Categories
мэдээ спорт

“Талын салхи-2018” олон улсын мото наадам маргааш болно

НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Монголын чопперчин ахан дүүс”, “Ред фалконс” ТББ-уудтай хамтран дөрөв дэх жилдээ “Талын салхи-2018” олон улсын мото наадмыг энэ сарын 9,10-ны амралтын өдөр зохион байгуулах гэж байна.

Энэ талаар өнөөдөр нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, “Монголын чопперчин ахан дүүс” ТББ-ын тэргүүн Ш.Сүхбаяр, Замын цагдаагийн газрын Олон нийттэй харилцах албаны дарга Э.Бөхбат, ОХУ болон БНХАУ-ын мото тамирчдын төлөөлөл мэдээлэл хийлээ.

“Талын салхи-2018” олон улсын мото наадмын нээлт маргааш Д.Сүхбаатарын талбайд болох бөгөөд нээлтэд 790 гаруй мотоциклчид оролцохоор төлөвлөжээ.

Мотоциклчид Төв талбайгаас цуваа болон Тэрэлж дэх Мондэ амралтын газар луу хөдлөх юм байна. Тус амралтын газарт тусгайлан зассан мото наадмын талбайд 300 мотоциклын үзэсгэлэн зохион байгуулагдана. Мөн орой нь Харанга, Хурд, Нисванис, Булсара, Жонон, Аравт, Empire, Аадар, Lord, Rec on, Ice Top, Digital, Click click boom хамтлагууд, реппер Gee, Desant, NMN, дуучин Gang, DJ Zaya, Tuvshin, Ladies, уран нугаралт, циркийн үзүүлбэрүүдийг сонирхох боломжтой аж.

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх “Талын салхи наадам нь мото спорт сонирхдог хүн бүрийн наадам бөгөөд энэ жил “Цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбооны гишүүн болох ОХУ-аас 50, БНХАУ-аас 50 мото тамирчид оролцоно. Наадам маань жилээс жилд өргөжин олон улсын чанартай болж байгаа. Цаашид Ази тивд томоохон мото наадам болон өргөжих боломжтой” гэлээ.

Дашрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мотоциклын спортын хорхойтон бөгөөд тус арга хэмжээг нээн парадад оролцох юм байна.

Энэ талаар “Монголын чопперчин ахан дүүс” ТББ-ын гишүүн Б.Болдбаатар “Талын салхи 2018” олон улсын мото наадамд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мотоцикл унаж цуваанд явах болсон нь том онцлог болж байна.

Миний мэдэхээр энэ нь дэлхийд Ерөнхий сайд мотоцикл унаж буй хоёр дахь тохиолдол болж бүртгэгдэх нь. Оросын холбооны ерөнхийлөгч Путин ерөнхий сайд байхдаа мотоцикл унаж байсан” гэв.

Чопперчид холбоо болон нэгдэж Замын цагдаагийн албатай хамтран ажилласнаар мотоциклын осолд өртөх иргэдийн тоо тогтмол буурч байна. Учир нь чопперчид замын хөдөлгөөний аюулгүй байдал, техникийн болон хувцас тоноглолын аюулгүй байдалд хамгийн их анхаардаг байна.

Categories
мэдээ улс-төр

ОХУ-ын Тээврийн сайд Евгений Иванович Дитрих Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхав

Монгол Улс, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын ивээл дор зохион байгуулагдаж буй “Монгол-Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээний хүрээнд Монгол Улсад айлчилж буй ОХУ-ын Тээврийн сайд Евгений Иванович Дитрих болон ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины бие төлөөлөгч Игорь Евгеньевич Левитин тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.

ОХУ-ын Тээврийн сайд Евгений Иванович Дитрих нь Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэтэй Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх тухай хэлэлцээр байгуулсан даруйдаа Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхаж, олон жилийн турш яригдсан энэ хэлэлцээрийг амжилттай байгуулахад өндөр хувь нэмрээ оруулж байсанд нь талархал илэрхийлсэн юм.

Мөн ОХУ-ын Тээврийн сайд Е.И.Дитрих Монгол Улсад хийж байгаа айлчлал нь одоогийн албан тушаалынх нь анхны гадаад айлчлал бөгөөд баримт бичигт гарын үсэг зурсандаа баяртай байгаагаа хэллээ. Түүний дурдсанаар ОХУ-ын тээврийн салбарт зургаан сая хүн ажиллаж, 17 тэрбум ам.долларын ажил, үүрэг гүйцэтгэдэг байна. Энэ нь тус улсын нийт экспортын 1/3 хувийг эзэлдэг бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин тээврийн салбарын экспортын орлогыг 2024 он гэхэд хоёр дахин өсгөх бодлого баримталж байгаа юм байна. Тиймээс энэ бодлого, цаашдын үйл ажиллагаа нь Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх тухай хэлэлцээрийн үр дүнд Монгол Улсад үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа ноён Е.И.Дитрих яриандаа дурдсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Тээврийн сайд Е.И.Дитрихд хандан анхны айлчлалаар олон жил яригдсан хэлэлцээрт гарын үсэг зурж, тээврийн салбарын хамтын ажиллагаанд ахиц гаргасанд баяр хүргэв. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байх он жилүүддээ хэлэлцээрийг амжилттай байгуулж, өнөөгийн үр дүнд хүргэхийн тул ОХУ-ын Тээврийн сайд нартай нягт хамтран ажиллаж ирсэн талаараа хэлж, цаашдаа ч ноён Е.И.Дитрихтэй хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ дурдлаа.

Мөн ОХУ-БНХАУ худалдааны эргэлтээ 200 тэрбум ам.долларт хүргэх зорилго тавьсныг дурдаад Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх тухай хэлэлцээрийг бодит ажил хэрэг болгож, Монгол Улсаар дамжин өнгөрөх ачаа, тээврийг нэмэгдүүлэх зэргээр хэлэлцээрийг ажил хэрэг болгохын тулд тууштай ажиллана гэсэн юм.


Categories
мэдээ нийгэм

III эмнэлгийнхэн “Ажлын байран дахь эрсдэлийг илрүүлэх, засах хуудас”-тай боллоо

Улсын гуравдугаар төв эмнэлэг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн хэрэгжилтийг хангах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд гарах эмнэл зүйн болон эмнэл зүйн бус эрсдэлийг бууруулах, ажилтан бүр ажлын байрандаа эрсдэлээ илрүүлэх, үнэлэх, засах арга хэвшилд суралцуулах зорилгоор “Ажлын байран дахь эрсдэлийг илрүүлэх, засах хуудас”-ыг санаачлан боловсруулж, тус эмнэлэгт туршин хэрэгжүүлж эхлээд байна.

Энэхүү хуудас нь эмч, сувилагч, дэмжин туслах үйлчилгээний ажилчдад зориулагдсан эрсдэлийн илрүүлэлт, засах арга хэмжээ, эрсдэлийг үнэлэх, тооцоолох хэсгүүдээс бүрдсэн бөгөөд эрсдэлийг бууруулахад (ЗОГС, ИЛРҮҮЛ, МЭДЭГД, ТӨЛӨВЛӨ, ХЭРЭГЖҮҮЛ) хэмээх 5 алхамыг баримтлан “Аюулгүй, эрсдэлгүй ажиллах нь ажилтан бүрийн үүрэг хариуцлага” уриан дор нэвтрүүлэн ажиллаж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Өнөөдөр “Хайрла” тоглолттой

Харанга хамтлаг 30 жилийн ойгоо угтаж “Хайрла” тоглолт хийх тов зарласан. Тоглолт өнөөдөр “Ub palace”-ийн концертын танхимд болно.

Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Харанга” хамтлагийн гитарчин Ц.Чулуунбат Бид та бүхнийг бие биеэ хайрлагтун хэмээн “Хайрла” тоглолтоор “Харанга” дэлдэнэ. Бидний одоо амьдарч буй нийгэмд сайн зүйл олон хэдий ч, бухимдаж уурласан, заримдаа аливаад маш догшин хэрцгий хандаж байгаа нь хэн бүхний нүднээ харагдаж сэтгэл эмзэглүүлсэн асуудал болоод байгаа. Хүмүүс хоорондын харилцаа, байгаль эх дэлхийдээ хандах хандлага зэрэг аливаа үйлдлүүддээ “Хайрла” гэдэг үг болон илэрхийллийг бүрэн мартсан мэт. Тиймээс бид нийгэмд хандаж аугаа яруу найрагч О.Дашбалбарын бичсэн “Амьддаа бие иэ хайрла хүмүүсээ” хэмээх бидний мэддэг мөртлөө мэддэггүй, магадгүй мэдэхийг ч хүсдэггүй энэ үгийн утгыг энэ тоглолтоороо дахин, дахин илэрхийлэхийг зорьж байна” хэмээсэн.

