Categories
гадаад мэдээ

Их Долоон гүрний уулзалтын дундаас АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп орхин явав

Канадын Квебек мужийн Ла Малбэйд болж байгаа Их Долоон (G7) гүрний уулзалтын дундаас АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп орхин явсан юм.

Тэрээр Сингапурт Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзахаар нисэхээсээ өмнө сэтгүүлчдийн асуултад хариулжээ.

“Бид хэн бүхэнд дээрэмдүүлдэг мөнгөний гахай болж хувираад байна. Зөвхөн Их Долоо ч биш. Бас Энэтхэг улс гэхэд зарим тохиолдолд ямар ч татваргүй бараагаа импортлодог. Эндээс бид юу ч олдоггүй. Энэ бүхэн зогсох ёстой. Үгүй бол бид тэдэнтэй ямар ч худалдаа хийхгүй” гэж Трамп сүрдүүлсэн байна.

Германы засгийн газрын хэвлэлийн төлөөлөгчийн тараасан гэрэл зурагнаас энэ удаагийн G7 ямар уур амьсгалтай болсныг харж болохоор байна.

Уг зураг дээр бусад удирдагч нарт бүслэгдсэн Трамп ганцаараа гараа эвхэж суусан харагдаж байгаа юм. Баасан гарагт болсон энэхүү уулзалтыг Францын төлөөлөгч “ховор сонин” үйл явдал гэж нэрлэжээ.

Трамп өөрийн шийдвэрээ хамгаалж, сонгуулийн “America First” амлалтаа биелүүлж байгааг маш урт, ширүүн үгээр тайлбарласан байна.

Харин бусад зургаан гүрний удирдагчид Трампын тал талаас довтолж, импортын татвар нэмсэн шийдвэрийг нь хатуу шүүмжилж байжээ.

Дөчин хоёр жилийн түүхтэй Их Долоогийн байгууллага энэ удаагийнх шиг зөрчилтэй байдалд хүрч байгаагүй гэхэд болно. Худалдааны маргаанаас гадна цаг уурын өөрчлөлтийн асуудал, Трампын санал болгосон Оросыг Их Долоод нэмж Их Найм болгох асуудал дээр тэд санаа зөрөлдсөн байна.

Их Найм загвараар болдог байсан уг уулзалтаас ОХУ-ыг хассан нь 2014 онд Крымийг эзлэн түрэмгийлсэнтэй холбоотой байв.

Өчигдөр Германы канцлерь Ангела Меркель Украины асуудалд эхний том ахиц гараагүй цагт Москваг буцааж оруулах ямар ч яриа байх ёсгүй гэж хэлжээ.

Их Долоогийн уулзалтаас өнөөдөр худалдааны асуудлаар хамтарсан мэдэгдэл гарах төлөвтэй байна.

Categories
мэдээ нийгэм

Хөдөлмөрлөх эрхээ мэдэх нь хэр чухал вэ?

Залуу та хөдөлмөр эрхэлж, орлого олсоноороо наад захын үндсэн хэрэгцээгээ хангаж чаддаг уу? Таны ажил, хөдөлмөр, танай гэр бүл болон эргэн тойрны хүмүүст ашиг тусаа өгч байгаа гэдэгт санал нийлэх үү? Та зохистой хөдөлмөр, хөдөлмөрлөх эрхийн талаар хэр сайн мэдэх вэ? Залуучууд хөдөлмөрийн зах зээлд анх хөл тавихдаа энэ талын ойлголт мэдлэг хомс байгаа нь тэдний хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байгаагийн нэг шалтгаан болж байна.

Түүх 1: Ундраа жилийн өмнө их сургуулиа төгссөн бөгөөд мэргэжлийнхээ дагуу ажиллахаар хэд хэдэн компанид материалаа өгсөн боловч тэнцсэнгүй. Ингэсээр 1 жил өнгөрлөө. Тогтвортой хүссэн ажлаа олтол түр ажил хийхээр шийдлээ. Гэхдээ тэрээр хөдөлмөрийн гэрээ огт хийгээгүй. Учир нь түүний ажил олгогч түр зуурын ажил учраас шаардлагагүй гэж хэлэхэд Ундраа ч мөн адил санал нийлэв.

