Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл нуураар аялахад мөрдөх журмыг баталжээ

Аялал зугаалгын улирал эхэлсэн тул Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас аялагчдын Хөвсгөл нуураар аялахад дагаж мөрдөх дүрмийг баталжээ. Тодруулбал, аялагч нь тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж, дүрэм, журмыг чанд сахин биелүүлэх, ховор ан, амьтан агнах, шувуу, амьтныг үргээхгүй байх, газар хөндөх, ухах, мод огтлох тайрах, зөвшөөрөлгүй ил гал гаргахгүй байх, гол ус, нуурын орчмыг бохирдуулахгүй байх ёстой аж.

Мөн хог хаягдлаа ангилж зориулалтын уут, саванд цуглуулан тусгай хамгаалалтын газар нутгийн нэвтрэх цэг дээр эсвэл тухайн буудалласан газрын хогийн цэгт хаях, зөвхөн тогтоосон зам, тэмдэглэгээ, маршрутын дагуу аялах, нуур, гол мөрний усанд машин, эд зүйлсээ угаахыг хориглосон байна. Нуурын усанд зөвхөн зөвшөөрөгдсөн газар, зориулалтын хувцастай сэлэх бөгөөд журмыг зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэхээр дүрмэндээ тусгажээ.

Categories
мэдээ нийгэм

Хаврын тариалалт 90 хувьтай явж байна

Улсын хэмжээнд 343 мянган га-д үр тариа, 11.6 мянган га-д төмс, 6.6 мянган га-д хүнсний ногоо, 56.8 мянган га-д тосны ургамал, нийтдээ 446.7 мянган га-д тариалалт хийгээд байна. Энэ нь одоогоор үр тарианы тариалалт 83.9 хувь, төмс 74.7 хувь, хүнсний ногоо 78.5 хувь, тосны ургамал 135.4 хувь юм. Нийт дүнгээр хаврын тариалалт 90 хувьтай байна гэж Тариалалтын штабаас мэдээллээ.

Энэ жилийн тухайд 408.9 мянган га-д үр тариа (үүнээс 390.4 мянган га-д улаанбуудай), 15.5 мянган га-д төмс, 8.5 мянган га-д хүнсний ногоо, 32 мянган га-д тэжээлийн таримал, 41.9 мянган га-д тосны ургамал, 6.5 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 513.2 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөжээ.

Categories
мэдээ спорт

Ж.Нарантунгалаг Э.Келлиг нокаутаар яллаа

Холимог тулааны “ONE FC” холбооны ээлжит шоу өчигдөр Филиппинд болж өнгөрлөө. Энэ үдэш манай тулаанч Ж.Нарантунгалаг дэвжээний эзэн орны тамирчин Эдвард Келлитэй тулалдаж, бүх талаараа илүүрхсээр хоёрдугаар үед хүнд цохилтоор буулгаж авсан юм.

Ж.Нарантунгалаг тулааны дараа Фэйсбүүк хуудсандаа “Тамирчдын баярын мэнд хүргэе! Сэтгэлийн галаар харамгүй дэмжсэн та бүхэндээ их баярлалаа! Гэр бүл, шавь нар, багийн болон ажлын хамт олондоо сайхан бүхний дээдийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Монгол орны үзэсгэлэнт газрууд

Монгол хүний заавал үзэх ёстой үзэсгэлэнт газруудыг нэрлэж байна.

Тэрхийн цагаан нуур, хорго: Хоргын тогоо нь Архангай аймгийн Тариат сумын нутагт оршдог. Гарал үүслийн хувьд девоны үеийн боржин чулуу, дөрөвдөгч галавын галт уулын чулуулгаас тогтоно. Унтарсан галт уулын гүнзгийн өрх, хүрмэн хад, цохио, ангал, агуй хоргодох газар ихтэй тул Хорго гэж нэрийджээ. Амсар нь 300-400 метр бол гүн нь 70-80 метр. Харин гадна талын налуу нь 35-40 хэм бол тогооны дотор талын налуу нь 45-50 хэм аж. Тэрхийн цагаан нуур нь далайн төвшнөөс дээш 2060 метр өндөрт байдаг. Энэ нуурт 10 гол цутгадаг, цэвэр устай, урт нь 16 км, өргөн нь 5-6 км, гүн нь 6-20 метр. Ганц гол эх авч урсдаг бөгөөд энэ нь Суман гол юм. Энэхүү нуур голдоо жижиг аралтай ажээ.

