Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өнөөдөр тохиож байна. Энэ өдөр бүх нийтээр амрах тул автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдрөөр буюу зургаадугаар сарын 1-нд бүх нийтээр амрах өдөр хэмээн заасан байдаг. Түүнчлэн Сүхбаатарын талбайн баруун болон зүүн хэсгийн авто замын хөдөлгөөнийг тухайн өдрийн 09.00-17.00 цагийн хооронд түр хугацаагаар хязгаарлана. Иймд жолоочид бяцхан зорчигчдынхоо төлөө хөдөлгөөнд сахилга, соёлтой оролцохыг Замын цагдаагийн албанаас зөвлөжээ.
Month: June 2018
Иргэд та бүхэн нарших, даралт ихсэх, цус харвах, осол гэмтэлд өртөхөөс сэргийлэх, ялангуяа бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настнуудын эрүүл мэндэд онцгой анхаарал тавина уу.
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар “Ногоон хөгжил, цэвэр агаар-нэг мод хөдөлгөөн” ТББ-тай хамтран бүтээлч хөдөлмөрт оролцох хүсэлтэй залуучуудыг иргэдийн сайн дурын нөхөрлөл дээр тулгуурлан ногоон байгууламжийг бий болгох, цэцэрлэг, амралт зугаалгын газрыг тохижуулах, мод, бут, сөөгийг тарьж, арчлан ургуулах талаар мэргэшүүлэх сургалт Нийслэлийн иргэний танхимд боллоо.
Тус сургалтад хамрагдсан 30 залуучууд гэрчилгээгээ гардан авч, суралцсан чиглэлээрээ түр ажлын байраар хангагдаж ажиллах юм. Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар төр, ТББ, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд байгаль орчноо нөхөн сэргээх, зохистой ашиглах, энэ чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийг иргэдэд таниулах, мэдээлэл түгээж ажиллах бөгөөд Нийслэлийн ЕБС-иудын сурагчид, их, дээд сургуулийн оюутан, залуучуудын экологийн боловсролыг сайжруулах, хүрээлэн буй орчноо эрүүл цэвэр байлгах дадал хэвшилд суралцуулах, ногоон хөдөлмөр эрхлэлтэд хамруулах чиглэлээр олон талт ажлуудыг санаачлан хэрэгжүүлж байна.
Нийслэлийн ногоон бүсэд ойг нөхөн сэргээх, залуучуудын нэрэмжит төгөл байгуулах, булаг шандын орчинд хамгаалалт хийж, ойн санг нэмэгдүүлэх зорилгоор “Монголоо тойрч мод тарья” хөдөлгөөнд хамрагдах хүсэлтэй, иргэн, сайн дурын бүлэг, нөхөрлөлүүдтэй Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, дүүргүүдийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн хэлтсээр дамжуулан хамтран ажиллах юм гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас зарласан “Хүүхдэд зориулсан уран бүтээлийн Х уралдаан”-д шалгарсан Я.Баяраа, Б.Хишигзаяа нарын зохиол МОНГОЛ АРДЫН ҮЛГЭРЭЭС СЭДЭВЛЭСЭН “Царцаа Намжил” хүүхдийн жүжиг эх үрсийн баярт зориулж өнөөдөр Улсын драмын эрдмийн театрт 14:00, 16:00 цагаас хоёрхон удаа тоглогдох гэж байна.
