Categories
мэдээ нийгэм

“Франц хэлтэн орнуудын инноваци, хамтын ажиллагааны төв” нээгдлээ

“Франц хэлтэн орнуудын инноваци, хамтын ажиллагааны төв” өнөөдөр МУИС-ийн Номын санд нээлтээ хийлээ.

Дэлхий дээр 350 сая гаруй хүн франц хэлээр ярьдаг. Франц хэл нь НҮБ, ЮНЕСКО, Олон улсын олимпийн хорооны албан ёсны бичгийн хэл бөгөөд МУИС 1963 оноос эхлэн франц хэлний сургалтыг явуулж эхэлсэн юм. Одоогийн байдлаар 500 гаруй мэргэжилтэн тус хэлийг эзэмшиж төгсчээ.

Тус төвийг нээснээр манай улсад хөгжингүй орны их дээд, сургуулийн хөтөлбөр, сургалт болон судалгааны арга барил, туршлагаас хуваалцах, магистр, докторын хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх, франц хэлт мэргэжилтэн, багш, оюутнуудыг бүх салбар чиглэлээр сурч, ажиллахад туслах, олон улсын онлайн номын сангийн эрх авах, алсын зайн сургалт, жижиг дунд бизнес эрхлэлт /энтрепренер/, инновацийг дэмжих зэрэг олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтой аж.
Энэхүү төв нь МУИС-д франц хэлээр сурч буй оюутнуудыг мэдээллээр хангаж цаашид үргэлжлүүлэн суралцах чиглэлээр зөвлөгөө өгөх, хэлний мэдлэгээ дээшлүүлэх боломжоор ханган төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагаа явуулах юм. Энэ нь МУИС-ийг 2024 онд хөгжүүлэх стратеги төлөвлөгөөний багшийн чадавхийг нэмэгдүүлэх, хамтарсан судалгаа, хөтөлбөр хэрэгжүүлэх, инновацийн соёлыг төлөвшүүлэх зэрэг зорилтод хүрэхэд хувь нэмэр оруулах юм.
Дашрамд дурдахад, МУИС ирэх 8 дугаар сард “Монгол дахь аялал жуулчлалын өнөөгийн байдал” сэдвээр хоёр дахь удаагийн зуны сургалт явуулахаар төсөл нь шалгарчээ. Монгол Улсад анх удаа 2016 онд “Монголын өв соёл” франц хэлт оюутны анхны зуны сургалтыг зохион байгуулжээ.

Categories
мэдээ нийгэм

БНСВУ-аас монголд сурах оюутны тоог нэмэхээр боллоо

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Доан Тхи Хыенгийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар ирэх онд тохиох Монгол Улс, БНСВУ хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд соёлын өдрүүдийг хамтран зохион байгуулах талаар ярилцав.
Хоёр улсын хамтарсан Шинжлэх ухаан, технологийн дээд хорооны хуралдааныг хоёр жил тутам зохион байгуулдаг уламжлалтай. 2016 онд гурав дахь удаагийн уулзалтыг зохион байгуулсан. Энэ жилийн хувьд дөрөв дэх удаагийн уулзалт болох бөгөөд энэ оны IV улиралд зохион байгуулахаар төлөвлөөд буйгаа салбарын сайд хэллээ.
Монгол Улс, БНСВУ-ын Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн хүрээнд жил бүр Монгол Улсаас 15 оюутныг БНСВУ, БНСВУ-аас таван оюутныг Монгол Улсад солилцоогоор суралцуулдаг. Ирэх хичээлийн жилд Монгол Улсаас БНСВУ-д суралцах 15 оюутны материалыг явуулж эхэлжээ.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, “Ирэх хичээлийн жилд БНСВУ-аас Монгол Улсад суралцах оюутны тоог эхний ээлжинд хоёроор нэмэгдүүлэхээр боллоо. Өөрөөр хэлбэл, танай улсаас Монгол Улсад таван оюутан суралцдаг байсныг долоо болгон нэмэгдүүлэх боломжтой” гэв. Мөн тэрбээр мэдээлэл, технологийн багшийг Вьетнам улс руу явуулан туршлага судлах, шинжлэх ухаан, технологийн шинэ шийдлүүдтэй танилцах, хамтарсан төсөл хэрэгжүүлэх, багш солилцооны хэлбэрээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Хатагтай Доан Тхи Хьенг БСШУС-ын сайдад хүлээн авч уулзсанд талархаж буйгаа илэрхийлээд, энэхүү уулзалтаар боловсролын салбарт хамтарч ажиллах бүхий л зүйлийн талаар ярилцаж чадсандаа баяртай байгаагаа уламжиллаа.