Хөвсгөл нуур: Монгол Улсын хамгийн гүн, цэнгэг уст нуур. Нийт усны эзлэхүүн 381 мянган шоо метр бөгөөд дэлхийн нийт цэнгэг усны 1 хувь болно. Хөвсгөл нууранд нийт 46 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгадаг билээ.

Алтай таван богд уул: Алтай таван богд уул нь Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутагт байрладаг ба түүний биологийн тогтоц төрөл зүйл нь Монголд байхгүй өвөрмөц. Энэ нь таван ноён оргилоос бүрддэг юм.

Увс нуур, Их нууруудын хотгор: Увч нуур нь далайн төвшнөөс дээш 753 метр өндөрт орших, 3350 ам дөрвөлжин километр нутагтай Монгол Улсын хамгийн том нуур юм. Увс нуур нь олон сая жилийн өмнөх аварга том тэнгисийн үлдэгдэл бөгөөд давсархаг, гүехэн устай. Увс нуур нь Их нууруудын хотгорын хойд хагаст оршдог. Увс нууранд Тэс, Нарийн, Хархираа, Түргэн, Сагил, Боршоо, Хөндлөн, Торхилог зэрэг том, жижиг 38 гол, горхи цутгадаг. Хан хөхийн нуруу нь Их нууруудын хотгор руу түрэн орж, Увс болон Хяргас нууруудын хотгорыг зааглана. Увс нуурын орчимд байгалийн бүх бүслүүр нэг дор байдаг учир ЮНЕСКО-гийн байгалийн өвд бүртгэгдсэн байдаг.

Гурван цэнхэрийн агуйн хадны сүг зураг: Ховд аймгийн Манхан сумын нутаг Монгол Улсын нутгаас палеолитийн үеийн урлагийн бүтээл болох зосон зураг энэ агуйгаас олдсон бөгөөд энэ нь Монголд төдийгүй Төв Азийн хүй нэгдлийн урлагийн голомтод зүй ёсоор тооцогддог. Агуйн хананд ан амьтан, мод зэргийг дүрслэхдээ нэг хэсгийг улаан хүрэндүү, нөгөө хэсгийг арай цайвар ягаан өнгөтэй улаан зосоор зуржээ. Мөн заан, хирс, анааш зэрэг амьтдыг дүрсэлсэн байдаг бөгөөд зарим амьтныг чухам ямар амьтан болохыг одоогоор тогтоогоогүй байна. Агуйн хананы өндөр 2.5 метр аж.

Алтан ташуур цогцолбор: Төв аймгийн Эрдэнэ суманд орших Алтан ташуур цогцолбор. Гурван мэргэдэд эхнэр, хүүхдээ алдсан Тэмүүжин тэднийг дайлахаар явах замдаа Цонжинболдог буюу одоогийн Алтан ташуур цогцолбор баригдсан газраас нэгэн ташуур олсон гэдэг. Энд морь унасан Чингис хааны 40 метр өндөр хөшөө байрладаг. 13 дугаар зууны цогцолбор нь Улаанбаатар хотоос зүүн тийш 96 км-т оршдог.

Хөшөө цайдам, Культегин жанжны хөшөө: Түрэгийн эзэнт гүрний дурсгал Хөшөө цайдам дахь Түрэгийн дурсгалууд Архангай аймгийн Хашаат сумын нутагт байдаг. Энэ нь зүүн Түрэг улсын төрийн нэрт зүтгэлтэн Билгэ хаан /683-734/ болон Культегин /Түрэгийн цэргийн жанжин, Билгэ хааны дүү 684-731/ нарын дурсгалд зориулан босгосон хоёр цогцолбороос бүрдэнэ. Эдгээр дурсгалууд Төв Азид манай эриний 6-8 дугаар зуунд ноёрхож байсан Түрэгийн эзэнт гүрний хамгийн чухалд тооцогддог дурсгал юм. Энэ дурсгал дээр бичигдсэн түрэгийн рүни бичээс Төв азийн түүх, соёлын судалгаанд хосгүй үнэтэй мэдээллийг хадгалж байдаг.

