Categories
мэдээ нийгэм

Р.Жигжид япон улсын эзэн хааны “Мандах нар” одон хүртэв

Уул уурхайн сайд асан Р.Жигжид Япон улсын Засгийн газрын “Мандах нар” одонгийн “Алт, мөнгөн од” зэрэглэлийн одон хүртлээ.

Түүний Монгол, Японы найрамдалт найрсаг харилцаа болон харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн энэхүү одонг Япон улсын Элчин сайдын өргөөнд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаоко гардуулав.
Р.Жигжид нь Монгол Улсын Гадаад хэргийн яам болон Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайд, Уул уурхайн сайд зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байхдаа Монгол, Япон улсын харилцааг нягтруулан хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан юм. Тэрбээр Японд суралцаж төгсөгчдийн JUGAMO нийгэмлэгийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд одоо Монгол, Японы харилцааг дэмжих “Түншийн холбоо” нийгэмлэгийн Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байна.


Тэрбээр хэлэхдээ, “Монгол, Японы харилцаанд оруулсан өчүүхэн хувь нэмрийг маань ийнхүү өндрөөр үнэлэн Япон улсын төрийн дээд шагналаар шагнаж байгаад туйлын баяртай байна. Миний бие 1980 онд Японы Засгийн газрын тэтгэлэгт анхны бакалаврын оюутны нэг болж Япон улсыг зорьсон цагаас хоёр орны харилцаанд ямар нэг хэлбэрээр оролцож ирсэн. Хэдийгээр хүйтэн дайны амаргүй цаг үед миний амьдралыг Япон оронтой холбож өгсөн ачтай буянтай олон хүн энд ирснийг хараад өөрийн эрхгүй талархах, хүндлэх сэтгэл төрж байна. Энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэний хувьд миний бие Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааны хөгжлийн төлөө өчүүхэн ч атугай хувь нэмрээ оруулахын төлөө өөрийн бүхий л бололцоог дайчлан ажиллах болно. Монгол, Японы хооронд улс төр, соёлын харилцаа өндөр түвшинд хөгжсөн. Гэвч хувийн хэвшил, эдийн засгийн хамтын ажиллагаа дутмаг байдаг. Тиймээс цаашид эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээг тэлэх, ялангуяа японы хөрөнгө оруулалтыг татах, Монгол, Японы хоорондын худалдааг нэмэгдүүлэх зэрэг бизнес чиглэлийн харилцааг илүү хөгжүүлэхэд хувийн хэвшлийн хүний хувьд илүү анхаарч бодитой хувь нэмэр оруулна” гэв.

Дашрамд дурдахад, “Мандах нар” одон нь мандаж буй нарыг нарны илчтэй нь дүрсэлсэн загвартай бөгөөд дээд хэсэгт нь “Гүнж мод”-ны цэцэг навчийг дүрслэн илэрхийлсэн байдаг. Энэхүү одон нь одон медаль хэлбэрээр хүзүүндээ зүүх, одон тэмдгийн зориулалтаар энгэртээ зүүх, энгэрийн тэмдгийн зориулалтаар зүүх гэсэн хэлбэртэй байдаг аж. Энэхүү одонг өмнө нь Монгол Улсын таван иргэн хүртэж байв.

Categories
мэдээ соёл-урлаг

Ерөнхий сайдын дэргэд “Соёл, урлагийн үндэсний зөвлөл” байгуулахаар боллоо

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Соёл, урлагийн салбарын өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага” зөвлөгөөн боллоо. Энэ үеэр биет болон биет бус соёлын өв, соёл урлагийн салбарын өнөөгийн байдал, цаашид төр засаг юунд анхаарч, ямар үйл ажиллагаа зохион байгуулах талаар оролцогчид санал бодлоо хэлж ярилцлаа.

Бид олон жил уул уурхай ярилаа, одоо ч ярьж байна. Эдийн засгаа өөд нь татаж өөдрөг сайхан амьдрах ёстой ч Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа болсон Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй Монгол хүнийг хүмүүжүүлэх их үйлийг бид мартах учиргүй. Иймээс манай Засгийн газрын хөгжлийн гол тулгуур үндэс бол “Монгол хүн төвтэй, мэдлэгт суурилсан хөгжил” юм гэдгийг Ерөнхий сайд хэллээ.

Манай улсын оюуны дархлаа сул байна. Улс орон, өвөг дээдсийнхээ түүх, уламжлалт өв соёл, зан заншил, урлагаа үл тоох, мартах, бүр үгүйсгэх хандлага хүртэл цухалзаж, хүүхэд залуучууд маань гаднын кино, урлагаар дамжсан үзэл суртал, соёл ахуйд автаж байгаа нь анзаарагдах болсонд санаа зовж байдгаа тэрбээр илэрхийллээ.

Соёл, урлагийн салбарынхан нийгмийнхээ туг нь болж манлайлан явах эрхэм үүрэгтэй. Энэ үүргээ нэр төртэй биелүүлж, ард иргэдээ соён гэгээрүүлэх их үйлсэд зүтгэж буй зохиолч, яруу найрагч, судлаач, жүжигчид, хамтлаг дуучид, бүжигчид, зураач, барималч, дархан, гар урчууд, уран бүтээлчдэд Ерөнхий сайд талархал илэрхийлээд, хамтарч ажиллахыг урилаа.