Categories
мэдээ спорт

Нөхөрсөг барилдаанд Монголын жүдочид илүүрхлээ

Орос, Монголын жүдочид нөхөрсөг барилдаан хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нарын 2017 онд хүрсэн тохиролцоо ажил хэрэг болж, “Монгол-Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээ Улаанбаатар хотноо хоёр дахь өдрөө амжилттай үргэлжилж буй билээ. Тус арга хэмжээ өнөөдөр Сүхбаатарын талбайд Монгол, Оросын залуу жүдочдын нөхөрсөг тэмцээнээр эхэллээ. Мөн залуу жүдочдын үзүүлэх тоглолт болов.

Жүдочдын нөхөрсөг тэмцээнд хоёр орны төлөөлөл болсон 16 тамирчин холимог багийн нөхөрсөг тэмцээнд халз өрсөлдлөө. Д.Уртнасан, Л.Энхрийлэн, С.Лхагвадулам, Ш.Сэржмядаг, Г.Галмандах, Б.Гончигсүрэн, Б.Дарханбаатар, С.Бат-Орших нарын оролцогчтой манай улсын баг тамирчид зургаан ялалт, хоёр ялагдалтайгаар тэмцээнийг өндөрлүүлэв. Шүүгчдийн бүрэлдэхүүнд Зүүн Азийн жүдо бөхийн холбооны шүүгчдийн зөвлөлийн дарга Мүн Вон Бай болон тус холбооны гишүүн Широли Уцужи, зөвлөлийн дарга Ли, Олон улсын жүдо бөхийн холбооны Энхтайвны хорооны дэд тэргүүн, Монголын жүдо бөхийн холбооны шүүгчдийн зөвлөлийн захирал Б.Пагва, Монгол Улсын болон дэлхийн зэрэглэлийн шүүгч н.Энхтайван нарын хүмүүс багтан оролцов.

Дасгалжуулагч Д.Батсайхан хэлэхдээ “ОХУ-ын нөхөрсөг халз барилдаан амжилттай болж өндөрлөлөө. Манай баг тамирчид зургаа хоёрын харьцаатайгаар ялалт авлаа. Баяртай байна. ОХУ-аас залуучуудын шигшээ багаас сайн тамирчид ирсэн байна. Манай багийн хувьд энэ жилийн залуучуудын УАШТ-нд алтан медаль авч тамирчин оролцсон юм. Одоо жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д оролцоно. Энэ тэмцээнд оролцохоос өмнөх сорилт тэмцээнүүдийн нэг боллоо” гэв.

Тэмцээнд оролцсон залуу жүдоч Г.Галмандах ярихдаа “Өрсөлдөгч зүүн учраас надад хүндхэн, чанга байлаа. Хөмрөхөд хөлөө урдуураа тавьж үүрээд ялж чадлаа” гэв. Мөн залуу жүдоч Э.Уртнасан “Эхлээд дэвжээнд гараад базари үнэлгээ алдсан. Дараа нь этэж базари аваад, үүрээд ялалт байгууллаа. Өрсөлдөгч чанга байлаа” хэмээн ярилаа.

Дашрамд дуулгахад, Жүдо бөхийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн маргааш Спортын төв ордонд нээлтээ хийх бөгөөд Монгол, БНСУ, БНХАУ, БНАСАУ, Япон, Тайвань, Хонконгийн баг тамирчид оролцоно. Мөн хоёр Солонгосын тамирчид нэгдсэн багаар оролцох юм.

Categories
мэдээ улс-төр

Тендерийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг өргөн барилаа

Улсын Их Хурлын гишүүн Л.Элдэв-Очир Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг өнөөдөр Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдөр баталж, 2006 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрджээ. Үүнээс хойш уг хуульд 21 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан хэдий ч хуультай холбоотой төрийн байгууллага, хувийн хэвшлийн дунд үл ойлголцол гарч, хууль шүүхийн байгууллагад хандсаар байна гэж төсөл санаачлагч дурдав