“ЦАРЦАА НАМЖИЛ” хүүхдийн жүжиг нь энэ хорвоо дээр нэг л ертөнц оршдоггүй билээ. Эгэл жирийн хүмүүс бидний амьдардаг энэ ертөнцийг “Замбуулин хорвоо” хэмээнэ. Харин эгэл жирийн хүмүүс бид, амьтны амь тасалдаггүй, өглөгч энэрэнгүй зантай, үнэн шударга сэтгэлтэй, шуналгүй, ховч, хуурмаг зангүй бол Арван цагаан буянтан гэгдэж, авралт бурхны оронд амьдрах эрхтэй болдог гэдэг.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
06-р сарын 01-нд 09:00-17:00 цагийн хооронд “МОНГОЛ ХҮҮХДҮҮД” баярын арга хэмжээг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
ҮНДЭСНИЙ СОЁЛ АМРАЛТЫН ХҮРЭЭЛЭН
05-р сарын 29-нөөс 06-р сарын 04-ний өдрүүдэд “Гайхамшигт долоо хоног” уламжлалт арга хэмжээг 8 дахь удаагаа зохион байгуулна. Уг үйл ажиллагааг насны ангиллаар цирк, хүүхэлдэйн жүжиг, хүүхдийн урлагийн тоглолт, спортын тэмцээн, уралдаан зэрэг төрлүүдээр тус тус зохион явуулна.
ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН ОНӨТҮГ
05-р сарын 31, 06-р сарын 01-ний өдрүүдэд “Цэцэрлэгт хүрээлэнгийн хүүхдүүд” арга хэмжээг 12:00-23:00 цагийн хооронд зохион байгуулна.
МОНГОЛЫН ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТР
05-р сарын 25-наас 06-р сарын 01-ний өдрүүдэд 13:00, 14:00 цагуудад “Гайхамшигт хайрцаг-2” буюу Алтан залаат азарган тахиа, Бүлтэйхэй Дэгдээхэй 2, Долоон дэлбээт цэцэг, Том хамарт одой жүжгүүдийг өөрийн тайзнаа тоглоно.
МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДОН
06-р сарын 01-ний өдрийн 14:00, 16:00 цагуудад “Хувдай ишигний паян” симфони хөгжимт драмчилсан тоглолт тоглоно.
УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР
06-р сарын 01-ний өдрийн 10:00-16:00 цагийн хооронд “Номинд хүүхдийн хүсэл цөм бүрэн” хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг Улсын Их дэлгүүрийн гадаа талбайд зохион байгуулна. Гадаа асаруудад Бүс болон Импорт салбарын гадаа талбайн худалдаа, гар зургийн уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэн гаргана. Арга хэмжээнд Найрал дууны сурагчид, Алиалагч ба циркчид, Бүжигчид, Мотив хамтлаг, Номин Кидс цэцэрлэгийн багачууд, Хөгжөөнт тэмцээн, Зарласан уралдаанаа дүгнэж, шагнал гардуулах зэрэг ажлууд болно.
УЛААНБААТАР ИХ ДЭЛГҮҮР
06-р сарын 01-ний өдрийн 12:00-16:00 цагийн хооронд Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг гадна талбай, Үзэсгэлэнгийн танхим, 4-р танхим зэрэгт тус тус зохион байгуулж хөгжөөнт тэмцээн, Facebook уралдааны ялагч тодруулах, урлагийн тоглолт, театрчилсан тоглолт зэргийг үзүүлнэ.
НАРАН ИХ ДЭЛГҮҮР
06-р сарын 01-ний өдрийн 12:00-13:00 цагийн хооронд Наран молл худалдааны төвийн гадна талбай, 14:00-15:30 цагийн хооронд Энхтайваны гүүрний хажуу талын Наран плаза худалдааны төв, 15:00-16:30 цагийн хооронд 13-р хорооллын дунд замын Наран плэйс худалдааны төв зэрэг газруудад “Наран шилтгээн” хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна.
ТЭНГИС КИНО ТЕАТР
06-р сарын 01-ний өдрийн 12:00-15:00 цагийн хооронд кино театрын гадна талбайд “Ээжийн дайсан-2, Такси-2”киноны уран бүтээлчид ирж талархлын өдөрлөг зохион байгуулж, ирсэн хүүхэд, багачуудтай хамт зураг авахуулж, гарын үсэг зурна.