Амарбаясгалант хийд: Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум, Манжийн төрийн бодлогоор буддын шашны нэгэн дурсгал болох шарын шашныг хүчтэй дэлгэрүүлэх үүднээс Манжийн хаан Энх-Амгалангийн зарлигаар Монголын төр шашны нэрт зүтгэлтэн анхдугаар Богд өндөр гэгээн Занабазарын дурсгалд зориулан 1727-1736 онд барьжээ.

Дуугардаг элс: Марко Поло Төв азийн нутгаар жуулчилсан тухайгаа “Тэр цөлөөр шөнө аялах үед хэн нэг хүний яриа сонсогдох, олон хөгжмөөр зэрэг тоглох мэт авиа сонсогддог” хэмээн бичсэн байдаг. Дорноговь аймгийн өмнөд захын Дуут элс харахад ердийн нэг манхан, оройд нь гараад хярыг нь барьж явахуйд хөлд өртөн нурах элс нисэх онгоц мэт хүнгэнэн дуугардаг.

Гүйдэг чулуу: Хөвсгөл аймгийн Улаантайгад борооны дараа нар гарч өвсний толгойн ус хатаж эхлэх үед чулуу гүйхийг үзэж болно. Энэ нь тэндэхийн мөнх цэвдэгтэй холбоотой аж. Мөнх цэвдэгт бөөргийн хөрс халуун хүйтний нөлөөнөөс овойж, хотойж дээрээ байгаа чулууг өнхрүүлдэг байна.

Дэлхийд ховорхон тал: Дорнод аймгийн Матад, Халх гол сумын нутгийн ширээ мэт хавтгай тэгш талд хааш хаашаа 100 км аялахад нэг ч толгод гүвээ, хунх нугачаа үл тааралддаг. Байгалиас заяасан унаган төрхөөрөө атар онгон ийм тал газар дэлхийд ховор.

Цагаан гол: Алтайн таван богдоос эх авсан олон мөсөн голын нэгийг өвөл зунгүй мөс хэвээр цав цагаан байдгаар нь Цагаан гол хэмээн энэ нутгийнхан нэрлэсээр иржээ. Голын урт нь хагас өртөө гаруй 20 км юм.

Чулуун ой: Чулуужсан мод говьд элбэг. Харин ой тааралдах нь ховор. Дорноговь аймгийн Мандах сумын Сүйхэнтийн уул чулуужсан ойтой. Ой уртаараа 50 метр, өргөөшөө 80 метр талбайд тархжээ. Тэнд 20, 30 метр өндөр, бүслүүрээрээ 1,5 метр голчтой бүтэн мод, ёзоороороо булгарч унасан ч тааралдана. Салбарласан мөчрүүдтэй ч байна. Сүйхэнтийн чулуужсан ой бол дэлхийд ховор тохиолдох үнэт олдворын нэг юм.

Болор толгой: Дундговь аймгийн Амтат хоршооллын нутаг Баянхошууны худгаас хойш 1 км орчим газарт нэгэн бор толгой бий. Энэ толгой бүхлээрээ усан болон утаат болороос тогтдог. Энэ толгойн энгэрт буусан айлын хүүхдүүд болороор тоглоом барьдаг байсан учраас Болор толгой гэж нэрлэжээ.

Соронзот хад: Загасчид хадны сүүдэрт амарч, нэг нь бугуйн цагаа авч газарт тавьжээ. Гэтэл тэрээр цаг нисээд явчихлаа гэж сандрав. Харваас бугуйн цаг хэдийнэ хадны завсарт хавчуулагджээ. Ийм нэгэн соронзот хад Сэлэнгэ аймгийн Ерөөгийн голын нэгэн гүүрийн ойролцоо бий.