Уулзалтын үеэр 36 хүн үг хэлж, санал санаачилга гаргалаа. Эдгээрийг ажил хэрэг болгохын төлөө ажиллана. Үүний тулд Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд “Соёл урлагийн үндэсний зөвлөл” байгуулахаар шийдвэрлэснээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ.

Сүүлийн 20 гаруй жилд урлаг соёлынхныг ингэж цуглуулан, санал санаачилгыг нь нэг бүрчлэн сонсч байгаагүй гэдгийг зөвлөгөөн оролцогчид тэмдэглээд Ерөнхий сайдын ивээл дор ийм арга хэмжээ зохион байгуулсанд талархаж байгаагаа илэрхийлж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



Categories
мэдээ улс-төр

Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлнэ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэлд хэрэгжиж буй 2018 оны хөрөнгө оруулалтын төсөл арга, хэмжээний хагас жилийн хэрэгжилтийн дүн болон худалдан авах ажиллагааны явцын талаар хэлэлцлээ.

2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар нийслэл хотод улс, нийслэлийн төсвийн хөрөнгө болон орон нутгийн хөгжлийн сан, бусад төсвийн эх үүсвэрүүдээр 392.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 1169 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна. Үүнээс, нийслэлийн Засаг даргаас эрх шилжсэн 99 захирамжаар 346.7 тэрбум төгрөгийн 558 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагаа зохион байгуулагдаж байгаагаас 386 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагаа зарлагдаж, 172 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагаа зарлагдаагүй бөгөөд нийслэлийн хэмжээнд 71 хувийн хэрэгжилттэй байгаа юм. Худалдан авах ажиллагаа, зарим ажлын явц удаашралтай байгаа шалтгааныг дүүргийн Засаг дарга нар танилцуулсан. Энэ ажилтай холбоотойгоор улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө, бусад эх үүсвэрээр санхүүжүүлэх барилга, зам, инженерийн шугам сүлжээ зэрэг улирлын шинж чанартай төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулж, удаашралтай байгаа ажлуудын хэрэгжилтийг эрчимжүүлэхийг, хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний гэрээний хэрэгжилтийн хяналтыг эрчимжүүлж ажиллахыг, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилтай холбоотой газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлж ажиллахыг харьяа хэлтэс албадын дарга нарт тус тус үүрэг болголоо. Ялангуяа сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг хугацаанд эхлүүлэхийг тодотголоо.

Мөн хурлаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх тухайн жилийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, дүүргийн төсвийн сахилга, хариуцлага чангатгах, тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, төрийн удирдлагыг хэрэгжүүлэх нийтлэг чиг үүргийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор нийслэлийн удирдлагуудаас дүүргүүдийг хариуцан ажиллах хуваарийг баталлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

“Монгол-Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээ эхэллээ

Монгол Улс, ОХУ-ын ерөнхийлөгч нарын ивээл дор зохион байгуулагдаж буй “Монгол-Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээ зургадугаар сарын 7-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна. Энэхүү цуврал арга хэмжээний зорилго нь Монгол, Оросын стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулах, худалдаа, эдийн засаг, соёл хүмүүнлэгийн хамтын ажиллагааны хөгжилд түлхэц үзүүлэх, хоёр улсын төр засгийн байгууллагууд болон бизнес эрхлэгчид хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх, хамтын ажиллагааны шинэ боломжийг хэлэлцэх, иргэд, аж ахуйн нэгжүүдийн нөгөө улсын талаарх ойлголт, мэдлэгийг гүнзгийрүүлэхэд оршиж буй юм. Уг арга хэмжээний хүрээнд өчигдөр Төрийн ордны Их танхимд Эдийн засгийн чуулга уулзалт боллоо. Чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ, Засгийн газрын гишүүд, ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путины бие төлөөлөгч Игорь Евгеньевич Левитин, ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайд Денис Валентинович Мантуров тэргүүтэй тус улсын албаны болон бизнесийн төлөөллүүд оролцов.

Монгол-Оросын эдийн засгийн чуулга уулзалтыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлсэн юм. Тэрээр “Монгол, Оросын санаачилга-2018” арга хэмжээний хүрээнд зохиогдох олон төрлийн уулзалт, арга хэмжээнүүд нь Монгол-Оросын хооронд бизнес яриа хэлэлцээ өрнүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Юуны өмнө манай хоёр улс худалдааны эргэлтээ нэмэгдүүлэхийн зэрэгцээ экспорт, импортын худалдааны тэнцвэргүй байдлыг арилгах нь чухлаар шаардагдаж байна. Бид ОХУ-тай хоёр талын болон гурван талт идэвхтэй, эрчтэй хамтын ажиллагааг өргөжүүлэхийг хүсч байна. Хоёр талын хамтын ажиллагааны тухайд “Улаанбаатар төмөр зам” -тай дүйцэхүйц томоохон нэгээс хоёр төслийг эхний ээлжинд хэрэгжүүлмээр байгаа юм.

