Categories
мэдээ нийгэм

Эвийн өргөө энхийн гүйлтийн бамбарыг өртөөллөө

Шри Чинмойн эвийн өргөө энхийн гүйлтэнд нийслэлийн Онцгой байдлын газрын 20 гаруй алба хаагчид нэгдэж оролцлоо. Энхийн гүйлт өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Бөхийн өргөө, Улаанбаатар төмөр замын Соёлын ордон, Саппоро, Геологийн төв лаборатори, 22-ын товчоо гэсэн маршрутаар зохион байгуулагдлаа. Алба хаагчид гал бамбарыг өртөөлөн энхийн гүйлт зохион байгуулагчдад гардуулж өгсөн юм.

Шри Чинмой хорвоо дэлхий бүрэн дүүрэн найрамдал нөхөрлөл, эв эетэй оршоосой гэсэн мөрөөдлөө биелүүлэхийн тулд хамаг амьдралаа зориулсан юм. 40 гаруй жилийн турш тэрээр урлаг, спорт, хүмүүнлэгийн үйлсээрээ дамжуулан янз бүрийн соёлыг дэмжиж иржээ.

Шри Чинмой дэлхийн олон оронд нийгмийн бүх давхаргын хүмүүсийг хамардаг соёлын, хүмүүнлэгийн, хүний дотоод сэтгэлийг хөгжүүлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч Х.Баттулга Зүүн Азийн жүдо бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа

Зүүн Азийн 2018 оны жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээнийг угтан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зүүн Азийн жүдо бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэмцээнийг зохион байгуулахад хүчин чармайлт гаргасан зүүн Азийн жүдо бөхийн удирдах зөвлөлийн гишүүдэд баяр хүргэж, тэмцээний үйл ажиллагаанд амжилт хүслээ. Мөн Монгол Улсын жүдо бөхийн тамирчдын гаргасан амжилт, одоогийн түвшин нь хамтын ажиллагааны тэр дундаа, жүдо бөхөөр дэлхийд тэргүүлдэг Ази, Зүүн Азийн улсуудын спортын харилцаа холбоо, хамтын ажиллагаатай салшгүй холбоотой гэдгийг цохон тэмдэглэв.

Зүүн Азийн жүдо бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүд тэмцээний бэлтгэл ажлыг хангахад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон зохион байгуулах хорооныхон бүхий л талаар анхаарч, өндөр ач холбогдол өгч байгаад талархал илэрхийлсэн юм. Түүнчлэн зөвлөлийн гишүүд Улаанбаатар хотод зохион байгуулагддаг олон улсын шинж чанартай жүдо бөхийн тэмцээний үеэр хэд, хэдэн удаа ирж байсан бөгөөд ирэх бүрийд Монгол Улс хөгжин, цэцэглэж, тамирчдын чадвар, техник сайжирч харилцан суралцаж байгаад баяртай байдаг гэлээ.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зүүн Азийн жүдо бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүдэд болон баг тамирчдад нь спортын өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөв.

Categories
мэдээ спорт

​Дэнни Роуз:ДАШТ-нд гэр бүлийнхнийгээ дагуулж очоод хэрэггүй

ОХУ-д болох Хөл бөмбөгийн ДАШТ-д гэр бүлийнхнийгээ ирэхгүй байхыг Английн шигшээ багийн хамгаалагч Дэнни Роуз хүсчээ. Ойр дотныхон нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах асуудалтай тулгарахвий гэхээс эмээж байгаа учир тэрбээр ийнхүү хүссэн байна.

“Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлээс гадна өөр янз бүрийн зүйл тохиолдохвий гэхээс би эмээж байгаа учир гэрийнхнийгээ Орос руу явуулахыг хүсэхгүй байна. Тэмцээнд бэлтгэж байгаа үед гэрийхэндээ санаа зовмооргүй байна” гэж Д.Роуз ярьсан байна.