“Хайрла” тоглолт энэ сарын 8,9-нд 19.00 цагт “Ub palace”-ийн концертын танхимд болно. Тасалбарын үнэ 35-50 мянган төгрөгийн үнэтэй. Тасалбарыг https://www.ticket.mn сайтаар захиалах боломжтой аж.

Categories
мэдээ спорт

БНСУ, БНАСАУ-ын баг тамирчид нэг далбаан дор оролцоно

Зүүн Азийн жүдо бөхийн холбооны шийдвэрийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэнд, Сангийн сайд нарын тушаалаар 2018 оны Зүүн Азийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээнийг 2018 оны зургадугаар сарын 8-10-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон юм.

Энэ тэмцээнд БНСУ болон БНАСАУ-ын тамирчид хоёр дахь өдрийн багийн төрлийн тэмцээнд нэг далбаан дор өрсөлдөхөөр болсон юм. Үүнтэй холбогдуулан өнөөдөр Төрийн ордонд тэмцээнийг зохион байгуулах хорооны даргаар ажиллаж буй Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд болон БНСУ-ын Жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Чо Ён Чул, БНАСАУ-ын Жүдо бөхийн холбооны дасгалжуулагч Вон Кёонг Ил, тэмцээнд оролцож буй тамирчид мэдээлэл өгөв.

Мэдээллийн эхэнд Зүүн Азийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээнийг зохион байгуулах хорооны даргаар ажиллаж буй Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд:

“Та бүхэнд өглөөний мэнд хүргэе. Зүүн Азийн жүдо бөхийн холбооны шийдвэрийг үндэслэн Улаанбаатар хотод Зүүн Азийн жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээнийг 2018 оны зургадугаар сарын 8-10-ны өдрүүдэд зохион байгуулах шийдвэр гарч, маргааш тэмцээн эхлэх гэж байна.

Энэ тэмцээнд Монгол, Япон, БНСУ, БНАСАУ, БНХАУ, Тайвань, Макао, Хонконг зэрэг найман орны 200 гаруй хүндэт зочид, албаны хүмүүс, баг тамирчид оролцохоор болсон. Зохион байгуулах хороо энэ бүх ажлыг сүүлийн нэг сарын турш хийж, бэлтгэл ажил хангагдсан.

Зохион байгуулах хорооны анхны хурлын үеэр Олон Улсын жүдо бөхийн холбоо, Зүүн Азийн жүдо бөхийн холбооноос БНСУ болон БНАСАУ-ыг 2018 оны Зүүн Азийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээний багийн төрөлд нэг тугийн дор нэгдэн орох санал тавьсан юм. Саналыг хоёр орны тал хүлээн зөвшөөрсөн. Ингэснээр “Пёнчан-2018” өвлийн олимпод нэг туган дор оролцож байсан хоёр Солонгос зуны спортын төрлөөр анх удаа 2018 оны Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор болж байгаагаараа онцлог юм.

Олон Улсын Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Мариус Визер хэлэхдээ “…Улс орнууд спортоор дамжуулан бие, биенээ дэмжин хөгжиж, энх тайвнаар зэрэгцэн хөгжих их үйлсэд жүдогийн спорт их хувь нэмэр оруулж байгаа…” талаар хэлсэн байсан. Бид ч гэсэн БНСУ болон БНАСАУ-ын талууд шийдвэрийг хүлээн авсанд талархаж байгаа.

Нэгдсэн багт спортын амжилт хүсье.

Энх тайванч гадаад бодлогыг дэмжиж, Солонгосын баг, тамирчид хамтарч оролцсонд дахин талархаж байна.

Энэ бол спортынхон улстөрчдөөс илүү хурдтай ажиллаж байгаагийн илрэл юм” гэлээ.

Харин БНСУ-ын Жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Чо Ён Чул:

Энэхүү бололцоог Монгол Улсын зүгээс хоёр орны тамирчдад олгосон явдалд талархаж байна. Бид ийм бэлтгэлгүй ирсэн боловч Жүдо бөхийн холбоо, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын дэмжлэгтэйгээр үүрдийн түнш болох өмнөд, хойд Солонгосын жүдо бөхийн баг, тамирчид энэ тэмцээнд хамтран оролцох завшаан тохиолоо. Бид тэмцээнд амжилттай оролцоно гэдэгт найдаж байна. Монголын талын бүх хүмүүст талархал илэрхийлье” гэлээ.