Янцгаадаг нуур: Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутаг Архан гэдэг газрын Аяганбулаг гэдэг нуураас адууны зөөлөн янцгаалт мэт дуу сонсогддог.

Гурван нуурын дөрвөн рашаан: Хэнтий аймгийн Дадал сумын нутагт байдаг Гурван нуурын рашааны баруун нуурыг мэдрэлд, зүүн нуурыг ходоодонд, дунд нуурыг хуян, шар усанд сайн гэлцдэг. Дунд нуурын өмнөх жижиг нуурыг нүдний нуур гэх бөгөөд нуурын ус нүд улайх, хорсоход тустай гэдэг юм байна.

Жаран тогоот: Баянхонгор аймгийн нутагт Их богд уулын үргэлжлэл Жаран хэмээх жаран тогоо хонхортой хүрмэн чулуун уул бий. Бороотой үед тэдгээр нуур усаар дүүрч жаран нуур цөөрөм тогтдог.

Цэвэр булаг: Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын төвөөс холгүй Сагдайн булаг гэж бий. Сумын жолооч нар эндэхийн уснаас машин, тракторынхаа зай хураагуурт нэрмэл усны оронд авч хэрэглэдэг байна.

Уурт: Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутаг Сэрх уулын Устын голын амны нүх маягийн хонгилоос ямагт уур манаран баагиж, байдгаас Уурт хэмээн нэрлэгджээ.

Арсайн хүрхрээ: Манай орны хамгийн өндрөөс буудаг хүрхрээ бол Хөвсгөл аймгийн Хорьдол сарьдагийн нуруунд 70 гаруй метр өндрөөс буудаг Арсайн хүрхрээ юм.

Юндэн Нансалмаа хоёр:Төв аймгийн Зоргол хайрханы Морь хад, Горхийн Мэлхий хад, Ховд аймгийн Бодончийн голын Тэмээн чулуу, Нохой чулуу, Завхан аймгийн Ургамал сумын Арслан чулуу, Түдэвтэй сумын Сум хад, Увс аймгийн Байшинтын Арслан заан хад зэрэг хачин сонин дүрс бүхий хад чулуу манай оронд олон бий. Дундговь аймгийн Их газрын чулууны янз бүрийн гайхалтай хэлбэр дүрстэй хад чулуудын дунд хоёр босоо хүн шиг харагдах хадыг нутгийнхан урьд нь Хаан хатан хоёр гэж нэрлэдэг байгаад одоо Юндэн Нансалмаа хоёр гэх болжээ. Баруун талын босоо хүн арай өндөр, баруун гарын тохойд аяны богцоо тохож, зүүн гараа нөгөө хүний мөрөн дээр тавьсан, намхан нь эхнэр хүний өмсгөлтэй агаад тэргүүнээ яльгүй гудайлгасан салж ядсан хоёр мэт дүр тэндээс харагдана. Хадны зүүн урдаас хоёр зуун метр орчим зайнаас энэхүү дүрсийг ажиглаж болох аж.

Categories
мэдээ спорт

“Герман машин”-ууд эцсийн мөчид ялалт байгуулав

Дэлхийн дөрвөн удаагийн аварга Германы баг хэсгийн хоёр дахь тоглолтоо Шведийн эсрэг хийлээ. Эхний тоглолтод Мексикт ялагдаад байсан Германы баг зөвхөн гурван оноо авах зорилготой талбайд гарч ирсэн.