Ундраагийн нэгэн адил дээрх явдал олон залуучуудад нийтлэг тохиолддог. Тэд сонголтгүйн улмаас аль таарсан ажлаа хийхэд хүрдэг. Харамсалтай нь энэ нөхцөл байдал тэднийг цалин багатай, хүнд хүчир нөхцөлтэй ажлыг аргагүй эрхэнд хийхэд хүргэдэг. Нөгөөтэйгүүр залуучууд хөдөлмөрлөх эрхийнхээ талаар мэдлэгтэй байлаа ч тэрхүү хууль ёсны эрхээ ажил олгогчоос шаардаж, хамгаалуулж чаддаггүй.

Техник технологийн дэвшил хурдацтай хөгжиж буй өнөө үед ажлын байрны нөхцөл улам бүр уян хатан болсоор байна. Уян хатан ажлын цаг, байршил болон төлбөрийн нөхцөл, богино хугацааны гэрээт ажил, онлайн ажил зэрэг нь сайн талтай хэдий ч албан бус салбарт ажиллаж байгаа залуус цалин багатай, баталгаагүй, хөдөлмөрийн нөхцөл тааруу, нийгмийн хамгаалалын үр шимийг хүртэхгүй үлдэх зэрэг эрсдэлд өртөх эрсдэлтэй байдаг.

Ажилчдыг ажлын байранд нас, хүйс, арьсны өнгө, яс үндэс, шашин шүтлэг, бэлгийн чиг баримжаа, хөгжлийн бэрхшээл эсвэл бусад шалтгаанаар ялгаварлан гадуурхахгүй байх ёстой гэдгээс эхлээд ЗОХИСТОЙ ХӨДӨЛМӨР яригдаж эхэлнэ. ЗОХИСТОЙ ХӨДӨЛМӨР гэдэгт хангалттай цалин хөлс, ажлын байрны аюулгүй байдал, нийгмийн хамгаалал, өөрийгөө хөгжүүлэх боломж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, эвлэлдэн нэгдэх, тэгш эрх, боломжоор хангагдах зэргийг ойлгож болно.

Манай орон Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-ын суурь 8 конвенц болон ажилчдын эрхийг хамгаалах хэд хэдэн конвенцид нэгдэн орсон бөгөөд үндэсний хууль тогтоомжууд, тухайлбал Хөдөлмөрийн тухай хууль нь эдгээр олон улсын гэрээний заалтуудтай нийцэж байх ёстой.

Хөдөлмөрийн гэрээ хийгээгүйн улмаас залуу ажилтан Ундраа маш олон боломжоо хааж, өөрийгөө эрсдэлд оруулж байгааг, харин ажил олгогчийн бизнесээ амжилттай хөгжүүлэхэд, ашиг орлогоо нэмэгдүүлэхэд энэ мэт зөрчлүүд саад болдог гэдгийг аль аль нь олж харах хэрэгтэй юм. Залуу хөдөлмөр эрхлэгч та ажлын талбар дээр Ундраа шиг хохирохгүйн тулд хөдөлмөрлөх эрхээ мэдэх, тэрхүү эрхээ хэрэгжүүлэх, хамгаалуулах, ажил олгогчоос шаардах зэрэг өөрөөс шалтгаалах бүхий л талын мэдээлэл мэдлэгтэй байх хэрэгцээ залуучуудад зайлшгүй тулгарч байгаа юм.