ХҮННҮ ШОППИНГ МОЛЛ
06-р сарын 01, 02, 03-ны өдрүүдэд 14:00, 16:00, 18:00 цагуудад “Гайхамшигт Сафари Нууц Тайлагдсан нь”хүүхдэд зориулсан жүжиг тоглоно.
МОНГОЛ НААДАМ ЦОГЦОЛБОР ОНӨТҮГ
05-р сарын 31-нд 11:00-15:00 цагийн хооронд “Монгол хүү“ хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагааг Хүй долоо худагт зохион байгуулна.
МОНГОЛЫН ГУРВЫН ЭСРЭГ ГУРАВ САГСАН БӨМБӨГИЙН ХОЛБОО
06-р сарын 01-нд 09:00-17:00 цагийн хооронд FIBA 3×3 Ulaanbaatar Challenger 2018 тэмцээний хүрээнд Д.Сүхбаатарын талбайд хүүхдүүдийн сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулна.
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
05-р сарын 27-нд 11:00-16:00 цагийн хооронд “Хөх Монголын хүүхдүүд” нэгдсэн арга хэмжээг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
05-р сарын 31-нд 11:00-15:00 цагийн хооронд Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг УБ палас гадна талбайд зохион байгуулна.
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
06-р сарын 01-нд 11:00-16:00 цагийн хооронд Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг Тусгаар Тогтнолын талбайд зохион байгуулна.
БАГАНУУР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
06-р сарын 01-нд 10:00-13:00 цагийн хооронд Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг Д.Нацагдоржийн талбайд зохион байгуулна.
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
05-р сарын 31-нд 14:00-16:00 цагийн хооронд Зорилтод бүлгийн өрхийн 1000 хүүхдийг БЗД-ийн соёлын ордонд хүлээн авч хүндэтгэл үзүүлнэ.
БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
06-р сарын 01-нд 11:00-15:00 цагийн хооронд Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг БХД-ийн ЗДТГ-ын талбайд зохион байгуулна.
НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
05-р сарын 31-нд 10:00-14:00 цагийн хооронд Төрийн бус байгууллагуудтай хамтран хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг Налайх дүүргийн соёлын ордны өмнөх талбайд зохион байгуулна.
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
05-р сарын 30-нд 11:00-13:00 цагийн хооронд Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг Аса циркт зохион байгуулна.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
06-р сарын 02-нд 12:00-14:00 цагийн хооронд 500 ээжид зориулсан “Ээж бол ертөнц” хүндэтгэлийн арга хэмжээг Монголын Хүүхдийн ордонд зохион байгуулна.
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшиний өгсөн үүрэг чиглэлийн дагуу Стандартын үндэсний зөвлөл хуралдаж, “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” MNS 6264:2018 стандартыг баталлаа.
Засгийн газрын 2018 оны нэгдүгээр сарын 19-ний 19 дүгээр тогтоол, Шадар сайд Ө.Энхтүвшиний 2018 оны хоёрдугаар сарын 8-ны 09 дүгээр тушаалыг үндэслэн тухайн үед мөрдөж байсан MNS 6264:2011 стандартыг тооцоо судалгаанд тулгуурлан шинэчлэн сайжруулах ажил өнгөрсөн хугацаанд хийгдсэн байна. Тухайлбал, хурдан морины уралдаанч хүүхдийн эрүүл мэндийн асуудал, гэмтэл, бэртлийн судалгаа, шинэчлэхээр зорьж буй стандартын шинжлэх ухаан техникийн төвшинг олон улс, бүс нутгийн болон гадаад орны ижил нэрийн дэвшилтэт стандартын түвшинтэй харьцуулсан судалгаа, эл стандартыг хэрэглэгчдийн сонирхол, нийгмийн шаардлагад тохирч буй эсэх зэрэг олон судалгааг орон даяар явуулж дүнг нэгтгэсний эцэст Стандартын үндэсний зөвлөл шинэ стандартыг боловсруулан батлав.