Гэсэн ч тоглолтын гоолын Швед довтлогч Ола Тойвонен оруулж аваргаа хамгаалагчдыг нуман тулгуурт оруулсан юм. Хэрэв энэ үр дүнгээ хадгалж чадвал эхний тоглолтод Солонгосыг ялсан тэд хэсгээс гарах болзлоо хангах байв. Харин хоёрдугаар хагас эхлээд удалгүй анхны дэлхийн аваргадаа оролцож буй Марко Ройс багтаа ус агаар мэт хэрэгтэй байсан гоолыг авчирч хөгжөөн дэмжигчдээ баярлуулсан. Үндсэн цаг өөр гоол орсонгүй. 82дахь минутад Жером Боатэнг хоёр дахь шар картаа авч талбайг чөлөөлсөн нь онцлох үйл явдал байлаа. Талбайн ахлах шүүгч таван минутыг сунгав. Нэмэлт цагийн төгсгөл Брандт баруун жигүүрээр довтлох үед Швед хамгаалагч алдаа гаргаж арай хийн зогсоов. Бөмбөгний ард “Герман Машин”-уудын мотор Тони Кроос ирлээ. Тэрээр энэ боломжийг салхинд хийсгэвэл аваргаа хамгаалагчид тэмцээнээ өндөрлүүлэх ч аюул нүүрлээд байв. Гэхдээ Ройс амандаа оросн шар тосыг алдсангүй. Швед хаалгач Робин Олсеныг тойруулж 90-ийн буланд нь оновчтой цохиж энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг чимсэн гоол орууллаа. Энэ нь тэдэнд тэмцээнийг цааш үргэлжлүүлж аваргаа хамгаалах итгэл найдварыг төрүүлсэн. Германчууд өрсөлдөгчөө хожсоноор “F” хэсгийн үлдсэн тоглолт тун сонирхолтой болж байгаа юм.Тус хэсгийг одоогоор Мексикүүд 6 оноотой тэргүүлж байгаа. Хэрвээ Герман хэсгийн сүүлийн тоглолтод хожиж, өөрсдөө Шведэд хожигдвол энэ хэсгийн тэргүүлэгч багууд бүгд 6 оноотой болно. Энэ тохиолдолд гоолын зөрүү, хэн олон гоол оруулсаныг нь тооцно. Эсрэгээрээ БНСУ-д ч боломж бий. Одоогоор нэг ч оноогүй байгаа тэд хэсгийн сүүлийн тоглолтод Германыг олон гоолын зөрүүгээр хожиж, Мексик Шведийг ялбал гуулин улсын баг дараагийн шатанд шалгарна.

О.ДАШНЯМ

Categories
мэдээ спорт

Монгол тамирчдын өдөр тохиолоо

Монголын тамирчдын болон Олон улсын олимпийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээ өчигдөр Спортын төв ордны гадна талбайд боллоо. Тэмдэглэлт арга хэмжээнд БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, мөн яамны Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга С.Чинбат болон олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн үе үеийн тамирчид оролцов. Тухайлбал, ахмад тамирчдын төлөөлөл болох Монголд 1968 онд анхны олимпийн наадмын хүрэл медалийг авчирсан ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав хүрэлцэн ирсэн бол залуу үеийн төлөөллөөр Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн аварга, ДАШТ-ий хүрэл медальт Н.Түвшинбаяр тэргүүтэй олимп, дэлхийн аваргын тэмцээнд амжилттай оролцсон тамирчид дасгалжуулагчийн хамт баярынхаа өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр ирсэн байлаа.


Арга хэмжээний үеэр БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр хэлэхдээ, “Энэ жил Монгол Улс анх удаа олимпийн наадмаас медаль хүртсэний 50, мөн наадмаас алтан медаль хүртсэний 10 жилийн ой давхар тохиож байна. Энэ оны эхний хагаст гэхэд бид 32 орны тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 97 медаль авснаас 27 алт, 21 мөнгө, 49 хүрэл медаль хүртсэн бахдам амжилттай явж байна. Мөн Пёнчаны өвлийн олимп, паралимпийн наадмаас манай улсын гурван тамирчин эрх авч, амжилттай оролцсон. Удахгүй Индонез улсын Жакарта хотод болох Азийн зуны спортын наадамд 20 гаруй төрлөөр 400 гаруй баг, тамирчид оролцох бэлтгэл ажлаа хангаж байна. Биеийн тамир, спортын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсан үе үеийн алдарт тамирчин, дасгалжуулагч, хөгжөөн дэмжигчдэд баярын мэнд хүргэе” гэв.


Ийн арга хэмжээг албан ёсоор нээсний дарга “Чингис хаан” хамтлагийн дуучин, гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан “Тамирчны алдар” дуугаараа үе үеийн гавьяа байгуулсан тамирчдын суу алдрыг магтан дууллаа. Дараа нь Олон улсын олимпийн өдрийг тохиолдуулан Олон улсын олимпийн хорооны хүндэт гишүүн, Монголын үндэсний олимпийн хорооны хүндэт ерөнхийлөгч Ш.Магван, олимпоос медаль хүртсэний 50 жилийн ойг тохиолдуулан Ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав нарт хүндэтгэл үзүүлж, бэлэг дурсгалын зүйл гардуулав.

Энэ үеэр 1968-2004 оны олимпийн наадамд оролцсон бүх тамирчдад баяр хүргэсэн бол Бээжин, Лондон, Рио Де Жанейро-гийн олимп, паралимпийн наадмаас медаль хүртсэн мөн бүх тамирчдад талархал илэрхийллээ.

Тамирчдын өдрөөр гимнастик, бодибилдинг, туялзуур сэлэм, таеквондо, сагсан бөмбөг, бокс, ширээний теннис, кэндо, спортын бүжгийн холбооноос үзүүлэх тоглолтыг олон нийтэд сурталчилж, сонирхууллаа. Мөн энэ үеэр бадминтоны аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордны зааланд өрнөж байлаа.


Монголын тамирчдын болон Олон улсын олимпийн өдрөөр Монголын үндэсний олимпийн хорооны дээд шагнал болох “Алтан од” одонгоор Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн аварга, ДАШТ-ий хүрэл медальт Н.Түвшинбаяр, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн аварга Э.Бадар-Ууган болон Монголын үндэсний паралимпийн дээд шагнал “Алтан нар” одонгоор Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Баатаржав нарыг шагнав.

Тамирчдын аугаа их хөдөлмөр, амжилт бүтээлийн хойно дасгалжуулагч нарын нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл байдгийн учир тэднийг дурдахгүй, дурсахгүй өнгөрч болохгүй. Тиймээс гавьяат дасгалжуулагч агсан С.Магсар, О.Цэрэндагва, Д.Банди, Г.Лхагвасүрэн, Ц.Бадамхатан нарт хүндэтгэл үзүүлж, гэр бүлийнхнийг нь мөн арга хэмжээнд урин оролцуулав. Улмаар залуучууд, дифлимп, тусгай олимпийн наадамд ажилттай оролцсон залуусыг алдаршуулж, спортын үзүүлэх тоглолтууд 15.00 цаг хүртэл үргэлжилснээр арга хэмжээ өндөрлөлөө.

Categories
мэдээ нийгэм

50 оюутныг японд тэтгэлэгээр суралцуулах санал тавив

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан Такэнори Шимизү тэргүүтэй тус улсын зочид, төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд салбарын сайд Ц.Цогзолмаа хэлэхдээ, “Элчин сайд асан Такэнори Шимизү болон Олон улсын эрүүл мэнд, нийгмийн хамгааллын их сургуулийн төлөөллүүдтэй биечлэн уулзаж, Монгол, Японы боловсролын салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох завшаан тохиож байгаад баяртай байна.Олон улсын эрүүл мэнд, нийгмийн хамгааллын их сургууль нь Монголын АШУҮИС-тай 2015 онд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан байдаг. Тус санамж бичгийн хүрээнд сүүлийн гурван жил дараалан жил бүр манай хоёр оюутныг тэтгэлгээр сургаж байгаад талархаж байна” гэв.

Харин Олон улсын эрүүл мэнд, нийгмийн хамгааллын их сургуулийн Ерөнхийлөгч,“Санно” эмнэлгийн захирал Күнинори Такаги нь их сургуулийнхаа талаар салбарын сайдад товчхон танилцуулаад, Монгол Улсад хэрэгжүүлж буй болон шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төслийнхөө талаар мэдээлэв. Тухайлбал, Монголд сувилагчийн сургууль болон оношилгооны төв нээхээр судалж байгаагаа онцлон хэлсэн юм.

