Categories
мэдээ цаг-үе

Чинагийн Галсан: Би германчууд шиг цаг баримталж, тэдэн шиг зүтгэсэн учраас амжилтад хүрсэн

Түрүүч нь 112(5956) дугаарт

-АВЬЯАСЫГ АЛДАГ ГОЛ ЗЭВСЭГ БОЛ ШАГНАЛ, НЭР ХҮНД-

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Чинагийн Галсантай ярилцлаа.


-Оролцуулдаггүй байв уу?

-Оролцуулахгүй. Тийм нэг хуй салхи л явж байдаг. Энэ хүнийг замаас гаргаж байх ёстой гэж. Хамгийн тод жишээ бол, би Монголын Зохиолчдын хороонд элсэх гэж 20 жил хөөцөлдсөн. 1968 оны аравдугаар сард, Германаас ирэнгүүтээ өргөдлөө өгсөн л дөө. Германы талаас өгүүллэгийн анхны түүврээ хэвлүүлнэ гэсэн зөвшөөрөл авчихаад хүрээд ирсэн юм. Тарваа гэж Зохиолчдын хорооны нарийн бичгийн дарга өвгөн байсан. Тэр хүний шүүгээнд миний өргөдөл 20 жил түгжигдсэн. Тэгээд 1988 онд сая нэг юм элсч билээ. Зохиолчдын хороонд элсүүлэхгүй гэж байхад намайг хоёр мундаг том хүн чирч орсон юм байхгүй юу.

-Хэн хэн?

-Сэнгийн Эрдэнэ, Лодонгийн Түдэв хоёр. Энэ хоёр хүн миний батлан даагчаар орсон. Тэгтэл Сэнгийн Эрдэнэ хорооны нарийн бичгийн дарга байсан учир хүн дааж болохгүй гээд бусад нь зөвшөөрдөггүй. Батлан даах хүн байхгүй бол асуудлыг минь хойшлуулна гээд болдоггүй. Д.Цэдэв дарга “Гадаа үүдэнд байгаа зохиолчдын нэгээр даалгачих” гэлээ. Гүйгээд гарсан чинь О.Дашбалбар сууж байна. “Намайг миний хүү даагаадах” гэсэн чинь “Тэгье, тэгье” гээд өөрөө бичгийн машин дээр тэр дор нь тоншоод л батлан даасан бичиг хийж өглөө.

Тэр үед надад “Ээ, хөөрхий. Энэ олон зохиолыг биччихсэн байхад, хавтас хавтас зохиолоо хэвлүүлэх гээд хадгалчихсан байхад намайг дэвтэр дэвтэр шүлэг бичсэний хойно хорвоод төрсөн хүүхэд батлан дааж, зохиолч мөн гэж тодорхойлж суудаг мөн ч сонин хорвоо юм даа” гэж бодогдож билээ (инээв). Тэгж л албан ёсоор зохиолч гэгдэх болсон. Зохиолч болсон ч нэмэр болоогүй. Нэг ч арга хэмжээнд оруулдаггүй байсан.

-Таныг тува болохоор ямар нэгэн арга хэмжээнд оролцуулдаггүй байсан гэх гээд байна уу?

-Тийм тийм. Дээрээс өгсөн даалгавар. Одоо би энэ бүхний учрыг хэлэх гэж байна. Ю.Цэдэнбал даргатай нэг удаа сүрхий саймширлаа. 1977 оны дөрөвдүгээр сард. Тавдугаар сард нь Ю.Цэдэнбал дарга Ардчилсан Германд нам төрийн албан ёсны айлчлал хийх гэж байсан юм. Би тэгэхэд Ю.Цэдэнбал даргатай хамт өрөөнд нь бүтэн сар суулаа даа. Дарга тэнд том ширээнийхээ голд л сууж байдаг. Би цонхны дэргэд нэг жижиг ширээ тавиулчихсан. Ардчилсан Германд болох бүх арга хэмжээний үгийг нь монголоор бэлдээд өөрт нь уншуулж зөвшөөрөл аваад тэрийгээ герман хэл рүү орчуулна. Засгийн газрын ордон руу би өөрийнхөө герман хэлний бичгийн машинаа тусгай зөвшөөрлөөр оруулчихсан байлаа. Тэгээд бүх арга хэмжээний үгсийг хоёр хувь машиндаад дугтуйнд хийгээд дээр нь харандаагаар хаана хаана унших ёстой үг вэ гэдгийг тайлбарлаж бичлээ. “Берлин хотын мах комбинатын уулзалт дээр”, “Хөдөлмөрчдийн цуглаан дээр”, “Телевизийн ярилцлагын үг” гэж бүгдийг нь бичиж өгөөд “За дарга аа, би ажлаа дуусгачихлаа. Нэг сар ажиллалаа. Би одоо явах уу” гэлээ. Тэгсэн чинь дарга “Чи наашаа суу” гэж байна. Би хажууд нь очиж суулаа. “Наашаа ойртоод суу. Ойрт” гэж хэлээд өөртөө бүр дөхүүлж бараг дэргэдээ суулгалаа. Утсаар нэг тийш залгаснаа “Хоёр цай оруулаад ир” гэж байна. Цай ч орж ирлээ. “Чихэр тавь” гэж байна. Тавган дээр тэр болгон харагдаад байдаггүй, үнэтэй, ховор чихэр дүүрэн байна. Би чихэрт хүрч зүрхлэхгүй, цай уугаад суулаа. “Чи хүүхэдтэй юу. Хэдэн хүүхэдтэй вэ” гэж надаас асуулаа. Би “Дөрвөн хүүхэдтэй” гэсэн чинь “Хүүхдэдээ чихэр ав” хэмээлээ. Би нэг ширхэгийг авсан чинь “Чи ядаж хүүхдүүддээ нэг нэгийг аваач” гэхээр нь дөрвийг аваад халаасандаа хийв. Тэгсэн чинь намайг хаана герман хэл сурсан талаар асуугаад жигтэйхэн сонирхож байна. “Чи аль нутгийн хүн билээ” гэхээр нь “Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын хүн” гэсэн чинь “Өө би танай сумаар очсон ш дээ” гэлээ. “Тийм ээ сонссон. Манай нутгийнхан таныг айлчлаад буцсан талаар домог шиг юм ярьдаг” гэсэн чинь “Ямар домог” гэж сонирхож байна. Би домог шиг яриа ярьсан чинь их инээлээ. “Намайг танай нутгийнхан их халуун дотно хүлээж авсан. Тэгэхээр чи урианхай хүн байна шүү дээ” гэж байна. Би “Үгүй ээ. Бид чинь өөрсдийгөө тува гэдэг юм, дарга аа” гэсэн чинь “Ямар ялгаа байна вэ. Тува гэдэг чинь урианхай ш дээ” гэхээр нь “Урианхайчууд чинь монгол хэлээр ярьдаг. Тувачууд чинь тува хэлээр ярьдаг юм” гэсэн чинь нүүр нь хувьсхийгээд чимээгүй болчихлоо. Тэгээд бид хоёрын яриа дууссан.

-Ширүүхэн юм болж дээ. Тэр том хүний өмнөөс дуугарна гэдэг бас л зоригтой явдал байсан байх шүү?

-Дарга цайгаа хурдан хурдан ойчиллоо. Би ч цайгаа ууж дууслаа. Тэгтэл нэг харсан чинь хажууд хүмүүс ирээд зогсчихсон байна. Хартал хайрхаан, баяр ёслолоор зургийг нь орой дээрээ залж явдаг Улс төрийн товчооны улсууд бүгд орж ирээд номхон зогсчихож. Цагаа харсан чинь 14.00 цаг болж байна. Улс төрийн товчооны хуралдаантай байж. “За, дарга аа. Би ч явъя. Баяртай” гээд босоод хаалга руу дөхсөн чинь Улс төрийн товчооны гишүүн Ц.Намсрай “Хөөе залуу чамайг дарга дуудаад байна ш дээ” гэж хэллээ.

Эргэж харсан чинь Ю.Цэдэнбал дарга зогсч байна. Улс төрийн товчооны гишүүд цөм номхон зогсчээ. Даргыг суу гэж хэлээгүй байхад хэн ч суухгүй. Тэр байтугай юм асуухад нь босч хариулчихаад “Суу” гэж хэлтэл нь зогсч байдаг байсан юм. Заримдаа дарга ууртай байх үедээ өөрөө суучихаад тэднийг зогсоочихсон загнаж байдаг юм. Ю.Цэдэнбал дарга бол томчуулдаа маш хатуу хүн байсан. Жирийн хүнд их зөөлөн хүн байсан гэж яригддаг юм. Дарга над руу хараад “Ойрт, бүр ойрт” гэж байна. Хуруугаа над руу чиглүүлж байгаад чанга дуугаар “Монгол Улсад нэг ч тува байхгүй. Мэдэв үү, чи. Нөхөөр!” гэж сүрдмээр чичиллээ. Би “За” ч гэсэнгүй, “Үгүй” ч гэсэнгүй өрөөнөөс нь гараад явж билээ. Тэгээд бид хоёр уулзалдахгүй их удсан. Тэр үеэс миний бүх юм доош унаж эхэлсэн. Илт мэдрэгдлээ. Тэрнээс өмнө намайг Германд зохиол бичдэг байсан болохоор НАХЯ анхааралдаа авчихсан байсан юм. Их сургууль, НАХЯ, Намын төв хороо, Зохиолчдын хороо гээд энд тэнд надтай холбоотой хавтаст хэргүүдийг нээчихсэн байлаа. Явсан газар болгондоо би хавтаст хэрэг нээлгэдэг байсан. Ингээд л намайг бүгдээрээ мэддэг болчихсон. Зохиолыг минь хэвлэхгүй, есөн жил дарлаа. Тэгсэн чинь Германы Соёлын яамны сайд нь “Энэ Монгол гэж сонин улс байна. Авьяас билгийг дэмжихгүй. Энэ хүний зохиолыг гарга. Би мэдээд хэвлүүлье” гээд миний зохиолыг гаргасан юм. “Аянгат цагийн тууж” маань Германд 10 мянган хувиар хэвлэгдсэн. Хэвлэгдээд л тэр дорхноо дууссан даа. Нэг хэсэг чимээгүй байж байгаад дараагийн номоо өгсөн чинь хэвлэгддэггүй ээ. Сураг тавьсан чинь манай Төв хороо Германы Төв хороонд гомдол гаргасан байгаа юм, “Намын бус хүний номыг битгий хэвлүүл” гэж. Би намын бус хүн. Хоёрдугаарт, өөрийгөө тува гээд хэлчихсэн. Гуравдугаарт, Ю.Цэдэнбал даргатай маргачихсан. Ийм хүн чинь яаж явах вэ дээ.