MNS 6264:2018 шинэ стандарт батлагдсанаар уралдаанч хүүхдийн хамгаалалтын малгай, хантааз, гутал, бээлий зэрэг хувцаст тавигдах мөрдлөг тодорхой болсны дээр шаардлага илүү нарийссан байна гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
Нийслэлийн Байгаль орчны газраас ногоон бүсийн нутаг дэвсгэрийн хөхтөн амьтдын тоо толгойд мониторинг хийхэд Засгийн газраас тогтоосон ховор амьтны жагсаалтад орсон халиун буга 19.5 хувиар, нэн ховор амьтны жагсаалтад орсон баданга хүдэр 40 хувиар, бор гөрөөс 15 хувиар тус тус өсчээ. Амьтны тухай хуульд заасны дагуу аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нар харьяалах нутаг дэвсгэртээ 5 жил тутам тооллого явуулдаг. Одоогоор нийслэлийн нутаг дэвсгэрт 51 зүйлийн хөхтөн амьтан бүртгэгдээд байна. Хөхтөн амьтдын тоо толгойн өсөлтөд биотехникийн арга хэмжээг тогтмол явуулж буй, байгаль хамгаалагчдын хяналтын техник тоног төхөөрөмж сайжирсан, хууль бус ангийн эсрэг эргүүл шалгалтын ажил идэвхжсэнтэй болон гэмтэж бэртсэн амьтдыг мэдээлэх, хамгаалахад иргэдийн оролцоо нэмэгдсэнтэй холбоотой хэмээн үзэж байгаа юм гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.
Нийслэлийн Соёл, урлагийн газар, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтран “Номоо солилцъё” өдөрлөгийг 2017 оны нэгдүгээр сараас эхлэн сар бүрийн эхний 7 хоногийн бямба гаригт уламжлал болгон зохион байгуулж ирсэн билээ. Энэ удаагийн “Номоо солилцъё” өдөрлөг 2018 оны зургаадугаар сарын 1-ний өдөр Д.Сүхбаатарын талбайд “Монгол хүүхдүүд” баярын хүрээнд зохион байгуулагдах бөгөөд “JCI Их хүрээ салбар” байгууллагын “Оюуны элч” төсөлтэй хамтран “1000 номын баяр” уриан дор хийхээр төлөвлөөд байна.
“JCI Их Хүрээ Салбар” байгууллагын зохиодог “Оюуны элч” төсөл нь 2011 оны гуравдугаар сараас эхлэн 7 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа төсөл юм.
Өдөрлөгийн үеэр Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангаас хүүхдийн номнуудыг солилцох бөгөөд номоо солилцсон хүүхэд бүрт “Оюуны элч” төслөөс 1 номыг бэлэглэнэ.
Хүүхэд багачууд, эцэг эхчүүд өөрсдийн солилцох номтойгоо ирж тус өдөрлөгтэй нэгдэж өөрийн уншсан номоо бусадтай солилцож уншихаас гадна хөгжөөнт тоглоом, хүүхдэд зориулсан уралдаан тэмцээнүүдэд оролцож олон олон бэлгийн эзэн болоорой. Өдөрлөг Жанжин Д.Сүхбаатарын талбайд байрлах 75, 76 дугаартай асарт зохион байгуулагдана гэж нийслэлийн Соёл, урлагийн газраас мэдээллээ.
Хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт 1925 онд Швейцарийн женев хотноо болж, жил бүрийн зургадугаар сарын 01-нийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан. Улмаар 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэсэн бөгөөд Монгол Улс 1952 оноос “Хүүхдийн баяр”-ыг тэмдэглэж ирсэн түүхтэй. 1992 онд төрийн зүгээс зургадугаар сарын 01-нийг Эх үрсийн баяр болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн ч иргэдийн санал хүсэлтийн дагуу 2003 оноос дахин Хүүхдийн баяр болгон тэмдэглэсээр өнөөг хүрсэн юм.
