Categories
мэдээ улс-төр

Монгол Улс тогтвортой тарифын хөнгөлөлт эдэлнэ

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, ОХУ-ын Тээврийн сайд Дитрих Е.И. нар Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2.2.5.-д “Гадаад худалдааны дамжин өнгөрөх тээврийн нөхцөлөөс хэт хараат байдлыг бууруулж, далайд гарцгүй орны хувьд тээврийн салбарт хөрш орнуудтай хоёр болон гурван талын урт хугацааны, харилцан ашигтай хэлэлцээр байгуулна. Эскпортын бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах далайн боомтуудтай болох, боомт хүртэл тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулах, Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.” гэж заасан байдаг.

Далайд гарцгүй орны хувьд дээрх зорилтыг хэрэгжүүлэх яриа хэлэлцээг хөрш орнуудтай 2009 оноос эхлүүлэн идэвхитэй хийж ирсэн бөгөөд БНХАУ-ын Засгийн газартай 2014 онд “Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааны тухай” хэлэлцээрийг байгуулж, шинээр төмөр замын 4 боомт нээх, эдгээр хилийн боомтоор дамжуулан гуравдагч оронд бүтээгдэхүүнээ төмөр замаар дамжуулан экспортлох квот, тэдгээрт тээврийн хөнгөлөлттэй тариф зэрэг нөхцөлүүдийгтохирсон. Харин Оросын Холбооны Улстай 9 жил яриа хэлэлцээ хийж, ийнхүү Монгол, Оросын нутгаар төмөр замын ачаа дамжуулан тээвэрлэх нөхцөлийн талаар тохирсон хэлэлцээрийг байгуулж байна.

Тус хэлэлцээр нь Талууд дотоодын ажиллагааг гүйцэлдүүлсэн тухай бичгээр үйлдсэн сүүлчийн мэдэгдлийг дипломат шугамаар хүлээн авсан өдрөөс хүчин төгөлдөр болох юм.

Хэлэлцээрийн төсөл найман зүйлтэй ба 25 жилийн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөхөөр заасан бөгөөд дараах зорилтыг хангасан нөхцөлүүдийг тусгасан. Үүнд:

  • хоёр улсын нутаг дэвсгэрээр төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрт тарифын уян хатан бодлого хэрэгжүүлэх;
  • төмөр замын ачаа тээвэрт бусад чиглэлүүдтэй харьцуулахад өрсөлдөхүйц тарифын нөхцөлийг урт хугацаанд хангах;
  • төмөр замаар тээвэрлэж буй ачааг улсын хилээр нэвтрүүлэх ажиллагааг хөнгөвчлөх нөхцөлийг бүрдүүлэх;
  • хоёр улсын төмөр замын ачаа тээврийн өсөлтийг хөхиүлэн дэмжих;
  • ачаа тээврийн өсөлтийн эрчим болон төмөр замын тээврийн суурь бүтцийн хөгжил харилцан уялдааг хангах;
  • Монгол Улсын экспортлогчдод далайд саадгүй гарах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг болно.

Хэлэлцээрт хэрэгжсэнээр Монгол Улсын экспортын бараа бүтээгдэхүүнийг ОХУ-аар дамжуулан гуравдагч зах зээлд гаргах тохиолдолд ОХУ-ын нутгаар дамжуулан тээвэрлэх төмөр замын тээвэрлэлтэд 25 жилийн хугацаанд тогтвортой тарифын хөнгөлөлт эдэлнэ. Монгол Улс ОХУ-аас дамжин өнгөрөх нүүрсний тээвэрт Нэгдсэн нэвтрэх тарифаас 66.4 хувь, чингэлэг тээвэрт 52 хувийн хөнгөлөлт авч байна.

“Оросын төмөр замууд” НХН-ээс 1 жилийн хугацаагааролгож буй тарифын хөнгөлөлтийг 25 жилийн хугацаанд баталгаажуулах нь уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг гуравдагч улсын зах зээлд гаргахад экспортын үнийн өрсөлдөх чадварыг хангах, уул уурхай, үйлдвэрлэлийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татаж урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулах таатай нөхцөлөөр хангагдаж буй хэрэг юм.

Дамжин өнгөрөх ачаа тээврийн чиглэлийн тарифын түвшингбусад чиглэл дэх тарифын түвшин эрсөөрчлөгдсөн тохиолдолдтухайн тарифтай өрсөлдөхүйц байдлаар тохиролцох боломжтой.

