Categories
мэдээ нийгэм

Ц.Цэнд-Аюуш: Япончууд дал хэмжиж нэг огтолдог

Манайх Япон улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхлээд хоёр жил болж байгаа юм. Өнөөдөр Япон улсруу бараа бүтээгдэхүүн экспортлохыг эрмэлзэж буй хүмүүст зөвлөгөө өгөх семинар болж өндөрлөлөө. Арга хэмжээний үеэр эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр, гарал үүслийн гэрчилгээг хэрхэн авах талаар зөвлөгөө өгсөн юм. Арга хэмжээнд МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч,удирдах зөвлөлийн дарга Б.Лхагважав, Япон улсаас Монгол Улсад суугаа Бүрэн эрхт элчин сайд Масато Токаока нар оролцлоо. Мөн тус улсад бараа бүтээгдэхүүн борлуулдаг зарим компанийн төлөөлөл туршлагаасаа хуваалцсан юм.

“Ноосон зангилаа” дундын хоршооны дарга Ц.Цэнд-Аюуш ярихдаа, “Бид тавдахь жилдээ Япон улс руу эсгий бараа бүтээгдэхүүн экспортолж байна. Стандартад нийцнэ гэдэг хамгийн том шалгуур юм. Японы зах зээл дээр бүтээгдэхүүнээ гаргахдаа чанар, хэмжээ, өнгө загвар, бизнесийн ёс зүйг хамгийн түрүүнд эрхэмлэх хэрэгтэй. Тэгж чадвал найдвартай түншлэгчтэй болж чадна. Бид долоо хэмжиж нэг огтол гэдэг. Харин тэд дал хэмжиж нэг огтолдог хүмүүс. Маш нухацтай, удаан харилцаж байж шийдвэр гаргадаг. Итгэлийг нь олсноор байнгын хамтрагчтай байх боломж бидэнд бий. Мөн гаалийн хөнгөлөлтийг илүү нарийн тусгаж өгвөл бидэнд хэрэгтэй. Тухайлбал, эсгий бараа бүтээгдэхүүнийг гаалийн хөнгөлөлтөөс чөлөөлсөн ч эсгий углаашийг гутлын нэг төрөл хэмээн хөнгөлөлтөөс чөлөөлдөггүй юм” гэлээ.

Семинарын үеэр элчин сайд Масато Токаока эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр дүнгийн талаар дурдсан юм. Тэрээр, “2016 оны зургаадугаар сараас 2017 оны хооронд Японыг чиглэсэн Монголын экспорт 123 хувиар өсөж, 4,26 тэрбум иенд хүрсэн. Хоёр орны хооронд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хөнгөн цагаан, нөмрөг, алчуур, сүлжмэл эдлэлийн экспорт өссөн байна” гэлээ.

Уг түншлэлийн хэлэлцээр нь дараагийн улс орнуудтай эдийн засгийн хэлэлцээр байгуулахад ихээхэн туршлага болж буйг онцоллоо. Япон талын түншээ олох, тухайн бараа бүтээгдэхүүний маркетинг сайн хийх зэрэгт Монголын талаас анхаарах хэрэгтэйг элчин сайд Масато Токаока хэллээ.

Э.АНХМАА

Categories
мэдээ нийгэм

Зургаадугаар сарын 26-ны өдрөөс дараах байршлуудад халуун ус хязгаарлана

ХАЛУУН УС хязгаарлана зурган илэрцүүдДулааны шугам сүлжээнд засвар үйлчилгээ хийж буйтай холбогдуулаад ирэх мягмар гараг буюу зургаадугаар сарын 26-ны өдрөөс дараах байршлуудад халуун ус хязгаарлахаар төлөвлөж байна.

Зургаадугаар сарын хуваарийг танилцуулж байна.