Хоёр хөршөө болон Евразийн хоёр эргийг холбох тээврийн шугам болох боломжоо ашиглахын тулд бид “Монгол–Орос–Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг эрчимтэй хэрэгжүүлэхээр зорьж байна. Хөршүүд маань 2020 он гэхэд Орос-Хятадын худалдааны эргэлтийг 200 тэрбум долларт хүргэхээр зорьж ажиллаж байгаа.

Энэ худалдааг Монголын нутгаар, дөт замаар, эдийн засгийн коридороор дамжуулбал бүх талын эрх ашигт бүрнээ нийцэх юм. Тийм учраас яриа хэлцлээс хэтрэхгүй байгаа гурван улсын эдийн засгийн коридорын хэрэгжилтийг хурдлуулахыг бид хүсэж байна. Монгол Улс энэ бүтээн байгуулалтад өөрсдийн талаас шаардагдах бүхнийг хийхэд бэлэн байгаа болно. Хэдхэн хоногийн дараа болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын уулзалтын үеэр Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын дөрөв дэх уулзалт болох гэж байна. Бүс нутгийн эдийн засаг, худалдааны интеграцид нэгдэж, худалдаа, хөрөнгө оруулалтын нөхцөлийг хөнгөвчлөх үүднээс Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах саналыг Монгол Улс дэвшүүлсэн. Энэ саналыг маань ОХУ дэмжсэнд талархал илэрхийлэхийн зэрэгцээ тус холбооны гишүүн орнууд мөн хүлээн авч, хэлэлцээ эхэлнэ гэдэгт итгэлтэй байна. Монгол, Оросын хоорондох худалдааны нийт бараа эргэлтийн 80 орчим хувийг бүрдүүлдэг бүс нутаг, хил орчмын худалдаанд тулгарч буй тарифын бус саадыг арилгахыг бид чухалчлан үзэж байна. Монгол Улс эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулж, тогтвортой өсөлтийг хангах үүднээс “Эдийн засгийг сэргээх төлөвлөгөө” гарган хэрэгжүүлж, мөн ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдаад явж байна” гэлээ.

Чуулганы нээлт болж байгаатай холбогдуулан ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин илгээлт явуулсан бөгөөд илгээлтийг ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путины бие төлөөлөгч Игорь Евгеньевич Левитин уншиж танилцуулав. Илгээлтэд “Манай улс Монгол Улстай тогтоосон эртний уламжлалт сайн хөршийн, харилцан хүндэтгэлтэй, найрсаг харилцаагаа өндрөөр үнэлдэг. Хоёр талын иж бүрэн цогц харилцааг стратегийн түншлэлийн үзэл санааны дагуу хөгжүүлэх нь Евразийн чиглэлд баримталж буй манай улсын гадаад бодлогын нэн тэргүүний зорилтуудын нэг юм. Энэ утгаараа ажил хэрэгч улс төрийн яриа хэлэлцээг бүхий л түвшинд өргөжүүлэх, тээвэр, дэд бүтэц, эрчим хүч болон хөдөө аж ахуй зэрэг чиглэлээр хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэхэд бид онцгой ач холбогдол өгдөг. “Орос-Монголын санаачилга-2018”-ын хүрээнд зохион байгуулагдаж буй арга хэмжээнүүд нь харилцан ярилцах сайхан боломжийг манай хоёр улсын төв болон орон нутгийн эрх баригчид, бизнесийн хүрээнийхэн болон олон нийтийн байгууллагын төлөөлөгчдөд олгох юм. Та бүхний уулзалт Орос-Монголын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт болон аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны олон асуудлыг нухацтай хэлэлцэх боломж олгож, харилцан ашигтай шинэ гэрээ хэлцлүүд байгуулах, шинжлэх ухаан техникийн дэвшилтэт ололт болон мэргэжлийн туршлага солилцоход тус дөхөм үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Нээлтийн ажиллагааны үеэр ОХУ-ын төлөөлөгчдийн тэргүүн ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайд Д.В.Мантуров мөн үг хэлэв. Тэрээр Оросын тал Орос, Монголын хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэх өргөн боломжтой гэж үздэг хэмээн онцолсон. Эдийн засгийн чуулга уулзалтын нэгдсэнд хуралдаанд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизов, ОХУ-ын Эрчим хүчний орлогч сайд К.В.Молодцов зэрэг албаны хүмүүс илтгэл тавив.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тавьсан илтгэлдээ Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд дорвитой ахиц гаргахын тулд Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах, хоёр улсын төр, хувийн хэвшлийн болон хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, борлуулах сувгийг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр хоёр талаас тодорхой арга хэмжээ хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээсэн юм. Харин ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг “ОХУ, Монгол Улсын мал эмнэлгийн салбар дахь хамтын ажиллагааг сайжруулах, эрдэм шинжилгээ, оношилгооны байгууллагуудын хамтарсан судалгааг өргөжүүлэх, эрсдлийн үнэлгээг хамтран хийж, үр дүнг баталгаажуулах, шүлхий өвчнөөс сэргийлэх вакциний концентрацийг авах замаар хамтран үйлдвэрлэх, нэн яаралтай үеийн бэлэн байдлыг хангах, бүс нутгийн хэмжээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэргэжилтнүүдийн мэргэжил боловсролыг дээшлүүлэх “Мал эрүүлжүүлэх” төслийн III үе шатыг хэрэгжүүлнэ” хэмээн онцлов.

