Categories
мэдээ нийгэм

Баян-өлгийн хөгжимт драмын театр 21 аймгаар аялан тоглолт хийнэ

Баян-Өлгий аймгийн М.Хурманханы нэрэмжит Хөгжимт Драмын Театрын хамт олон орон даяар аялан тоглолт хийхээр болжээ.

Энэ талаар тус театрын дарга Б.Асылбек мэдээллээ. Тэрээр “Манай театр 1987 оноос хойш 21 аймгаа тойрон аялан тоглолтод гараагүй байна. Хамгийн гол зорилго маань Монголын казахуудын соёл, урлагийг сурталчлах явдал юм. Эхний ээлжид зүүн болон төвийн бүсийн 10 аймгийн төв, зам дагуух 50 орчим суманд тоглоно” гэдгийг тэрбээр онцоллоо.

Аялан тоглолтыг өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлүүлэхээр төлөвлөсөн ч тодорхой шалтгаануудын улмаас хойшлогдон ирэх есдүгээр сард гарахаар болжээ. Эхний тоглолт Дорнод аймагт болох юм байна. Уран бүтээлчдийн бэлтгэл бүрэн хангагдсан бөгөөд одоо ивээн тэтгэгчийн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа аж.

Баян-Өлгий аймгийн Хөгжимт Драмын Театр нь 1930 онд байгуулагдсан Улаан гэр, 1936 онд Ховд аймагт байгуулагдсан Бага ястны клубт үндэслэгдэн 1940 оны 10 дугаар сард “Аймгийн клуб” нэртэйгээр байгуулагджээ. 1955 онд Хөгжимт Драмын Театр болон өргөжсөн байна. Эдүгээ 71 хүний бүтэц орон тоотой, 23 хүний бүрэлдэхүүнтэй казахын найрал хөгжмийн оркестртэй үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Л.Чинбат, Л.Гүндалай нарын гэрээс хулгай хийсэн этгээдүүдэд ял оноов

Өнгөрсөн оны нэгдүгээр сард Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр, Нүхтийн амны айлуудад хулгай орж, алтан бурхан, үнэт эдлэл зэрэг нь алдагдсан хэрэг гарч байсан. Тодруулбал, Нүхтийн аманд байрлах “Гачуурт”-ын Л.Чинбат, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай нарын зургаан айлд БНСУ-ын иргэн Пак гэгч нь Монгол иргэнтэй нууцаар нэвтэрч, алтан бурхан, үнэт эдлэлийг хулгайлсан байдаг.

Уг этгээдүүдэд холбогдох шүүх хурал өчигдөр болж, Солонгос иргэн Пакт долоон жилийн хорих ял, монгол иргэнд таван жилийн хорих ял оноожээ. Тэд дээрх айлуудын цонхыг нь хагалж нэвтэрч, үнэт эдлэлийг нь хулгайлан мөн айлуудын дохиоллын систем, хяналтын камерын бичлэгийг устгасан. Улмаар хулгайлсан эд зүйлсээ контейнэрт ачин, гурав хоногийн дараа хил давуулах гэж байхад нь Монголын цагдаа нар мэргэжлийн ур чадвар гарган илрүүлэн баривчилсан байдаг.

Categories
мэдээ нийгэм

Сурагчид өөрсдөө санаачлан явган хүний гарцыг 3D-ээр зуржээ

Арвайхээр хотын Ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн 11Б ангийн сурагчид өөрсдийн санаачлагаар гэр хорооллын дундах машин зам дээр анх удаа 3D явган хүний гарц зурсан байна.

Нийслэлд өнгөрсөн оны аравдугаар сард Монголын Радиогийн “Хүүхэд Залуучуудын редакц”-иас санаачлан “Аз жаргалтай гудамж” бүтээлч аян эхлүүлж, эрсдэлтэйд тооцогдох сургууль орчимд замын хөдөлгөөний стандарт тэмдэг, лед гэрэл байрлуулж, хурд сааруулагчийг тодруулан, явган хүний гарцыг 3D болгон шинэчилж байв.

Энэ хүрээнд МҮОНРТ-ийн урд байрлах гарц, мөн нийслэлийн Баянгол дүүргийн 46 дугаар сургууль, 28 дугаарр сургуулийн ойролцоох гарцыг 3D болгосон билээ.

Categories
мэдээ нийгэм

Ноён уул аврагдлаа

Ноён уул дахь “Сентерра Гоулд Монголия” компанийн лицензтэй холбоотой шүүх хурал 37 удаа хойшилж, шүүх засаглалын түүхэнд бичигдэх үйл явц болсон. Улмаар өчигдөр энэхүү маргааны эцсийн шийдвэр гарч Сентерра Гоулд ХХК-ийн эзэмшсэн дөрвөн ашиглалтын тусгай зөвшөөрлийг шүүхээс цуцалсан шийдвэр гаргалаа. Ингэснээр ноён уулыг Сентерра Гоулд Монголиа ХХК ухахааргүй болж байна. Ноён уулын хувь заяа Канадын Уул уурхайн компани болох Сентерра Гоулд Монголиа ХХК-ийн эзэмшилд шилжээд байсан билээ.

Өчигдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өдрийн 14 цагаас эхэлсэн шүүх хуралдааны эцсийн тов 19 цагийн үед гарсан юм. Сануулахад, 2016 оны нэгдүгээр сараас шүүхэд үргэлжилж байгаа энэхүү маргаанд нэхэмжлэгчээр “Ноён уулаа аваръя хөдөлгөөн” ТББ, хариуцагчаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс, гуравдагч этгээдээр “Сентерра Гоулд Монголия” компани, Засгийн газар оролцсон билээ.

Categories
мэдээ спорт

“Mонголиа опен”-ий түүх

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ны дэлхийн чансааны оноо олгох “Монголиа Опен” олон улсын уламжлалт тэмцээн энэ амралтын өдрүүдэд (VI.09-10) Монгол Улсын нийслэл Улаанбаатарт болно. Чөлөөт бөхийн олон улсын тэмцээн манай оронд 1972-1990 он хүртэл “Интернациональ”, Ах дүү найрамдалт орнуудын “Нөхөрлөл”, 1991-2005 он хүртэл “Монгол говь” нэртэйгээр тасралтгүй зохион байгуулагдсан. Түүнчлэн хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Зэвэгийн Ойдов, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнийг зохион байгуулсан түүхтэй. Тэгвэл Дэлхийн Бөхийн Нэгдсэн Холбооны календарт багтдаг “Монголиа Опен” тэмцээнийг 2011 оноос хойш жил бүр уламжлал болгон явуулсаар өдгөө найм дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Тус тэмцээнийг анх санаачилж, онцгой хувь нэмэр оруулсан эрхэм бол 1990 оны Сиэтлийн Сайн санааны тоглолтын аварга, 1986, 1987 оны Дэлхийн цомын мөнгө, Дан Коловын нэрэмжит ОУТ-ий хүрэл медальт, “Интернациональ” ОУТ-ий хошой аварга, Монгол Улсын таван удаагийн аварга, чөлөөт бөхийн ОУХМ Халтмаагийн Баттуул юм. Түүний удирддаг “Женко” группийн хамт олон “Монголиа Опен”-ий анхны болон удаах жилийн тэмцээнийг ивээн тэтгэж, олимп, ДАШТ-ий медальтай дэлхийн шилдэг бөхчүүдийг эх орондоо урьж авчирч, Монголын бөхчүүдтэйгээ туршлага солилцуулсан нь энэхүү тэмцээнийг нэр хүнд, цар хүрээг өндөрт өргөх эхлэлийг тавьсан.

“МОНГОЛИА ОПЕН-2011”
“Монголиа Опен” анхдугаар тэмцээн 2011 оны дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 1-нд “Буянт-Ухаа” спортын ордонд болсон. Анхдугаар тэмцээнийг Монгол Улсад чөлөөт бөхийн спорт үүсч хөгжсөний 50 жилийн ойд зориулж, Улсын аварга шалгаруулах тэмцээнийг нээлттэй хэлбэрээр зохион байгуулснаараа онцлог болсон бөгөөд Монгол, АНУ, Франц, Тайвань, ОХУ, БНХАУ, Казахстан, Киргизстан гэсэн найман орны 289 бөх хүч үзэв. “Лондон-2012” олимпийн алт, “Рио-2016” олимпийн наадмын мөнгө, ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, ОХУ-ын Наталья Воробьева, “Рио-2016” олимпийн наадмын аварга, ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт АНУ-ын Хелен Марулис, дэлхийн гурван удаагийн аварга Аделине Грей, “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт, 2008 оны дэлхийн аварга, Пан-Америкийн таван удаагийн аварга Кларисса Чун, ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Пан-Америкийн дөрвөн удаагийн аварга Елена Пирижкова, ДАШТ-ий гурван мөнгөн медальт ОХУ-ын Ирина Ологонова, олимп, ДАШТ-ий хүрэл медальт ОХУ, Румыний бөх Альберт Саритов, ДАШТ-ий мөнгө, хүрэл, ЕАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт Францын Боубреймм Ванес нарын тэргүүтэй дэлхийн шилдгүүд Улаанбаатарын дэвжээнд зодоглосон юм. ДАШТ-ий хүрэл медальт, Азийн хошой аварга, гавьяат тамирчин Ц.Энхжаргал АНУ-ын Кларисса Чун, Боубреймм Ванесийг, гавьяат тамирчин О.Насанбурмаа АНУ-ын Елена Пирижкова, гавьяат тамирчин С.Батцэцэг нарын хүчтэй өрсөлдөгчдөө ялж, анхдугаар тэмцээний аварга болсон юм. Хожим ДАШТ-ээс алт, мөнгөн медаль хүртэж, гавьяат тамирчин болсон С.Цэрэнчимэд 16 настайдаа “Монголиа Опен”-д үзүүрлэж, бөхийн хорхойтнуудыг баярлуулж байв. “Монголиа Опен”-ийг санаачилагч “Женко” клубийн ерөнхийлөгч, чөлөөт бөхийн ОУХМ Х.Баттуул олимп, ДАШТ-ээс медаль хүртсэн чөлөөт бөхийн үе үеийн шилдэг тамирчид болон шигшээ багийг удирдаж явсан гавьяат дасгалжуулагчид хүндэтгэл үзүүлж, тус бүр нэг сая төгрөгийн батламж, цомыг дурсгал болгосон юм.