Categories
мэдээ спорт

​Ганзоригийн Жамбалдорж цэргийн арслан цолтой боллоо

Зэвсэгт хүчний жанжин штаб, Монголын Үндэсний бөхийн холбоотой
хамтарч цэргийн цол чимэг олгох бүх цэргийн баяр наадмыг бямба
гарагт зохион байгуулав. Бүх цэргийн наадамд спорт хороодоос шалгарсан аймаг
цэргийн алдар цолтой хүчит 256 бөх барилдахад Баян хонгор аймгийн Хүрээмарал
сумын харьяат аймгийн
нэмэх начин Ганзоригийн Жамбалдорж найм давж түрүүлснээр цэргийн арслан
цол хүртлээ. Булган аймгийн Орхон сумын харьяат аймгийн шилдэг заан
Булган-Эрдэнийн Түмэндэмбэрэл долоо даван үзүүрлэж аймгийн заан
цолоо гурав дахь удаагаа баталсан юм.

Их
шөвөгт Говь-Алтай аймгийн
Тонхил сумын харьяат аймгийн арслан Балжиннямын Суманчулуун
, Завхан аймгийн Отгон сумын харьяат аймгийн начин Төрмөнхийн Дүгэрдож нар
үлдлээ. Мөн Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат Галсандагва

Амжилттай барилдаж
зургаа давсан аймгийн начин Т.Дүгэрдоржид аймгийн харцага цол гардуулав.
Барилдааны зүүний манлай аймгийн хурц бадрангуй арслан Н.Золбоо Т.Дүгэрдоржид
таллаж татуулаад өвдөг шороодсон бол Ш.Мөнгөнбаатар
дөрвийн даваанд Өвөрхангайн нэмэх начин
С.Галданцогтод тахим өгсөн юм.

О.ДАШНЯМ

Categories
мэдээ нийгэм

Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг гүйцэтгэх компанийг энэ сард сонгон шалгаруулна

Төв цэвэрлэх байгууламжийг үнэргүйжүүлэх ажил өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхэлсэн. Ажлын үр дүнтэй өнөөдөр холбогдох албаныхан танилцсан байна.

Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн барих ажлыг Барилга хот байгуулалтын яам болон Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар хариуцаж байгаа. Хятадын Экзим банкнаас 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар болсон. Бүтээн байгуулалтын ажил удахгүй эхлэх юм байна.

Мэргэжлийн хяналтын газраас Төв цэвэрлэх байгууламжийн ойролцоо үйл ажиллагаа явуулдаг өлөн боловсруулах үйлдвэрүүдэд шалгалт хийсэн байна. Шалгалтын дараа 3 сарын хугацаанд багтаан үнэргүйжүүлэх, техник технологио сайжруулах шаардлага хүргүүлжээ. Мөн энэ үеэр өлөн боловсруулах хоёр үйлдвэрийн үйл ажиллагааг наймдугаар сар хүртэл хаах шийдвэр гаргасан юм. Учир нь Төв цэвэрлэх байгууламжийн үнэр харьцангуй багассан ч өлөн боловсруулах үйлдвэрийн үнэр арилахгүй байгаа юм. Иргэдийн хувьд өлөн боловсруулах үйлдвэрийн үнэрийг Төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа гэж ойлгодог байна.

Төв цэвэрлэх байгууламжийн үнэрийн хувьд харьцангуй багассан гэж мэргэжлийн байгууллагаас мэдээллээ. Харин лагийг халдваргүйжүүлэх үйл ажиллагаанд зориулж 2.1 тэрбум төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж байршуулан ашиглаж байна.

Төв цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлэлтийн хувийг сайжруулах зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хоёр тунгаагуур, био цөөрөм барьж байна. Эдгээр нь энэ оны долдугаар сард ашиглалтад орох юм. Ингэснээр Төв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээний түвшин дээшилж, Туулд голд нийлүүлэгдэх усны чанар сайжрах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Мазаалай баавгай өвс тэжээл хөөн нутгаасаа дайжжээ