Үүний дараа хоёр орны албаны болон бизнесийн төлөөллүүд Монгол-Оросын хил орчмын мужуудын хамтын ажиллагаа зэрэг салбар хуралдаануудад орсон.

Улмаар Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Монгол, Оросын хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр хийгдэж буй ажлын тухай танилцуулга хийлээ. Түүний дараа Монгол Улс дахь ОХУ-ын Худалдааны төлөөлөгч М.В.Васильев Монгол Улсад хэрэгжүүлж буй худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр баримталж буй ОХУ-ын бодлогын талаар, Шадар сайдын зөвлөх Ц.Ганболд “Монгол Улсын чөлөөт бүсийн хөрөнгө оруулалтын боломжууд” сэдвээр илтгэл тавьсан. Монгол, Оросын хил орчмын мужуудын хамтын ажиллагааны чуулганд хилээр холбогдсон Монголын есөн аймаг, ОХУ-ын зургаан муж, хязгаар болон бусад орон нутгийн төлөөлөгчид хүрэлцэн ирсэн. Тодруулбал, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Дорнод, Завхан, Дархан-Уул, Хэнтий, Баян-Өлгий аймаг, ОХУ-аас Бүгд Найрамдах Буриад Улс, Бүгд Найрамдах Тува Улс, Эрхүү муж, Забайкальск хязгаарын засаг захиргааны төлөөлөгчид оролцлоо. Тэд энэ үеэр өөрсдийн орон нутгийн талаар танилцуулсан юм.

Бүгд Найрамдах Буриад Улсын засгийн газрын орлогч дарга Игорь Иванович Зураев “ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Монгол Улстай хил орчмын хамтын ажиллагаа, үр дүн ба хөгжлийн хэтийн төлөв” сэдэвт танилцуулга хийсэн. Танилцуулгадаа Буриадын залуучуудын уран бүтээлийн инновацийн төвүүд Монгол Улсын бизнес-инкубаторын холбооныхонтой хамтарч ажиллаж байна. 2018 оноос эхлэн Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай томоохон хэмжээний хоёр удаагийн бизнес чуулганыг Улаанбаатар ба Улаан-Үд хотод зохион байгуулсан. Хятад, БНСУ, Германы компаниуд оролцсон. 2017 онд ачаа эргэлт “Наушки” станцаар 26 хувь нэмэгдсэн. Чингэлэгийн галт тэргийн тоо 2016 оныхтой харьцуулбал 246 хувь нэмэгджээ. 2018 онд 30 хувь нэмэгдэнэ гэж тооцоолж байгаа. Байгаль олон улсын нисэх онгоцны буудлын шинэчлэл болон шинэ нисэх хөөрөх зурвасын барилгын ажил дуусаж байна. Олон улсын шинэ терминалын төсөвлөлт эхэлсэн. БНБУ-аас сайн үржлийн, үүлдрийн мал худалдаж авахад туслах боломжтой. Мөн БНБУ-д бүс хоорондын цөмийн эрчим хүчний төв байгуулах ажил эхэлж байна” гэв.

“Монгол-Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээний хүрээнд Оросын дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн болон тус улсын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа гарч байна. Сүхбаатарын талбайд болсон энэхүү үзэсгэлэн, худалдааг өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины бие төлөөлөгч Игорь Евгеньевич Левитин болон тус улсын Аж үйлдвэр, худалдааны яамны төлөөлөгчид үзэж сонирхсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг үзэсгэлэн худалдааг үзэж сонирхох үеэр ОХУ-ын хөдөө аж ахуй, барилга, зам засвар, хүнсний салбарт үйл ажиллагаа явуулдаг 90 гаруй компанийн 100 шахам техник, тоног төхөөрөмж, 250 орчим төлөөлөгч үзэсгэлэн худалдаанд оролцож, дэвшилтэт тоног төхөөрөмжөөс гадна өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлсэн талаар танилцууллаа.

Үзэсгэлэнд дэлгэгдсэн дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийн 20 гаруй нь хөдөө аж ахуйн салбарт хэрэглэгдэх машин, техникүүд байсан. Монголчууд тэдгээрийг илүүтэй сонирхож байгаа талаар зохион байгуулагчид дурдаж байв. Тэдгээр нь сүүлийн хоёр жилд үйлдвэрлэгдэж Оросын зах зээлд гарсан шинэ техникүүд аж. Өмнөх техникүүдээс ялгарах гол онцлог нь хөрсний чийгийг хадгалах, хөрсийг гэмтээлгүй тариагаа хураах боломжтой байна. Герман, БНХАУ зэрэг орны техникүүдээс ялгарах давуутал нь целсийн -25-аас +50 градуст ажиллах хүчин чадалтай. Иймээс шаардлагатай тохиолдолд өвлийн улиралд ч ашиглах боломжтой юм байна. Үзэсгэлэн худалдааны үеэр ОХУ-ын зарим компани манай улсын ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг компанитай бизнесийн хүрээнд хамтарч ажиллах талаар яриа хэлэлцээр хийсэн байна.

