.

Ёслолын ажиллагааг МУИС-ын захирал Я.Төмөрбаатар нээн үг хэлэхдээ “Өнгөрсөн хичээлийн жилд манай сургуулийн 75 жилийн ой тохиосон. Энэ хугацаанд тасралтгүй үйл ажиллагаа явуулахдаа улс орондоо болон гадаадын орнуудад мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, дээд боловсролыг хөгжүүлэх, эх орны болон дэлхийн шинжлэх ухааны үйлсэд хувь нэмрээ оруулах талд амжилт гаргасаар иржээ. Үүнийг үнэлж Ерөнхийлөгчийн зарилгаар МУИС-ийг “Сүхбаатарын тугийн одон”-оор шагнасан. Мөн өнгөрсөн хичээлийн жилд орчин үеийн номын санг ашиглалтад оруулсан,ОХУ, Япон, БНСУ, АНУ, БНХАУ-тай хамтарсан олон төсөл хөтөлбөрүүд амжиллтай хэрэгжүүлсэн зэрэг олон онцлох үйл явдал боллоо” гэж онцоллоо.

Тэрээр “Энэ хичээлийн жилд МУИС-ийн эрх зүйн орчинг сайжруулах, тодорхойлох, судалгааны их сургууль болох чиглэлд ахиц гарсан. Сургалт эрдэм шинжилгээний орчин нөхцөл, сургалтын технологийг сайжруулах үүднээс Засгийн Газраас 25 сая долларыг төсөвлөсөн явдлыг онцолмоор байна. Хамгийн гол нь энэ хичээлийн жилд байгууллагаа магадлан итгэмжлүүлэхээр болж, хангалттай үнэлгээ авсан явдал юм. Цаашид бид ажилаа эрхэмжүүлж 2020 он гэхэд Азийн шилдэг их сургууль болох стратегийн төлөвлөгөөний зорилтуудаа хангах, алдсан алдаа, засаж сайжруулах зэрэг ажилуудыг дараагийн хичээлийн жилд хийх болно. Энэ жил төгсөж буй нийт төгсөгчиддөө хувиасаа болон Эрдмийн зөвлөлийн өмнөөс талархал дэвшүүлье” хэмээсэн юм.

ӨМӨЗО-оос ирж суралцан төгсөж буй Лай Шин Шин: Би 2013 оноос докторантурт суралцаж эхэлсэн. Өнөөдөр докторын дипломоо гардан авч байгаадаа сэтгэл маш өндөр байна. “Монгол хэлний үйлдэгдэх хэвийн судалгаа”-аар докторын зэргээ хамгааллаа. Энэ хугацаанд удирдах багшаар ажилласан доктор Д.Заяабаатар болон МИУС-д талархаж буйгаа илэрхийлье.

Гадаад худалдаа, гаалийн удирдлагын магистр Б.Батбаяр “2,5 жилд магистрантураар сурч төгссөндөө сэтгэгдэл өндөр байна. Миний хувьд сурахын хажуугаар ажилаа хийгээд явах хэцүү байлаа. Энэ хугацаанд намайг ойлгож тусалж дэмжсэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш нар, гэр бүлийнхэн болон бусад хүмүүстээ баярлалаа”гэв.

Энэхүү ёслолын үйл ажиллагааны бас нэгэн онцлох үйл явдал нь АУЗ Т.Галсангийн отгон шавь Б.Чандмань шилдэг төгсчөөр шалгарч, их сургуулиа төгсөж буй явдал байсан юм. Ардын уран зохиолч Т.Галсан тус сургуулийг 62 жилийн өмнө төгссөнөө ёслолын үеэр дурдаж байлаа. Тэрээр “Бихаа яваа газраа яруу өгүүлэхүйн ухаан, зөв бичих дүрэм, монгол үсгийг тааралдсан хүн болгондоо заадаг. Энэ бол миний багш хувь заяатай холбоотой юм. Миний ууган шавь Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Х.Цэвэлээ, дунд үеийн шавь гэвэлМонгол Улсын Ардын багш С.Дулам байна. Гэтэл одоо отгон шавь болон Чандмань маань их сургуулиа төгсөж байна. 2012 онд отгон шавьтайгаа уулзаж байлаа. 2014 онд отгон шавиа их сургуульд хөтөлж оруулж, “Ээж аавынхаа итгэлийг данайтал даагаарай, энэ үгний эхлэлийг санаж яваарай” гэж захиж байсан. Тэр цагаас хойш өнөөг хүртэл сайн сурч шилдэг 100 төгсөгчийн нэг болон төгсөж байгаад баяртай байна” хэмээн өөрийн сэтгэгдлээ хуваалцлаа.


