Categories
гадаад мэдээ

ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаан эхлэлээ

Өнөөдөр ШХАБ-д оролцогч улсуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаан БНХАУ-ын Циндао хотноо эхэлж байна.

БНХАУ-ын дарга Си Жиньпин ШХАБ-д оролцогч улсуудын төрийн тэргүүн нарт мэндчилгээ дэвшүүлжээ. Тэрбээр хуралдааныг даргалан явуулах юм.

Үүний дараа ажиглагч орнуудын төрийн тэргүүнүүд болон олон улсын хэд хэдэн байгууллагын төлөөлөгчдийг оролцуулсан өргөтгөсөн хуралдаан болох юм.Түүнчлэн ШХАБ-ын ойрын жилүүдийн хөгжлийн чиг хандлагуудыг тодорхойлох баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслол болох аж. Үр дүнгийн гол улс төрийн баримт бичиг нь Циндаогийн тунхаглал байх юм.

ШХАБ нь 2001 оны зургадугаар сарын 15-нд байгуулагдаж байсан юм. Одоогоор Орос, Хятад, Энэтхэг, Пакистан, Казахстан, Киргизстан, Тажикистан болон Узбекистан улс нь ШХАБ-ын гишүүн орнууд бол Беларусь, Афганистан, Иран болон Монгол улс нь ажиглагч орны статустай юм. Үүнээс гадна Армени, Шри Ланка, Непал, Камбож, Турк болон Азербайжан улсууд нь ШХАБ-ын яриа хэлэлцээний асуудлаархи түнш орнууд юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Манай бөхчүүд дөрвөн жинд аваргалав

Чөлөөт бөхийн дэлхийн чансаа олгох “Моngolia open-2018” олон улсын уламжлалт тэмцээн өчигдөр “Буянт-Ухаа” спортын ордонд эхэллээ.

Эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 86, 97, эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 65, 72 кг-ын жингийн барилдаан болж, Монгол, ОХУ-ын бөхчүүд тус бүр дөрвөн жинд аваргалсан бол Казахстаны эрэгтэй бөхчүүд хоёр жинд түрүүлэв.

ДАШТ-ий хошой хүрэл медальт, Азийн аварга, гавьяат тамирчин Э.Бэхбаяр сүүлийн дөрвөн жил дараалан жиндээ түрүүллээ. Түүнчлэн Азийн АШТ-ий хошой хүрэл медальт, залуучуудын дэлхийн аварга Э.Даваачимэг мөн л дөрөв дэх удаагаа аваргалж, ОУХМ Б.Шоовдор, З.Болортунгалаг анх удаа жиндээ тэргүүлэв.

Манай хойд хөршийн бөхчүүдээс Якутын Виктор Рассадин, Буриадын Арсалан Будажапов, Кемеровогийн Валерия Чепсаракова нар Улаанбаатарын дэвжээнд хоёр дахиа түрүүлсэн. Ялангуяа эрэгтэйчүүдийн 74 кг-д Будажапов шигшээ барилдаанд “Монголиа Опен”-ий зургаан удаагийн аварга, манай гавьяат тамирчин Г.Мандахнаранг 6:2-оор ялж алтан медалийн тавцанд зогсов.

Мөн Ц.Цогбадрах, Г.Ганхуяг, Б.Намхай, Б.Халиунаа, Б.Энхцэцэг нарын залуу тамирчид “Монголиа Опен”-д анхны медалиа зүүцгээлээ.

Өнөөдөр тэмцээний эрэгтэйчүүдийн 61, 70, 79, 92, 125, эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 68, 76 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, П.Орхон, О.Насанбурмаа, Э.Ням-Очир, ДАШТ-ий медальт ОУХМ Э.Сумъяа, Б.Одончимэг нарын тэргүүтэй шилдгүүд зодоглоно.

ЭХНИЙ ӨДРИЙН ДҮН:
Эрэгтэйчүүдийн 57 кг (22 бөх): 1. Эрдэнэбатын Бэхбаяр (Монгол) 2. Хуреш-оол Дондук-оол (ОХУ) 3. Цэвээнсүрэнгийн Цогбадрах, Содномдашийн Батболд (хоёул Монгол)
65 кг (30): 1. Виктор Рассадин (ОХУ) 2. Сиятбек Окассов (Казахстан) 3. Батчулууны Батмагнай, Батболдын Номин (хоёул Монгол)
74 кг (14): 1. Арсалан Будажапов (ОХУ) 2. Ганзоригийн Мандахнаран (Монгол) 3. Диньяр Кайсанов (Казахстан), Жасмит Сингх Пулка (Канад)
86 кг (11): 1. Адилет Давлумбаев (Казахстан) 2. Ганбаатарын Ганхуяг (Монгол) 3. Сиао Сун (БНХАУ), Элхан Рамос (Пуэрто-Рико)
97 кг (8): 1. Бакдаулет Алментай (Казахстан) 2. Өлзийсайханы Батзул 3. Батдоржийн Намхай (хоёул Монгол), Алдар Хамаев (ОХУ)
Эмэгтэйчүүдийн 50 кг (7): 1. Валерия Чепсаракова 2. Елена Вострикова 3. Анжелика Ветошкина (бүгд ОХУ)
55 кг (7): 1. Эрхэмбаярын Даваачимэг 2. Баяраагийн Халиунаа 3. Батбаатарын Энхцэцэг (бүгд Монгол)
59 кг (7): 1. Баатаржавын Шоовдор (Монгол) 2. Светлана Липатова 3. Вероника Чумикова (хоёул ОХУ)
65 кг (4): 1. Зоригтын Болортунгалаг (Монгол) 2. Юлья Пронцевич (ОХУ) 3. Хүрэлхүүгийн Болортуяа (Монгол)
72 кг (4): 1. Татьяна Колесникова (ОХУ) 2. Амгаланбаатарын Чанцалнямаа 3. Пүрвээгийн Номин-Эрдэнэ (хоёул Монгол)

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзлаа

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор БНХАУ-ын Чиндао хотод хүрэлцэн ирээд буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар нөхөрсгөөр мэндчилж, хоёр улсын харилцаа өргөжин тэлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол-Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээ Улаанбаатар хотод амжилттай болж өндөрлөсөн талаар дуулгаж цаашдаа эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр болон бүхий л салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Мөн хоёр улсын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын одоогийн дэд бүтцийг шинэчлэх ажлыг хоёр улсын оролцоотой эхлүүлж бодит ажил хэрэг болгох санал тавьсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нарын Владивосток хотод уулзаж, тохиролцсоны дагуу “Монгол-Оросын санаачилга-2018” арга хэмжээ амжилттай болсныг Монгол Улсын Ерөнхийлөгч мөн уулзалтын үеэр онцлон дурдав.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин ОХУ-ын нутгаар, төмөр замаар дайран өнгөрөх Монголын транзит ачаанд тарифын хөнгөлөлт үзүүлэх тухай хэлэлцээрт “Монгол-Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээний үеэр гарын үсэг зурсан нь Монгол Улсын эдийн засагт өндөр ач холбогдолтой гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.
Мөн ирэх жил тохиох Халх голын дайны ялалтын 80 жилийн ойг хамтран тэмдэглэх, цэрэг батлан хамгаалахын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах, тоног төхөөрөмж нийлүүлэх боломж гэх мэт олон асуудлаар талууд санал солилцож ярилцлаа.