Одоогийн хуульд хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер гэж үзнэ гэж заасантай холбоотойгоор тендерт ялсан этгээд чанар муутай, насгүй гүйцэтгэлийг хүлээлгэн өгч байна. Иймд чанар гэсэн ойлголтыг тендер үнэлэх гол шалгуур болгохыг зорьжээ.
Мөн сонгон шалгаруулалтыг өөрсдийн шалгуураар явуулж, авилга, хээл хахууль, албан тушаалаа урвуулан ашиглах, ашиг сонирхолын зөрчил үүсгэх, тэгш эрхтэйгээр өрсөлдөх боломжийг хязгаарласан, чанаргүй бараа, ажил, үйлчилгээг дэмжих нөхцөлийг таслан зогсоохын тулд “Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбогдсон бараа, ажил, үйлчилгээ худалдан авахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй” гэж заасныг хүчингүй болгохоор тусгажээ.
Тендер шалгаруулалт нь танил талаа харсан, давуу эрх олгосон хаалттай байдлаар шийдэгдсэн гэсэн сөрөг хардлагыг нийгэмд төрүүлсээр ирлээ. Үүнийг шийдвэрлэх зорилгоор худалдан авах ажиллагааны цахим системийг нэвтрүүлэх зохицуулалтуудыг нэмжээ.
Монгол улсын гарал үүсэлтэй бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх болон хог хаягдал дахин боловсруулсан бараа нийлүүлэх, орон нутагт үйлдвэрлэсэн бараа, материал, үзүүлж байгаа үйлчилгээг хамгийн их ашигласан тендер ирүүлсэн этгээд буюу дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих нь зүйтэй гэж үзсэн байна.
УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Categories
мэдээ нийгэм

Ачилтын компани цагдаагийн машиныг андуурчээ

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн гадаа зам дээр зогссон цагдаагийн машиныг ачих гэсэн ачилтын машины ажилтнуудыг 10 гаруй цагдаа нар нийлж зодон, цагдаагийн байр руугаа авч орлоо. Ямар дээрэлхүү харьцаж байна вэ. Шууд цохиод л газар унагаагаад л….Бүдээрээ тойрч бүчиж, чирч гулдраад л, дамжлаад л. Бичлэг хийж байгаа хүмүүсийн утсыг хурааж бичлэгийг нь устгана гээд л…. “ хэмээн фэйсбүүкээр бичлэг тараасан. Үүнийг Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа.

Тэрбээр “Ийм асуудал хоёр долоо хоногийн өмнө болсон. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн дуудлагад явдаг шуурхай албаны автомашиныг ачилтын машин гэж андуурсан юм билээ. Цагдаа нь гарч ирээд учир шалтгааныг нь тайлбарлатал тэр залуу цагдаа нарыг хэл амаар доромжилж, хараалын үгс урсгасан учраас хэлтэс рүү орж асуудлаа шийдье гэжээ. Гэтэл орохгүй гэж эсэргүүцлээ илэрхийлсэн тул чирсэн асуудал гарсан байсан. Тухайн асуудлыг цагдаагийн байгууллагаас ачилтын компанийн холбогдох хүмүүстэй уулзаж шийдвэрлэсэн” гэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрийн албан хаагчдын цалинг нэмэх зайлшгүй арга хэмжээнд нааштай хандахыг хүслээ

ОУВС-гийн Удирдах захирлын орлогч Мицухира Фүрүсава, ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер нарыг УИХ-ын дарга М.Энхболд хүлээн авч уулзлаа.

Монгол Ардын Нам 2016 оны сонгуульд ялалт байгуулж, засгийн эрхийг авах үед улс орны амьдрал төсөөлснөөс илүү хүнд нөхцөлд орсон байсныг Та бүхэн мэднэ. Бид төр, засгийн түвшинд нухацтай ярилцаж зөвшилцсөний дагуу олон улсын банк, санхүүгийн байгууллага, түнш орнууд, түүний дотор ОУВС-гийн дэмжлэгийг авах нь зүйтэй гэсэн улс төрийн шийдвэр гаргасан юм. Улмаар хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлснээр эерэг үр дүн, нааштай өөрчлөлтүүд гарч байна. Тиймээс амаргүй үед биднийг дэмжин тусалсан ОУВС, Та нөхдөд талархал илэрхийлье гэж уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хэллээ.

Тэрбээр хямралт байдлаас гарах үндсэн чиглэл болсон “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийг УИХ-аас баталж, “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд шаардлагатай зарим хууль, эрх зүйн орчныг шинэчлэн өөрчлөх асуудалд онцгой анхаарлаа хандуулж ирснийг тэмдэглэв. Эдгээр өөрчлөлтүүдийн зарим нь сөрөг хүчин, нийгмийн зүгээс хүчтэй эсэргүүцэл, шүүмжлэлтэй тулгарч байсан ч бид нэг намын юм уу, Ерөнхийлөгчийн сонгуулийн гэх мэт ойрын эрх ашгаас улс орны ирээдүйн эрх ашгийг чухалчилсан юм гэж тэрбээр онцоллоо.