АВАРГУУД:
Эрэгтэйчүүдийн 55 кг: Д.Цогтбаатар, 60 кг: Г.Мандахнаран, 66 кг: Б.Батзориг, 74 кг: П.Өнөрбат (бүгд Монгол), 84 кг: Альберт Саритов (ОХУ), 96 кг: Н.Золбоо, 120 кг: Ж.Чулуунбат (хоёул Монгол), эмэгтэйчүүдийн 48 кг: Ц.Энхжаргал, 51 кг: Д.Отгонцэцэг (хоёул Монгол), 55 кг: Хелен Марулис (АНУ), 59 кг: Аделин Вескан (Франц), 63 кг: О.Насанбурмаа (Монгол), 67 кг: Аделине Грей (АНУ), 72 кг: Наталья Воробьева (ОХУ)

“МОНГОЛИА ОПЕН-2012”
Хоёр дахь удаагийн тэмцээн 2012 оны нэгдүгээр сарын 14-15-нд болж, Монгол, ОХУ, АНУ, БНАСАУ, БНХАУ, Болгар, Вьетнам, Казахстан, Киргизстан, Тажикистан, Куба, Украин, Япон гэсэн 13 орны 186 тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр долоон жинд өрсөлдсөн. Өмнөх жил нь Улаанбаатарын дэвжээнд зодоглосон олимп, дэлхийн аварга Наталья Воробьева, Кларисса Чун дээр ДАШТ-д хоёр удаа түрүүлж, таван удаа үзүүрлэж, хоёр хүрэл медаль хүртсэн АНУ-ын Кристи Дэвис, дэлхийн аварга Болгарын Радослав Великов, Михал Ганев, олимп, ДАШТ-ий мөнгөн медальт Тажикистаны Юсуп Абдусаламов, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Кубын Ливан Лопес Азкүй, ДАШТ-ий хошой хүрэл медальт Японы Йошико Иноүэ нар нэмэгдсэн. Красноярскын бүсгүй Наталья Воробьева “Монголиа Опен”-д хоёр жил дараалан түрүүллээ. Түүнийг тэр зун нь Лондоны олимпийн дэвжээнд аваргалсныг бид бүхэн мэднэ. Түүнээс гадна гавьяат тамирчин Г.Мандахнаран, ОУХМ Б.Батзориг, Ж.Чулуунбат нар аваргаа хамгаалсан түүхтэй.
“Монголиа Опен”-ий санаачилагч ОУХМ Х.Баттуул 1980-1990-ээд оны үед нэг жинд хүч үзэж явсан олимпийн хошой, дэлхийн зургаан удаагийн аварга Сергей Белоглазов, олимпийн хошой мөнгө, ДАШТ-ий мөнгө, Азийн аварга Мохаммедиан Аскари, “Барселон-1992” олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Азийн наадам болон Азийн аварга Ким Ён Сик (БНАСАУ), ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Европын аварга Георгий Калчев нарыг урилгаар авчирч хүндэтгэл үзүүлсэн юм. Ингээд “Монголиа Опен” ОУТ-ий түүхэн замналыг хүргэе.

АВАРГУУД:
Эрэгтэйчүүдийн 55 кг: Т.Даваахуяг, 60 кг: Г.Мандахнаран, 66 кг: Б.Батзориг, 74 кг: Д.Гомбодорж (бүгд Монгол), 84 кг: Юсуп Абдусаламов (Тажикистан), 96 кг: Михаил Ганев (Болгар), 120 кг: Ж.Чулуунбат (Монгол), эмэгтэйчүүдийн 48 кг: Минори Акео (Япон), 51 кг: Э.Даваачимэг, 55 кг: Б.Номин-Эрдэнэ (хоёул Монгол), 59 кг: Келсей Кэмпбелл (АНУ), 63 кг: С.Батцэцэг (Монгол), 67 кг: Йошико Иноүэ (Япон), 72 кг: Наталья Воробьева (ОХУ)

“МОНГОЛИА ОПЕН-2013”
Гурав дахь удаагийн тэмцээн тавдугаар сарын 11-12-нд боллоо. Тэмцээнд Монгол, БНСУ, БНХАУ, Болгар, ОХУ, Япон, Казахстан, Киргизстан гэсэн найман орны 157 бөх зодоглов. Олимп, ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, тухайн үед Киргизстаны нэрийн дор барилдаж байсан, буриад бөх Базар Базаргүриевийг (саяхан олимпийн медалийг түүнд нөхөн олгохоор болсон), эс тооцвол гаднаас тун даруухан амжилттай бөхчүүд Улаанбаатарын дэвжээнд хүч үзсэн.
Бакугийн “Алтан Гранпри”-д түрүүлж байсан даруухан амжилттай япон бүсгүй Анна Ивамүрэ 48 кг-ын жинд түрүүлж үлдсэн бүх жингийн алтан медалийг манайхан хүртсэн. Гавьяат тамирчин Г.Мандахнаран, ОУХМ Ж.Чулуунбат нар гурван жил дараалан хэнд ч тахимаа өгөөгүй бол гавьяат тамирчин С.Батцэцэг, О.Насанбурмаа нар хошой аварга болж байв. Эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд ОУХМ Б.Анхбаяр тухайн жилээс жин өгсч барилдсан бөгөөд “Монголиа Опен”-д П.Өнөрбат, Д.Гомбодорж нарын шилдгүүдийг ялж анх удаа түрүүлж байсан бол 86 кг-д ОУХМ П.Өсөхбаатар-О.Үйтүмэн, эмэгтэйчүүдийн 72 кг-д гавьяат тамирчин О.Бурмаа, ОУХМ Б.Одончимэг нарын шигшээ барилдаан уулга алдуулсан сонирхолтой болж байв.

АВАРГУУД:
Эрэгтэйчүүдийн 55 кг: Б.Номин, 60 кг: Б.Нэмэхбаяр, 66 кг: Г.Мандахнаран, 74 кг: Б.Анхбаяр, 84 кг: П.Өсөхбаатар, 96 кг: Ч.Ганзориг, 120 кг: Ж.Чулуунбат (бүгд Монгол), эмэгтэйчүүдийн 48 кг: Анна Ивамүрэ (Япон), 51 кг: Э.Сумъяа, 55 кг: П.Орхон, 59 кг: Т.Мөнхтуяа, 63 кг: С.Батцэцэг, 67 кг: О.Насанбурмаа, 72 кг: О.Бурмаа (бүгд Монгол)

“МОНГОЛИА ОПЕН-2014”
Дөрөв дэх удаагийн тэмцээн гуравдугаар сарын 1-2-нд болж, Монгол, ОХУ, Япон, Болгар, АНУ, Тажикстан, Киргизстан, Казахстан, БНАСАУ, БНХАУ гэсэн 10 орны 165 бөх ДБХ-ны шинэчлэгдсэн эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр найман жинд хүч үзсэн. Дэлхийн шилдгүүдээс ДАШТ-ий мөнгөн медальт Хан Кум Ок (БНАСАУ), анхны тэмцээнд ирж түрүүлсэн Альберт Саритов (ОХУ, Румын), өмнөх жил нь ирж хүрэл медальтай буцсан Базар Базаргүриев (Киргизстан), Азийн хошой аварга Хироэ Сүзүки (Япон) тэргүүтнүүд Улаанбаатарт зодоглосон. 2014 оны тэмцээний манай шилдгүүдээс гавьяат тамирчин С.Батцэцэг, Ц.Энхжаргал, Д.Отгонцэцэг нар өнжсөн.
Эрэгтэйчүүдийн хөнгөн хоёр жинд Якутын Виктор Рассадин, Тимур Пестеров нар түрүүлсэн. Манай хөнгөн жингийн шилдгүүдийн хэн ч якут залуусыг бараагүй. 84 кг-д Красноярскын Альберт Саритов хоёр дахиа түрүүлэхдээ бүх өрсөлдөгчөө оноогоор цэвэр ялсан. Түүнээс манай ОУХМ П.Өсөхбаатар хоёр оноо салгаж байв. Өмнөх гурван тэмцээнд 60, 66 кг-д түрүүлсэн Г.Мандахнаран гавьяат шинэ жинд 70 кг-д анх удаа зодоглон дөрөв дэхээ түрүүгээ авч, “дархан аварга” болжээ. Эрэгтэйчүүдийн хүнд жинд дотооддоо ялагдал гээчийг мэдрээгүй нэлээд хэдэн жилийн нүүр үзээд байсан ОУХМ Ж.Чулуунбатыг нутгийн дүү Н.Золбоо ялж, хойшид түүнийг орыг залгах хүчтэн гэдгээ харуулсан юм.

АВАРГУУД:
Эрэгтэйчүүдийн 57кг: Виктор Рассадин, 61 кг: Тимур Пестеров (хоёул ОХУ), 65 кг: Б.Батмагнай, 70 кг: Г.Мандахнаран (хоёул Монгол), 74 кг: Аманессен Аманессен (Казахстан), 86 кг: Альберт Саритов (ОХУ), 97 кг: Д.Хүдэрбулга, 125 кг: Н.Золбоо (хоёул Монгол), эмэгтэйчүүдийн 48 кг: Жон Хиан Нам (БНАСАУ), 53 кг: Юки Икэгамэ (Япон), 55 кг: Хан Кум Ок (БНАСАУ), 58 кг: Б.Шоовдор, 60 кг: С.Цэрэнчимэд, 63 кг: О.Насанбурмаа, 69 кг: Б.Одончимэг (бүгд Монгол), 75 кг: Хироэ Сүзүки (Япон)

“МОНГОЛИА ОПЕН-2015”
Тав дахь удаагийн тэмцээнд гуравдугаар сарын 28-29-нд болж, Монгол, ОХУ, Япон, БНХАУ, БНСУ, АНУ, Казахстан, Киргизстан, Бразил, Беларусь, Польш, Франц, Герман гэсэн 13 орны 206 бөх өрсөлдсөн. Улаанбаатарын дэвжээнд чөлөөт бөхийн эх орон АНУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ баг үнэхээр хүчирхэг бүрэлдэхүүнээ ирүүлсэн бөгөөд дэлхийн гурван удаагийн аварга Аделине Грэйгээс бусад бүх шилдгүүдээ манайд ирүүлсэн. Сэм авгын Хелен Марулис “Монголиа Опен”-ий хоёр дахиа өнгөлж, намар нь Лас-Вегасын ДАШТ-д торолгүй түрүүлж, хойтон жил нь Риогийн олимпийн наадамд домогт Саори Ёшидаг ялж, алтан медаль хүртсэнийг бид мэднэ. Түүнчлэн эрэгтэйчүүдийн 57 кг-д хүрэл медаль хүртсэн Японы Рэй Хэгүчи жилийн дараа Риод хөнгөн жингийн ихэнх шилдгүүдийг замдаа “нураасаар” үзүүрлэж, эмэгтэйчүүдийн 69 кг-д түрүүлсэн Казахстаны Эльмира Сыздыкова, 63 кг-д хүрэл медаль хүртсэн Екатерина Ларионова нар хүрэл медаль хүртсэн. Тав дахь удаагийн тэмцээнд Монгол ес, АНУ, ОХУ, Казахстан тус бүр хоёр Японы бөхчүүд нэг жинд түрүүлэв.

АВАРГУУД:
Эрэгтэйчүүдийн 57кг: Э.Бэхбаяр, 61 кг: Б.Нэмэхбаяр, 65 кг: Г.Мандахнаран (бүгд Монгол), 70 кг: Арсалан Будажапов (ОХУ), 74 кг: Д.Гомбодорж (Монгол), 86 кг: Ацүши Мацүмото (Япон), 97 кг: Доржхандын Хүдэрбулга (Монгол), 125 кг: Балдан Цыжипов (ОХУ), эмэгтэйчүүдийн 48 кг: Татьяна Аманжол (Казахстан), 53 кг: Д.Отгонцэцэг, 55 кг: П.Орхон (хоёул Монгол), 58 кг: Хелен Марулис (АНУ), 60 кг: Т.Мөнхтуяа, 63 кг: С.Батцэцэг (хоёул Монгол), 69 кг: Эльмира Сыздыкова (Казахстан), 75 кг: Жаклин Маскаро (АНУ)

“МОНГОЛИА ОПЕН-2016”
Зургаа дахь удаагийн тэмцээн гуравдугаар сарын 5-6-нд болж, Монгол, ОХУ, БНХАУ, Индонез, Казахстан гэсэн таван орны 170 бөх хүч үзэв. Урьд жилүүдийн “Монголиа Опен”-ийг бодвол харьцангүй цөөн орны бөхчүүд зодоглосон. Үүнээс хэдхэн хоногийн дараа Казахстаны Астанад Риогийн олимпийн Азийн бүсийн эрх олгох тэмцээн, дөрөвдүгээр сарын дундуур Улаанбаатарт Риогийн эрх олгох Дэлхийн эхний шатны тэмцээн болсон нь оролцох тамирчдын тоонд нөлөөлсөн. Монголчууд нутаг дээрээ 16 жингийн 14-т тэргүүлсэн бол зочдоос Сакен Айтжанов (Казахстан) 74 кг-д, Балдан Цыжипов (ОХУ) 125 кг-д аваргалсан юм. Казах эр П.Өнөрбат, Д.Гомбодорж, Б.Анхбаяр нарын шилдгүүдийг эзгүйд “сэмхий”-г ашиглан түрүүлсэн бол манайхны эчнээ танил Буриадын Балдаж Цыжипов Ж.Чулуунбат, Н.Золбоо, Р.Пүрэвдагва нарын манай хүнд жингийн “луугарууд”-ыг ялж, өнгөрсөн жилийн амжилтаа бататгасан.
Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран “Монголиа Опен”-д зургаан жил дараалан хэнд ч тахимаа өгөөгүй. Түүнчлэн эмэгтэйчүүдийн 63 кг-д монголчууд харийнханд түрүүгээ алдаагүй яваа. Энэ жинд гавьяат тамирчин С.Батцэцэг дөрөв, О.Насанбурмаа хоёр удаа түрүүлжээ.

АВАРГУУД:
Эрэгтэйчүүдийн 57кг: Э.Бэхбаяр, 61 кг: Т.Түвшинтулга, 65 кг: Г.Мандахнаран, 70 кг: Д.Алтангэрэл (бүгд Монгол), 74 кг: Сакен Айтжанов (Казахстан), 86 кг: Л.Төртогтох, 97 кг: Д.Хүдэрбулга (хоёул Монгол), 125 кг: Балдан Цыжипов (ОХУ), эмэгтэйчүүдийн 48 кг: Ц.Энхжаргал, 53 кг: Д.Отгонцэцэг, 55 кг: Э.Даваачимэг, 58 кг: С.Цэрэнчимэд, 60 кг: Б.Нямгэрэл, 63 кг: С.Батцэцэг, 69 кг: Ш.Түмэнцэцэг, 75 кг: Г.Наранчимэг (бүгд Монгол)

“МОНГОЛИА ОПЕН-2017”
Долоо дахь удаагийн тэмцээн дөрөвдүгээр сарын 29-30-нд болж, Монгол, Канад, ОХУ, Казахстан, Венесуэль, БНХАУ, БНСУ гэсэн долоон орны 182 тамирчин (эрэгтэй 107, эмэгтэй 75) хүч үзэв. Манай улсаас эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд гавьяат тамирчин Э.Бэхбаяр, 61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга, 74 кг-д Д.Гомбодорж, 86 кг-д гавьяат тамирчин П.Өнөрбат, эмэгтэйчүүдийн 53 кг-д ОУХМ Г.Отгонжаргал, 55 кг-д Э.Даваачимэг, 58 кг-д Э.Гантуяа, 60 кг-д А.Батцэцэг, 63 кг-д гавьяат тамирчин П.Орхон, 69 кг-д ОУХМ Ш.Түмэнцэцэг нар жин тус бүртээ аваргалсан юм. Арван алтан медалиас гадна Монголын бөхчүүд зургаан мөнгө, 16 хүрэл медаль хүртсэн. Харин хойд хөршөөс С.Терешенко, Е.Жербаев, Б.Цыжипов, В.Чепсаракова алтан медаль зүүсэн. Түүнчлэн хамгийн холоос манай оронд хүрэлцэн ирж, тамирчдаа оролцуулсан Венесуэль болон урд хөрш БНХАУ-ын бөхчүүд тус бүр нэг жинд аваргалж байв. ӨМӨЗО-ы бөхчүүд “Монголиа Опен” анхдугаар тэмцээнээс хойш жил бүр тамирчдаа илгээдэг ч хараахан түрүүлж амжаагүй явсан. Тэгвэл эмэгтэйчүүдийн хамгийн хүнд жинд Чандганацагаан хэмээх бүсгүй аваргалж байв. Өмнөх зургаан тэмцээнд “босоо” байсан гавьяат тамирчин Г.Мандахнаран анх удаа тахимаа өглөө. Тэрбээр Буриадын бөх Евгений Жербаевт ялагдсан юм.

АВАРГУУД:
Эрэгтэйчүүдийн 57 кг: Э.Бэхбаяр, 61 кг: Т.Түвшинтулга (хоёул Монгол), 65 кг: Семен Терешенко, 70 кг: Евгений Жербаев (хоёул ОХУ), 74 кг: Д.Гомбодорж, 86 кг: П.Өнөрбат (хоёул Монгол), 97 кг: Хосе Диас (Венесуэль), 125 кг: Балдан Цыжипов, эмэгтэйчүүдийн 48 кг: Валерия Чепсаракова (хоёул ОХУ), 53 кг: Г.Отгонжаргал, 55 кг: Э.Даваачимэг, 58 кг: А.Батцэцэг, 60 кг: Э.Гантуяа (Монгол), 63 кг: П.Орхон (Монгол), 69 кг: Ш.Түмэнцэцэг (бүгд Монгол), 75 кг: Чандганацагаан (БНХАУ)

Categories
мэдээ улс-төр

Д.Муратыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болов

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Муратын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай прокурорын саналыг хэлэлцлээ. Халдашгүй байдлын дэд хорооны таван гишүүн 100 хувийн саналаар түүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэхийг дэмжсэн юм. Харин Хууль зүйн байнгын хорооны 14 гишүүний санал тэнцлээ. Улмаар дахин санал хураалт явуулахгүйгээр энэ чигээр нь чуулганы нэгдсэн хуралдаанд оруулан хэлэлцүүлэхээр болов. Санал хураалтыг нууцаар явуулсан юм.

Хууль зүйн байнгын хороо одоо УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай прокурорын саналыг хэлэлцэж байна.