Categories
мэдээ улс-төр

БНХАУ-ын дарга Си Жиньпин Ерөнхийлөгчийг угтан мэндчиллээ

БНХАУ-ын Чиндао хотод болж буй ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 18-р хуралд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр ШХАБ-ын гишүүн, оролцогч орнууд болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцож байна.

Хуралдаанд оролцохоор ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг БНХАУ-ын дарга Си Жиньпин угтан мэндчилж, ШХАБ-ын гишүүн, оролцогч орнууд болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн тэргүүн нар дурсгалын зураг авахуулснаар өргөтгөсөн хуралдаан эхлэв.
Categories
мэдээ цаг-үе

“Хамгийн дундаас онцгой”-н Жавзмаа

Г.Жавзмаа хань Г.Гончигсүрэнгийн хамт. 1960-аад он

Дарьгангын уудам тал нутгаас жараад жилийн тэртээ аялгуут сайхан эгшигээ цацрааж, өнөөдрийг хүртэл эх орныхоо өнцөг булан бүрт төдийгүй, таван тивийг дамнан дуулагдсаар байгаа, монголчуудын дэндүү сайн мэдэх, чухамдаа ардын дуу болтлоо сэтгэл зүрхэнд хоногшсон “Хамгийн дундаас онцгой” дууны эзэн буурай, энэ цаг үеийг хүртэл дарууханаас даруухан амьдарсаар жар орчим жилийг ардаа орхисныг харин бид хэр зэрэг мэдэх билээ. Тухайн үедээ нутаг орондоо Соёлын хэлтсийн зааварлагч, Соёлын ордны дарга зэрэг дээгүүр алба хашиж явсан Готовын Гончигсүрэн гэдэг залуугийн хайрын галыг өдөөж, улмаар утга төгөлдөр сайхан дууны шүлэг бичих хүртэл нь хөглөсөн энэ хүн бол 1943 онд Сүхбаатар аймгийн Онгон сумын нутагт төрсөн Галсанжамцын Жавзмаа юм. Эдүгээ нийслэл хотноо үр хүүхэд, ач, гуч нараа тойруулан, далай жаргалаа эдлэн суугаа буянтай буурал маань нас сүүдэр дал хол давсан ч тавин хэдтэй нэгэн шиг жавхалзан байх ажгуу. Сэтгүүлч хүний сониуч зандаа хөтлөгдөн очсон намайг Г.Жавзмаа гуай элгэмсэгээр угтаж, нутгийн хүмүүсийн ёсоор хэл, яриа ч нийцэж эхлэв…

Аймгийн төв орж ажил хийхээр 17 настай охин Г.Жавзмаа 1959 оны шинэ дээр сумаасаа анх удаа алсын аянд дөрөөлсөн нь Г.Гончигсүрэн гэдэг шавилхан бор залуутай танилцах тавилан заяаны нь эхлэл байв. Ахынх нь аймгийн төвөөс холгүй Амгалан хошуунд байх. Тэнд туйпуу үйлдвэрлэдэг жижигхэн цех байжээ. Үе, үе аймгийн төвийн албан байгууллагын ажилтан, ажилчид ирж субботник хийнэ. Аймгийн захиргааны Соёлын хэлтсийн зааварлагчын алба хашиж байсан Г.Гончигсүрэн нарын залуус мөнөөх туйпууны цехэд ажиллахаар ирсэн 1959 оны тэр нэгэн өдөр тэд анх танилцжээ. “Залуу хүмүүсийн ёсоор жирийн л танилцлаа” гэж бодож явтал, хэд хоногийн дараа мөнөөх Г.Гончигсүрэнгээс гурвалжлан нугалсан бяцхан зурвас ирж, хайр сэтгэлийнтухай цухалзуулсанд нь учиргүй их гайхаж, бас ичингүйрэв. Дараа, дараагийн захиануудаа шил даран илгээсэн ч түүнийг нь авсан эсэх нь үл мэдэгдэн, шийдтэй хариу өгөхгүй л яваад байж. Бүр арга ядахдаа дүү нарт нь орхичихоод явчихна. Энэ байдлыг анзаарсан ахынх нь охин, хожмоо Химийн ухааны доктор болсон Г.Дулмаа эгч нь ятгаснаар, басчиг наанатай, цаанатайг бодох болов. Нэг өдөр Г.Дулмаа эгч нь “Аймгийн төв орж концерт үзье” гээд түүнийг дагуулан явав. Нэг мэдсэн, мань Г.Гончигсүрэн хажууд нь ирээд суучихсан байх нь тэр. Санаа нь зовоод олигтой ч юм ярьсангүй, “Энэ концерт бушуухан дуусаасай” гэсэн шүү юм л бодож суужээ. Харин тэр цагаас хойш сэтгэл нь нэг л өөр болох янзтай. Тийн байтал 1960 он ч гарав. Тэр жилийн зун Тэрбиш гэдэг зураачийн хамт гурвуул Онгон сум орохоор мотоциклтой гарч өгчээ. Хөдөө хээр түр буудаллаж байхдаа “Би чамд зориулж ийм нэг шүлэг бичсэн” гээд:

Ганган байгалийг тольдуулсан

Гангын нуур нь цэлгэр дээ!

Хайртай хоёрын харц нь

Хамгийн дундаас онцгой доо!… гээд уншихад нь нэг их баярлаж хөөрсөн ч үгүй, төдийлөн юм ч бодсонгүй, тэгэсгээд л өнгөрчээ. Аймагт олигтой ажил олдоогүй учир гэртээ үлдэхээр шийдэхэд нь Г.Гончигсүрэн, тэд яаж дуртай байхав. Тэгээд аргагүйн эрхэнд гэрт нь үлдээгээд буцжээ. Гэтэл хэдэн сарын дараа, нөгөөх зураач Тэрбиш нарын хэдэн хүний хамт бэр буулгахаар гэнэт ирж аав, ээжийг нь сандралд оруулав. Тэр үед Г.Жавзмаа гуай үнээгээ саагаад сууж байжээ. Баахан мотоциклтой хүмүүс ирэхэд нь ичээд гэртээ ч орж чадахгүй байв. Хүний эх болсон хойно ээж нь хүрч ирээд “Энэ улсууд чинь миний охиныг авахаар ирсэн юм гэнээ” гэж хэлээд буруу харан нулимсаа арчихад нь өөрөө ч бас тэссэнгүй. Ийнхүү 1960 оны есдүгээр сарын 1ний өдөр бараг богтлогдохоос наагуур юм болж байж, Сүхбаатар аймгийн төвд Г.Гончигсүрэнгийнх гэдэг айл гал голомтоо бадрааж, ууган хүү Г.Наранбат нь дараа жилийнх нь есдүгээр сарын 17-ны өдөр мэндэлж, залуу гэр бүлд аз жаргал авчирсан нь юутай сайхан байсан гэхэв. Мөн нэг жилийн дараа удаах хүү Г.Баттулга нь мэндэлж, улмаар охин Г.Наранцэцэг, Г.Оюунбат нарын дөрвөн сайхан үрийн зулай үнэрлэж, бусдын адил эгэл жирийн л сайхан амьдарцгааж байв. “Хамгийн дундаас онцгой” шүлгэнд нь аймгийн Соёлын ордны хөгжмийн багш, хожмоо Монгол Улсын гавьяат жүжигчин болсон Б.Доржсүрэн эсгэлэн сайхан аялгуу зохиож, түүний хань, ард түмэндээ “Алтан гургалдайн хоолойт” хэмээн алдаршсан, нэрт дуучин Ш.Ичинхорлоо анхлан дуулж, Монголын радиогийн алтан сан хөмрөгт орж, улмаар төд удалгүй Монголын уран сайхны “Улаанбаатарт байгаа миний аавд” кинонд, мөн хожмоо Монгол Улсын Ардын жүжигчин болсон Л.Жамсранжав аргагүй сайхан дуулсан зэрэг аз жаргалаар гийсэн өдрүүд ар араасаа цуварсаар л байлаа.

Тэрээр амьд сэрүүндээ “Юм гэж мөн ч сонин юм даа. Миний муу ганц дуу ингэж кинонд мөнхрөнө гэж бас байдаг аа гээд л шагширч байсан даа” гэж хань нь хуучилж байна. Г.Жавзмаа гуай аймгийн Соёлын ордонд кассчин, мөн орон нутгийг судлах музейд ажиллаж, Санхүүгийн мэргэжилтэй Г.Гончигсүрэн гуай аймгийнхаа Гэрэл зургийн салбарын эрхлэгчээр ажиллаж, амьдрал ид тэгшрэх насанд хайрт хань нь хүнд өвчнөөр өвчилж, 1973 онд нийслэл хотноо ханиа эмчлүүлэхээр шилжин ирсэн ч, засрал авалгүй байсаар, мөн ондоо цэл залуу 41хэн насандаа бурхны орныг зорьсон нь юутай их харамсал билээ. Хэрвээ амьд сэрүүн байсан бол өөр хичнээн олон дуу шүлэг тэрлэх байсныг хэн ч үгүйсгэхгүй дээ. Ямартаа л, наяад оны үед, “Сүхбаатарын зам” сонины эрхлэгчээр олон жил ажилласан, сэтгүүлч Ш.Бат-Өлзий нэгэнтээ Г.Жавзмаа гуайд “Өвгөний чинь бичсэн олон арван шүлэг, зохиолтой зузаан дэвтэр надад хадгалагдаж байгаа. Та нартаа өгнө” гэж ярьж байсан ч удалгүй,мөн бурхны орноо одож, тэр дэвтрийн хувь заяа чухам хэрхсэн нь мэдэгдэхгүй төгсвөр болжээ.

Г.Жавзмаа гуайг найз нөхөд нь “Ганган байгалийн Жавзмаа” гэж авгайлсаар л байгаа авай. Тийм ээ, ард түмэндээ “Ганган байгаль” нэрээрээ алдаршсан энэ дууны жинхэнэ нэр нь “Хамгийн дундаас онцгой” гэдгийг тодотгохын ялдар, хайрт хань Г.Жавзмаагаа чин сэтгэлээсээ хайрлан байж өгсөн нэр болохыг нь мэргэн уншигчид одоо ойлгосон байх аа. Нэгэн насны ханиа хорвоогийн мөнх бусыг үзүүлснээс хойш Г.Жавзмаа гуай Байгалийн түүхийн музей, Чойжин ламын музей, Богд хааны музейд тасралтгүй ажиллаж, өнчирч үлдсэн дөрвөн үрээ хүний дайтай өсгөхийн төлөө “Гадаа гарч эр, гэрт орж эм” болж явсаар, бүгдэд нь боловсрол эзэмшүүлснээр, ууган хүү Г.Наранбат нь эдүгээ Америкт ажиллаж, амьдарч байгаа бол удаах хүү Г.Баттулга нь “Улаанбаатар” телевизэд олон жил зураглаачаар ажиллаж, сүүлийн жилүүдэд кино урлагт тууштай зүтгэж, “Аравт”, “Мойлхон”, “Жексон амьд”, “Худалч залуу”, “Зөрлөг” зэрэг 20 гаруй уран сайхны киноны ерөнхий зураглаачаар ажилласны зэрэгцээ, сүүлийн жилүүдэд урилгаар Өвөр монголд ажиллаж, “Амьдрах сайхан”, Торгууд ван” зэрэг олон ангит уран сайхны киноны ерөнхий зураглаачаар ажилласан чадварлаг уран бүтээлч гэдгийг хэлэх юун.

Телевизэд хийсэн нэвтрүүлэг гэвэл “Цэнхэр дэлгэц-1,2,3”-аас өгсүүлээд жил бүрийн баяр наадмын нэвтрүүлэг, “Марзан Шарав” баримтат кино гээд л 4000 гаруй нэвтрүүлгийн дундаж тооцоо гардаг аж. Харин охин Г.Наранцэцэг нь улсын II төв эмнэлгийн Номын санч, удаах охин Г.Оюунбат нь Хувийн үйлдвэрийн эзэн гээд бүгд л ариун цагаан хөдөлмөрийнхөө үр шимийг хүртсэн, өнөр өтгөн айл өрх болсон нь Г.Жавзмаа гуайг үр хүүхдүүдээ ямар хэмжээнд өсгөж хүмүүжүүлснийг нь тодотгох гэсэн зорилгыг агуулсан билээ.Зураглаач Г.Баттулга аавынхаа тухай “Би дөнгөж 2 дугаар ангид сурч байсан болохоор тэр бүрийг сайн мэдэхгүй л дээ. Харин нэг тохиолдлыг бүдэг бадаг санадаг юм. Манай аав фото зураг, тэр дотроо ан амьтан, байгалийн зургийг их сонирхдог хүн байжээ.

Мөн ан гөрөөнд ч дуртай байсан байх. Одоо бодох нь ээ, Дарьгангын амралт руу тарвагачилах далимаар явсан санагдана. Нэг өдөр намайг дагуулаад АлтанОвоон дээр гараад “Миний хүү аавтайгаа хамт овоон дээр гарсан гэж хүнд хэлж болохгүй шүү” гэж хэлж байсан юм. Ер нь аавын талын ахан дүүс нь гарын ур дүй сайтай, Баяндэлгэр сумандаа “Тувааныхан” гэж алдаршсан хүмүүс байсан юм билээ. Аавын ах Г.Нацагдорж гэдэг хүн Төв Хороонд, улмаар гадаадын Элчин сайдын яаманд ажилладаг байсан. Ардын зураач Д.Амгалан гэдэг хүн аавын хамаатан байсан. Тухайн он жилүүдэд ажнай хурдан хүлэг гэж алдаршиж байсан “Нийгмийн хонгор” морины зургийг манай аав авсан юм шүү дээ. Нэг хэсэг айл бүрийн жаазанд тахигддаг байсан даа” гэж өөрийн мэдэхийг ярьсан нь үнэтэй баримт билээ. Хайрын сайхан дууны шүлэг бичиж, тэр нь хэдэн зууныг дамнан өртөөлөх хувь тавилангийн эзэн болсон ч, түүнийхээ үр шимийг хүртэж амжилгүй тэнгэрийн орноо шүлэг найрагаа тэрлэхээр одсон Готовын Гончигсүрэн 1932 онд Сүхбаатар аймгийн Хонгор сум буюу олноо “Байшинтын дивиз” хэмээн алдаршсан тэнүүн сайхан нутагт айлын хоёр дахь хүү болон мэндэлжээ. 1968 онд Хонгор сум Баяндэлгэр сумтай нэгдэж, Хонгор бригад байгуулагдаж, хожмоо баг хэмээх нэртэй болж, засаг захиргааны анхан шатны нэгжийн үйл ажиллагаагаа явуулсаар байгаа билээ. Сүхбаатарчуудын сүлд дуу болон мөнхөрсөн “Хамгийн дундаас онцгой” дууны гэрэлт хөшөөг тус аймгийн “Жаахан шарга” театрын үүдэнд 2009 онд босгож, тэдний ариун хайрын бэлгэдлийг нь үеийн үед мөнхөлсөн байна. Найман настнаас наян настнаа хүртэл мэдэх энэ сайхан дууны шүлэг цааш:

Дагшин дуутын ус нь

Тунгалаг болоод арвин даа

Дассан хоёрын сэтгэлийг

Түүнтэй яаж зүйрлэх вэ

Нуурын ус нь арвин бол

Нутаг газартаа чимэгтэй дээ

Нийлсэн хоёр нь үнэнч бол

Нийтийн дундаа онцгой доо гэж өрнөдөг билээ. Ер нь, аливаа уран бүтээлчид,бичсэн бүтээл туурвилдаа заавал нэгийг урьдчилан зөн совингоороо мэдэрсэн байдгийн жишээ нь:

Нуурын ус нь арвин бол

Нутаг газартаа чимэгтэй дээ… гэсэн хоёр шад мөрнөөс тод харагдаж байна. Жараад жилийн тэртээ энэ хүн Ганга нуураа хайрлахын утга учрыг ийнхүү шүлгийнхээ мөрөөр сануулж байжээ. Гэтэл өнөөдөр Ганга нуурын маань хувь заяа ямархуу хэмжээнд байгаа билээ дээ…

Ариун нандин хайрын бэлгэдэл болсон “Хамгийн дундаас онцгой” дууны эзэн Галсанжамцын Жавзмаа гуайдаа зуу наслахын ерөөл өргөж,танд зориулсан аялгуут сайхан дуу тань нэгэнт ардын дууны хэмжээнд хүрснийг дахин тодотгоод,энэхүү сурвалжилсан тэмдэглэлдээ цэг тавиму!

МЗЭ-ийн шагналт, зохиолч, сэтгүүлч Г.БААТАРНУМ

Categories
мэдээ цаг-үе

Таван толгой хөдлөхөд бэлэн үү?


Ерөнхий сайд У.Хүрэлсүх Таван толгойг цогцоор нь хөдөлгөе гэж дуугарлаа. Цахилгаан станцтай нь, төмөр замтай нь, баяжуулах үйлдвэртэй нь хөдөлгөнө гэдэг шинэ санаа биш л дээ. Хэдэн засаг дамжиж яригдаад шийдлээ олоогүй асуудал. Төслийн 30 хувьд IPO гаргана гэсэн өгүүлбэр Ерөнхий сайдын шийдэл дунд дурайж буй. IPO гаргаад 4.7 тэрбум ам.доллар босгоно гэдэг уг нь гоё өгүүлбэр. Гүйцэтгэх засаглалын тэргүүн ингэж олсон мөнгөөрөө Таван толгойн авто зам, төмөр зам, баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, нүүрс химийн үйлдвэр барих боломжтой гэж намын бүлэгтээ тайлбарлаж байгаа. Бас л гоё санаа. Ерөнхий сайд гайхалтай зоримог шийдвэр гаргалаа, гэхдээ энэ санаа нь улс төрийн өөр том бүлэгтэй нүүр тулна, Таван толгойг цогцоор нь хөдөлгөх санааг дэмждэггүй улстөрчидтэй байлдаад дийлвэл том төслөө хөдөлгөчихнө дөө гэх маягийн дүгнэлтүүд хэвлэлээр хөврөөд эхэллээ. Таван толгойн хувьцааг амь оруулах засгийн хувилбар Ерөнхийлөгчийн санаа зоригтой нийцээд том төслөө хөдөлгөчих байх гэх мэт таамаг ч дуулдаж байна. Улс төрийн цонхоор харвал тийм байх. Гэхдээ эдийн засаг гэж айхавтар том шалтгаан бий. Улстөрчид нь хичнээн сайхан санаа гаргаад ажил болоогүй жишээг өнгөрсөн түүхээс шүүрдвэл өчнөөнөөрөө тоологдоно. Дээр байгаа хэдийн нийгэмд таалагдах гэж бодож олсон санаанууд эдийн засгийн бодит боломжтой нүүр тулаад үнс болдог нь бодит үнэн.

Таван толгойн төмөр зам дээр Засгийн газар судалгаагүй хандаж байна гэсэн шүүмжлэлийг төмөр замын зөвлөх инженер Л.Пүрэвбаатар манай сонины өчигдрийн дугаарт өгсөн ярилцлагадаа онцолсон. Энэ удаа Таван толгойн хувьцааны 30 хувийг арилжаалаад 4.7 тэрбум ам.доллар босгох санаа бодит ажил болох уу гэдэг асуултад хариу хайлаа.

Д.АНГАР: IPO ГАРГАХ САНАА ОЙРЫН ХЭДЭН ЖИЛДЭЭ АЖИЛ БОЛОХГҮЙ

Таван толгойн хувьцааны 30 хувийг арилжаад 4.7 тэрбум ам.доллар босгох санаа өнөөхөндөө амилахгүй гэж хөрөнгийн зах зээлийнхэн онцолж байна. Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар саяхан “Олон улсын хөрөнгийн биржийн босгыг давж хөрөнгө босгох шаардлагатай. Дотоодын Таван толгой компанийн үнэ тогтмол өсч байгаа. Энержи ресурс компани Хонгконгоос амжилттай хөрөнгө босгосон. Иймд бид олон улсын Хөрөнгийн биржийн шалгуурыг давах ёстой. Үүний тулд ордоо үнэлүүлж, засаглалаа сайжруулъя. Засгийн газар хамтран ажиллах хуулийн болон санхүүгийн зөвлөгөө өгөх байгууллагыг сонгон шалгаруулахаар ажиллаж байна. Дараа нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулна” гэж онцолно лээ. Сайдын яриагаар бол Засгийн газар дотоодын болон олон улсын хөрөнгийн бирж дээр ойрын хугацаанд IPO гаргах санаатай ажиллаж эхэлсэн бололтой юм. “Новел инвестмент” компанийн захирал Д.Ангар “IPO гаргана гэдэг чиглэлийнхээ хувьд зөв. Гэхдээ бэлтгэл алга. Дотоод, гадаадын аль ч зах зээл дээр IPO хийхэд хэцүү. Компанийн засаглал, ил тод байдал, улс төрийн асуудал байна. Засаглал муутайгаас гадна улстөрчдийн шахаа, ил далд завшсан мөнгөний асуудлаа шийдэж чадаагүй ийм үед IPO гаргах боломжгүй. Наад зах нь иргэдийн брокерийн данс гүйцэт нээгдээгүй. Урт цагаан дээр 1072 хувьцааг худалдаж авч байна гэсэн яриа гарах үед хүмүүс брокерийн компаниудын үүдэнд дугаарлан барин дансаа нээлгэсэн дээ. Тэр үед 100 мянган хүний дансыг л нээсэн. Тодруулж хэлэхэд бүтэн жилийн хугацаанд нээсэн гэхэд 100 мянгаар л тоологдож байна. Цаана нь байгаа хоёр сая хүний дансыг нээе гэвэл дор хаяж хоёр, гурван жил шаардлагатай. Ингээд харахаар арилжаанд орох бэлтгэлээ хангахад хэдэн жилийн хугацаа орно” гэж ярилаа.

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд “Энержи ресурс”-ын Хонгконгийн хөрөнгийн бирж дээр IPO хийсэн үйл явдлыг Таван толгойтой холбон жишээ татаж харагдсан. Зах зээлийн зарчмаараа яваа хувийн компанитай төрийн мэдлийн, улстөрчдийн шийдвэр дохиогоор ажилладаг компанийг харьцуулах аргагүй л дээ. Тэнгэр газар шиг ялгаа зөрүү харагдана. Олон улсын хөрөнгийн бирж дээр IPO гаргах наад захын шаардлага гэхэд л сүүлийн 3-5 жилийн санхүүгийн тайлан тооцоо. Үйл ажиллагаа нь хэр цэвэр компани вэ гэдэг асуултын хариу санхүүгийн тайлан тооцооноос ил харагддаг учраас тэр л дээ. Тэгэхээр олон улсын хөрөнгийн бирж адаглаад мөнгөө юунд ямар зорилгоор яаж зарцуулсныг харж байж IPO гаргах эсэхийг шийднэ гэсэн үг. Нүүрсээ зарах явц нь ченжийн тогтолцоотой, компанийн толгойд суугаа улстөрчид нь худалдан авагчидтайгаа ашиг орлогоо хуваасан шигээ аж төрдөг “Эрдэнэс Таван толгой”-н хувьд санхүүгийн тайлан тооцоон дээрээ бүдрэх эрсдэлтэй. Олон улсын хөрөнгийн биржид гаргах шалгуур ингээд зогсохгүй. Бүх тайлан тооцоо, геологийн мэдээ сэлтээ олон улсын стандартаар баталгаажуулах гэх мэт олон босго бий.

Олон улсын хөрөнгийн бирж дээр биш юм аа гэхэд дотоодын хөрөнгийн зах дээр гарчих болов уу гэсэн горьдлого бийг үгүйсгэхгүй. Улс төрийн шийдвэр гаргаад шахвал ажил болж магадгүй. Гэхдээ зах зээлийн жамаараа хөрөнгийн зах дээр амилж, иргэдэд ашиг өгөх боломжгүй гэж салбарынхан нь онцолж байна.


Д.ГАНБАЯР: КОМПАНИЙН ЗАСАГЛАЛ ДЭЭР АСУУЛТЫН ТЭМДГҮҮД БИЙ

Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн дарга Д.Ганбаяраас “Эрдэнэс Таван толгой” компанийн засаглал, үнэлгээ, хөрөнгийн зах зээл дээр хувьцааг нь арилжаалах боломжийн талаар зарим зүйлийг тодруулсан юм.


-Одоогоор “Эрдэнэс Таван толгой” хаалттай хувьцаат компани байгаа. Нээлттэй хувьцаат компани болж хувьцаагаа гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалах боломж нөхцөл нь бүрдсэн үү?

-Таван толгойг зургаан тэрбум тонн нөөцтэйгөөс гадна нүүрсний давхаргын метан хийтэй гэж ярьдаг. Метаны нөөц, олборлох арга, хөрөнгө оруулалтын дүн гэх мэт асуудал тодорхой болох учиртай. Геологийн судалгаа хийгээгүй, хэдий хэмжээний нөөцтэйгөө тооцоогүй, хорь, гучин жилийн өмнөх судалгаандаа тулгуурлаж яваа гэх мэт сул тал бий. MMC-гийн хувьд Хонгконгийн биржид гарахдаа нөөцийнхөө судалгааг JORC стандартаар тооцсон. Хөрөнгөө балансдаа суулгаагүй үедээ хувьцаа гаргах тухай асуудал яригдвал тухайн компанийн хувьцааг худалдаж авах сонирхол хэнд ч төрөхгүй. Хувьцааны хамгийн чухал ойлголтын нэг нь дансны үнэ. Эрдэнэс Таван толгойн нийт хөрөнгийнх нь дүн 11.8 их наяд төгрөг. Нөгөө талд нь өр төлбөр эзэмшигчийн өмч гэж бий. Өр төлбөр нь 613 тэрбум төгрөг. Энэ мөнгийг хасахаар эзэмшигчийн өмч 11.2 их наяд болчихож байгаа юм. 11.2 их наядыг нийт хувьцаандаа хуваахаар нэгж хувьцаанд ногдох эзэмшигчийн өмчийн хэмжээ гарна. Тэр нь багцаагаар 933 төгрөг болов уу. Тодруулж хэлбэл Таван толгойн нөөцийн хувь хэмжээг санхүүгийн тайланд тусгаагүй. Нөөцийн хэмжээг нь тогтоочихвол одоогийн үнэлгээ өснө гэсэн үг. Ийм нарийн мэдээллийг хувьцаа эзэмшигчдэд ойлгуулах хэрэгтэй. Тэгсний эцэст хувьцааг арилжаалвал иргэдэд өгөөжөө өгсөн шийдэл болно.

-Нүүрсний хэрэгцээ ирээдүйд багасна гэсэн мэдээлэл их цацагдаад байхаар иргэдэд хувьцаагаа эртхэн мөнгө болгоё гэсэн сонирхол төрөөд байх шиг…?

-Нүүрс хэзээ ч үнээ алдахгүй. Сансрын хөлгийн гадна талыг нүүрснээс гаргасан элементээр хийдэг. Алмаазны төрлийн элемент учраас хатуу чанарын гэж үнэлэгддэг. Дээрээс нь төмрийг орлох сайн бүтээгдэхүүн. Зэвэрдэггүй, ганддаггүй бүтээгдэхүүн хийдэг юм. Тиймээс бид Таван толгойг томоор харах хэрэгтэй. Хэдхэн төгрөгөөр хувьцаагаа зарах уу, ирээдүйд Эрдэнэс Таван толгойг өгөөжтэй компани болгоод их ашиг хүртэх үү гэдгээ бодох цаг ирсэн.

-Компанийн бодит үнэлгээ сая таны хэлсэн тооцоо судалгаануудыг хийсний эцэст гарч ирнэ. тэгэхээр хөрөнгийн бирж дээр гарахад үнэлгээ бодитой биш гэсэн асуудал байгаа юм байна?

-Хөрөнгийн бирж дээр гарлаа гэхэд үнэлгээ нь тодорхой биш гэсэн асуудал бий. Нэгж хувьцааны үнэлгээг 933 төгрөгөөр гаргалаа гэхэд хувьцааны үнэ унах нь ойлгомжтой. Учир нь түрүүн хэлсэнчлэн компанийн хөрөнгийн хэмжээг үнэлээгүй, нөөцийн хэмжээг тогтоогоогүй. “Эрдэнэс Таван толгой” компанийн зүгээс хувьцаа эзэмшигчдийнхээ хурлын үеэр геологийн судалгаа хийж байгаа, нөөцөө тогтоогоод балансдаа суулгана гэсэн мэдээлэл өгсөн. Тэгснийх нь дараа нээлттэй хувьцаат компани болгоно гэж байгаа юм билээ. Зарчмын хувьд зөв асуудал л даа. Гэтэл нөгөө талаас нээлттэй хувьцаат компани болох ёстой гэсэн улс төрийн шахаа хийх нөхцөл анзаарагдаад байна. Хөрөнгийн зах зээл дээр хүчээр гаргалаа гэхэд иргэдэд өнөөдөр талхны мөнгө чухал байгаа учраас зарах сонирхол давамгайлна. Хувьцаа эзэмшигчдийн эрх талаас харвал цаашдаа үнэлгээ нь ямар байх, өсөх эсэхийг нь тодорхой харахгүйгээр арилжаанд оруулах эрсдэлтэй. Тэгэхээр эхлээд иргэдийг хувьцааны тухай ойлголттой болгомоор байна. Тэр зуур нь компанийнхаа засаглалд анхаарах шаардлагатай. “Эрдэнэс Таван толгой” компанийн засаглалд асуултын тэмдэгүүд бий. Хууль дүрэм өөрчлөх гэх мэт зайлшгүй хийх ажлууд байгаа. Өнөө зун “Эрдэнэс Таван толгой” геологийн судалгаагаа хийчихвэл тайландаа тусгаж таарна. Энэ тохиолдолд ирэх намраас хөрөнгийн зах зээл дээр гаргах нөхцөл боломж бүрдэж магадгүй. Нөөц, ТЭЗҮ-ээ эцэслэж боловсруулсны дараа юу хийх гэж байгаагаа хөрөнгө оруулагчдад танилцуулах хэрэгтэй. Нөгөө талаас хөрөнгө оруулагчид сонирхвол Таван толгойн хувьцааны зах зээлийн бодит ханш тогтоно.

-Компанийн хөрөнгийг үнэлэхгүйгээр хувьцааг нь арилжаанд гаргавал эдийн засаг талаасаа ямар эрсдэл тулгарах бол?

-Компанийн хөрөнгийг үнэлэхгүйгээр 1072 хувьцааг гаргавал шударга бус зах зээл бий болох эрсдэлтэй. 1072 хувьцаа эзэмшигчид энэ компанийн ирээдүй, стратеги цаашдаа ямар байхыг мэдэх эрхтэй. “Эрдэнэс Таван толгой компани” үүнд анхаарах хэрэгтэй.

Categories
мэдээ цаг-үе

Засаг төрийн мэргэн түшээ, зангарагтай зүтгэлтний жинхэнэ жишээ

Энэ хүний нэрийг хэлэлгүй хэдхэн тодотгол хэлэхэд хэний тухай яриа өрнөх гэж буйг Та хялбархан ойлгох болно.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр дөрвөн удаа, Цэцийн даргаар хоёр удаа сонгогдсон, үндсэн хуулийн цэц хэмээх шүүх засаглалын оргил байгууллагад 26 жил ажилласан нэг л эрхэм байдаг нь тэр аж.

Энэ хүн бол Монгол Улсын анхны байнгын ажиллагаатай парламент болох Улсын Бага Хурлын гишүүн, Монгол Улсын гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор, профессор, Монголын үндэсний Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, Монголын эрх зүйн боловсролын академийн Ерөнхийлөгч Наваанпэрэнлэйн Жанцан бөлгөө. Хүмүүс харин түүнийг “Цэцийн Жанцан” л гэдэг юм.

Н.Жанцан шинэ Үндсэн хууль боловсруулж эх барьж авахад биечлэн оролцсон хүмүүсийн нэг. 1990 оны намар Улсын Бага Хурлын гишүүнээр сонгогдсоноос түүний шинэ цагийн намтар эхэлсэн. Тэрбээр 1990-1992 оны зурвас үед ардчилал зах зээлд шилжих эрх зүйн үндсийг бий болгох, түүний дотор шинэ цагийн Үндсэн хууль боловсруулах үйлсэд санаагаа сааж, ухаанаа уралдуулж оролцов. Ялангуяа иргэний болон эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, өмч хувьчлалын, албан татварын, хөдөлмөрийн, тэтгэврийн хуулиудыг боловсруулж гаргахад үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

Улсын Бага Хурал түүхэн үүргээ биелүүлэн дуусч байх үед Үндсэн хуульд заасны дагуу Цэцийн анхны гишүүдийг 1992 оны долдугаар сарын 1-нд томилоход байнгын ажиллагаатай анхны парламентын гишүүд өөрсдийнхөө дундаас Н.Жанцанг Цэцийн гишүүнээр томилсон байдаг. Түүнийг анх нэр дэвшүүлсэн Ерөнхийлөгч П.Очирбат байсан бөгөөд тэрбээр нэгэн дурсамждаа “Тэр үед Цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх өөрийн хувьд ногдсон гурван хүний нэгд Жанцангийн нэрийг дэвшүүлж байсан юм. Хожим нь өнөө Жанцантайгаа Үндсэн хуулийн цэцийн гишүүн гээд хоёул сууж байх юм гэж тэр үед яаж төсөөлөх билээ, зүүдэнд ч орохгүй шүү дээ. Би энэ хүнийг улс төрийн маш их ноён нуруутай, соёлтой, хуулийн асар их мэдлэг, туршлагатай, ер нь Монгол Улсын нийгэм, улс төр, эрх зүйн салбарт үнэ цэнтэй ховор хүний нэг гэж хүндэтгэж, бодож явдаг” хэмээн дурссан буй.

Н.Жанцан Цэцийн гишүүн болсон төдийгүй Цэцийн үйл ажиллагааг эхлүүлж шан татах үүрэг түүнд оногдсон юм.

Тэрбээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэн И.Бадарчийн мэдээллээр Үндсэн хуулийн цэцийн анхны маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн шалгаж, 1992 оны арванхоёрдугаар сарын 2-нд хийсэн хуралдаанаар Орон нутгийн харьяалалтай зарим хот, хороодыг тухайн нутаг дэвсгэрийн суманд нь нэгтгэх тухай УИХ-ын 1992 оны наймдугаар сарын 21-ний 24 дүгээр тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргасан нь Цэцийн үйл ажиллагааны эхлэл байв.

Үүнээс хойш Н.Жанцан Цэцийн гишүүнээр дөрөв дэх удаагаа сонгогдоод буй. Ийм хүн түүнээс өөр байхгүй. Цэцийн анхны даргаар сонгогдох магадлал 1992 онд түүнд их байсан ч багш Г.Совдтойгоо өрсөлдөхөөс татгалзжээ. Ийм боломж 1996 онд Н.Жанцанд хоёр дахиа тохиосон ч мөн л ийм шалтгаанаар нэрээ татав. 1998 онд Цэцийн даргын сонгуульд гурав дахь удаагаа оролцож сонгогдсон байна. Үндсэн хуулийн цэцийн даргыг нууцаар санал хурааж сонгодог бөгөөд Н.Жанцан хоёр удаа энэ албыг хашихдаа 100 хувийн санал авсан, ийм явдал өнөө хэр нь давтагдаагүй байна. Хуулиар Цэцийн даргаар гурван удаа сонгогдох ёсгүй тул дараа нь орлогч даргаар ажиллажээ.

Түүхийн ухааны доктор Ч.Болдбаатар “1990 оны тавдугаар сард улс төрийн намуудын төлөөлөгч, эрх баригчдын хооронд болсон дугуй ширээний хэлэлцээрт Н.Жанцан намаа (МАХН) төлөөлөн оролцсон юм. Энэхүү хэлэлцээр нь эрх баригчид болон өөр өөрийн байр суурь, үзэл баримтлалтай улс төрийн хүчнүүдийг үндэсний зөвшилцөлд хүргэх ихээхэн ач холбогдолтой түүхэн үйл явц байсан” гэж бичжээ.

Үндсэн хуульд 2000 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр улс төрийн намын үүргийг дөвийлгөсөн, Ерөнхийлөгчийн эрхийг хязгаарласан, УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүн байж болох тухай гэх мэт заалтууд орсон нь өнөө хүртэл маргаан тарьсаар байгаа билээ. Тухайн үеийн эрх баригчид Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт нөлөөлөхийг оролдож Н.Жанцан болон бусад гишүүд рүү элдвээр дайрч байв. Түүгээр ч барахгүй улстөрчид, сэтгүүлчид гудамжинд явж байсан хүнээр “Жанцан ДОХ хоёртой тэмцье” гэж хэлүүлэн түүнийг шүүхэд хүртэл өгч байлаа. Сүхбаатар дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч нь Н.Жанцанг байцаахыг санаархахад “Нэг шүүхийн үйл ажиллагаанд нөгөө шүүх нь оролцох эрхгүй байдаг эгэл үнэнийг мэдэхгүй олон жил шүүхэд ажиллаж дээ, та гэж хэлээд уг хэл амыг дарж байжээ.

Н.Жанцан Үндсэн хуулийг тууштай хамгаалагч, түүний талд бат зогсдог гэж хэлж болно. Тэрбээр сурвалжлагчийн асуултад хариулахдаа “Үндсэн хууль бол бидний амьдарч буй нийгмийн тодорхойлолт, засаглах эрх мэдлийн хязгаар юм. Нийгэмд дагаж мөрдөж буй бүх хуулийн “эцэг”. Манай Үндсэн хууль олон улсын түвшинд боловсруулагдсан, түүнд байгаа дутагдал өчүүхэн, засах боломжтой. Үндсэн хуулиа мэдэх, сахихад оршин буй дутагдал илүү гүнзгий, бугшмал шинжтэй гэж хэлсэн байдаг. Тэрбээр Үндсэн хуулийн цэцийг ардчилсан төрийн дархлаа гэж үздэг. Гэхдээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага одоо бий болсон, хууль баталснаас хойш чамгүй хугацаа өнгөрсөн, нийгмийн амьдрал хурдан өөрчлөгдөж байгаа болохоор түүнд ийм, тийм өөрчлөлт оруулах нь зүйтэй гэх бодол хууль тогтоогчдод төрөхийг үгүйсгэхгүй. Харин өөрчлөх зайлшгүй шаардлагатай цэгээ зөв олох нь чухал” гэсэн бодолтой явдгаа хэлж байсан.

Улсын Бага Хурал тарах үед парламентын гишүүн болохоор дахин нэрээ дэвшүүлж сонгуульд оролцох, нэгэнт нэр дэвшчихээд байсан Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдох гэсэн хоёр сонголт Н.Жанцанд тулгарахад улс төр хөөж, азаа сорьсноос мэргэжлийнхээ дагуу Үндсэн хуулиа манах, шүүх засаглалын оргил байгууллагад ажиллах нь эрхэм гэж үзсэн юм. Түүнийг “асуудлын хийг гаргаж, нийгмийн нухацтай нотолгоо баталгаа гаргаж, голч чигч гаргалгаа хийж чаддаг” гэж оюутан цагаас нь мэдэх, Цэцэд 12 жил хамт ажилласан академич Ж.Болдбаатар үнэлсэн байх юм билээ.

Н.Жанцан манай нэртэй эрдэмтэн, судлаач хүн. Ялангуяа криминологийн (гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлах) ухааныг Монгол Улсад хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулсан, энэ салбартаа цээжинд яваа хүн нь гэж үздэг. Энэ сэдвээр их, дээд сургуулийн сурах бичиг, “Насанд хүрээгүй хүмүүсийн үйлдэж буй гэмт явдлын шалтгаан, нөхцөл, урьдчилан сэргийлэх арга зам”, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх онол, практикийн асуудал”, “Монгол Улсын анхны байнгын парламент”, “Монгол Улсын Үндсэн хуулийн түүхэн товчоон”, “Үндсэн хуулийн эрх зүйн тулгамдсан асуудлууд” зэрэг 50 гаруй бүтээл туурвисны зарим нь ОХУ, Польш, Герман Улсад хэвлэгдсэн байна.

“БНМАУ-д насан хүрээгүй хүмүүсийн үйлдэж буй гэмт явдалтай тэмцэх орчин цагийн асуудал” сэдвээр ЗХУ-д Бүх Холбоотын хуулийн хүрээлэнд докторын зэрэг 1981 онд хамгаалжээ.

Н.Жанцан МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор. Тэрбээр их, дээд сургуульд олон жил багшилж, ХБНГУ-аас санхүүжүүлсэн Эрх зүйн боловсролын академийн захирлаар ажиллаж, эрх зүйч бэлтгэх, хуульчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд ихээхэн зүтгэл гаргажээ. Мөн Их Засаг их сургууль, Улаанбаатар эрдэм, Түшээ дээд сургуулиудын эрдмийн зөвлөлийн даргаар ажиллаж ирсэн байна. Монгол Улсад өнөөгийн байдлаар хууль зүйн шинжлэх ухааны хөгжил зогсонги байна. Энэ нь эрдэм шинжилгээний дагнасан байгууллага байхгүйтэй холбоотой гэж судлаачийн хувьд үзэж явдаг юм.

Н.Жанцангийн тухай өгүүлэхэд орхиж боломгүй нэг зүйл байдаг нь түүний хобби юм. Тэрбээр моринд хорхойтой, морь уядаг, Сүхбаатар аймгийн Алдарт уяач хүн. Багаасаа хурдан морь унаж, 10 настайгаасаа аавтайгаа морь уяж байсан гэж ярьсан байдаг. Цалин мөнгөн хэмээх цагаан бор хүлэг нь Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн наадамд айрагдаж эзэндээ энэ цолыг авч өгсөн гэдэг.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо “Жанцан гуай бол зөвхөн төр, нийгмийн зүтгэлтэн биш, монголын соёлын өвийг тээгч” гэж хэлсэн байдаг. Тийм ч учраас Н.Жанцан Монголын эртний эдлэл цуглуулагчдын холбоог тэргүүлэн энэ чиглэлээр болсон олон улсын хурал, арга хэмжээнд оролцож байдаг хүн. Тус холбоо нь Монгол хүмүүсийн гар дээр байгаа эртний ховор, нандин эдлэлийг гадагш гаргахгүй эх оронд нь байлгах, олон улсын үзэсгэлэнд оролцож Монгол Улсаа сурталчлах ажлыг нэг гол зорилгоо болгодог. Н.Жанцангийн цуглуулгад XIII зууны Их Монгол Улсын хаадын зооснууд, XVIII зууны үед нэгэн монгол хүн ур, ухаанаа шингээн урласан чүдэнзний модны чинээ хайрцагтай зөвхөн өсгөдөг шилээр хардаг модон шатар бий гэдэг.

Н.Жанцангийн өөрийнх нь ярьснаас үзвэл хөөрөг цуглуулах нь нэлээд хүч сорьсон хобби нь юм байна. Энэ чиглэлээр хоёр ч ном гаргасан. Олон улсын дуудлага худалдаанд шүүгчээр уригдаж оролцсон байна.

Тэрбээр марк цуглуулагчийн хувьд дэлхийд танигдсан хүн гэж хэлж болно. Түүнд Монгол маркны иж бүрэн цуглуулга бий. Надтай өрсөлдөх хэмжээний цуглуулгатай хүн Монголд тун ховор гэж нэгэнтээ ам алдсан байдаг. Монголын ховор, онц ховор маркууд ихэвчлэн гадаадад гарчихсан байдгаас тэрээр дуудлага худалдаанаас үнэ хаялцаж байж авдаг байна. Өөрийнхөө цуглуулгад тулгуурлан 2015 онд ховор марк, мөнгөн тэмдэгтийн талаар судалгааны чанартай ном туурвисан нь “Сингапур-2015” дэлхийн маркны үзэсгэлэнгээс мөнгөн медаль хүртжээ. Мөн Хонг Конгод болсон Азийн олон улсын үзэсгэлэнгээс алтадсан мөнгөн медаль авч, уг ном хошой шагналтай болсон байдаг. Энэ нь монгол хүний хувьд анхны тохиолдол.

Н.Жанцан одоо төрийн нүсэр албанаас хөндийрч байна. Тэрбээр өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт Үндсэн хуулийн цэцийн гишүүний хувиар сүүлчийн хуралдаанаа даргалан хийлгэлээ.

Энэ хүнийг эрхэмлэн хүндэлдэг, багшаа гэж дууддаг хүмүүсийн хүрээ их өргөн, түүнтэй уулзаж ярилцахыг хүсдэг хүмүүс ч олон байдгийг миний бие мэдэх билээ. Олноо хүндлэгдэнэ гэдэг бас л энэ байх.

Маргашгүйгээр энэ хүн засаг төрийн мэргэн түшээ, зангарагтай төрийн зүтгэлтний жинхэнэ жишээ билээ.

И.Рэнчинханд


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр хөрш орны тэргүүнтэй уулзана

ШХАБ-ын өргөтгөсөн хуралдаан үргэлжилж байна- Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй албаны хүмүүс БНХАУ-ын Чиндао хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож байна. 2001 онд байгуулагдсан засгийн газар хоорондын олон улсын байгууллага болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орноор Казахстан, Кыргыз, Орос, Пакистан, Тажикистан, Узбекистан, Хятад, Энэтхэг гэсэн найман улс албан ёсоор багтдаг бол ажиглагч орноор Афганистан, Беларусь, Иран болон манай Монгол Улс байдаг. ШХАБ-ын өргөтгөсөн хуралдааны эхний өдөр буюу өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй албаны хүмүүс Бүгд Найрамдах Беларусь улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенкотой уулзсанаар албан уулзалтаа эхлүүлэв. Энэхүү уулзалтын дараагаар Ерөнхийлөгч Х.Баттулга Исламын Бүгд Найрамдах Иран улсын Ерөнхийлөгч Хассан Рухани нартай уулзав. Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай хоёр талт уулзалт хийсний дараагаар ОХУ-ын Ерөнхийлөгч, БНХАУ-ын дарга, манай улсын Ерөнхийлөгч нарын гурван талт дээд түвшний уулзалт болно. ШХАБ-ын гишүүн орнуудын өргөтгөсөн хуралдаан энэ сарын 9-10-ны өдрүүдэд үргэлжлэх юм.

Б.ОДМАА

Categories
мэдээ нийгэм

70 бүсгүй нэгдэж “Хөх сувд” брэндийг үйлдвэрлэж байна

Хөвсгөл аймагт УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан “Монголд бид үйлдвэрлэв” төрийн бус байгууллагатай хамтран өнгөрсөн жил “Уран үйлчин” уралдааныг зохион байгуулж 19 сумын 300 гаруй бүсгүйчүүд оролцсон билээ.
Энэ үеэр өрхийн үйлдвэрлэгч бүсгүйчүүдийг нэгдэн хоршин ажиллавал тодорхой санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжтойг дуулгажээ. Энэхүү санаачлагыг дэмжин өрхийн үйлдвэрлэгч 70 бүсгүй нэгдэн хоршин хөдөлмөрлөж төрийн албан хаагчдын болон төрөл бүрийн хувцасыг үйлдвэрлэж аймагтаа “Хөх сувд” нэрийн чанартай брэндийг бий болгох зорилтыг тавин ажиллаж эхэлсэн байна. Оёдолчдыг ажлын байр, тоног төхөөрөмжөөр хангахад УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан хувиасаа 60 орчим сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ. Одоогийн байдлаар 70 бүсгүй ажлын байртай болсон бөгөөд цаашид 200 эмэгтэйг ажлын байраар хангах боломжтой ажээ.

Categories
мэдээ нийгэм

Баримтаа бүртгүүлээд сугалаандаа хамрагдаарай

НӨАТ-ын урамшууллын 2018 оны зургадугаар сарын сугалааны тохирол энэ сарын 17-нд буюу ирэх ням гаригт болох аж. Энэ удаагийн тохирлоор 2018 оны тавдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа бүртгүүлэх ёстой. Ингэхдээ зургадугаар сарын 16-ны 23.59 цагаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.