1

Карьер, Буян ХХК, 013-р анги, Дэвшил трейд ХХК, Автобус-2, Махмаркет ХХК, Хилийн цэрэг, Монос, Цэргийн хотхон, Төв цэвэрлэх байгууламж, 10-н буудал, Нефть бааз, Залуус хотхон, Алтан тариа, Мах комбинат, 21-р хороолол, Орчлон хороолол, Буянт ухаа 1,2 хороолол, Шинэ яармаг хороолол, Нисэх орчим

VI/17-VI/27

9А,Б,В,Г,Д,13-р магистраль урсгал засвар

2

Гурвалжин зах, 10-р хорооллын автозамын урд хэсэг, Голден парк хороолол, Материал импекс орчим

VI/20-VII/02

11Г,Д магистраль урсгал засвар

3

21-р сургууль орчмын бүх хэрэглэгчид, 13-р хорооллын орон сууцнууд, Бөхийн өргөө орчим, Хавдар, Халдвартын эмнэлэг, 15-р хорооллын бүх орон сууцнууд, Жуковын музей, Отгонтэнгэр дээд сургууль, Монгол кино нэгтгэл орчим, Цэргийн музей, ХХЕГазар орчмын албан газрууд, Энхүүд ХХК, Газар хөдлөлийн станц, Актив хийц ХХК-ийн орон сууц, Аман хуур хороолол, 14-р хороолол орчим

VI/26-VII/04

5Г,Д,Ж, 2Г магистраль шугамыг шинэчлэн солих

Categories
мэдээ нийгэм

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Засгийн газраас санаачилсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар баасан гарагт /2018.06.22/ Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн мэдүүллээ.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан зорилтуудыг хэрэгжүүлэх, бизнесийн өрсөлдөхүйц, таатай орчин бүрдүүлэх, олон улсын татварын шинэлэг зарчмуудыг өөрийн орны нөхцөлд нийцүүлэн нэвтрүүлэх, сүүлийн үед гарч байгаа татвараас зайлсхийх явдлаас дотоодын татварын бааз суурийг хамгаалах, татварын бааз суурийг цаашид өргөжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгааг харгалзан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.
Одоогийн хэрэгжиж байгаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль 2006 онд батлагдсанаас хойш 12 жилийн дотор манай улсын эдийн засаг, санхүүгийн орчин эрс өөрчлөгдөж, олон улсын бизнесийн харилцаанд улам бүр татагдан орж, үндэстэн дамнасан компаниудын үйл ажиллагаа идэвхижсэн. Иймд хурдацтай өөрчлөгдөн байгаа орчин нөхцөлтэй уялдуулан орлого, зарлага тооцох зарчим, алдагдал шилжүүлэх хугацаа, үнэ шилжилтийн журам, эх үүсвэртэй орлогын тодорхойлолт гэх мэт татварын олон харилцааг орчин үеийн жишиг, шаардлагад нийцүүлэн шинэчлэх шаардлага тулгараад байна. Түүнчлэн, уг хуулийн төслөөр одоо байгаа татварын ачааллыг бууруулах замаар татварын суурийг өргөжүүлэх зарчмыг баримталсан гэж төсөл санаачлагчийн танилцуулгад дурдсан байна.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд дараах зохицуулалтыг шинээр тусгасан байна. Үүнд:
1. Татварын зорилгоор орлого хүлээн зөвшөөрөх зарчмыг тусгав.
2. Албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тавигдах шаардлагыг тодорхой болгов.
3. Татварын хялбаршуулсан тогтолцоог нэвтрүүлэв.
4. Гадаад улсад төлсөн татварыг төлбөл зохих татвараас хасагдуулж тооцох зарчмыг тусгав.
5. Улс бүрээр гаргах үнэ шилжилтийн тайлангийн харилцааг тусгав.
6. Үйл ажиллагааны удирдлагыг Монгол Улсаас хэрэгжүүлдэг гадаадын аж ахуйн нэгжийн татварын харилцаа
Түүнчлэн, одоо үйлчилж байгаа боловч зарчмын хувьд боловсронгуй болгох шаардлагатай төлөөний газрын татварын харилцаа, албан татвар ногдох орлогоос хасагдах хүүгийн зардлын дүрэм, татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох харилцаа зэрэг зохицуулалтыг шинэчлэн боловсруулсан байна.
Categories
мэдээ нийгэм

Х.Мандахбаяр: Жил бүр арван сэтгүүлчийг Хятад улсад үнэ төлбөргүй суралцуулна

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн урилгаар БНСУ-ын Сэтгүүлчдийн Холбооны ерөнхийлөгч Чон Гюү Сон тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 21-27-ны өдрүүдэд манай улсад айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Монголын сэтгүүл зүйн өнөөгийн байдал, үйл ажиллагаатай танилцах, хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагуудтай уулзалт хийх, туршлага солилцох, хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын санамж бичигт санал оруулах юм.

Монгол Солонгосын сэтгүүлчдийн байгууллага 2013 оноос хамтран ажиллажээ. Хамтын ажиллагааны хүрээнд долоон удаа төлөөлөгчөө солилцсон аж. Солонгос улс нь Азийн орнуудын дотор сэтгүүл зүйн үйл ажиллагаа, дуу хоолойгоор хүчирхэгт тооцогддог байна. Тиймээс Солонгос улстай хийж буй энэхүү хамтын ажиллагаа нь манай сэтгүүл зүйн салбарын хөгжилд сайнаар нөлөөлнө гэж Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийнхэн үзэж байгаа юм.

БНСУ-ын Сэтгүүлчдийн Холбооны энэ удаагийн уулзалтын бүрэлдэхүүнд тус холбооны ерөнхийлөгч Чон Гюү Сон, дэд ерөнхийлөгч Гүон Ху Үг, Гуанжу Илбү сонины сэтгүүлч Чан Пил Сү, Тэгү хот болон Кёнбүг аймгийн сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Чүэ Гён Чоль, Money Today сонины салбар зөвлөлийн дарга Ким Жи Сан, CBS салбар зөвлөлийн дарга Чон Ёон Чоль, News-1 салбар зөвлөлийн дарга Ким Хён, MBN салбар зөвлөлийн дарга Ким Сү Хён, The Seoul Economic салбар зөвлөлийн дарга Юүн Хун Ү болон тус холбооны ажлын албаны менежер Сун Сан Ми нар багтаж байна.

БНСУ-ын Сэтгүүлчдийн Холбооны ерөнхийлөгч Чон Гюү Сон ярихдаа “Чөлөөт хэвлэлийг хөгжүүлэх, сэтгүүлчдийнхээ хараат бус байдлыг хангах чухал алхам нь сэтгүүлчээ хөгжүүлэх юм. Манай улсын сэтгүүлчдийн холбоо харьяа байгууллагуудынхаа бүх сэтгүүлчийг жилдээ урт болон богино хугацааны сургалтад тогтмол хамруулдаг. Мөн сэтгүүлчдийн ёс зүйн код, дүрэм журмыг үргэлж шинэчилж, холбогдох сургалтыг сар бүр зохион байгуулдаг. Манай улсын сэтгүүлчдийн холбоо Монголоос гадна Америк, Хятад, Болгар, Индонез, Вьетнам зэрэг улсуудтай харилцаатай байдаг” гэлээ.

Уулзалтад Монголын талаас Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр, тус эвлэлийн ерөнхийлөгч асан Б.Галаарид, дэд ерөнхийлөгч Ж.Батбаатар бусад хэвлэл мэдээллийн салбарын төлөөллүүд оролцлоо.

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр ярихдаа “Монгол, Солонгосын сэтгүүлчдийн байгууллага хамтарч ажилласны таван жилийн ойг угтсан айлчлал болж байна. Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл сэтгүүлчдийнхээ мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, ёс зүйг сахиулах чиглэлээр тодорхой ажлуудыг санаачлан хийж байна. Үүний чухал хэсэг болох мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх үндэсний хөталбөр гаргасан. Харилцаатай улсуудын сэтгүүлчдийн байгууллагатай хамтарч өөрийн орны сэтгүүлчдийг хөгжүүлэх бодлого баримталж байна. Үүний хүрээнд жил бүр арван сэтгүүлчийг Хятад улсад үнэ төлбөргүй суралцуулах ажлыг амжилттай хэлэлцсэн. Цаашид Солонгос улстай ч ийм үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байна” гэв.