Уулзалтын үеэр бас нэг ажил хэрэгч санал тавьсан нь анагаахын чиглэлээр суралцаж буй монгол оюутнуудыг Японд 100 хувийн тэтгэлгээр сургах тухай байлаа. Тодруулбал, Олон улсын эрүүл мэнд, нийгмийн хамгааллын их сургууль нь их эмчийн мэргэжлээр суралцаж буй оюутнуудад англи хэл дээр хичээл ордог бол бусад мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудад япон хэлээр хичээл заадаг аж. Улмаар“Азийн Элчин сайдуудын эхнэрүүдийн холбоо”-оос тус сургуулийн их эмчээс бусад мэргэжлээр суралцаж буй гаднын оюутнуудад 100 хувийн тэтгэлэг олгох хөтөлбөр хэрэгжүүлдэг юм байна. Харин япон хэлтэй монгол оюутан цөөн байдаг учир тус тэтгэлэгт хамрагдаж чаддаггүй аж. Тиймээс япон хэлтэй оюутнуудыг их эмчээс бусад анагаахын чиглэлийн мэргэжлээр сургах ажлыг салбар яам удирдан зохион байгуулах боломжтой эсэх талаар санал тавилаа.Тус сургууль нь10 мэргэжлээр суралцуулдаг бөгөөд 10 оюутныг таван жилийн хугацаатай гэж тооцвол нийт 50 оюутныг сургах боломжтой гэж хэлэв.

Японы төлөөлөгчдийн ажил хэрэгч санал, хүсэлтийг сонссон салбарын сайд Ц.Цогзолмаа “Япон хэлтэй анагаахын чиглэлийн оюутнуудыг 100 хувийн тэтгэлгээр Япон улсад суралцуулах ажлыг манай яам албан ёсоор зохион байгуулъя. Тун таатай, манай улсын эрүүл мэнд, боловсролын салбарт ээлтэй санал байна” хэмээн хүлээн авав.

Нэмж мэдээлэхэд, Олон улсын эрүүл мэнд, нийгмийн хамгааллын их сургууль нь 1995 онд байгуулагдсан. Тус их сургууль нь Япон улсдаа зургаан кампус, 31 эрүүл мэндийн төвийг ажиллуулдаг бөгөөд эрүүл мэндийн төвүүд нь Японы алдартай эмнэлгүүдийн нэг болж, үйл ажиллагаагаа амжилттай явуулдаг аж.

Categories
мэдээ нийгэм

Гамшгаас урьдчилан сэргийлэх асуудлаар Азийн сайд нар Монгол Улсад чуулна

Дэлхийн хамгийн их гамшигт өртөмтгий бүс нутгийн Засгийн газрын гишүүд гамшгийн хохирлыг бууруулахад гарсан ахиц дэвшлийн талаар зөвлөлдөж, бүс нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгаас урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг хэлэлцэхээр ирэх сард Монгол Улсад чуулах гэж байна.

“Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-ыг “Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийг хамгаалах нь” уриан дор Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай 07-р сарын 03-06-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна.

Ази, Номхон далайн бүс нутагт 1970-2016 онд гамшгийн улмаас 1.3 их наяд ам.долларын хохирол амссан гэсэн тооцоо байна. 2017 онд 200 гаруй томоохон хэмжээний гамшигт 66.7 сая хүн өртсөнөөс 6,543 нь амь насаа алджээ. Ядуурал, уур амьсгалын өөрчлөлт, хурдацтай хотжилтын улмаас бүс нутгийг хамарсан гамшгийн эрсдэл нэмэгдэж, энэ нь ган гачиг, үер, хар салхи, газар хөдлөлт, дулааны агаарын урсгал зэрэг байгалийн гамшгийн бүх хүрээг хамарч байна.

“Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-д НҮБ, түүний гишүүн улс орон, Засгийн газар хоорогдын байгууллагуудын өндөр дээд хэмжээний төлөөлөгч, олон улс, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, хувийн хэвшлийн байгууллага болон хүүхэд, эмээгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эрдэмтэн судлаачид зэрэг нийт 3000 орчим төлөөлөгч оролцохоор бүртгүүлсэн бөгөөд Ази, номхон далайн бүс нутгийн 45 орны хоёр Шадар сайд, парламентийн гурван гишүүн, 15 сайд, 15 дэд сайд зэрэг өндөр дээд хэмжээний оролцогчид оролцох юм.