Утга зохиол судлалын ангийн шилдэг төгсөгч Б.Чандмань багшийнхаа талаар “Т.Галсан багштайгаа зургаан жилийн өмнө танилцаж байсан. Түүнээс хойш ямар мэргэжил эзэмших талаар багшаасаа зөвлөгөө авахад багш маань өөрийнхөө мэргэжлийг надад өвлүүлэхийг санал болгосон. Дөрвөн жилийн өмнө яг энэ сургуульд хөтөлж авч ирж байсан бол өнөөдөр төгсөж байхад гараас минь хөтөлж сургуулиас авч гарч байна” гэж ярьлаа. Тэрээр ийнхүү амжилттай суралцаж төгссөн талаараа “Оюутан байх хугацаандаа маш олон сайн дурын байгууллагад ажилласан. Мөн энэ мэргэжил яг миний хүсч байсан мэргэжил учирсурлагын амжилтад их нөлөөлсөн байх. Өөрийн хүсч буй зүйлээ зөв тодорхойлж чадаагүйгээс болж эргэлзэх зүйл их тохиолддог. Тиймээс шинээр оюутан болж буй залууст хандаж хэлэхэд мэргэжлээ сонгохдоо маш сайн анхаарах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна” гэсэн юм.

Э.ЯНЖМАА

Categories
мэдээ нийгэм

Хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсанаас таван хүн нас баржээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр шуурхай мэдээлэл хийж, хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсанаас болж гарсан осол эндэгдлийн талаар нийтэд танилцууллаа.

Энэ онд нийт найман осол гарч, таван хүн нас барж, гурван хүн хүнд гэмтэл авчээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар эдгээр ослууд нь хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсан, эрүүл ахуйн хуульд заасан дүрэм, журмыг зөрчсөн, стандартыг хангаагүйн улмаас гарсан гэж тодорхойлж байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр нийгмийн хамгаалал, тусгай хяналтын хэлтсийн дарга И.Баттөгс ярихдаа “Мэргэжлийн хяналтын газарт бүртгэгдэж байгаа ослуудын 45.7 хувь нь барилга, 6.5 хувь нь эрчим хүчний салбарт гарсан бол 17.5 хувь нь уул уурхайн салбарт гарч байгаа юм. Харин нийт ослын 17.5 хувь ньхүнсний салбарт гарсан. Эдгээр ослуудыг бууруулахын тулд аж ахуй нэгж байгууллагуудтөсвөө танахгүй, ажилчдынхаа аюулгүй байдлын төлөө мөнгө зарцуулах хэрэгтэй байна” гэв.

Хамгийн их зөрчил гардаг барилгын салбарт 2018 онд нийт зургаан осол гарсан бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 50 хувь, 2015 оныхоос 90 гаруй хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм.

Гарсан ослуудын годмлыг эрүүгийн хэрэг үүсгэн шүүх, цагдаагийн байгууллагуудаар хянан шалгаж байгаа ба НМХГ-аас тухай аж ахуй нэгжүүдэд захиргааны хариуцлага ногдуулж байгаа гэнэ.

Энэ үеэр НМХГ-аас дэд бүтэцтэй холбоотой хяналт шалгалтаар нийслэлийн хэмжээнд 4840 лифт ажилладгаас 922 нь шинэчлэх шаардлагатай гэж бүртгэгдсэн талаар танилцуулж байлаа.

