Categories
мэдээ спорт

Мотоцикльчид хүчирхийллийн эсрэг нэгдлээ

“Талын салхи-2018” олон улсын мото наадмын нээлтийн арга хэмжээ өнөөдөр Сүхбаатарын талбайд болж, МУ-ын Ерөнхий сайд У. Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар оролцлоо. Ерөнхий сайд У. Хүрэлсүх нь Монголын “Harley-davidson” мотоцикл сонирхогчдын холбооны ерөнхийлөгч юм. Дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа энэ удаагийн наадам гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хамтдаа нэгдэж, тэмцье уриан дор болж буйгаараа онцлогтой. Мөн Монгол, ОХУ, БНХАУ -ын 800 орчим мотоцикл сонирхогч залуус оролцож байна. Орос, Хятадаас 50, 50 хүний бүрэлдэхүүнтэй мотоциклчид хүрэлцэн иржээ.


Мотоциклчид Төв талбайгаас цуваа болон Тэрэлж дэх Мондэ амралтын газар луу хөдлөх юм. Тус амралтын газарт тусгайлан зассан мото наадмын талбайд 300 мотоциклын үзэсгэлэн зохион байгуулагдана. Мөн орой нь Харанга, Хурд, Нисванис, Булсара, Жонон, Аравт, Empire, Аадар, Lord, Rec on, Ice Top, Digital, Click click boom хамтлагууд, реппер Gee, Desant, NMN, дуучин Gang, DJ Zaya, Tuvshin, Ladies, уран нугаралт, циркийн үзүүлбэрүүдийг сонирхох боломжтой. ‘Талын салхи’ наадам хоёр өдөр үргэлжилнэ.

Тус арга хэмжээг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран зохион байгуулж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ улс-төр

Наадмын бэлтгэл ажилтай танилцлаа

Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадам удахгүй болно. Баяр наадмыг зохион байгуулах комиссынхон өнөөдөр наадмын бэлтгэл ажилтай нь танилцлаа. Монгол Улсын шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга М.Отгонбаяр, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон холбогдох албаны хүмүүс Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй 7 худаг, шагай, сурын талбайн урсгал засварын явц, наадмын бэлтгэл ажилтай танилцлаа.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, наадам хүртэл богино хугацаа үлдсэн тул бэлтгэл ажлуудыг түргэн шуурхай хийж гүйцэтгэхийг холбогдох албаны хүмүүст үүрэг болгов.

“Наадмын комисс гурван удаа хуралдаад, салбар комиссоо байгуулаад ажиллаж байна. Төлөвлөгдсөний дагуу бэлтгэл ажил хийгдээд явж байна. Шадар сайдын хувьд Үндэсний бөхийн холбоо болон уяачдын төлөөлөл, үндэсний бөхийн аваргуудтай уулзаж баяр наадмын талаар саналаа солилцсон байгаа. Энэ жилийн төсвийн хувьд өнгөрсөн жилийнхтэй ойролцоо батлагдсан. Наадам болтол богино хугацаа үлдсэн хэдий ч зарим жижиг засварын ажил, био жорлон зэргийн хөрөнгө мөнгийг шийдэж, иргэдийг ая тухтай наадамлах нөхцөл бололцоог бүрдүүлэхийг холбогдох комиссыхонд үүрэг болголоо” хэмээн Шадар сайд, наадам зохион байгуулах комиссын дарга Ө.Энхтүвшин ярилаа.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Эрдэнэчулуун “Өнгөрсөн жилийн хувьд Төв цэнгэлдэх хүрээлэн орчмоор худалдаа үйлчилгээ, нийтийн хоолны 500 зөвшөөрөл олгож байсан бол энэ жил 400 болгож бууруулсан. Учир нь иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс авто машины зам гарц, зогсоол зэргийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүсч байгаа. Нийтийн хоолны зөвшөөрлийг олгохдоо тусгай зөвшөөрөл бүхий ААН, байгууллагуудаас сонгон шалгаруулна. Сонгон шалгаруулалтад оролцох шаардлага, заавар, стандартыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээсэн. Худалдааны хувьд чанарын шаардлага хангахуйц стандартын тоглоом, малгай, нарны шил гэсэн тодорхой шалгуур тавьж байгаа. Энэ сарын сүүлээр сонгон шалгаруулалтаа явуулж, долоодугаар сарын эхээр байршлуудыг нь тавина. Наадмын өдрүүдээр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 350 байцаагч, явуулын лаборатори ажиллана” гэлээ.

Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК-ийн зүгээс баяр наадамд 100 хувь бэлэн гэдгээ комиссын гишүүдэд хэлж байв.

Комиссынхныг Хүй 7 худагт ирэхэд Монгол наадам цогцолборын дарга Н.Батсүмбэрэл талбайн зохион байгуулалт, худалдаа үйлчилгээний талаар, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, Хурдан морины салбар комиссын дарга, хурандаа Ж.Болдбаатар хурдан морины уралдааныг хэрхэн зохион байгуулах, гараа, бариаг хаана байлгах тухай танилцуулав. Энэ жилийн хувьд бороо, хур бага гандуу байгаа учир Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас анхаарч усалгаа, арчилгааг хийхээр төлөвлөсөн, мөн био жорлонг аль болох ахиу тавих болно гэж Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хэлж байв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Categories
мэдээ нийгэм

“ГЭР БҮЛИЙГ ДЭМЖИХ ТУРШИЛТЫН ХӨТӨЛБӨР”-ийн хүрээнд сургалт зохион байгууллаа

Орхон аймагт “ГЭР БҮЛИЙГ ДЭМЖИХ ТУРШИЛТЫН ХӨТӨЛБӨР”-ийн хүрээнд гэрээр айлчлагч бэлтгэх сургалт зохион байгууллаа.

Гэр бүл гэдэг улс орны хөгжил, хүн амын үндсэн нэгж билээ. Гэр бүлийг дэмжих туршилтын хөтөлбөр нь “Гэрээр айлчлагч”-дыг чадавхжуулж, бэлтгэж, тэднээр дамжуулан хөтөлбөрт хамрагдах гэр бүлд хүрч ажиллах арга зүйд сургах, гэрээр айлчлагчдаар дамжуулан, гэр бүлд тулгамддаг асуудлуудыг илрүүлэх, нийгмийн суурь үйлчилгээнд холбон зуучлах мэдлэг, чадвар олгох, орон нутагт гэр бүлийг дэмжих нийгмийн суурь үйлчилгээний төрөл хэлбэрүүдийг бий болгоход зорилготой юм.

Сургалт хөтөлбөрийн танилцуулга, гэрээр айлчлах аргачлал, үүрэг, гэр бүлийн амьдралын чанарт сөргөөр нөлөөлж буй тулгамдаж байгаа асуудлыг ойлгох нь, Гэр бүлийг дэмжих хөтөлбөрийн аргачлалын алхамууд, Гэр бүлийн сайн сайхан байдлыг тодорхойлох, Гэр бүлд тулгамдаж байгаа асуудлыг танин мэдэх, Гэр бүлийн хэвийн амьдрал алдагдах нөхцөл, шалтгаан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Нийгмийн халамжийн үйлчилгээ, Боловсролын үйлчилгээ,Эрүүл мэндийн үйлчилгээ гэсэн сэдвүүдийн хүрээнд явагдсан. Мөн Гэр бүлээс авах судалгааны асуумжийг бөглөх аргачлал, зөвлөмжийн танилцуулга, хүүхэд, гэр бүлтэй ажиллах төлөвлөгөөг гаргах дасгал танилцуулга, гэрээр айлчлагч гэр бүлийн гишүүдэд мэдээлэл өгөх, тайвшруулах анхан шатны зөвлөгөө өгөх, гэрээр айлчлагч нарын ёс зүй, асуулт, хариултаар үргэлжлэн явагдсан.