Хөтөлбөр хэрэгжүүлснээр төсөв, санхүүгийн сахилга сайжирч, өрийн үйлчилгээний зардал багасан, валютын нөөц, гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдлээ. 2018 оны эхний 4 сарын байдлаар эдийн засгийн өсөлт 6.1 хувьд хүрсэн. Үүнд уул уурхайн үнийн өсөлт биш, бодит салбарын үйлдвэрлэл, үйлчилгээний өсөлт илүү жин дарж байгаа гэж тэрбээр танилцуулсан юм.

Түүнчлэн ОУВС-гийн өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу татварын хуулиудад шинэчлэл хийх, банкны салбарт зохицуулалтын зарим арга хэмжээ авах зэрэг асуудлыг ойрын үед шийдвэрлэхээр ажиллаж байгаагаа мэдээлэв.

УИХ-ын дарга М.Энхболд халамжийг зорилтот бүлэгт чиглүүлсэн эрх зүйн орчин бүрдүүлснийг тэмдэглээд, төрийн албан хаагчдын цалинг нэмэх, бүтээн байгуулалтыг хөрөнгө оруулалт, санхүүжилтээр дэмжих зэрэг арга хэмжээнд нааштай хандахыг хүслээ.

Ноён Мицухира Фүрүсава “ОУВС-гийн хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэх яриа хэлэлцээнд эхнээс нь идэвхтэй оролцсон миний хувьд энэ хөтөлбөрийн үр дүн онцгой чухал” гэж үгийнхээ эхэнд хэллээ. Тэрбээр хөтөлбөр хэрэгжсэнээс хойших богино хугацаанд тодорхой үр дүн гарч байгаад баяртай байгаагаа илэрхийлээд, “Энэ ажилд Монгол Улсын парламентын тэргүүн Таны хувь хүний хүчин чармайлт, манлайлал чухал нөлөөтэй байсан. Та цаашид ч энэ чухал ажилд онцгой анхаарна гэдэгт итгэж байна” гэв.

-Хөтөлбөр хэрэгжиж дуусах болоогүй. Та бидний өмнө хариуцлагатай үе ирээд байна. Энэ оны 6-р сарын сүүлчээр ОУВС-гийн Захирлуудын зөвлөл хөтөлбөрийн III шатны үнэлгээний тайланг хэлэлцэнэ гэж ноён Мицухира Фүрүсава хэллээ.

Тэрбээр “Хүүхдийн мөнгө”-ийг нийт хүүхдийн 80 хувьд олгох шийдвэр гаргасныг дэмжиж байна. Үүнээс илүү хувьд олгоно гэвэл хөтөлбөрийн санхүүжилтэд сөрөг нөлөө үзүүлж магадгүй гэдгийг бодолцоорой гэж онцлоод, “Би өөрөө төрийн албанд 35 жил ажилласан хүний хувьд төрийн албан хаагчдын цалингийн талаарх асуудлыг сайн ойлгож байна. Ирэх VII сард Монголд ирэх Ажлын хэсэг энэ асуудалд анхаарлаа хандуулж ажиллах болно”гэлээ.

Уулзалтын төгсгөлд хоёр тал ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа санал нэгтэй тэмдэглэв.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Categories
мэдээ улс-төр

С.Баяр, Ч.Сайханбилэг нарт хилийн хорио тавьж, батлан даалтад гаргах санал хүргүүлжээ

Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баяр, 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарыг батлан даалтад гаргах, эсвэл үргэлжлүүлэн хорих эсэх шүүх хурал өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд болох байсан ч хойшлогдож өнөөдөр 15 цагт хуралдахаар болсон. Эх сурвалжийн мэдээлж буйгаар хурал дөнгөж сая эхэлсэн байна.

Нийслэлийн прокурорын газраас С.Баяр, Ч.Сайханбилэг нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хязгаарлалт тогтоох санал шүүхэд ирүүлсэн. Тодруулбал, тэдэнд хилийн хорио тавьж, батлан даалтад гаргах санал хүргүүлснийг шүүх хэлэлцэх юм. Тун удахгүй шүүхийн шийдвэр гарч, тэднийг батлан даалтад гаргах эсэх нь тодорхой болох нь.

С.Баяр, Ч.Сайханбилэг нар өдгөө Сайд нарын хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Тодруулбал, С.Баяр нь тулуй өвчнөөр, Ч.Сайханбилэг нь мэс заслаар эмчлүүлж байна. Сануулахад, АТГ-аас Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны аравдугаар сарын зургааныны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны тавдугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт 2007-2009 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, 2014-2016 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг нарыг холбогдуулан шалгаж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Хэнтий аймагт ажиллав

Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын үйл ажиллагаа, алба хаагчдын мэргэшлийн түвшинг үнэлэх, шинээр батлагдсан хууль тогтоомжуудын хэрэгжилттэй танилцах, сургалт зохион байгуулав. Шалгалтын бүлэг 2018 оны тавдугаар сарын 30-ны өдрөөс зургадугаар сарын тавны өдрийн хооронд Хэнтий аймагт ажиллав.