Categories
мэдээ нийгэм

Мануел П.Микаллерийг хүлээн авч уулзлаа

ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ АНУ-ын Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Мануел П.Микаллер тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Ж.Бат-Эрдэнэ сайд Монгол улсын зам тээврийн салбарын хөгжилд АНУ-ын зүгээс томоохон хувь нэмрийг оруулж хамтран ажиллаж ирсэн бөгөөд тухайлбал Мянганы сорилтын сангийн тусламжийн 79 сая ам доллараар Чойр-Сайншандыг холбосон авто зам, мөн агаарын тээвэр, төмөр замын тээвэрт амжилттай хамтран ажиллаж ирсэнд талархаж явдагаа илэрхийллээ.

Уулзалтын үеэр ноён Мануел П.Микаллер агаарын тээврийн либералчлалын хүрээнд хийгдэх асуудлын талаар мэдээлэл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Тэрээр “АНУ-ын зүгээс Монгол улстай “Нээлттэй агаарын зайн” хэлэлцээр байгуулах саналыг удаа дараа тавьж байна. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд АНУ өнөөдөр 100 гаруй улсын агаарын тээврийн компанитай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна. Хамтын ажиллагааны үр дүнд тухайн компаниуд улам хүчирхэгжин бүс нутагтаа монополь болсон, улс орны эдийн засгийн үр өгөөж дээшилсэн туршлагыг та бүхэнтэй хуваалцахад бэлэн байна. Монгол улс энэ хэлэлцээрт нэгдсэнээр хоёр тал нислэгийн хязгаарлалтгүйгээр АНУ руу шууд нислэг хийж үүний үр дүнд ачаа тээвэр, зорчигч урсгал нэмэгдэх, аялал жуулчлал хөгжих, эдийн засаг тэлэх боломжтой юм. Маркетингийн хувьд ч давуу тал үүснэ гэж харж байна” гэдгийг уулзалтын үеэр онцоллоо.


ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ Монгол улсын Засгийн газар болон ЗТХЯ-наас агаарын тээврийн салбарт баримталж буй бодлого чиглэлийн талаар мэдээлэл өгч “Хэдийгээр бид үндэсний агаарын тээврийн компанийхаа эрх ашгийг нэн түрүүнд харах ч үүнээс чухал нь улс орны эдийн засагт үзүүлэх үр өгөөж, ард иргэдийн амьдралд тусах нөлөөлөл юм. Тиймээс агаарын тээврийн либералчлалын хүрээнд нислэгийн чиглэл, давтамжийг нэмэх, үйлчилгээний чанарыг сайжруулах, билетийн үнэ тарифийг буулгах олон асуудал багтаж байгаа. Тэр ч утгаараа та бүхний санал хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлж аялал жуулчлал, тээврээр дамжуулан эдийн засгаа дэмжих бидний зорилготой нэг юм гэж харж байна. Миний хувьд “Нээлттэй агаарын зайн” хэлэлцээрийн талаар илүү мэдээлэл авмаар байна. Мөн хоёр талын агаарын тээврийн удирдлагууд уулзаж харилцан саналаа нэгтгэсний дараа энэ асуудлыг УИХ-аар оруулж шийдэх боломжтой гэж харж байна хэмээн мэдэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

Мазаалай баавгай бэлчээрлэж буй хонин дунд явж байжээ

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянбуурал багийн нутаг Хонгор толгой, Мухарын худаг гэдэг газар Монголдоо төдийгүй дэлхийд нэн ховордсон амьтан болох мазаалай баавгай бэлчээрлэж буй хонин дунд нь явж байхтай нутгийн малчин таарчээ.
Говь-Алтай, Баянхонгор аймгийн их говьд нутагладаг мазаалай баавгай төөрсөн эсвэл өвөр говьд өвс ногоо муутай гандуу байгаа болохоор идэш тэжээл хайж ирсэн болов уу хэмээн холбогдох байгууллагын мэргэжилтнүүд таамаглаж байна. Мазаалай баавгайг Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн хамгаалалтын бүс нутагт зөөж байршуулах ажлыг зохион байгуулахаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ажлын хэсгийнхэн тус аймгийг зорин ирж буй гэнэ.
Одоогоор мазаалай баавгайг тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрынхан хамгаалалтандаа авчээ.

Categories
мэдээ нийгэм

Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль хэрэгжинэ

2018 оны 6-р сарын 7-ны өдөр Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд Засгийн газрын харъяа яам, агентлагийн хүрээнд нийт 80 гаруй төрийн албан хаагчдыг хамруулсан хуулийн танилцуулга семинарыг зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд Монгол улсын Засгийн газрыг төлөөлж Монгол Улсын Шадар сайд зөвлөх С.Янжинсүрэн, Стандарт, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр, Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд захирал Г.Өлзийсайхан, Европын Холбооноос хэрэгжиж буй Монголын Худалдааг дэмжих TRAM төслийн багийн ахлагч хатагтай Кармен Фратита нар оролцож үг хэлэв.
2003 оноос мөрдөж буй Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн эрх зүйн шинэчлэлийн хэрэгцээ шаардлага нь үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөл өргөжсөн, гадаад дотоод худалдааг нэмэгдүүлэхэд чиглэсэн төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үндсэн суурь техникийн баримт бичиг болох стандартын эрх зүйн хэм хэмээг олон улсын жишигт нийцүүлэх явдал байсан.
Монгол улсын Засгийн газраас хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төслийг боловсруулж 2017 оны 7 дугаар сард УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос гишүүн Д.Тэрбишдагваар ахлуулсан ажлын хэсэг хуулийн төслийг УИХ-ын чуулганы хэлэлцүүлэгт бэлтгэж, 2017 оны 12 сарын 21-ний өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар хуулийн төслийг эцэслэн баталсан. Ингэснээр стандартыг сонгон хэрэглэх дэлхий нийтийн чиг хандлагыг Монгол Улсад хуульчилсан юм.
Монгол Улсын 3 сая гаруй, цаашилбал дэлхийн 7 тэрбум гаруй хүний хэрэглэдэг хэдэн тэрбум бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ бүгд өөрийн гэсэн стандарттай. Эрүүл ахуйн шаардлага, аюулгүй байдлын шаардлага, орчны шаардлага зэрэг олон техникийн нөхцлийг хангаж байж бидний хэрэглэж байгаа бүтээгдэхүүн, идэж байгаа хоол хүнс хэрэглэгчдэд хүрдэг. Энэхүү техникийн нөхцлийг тодорхойлсон стандартыг улс орнууд эдийн засгийн чадавхи, нийгмийн байдал, цаг агаар, газарзүйн байрлал, хүн амын физиологи гэх мэт өөрийн онцлогоос хамаарч тодорхойлдог.
7 сарын 1-нээс хэрэгжиж эхлэх тус хуульд дараах зарчмын шинжтэй өөрчлөлтүүд оржээ. Тухайлбал:
– Стандарт сонгон хэрэглэх хэлбэрт 100 хувь шилжиж байна. Хэрэглэгчийн хүсэлт эрэлтийг тодорхойлсон стандартыг үйлдвэрлэгч өөрөө сонгон хэрэглэх боломж бүрдэнэ. Тодруулбал гадаад зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлэх бол экспортлох гэж байгаа орныхоо шаардлага, шалгуурыг хангасан стандартын дагуу бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд төрөөс үндэсний стандартыг заавал мөрдөхийг шаардахгүй болно.
– Итгэмжлэлийн байгууллагын хараат бус, бие даасан байдлыг энэ хуулиар олгосноор итгэмжлэлийн үйл ажиллагаа олон улсад хүлээн зөвшөөрөх баталгааг нэмэгдүүлж тохирлын үнэлгээний үр дүнг олон улсад хүлээн зөвшөөрөх нөхцөл бүрдэх болно.
– Хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор МУ-ын Засгийн газар техникийн зохицуулалтын баримт бичгийг баталдаг болно. Энэ нь төрийн бодлого зохицуулалтаар иргэнийхээ аюулгүй байдлыг хамгаалах үүргийг төр хариуцан ажиллана.
– Бараа бүтээгдэхүүн зах зээлд аюулгүйн тэмдэгтэйгээр нийлүүлэгдэх зохицуулалт оров. Энэ нь бүтээгдэхүүний чанарын асуудлаас илүүтэйгээр аюулгүйн үзүүлэлтийг хангасан эсэхэд үйлдвэрлэл эрхлэгчид хариуцлагаа өндөржүүлэх нөхцөл бүрдэв.

Categories
гадаад мэдээ

Мүн Жэ Ин ОХУ-д төрийн айлчлал хийнэ

Энэ сард БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин ОХУ-д төрийн айлчлал хийх юм байна. Тэрбээр айлчлалынхаа үеэр хоёр орны дипломат харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх арга замуудын талаар болон Солонгосын хойгийн энх тайван байдал, зэвсэглэлээр үл хөөцөлдөх асуудалд хамтын хүчин чармайлт гаргах асуудлуудыг хэлэлцэнэ гэж баасан гаригт Мүүн Ерөнхийлөгчийн Чонг Ва Дэ ордноос мэдээлснийг “Yonhap” агентлаг уламжлав.

Хэвлэлийн бага хурал дээр хэвлэлийн төлөөлөгч Ким Эй Кьем “Мүн Жэ Ин зургадугаар сарын 21-ний өдрөөс, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй дээд хэмжээний уулзалт хийх зорилгоор тус улсад гурван өдөр төрийн айлчлал хийнэ” гэж хэлжээ. Гэвч тэрээр хоёр орны удирдагчдын дээд хэмжээний уулзалт яг хэзээ болох талаар мэдээлээгүй байна.

Мөн тэрбээр “Энэ айлчлалын зорилго нь Орос улстай хийсэн практик хамтын ажиллагааг нягтруулах арга замуудын талаар хэлэлцэх явдал юм” гэж нэмж хэлжээ. Энэхүү төрийн айлчлал нь 19 жилийн дараа Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч ОХУ-д анх удаа айлчлах айлчлал болох юм байна.