Уг сургалтанд Баян-өндөр сумын багийн Засаг дарга, багийн нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч, халамжийн нийгмийн ажилтанууд гээд 120 гаруй хүн хамрагдлаа. Сургалтыг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Баян-Өндөр сум, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Насан туршийн боловсрол, Эрүүл мэндийн газар хамтран зохион байгуулсан.

Categories
мэдээ спорт

Унадаг дугуй унахын ЗУРГААН ач тус

Дулааны улирал ирж, хүүхэд залуус дугуй унах нь элбэгшлээ. Бид энэ удаа Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргасан унадаг дугуй унахын зургаан ач холбогдлыг танилцуулж байна.


Categories
гадаад мэдээ

В.Путин ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцоно

ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ираны ерөнхийлөгчтэй хоёр талын яриа хэлэлцээ хийхийн сацуу Пакистан, Узбекистан болон Тажикистаны төрийн тэргүүнүүдтэй уулзах аж. Энэ үеэр Орос, Хятад болон Монголын гурван талын дээд хэмжээний уулзалт болох төлөвтэй байна.

Түүнчлэн уулзалтын үеэр В.Путин Монгол улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай уулзах төлөвтэй байгаа бөгөөд Худалдаа, эдийн засгийн салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь талуудын яриа хэлэлцээний гол сэдвүүдийн нэг болох аж.

“Талууд бүс нутаг хийгээд олон улсад тулгамдсан асуудлаар санал бодлоо солилцохын сацуу Монгол улсын Евроазийн эдийн засгийн холбоо болон ШХАБ хоорондын хамтын ажиллагаг бэхжүүлэхэд онцгой анхаарал хандуулах төлөвтэй байна” гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков хэлсэн байна.

Хятадын Циндао хотод болж буй ШХАБ нь энэ сарын 9-10 хүртэл үргэлжлэх юм. ШХАБ нь 2001 оны 6 дугаар сарын 15-нд байгуулагдаж байжээ. Одоогоор Орос, Хятад, Энэтхэг, Пакистан, Казахстан, Киргизстан, Тажикистан болон Узбекистан улс нь ШХАБ-ын гишүүн орнууд бол Беларусь, Афганистан, Иран болон Монгол улс нь ажиглагч орны статустай юм.

Categories
мэдээ спорт

У.Хүрэлсүх “Талын салхи” мото уралдааныг толгойлжээ

НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Монголын чопперчин ахан дүүс”, “Ред фалконс” ТББ-уудтай хамтран дөрөв дэх жилдээ “Талын салхи-2018” олон улсын мото наадмыг өнөөдөр, маргааш гээд хоёр өдөр зохион байгуулж байна.

“Талын салхи-2018” олон улсын мото наадмын нээлт өнөөдөр 10.00 цагаас Д.Сүхбаатарын талбайд болсон бөгөөд нээлтэд нийт 790 гаруй мотоциклчид оролцов. Мотоциклчид Төв талбайгаас цуваа болон Тэрэлж дэх “Мондэ” амралтын газар луу хөдлөжээ.

Тус амралтын газарт тусгайлан зассан мото наадмын талбайд 300 мотоциклын үзэсгэлэн зохион байгуулагдана. Мөн орой нь “Харанга”, “Хурд”, “Нисванис”, “Булсара”, “Жонон”, “Аравт”, “Empire”, “Аадар” гэх мэт хамтлагууд, реппер Gee, Desant, NMN, дуучин Gang, DJ Zaya, Tuvshin, Ladies, уран нугаралт, циркийн үзүүлбэрүүдийг үзүүлэх ажээ.

Харин өнөөдрийн уралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүлж явжээ. Тэрбээр мотоциклын спортын хорхойтон бөгөөд энэ арга хэмжээг нээн парадад оролцов.

Categories
гадаад мэдээ

ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт болж байна

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/-д оролцогч улсуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалт өнөөдөр Хятадын Шаньдун мужийн Циндао хотод эхэлж байна. 18 дахь удаагийн тус уулзалт нь ШХАБ-д Энэтхэг болон Пакистан улс нэгдэн орсноос хойш анх удаа болж байгаа юм.

Дээд хэмжээний уулзалт албан ёсоор 9-нд эхэлж байгаа. Гэхдээ энэ өдөр Циндаод хүрэлцэн ирж буй улс орнуудын удирдагчидтай хоёр талын уулзалтууд хийх юм. ШХАБ-ын гишүүн орнуудаас гадна ажиглагч болон яриа хэлэлцээний асуудлаархи түнш орнуудын төрийн тэргүүнүүд хоёр талын харилцаа, бүс нутаг хийгээд олон улсын асуудлаар санал бодлоо солилцох боломжтой юм.

Түүнчлэн өнөөдөр орой болох ёслолын зоогны үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин уулзалтад оролцогчдод болон зочдод мэндчилгээ дэвшүүлэх юм байна. Харин ням гарагт буюу маргааш ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүдийн зөвлөлийн хуралдаан болох бөгөөд энэ үеэр тус байгууллагын ойрын жилүүдийн хөгжлийн чиг хандлагуудыг тодорхойлох олон тооны баримт бичигт гарын үсэг зурах аж. Уулзалтын үеэр талууд ШХАБ-ын үйл ажиллагааг сайжруулах цаашдын алхмуудыг хэлэлцэхийн сацуу аюулгүй байдал, терроризмтай тэмцэх, эдийн засаг, хүмүүнлэгийн зэрэг эн тэргүүний чиглэлээр хамтын ажиллагаагаа хөгжүүлэх асуудлуудыг авч хэлэлцэх төлөвтэй байна хэмээн ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков өмнө нь дурдаж байсан юм.

ШХАБ нь 2001 оны 6 дугаар сарын 15-нд байгуулагдаж байсан юм. Одоогоор Орос, Хятад, Энэтхэг, Пакистан, Казахстан, Киргизстан, Тажикистан болон Узбекистан улс нь ШХАБ-ын гишүүн орнууд бол Беларусь, Афганистан, Иран болон Монгол улс нь ажиглагч орны статустай юм. Үүнээс гадна Армени, Шри Ланка, Непал, Камбож, Турк болон Азербайжан улсууд нь ШХАБ-ын яриа хэлэлцээний асуудлаархи түнш орнууд юм.

Categories
мэдээ нийгэм

Мал аж ахуйн салбарт үр нөлөөтэй төслүүд дэмжигдэж байна

Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн хурал болж байна. Зөвлөлийн бүрэлдэхүүнд салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, хувь нэмрээ оруулсан эрдэмтэн, мэргэдийн төлөөлөл багтсан байдаг. Хурлаар, ХХААХҮЯ-ны захиалгаар 2014-2017 онд хэрэгжүүлсэн шинжлэх ухаан, технологийн төслийн үр дүнг хүлээн авах, эсэх асуудлыг хэлэлцэж байгаа юм.

Энэ хугацаанд нийт 12 төслийг хэрэгжүүлэн бөгөөд 24 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчдийн баг томилогдон эдгээр төсөлд үнэлгээ өгсөн бөгөөд 7 төсөл нь 70 хувиас дээш, 5 төсөл 70 хувиас бага үнэлгээ авчээ.
Төслүүд дотор “Мал эмнэлгийн клиникийн үйлчилгээний хүртээмж, чанар, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх арга механизмыг тогтоох судалгаа”, “Шүлхийгээс сэргийлэх олон цэнт вакцины технологи, үйлдвэрлэл, халдваргүйтгэлийн цогц арга хэмжээ” зэрэг мал аж ахуйн салбарт үр ашигтай, ач холбогдолтой төсөл хэрэгжүүлсэн бөгөөд дэмжигдсэн гэдгийг энд дурдах хэрэгтэй. Ийнхүү зөвлөлийн гишүүд төсөл нэг бүрийн танилцуулгыг сонсож, санал шүүмжийн хэлж, тухайн төслийг хүлээн авах эсэхээ олонхийн саналаар шийдвэрлэж байна. Салбар зөвлөлийн хурал үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