Зургадугаар сарын 9-нийг хүртэл үргэлжлэх “Монгол -Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээний хүрээнд худалдаа, эдийн засаг, соёл хүмүүнлэг, залуучууд солилцооны олон талт арга хэмжээг зохион байгуулах юм.

О.АРИУНЦЭЦЭГ

О.ДАШНЯМ

ГЭРЭЛ ЗУРГУУДЫГ Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

“Цэнхэр халим” хэмээх хий үзэгдэл монгол хүүхдүүдийг ангуучилсаар байх уу

Тоглоом гэх нэрийн дор хүний амь насыг авч оддог онц аюултай нийгмийн сүлжээ “Цэнхэр халим” олон улсад төдийгүй Монголд гарах болсоор удлаа. Өнгөрсөн онд 130 гаруй хүүхэд тус тоглоомыг тоглосон гэдгийг Цагдаагийн байгууллагаас тогтоожээ. Фэйсбүүкийн групп чатаар явагддаг уг сүлжээ шил шилээ даран үүсч Монголд нутагшсан байна. ОХУ-д энэхүү сүлжээнээс улбаалан 130 гаруй хүүхэд амиа хорлосон гэх таагүй мэдээ байдаг аж. “Цэнхэр халим” тоглоомд өсвөр насны хүүхдүүд уруу татагдах нь элбэг. Хүүхдүүд ихэвчлэн тоглоом гэж эндүүрэн сүлжээнд нэвтэрдэг гэнэ.


12 ДУГААР АНГИЙН СУРАГЧ “ЦЭНХЭР ХАЛИМ”-ЫГ ТОГЛОСНЫ УЛМААС АМИА ХОРЛОСОН БАЙЖ БОЛЗОШГҮЙ

Өнгөрсөн онд Эрдэнэт хотод 15-19 насны хоёр охин байшин дээрээс зэрэг үсэрч амиа хорлосон харамсалтай хэрэг гарсан байдаг.

Охидын үхлийн шалтгааныг тус газрын оршин суугчид “Цэнхэр халим” тоглоомоос болсон байх хэмээн таамаглаж байгаа юм. Уг хэрэг болохоос өмнө хоёр найз үүнтэй адил шалтгаанаар амиа алдсан тохиолдол гарчээ. Энэ төрлийн гэмт хэргээс болж сүүлийн жилүүдэд хүүхдүүд амиа хорлох нь ихэссэн гэдгийг зарим эх сурвалж мэдээлж байна.

Харин өнгөрсөн амралтын өдрүүдэд “Цэнхэр халим”-тай холбоотой хэрэг дахин гарчээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх тосгоны дунд сургуулийн 12 дугаар ангийн сурагч А гэртээ өөрийгөө дүүжилж, амиа алдсан байдалтай олджээ. Уг хэргийн учир шалтгааныг түүний асран хамгаалагчид судалж үзэхэд “Цэнхэр халим” тоглоомтой холбоотой байж магадгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн аж. Хэрэг гарахаас хэд хоногийн өмнө хохирогч А-гийн гар утсыг эцэг, эх нь хурааж авсан гэнэ. Харин хохирогч хүү 2000 нэгж авч хөрш айлынхаа найзын утаснаас интернэтэд холбогддог байжээ. Хохирогч А-г амиа алдсаны дараа түүний асран хамгаалагчид утсыг нь шалгаж үзтэл нэгэн учир битүүлэг фейсбүүк групп олдсон байна. Тус групп 1700 орчим гишүүнтэй бөгөөд тэд хоорондоо элдэв янзын даалгавар биелүүлэхийг шаарддаг байсан ажээ. Талийгаач А-гийн ар гэрийнхэн нь одоогоор үхлийн шалтгааныг тодруулахаар Шүүхийн шинжилгээний хүрээлэн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газарт хандаад байгаа гэв. Хэргийг тус аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа юм. Иймээс эцэг, эхчүүдийг дунд сургуулийн хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг сануулж байна.