-Та Германд олон жил зохиол бүтээл туурвисан болохоор Монголын утга, уран зохиолыг өөр нүдээр хардаг байх. Өмнөх үеэ харанхуйгаар хэт шүтэж тэднийгээ магтан дуулж, бүтээлийг нь дуурайхаас өөр юм мэддэггүй. Массын уран зохиол давамгайлаад жинхэнэ уран зохиол төрж гарахгүй байна уу даа гэж харагддаг?

-Монголын уран зохиолд нэг л том дутагдал байдаг. Тэр дундаа үргэлжилсэн үгийн зохиолд. Манай яруу найраг бол дэлхийн хэмжээнд хөгжсөн. Үргэлжилсэн үгийн зохиол дэндүү хол хоцорчихсон. Яагаад вэ гэвэл өргөн мэдлэг байхгүй. Мэдлэггүй, авьяасаараа дулдуйдаж юм бичих гэж үздэг. Бичих гэж байгаа юмаа улс төрд их захируулдаг. Тухайн үед сайшаал магтаал хүлээж байгаа юм руу бүгд хошуурдаг. Намын төв хорооны хурлаас хөдөө аж ахуй руу чиглэсэн, хөдөө гарч ажиллая гэвэл яг тэр сэдвээр нь, хөдөө гарч ажиллаж байгаа хүмүүсийн тухай бичээд эхэлдэг. Цаг хувираад Чингис хаан, бөө мөргөл, шарын шашины тухай яриад эхэлтэл одоо ерөөсөө хаадын тухай л бичиж байна.

-Бас хатдын тухай их бичиж байна?

-Тэгж байна. Бичихдээ их чимэглэлтэй бичдэг. Аугаа Их Эзэн Богд Чингис хаан гэнэ. Их Чингис хаан гэж бичнэ. Бөртэ Үжин гэнэ. Үжин гэдэг чинь хятадаар хатан гэсэн л үг ш дээ. Одоо манайхны монгол гээд байгаа үгс бүгд хятад. Хятадын хүндэтгэлийн бүх л үг байна. Монгол хэлэнд хятад үг маш их орсон байгаа юм. Тэгэлгүй ч яахав. Тэр олон жилийн харилцаатай байгаа юм чинь. 70-хан жилийн дотор орос хэлний үгс монгол хэлэнд их нэвтэрлээ дээ. УИХ-ын гишүүд хүртэл өөр гэхийг өшөө гэж яриад байгаа. Өшөө гэдэг чинь оросын “Еще” гэсэн үг байхгүй юу. Манай ялангуяа цэргийн дарга нар “И…” гэж байгаад л ярьдаг байлаа шүү дээ. Оросоор “За тэгээд” гэж байгаа үг. Одоо хүртэл ярьж байна, “Но-той” гэж. Но гэдэг чинь гэхдээ, гэвч гэсэн үг. Миний хувьд энэ бүхнээс их тойрдог. Би амьдралын чин үнэнийг гаргаж бичдэг. Байгалийг хуулж шүтдэг. Байгаль хэзээ ч худлаа хэлдэггүй. Байгаль шүтсэн хүн хэзээ ч буруу замаар ордоггүй.

-Та М.Ю.Лермонтовоос гадна И.В.Гётег их шүтэн биширдэг бололтой?

-Энэ И.В.Гёте ёстой миний урд төрлийн хүн юм шиг байгаа юм (Ханан дахь И.В.Гётегийн хөрөг зургийг заав.сурв). Миний хэлдэг бүхнийг энэ хүн ярьдаг байсан байгаа юм. Энэ хүний амьдарч байсан Веймар гэдэг газарт урт хугацааны дадлага хийсэн юм. Би И.В.Гётегийн гэр музейд нь байдаг байлаа. Тэнд хамаагүй гадны хүн байлгадаггүй байсан. Миний хувьд багш нарын итгэлийг олсон, хүүхэн шуухан, архи дарс гэж явахгүй дандаа л архивын ном, бичиг цаас шагайгаад сууж байдаг номын хорхойтой, хорхойд хоргүй жижигхэн биетэй, ази нөхөр. Багш нар маань надад итгээд намайг тэнд үлдээгээд явчихна. Би И.В.Гётегийн хэрэглэж байсан эд хэрэгслийг хэрэглээд нэг өдөр бүр орон дээр нь хэвтэж үзлээ дээ.

-Ямархуу ор байх юм?

-Богинохон. Их гоё мебель. Алтан шаргал бүтээлэгтэй. Гэтэл би И.В.Гётегоос бүтэн толгой өндөр байна. Дараа нь архивын материал үзсэн чинь И.В.Гёте үнэхээр жаахан хүн байсан байна. Тэр үеийн барууныхан жижигхэн байсан. Харин нүүдэлчид, монголчууд том биетэй байсан байгаа юм. 335 алд газар буюу 502 метр харвасан гэхээр Чингисийн үед монголчууд их том биетэй байсан байж таараа. Хөө хуягийг нь харахад л монголчууд том биетэй байсан нь харагдана. Харин европчууд жижиг биетэй байж. Орон дээр нь тэгж хэвтсэн нь надад их том дэмжлэг болсон, аугаа их И.В.Гёте хэрэг дээрээ надаас жижиг байсан юм байна гэж. Том аугаа хүмүүст жижиг бие заяадаг. В.И.Ленин маш жижигхэн, Наполеон Бонапарт бүр жижиг. И.В.Гёте жижигхэн. Европын зарим алдартай хаадын өмсч байсан гэх хувцаснуудыг харахаар манай дөрөв, тавдугаар ангийн сурагчдын өмсгөл шиг алтан саатай хувцаснууд байдаг. Харин одоо европчууд том биетэй болсон.

Анх би Германд очоод “Эд нар асар их мэдлэгтэй, асар их соёлтой мундаг улсууд юм аа” гэж боддог байлаа. Яваандаа “Эд нар хүн нь олон, ахуй амьдралын боломж нь сайн, цаг баримталж, хэлсэн үгэндээ хүрдэг учраас амжилтад хүрдэг юм байна” гэдгийг ойлгосон. Тэгээд би надад эднээс дутаад байх юм алга, харин ч тэгж яривал эд нараас илүү гарах учиртай гэж бодсон. Б.Ринчен багш яг тэгж хэлдэг байсан юм. “Оросуудыг манайхан Зөвлөлтийн хүн гээд шүтээд л байна. Оросууд чинь хэрэг дээрээ тийм ч мундаг биш шүү дээ. Тоо нь олон учраас тэр олон дотор хэдэн ухаантай хүн байлгүй яахав” гэж ярьдаг байсан. Би үүнийг л үнэн юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд би эдэн шиг ажиллаж үзье гээд герман хүн шиг цагийг баримтлаад, герман шиг зүтгэсэн учраас амжилтад хүрсэн.

Зохиолыг маш их бодож бичдэг. Манайхан онгодоор бичдэг гэж хөөрөх юм. Нэг усан шүлэг биччихээд нэг шил архи задлаад нөгөөгөө дуудаад байх юм. Бүхий л урлагийнхан тийм байна. Хөгжмийн зохиолчид ч тэр. Дээр үеийн зохиолч, яруу найрагчид гэж бөөн архинд дуртай хүмүүс байлаа. Архичин, архинд орсон зохиолчид гээд нэрлэвэл маш олон хүн байна. Нэгэн үеийнхэн нэг нэгнээ архинд уруу татаад алаад хаячихсан. Зохиолч хүн архи уух ёстой. Дуучин, урлагийн хүн архи уух ёстой, онгодоо хөглөх ёстой гэдэг. Нэг шүлэг биччихээд нөгөөгөө дуудаж “Би ийм шүлэг биччихлээ” гээд уншиж өгөхөд согтуу хүнд ямар ч шүлэг гоё дуулдах нь аргагүй. Нэг нэгийгээ ингэж хөөргөж байгаад алаад хаячихсан. Хэрэг дээрээ монголчууд маш авьяастай гэдгийг би их эрт таньсан. Бидний толгой бол маш сайн. Оюуны чадвар хамаагүй дээр. Яагаад вэ гэвэл бид олон үеийн турш ном бичигт толгойгоо идүүлэлгүй амраачихсан. Олон үе амарчихсан толгойтой. Бидний тархи гэдэг чинь амарчихсан уураг тархи. Асар их хур хүчтэй. Олон улсын спорт, урлаг, ой ухааны ямар л тэмцээнээс монгол хүүхдүүд медаль хамаад ирж байгаа биз дээ. Асашёорюү Д.Дагвадорж, Хакухо М.Даваажаргал, Харумафүжи Д.Бямбадорж нарыг хар. Бид жижигхэн биетэй юм шиг ч бидний биеийн эзлэхүүн бол том. Давтчихсан юм шиг. Энэ бол энэ их хур салхи, асар их хүйтэнтэй холбоотой. Хүйтэнд нэг их сайхан хөргөөд авахад эс чийрэгждэг. Би мод тарьдаг хүний хувьд мэдэж байна. Улиас модыг хүйтэн элсэнд булдаг.

-Суулгацаа тэгж чийрэгжүүлдэг байх нь?

-Тэгнэ. Усанд булна. Суулгахын өмнө бүр хөлдөөгчинд хийнэ. Хөлдөөгчнөөс гаргаж ирээд гэсгээнэ. Ингэхээр тэр мод маш чадалтай болж хүчирхэг үндэстэй болж амь бөхтэй ургана. Бид хар багаасаа даарч хөрчихсөн. Нусаа гоожуулаад л Алтайн нуруугаар явдаг байсан болохоор бидний мах бүр чигжигдчихсэн.