Тухайлбал, Монгол Улсаас БНХАУ-аар дамжуулан тээвэрлэх ачаа тээврийн тарифын түвшин огцом өөрчлөгдөхөд ОХУ-аар дамжуулан тээвэрлэх тарифын түвшинг мөн бууруулах бололцоотой юм.

Categories
мэдээ улс-төр

Байнгын хорооны дарга О.Содбилэг олон улсын бага хурлыг нээж үг хэллээ

БНАСАУ, АНУ-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын өмнө Улаанбаатар хотноо “Солонгосын нэгдлийг хангах нь” сэдэвт олон улсын бага хурал болж байна. Энэхүү хурлыг нээж УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга О.Содбилэг үг хэллээ.

Тэрбээр “Энэхүү олон улсын бага хурал нь бүс нутгийн улс орнуудын төрийн бус байгууллагуудын санал, санаачилгаар болж буй нь цаг үеэ олсон чухал ач холбогдолтой арга хэмжээ юм. Сар гаруйхан хугацааны өмнө болсон нэгэн томоохон үйл явдал бол өнгөрсөн сарын 27-ны өдөр БНСУ-ын Ерөнхийлөгч Мүүн Жэ Ин болон БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын уулзалт бөгөөд “Солонгосын хойгийн энх тайван, хөгжил цэцэглэл, нэгдлийн талаарх Панмунжеомын Тунхаглал”-д гарын үсэг зурсан явдал байлаа.

Мөн удахгүй АНУ-ын Ерөнхийлөгч, Хойд Солонгосын удирдагчийн дээд хэмжээний түүхэн уулзалт болох гэж байгаа нь цаашид тус бүс нутаг дахь хурцадмал асуудлыг намжаахад томоохон хувь нэмэр болох учиртай бөгөөд улмаар Солонгосын хойг цөмийн зэсвэггүй бүс нутаг болоход алхам алхмаар ойртож буйн илрэл юм.

Манай улс БНАСАУ-тай 1948 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Харин 1990 онд БНСУ-тай дипломат харилцаа тогтоож, эдүгээ хоёр орны харилцаа бүхий л салбарт амжилттай хөгжиж байгаа билээ.

Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагаанд цөмийн зэвсгээс ангид статустай манай улс бүхий л түвшинд идэвхтэй оролцож ажиллах нь зүйн хэрэг юм” хэмээн онцлов.

Олон улсын энэхүү бага хуралд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, БНСУ-ын Парламентын гишүүн И Жон Гил, Япон Улсын Парламентын гишүүн асан Кимата Ёшитаке, “Нэг Солонгос сан”-гийн тэргүүн, доктор Жай Пүн Риу, Дэлхийн Энхийн сангийн гүйцэтгэх захирал Жеймс Флинн, Дипломат академийн захирал О.Бэхбат, Элчин сайд Ч.Ломбо болон Монгол Улс дахь БНАСАУ-ын Элчин сайдын яамны ажилтнууд, судлаач эрдэмтэд зэрэг 80 гаруй төлөөлөл оролцож байна. Бага хурал маргааш үргэлжлэх юм.

Categories
мэдээ нийгэм

Халиар түүж яваад алга болсон иргэний цогцсыг олжээ

Дархан-Уул аймгийн Хонгор сумын хоёрдугаар багийн “Булагт” гэдэг газар Шарын гол сумын Санжинт багийн оршин суугч иргэн 65 настай эрэгтэй О энэ сарын 06-ны өдрийн 18:00 цагт Хонгор сумын “Булагт” гэдэг газар халиар түүж яваад сураггүй болсон байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн 10 алба хаагч, орон нутгийн есөн иргэн, нийт 19 хүн, хоёр техник хэрэгсэлтэйгээр Хонгор сумын “Булагт” гэдэг газар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эхэлсэн байна. Улмаар өчигдөр өдрийн 12:34 цагт алга болсон газраас зүүн урд зүгт 2 км-т цогцсыг олж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Өсвөр насны хоёр хүүхэд тутмын нэг нь сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай гэлээ

“Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагийн дэмжлэгтэйгээр “Монгол өрх сэтгэл зүйн хүрээлэн” нийслэлийн 20 сургуулийн 11-17 насны 8461 хүүхдийг хамруулсан сэтгэл зүйн судалгааны тайлангаа танилцуулав.
“Монгол өрх” сэтгэл зүйн хүрээлэнгийн захирал, зөвлөх сэтгэл зүйч С.Баасанбат “Судалгаанд хамарсан нийт хүүхдийн 58,3 хувь нь буюу хоёр хүүхэд тутмын нэг нь сэтгэл зүйн хямрал, зан үйлийн ямар нэгэн тулгамдсан асуудалтай байна.Манайх шиг хөгжингүй орны хувьд сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай өсвөр үеийнхэн 10 орчим хувийг эзлэх болов уу гэтэл даруй гурав дахин их байгаа нь ирээдүй хойч үеийнхний маань оюун сэтгэлгээнд аюулын харанга дэлдэж буйг харуулж байна. Энэ нь манай улсын Боловсролын салбар бусад орны бодлогоос хоцрогдсон төдийгүй сэтгэл зүйн үйлчилгээ болон эрүүл мэнд, иргэний боловсролын хичээлийг түлхүү оруулах шаардлагатайг харуулж байна” гэв.
Судалгааны баг сэтгэл зүйн асуудалтай сурагчдын 25 хувьд ганчаарчилсан уулзалт, ярилцлага, нарийвчилсан оншлогоо хийж зөвлөгөө өгсөн байна. Дээрх хүүхдүүд гэр бүлээс үүдэлтэй сэтгэл гутрал, зан төлвийн өөрчлөлт, хүчирхийлэл, амиа хорлох эрсдэл, үе тэнгийн дарамт, үерхэл нөхөрлөл, цахим орчин дахь ялгаварлан гадуурхалт зэргээс үүдэн хямралд өртдөгийг оношилжээ.
Нийт эцэг эх, багш нарт хандаж хүүхдүүддээ өдөрт чанартай 20 минутыг зарцуулах, хүүхдийнхээ юу хүсч мөрөөдөж буйг сонсох, хийсэн зүйлийг нь шударгаар үнэлэх, насанд нь тохирсон шаардлага тавих, өөрийгөө болон бусдыг хайрлан хүндэтгэхийн учрыг ойлгуулах, “Би чадна” гэсэн итгэл үнэмшилтэй болоход нь туслах, сэтгэл хөдлөлөө хянах, цагаа зөв зохистой төлөвлөж сурахад нь анхаарах, амьдрах ухааны чадварт суралцуулахад онцгой анхаарч ажиллахыг Судалгааны баг уриалав.
“Монгол өрх” сэтгэл зүйн хүрээлэнгээс “Сэтгэл зүйн 10C дархлаа” сэдэвт нэг сарын аяныг өрнүүлж, долоо хоног бүрийн пүрэв гаригт 09-18 цагийн хооронд өсвөр насныханд үнэгүй зөвлөгөө өгч байгаа аж.
Судалгааны ажилд Английн сэтгэл засалч Роберт Гүүдманаар ахлуулсан судлаачдын багийн боловсруулсан SDQ /Strength and Difficulties Questionnaire/ аргачлалыг хэрэглэжээ. Энэ нь 25 асуултаас бүрддэг бөгөөд сэтгэл зүйн хямрал, зан төлвийн хурцдал, хэт сэтгэлийн хөдөлгөөн, үе тэнгийн дарамт, нийтэч байдал зэрэг үзүүлэлтийг хэмждэг байна.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдүүдийн амралтаараа уншихыг санал болгох таван ном

ЕБС-ийн сурагчдын зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан “Аз хур” номын дэлгүүрээс таван ном санал болгож байна.