Тэрбээр 2012 онд Сербид тоглож байх үеэрээ арьс өнгөөр ялгаварлан гадуурхах асуудалтай тулгарч байжээ.
ДАШТ-ын үеэр арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй тэмцэхэд бэлэн байгаагааа Орос амлажээ. Гэсэн хэдий ч тэмцээний өмнө иймэрхүү тохиолдлууд гарсан талаар мэдээллэсэн хэвээр байна. Тухайлбал өнгөрсөн гуравдугаар сард болсон нөхөрсөг тоглолтын үеэр үзэгчдийн суудлаас Францын тоглогчид руу хашгирснаас болж ФИФА Оросыг 30000 швейцарь франкаар торгожээ.

Categories
мэдээ цаг-үе

Д.Бат-Өлзий: Манай орны дээгүүр өнгөрч буй үүлний усархаг чанар бага, шилжилтийн хурд их байна

Манай орны ихэнх газраар хэт их халж, зарим нутагт ган болж малчид, тариаланчдад хүндрэл учруулж байгаа. Цаашид энэ байдал үргэлжлэх төлөвтэй байгаа тул цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг хэрхэн явуулж байгаа талаар Цаг уур орчин шинжилгээний газрын мэргэжилтэн Д.Бат-Өлзийтэй ярилцлаа.


-Цаг агаарт зориудаар нөлөөлөх ажиллагаа хэрхэн явагддаг вэ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Цаг агаарт зориудаар нөлөөлөх гэж үүлэнд орших усыг доош нь буулгахын тулд тодорхой хэмжээний бодис цацахыг хэлж байгаа юм. Манайд жижиг пуужинд үүлэнд үйлчлэх бодисыг хийж ашигладаг. Тухайн бодис үүлэнд очиж задарснаар үүлийг хөгжөөж, талбайг томсгодог юм. Улмаар усны төлөвийг нэгтгээд газар унахад нөлөөлдөг. Цаг агаарт зориудаар нөлөөлөх үй ажиллагааг дэлхийд 100 гаруй оронд явуулж байна. Манай оронд шинжлэх ухаан хөгжөөгүй үед ч янз бүрийн аргаар хур бороо оруулж байсан. Дорнын зурхайд бороо оруулахад сайн гэж бичсэн байдаг шүү дээ.

-Манай улс хэдэн оноос үүлэнд зориудаар нөлөөлж эхэлсэн бэ?

-1989, 1990, 1991 онуудад ОХУ болон Украины цаг уурын мэргэжилтнүүд ирж Монгол орны үүлний нөөц, түүнд зориудаар нөлөөлөх боломжийн талаар судалгаа хийж байсан л даа. Улмаар зориудаар хур тунадас оруулах ажиллагаа Монголд 1996 оноос эхэлж хийгдсэн байдаг. Энэ нь цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх, хуурайшилт, гангаас сэргийлэх, усан сан байгуулах давуу талтай.

-Манай орныг дайран өнгөрч буй үүлний чанарын тухайд хур оруулахад хангалттай байдаг уу. Баруун, баруун урд зүгээс ирж буй үүлний чанар хангалтгүй байгаа гэж ярих юм. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-1990 оны үеийнхтэй харьцуулахад манай орны дээгүүр дайран өнгөрч үүлний давтамжийн тоо багасч, чийгшлийн чанар их муудсан. Хоёр жилийн өмнө Сы Жинфин Шинжиан, Уйгарын бүс нутгийн хөгжлийг сайжруулах төлөвлөгөө гаргасныг санаж байгаа байх. Улмаар Сы Жинфин Шинжиан, Уйгарын тариа тарьж амьжиргаагаа залгуулдаг иргэдийн дэмжиж тухайн бүс нутгийн үүлэнд зориудаар нөлөөлж эхэлсэн. Тэр чиглэлээс Монголын нутгаар дамжин өнгөрч буй үүлний чийг муу байдаг. Бид хараахан баталж амжаагүй ч чийг муутай үүл ирж буй нь Сы Жинфин даргын шийдвэртэй холбоотой болов уу гэж таамагладаг юм. Чийгшил муутай үүлэнд зориудаар нөлөөлж бороо, хур оруулахад хүндрэлтэй байдаг. Зарим хүмүүс цаг агаарт зориудаар нөлөөлсний улмаас ган болоод байна гэсэн буруу ойлголттой явдаг. Үүлэнд зориудаар нөлөөлөх ган гачигтай холбоогүй.