-Зохиолчдын тухай яриандаа эргэн оръё?

-Өчнөөн номтой, жил болгон ном хэвлүүлэх гээд зохиолчид чинь хөөцөлдөөд явж байна шүү дээ. Нэг л их нэр төрийн хойноос гүйсэн хүмүүс. Шагнал гэж аюултай юм байна. Зохиолчдыг алдаг. Авьяасыг алдаг гол зэвсэг бол шагнал, нэр хүнд. Болоогүй үед нь хүнийг асар их нэр хүндтэй болгоно гэдэг тэр хүнийг алж байгаа хэрэг. Ямар олон авьяастай яруу найрагч, зохиолчийг ийм аргаар алсныг бүгд мэдэж байгаа. Алдартай, авьяастай хүмүүсийг яагаач үгүй байхад Төрийн шагнал өгөөд, гавьяат болгоод нэр усыг нь сурах бичигт оруулж, архи дарсаар дайлсаар байгаад алчихдаг. Энэ бол Монголын уран зохиолд их дээр үеэс эхэлсэн явдал. Авьяастай хүмүүсийг хээр дураараа давхиж яваа унага шиг сэргэлэн, цовоо, соргогоор нь байлгаж байх ёстой. Тийм учраас би үгийг маш их бодож байж бичнэ. Болвол дахиж засахгүй юмсан гэсэн мөртлөө засна. Нэг хоногийн дараа уншихад өөр санаа гарна. Арав хоноод уншихад дахиад л санаа гарна.

Хамгийн гол нь байгаль, амьдралын хамгийн эцсийн үнэнийг, туйлын үнэнийг, муухай юмыг муухайгаар нь, хатууг хатуугаар нь, сайхныг сайхнаар нь бичдэг. Улс төрийн хэл яриа оруулаад Аугаа Их Чингис Богд хаан гээд бичвэл ихэс дээдсийн чихэнд чимэгтэй, нүдэнд аятайхан харагддаг юм байгаа биз. Нам засаг, ардчиллыг их магтана гэдэг хөөрхий дөө. Зохиолч, уран бүтээлч хүн байгалиас өгсөн авьяасаа тэгж үрээд юу хийнэ.


Categories
мэдээ нийгэм

Цахилгааны түр хязгаарлалт хийх газрууд

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-аас шугам тоноглолд урсгал засварын ажил хийхтэй холбогдуулан хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчийг түр хязгаарладаг билээ. Өнөөдөр зургаан дүүрэгт цахилгаан хязгаарлалт хийнэ. Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-аас онцолж байна.

⚡️Баянзүрх дүүрэг
10:30-17:30 цагт: 20-р хороо Гачуурт тосгон, Баяндөхөм, Хар усан тохой орчмоор, Монгол шилтгээн
11:00-17:00 цагт: 20-р хороо Баянгол тохижилт, иргэн Баянмөнх

⚡️Сүхбаатар дүүрэг
09:00-17:00 цагт: 4-р хороо 40-50 мянгатын 15, 15А, Б 18, 20, 21, 28, 36-38, 40, 42, 44-53, 53А, Б, 65-69, 77-р байрууд, 45-р сургууль, 149-р цэцэрлэг, Монгол шуудан 44-р салбар, Өндөр буянт холдинг, Меторо трейд, Хаан бууз, Эко констракшн, Ган инженеринг, МД топ, Шандаст аргамаг, Ноос трейд, Шандаст аргамаг ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор
10:30 -11:30 цагт: 18-р хороо Бэлхийн 51, 53-р гудамж, иргэн Мөнхзаяа АОС
12:00 -13:00 цагт: 20-р хороо Цээнийн амны зуслан 1, 2, 4
13:30 -14:30 цагт: 20-р хороо Бэлх, Сэлбэ, Хадат, Цээнийн амны зуслан
15:00 -16:00 цагт: 20-р хороо Сэлбэ зуслан, Скайтел, Юнителын станц

⚡️Чингэлтэй дүүрэг
11:00-17:00 цагт: 5, 6-р хороо 6-р хорооллын 15- 26, 30, 31, 34, 45, 49-р байрууд, Хөдөлмөрийн дээд сургууль, Нийслэлийн ахмадын хороо, 5-р хорооны байр, Нийслэл өмчийн харилцааны газар, Гранд моторс, Сэрүүн, Макс өргөө, Аж богд трейд, Монгол Ханамаса Их харанга, Бишрэлт трейд, Улаанбаатар синема, Хөп наран медикал, Баян хан хөхий трейд, Сэрүүлэг констракшн ХХК-ууд, СУИС-ийн Соёлын сургууль, ЗГБН Захиргаа, ЦЕГ-ын Дэмжлэг үзүүлэх төв, 18-р цэцэрлэг, Хүйсийн тэгш эрхийн төв, 50-р сургууль, НОБГ болон эдгээрийн ойр орчмоор

⚡️Хан-Уул дүүрэг
09:00-17:00 цагт: 1, 2-р хороо 120 мянгат, 53-р цэцэрлэг, Зүчи зочид буудал, Жетро супермаркет, 19-р хороолол 8А, 19, 39, 40, 42-р байрууд, Үйлчилгээний төв, АТС-34, Номин холдинг болон эдгээрийн ойр орчмоор

⚡️Сонгинохайрхан дүүрэг
11:00-17:00 цагт: 18, 29-р хороо 27-1, 27-2, 22А, Б, 23А, Б, В, Г, 22А, Москва хорооллын 141, 143-р байрууд болон эдгээрийн ойр орчмоор

⚡️Налайх дүүрэг
10:00-17:00 цагт: Соёлын ордон, 1-9-р байр, Элит ресторан, 5 давхар байр.

Categories
гадаад мэдээ

Ким Жөн Ун Сингапурын Ерөнхий сайд Ли Сяньлунтай уулзав

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун Сингапурын Ерөнхий сайд Ли Сянь Лунтай уулзахдаа АНУ-БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж байгаад нь талархал илэрхийлээд, хоёр улсын харилцаа хийгээд Умард Солонгосын болон бүс нутгийн хөгжлийн асуудал хэлэлцэв гэж Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлжээ.

Тус агентлагийн мэдээг иш татан РИА Новости агентлагийн мэдээлснээр, “Гайхалтай сайхан Сингапур улсад зочлох боломж гарсанд би маш их баяртай байна. БНАСАУ-ын засгийн газар болон ард түмний нэрийн өмнөөс Сингапур улсын засгийн газар, ард түмэнд халуун мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөе” гэж Ким Жөн Ун хэлсэн байна.

Дональд Трамп болон Ким Жөн Ун нарын дээд хэмжээний уулзалт зургадугаар сарын 12-нд Сингапурт болох билээ. Умард Солонгосын удирдагч ням гарагт Сингапурт хүрэлцэн ирсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Зургадугаар сарын 11-нд болох үйл явдал

Төрийн ордонд УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

09.00 цагт Улаанбаатар зочид буудалд “Дэлхийн итгэмжлэлийн өдөр”-ийг тохиолдуулан СХЗГ-аас “Итгэмжлэл-Илүү аюулгүй орчинг бүрдүүлье” семинар зохион байгуулна. Утас:90910510

09.00 цагт Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн нээлт ГХЯ-нд болно.

09.30 цагт “Blue Sky” зочид буудалд “Хүн амын хоол тэжээл, хүнсний аюулгүй байдлын өнөөгийн байдал, сайжруулах арга зам” уулзалт болно. Утас: 99179899, 88017566

11.00 цагт “Аз хур” номын их дэлгүүрт Соёлын гавъяат зүтгэлтэн, Ж.Цэвээний нэрэмжит шагналт сэтгүүлч Ү.Хүрэлбаатарын “Монголын шилдэг нийтлэл” цувралын 73 дахь ботийн нээлт болно.

11.00 цагт Төрийн ордонд “Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд Парламентын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, чадавхийг сайжруулах нь” Ази, Номхон далайн бүсийн орнуудын ээлжит чуулга уулзалтын зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

11.00 цагт МУИС-ын Номын санд оюутнуудын шинэ санаа, шилдэг төслийг шалгаруулж санхүүжүүлэх “МУИС ХАКАТОН-2018” уралдааны нээлт болно.

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Соёлын өвийн үндэсний төвөөс археологийн хайгуул, бүртгэл, судалгааны талаар мэдээлэл хийнэ.

15.00 цагт УБТЗ-ын Удирдах газрын А зааланд ОХУ-аас худалдаж авсан 1000 вагон, зам засварын машины талаар мэдээлэл хийнэ.

Categories
мэдээ цаг-үе

Э.Цог-Эрдэнэ: Фэйсбүүкийн пост, твиттерийн жиргээнд хиймэл оюунаар анализ хийх боломжтой

Азийн шилдэг 10 сургуулийн нэг болох Японы Тохоку их сургуулийг хиймэл оюун ухаан, био инжерингийн чиглэлээр амжилттай сайн суралцаж төгссөн “Юу Эн Ай Ти” ХХК-ийн захирал Э.Цог-Эрдэнэтэй ярилцлаа. Бидний ярилцсан сэдэв бол хүн төрөлхтнийг гайхшруулж мөдхөн бидний амьдрал дунд орж ирж буй хиймэл оюун ухаан, роботын тухай байв.


-Та ярилцлагын эхэнд инженерийн чиглэлээр гадаад, дотоодод хийсэн томоохон ажлуудаасаа танилцуулна уу?

