Categories
мэдээ нийгэм

Зэвсэгт хүчний 500 гаруй албан хаагчдад гэр бүлийн үнэ цэнийн талаар сургалт зохион байгууллаа

Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран Зэвсэгт хүчний 013, 150 дугаар ангийн нийт 500 гаруй ажилтан, алба хаагчдад гэр бүлийн боловсрол олгох “Гэр бүлийн үнэ цэнэ” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир: “Шилжилтийн он жилүүдэд бий болсон нийгмийн олон талт өөрчлөлтөөс шалтгаалан монгол гэр бүлийн бүтэц, хэв маяг, харилцаа хандлагад олон шинэ асуудлууд бий болж байна. Энэ бүхэнд судалгаа үндэслэлтэй хандаж, төрийн бодлогод тусгах нь зүйтэй юм. Улаанбаатар Их сургуулийн Гэр бүл судлалын тэнхим, Хүүхдийн төлөө үндэсний газраас 2013 онд Монгол гэр бүлийн харилцааны үнэ цэнэ, тулгамдаж буй асуудал, хэрэгцээг судлан тодорхойлох зорилгоор 21 аймаг, сумд, нийслэл, дүүргээс асуумжийн аргаар 1000 хүнээс түүвэрлэн авсан судалгаанаас үзэхэд судалгаанд оролцогчдын 70% нь хэрэлддэг, 75,4% нь маргалддаг, 47,4 %-д хардалт байгаа, 19,9 % нь зодолдог гэж хариулсан нь гэр бүлүүдийн харилцаа сөрөг үзүүлэлтэй хэмээн дүгнэх үндэслэл байна гэж дурджээ. Тиймээс залуучуудад гэр бүлийн боловсрол олгох сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулах хэрэгцээ, шаардлага байгаа юм.

Монгол Улсын хөгжлийн тулгуур болсон залуучуудад эерэг хандлага төлөвшүүлж, нийгмийн сэтгэл зүйд давамгайлсан сөрөг уур амьсгалыг өөрчлөх, ёс суртахуун, хариуцлага, харилцааны эерэг соёлыг нэмэгдүүлэх, гэр бүлийн боловсрол олгох зорилгоор “Эерэг хандлагыг эрүүл дадлаас эхлүүлцгээе” уриатай сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг цувралаар Нийслэлийн 9 дүүрэгт зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

“Гэр бүлийн үнэ цэнэ” сургалтаар Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын Захиргааны хэлтсийн дарга Н.Мандуул гэр бүлийн тогтвортой харилцааг хэрхэн бий болгох, гэр бүлд эхнэр, нөхрийн хүлээх үүрэг хариуцлага, хүүхдийн хөгжил, төлөвшилд гэр бүлийн харилцаа хэрхэн нөлөөлөх ач холбогдлын тухай мэдээ, мэдээллийг өглөө.” гэж Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавихаар боллоо

Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баяр, 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарыг батлан даалтад гаргах, эсвэл үргэлжлүүлэн хорих эсэх шүүх хурал өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд болох байсан ч хойшлогдож өнөөдөр 15 цагт хуралдахаар болсон. Эх сурвалжийн мэдээлж буйгаар хурал дөнгөж сая эхэлсэн байна.

Дөнгөж сая Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих прокурорын хүсэлтийг хэлэлцэж шийдвэрээ гаргалаа. Тодруулбал прокурорын хүсэлтийг хангаж, Ч.Сайханбилэгийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хязгаарлалт тогтоолоо. Ингэснээр түүнд хилийн хориг тавьж гадуур байцаахаар болж байна. Ч.Сайханбилэгийн хувьд одоо сайд нарын хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа билээ. С.Баярын таслан сэргийлэх арга хэмжээг мөн л өөрчилж, хязгаарлалт тогтоож гадуур байцаах шийдвэрийг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхээс гаргалаа. Тэдний биеийн байдалтай холбоотойгоор ийм шийдвэр шүүхээс гаргасан талаар өмгөөлөгчид нь сэтгүүлчдэд мэдээлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Мэргэшлийн түвшинг үнэлэх сургалт, шалгалт зохиолоо

Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчийн тушаалаар Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын үйл ажиллагаа, алба хаагчдын мэргэшлийн түвшинг үнэлэх, шинээр батлагдсан хууль тогтоомжуудын хэрэгжилттэй танилцах, сургалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа. Энэхүү үйл ажиллагааг Дорноговь аймаг дахь цагдаагийн газарт амжилттай зохиов.