ЧИГЛҮҮЛЭГЧ СҮРДҮҮЛЖ ДААЛГАВАР ӨГДӨГ БАЙСАН ГЭВ

Өнгөрсөн онд Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн алба “Цэнхэр халим” нэртэй фэйсбүүк хуудас, бүлэг шинээр үүсгэж, хүүхдүүдийг бүртгэн, далд хэлбэрээр сурталчилсан цөөнгүй тохиолдол бүртгэжээ. Уг тоглоомоор тоглосон, шинэ хаяг үүсгэсэн хүүхдүүдийг Эрүүгийн цагдаагийн албаныхан илрүүлэн шалгасан байна. Харин даалгавар өгч чиглүүлж байсан этгээд тоглоомоос гарах үр дагаврыг ухамсарлаагүй өсвөр насны хүүхэд байжээ. Тэрээр “Эхлээд сонирхоод “Цэнхэр халим” нэртэй цахим хаяг нээсэн. Гэтэл богинохон хугацаанд олон дагагчтай болсон. Даалгавруудыг нь интернэтээс харж хэлдэг байсан. Энэ хугацаанд 300 гаруй даалгавар авагчтай болсон” гэж мэдүүлжээ. Түүний хохирогчдын нэг нь 12 настай охин бөгөөд “Чиглүүлэгч сүрдүүлж даалгавар өгдөг байсан” хэмээн ярьсан юм.

Өнгөрсөн онд “Цэнхэр халим” тоглоомыг тоглосон байж болзошгүй хэргийг шалгах явцад хэд хэдэн бүлэг, групп үүсгэсэн, дагагчдын тоо олон байсныг цагдаагийн алба хаагчид илрүүлж, таслан зогсоожээ. Мөн сурагчид болон оюутнууд дээрх тоглоомд нэгдэн, нэгэндээ даалгавар өгч, эхний даалгавруудаа биелүүлж биедээ гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон гэдгийг мэдээллээ. Зааварчилгаа нь тухайн хүний бие махбод, сэтгэл санаанд ноцтой хохирол учруулах даалгаврууд юм. Даалгавар хүндэрснээр хамгийн сүүлийн өдөр тухайн хүнийг амиа хорлоход хүргэдэг байна.

Энэхүү тоглоомоор тогло-дог байсан Б-гээс тодруулахад “Бид даалгавар өгөгчийг “Цэнхэр халим” гэдэг. Тэрээр тоглогчдод тусгай код өгч “халим” гэж нэрлэдэг. Тэр халимуудад даалгавар өгч хийж чадахгүй бол гэр бүлийнхэн рүү нь дайрна гэж сүрдүүлж байсан. Гар дээр юм зуруулах, сийчүүлэх гэх зэрэг даалгавар өгдөг байлаа. Одоо ч манай найзуудын дунд тоглодог хүүхэд бий” гэв.

Уг тоглоомыг тоглож байсан бас нэгэн залууг цагдаагийнхан байцаажээ. Тэрээр “Анх сонирхож тоглосон. Тэгээд хэдэн хүнд даалгавар өгсөн. Ийм зүйл болно гэж мэдээгүй. Анх ороход гурван хүн байсан. Бүлгийн нэг удирдагчид нь хүсэлт тавьж, тухайн группын үйл ажиллагааг чиглүүлдэг болсон. Тэгээд 300 гаруй хүн элсүүлсэн. Даалгаврыг анх фэйсбүүк хуудаснаас олсон” гэж мэдүүлжээ.

Мөн Ерөнхий боловсролын сургуулийн сурагч охин дээрх тоглоомд уруу татагдсан агаад цагдаагийнханд “Дүү нарын чинь зурагнуудыг авч байгаад бусад бүлгүүдэд тавина, чиний бүх мэдээллийг ямар нэгэн байдлаар олж авч чадна” гээд гар, хөл дээрээ хутгаар сийчиж, зүүгээр хатгахыг үүрэг болгосон хэмээсэн байна. Тэр охиныг бусдад уруу татагдан, биедээ гэмтэл учруулж болзошгүй талаар аавынх нь утас руу цагдаагийнхан залгаж хэлжээ.

“Цэнхэр халим” группын удирдагч гишүүдээ элдэв бусаар дарамталдаг аж. Тухайлбал, Чи дөрвөн цагт унтахгүй бол хэвийн биш, сэтгэцийн өвчтэй гэх мэт. Энэхүү дарамтлалуудыг хүүхдүүд чухал зүйл гэж ойлгодог нь хачирхалтай. Улмаар хүүхдүүд нэг нэгийгээ уруу татаж, тоглохгүй гэсэн нэгнийгээ аймхай хулчгараар нь дууддаг аж.

Нийгмийн сүлжээгээр тархаад буй “Цэнхэр халим” хэмээх тоглоом нь өсвөр насныхныг амиа хорлоход өдөөн турхирдаг. Энэхүү тоглоом нь оролцогчоо амиа хорлох хүртэл даалгаврыг биелүүлээгүй тохиолдолд гэр бүлийг нь хөнөөнө гэж сүрдүүлдэг бүлэг этгээдийн хууль бус ажиллагаа гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлдэг.