-Японд программ хангамжийн чиглэлээр ажиллаж байхдаа олон сонирхолтой төслүүд дээр ажиллах боломж гарч байсан л даа. Жишээ нь, дэлхийн хамгийн том түргэн хоолны сүлжээ “Macdonald”-ын хамгийн шигүү буюу 3000 гаруй салбартай Япон дахь салбарын хүний нөөцийн программ хангамжийг бичсэн. 100 мянга гаруй ажилтны бүртгэл, цагийн хуваарийн сонголт, шинэ ажилтан сонгох болон сургах гэх мэт олон механик үйлдлүүдийг автоматжуулсан. Манай орны хувьд ч гэсэн цагийн ажил хийх сонирхолтой залуучууд их байдаг болсон. Тиймээс худалдаа үйлчилгээний салбарууд иймэрхүү шийдлээр оюутан залуучуудыг ажиллуулах боломж байгаа гэж хардаг.

Мөн Японы “NTT” группийн охин компани болох “NSF­MC” компанийн захиалгаар өрсөлдөгчийн зах зээлийн тухай мэдээллийг цаг алдалгүй цуглуулах системийг хийж байсан. Ер нь л бизнесийн өрсөлдөөнд хэн мэдээллийг түрүүлж авч өөрийн бизнестээ ашиглаж чадсан нь амжилтад хүрдэг шүү дээ. Бид ч гэсэн одоо иймэрхүү системийг Монголдоо хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Өөр сонирхолтой төслүүдээс гэвэл үнэртэнг зочид буудлын үйлчилгээтэй холбож өгсөн систем байдаг. Ядаргаа тайлах, сэргээх, амраах гэх мэт таван төрлийн үнэртэй төхөөрөмжийг зочид буудлын үйлчлүүлэгчийн өрөөнд орохын өмнө, эсвэл өглөө сэрэхээсээ өмнө юмуу, орой амрахаасаа өмнө ямар үнэр үнэртэх хүсэлтэй байгааг урьдчилан алсаас удирдах систем байсан.

Японы алдарт Тоёота болон Фүжицү компанийн ажлууд, Монголын томоохон банкнуудын IT эд хөрөнгө болон хамгаалалтын системүүд гэх мэт 40 орчим жижиг, том төслүүдийг хийж гүйцэтгэж байсан.

-Японы шилдэг оюутны тэтгэлэг авч суралцаж байсан үеэ эргээд нэг дурсахгүй юу. Тэтгэлгээр суралцаж мөн төгсөөд Японы нэр хүндтэй компанид ажиллах болсон гол чадвар, бүтээмжийн ард юу гол нөлөө үзүүлэх болсон бэ гэж бодогддог вэ?

-МУИС-д ажиллаж байхдаа 2009 онд Японы Засгийн газраас зарласан Азийн шилдэг инженерүүдийн тэтгэлэгт тэнцэж, Японы эзэн хааны нэрэмжит Тохоку Их сургуульд суралцах сайхан боломж гарч ирсэн л дээ. Тухайн үед Тохоку их сургуулийн оюутан гэхэд япон хүмүүс хүртэл хүндэтгэж харьцахад маш сайхан санагддаг байсан. Тохоку сургуульд надтай хамт өөр салбар сургуульд бакалавр, магистр, доктороор сурч байгаа олон монгол оюутнууд байдаг байсан. Ер нь монгол оюутнууд оюуны чадавх өндөртэй, суралцах арга барил сайтай санагддаг. Тэр тусмаа программ хангамжийн чиглэлээр сурч байгаа залуучуудад гадаадад мэдлэгээ дээшлүүлэх боломж маш их байна. Учир нь Монголд энэ мэргэжлээр суурь мэдлэг сайн олгогдож байна. Гагцхүү хэлний мэдлэгээ сайжруулж, гадаадын өндөр хөгжилтэй оронд ямар шинэ технологи гарч байна түүнийг сонирхож судалж эхлэх нь чухал байна. Сургуулиа төгсөөд маш олон хүн амтай, өдөр бүр шинэ технологи, шинэ үйлчилгээ шинэ бүхэн буцалж байгаа дэлхийн томоохон хотуудын нэг болох Токио хотод ажиллаж амьдрах шинэ амьдрал эхэлсэн л дээ. Эхэндээ юм бүхэн шинэ сонин байсан хэцүү шантрах үе ч байсан. Гэвч Монголчууд бид эртнээс нүүдэлчин ард түмэн аливаад дасан зохицох чадвар байдаг шүү дээ. Одоо Монголоос очоод амжилттай сурч ажиллаж байгаа олон монгол залуучууд байна. Тиймээс залуучууддаа хандаж хэлэхэд хэн бүхэнд боломж байдаг, та бүгдийн хөрвөх чадвар мэдээллийн технологид, тэр тусмаа Монгол Улсын маань хөгжилд хэрэгтэй байна.

-Олон улсын чиг хандлага хэдийнэ хиймэл оюун ухаанд чиглэж энэ талыг дэмжиж байна. Хиймэл оюун ухаан хүний өдөр тутмын амьдралд ямар байдлаар нэвтрэн орж ирж, ямар шинэ дэвшлийг авчирч байгаа талаарх мэдээллийг хүргэхгүй юу?

-Олон улсын хөгжилтэй орнуудад энэ чиглэл рүү түлхүү анхаарч, онлайн худалдаа, харилцаа холбоо, хүний нөөц, эрүүл мэнд, аюулгүй байдал, спорт болон жижиглэн худалдаа болон зам тээвэрт илүүтэйгээр ашиглаж байна.

Сонирхолтой жишээ гэвэл жолоочгүй машиныг дурдаж болж байна. Бүх төрлийн саад, аюул ослыг тооцоолж осолгүй жолоодлого хийж чадаж байна. Хүнээс илүү найдвартай. Биднийг авто тээврийн осолгүй ирээдүй хүлээж байна.

Эрүүл мэндийн салбарт зүрхний шигдээс, даралт ихсэх гэх мэт өвчинг хүний нүүрний зураг авснаар урьдчилан илрүүлэх боломжтой болж байна. Энэ нь тухайн хүний зургийг маш олон эрүүл болон өвчтэй хүний мэдээлэлтэй харьцуулан анализ хийж, өвчний оношийг илрүүлж байгаа гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл их хэмжээний өвчний түүх дээр үндэслэн гаргаж байгаа бөгөөд өндөр түвшний шинжилгээг гар утаснаасаа авах үе ирээд байна.

Хэрвээ бид ашиглаад эхэлбэл манай Монгол шиг өргөн уудам газар нутагтай оронд маш хэрэгтэй гэж дүгнээд байгаа. Ирээдүйд эмч бүр ухаалаг төхөөрөмж авч явж, хөдөө орон нутагт ч дэлхийн түвшинд нийцсэн үзлэгийг хийх боломж бидэнд удахгүй ирнэ гэж бодож байна. Спортын салбарт, тамирчны сургалт бэлтгэлийн үед ашиглагдаж байна. Дэлхий дахины маш олон тамирчдын сургалтын өгөгдлөөс тухайн тамирчинд тохирох бэлтгэлийг хиймэл оюун сонгож, тохирох хоол тэжээлийг санал болгож байна.

Дараагийн нэг сонирхолтой жишээ гэвэл онлайн туслахын программ хангамж байна. Олон компаниуд ийм төрлийн программ хангамж зохиосноос Google компанийн бүтээгдэхүүн нь маш сайн явж байна. Энэ тодорхой түвшинд нарийн бичгийн үүргийг гүйцэтгэх ба мэдээлэл олж өгөх, үйлчилгээний газар захиалга өгөх мэйл бичих, төлөвлөгөөт ажлыг сануулах, хурлын протокол хөтлөх зэргээр маш сайн туслах болж чадаж байна.

Банк болон худалдааны салбарт ухаалаг под буюу онлайн туслах нь маш ихээр ашиглагдаж байна. Харилцагчийн асуултад ухаалгаар хариулж, асуудлыг шийдвэрлэж өгч байна. Хүнтэй харьцуулахад хэрэглэгчийн тоо хамаагүй олон хүнтэй харьцаж боломжтой. Мөн цалин хөлсгүй, амралтгүй ажиллах боломжтой байна гэх мэт маш олон жишээг дурдаж болно.

-Манай улсын хувьд хиймэл оюун ухааныг ашиглаж эхэлж буй ямар чиг хандлагууд байна вэ Монголын инженерүүдийн хийж буй сонирхолтой бүтээлүүдээс сонирхуулах зүйл байна уу?

-Манай улсын хувьд энэ талын ойлголт маш муу байна. Дэлхий дахинд маш өндөр анхаарч, энэ салбарыг эзлэх гэж тэмцэж байх үед бид энэ салбарын талаар ойлголт ч байхгүй байна. Банк санхүүгийн чиглэлд багахан нэвтэрч байгаа ч бусад салбарт огт ашиглахгүй байна гэж хэлж болно. Шалтгаан нь энэ талаар мэдлэг бидэнд байхгүйгээс гадна хэцүү мэдэхгүй салбар гэж тойрч байгаад шалтгаан нь байна. Хүнд хэцүү гэж харалгүйгээр, төр л биднийг дэмжихгүй байна гэж гомдолгүйгээр өөрсдийн боломжийг хүрээнд судалж, хамтарч хэрэгжүүлэх нь бидний үүрэг гэж ойлгох хэрэгтэй юм болов уу гэж бодож байна. Сүүлийн үед Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын хүрээнд хиймэл оюун ухааны талаар залуус сонирхож эхэлж байгаа нь маш талархууштай зүйл юм. Манай компанийн инженерүүд нийгмийн сүлжээ болон цахим хуудсуудын мэдээлэлд мониторинг хийж анализ хийдэг системийг хийсэн. Энэ систем нь фэйсбүүкийн нээлттэй пост, сэтгэгдэл, твитеерийн жиргээ болон мэдээллийн сайтуудын нийтлэлүүдийн агуулга, сэтгэгдлүүдийг хиймэл оюун ухаан ашиглан цуглуулж BIG DATA үүсгэдэг. Цуглуулсан өгөгдөл дээр анализ хийж нийгмийн эерэг сөрөг хандлагыг тодорхойлж, олон талаас анализ хийдэг систем юм. Нийтлэлийн тоо болон сэтгэгдлийн тоо нь маш их хэмжээтэй тул хүн агуулгад анализ хийх боломжгүй. Тийм учраас хиймэл оюун ухаанаар анализ хийдэг. Бидний энэ хийж байгаа зүйл байгууллагын үйл ажиллагаа үйлчилгээ, бүтээгдэхүүний тандалт судалгаа гэх мэт маш олон зүйл дээр анализ хийх боломжтой систем. Тиймээс залуучууд гэлтгүй бизнес эрхэлж байгаа хүн бүр энэ чиглэлд анхаарлаа хандуулж, ашиглаж, зах зээлээ мэдэрч хэрэглэгчдийн сэтгэлд нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлээсэй гэж боддог юм.

-Хиймэл оюун ухааны талаар хамгийн энгийн ойлголтоос уншигчдад хэлэхгүй юу. “Cloud технологи”, “Big data” зэрэг олон улсад нэршил болсон ойлголтуудын тухай товчхон мэдээлэл өгөөч?

-Хүүхэд төрснөөсөө хойш аав ээж, хүрээлэн буй орчноосоо суралцдаг шиг суралцаж хөгждөг программ хангамжийг хиймэл оюун ухаан бүхий гэж нэрлээд байгаа юм. Амархан жишээ бол гүүглийн орчуулгын систем байна. Анх гарахдаа маш муу орчуулгатай байсан. Одоо харьцангуй дээшилсэн. Үүний цаана хиймэл оюун ухаан байна гэсэн үг. Cloud технологи энэ нь мэдээллийн технологийн бүх төрлийн үйлчилгээг интернэтээр дамжуулан хэрэглэгчдэд хүргэх арга. Мэдээллийн технологид Cloud гэсэн үг нь өөрөө интернэтийг төлөөлдөг. Тиймээс хүмүүсийн ашиглах программ хангамж болон өгөгдлүүд нь ямар нэг хувь хүний компьютер дээр биш томоохон серверүүдийн сүлжээнд байрлах ба хэрэглэгчид хувь хүмүүс вэб броузер, тусгай програм ашиглан эдгээр нөөцөд ханддаг. Энэ нь бүх программыг худалдаж авах биш, хэрэгтэй үедээ бага хэмжээний мөнгө төлөөд хэрэглэх боломж, мөн хүссэн үедээ хүссэн газраасаа өгөгдөлд хандах боломжийг олгодог. Big data гэдэг нь маш их хэмжээний өгөгдлийг цуглуулах, тэдгээрийг боловсруулах, анализ хийж хэрэглээнд нэвтрүүлэхэд ашигладаг технологи юм. Одоогоор төдий хэр хэмжээний өгөгдлийг Big data гэж гаргах нь боломжгүй ба нийтийн сүлжээ, олон нийтийн мэдээлэл, зам тээвэр, томоохон байгууллагын өгөгдлийг төлөөлүүлж нэрлэж ашиглаж байна.

-Орчин үеийн бизнес эрхлэгчид юуг голлон анхаарах ёстой вэ?

-Дэлхийн том компаниуд Big data, судалгаан дээр үндэслэн зорилтод маркетинг хийдэг. Жишээ нь Iphone болон Samsung утаснуудыг хэдэн доллараар зарах, өргөн хэрэглээний уух зүйлс, бараа, технологи нь бүгд судалгаа болон өгөгдөл дээр үндэслэн хэрэглэгчийн хүссэн амт, орц болон хүсэж байгаа үнийг тогтоодог. Ip­hone -ыг хэдээр зарвал, хэдэн хүн авах, өрсөлдөгчийн хүч чадал гэх мэт бүгдийг судалгаа болон өгөгдөл дээр үндэслэн гаргадаг. Тиймээс тэдний бизнес өөр бүрээр тэлэгдэж, томорсоор байдаг. Хэрэглэгч юу хүсч мэдэрч хүссэн барааг нь нийлүүлэх нь тэдгээрийн амжилтын нууц оршиж байна. Хэрвээ энэ технологи, аргыг мэддэггүй, ашигладаггүй байсан бол том компани болж өргөжиж чадахгүй байх.

Японд амьдарч байхдаа үйлчилгээний соёл, хэрэглэгчийн сэтгэл ханамж ямар байх ёстой вэ? гэдгийг биеэрээ мэдэрч гайхаж, биширч байсан хүний хувьд Монгол маань хэзээ ийм сайхан болох вэ? яавал бид сайжрах вэ гэж боддог байлаа. Гэтэл энэ бүхэн маш энгийн зүйлээс эхэлдэг шүү дээ. Хэрэглэгч юу хүсэж, юу сонихож, ямар үйлчилгээнд сэтгэл ханамжтай байна түүнийг судлах, мэдэх, тандах түүн дээр үндэслэж үйл ажиллагаагаа явуулбал илүү үр дүнтэй үр ашигтай байх болов уу.

-Хиймэл оюун ухаан хүний амьдралд орж ирснээр ямар эерэг, сөрөг нөлөөлөл үүсэх бол?

-Хиймэл оюун ухаан хүний амьдралд ойрын таван жилд нийт ажлын байрны 30%, 20 жилд 60-80% ажлын байр байхгүй болно гэж таамаглаж байгаа. Хүний хийдэг хар ажлуудыг бүгд робот хийж гүйцэтгэдэг үе ойртож байна. Энэ нь холын ирээдүй биш гэж харах хэрэгтэй. Жишээ нь JP Morgan хуульчид болон зээлийн ажилчид нийлж 360 мянган цаг зарцуулдаг ажлыг хиймэл оюун ухаан ашиглан ганцхан секунтэд хийж байна. Санхүүгийн томоохон байгууллагууд бүгд хиймэл оюун ухаанд хөрөнгө оруулж хөгжлийнхөө хурдыг хэд дахин нэмэхээр хичээн ажиллаж байна. Тэгэхээр одоогийн ажлын байрнууд жил ирэх тусам багасаад явна гэдэг нь тодорхой болсон. Мөн ирээдүйд хүний бүх үйлдэл, хийсэн зүйл тэмдэглэгдэн архивлагдан хадгалагдсаар байх болно. Тиймээс жижиг том муу үйл үйлдэл хийвэл тэр хүний үр хүүхдийг нь насаар нь дагах тул гэмт хэрэг хийх, бусдыг залилж ашиг хонжоо харах гэх мэт сөрөг тал нь багасах болов уу гэж бодож байна.

-Одоо байгаа ажил мэргэжлийн 60-80 хувь нь хүний оролцоогүй болно гэгдэж байгаа үед хүн ямар зүйлд бэлэн байх ёстой вэ. Технологийн хөгжлийг дагаад ямар чадвар гол үзүүлэлтэд багтах вэ?

-Хүний тархи, бие организм гэдэг маш гайхамшигтай байгалийн бүтээл шүү дээ. Хүн төрөлхтөн бидэнд нээгээгүй нээлт, судлагдаагүй зүйлс маш олон байгаа. Галактик, сансар огторгуй болон хүн өөрийгөө ч бүрэн судалж дуусаагүй байна шүү дээ. Хиймэл оюун ухаан бидний өмнөөс хар ажлыг хийгээд эхэлбэл бидэнд, өдөр тутмын ажил, амьдралын төлөө санаа зовох зүйлгүй судлах боломжийг олгох болно. Бид тархиа илүү оюунлаг зүйлд зарцуулах ёстой гэж би боддог. Тиймээс ажлын байр багасна гэж туйлшрахаас илүү бид ирээдүйд хэрхэн яаж цаг заваа зөв ашиглах вэ? гэдэгт анхаарлаа хандуулж эхлэх цаг хэдийнээ иржээ. Тэр тусмаа Монголчууд бид цөөхөн хүн амтай. Үйлдвэрлэл болон шинэ бизнес эхлэхэд боловсон хүчин, хүн ам цөөдөөд байдаг. Дэлхийн том, том улсууд аль хэдийнээ эхэлсэн байхад бид яагаад айгаад хойш суух хэрэгтэй гэж. Тиймээс бид хүссэн хүсээгүй өөрчлөлтөд бэлэн байх ёстой. Ирээдүйд бид бүгдийн мэргэжил солигдоно. Бидэнд мэргэжил дээшлүүлэх шаардлага үүсгэнэ гэдэгт бэлэн байх ёстой. Залуучууд бид материаллаг зүйлд анхаарлаа хандуулах биш оюунлаг зүйлд анхаарлаа хандуулж, мэдээлэл технологиор мэргэжил эзэмшдэггүй юмаа гэхэд өөрсдийн ажиллаж байгаа салбартаа хэрхэн яаж ашиглаж хөдөлмөр цаг хугацаагаа хэмнэх вэ гэдэг талаас нь ойлгож, сонирхооч гэж хэлмээр санагддаг. Дэлхий ертөнц маш хурдтай хөгжиж байна. 100 жилийн өмнө бидэнд өнөөдрийн мэргэжлүүд, ажлын байр ихэнх нь байхгүй байсан. Одоо харин хөгжлийнхөө дараагийн түвшинд хүрэх цаг ойртож байна гэж харж байна. Бид нүүдэлчин ард түмэн, нийгэм өөрчлөгдөхөд хамгийн сайн хүлээж авах нь бид байх болно.

-Төрөөс мэдээллийн бааз суурийг ашигласнаар ямар давуу талууд гарах вэ. Та инженер хүний хувьд Монголын төр засаг программ хангамж, энэ төрлийн бааз суурь дээр түшиглэн ямар ажлуудыг улс орон зайлшгүй хийх ёстой вэ гэж харж байна вэ?

-Төрд өөрийн гэсэн Big data хангалттай байдаг. Түүнийгээ ашиглан ард иргэддээ мэдээлэлд анализ хийж, аль хэсгийг дэмжих вэ? Аль хэсэгт хүрч ажиллах? Ямар төрлийн мэргэжилтэн Монгол Улсад хэрэгтэй гэх мэт маш олон төрлийн анализ хийх боломжтой. Энэ судалгаа анализ дээрээ тулгуурлан шийдвэр гаргаж байвал илүү иргэдэд хүрсэн шийдвэр болно гэж харж байна. Инженер хүний хувьд харж байгаагаар төрийн ажлыг аль болохоор иргэдэд нээлттэй байлгавал зүгээр санагддаг. Санал хүсэлт, гомдол төрийн аль хэсэгт гацаж байгаа, хүн бүрт харах хянах боломжийг олговол зүгээр санагддаг. Илүү иргэдэд нээлттэй төрийг бүрдүүлэх хэрэгтэй гэж бодож байна.

-Танай компанийн алсын хараа юунд чиглэж байна вэ?

-Манай компани одоохондоо тийм олон ажилтантай том компани биш л дээ. Гэхдээ бид цөөхөн чанартай бүрэлдэхүүнтэй, чанартай бүтээгдэхүүн гаргаж ажиллахыг чухалчилдаг. Би Японд нийтдээ зургаан жил орчим сурч ажиллаж амьдарсан л даа. Үргэлжлүүлээд тэр өндөр хөгжилтэй оронд гэр бүлээрээ ажиллаад амьдраад байх боломж ч байсан. Гэхдээ би өөрийн сурсан мэдсэн зүйлийнхээ үр ашгийг Монголдоо хэрэгжүүлэхийг хүссэн учраас ирсэн. Одоо хийж байгаа ажил маань дээр хэлсэнчлэн Монголдоо шинэ технологийг хэрэгжүүлье, хөгжүүлье гэсэн бодол санаан дээр үндэслэж хийсэн ажлууд байгаа. Жишээ нь, бидний хамгийн сүүлд хийсэн хиймэл оюун ухаан бүхий мэдээллийн анализ хийх систем. Үүнийг Монголын банкнууд, томоохон групп компаниуд, бизнес эрхлэгчид хүртэл зорилтод маркетинг хийхдээ ашиглах бүрэн боломжтой юм. Хамгийн гол нь бидний ажлыг ойлгож, хийсэн бүтээлийг монголчууд маань ашиглаж цаг зав, хөрөнгө мөнгөө хэмнэж, дэлхийн хөгжлийн багахан хэсэгтээ ч гэсэн хөл нийлүүлэн алхаж чадаж байвал бидний ажлын гол зорилго биелж байна гэж ойлгож болно. Мөн бид цаашдаа энэ салбарт ямар шинэ технологи гарч ирнэ тэр бүгдийг цаг алдалгүй судалж, сурч Монголынхоо нийгэмд хэрхэн үр ашигтай хэрэгжүүлж болох талаар гол анхаарлаа хандуулан ажиллах болно.

Б.ДОЛЗОДМАА

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

ШХАБ-д элсвэл “нугасны муухай дэгдээхэй” л болно

Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн “жинхлүүлэх” гэж зүтгүүлээд байгаа ШХАБ-д элсвэл бид ер нь яах бол гэсэн асуулт олны анхааралд байна. В.Путин таван жилийн өмнө ШХАБ-д шинэ гишүүн элсүүлэх албан ёсны журам батлах санал гарга ж байв. Мань эр Бишкект болсон уулзалтын үеэр Энэтхэг, Пакистанаас гадна манай улсыг элсүүлэх төлөвлөгөөгөө ил тод зарлаж байсан удаатай. В.Путины санал болгосон гурван улсаас хоёр нь буюу Энэтхэг, Пакистан өдгөө ШХАБ-д албан ёсоор харьяалагдаж байна. Монгол Улс Евразийн бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг олон байгууллагад элсэх хүсэлтээ илэрхийлдэг ч өнөөдүүл нь тоож авч хэлэлцдэггүй, ШХАБ л элсээч гэж урьж залдаг ганц том байгууллага гэж учир мэдэх улс өөр зуураа зүгээр ч нэг ярилцдаггүй. Уул уурхайн баялагтай Монгол дахь Америкийн нөлөөг багасгах Орос, Хятадын сонирхол энэ шахааны цаана нэгддэг гэсэн хардлага дуулддаг. Сэмхэн ярьж тохироод аль нэг нь хөнгөхөн няслахад л хэцүүдэх улс учраас мэдээж ил тодоор ШХАБ-ын жинхэнэ гишүүн болохгүй энэ тэр гэж зарлах нь хоёр их гүрний дундах жижигхэн улсад аюултай. Монголын нэрт соён гэгээрүүлэгч Ж.Цэвээн “Монгол Улс нь Швейцарь лугаа төвийг сахисан орон байваас зохилтой” гэж хэлснийг ийм үед санаж сэрж, бодлого шийдвэртээ тусгасан шигээ аж төрмөөр санагддаг. Тэгэхээр ажиглагч гишүүн гэсэн өнөөгийн статусаа хадгалж, эсэргүүцэхгүй ажиглаж төвийг сахих л хамгийн зөв зам гэж харагдаад байна.

АВТОРИТАРУУДЫН КЛУБ

Эхлээд энэ байгууллагад нэгдсэн орнуудын улс төр, засаглалыг харъя. Урд хөршийн хувьд ойлгомжтой. Засаглал нь бидний сонгосноос өөр замаар өрнөдөг. Нэг намын тогтолцоотой, ганц том даргатай. Үндсэн хуулиндаа саяхан өөрчлөлт оруулж төрийн тэргүүний дахин сонгогдох эрхийг хязгааргүй болгочихсон. Тэгэхээр улсынхаа мөнхийн удирдагч хэвээр аж төрөхөд Си даргад ямар нэг асуудал гарахгүй гэсэн үг. Хойд хөршийн тухайд хүчтэй цорын ганцхан лидертэйг сүүлийн дөрвөн удаагийн Ерөнхийлөгчийнх нь сонгуулийн дүнгээс харчихаж болно. Путин, Путин, Путины хүн Медведев, Путин гэсэн жагсаалт ирэх сонгуулиудаар Путин, Путины хүн, Путин гэх маягаар үргэлжлэх нь хэтэрхий тодорхой асуудал. ШХАБ-т хожим элссэн Энэтхэг гэхэд л кастын системтэй. Доор байгаа хүн дээшээ цойлох боломжгүй нийгэм. Жирийн хар арьст хүү ерөнхийлөгчөөр сонгогдоно гэдэг Энэтхэгт бол үлгэр. Казахстан Назарбаеваас өөр удирдагчгүй. Байх ч боломжгүй. Түүх нь угаасаа тийм.

ШХАБ-ын гишүүн Тажикистан улс ч Казахстанаас ялгарах юмгүй. 1992 онд ерөнхийлөгчөөр сонгогдсон Эмомали Рахмон өнөө хүртэл төр барьж яваа. Түүний толгойлдог Тажик улсын ардын ардчилсан нам олон жилийн турш дангаар шахуу засагласаар өнөөг хүрсэн. Коммунист, Эдийн засгийн шинэчлэлийн, Хөдөө аж ахуйн гэх мэт тодотголтой сул гэж жигтэйхэн, ганц хоёр суудлаас хэтэрдэггүй хэдэн намтай. АНУ-ын “Фрийдом хаус”-ын Дэлхий дахины эрх чөлөөт байдлыг судалгаагаар энэ улс эрх чөлөөгүй гэсэн ангилалд багтсан удаатай. Эрх чөлөөгүй ангилалд багтсан шалтгааныг нь судлаачид “Суперпрезидентизм” буюу ерөнхийлөгчид хэт их эрх мэдэл олгосон явдал гэж тайлбарладаг. Узбекистан ч “Фрийдом хаус”-ийн судалгааны эрх чөлөөгүй гэсэн ангилалд дурайж байна. Шалтгаан нь сая онцолсон “суперпрезидентизм”. Узбекистан ерөнхийлөгчийн засаглал давамгайлсан улсуудын нэгд зүй ёсоор багтдаг.

Олон жил нэг хүний, гэр бүлийн дарангуйлал мэдэлд явсан гэгддэг Киргизстаны хувьд сүүлийн үед байдал арай наашилж буй. 1993-2011 он хүртэл ерөнхийлөгчийн засаглалаар явсан энэ улс одоо парламентын засаглалтай. Пакистаны тухайд ерөнхийлөгчийн засаглал давамгайлсан. Энэ орныг судлаачид исламын шашны хэлбэр шингэсэн улс төрийн үзэлтэй, эрх баригчид нь улс төрийн нам, шашны байгууллага, цэргийн хүчний гэсэн гурван хэсэгт хуваагддаг, байнгын зөрчилтэй гэж тодотгодог. ШХАБ-ын 13 дахь уулзалтын өмнөхөн яг өнөөдрийнх шиг “Монгол Улс ШХАБ-ын жинхэнэ гишүүн болно” гэсэн гарчигтэй мэдээлэл цацагдаж байсан удаатай. Тухайн үед өрнөдийн хэвлэлд “Гуравдагч хөрш гэж ярих дуртай монголчууд авторитаруудын клубт элсэх нь” гэж зүгээр ч нэг онцолж мэдээлээгүйг ШХАБ-ын гишүүн орнуудын засаглалаас харж болно.

Харин Монгол бол өөр. Азидаа ардчиллын жишиг загвар гэж үнэлэгддэг, парламентын засаглалтай, гуравдагч хөршүүдтэйгээ түншийн хэмжээнд харилцдаг, хэн нэг нөхөр хэдэн үеэрээ ноёлох боломжгүй ардчилсан засаглалтай улс. Монгол гэдэг улсын төдийгөөс өдий хүртэлх түүхийг ганц өгүүлбэрт багтаа гэвэл ерөөсөө л хоёр хөршийнхөө нөлөөнөөс гарч гуравдагч хөрштэй болох тэмцэл байсан. Цагаан морин жилийн хувьсгалаар олсон хамгийн том олз гэвэл энэ. Ялимгүй хэтрүүлбэл 200 жил Манжийн эрхшээлд, бараг зуун жил Оросын хараанд байсан Монгол Улс 28 жилийн өмнө дэлхийд үүдээ нээж, гуравдагч хөрштэй болсон түүхтэй.

Үүсэл түүхийг нь хөөвөл бидний гуравдагч хөрш гэж хардаг, харилцдаг барууныхны эсрэг чиглэж нэгдсэн байгууллагад багтвал 1990 оны хувьсгалын амин сүнс алга болно. Бүр цаашлуулж яривал монголчуудын хэдэн зуунаар зорьж хүсч ирсэн тэмцлийн утга учир алдагдана.

Ерөнхийлөгчийг ШХАБ-д элсэхийг уриалснаас хойш энэ асуудлаар учир мэдэх улс байр сууриа илэрхийлсээр байна. Тэдний нэг нь ахмад дипломатч Ц.Гомбосүрэн. Гадаад харилцааны сайдаар ажиллаж явсан энэ эрхэм “Манайхыг ШХАБ-д элсүүлэхийн цаана манай улсын гурав дахь хөршийн бодлогыг саармагжуулах санаа байгаа гэж бид “хардах” эрхтэй. Бид тэр бодлогоо бүдгэрүүлж хэрхэвч болохгүй. Дахин хэлэхэд, болзошгүй “хуваагдмал” ертөнцөд бид хэний ч талд орох ёсгүй” гэсэн юм. Дараагийн онцлох эшлэл мөн л Гадаад харилцааны сайдын албыг хашиж явсан хүнийх. Ц.Мөнх-Оргил гишүүн “Бид бүх түүхээрээ хоёр том их гүрний хэт их нөлөөнд орохгүйн төлөө тэмцэж ирсэн. Монгол Улс 1990 оноос хойш гуравдагч хөршийн бодлоготой болж чадсан. Энэ гуравдагч хөршийн бодлогод ямар нөлөө орж ирэхийг олон талаас нь судлах хэрэгтэй” хэмээн байр сууриа илэрхийлээд буй. Эргэж харахаас аргагүй болгоомжлол.

ХЭВЛЭЛИЙН ЭРХЧӨЛӨӨ БУЮУ ТЭС ӨӨР ЗУРАГ

ШХАБ-ын улсуудын хэвлэлийн эрх чөлөөг өөрсөдтэйгөө харьцуулахад эрс тэс дүр зураг харагдаж байна. ЗХУ-аас тасарсан, өнөөг хүртэл нэг хүний дарангуйллаас гарч чадахгүй яваа “стан”-ууд, улстөр нь шашинтайгаа хэт холилдсон Пакистан, кастын системтэй Энэтхэгийг алгасаад хоёр хөршийнхөө үнэлгээг сонжъё. Олон улсын хүний эрхийн төлөө тэмцдэг, нэр нөлөө бүхий “Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллагаас гаргадаг “Хэвлэлийн эрх чөлөө” индескийн жагсаалтад хойд хөрш 148-д, урд хөрш сүүлээсээ гуравт буюу 176-д жагссан бол Монгол Улс 71-т эрэмбэлэгдэж. Бид тэднээс хэр өөр вэ гэдгийг энэ тоонуудаас харчихаж болно. “Монгол Улс өмнөхөөсөө хоёр байраар ухарчээ, уг нь бид 175-д байсан шүү дээ” гэж ирээд харамсаж халагласан мэдээлэл хэвлэлээр хөвөрснийг тод санаж байна. ШХАБ-ын жинхэнэ гишүүн болчихвол хоёр биш хорь, гучин байраар ухрахыг үгүйсгэх аргагүй.

ЭДИЙН ЗАСГИЙН ГАНЦ Ч ТӨСӨЛГҮЙ НЭГДЭЛ

Монголд хэрэгжиж байгаа, Монголын эдийн засгийг өдий дайны өсгөж буй хамгийн том төслийн хөрөнгө оруулагч нь гуравдагч хөрш. Төмөр замыг эс тооцвол хойд, урд хөршийн нөлөө бүхий том төсөл өнөөхөндөө байхгүй. Тэгэхээр ШХАБ-ын гишүүн болвол эдийн засаг маань яах бол, гуравдагч хөрш биднийг хэрхэн харах вэ гэсэн асуултыг өөрсдөдөө тавихаас аргагүй. ШХАБ-ын жинхэнэ гишүүн орнуудаас Орос, Хятадаас бусад нь манай улсад эдийн засгийн хувьд ямар ч ашиг өгөхгүй. Нэг хүнд ногдох ДНБ-ээрээ сүүл мушгидаг Тажикстан, хөвөн, тамхи, эрчим хүч гэсхийгээд экспортолдог бүтээгдэхүүнийх нь жагсаалт дуусдаг Киргизстан, газар нутаг, соёл түүх, эдийн засгаар нь яаж ч холбох гээд ойртохгүй Энэтхэг, Пакистантай доллар, харилцан ашигтай наймаа яриад хэтээсээ нэмэр багатай. ШХАБ-д нэгдсэнээр Орос, Хятадыг холбосон хийн хоолой, авто зам манайхаар дайрна гэх мэт эдийн засгийн өгөөжийн тухай яриа ид хөвөрч байна. Үүнтэй зэрэгцээд ШХАБ эдийн засгийн өгөөжтэй нэг ч том төсөл хэрэгжүүлээгүй гэсэн бодитой тайлбарууд ч дуулдаад эхэллээ.

Нийтлэлч Баабар “Яг одоо ШХАБ-д интеграцын бүтээн байгуулалт, бүс нутгийн дэд бүтцийн томхон төслүүд яригдаагүй, худалдаа-хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны ямар нэг төсөл хөтөлбөр, хамтарсан ажиллагааны ганц ч эхлэл алга” гэсэн бол ХИС-ийн Олон улсын харилцаа, нийгмийн сургуулийн захирал, доктор, профессор Д.Уламбаяр “Одоогоор ШХАБ-ын хүрээнд явагдаж байгаа тодорхой том төсөл, хөтөлбөр байхгүй” гэж байна. Орос, Хятадтай хамтарч эдийн засгийн том төсөл хэрэгжүүлье гэвэл заавал ШХАБ-д элсэх шаардлагагүй гэсэн байр суурь бас бий. “Гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалт”-аар том асуудлуудаа шийдээд хөдөлгөөд явах боломжтойг учир мэдэх улс аль хэдийнээс ярьж хэлээд яваа.

ДОТРОО СӨРГӨЛДСӨН ШХАБ

Гишүүн нь болохын тулд энэ байгууллагыг чухам ямар зорилготой вэ гэдгийг анзаарч судлах учиртай. Дэлхийн судлаачид ШХАБ-ыг эдийн засгийн нэгдэл үү, улс төр, цэрэг дайны эвсэл үү гэдэг дээр өнөөг хүртэл байр суурь нэгдээгүй байна. Америк, Европын орнууд ШХАБ-ыг ирээдүйд аюул учруулах цэргийн эвсэл гэж хардаг. Тэд ШХАБ-ын дүрэмд НАТО, АНУ, Зүүн Азийн цэргийн эвсэлтэй сөргөлдөх агуулга бүхий заалтууд бий хэмээн мэдэгдсээр байгаа. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “ШХАБ нэг талаас улс төрийн, нөгөө талаас цэргийн байгууллага болох өндөр магадлалтай” гэсэн бол УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “ШХАБ бол НАТО-гийн эсрэг зогсох зорилготой байгуулагдаж байсан цэрэг, улс төрийн байгууллага” хэмээн байр сууриа илэрхийлээд буй.

Дэлхийн анхааралд байдаг асуудлын нэг нь ШХАБ-ын гишүүдийн толхилцоон, сөргөлдөөн. Энэтхэг, Пакистаны хилийн маргаан хэдэн арван жил үргэлжилж байна. Тажикстан Узбекистан улсууд урсгал голын эзэмшил, ундны усныхаа нөөц дээрээ маргасаар суугаа. Энэ асуудлаа бүр зэвсгийн хүчээр шийдэх гэж оролдсон удаатай. ШХАБ-ын гишүүдийн толхилцооныг үргэлжлүүлж тоочвол урд хөрш Тажикстаны газар нутгийн маргаан байна. Урд хөрш энэ нэгдлийг эдийн засаг талаас нь харж бүс нутагтаа 84 тэрбум ам.долларын хөрөнгө цацаад байгаа бол хойд хөрш ШХАБ-ыг улс төрийн зэмсэг болгох эрмэлзэлтэй гэсэн эсрэг тэсрэг хандлага бас анзаарагддаг.ШХАБ дотооддоо ийм олон асуудалтай ч Ази-Европ дахь хүчээ өсгөхийн тулд Иранаас гадна манай улсыг жинхэнэ гишүүнээ болгохоор мэрийж байгаа гэсэн тайлбар анхаарал татдаг. Иран ШХАБ-ын жинхэнэ гишүүн боллоо л бол ШХАБ-ын бүх улс бидний гуравдагч хөрш Америкийн хоригт орно гэсэн болгоомжлол бий. Өөрөөр хэлбэл бид энэ байгууллагын жинхэнэ гишүүн болвол Америкийн хоригт багтана гэсэн үг. Тэр цагт гуравдагч хөрш гэсэн бодлого утгаа алдана гэдэг нь хэнд ч тодорхой асуудал.

ШХАБ-Д ЖИНХЛЭХГҮЙ БАЙХ ШАЛТГААНУУД

Хятад судлаач Ч.Сумъяагийн саяхны нэг нийтлэлд энэ тухай их тод дурдсан байсан. АНУ бодлогын барим бичигтээ Хятадыг өрсөлдөгч гэж тодорхойлсоор байгаа үед, Оросын зарим төрийн байгууллага, компани хувь хүнд чиглэсэн хоригоо АНУ, Европ цуцлаагүй цагт ШХАБ-т жинхлэх эрсдэлтэй гэсэн судлаачийн дүгнэлт ултай санагдсан. АНУ тэргүүтэй барууны орнуудын ШХАБ-д нэгдсэн улсуудтай өрсөлдсөн, үл ойлголцсон байдал ойрын таваас арван жилд намжихгүй гэсэн судлаачдын таамаг бий. Бас ШХАБ-ын төсөв санхүү НҮБ, Европын холбоо шиг ил тод биш гэсэн шүүмжлэл өнөөдрийг хүртэл хүчтэй өрнөж байна.