Энэ жил манай улс “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг 66 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Тиймээс ч өнөөдөр мянга мянган эхчүүд “Алдарт эх”-ийн одон гардаж авч байгаа бол олон арван эцэг эхчүүд үр хүүхдүүдээ баярлуулах юм. НЗДТГ-аас өнөөдөр “Монгол хүүхдүүд” баярын үйл ажиллагааг 09.00 цагаас 17.00 цаг хүртэл Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Арга хэмжээний хүрээнд Нийслэлийн урлагийн их наадмын шилдэг оролцогчид, Олон улсын Бяцхан миссийн уралдааны шагналтнуудын тоглолт болон Цэцэрлэгийн хүүхдийн уран хөдөлгөөнт гимнастикийн үзүүлэх тоглолт зэрэг олон урлаг соёлын арга хэмжээ болохоос гадна бичил амьтны хүрээлэн ажиллах юм.
УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар Монгол Улсын гадаад бодлогын асуудлаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсон, Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх эсэхийг хаалттай горимоор хэлэлцсэн юм. Уг асуудалд ямар байр суурьтай байгаа талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоос тодрууллаа.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс ШХАБ-д элсэх нь эдийн засагт эерэгээр нөлөөлж, томоохон төсөл хөтөлбөрүүд хөдлөх боломж бүрдэнэ хэмээгээд байгаа. Мөн ШХАБ-д элсэх нь гуравдагч хөршийн харилцаагүй болох эрсдэлтэй. Иймд төвийг сахих бодлогоо баримтлах нь зүйтэй гэсэн байр суурьтай ч хүмүүс байна. Хувь гишүүний хувьд та ямар байр суурьтай байна вэ?
-1990 оноос Монгол Улс ардчилалд шилжиж ирсэн. Ингэснээр гуравдагч хөрш улстай болох зам эхэлсэн юм. 1990 он хүртэл ОХУ, БНХАУ-тай дотно, гүнзгий харилцаатай байсан. Хоёр орны хооронд эдийн засгийн чухал томоохон төслүүд явдаг. Гэвч яг өнөөдрийн байдлаар ОХУ ч тэр, БНХАУ ч тэр манай улсад хориг гэж хэлэхээр хэмжээний татварыг манай орны бүтээгдэхүүнд тавьдаг. ОХУ руу бүтээгдэхүүн гаргахад 25-аас дээш хувийн татвар төлдөг. БНХАУ ч мөн адил өндөр хэмжээний татвар тавьдаг. Тиймээс Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад орохдоо бараа таваар зэрэгт тавих нөхцөл боломжийг сайн хэлэлцэж, ярилцаж, эерэгээр шийдэх нь чухал гэж харж байгаа.
-Өмнө нь манай улс төвийг сахиж, ажиглагчийн байр суурьтай байсаар ирсэн. ШХАБ-д элссэнээр гадаад бодлогын хувьд ямар болох бол?
-Ерөнхийдөө Монгол Улс 300 гаруй жилийн турш хоёр хөрштэйгөө л харьцаж эхэлсэн. Түүний дунд буюу Богд хаант засгийн үед гуравдагч хөрштэйгөө харьцах зурвас үе орж ирсэн. Харин 1990 оноос хойш гуравдагч хөрштэй байх, дэлхийн, олон нийтийн хамтын ажиллагаанд оролцох боломж нь илүү бүрдээд явж байгаа. Хамгийн гол нь энэ олсон ололтоо бататгах нь чухал. Мэдээж хоёр хөрш бол мөнхийн хөрш. Хоёр хөрштэйгөө хамгийн чухал асуудлуудаар нэг байр суурьтай байх нь бидний зорилгод нийцнэ. Гэхдээ бид бүхэн дэлхийн хамтын ажиллагааны байгууллагын үл итгэлцэл төрүүлсэн алхмуудыг гүнзгий хийх хэрэггүй гэж үздэг.