“ЗҮРХНИЙ ДУТАГДЛЫН ӨДӨРЛӨГ” боллоо

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судлалын тасгийн эмч мэргэжилтнүүд зүрхний архаг дутагдалтай иргэд, тэдний ар гэрийнхэнд зориулан “Зүрхний дутагдлын өдөрлөг”-ийг 2018 оны 6 сарын 4-нд зохион байгуулж, нийт 100 гаруй эмчлүүлэгч, иргэд, эмч, мэргэжилтнүүд хамрагдлаа. Өдөрлөгийг нээж Улсын гуравдугаар төв эмнэлгийн дарга, АУ-ны доктор Ц.Төмөр-Очир үг хэлэв. 2 дахь жилдээ уламжлал болгон явуулж буй өдөрлөгөөр зүрхний архаг дутагдлын үеийн амьдарлын хэв маяг, хоол болон эмийн эмчилгээний талаар сургалт явуулж /”Зүрхний дутагдал гэж юу вэ?”, “Зүрхний дутагдалтай ч аз жаргалтай амьдрах нь”, “Зүрхний дутагдлын үеийн тогтмол эмчилгээний ач холбогдол”, “Зүрхний дутагдлын эмчилгээний шинэ боломжууд”, “Зүрх судасны өвчний үеийн хоол хүнс”, “Дасгал хөдөлгөөний ач тус”, “Өдөр тутамд та бидний анхаарах зүйлс зөвөлгөө”, “Эрүүл мэндийн даатгалын зөвлөгөө”, “Эмчлүүлэгч болон ар гэрийнхэнд зориулсан нэмэлт зөвлөгөө”/ зэрэг нийт 8 илтгэл тавьж, 3 төрлийн 200 гаруй гарын авлагыг тараав.

Categories
мэдээ нийгэм

Цахим эмийн жор бичилтийн явцын талаар цахим хурал хийлээ

Эрүүл мэндийн яамнаас Эрүүл мэндийн даатгалын санг цахим системд 4-р сарын 1-нээс шилжүүлж мэдээллийн технологийг сайжруулан өрхийн эмнэлэг, эмийн сангийн хооронд, цахим эмийн жор бичилтийг нэвтрүүлж эхлээд байна. Цахим програм хангамжийг нэвтрүүлснээр тусламж, үйлчилгээний талаарх мэдээлэл, тусламж үйлчилгээний чанар болон зардалд тавих хяналт сайжрах болно.

Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй эмийг иргэдэд олгож байгаа цахим эмийн жор бичилтийн явцын талаар Эрүүл мэндийн яамнаас аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудтай цахим хурал хийлээ.

Тус хурлыг ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд удирдаж, Эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин, ЭМЦМХ-ийн дарга Т.Батбилэг, Эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэлийн хэлтсийн дарга М.Уранчимэг, ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг, холбогдох мэргэжилтнүүд, Нийслэлийн ЭМГ-ын орлогч дарга Л.Зэндмаа, Ерөнхий мэргэжлийн тусламж, үйлчилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Ганцэцэг нар оролцлоо.

Аймгуудаас Эрүүл мэндийн газрын дарга, Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга, холбогдох, мэргэжилтнүүд, эрүүл мэндийн даатгалын тасгийн дарга, өрхийн эрүүл мэндийн төвийн ахлагч, эмийн сангийн эрхлэгч нар холбогдлоо.
ЭМЦМХ-ийн дарга Т.Батбилэг Эрүүл мэндийн даатгалын цахим бүртгэл мэдээлэл, цахим жор бичилтийн явцын талаар танилцуулав.
Аймгийн оролцогч нар цахим жор бичилтийн сайн тал болон хөдөө орон нутагт интернетийн хурд удаан, компьютер, принтер дутагдалтай байгаа зэргээс шалтгаалан хүндрэл тохиолдож байгаа талаар харилцан ярилцаж санал солилцлоо.
Цахим хурлын төгсгөлд ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд, ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг нараар ахлуулсан баг Орхон, Дархан-Уул аймагт Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй эмийн олголт, цахим жор бичилтийн байдалтай газар дээр нь очиж танилцах тухай мэдэгдэв.