Цагдаагийн Ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Баясгалангаар ахлуулсан ажлын хэсэг тус аймагт ажиллаж, Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын үйл ажиллагаа, алба хаагчдын мэргэшлийн түвшинг шалгаж үнэлсэн юм. Алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ хамрагдаж, амжилттай дүн үзүүлэв.

Categories
мэдээ спорт

​Маркус Рашфорд багтаа ялалт авчирлаа

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө улсуудын нөхөрсөг тоглолтууд үргэлжилж байна.

1966 оны дэлхийн аварга Англи болон Коста Рикагийн багууд тоглож Гурван Арслангууд 2:0-ээр ялалт байгууллаа. Тоглолтын нэгдүгээр үеийн 13 дахь минутад Манчестер Юнайтедын довтлогч Маркус Рашфорд 16-ын шугамын гаднаас хүчтэй цохиж Английн шигшээд тэргүүлэл авчирчээ. Энэ үед Жейми Уарди, Деле Алли нарт гоолын боломж гарч ирсэн ч ашиглаж чадсангүй.

Тоглолтын шийдвэрлэх үед Коста рикагийн багаас хоёр аюултай довтолгоо хийсэн ч Жек Батланд амжилттай хамгаалсан юм. Хаалгачийнхаа хичээл зүтгэлийн хариуг Данни Уэлбек гоолоор хариулж багийнхаа тэргүүллийг баталгаажуулжээ.

Энэ тоглолтод Английн шигшээ багийн довтлогч Харри Кейн оролцоогүй бөгөөд Жордан Хендерсон ахлагчаар тоглосон юм.

90 минутийн турш Английн баг 10 удаа хаалгаруу довтолсон бол Коста Рика найман довтолгоо өрнүүлжээ.

Бусад тоглолтуудын үр дүн

Португал 3:0 Алжир

Исланд 2:2 Гана

Өмнөд Солонгос 0:0 Болив

О.ДАШНЯМ

Categories
мэдээ улс-төр

Алтан гадас одонгоор ОХУ болон Австрали улсын иргэдийг шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж ОХУ болон Австрали улсын зарим иргэдийг төрийн дээд шагнал Алтангадас одонгоор шагнасныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр гардуулж баяр хүргэлээ.

Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор Монгол Улс, Австрали улс хоорондын харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх болон эрүүл мэндийн салбарын нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж, Австрали Улсын иргэн, Австрали Улсын Сидней хотын Вестмэд эмнэлгийн, эмчилгээ эрхэлсэн захирал Жереми Чапман,

Монгол Улс, Оросын Холбооны Улс хороондын найрсаг харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж, Оросын Холбооны Улсын иргэн Гидрометпоставка төрийн өмчит компанийн Ерөнхий захирлын орлогч Андрей Евгеньевич Зубавленког Төрийн дээд шагнал Алтангадас одонгоор тус, тус шагналаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол, Оросын жүдогийн тамирчдын нөхөрсөг барилдааныг үзэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол, Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээний хүрээнд болж байгаа хоёр улсын жүдогийн тамирчдын нөхөрсөг барилдааныг өнөөдөр үзэж сонирхлоо.

Уг үзүүлэх тоглолт, нөхөрсөг тэмцээнд Монгол, ОХУ-ын 16 залуу жүдоч оролцсон юм. Сүхбаатарын талбайд болсон уг нөхөрсөг барилдаан, үзүүлэх тоглолтыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины бие төлөөлөлөгч Игорь Евгеньевич Левитин болон албаны бусад хүмүүс Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай хамтдаа үзэж сонирхлоо.

Categories
мэдээ нийгэм

Химийн хорт бодисын талаар мэдлэг дутмагаас осолд өртдөг

Химийн хорт болон аюултай бодисын талаарх хууль тогтоомжийг сурталчлах, химийн бодистой харьцаж ажилладаг албан хаагчдын мэдлэг, ур чадварыг сайжруулах, химийн бодистой холбоотой болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран “Химийн хорт болон аюултай бодисын хууль тогтоомжийг сурталчлах, химийн ослоос урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалтыг өнөөдөр зохион байгуулж байна.