Сургалт, шалгалтанд Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, хууль-эрх зүй, сэтгэн бодох чадвар,ажлын ур чадвар, гадаад хэл, компьютер, бие бялдар, удирдлагын чиглэлийн шалгалт өгч, сургалт, шалгалтын бүлгээс зохион байгуулсан сургалтад хамрагдлаа.

Шалгалтын нийлбэр дүнгээр тус цагдаагийн газар нь “Сайн” буюу “В”үнэлгээтэй дүгнэгджээ.

Categories
гадаад мэдээ

Канад болон Европын холбоог буруутгалаа

Импортын татвар ногдуулах замаар худалдаанд саад тотгор учруулж буй Канад болон Европын Холбоог /ЕХ/ АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ээлжит удаагаа шүүмжлэн буруутгалаа.

Хэрвээ Канад болон ЕХ-ын эрх баригчид АНУ-тай зөвшилцөхгүй аваас импортод тогтоосон хязгаарлалтаа улам чангаруулна гэж тэрбээр хатуу сануулж байгаагаа “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

“Олон жилийн туршид АНУ-ын эсрэг их хэмжээний худалдааны татвар ногдуулж, мөнгөн бус хэлбэрээр худалдаанд саад тотгор учруулж байснаа ЕХ, Канад хоёр яагаад олон нийтэд мэдээлэхгүй байна вэ? Манай фермерүүд болон компаниудад маш шударга бусаар хандаж байна” гэж тэрбээр бичсэн байна.

АНУ-ын эрх баригчид гуравдугаар сарын 23-наас эхлэн ган болон хөнгөн цагаан бүтээгдэхүүнд 25 хувь болон 10 хувийн татвар тус тус ногдуулсан билээ. Энэ татвар нь АНУ-д ийм төрлийн бүтээгдэхүүн нийлүүлдэг бүх улс оронд хамаатай, гэхдээ ЕХ-ны орнууд, түүнчлэн Аргентин, Бразил, Канад, Мексик, Өмнөд Солонгосын хувьд дээрх татвар үйлчилж эхлэх хугацааг хойшлуулж, зургадугаар сарын нэгэн болгосон байна. Лхагва гарагт ЕХ мэдэгдэл гаргаж, долоодугаар сарын нэгнээс хариу арга хэмжээ авна гэжээ.

Categories
гадаад мэдээ

Сургууль дээрээ ухаалаг гар утас хэрэглэхийг хоригложээ

Бага болон дунд ангийн сурагчдыг сургууль дээрээ ухаалаг гар утас хэрэглэхийг нь хориглосон хуулийн төслийг Францын парламентын доод танхим сайшаан дэмжжээ. Хуулийг тус улсын Боловсролын яам санаачилсан бөгөөд сургууль дээр ухаалаг гар утас ашиглахыг хориглосны дүнд сурагчид хичээлдээ илүү анхаарал хандуулахаас гадна интернетийн орчинд сурагчдыг хавчин гадуурхах, садар самууныг сурталчилсан дүрс бичлэг үзэх явдалтай тэмцэхэд тусална гэж үзэж байгаа аж.

Гэсэн хэдий ч тус хуулийг амьдрал дээр бараг л хэрэгжүүлэх боломжгүй бөгөөд хуулийн хэрэгжилтийг хянах боломжгүй гэж зарим шүүмжлэгч үзэж байна. Энэ талаархи хоригийг нэвтрүүлэхээ Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон өнгөрсөн жил болсон сонгуулийн өмнөх кампанит ажлынхаа үеэр мэдэгдэж байжээ.

Хуулийн төсөлд зааснаар, 15-с доош насны сурагчид ухаалаг гар утсаа сургууль дотор болон сургуулийн орчин тойронд ашиглахгүй байх ёстой гэнэ. Түүнчлэн багш, сурган хүмүүжүүлэгч нар ч мөн адил ажлын цагаар гар утсаа ашиглахгүй байх нэмэлт өөрчлөлтийг уг хуулийн төсөлд оруулсан байна. Энэ хуулийн төсөл батлагдвал, шинэ хичээлийн жилээс буюу есдүгээр сараас эхлэн хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх аж.

12-17 насны сурагчдын 90 хувьд нь ухаалаг гар утас байдгийг 2016 онд явуулсан санал асуулгын дүн харуулжээ.