Энэ онд өргөх механизмтай холбоотой дөрвөн осол гарч 10 хүн гэмтсэн юм. Үүний талаар НМХГ-ын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулга, “Эдгээр ослуудын гурав нь орон сууцны лифт унасантай холбоотой бол нэг нь “Үндэсний соёл амралтын хүрээлэн”-гийн “Сансрын хөлөг” тоглоом хугарснаас болсон. Уг газруудадөмнө нь хяналт хийж, санамж хүргүүлсэн ч санамжийн хариу бодит байдлаасаа зөрүүтэй байсан. Тухайн байгууллагууд нь дотоодын хяналт шалгалтыг хэрэгжүүлэхгүй, хөдөлмөр болон техникийн аюулгүй байдлыг хангуулж ажиллахгүй байгаатай холбоотой” гэсэн юм.

НМХГ-аас хүүхдийн баяртай холбоотойгоор тавдугаар сарын 22-нд гаргасан зөвлөмжид тус тоглоомтой холбоотой анхааруулга тусгагдсан байжээ. Одоогоор “Үндэсний соёл амралтын хүрээлэн”-д байгаа өргөгч механизмаар ажилладаг зургаан тоглоомын үйл ажиллагааг зогсоогоод байна.

М.Сувд

Categories
мэдээ нийгэм

Эмийн харшил шууд үхэлд хүргэх аюултай

Монголын харшил судлалын нийгэмлэгээс зохион байгуулж буй “Харшлын эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн орчин цагийн хандлага” 15 дугаар чуулган “Holiday Inn” зочид буудалд боллоо. Тус чуулган Монгол Улсад гурав дахь удаагаа болж байгаа бөгөөд АНУ, ОХУ, ӨМӨЗО-ны харшил судлалын нарийн мэргэжилтэн, профессорууд ирж оролцож байна. Гадны мэргэжилтнүүд залуу эмч нарт орчин үеийн эмчилгээний чиг хандлага, оношилгоог танилцуулж мэргэшүүлэхийн зэрэгцээ туршлага солилцох юм. Сэдвийн хүрээнд Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн харшлын эмч, клиникийн профессор Т. Рэгзэдмаа, “Харшил үүсэх гол шалтгаанууд нь гадны нөлөөнөөс буюу орчны бохирдол, агаар, хөрсний бохирдол, импортоор орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүн, эмийн зохисгүй хэргэлээ гэх зэргээс үүсэж байна. Тэр дундаа Монгол улсад нэгдүгээрт амьсгалын замын харшил дийлэнх хувийг эзэлж байна. Энэ нь агаарын бохирдол буюу утаа, мөн хөрсний бохирдлоос улбаатай.

Импортоор орж ирж байгаа хараа хяналт сул хүнсний бүтээгдэхүүнийг иргэд замбараагүй хэрэглэх, гар дээрээс баталгаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдаж авч байгаагаас үүдэн хүнсний харшил маш их гарах болсон. Хүнсний харшил ихэвчлэн арьсны харшлаар илрэх бөгөөд арьсан дээр тууралт гарах, уруул ам хавдах зэргээр илэрдэг. Мөн сүүлийн үед эмийн харшлын шок гэж нэрлэдэг дур мэдэн эм хэрэглэснээс болсон харшил ихсэх хандлагатай байгаа. Эмийн харшлын хүнд хэлбэр нь шууд үхэлд хүргэдэг аюултай. Арьсан дээр гарч байгаа шинж тэмдгүүд нь хөнгөн хэлбэрийнх гэсэн үг. Иргэд харшил өгдөг эм тариагаа дахин хэрэглэж харшлаа сэдрээх тохиолдол байдаг. Эмийн харшил хэзээ ч эдгэдэггүй учраас насан туршдаа харшилсан эм, тариагаа хэрэглэхгүй байхыг бид зөвлөдөг. Эмийн харшил шууд амь насанд хүргэдэг учир хамгийн аюултай харшил.