-Өнгөрсөн жил хэдэн удаа үүлэнд нөлөөлөх оролдлого хийсэн бэ. Энэ жил хэдэн удаа нөлөөлөхөөр төлөвлөсөн бол?

-Өнгөрсөн жил дөрөвдүгээр сараас наймдугаар сарын хооронд 600 орчим удаа үүлэнд зориудаар нөлөөлсөн. Өнөөдөр яг төдөн удаа үүлэнд нөлөөлнө гэж хэлэх боломжгүй. Монгол орны хэмжээнд 42 экспедиц үйл ажиллагаа явуулж байна. Тохироо бүрдэж чийгшилтэй үүл гарч буй бүсэд л судалж байгаад нөлөөлнө. Дунджаар нэг сард гурваас дөрвөн удаа нөлөөлөх болов уу гэж таамаглаж байгаа.

-Манайд пуужингийн нөөц хангалттай байгаа юу?

-Энэ жил хангалттай нөөцөлсөн. Аймаг бүрт үйл ажиллагаа явуулж буй экспедицуудаас мэдээлэл авч байгаад байж тохироо нь бүрдэхэд үүлэнд зориудаар нөлөөлж хур оруулна. Энэ жил манай орноор дамжин өнгөрч байгаа үүл урд жилийнхтэй харьцуулахад усархаг чанар бага, шилжилтийн хурд ихтэй байгаа. Ийм салхитай нөхцөлд зориудаар үүлэнд нөлөөлөхөд хүндрэлтэй байдаг.

-Үүлэнд нөлөөлж, хур тунадас оруулах экспедиц хаана, хаана байрлаж байгаа вэ?

-Аймаг бүрт хоёроос дөрөв, говийн аймгуудад тус бүр хоёр экспедиц ажиллаж байгаа. Мөн Сэлэнгэ, Төв гээд газар тариалангийн гол бүс нутгаар тус бүр дөрвөн экспедиц бий. Экспедицүүд үүлний байдлыг тодорхойлох багаж буюу цаг уурын радорын мэдээгээр нэгээс хоёр өдрийн өмнө үүл тосч, байраа эзэлдэг. Үүл хаашаа шилжихийг судалж, нөлөөлж болох үүлэнд пуужингаа харвана даа.

-Үүлэнд нөлөөлснөөр хэр хэмжээний тунадас оруулахаа мэдэх боломжтой болов уу?

-Тухайн үүлний өндөр, масс, услаг зэргийг тогтоож ямар хэмжээний хур тунадас орохыг тооцоолж болно. Түүнээс биш энэ үүлнээс гурван миллиметр, энэ үүлнээс зургаан миллиметрийг оруулъя гэх боломжгүй. Байгалийг бол хүн захирахгүй, тодорхой хэмжээний нөлөө үзүүлдэг шүү дээ.

-Үүлэнд зориудаар нөлөөлөх бодисыг манайх хаанаас авдаг вэ?

-Бид БНХАУ-аас худалдаж авдаг. Учир мэдэхгүй хүмүүс “Хятадаас хямдхан, чанар муутай бодис аваад байна” гээд байдаг. Манай цаг агаарын уур амьсгал Өвөр Монголынхтой төстэй байдаг болохоор л БНХАУ-аас бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. ОХУ, АНУ, Япон зэрэг орнуудаас нийлүүлж болох болох ч цаг агаарын нөхцөл өөр байдаг учраас тохиромжгүй байдаг.

-Ямар үнээр худалдаж авдаг вэ?