Дэлхийд нэн ховор Мазаалай баавгай энэ сарын долооны өдөр Говь-Алтай аймгийн Баянбуурал багийн нутагт ирж, бэлчээрт байсан хонин сүрэг дунд явж байсан тухай бид өмнө нь мэдээлсэн .
Тэгвэл БОАЖ-ын яам, “Мазаалай хамгаалах сан”-ийн ажлын хэсгийнхэн урд шөнө 02 цагийн үед Алтайн өвөр говь буюу Говийн их дархан цаазат газрын “А” хэсэг рүү мазаалайг зөөж, шилжүүллээ.
“Алтайн өвөр говь энэ жил гантай байгаа учир мазаалай баавгай өвс тэжээл хөөн нутгаасаа дайжин явсан байна. Мөн 3-4 настай залуу Мазаалай баавгай Алтайн өвөр говиос 300 гаруй километрийг туулсан байна” хэмээн аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Г.Олонбаатар хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Олимпын гудамжаас Нарны зам хүртэлх хөдөлгөөнийг хаана

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Замын Цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Уг ажлын хүрээнд Хоум Плазагийн уулзвараас Нарны зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж, гүүрийн барилгын ажлыг эхлүүлсэн юм.

Дараагийн ээлж буюу Олимпын гудамж, Юнескогийн гудамжны уулзвараас Нарны зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг 2018 оны зургаадугаар сарын 10-наас эхлэн хаахаар төлөвлөжээ. /Гадаад харилцааны яамны баруун талаар гарах зам/

Шинээр баригдаж буй Замын цагдаагийн гүүрэн гарц нь:

-Үндсэн гүүрэн гарц: 477 у/м, 4 эгнээ, 16.5 м өргөн зорчих хэсэгтэй

-А рамп: 506.24 у/м, 1 эгнээ, 7.5 м өргөн /Нарны замын зүүн чиглэлээс төмөр зам дээгүүр урагш гарах/

-B рамп: 337.12 у/м, 1 эгнээ, 8.5 м өргөн /Нарны замын баруун чиглэлээс Нарны зам болон төмөр зам дээгүүр урагш гарах/

-C Рамп: 203.1 у/м, 1 эгнээ, 9.5 м өргөн /Үндсэн гүүрийн хойд чиглэлээс Нарны зам руу буух/

-Явган хүний 2 гүүр: 2.5 м өргөн Гэрэлтүүлэг, ус зайлуулах байгууламжтай байх юм.

Гүүрэн гарцыг 2019 оны есдүгээр сарын 30-нд хүлээлгэн өгөх гэрээтэй.

Categories
гадаад мэдээ

Ким Жөн Ун өнөөдөр Сингапурыг зорьжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай энэ сарын 12-нд Сингапурт хийхээр товлосон уулзалтад оролцохоор Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун өнөөдөр өглөө Сингапурыг зорьжээ. Энэ тухай “Ёнхап” агентлаг мэдээлэв.

Тус агентлагийн мэдээлснээр, Ким Жөн Ун Пхеньяны нисэх онгоцны буудлаас орон нутгийн цагаар 08.30 цагт хөдөлсөн байна.

Уулзалтад оролцохоор Д.Трамп мөн Сингапур руу ниссэн талаар өмнө нь мэдээлжээ. Зургадугаар сарын 10-нд болон 11-нд Д.Трамп болон Ким Жөн Ун нартай тусдаа уулзалт хийх тухайгаа Сингапурын гадаад хэргийн сайд Ли Сяньлун өмнө нь мэдэгдсэн юм.

Categories
мэдээ нийгэм

“Хариу нэхдэггүй ачтан” хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

УИХ-ын гишүүн, Нийслэлийн НАМЭХ-ны тэргүүн Б.Саранчимэгийн санаачилгаар “Хариу нэхдэгггүй ачтан” хүндэтгэлийн арга хэмжээг Соёлын төв өргөөнд зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд нийслэлийн 9 дүүргээс 1300 гаруй эмэгтэйчүүд оролцлоо.