Монгол ШХАБ гэсэн малгай доор нэгдсэн жинхэнэ гишүүдээс олон зүйлээрээ ялгаатай. Ардчилсан сонгуультай, эрх чөлөөтэй, ардчиллын баян бүрд гэсэн тодотголтой. ШХАБ-д нэгдвэл дэлхийн газрын зураг дээрх энэ онцлог маань бүдгэрэх эрсдэлтэй. Шуудхан хэлэхэд ШХАБ-д жинхэлснээр бидэнд алдах зүйл их, унах унац нь харин хар зам төдийхөн харагдаж байна. Гэхдээ хар замгүй үлдэх ч эрсдэл бийг мартаж болохгүй. ШХАБ гэсэн нэгдлийг анзаарах нь ээ ОХУ, Хятадаас бусад нь хэцүүхэн харагддаг. Хөрөнгө оруулагчдад найр тавьж, Хятадаас мөнгө татсаныхаа хүчинд Казахстан овоо яваагаас биш Тажикстан, Узбекистаны эдийн засаг элгээрээ хэвтсэн хэвээр байна. Тэд ШХАБ дотроо “нугасны муухай дэгдээхэй” шиг харагддаг нь бодитой үнэн.

Манай улс ШХАБ-д элсчихвэл тэднээс ялгарахгүй. Хоёр хөршдөө гологдсон, шоовдорлогдсон, босго бараадаж суусан нунж дорой царай муутай дэгдээхэй л болно. Харин ШХАБ-ын ажиглагч гишүүн хэвээр үлдвэл гуравдагч хөрштэй, гуравдагч хөршийн хөрөнгө оруулсан том төслүүдтэй, ардчилалтай, эрх чөлөөтэй, улс орнуудын элдэв үймээн сөргөлдөөнөөс хол, хоёр хөршдөө гологдож шоовдорлогдохгүй амар жимэр аятайхан амьдрахаар харагдаад байна даа.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Монголын парламент хоёр булайгаасаа салах хэрэгтэй байсан юм” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гарагийн дугаар 24 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Монголын парламент хоёр булайгаасаа салах хэрэгтэй байсан юмхэмээх нийтлэлийг бичжээ.

“Хөрөг” нүүрт Алсыг харагч хэмээн бичсэн байна.

А.Ундраа: ШХАБ-ыг эдийн засгийн хамтын ажиллагаа мэтээр тайлбарлаж байгаа нь өрөөсгөл хэмээн “Улс төр” нүүрт өгүүлжээ.

Барит үйл явдлын долоодугаар нүүрт С.Баасанбат: Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 27 хувь нь сэтгэл зүйн өндөр эрсдэлтэй, 41 хувь нь дунд эрсдэлтэй байна гэж ярьжээ.

Улс төр нүүрт “Оросууд Монголын нутгаар нефть, хийн хоолой дамжуулахыг дэмжив” хэмээн бичжээ.

Цаг үеийн 19 дүгээр нүүрт Н.Наранбаатар: Өнөө жил “Монгол орон мөнхөд бат оршиг” гэсэн утга дор наадмаа найруулна хэмээн өгүүлэв.

Эдийн засаг нүүрт Б.Лхагважав: Татварын багц хуулийн өөрчлөлт эдийн засагт өсөлт авчирна хэмээн өгүүлсэн байна.

Танайд өнжье нүүрт Бүхнийг хайрлан эрхэмлэдэг иогч гэр бүлд зочиллоо хэмээн бичжээ.

Миний үзсэн наадам хэмээх 13 дугаар нүүрт “Хорин жилийн өмнө өвөөтэйгөө үзсэн наадам” хэмээн бичсэнийг сонирхно уу.

Спорт нүүрт “Бүх цэргийн наадамд Г.Жамбалдорж түрүүллээ” хэмээн бичжээ.

Сонины тавдугаар нүүрт Жаран тэрбумын асуудал ахин босч ирэх үү? гэжээ.

Ким Жөн Ун Сингапурын Ерөнхий сайд Ли Сяньлунтай уулзав хэмээн “Дэлхий мэдээ” нүүрт өгүүлжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы даваа гарагийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 1900-1987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ спорт

Дэслэгч Н.Энхнаран Азийн аваргын мөнгөн медаль хүртжээ

ЦЕГ-н мэдээлэл шуурхай удирдлагын төвийн шуурхай удирдлагын хэлтэс 102-н мэдээлэл хүлээн авагч, цагдаагийн дэслэгч Нямдэлэгийн Энхнаран нь Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Ази тивийн аварга шалгаруулах 9-р тэмцээнд -72кг жинд мөнгөн медаль хүртлээ. Энэхүү тэмцээнд дэлхийн 21 орны 533, цагдаагийн байгууллагаас таван тамирчин оролцжээ.Тэрээр 2005 оноос Олон улсын таеквондогоор хичээллэж эхлэн, спортын мастер, хар бүс нэг дантай тамирчин юм.

Цагдаагийн дэслэгч Н.Энхнаран нь


• 2006 оны Улсын аварга Мөнгөн медаль дэд байр
• 2007 оны Улсын аварга алтан медаль тэргүүн байр
• 2012 оны бүх ард түмний наадам олон улсын таеквондогийн тулааны -69кг жинд мөнгөн медаль дэд байр
• 2012 онд ОХУ-н УланҮдэ хотын аварга шалгаруулах тэмцээнд тулаан -69кг жинд хүрэл медаль
• 2013 оны улсын аварга алтан медаль, тэргүүн байр
• 2014 оны улсын аварга мөнгөн медаль, дэд байр, хувийн хатуугийн төрөлд хүрэл медаль
• 2014 онд ОХУ-н УланҮдэ хотын аварга шалгаруулах тэмцээнд, багийн тулаан мөнгөн медаль, хувийн тулаан -69кг жинд алтан медаль
• 2014 онд Непал улсад зохион байгуулагдсан Ази тивийн аварга шалгаруулах 7-р тэмцээнд багийн тулааны мөнгөн медаль, хувийн тулаан -69кг жинд хүрэл медаль
• 2015-2017 онуудад Улсын аварга -69кг жинд алтан медаль
• 2018-оны улсын аварга -72кг жинд мөнгөн медаль тус тус хүртэж байжээ.


Categories
мэдээ спорт

Монгол Улс хөл бөмбөгийн зэрэглэлээр хоёр байр урагшилжээ

Олон улсын хөл бөмбөгийн холбоо (FIFA) улс орнуудын хөл бөмбөгийн зэрэглэлийг өнгөрсөн баасан гаригт шинэчлэн тогтоожээ.

Монгол Улс 206 орноос 186-д жагсаж байгаа бөгөөд өнгөрсөн онтой харьцуулбал хоёр байраар урагшилжээ. Дэлхийн хөл бөмбөгийн аваргын тоглолтууд эхлэхэд 3 хоног үлдлээ.

Монгол Улс хөл бөмбөгийн зэрэглэлээр хоёр байр урагшилжээ

Categories
мэдээ нийгэм

Боловсролын хүрээлэнгийн “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг болов

БСШУСЯ болон тус яамны харьяа байгууллагуудын хүрээнд бүтээгдэхүүн, үйл ажиллагаагаа танилцуулдаг “Нээлттэй хаалганы өдөр”-ийг Боловсролын хүрээлэн 2018 оны зургадугаар сарын 8-нд зохион байгууллаа.
Боловсролын хүрээлэн нь боловсролын бодлого, шийдвэр боловсруулахад судалгааны мэдээллээр хангах, сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын асуудлаар байнгын судалгаа, шинжилгээ, туршлага, арга зүй, сургалтын ажлыг эрхлэх, орон нутгийн боловсролын байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, бүх шатны боловсролын байгууллагад сургалт, судалгаа, арга зүйн мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, боловсролын хөгжлийн асуудлаар шинжлэх ухааны суурь болон хавсарга судалгаа явуулах, иргэд, олон нийтэд судалгаа, шинжилгээний мэдээллээр үйлчлэх чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаагаа эрхлэн явуулдаг байгууллага юм.
Тус хүрээлэнгийн захирал доктор /Ph.D/ М.Итгэл байгууллагынхаа талаар сонирхолтой илтгэлийг танилцуулав. Түүний илтгэлд “Бид хэн байв?”, “Бид хэн байгаа”, Бид хэн болох вэ?” гэсэн он цагийн хэлхээсээр Боловсролын хүрээлэнгийн өнгөрсөн, одоо, ирээдүйг томьёолон гаргасан байна.
Мөн тус хүрээлэнгийн дэд захирал доктор (Ph.D), дэд профессор Р.Нямцэрэн “Боловсролын хүрээлэнгийн стратеги төлөвлөгөө /2018-2022/, түүний хэрэгжилтийн байдал” сэдэвт илтгэл танилцуулав. Уг илтгэлд PDСI загвар ашиглан стратегийн төлөвлөгөөндөө тусгасан 6 зорилго, 23 зорилт, 88 үйл ажиллагааг үнэлэх аргачлал боловсруулан, төлөвлөлтийн шатны ажлаа үнэлж, үр дүнг танилцуулсан нь сонирхолтой байлаа.
Боловсролын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор (Ph.D), дэд профессор С.Санжаабадам “Боловсролын хүрээлэнгийн 2018 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан”-г танилцуулсан. Уг тайлангаас өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад тус хүрээлэнгийн сургалт сурталчилгааны ажилд хамрагдсан хүний тоо нэлээд нэмэгдсэн; бүтээгдэхүүний тоо цөөрсөн хэдий ч чанарт нэлээд ахиц гарсан байгаа нь харагдаж байлаа.
Уг үйл ажиллагааны хүрээнд Боловсролын хүрээлэнгийн хамт олон бүтээлийн үзэсгэлэнгээ гаргалаа. Уг үзэсгэлэнд эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлүүд, хэвлэмэл сурах бичиг, гарын авлагууд, ЕБС-ийн сурах бичигт багш нараас санал авч буй цахим программ, хилийн чанадад амьдарч буй Монгол иргэдийн хүүхдүүдэд зориулсан “Монгол хэл, соёлын цахим сурах бичиг” зэрэг бүтээлүүд тавигдсан байлаа.