-Вальютын ханшны хэлбэлзлээс шалтгаалж нэг удаагийн хэрэглээ нь 300-350 мянган төгрөгийн ханштай байдаг. “Өндөр үнээр боисын үр дүн гарахгүй ган гачиг болоод байна” гэх хандлагатай хүмүүс мэр сэр байдаг. Ган болж байгаа шалтгаан нь тухайн бүс нутгаар цаг уурт зориудаар нөлөөлөөд чийг унагах хэмжээний чанартай үүл бүрэлдэхгүй байгаатай холбоотой. Цаг уурт зориудаар нөлөөлөх нь газар тариаланчид болон малчдад ашиг тустай. Мөн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх боломжтой. Гал түймэр гарсан бүс рүү онцгой байдлын ажилчид явахад хамгийн багадаа хоёр сая орчим төгрөгийн зарлага гардаг. Харин тухайн бүс нутагт дөрвөн удаагийн цаг агаарт зориудаас нөлөөлөх оролдлого хийхэд сая таван зуун мянган төгрөг зарцуулна. Гарах үр дүн нь харьцангуй илүү. Энэ талаас нь хүмүүс ойлгох хэрэгтэй.

Үүлэнд зориудаар нөлөөлж буй бодис, хүн болон байгальд хор нөлөөтэй юу?

-Үүлэнд зориудаар нөлөөлөхөд иод болон мөнгийг ашигладаг. Иод бол хүнсний бүтээгдэхүүн, мөнгөнд бол хүн болон байгальд харшилдах зүйл байдаггүй. Дэлхийн цаг уур болон эрүүл мэндийн байгууллагаас нэг литр усанд мөнгө 0.05 микро граммаас ихгүй байвал хүний бие, байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэж үзсэн байдаг. АНУ-ын эрдэмтэд цаг агаарт нөлөөлж оруулсан хур тунадсанд агуулагдах мөнгөний хэмжээг 0.0001 микро грамм гэж тогтоосон байна лээ. Үүнээс үзэхэд байгаль орчин, амьтан ургамалд ямар ч сөрөг нөлөөгүй нь харагдаж байна. Харин зарим нэг талаараа эерэг нөлөөтэйг эрдэмтэд тогтоосон байна лээ. Хүмүүс мөнгийг мөнгөн устай андуурч хортой гэж ойлгоод байдаг.

Үүлэнд зориудаар нөлөөлөхөд бороо их орно, үер бууна гэж яриад байдаг. Энэ талаар ярихгүй юу?

-Байгалийн жамаар бороо орох гэж байхад бид ажиллахгүй. Нэг миллитетр хур тунадас орох магадлалтай байхад түүнийг ахиулахын үүлэнд зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа явуулаад байгаа юм л даа. Өөрөөр хэлбэл ганц нэгхэн дусаад өнгөрөх бороог ахиухан оруулахын тулд ажиллаад байна гэж ойлгож болно.


Categories
мэдээ улс-төр

Шадар сайдын харъяа байгууллагуудын санхүүгийн ажилтнууд сургалтад хамрагдлаа

Монгол Улсын Шадар сайдын төсвийн багцын байгууллагуудын санхүүгийн ажилтнуудад зориулсан сургалт Улаанбаатар хотноо хоёр өдөр үргэлжилж өндөрлөлөө.

Энэхүү сургалтад Онцгой байдлын ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Алтанбулаг чөлөөт бүс, Замын-Үүд чөлөөт бүс, Цагааннуур чөлөөт бүсийн болон Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг сайжруулах төсөл, Зуд болон ой хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхийг бэхжүүлэх төслийн санхүүгийн 150 орчим ажилтан оролцов. Тэд төсвийн тооцоо, санхүүгийн тайлан, өмч хөрөнгийн бүртгэл, аудит хийх болон Зөрчлийн тухай зэрэг зарим хууль, эрх зүйн мэдлэг, мэдээллээр хангагджээ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Шадар сайдын Ажлын албыг санхүүгийн болон аудитын зөрчилгүй ажилласныг дүгнэн тодорхойлж, Шадар сайдын харъяа агентлагуудын санхүүгийн ажилтнуудыг дээрх сургалтад хамруулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Олимпийн гудамжийг маргааш хаана

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Замын Цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Уг ажлын хүрээнд Хоум Плазагийн уулзвараас Нарны зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж, гүүрийн барилгын ажлыг эхлүүлсэн.