Энэ тоглоом манай улсад аль хэдийн орж ирсэн. Уг тоглоомын дагуу нийт 50 даалгавар биелүүлдэг. Тоглоомыг тоглож эхлэх үед даалгавар өгөгчийн зүгээс тоглож буй хүнд өөрийгөө өвтгөх, аймшигтай бичлэг үзэх зэрэг даалгавруудыг өгч, үүгээр ч зогсохгүй тоглогчоос мөнгө нэхэж, хэрвээ тоглоомноос татгалзах гэвэл хувийн мэдээлэл дээр нь үндэслэн сүрдүүлдэг. Гэр бүлийнхэн болон тоглогчийг өөрийг нь сүрдүүлснээр яах ч аргагүй байдалд орон айдаст автаж, өөр хүмүүст хандаж чаддаггүй аж. Дахин сануулахад уг тоглоом өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл санааны эмзэг байдлыг ашиглаж амиа хорлоход өдөөн турхирдаг. Амиа хорлох хүртэл даалгаврыг биелүүлээгүй тохиолдолд гэр бүлийг нь хөнөөнө гэж сүрдүүлдэг бүлэг этгээдийн хууль бус ажиллагаа юм.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Ардчилал дэмий гэж үү” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гарагийн дугаар 24 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс “Ардчилал дэмий гэж үү” хэмээх нийтлэлийг хүлээн авч үзээрэй.

“Улс төр” нүүрт Г.Дугаржав: Засгийн газарт УИХ-ын гишүүд орж ажиллаж байгаа нь парламентаас тавих хяналтыг сулруулж байна хэмээн ярьжээ.

Ерөнхийлөгчид тоогдож явсан “Баян” Ц.Шарав хэмээн “Танил нэр” нүүрт өгүүлжээ.

Л.Энх-Амгалан: Төсвийн урсгал зардлын реформыг цаг алдалгүй хийх ёстой хэмээн “Улс төр” нүүрт ярьсан байна.

“Өдрийн сонин”-ы “Генералууд” нүүрт Ш.Арвай: Равжаа хутагт бол Монголын агуу эх оронч хэмээн ярьжээ.

Хөлбөмбөгийн ДАШТ-ний тоглолтууд монголчуудад хамгийн таатай цагаар явагдана хэмээн “Спорт” нүүрт өгүүлсэн байна.

“Явдаг самбарууд” хэмээн “Нэг ангийнхан” нүүртөгүүлжээ.

“Баримт үйл явдал” нүүрт Актлагдсан мянган вагоны хэрэгт Д.Жигжиднямаагаас гадна салбарын сайд, дарга нарыг шалгаж эхэлсэн үү хэмээн өгүүлсэн байна.

В.Путин иргэдийнхээ асуултад хариулав хэмээн “Дэлхий мэдээ” нүүрт өгүүлжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Х.Баттулга Төр хурахын аманд очиж, мод үржүүлгийн мэргэжилтнүүдтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Богдхан уулын Төр хурахын аманд очиж мод үржүүлгийн ажилтай танилцангаа салбарын мэргэжилтнүүдтэй санал солилцлоо.

Төр хурахын ам нь газарзүйн байршлаараа Азийн төв хэсэгт тооцогддог бөгөөд энэ хэсэгт модгүй болж байгаа нь ганцхан Монгол Улсын биш Ази тивийн асуудал гэж үздэг тул Богдхан уулын Төр хурахын амыг ойжуулах шаардлагатай байгаа талаар “Их ногоон хамтрагчид” ХХК болон “Ногоон хишигтэн” төрийн бус байгууллагын мэргэжилтнүүд танилцуулсан юм.

Энэ компани нь жилд 300 мянган ширхэг суулгац тарилтанд гаргах хүчин чадалтай бөгөөд “PPRS” технологи буюу “Хамгаалагдсан хүчирхэг үндэсний тогтолцоо” технологийг ашиглан модны үндэсний массыг нэмэгдүүлэн саглагар болгож, хүчирхэг үндэсний системийг бий болгодог талаар биологийн нөхөн сэргээлтийн зөвлөх Матт Делани танилцуулсан юм.

Мөн энэхүү технологийг ашиглан Төр хурахын амыг ойжуулахаар ажиллаж байгаа бөгөөд өмнө нь Дорноговь аймгийн Хамарын хийдэд Хайлаас, Жигд, Чихэр өвс зэрэг 2800 ширхэг суулгацыг 18 га газарт тарьж, ургуулж чаджээ. Энэ талаар ойн мэргэжилтнүүд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулахдаа хатуу ширүүн уур амьсгалтай, хөрс нь элэгдэж үржил шимээ алдсан, нөхөн сэргээхэд хүндрэлтэй говийн нутагт сүүлийн таван жилийн хугацаанд мод суулгаж, ургуулж байгаа учраас “PPRS” технологийг ашиглан газарзүйн хувьд маш чухалд тооцогдож байгаа Төр хурахын аманд мод тарьж, ургуулах бүрэн боломжтой гэсэн юм.

Тэдний ойжуулалтын ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дэмжиж ажиллахаа илэрхийлсэн бөгөөд мод тарьсны дараах арчилгаа, усалгаа, зөвлөгөө зэргийг иргэд, аж ахуйн нэгжүүдэд тогтмол өгч, тарьсан моддоо илүү их арчилж анхаарах ёстойг сануулж, ажилд нь амжилт хүсэв.



Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийн үзэсгэлэнг үзэж сонирхов

Монгол Улс, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын ивээл дор зохион байгуулагдаж буй “Монгол-Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээний хүрээнд Оросын дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн болон тус улсын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа гарч байгаа юм.