Айлчлалын үеэр Солонгос улсын Сэтгүүлчдийн Холбооны ерөнхийлөгч Чон Гюү Сон Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаярт цаашдын хамтын ажиллагааг амжилттай байхыг бэлгэдэн дурсгалын зүйл гардууллаа.

Л.АНУДАРЬ

Categories
мэдээ нийгэм

Монгол улс цэвэр усны хомсдолд орох эхний 20 улсын тоонд багтдаг

Дэлхий даяар цэвэр усны хомсдолд орох хамгийн өндөр магадлалтай 20 оронд Монгол Улс нэрлэгддэг.

Монгол Улсын хэмжээнд газар нутгийн гадаргын зөвхөн 0.4 хувийг цэвэр ус эзэлж байна.

2017 оны байдлаар Монгол Улсын 760 булаг шанд, 344 гол горхи, 391 нуур тойром ширгэжээ.

Энэ талаар Хууль Зүй, Дотоод Хэргийн Яам, Цагдаагийн Ерөнхий газрын бэлтгэсэн видеог хүлээн авч үзнэ үү.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бөхийн өргөөний “хаалга” буруутай юу?

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос албан ёсны хамгаалалтын алба хөлслөн өөрийн өмчөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах, албадан чөлөөлөхөөс өөр аргагүйд хүрсэн тул өнөөдөр албадан чөлөөлүүлнэ гэж мэдэгдсэн билээ. Энэ үйл явдал өрнөсний дараа Бөхийн өргөөний хаалгыг эвдэн орлоо. Танихгүй этгээд Бөхийн өргөөний гадна хаалгыг чулуугаар цохиж онгойлгов. Дотор хаалгыг өшигчин эвдэх гэж оролдсоор чадалгүй буцав. Сэтгүүлчдийг ҮБХ-нд хурал болж байгаа хэмээн дуудсан боловч ийнхүү хаалга эвдэх ажиллагаа болсон юм. Гадаа үүдэнд байсан ҮБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтбаатараас Бөхийн өргөөнд хүн байгаа эсэхийг тодруулахад “Байхгүй” хэмээв. Хагархай цонхны завсраар дотор байсан ажилтнаас тодруулахад “Энд хүн байхгүй. Манай ажилчид амралтаа аваад явчихсан. Хүнгүй байгаа. Аварга А.Сүхбат яриа өгч зогсож байснаа гэнэт хаалга үүд эвүүлээд байна. Сангийн жижүүр бид хоёроос өөр хүн алга. Лацдаад хамгаалалтад авсан тэр хэвээрээ байна. А.Сүхбат аваргын даалгавараар шууд хаалга эвдээд ороод ирлээ. Цаана чинь зогсож байсан. Ямар ч хурал зөвөлгөөн болоогүй” гэсэн юм. Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр тэргүүтэй бөхчүүд нэг талд “манайх” гээд, нөгөө талаас Х.Баянмөнх, А.Сүхбат аваргууд “манайх” гээд байдаг. Энэ асуудлын эцсийн шийдийг олохоор МҮОНРТ бөхчүүдийн дунд хэлэлцүүлэг зохиож урихаар болов. Хоёр тал хэлэлцүүлэгт ирэх байх хэмээн ихээхэн найдаж байна. Бөхийн өргөөний хамгаалалтын албаны дарга цагдаа дуудан авчирч мэдүүлэг өгөхдөө “А.Сүхбат аварга ирээд хүнээр цонх хагалуулан, хаалга эвдүүллээ. Буцаад хамгаалалтад авах боломж бий юу” гэв. Энэ талаар ҮБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтбаатар “Хууль бус тамга тэмдэг авчихаад бид эзэн нь гээд дайраад байх юм. Улсын бүртгэлийн газраас гэрчилгээ давхардуулж олгосон. Уг нь бол манай тамга тэмдэг хүчинтэй. Бөхчүүд бол талцсан асуудал байхгүй. Х.Баянмөнх тэргүүтэй хэдхэн хүн байна. А.Сүхбат аварга хаалга эвдүүлчээд, одоо орж суух юмуу яах юм. Зүгээр байгаа юмыг эвдээд. Эв зүйгээр ярилцахгүй. Наадам болох гэж байхад. Энэ жил барилдаан цөөхөн болсон. Тиймээс бөхчүүд эрт галдаа гарч бэлтгэлээ хийж эхлэсэн” гэв. Бөхийн өргөөрүү орж үзэхэд бүх өрөө лацадсан, цоожтой байв. Ямар ч хурал зөвөлгөөн болоогүй байна.

Categories
мэдээ нийгэм

Ulaanbaatar city tour гадаад дотоодын жуулчдад үйлчилж байна

Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн дотоод, гадаад жуулчдын тав тух, аюулгүй байдлыг хангах, аялал жуулчлалын үйлчилгээний чанар болон хүртээмжийг нэмэгдүүлэх, жуулчдыг татах шинэ аяллын бүтээгдэхүүн бий болгох зорилгоор Ulaanbaatar City Tour буюу хотын автобустай аяллын үйлчилгээ эхлээд нэг долоо хоногийн хугацаа өнгөрөөд байна.

Энэ хугацаанд олон байгууллага хувь хүмүүс манай аяллыг сонирхон үйлчлүүлэх хүсэлт хүргүүлж байна. Өнөөдөр бид ТВ9 телевизээс санаачлан зохион байгуулдаг “Гэгээн алсын одод” олон улсын уралдаанд оролцохоор Хөх хот, Улан-үдээс ирсэн оролцогч болох 45 хүүхэд мөн Монгол, гадаадын жуулчид нийлсэн 44 аялагчдыг нийслэл Улаанбаатар хотынхоо түүхэн дурсгалт газрууд, хөгжил дэвшилтэй танилцуулан ая тухтай аялуулж байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Бүтээн байгуулалтын ажилтай танилцав

С.БАТБОЛД: ИРГЭДТЭЙГЭЭ ХАМТРААД НОГООН БАЙГУУЛАМЖ, ТОХИЖИЛТЫН АЖЛЫГ ХИЙСЭЭР БАЙХ БОЛНО

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр нийслэл хотод хийгдэж буй зарим тохижилт, бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.

Хотын дарга эхлээд Баянзүрх дүүргийн 1, 3, 4, 7-р хороо Их тойруугийн /Зүүн дөрвөн замын уулзвараас Сансарын тойрог хүртэлх/ жишиг гудамжны тохижилтын ажилтай танилцав.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тус гудамжны баруун талд том оврын 153 нарс мод, гэрлэн чимэглэл, 2389 метр ногоон байгууламжийн хамгаалалтын троссон хашлага, 939 м/кв сул шороон хөрс бүхий газрыг хатуу хучилттай болгож явган зам тавьсан байна. Мөн 4284 м/кв газарт зүлэг тарьж, 155 м ургамлан хашлага тарьсан бол зүүн талын талбайд 22 нарс мод, 940 м/кв талбайд зүлэг, 453м ногоон байгууламжийн хамгаалалтын троссон хашлага, 81 ургамлан хашлага тарьж, 1423.8 м/кв сул шороон хөрс бүхий газрыг хатуу хучилттай болгож явган зам тавьж, 255 м/кв зам талбайг асфальтан хучилттай болгож, 150 автомашины зогсоол байгуулжээ.

Тохижилтын ажил хийхтэй холбогдуулан трассд орсон 32 ТҮЦ, нэг объектыг буулгах ажлыг нийслэл, дүүргийн газрын алба, БЗД-ийн цагдаагийн 2-р хэлтэс хамтран албадан нүүлгэж, инженерийн шугам сүлжээ шилжүүлэх, тохижилтын ажил хэвийн явагдах нөхцөлийг бүрдүүлж ажилласан байна.