Тэгвэл дараагийн ээлж буюу Олимпын гудамж, Юнескогийн гудамжны уулзвараас Нарны зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг зургадугаар сарын 10-наас эхлэн хаахаар төлөвлөжээ. /Гадаад харилцааны яамны баруун талаар гарах зам\

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Х.Баттулга Зүүн Азийн жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээнийг нээж үг хэлэв

Зүүн Азийн жүдо бөхийн холбооны шийдвэрийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэнд, Сангийн сайд нарын тушаалаар 2018 оны Зүүн Азийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээнийг 2018 оны зургадугаар сарын 8-10-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон юм.

Тэмцээнийг зохион байгуулах хорооны даргаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ажилласан бөгөөд өнөөдөр тэмцээний ганцаарчилсан төрөл амжилттай эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэмцээнийг албан ёсоор нээж үг хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэмцээнийг нээж:

“Тамирчид дасгалжуулагчид,

Хүндэт зочид оо,

Монгол Улсад тавтай морилно уу

Бөхийн спортын урт бөгөөд гайхам уламжлалтай Монгол орны нийслэл Улаанбаатар хотод 2018 оны Зүүн Азийн аварга шалгаруулах Жүдогийн тэмцээн зохион байгуулагдаж байгаад туйлаас баяртай байна.

Бидний урилгыг хүлээн авч хүч чадвараа сорихоор ирсэн орон орны шилдэг тамирчид, дасгалжуулагчиддаа амжилт хүсье. Зүүн Азийн улс үндэстнүүдийн найрсаг хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, хөрш зэргэлдээ орнууд бие биенээ дэмжин хөгжихөд энэхүү тэмцээн олон талын ач холбогдолтой байх болно.

Жүдо бөх амжилт ялалтад тэмүүлэхээс илүүтэйгээр ёс зүйн өндөр зарчимтай, сэтгэлийн хатуужил, бие биенээ хүлээн зөвшөөрөх, ойлголцох, харилцан хүндлэл, бие хүний зохист төлөвшлийг амин чухалд авч үздэг найрсаг спортын төрөл юм.

Би энэ тэмцээний дэвжээн дээр Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улсын жүдочид нэгэн баг болж Солонгос гэх нэгэн нэрийг дуурсган багийн төрөлд хүч үзэх гэж байгааг бахархан хүлээж сууна.

Хоёр Солонгосын баг тамирчид, төлөөлөгчдөд тусгайлан баяр хүргэж байгааг минь хүлээн авна уу?

Тэмцээнд оролцогчдод спортын өндөр амжилт хүсэхийн ялдамд нарлаг Монгол оронд минь тавтай морилоорой.

Та бүхнийг уралдаан тэмцээнийхээ дараа Монгол орон, Улаанбаатар хотоор аялж бидний түүх соёл, амьдрал ахуйтай ойр дотно танилцахыг урьж байна.

УЛААНБААТАРЫН ДЭВЖЭЭ ТА БҮХЭНД ӨЛЗИЙТЭЙ БАЙЖ, АМЖИЛТЫГ ТАНЬ МӨНХ ТЭНГЭР ИВЭЭХ БОЛТУГАЙ” гэв.

Тэмцээний эхний өдөр Зүүн Азийн шилдэг жүдочид ганцаарчилсан төрөлд жин жиндээ барилдах бол маргааш буюу зургадугаар сарын 10-ны өдөр улс орнууд багийн төрөлд өрсөлдөж, дүнгээ гаргаснаар тэмцээн өндөрлөх юм

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч БНХАУ-ыг зорилоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны зургадугаар сарын 9-10-ны өдрүүдэд БНХАУ-ын Чиндао хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 18 дахь удаагийн өргөтгөсөн хуралдаанд БНХАУ-ын Дарга Ши Жиньпиний урилгаар оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг дагалдан Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ нарын албаны хүмүүс айлчлах юм.

ШХАБ-ын дээд түвшний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, ОХУ-ын Ерөнхийлөгч, БНХАУ-ын Дарга нар гурван талт дээд түвшний ээлжит дөрөвдүгээр уулзалтыг хийнэ. Түүнчлэн БНХАУ-ын Дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин болон зарим улсын төр, засгийн тэргүүн нартай Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр талын уулзалт хийх юм.

Categories
мэдээ нийгэм

Цэвэрлэх байгууламжийг өргөтгөх, үнэргүйжүүлэх ажил гүйцэтгэлийг шалгав

Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг төв цэвэрлэх байгууламжид ажиллалаа.