Сургалтад БОАЖЯ, ОБЕГ, МХЕГ, НЭМҮТ, Гамшиг судлалын хүрээлэн, МУИС, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай анги, химийн бодис ашигладаг 35 аж ахуйн нэгж байгууллагын 50 гаруй төлөөлөл оролцож байна.

ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл сургалтыг нээж хэлсэн үгэндээ, “Химийн хорт болон аюултай бодисын талаархи хууль тогтоомжийг сурталчлах, химийн ослоос урьдчилан сэргийлэх, химийн бодистой харьцаж ажилладаг ажилтан, албан хаагчдын мэдлэгийг дээшлүүлэхэд энэ удаагийн сургалт ач холбогдолтой, сургалтыг онол, дадлагыг хослуулан зохион байгуулж байгаагаараа онцлог” гэдгийг дурдлаа.


Химийн хорт болон аюултай бодисын холбогдолтой осол, зөрчлийн тохиолдол сүүлийн 10 жилд нийт 143 удаа гарч 23 хүн нас амь насаа алдан, 204 хүн бэртэж, гэмтсэн байна.

Тохиолдож байгаа химийн ослын шалтгаан, нөхцлийг авч үзвэл, иргэд, аж ахуйгн нэгж байгууллага химийн бодисын талаарх мэдлэг дутмаг, аюулгүй ажиллагааны зааварчилгааг баримтлан ажилладаггүй, ослын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ тодорхойгүй, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зардал гаргадаггүй, сургалт дадлага зохион байгуулдаггүй зэргээс шалтгаалдаг байна.

Энэхүү хамтарсан сургалт нь оролцогчдын мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, химийн хорт болон аюултай бодисын холбогдолтой аюул, ослоос урьдчилан сэргийлэх, ослын нөхцөл байдал үүссэн тохиолдолд шуурхай хариу арга хэмжээ авах чадавхийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Зуны халуунд тэжээвэр амьтаддаа хэрхэн санаа тавих вэ

Зуны халуун өдрүүдэд хөгшид, хүүхдүүд гэлтгүй бүх насны хүмүүс нарших гэсэн асуудалтай нүүр тулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүг авдаг. Гэтэл тэжээвэр амьтдад зуны халуун цаг агаар хэрхэн нөлөөлдгийг бид тэр болгон анзаардаггүй билээ.

“The Guardian”-ны сэтгүүлч Рачел Диксон халуун өдрүүдэд нохой, муур болон бусад тэжээвэр амьтдыг хэрхэн зөв арчилж, наршихаас урьдчилан сэргийлэх талаар товч зөвлөгөөнүүдийг та бүхэнд хүргэе.
Нохой
dog summer time зурган илэрцүүдНохойгоо цөөхөн хэдэн минутаар ч болов машинд үлдээх хэрэггүй! Онгорхой цонх машиныг хангалттай сэрүүн байлгаж чаддаггүй. Австралийн Амьтдын эрхийг хамгаалах төв /RSPCA/-ийн судалгаанаас үзэхэд гадаа 22 целсийн халуун байлаа гэж үзэхэд машин дотор 47 целс хүрэх боломжтой аж. Жил бүр уг шалтгааны улмаас ноход үхдэг.
Халуун, агааргүй орчинд нохойгоо бүү үлдээ. Жишээ нь: хүлэмж, чиргүүл. Эдгээр нь машинтай адил нөлөөтэй.
Гадуур гарахдаа ч, гэртээ байхдаа ч нохойндоо хангалттай ус өгч бай. Ганцааранг нь орхих гэж байгаа бол идүүрэнд нь хангалттай ус байгаа эсэхийг шалга.
Нэг өрөөнийхөө хивсийг хураагаад салхи оруулж, нохойндоо сэрүүцэх таатай орчинг нь гаргаж өгвөл яаж байна?
Нохойгоо бүх л өдөржин гадаа байлгах хэрэггүй. Бүр боломжгүй бол сүүдэртэй газар, ус хангалттай тавьж өг.
Нохойгоо гадаа байлгах бол сайн ажиглаж байгаарай. Амьтад цангахаараа юуг ч хамаагүй уух гээд байдаг. Жишээ нь: машины шингэн.
Ид халах үеэр нохойгоо гадуур удаан авч явж болохгүй. Өглөө эрт эсвэл нар шингэх үед энгийн үед салхилуулдгаасаа бага хугацаагаар гарга. Халуун цемэнтэн дээр дагуулж явахаар бол гутал заавал өмсгө. Агаарын температур 25 целс байлаа гэхэд асфалтан зам 51.6 целс хүрдэг. Ийм зам дээр явсан нохойны сарвуу шалбарч, шархална.
Нохой чинь цайвар өнгийн чих эсвэл хамартай бол тэжээвэр амьтдад зориулсан нарны тос түрхэж өг. Хөхтөн амьтдын арьс хүнийхтэй адил түлэгддэг. Энэ нь даамжирсаар арьсны хорт хавдарт хүргэх эрсдэлтэй.
Үс ноос ихтэй нохойтой бол хусуулах нь зөв хэдий ч үс хусуулж болдоггүй онцлогтой үүлдэр олон байдгийг сана. Ноосыг үүлдэр үл хамааран тогтмол самнаж байхаа бүү мартаарай.
Бүх нохдыг ижил түвшинд арчлах нь зохисгүй. Жингийн илүүдэлтэй юм уу, булчин шөрмөс ихтэй, жижиг биетэй, богино хоншоортой, үс багатай, залуу эсвэл хөгшин гээд бүх ноход өөр түвшний арчилгаа шаарддаг.
Нохойнд тань наршсан шинж тэмдэг илэрвэл зүгээр орхиж болохгүй. Хүндээр амьсгаадах, зүрхний цохилт хурдсах, завьж, хэл улайх, сульдах, биеэ даах чадваргүй болох, бөөлжих, муужирч унах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай арга хэмжээ авч малын эмч зорихыг Австралийн амьтдын эрхийг хамгаалах төвөөс зөвлөж байна. Нарших нь үхлийн аюултай тул нохойгоо сэрүүцүүлэхийн тулд хүйтэн ус /тэсгим хүйтэн биш/ нохой руугаа шавших, амьсгал тогтворжих хүртэл бага багаар хүйтэн ус долоолго.
Муур
cat summer time зурган илэрцүүдМуур байгалиасаа халуун, дулаан орчинд дуртай. Тэд шаардлагатай бол хүний багахан тусламжтайгаар өөрсдийгөө сэрүүцүүлж чаддаг. Хэт халах үед муурандаа хэрхэн анхаарал тавих талаар бяцхан зөвлөгөөнүүдийг хүргэе.
Өглөөний арван цагаас үдийн гурван цаг хүртэл муураа гадагш гаргах хэрэггүй.
Цайвар өнгийн мууртай бол хамар чихэнд нь тэжээвэр амьтдад зориулсан /долоогоод арилдаггүй/ нарны тос түрхэж өг.
Гэрээ сэрүүцүүлэхийн тулд хөшгөө хаа. Гадаах цаг агаар доторхоос илүү халуун байвал цонхнуудаа хаагаарай.
Муур өвөл дулаацах газраа олдогтой адилаар зун зөнгөөрөө сэнсний дэргэд хэвтэх болно.
Муурандаа хангалттай ус тавьж өгч байгаарай. Тэд хоолноосоо хол зайд ус уух дуртай.
Муур тань бүх л өдрийн турш унтаад байвал санаа зовох хэрэггүй. Тэд хоногт 16 цагийн нойр авах хэрэгтэй байдаг ба халуун өдөр бүр ч их унтдаг.
Ердийнхөөсөө их хэмжээгээр биеэ цэвэрлээд байвал санаа зовох хэрэггүй. Энэ нь хөлрөхтэй адил нэг төрлийн биеэ сэрүүцүүлэх механизм юм.
Муурныхаа сарвуунд анхаарлаа хандуул. Нохой, хархны адилаар муур сарвуугаараа шингэнээ гадагшлуулж, хөлөрдөг. Муур тань нойтон сарвууны мөр үлдээж байвал хөлөрч байна гэсэн үг ба шингэнээ нөхөх хэрэгтэй. Сарвууг нь усанд дүрэх арга хэмжээ авч болох ч түүнд таалагдахгүй байж магад.
Муур тань уухилаж байвал санаа зовох хэрэггүй. Тэд нохдыг бодвол уухилах нь бага ч гэлээ халууцсан үедээ ноходтой адил системтэй. Гэвч хүндээр уухилах нь наршсан шинж тэмдэг байж болзошгүй.
Жижиг үслэг амьтад
small rabbit зурган илэрцүүдАриун цэвэр сайн сахь. Халуунд ялаа, батгана, авгалдай олширдог тул туулайнд үүрлэдэг нь үхлийн аюултай юм /flystrike/.
Ноосыг нь тогтмол самнаж байгаарай. Үс ноос ихтэй туулайн үсийг хусах талаар бодолцоход гэмгүй.
Торыг нь сүүдэртэй газар байгаа эсэхийг байнга шалга. Наранд тавьж болохгүй.
Савыг нь үргэлж усаар дүүрэн байлга.
Алим, байцай гэх мэт усаар баялаг жимс ногоогоор хоолол.
Амьтны хэвтэх газар нь кирамик хавтан эсвэл савтай хөлдсөн ус тавиарай.
Туулай гэх мэт дундаж амьтдыг усаар шүршин сэрүүцүүлж болно. Нохдод ч мөн энэ арга хэрэглэгдэх боломжтой ч нүүр лүү нь цацахаас зайлсхийгээрэй.

Д.ХУЛАН

Categories
мэдээ улс-төр

Ч.Сайханбилэгийг батлан даалтад гаргалаа

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг батлан даалтад гаргаж, хилийн хоригт тавих прокурорын хүсэлтийг хэлэлцэж шийдвэрээ гаргалаа. Тодруулбал прокурорын хүсэлтийг харгалзан үзэж, Ч.Сайханбилэгийг батлан даалтад гаргалаа. Ингэснээр түүнд хилийн хориг тавьж гадуур байцаахаар болж байна. Ч.Сайханбилэгийн хувьд одоо сайд нарын хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа билээ. Одоо С.Баярыг батлан даалтад гаргах прокурорын хүсэлтийг шүүх хэлэлцэж байна.

Categories
мэдээ нийгэм

“Бэлчээрээ хайрлан хамгаалъя” сэдвээр малчид зөвлөлдлөө

Булган аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар “Бэлчээрээ хайрлан хамгаалъя” уриан дор малчдын бүсчилсэн зөвлөгөөнийг Дашинчилэн суманд амжилттай зохион байгууллаа.

Зөвлөгөөнд тус аймгийн Баяннуур, Рашаант, Гурванбулаг сумдын 150 гаруй малчид, ХХААХҮЯ, аймгийн ХХААГ-ын холбогдох мэргэжилтний төлөөлөл оролцсон байна. Төлөөлөгчид, мал аж ахуйн салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилт, Малын генетик нөөцийн тухай хууль, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн ач холбогдол, гол зохицуулалт зэрэг сэдвээр санал бодлоо хуваалцсан. Зөвлөгөөнөөс салбарыг хөгжүүлэхэд малчдын оролцоог идэвхжүүлэх, малын отрын бэлчээр ашиглалтыг сайжруулах нь зүйтэй гэдэг дээр санал нэгджээ.

Булган аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар “Бэлчээрээ хайрлан хамгаалъя” уриан дор малчдын бүсчилсэн зөвлөгөөнийг Дашинчилэн суманд амжилттай зохион байгууллаа.

Зөвлөгөөнд тус аймгийн Баяннуур, Рашаант, Гурванбулаг сумдын 150 гаруй малчид, ХХААХҮЯ, аймгийн ХХААГ-ын холбогдох мэргэжилтний төлөөлөл оролцсон байна. Төлөөлөгчид, мал аж ахуйн салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилт, Малын генетик нөөцийн тухай хууль, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн ач холбогдол, гол зохицуулалт зэрэг сэдвээр санал бодлоо хуваалцсан. Зөвлөгөөнөөс салбарыг хөгжүүлэхэд малчдын оролцоог идэвхжүүлэх, малын отрын бэлчээр ашиглалтыг сайжруулах нь зүйтэй гэдэг дээр санал нэгджээ.