Мөн БНАСАУ-ын Жүдо бөхийн холбооны дасгалжуулагч Вон Кёонг Ил:

Бид эх орноо төлөөлөөд Монгол Улсад ирсэндээ баяртай байна. Тэмцээнд хүчин чармайлтаа гаргаж оролцох болно. Хамтарч оролцож байгаа өмнөд Солонгосын тамирчдадаа баяр хүргэе. Мөн Монголын баг тамирчдад амжилт гаргахыг хүсэн ерөөе” гэсэн юм.

Хэвлэлийн бага хурлын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ирж, баг тамирчдад маргааш эхлэх тэмцээнд нь амжилт хүсээд, дурсгалын зураг авахуулав.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн нүдээр “Бяцхан зорчигчид ээлтэй автозам”

Зориг сан нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Залуу Манлайлал Хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөр нь салбартаа идэвхитэй ажиллах, нийгэмд манлайлах хүсэл эрмэлзэлтэй залуучуудыг шалгаруулан авч, тэдний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, чадваржуулах, манлайлах чадварыг бэхжүүлэх зорилготой. Хөтөлбөрийн энэ жилийн оролцогчдоос бүрдсэн “Зөрлөг” нөлөөллийн төслийн хүрээнд 2018 оны тавдугаар сарын 14-30-ны өдрийг хүртэл 6-16 насны хүүхэд, сурагчдын дунд “Бяцхан зорчигчид ээлтэй автозам” нэртэй гар зургийн уралдааныг зарлаж уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээр зургадугаар сарын 1- 5-ны хооронд Шангри-Ла Малл- д үзэсгэлэн гаргажээ.

Үзэсгэлэнд тавигдсан хүүхдүүдийн уран бүтээлээр дамжуулж замын хөдөлгөөнд оролцогчдыг зам тээврийн хөдөлгөөнд соёлтой боловсон оролцох, эерэг хандлагыг уриалах, бусад хүүхдүүдэд замын хөдөлгөөний талаар танин мэдэхүйн мэдлэг олгох, хүүхдийн баярын өдрийг бүтээлч, аз жаргалтай, дурсамжтай өнгөрүүлэх боломжийг гэр бүлд бий болгох зорилготой байсан юм.

Энэхүү уралдаанд нийт 100 гаруй бүтээл ирсэн ба бүтээлээ ирүүлсэн хүүхэд бүрийг ивээн тэтгэгч байгууллагуудын бэлгээр шагнаж урамшуулжээ. Уралдааны ерөнхий ивээн тэтгэгчээр Петровис ХХК хамтран ажилласан байна. Уралдааны талаарх зарим сэтгэгдлүүдийг та бүхэнд хүргэе.

Амгалан Цогцолбор сургуулийн дүрслэх урлагийн багш, МУ-н гавьяат багш н.Даваажав

Энэ жилийн “Бяцхан зорчигчдод ээлтэй автозам” уралдааны удирдамжид найрсаг жолооч, найрсаг зорчигч, түгжрэлгүй зам мөн мөрөөдлийн зам гэх мэт олон сэдэв заасан байсан. Сэдвүүдээ хүүхдүүдтэйгээ ярилцахад “Найрсаг жолооч”, “Түгжрэлгүй зам” сэдвүүдэд илүү сонирхолтой байсан. Зарим хүүхдүүд “Метро тавьчихвал их үнэтэй байхдаа…?”, хүүхдүүд маань хичээл тарах болон хичээлдээ ирэх үед түгжрэл ихтэй байдаг учир “Гүүрэн зам тавиулж болдог болов уу…?” гэх мэт асууж байсан. Ямартай ч ирэх жил энэхүү сайхан уралдаан маань дахин зарлагдаасай гэж бодож байна.

Хүүхдийн ертөнцбол өнгөн дотор умбаж бялхаж байдаг. Өөрөөр хэлбэл тэд өнгөөр чихэр идэж байдаг. Энэхүү үзэсгэлэнгийн зургууд бүхэлдээ тийм л байлаа. Агуулгын хувьд бол энэхүү үзэсгэлэнд доод тал нь миний анзаарсанаар 50 гаруй ялгаатай санаа гарсан байна.

Зохион байгуулагчид 100 хүүхдэд бэлэг буюу шагнал өгсөн байна. Ерөөсөө хүүхдийн төлөө ингэж ажиллаж байсныг би мэдэхгүй юм. Зохион байгуулагч нарт их баярлалаа.

Нийслэлийн 29-р тусгай сургуулийн багш Л.Дашдэндэв

Зөрлөг төслийн багийн зохион байгуулсан энэхүү уралдаанд манай сургуулиас нийт 10 гаруй шавь маань оролцсон. Шавь нарыгаа эрүүл хүүхдүүдийн адил зурж, дүрслэх урлаг бүтээлгэхийн тулдамьдралынхаа 25 жилийг зарцуулжээ. Өнөөдрийн энэхүү гар зургийн уралдаанд явуулсан нийт 10 бүтээлээс шагналт байранд орсонд баяртай байна. Энэхүү үзэсгэлэнгийн зургуудыг харахад хүүхдүүд тун авъяастай зурдаг болсон байна. Гэхдээ манай шавь нар эдгээр хүүхдүүдээс дутах зүйлгүй мөн энэ авъяаслаг бүтээлүүдийн хажууд зэрэгцэн байгааг хараад манай шавь нар ч бас чадвартай авъяастай байна гэж бодож байна.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдрийг нь тохиолдуулан хүүхдүүдээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг мөн сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг энэ дашрамд хүргэе.

Та бүхэн үзэсгэлэнд бүтээлээ ирүүлсэн хүүхдүүдийн зургийг Зөрлөг төслийн багийн фейсбүүк хуудаснаас үзэх боломжтой.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг Д.Гантулга гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэв

УИХ дахь МАН-ын бүлэг дөнгөж сая хуралдаж, Д.Гантулга гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцлээ.

Учир нь Улсын Ерөнхий прокуророос Д.Гантулга болон Д.Мурат гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д ирүүлсэн. Хуулийн дагуу уг саналд өнөөдөр 17.00 цагаас өмнө УИХ хариу хүргүүлэх ёстой юм.

Бүлгийн хуралдааны шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаас тодруулахад, “Бүлгийн хуралдаанаар энэ асуудлыг авч хэлэлцсэн ч тодорхой шийдэл гараагүй. Энэ асуудлыг УИХ-ын бүтцийн байгууллагууд шийдвэрлэх ёстой. Өөрөөр хэлбэл, одоо УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо болон Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана. Үүний дараагаар чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ” гэлээ.

Categories
мэдээ спорт

Жүдо бөхийн Зүүн Азийн тэмцээнд хоёр солонгос нэгдэж орно

Жүдо бөхийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн ирэх амралтын өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Тус тэмцээнд Монгол, Япон, БНСУ, БНХАУ, БНАСАУ, Тайвань, Макао, Хонконг гэсэн найман орон оролцохоор мэдүүлгээ ирүүлсэн. Энэхүү тэмцээнд БНСУ болон БНАСАУ-ын жүдо бөхийн баг тамирчид нэг далбаан дор жагсан оролцохоор болсон. Энэ нь хоёр Солонгос зуны спортын төрөлд нэг далбаан дор жагсан нэгдсэн баг илгээж байгаа анхны тохиолдол болж байна. Хамгийн сонирхолтой нь “Пёнчан 2018” өвлийн олимпийн наадамд нэгдэж орсон хоёр Солонгос манай улсад болох жүдо бөхийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд нэгдсэн багаа илгээж байгаа аж.

Тэмцээн ирэх амралтын өдрүүдэд Спортын төв ордонд болох бөгөөд бямба гаригт болох нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцохоор болсон байна. Энэ удаагийн тэмцээн ганцаарчилсан болон багийн төрлөөр явагдана. Жүдо бөхийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг угтан Сүхбаатарын талбайд өнөөдөр 11:00 цагаас Монгол-ОХУ-ын залуучуудын багийн халз барилдааныг хийхээр болсон байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол, Оросын бизнес эрхлэгчид уулзаж байна

“Монгол, Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Шадар сайдын санаачилгаар өнөөдөр (2018.06.08) “Монгол, Оросын хөрөнгө оруулалт, санхүүгийн салбар дахь хамтын ажиллагаа ба банк хоорондын дугуй ширээний гуравдугаар уулзалт” боллоо. Шадар сайд Ө.Энхтүвшин уулзалтыг нээн, хоёр орны төрийн байгууллагууд болон банк, санхүү, хувийн хэвшлийн төлөөлөгчдөд хандан үг хэлэв.

Хоёр орны эдийн засаг, худалдааны түншлэлийг шинэ шатанд гаргахад юуны түрүүнд хамтран хэрэгжүүлэх боломжтой хөрөнгө оруулалтын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг тодорхойлж, хоёр улсын банк санхүүгийн төлөөлөл, ажил хэрэгч хүмүүсийг уулзуулж, бүтээлч хэлэлцүүлэг өрнүүлэхээр энэхүү арга хэмжээг санаачлан зохион байгуулж байгаагаа Шадар сайд Ө.Энхтүвшин онцлон тэмдэглэлээ.

Шадар сайд Ө.Энхтүвшин “Монгол, Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээний хүрээнд Голомт, Хаан банкууд ОХУ-ын ЭКСАР буюу Экспортын зээл, хөрөнгө оруулалтын даатгалын агентлагтай хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол болсон бол өнөөдөр Худалдаа хөгжлийн банк, Голомт банк Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан явдлыг хоёр талд хөрөнгө оруулалт татах, шилдэг инновац, өндөр технологид суурилсан үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих, хамтран ажиллах салбарыг төрөлжүүлэхэд томоохон түлхэц болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Засгийн газрын чөлөөт бүсийн асуудал хариуцсан гишүүний хувьд Монгол Улсын чөлөөт бүсүүдийг түшиглэн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ Европын холбоо болон Япон улсын зах зээлд хөнгөлөлттэйгөөр нийлүүлэх зэрэг хамтын ажиллагааны олон боломж байгааг Шадар сайд Ө.Энхтүвшин тодорхойллоо.

Тус уулзалтын үр дүнд “Санхүү, хөрөнгө оруулалтын салбар дахь Монгол, Оросын хамтын ажиллагааны мэдэгдэл” гарах бөгөөд үүгээр хоёр орны стратегийн түншлэлийг хөгжүүлэх, эдийн засаг, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлийг эрчимжүүлж, харилцан ашигтай хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх байгууллагуудын хамтын ажиллагааг баталгаажуулах юм байна.

Шадар сайдын санаачилсан Монгол, Оросын хөрөнгө оруулалт, санхүүгийн салбар дахь хамтын ажиллагаа ба банк хоорондын дугуй ширээний гуравдугаар уулзалтад ОХУ-аас 300 гаруй бизнесийн төлөөлөл хүрэлцэн ирж Монголын талтай ажил хэрэгч уулзалт өрнүүлэн, цаашид хамтран ажиллах талаар ярилцлаа гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг Д.Гантулгын асуудлаар хуралдана

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд өнөөдөр хэлэлцэх асуудлаа баталлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Зөрчлийн хууль хэрэглэхэд зовлонтой байдал үүсээд байна. Тэр утгаараа өнөөдөр хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломжгүй болоод байна. Ойлгомжгүй олон заалтууд байна. Ноцтой заалтуудыг нь би эргэж харах ёстой гэж үзэж байгаа. Хууль зүйн байнгын хороон дээр үүнийгээ яриад, ойрын хугацаанд саналаа нэгтгэж, төсөлөө оруулж ирсэн нь дээр байх гэж бодож байна.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Чуулган завсарлахад хэдхэн хоног үлдлээ. Гэтэл олон нийтийн хүлээгээд байгаа асуудлууд шийдэгдэхгүй байна. Тухайлбал, зээлийн хүүг бууруулах асуудлыг хаврын чуулгандаа багтаан, яаралтай шийдэх учиртай. Монголбанкнаас зээлийн хүүг бууруулах стратегийг буулгах хуулийн төсөл орж ирэхээр асуудлаа цогцоор нь хэлэлцэх учиртай гээд энэ чиглэлийн хэд хэдэн хуулийн төслийг буцаасан. Тиймээс Монголбанкны Зээлийн хүү бууруулах стратегийг ирэх долоо хоногт чуулганаар хэлэлцэх хэрэгтэй байна” гэсэн саналууд хэлэв.

Ингэснээр хэлэлцэх асуудлын дараалаа баталж, чуулган түр завсарлалаа. Улсын Ерөнхий Прокуророос Д.Гантулга, Д.Мурат нарыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх хүсэлт ирсэнтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлэг хуралдах гэж байна.

Бүлгээр саналаа нэгтгэсний дараа УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, Төрийн байгуулалтын байнгын хороонд санал дүгнэлтээ танилцуулах юм. Улмаар Хууль зүйн байнгын хороогоор асуудлыг дахин оруулж, чуулганаар хэлэлцэх хуулийн заалттай аж.