Харшлаас урьдчилан сэргийлэхийн тулд иргэд нэн түрүүнд харшлын талаар мэдэгдэхүүнтэй байх хэрэгтэй. Зөвхөн эмчийн заавраар эм тариагаа хэрэглэж, ам дамжсан ярианд автахгүй байх хэрэгтэй” гэлээ. Мөн улиас модноос унадаг унгирал харшил үүсгэх аюултай гэж боддог. Гэвч энэ нь ямар нэгэн харшил үүсгэдэггүй. IV сарын 10-даас VI сарын аравдыг хүртэл модлог ургамлын харшил явагддаг ба мөн сарын 10-даас хойш үет ургамлуудын харшил эхэлдэг. Тэгвэл VII сарын аравдаас хойш хөлийн ургамал буюу хүмүүсийн хамгийн сайн мэдэх шарилжаас үүдэлтэй харшил эхэлдэг ажээ. Ургамлын харшил нь ургамлынхаа тоосжилттой холбоотойгоор үечилж явагддаг байна. Харин жилийн дөрвөн улирлын турш харшил нь хөдөлдөг хүмүүс улирлын бус шинж чанартай харшилд хамаарагдах юм.

Харшлыг тухай бүрт нь эмчлэхгүй байснаас хүндэрч хамгийн түрүүнд гуурсан хоолойн багтраа өвчин үүсгэдэг. Энэ өвчнөөр бага насны хүүхдээс эхлээд насанд хүрсэн хүмүүс ч өртдөг байна.

Ц.Уранболор

Categories
гадаад мэдээ

АНУ-ын эсрэг авч хэрэгжүүлэх худалдааны хариу арга хэмжээнүүд хүчин төгөлдөр болж байна

Европын Холбооны /ЕХ/ АНУ-ын эсрэг авч хэрэгжүүлэх худалдааны хариу арга хэмжээнүүд хүчин төгөлдөр болж байна гэж Европын Комисс мэдэгджээ.

АНУ ган болон хөнгөн цагаанд 10 болон 25 хувийн импортын татвар ногдуулсны хариуд ЕХ АНУ-аас экспортолж буй өргөн цар хүрээг хамарсан бараа бүтээгдэхүүнд жилд 2,8 тэрбум еврогийн импортын татвар ногдуулжээ.

Жагсаалтад ган болон хөнгөн цагааны хэд хэдэн нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээс гадна хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнүүд, тэр дундаа фасоль буюу бөөрөн шош, будаа, эрдэнэ шиш, самрын тос, жүржийн шүүс болон тамхи, тамхин бүтээгдэхүүнүүд орсон байна.

Арга хэмжээнүүдийн жагсаалтыг ЕХ зургадугаар сарын 20-нд эцэслэн баталжээ. Энэхүү арга хэмжээ нь АНУ-ын эсрэг авч хэрэгжүүлэх эхний алхам бөгөөд худалдааны шинэ арга хэмжээнүүд болохыг ЕХ сануулсан аж.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-ын Сэтгүүлчдийн холбоо манай улсад айлчилж байна

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн урилгаар БНСУ-ын Сэтгүүлчдийн Холбооны Ерөнхийлөгч Жон Гюү Сон/JUNG KYU SUNG/тэргүүтэй төлөөлөгчид манай улсад зургадугаар сарын 21-27-ний өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийж байна.

Айлчлал өнөөдөр Корпорэйт зочид буудалд“Монгол-Солонгосын сэтгүүлчдийн уулзалт”-аар эхэллээ. Уулзалтанд Монголын талаас МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр, МУБИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн ухааны сургуулийн захирал, доктор Ж.Батбаатар, МУСГЗ, доктор, сэтгүүлч Б.Галаарид, Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах, Зууны мэдээ сонины эрхлэгч Э.Отгонбаяр, ETV телевизийн гүйцэтгэх захирал Т.Ганзул зэрэг хэвлэл мэдээллийн салбарынхан оролцлоо.

БНСУ-ын Сэтгүүлчдийн Холбооны энэ удаагийн айлчлалын гол зорилго нь Монголын сэтгүүл зүйн өнөөгийн байдал, үйл ажиллагаатай танилцах, хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагуудтай уулзалт зохион байгуулах, хоёр орны сэтгүүлчид харилцан туршлага солилцох, сэтгүүлзүйн өнөөгийн хөгжлийг хурдасгах зорилгоор хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын санамж бичигт санал оруулах юм хэмээн МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр онцолсон юм.

Монгол, Солонгосын сэтгүүлчдийн хоёр байгууллага 2013 оноос анхны харилцан танилцах алхам хийж, 2014 оноос хамтын үйл ажиллагаа тогтворжиж эхэлсэн. Энэхүү хамтын үйл ажиллагааны үр дүнд долоон удаа төлөөлөгчөө харилцан солилцсон байна. БНСУ-ын Сэтгүүлчдийн Холбоо нь хоёр жил тутамд Ерөнхийлөгчөө сонгодог бөгөөд аливаа нийгэм, улс төрийн асуудалд нэгдмэл байдлаар дуугарч чаддаг, Азийн орнууд дундаа хүчирхэг сэтгүүлзүйтэй гэдгээрээ нэлээд ялгардаг аж. Тиймээс манай улсын сэтгүүлчдийн байгууллагатай нягт харилцаа холбоотой байх нь сэтгүүлзүйн салбар бидний ирээдүйн хөгжилд сайнаар нөлөөлнө хэмээн үзэж байна.

БНСУ-ын Сэтгүүлчдийн Холбооны бүрэлдэхүүнд Ерөнхийлөгч Жон Гюү Соноос гадна БНСУ-ын Сэтгүүлчдийн Холбооны дэд ерөнхийлөгч Гүон Ху Үг /Kwon Ho Wook/, дэд ерөнхийлөгч бөгөөд “Гуанжу Илбү” сонины Чан Пил Сү /Jang Pilsoo/, /, БНСУ-ын Тэгү хот болон Кёнбүг аймгийн Сэтгүүлчдийн Холбооны ерөнхийлөгч Чүэ Гён Чоль /Choi Kyung Chul/, “Money Today” сонины салбар зөвлөлийн дарга Ким Жи Сан /Kim JiSan/, БНСУ-ын Сэтгүүлчдийн Холбооны “CBS”салбар зөвлөлийн дарга Чон Ёон Чоль /Jeong Young Chul/, БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны “News1”салбар зөвлөлийн дарга Ким Хён /Kim Hyun/, БНСУ-ын Сэтгүүлчдийн Холбооны “MBN” салбар зөвлөлийн дарга Ким Сү Хён /Kim Soo Hyun/, БНСУ-ын Сэтгүүлчдийн Холбооны “The Seoul Economic” салбар зөвлөлийн дарга Юүн Хун Ү /Yoon Hong Woo/, болон Сэтгүүлчдийн Холбооны ажлын албаны дарга Сун Сан Ми /Song Sang Mi/нар багтжээ.”

БНСУ-ын Сэтгүүлчдийн Холбооны Ерөнхийлөгч тэргүүтэй зочид ийн албан ёсны айлчлал хийж буй нь МСНЭ-ийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд хийгдэх ажлуудад нэлээд дэм болох бөгөөд цаашид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэв. Айлчлал өнөөдөр Хөшигийн хөндийн нисэх буудалтай танилцсанаар үргэлжлэх юм.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “Сорилт” тэмцээн наймдугаар сард болно

“Будапешт-2018” насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах “Сорилт” тэмцээн наймдугаар сарын 4-5-нд зохион байгуулагдахаар болжээ. Дэлхийн чансааны оноо олгох “Монголиа Опен” тэмцээний дараа МЧБХ-ны дасгалжуулагчдын хурлаар тэмцээний товийг баталсан байна. Чансаа тогтоох тэмцээнүүдэд хамгийн өндөр оноо авч, тэргүүлсэн жин тус бүрийн эрэгтэй, эмэгтэй тус бүр 10, нийт 20 тамирчин сонгон шалгаруулах тэмцээнийг эрхийг шууд авах эрхтэй. Энэ жилийн оролцсон тэмцээнүүдийн оноог нэгтгэж, сонгон шалгаруулах тэмцээнд эрэгтэй жин тус бүрт долоо, эмэгтэй жин тус бүрт таван тамирчинг тодруулна. Чансааг тэргүүлсэн тамирчин шигшээ барилдаанд шууд оролцох эрхтэй бол үлдсэн нь тойргоор барилдах юм. “Сорилт” тэмцээнд оролцох тамирчдыг долдугаар сард болох дэлхийн чансааны олгох Вахтанг Балавадзе, Яшар Догу зэрэг тэмцээнүүдийн дараа чансааг гаргаж, албан ёсоор зарлана.