Хүрэлцэн ирсэн эмэгтэйчүүдэд “Монгол хатдын нууц түүх” номыг бэлгэнд өгч, энэхүү номоор хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Жил бүр эхчүүд, эмэгтэйчүүдээ хүндэтгэн сайхан арга хэмжээ зохион байгуулдагт баярлаж, талархаж байгаагаа олон хүмүүс илэрхийлж байв.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хэлэхдээ “Эмэгтэйчүүд үр хүүхдээ өсгөх, нийгмийн сайн сайхны төлөө ажиллахдаа хариу нэхдэггүй ачтанууд юм. Тиймээс тэднийг баярлуулах, хамтдаа асуудлаа хэлэлцэх, эмэгтэйчүүдийнхээ дуу хоолойг сонсох зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулдаг. Жил ирэх тусам арга хэмжээнд оролцож байгаа эмэгтэйчүүдийн тоо, цар хүрээ өргөжиж байна” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Төв цэнгэлдэх хүрээлэн баяр наадамд 100 хувь бэлэн

Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадам удахгүй болно. Баяр наадмыг зохион байгуулах комиссынхон өнөөдөр наадмын бэлтгэл ажилтай нь танилцлаа. Монгол Улсын шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга М.Отгонбаяр, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон холбогдох албаны хүмүүс Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг, шагай, сурын талбайн урсгал засварын явц, наадмын бэлтгэл ажилтай танилцлаа.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, наадам хүртэл богино хугацаа үлдсэн тул бэлтгэл ажлуудыг түргэн шуурхай хийж гүйцэтгэхийг холбогдох албаны хүмүүст үүрэг болгов.

“Наадмын комисс гурван удаа хуралдаад, салбар комиссоо байгуулаад ажиллаж байна. Төлөвлөгдсөний дагуу бэлтгэл ажил хийгдээд явж байна. Шадар сайдын хувьд Үндэсний бөхийн холбоо болон уяачдын төлөөлөл, үндэсний бөхийн аваргуудтай уулзаж баяр наадмын талаар саналаа солилцсон байгаа. Энэ жилийн төсвийн хувьд өнгөрсөн жилийнхтэй ойролцоо батлагдсан. Наадам болтол богино хугацаа үлдсэн хэдий ч зарим жижиг засварын ажил, био жорлон зэргийн хөрөнгө мөнгийг шийдэж, иргэдийг ая тухтай наадамлах нөхцөл бололцоог бүрдүүлэхийг холбогдох комиссыхонд үүрэг болголоо” хэмээн Шадар сайд, наадам зохион байгуулах комиссын дарга Ө.Энхтүвшин ярилаа.

Төв цэнгэлдэх хүрээлэн баяр наадамд 100 хувь бэлэн

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Эрдэнэчулуун “Өнгөрсөн жилийн хувьд Төв цэнгэлдэх хүрээлэн орчмоор худалдаа үйлчилгээ, нийтийн хоолны 500 зөвшөөрөл олгож байсан бол энэ жил 400 болгож бууруулсан. Учир нь иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс авто машины зам гарц, зогсоол зэргийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүсч байгаа. Нийтийн хоолны зөвшөөрлийг олгохдоо тусгай зөвшөөрөл бүхий ААН, байгууллагуудаас сонгон шалгаруулна. Сонгон шалгаруулалтад оролцох шаардлага, заавар, стандартыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээсэн. Худалдааны хувьд чанарын шаардлага хангахуйц стандартын тоглоом, малгай, нарны шил гэсэн тодорхой шалгуур тавьж байгаа. Энэ сарын сүүлээр сонгон шалгаруулалтаа явуулж, долоодугаар сарын эхээр байршлуудыг нь тавина. Наадмын өдрүүдээр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 350 байцаагч, явуулын лаборатори ажиллана” гэлээ.

Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК-ийн зүгээс баяр наадамд 100 хувь бэлэн гэдгээ комиссын гишүүдэд хэлж байв.