“Улаанбаатар бол улсын нийслэл, нүүр царай болсон хот. Энэ утгаараа энэ хотод ажиллаж, амьдарч байгаа иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн тулд олон ажил хийгдэж байна. Үүнийхээ хэрээр олон хүний эсэргүүцэлтэй тулж байна. Иргэдийн ярьдагаар Баянцээл, сансарын гудамжийг иж бүрэн тохижуулсан. Энэ хэсэг сул шороон хөрстэй, зам нь эвдрэл ихтэй, 40 орчим зөвшөөрөлгүй ТҮЦ байршуулсан эмх замбараагүй байдал маш их үүссэн байсан. Оршин суугчдаас үүнийг цэгцэлж өгөхийг хүссэн хүсэлт их ирдэг байсан.

Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт жишиг гудамжуудыг бий болгоно гэж тусгасан байгаа. Өнгөрсөн оны эцсээр 600 сая орчим төгрөгийг шийдвэрлээд, энэ оны эхний хагаст ажлаа дуусгаж байна. Харамсалтай нь бүх гудамжаа тохижуулж, ногоон байгууламжтай болгоход хөрөнгө мөнгөний асуудал тулгарч байна. Нийслэлийн зүгээс энэ жил Сангийн яаманд Улаанбаатар хотод бүтээн байгуулалт хийхэд хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлэж өгөөч гэсэн хүсэлтээ тавьсан. Цаашдаа иргэдтэйгээ хамтраад ногоон байгууламж, тохижилтын ажлыг хийсээр байх болно” хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ярилаа.

Б.ЦЭРЭНДОРЖИЙН ГУДАМЖИНД БҮТЭЭН БАЙГУУЛАЛТИЙН АЖИЛ ӨРНӨЖ БАЙНА

Хотын дарга Сүхбаатар дүүргийн 4-р хороо хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн нэрэмжит гудамжид өрнөж буй бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Нийтдээ 900 мКв талбайд зүлэгжүүлэлт, өвөрмөц содон загвар бүхий цэцгийн мандал, гэрэлтүүлэг, орчин үеийн шийдэлтэй усан оргилуур, модны хэлбэржүүлэлт, инженерийн шугмийн шинэчлэл, найман төрлийн бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа юм.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Энэ гудамжийг бид хуучин загвараар нь сэргээхээс гадна орчин үеийн хэв маягийн ногоон байгууламж, Улаанбаатар хотод байхгүй усан оргилуур зэргийг нэмж хийж байгаа. Бүтээн байгуулалтад хот тохижилтын бусад зардлаас 400 сая орчим төгрөг зарцуулсан. Найман төрлийн бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна. Бид дотоод нөөц бололцоогоо ашиглаад, хамгийн бага зардлаар хийж байна. Ирэх сарын эхээр улсын комисст хүлээлгэн өгнө” хэмээв.

Хот тохижилтын газрын дарга Б.Бямбадорж хэлэхдээ “Нийслэл хотод онцлог, жишиг болохоор бүтээн байгуулалтыг бид хийж байна. Энэ хэсэг 25 метр урт, 6х60 өргөнтэй том хэмжээний талбай. Усан сангийн хэсэгт иргэд хог, ундаа усны сав гэх мэт их хаядаг байсан бол одоо сэргээн засварлаж 5 төрлийн хошуугаар ус цацардаг, гэрлийн эффекттэй шинэ шийдэл бүхий усан оргилуур бий болгож байна. Мөн Битлзийн хөшөөнд сэргээн засварлалт хийлээ. Ногоон байгууламжийг хэлбэржүүлж замын хоёр талаар 60 ширхэг гэрэлтүүлэг тавих юм” гэж ярилаа.

Categories
мэдээ нийгэм

Энэ онд төгрөгийн ханш тогтвортой байх төлөвтэй байна

Өнөө өглөө долларын ханш огцом өссөн нь иргэдийн дунд төөрөгдөл үүсгээд байсан юм. Найман шарга валют арилжааны төвийн ченжүүдээс лавлахад долларын ханш өсч, бууж байгааг бид мэдэхгүй. Долларын ханш өсч байгаа ч удахгүй бууна. Түр зуурын хөөрөгдөл гэж бодож байна гэх хариулт өгсөн юм.

Энэ талаар Монголбанкнаас тодруулахад Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлд заасны дагуу Монголбанк 2018 оны зургадугаар сарын 22-ны өдөр ээлжит бус гадаад валютын дуудлага худалдаа зохион байгуулсан. Дуудлага худалдаанд банкууд 2454.87 төгрөгийн жигнэсэн дундаж ханштайгаар 130.7 сая ам.доллар худалдан авах санал ирүүлснээс Монголбанк 2451.00 төгрөгийн ханштайгаар 88.7 сая ам.долларыг нийлүүллээ. Дуудлага худалдаа зарласнаар долларын ханшийг тодорхой хэмжээнд бууруулна хэмээн үзэж байгаа гэж Монгол банкнаас мэдээлсэн юм. Долларын ханш өсөөд байсан ч удалгүй бууж эхлээд байна.

Тэгвэл цаашид төгрөгийн ханш хэрхэх төлөвтэй байгааг сонирхоё.

ВАЛЮТЫН ЗАХ ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

Олон нийтийн анхаарлыг хамгийн ихээр татдаг эдийн засгийн мэдээллийн нэг бол валютын ханш, валютын зах зээлийн мэдээ байдаг. Сүүлийн гурав хоногт төгрөгийн ам.доллартай харьцах ханш нэг өдөрт 20 хүртэл төгрөгөөр суларч, валютын захад хэлбэлзэл үүссэн байна. Манай эдийн засгийн хувьд хоёр дугаар улирал бол ид бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн үе байдаг. Үндэсний статистикийн хорооны мэдээллээс үзвэл 2 дугаар улирлын ДНБ-ий хэмжээ бусад улирлаас дунджаар 40 хүртэл хувиар өндөр байдаг. Энэ нь барилга, уул уурхай, мал аж ахуй гэх мэт эдийн засгийн голлох салбаруудын үйл ажиллагаа улирлын шинжтэй байдагтай холбоотой. Үүнийг дагаад валютын эрэлт, нийлүүлэлтийн ихэнх хэсгийг бүрдүүлдэг гадаад худалдаа ч хоёр дугаар улиралд хамгийн өндөр байдаг.

Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар

Гадаад валютын эрэлт нэмэгддэгээс шалтгаалан жил бүрийн хоёр дугаар улиралд төгрөгийн ханш сулрах хандлага ажиглагдаж байгаа. Сүүлийн нэг жил орчим хугацаанд валютын ханш өмнөх жилүүдтэй харьцуулахад тогтвортой байгаа ч энэ сард төгрөгийн ханш сулрах хандлага ажиглагдлаа. Энэ нь гадаад валютын орох, гарах урсгалд хугацааны зөрүү үүсдэгтэй холбоотой. Тодруулбал валютын нийлүүлэлт цөөн тооны уул уурхай компанийн борлуулалтын орлогоос бүрддэг. Харин валютын эрэлт нь маш олон тооны иргэд, аж ахуйн нэгжийн харьцангуй жижиг дүнтэй зардлуудаас бүрддэг тул валютын захын эрэлт, нийлүүлэлтийн хугацааны зөрүүнээс үүдэн түр зуурын шинжтэй хэлбэлзэл гарах тохиодол байдаг.

Валютын ханшийг тодорхойлох гол хүчин зүйл бол Монгол улсад орж, гарч буй валютын мөнгөн урсгал байдаг. 2018 онд дэлхийн зах зээл дэх эрдэс бүтээгдэхүүний үнэ өсч цэвэршүүлсэн зэсийн тонн тутмын үнэ 7000 ам.доллар, нэг тонн коксжих нүүрсний үнэ 200 ам.долларыг давж тус тус өссөнөөс үзэхэд цаашид валютын нийлүүлэлт тогтвортой хадгалагдах төлөвтэй байна. Дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнэ өссөнөөр алт олборлогчдын төв банкинд тушаах алтны хэмжээ нэмэгдэж байгаа тухай Монголбанк онцолжээ. Төв банкинд тушаах алтны хэмжээ нэмэгдсэнээр Монгол Улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх гол эх үүсвэр болдог байна. Монголбанк 2017 онд түүхэн дэх хамгийн өндөр буюу 20 тонн алт худалдан авч байсан бол 2018 оны эхний 5 сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 1.5%-иар их буюу 4952 кг алт худалдан авчээ.