“Хүүхдийн дэлгэрэнгүй нэвтэрхий толь” номоос хүн төрөлхтний гарал үүсэл, дэлхийн бүтэц, ургамал,ан амьтны тухай сонирхолтой мэдээллийг авна. Мөн онгоц, машин, гэрлийн чийдэнг хэн бүтээсэн зэрэг танин мэдэхүйн асуултын хариуг олох боломжтой. Хүүхдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх зорилготой энэ номыг зургадугаар сарын онцлох номын тоонд оруулжээ. Тус ном нь 36430 төгрөгийн үнэтэй.
“Анне Франкийн өдрийн тэмдэглэл”-ийг 9500 төгрөгөөр худалдаалж байна. Энэхүү ном Европын орнуудын дунд болон ахлах сургуулийн сурагчдын заавал унших номын тоонд багтжээ. Германы фашистуудаас нуугдаж байхдаа бичсэн Анне охины биелээгүй хүсэл мөрөөдөл, амьдралын төлөөх тэмцлийг өгүүлсэн өдрийн тэмдэглэлийг “Болор судар” хэвлэлийн газраас хэвлэн гаргасан.
“Монголын хүүхдийн богино өгүүллэгийн дээжис” 7900 төгрөгийн үнэтэй. Д.Нацагдоржийн “Хуучин хүү”, Ц.Дамдинсүрэнгийн “Бух Гомбо” өгүүллэг, Хүүхдийн зохиолчдын шилдэг, сонирхолтой, ухаарал хайрласан, танин мэдэхүйн өгүүллэгүүдийг “Болор судар” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан бөгөөд хүүхдийн зохиолчдын намтрыг хавсаргаснаараа онцлог юм.
Жон Грийн “Бидний оддын алдаа” 9900 төгрөгийн үнэтэй. Энэхүү ном нь Нью-Йорк Таймсын бэстселлер болж байжээ. Хорт хавдраар өвчилсөн Хазел охин хавдрын эцсийн шатандаа Августус Уотэрс гэгч хүүтэй танилцсанаар түүний амьдрал дахин эхэлсэн тухай сонирхолтой сургамжит түүхийг өгүүлнэ.
Д.Намдагийн “Хөгшин чоно ульсан нь” бүтээл 7900 төгрөгөөр борлуулж байна. Байгаль эх энэ хорвоогийн хамаг сайн сайхныг сэтгэл харамгүй өгөөд эцэст нь хайр найргүй буцаан авдаг. Нөгөө талаар, аливаа амьтан амьдрахын төлөө зүтгэхдээ амь биенд нь хүрэх аюулт бэрхшээлийг цаг үргэлж давж, санах сэрэх, бодох, болгоомжлох, аргалан залилах ухааныг олдог тухай чоноор дамжуулсан өгүүлсэн Монголын уран зохиолын сор бүтээлүүдийн нэг юм. Энэхүү номыг “Болор судар” хэвлэлийн газраас эрхлэн гаргажээ.

Хүүхэд багачуудыг зуны амралтаа үр бүтээлтэй өнгөрүүлж эдгээр номыг заавал уншихыг зөвлөж байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Playtime 2018”-д Америкийн “Ariel Pink” хамтлаг оролцоно

PLAYTIME 2018 Амьд Хөгжмийн Наадам 7-р сарын 6, 7, 8-ны өдөр Монгол Шилтгээнд зохион байгуулагдана.
17 дахь жилдээ болох уг наадам орчин үеийн хөгжмийн соёлыг дэлгэрүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр өнгөрүүлэх, дэлхийн болон Монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулах замаар тэдний хөгжмийн боловсролыг дээшлүүлэх зорилготой. 2002 оноос хойш нийт 500 гаруй хамтлаг, дуучин давхардсан тоогоор тус наадамд оролцож уран бүтээлээ хүргэжээ.
Playtime 2018 наадамд дэлхийд алдартай AНУ-ын “Ariel Pink”, Япон улсын “The Fin.”, “Lite”, Монголын домогт “Хөх Тэнгэр”, анхны синт рок “Сөрөг Хүч”, пост панк “The Colors” тэргүүтэй хөгжмийн олон урсгалын танил, шилдэг, шинэ залуу 35 хамтлаг оролцохын зэрэгцээ электроник дэнс хѳгжмийн тайзнаа Италийн techno DJ Claudio PRC, Голландын Albert Van Abbe, Mонголын Biliguudei, TMK тэргүүтэй шилдэг 30 Ди-Жэй цэвэр агаарт 3 хоногийн турш “Playtime”, “Нааглихац”, “La Vie En Rose” гэсэн гурван тайзаар дамжуулан ѳѳрсдийн уран бүтээлээ хүргэх ажээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайд “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшил хөгжил”-ийн талаар мэдээлэл хийнэ

УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлнэ. Энэ өдрийн хуралдаанаар хуулийн төслүүд хэлэлцэхээс гадна Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын хүн амын суурьшлын талаар мэдээлэл хийнэ.

  • Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар нарын 3 гишүүн 2018.02.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • “Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засийн газар 2018.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.05.24-ний өдөр өргөн мэдүүлсэн,анхны хэлэлцүүлэг/;
  • “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан нарын 3 гишүүн 2018.05.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ 2018.04.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүн 2018.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүн 2018.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүн 2018.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нарын 16 гишүүн 2016.12.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

  • Ерөнхий сайдын мэдээлэл: “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулах ажлын явцын талаар” мэдээлэл хийнэ.
Categories
мэдээ цаг-үе

Төмөр замын гэх хэрэг замхарч, “Самсунг Си энд Ти” компанийн захирал Ли Жон Ёлыг 40 сая төгрөгөөр торгожээ

-А.ГАНСҮХ, Д.ЦОГТБААТАР НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ПРОКУРОР ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЖ, Ч.ГАНБАТ, П.БАТ-ЭРДЭНИЙГ ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙСНЫГ ЗОГСООЖЭЭ-

Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам тавих төслийн буюу “Монголын төмөр зам” (МТЗ) компанийн хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн, хуурамч гүйцэтгэлээр залилан мэхэлсэн, мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт тухайн үеийн УИХ-ын гишүүн Х.Баттулга, Зам тээврийн сайд асан А.Гансүх нарын хүмүүст гурван жилийн өмнө Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан билээ. Тэгвэл дээрх хэрэгтэй холбоотойгоор БНСУ-ын иргэн, “Самсунг Си энд Ти” компанийн захирал Ли Жон Ёл, “Соён инженеринг” компанид зургийн инженерээр ажиллаж байсан Гу Ду Хёон нарт холбогдох хэргийг Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт шүүн таслажээ. Дээрх шүүхийн ерөнхий шүүгч М.Алдар хэргийг даргалж, төмөр зам тавих зургийг дахин хийж мөнгө завшсан хэрэгт холбогдсон Гу Ду Хёоны үйлдлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Харин “Самсунг Си энд Ти” компанийн захирал Ли Жон Ёлыг эд хөрөнгө завшсан, залилан мэхэлсэн гэм буруутайд тооцож, 40 сая төгрөгөөр торгох ял шийтгэжээ. Шүүхээс “Самсунг Си энд Ти” компанийн захирал Ли Жон Ёлыг “Хувьдаа өөр нэртэй компани байгуулсан. Компанийнхаа дансаар 800 орчим сая төгрөг завшсан” хэмээн буруутгасан байна. Шүүх хуралд хохирогчоор оролцсон Монголын төмөр зам компанийн төлөөллийн зүгээс “Самсунг Си энд Ти” компанийн захирал Ли Жон Ёлд “Ямар нэгэн гомдол байхгүй” гэснийг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзэж 40 сая төгрөгөөр торгосон гэнэ. Төмөр замын гэх тодотголтой дээрх хэрэг хууль хяналтын байгууллагад шалгагдаад дуусах шатандаа орж байна. Ер нь бол тэр үеийн ЦЕГ-ын дарга Р.Чингисийн тушаалаар Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс төмөр замын гэх тодотголтой хэргийг сүр дуулиантайгаар шалгаж эхэлсэн байдаг.

Ч.ГАНБАТ, П.БАТ-ЭРДЭНЭ НАРЫГ ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖИЛЖ, Х.БАТТУЛГА, А.ГАНСҮХ НАРЫГ ШАЛГАСАН НЬ

Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Батзаяаг 2015 оны аравдугаар сарын 30-нд Эрүүгийн цагдаагийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд гэрээс нь баривчилж байсан. Түүнийг Зайсан дахь хорих ангид хорьсон байдаг. Б.Батзаяаг “Ухаахудаг-Гашуунсухайт”-ын төмөр замын ажлыг бүрэн зогсоосон хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн билээ. Өмнө нь “Ухаахудаг- Гашуунсухайт”-ын чиглэлийн 267 км төмөр замыг “Энержи ресурс” компани хувийн хөрөнгөөр барихаар төлөвлөж байсан. Гэвч тухайн үед Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас “Энержи ресурс” компанийн төмөр зам барих эрхийг цуцалж, “Монголын төмөр зам” ТӨХК-д шилжүүлсэн билээ. Улмаар “Монголын төмөр зам” ТӨХК компани ерөнхий гүйцэтгэгчээр Өмнөд Солонгосын “Samsung C&T” ,”SCTEM” компаниудыг сонгон гурвалсан гэрээ хийж, 267 км төмөр замыг бариулах шийдвэрийг гаргасан байдаг. Б.Батзаяа нарт холбогдох хэрэгт “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн дэд захирлаар ажиллаж байсан П.Бат-Эрдэнэ нарыг мөн шалгахаар болсон. Гэвч “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, П.Бат-Эрдэнэ нар гадаадын улс орон руу оргон зайлсан. Улмаар тэднийг Интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн билээ. Тэд ч хилийн чинадаас “Энэ хэргийн үнэн зөв олдсон цагт Монголд очиж хууль хяналтын байгууллагад мэдүүлэг өгнө” хэмээн мэдэгдэж байсан. Дээрх хэрэг улам бүр цар хүрээгээ тэлж Х.Баттулга, А.Гансүх нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан билээ. Тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр ноцтой мэдээлэл шил дараалан гарч байв. Тухайлбал, компаниа тендергүйгээр шалгаруулж, Чингис бондын мөнгөнөөс 5.8 сая ам.доллар олгох эрхийг хэн нь өгөв, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор босгох ажилд төсвөөс 24 тэрбум төгрөг өгсний 22 тэрбумыг нь судалгааны ажил гэх нэрийн дор шамшигдуулсан байж болзошгүй гэцгээж байв.

2012 оны арваннэгдүгээр сарын 3-нд Засгийн газрын 121 дүгээр тогтоол гарч “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээ”-ний тухай тогтоол гарч А.Гансүх нар гарын үсэг зурснаар “Энержи ресурс” ХХК-тай байгуулсан Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтын концессын гэрээг цуцалсан түүхтэй. Улмаар 2013 оны дөрөвдүгээр сарын 12-нд “Шинэ Төмөр зам төслийн ажлыг эрчимжүүлэх”, Зам тээврийн сайд А.Гансүх, Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар нарын хамтарсан 91 дүгээр тушаал гарч эрх байгуулах чиглэл өгсөн байдаг аж. Тухайн үед ТӨХ, Үйлдвэр хөдөө аж ахуйн яаманд харьяалагддаг байсан. Х.Баттулга, А.Гансүх хоёрыг шалгаж буй үндсэн баримт бол энэхүү 91 дүгээр хамтарсан тушаал хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр онцолж байсан. Мөн “Energy Resourse” ХХК-ийн 2012 онд Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яамтай гэрээ байгуулахаар тохиролцсон албан захидлыг үндэслэн гэрээ байгуулагдсан гэж танилцуулан Засгийн газраас тогтоол гаргуулан, “Самсунг СТ” компанитай эрх шилжүүлэх гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн байж болзошгүй гэж байв. Түүнчлэн 2013 оны тавдугаар сарын 1-нд Монголын төмөр зам ТӨХК хуулийн зөвлөх үйлчилгээний гэрээг 4.5 сая ам.доллараар байгуулахаар тогтсон ч санхүүжилт олгохдоо 6.1 сая ам.доллар шилжүүлсэн байж болзошгүй хэмээн буруутгаж байсан юм.

БАЯНГОЛ ЗОЧИД БУУДАЛД ЦАГДАА НАР НЭГЖЛЭГ ХИЙЖ, Х.БАТТУЛГЫН ТУСЛАХУУДЫГ ХОРИВ

Цагдаа нар 2016 онд гуравдугаар сард Баянгол зочид буудалд нэгжлэг хийж, нийгэм даяар шуугиан тарьсан. “Х.Баттулгыг баривчлах гэж байна” гэх мэдээлэл улс орон даяар цацагдаж, УИХ-ын гишүүдээс эхлээд жүдо бөхийн тамирчид, сүмо бөхийн аварга Д.Дагвадорж, “Hero” энтертайнмент студийн захирал, найруулагч Б.Баатар нар одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг хамгаалж, Баянгол зочид буудал руу цагдаа нарыг оруулахгүй гэж эсэргүүцэж байлаа. Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан, “Түмэн хишигтэн” ХХК-ийн захирал Ш.Эрдэнэтуяа, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байх үед нь туслах нь байсан Г.Түвшинжаргал гэх жирэмсэн бүсгүйг тэр үеэр мөн баривчилсан. Тухайн үед “Г.Түвшинжаргалыг онц их хэмжээний мөнгө завшсан, угаасан хэрэгт буруутгаж байна. Түүнийг 32 мянган га газарт хийгдсэн ажлыг 3500 га хэмээн хасч, хуурамч бичиг баримт бүрдүүлэн, мөнгө завшсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн 148.4, 166.1 дэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн шалгаж байна” хэмээн АТГ-аас мэдэгдэж байсан.

ГУРВАН ЖИЛ ГАРУЙ ШАЛГАСАН ХЭРЭГ ХЭРХЭН ШИЙДЭГДСЭН БЭ

Төмөр замын гэх хэргийг АТГ-аас гурван жилийн хугацаанд шалгасан байдаг. Дээрх хэргийн талаар Нийслэлийн ерөнхий прокурорын орлогч Ж.Ариунаа сэтгүүлчдэд мэдээлэл хийж байсан. Тэрбээр“Эрүүгийн 201501000154 дугаартай А.Гансүх нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын явцад “Монголын Төмөр Зам” Төрийн өмчит хувьцаат компанийн захирлаар ажиллаж байсан П.Бат-Эрдэнэ, “Либерти партнерс” ХХК-г үүсгэн байгуулсан Ч.Ганбат нар нь эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдахаас өмнө Монгол Улсын хилээр гадагш гарсан бөгөөд П.Бат-Эрдэнэ, Ч.Ганбат нар байхгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн учир тухайн үед хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу П.Бат-Эрдэнэ, Ч.Ганбат нарт холбогдох хэргийг тусгаарлан мөрдөн байцаалтын ажиллагааг явуулсан. Ажлын хэсгээс хэргийн холбогдогч нарт шинээр мөрдөгдөж эхэлсэн хуульд нийцүүлэн яллагдагчаар татах санал гаргаж ирүүлснийг прокуророос хянаж үзээд Х.Баттулга нь Ч.Ганбат, Б.Батзаяа нартай урьдчилан үгсэн тохиролцож, Даланзадгад Чойбалсангийн чиглэлийн 1100 орчим км төмөр замын суурь бүтэц барих төсөлд Зөвлөх үйлчилгээ үзүүлэх багаар “МакКинсэй энд Компани” компанийг холбогдох хууль тогтоомж зөрчин сонгосон, Зам тээврийн сайдаар ажиллаж байсан А.Гансүхтэй бүлэглэн Концессын хууль холбогдох бусад дүрэм журмыг зөрчин Гашуунсухайт Ухаахудаг чиглэлийн 267 км төмөр замын суурь бүтэц барих, ашиглах, шилжүүлэх концессын гэрээг хууль бусаар “Самсунг Си энд Ти” компанид шилжүүлсэн зэрэг үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоогүй байна гэж дүгнээд Х.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгэрэ зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татах мөрдөгчийн саналыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Харин дээрх хэрэгт Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяаг мөрдөгчийн саналын дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт яллагдагчаар татан одоо мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна” хэмээн мэдэгдсэн. Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулгад холбогдох хэрэг хэрэгсэхгүй болох шийдвэр гарсны дараа Зам, тээврийн сайд асан, ҮАБЗ-ийн Ажлын албаны даргаар ажиллаж буй А.Гансүх, ТӨХ-ны дарга асан Д.Цогтбаатар нарт холбогдох хэргийг прокурор хэрэгсэхгүй болгох шийдвэрийг гаргасан юм.

Ч.ГАНБАТ, П.БАТ-ЭРДЭНЭ НАРЫГ ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙСНЫГ ЗОГСООЖЭЭ

Төсвийн их хэмжээний мөнгийг угаасан хэрэгт сэжиглэгдсэн “Монголын төмөр зам” ТӨХК-ийн дэд захирлын албан тушаалыг эрхэлж байсан П.Бат-Эрдэнэ, “Либерти Партнерс”-ын захирал Ч.Ганбат нарыг 2015 оны арваннэгдүгээр сараас эхлэн интерполоор эрэн сурвалжилсан. Тэднийг их хэмжээний мөнгө шамшигдуулан оргон зайлсан хэрэгт буруутгаж байв. “Монголын төмөр зам” компанийн дэд захирал асан П.Бат-Эрдэнэ АНУ-д амьдарч байгаа. АНУ-ын тал интерполоор эрэн сурвалжлагдаж буй Ч.Ганбатыг баривчилахад хамтран ажиллах, туслалцаа үзүүлэхэд бэлэн гэдгээ Монголын хуулийн байгууллагынханд илэрхийлсэн байдаг. Харин “Монголын төмөр зам” ТӨХК-ийн дэд захирал асан П.Бат-Эрдэнэ өнгөрсөн арванхоёрдугаар сард “Миний аюулгүй байдлыг хангах үүднээс хамгаалалтад авна гэвэл мэдүүлэг өгөхөд бэлэн байна. Ирж авна уу” хэмээн дугаараа нууцалсан утаснаас ярьсан тухай зарим эх сурвалж мэдээлсэн юм. Тэгвэл тэднийг интеполоор олон улс даяар эрэн сурвалжлахыг зогсоожээ. Энэ талаар албаны эх сурвалжаас авсан мэдээллээр “Ч.Ганбат, П.Бат-Эрдэнэ нарыг интерполоор эрэн сурвалжилж байсныг зогсоосон. Хаанаас хэн эрэн сурвалжлах үйл ажиллагааг зогсоосон гэдэг нь тодорхойгүй байгаа. Ямар ч байсан интерполоор эрэн сурвалжилж байсныг зогсоосон байна лээ” гэв.


Categories
мэдээ нийгэм

“Гэгээн” нуур Google хайлтын системд албан ёсоор бүртгэгджээ

Манай оронд 3500 гаруй нуур бүртгэгдсэн байдаг. Нуур нь тектоник гаралтай хотгор, мөстлөг, мөсөн голын хунх, тэвшин хөндий, галт уулын өрх тогоо, голын хөндий гэх мэт янз бүрийн газарт, гадаад, дотоод хүчний үйлчлэлийн үр дүнд үүсэн бий болдог. Манай орны хамгийн залуу нуур 1957 онд Их Богд ууланд болсон 11 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас уулын орой нурж Битүүгийн голын хөндийг 50-70 метр өндөр нуранга далан хааснаас нуур үүссэн. Уг нуурийг нутгийн ардууд Оюут-Номин гэж нэрлэсэн байдаг. Байгалийн үйл явцын үр дүнд үүссэн манай орны хамгийн залуу нуур юм.

Харин хүний гараар бүтсэн хамгийн залуу нуур Говь-Алтай аймгийн Тайшир суманд Гэгээн нуур аж. Улаан Боомын хавцалд 2008 онд “Тайшир гуулин” УЦС-ыг байгуулахын тулд 50 метр өндөр, 190 метр урт далан байгуулан Завхан голын усыг хуралдуулсан нь 17,2 гаруй километр урт, 3,7 орчим километр өргөнтэй нуур бий болжээ. Говь-Алтай, Завханчуудад энэ нуураа “Гэгээн нуур” хэмээн нэрлэсэн юм.

Тус нууранд Завхан голд байдаг Монгол хадран, Алтайн сугас гэсэн хоёр төрлийн загас үржиж, усны шувууд суурьшин, мал ундаалах болжээ. Гэгээн нуурыг энэ жил “Google” хайлтын системд албан ёсоор бүртгэгдсэн байна.

Гэгээн нуур нь гадагшаа урсгалтай Монголын гол мөрнүүдийг зөв зохистойгоор усыг нь тогтоон, хиймлээр нуур үүсгэсэн сайхан бүтээн байгуулалт болсон гэж нутгийн ард ам сайтай байдаг аж.

gegeen nuur

gegeen nuur

gegeen nuur

Categories
мэдээ нийгэм

Зургадугаар сарын 08-нд болох үйл явдал

09.00 цагт МУИС-ийн номын санд “Биотехнологийн хөгжил ба генетик нөөцийн ашиглалт” онол, практикийн бага хурал зохион байгуулна.

10.00 цагт МУИС-ийн номын санд Японы эрдэмтэн Тэцузо Юшуни болон БНХАУ-ын эрдэмтэн Жиа Генжо нар “Дэлхий нийтийн тогтвортой байдлын судалгаа, Дижитал бүс ба зам-Уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн эрсдэл” сэдвээр илтгэл тавина.

10.00 цагт Улаанбаатар зочид буудалд “Хөргөлт агааржуулалтын талаар засвар үйлчилгээний техникийн ажилтнуудыг гэрчилгээжүүлэх тогтолцоог нэтвтрүүлэн хэрэгжүүлэх нь” зөвлөлдөх уулзалт болно.

10.30 цагт Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд “Талын салхи” олон улсын Мото наадмын зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

11.30 цагт Чингэлтэй дүүргийн 7-р хороонд байгуулах “Дэд бүтцийн төв”-ын шав тавих ёслол болно. Утас: 99275253

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Газрын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр гадаадын иргэнд газар өмчлөх эсэх талаар хуульчид байр сууриа илэрхийлнэ.

14.00 цагт БХБЯ болон НЗДТГ-ын удирдлагууд Төв цэвэрлэх байгууламжийн хур лагийг үнэргүйжүүлэх, хөрс, бордоо хийх ажилийн явцтай танилцна.Утас:8801086

Төрийн ордонд

09.00 цагт Зүүн Азийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээнд оролцох БНСУ, БНАСАУ-ын багийн төлөөлөл мэдээлэл хийнэ.

10.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт “Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухайМонгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурах ёслол болно.

“Монгол, Оросын санаачилга-2018” бизнес уулзалтын хүрээнд

09.00 цагт Шангри-Ла зочид буудалд Монгол, Оросын хөрөнгө оруулалт, санхүүгийн салбарын хамтын ажиллагаа” салбар хуралдаан болно.

10.00 цагт Шангри-Ла зочид буудалд Эдийн засгийн чуулга уулзалтын зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

11.00 цагт Сүхбаатарын талбайд Монгол, Оросын залуу жүдочдын нөхөрсөг тэмцээн болно.

12.00 цагт Сүхбаатарын талбайд Монгол, Оросын залуу зохион бүтээгчдийн үзүүлэн тоглолт болно.

14.00 цагт Шангри-Ла зочид буудалд Эдийн засгийн чуулга уулзалтын үр дүнгийн талаар ОХУ-ын төлөөлөгчид мэдээлэл хийнэ.