Комиссынхныг Хүй долоон худагт ирэхэд Монгол наадам цогцолборын дарга Н.Батсүмбэрэл талбайн зохион байгуулалт, худалдаа үйлчилгээний талаар, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, Хурдан морины салбар комиссын дарга, хурандаа Ж.Болдбаатар хурдан морины уралдааныг хэрхэн зохион байгуулах, гараа, бариаг хаана байлгах тухай танилцуулав. Энэ жилийн хувьд бороо, хур бага гандуу байгаа учир Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас анхаарч усалгаа, арчилгааг хийхээр төлөвлөсөн, мөн био жорлонг аль болох ахиу тавих болно гэж Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хэлж байв

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг байгуулсан нь том амжилт

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор БНХАУ-ын Чиндао хотноо хүрэлцэн ирээд байгаа билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын дөрөв дэх удаагийн уулзалтад оролцлоо.

Уулзалтын эхэнд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Ши Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг анх удаагаа энэ уулзалтад оролцож байгаад талархлаа илэрхийлсэн юм. Уг уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ:

“Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Эрхэмсэг ноён Ши Жиньпин,

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Владимир Владимирович Путин,

Хатагтай, ноёд оо,

Та бүхэнд энэ өдрийн мэнд дэвшүүлэхийн ялдамд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нар дөрөвдэх удаагаа уулзаж байгаад баяртай байна.

Мөнхийн хоёр хөрш ОХУ, БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцааг бүх салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл бөгөөд энэ бодлого амжилттай хэрэгжиж, хөршүүдтэй хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа стратегийн түншлэлийн түвшинд хүрсэнд Монголын тал сэтгэл хангалуун байдаг.

Монгол, Орос, Хятадын гурван талын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхжиж буй нь гурван улс хоорондын хамтын ажиллагааны боломжийг нэмэгдүүлж байна гэж би үздэг. Тиймээс ч гурван улсын төрийн тэргүүн нарын ээлжит уулзалтад оролцож, гурван талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар та бүхэнтэй санал солилцох боломж тохиож буйд баяртай байна.

Өнгөрсөн хугацаанд гурван талаас гаргасан хүч чармайлт, санаачилгын дүнд гурван талын хамтын ажиллагааны механизмыг бүрдүүлсэн билээ. Гурван талт хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн болон бүс нутаг, олон улсын харилцааны чиг хандлагыг тодорхойлсон “Дунд хугацааны замын зураглал” болон хамтын ажиллагааны тодорхой төслүүдийг тогтсон “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр” гэсэн хоёр чухал баримт бичгийг байгуулсан нь том амжилт мөн.

Эдгээр чухал баримт бичгийг байгуулснаас хойш хоёр жилийн хугацаа өнгөрчээ. Одоо тэдгээрийг бодитойгоор хэрэгжүүлэх ажилд илүү анхаарал хандуулах цаг болсон гэж үзэж байна. Тийм учраас энэ удаагийн уулзалтаар дараах асуудлаар санал солилцож, тохиролцоонд хүрэхийг хүсч байна. Өнөөгийн хүрсэн тохиролцооноос нэг ч алхам ухрахгүй юм.

Нэгдүгээрт, Эдийн засгийн коридорын хөтөлбөрийн хэрэгжилтийг эхлүүлэх:

Гурван талын үзэглэсэн “Эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг урагшлуулах хамтарсан механизм байгуулах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг”-т ойрын хугацаанд гарын үсэг зурах шаардлагатай. Хамтарсан механизм бий болж байж гурван талын хооронд уулзалт, мэдээлэл солилцоо идэвхжиж, хэрэгжих явцыг түргэтгэх юм.

Нэн тэргүүнд хэрэгжүүлэхээр тохиролцсон төслүүд, тухайлбал Төмөр замын төв коридорыг шинэчлэн хөгжүүлэх, хос зам барих, цахилгаанжуулах төсөл, Азийн автозамын сүлжээний АН-3 чиглэлийг дамжин өнгөрөх тээвэрлэлтэд идэвхтэй ашиглах, тус чиглэлд хурдны авто зам барих төслийг ажил хэрэг болгохын төлөө илүү их идэвх чармайлт гаргахыг уриалж байна. Тухайлбал, Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлд хурдны авто зам барихад гурван улсын Засгийн газрын оролцоог шууд, тэгш хэлбэрээр хангаж, төслийн санхүүжилтийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж бүтээн байгуулалтыг ойрын үед эхлүүлэх саналыг миний бие дэвшүүлж байна. Гурван талын оролцооны хувь, санхүүжилтийн хэлбэр зэргийг гурван улсын Зам, тээврийн яамд хэлэлцэн тохиролцох боломжтой.

“Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто замын тээвэрлэлт гүйцэтгэх тухай гурван улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг гурван тал соёрхон баталж, удахгүй хүчин төгөлдөр болж байгаа нь уг замыг ойрын хугацаанд барих таатай нөхцөл бүрдүүлнэ хэмээн итгэж байна.

Цаашид Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт тусгагдсан төслүүдийн нарийвчилсан судалгаа хийх, эдийн засгийн үндэслэлийг сайтар боловсруулах үүднээс Хөрөнгө оруулалтын зураг төслийн хамтарсан төвийг байгуулахыг яаравчлах нь зүйтэй гэж үздэгээ дашрамд илэрхийлье.

Хоёрдугаарт,гурван талт хамтын ажиллагааны бусад чиглэл, механизмын тухайд:

Цаашид гурван улсын Төрийн тэргүүн нарын уулзалтын бэлтгэлийг хангах хүрээнд гурван улсын Тээврийн сайд нарын уулзалтыг зохион байгуулж, дэд бүтцийн төслүүдийг бодитоор хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой тус механизмыг тогтмолжуулах саналтай байна.

Аялал жуулчлал нь гурван талын хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломжтой салбар бөгөөд Цайны замыг сэргээх тал дээр гурван тал анхаарч байгаад баяртай байна. 2019 онд болох “Silk Way” авто замын уралдааныг Монголын нутгаар дайруулан өнгөрүүлэх асуудалд хоёр хөршийн тэргүүн анхаарал хандуулж өгнө үү гэж хүсье.

Монголын талаас удаа дараа тавьж буй Орос, Хятадыг холбох газрын тос, байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэх саналыг орос, хятадын талууд хүлээн авч, нааштай хандана гэж найдаж байна.

Эрхэм нөхөд өө,

Хөрш гурван улсын хамтын ажиллагааг бодит хэрэгжилтэд аваачих боломж бидний өмнө нээлттэй байна. Монголын ард түмэн олон жил яриа хэлцлийн түвшинд өрнөсөн гурван улсын хамтын ажиллагаанаас бодит үр дүн, хэрэгжилтийг хүлээж байгаа. Тийм учраас бодит хэрэгжилтийн төлөө миний бие эрхэм Ши Жиньпин дарга, эрхэм В.В.Путин Ерөнхийлөгч нартай ойр дотно, идэвхтэй хамтран ажиллах эрмэлзэл дүүрэн байна.

Энэ зорилтын төлөө байнгын холбоотой, хугацаатай, уялдаатай ажиллах хатуу үүргийг гурван улсын холбогдох байгуулгуудад өгч, шуурхай хэрэгжүүлэхэд хяналт тавьж ажиллахыг санал болгож байна.

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад Монгол Улс шат ахиулан оролцох бололцоог судалж улс төрийн хүрээнийхэн олон нийтийнхээ санаа бодлыг сонсож, хэлэлцүүлэг эхлээд байна.

Бүс нутгийн олон талт хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэх тус байгууллагын хүрээнд ч манай гурван улсын хамтарсан Эдийн засгийн коридор хөтөлбөр хэрэгжинэ гэсэн итгэл нийт Монголчууд найдаж байна.2015 онд Уфад, 2016 онд Ташкентэд болсон гурван талын дээд хэмжээний уулзалтад БНХАУ-ын дарга Ши Жиньпин Та “Гурван талын хамтын ажиллагааг ШХАБ-ын хүрээнд өргөжүүлэх” талаар хэлсэн байна. ОХУ-ын Ерөнхийлөгч ноён В.В.Путин мөн адил дэмжиж байгаа гэдэгт итгэж байна.

Анхаарал тавьсанд баярлалаа.