Тус хурлаар гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр бүс нутгийн оргуудын хүлээсэн үүрэг, амлалт, Сендайн үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний ахиц, дэвшил, Азийн бүсийн төлөвлөгөөний хэрэгжилтийг үнэлж, дүгнэн, 2018-2020 онд Азийн бүс нутагт хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, гамшгийн эрсдэлийг бууруулах “Улаанбаатарын тунхаглал”, “Оролцогч талуудын сайн дурын мэдэгдэл, зэрэг барим бичгийг батлан гаргах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Шадар сайдад баяр хүргэлээ

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин манай оронд албан ёсны айлчлал хийж буй Бүгд найрамдах Энэтхэг улсын Дотоод хэргийн сайд Ражнат Сингхийг өнөөдөр/2018.06.23/ хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд эрхэмсэг зочин Ражнат Сингх соёл түүхийн нэн эртний уламжлалт харилцаатай Монгол Улсад хоёр дахь удаагаа айлчилж буйдаа баяртай байгаагаа тэмдэглээд, БНЭУ стратегийн түнш Монгол Улстай батлан хамгаалах, хил хамгаалах зэрэг салбарт сайн харилцаа өрнүүлж, цаашид улам эрчимтэй хамтран ажиллана гэдэгт бат итгэлтэй байдгаа илэрхийлэв. Түүнчлэн одоогоос хоёр жилийн өмнө БНЭУ-ын Шинэ Дели хотноо амжилттай болсон НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын буухиаг Монгол Улс үргэлжлүүлэн Улаанбаатар хотноо энэ оны долдугаар сарын 3-6-нд зохион явуулах гэж буйд баяр хүргэлээ.

Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэл ажил эрчимтэй явагдаж буй энэ удаагийн Азийн сайд нарын бага хуралд дэлхийн 45 орны 3200 орчим төлөөлөгч оролцохоо илэрхийлснийг Шадар сайд Ө.Энхтүвшин дуулгалаа. Тэрбээр “Хүн төрөлхтний хөгжил дэвшлийн чухал хөшүүрэг болох гамшгийн эрсдэлийг бууруулах сэдэвтэй томоохон арга хэмжээг эх орондоо явуулах гэж байгаа нь манай Засгийн газрын хувьд нэр төрийн хэрэг” гэв.

Шадар сайд Ө.Энхтүвшин “Эрхэм Ражнат Сингх сайд та Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хамт газрын тос боловсруулах үйлдвэрийн шав тавьсан нь олон мянган жил үргэлжилж буй Монгол, Энэтхэгийн түүхэнд мартагдашгүй хуудас болж үлдлээ. Энэ үйлдвэр ойрын хугацаанд байгуулагдан, нефтийн дотоодын хэрэгцээг хангаж эхэлбэл хоёр улсын орчин цагийн харилцааны бэлгэдэл болон хөгжих билээ” хэмээв.
Categories
мэдээ нийгэм

Элсэгчдэд зориулсан боловсролын яармаг болно

“Модерн Экспо” агентлагаас БСШУСЯ-тай хамтран “Шинэ элсэлт-Боловсрол экспо 2018” үзэсгэлэн яармаг ирэх сарын 1-4-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Жил бүр зохион байгуулдаг энэхүү үзэсгэлэн яармагт БСШУCЯ-ны аттестатчилалд тэнцсэн, Боловсролын Магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөc нэг буюу түүнээс дээш магадлан итгэмжлэгдсэн чанартай боловсрол олгож буй дотоодын их дээд сургууль, коллежууд, гадаадын их дээд сургуулиудын албан ёсны төлөөлөгчийн газрууд, хэлний сургалтууд, МСҮТ-үүд оролцох юм.

Эдгээр байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааны бүх талын мэдээллийг шат дамжлагагүйгээр олгож, шинээр элсэгчдээ бүртгэх аж. Үзэсгэлэн яармаг Соёлын төв өргөөний Уран зургийн галерейд болох бөгөөд элсэгчид мэргэжлээ сонгох боломжтой аж.