Төлбөрийн тэнцэл буюу Монгол улсад орж, гарч буй валютын гүйлгээний цэвэр дүн 2018 оны эхний 4 сарын байдлаар -47 сая ам.долларт хүрч, алдагдлын хэмжээ өмнөх оны мөн үеэс хоёр дахин буурсан байна. Мөн Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдал сайжирч, тогтворжсонтой холбоотойгоор гадаадын шууд хөрөнгө оруулалт эхний дөрван сарын байдлаар өмнөх оны мөн үеэс хоёр дахин өсч 535 сая ам.долларт хүрсэн бөгөөд Оюу толгой ХХК-ийн гүний уурхайн хөрөнгө оруулалттай холбоотойгоор цаашид ч гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх төлөвтэй байгаа аж.

Түүнчлэн Монгол Улсаас ойрын хугацаанд төлөгдөх томоохон өр төлбөргүй болсон. Мөн ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд 2018 онд нийт 850 орчим сая ам.долларын санхүүжилт олгоно гэж мэдэгдсэн бөгөөд 5 дугаар сарын эцсийн байдлаар 130 сая ам.долларын эх үүсвэр Монгол улсад орсон гэх мэдээлэл бий.

Валютын захын голлох мэдээллүүдээс үзэхэд валютын ханшид түр зуурын шинжтэй өсөлт гарч болох ч энэ онд гадаад валютын нийлүүлэлт өндөр байхаар хүлээгдэж байгаа тул төгрөгийн ханшид гарсан богино хугацааны хэлбэлзэл удаан үргэлжлэхгүй, төгрөгийн ханш цаашид тогтвортой байх төлөвтэй байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

“Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилго” Үндэсний хэлэлцүүлэг болно

“Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилго” Үндэсний хэлэлцүүлэг 2018 оны 6 дугаар сарын 25-нд Төрийн ордонд зохион байгуулагдах гэж байна.

Хэлэлцүүлгийн гол зорилго нь Монгол Улс дахь Дэлхийн Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг хангах асуудал юм.

НҮБ-ын Ерөнхий Ассемблей 2015 оны 9 дүгээр сард “Эх дэлхийгээ шинэчилье: 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийнзорилго”-ыг НҮБ-ын 193 гишүүн орны шийдвэрээр баталсан байдаг. Ядуурлыг устгах, байгаль орчноо хамгаалах, хүний тайван амгалан амьдрах эрхийг хангах зэрэг олон улсын хөгжлийн талаарх асуудлыг шийдвэрлэхээр санал болгон дэвшүүлж буй багц зорилтуудаа хамруулсан байдаг.

Манай улс ч тус хөгжлийн зорилготой уялдуулан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ыг 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр УИХ-ын 19 дүгээр тогтоолоор баталж, Ерөнхий сайдын 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 44 дүгээр захирамжаар шалгуур үзүүлэлтүүдийг урьдчилсан байдлаар тодорхойлсон байдаг.

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк, Нэгдсэн Үндэстний байгууллагатай хамтран “Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилго” үндэсний хэлэлцүүлгийг 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулахаар боллоо. Хэлэлцүүлгээр Монгол Улс дахь Дэлхийн Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг хангах үүднээс салбарын дунд болон богино хугацааны бодлогын баримт бичгүүдийн уялдааг сайжруулж, үе шаттайгаар хэрэгжүүлэх механизмыг бий болгох, санхүүгийн болон хяналт, шинжилгээ, үнэлгээний оновчтой тогтолцоог бүрдүүлэн, эрчимжүүлэх асуудлыг хөндөн ярилцана.

Уг хэлэлцүүлэгт олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн газар, төрийн бус байгууллагын төлөөлөгчид оролцох юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.