Сүхбаатарын талбайд болж буй энэхүү үзэсгэлэн, худалдааг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үзэж, сонирхсон бөгөөд түүнийг дагалдан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины бие төлөөлөгч Игорь Евгеньевич Левитин болон тус улсын Аж үйлдвэр, худалдааны яамны төлөөлөгчид үзэж сонирхсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг үзэсгэлэн худалдааг үзэж сонирхох үеэр ОХУ-ын хөдөө аж ахуй, барилга, зам засвар, хүнсний салбарт үйл ажиллагаа явуулдаг 90 гаруй компанийн 100 шахам техник, тоног төхөөрөмж, 250 орчим төлөөлөгч үзэсгэлэн худалдаанд оролцож, дэвшилтэт тоног төхөөрөмжөөс гадна өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлсэн талаар танилцууллаа. Үзэсгэлэнд дэлгэгдсэн дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийн 20 гаруй нь хөдөө аж ахуйн салбарт хэрэглэгдэх машин, техникүүд байсан бөгөөд монголчууд тэдгээрийг илүүтэй сонирхож байна гэсэн юм. Мөн ОХУ-ын зарим компани манай улсын ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг компанитай бизнесийн хүрээнд хамтарч ажиллах талаар яриа хэлэлцээр хийжээ.


Categories
мэдээ нийгэм

​“Замын цагдаагийн албаны ахлагч бүрэлдэхүүний сургалт зөвлөгөөн-2018” болов

“Замын цагдаагийн албаны ахлагч бүрэлдэхүүний сургалт зөвлөгөөн-2018” Улаанбаатар чуулгын байранд зохион байгуулагдлаа.

Сургалт зөвлөгөөнд Замын цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан болон даргын зөвлөлийн гишүүд, ахлагч бүрэлдэхүүн оролцов.

Уг үйл ажиллагааг Цагдаагийн байгууллагаас 2018 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, цагдаагийн ахлагч бүрэлдэхүүний мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, харилцааны соёл, мэргэжлийн ур чадварыг ахиулах, ажлын идэвхи санаачлагыг өрнүүлэх, албаны ахлагч бүрэлдэхүүнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, тэдэнд хүндэтгэл үзүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг билээ.

Замын цагдаагийн албанд өнөөдрийн байдлаар нийт 250 орчим ахлагч бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэдэг бөгөөд тэдний 6,5 хувь буюу 17 нь эмэгтэй хаагчид эзэлж байна.

Сургалт зөвлөгөөний үеэр хамт олноо хошуучлан ажилласан тэргүүний 34 алба хаагчийг Цагдаагийн ерөнхий газар, Замын цагдаагийн алба, Залуучуудын холбооны нэрэмжит шагналаар шагнаж урамшууллаа.

Categories
мэдээ нийгэм

Эмнэг булгиулах, бугуйл шүүрэх тэмцээн боллоо

Монголын уламжлалт үндэсний спортын төрлүүд, уламжлалт тоглоом, зан үйл, ёс заншил, өв соёлыг өсвөр үеийнхэнд өвлүүлэн үлдээх зорилготой Үндэсний спортын аймгийн 6-р их наадмын эмнэг булгиулах, морь бугуйлдах, уурга шүүрэх тэмцээн өчигдөр Хяргас суманд боллоо.
Увс аймгийн Зүүн бүсийн сумдын хурдан морины уралдаантай хамтатган зохион байгуулсан энэхүү тэмцээнүүдэд 100 гаруй залуу оролцож, шилдгүүдээ шалгаруулсан байна. Морь бугуйлдах тэмцээний тэргүүн байрыг Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн тамирчин Б.Бямбаа эзэлж, Хяргас сумын Б.Мягмарсүрэн, Д.Гантулга нар удаалсан байна. Харин уурга шүүрэх тэмцээнд Өндөрхангай сумын Б.Бүрэнтогтох, Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн тамирчин Б.Бямбаа, Зүүнговь сумын Б.Тодбаяр нар тэргүүлжээ. Эмнэг булгиулах тэмцээнд Өндөрхангай сумын Б.Бүрэнтогтох, Тэс сумын Э.Амарбаян, Хяргас сумын Ц.Отгонбилэг нар аваргалсан байна. Тамирчдыг сум багийн дүнгээр байр эзлүүлэхэд Өндөрхангай сумын баг тамирчид тэргүүлж, Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн болон Хяргас сумын баг тамирчид удаалжээ.
Тэмцээний тэргүүн байрын эзэд ирэх 8-р сард Улаабаатар хотноо зохион байгуулагдах Үндэсний спортын 6-р их наадамд аймгаа төлөөлөн оролцох юм байна. Энэхүү тэмцээнийг аймгийн БТСГ-аас Хяргас сумын ЗДТГ болон аймгийн Батлан хамгаалахад туслах нийгэмлэгтэй хамтран зохион байгуулжээ. Үндэсний спортын аймгийн 6-р их наадмын хүрээнд зохион байгуулагдах бусад тэмцээнүүд ирэх долоо хоногт Улаангом хотноо болно.