2018 онд цэвэрлэх байгууламжийг өргөтгөх, хуримтлагдсан болон шинээр үүсч буй лагийг үнэргүйжүүлэх, усгүйжүүлэх, хатаах, шатаах технологи бүхий тоног төхөөрөмжийг суурилуулах ажлыг гүйцэтгээд байна. Улсын комисс хүлээж авсан тохиолдолд уг тоног төхөөрөмжийг ажиллуулахад бэлэн болжээ.

Харин өнгөрсөн 4 сарын дотор Төв цэвэрлэх байгууламжийг үнэргүйжүүлэх анхан шатны ажлын гүйцэтгэл сайтар хийгдсэн бөгөөд үнэрийн тархац эрс буурчээ. “Ногоон титэм” компани агаарт дэгдэх химийн хорт нэгдлийн хэмжээг тогтоох, үнэрийн тархацын хүрээг судалж байгаа аж.

Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг сайжруулах Ерөнхий сайдын гаргасан захирамжийн хүрээнд 20 гаран ажил төлөвлөгдснөөс 14-ийг нь гүйцэтгээд байна. Тухай нь туул голд, агаар орчинд бохирдол үүсгэхэд томоохон үүрэг гүйцэтгэж байсан арьс шир, дайвар бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийж, үйл ажиллагаа явуулж байсан 30-аад аж ахуй нэгжээс наймаас бусдыг нь технологийн шинэчлэлт хийхийг үүрэг болгон хаасан байна.

Төв цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлэлтийн хувийг сайжруулах зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хоёр тунгаагуур, био цөөрөм барьж байна. Эдгээр нь энэ оны долдугаар сард ашиглалтанд орох юм. Ингэснээр Төв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээний түвшин дээшилж, Туул голд нийлүүлэгдэх усны чанар сайжирна гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна.

Хуримтлагдсан лаг дахь нян бактери устаж халдваргүйжүүлэх төхөөрөмжийн угсралт дууссан.Улсын комисс хүлээж авснаар ашиглаж эхлэх юм.

Хуучин хуримтлагдсан болон шинээр үүсч байгаа лагийг хоргүйжүүлж, үнэргүйжүүлэн бордоо болгох энэхүү төхөөрөмж бүрэн хүчин чадлаар ажиллаж эхэлвэл нийтийн эзэмшлийн зүлэг ногоог бордох гэх мэт хүнсний ногоо тариалахаас бусад зориулалтаар ашиглаж болно гэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Мурат, Д.Гантулга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж УИХ үзлээ

УИХ хуралдаж, гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсантай холбогдуулан бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхий прокурорын саналыг хэлэлцлээ.

Байнгын хорооны хуралдааны үеэр хэрэгт шалгагдаж байгаа хоёр гишүүн өөрийгөө өмгөөлсөн үг хэллээ. Д. Гантулга гишүүн “Д.Гантулга гэдэг хүнийг заналхийлэх, нэр хүндийг нь гутаан дормжлох үйл явц үргэлжилсээр ирлээ. Шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлт л гэхэд 2-3 удаа гарч, эргэж буцлаа. Би энэ асуудлаар хууль хяналтын байгууллагад дахин хандаж, үнэн мөнөө тогтоолгоно” гэсэн. Харин Д.Мурат гишүүн “Би хэрэг хийсэн гэж үзэхгүй байна. Нотлох баримт байхгүй. Хэлмэгдэж байгаа” гэж хэлсэн юм.

УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар нууц санал хураалт явуулсан. Санал хураалтад нийт 57 гишүүн оролцож, УИХ-ын гишүүн Д.Муратын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 33 гишүүн ( 57,9 хувь) УИХ-ын гишүүн Д.Муратын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн.

УИХ үргэлжлүүлэн Д.Гантулга гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэж, нууцаар санал хураахад хуралдаанд оролцсон 57 гишүүний 28 нь буюу 49,1 хувь нь түдгэлзүүлэх саналыг дэмжлээ. Ийнхүү хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүдийн олонхи нь Д.Гантулга гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ.